Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 28 хувиар буурчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаарх статистик мэдээллийг хүргэж байна.


Categories
мэдээ нийгэм

Б.Чимидийн нэрэмжит шагналын эзнийг тодруулна

Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор энэхүү шагналыг жил бүр олгодог.

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаархи материалыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-ын Тамгын газар хүлээн авна. Б.Чимидийн нэрэмжит шагнал нь УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, таван сая төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрддэг юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс халаалт хэвийн болно

Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн дулаантай айл өрх, албан байгууллагын халаалт хангалтгүй хэмжээнд байна гэсэн гомдол гараад буй. Тиймээс бид Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн албан хаагчтай холбогдож, тодруулахад “Гаднах температур хүйтэрч байна. Үүнтэй холбогдуулан манай инженер техникийн ажилтнууд тохиргоо хийсэн. Тохиргоо хийх үед даралт унасан учраас халаалт муудсан. Дөнгөж сая авсан мэдээллээр тохиргоо хийгдэж дууссан, халаалт хэвийн болсон” гэсэн тайлбарыг өглөө.

Түүний хэлснээр өнөөдрөөс эхлэн айл өрх, албан байгууллагын халаалт хэвийн болох аж.

Categories
мэдээ нийгэм

“Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулган болно

БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Болорсофт ХХК” хамтран “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганыг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ДБЭТ-т зохион байгуулах гэж байна.

Энэ тухай энэ өдөр БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран мэдээлэл хийлээ. Цахим хэл шинжлэл нь хэл шинжлэл хийгээд мэдээлэл технологийн ололт амжилтын заагт хурдацтай хөгжиж буй салбар юм. “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганд монгол хэлбичиг, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн, судлаачид оролцож, эх хэлний цахим хөгжлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлнэ.

Мөн ХБҮЗ-ийн албан ёсны болон эх хэлний хэрэглээнд зориулсан цахим хуудсын талаар мэдээлэл хийж, “Болор дуран 2.0” алдаа шалгах программыг танилцуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ үеэр ”Цахим хэл шинжлэл” үзэсгэлэнг зохион байгуулах юм. Чуулганаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Монгол хэлний хуулийн агуулга”, “Болорсофт” компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал “Хэл шинжлэлийг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжтой юу”, Төрийн шагналт, доктор профессор Ш.Чоймаа “Монгол бичиг цахим орчинд”, Доктор профессор А.Эрдэнэбаатар /ШУТИС/ “Цахим хэл шинжлэлийн судалгаа манайд байдаг уу”, доктор, профессор Ч.Алтангэрэл /МУИС/ “Хэлний технологи хэрэгтэй юу, яагаад”, доктор, профессор, Г.Буянтогтох /МУИС-ийн зөвлөх/ “Монгол хэл, сэтгэлгээний хөгжлийн зарим тулгамдсан асуудалд”, доктор О.Шинэбаяр /ШУА, Хэл зохиолын хүрээлэн/ “Олон утгат үг хэллэгийн хэрэглээ”, “Болорсофт” ба Майкрософтын төлөөлөгч “Цахим хэл шинжлэлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломж” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдах гэж байна

Image result for АН-ын байрАрдчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17:00 цагт хуралдах юм байна. Зөвлөлийн хурлаар Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг хэлэлцэх аж. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа ҮЗХ-оогоо хуралдуулсан бөгөөд үргэлжүүлэн хуралдаж чадаагүй байгаа юм. Хэд, хэдэн удаа ҮЗХ-ны хурлын тов зарлагдсан ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсон. Орон нутгийн сонгууль дууссантай холбогдуулан ҮЗХ-ны хурлын товыг 12 дугаар сарын 6-нд болох Их хурлаас өмнө хуралдуулах бололтой. Тус хурлаар Ардчилсан намын дүрмийн шинэчлэл болон намын даргын асуудал яригдах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төслийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, санал сонсох хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн
төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн
төсөл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах
тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь
Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордноо зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын
хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа удирдан явуулсан бөгөөд Сангийн яам,
Монголбанкны удирдлагууд болон эрдэмтэн судлаач, иргэд, хэвлэл мэдээллийн
байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Статистик судалгааны газрын
захирал Д.Ган-Очир Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн
чиглэлийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Танилцуулгатай
холбогдуулан оролцогчид мөнгөний бодлогын баримт бичигт валютын нөөц, ханшийн
тогтвортой байдлыг хэрхэн хангах, эдийн засгийн өсөлтийн сааралтын төлөв
байдал, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд бусад бодлогын баримт
бичгүүдтэй хэрхэн уялдуулсан талаар тодруулж, саналаа илэрхийлсэн юм.

Эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4
хувь болж саарч, ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 2.6 нэгж хувиар
нэмэгдэн 10.4 хувь болж сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Оюу
толгойн далд уурхайн бүтээн байгуулалт уул уурхайн бус салбарт эерэг нөлөө
үзүүлснээр эдийн засгийн өсөлт 2016 онд 0-1 хувь, 2017 онд 2-3 хувь байх
төлөвтэй байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк, Олон Улсын
Валютын Сан (ОУВС) 2016 онд харгалзан 0.7 хувь, 0.4 хувь байхаар таамагласан
бол 2017 оны хувьд 2.7 хувь, 2.5 хувь байхаар төсөөлөөд байгаа талаар
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Мөн тэрбээр ханшийн
тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан уян
хатан бодлого баримтлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
Б.Чойжилсүрэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр
батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад
хариулт өглөө.

Categories
гадаад мэдээ

“J-20” сөнөөгч онгоцыг олон нийтэд үзүүллээ

ВАШИНГТОН. /BBC/. Удаан хүлээлгэсний эцэст “J-20” гэдэг радарт үл үзэгдэгч сөнөөгч онгоцыг Хятад улсад анх удаа олон нийтэд үзүүллээ.

Алсын зайд нисэх чадвартай, радарт үл үзэгдэгч энэ онгоц Жухай хотод болсон агаарын шоу үзүүлбэрт оролцсон байна. Уг шоу нь нисэх онгоц үйлдвэрлэгчид болон худалдан авагчдын хувьд хамгийн том цугларалт болоод байгаа юм.
Шинэ сөнөөгч онгоцны талаар зөвхөн блогчид л мэдээлдэг байсан бөгөөд уг онгоц нь Америкийн “Lockheed Martin”-ийн “F-22 Raptor” сөнөөгч онгоцтой нэлээд төстэй гэнэ.
“J-20” сөнөөгч онгоцыг зохион бүтээх төслийг Хятадын нисэх хүчний аж үйлдвэрийн корпорацийн охин компани болох Chengdu Aircraft Industries Group хэрэгжүүлсэн байна.
Гэхдээ энэ сөнөөгч онгоц нь гадаадынханд анх удаагаа танилцуулж буй цор ганц зэвсэг техник биш юм. Тухайлбал, шоуны үеэр Хятадад үйлдвэрлэсэн хамгийн анхны хүнд даацын тээврийн онгоц болох “Y-20”-ийг үзүүлсэн байна. Түүнчлэн одоогоор дэлхий дээр хамгийн томд тооцогдож буй “AG-600” гэдэг усан дээр буугч нисэх онгоц олны анхаарлыг ихээхэн татаж байгаа ажээ. Энэ онгоцыг эрэн хайх, аврах ажиллагаанаас гадна далай дээгүүр эргүүл хийхэд ашиглах юм.
Эдгээрээс гадна, “Xian H-6K” бөмбөгдөгч онгоц болон “Changhe Z-10K” дайрагч нисдэг тэргийг анх удаа танилцуулах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“ХҮСЛИЙН ЗАХИДАЛ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Зорилтот бүлгийн хүүхдүүдийн хүслийг биелүүлэх замаар авьяас чадварыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх, амжилтанд хүрэх сэдэл төрүүлэх, нийгмийн амьдралд эерэг байдлаар оролцох боломжийг бий болгох зорилгоор “Хүслийн захидал” төслийг хэрэгжүүлж дууссан байна.

Уг төсөл нь 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дүгээр сарын 22-ний хооронд хэрэгжиж дууссан бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад Хүнд нөхцөлд болон амьжиргааны түвшин доогуур гэр бүлд амьдардаг авьяас чадвартай сургуулийн насны 40 хүүхдээр өөрсдийнх нь хүсэл мөрөөдлийн тухай захидал бичүүлэн авч, үүнийх нь дагуу хүүхэд хөгжлийн үйлчилгээг төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлэх явцад Сондор хилэн” англи хэлний сургалтын төв, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Тэнгис кино театр, “Цоглог” хүүхдийн зуслан зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, англи хэлний болон бүжгийн сургалт зохион байгуулж, бүх хүүхдийг зуслангийн үйлчилгээнд хамрууллаа. Мөн төсөлд хамрагдсан хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хичээлийн хэрэглэл, хувцас зэрэг тусламжийн үйлчилгээнд хамруулж, амьдрах ухааны сургалтанд хамруулжээ.

Хүслийн захидал төсөл хэрэгжсэнээр хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу боловсрол, урлаг, спортын үйлчилгээнд хамрагдаж бодит үр дүнд хүрчээ. Уг төслийн хаалтын ажиллагааны уулзалт 2016 оны 10 сарын 29-нд болсон байна.


Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв барина

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангийн хэлснээр Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид 2008 онд нэгдэн орсон ч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 05-нд шинэчлэн баталж байжээ.

Хуулийг шинэчлэн хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, тэдэнд ажиллаж амьдрах таатай орчинг бий болсон байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалттүй тусламжаар 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтгай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн барилга барих, тоног төхөөрөмжөөр хангах гэрээ хийжээ. Улмаар барилгын шавыг 2016 оны есдүгээр сард тавьж, хоёр жил таван сарын дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Энэ төслийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа илтгэл тавилаа.

Ажлын хэсэг ерөнхий боловсролын тусгай 25, 29, 55, 70, 63, 116 дугаар сургууль, Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль болон цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Хараагүй иргэдийн үндэсний төв, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцжээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуульд 1658, цэцэрлэгт 402 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа бөгөөд 285 багш, 507 ажилтан ажиллаж байгаа.

Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хараа сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сэтгэл судлал, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, мэргэжлийн төрөлжсөн сургалт явуулах эрх зүйн орчинг бий болох, мэргэжлийн сургалт явуулах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдхүүний зардлыг төсөвт суулгах, төгсөгчдөд мэргэжлийн болон чадамжийн үнэмлэх олгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай хуулийг батлуулах гээд шийдвэрлэх олон асуудлууд байгаа ажээ.

Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хорооны гишүүд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл оролцож мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Сгандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Японы Жайка олон улсын байгууллага, БНХАУ-ын тусламжаар баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв төслийн удирдлагын багийн төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Монгол хэлний дүрмийн толь”-ийг ахин гаргана

Өнөөдөр БСШУС-ын Яамнаас кирил бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилан журамласан 700 үгний талаар тодорхой мэдээлэл хийлээ.

Тэрээр бид цаашдаа Ц.Дамдинсүрэн, Осор нарын “Монгол үсгийн дүрмийн тайлбар толь”-ийг дагаж мөрдөнө гэлээ. Мөн иргэдийг төөрөгдүүлээд байгаа шинэчилж найруулсан 700 үг бол шинээр зохиосон дүрэм огтоос биш. Дамдинсүрэнгийн толь дээр байдаг боловч дүрэмд зааснаасаа буруу бичигдэж ирсэн үгсийг ялгаж, сануулах үүднээс ахин баталсан үг гэдгийг онцолсон юм.

БСШУС-ын Яамны сайд Ж.Батсуурь “Уг 700 үгэнд Дамдинсүрэнгийн тольноос ялгаатай бичигддэг 48 үг байгаа. Мөн тольд байдаггүй 22 үг бий. Эдгээр үгсийг нэгтгээд, сүүлийн байдлаар баталгаажуулж, шинэ толь бичиг гаргахаар төлөвлөж байна. Шинэ толь бичгийг 6 сарын хугацаатайгаар шинэчлэн гаргана”гэлээ.

Харин шинэ толь бичиг гартал 700 үг болон Ц.Дамдинсүрэнгийн “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг ашиглаж байхаар тогтлоо. Мөн шинэ дүрмийн толь нь цоо шинэ дүрэм биш бөгөөд дээрх хоёр дүрмийг сүүлийн байдлаар, алдаа мадаггүй хэвлэн гаргаж, боловсролын бүх байгууллагад хүргүүлэх юм байна.