Categories
мэдээ нийгэм

Б.Лхагвасүрэн: Сая таван зуун “хүн хайр” Нямдоржийн ард зогсож байгаа шүү!

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн Мэргэжлийн засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааны тайланд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн ийм нэгэн захидлыг хүргүүлжээ.

Энэ үгийг би өөртөө ч хэлэв, хүнд ч хэлэв.
Нэгэн зүйл. Монголын ард түмэн Монгол төрийн ажнай хүлэгт та бүхнийг сүндэлж, дөрөөнд чинь итгэлийн сүү дусааж өгөөд, бага биш, их биш хугацааг өнгөрөөлөө… Ард түмэн та нарыг илүү сайн гээгүй юмаа гэхэд ингэж нэг сонгоё гэж сэтгэл, итгэлийн мухраа төнхсөн… Цөхрөх, ядахын цагтаа ард түмэн төрөө ингэж нэг тэмтэрдэг юм гэнэ лээ…
“Чанга дуутай тахианы өндөг жижигхэн байдаг” гэдэг шиг миний бие, “жижигхэн” л юм та нартаа бичиж сууна даа! “Зөнөсөн нохойн улилт” хэмээн болгоох ажаамуу…
100 хоног гэж та нар нэг хэмжээ ярих болж… Энэ сунгаж хэлвэл жилийн дөрөвний нэг л дээ! Жил гэдэг 365.25 хоног гэдэг нь хэвээрээ л байгаа даа?
“Өлөн” эдийн засагтай болчихсон байдалд байтлаа өргөс авчих шиг болох юм шиг горьдсон түмний яарсан гэнэн сиймхий, хурд ихтэй, сайтар бодож боловсруулсан нухацтай судалгаагуй, он цагаа бага мэдэрсэн, бүтэх төсөөллийн, найдвар бага суурь боломжоо тооцоогүй, мөрийн хөтөлбөрөөсөө шаптгаалж зуу хоногийн ажлын үр дүн чинь тааруухан гарч, хүсэлт, хүлээлт, итгэлийг нимгэлэв.
Ард түмэн хэдийнэ залхсан томилгоо халалт, хомроглолоос ой нь гутаж, та нар албан тушаалын донтнуудад өгөх “зэд”-ийн ажилдаа түүртэв бололтой… Ард түмний дургүй болсон, үзэн ядах болсон үйлдлүүдийг “сайхан” давтлаа… Хуучин, орхих ёстой буруу бүхэн, хазгай мурий нь эргэж давтагдах юутай эгдүүцэлтэй гэж санана!!!
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрөлжсөн хүртээмж хамаарал их хөтөлбөр байсныг үгүйсгэх аргагүй…
Энэ нь их ч үнэмшлийг дагуулсан. Гэхдээ дотор нь байгаагаас нь нэгэн шальдир жишээ татахад: элэгний С, В вирусыг бүрэн устгана гэсэн заалт буй. Дөрвөн жилд, тэгээд дэлхийн анагаах ухаан бүрэн устгаж чадахгүй, төдөж байгаа зүйлийг шийднэ гэдэг арай дэврүүдэж хэтийдсэн байгаа биз дээ! Энэ ч яахав. Үнэмших нь үнэмшээд, мушийх нь мушийгаад өнгөрч… Сонгогчдын хойшдын сонголтонд болгоомж нэмэх гэж л дурдсан хэрэг… Бас хөх инээдтэй зүйл…
Нэгэн зүйл. Энэ зуу хоногт тэтгэмж, тэтгэлгийн заримыг зогсоох гэсэн хэрэг мандав. Эдийн засаг хүнд байгаа үед танах хасах зүйл гарна л даа! Тэр тухайгаа мэдээлэл үндэстэй зөв зүйтэй учирлал тайлбарыг ард түмэнд өгөх ёстой байтал Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь нэгийгээ үхэхийг хүлээх, үхсэн хүний яс өндөлзөх тухай яриад сууж байх юм. Аминдаа тэд бид хасаж байгаа биш, ард түмэн өөрсдөө хасах санал тавьсан болгох гэж мунгинаж байгаа нь тэр… Ёр билэгтэй ард түмний сэжиг хүрч үхмээр юм ярих юм…
Монгол хүн өнгөрснийхөө тэтгэврийг үлдсэн нь авахдаа
– Төр минь үгүйг нөхөж, үлдсэнийг нь ивээлээ.. гэж залбирч хүртэх ард түмэн… Муу хэлэгдээд байдаг социализмын үед тэтгэлгийн ийм хэлбэр байсан шүү!
Нэгийгээ үхээсэй! Тэтгэвэр авна… гэж үхэл отож суух тийм сэтгэл монгол хүнд даанч байхгүй! Элэг бүтэн байх мөнгөнөөс үнэтэй гэдгийг дэндүү мэддэг ард түмэн. Ер нь монголчуудын оюун сэтгэлгээний хурд, ухаан тунгалаг өгөгдөл нь бүх хүн төрөлхтөнөөс бүтэн улирлаар түрүүнд нь юм шүү!!! Өөдлөхөөрөө өгнөө! гэсэн өр өглөг хүнд ч, улс оронд ч байдаг юм шүү!… Харин та нарын өнөөдрийн үг, үйлдлийг “хараад” эртний их төрт ёсны “яс” нь өндөлзөж байна…
Нэгэн зүйл. Энэ зуу хоногт Эрдэнэтийн 49 хувь гэсэн хэрэг мандав. Энэ тухай хэлэлцэж байгаа мэдээллээс харахад, сонсоход: “шударга үнэн”ямар их “шоовдор” болсийм бэ? Ц.Нямдорж шиг “өргөс” алгаа! Нэг намын нөхөр нь – энэ нөхөр ингэж яриад УИХ-д улиран сууж, албан тушаал авдаг… хүн гээд хэлээд сууж байх юм. Ц.Нямдорж ийм үгэнд зохих хүн биш!
Ц.Нямдоржийн хүнийг нь бүтэн, бодож санаж явдгийн нь хагасыг мэднээ, би… Та нарын адил ард түмнийхээ хүндэтгэлийг хүртэх цаг тохиож, УИХ-д дөрвөн жил би Нямдоржтой нэг ширээнд тохой нийлж суусан даа!
Өнгөрсөн 24 жилийн туршид, Нямдоржийг төр, түмэн хоёрт хувирч байхыг нь үзсэнгүй. Миний өнцөг энэ! Аливааг өөр өөрийн өнцгөөс харах гэдэг нь оюуны үнэлгээний болон сэтгэлгээний “эрх чөлөө” байх л даа!
Эрдэнэтийн асуудалд Ц.Нямдоржийг би зөв байр суурин дээр зогсож байна гэж нотод бодож байна… Ц.Нямдоржийг хүндэтгэж хайрладаг, мөн чанар, хүн чанарыг нь мэддэг, өнгөрсөн он цагуудад ямар байсны нь гэрч, гурван саяа байг гэхэд сая таван зуун “хүн-хайр” Нямдоржийн ард зогсож байгаа шүү!
Эрдэнэтийн 49 хувийг авсан хуйвалдаан “далд гишүүнчлэл” нилээдтэй байх! Эцсийн эцэст энэ үйлийн эзэд нь тухайн орныхоо, төр ёс хууль журмыг огоорсон, үл хүндэтгэсэн, хоёр орны хоёр аж ахуйн нэгжийн эртнээс үгсэн луйвардсан том хулгай л юм байна гэж мунхаглан бодлоо… УИХ-ын зөвшилцөл, шийдвэр аваагүй атлаа Монгол Улсын Засгийн газар толгой мэдэн биечлэн оролцдог нь юун болох? Энэ чинь төрт ёсны эрэмбэ мөн үү?
Эрдэнэт – Монгол Улс, Монгол түмэн баян байг! гэж өгсөн мөнх тэнгэрийн хишиг шүү!
Нэгэн зүйл. Монголын төрт ёсны журам жудаг, соёл гэж хэдэн зуун жилээр та нар байтугай нь зөрчиж байгаагүй өндөр ёс амьд байгаа… Апиваа юмыг ярьж хэлэлцэж байхдаа ойрын жилүүдийн УИХ-ын гишүүдэд овлиго, хүндэтгэл, харьцааны соёл тааруухан харагдах боллоо. УИХ-ын гишүүн болуут хамарт нь “лууны баас” түрхсэн юм шиг ярвайна. Эсвэл хэт энгийн байх гэж далжиганана. Энэ хоёрын аль нь ч төрийн хүний гоёл биш ээ.
Шүдээ үйрүүлж, нүдээ унагачих гээд байгаа юм шиг байх юм… Буруу хэлсэн үг, эвгүй зангаа дохио хүртэл уул хүнийг хичнээн их бүдэг болгодтойг анзааралтай…
Үнэн зөвийг хэлж байвал хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрөх тэнхээтэй байх ёстой. Олонхи дандаа зөвийг, цөөнх дандаа бурууг, олонхи дандаа бурууг, цөөнх дандаа зөвийг гээд түлхэлцээд байвал эвт сэтгэл, зөв зүйг хэзээ ч олохгүй! Энэ чинь Монголын төлөө үл нэгдсэн урвалт, гэмт хэрэг… Хүний бодол шиг чинадын юм гэж орчлонд үгүй!…
Үнэн худал, цуурхал золбин яриа, өөрийн үүссэн орон зайтай байдаг… Тэр тийм болох гээд, тэх гээд, тэрнийг авах гээд гэсэн үйлдлийг бие биендээ тулгах, таамаглалаа яриа хэлэндээ цухалзуулах дуртай юм… Энэ чинь хүмүүсийн ам дамжсан чимэг нэмэгдээд, тэнгэрт хадаж, тэнэж золбинширох нь язгуур үнэнийг үгүйсгэхэд хүрдэг.
Яригдаж байгаа сэдэв агуулгыг, бодлогын чинадыг ойлгоогүй байж өөр хөндлөн юм яриад байх гишүүн байх юм… Мунхагийн дуугай нь үзэмжтэй гэдэгдээ!
Зарим тохиолд та бүхэн бодоогүй хэлсэн үг, бусдын бодлыг таамагласнаа хэлснээсээ болоод зөрчилдөөд байх шиг байх юм… Ард түмний бодол санаа, амьдрал байдлыг хүртэл үзэж мэдрээгүй байж тааж, худлаа үнэн ярина. Хараагүй мэдрээгүй байж хардаг мэдэрдэг ийм л шидтэй болчихсон юм бол “Зөн билгийн тулаан”-д орцгоовол УИХ-д байснаасаа илүү амжилт олох юм биш биз дээ!…
Нэгэн зүйл. Энэ зуун хоногт УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг авсан тухай яриа дуулиан мандав. Мэдээллийн хэрэгслээр харахад гишүүдийн өгсөн мэдүүлэгт үнэмших хариулт даанч цөөхөн. Уг нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өмнөх мэдээлэл бололтой юм… Тавьсан өрөө хэд дахин төлж чадах хадгаламжтай атлаа өрөө төлчихөөгүй гишүүн байх юм. Өрөө төлчихөөд үлдсэн мөнгөө л хадгалж болдоггүй юм бол уу? Даанч дээ!
Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ олон гишүүн байргүй гэж мэдүүлжээ… “Хөөрхий” минь. Хотын нэгэн өндөр настан эмэгтэй гуйлга түүлгэ хийж, сэтгэлээ шатааж явж, гэр оронгүй ядууст, гэр барьж өгч яваа нэгэн сайхан буянтан буй… Та нар байргүй юм чинь тэндээс гэр очиж ав л даа! Ядахдаа одоо өвөл боллоо шүү дээ! Авлигатай тэмцэх газраа тохуурхаад байгаа юм уу? Ард түмнээ тохуурхаад байгаа юмуу?
Өгсөн авсан мэдүүлэгт үнэмшлийн үртэс ч алгаа! Саяхны дээд албан томилгоонд хамгийн мэргэжлийн томилгоо гэж ард түмэн үздэг ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилын байхгүй өрийг байлгаж, байргүй гэж мэдээллэчихээд, сүүлд нь байрны “1” гэсэн тоог нь харалгүй байргүй гэж зарласнаа уучлаарай! Техникийн алдаа болжээ… гэж байх юм.
Үгийн шарх, мэсний шарх хоёр адилхан шүү дээ! Бидний монголчууд өнгөтэй өөдтэй яваа хүмүүстээ сүүдэр тусгахаас эмээдэг заншилтай Тэгэхээр бидэнд “хатуу үнэн” хаана хаанаа хэрэгтэй байна…Бас Авлигатай тэмцэх газар аливаад үнэн мөнөөр хандах нь тааруу юм байна даа! гэсэн урам хугарсан сэтгэгдэл төрүүлж байна. Мэдүүлэгт энэ худлаа даа! гэж бодохоор юм олон байна. Худлаа нь авсан, өгсөн алиндаа юм бол оо?
Нэгэнзүйл. Монгол Улсын Их хурлын нээлтэнд эрхэм гишүүн Жавхлан ташууртай орж ирлээ… Монгол хүн айлд ташууртайгаа ордоггүй, Төрийн ордондоо битгий хэл!
Зөвхөн ганц хувцас, эд өлгийн уламжлалаар төр барилцдагтүй юм… Их ухаан, чин шударга сэтгэлээр төр түшилцдэг… Заншил, ёс жудаг хааяа хуулиас “том” болох тохиол байдаг… Өнөө нэг жирийн хүнийг бол жинсэн хувцастай бол оруулдаггүй Төрийн ордны харуулын алба хаачив? Уруудахын цагт ингэж үүд, хоймор ялгаагүй болдог доо! Хэлбэрдэх гэдэг ухаан сэтгэлгээний угаадас шүү. Монголчуудын сул аман хэлцэд “…Гэрт чинь ташууртайгаа Гэдсэнд чинь хутгатайгаа” гэсэн сэжиг хүрмээр занал зүхлийн үг байдаг… Энэ үг санагдсан байх! Ард түмэн чамд их зэвүүцсэн…
Нэгэн зүйл. Социализмын үед намуудаас сонгодог сонгууль гэж байгаагүй. Ардын их хурлыг сонгодог байсан. Нам болон нам бусчуудын эвслээс нэр дэвшигч гэж бичдэг байлаа. Парламентаа сонгож байна гэсэн үг. Богд хаант Монгол Улсын үед дээд, доод танхимтай, дээд хуралтай байсан гэдэг. Энэ чинь парламент биз дээ! Түүхээс тэмтэрвэл хүн төрөлхтөний түүхийн анхны парламентыг монголчууд буй болгож байсан.
Аль эртний Хүннү улс, Чингисийн үеийн “Их хуралдай” гээд бод доо! Ромын эзэнт улсын сенат, Монголын “Их хуралдай” хоёрын аль нь анхдагч болохыг түүх гэрчилнэ. Ямар ч байсан монголчууд дэлхийд төрт ёсны хичээлийг анх заасан агуу ард түмэн! Ингээд бодохоор та нар минь ямар баймаар байна даа! гэсэн асуултаар энэ захидлаа өндөрлөв. Би захидалдаа Өндөг бүргэд болдог”-ийг санаж, хамгийн жижиг зүйлүүдийг бичиж, та нарын өмнө алдас хийсэн байх буй!
Өнгөрсөн он жилүүдэд удаа дараагийн гишүүд маань мөнгө тоолоод, тоо сурчихлаа… Одоо та нар минь ухааны цагаан толгойг үсэглэж, ном уншиж сур!
Төрийн сүлд өршөө!

Иргэн Бавуугийн Лхагвасүрэн

Categories
мэдээ спорт

Д.Сумъяагийн найз залуу аймгийн начин Х.Цогтгэрэл үзэгчдийг шуугиулав

Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр болсон билээ. Энэхүү барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Р. Пүрэвдагва, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Дашийг уран гоё өмсөх мэхээр долоо давж түрүүлсэн билээ.

Улсын арслан Р. Пүрэвдагва, улсын начин Э.Дашийг өмсөх мэхээр давж байгаа нь

Ер нь өчигдрийн барилдаан эхнээсээ л сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн. Тухайлбал, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын харьяат Аймгийн начин Х.Цогтгэрэл нэгийн даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Улсын заан Б.Баасандоржийг хоёр гар сугадсан барьцнаас баруун талдаа мушгиж давсан. Харин хоёрын даваанд түрүүлэх хэмжээнд яригдаж байсан Увс аймгийн Давст сумын харьяат Улсын арслан П.Бүрэнтөгсийг баруун талдаа хутгах мэхээр өвдөг шороодуулж үзэгч олныг шуугиулсан юм. Гурвын даваанд аймгийн начин Х.Цогтгэрэлийг Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий амлан авч, түүнд тахим өгч, энэ өдрийн барилдааныг бүрчиг сонирхолтой болгож байлаа.

Дашрамд сонирхуулахад, аймгийн начин Х.Цогтгэрэл нь олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн найз залуу юм. Үндэсний бөхөөс гадна бөхийн жүдо барилдаанаар хичээллэдгийг нь бөх сонирхогчид анддаггүй.

Image result for Сумъяагийн найз залууАймгийн начин Х.Цогтгэрэлийн өчигдрийн барилдааны дүрс бичлэгийг хүргэе.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Лондоны амьтан судлалын нийгэмлэг мазаалайг хамгаалахад тусална

Мобиком Корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй болон Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Өмнөд, Төв Азийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч доктор Гитанжали Батачариа нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан ньМазаалай хамгаалах чиглэлээр Мобиком Корпораци Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо

2016 оны 10 дугаар сарын 27 – Монголын харилцаа холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Мазаалай баавгайг хамгаалах, өсгөж үржүүлэх, цаашид Монгол орны нэн ховор, устах аюулд өртөөд буй ан амьтдыг хамгаалах хүрээнд Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мобиком Корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй болон Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Өмнөд, Төв Азийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч доктор Гитанжали Батачариа нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь

2015 оноос эхлэн Мобикомчууд дэлхийд нэн ховор, Монголын говь цөлд амьдардаг баавгайн цор ганц зүйл болох “МАЗААЛАЙ БААВГАЙ”-г хамгаалах төсөл хөтөлбөрийг БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говийн их дархан цаазат газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид төслийн хүрээгээ тэлэн Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм. Мобикомчууд тус амьтны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, судалгаа шинжилгээ явуулах орчин нөхцөлийг нэмэгдүүлэх, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор төслийн эхний жилд дараах 5 үндсэн ажлыг мэргэжлийн байгууллага, судлаачидтай зөвлөлдсөний эцэст сонгон хэрэгжүүллээ. Үүнд:

1. Цаг агаарт зориудаар нөлөөлөх технологийг ашиглан мазаалай амьдардаг 6 сумдын нутаг 4-5 цагийн турш хур тунадас оруулж, Мазаалайн идэш тэжээлийн ургах орчныг бүрдүүлсэн.

2. Судалгаа, шинжилгээ болон олон нийтэд бодит мэдээлэл хүргэх зорилгоор 16 ширхэг хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулсан. Үүний үр дүнд 35 орчим Мазаалай баавгайг тоолж баримтжуулав. Мөн уг ажлын хүрээнд олон эерэг үр нөлөө гарч байгаа ба бидний байрлуулсан камерт 2016 оны зун мазаалайн гурван шинэ төл буюу алманцаг /мазаалайн үр төл/ бүртгэгдсэн нь тус амьтан өсөж амжилттай үржиж буйг нотолсон юм. Бидний байршуулсан камерт зөвхөн мазаалай төдийгүй нэн ховор хулан, хавтгай, хар сүүлт зэрэг амьтан олноор бичигдэн үлдсэн.

Мобиком Корпорациас Говийн дархан цаазат газрын А бүсэд байрлуулсан камерт бичигдсэн мазаалайн төл. 2016 оны 08-р сард.Мобиком Корпорациас Говийн дархан цаазат газрын А бүсэд байрлуулсан камерт бичигдсэн мазаалайн төл. 2016 оны 08-р сард.

3. Байгалийн тунадас, уулын үер цасны усыг зориудаар хиймэл орчин бүрдүүлэн тунгаан барих үндсэн зорилготой Хөв байгууллаа.

Мобиком Корпорациас Говийн дархан цаазат газрын А бүсийн Мазаалай баавгай нутагладаг хэсэг буюу Атас ууланд хөв цөөрөм шинээр байгуулж байгаа нь, 2016 оны 09-р сардМобиком Корпорациас Говийн дархан цаазат газрын А бүсийн Мазаалай баавгай нутагладаг хэсэг буюу Атас ууланд хөв цөөрөм шинээр байгуулж байгаа нь, 2016 оны 09-р сард

4. Чанарлаг багсармал нэмэлт идэш тэжээл бэлтгэх, мөн Алтайн өвөр говийн баян бүрдэд ургадаг муркрофтын жигд хэмээх модлог ургамлын үрийг түүж, Мазаалай баавгайд өгөхөд бэлэн болоод байна.

5. Мазаалайн өдөр тутмын амьдралын хэв маягийг судлах, олон нийтэд мэдээлэл хүргэх, дамжуулах, мазаалай хамгаалалд чухал ач холбогдолтой байршил тогтоогч бүхий хүзүүвчийг Мазаалай баавгайд зүүсэн.

Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хийж буй хамтын ажиллагааныхаа эхлэл болгож ирэх хавар хамгийн сүүлийн үеийн хөдөлгөөн мэдрэгч бүхий камерыг Их говийн дархан цаазат газар нэмж байрлуулахаар төлөвлөөд байна.

Хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дулаарлын үйл явц харьцангуй эрчимтэй үргэлжилж, зөвхөн 1940-2014 хүртэлх 75 жилийн хугацаанд Монгол орны агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарч, жилд орох хур тунадасны хэмжээ 7%-аар буурсан болохыг судлаачид тогтоосон байна. Монгол орны нийт газар нутгийн хэмжээнд биологийн төрөл зүйл ховордох, зэрлэг амьтны тархац нутаг доройтоход олон хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд үүний нэг нь ан амьтны хулгайн буюу хууль бус агнуур онцгой сөрөг нөлөө учруулж байна.

Цаашид Мобиком Корпораци Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгааг дуулгахад таатай байна. Үүнд:

  • Хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах төслийн хүрээнд хийгдэж байгаа судалгааны ажлын үр дүнг олон нийтэд хүртээмжтэй байдлаар түгээхэд хамтрах
  • Ховордох, устах аюулд орсон ан амьтдыг хамгаалахад олон нийтийг уриалсан үйл ажиллагаа явуулах
  • Биологийн олон янз байдлын алдагдлын хор нөлөөний талаарх зөв ойлголт, мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээлэх
  • Ан амьтдын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээний талаар мэдээлэл хүргэх, олон нийтийн хандлагыг өөрчлөх
  • Ан амьтдын талаарх хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах
  • Хууль бус агнууртай холбоотой үйлдлийг хэрхэн мэдээлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах Монгол орны байгаль орчин, зэрлэг ан амьтдын талаар тоон баримттай нийтлэл, цуврал гаргах зэрэг ажлууд төлөвлөгдөөд байна.

Цаашид хамтран ажиллах төслийн багийн гишүүдЦаашид хамтран ажиллах төслийн багийн гишүүд


Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн тухай

Ховор, ховордсон ан амьтдыг хамгаалахад төр засгаас гадна олон байгууллага, иргэд санаачилга гарган, идэвхтэй ажиллаж байгаагийн нэг нь 1826 онд Лондон хотноо анх байгуулагдсан, Монгол Улсад 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй Лондоны амьтан судлалын нийгэмлэг юм. Тус байгууллага зэрлэг ан амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, сайжруулахад дэлхий нийтийг уриалахад голлон анхаардаг, дэлхийн 50 гаруй оронтой өөрийн албан ёсны салбар нэгжүүдээр дамжуулан ажилладаг нэр хүнд бүхий олон улсын байгууллага билээ.

Categories
мэдээ нийгэм

Малчид цаг агаарын мэдээгээ мессэжээр авч байна

Дундговь аймгийн малчид цаг агаарын мэдээг мессэжээр хүлээн авдаг болжээ.

Тус аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сумын малчид гар утасны мессежээр цаг агаарын байдлын мэддэг авдаг байсан бол одоо Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын малчид ашиглах боломжтой болсон байна.

Малчид өөрийн аж төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт мессэжээр илгээх бөгөөд ингэхдээ 1-3 хоногийн цаг агаарын мэдээ авах бол 1, 4-6 хоногийн мэдээ авах бол 2-ын тоог тус тус бичих юм. Үүний хариуд тухайн багийн нутагт цаг агаар ямар байх талаар хариу мэдээлэл ирнэ. Харин бэлчээрийн ургамлын гарцын талаар мэдээлэл авах бол 3-ын тоог мессэжээр илгээдэг аж. Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийг “Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа ба төслийн хүрээнд 350 гаруй малчин мессэж илгээн цаг агаарын мэдээлэл хүлээн авчээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэний нисэхийн байгууллагын Ассемблейд Монголын төлөөлөгчид оролцов

Гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын дээд удирдах байгууллага болох Ассамблейн 39 дүгээр чуулган Канад Улсын Монреаль хотноо зохион байгуулагдлаа. Ассемблейд 1944 оны Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч 191 улсаас 185 улсын төлөөлөгчид оролцжээ.

Ассемблейн Үндсэн чуулганаас гадна Удирдах хороо, Техникийн хороо, Эдийн засгийн хороо, Хууль эрх зүйн хороо, Захиргааны хороо гэсэн нийт таван хэсэгт хуваагдаж, чиглэл тус бүрээр хөтөлбөрийн дагуу хуралдсан. Ингэхдээ олон улсын иргэний нисэхийн салбарын бодлого, зохицуулалт, техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөв санхүүгийн асуудлыг хэлэлцэж, тус байгууллагын гүйцэтгэх удирдлага болох Зөвлөлийн сонгууль зэрэг үйл ажиллагаа болсон байна.

Ассамблейн 39 дүгээр чуулганд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч бөгөөд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсыг төлөөлөн оролцлоо.

Мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Б.Баясгалан, Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын дарга П.Ганболд, Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Мөнхтуяа, Газрын тусгай үйлчилгээний албаны эдийн засагч Ч.Сараа нар орж ажиллав.

Categories
мэдээ нийгэм

“Говийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган” Дундговь аймагт болно

“Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган-2016” чуулганыг энэ сарын 3-4-ний өдрүүдэд Дундговь аймагт болно. Арга хэмжээг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Конрад-Аденауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа юм.

Чуулганд яам, газрууд, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн болон сумдын удирдлага, газар, хэлтэс, албадын дарга, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцоно.

Энэ чуулганаар “Говийн бүсийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжууд” сэдвээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс, “Аймгуудын тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүд” сэдвээр оролцогч 3 аймгийн Засаг даргын илтгэлүүдийг сонсож, нийгмийн баримжаатай эдийн засаг, аялал жуулчлал, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл, говийн бүсийн хамтын ажиллагаа сэдвүүдээр хэлэлцүүлэг, 3 аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдээс үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Итгэмжлэх захидлаа гардуулав

Ц.Жамбалдорж Монгол Улсаас НҮБ-ын Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан /ОУХААХС/-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх Захидлаа тус байгууллагын Ерөнхийлөгч Канаёо Нванзед гардуулах ёслол 10 дугаар сарын 28-ны өдөр ОУХААХС-гийн Төв байранд болов. Тус арга хэмжээнд Ази, Номхон далайн хэлтсийн дарга хатагтай Х.Ким, түүний орлогч Найжел болон ЭСЯ-ны зөвлөх С.Даваадаш нар байлцав.

Итгэмжлэх захидлаа гардуулсны дараа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж ОУХААХС-гийн Ерөнхийлөгч К.Нванзе нар харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Тус сангийн шугамаар 30 гаруй сая ам.долларын өртөг бүхий гурван төсөл сүүлийн 20 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, Монгол Улс тус сангийн идэвхтэй гишүүн, төсөл, санхүүжилт хүлээн авагч түнш болсныг Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтын үеэр онцлон дурдав.

Элчин сайд Ц.Жамбалдоржийг Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилсон тухай Итгэмжлэх захидлыг хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч Нванзе илэрхийлж, Элчин сайдтай Ром хотноо идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэв. Монгол Улс тус байгууллагын гишүүнчлэлийн санхүүжилтийн асуудлыг энэ оны эхэнд нааштай шийдвэрлэсэнд тэрээр Монголын талд талархал илэрхийлж, Монгол Улстай Ром дахь НҮБ-ын салбар байгууллагууд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэв.

НҮБ-ын Хөдөө аж ахуй хөгжлийн олон улсын сангийн шугамаар Монголд хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төслийг үргэлжлүүлэх асуудлаар тус сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ажлын уулзалтууд хийж, тохиролцоонд хүрсэн мэдээллийг хүлээн авсандаа баяртай байгаагаа Элчин сайд илэрхийлэв. Монголын тал тус сангийн нөхцлүүдийг хүлээн авч байгаад талархаж байгаагаа Ноён Нванзе илэрхийлж, цаашид төслийн санхүүжилтийн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, нааштай шийдвэрлүүлэхэд Монголын Засгийн газар, ЭСЯ хичээл чармайлттай ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

ОУХААХС нь өөрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг ихэнх улс орнуудтай Хамтын ажиллагааны Стратегийн баримт бичиг байгуулдаг бөгөөд энэхүү баримт бичиг нь 9-10 жилийн хамтын ажиллагааны хүрээг тогтоодог талаар Ерөнхийлөгч К.Нванзе дурдаад Монол Улстай 4-5 жилийн хугацаатай Стратегийн Хамтын ажиллагааны хөтөлбөр /Country Strategy Note/ байгуулах боломжтой гэв.

Categories
гадаад мэдээ

Японы алдарт зохиолч Харуки Мураками Кристиан Андерсены нэрэмжит шагналыг хүртжээ

2016 оны Ханс Христиан Андерсений нэрэмжит утга зохиолын шагналыг Японы зохиолч Харуки Мураками хүртжээ. Энэхүү шагналыг Данийн гүнж гардуулан өгсөн байна.

Өнгөрсөн Ням гарагт болсон шагнал гардуулах ажиллагааны үеэр Мураками үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг, сүүдэртэйгээ хэрхэн нүүр тулах тухай үг хэлсэн байна.

“Бусдаас өөрсдийгөө тусгаарлахын тулд хэр өндөр хана босгох, бусдаас өөрийгөө хэр хатуу тусгаарлах, түүхийг өөртөө зориулж хэр их өөрчлөхөөс үл хамааран эцэстээ бид бүгд өөрсдийгөө сүйтгэх болно” хэмээн тэрээр хэлжээ.

67 настай зохиолчийн үг сүүлийн үед дүрвэгдсээс зайлсхийх бодлого барих болсон Европ тивийнхэнд хандсан мессэж гэж хүмүүс үзэж байна.

Нобелийн шагналд нэр нь байнга яригддаг Мураками нийгмийн зөрчилтэй сэдвүүдийн талаар үгээ үе үе хэлдэг.

Тэр бас нийгэм болон улс үндэстэн бүрт хувь хүмүүсийн нэгэн адил сүүдэртэй тал байдаг тухай ярьжээ.

Мураками “Зөвхөн хувь хүн өөрийн сүүдэртэй талтай нүүр тулах ёстой биш. Улс үндэстэн, нийгэм бүхэн бас ингэх шаардлагатай. Хүнтэй адилхан улс үндэстэн, нийгэм бүхэнд өөрийн сүүдэртэй тал гэж бий” гээд “хэрвээ гэрэлтэй тал байдаг л бол төдий чинээ хар, сүүдэртэй тал бас байх ёстой” гэжээ.

“Сүүдрээ хүлээн зөвшөөрч, зэрэгцэн амьдарч сурахад тэвчээр шаардлагатай” гэсэн Мураками ингэхгүй бол өсөлт хөгжилд саад болно, эцэстээ сүүдэртээ дийлдэж сүйрнэ хэмээн сургамжилсан байна.

Ингэхдээ Андерсений “Сүүдэр” хэмээх зохиолыг жишээ болгон ярьжээ.

Андерсений нэрэмжит шагналыг өмнө нь “Харри Поттер”-ийн зохиолч Ж. К. Раулинг, “Шулмын шүлгүүд”-ийн зохиолч Салман Рушди нар хүртэж байв.

Шагналыг 500,000 крон буюу $73,800 дагалддаг аж.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Муракамиг шагналд тодруулахдаа шагналын комиссийнхон “сонгодог хүүрнэл зохиолын арга техникийг орчин үеийн поп урлаг, Японы уламжлал, зүүд мэт реализм, философийн өгүүлэмжтэй зоригтой холбосон нь түүнийг Андерсений өвийг үргэлжлүүлэгч гэж үзэхэд хүргэж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Академич Ж.Хайруллаг “Хубиалай хаан” медалиар шагналаа

Академич Ж.Хайруллаг “Хубилай хаан” алтан медалиар шагналааМонгол улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Ж.Хайруллаг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар, Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлсийн дарга, доктор С.Баяннасан, ШУА-ийн Төрөлжсөн академиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Бурмаажав нар байлцлаа.

Академич Ж.Хайруллагийн хувьд 1956 оноос эхлэн Шастины нэрэмжит III эмнэлэгт ажилласан бөгөөд монголын мэдрэлийн мэс заслын түүхийг бичилцсэн хүн юм. Тэрбээр мэдрэлийн анхны мэс заслыг монголд нэвтрүүлсэн бөгөөд 1966 онд тархины анхны мэс заслыг ганцаараа хийж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

МАН-ын бүлэг зурган илэрцүүд

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд эхлээд байна. Уг хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төсөл, 2017 оны Мөнгөний бодлого зэргийг хэлэлцэх юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдахгүй ч 14.00 цагаас Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг хэлэлцүүлгээр ирэх оны төсвийн хууль зэрэг УИХ-ын төвшинд хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.