Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Мурат Карагөз хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд Монголын талаар олон сайхан дурсамж өвөртлөн нутаг буцаж буйгаа дурдав. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх ажилд бүх талаар тусалж дэмжин, хамтарч ажилласан Монголын төр засаг, ард түмэнд гүн талархал илэрхийлж байлаа.

Элчин сайд Мурат Карагөз Монголд 2013 оноос хойш ажилласан бөгөөд энэ богино хугацаанд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлоод, дараагийн Элчин сайд илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт найдаж буйгаа дурдлаа.

Элчин сайд Мурат Карагөзийн хэлснээр түүний ажилласан хугацаанд хоёр улсын хоорондын батлан хамгаалах, соёл урлаг, боловсролын салбарын харилцаа өргөжин тэлж, оюутан солилцоо нэмэгдсэн байна. Тэрбээр Монголд ажиллах хугацаандаа эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж, цаашид энэ салбарт анхааран ажиллах хэрэгтэйг дурдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдаар дамжуулан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон тус улсын ард түмэнд маргааш буюу 29-ний өдөр тохиох Турк Улсын үндэсний баярын халуун мэнд дэвшүүлээд, Элчин сайд Мурат Карагөзийн цаашдын ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн туг мандууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ой тохиож байна. Одоогоос 377 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулж өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсэний тэмдэг болгож, “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Түүхэн энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөө босгож, нийслэлийн ойн өдөр хотын удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.

Өнөөдөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй нийслэлийн иргэддээ 377 жилийн ойн баярын мэнд хүргээд “Одоогоос 377 жилийн өмнө нийслэл Улаанбаатар хотын суурийг одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын дэргэд тавьсан гэж түүхчид үздэг. Үүнээс хойш 28 удаа бууриа сэлгэж, 5 удаа нэрээ сольж, 1778 онд Алтан тэвшийн хөндийд ирж суурьшсанаас хойш өнөөдөр дэлхийд данстай хот болон хөгжиж байна. Нийслэлийн нийт иргэд, ахмадууд, хүүхэд залуучууддаа дахин баярын мэнд хүргэе” гэлээ.

Нийслэлийн удирдлагууд Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан нийслэлийн “Сүлдэт хуур”-ыг цэнгүүллээ. Мөн өнөөдөр хуримаа хийж, гал голомтоо бадрааж байгаа залуу хосуудад Улаанбаатар хотын удирдлагууд баяр хүргэсэн юм.

Улаанбаатар хотын 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд нийслэлийн туг болон Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынзахирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагууд их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Шөнөөр ашигласан цахилгааны тарифыг хөнгөлнө

Image result for Шөнөөр ашигласан цахилгааны тарифыг хөнгөлнө

Агаарын бохирдлыг бууруулах гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн хурлаар тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа.

Энэхүү хөнгөлөлтийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрхүүд хамрагдан цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 2017 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой юм. Иймд гэр хорооллын хэрэглэгчид нэг кВт/цаг цахилгаан эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болж, иргэдийн халаасанд 5,3 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн тооцоог гаргаад байна.

Categories
мэдээ спорт

Их дуулгаас Г.Отгонцэцэг алт, М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсад өнөөдөр жүдо бөхийн “Абу Даби”-гийн Их дуулга тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд нийт 33 орны 184 тамирчин өрсөлдөж буй. Манай улсаас тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд МУГТ М.Уранцэцэг зодоглолоо. Эхний тойрогт гоц мөргөсөн М.Уранцэцэг гавьяат удаах даваанд Сербийн М.Николичид юүко үнэлгээгээр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Францын бөхийг цэвэр ялж, медалийн тавцанд зогсох болзол хангав. Харин энэ жинд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглож буй олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг аваргын төлөө М.Николичийг цэвэр ялж, түрүүллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Эхийн сэтгэл/Өгүүллэг/

Аймшгийн орчинд хэн л амьдрахыг хүсэх билээ. Гэхдээ тэрхүү аймшгийн орчлонгоо хүн өөрөө өөрөө дотооддоо бүрдүүлээд түүнийгээ эргэн тойрноосоо хайгаад байдаг бололтой юм шиг. Нэг тиймэрхүү бодолтой хүний тухай бичих гэсэн юм. Түүний нэрийг Сансаргэрэлтэх гэдэг. Уг нь их сайхан нэртэй хүн байгаа биздээ. Даанч бодол нь гэж авах юм байхгүй хүн дээ. Итгэлээ алдаж энэ хорвоод юу хийж яваагаа ч мэдэхээ байсан нэгэн хөөрхий. Эх нь уг нь түүнийг хүнээс дутаахгүй л гэж өглөөнөөс орой болтол бөгтийтлөө ажиллаж бусад хүүхдүүдийн л адил өсгөсөн. Гэвч хүний хувь тавилан гэж байдаг бололтой. Тийм сайхан эхээс төрсөн ч гэлээ Сансарт хар багийн л бусдыг хардах дарамтлах ямар нэг юмыг үргэлж муу талаас нь харах гэх мэт бүхий л шинж чанарууд бүрджээ. Одоо тэрээр 32 настай. Ээж нь л түүнийг хүүгээ гэж хажуудаа үлдээж хамт амьдарч байгаа болохоос биш ах дүү нар нь түүнийг нэгэнт хүний тооноос хасчээ.

-Еэ эжий минь тар наадхаасаа холдооч дээ, манайд хүрээд ир гэж хүүхдүүд нь хэлдэг боловч

-Үгүй дээ хүүхдүүд минь би л энэ хүнийг хүн болгож авахгүй бол хэн миний хүүг гэхэв гэж ээж нь халгаадаггүй байлаа.

Он цаг улиран одсоор өвлийн дунд сарын нэгэн хүйтэн салхитай өдөр Сансар гэрээсээ гарч яваад нэгэн хүнтэй учирчээ. Тэр хүн түүнийг гэртээ авчиран хооллож ундлан, дулаан хувцас хүртэл өгч энэ цагаас хойш манайд бай, би ганцаараа амьдардаг хүн, би чамд гоё юм зааж өгье гэжээ.

Тэр хүн элдвийн сонин зүйл хийдэг, гэрээр нь дүүрэн элдэв янзын яс, хохимой толгой, аль эсвэл сонин сонин зургууд өлгөөтэй байдаг байлаа. Яагаад ч юм бэ Сансарт энэ бүхэн нь их л учир утгатай юм шиг санагдаж хүүхэд насандаа эргэж очсон мэт санагдан тэр хүний ажлыг сонирхож эхэлжээ. Угтаа тэр хүн нь хар домч хүн байв. Гэр нь гэж хав харанхуй яг л аймшгийн агуйд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь түүнд бүр ч аятайхан санагдана. Амьдралдаа яг л ийм орчинг хүсээд байсан юм шиг, бүр нэг сэтгэл нь баясан хөөрч гэртээ ч очихоо байжээ. Хайртай ээж нь тэр хооронд нь галаа түлэн хүүгээ орой болгон хүлээн хоолоо дахин дахин халаан үүдрүүгээ ширтэн үдшийг барна. Гэвч Сансар угаасаа эхийнхээ сэтгэлийг өчүүхэн ч ойлгох чадваргүй нэгэн байлаа. Бурхан түүнд хүн биш чөтгөр илгээсэн бололтой гэмээр санагдавч хүүгээ нэг л өдөр цайны сүү бариад ээжээ гээд ороод ирнэ дээ гэж итгэн хүлээнэ.

Нэг их шуургатай шөнө хүүгээ ирэхгүй болохоор нь эх нь дээлээ нөмгөн хөдрөн гэрийнхээ гадаа гаран зогсжээ. Муу хүүгээ ирж явна гэж тэр зүүдлээд сэржээ. Хашааныхаа хаалга онгорхой орхиж уу гэж шалгахаар харанхуйд бүдчин алхаж байтал хаалга нээгдэн нэг хүн ороод ирлээ.

-Сансар аа чи юу, миний хүү хаагуур яваад байгаа юм бэ дээ гэж ээж нь хэлэн ойртон очход тэнгэрт цахилгаан цахин хүүгийнх нь нүүрийг тодрууллаа. Тэрээр мөн ч гэлээ царай нь яг л баримал мэт хүрлийж харагдав. Ээж баярлан хүүгээ очин тэвэрч авахад түүний бие нь яг л цогцос мэт хүйт дааж байлаа.

-Хүү минь чи чинь даарчихаа юу даа, бараг осгочих шахсан байна шүү дээ гэж ээж нь хэлэхэд тэрээр юу ч дуугарсангүй дороо зогтусан зогсчихов. Дахин цахилгаан цахиж бороо хувингаар цутгах мэт орж эхлэхэд эмгэн хүүгээ гэрлүүгээ хөтлөн оруулах гэж чирсэн боловч тэрээр яг л амьгүй мэт гөлийсөн харцаар түүн рүү ширтэж байснаа буцаад хашаагаар гараад харанхуйд хаашаа ч юм уусан алга болов. Эмгэн араас нь хэчнээн дуудсан ч тэр эргэж харсангүй. Тэр дахиж ирсэнгүй. Ээж нь хүүгээ хүлээгээд л байв. Олон хоног хүлээлээ.

Гэтэл нэг өдөр хоёр цагдаа гэрт нь ирлж хүүгийнх нь талаар асуув. Дараа нь нэг зураг үзүүлээд хүү чинь хогийн жалганд хөлдөж үхсэн байдалтай цогцос нь олдлоо. Та сэтгэлээ бариарай гэж хэлэв. Аянга ниргэх мэт эхийн сэтгэлд харанхуй нөмөрч газарт үхэтхийн унав. Би юуг буруу хийсэн юм бэ, миний бусад хүүхдүүд сайхан л явна, энэ хүүхэд минь яагаад ийм хувь тавилантай юм болоо гэж баахан гаслан хэдэн өдрийг элий балай юм шиг л өнгөрүүлэв. Тэрээр хүүгээ оршуулчихаад чулууг нь тэврэн баахан уйллаа. Хэзээ нэгэн өдөр хүүгээ хүн шиг хүн болж цайны сүү дөхүүлж өгнө гэж бодож явсан юмсан… гэж бодохоос голруу зурах шиг болж байв.

Гомдол тайлагдаж дуусаагүй байтал нэгэн шөнө хүүгээ дахиад л зүүдлэв. Хашаагаараа орж чадахгүй хаалга нүдээд байна гэж зүүдэлжээ. Тэгээд бушуухан шиг орноосоо босон хувцсаа өмсөж эхлэхэд нь хүүхдүүд нь гайхан

-Ээжээ та яав, энэ харанхуй шөнө хаачих гээвээ гэж гайхан чангаахад нь

-Хүү минь хуучин гэртээ ирчихээд хашаагаараа орж чадахгүй байна гэж би сая зүүдэллээ. Хүү минь амьд юм шиг байна гэж зүтгэхэд нь хэн ч болиулж чадсангүй хам хум хувцсаа өмсөөд хамт даган гарлаа. Тэгээд явсаар эзэнгүй байсан хуучин хашаанд ирэхэд хашааных нь хаалга онгорхой бүтээлэгтэй байсан гэрийн өрхний завсраар бүдэгхэн гэрэл сүүмэлзэж байгааг олж харав.

-Хүү минь ирчихэж би та нарт хэлээгүй юу гэж эх хэлэн гүйн гэртээ орвол нээрэн хүү нь гал түлээд сууж байв. Тэнд байсан ах нь ч гайхан дэргэд нь дөхөж очоод үхсэн хүн амилчихсан явж байдаг юм байх даа гэж дотроо сэжиглэнгүй бодоод

-Хүүш чи чинь хаанаас гараад ирэв ээ гэж түүний мөрнөөс нь зөөлөн татахад

Тэрээр эргэж харан хүн аймаар хүйтэн харцаар түүнийг цоо ширтээд юу ч хэлэлгүй гэрээс гаран урьдын адил хаашаа ч юм бэ зугтан алга болов.

Үе үе ингэж гэрээ эргэх болсонд түүнийг зарим хүмүүс сүнс нь байх ч гэлцэх болов. Гэхдээ ээж нь хүүгээ амьд гэж итгэсээр байлаа. Ямар нэг юманд ховсдуулчихаад байна гэж тэрээр бодож байлаа. Түүнийг үхсэн гэж итгэхгүй байх шалтгаан ч түүнд байлаа. Учир нэг өдөр тэрээр оршуулгийг нь эргэхээр явжээ. Магадгүй тэнд өөр хүн оршуулсан байх гэж тэрээр хардаж байлаа. Тэгээд очтол хүүгийнх нь оршуулгийг юу ч үгүй ухчихсан байв. Түүнийг харсан эх хойш саван унаж хоёр гараа урдаа барин залбирч

-Бурхан минь амьдралдаа их л юм үзлээ, гэтэл ийм юм үзэх дутуу байсан юм байжээ гэж сэтгэл нь үймрэн алчуураа аван мэгшин уйлав. Хүүгийнх нь авсны таг хагас нээлттэй харагдаж байв. Эмгэн өөрийн мэдэлгүй нүх рүү орон авсны тагыг нээж үзлээ. Гэтэл юу болсон гээч. Тэр дотор ямар ч цогцос байсангүй. Эгээтэй л өөрөө ухаан алдаж унаад тэр дотор үүрд нойрсчихсонгүй арай гэж нүхнээс гарч ирлээ. Эмгэн гуниг зовлонгоо дааж ядан хаачихаа мэдэхгүй явж байтал оршуулгын манаач гэх нэг хүн түүн дээр дөхөн ирлээ.

-Тэр оршуулга таны таньдаг хүнийх чинь байсан юмуу гэж асуухад нь

-Тиймээ миний хүү байсан юм, гэтэл одоо хаачихав, та нарт харсан юм байхгүй биз гэж эмгэнийг горьдлого тээсэн нүдээр түүн рүү харахад

-Түрүү долоо хоногт шөнө хэсэг хүмүүс энд ирээд тэнд нэг юм хийгээд гэрэл гаргаад байсан. Ямар нэг шашны бүлэглэлийнхэн бололтой дуу дуулаад нэг ёслол үйлдээд байсан. Би айгаад очоогүй. Гэтэл дараа өглөө нь л тэр оршуулганы таг нь онгорхой байж байсан гэж түүнийг хэлэхэд

-Ямар хүмүүс гэнээ хүү минь, чи хаана байдгийг нь мэдэхүү, миний хүү амьд ч байж магадгүй шүү дээ гэж эцсийн горьдлогоо тээн нүүр рүү нь царайчлангуй ширтэхэд нь

-Энүүгээр үе үе ирдэг тийм хүмүүс бий. Би нэгнийх нь гэрийг мэднэ. Та тийшээ очоод үз гэж хаягийг нь сайтар зааж өглөө. Эцэс цуцалтгүй хэдэн сар нөгөө хүний гэр орчмыг эргүүлдсэний эцэст эмгэн тэр хүмүүсийн цуглардаг газрыг оллоо. Тэр нь өнөөх Сансарын анх очиж байсан уулын орой дээрх хар гэр байв. Гэхдээ тэр гэр лүү орьё гэсэн ч хоёр аймар хар нохой үүдэнд нь уяатай хавьтуулах шинжгүй байв. Эмгэн тэгээд нэг арга бодов. Хүүгийнхээ төлөө эх хүн юу ч хийхээс буцахгүй болсон байлаа. Ингээд тэрээр тэр бүлэглэлд элсэхээр шийджээ. Тэд бүтэн сайн өдөр болгон цуглардаг бөгөөд тэндээ ямар нэг шашны зан үйл хийдэг аж. Ээжийгээ сүүлийн үед юу хийгээд яваад байгааг мэдэхээ байсан хүүхдүүд нь санаа нь зовж байлаа. Гэвч ээж нь үгэнд орох шинжгүй зөрүүдэлж байсан учир зөнд нь орхижээ. Эмгэн нэг өдөр зүсээ хувилган хар алчуур толгойдоо зангидан хүзүүндээ томоос том эрх зүүгээд сүртэй гэгч нь тэр гэр лүү нэвтрэн оржээ. Тэгээд тэрээр тэдний аргыг олж яваандаа бүх нууцыг нь илрүүлжээ.

-Тэр байгууллага хүмүүсийг өөрийнхөө бүлгэмд элсүүлэхдээ хэзээ нэг өдөр бүлгэмийнхээ төлөө үхэж ч чадна гэсэн амлалт авдаг байна. Тэгээд тэд ариун бурхан эзнийхээ төлөө цаг нь болохоор амиа зольдог бөгөөд дараа нь бүлгэмийнхэн нь шарил дээр нь очин онцгой ёслол үйлдэн түүнийг дахин сэрээдэг байна. Тэгэхдээ тэрээр ямар ч сүнсгүй хоосон мах бодь болсон байдаг бөгөөд бүлгэмийнхээ ахлагчийн хэлсэн бүхнийг нь биелүүлдэг албат боол нь болж хувирдаг ажээ. Тэд түүний хий гэснийг нь л робот мэт биелүүлдэг болдог байлаа. Ийм амьд сүг болсон зомбинуудаараа төрийн томчуудын эсвэл баян бизнесменүүдийн захиалсан аллагыг гүйцэлдүүлж их хэмжээний мөнгө авдаг болох нь тодорхой болов. Хөөрхий эмгэн энэ бүхнийг мэдээд хүүгээ буцаж ирэхгүй зомби болсныг ойлгож энэхүү ёс бус үйлдэл хийж байгаа бүх өөдгүй амьтдыг тэр тамруу нь заавал илгээнэ дээ гэж шийджээ. Ингээд нэг өдөр гомдол шаналалаа сэтгэлдээ багтааж ядсан эх энэ бүхнийг илчлэхээр цагдаагийн байгууллага руу алхаж явтал нарийн гудамжинд гэнэт хүү нь урдаас нь гараад ирэх нь тэр.

-Хүү минь гэж эх сэтгэлээ барьж чадахгүй түүн рүү хоёр гараа сарвайн тэмүүлсэн ч энэ бол миний хүү биш шүү дээ гэж бодоод нэг алхам хойш ухраад түүнийг ирж явахыг харж зогсов. Гэтэл тэрээр ойртон ирээд эмгэнийг юу ч болоогүй юм шиг хэвлийд нь дүрж орхиод цааш явлаа. Хөөрхий эх газарт үхэтхийн унасан ч хүүгийнхээ араас гараа сунгасаар “Миний хүү …” гэсээр сүнс нь тэнгэрт халив. 2013/11/20

О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Архивын лавлагааг цахимаар авна

Ахивын лавлагаа, магадлагааны хүсэлтийг Архивын ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан онлайнаар авах программыг зохион, туршиж байгаа билээ.

Эл ажил ирэх буюу арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх аж.

Ингэснээр иргэд архивын материал, лавлагаа авах хүсэлтээ онлайнаар өгөх боломж бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулагчид тодорлоо

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулагчид тодорлооУлаанбаатар хотын 377 жилийн ойн хүрээнд нийслэл хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслол боллоо.

Дөрөв дэх удаагийн эл арга хэмжээг шилдэг франчайзинг, шилдэг брэндинг, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, шилдэг барилга байгууламж гэсэн дөрвөн төрлөөр сонгосон юм.

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулагчид тодорлооСонгон шалгаруулалтад нийт 20 орчим аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөнөөс шилдэг Франчайзинг төрөлд “Caffe bene”, шилдэг брэндинг төрөлд “Imax” кино театр, дэвшилтэд техник технологи бүхий үйлдвэр төрөлд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хос гарьд” ХХК, шилдэг барилга байгууламж төрөлд МCS поперти ХХК-ийн “Шангрила центр” тус тус шалгарлаа.

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулагчид тодорлооХарин шилдэг бүтээн байгуулалтын дээд шагналын тусгай байрт “Энканто” спорт комплекс, “Ариуна Сури”, “И март” ХХК, нийтийн тээврийн зогсоол гудамжны мэдээллийн байгууламжийг шинэчилсэн Жи Си Деко компани, хуванцар хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг “Мод пластик” компани, перлитен хавтангийн үйлдвэрлэгч “Нью сервер” компани, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нэвтрүүлсэн “Ультра Соник” компани тус тус шалгарлаа.Нийслэлийн шилдэг бүтээн байгуулагчид тодорлооНийслэлийн шилдэг бүтээн байгуулагчид тодорлоо

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотын ойд зориулсан өнөөдрийн арга хэмжээ

10:00 цагаас Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол Монгол Ардын намын байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд болно.

11:00 цагаас Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд болно.

13:00 цагаас Нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдах спортын арга хэмжээ “Эрэл” дунд сургуулийн зааланд нээлтээ хийнэ.

15:00 цагаас Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт

15:10 цагаас “Хүндэт донор” иргэдэд шагнал гардуулах ёслол
15:15 цагаас Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг шалгаруулах ажиллагаа Соёлын төв өргөөнд болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Нийслэл хотын 377 жилийн ойн өдөр тохиож байна

Өнөөдөр Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 377 жилийн ойн өдөр тохиож байна. Нийслэл хот маань нийтдээ 28 удаа бууриа сэлгэж, хамгийнсүүлд Туул голын хөвөөнөө, сэрүүнд Сэлбийн дэнж дээр бууриа зассанаар өдийг хүртэл хөгжин дэвжжээ. Мөн таван удаа нэрээ өөрчилж байсан байна. Энэ жил хотын маань 377 жилийн ой тохиож байна. Энэ ойн арга хэмжээний үеэр хотын дарга С.Батболд:

Бид нийслэлийн жил бүрийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Уламжлалт ажлуудаа бол хийж байна. Жишээлбэл Өвөрхангайн Бүрд суманд очиж анхны шан татсан газраа хүндэтгэл үзүүлсэн. Энэ жилийн хувьд баярын хурал, концерт болно. Мөн нийслэлийн туг мандуулах ёслол болно. Нийслэл бууриа зассан газарт хүндэтгэл үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд би 100 хоногийнхоо ажлыг тайлагнасан байгаа. Хотын даргын хувьд иргэдрүүгээ чиглэсэн, хүнрүүгээ чиглэсэн ажлуудыг бол зохион байгуулж хийнэ гэж бодож байгаа. Бүтээн байгуулалтын ажлууд ч хийгдэж байгаа. Энэ 100 хоног бол нийслэлчүүдийн хувьд завгүй өнгөрсөн хоногууд байлаа гэж бид бүхэн үзэж байгаа. Өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Одоо нийслэл маань тухтай өвөлжих бололцоо бүрдсэн гэж бодож байна.

Онцлох ажлуудаас нь дурдвал элэгний өвчлөлтэй хүмүүст хандсан үйл ажиллагаа явуулсан, ажилгүй 2500 иргэнийг ажилтай болгосон. Эрүүл мэндийн салбарын хувьд 2 хоногийн өмнө нийслэлийн түргэн тусламжийн салбарт 10 машин өгсөн. Эдгээр машинууд бол тоноглогдсон, ард түмэнд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх бүхий л боломжоор хангагдсан гэлээ.

Сүхбаатарын талбайд ойд зориулсан өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсаж байна. Дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа хямдралтай худалдаанд 70 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Энэ жилийн онцлог нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээс гадна гадны брэнд импортлогч байгууллагууд ч оролцож байна. Үзэсгэлэн худалдаа баасан бямба гаригуудад үргэлжилнэ. Энэхүү ойн арга хэмжээний үеэр Ч.Батсайхан морин хуур эгшиглүүллээ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Хамгийн өндөр шагналын сантай гэрэл зургийн уралдаанд оролцоорой!

Монгол улс тунхагласны түүхт 92 жилийн ойн баярыг угтан “ЧИНГҮНЖАВ САН”-аас мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд “Монгол орон, Монголчууд миний дуранд” /МММД/ гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго нь гэрэл зургийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад эх орноо хайрлах, улс үндэстнээрээ бахархах хүмүүжил олгох, гадаадын улс орон, зочид төлөөлөгчид, жуулчидад зургийн цомог хэлбэрээр хэвлэн гаргаж эх орноо сурталчилан таниулах явдал юм.

МММД уралдаан “Миний эх орон МОНГОЛ, Бид Монголчууд, Амьдралын агшин” гэсэн гурван сэдвийн хүрээнд явагдаж, ялагч тодруулна.

Уралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.mmmd.mn сайт болон “Хөвсгөл хөгжил сан” фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

Шагнал урамшуулал:

МММД уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс сэдэв тус бүрт шалгарсан эхний зургаан бүтээлд дараахь шагнал олгоно. Үүнд:

1-р байр 1 хүн -Өргөмжлөл – 3,000,000₮

2-р байр 2 хүн -Өргөмжлөл – тус бүр 1,500,000₮

3-р байр 3 хүн -Өргөмжлөл – тус бүр 1,000,000₮

Уралдааны хугацаа:

Уралдаан зарлах: 2016 оны 10-р сарын 20

Бүтээл хүлээн авах: 2016 оны 11-р сарын 11

Бүтээл шалгаруулах: 2016 оны 11-сарын 11-18

Шагнал гардуулах: 2016 оны 11-сарын 22-24