Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Би шүүмжлэл, хэл амнаас айхгүй ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн аравдугаар сард хотын өмнөх дарга Э.Бат-Үүл даргаас ярилцлага авахад нэг давхарт өрөө нь байсан санагдаж байна. Харин таных гуравдугаар давхарт юм байна. Энэ өрөө өмнөх хотын дарга нар суудаг байсан өрөө мөн үү. Таныг ажлаа авсны дараахь хамгийн эхний дуулиан өрөөндөө үнэтэй засвар хийсэн гэсэн шүүмжлэл байсан болохоор асууж байна л даа…

-Тийм ээ. Миний энэ өрөө бол Монгол Улсын нийслэлийн үе, үеийн Засаг дарга нар сууж байсан өрөө. Харин Э.Бат-Үүл дарга яагаад ч юм энэ өрөөнд суугаагүй юм билээ. Та хоёрын ярилцлага хийсэн нэг давхрын өрөө нь уулзалтын өрөө нь байсан байх. Өөрийнх нь албан өрөө хоёр, гуравдугаар давхар дамжсан өрөө байсан. Би ажлаа аваад уулзалтын өрөөнд хоёр сар шахам суусан л даа. Гэхдээ би үе, үеийн хотын дарга нарын ажиллаж байсан энэ өрөөнд, олон мундаг, буянтай буурлуудын нийслэлийг удирдаж байсан ерөөл шүншиг шингэсэн өрөөнөөс ажлаа хийх нь зөв гэж үзсэн. Хэвлэл, сошиалаар яваад байсан шиг сүртэй засвар хийсэн өрөө биш байгаа биз дээ. Өмнө нь өөр нэг алба хэлтэс орж ажиллаж байсан өрөөнд энгийн засвар хийгээд орсон. Гэрэлтүүлэг, агааржуулалтын асуудлыг нь шийдсэн. Гэтэл нэлээд сүртэй мэдээллүүд явчихсан л даа. Зарим зургууд нь хотын захиргааны байрны маань хонгилын том баганын зураг байсан. Манайхан нөгөө “алтан өрөө”-г чинь үзье гэж орж ирчихээд жирийн компанийн захирлын өрөөнөөс ч энгийн юм байна гэлцээд байсан. Ерөнхийдөө бол ийм л юм. Номын тавиурын тухайд хуулга наасан тавиурууд. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа цуглуулсан маш сайхан номын сантай, өдөр тутмын үйл ажиллагаанд маань хэрэг болдог номуудаа хажуудаа байлгаж, харах хэрэгтэй учраас номын тавиур хийлгэсэн.

-Модон дээр сийлсэн нэр нэлээд сүртэй харагдаж байсан шүү. Сүүлдээ хүмүүс аль дээр үеийн зураг дээр нь байна, хуучин хэрэглэж байсан эд зүйл нь байж гэж ойлгох шиг болсон…

-Миний нэг найз арван жилийн өмнө халуун орны улаан модоор хийлгэсэн нэрийг маань дурсгаж байсан юм. Ер нь Азийн улс орнуудад албан тушаалтнуудын нэрийг бичээд ширээн дээрээ тавьдаг соёл их бий л дээ. Сүүлдээ кириллээр биш латинаар бичсэн гээд бас баахан шүүмжлэх шиг болсон. -Та одоо приус машин унаж байгаа юу. Таныг ирээд өмнөх хотын даргын унаж байсан приусыг унасангүй, том машин унаж тансаглаж байна гэж бас шүүмжилж байсан…

-Би одоо ч приус унаж байгаа. Манай хотын захиргааны баазад том жижиг нийлсэн 70-80 машин байна. Хотод өдөр тутмын хэрэгцээнд приус, хөдөө ажлаар явбал 2007 оны ланд 570 машин байдаг. Өнгөрсөн наадмаар унах үед авсан зургийг тавиад баахан шүүмжилсэн. АСЕМ-ын үеэр хэрэглэж байсан машинуудыг тарааж өгөхөд хотод нэг машин ирсэн. Тэрийг бас заримдаа унадаг. Ерөнхийдөө нийслэлийн авто баазын мэдэлд байгаа машинуудыг бид хэрэглэдэг.

-Та бол яах аргагүй манай мэргэшсэн парламентч. Дөрвөн ч удаа УИХ-д сонгогдсон. Тийм атлаа яагаад нэр дэвшээгүй юм бэ. Олон удаа нэг газраас гарах боломжгүй гэж үзсэн юм уу. Эсвэл таныг дэвшүүлээгүй юм уу?

-Би 2016 оны УИХ-д нэр дэвшихгүй гэдэг шийдвэрээ бүр сонгуулийн яриа эхлэхээс өмнө буюу 2015 онд гаргачихсан байсан л даа. Энэ бол зөвхөн цэвэр хувь хүнийхээ хувьд гаргасан шийдвэр байсан юм. Тасралтгүй дөрвөн удаа УИХ-д сонгогдоно гэдэг миний насны хүний хувьд рекорд гэвэл үнэн. Тойрогтоо байгаа рейтинг, намаас нэр дэвших эрхээ авахын хувьд надад асуудал байгаагүй. Олон жил сонгогч олныхоо итгэлийг хүлээж, улс орныхоо бодлогыг тодорхойлж ажиллалаа. Би парламентад ч, Засгийн газарт ч ажиллаж байсан. Гэхдээ би парламентын гишүүн байж, бодлого тодорхойлж суухаас өөр, илүү бүтээлч ажил хийх нь зөв юм гэж бодох болсон. Шулуухан хэлэхэд салбар хариуцаж ажиллая гэсэн бодолтой байсан юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхаас аль болох татгалзаж, давхар дээлгүй байх тухай яригдах болсныг би дэмжиж байсан. Тиймээс би УИХ-д нэр дэвшилгүй, Засгийн газарт орж ажиллах бодолтой байсан. Миний нэрээ дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийг тухайн үедээ намын нөхөд маань гайхаж хүлээж авч байсан л даа.

-Намаа ялна гэдэгт их итгэлтэй байжээ. Та хотын дарга болно гэж миний төлөвлөгөөнд байгаагүй гэж хэлсэн байсан. Танд энэ томилгоо нэлээд цочирдом байжээ. Арай дургүйлхсэн юм биш биз?

-Улс төрд олон жил явж ирсэн хүний хувьд УИХ-ын сонгуулиар МАН ялна гэдэгт итгэлтэй байсан. Улс төрд явахад гэнэтийн сонин, цочирдом үйл явдалтай үргэлж нүүр тулж байдаг. Хотын даргын албан тушаалын хувьд өмнө нь ер бодож байгаагүй гэдэг үүднээс тэгж хэлсэн юм. Эхэндээ тулгамдаж байсан. Гэхдээ илүү бүтээлч, илүү цараатай ажил хийхийг хүсч байсан болохоор жинхэнэ үзүүлээд өгөх ажил гэж ойлгож байгаа. Багийнхантайгаа хамтарч нэг сэтгэлээр ажиллахад бэлэн байна.

-Та нэг газраа олон жил ажиллаж, туршлагажиж, хатаагдаж ширгээгдэх нь ямар чухлыг сайн мэдэх хүн. Гэхдээ таны баг үнэхээр чадварлаг баг бүрэлдэж чадсан гэдэгт итгэлтэй байна уу. Намын шахааны хүмүүс л олон болсон гэсэн яриа дуулдаад байгаа…

-Манай багийнхан голдуу 80-аад оны залуучууд. Ер нь насаар нь дундажлаад үзвэл 32-33 насныхан. Би парламентад олон жил ажилласан, туршлага мэдлэгээрээ дээгүүр байх ч манай залуус сурч мэдсэнээрээ, шинийг мэдэрч санаачлахаараа бол мундаг. Яахав, намын шахаа ороогүй гэж би хэлэхгүй. Улс төрийн албан тушаалтны хувьд намд олон жил ажиллаж, нэг үзэл бодлын төлөө хамтдаа зүтгэж, намынхаа ялалтын төлөө ажиллаж байсан нөхдийнхөө үгийг авах учиртай. Гэхдээ би зөрүүлээд хатуу шаардлага тавьсан нь санал болгож байгаа хүн нь миний ажлын хурдыг гүйцэж, мэргэжлийн шаардлагыг хангах, чадварлаг боловсон хүчин байх ёстой гэсэн. Хуучны туршлагатай хүмүүс нь бий ч, яах аргагүй шинэ үеийнхэн гарч иржээ гэж би харж сууна. Угаасаа манай нам залуучуудаа, шинэ үеэ дэмждэг. Бусад намуудын хувьд ерээд оны партизанууд нь одоог хүртэл хэвээр байдаг биз дээ. Харин манайх үе, үеэрээ шинэчлэгдсээр ирсэн. Томилгоон дээр МАН-ынхан халаа, сэлгээ их хийж байна гэсэн шүүмжлэл сонстож байна. Удирдах албан тушаалтны хувьд боловсон хүчний өөрчлөлтийг хийж байгаа. Гэхдээ яг төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын тухайд ямар ч өөрчлөлт хийгээгүй. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед нэг ч гэсэн хүнийг ажлаас нь халахгүй байх бодлого барьж байна. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн жилүүдэд орон тоог маш ихээр нэмэгдүүлсэн юм билээ. Багтаж шингэхийн аргагүй их орон тоотой болгож.

-Нийслэлд баахан урлагийнхан ирээд дарга болчихсон байна гэсэн яриа гараад байгаа. “Номин талст”-ын хоёр гишүүн газар, хэлтсийн дарга, “Камертон”-ын Д.Болд орон тооны бус зөвлөх гээд. Олны танил тэр дундаа урлагийн хүмүүсийг мэргэжлийн албанд тавьсанд гайхаж байх шиг байна л даа…

-“Номин талст”-ын А.Хаянхярваа бол өмнө нь НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, нийслэлд алба хашиж байсан туршлагатай хүн. Бас НАМЗХ-нд олон жил явж ирсэн намын идэвхтэй гишүүн. Тиймээс хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тавьсан. Д.Батсүх бол хуульч, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй чадварлаг залуу. Тиймээс би аялал, жуулчлалын газрын даргаараа авсан. Ямар нэг хамтлагт хамтдаа дуулж байсан хоёулаа болохгүй гээд байлтай биш. Хувь хүмүүсийн чадвар, туршлагыг нь харж томилсон. Бас дуучин Б.Сарантуяа байна. Насаараа урлагт зүтгэж, Монголын ард түмэнд өөрийнхөө дуу хоолойг зориулсан гайхалтай дуучин. Одоо нийслэлийн маань хамгийн том соёл урлагийн газар болох СТӨ-ний дэд даргаар ажиллана. Салбараа мэддэг, амьдралаараа туулсан хүний хувьд сайн ажиллана гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Ер нь соёл урлаг бол их хотын салшгүй нэг хэсэг болж явдаг.

-Та Улаанбаатар хотын 32 дахь дарга. Нийслэлийн 377 жилийн ой тохиож байна. Баярын хүрээнд ямар арга хэмжээнүүд зохиохоор төлөвлөсөн бэ?

-Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр нийслэл хотын маань ойн өдөр. Өнөө жилийн хувьд тэгш ой биш. Гэхдээ уламжлал болон зохиогддог ажлууд бүгд хийгдэнэ. Миний хувьд энэ өдөр нийслэлчүүдэд онцгой, баярын өдрөө гэж мэдэрдэг, нийслэл хотоороо бахархдаг тийм өдөр нь байгаасай гэж боддог. Зүгээр нэг баяр гэж хөөрч тэмдэглэхдээ бус мэдэрч, бахархдаг байх нь чухал юм. Мөн бид энэ өдрөөр нийслэлийнхээ залуу иргэд болох хүүхдүүддээ хандсан арга хэмжээг онцлон зохион байгуулж байна. Жил бүр явагддаг хүүхдийн найрал дууны наадмыг өнөө жил нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан хийж байна. Мэдээж нийслэлийнхээ төлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө гар бие оролцож, авьяас чадвараа зориулж байгаа хүмүүсээ шагнаж урамшуулна.

-МАН Засгийн эрхийг авсан цагаас хойш өмнөх засгийнхаа хийж байсан ажлуудыг үгүйсгэж, шийдвэрийг нь цуцалж байна гэгдэх болсон. Нийслэлд ч нэлээд ажил хийгдэж байсныг бид мэднэ. Бас л эхнээс нь цуцалж байх шиг. Яг ямар ажлууд нь үлдэж, ямар нь өөрчлөгдөх вэ?

-Би ажлаа хүлээн авсан анхны ИТХ дээрээ л “Өмнөх хотын дарга нарын хийж байсан сайн бүхнийг үргэлжлүүлнэ. Дутагдалтай бурууг нь засч залруулж явна” гэж зарласан. Төрийн ажил залгамж чанартай байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн гарч ирээд дөрвөн жилийн хугацаанд шоуддаг, дөрвөн жилийн хугацаанд шинийг санаачилдаг. Тэгээд тэр нь үр дүнтэй, үгүй нь мэдэгдэхгүй байж болохгүй. Би өмнөх Засаг дарга нарын хийж байсан хотын дахин төлөвлөлтийн ажил, гэр хорооллыг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа. Энэ бол манай үе, үеийн хотын дарга нарын хийж байсан ажил. Хамгийн анхны дарга Баяр гэдэг хүн эсгийн хотыг хэрхэн яаж орчин үеийн хот болгох вэ гээд ажлаа эхэлж байлаа. Ганцхан Э.Бат-Үүл энэ талаар яриад эхэлсэн юм биш шүү дээ. Хотод шийдэх ёстой, чухал ажлуудыг үргэлжлүүлээд аваад явна. Мэдээж, Батболдын үед ингэж шийдэгдсэн гэж ялгарах ажлыг хийхийг би хүсч байна. Би мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Хийх ажлууд маань хүн рүүгээ чиглэсэн байх учиртай. Хот гэдэг бол зөвхөн төв хэсэгтээ гялгар, цардмал замтай, цэцэг модтой байгаад захын хороолол руугаа бохир заваан байх учиргүй. Захын хорооллын иргэн, хотын төвийн иргэн ялгаагүй эрх тэгш үйлчилгээ авах ёстой.

-Гэхдээ хэрэгжиж байсан замын түгжрэлийг шийдсэн, нийтийн тээврийн цахим карт гээд сайн зүйлүүд байсныг та хүлээн зөвшөөрнө биз дээ. Шөнийн цэнгээний газрууд 4:00 цаг хүртэл ажилладаг байсныг та алдаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байсан…

-Хүмүүсийг харахад шинэчлэл хийсэн юм шиг харагдах олон ажил байна. Харамсалтай нь, үр дүнд хүрэхгүй байгаа юм. Би энэ талаар ам нээгээгүй байсан, өнөөдөр яахав хэлчихье. Хийсэн ажил их байгаа мэт ч үр дүн нь өөр байгаад байна. Нийтийн тээврийн асуудал байна. Нийтийн тээвэрт татаас гэж 57 тэрбум төгрөгийг өгч байна. Смарт карт гаргасан ч мөнгөө олох ямар ч хөшүүрэг байхгүй. Компаниуд орлого бүрдүүлэхэд ямар ч үүрэг хүлээхгүй учраас 500 төгрөг төлж байна уу, 100 төгрөг төлж байна уу жолоочид ямар ч хамаа байхгүй. Зөвхөн компаниуд хотоос л татаасаа авна. Ингээд ирэхээр орлого шалдаа буусан. Харахад нэг гоё карт уншуулаад явдаг болсон боловч бодит байдал нь ийм байна. Гэтэл тэр 57 тэрбум төгрөгөөр өчнөөн цэцэрлэг барьчих мөнгө шүү дээ. Шөнө дөрвөн цаг болтол баар, цэнгээний газар ажиллах буруу биз дээ. Дээр нь айл амрах гээд байдаг доор нь хүмүүс хашгичаад байхаар. Зориулалтын байранд байдаг бол хамаагүй. Гэтэл манайд орон сууцны нэг давхарт голдуу байна. Би үүнийг алдаа гэж хэлсэн юм. Одоо ч иргэд хэцүү байдаг талаар надад гомдол гаргаж ярьж, бичиж байна. Зориулалтын бус байранд байгаа газруудыг үүр цайтал ажиллуулахгүй гэж хэлснийг маань гуйвуулж, буруутгаж байна. Ер нь би ирэх нэгдүгээр сарын 1-нээс эмх цэгцэнд нь оруулна. Замын уулзваруудыг янзалсан гэж байгаа ч хэчнээн төгрөгөөр хийсэн гэдгийг нь сонсоход хэлэх үг алга. Эдийн засаг хямралтай үед мөнгөө зохистой хэрэглэх ёстой. Метро барина гэж хоосон яриад БРТ замын ажлыг зогсоож, гацаасан. Уг нь өмнөх УИХ-аар ороод хөрөнгө мөнгийг нь шийдсэн байсан ч метро барина гээд гацааж БРТ зам ч, метро ч байхгүй үлдсэн. Гэтэл метрог дөрвөн жилд барьчихдаг ажил биш. Одоо эхний ээлжинд ирэх хавраас эхэлж бид Энхтайваны гудамжнаас Сансарын тойрог хүртэл, мөн хорооллын эцэс хүртэл БРТ замын эхний хоёр шугамыг хоёр жилдээ багтаагаад барьчих боломжтой гэж харж байна.

-Метро хэрэгтэй биз дээ?

-Хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн манай бодит эдийн засгийг харахад 2025 оноос нааш ярих боломжгүй.

-Тэгвэл С.Батболдыг хотын дарга байх үед ямар, ямар асуудлууд шийдэгдэж, эхлэл нь тавигдсан байх бол?

-Дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөнө. Давхар замын асуудал, гүүрэн гарц, хот хоорондын замын асуудал бүгд миний үед шийдэгдэнэ. Гэхдээ бүх асуудал хүн рүүгээ чиглэсэн байна. Улаанбаатар хотын сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа асуудлыг өөрчилнө. Хоёр ээлжээр хичээллэдэг болно. Бүх хороо цэцэрлэгтэй болж, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 85 хувь цэцэрлэгт хамрагддаг болно гэхчилэн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Бүх бодлого шийдвэр хүн рүүгээ чиглэсэн гэдгээрээ өмнөх дарга нарын бодлогоос ялгарах болов уу. Мөн дэд бүтцийн хувьд хотыг задлах алхмууд хийгдчихсэн байна. Улаанбаатар хот зөвхөн Сүхбаатарын талбайгаа тойроод хөгжиж байгаа хот. Тэгвэл цаашдаа дөрвөөс доошгүй төвтэй болж, тэнд ялгаагүй эмнэлэг, сургууль, үйлчилгээний төв, оффистой, хотын А зэрэглэлээс ялгаагүй үйлчилгээ авдаг болно. Цаашлаад Улаанбаатар хотыг аялал жуулчлалын төв болгоно. Нийслэлд ирсэн гадаад, дотоодын жуулчдыг уйдаахгүй, аюулгүй байх орчинг бүрдүүлэх болно.

-Таны мөрийн хөтөлбөрт Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгоно гэсэн байсан. Үнэхээр энэ бүс нутагт манайх төв нь болох боломж бий гэж үү. Япон, Солонгос гээд жуулчлал өндөр хөгжсөн орнууд байхад…

-Солонгосоос наашаа, Зүүн хойд Хятад, ОХУ-ын Сибирийн хэсэг гээд энэ хүрээнд 70 орчим сая хүн амьдарч байна. Энэ бүс нутагт цорын ганц нийслэл нь Улаанбаатар хот. Дээрээс нь Хятадын хойд тал, Сибирь хавийн бүс дотроо хамгийн нээлттэй, барууны маягийн хот болж хөгжих боломжтой нь манайх. Бас тэр хүмүүсийн багагүй нь монгол гарал угсаатай. Тиймээс бид тэднийг татах бүрэн боломжтой. Тэрхүү 50-70 сая хүнээс ганц хоёр саяыг нь татах тухай бид ярьж байна. Тэгэхэд л манай Улаанбаатарт хангалттай тоо. Мөн манайх Зүүн Хойд Азийн хотууд дундаа сэрүүн бүсийн хот. Япон, Солонгос, Хятадад зундаа ямар халуун болдог билээ. Тэндхийн хүмүүс бүгд сэрүүн газарт очихыг хүсдэг. Оюутан, сурагчдын амралт нь таарч, бүгд бөөнөөрөө аялах газар хайж эхэлдэг. Харин тэр долоо, наймдугаар сард нь Монголд цаг агаарын хамгийн таатай үе байдаг. Тэгэхээр Монголд +25 градус байна, ийм сайхан байгаль дунд ийм, ийм үйлчилгээг санал болгож байна гэдгээ тодорхой хүргэх ёстой юм. Монголд ирсэн хүмүүс үзэж сонирхож, нутагтаа авдаггүй өвөрмөц содон үйлчилгээ, нүүдэлчний онцлог сонин бүхнийг бид санал болговол аялал жуулчлалын төв болох бүрэн боломжтой. Манайд олон улсын нэртэй сүлжээ буудлууд, олон үндэстний зоогийн газрууд байна. Сурталчилгаагаа сайн хийвэл аялал жуулчлалтын томоохон хотуудаас дутахгүй.

-Улаанбаатарын брэнд гаргана гэж байсан. Манай брэнд юу байж болох вэ?

-Манайх брэндгүй хот. Яг Улаанбаатар хот гэхээр нүдэнд юу бууж болох вэ. Сүхбаатар, Чингисийн хөшөө эсвэл морь, тэмээ юу. Брэндинг хийе гэхээр улс төрийн өнцгөөс хардаг ч юм уу, намын логотой хүртэл холбоод нэг явж өгөхгүй байна. Бид олон улсын болон дотоодын компаниудтай хамтран ирэх өвөл энэ чиглэлээр семинар зохион байгуулах гэж байна.

Манай хотын брэнд юу юм, анх нисэх буудал дээр буухад, төв талбай дээр ирэхэд ямар нэртэй, ямар байх ёстой юм гэдгийг гаргаж ирэх ёстой. Улаанбаатар гэсэн нэр маань ямар бичигдэлтэй байх, өнгө нь шар эсвэл хөх байх уу гэдгээс эхэлнэ шүү дээ. Цаашлаад лого нь ямар байх, уриа үг нь юу юм, хангарьд бэлгэдлийг маань ойлгож байгаа нь хэд байна гээд нарийн судалгаа хийж, нийслэлийн брэндийг бий болгоно.

-Таны мөрийн хөтөлбөрт байсан органик хүнс, зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгийг олзуурхаж харсан. Манайд төр засаг нь ард олныхоо эрүүл мэнд, сайн сайхны төлөө урд нь орж явахаасаа хоцрох нь их. Харин энэ талаар дуугарсан байгаа нь баярлуулахаас гадна гайхаш төрүүллээ…

-Хот маань сая таван зуу орчим хүн орж гардаг гэхээр яах аргагүй том хот. Энэ том хотын иргэдийн хүнсний аюулгүй байдал, иргэдээ эрүүл байлгах явдал бол хотын даргын хувьд том үүрэг хариуцлага. Өнөөдрийн байдлаар нийслэлд маань хүнсний тогтвортой хангамжийн тогтолцоо байна уу гэвэл байхгүй юм аа. Сүүний хангамжийн хэдэн хувь нь хаанаас орж ирж байгаа талаар ерөнхий тоо байгаа боловч урсгал нь хаанаас юм, баталгаатай мах, сүү, ногоо яг тэндээс орж ирж байна гэсэн бодлого алга. Хот тойрсон мах, сүү, хүнсний ногооны аж ахуйг байгуулж, мах гэхэд л үйлдвэрийн аргаар технологийн дагуу бэлтгэснийг оруулж ирэх хэрэгтэй байна. Хуучин цагт махны чанарыг сортолж, тамгалдаг байсан шиг хотын хоёр захад баталгаат мах бэлтгэх үйлдвэр байгуулж, хотын иргэдэд хүргэдэг болох нь чухал. Эхний шатанд үйлчилгээний байгууллагууд, хүнсний дэлгүүрт тийм баталгаатай мах хэрэглэхийг шаардана. Ийм том хотод хүнсний аюулгүй байдлыг ярихгүй байж болохгүй. Мөн хүнсний ногооны аж ахуй болон өвлийн хүлэмжний аж ахуйн талаар хөндөх ёстой. Сул газрыг ашиглаад бид олон тооны хүлэмжийн аж ахуй байгуулах ёстой. Жилийн турш иргэдээ хүнсний ногоогоор хангачихдаг болох хэрэгтэй байна.

-Харшил үүсгэгч ургамлуудыг цэвэрлэх талаарх заалт жижиг гэлтгүй таалагдсан. Манайхан шарилж, луулиа ургахаас өмнө цэвэрлэчихдэг бол олон хүн харшлаар зовохгүй гэдэгсэн. Үнэхээр манай хот шарилжгүй хот болж чадах уу?

-Хотын ерөнхий менежер энэ асуудлыг надад танилцуулж орж ирсэн. Өнгөрсөн наймдугаар сард шарилж устгах арга хэмжээг эхлүүлсэн. Ирэх жилээс бүр тусгай төсөл болгоод бүх албан байгууллагуудыг хогийн ургамлыг цэцэглэхээс нь өмнө цэвэрлэж, устгахыг шаардана. Албан байгууллагууд эзэмшил газрууддаа, эзэмшлийн бус газруудад бид төсөл хэрэгжүүлж цэвэрлэнэ. Ингэснээр ирэх наймдугаар сар гэхэд харшил үүсгэгч ургамлууд манай хотод ургахгүй болно гэж надад танилцуулсан. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй бидний нэг ажил маань.

-Уучлаарай, та ямар нэг ургамлын харшилтай юу?

-Үгүй.

-Улаанбаатар хотод зарах газар үлдсэн үү. Өмнөх дарга хотод маань зарах газар байхгүй. Бүгдийг нь урьд өмнөх дарга нар зарчихсан гэж байсан…

-Газар гэдэг бол аль ч даргын хувьд том өв юм л даа. Гадна, дотнын хөрөнгө оруулагчид ирээд хөрөнгө оруулалтыг нь шийднэ, газар өгөөч гэдэг. Гэтэл надад тэдэнд өгөх газар байхгүй. Тиймээс Улаанбаатар хот маань газрын сантай болох нь чухал гэж үзэж байгаа. Газрын сан хэнд ч нээлттэй, тийм газар байх ёстой юм. Одоогийн байдлаар хотод эзэмшилгүй нэг ч ширхэг газар байхгүй. Бүгд хувь хүмүүс, аж ахуйн газрын эзэмшилд очсон. Зарим нь дуудлага худалдаагаар очсон байгаа. Бүгд л тухайн цаг үеийнхээ хууль эрх зүйн орчноос хамаарч олгогдсон байдаг. Иргэдэд газар очсоныг буруутгахгүй, гэхдээ яг хууль зүйн дагуу очсон байна уу, газраа зориулалтаар нь ашиглаж байна уу, байшин барилгаа барьсан уу эсвэл шарилж ургасан хашаа болгож хадгалаад байна уу, бүгдийг шалгаж, шинээр бүртгэлжүүлэх ёстой гэж би үзэж байна. Хэрэв авсан газартаа хоёр жилийн хугацаанд барилга бариагүй бол буцааж авах ёстой. Ийм байдлаар бас мөнгөтэй бол хот мэдэлдээ газар худалдаж аваад өөрийн санг бий болгох ёстой.

-Наадах чинь баахан хэл ам дагуулсан ажил гарах юм байна даа?

-Би хэл амнаас айхгүй байна. Жижигхэн газар чөлөөлөхөөс эхлээд бөөн асуудал үүснэ. Мэдэж л байна. Би ажил хийж байхад шүүмжлэл, хэл ам дагадгийг мэднэ. Гэхдээ би тэр бүгдээс айхгүй байна. Ер нь газрыг чөлөөлөөд хот өөрийн сандаа авч чадвал дараа нь маш зөв төлөвлөлттэй хотыг босгож болно. Хотын шинэ төв гэгдэж байгаа Баянхошуу, Сэлбэ рүү маш том шугам тавигдаж байна. Ойр орчмын газруудыг сандаа авч, маш зөв төлөвлөж эргээд иргэддээ өгч болно. Миний хийхээр төлөвлөсөн ажлууд 100 хувь биелэхгүй байж болно, гэхдээ дуусгахгүй юм аа гэхэд зөв эхлэлийг нь тавихын төлөө би ажиллана. Иргэдтэйгээ хамтдаа ярилцаж, хэлэлцэж хотынхоо асуудлыг шийдэх болно. Энэ бол бидний, үр хүүхдүүдийн маань амьдрах хот учраас хотын даргын хувьд гаргасан шийдвэрээ биелүүл гэхээсээ хамтдаа ярьж шийдэх болно.

Бас нэг асуудал байдаг нь Богд хан уулын дархан цаазат газар нийслэл, Байгаль орчны яам хоёрын дунд байгаад байдаг. Нийслэлийн маань дундуур урсдаг Туул голын сав газар, Богд уулын амуудад нэгэнт суурьшлын бүс бий болчихоод байгаа тохиолдолд нийслэлийн мэдэлд өгчих хэрэгтэй байгаа юм. Бид энэ талаар Засгийн газарт асуудал тавьсан. Хот өөрийнхөө төлөвлөлтөөр хийнэ гэхээр яам дундуур нь ороод ирчихдэг. Тусгай хамгаалалттай газар гээд хэдхэн хүнд ам, амаар нь хашаад өгчихдөг. Гэтэл үнэндээ сая гаруй хүнтэй иргэдэд маань очих газар алга. Дархан цаазтай гээд харах эзэнгүй, хэдэн мод нь үхэж байдаг тэр байдлыг нийслэл хариуцаж хотынхоо аялал амралт, зугаалгын бүс болгож болно шүү дээ. Гоё зочид буудлуудтай, дугуйн замтай, усан сантай, явган хүний замтай, аялал жуулчлалын бүс бий болговол хэдхэн хүн хашиж аваад юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байдгаас өөр, олон хүнд хүртээмжтэй нийслэлийнхэн маань очих дуртай газар болно.

-Таны өмнөх ярианаас гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилнэ гэж ойлгосон. Бас хуучин орон сууцны хорооллын дахин төлөвлөлт яригдах уу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нэгэнт эхэлчихсэн ажил. Үргэлжлүүлж явуулна. Гэр хорооллын 24 байршилд хийгдэж байгаа ажлууд дунд сайн яваа нь ч байна, дампуурч хүмүүсээ гудамжинд гаргачихсан нь ч байгаа. Тиймээс бид хохирсон, гудамжинд гарчихсан байгаа иргэдээ орон сууцаар хангах тал дээр ажиллана. Түр суурьших орон сууцыг нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар 232 түр суурьших байр байна. Цаашлаад 1000 айлын түр сууцтай болж, газрыг нь чөлөөлж аваад богино хугацаанд компаниуд байшинг нь барьж дараа дараагийн айлууд нь ороод явдаг зарчимд шилжинэ. Хуучин орон сууцны дахин төлөвлөлт ч чухал хэсэг нь болно. Бас дүүрэг болгонд жишиг гэр хороолол барихаар ярьж байгаа. Заавал байшин гэлтгүй, дэд бүтцийг нь шийдчихвэл уламжлалт орон сууцандаа орчин үеийн байдлаар амьдрах боломж бүрдүүлж болно. Тухайлбал, Гандан хавийг тэгж хөгжүүлэх боломжтой. Гандан хавь бурхан шашны, аялал жуулчлалын төв болох боломжтой. Уламжлалт сууцандаа, утааны асуудлаа шийдсэн тийм төслийг иргэдтэйгээ хамтраад хийнэ.

-Гандан гэснээс даншиг наадмыг нийслэлээс зохион байгуулж хийх болсон. Ер нь төр, шашин тусдаа байх ёстой биш бил үү. Нийслэл үүнд анхаарч хийхийн учир юу юм бол?

-Шашин төр тусдаа байх учиртай нь үнэн. Гэхдээ аль ч улсад тухайн улсын зонхилох шашныг төрөөс дэмждэг. Шашнаар дамжуулж үндэсний өв соёлоо залуучууддаа хүргэдэг. Энэ утгаараа шашин, соёлын баяр гэж дэмжиж байгаа болохоос төр нь шашиндаа оролцож, нөлөөлж байгаа хэрэг биш юм. Даншгийн үеэр хурж буй уншлагууд хотын, иргэдийн маань сайн сайхны төлөө байдаг. Бас нэг гол нэг шалтгаан бол аялал жуулчлалыг татах зорилготой. Монголд зуны саруудад гадна, дотныхон ирдэг. Гэтэл гол зүйл болох наадам нь долдугаар сард болоод өнгөрчихдөг. Даншиг наадам наймдугаар сард болдог нь жуулчдыг татах зорилготой. Ер нь бид Хүй долоон худагтаа зуны турш залуучууд, гадныханд зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх нь зөв гэж үзэж байгаа.

-Нохойнд мэс ажилбар хийнэ, таван тэрбум төгрөг зарцуулах гэнэ гэж нэлээд шуугисан. Хотын хувьд таван тэрбум төгрөг хэр их мөнгө вэ?

-Манайхаас санаачилж ямар нэг тийм зүйл яриагүйг хүмүүс ойлгосон байх. Мэргэжлийн хүмүүс, байгууллагууд ямар нэг санал санаачилга гаргаж ирдэг, түүнийг нь манайхан судлаад болно, болохгүй гэж хариугаа хэлдэг. Таван тэрбум төгрөг маш их мөнгө. Юун нохойд зарцуулах таван тэрбум. Бидэнд байхгүй. Дунджаар ийм хэмжээний мөнгөөр 75 хүүхдийн ортой цэцэрлэг хоёрыг, засварлаж өргөтгөх бол 240 хүүхдийн цэцэрлэг барьчих мөнгө. Гэхдээ хотын даргын хувьд нохойны асуудал даамжирч бага насны хүүхдийг гэмтээж, амь насанд нь хүрч байгаа явдал бол анхаарлын гадна үлдээх асуудал биш. Хотод шийдэх асуудал их, эдийн засгийн боломж нөөц нь бага байна. Тиймээс ач холбогдлоор нь жагсааж байгаад хамгийн чухлаас нь хийхээс аргагүй. Би өмнөх хотын удирдлагад их атаархаж байгаа. Маш их мөнгөтэй байсан. Зөвхөн төсвийн мөнгө биш бондын зарцуулалт, Хөгжлийн банкны мөнгө, концесс гээд олон эх үүсвэртэй байсан. Харамсалтай нь энэ бүгдээ үр дүнтэй зарцуулж чадаагүй. Бид бол тэгж хэрэгтэй, хэрэггүй юманд мөнгө зарцуулж чадахгүй. Маш хүнд эдийн засагтай хот хүлээж авсан учраас байгаа мөнгөө аль болох хэмнэж, бага өртгөөр их зүйл хийхгүй бол болохгүй байна.

-Түүхэндээ байхгүй хамгийн их төсөвтэй хотыг хүлээлгэж өглөө гэж байсан даа?

-100 тэрбум төгрөг гэдэг бол ийм хотын хэмжээнд урсгал зардалд байж л байдаг мөнгө шүү дээ. Одоо ч гэсэн манай дансанд 82 тэрбум төгрөг байна. Хотын эрүүл мэнд, урлаг соёл, нийтийн тээвэр гээд орж гарч байдаг мөнгө. Надад тусдаа сан болгоод ийм хэмжээний мөнгийг хотын хөгжилд зарцуул гээд үлдээж өгсөн бол би үнэхээр талархаж үүнийгээ хаа ч хэлнэ. Түүнээс байнга орж гарч байдаг урсгал зардлыг үлдээсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

-Нийслэлийг дагуул хоттой болгоно гээд л байдаг. Болсон нь үгүй. Та ч бас ийм төлөвлөгөөтэй байх шиг байсан. Харин яаж?

-Ер нь би суурьшлын хэсгийг тодорхой болгож, улаан шугам татах ёстой гэж бодож байна. Хэрэв хотод суурьших гэж байгаа бол зөвшөөрөгдсөн тэр бүсэд амьдрах ёстой. Түүнээс хөдөөнөөс орж ирчихээд дуртай газраа очоод суучихдаг, тэгээд ус, цахилгаан залгаж өг гээд нэхээд байдаг байж болохгүй. Хотод ирж байгаа бол шинэ суурьшлын бүсэд эсвэл Багануур, Багахангай, Налайх, Зуун модонд суурьш, үгүй бол таны хүссэн газарт бид зам тавьж, цахилгаан татаж өгч чадахгүй гэдгийг шууд хэлнэ. Манайд жинхэнэ утгаараа дагуул хот болох газар бол Хөшигийн хөндийг дагаж байгуулагдах аэро хот юм. Одоо Налайхаас Хөшигийн хөндий рүү хурдны зам баригдаж байгаа. Богд хан төмөр зам баригдчихвал хотын энэ их төвлөрөл алга болно.

-Энэ төмөр замын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Богд хан төмөр замыг эхний ээлжинд Улаанбаатараас Хөшигийн хөндий рүү барьчих санаатай үзэж байна. Тэгээд тэндээсээ Налайх руу тойруулахад илүү амархан болчихож байгаа юм. Ингэхэд Хөшигийн хөндийгөөс ердөө 20 минутад Улаанбаатарт орж ирэх боломжтой болно.

-Богд уулыг нүхэлж зам барих тухай олон жил яригдаж ирсэн. Энэ хэрхэх вэ?

-Тэгэх шаардлагагүй. Ийм сайхан байгалийн нөхцөлтэй байхад уулаа бид сэтлэхгүй тойроод явах боломжтой. Харин дээр хэлсэнчлэн уулаа эзэнгүйдүүлэхгүй эзэнтэй болгож, нийслэлийн иргэдийнхээ очиж амардаг сайхан хүрээлэн болгох хэрэгтэй.

-Ер нь сүүлийн үед УИХ-д сууж байсан туршлагатай хүмүүс хотын даргаар томилогддог жишиг бий боллоо. Хот маань өргөжиж томрохын хэрээр хотын даргын шалгуур өсөөд байна гэвэл та санал нийлэх үү?

-Хот маань Монгол Улсын тал шүү дээ. Тэгэхээр энэ улсын талыг авч явах хүнд өндөр хариуцлага ирж таарна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Нийслэлийн иргэн танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-оор дамжуулж нийслэлийнхээ бүх иргэддээ нийслэлийн ойн өдрийн мэндийг хүргэе.


Categories
мэдээ цаг-үе

Б.Уянгахишиг: Өөртөө итгэлтэй, бэлтгэл сайн байхад шатрын спортоор амжилт гаргана

Улаанбаатар хотын 377 жилийн ойг угтсан нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, “Монгени” цогцолбор сургууль, Монголын шатарчдын холбоо хамтран зохион байгуулсан юм. Энэхүү тэмцээнд нийлбэр дүнгээр “Монгени” цогцолбор сургууль түрүүлсэн бол Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Багануур дүүргийн “Гүнгалуутай” цогцолбор сургуулийн өсвөрийн шатарчид удаалжээ. Ингээд “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээний 13-14 насны ангилалд алтан медаль хүртсэн “Монгени” цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Уянгахишигтэй ярилцсанаа хүргэе.

-Өсвөрийн шатарчдын тэмцээнд түрүүлсэнд нь баяр хүргэе. Хэзээнээс шатраар хичээллэж эхэлсэн бэ?

-Би “Монгени” цогцолбор сургуулийн шатар, математикийн ангийн есдүгээр ангид сурдаг. Нэгдүгээр ангиасаа эхлээд л шатар сурч эхэлсэн. Харин гуравдугаар ангиасаа илүү сонирхож хичээллэж байна. Хамгийн анх “Монгени” сургуулийнхаа шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Гэсэн хэдий ч санасандаа хүртэл амжилт үзүүлж чадаагүй. Тэр сургуулийн аваргын тэмцээнийг би хэзээ ч мартдаггүй юм. Учир нь тэр тэмцээнээс шатрын спортоор амжилт гаргахын тулд илүү их хичээх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хичээсний минь үр дүн гарч би сургуулийнхаа аваргад түрүүлсэн. Багаараа ч тэмцээн уралдаанд оролцдог болсон. Тэмцээн уралдаанд оролцох болгонд энэ нүүдэлд ингэх ёстой юм байна гэдгийг мэдэж авдаг. Мөн туршлага хуримтлуулж, сул талаа мэддэг болсон. Би “Их нүүдэл” өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байгаа. Энэ тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Ээж, аавдаа болон багшдаа маш их баярлалаа.

-Өрсөлдөгчид нь хүчтэй байв уу?

-“Их нүүдэл” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 17 сургуулийн нийт 400 гаруй сурагч оролцож оюун, ухаанаа сорилоо. Сургууль бүрээс шигшигдсэн хамгийн мундаг хүүхдүүд оролцсон болохоор бүхий л ангилалд өрсөлдөөн ширүүн байсан. Би өсвөрийн шатарчдын 13-14 насны ангилалд оролцсон юм. Энэ ангилалд байгаа хүүхдүүд маш мундаг. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч 33 дугаар сургуулийн Хонгорзул гэж охин байлаа. Гэхдээ ер нь бүх л хүүхэд маш сайн бэлдсэн байна лээ. Бид “Их нүүдэл” тэмцээний өмнө нөхөрсөг тоглолт хийсэн. Тэр тоглолтоор бас өрсөлдөгчдөө судалсан шүү. Сая тэмцээн дээр ч тэр гараанаасаа эхлээд хэн, ямар нүүдэл хийж байгааг анзаарч байлаа. Миний хувьд харьцангуй орой шатар тоглож эхэлсэн л дээ. Бусад хүүхдүүд бүр багаасаа тоглож эхэлсэн байдаг учир маш сайн. Ийм гоё тэмцээн зохион байгуулж, алтан медаль авах боломж олгосон хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

-Багш нь юу гэж зөвлөдөг вэ?

-Манай багшийг Хүрэлбаатар гэдэг. Манай анги даасан багш. Миний ааваас өөрцгүй хүн. Багш маань сандрах хэрэггүй гэдэг юм. Шатрын спорт бол сэтгэл санаанаас шууд хамааралтай байдаг. Тиймээс аль болох бэлтгэлээ сайн хийгээд, сэтгэлзүйн хувьд тайван байхыг зөвлөдөг дөө. Багшийнхаа заавар, зөвлөгөөг дагаж амжилт гаргаж байгаа. Цаашид олон улсын тэмцээнээс медаль хүртэж багшийгаа бүр их баярлуулна гэдэгтээ итгэлтэй байна.

-Шатар тоглох хэцүү юу?

-Шатар бол оюуны спорт. Тиймээс шатар тоглож байхдаа нүүдлээ сайн хараад, төлөвлөгөөтэй тоглох хэрэгтэй. Энэ бүхнийг сайн ажиглаж чадвал бүх хүнд нээлттэй спорт гэж боддог. Би 2014 онд ОХУ-ын өсвөрийн шатарчидтай хамтарсан шатрын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Хэдий маш их сандарсан ч гэсэн “Монгени” сургуулиа төлөөлж оролцсон болохоор надад алдах эрх байгаагүй л дээ. Ер нь сандрах юм бол хүссэн тоглолтоо хийж чадахгүй, төлөвлөгөөтэй тоглоход саад болдог юм. Өөртөө итгэлтэй, бэлтгэл сайн байхад шатрын спортоор амжилт гаргана.

-Шатар, математикийн ангид суралцдаг гэсэн. Тэгэхээр ангийнхан нь бүгд мундаг шатарчид байх нь ээ?

-Ангийнхан маань шатрын хичээл дээр болон чөлөөт цагаараа ихэвчлэн шатар тоглодог. Мөн шатрын бодлогуудыг боддог л доо. Хэдий амархан бодлого байсан ч тэрийг бодоод, тогтоогоод авахад гэмгүй. Амархан гээд орхичихсон бодлого тэмцээний үед гараад ирэхэд анзаарахгүй орхих тохиолдол байна. Тиймээс байнга бодож тогтоогоод, мартахгүй байхыг хичээдэг. Манай ангийнхан бүгдээрээ мундаг шатар тоглодог шүү. Маш их өрсөлдөөнтэй байдаг, гэхдээ нөхөрсөг л дөө. Тэр өрсөлдөөн дундаас түвшин улам ахидаг юм. Бас математик олон цагаар үздэг. Энэ их давуу талтай санагддаг. Ангийнхныгаа бусад хүүхдүүдээс илүү хурдан сэтгэдэг гэж боддог. Ямар ч зүйл дээр амжилт илүү үзүүлнэ.

-Чиний мөрөөдөл юу вэ?

-Би байртай, машинтай хүн болно гэж мөрөөддөггүй л дээ. Монгол Улсдаа хэрэгтэй хүн болохыг л мөрөөддөг. Гурван сая хүн дотроос ямар нэг зүйлээрээ дэлхийд Монголоо таниулж чадах тийм хүн болохыг хүсдэг.

-Ямар мэргэжилтэй хүн болъё гэж боддог вэ?

-Би зураг зурах маш их дуртай. Тиймээс архитекторч болохыг хүсдэг.

-Яг түүн шиг мундаг болно доо гэж боддог хүн бий юү?

-Би мундаг хүнийг холоос хайх хэрэггүй гэж боддог л доо. Тэр хүмүүс бидний хажууд байгаа. Би ээж, аавыгаа л хамгийн мундаг гэж хэлнэ. Яагаад гэвэл үр хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй өдийг хүртэл өсгөж хүмүүжүүлж байгаа болохоор тэр шүү дээ. Тиймээс би шатрын спортоороо улам их амжилт үзүүлнэ. Бас маш сайн хүн болно.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Одончимэг: Хүмүүс “Чи их ааштай юу” гэж асуух болсон

“Khulegu pictures”, “Cocktail films”-ийн хамтын уран бүтээл “Гэрлэн дохио” олон ангит инээдмийн уран сайхны кино “Боловсрол суваг” телевизээр ойрын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. “Гэрлэн дохио” олон ангит киноны найруулагчаар А.Баттүшиг ажилласан бөгөөд киноны гол дүрд “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, “Коктейл фильмс”-ийн жүжигчин Д.Энхбаяр, А.Өнөржаргал нар тогложээ. Түүнчлэн жүжигчин Б.Хулан, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг нар киноны гол дүрийг бүтээсэн юм. Ингээд УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрээр “Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус” зэрэг кинонуудад туслах дүр бүтээж байсан бол “Аз жаргалын шок”, “Том Толгойтын романс” кинонд гол дүр бүтээжээ.

-“Гэрлэн дохио” уран сайхны кинонд нэлээд ааштай, хатуухан “самар”-ын дүрд тогложээ. Та амьдрал дээр хэр ааштай эмэгтэй вэ?

-“Гэрлэн дохио” дөчин ангит инээдмийн кинонд А.Өнөржаргал буюу Өөскө ахтайгаа хамтарч нэг гэр бүлийн хүний дүрд тоглолоо. Тамираа гэх ааштай эмэгтэйн дүрийг бүтээсэн. Кино гарч эхэлснээс хойш хүмүүс “Чи их ааштай юу” гэж их асуух болсон. Үзэгчдэд тоглосон дүр маань хүрч байгаа юм болов уу л гэж харж байна. Түүнээс кинон дээр байдаг шигээ байна гэж юу байхав. Гэр бүлийн амьдралыг л бага зэргийн хэтрүүлэгтэй үзүүлсэн. Найруулагч маань “Гэрлэн дохио” киноны Тамираагийн дүр бол гэрлэн дохионы улаан гэрэл гэж хэлсэн л дээ. Бүх зүйл нь хурц байх ёстой. Тэр нөхрийг үнэхээр өрөвдмөөр байлгах нь л үүрэг байсан. Ааштай эмэгтэйн дүр бүтээгээд олж авсан өчүүхэн карьер минь дуусч байгаа юм биш биз гэж киноны уран бүтээлчидтэйгээ маазарч байлаа.

Ер нь бол гэр бүлийн амьдрал ийм байж болохгүй гэсэн мессэжийг л нийгэмд өгөхийг зорьсон. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй.

-Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий гуайн аав, алтан үеийнхний нэг Осор таны өвөө гэсэн. Жүжигчин болоход тань өвөө нөлөөлсөн үү?

-Би аравдугаар ангидаа л жүжигчин болохоор шийдсэн. Дунд сургуульд байхдаа даруу, бүрэг охин байлаа. Гэхдээ кино үзэх маш дуртай хүүхэд байсан. Алтан үеийнхний, өвөөгийнхөө кинонуудыг үздэг. Тэр дунд мэдээж өвөөгийнхөө уран бүтээлийг илүүд үздэг байлаа. Би бага байсан болохоор өвөөгөө сайн мэдэхгүй л дээ. Аавынхаа яриагаар, өвөөгийнхөө уран бүтээлээс л мэддэг болсон. Мөн Бат-Өлзий ах, Сарантуяа эгчийнхээ кинонуудыг үзнэ. Тэд минь надад маш гэсэн зааж зөвлөдөг байсан. Энэ бүхэн намайг урлагт татсан гэж хэлж бас болно. Үүнээс гадна аав минь намайг урлагийн хүн, тэр дундаа жүжигчин болгохыг хүссэн. Ингээд л 2003 онд СУИС-ийн кино драмын ангид элсэн орсон доо.

-Аав тань бас их сайхан хөгжим дардаг хүн байсан гэсэн…

-Ер нь аавын талынхан урлагт элэгтэй, авьяаслаг хүмүүс. Би ийм гэр бүлд төрсөн их азтай хүн. Тийм болоод ч тэр үү, аав минь миний гэр бүлээс нэг ч гэсэн урлагийн хүн төрөөсэй гэж хүссэн байх л даа. Энэ хүсэл мөрөөдлийг нь бурхан болсноос нь хойш илүү их мэдэрсэн. Талаар болгочихгүй юмсан гэж илүү ихийг хийх хүсэл оргилсон гэж боддог. Миний аавын дүү О.Батсайхан гэж алдартай балетчин байлаа. Тухайн үедээ бол цойлж л явсан уран бүтээлч. Харин аав минь морин хуур, аман хуур гээд язгуур урлагийн хөгжмийн зэмсгийг бүгдийг нь эзэмшсэн. Манай төрийн догшин хар сүлдийг хийсэн дархан хүн шүү дээ. Ийм л мундаг хүн байлаа. Хааяа харамсах үе байдаг л юм. Ядаж ааваараа морин хуур заалгачихгүй дээ гэж. Аав минь зааж өгье гэж их хэлж байсан. Би нэг л их урлагийн сургуульд сурч, театрын жүжигчин гэж завгүй явсаар амжаагүй юм.

-Драмын театрт хэзээнээс ажиллаж байна вэ?

-Их сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт шууд орсон. Одоо найм дахь жилдээ ажиллаж байна. Ямар ч уран бүтээлчийн хувьд тайз бол суралцах боломж юм. Тухайн жүжигчнээс ямар хэмжээнд байна гэдгийг нь театр шалгадаг. Гэхдээ мэдээж би ганцаараа байвал суралцахгүй л дээ. Миний ард гавьяат, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт мундаг хүмүүс байна шүү дээ. Тэднээсээ жүжиглэх арга барил, туршлага, жүжигчин хүнд байх хүн чанар, ёс суртахуун гээд бүгдийг суралцдаг. Би хамгийн анх “Алтан түлхүүр” жүжгийн Буратиногийн дүрээс уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Харин бүрэн хэмжээний гол дүр бол “Красногоров 7” төслийн “Яаж амьдрах юм” жүжгийн охин Кира, ”Сарны цагаан хус” жүжгийн Шоронгийн бүсгүй, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Сильвия, “Буруугүй буруутан” жүжгийн Навчаа, “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Жавхаагийн гэх мэтчилэн дүрүүд дээр ажилласан.

-Энэ том театрын нэрийг авч явна гэдэг амаргүй болов уу?

-Ер нь бид чинь СУИС-д орсон цагаасаа эхлээд л урлагийн хатуу, хөтүүг мэдэрч эхэлдэг юм. Их сургуульд Сугар багшаараа л бүхнийг заалгаж байсан бол театрт найруулагч бүрийн үгийг сонсч, тусгаж авах хэрэгтэй болно. Энэ хэрээр олон талаараа задрах, туршлагажих хөшүүрэг болдог. Тиймээс найруулагчдын хэлж байгаа үг бүхэн л миний төлөө, сайн уран бүтээл гаргахын төлөө юм. Цэрэндагва ах маань “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж явах учиртай” гэдэг юм. Ер нь жүжигчин гэх алдар, тэр дундаа драмын театрын жүжигчин гэх нэрийг үүрч явна гэдэг том хариуцлага. Энэ нэрийг үүрч яваа хүн мэдлэг, ур чадвар, бүх талаараа нүүр бардам байх ёстой. Биднийг залуу үеийнхэн гэдэг. Тэр л мундаг хүмүүсийн хойч үеийг нь дааж явах нь гол гэж боддог. Драмын театрын жүжигчин болсныгоо өөрийгөө азтайд тооцдог шүү. Гэхдээ мэдээж өөрийгөө голох үе, шантрах үе байдаг. Сэтгэл гонсойгоод л, би үнэхээр хийж чадахгүй юм болов уу, яах ёстой юм бол гэсэн үе байсан л даа. Гэсэн хэдий ч нэг сургалтаас ч гэсэн ямар нэгэн зүйлийг илүү хийдэг, мэддэг болчих юмсан гэсэн эрмэлзэл надад бий. Хүсэл, зорилго байхад илүү ихийг хийж бүтээх болно доо.

-Моно жүжгийн төрлөөр “Гэгээн муза 11” наадмын шилдэг залуу уран бүтээлчээр тодорч байсан. Нэг хүний жүжгийн төрлийг яагаад сонгох болов?

– Хамгийн анх Д.Урианхай гуайн зохиол “Цонхоор харсан хүн” гэх моно жүжгээр өрсөлдөж байлаа. Энэ сэтгэхүйн моно жүжгийг Баатар найруулагч найруулсан. Харин “Наташагийн мөрөөдөл” гэх моно жүжгээр МУЗА-д өрсөлдөж шилдэг залуу уран бүтээлчээр тодорсон. Найдандорж найруулагч зөвлөгөө өгч байлаа. Энэхүү монод эмэгтэй хүний мөн чанар, ганцаардсан сэтгэлийг бас эмэгтэй хүнийг юу маш ихээр өөрчилж чаддаг вэ гэдгийг харуулдаг юм. Мөн Наранбаатар найруулагчтай “Танихгүй эмэгтэйн захидал” моно жүжиг дээр ажилласан. Ер нь би моно жүжигт сонирхолтой, их гоё санагддаг. Өөрийгөө сонсох, мэдрэх боломжийг олгодог. Бүтэн цагийн турш үзэгчид, тайз, гэрэл, дуу шум зөвхөн миний мэдэлд, надад өөр хэн ч байхгүй. Тэр хугацаанд шугамаа алдахгүй, зөвхөн өөртөө итгэх хэрэгтэй.

-Та ихэвчлэн инээдмийн төрлийн кинонд тоглосон байдаг. Өөр төрлийн кинонд тоглохыг хүсдэг үү?

-Яагаад ч юм надад ихэвчлэн инээдмийн жанрын киноны санал ирдэг. Би гэхдээ инээдмийн кинонд тоглох тийм ч дуртай биш. Гоё драмд тогломоор л байна шүү дээ. Би чинь драмын театрын жүжигчин шүү дээ. Ер нь янз бүрийн кинонд тоглож үзмээр байна. Одоогоор хоёр ч киноны санал ирээд байгаа. Зохиолын хувьд хоёулаа таалагдаж байгаа. Хувийн болоод хувьсгалын ажлыг зохицуулж аль, алиныг нь амжуулах нь миний үүрэг. Тиймээс амжуулахыг л хичээж байна.

-“Аз жаргалын шок” киногоор таныг хүмүүс илүү мэддэг…

-Өмнө нь хэд, хэдэн кинонд туслах дүр бүтээсэн. Харин анхны гол дүрийн кино минь “Аз жаргалын шок” юм. Мөн манай Б.Тамираагийн бие даасан анхны бүтээл. Чи л энэ дүрийг бүтээж чадна гэж итгэсэн. Эрэгтэй найзуудаасаа судалгаа хийж байгаад л бүтээсэн дээ. Энэ дүр маань хүмүүст их хүрсэн байдаг юм. Кино гарсны дараа “Гэрлэн дохио” киноны адил л “Чи хэр эршүүд вэ. Эршүүд байх тийм үү” гэсэн хүмүүс цөөнгүй байсан шүү. Гэхдээ мэдээж эрсдэлтэй дүр. Дэлгэцийн уран бүтээлд нэг тоглочихсон бол засаж, янзалж болохгүй. Түүгээрээ л үлдэнэ. Хэдий хүмүүст хүрсэн ч гэсэн алдсан зүйлүүд байдаг. Энэ хэсэгт ингэчихгүй яав даа, алдсан байна шүү гэж хардаг юм. Би өөрийнхө тоглолтыг ер нь харах дуртай. Тайзан дээр ч тэр бичлэг хийж байгаад дараа нь үздэг. Алдаа оноо бүрдээ ажиллахыг хүсдэг дээ.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Ам бүл гурвуулаа. Хүү маань таван настай.

-Сайхан эмэгтэй байхын тулд яах ёстой вэ?

-Гаднаасаа элдэв будаг, шунх нялах нь чухал биш л дээ. Хүн дотроосоо гэрэлтэх хэрэгтэй байх. Зөвхөн ажил, гэр гээд яваад байвал стресстэнэ шүү дээ. Би ажил, амьдралаа зохицуулаад найз нартайгаа уулзаж бүр чин сэтгэлээсээ инээхийг хүсдэг. Заримдаа бүр ганцаараа ч хамаагүй кино театрт кино үзэх ч сайхан шүү дээ. Ээжийгээ санасан үедээ шууд залгаад л дуу дуулж өгөөд уйлуулчихна. “Ээж ээ, маш их санаж байна. Тандаа хайртай шүү” гээд хүссэн үедээ хэлчихнэ. Найз минь үнэхээр сайхан харагдаж байвал бас тиймхэн байвал бас л хэлж орхино. Миний төрөлхийн шулуухан, нээлттэй нэг ийм зан байдаг юм шиг байгаа юм. Дотроо нууж хаах зүйл юу ч байхгүй. Ер нь хүссэн зүйлээ тухайн цаг бүрт хийж, сэтгэл хөдлөлөө илэрхийлбэл стресстэхгүй, дотроосоо гэрэлтэхийн нэг үндэс байх гэж боддог шүү. Дээрээс нь фитнесс, иогоор хичээллэж байна. Мөн усанд сэлэлтээр хичээллэж эхлээд удаагүй байгаа. “Багш аа заагаад өгөөч, би сурмаар байна” гээд л сэлж чадахгүй байсан ч хамаагүй усан дунд тийчлээд л сурахыг, идэвхтэй амьдрахыг хичээж байна даа.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөрөөрөө ажлаа хийж явсан малчин, тогооч нарт С.Зоригийг хөнөөх ямар хэрэгцээ байх вэ

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх хэрэг илэрч буй бололтой. Үүнийг ойрын үед өрнөж буй үйл явдлуудаас тодорхой харж болохоор байгаа юм. Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байна. Хэргийг маш нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж мэдэгдсэн нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримттайгаар тогтоожээ гэж ойлгогдохоор байгаа юм. Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булганаас эхлүүлээд Э.Бат-Үүл, Орхон аймгийн харьяа Т.Чимгээ, Содномдаржаа нарыг хэрэгт яллагдагчаар татаж шалгаж байгаа гэдгийг хэвлэлүүд мэдээлээд нэгэнт эхэлсэн. 18 жилийн турш С.Зориг агсны үхэлтэй холбоотой янз бүрийн таамаг, сэжгүүд өнөөг хүртэл явсаар одоо л уг хэргийн эзэн холбогдогч тогтоогдож шүүхийн байгууллагад очих болж буй нь сайн ч бас эргэлзээ дагуулсан олон асуулт байна.

Хэргийн холбогдогч гээд буй тэр хүмүүс С.Зоригийн амь насыг үнэхээр хөнөөв үү. Тэдний үйлдэл яаж нотлогдож байгаа вэ. Зүгээр ажлаа хийж явсан малчин, тогооч нарт С.Зоригийн амь насыг хөнөөх ямар хэрэгцээ шаардлага гарав. Малчин, тогооч хоёр ярилцаад эсвэл толгойд нь ийм адын бодол төрөнгүүт С.Зоригийн амийг очоод хөнөөчихсөн хэрэг үү. Тэдэнд С.Зоригийн амийг хөнөөх бодол төржээ гэж бодъё. Хөдөөний залуус “Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирээд шууд “40 мянгат”-ыг олоод тэр тусмаа С.Зоригийн амьдарч байсан байрыг мэдээд, гэрт нь түүнийг алахаар отож байсан гэдэг нэг л үнэмшил муутай. Тэгэхээр тэднийг “40 мянгат” руу, С.Зоригийн амьдарч байсан байр руу хөтөлж аваачсан, гэрийг нь хэн нэг нь зааж өгсөн байж таарах нь. Малчин, тогооч хоёрыг ийм хэрэг хийхэд нь турхирсан, тулгасан цаад захиалагч нь хэн бэ. Түүнийг тогтоосон уу. Яавч жирийн нэг малчин, тогооч хоёр ямар ч учир шалтгаангүйгээр С.Зоригийн амийг хөнөөх сэдэл төрөхгүй. Тэд ийм ноцтой хэрэг өдүүллээ гэхэд юуны тулд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн байж таарах вэ. Тэдэнд ямар ашигтай гэж.

Түүнчлэн 18 жилийн дараа Б.Булганыг дахин цагдан хорьж саатуулсан нь зориуд буруу мэдүүлэг өгч, худал ам зураг гаргуулан нөхрийг нь хөнөөсөн алуурчдыг сул чөлөөтэй байлгасаар ирсэн буруутай хэмээн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн үздэг. Б.Булган тухайн үед мэдүүлэхдээ “Миний нөхөр Зоригийг хөнөөсөн алуурчид нь эр эм хоёр хүн байсан. Батаа, Оюунаа гэж биe биeнээ дуудаж байсан “гэж мэдүүлж, цагдаагийнхан түүний тодорхойлсноор ам зураг гарган улс орон даяар тарааж байв. Б. Булганы мэдүүлгийн бас нэг анхаарал татсан зүйл нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэлсэн үг. Тэрбээр “Эрдэнэтийн эхлэл шүү гэж хоёр алуурчид хэлсэн” хэмээн мэдүүлэг өгсөн байсан бөгөөд энд аллагын гол зангилаа нуугдаж байсан байж болохыг хуулийнхан үгүйсгэдэггүй. Яагаад “Эрдэнэтийн эхлэл шүү” гэж хэлэв. “Эрдэнэтээр битгий оролдоорой” гэж хэлсэн үг үү, чухам юу гэсэн үг вэ гэдэг нь өнөөдөр ч таамаг хэвээр байна. Зөвхөн энэ үгнээс болж Орхон аймгийн хоёр иргэнийг хорьж энэ хэрэгт нялзаав уу. Мөрдөн байцаалтын явцад энэ зүйл яаж эргэж, хэрхэн тайлагдаж байна вэ гэх мэтээр олон нийтийн тайлж харахыг хүссэн олон зүйл байна. Ингээд бодохоор 18 жил Батаа, Оюунаа нарыг хайж хуулийнхан төөрөгдөлд орсон нь бас ямар шалтгаантай байв. Тэгэхээр хэргийг бүхэлд нь маш нууц гэж халхавчлалгүйгээр боломжтой хүрээнд хуулийнхан тайлбар өгмөөр байгаа юм.

Түүнчлэн дараагийн нэг эргэлзээ бол С.Зориг агсны хэрэгт яагаад Орхон аймгийн иргэдийг шалгах болов. Хуулийнхан энэ хэрэг илэрч байгаа, удахгүй шүүхэд шийлжүүлнэ гэж буй бол тэднийг ямар нотлох баримтын үндсэн дээр сэжиглэж буй юм бол хэмээн олон нийт хийгээд сэжигтнүүдийн ар гэрийнхэн гайхаж байгаа юм. С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татагдан баривчлагдсан иргэн Т.Чимгээ, Содномдаржаа нарын ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсэн билээ. 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр буюу нэг өдөр Содномдаржааг хашааных нь гаднаас, Т.Чимгээг ажилдаа явах замд нь саатуулсан гэж хэлсэн юм. Энэ үеэр Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Миний хүүд 2014 оны хагасаас эхлээд дарамталсан, чамайг ална, хядна, танайхыг сүйрүүлнэ, чи С.Зоригийн хэрэгт холбоотой биз дээ гэх мессэжүүд ирэх болсон. Тэр мессэжүүдийг цуглуулж хэвлүүлэхэд 28 хуудас болж байгаа. Тухайн үед хэвлүүлсэн мессэжүүдээ цагдаагийн байгууллагад өгч, шалгаж өгөхийг хүссэн. Гэтэл цагдаагийн байгууллага тоогоогүй. Ингээд 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүүг минь гэрийнх нь гаднаас дөрвөн том хар машинтай хүмүүс ирээд баривчлаад аваад явсан. Хүү рүү маань хүн амины хэргээр хоригдож байгаа н.Амгаланбаатар гэгч мессэж бичиж дарамталдаг байсан юм шиг байна лээ. Тэр хүний худал гүжир гүтгэлгийг үндэслэн хүүг минь хориод байна. Дээдэс дундаас гарсан тэр аймшигтай хэргийг малчин, ногоочин жирийн ард иргэдэд үүрүүлэх гэж байна. Хүү минь 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр аавтайгаа хадлангаа хийж байсан. Хүү маань хэрэг гарах үед гэртээ байсан гэдгийг би өөрөө гэрчилнэ. н.Амгаланбаатар гэгч нь хөрш зэргэлдээ амьдарч байсан бөгөөд олон жилийн өмнө нүүж явснаас хойш хүүтэй минь холбоогүй байсан” хэмээжээ. Харин Т.Чимгээгийн нөхөр нь н.Амгаланбаатарын холын хамаатан юм байна. Т.Чимгээ рүү мөн 2014 оноос дарамталсан утгатай мессэж ирж эхэлсэн гэж. Түүний ах Т.Хүрэлбат “1998 онд манай дүүгийнх Дорноговь аймагт амьдарч байсан. Нөхөр нь Эрдэнэтийнх учраас 1998 оны 10-11 дүгээр сарын үед Эрдэнэт рүү шилжиж байсан юм билээ. Тухайн үед дүү маань гурван хүүхэдтэй, бага хүүхэд нь хоёр настай байсан. Тийм нялх хүүхэдтэй эмэгтэй аймшигтай хүн амины хэрэг хийнэ гэж байх уу. Хүний санаанд багтахгүй байгаа биз дээ. С.Зоригийн хэргийг хэн нэгэнд үүрүүлэх процесс л яваад байна. Ингэхийн тулд дарамтлах арга хэрэглэж байгаа” гэв.

Харин олон нийт хэн нь худал, хэн нь үнэн яриад байгааг ойлгохгүй бас л төөрөгдөлд орох бололтой. Ар гэрийнхэн нь барим тавим ингэж мэдээлэл хийж байхад манай хууль хяналтынхан ямар ч холбоогүй хүнд хэрэг тохох гээгүй байгаа гэсэн найдлага үлдлээ. Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын эхээр сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Нэг зүйлийг хэлье, энэ дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улсууд ч сайн харж байгаа. Энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой л гэж бодож байна. Хэрэг шүүхийн шатанд шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа. Монгол Улсын ерөнхий прокурор бол төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэж явдаг. Би бол Ерөнхий прокуророос л хяналт тавьж байгаа хүний хувьд асууж тодруулдаг” хэмээсэн. Тэгэхээр хуулийнхан алдаагүй байх гэдэгт найдахаас өөр боломж үлдсэнгүй. Тэгээд ч ямар ч хэргийн талаар улсын Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд прокурорын байгууллагаас эрх мэдэлтнүүд байн байн зарлаад мэдээлэл хийгээд байдаггүй. Ерөнхийлөгчийн зүгээс ч хэлж байна, прокурорууд удаа дараа албан ёсны мэдээллийг олон нийтэд өглөө, тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг шийдэгдэж, мөрдөн байцаалтын шат дуусаж одоо хэргийг шүүх явц эхлэх нь гэж ойлгож болох нь. Гол нь прокуроруудын удаа дараа мэдэгдсэнчлэн төрийн нууцын зэрэглэлтэй баримт, материалууд хавсаргагдсан хэрэг учир шүүх хурал хаалттай болох нь тодорхой. Эх сурвалжаас авсан мэдээллээр ирэх долоо хоногт шүүх рүү шилжих юм байна. Зарим УИХ-ын гишүүн энэ шүүх хуралд нууцыг задруулахгүй гэсэн гарын үсэг зурж оролцох хүсэлтээ хуулийн байгууллагад илэрхийлээд байгаа гэх мэдээллийг ч бид авлаа. Гэвч энэ шүүх хурлыг нээлттэй болгох хүсэл олон хүнд бий. “Нүүрс хөтөлбөр”-ийн гэх хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй явуулсан шиг дээрх хэрэгтэй холбоотой зарим нэг зүйлийг нээлттэй явуулж яагаад болохгүй гэж.

Categories
мэдээ спорт

Монголын баг Макаод 2:1-ээр хожигдлоо

Манай хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг “AFC Solidarity Cup” тэмцээний эхний тоглолтоо өчигдөр Макаогийн багтай хийж 2:1-ээр хожигдлоо.

Манай багийн хувьд дахин хоёр тоглолт байгаа. Азийн хөлбөмбөгийн холбооноос чансаа бага, зэрэглэл доогуур багуудыг байнгын бэлтгэлтэй байлгахын тулд “AFC Solidarity Cup” /Эв нэгдлийн цом/ тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил анх удаа Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болж буй тус тэмцээнд Бруней, Макао, Монгол, Балба, Лаос, Шри Ланка, Зүүн Тимор улс оролцож байна.

Өчигдөр “В” хэсгийн тоглолтууд эхэлсэн. Монгол, Макаогийн тоглолтын эхний үеийн 45 минут 1:1 оноогоор өндөрлөж хоёр дахь үед манай хаалгачийн гаргасан алдааг Николас Таррао сайтар ашиглаж, хожлын гоолыг орууллаа. Манай цорын ганц гоолыг М.Төгөлдөр 29 дэх минутанд оруулжээ.

Манай баг энэ сарын 6-нд Шри Ланка, 9-нд Лаостой тоглох юм. Хэсгийн шатанд эхний хоёрт орсон баг хагас шигшээд өрсөлдөх эрх авна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын баг 150 мянган ам.долларын төлөө өрсөлдөнө

Монголын хүүхэд, залуус Дота буюу компьютер тоглоомоор авьяаслаг, чадварлаг гэдгээ харуулж энэ төрлийн томоохон тэмцээнд амжилт гаргах болжээ.

Монголын Team Taivnaa болон TheMongolz баг Малайзын Куала Лумпур хотод энэ сарын 10-13-нд болох 150 мянган ам.долларын шагналын сантай ROG Masters тэмцээний урьдчилсан шалгаруулалтад Зүүн Азийн бүсээс шалгарч хүч сорихоор болжээ.

Тэмцээнд Малайзын Fnatic болон Дота сонирхогчдын фаворит Team Secret уригдсан тус тэмцээн нь Азийн дотагийн шилдгүүдийн цуглаан болох юм. Харин Европт харъяалалтай Team Secret-ийг урьсан нь тэдний шинэ бүрэлдэхүүнд 3 ази тоглогч багтжээ. Мөн Бостон мэйжорт шалгарч чадаагүй учраас уг тэмцээнд оролцох боломж гарсан байна.

Уг тэмцээнд нийт 12 баг өрсөлдөнө. Тухайлбал, FNatic (Малайз), Team Secret (Европын холбоо), Natural 9 (Австрали), Big and Black (Австрали), Team Taivnaa (Монгол), The Mongolz (Монгол), Execration (Филлиппин), Mineski (Филлиппин), Max.X (Хятад), EHome.X (Хятад), Entity (Энэтхэг), Aggressive 5 (Энэтхэг) гэсэн багууд багтжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын арслан Д. Ганхуягаар ахлуулсан Өвөрхангай баг Баянхонгор аймгийн багтай өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

Үндэсний лиг бөхчүүд зурган илэрцүүдМонголын Үндэсний сагсаг бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Үндэсний лигийн тэмцээн энэ жил илүү сонирхолтой болох гэж байна. Тодруулбал,Эрдэнэт хотын “Икон” баг, Улсын аварга С.Мөнхбатаар ахлуулсан Увс аймгийн багтай өрсөлдөх юм.

Харин Азийн оюутны аварга Б.Дархантөгс, Азийн Элсний наадмын мөнгөн медальт Э.Цэрэнбаатар, Улсын арслан Д.Ганхуягаар ахлуулсан Өвөрхангай аймгийн баг, чөлөөт бөхийн хүнд жингийн нүүр царай болсон ОУХМ, Улсын начин Ж.Чулуунбатаар ахлуулсан Баянхонгор аймгийн багтай өнөөдөр эхний тоглолтоо хийнэ.

Сагс бөхчүүд Д.Ганхуяг зурган илэрцүүд

Сагс бөхчүүд Д.Ганхуяг зурган илэрцүүдМөн Архангай аймгаас СТА Э.Цолмонбаяр, Улсынарслан Р.Пүрэвдагва, ОУХМ Г.Баттөр, ОУХМ Ц.Мэргэн, Э.Дорж-Арилд, Э.Цэвэлдорж нар, Азийн элсний наадмын мөнгөн медальт ОУХМ Д.Дэлгэрням, Улсын заан Б.Батмөнхөөр ахлуулсан Төв аймгийн Ургац багтай тоглох ажээ.

Сагс бөхчүүд Д.Ганхуяг зурган илэрцүүдТоглолтын талаар Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Энэхүү тэмцээн нь тамирчид нутгаа төлөөлөн тоглохоороо онцлогтой.Тухайн аймгийн багт дээд лигийн дөрвөн тоглогч, Спрайт супер лигийн тамирчид болон бөхчүүд тоглоно.Багуудын хувьдтэмцээнд тоглох, хожил авах нь их чухал. Тэмцээний онцлог ньсагсан бөмбөгийн улирлыг уртсгах, тамирчдад ур чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой юм. Мөн тамирчдад санхүүгийн хувьд боломж олгож байгаа. Тэд нутгийнхаа багаас тоглож, цалин урамшуулал авах бүрэн бололцоотой юм. Мөн хөдөө орон нутгийн хүүхэд залуучууд нутгийнхаа багийн тоглолтыг харж, сагсан бөмбөгөөр хичэээллэх хүсэл эрэмзлэл нь улам их нэмэгдэнэ. Дотоодын өрсөлдөөнөө улам эрчимжүүлэх үүднээс 21 аймгийн лигийг эхлүүлж байна. Багуудын тоглотын сугалаа өчигдөр явагдаж дууссан. Тэмцээн өнөөдрөөс албан ёсоор шууд эхэлнэ.” гэлээ.

Та бүхэнд тоглолтын хуваарийг хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 6 хэм дулаан

Улаанбаатарт 6 хэм дулаан байна зурган илэрцүүд

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд :

5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны 20 цагаас 11 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг 7-12 градус, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын саваар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан дулаан байна.

2016 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар цас орно. Салхи 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 7,8-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Эзэн Чингис нь чаддаггүй юм аа гэхэд Элбэгдорж нь дөнгөх байлгүй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифийг 50 хувь хямдруулах шийдвэр гарсан. Энэ нь айлуудыг цахилгаан халаагуур ашиглуулах зорилготой. Харин айлууд цахилгаан халаагуур хэрэглэж байна уу, түлээ, нүүрс ихэвчлэн түлж байна уу гэдгийг сурвалжилсан юм. Энэ тухай нэгдүгээр нүүрнээс унших боломжтой.

УИХ-ын өчигдрийн чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталжээ. Энэ тухай улс төрийн хоёрдугаар нүүрнээс уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгэмд шуугиан дэгдээдэг гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Батболдын “Эзэн Чингис нь чаддаггүй юм аа гэхэд Элбэгдорж нь дөнгөх байлгүй”нийтлэл хэвлэгдлээ.

Түүнчлэн улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс УИХ-ын гишүүн Г.Занданшатартай хийсэн ярилцлагыг нийтэллээ.

Цагдаа нар кинон дээр гардаг шиг гэмт хэргийг Монголд анх удаа харсан хэмээн ярьжээ. Энэ хэрэг нь ямар хэрэг байсан юм бол. Та Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс энэ талаар уншиж сонирхоорой.

Мөн Баримт, үйл явдлын 11 дүгээр нүүрэнд Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогтыг баривчилсан талаарх нийтлэлийг хэвлэн гаргалаа.

Харин 12 дугаар нүүрэнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын МУБИС-ийн оюутнууд болон утга зохиол сонирхогчдод зориулсан илтгэлийг нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Хакүхо 1000 ялалт, 38 дахь түрүүний төлөө барилдана

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё энэ сарын 13-нд эхэлнэ. Өнгөрсөн Аки башёг гэмтлийн улмаас өнжсөн ёкозүна Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёд эрчимтэй бэлтгэж байна. Түүний хувьд эхний хэдэн өдөрт л 3 даваа авах юм бол 1000 ялалт авсан түүхэн амжилтын эзэн болно. Тэрбээр энэ сард барилдах болсноор башёгийн өрсөлдөөнийг улам хурц үзүүштэй болгох юм. Япон аваргатай болохыг хүсэж буй Япончууд Озеки Гойёдод энэ удаа итгэл үзүүлэн Ёкозүна цол амласан. Харин түүнд хамгийн их саад болох хүн бол цагийг эзэлсэн Их аварга Хакүхо М.Даваажаргал билээ. Японы Эзэн хааны цомыг 37 удаа гардаад байгаа Хакүхо өчигдөр Сүмиёши сүмд хоёр монгол аваргын хамтаар аваргын ёсолгоо хийжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “Өнөөдөр Сүмиёши сүмд 3 аварга аваргын ёсолгоо хийлээ. Миний шавь Ишиура анх удаа дээд зиндаанд гарч анх удаа миний цүёхарай хийж байгаа юм. Дуусгаад их сандарлаа гэж байсан.” хэмээсэн байна.