Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн 21 суманд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

Өвөлжилт хүндэрч байгаа аймаг сумуудын эрүүл мэндийн төвд шуурхай албаны түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгчээ. 19 аймгийн 21 суманд очих эдгээр автомашинууд нь 630 гаруй сая төгрөгийн өртөгтэй юм байна. Машинуудыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар сумдын эмч, жолооч нарт гардуулан өглөө.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хорт утаа ихтэй 94 автобусыг үйлчилгээнд гаргасан зөрчил илэрчээ

“Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний авто тээврийн хэрэгслүүдийн хорт утаа ялгаралтын хэмжээг шугам замд шалгах тухай” удирдамжийн дагуу тус газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй 18 аж ахуйн нэгж, байгууллагын 436 их багтаамжийн автобусанд шалгалт хийсэн байна.

Уг шалгалтаар хорт утаа ихтэй 94 авто тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулсан зөрчил илэрчээ. Ийм зөрчил гаргасан зургаан аж ахуйн нэгж, байгууллагад Автотээврийн хяналтын улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай хугацаатай албан шаардлага хүргүүлж, таван аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтан болон инженер техникийн ажилтан, хоёр жолооч, нийт долоон албан хаагчдад тус бүр торгууль, шийтгэврийн арга хэмжээ тооцсон байна. Цаашид зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан шаардлагын биелэлтэд Нийслэлийн тээврийн газраас хяналт тавьж байгаа гэж тус газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

С.Дэнзэн батлан даалтад гарлаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатнуудыг энэ сард хилээр гарахыг нь хориглож, зарим нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан билээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд шалгалтын ажиллагаа эрчимжин, дээрх ангид дахин цагдан хориод байсан. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргасан байна. Харин Н.Алтанхуягийн эгчийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Бясман: Н.Алтанхуягийн гэр бүлийнхнийг 4.2 тэрбумын хууль бус тендерийн хэргээр шалгаж байна

Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охин Н.Наранцэцгийг шүүгчийн захирамжаар цагдан хорьж шалгаж буй талаар мэдээлэл цацагдаж байгаа билээ. Түүний дансанд их хэмжээний мөнгө шилжин орсон нь шалгах үндэслэл болсон аж. Харин үүнийг Н.Алтанхуяг болон Н.Наранцэцэгийн өмгөөлөгч нар үгүйсгэж, үндэслэлгүйгээр, улс төрийн зорилгоор цагдан хорьсон гэж мэдэгдсэн. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман олон нийтэд тайлбар өгчээ.

Тэрээр,”Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг. Үүнтэй холбогдуулан Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх” гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгийг журамлан сэжигтнээр тооцон шалгаж байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, МУ-ын Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг тухайн гэмт хэрэгт хэрхэн, ямар байдлаар оролцсон байдлаас нь хамаарч “Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч” зэргээр тодорхой заагтайгаар тодорхойлж өгсөн байдаг.

Хэрэг одоогоор мөрдөн байцаалтанд шалгагдаж байна, тиймээс энэ талаар урьдчилж хэлэх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэлээ. Харин Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийг одоогоор холбогдуулан шалгасан зүйл байхгүй. Хэрэгт мөрдөн байцаалтын хийгдэж байгаа тул өөр мэдээлэл нэмж өгөх боломжгүй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийг Ж.Чинбүрэн, ГССҮТ-ийг Т.Мөнхсайхан удирдахаар боллоо

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр Хавдар судлалын үндэсний төв болон ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ.

Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэн, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг томилсон байна.

Тэдэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлгэн өгч, тамга тэмдгийг нь гардуулжээ.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нь:

  • 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан,
  • 1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч,
  • 2008 оноос одоог хүртэл ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллажээ.

ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан нь:

  • 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч,
  • Үений дурангийн Нийгэмлэгийн захирал,
  • Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч,
  • Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байна.
Categories
мэдээ соёл-урлаг

Киотогийн кино наадмын шилдэг 16-д Монголын “Зам” кино багтжээ

Олон улсын нэр хүндтэй кино наадмын нэг Киотогийн олон улсын оюутны кино наадам энэ жил 19 дэх удаагаа 7 хоногийн турш үргэлжилж бямба гарагт шилдгүүдээ тодруулна.

Энэ жил тус кино наадамд дэлхийн оюутан залуусын 539 бүтээлээс 16 кино шилдгээр шалгарч дараагийн шатанд үлджээ. Сүүлчийн шатанд үлдсэн эдгээр бүтээлд Монголын залуу найруулагч Ц.Дэнсмаагийн “Зам” кино багтжээ. Уг кинонд малын хулгайтай тэмцэж байгаа цагдаа нарын үйл явдлыг кран ашиглан 360 градусын тойргоор, ямар нэг эвлүүлэггүй ганц планаар үргэлжлүүлэн авснаараа онцлог юм. Мөн дүрүүд нь дэлгэцэнд орж гарах мөч бүрийг урлагийн өндөр түвшинд, богино хэмжээний киноны стандартаар сонирхолтойгоор үзүүлж чадсан нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Categories
гадаад мэдээ

100 мянган цагаачийг нутаг буцаана

Германы Канцлер Ангила Меркел энэ ондоо багтаан хууль бус цагаачдыг нутаг буцаахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Канцлер “Герман энэ ондоо багтаан хууль бусаар амьдарч буй 100 мянган цагаачийг нутаг буцаахаар болсон. Герман улс иргэний дайн, террористуудаас зугтаж, эх орноосоо дүрвэсэн олон мянган цагаачийг хүлээн авч байгаа. Харин дээрх 100 мянган цагаач бичиг баримтын зөрчилтэй бас цагаач гэх бүлэгт багтаагүй болно. Албаныхан тэдний мэдээллийг нарийн нягталж байна” гэж мэдэгджээ.

Дээрх хууль бус цагаачдын ихэнхийг Афганистаны иргэд бүрдүүлж байна.

Германы Засгийн газар цагаачдын нутаг буцаах асуудлаар Афганистаны удирдлагуудтай хэлэлцэж байгаа гэв. Герман хууль бус цагаачдын тээвэрлэлтийн зардлыг хариуцахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

“Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй” гэсэн шийдвэрийг хэвээр үлдээжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлээгүй гэх маргааныг Улсын Дээд шүүх өчигдөр хянан хэлэлцсэн байна. Тодруулбал, Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэж Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Н.Энхбаяр Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.

Ингээд Дээд шүүхээс “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар “Тодорхойлолт”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна. Нэг үгээр хэлбэл дээрх шийдвэр нь “Н.Энхбаярын ял эдлэх хугацаа дуусаагүй тул сонгуульд нэр дэвших боломжгүй” гэсэн үг юм.

ДЭЭД ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛД:

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “…“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар “Тодорхойлолт”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Санхүүгийн зах зээлийг дэмжиж байж банкнаас хараат бус байна

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Танай намын бүлгийн хурлаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийг хэлэлцлээ. Онцгой хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхээр болж байна вэ?

-Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр дээр намын бүлгээс ажлын хэсэг гарч ажилласан. Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн алдагдал багатай даван туулах хийгээд Монгол Улсын зээлжих зэрэглэл “-B”-гээс “С” зэрэглэл руу унаад байгааг буцаан сэргээх асуудлыг оруулж ирсэн байна. Зээлжих зэрэглэл буурч байгаа нь манай орны хувьд эдийн засагт маш том дохио өгч байгаа юм.

-Манай зээлжих зэрэглэл буурах болсон гол шалтгаанууд юу байсан юм бол?

-Ер нь бол гурван шалтгаан байгаа гэж үзсэн юм билээ. Эхний ээлжинд төсвийн алдагдал, түүний дараа хувийн хэвшил болон бодит секторыг дэмжихэд бодлогын ямар арга хэмжээ авч байна вэ гэдгийг харсан. Мөн төсвийн салхилга бат, гадны донор орнуудаас авсан зээлийн бүтцээ хэрхэн өөрчилж байна вэ гэдгийг сайтар шалгасны дүнд зээлжих зэрэглэл буурсан. Манай орны хувьд эхний ээлжинд зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэхгүй бол эдийн засгийн уналтыг зогсоох, цаашид өсөлт гаргана гэдэг маш хүнд. Манай орны хувьд зээлжих зэрэглэлээ бууруулахгүй байя гээд байгаа ч эдийн засгийн томоохон байгууллагуудын хүсэн хүлээсэн хэмжээнд байж чадсангүй. Бүлгээс гарсан ажлын хэсэг ямар ч байсан зээлжих зэрэглэлийг +В зэрэглэл рүү оруулахаар ажиллаж байна. Эдийн засгийн уналтыг хэрхэн зогсоох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Онцгой хөтөлбөрийн хүрээнд том төслүүдээ урагшлуулна гэдэг дээр бүлэг санал нэгдсэн. Том төслүүдийг урагшлуулахдаа төсөл тус бүр дээр тусгайлан арга хэмжээ авахгүй бол үр дүн багатай байж магадгүй гэж харж байгаа юм. Оюу толгой гэхэд төслөө хөдөлгөхийн тулд дөрвөн тэрбум гаруй ам.долларыг босгож чадсан. Харамсалтай нь энэ мөнгөө манай оронд биш гадаад бүсэд байршуулсан. Дөрвөн тэрбум ам.долларыг босгохтой холбоотойгоор үйл ажиллагааны зардал нь 300 гаруй сая ам.доллар гарсан юм билээ. Гэсэн ч энэ мөнгө нь манайхаас гарах хасах зардалд шингэчихсэн. Энэ мөнгийг ямар нэгэн байдлаар манай орны банкинд байршуулсан бол валютын нөөцөд ч эерэг хандлага гарч болох байсан. Энэ мэтчилэн нарийвчилсан зүйл тэр бүр тусгагдаагүй. Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын дарааллаа гаргасан. Бодит эдийн засгийг нэмэгдүүлэх хүрээнд баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, төрийн дарамтгүй бизнес эрхлэх орчинг бий болгох, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг сайжруулах хүрээнд бодлогоор дэмжихээр болж байна.

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх юм. Засгийн газар бүр л бизнесийн эрх зүйн орчинг сайжруулна гэдэг ч нааштай үр дүн гардаггүй?

-Гааль, татвар, мэргэжлийн хяналтаас үзүүлж буй дарамт шахалтыг багасгахаар болсон. Манай намын мөрийн хөтөлбөрт өгч буй лицензүүдийн тоог гурав дахин бууруулахаар тусгасан. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр мэдээж анхаарч ажиллана. Хямралын эдийн засаг үргэлжилж байгаа энэ үед ажлын байрыг хадгалж үлдсэн байгууллагуудыг ямар нэгэн байдлаар дэмжих ёстой. Төр засаг л мөнгөгүй хэцүү байгаа юм биш. Хувийн хэвшлийнхэнд бүгдэд нь хүнд байгаа. Тиймээс тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх ч байдаг юм уу урамшуулах нь илүү зөв зүйтэй алхам болох байх. Бодлогын томоохон арга хэмжээ авч чадвал хувийн хэвшлийнхэнд маш том дэм болно. Мөн шинээр бий болж буй бизнесүүдийг нэлээд сайн дэмжих шаардлагатай.

-Шинээр бий болж байгаа гэхээр ямар бизнесүүдийг хэлж байгаа юм бэ?

-Үүнд заавал том бизнес багтах шаардлагагүй. Хөл дээрээ тогтох гэж эдийн засгийн шуургыг сөрж зогсоо IT чиглэлийн ч байдаг юм уу бизнесийнхнийг бодлогоор дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй байна. Аливаа том бизнесийг дагаж шинэ жижиг бизнесүүд гарч ирж байдаг. Эдийн засгийн хямралтай, даван туулах гэж зүтгэж буй улс орнуудын жишээг харж байхад илүү тодорхой байдаг юм. Ямар ч улс орон эдийн засгийн хямралаас гарсан том алхам нь бизнесийн орчноо сайжруулж, тэднийг дэмжиж байж гарсан байдаг л даа.

-Банк санхүүгийн салбарт нэлээд хөдөлгөөн орж магадгүй байх шиг байна?

-Засгийн газраас оруулж ирсэн мөнгөний бодлогын хүрээнд Төв банкны засаглалын бүтцийг сайжруулах ёстой. Банк санхүүгийн систем ил тод нээлттэй байх шаардлагатай. Банкны систем гэдэг мөнгө олдог ганцхан эх үүсвэр биш. Тиймээс бид санхүүгийн зах зээлээ илүү хөгжүүлэх хэрэгтэй юм. Санхүүгийн зохицуулах хороо лиценз өгдөг ч үйл ажиллагаа хийхээсээ гадна мэргэжлийн чигэллээрээ IPO гаргадаг байгууллагуудтайгаа хамтран ажиллах цаг болсон. Бид санхүүгийн зах зээлийг дэмжиж байж банкнаас хараат бус байна.

Энэ хүрээнд гадны банкны салбарыг Монголд байгуулах хэрэгтэй. Үүнийг би үргэлж дэмжиж ирсэн. Засгийн газрын зүгээс эдийн засгийн онцгой хөтөлбөртөө гадны банк оруулж ирэх асуудлыг судлахаар болсон байна лээ. Түүнчлэн төсөв болон өр зээлийн менежмэнтийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Урт хугацаатай бага хүүтэй зээл авах тал дээр анхаарах хэрэгтэй юм.

Мал эрүүлжүүлэх хөтөлбөр дээр онцгой анхаарч байгаа. Манай орны хувьд мах болон малаас гарч буй түүхий эдийг экспортлох гол углуурга нь эрүүл мал. Тэр утгаараа хөдөө аж ахуйн салбарт илүү өсөлт гаргахын тулд малаа эрүүлжүүлэх нь бидний том зорилтын нэг болоод байгаа.

-Эдийн засгийн онцгой хөтөлбөрийн хүрээнд бооцоот морин уралдааны төв байгуулах, казино байгуулах асуудлууд тусгагдсан байгаа юм билээ. Эдгээрээс үнэхээр мөнгө босгох боломж нь хэр байгаа юм бол?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчинг бий болгох, бараа бүтээгдэхүүнээ экспортлохоос гадна далд хэлбэрийн экспортыг дэмжих гэдэг утгаараа эдгээр заалтууд орж ирсэн. Хурдан морины тал дээр мэргэжлийн хүн биш болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Монголчуудын хувьд баяр наадмаа зохион байгуулаад сурчихсан хүмүүс бооцоот морин уралдаанаа түүнээс дутахгүй зохион байгуулах байлгүй дээ л гэж боддог. Бооцоот морин уралдааныг гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй манай орны хувьд хууль эрх зүйн орчингүйгээр хөдөө орон нутаг сумдад байнга л бооцоот морин уралдаан зохион байгуулж байдаг. Тиймээс үүнийг хуульчилж өгөх нь зөв байх.

Казиногийн хувьд хойд Америкийн бүст илүүтэй хөгжсөн. Лас Вегас, Невада гэх мэтчилэн баруун эрэг тэр чигээрээ казиног хөгжүүлж чадсан. Тэдний барьдаг бодлого нь нэг ирсэн тоглоомчинг дараа дахин ирүүлэх байдаг. Харин Ази руу болоод ирэхээр Сингапур, Малайз, БНСУ, Хонгконгод казиногийн үйл ажиллагаа явуулдаг. Казиногийн хувьд монгол хүн тэр казинод орж тоглож болох уу, үгүй юу гэдэг дээрээ маргаан дагуулдаг л даа. Тиймээс сайтар судалж байгаад байгуулах нь зөв болов уу.

Categories
мэдээ цаг-үе

Эрх баригчдын амнаас болж Монголын зээлжих зэрэглэл шалдаа буулаа

Олон улсын санхүүгийн үнэлгээний “Мoody’s” агентлаг өнгөрсөн есдүгээр сард манай улсын зээлийн хүүг В2-оос В3 болгон бууруулж “Ирж буй 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай. Засгийн газрын өр ирэх онд ДНБ-ий 71 хувьтай тэнцэхүйц болж нэмэгдэнэ. Гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байна” гэж тайлбарласан юм. Үнэлгээний байгууллагууд улс орны нөхцөл байдал өөрчлөгдөх үед дахин үнэлгээ хийж, зэрэглэлээ шинэчилдэг жишигтэй.

Гэтэл өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В3 ангиллаас Caa1 ангилал руу буулгачихлаа. Тус байгууллагынхан энэ сарын 16-ны өдөр Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнээд зээлжих зэрэглэлийг бууруулах шийдвэр гаргасан аж. Энэ үнэлгээг дэлхийн үнэлгээний зах зээл дээр монополь байр суурьтай гурван байгууллагын нэг “Мoody’s” гаргасан гэдгийг онцолъя. Нөгөө хоёр нь Standard&Poor’s, FitchRat­ings. Энэ гурвын үнэлгээ ерөнхийдөө ижил түвшинд гардаг. С зэрэглэлийн үнэлгээ нь доод ангилалдаа ордог. “Мoody’s”-ийн ААА үнэлгээг хөрөнгө оруулахад сайн гэж үзэх бөгөөд ВВВ-г боломжийн улсад өгдөг үнэлгээ гээд ойлгочихож болно. BBB, BB гээд уруудаж явсаар B1 бол ерөнхийдөө муудаж байна гэсэн үг. Биднийг үнэлээд буй Caa1 үнэлгээг энгийнээр эрсдэлтэй хэмээн ойлгож болно. Уг үнэлгээнээс доошилбол санхүүгийн чадамжгүй, сэргэх магадлал бага бүр сэргэх магадлал туйлын бага зэрэглэлд орж, хөрөнгө оруулагчдаа бүрэн алдана гээд үнэлчихэд хэтрүүлсэн болохгүй.

“Мoody’s” гадаадын хөрөнгө оруулалтын сонирхлыг хамгаалж, урьдчилан анхааруулга өгөх үүрэгтэй ажилладаг олон улсын байгууллага. Зээлжих зэрэглэл тогтоодог үнэлгээний байгууллагууд зэрэглэл тогтоохдоо олон шалгуур үзүүлэлтийг хардаг бөгөөд тэр дундаа эрсдэлийн үнэлгээг маш нарийн явуулдаг юм. Нөхцөл байдлыг ихэвчлэн хамгийн муу тохиолдолд гэсэн байр сууринаас авч үздэг. Үнэлгээг улс орны онцлог, салбарын эрсдэл, бизнесийн эрсдэл, санхүүгийн эрсдэл гэсэн ерөнхий чигийг барьж тогтоодог. Ерөнхийдөө найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид болоод зах зээлд мэдээлдэг юм. Энэ судалгаагаар гарсан зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл багасдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдаа татахын тулд улсын зэрэглэлийг өндөр байлгах нь чухал. Учир нь компани, санхүүгийн байгууллага, банк хичнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынх нь зэрэглэл муу бол хөрөнгө босгох магадлал эрс буурдаг. Энэ утгаараа зээлжих зэрэглэл сул байх тусам улсын эдийн засаг унадаг эрсдэлтэй.

Хэдхэн жилийн өмнө зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоодог “Standard & Poor’s” B+, “Moody’s” манай улсад B1 гэсэн үнэлгээ өгч хөрөнгө оруулагчдад мөнгө зээлж болно хэмээж байлаа. Харин одоо эдэнд мөнгөө өгч болохгүй гэх анхааруулга гаргачихлаа. Цаашлаад Засгийн газрын зээлжих зэрэглэл буурах, хөрөнгө оруулагчдын мөнгө буюу долларын урсгал хаагдах эрсдэл өндөр гэж судлаачид сануулж байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан шалтгааныг дурдъя. МАН эрх барьснаас хойш Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар “Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг давлаа. Гадаад худалдаа өмнөх оноос 13 хувиар буурч, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилт хасах баланстай байна” хэмээн сөрөг мэдээлэл цацаж эхэлсэн. Энэ мэдээллийг сонссон хөрөнгө оруулагчдад эмээлт, эргэлзээ үүссэн юм. Мэдээж хэн ч Монголбанк, Сангийн яамнаас нь эдийн засаг сайнгүйгээс мэдээлэл хийгээд байхад итгэл үзүүлж хөрөнгө оруулахгүй. Үүнээс үүдэн “Moody’s” үнэлгээний байгууллага Монгол Улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас, дахин үнэлгээ хийх хэрэгтэй хэмээн үзжээ. Үнэлгээгээр Монгол Улсын зээлжилтийн зэрэглэлийг дахин нэг шат буулгасан байна. Монголчууд эртнээсээ гадаа гараад амаа, гэрт ороод галаа хэмээн хэлцсээр ирсэн ард түмэн. Ийн эрх баригчид амнаасаа болж хөрөнгө оруулагчдын монголчуудад итгэх итгэлийг сулруулж, зээлжих зэрэглэлийг буурууллаа.

Эрх хүүхэд шиг гоншигонож байж эх орныхоо зээлжих зэрэглэлийг буулгасны дараа Засгийн газраас Монголбанктай хамтран энэ шийдвэрийг бодит бус гэж үзэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдэгдэл хүртэл гаргаж тэс хөндлөнтөв. Тус мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж баталсан. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс хоёр дахин буурна. УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд тус сангийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны арванхоёрдугаар сард Монгол Улсад ирж ажиллана. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна. Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна” хэмээжээ.

Гоншигонож гомдоллож байхынхаа оронд аль эрт мэдэгдэл гаргасан бол эх орны маань зээлжих зэрэглэл буурахгүй байх байлаа.