Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог” сургалт боллоо

“Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог” сэдэвт сургалт өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг хурлыг нийслэлийн “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн стационер, “Төгөлдөр сан” Солонгосын “Samsung” эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Сургалтанд мэргэжлийн эмч нар оролцсон юм. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан уг сургалтаар эмэгтэйчүүдийн цэвэршилт ба эрүүл мэнд зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцсан юм. Тодруулбал, эмэгтэйчүүдэд нойр хулжих, нүүр халуу түүгэх, хэт таргалах эсвэл жин алдах, сэтгэл санаа тавгүйтэх, сексийн дур хүсэлгүй болох, зүрх судас болон үе мөчний өвчний шинж тэмдэг илэрвэл цэвэршилтийн анхны шинж тэмдэг гэлээ. Мөн эрүүл хоол хүнс хэрэглэх, сайн унтаж амрах буюу өдөрт долоон цагаас дээш унтаж, бүтэн нойртой хонож байх, архи тамхинаас татгалзах зэрэг нь цэвэршилтийг удаашруулдаг гэв. Мөн түүнчлэн 60 наснаас эрт буюу цэвэршилт эхлэх үед дааврын болон бусад эмчилгээнд хамрагдаж, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьбал эрт хөгшрөхгүй байх боломжтой гэдгийг сургалтын үеэр онцолж байлаа.

Н.Ганаа

Categories
мэдээ нийгэм

Хатгалгааны вакциныг товлолт дархлаажуулалтад нэмжээ

Image result for Хатгалгааны вакциныг товлолт дархлаажуулалтад нэмжээ

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 15 хүртлэх насны хүүхэд 6 төрлийн вакцины нийт 17 удаагийн тунг хийлгэж, 7 өвчнөөс сэргийлэгддэг.

Харин сүүлийн жилүүдэд хатгалгаа өвчин бага насны хүүхдийн нас баралтын шалтгааныг тэргүүлэх болсон тул заавал хамрагдах ёстой вакцинжуулалтад хатгалгааны вакциныг нэмэхээр болжээ.

Энэ ажил судалгааны шатандаа явж байгаа бөгөөд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт уг ажлын эхлэл тавигдаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Иргэн Д.Мөнхжаргалд 9.7 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ

Image result for Баянзүрх дүүргийн шүүх

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд иргэн Н.Мөнхжаргал цагдаагийн дөрвөн нэр бүхий хурандааг гүтгэсэн гэх хэргийн анхан шатны шүүх хуралдаан боллоо. Хурандаа нар “Иргэн Н.Мөнхжаргал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн, нэр төрд халдсан” хэмээн шүүхэд хандсан аж.

Харин Баянзүрх дүүргийн шүүхэд болсон иргэн Д.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Шүүх хуралдаанаас иргэн Д.Мөнхжаргалд 9 сая 700 мянган төгрөгийн торгуулийн ял оноов.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх шүүх хурлын нөхцөл байдлыг үнэлж, цагдаагийн байгууллагаас хамгаалалт хүссэний дагуу 10 орчим цагдаа хамгаалалтад гарчээ. Түүчнлэн уг шүүх хуралд оролцож буй шүүгдэгч Н.Мөнхжаргал болон гүтгүүлсэн гэгдэж буй хурандаа нарыг хамгаалсан зүйл үгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжих байр суурьтай байна

Хүүхэд харах үйлчилгээг энэ оныг дуусахаар зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй. Засгийн газрын уг шийдвэрт эцэг эхчүүд ихээхэн дургүйцэж байгаа юм. Гэвч нөгөө талаасаа Хүүхэд харах үйлчилгээ нэрийн дор бохир, стандарт хэвийн бус газарт хүүхдүүдийг харах тохиолдол цөөнгүй байгаа аж. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандарт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт шалгалт хийжээ. Уг асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхэд харах үйлчилгээг зогсоож байгаад иргэд ихээхэн дургүйцэж байна. Энэ асуудлаар тайлбар өгөөч?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд би хөдөө орон нутагт буюу 12 аймаг, хоёр дүүрэгт ажиллалаа. Ингэхдээ уг боломжийг ашиглаад Хүүхэд харах үйлчилгээ явуулж буй зарим төвийн үйл ажиллагаатай танилцсан. Стандарт шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж байна уу гэвэл байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүүхдийн эрх, хамгааллын бодлого хангагдаагүй, орчин нөхцөл нь тааруу төв ч байна. Жишээ нь олон нохой тэжээхийн хажуугаар Хүүхэд харах үйлчилгээ явуулж байна. Мөн өрөөний халуун дулаан, чийгшил, хуурайшилт, ариун цэвэр, аюулгүй байдлын асуудал зөрчигдсөн байдалтай төв байна. Яг дөрвөн замын уулзвар дээр Хүүхэд харах үйлчилгээний төв нь байрлаж байх жишээтэй.

-Хүүхэд харж буй багш нарт шалгалт хийсэн үү. Ямар зөрчил илэрсэн бэ?

-Эцэг эхчүүдтэйгээ ямар ч холбоогүй гэх мэт зөрчлүүд илэрсэн. Шалгалт үргэлжилсээр байна. Стандарт хангагдахгүй байна.

-Яамны зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?

-Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлье. Үргэлжлүүлэхдээ өнөөдрийн тавигдаж буй стандартын дагуу хүүхдэд тавигдах хяналт шаардлагыг сайжруулья гэж бодож байна. УИХ-аар төсөв хэлэлцэж байна. Энэ үеэр энэхүү асуудлыг хөндөх боломжтой байгаа. Яамны байр суурь бол ажлын хэсгийн мэдээллийг аваад онцгой анхаарах, дэмжих нь зүйтэй юм байна гэж бодож байна. Урьдчилсан дүгнэлт гараатхаг.

Categories
мэдээ улс-төр

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цаг 13 минутад
52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төв Азийн бүс нутгийн эдийн
засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төслийг
зөвшилцөв. Уг хуулийн төслийн зөвшилцөх тухай асуудлыг Засгийн газраас өнгөрсөн
сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ талаархи танилцуулгыг Сангийн дэд сайд
Х.Булгантуяа хийлээ.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр
(КАРЕК) нь бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор
байгуулагдаж, одоогоор Афганистан, Азербайжан, БНХАУ, Казакстан, Киргиз,
Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсэн Төв Азийн 10 орон,
Азийн хөгжпийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн Банк, Олон
улсын валютын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Исламын Хөгжлийн банк зэрэг олон
талт хамтын ажиллагааны 6 байгууллагын оролцоотойгоор хэрэгжиж байна. Монгол
Улс 2002 онд тус хөтөлбөрийн гишүүн болсон.

Хөтөлбөр нь тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны
бодлогын салбаруудын бодлого, үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд харилцан
уялдуулах зорилгоор эдгээр салбарын төлөөлөгчдийн хооронд зохицуулах уулзалт,
удирдах ажилтны уулзалт, гишүүн орнуудын сайд нарын хурал зэргийг зохион
байгуулж, уулзалтаар тохирсон чиглэл, салбаруудад худалдаа, эдийн засгийн
өсөлтийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг
талаар дэд сайд танилцуулгадаа дурдав.

КАРЕК-ийн Сайд нарын 2001 оны
10 дахь удаагийн уулзалтаар батлагдсан “КАРЕК-2020” баримт бичигт КАРЕК институцийг
байгуулахаар шийдвэрлэжээ. Уг институцийн зорилго нь тээвэр, худалдаа болон
эрчим хүчний салбарт дэлхийн түвшний мэдлэгийн нөөцийг бий болгох замаар бүс
нутгийн хамтын ажиллагаанд дэмжлэг болох чадавхийг бэхжүүлэх явдал юм.
Институцийн төв оффис БНХАУ-ын Шинжаан Уйгар аймгийн Өрөмч хотод 2015 оны 03
дугаар сард байгуулагджээ.

КАРЕК институци нь бие даасан олон улсын байгууллага болсноор
хамтын ажиллагааны шинэ чиглэл, шинэ үеийн технологи, олон улсын
байгууллагуудаас гаргасан зөвлөмж чиглэлийн талаар Засгийн газрын албан
хаагчдад зориулсан чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах, бүс нутгийн
чанартай шинэ төсөл хэрэгжүүлэх, Төв Азийн бүс нутагт эдийн засаг, худалдааны
хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бололцоог судлах судалгааны ажлуудыг хийх боломж
бүрдэх юм байна. Иймээс КАРЕК институцийн үйл ажиллагааг урт хугацаанд
тогтвортой явуулах үүднээс гишүүн орнуудын оролцоог ижил байлгахын тулд олон
улсын бие даасан байгууллага болгох тухай асуудлыг Монгол Улс дэмжих нь зүйтэй
гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Занданшатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар асуулт
асууж тодруулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Болд нар үг хэлж байр сууриа
илэрхийллээ. Сангийн дэд сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улс
КАРЕК-ийн хүрээнд дэд бүтэц, гадаад худалдааг хөнгөвчлөх, хил, гаалийн үйл
ажиллагааг сайжруулахад чиглэсэн томоохон төслүүд болох “Дэд бүтцийг хөгжүүлэх
төсөл”, “Гаалийн шинэчлэлийн төсөл”, “Монгол Улсын худалдаа болон хүний хөгжил
төсөл”, “Бүс нутгийн авто замын хөгжүүлэх (Чойр-Замын-Үүдийн чиглэлийн авто
замыг барих) төсөл”-үүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн “Баруун бүсийн авто
замыг хөгжүүлэх (Ярант-Улаанбайшинт чиглэлийн авто замыг барих) төсөл”,
“Замын-Үүдийн логистикийг хөгжүүлэх төсөл”, “Хилийн үйлчилгээг хөгжүүлэх бүс
нутгийн төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах
төсөл” зэрэг нийт 202 сая ам.долларын өртөг бүхий 4 төслийг хэрэгжүүлж байгаа.
Энэ хөтөлбөрт нэгдэж орсноор манай улс санхүүгийн ямар нэг үүрэг, хариуцлага
хүлээдэггүй, сайн дурын үндсэн дээр хандив өгөөд явах бололцоотой гэлээ.

Мөн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
уг асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдэд өгсөн тайлбартаа, энэ
асуудлыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцээд холбогдох байнгын хороотой
зөвшилцөх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр сууриа илэрхийлсэн гэдгийг хэллээ.

Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж Засгийн газарт
гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад
байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Иймээс
хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаархи байнгын хорооны санал, дүгнэлт,
хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Хэлэлцээрийг
соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн сарын 27-ны
өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон
улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн
төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн
төслийг хэлэлцлээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаархи
танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн
ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн
бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын
чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой.

Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын
болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэ төслийг Дэлхийн
банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн
хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил,
үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авах юм
гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр, манай улсын хувьд эдийн засгийн уул уурхайн
салбараас хамааралтай байдлыг бууруулж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын
бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Иймээс
“Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн
аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага
судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий
болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд
нэвтрэх боломж нээгдэх юм гэдгийг дурдав.

Уг төсөл нь үндсэн 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх аж. Үүнд,
Экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, хөгжүүлэх хэсэг
нь экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдэд экспортын зээлийн даатгал
болон баталгаа олгох санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, институцийн
тогтолцоог бий болгоход чиглэнэ. Харин Экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах
хүрээнд дотоодын аж ахуй нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг сайжруулах,
нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор экспорттой
холбоотой тусгай сургалтын хөтөлбөр боловсруулах, сургах, чадавхийг бэхжүүлэх
зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж. Уг төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжих
юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай
холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар,
Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар Сангийн дэд сайд болон Төрийн нарийн бичгийн
даргаас асуулт асууж тодруулав. Мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан
УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Энхбаяр нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд
оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон
улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн
Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы
нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар
хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай
хуулийн төслийг хэлэлцэв.

Хоёр улсын Засгийн газар
хооронд 2012 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны
хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн
санхүүжилтээр Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн
хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан “Санхүүгийн хамтын ажиллагааны
хэлэлцээр”-ийг 2016 оны 6 дугаар сард байгуулжээ.

Манай улс энэхүү зээлийн хэлэлцээрээр нийтдээ 40 сая еврогийн
санхүүжилтийг жилийн 0 хувийн хүүтэй, 18 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд
зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр авах юм байна. Олон улсын
валютын сангийн аргачлалаар уг зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 40.93 хувь байгаа
бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулиар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч
байгаа аж.

Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц; орон нутгийн ус, эрүүл ахуй; хог
хаягдал, бохир ус; замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам; боловсрол,
техник, мэргэжлийн сургалт; эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг
санхүүжүүлнэ. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны дараа
Австрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, Австрийн талтай тохиролцох юм байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд
асуулт асууж тодруулсан бөгөөд харин гишүүдээс санал гарсангүй. Ингээд санал
хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Засгийн
газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай
хуулийн төслийг дэмжсэн тул энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг
чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн
төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар шинэ нөхцөл байдалтай уялдуулан
Засгийн газраас санал авч дахин өргөн барих шаардлагатай учраас хуулийн төслийг
төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг байнгын
хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

30 саяын төлбөртэй хувийн дунд сургуулиудад төрөөс 25 тэрбум төгрөг төсөвлөжээ

Монголд жилийн жилийн 10, 20 сая төгрөгийн төлбөртэй сургуулиуд байдгийг хүн бүр л мэднэ. Гэвч эдгээр сургуульд төсвөөс жил бүр “хувьсах зардал” нэрээр 25 тэрбум төгрөг төсөвлөжээ. Зарим нь бүр жилийн 30-40 саян төлбөртэй байгаа. Харин 5-6 сая хүртэлх төлбөртэй сургуулиуд цөөнгүй хэд байна. Зарим эх сурвалж болон, хэвлэлийнхний дурьдсан тоо баримтаас харахад, өндөр төлбөртэй сургуулиад жилдээ сургалтын төлбөрөөс хамгийн багадаа 20 тэрбумын ашиг олдог аж. За 20 тэрбум нь худлаа байя, цэвэр ашиг нь 2-3 тэрбум байлаа ч гэсэн багагүй мөнгө биз дээ. Ийм их ашигтай ажиллаж байгаа сургуулиуд хувьсах зардлаа төрөөс авах ямар ч шаардлага байхгүй.

Эдийн засаг хямралтай хаа хаанаа хэцүү энэ үед ингэж хувийн хэвшлийг ялихгүй мөнгөөр дэмжсэн царай үзүүлэх нь хэнд ашигтай юм бэ, тэртээ тэрэнгүй баячуудын хүүхдүүд борчуудын хүүхдүүдээс хэдэн арав дахин эрх ямба эдлэн сурч боловсорч байгаа. Харин ирээдүйд хэн нь улс орноо авч явах вэ гэвэл хэн хэн нь л авч явна. Хүүхэд харах үйлчилгээний мөнгийг хайр найргүй хасчихаад эцэг эхчүүд нь хэвлэлийн хурал хийж явахад тоохгүй мөртлөө хэзээ ч хувьсах зардал өгөхгүй гэсний төлөө жагсаж сүйд болохгүй хувийн сургуулиудын захирлуудын төлөө төр ингэж санаа тавих хэрэг байна уу.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулахаар төлөвлөжээ

“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар хотод болж байна. Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар болон Улаанбаатар хотын тээврийн бодлогын талаар хэлэлцэж, санал солилцож байна.

Азийн хөгжлийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Ки Жун Кимын танилцуулснаар тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулахаар төлөвлөсөн байна.

Ирэх онд ажил эхлэх бэлтгэл хангагдсан гэдгийг хэллээ. “Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын их танхимд болох юм

Categories
мэдээ улс-төр

Ирэх баасан гаригийн чуулганаар Ерөнхий сайдын хийх мэдээлэл

Image result for Ерөнхий сайд Ж.ЭрдэнэбатМонгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар хийх мэдээлэл.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан” бүрэн хэмжээний анимейшн кино удахгүй дэлгэцнээ гарна

“Монголын Нууц Товчоо”-оос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн киног “Ocean pictures” студи дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийж, бэлэн болгоод байгаа юм. Албан бус мэдээллээр энэхүү бүтээлийг хийхэд зургаан жил зарцуулжээ.

Энэхүү анимэйшнийг хийхэд гадны улс орнуудын олон анимэйшний мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч ажилласнаараа онцлог төдийгүй дэлхийд алдартай “Walt Disney” компаний формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн бүтээл болжээ. Кино багийнхан “Монголын Нууц Товчоо”-нд гардаг бүхий л бодит газар нь очиж, хоёр жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийснээр “Чингис Хаан” анимэйшнд тухайн газар, байгалийн зураглалыг бүрэн тусгасан байна.

Энэхүү бүтээлийн зохиолыг монгол хүн бичиж, найруулсан бөгөөд дэлхийд анх удаа Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бүтээсэн бүтээл гэж албан ёсны сайтдаа мэдээллэжээ. Их эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу өчигдөр энэхүү бүтээлийнхээ албан ёсны teaser-ийг олон нийтэд цацсаныг та бүхэнд хүргэж байна. Киноны уран бүтээлчидтэй холбогдох бол www.oceanpictures.mn вэбсайт болон https://www.facebook.com/ChinggisKhaanAnimation/ фэйсбүүк хуудсаар холбогдоорой.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй хийдэг уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” салбарт хийлээ. Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөл болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд уулзалтад оролцсон юм.

Хотын даргатай уулзсан иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, ашиглалт, зөвшөөрөлгүй барилгын асуудал, нийслэлийн төрийн үйлчилгээний ажилд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, дулаан цахилгаан, өвөлжилтийн бэлтгэл, СӨХ-ны зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Тухайлбал, БГД-ийн 11-р хорооны иргэн Р.Бямбадулам “Би Баянгол дүүргийн 11-р хороонд амьдардаг. “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн анхны орон сууцны оршин суугч. Бид 2013 онд уг байранд орсон. Тухайн үедээ халуун хүйтэн ус, дэд бүтэц шийдэгдэнэ гэж байсан. Санаачлагч нь тухайн үеийн Засгийн газар. Гэтэл одоог хүртэл халуун усгүй, төвийн дулаанд холбогдоогүй, дэд бүтэцгүй, лифтгүй, зутруухан амьдарч байна. 2008 оноос хойш одоог хүртэл энэ асуудлыг шийдээгүй. Тиймээс хотын даргатай уулзаж, энэ асуудлаа тавьж байна” гэсэн юм.

Мөн “ТЭСО” корпорацийн дэд захирал Б.Алтангэрэл хотын даргатай уулзах үеэрээ “2 дугаар цахилгаан станцаас урагш 36 аж ахуйн нэгж байрладаг. Тухайн хэсгийн зам эвдрэл гэмтэл ихтэй. Зам засагдахыг хүлээвэл хугацаа их шаардахаар байгаа учраас компаниуд өөрсдөө нийлээд тавих хүсэлтэй байна. Харин үүнийг татварын хөнгөлөлтөөр, эсвэл ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэх боломж бий эсэхийг мэдэхээр хотын даргатай уулзаж байна” гэлээ.

Энэ мэтчилэн иргэд хотын даргад өөрсдийн тулгамдсан асуудлаа танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Иргэдийн тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, шийдвэрлэж өгөхийг холбогдох газар, албадад үүрэг болголоо. Тухайлбал, телевиз орчмын орон сууцны айл өрхүүд дахин төлөвлөлтөөс үүдээд одоо хүртэл дулаанаа авч чадалгүй хохирч байгаа асуудалтай танилцаж, ажлын хэсэг байгуулж, шийдвэрлэхээр болов. Мөн СӨХ-ны асуудлыг шалгаж, шийдвэрлэхийн тулд ажиллах болно гэсэн юм.

Хотын дарга иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, тулгамдсан асуудлыг шийдэж, шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна. Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ хотын даргад ирүүлэхийг холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж .