Categories
мэдээ цаг-үе

Майкл Корс: Та амжилтад хүрсэн гэж бодвол бүх юм дууслаа гэсэн үг

Энэ сарын 9-ний өдөр Америкийн алдарт загвар зохион бүтээгч Майкл Корсын төрсөн өдөр тохиосон юм. 1959 онд Нью-Йорк мужийн Меррик хотод мэндэлсэн тэрээр 19 настайгаасаа загвар зохион бүтээсэн. Хоёр настай байхаас нь түүнийг зөвхөн эмэгтэйчүүд хүрээлж байсан бөгөөд тэд гайхалтай бүсгүйчүүд байсан хэмээн хожим нь тэр дурсан ярьсан байдаг. Түүний жинхэнэ нэр нь Карл Андерсен. Таван настайд нь ээж нь гэрлэхэд хойд аавынхаа овгийг авч нэрээ сольж Майкл Корс гэгдэх болжээ. Тэрээр багаасаа сурталчилгаанд тоглож, маш сайн зурдаг байсан гэдэг. Тиймээс багаасаа загвар зохион бүтээгч болохоор шийджээ. Ингээд 16 настайдаа дэлгүүр нээж лаа, хүзүүний ороолт, цүнх зэргийг зарж анх бизнест хөл тавьсан юм. Оюутан болсон боловч удалгүй сургуулиа орхиж загвар зохион бүтээгчээр ажилласан түүхтэй.

1981 онд эмэгтэй хувцасны шинэ чиг хандлагыг бий болгож түүний зохиосон загваруудыг Нью-Йоркийн бутикуудаар худалдах болсон. Шинэ, дэгжин загварууд хурдан борлогдож Майкл Корс ч нэрд гарчээ. Нэг загварын хувцсыг олноор нь худалдаанд гаргасан анхны загвар зохион бүтээгч гэгддэг тэрээр Францын “Celine” загварын ордонд шинэ бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байгаад өөрийнхөө брэндийг бий болгосон түүхтэй. Өнөөдрийг хүртэл Нью-Йорк хотод амьдарч буй Майкл Корс ижил хүйстэн, найз залуутай гэдгээ нуудаггүй.

Өдгөө түүнийг танихгүй хүн бараг үгүй. “Michael Kors” гэсэн бичигтэй цүнх, даашинзаар хүүхднүүд тэр дундаа олны танил болсон алдартнууд гоёдог. Америкийн тэргүүн хатагтай түүний урласан даашинзыг өмсдөг. Дэлхийн томоохон хотуудыг “Michael Kors”-ийн бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг дэлгүүргүйгээр төсөөлөхийн аргагүй. 1999 онд эмэгтэй хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч байсан тэрээр найз залуугийнхаа хамрт Нью-Йорк хотноо амьдардаг юм. Түүний “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

-Та бол Америкт төрсөн. Майкл Корсийг Америк стилийн бэлгэ тэмдэг гэж болно. Америк хүн байх, америк маягаар хувцаслана гэдгийг та тайлбарлаж өгөөч?

-Америкчууд хамгийн анх хэв маягийг амьдралд нэвтрүүлсэн. Амьдралын хэмнэлээс хоцрохгүйн тулд өглөө, өдөр, оройд өөр өөр харагдах зүйлс хэрэгтэй болсон. Яваандаа энэ нь нэг тивээс хальсан. Ертөнцийн нэг хязгаараас нөгөө рүү аялдаг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн. Бүгдээрээ хаана ч байсан чемоданаа хурдан баглаж, тэгсэн мөртлөө сайхан харагдахыг хичээдэг боллоо. Интернэт хил хязгаар гэсэн ойлголтыг үгүй болгож Москвагаас Милан хүртэл бүгд нэг трендээр амьсгалах болсон.

-Та Нью-Йоркийн Загварын технологийн дээд сургуульд сурч байгаад ажил хийхийн тулд гарсан. Яагаад тэр вэ?

-Ямар хувцас бүтээхийг хүсч байгаагаа би мэддэг тул сургуульд ороод удалгүй эсгүүрийг хэрхэн гаргах зэрэг дээр багш нартайгаа санал нийлэхээ больсон. Нэг профессор маань “Та нарт энд хийх юм байхгүй. Явж ажил хийцгээ. Та нар бэлэн биз дээ” гэж хэлснийг сайн санаж байна. Би “Lothar’s” бутикт хагас цалинтайгаар ажилд орохоор болж нэг улиралд хоёр хослол зүгээр өгнө гэхээр нь шууд л зөвшөөрч билээ. Ингээд хэдхэн сарын дараа өөрийнхөө нэрээр шинэ загварын хувцас гаргаж, дэлгүүрийн үзмэрийн цонхыг чимэглэж, хүмүүсийг удирдан ажилласан. Бусад нь түүх болон үлдэж дээ.

-Танд хэн хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Миний ээж. Намайг хамгийн их дэмждэг байсан бөгөөд таван настай байхад маань хуримынхаа даашинзаар хувцас оёхыг зөвшөөрсөн. Моод, хувцас, үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцах талаар ээжээсээ маш ихийг сурсан. Тэр байгаагүй бол би яах байснаа төсөөлөхгүй байна.

-Таны урласан даашинзаар Мишель Обама гоёдог. АНУ-ын тэргүүн хатагтайн хувцсыг урлахад ямар байдаг вэ?

-Маш том нэр хүнд. Бүсгүйчүүд надад хандан даашинз урлаж өгөхийг хүсэх болгонд би тэднийг мэдэрч байдаг.

-Таны урласан хувцсаар гоёсон алдартнуудаас хэн нь сэтгэлд тань хамгийн их нийцсэн бэ?

-Метрополитен музейд болсон цэнгүүн дээр барынх шиг эрээн даашинзыг маань өмссөн Женнифер Лопес. Түүний үсний засалт нь хүртэл янзтай байсан. Түүн шиг гоё хүн байгаагүй.

-Моод бол маш хурдан өөрчлөгддөг. Энэ талаарх таны бодол?

-Үүнийг хүн бүр өөрийнхөөрөө ойлгодог. Миний хувьд бол үүнийг ардчилсан моод гэнэ. “Miсhael Kors”-ийн “Michael” хэмээн нэрлэсэн чиг хандлагыг тансаг зүйлсийг эмэгтэй хүн бүрийн хүртээл болгоно гэсэн үүднээс санаачилсан. Эмэгтэй хүн бүр төгс цүнх, даашинз хоёрыг хэрэглэх боломжтой. Миний гаргасан энэ загваруудын хамгийн гол зорилго нь хөрөнгө оруулалт. Нэг юм худалдаж аваад түүнийгээ насан туршдаа хэрэглэнэ гэсэн үг.

-Та гаргасан загваруудаа prefall гэж нэрлэсэн боловч transeason болгон өөрчилсөн.

-Тавдугаар сард ч, есдүгээр сард ч өмсч болох хувцас надад илүү таалагддаг. Цаг агаар ямар байхаас үл хамааран, сэтгэл санааг тань өөдрөг байлгах хувцас өмсөх хэрэгтэй.

-Моод гэдэг бол шинэ загваруудаа толилуулдаг үдэшлэгүүд. Тэдгээр үдэшлэгүүдийн аль нь танд хамгийн сайхан санагдсан бэ?

-“Miranda” нүдний шилийг танилцуулсан үдэшлэг. Энэ арга хэмжээ Нью-Йоркийн загварын долоо хоногтой давхцаж билээ. Төгсөгчдийн уулзалт шиг санагдсан бөгөөд би уулзах юмсан гэж бодож байсан олон хүнтэй тэнд таарсан.

-Таны амжилтын нууц юу вэ?

-Та амжилтад хүрсэн гэж бодож байгаа бол бүх юм дууслаа гэсэн үг. Би байнга л өөрийгөө хөгжүүлж, бусдын ялангуяа үйлчлүүлэгчдийн саналыг сонсдог. Тэдний оронд өөрийгөө тавьж үзэж чаддагт амжилтын нууц байгаа болов уу. Бас нэг зүйл бий. Би их сониуч зантай.

Categories
мэдээ цаг-үе

Д.Отгондалай: Залуу байна, цаашид илүү их амжилт гаргана

“Өдрийн сонин”-ы № 197 (5462) дугаараас авч нийтлэв.

“Рио-2016” олимпийн наадамд оролцсон Монголын багийн бокс болон чөлөөт бөхийн баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Бразилд болсон Зуны олимпийн XXXI наадамд манай улсаас жүдо бөхийн төрөлд Д.Сумъяа мөнгө, боксын төрөлд Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Ингээд олимпийн хүрэл медальт Д.Отгондалайтай хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

-Олимпийн хүрэл медаль өвөртлөн эх орондоо ирлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Эх орондоо ирээд сайхан байна. Олимпийн дэвжээнд анх удаа гараад хүрэл медалийн эзэн болсондоо баяртай байгаа. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Өөрийнхөө сэтгэлзүйг бариад олон улсын тэмцээнд оролцож байгаа шигээ тоглолоо. 2014 онд Азийн аваргад түрүүлсний дараа дэлхийн аварга, олимпийн наадмаас медаль авах зорилго тавин бэлтгэлээ хийсэн. Намайг үргэлж дэмжиж байсан гэр бүлийнхэн, багш, дасгалжуулагч, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “АПУ” хувьцаат компани, Монголынхоо ард түмэнд маш их баярлаж байна.

-Мөнгөн медалийн төлөөх тулааныг шүүсэн шүүгчдийн шийдвэрийн талаар таны бодол?

-Энэ чухал тулаанд мэдээж бүхий л хүч чадлаа дайчилсан. Гомдолтой санагдаж байгаа хэдий ч би залуу байна. Цаашид улам амжилт гаргана. Тийм болохоор улам л хичээх болно. Миний хувьд эхний тоглолт хийсэн болохоор үндсэндээ гурван тулаан хийсэн. Эхний өрсөлдөгч болох Нидерландын боксчинд өмнө нь 3:0-ээр ялагдаж байсан юм. Өмнө нь тоглоод үзчихсэн болохоор тоглолтыг нь сайн мэдэрч чадсан. Харин Алжирын боксчин дэлхийн чансаанд тавд эрэмбэлэгддэг. Түүнийг ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Харин мөнгөн медалийн төлөөх тоглолтод ялсан бол Бразилийн боксчинг ялах боломж өндөр байлаа. Өмнө нь хоёр ч удаа ялж байсан болохоор боломж байсан.

-Та цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Цаашдаа бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох болно. Биднийг 2018 оны Азийн тоглолт, 2019 оны ДАШТ гээд олон тэмцээн уралдаан хүлээж байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ нийгэм

Авто замын олон компани санхүүжилтгүй болжээ

Монголын авто замчдын холбооноос УИХ-ын Төсвийн байнгын хороонд шаардлага хүргүүлжээ. Өнгөрсөн жилүүдэд хийж, гүйцэтгэсэн ажлуудаас авто зам, засвар арчлалтын 2016 оны гүйцэтгэлийн санхүүжилт, зам гүүрийн барилга, зөвлөх үйлчилгээний чиглэлийн Засгийн газрын олгохоор шийдвэрлэсэн санхүүжилт хийгдээгүй байгаа аж.

Санхүүжилт хугацаандаа хийгдээгүйгээс авто замын салбарын компаниуд татвар, нийгмийн даатгал, банкны өр зээл нэхэгдэн, шүүхэд шилжжээ. Ажилчдын цалин ч хэдэн сараараа олгогдоогүйгээс 52 байгууллагын 4000 ажилчдын ар гэр хүнд нөхцөлд байгаа юм байна. Иймээс авто замын олон компани санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоох, ажилчдаа халах хэмжээнд хүрчээ.

Хэрвээ энэ оны төсвийн тодотголоор санхүүжилтийн шийдвэрлэхгүй бол ажил хаялт зарлаж, барьсан замуудаа хаах хүртэл арга хэмжээ авахаа уг шаардлагаар мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Турк Сирийн хилийн дагуу хана босгож байна

Аюулгүй байдлыг хангахын тулд Сиритэй залгаа хилийн дагуу Туркийн армийнхан 3.6 м өндөр бетонон хана барьж байна.

Туркийн цэргүүд Суруч, Шанлыурфа болон Каркамыш, Газиантеп хотуудын хооронд Турк-Сирийн хилийн шугамын дагуу хана босгож байгаа ажээ.

Өргөст тор бүхий энэ хана нь хилийн аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно гэж албаны хүмүүс үзэж байна.

Мөн одоо явуулж буй цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд Туркийн арми Сиритэй залгаа хилийн дагуу цэргээ байрлуулжээ.

2011 оноос хойш иргэний дайнд нэрвэгдээд байгаа Сиритэй Турк улс нь 900 км газар нутгаар хиллэдэг юм.

“Лалын улс” босогчдын бүлэглэлийнхнийг устгахын тулд Сирийн хойд нутгийн хилийн Жараблус хотод АНУ тэргүүтэй эвслийн хүчнийхэн болон Туркийн арми хамтран өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн “Евфратын бамбай” гэдэг хил дамнасан цэргийн ажиллагаа явуулж байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Таван толгой” баруун Цанхиа Хятадын компанид нууцаар өгсөн үү?

“Таван толгой”-н нүүрсний орд нөөцөөрөө Монголд төдийгүй дэлхийд тэргүүлдэг. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс гуравны нэг нь өндөр үнээр зарагдах коксжих нүүрс гэж геологичид ярьдаг. Урд хөршийн гангийн үйлдвэрүүдийн өндөр үнээр худалдаж авдаг коксжих нүүрсийг “Энержи ресурс” шиг угааж баяжуулаад гаргавал овоо үнээр худалдчих боломж бэлхнээ бий. Нүүрсээ тээх төмөр замаа урд хөрш рүү татчихвал монголчуудыг овоо хэдэн жил тэжээх нөөц өмнийн говийн хөрсөн доор байгаа. Мэдээж том орд гэдэг утгаараа Таван толгойн ард том эрх ашиг яваа. Австралид үер болж монгол нүүрс хаданд гарахаас бүр өмнө яригдаж эхэлсэн төмөр замын бүтээн байгуулалт нарийн, өргөн цариг гэсэн гэнэн гэмээр тайлбартайгаар өнөөг хүртэл ажил болоогүй нь энэ ордын цаана хэр том зодоон, хэчнээн их өрсөлдөөн өрнөдгийн наад захын нотолгоо. Өнгөрсөн засгийн үед М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Японы “Сумитома”, Хятадын “Шинхуа”-тай хамтарч Таван толгойг цогцоор нь ашиглах хэлэлцээр хийж байв. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр УИХ-ын дарга “Үгүй шүү” гэж алхаа тогшсон нь энэ ордод улс төрийн сонирхол хэр өндөр байдгийн хамгийн сүүлийн жишээ. Шинэ засгийн эхлээд дуугарч байгаа, улстөржүүлээд эхэлсэн сэдэв ч Таван толгой болж байна.

Саяхан гэхэд л эдийн засагч П.Хашчулуун Таван толгойг бараг л хятадуудад өгсөн, нууц гэрээ хийсэн гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн нь олны анхааралд байна. “Эрдэнэс таван толгой”-н TTJVCO-той хийсэн гэрээ өнөөдөр сөхөгдөж байгаа нь шинэ асуудал биш. Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөр дээрээ бензин асгаж шатаах үеэрээ энэ асуудлыг ярьж байв. “Эрдэнэс Таван толгой” компанийн зүүн Цанхид Австралийн компани гэрээгээр олборлолт явуулж байсан юм. Нүүрсний зах зээл хэцүүдсэн өнгөрсөн жилүүдэд хэт өндөр өртгөөр олборлолт явуулж байсан Австралийн компанид төлбөрийг нь төлж хүчрэхээ байж, сүүлдээ өнөө компани нь олборлолтоо зогсоож байсныг уншигчид тод санаж байгаа байх. Дараахан нь өндөр өртгөөр олборлолт хийж байсан Австралийн компани ажлаа зогсоож, ТТJVCO компанитай гэрээ хийж хямд зардлаар олборлолт явуулах шийдэлд хүрсэн гэх мэдээлэл цацагдаж байв. Яг энэ үеэр өөрийгөө шатаадаг Эрдэнэ “Таван толгойн ажилчдыг Хятадын компани руу шилжүүлэх гэж байна” хэмээн шүүмжилж байв.

Тухайн үед “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ “Эрдэнэс Таван толгой” ХК Таван толгой ордын зүүн Цанхийн уурхайд 2011 онд сонгон шалгаруулалт зарлахад Австралийн “Махмахон” компани оператороор шалгарсан юм. Энэ компани Монголд бүртгэлтэй “TTJVCO” гэдэг компаниараа дамжуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Эрдэнэс Таван толгой” “TTJVCO” компанид олборлолтын өртгийг нь төлдөг байсан юм. Зүүн Цанхид ажилладаг хүмүүс нь манай компанийн ажилчид. Харин оператор компанийн зүгээс техник хэрэгсэл, менежментийг хариуцаж байсан” гэсэн тайлбар хийсэн байдаг.

Сая дэгдсэн дуулиан эдийн засагч Ч.Хашчулууны үгээс эхтэйг өмнө онцолсон. Тэрээр “Том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. “Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар 2015 онд Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад баруун Цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна. Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв “Таван толгой”-н гэрээ амжилттай болбол дөрвөн тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно” хэмээн хэлсэн юм. Хүлээлт үүсгээд буй энэ чухал ордын нэг хэсгийг гадныхан үнэхээр эзэмшиж, үйл ажиллагаагаа өөрсдөдөө таатай нөхцөлөөр бодлогын түвшинд хэрэгжүүлээд эхэлчихсэн гэж үү. Шалтгаан нь хаанаас эхтэй, юу болохыг өмнө дурдсан “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирлын үгнээс харчихаж болно.

МАН-ынхан эдийн засаг хүнд байна, танаж болох юу л байна танана гэж зүтгэж буй. Гэсэн хэрнээ “Оюу толгой”, “Таван толгой” тэргүүтэй томоохон төслүүдийг хөдөлгөнө гээд ханцуй шамлан дайрч буй. УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Ханцуйг ч яах вэ дандаа л шамлаж байдаг юм. Харин халаасанд нь цаадуулынх нь гар дүрээстэй байхад хэчнээн шамлаад яах билээ. Эхлээд байгаагаа авч сурах хэрэгтэй гэдгийг л олон жил ярилаа даа. “Том төслүүдээ хөдөлгөнө” гэдэг нэг сайхан нэр томьёотой болж авлаа шүү. Хөдөлгөх тусам л мөнгө нь гадагшаа урсаж, бидэнд дусал нь оногдож, өр нь нэмэгдэх болж дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гишүүн асан Г.Уянгыг алдарт “поп”-уудын нэг гэж үзэж анхаарахгүй өнгөрч болох ч Таван толгойтой холбоотой хардлага, таамгууд ар араасаа гарах болсон учраас энэ талаар дуугарсан хүн бүрийн үгийг иргэд анхааран уншиж байна.

Угтаа “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс Цанхийн уурхайн баруун хэсгийн уулын ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулан талбайг нь ашиглалтад бэлтгэж, 2013 оны зургадугаар сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Цанхийн уурхайн баруун хэсгээс 2013 онд 1.2 тонн, 2014 онд 3.6 сая тонн, 2015 онд 3.3 сая тонн нүүрс тус тус экспортлоод байна гэсэн мэдээллийг өгч байсан удаатай. Мөн 2013 онд Цанхийн уурхайн баруун хэсгээс 1.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж 2.5 сая тонн нүүрс, 2014 онд 4.5 сая тонн нүүрс, 2015 онд 3.8 сая тонн нүүрс олборлосон байдаг.

Олборлолт дажгүй байгаа ч Таван толгойн өр хэдэн тэрбумаар яригдсаар байгаа. Угшил нь МАН-ыг засаг барьсан 2008-2012 онуудаас эхтэй. МАН-ын Засгийн газар 2012 оны сонгуулийн өмнө иргэн бүртээ 21 мянган төгрөг тараах гэж Хятадын “Чалко”-гоос “Оронд нь Таван толгойн нүүрсийг аваарай” гэсэн болзолтойгоор их мөнгө зээлж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд “Эрдэнэс Таван толгой” тэр өрийг нь дарах гэж зүдсэн. Өнөө шуугиад байгаа TTJVCO-той хийсэн гэрээ ч ийм учиртай гэдэг. Өрөө өөрсдөдөө төвөг багатай төлөх гэж л гаргасан нэг хувилбар гэх нь бий.

Нэг хэсэг “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалд Таван толгойг хувьчилж магадгүй гэсэн яриа тарсан. Мэдээж оргүй яриа биш. “MCS”-ийн ерөнхийлөгч “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай хэлхэлдэх болсон нь ингэж хардахад хүргэсэн гэдэг. “Эрдэнэс-Таван толгой” компанийг хувьчлах болзолд үндэсний аж ахуйн нэгжид хувьчилна, нүүрс баяжуулах үйлдвэртэй байх ёстой гэж заасан нь ингэж хардах шалтгийг дэвэргэсэн байх. Тухайн үеийн УИХ-ын зарим гишүүд ч “Таван толгойд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оруулъя” гэж хэвлэлээр дуугарч байсан юм. Сонгуулийн өмнө энэ яриа биеллээ олно гэсэн хардлага ч олны дунд байв.

Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайн баруун хэсэгт уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индустрал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг гүйцэтгэсэн гэдэг. Тэгвэл Хятадын нэгэн компани нэмэгдэж тус баруун Цанхид олборлолт хийж байгаа гэх мэдээлэл байна. Ингэхдээ олборлолтын гэрээ байгуулсан гэх бөгөөд “Чалко”-гийн өрийг дарахын тулд ийн ажиллаж байна гэсэн сураг чих дэлсэж буй. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр “Чалко”-д төлөх Таван толгойн өрнөөс нэг ч төгрөг хасагдахгүй байгаа гэх. Таван толгойг алдагдалтай ажиллаж байгаа харагдуулах замаар хувьчлах сонирхол байхыг үгүйсгэхгүй. Хоёр хоногийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр “Эрдэнэс Таван толгой” компанид шалгалт хийж байгаатай холбоотойгоор ажлаас нь яаран чөлөөллөө гэж мэдэгдээд байгаа. Ор үндэстэй байхыг үгүйсгэх аргагүй. Таван толгой Хятадын компанитай гэрээ хийсэн бол англи хэлээр хийгдсэн нь тодорхой. Гэрээний утга санаа манай улсын хувь заяанд нөлөөлөх эсэхийг тусгай хяналтын баг ажиллаж,албан ёсны орчуулга хийж байж л тогтооно. Энэ хүртэл урт хугацаа туулна. Энэ хооронд гадны компани олборлолтоо хийж, өөрт ашигтайгаар хөдөлсөөр байх нь гэсэн хар яваад байж мэдэх юм. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” тойрсон энэ хардлагыг тайлах нэг л гарц байна. Тэр нь TTJVCO-той хийсэн гэрээг албан ёсны орчуулгатайгаар бүрэн эхээр нь цаг алдалгүйгээр олонд танилцуулах.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод үүлэрхэг ихэнх нутгаар бороо орно

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст бороо
орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос
секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9
градус, өдөртөө сэрүүсч 13-15 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн
хэсгээр хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд
5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай,
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан цочир
хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус,
өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус
дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, Хангай,
Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр,
зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13
градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө
ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус
дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос
секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө
ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10
метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн
нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дорноговийн нутгаар
19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Олимпод оролцоно гэдэг чинь сумын спартакиадад оролцохоос огт өөр байдаг юм байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх дэлгэрэнгүйг хүлээн авч уншаарай.
Улс төрийн хоёрдугаар нүүрнээс өчигдөр чуулганы өмнө болсон МАН-ын бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг сонирхон уншаарай.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд сэтгүүлч Д.Гансаруулын “Олимпод оролцоно гэдэг чинь сумын спартакиадад оролцохоос огт өөр байдаг юм байна” гэсэн нийтлэл хэвлэгджээ.
Манай сонины тавдугаар нүүрний “Өдрийн зочин” буланд гарсан О.Шаутыновын нэрэмжит XII олон улсын олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн Э.Баттулгатай уг олимпиадад амжилттай оролцон талаарх сонирхолтой ярилцлагыг уншаарай.
Цаг үеийн 10 дугаар нүүрэнд “Залуусаа IT чиглэлээр ажиллуулбал, уул уурхайгаас илүү мөнгө олох боломжтой” хэмээх гарчигтай сурвалжлага нийтлэгдлээ.
Манай сонины 11 дүгээр нүүрний “Утга зохиол” буланд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Цэндийн Доржсүрэнгийн уран бүтээлээс хүргэж байна.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Categories
мэдээ улс-төр

Ц.Гарамжав: Барилга засварлахаар төсөвлөсөн 25 тэрбумыг нийгмийн даатгалын төсөвт оруулж болохгүй юм уу

Ц.Гарамжав зурган илэрцүүдУИХ-ын чуулганаар найман төрлийн татварыг нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар гишүүд санал, шүүмжлэлээ хэлэх үед УИХ-ын гишүүн М.Билэгт “Манай МАН-ын мөрийн хөтөлбөр ард түмэнд маш их таалагдаж, бид сонгуульд ялалт байгуулсан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын зарим нэг шийдвэр амлалтаа зөрчиж байна. Бид нэг ч татвар нэмэхгүй гэж амласан. Гэтэл 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд, 100 ам.метрээс дээш талбайтай орон сууцанд амьдарч байгаа иргэдээс татвар авах тухай ярьж байна. Үүнийхээ оронд төсвийн хуулийг зөрчсөн, замбараагүй алдагдалд оруулсан тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудаас нэхэж, хариуцлага тооцооч ээ” гэлээ.

Энэ асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Эдийн засгийг сэргээнэ гэж. Ингэхийн тулд хоёр арга зам байгаа. Нэг нь татварын орлогыг нэмэгдүүлэх. Биднийг мөрийн хөтөлбөр боловсруулж байсан цаг үеийн мэдээллээс өнөөдөр Сангийн яамнаас авсан эдийн засгийн бодит мэдээлэл тэс өөр байна. Тиймээс ард түмэн ойлгох байх гэж бодож байна” гэх хариултыг өглөө.

Ц.Гарамжав “Нийгмийн даатгалын төсвөөс яагаад танаагүй юм бэ. 25 тэрбум төгрөгөөс танаж болохоор байна. Тухайлбал, 19 тэрбум төгрөгөөр цахим карт хэвлэх болон барилга байгууламжийг засварлах зэргээр 25 тэрбум төгрөгөө төсөвлөсөн байх юм. Үүнийгээ түр хойш тавиад нийгмийн даатгалдаа зарцуулж болдоггүй юм уу” гэх санал хэллээ.

Мөн тэрээр “Алтны рояалти өссөнөөс хойш алт тушаалт 2.5 тонноос 10 тонн болтлоо өссөн бөгөөд алт тушаалтын 60 хувь нь хувь иргэд байгаа. Өөрөөр хэлбэл, 40 хүрэхгүй хувь нь томоохон компаниуд байна. Энэ компаниуд чинь сүйрлээ шүү дээ. Ихэнх нь хувь нэрээр алтаа тушааж байна. Энэ жил Монголбанканд хэнчээн тонн алт тушаасан бэ” гэх асуултыг Сангийн сайдад тавилаа.

Эл асуултад Б.Чойжилсүрэн сайд “Энэ жил 6.8-7 тонн гаруй алт тушаагдсан байна. Харин хүлээгдэж байгаа гүйцэтгэлд 14 тонныг авахаар төлөвлөөд байгаа. Мөн нийгмийн даатгалын 25 тэрбумыг танах асуудлыг судална” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Багануурын уурхайнхан ТЭЗҮ-гээ хүлээн авлаа

Багануурын уурхайн урт хугацааны буюу хаалт хүртэлх стратегийн баримт бичиг гэж хэлж болох ТЭЗҮ-гээ уурхайн хамт олон өнөөдөр хүлээн авчээ.

Тус уурхайн анхны ТЭЗҮ-г одоогоос 40 шахам жилийн өмнө тухайн үеийн ЗХУ-ын Гипрошахтын институт боловсруулсан байдаг бол хоёр дахь ТЭЗҮ боловсруулах ажлыг Австрали улсын Ранга Пинкок Минарко компанитай хамтарсан консериумаар гүйцэтгэсэн байдаг аж.

Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдах зайлшгүй шаардлагатайг урьдчилан харж, Улаанбаатар хотын ДЦС-уудын нүүрсний хэрэгцээнд 5 сая, Багануур дүүрэгт баригдах ДЦС-д 3 сая, нүүрс хийжүүлэх үйлдвэрт 2 сая, нийт 10 сая тонн нүүрс нийлүүлдэг хүчин чадалтай уурхай байхаар тооцоолон ТЭЗҮ боловсруулсан нь Багануур дүүрэгт ДЦС, нүүрс химийн цогц үйлдвэр баригдах суурь тавигдсан гэж дүгнэж болох юм.

Түүнчлэн Багануурын хүрэн нүүрсээс байгалийн хий гаргаж авах төслийг боловсруулж тун удахгүй ТЭЗҮ-гээ Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болжээ. Энэ нь тус уурхайд хийгдэж буй гурав дахь ТЭЗҮ юм. Дашрамд өгүүлэхэд, 2014-2015 онд Багануурын ордод геологийн нэмэлт хайгуул хийж, нөөцийг шинэчлэн ордын нөөцийг 274 сая тонноор нэмэгдүүлж, нийт нөөцийг 812 сая тонноор тогтоон ЭБЗ-ээр батлуулсан байна.

Энэ нь жилд 10 сая тонн нүүрс олборлоно гэж үзвэл Багануурын уурхай 61 жилийн турш үйл ажиллагаа нь найдвартай хэвийн явагдана гэсэн үг. Уурхайн хамт 2012-2013 онд “Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-өө боловсруулж, түүнийгээ үндэслэн ордын нөөцийг шинэчлэн тогтоох, зэрэг ахиулах, нөөцийг нэмэгдүүлж, JORC стандартаар үнэлгээ хийлгэсэн нь компаний нэр хүндийг өсгөсөн нь төдийгүй зах зээлд Багануурын хувьцаа арилжаалагдах нөхцөл бүрдсэн байна.

Түүнчлэн одоо ашиглагдаж байгаа бүхий л Тоног төхөөрөмждөө нарийвчилсан үнэлгээ хийн үлдэгдэл нөөцийг тогтоож, 2013 оноос өөрийн хөрөнгө оруулалтаар 30 гаруй тэрбум төгрөгийн техникийн хэсэгчилсэн шинэчлэлтийг хийжээ. Өнгөрсөн 2015 онд нүүрс бутлан ачих байгууламжийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар сул зогсолт 60 хувиар буурч, жилд 500 мянган тонн нүүрс зах зээлд нэмж борлуулах боломж бүрдсэн төдийгүй тэр хэрээрээ нүүрсээ нөөцөлж чаддаг болжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан:Эдийн засаг гэдэг эд юмаа засаад аваад явахыг хэлдэг

С.Жавхлан чуулган зурган илэрцүүд

УИХ-ын ээлжит бус
чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хуулийн төслийг
хэлэлцэж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж,
үг хэлэв. Гишүүдийн олонх нь татвар нэмэгдүүлэх, орон сууцны талбайн хэмжээнээс
хамааран татвар тогтоох, хүүхдийн мөнгийг тодорхой хэсэгт оногдуулах зэргийг
шүүмжилж байлаа.

Харин гишүүн
С.Жавхлан “Эдийн засаг гэдэг эд юмаа засаад аваад явахыг хэлдэг. Тухайн үед
6000 зүйлийг өөрсдөө хийдэг байж. Уг нь чинээлэг хүн гэдэг чин элэгтэй хүнийг
хэлдэг. Чин элэгтэй хүн хэзээ ч түмэн олноосоо юмаа харамладаггүй, аминчхан
үзэл байдаггүй хүмүүсийг хэлдэг. Тиймээс том том эмнэлэг, цэцэрлэг шиг
байшинтай хүмүүс чин элэг гаргаж хүүхдэд цэцэрлэг гаргаж өгөх хэрэгтэй. Өөрийн
толгой дээрх өвсийг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг хараад байх юм.
Авдраа уудал гэдэг түмэн олондоо хандахыг хэлнэ. Том том байшингуудаа болиод
гэрээ бариад амьдарцгаа гэж уриалъя.

Би үлгэрлэхгүй бол үглээд
хэрэггүй гэдэг үздэг. Та бүхэн манайд очоорой. Бүгдээрээ үлгэрлэж байж энэ
бүхнээс гарна. Бөмбөгөр цагаан гэрээбариад, хоёр үнээ, 20 ямаа, хонио хариулаад
амьдраад байх цаг ирсэн. Чойжилсүрэн ах та чин элэгтэй хүн. Чин элэгтэй байж
чадахаа өөрөө харуулаарай. Мөн бүгд тал нутаг руугаа гаръя. Үүнийг тайлбарлахад
маш их цаг хугацаа авна. Гэхдээ би бага багаар тайлбарлана даа” хэмээлээ.