Categories
мэдээ нийгэм

“Баянзүрх”-ийн товчоог нүүлгэн шилжүүлнэ

“Баянзүрх” товчоо зурган илэрцүүд

Улаанбаатар хоттой хил залгаа оршдог зарим сумын нутагт хүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Авто тээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн. Өнгөрсөн бямба гарагт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан Баянзүрхийн шалган бүртгэх товчооны үйл ажиллагаатай танилцлаа. “Баянзүрх”-ийн товчоо нь сууршлийн бүсэд байрладаг учраас нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм. Тиймээс тус товчоог нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг Зам тээврийн хөгжлийн сайд өглөө. Тэрээр “Мэргэжлийн байгууллагуудыг нэг дор төвлөрүүлэн ажиллуулах нөхцөл бололцоог хангаж, энэхүү үйл ажиллагааг цэгцлэх ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Малын гоц халдварт өвчин ойр ойрхон гарч байгаа энэ үед халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх нь маш чухал асуудал юм. Засгийн газрын тогтоол гарсан тул тогтоолын хэрэгжилтийг хангаж Онцгой байдал, Мал эмнэлэг, Мэргжлийн хяналт, Цагдаагийн газар, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана” гэлээ.

Тус товчоог татан буулгаж үйл ажиллагааг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шалган бүртгэх товчоо буюу “Налайхын 4-р зөрлөг”, налайх, тэрэлжийн Автотээврийн шалган бүртгэх товчоодод тус тус төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ханбогдоос Оюу толгой чиглэлийн автозамын ажил эхэлжээ

Ханбогд сумаас Оюу Толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай замын шавыг өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд тавилаа. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүд, УУХҮ-ны дэд сайд Х.Бадамсүрэн, Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Эндрью Вүдлэй нар оролцжээ.

Замын ажлыг Оюу Толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар “Оч-Наран” ХХК энэ оны есдүгээр сараас эхлүүлж, 2018 онд ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байгаа юм. Замыг 8 метрийн өргөнтэй, 7см зузаан хучаастай. Замын нийт өртөг 46 тэрбум төгрөг бөгөөд Оюу Толгойгоос орон нутагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг хэмээн ТУЗ-ын дарга Г.Батсүх онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Орос, Монголын залуу судлаачдын II чуулга уулзалт болно

Улаанбаатар хотноо өнөөдөр буюу есдүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” болно.

Тодруулбал, чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурлын нээлт ХААИС дээр 14:00 цагт болох юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хоёр орны залуу эрдэмтэн судлаачид өөр хоорондоо танилцах, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход оршиж байгаа юм.

Мөн хурал техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн зургаан чиглэлийн салбар хуралдаануудаар үргэлжлэх аж.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод болон УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Байнгын хороод болон УИХ дахь намын бүлгүүд хуралдана зурган илэрцүүдӨнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд УИХ-дахь намын бүлгүүд болоод Байнгын хороод хуралдах хуваарь гарчээ. Тухайлбал, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10:00 цагаас, УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд 10:00 цагаас хуралдах аж. Мөн ажлын хэсгийн хуралдаан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд болох юм.

Харин өнөөдөр гурван Байнгын хорооны хуралдаантай.

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

“Зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ ажээ.

Categories
мэдээ цаг-үе

“Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны эрдэмтэн Төрхүүгийнд

“Говь Хянганд тулалдсан нь” киног хийхээр ид ажил өрнөж байсан 1972 он. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Д.Сумхүү гуай Мао Зэдуны дүрд тоглуулах жүжигчинг хайж өдрийн бодол шөнийн зүүд болж байжээ. Шөнө унтахаар хэвтэж байгаад гэнэт “Ёо” хэмээн орилон босч ирээд Маогийн дүрд тоглуулах жүжигчнээ олсондоо учиргүй баярлаж гэртээ байсан ганц шил юмнаасаа аяганд хийгээд залгилсан гэдэг. Ёо гэдэг нь жүжигчин Ёоторын Гантөмөрийг хэлсэн аж. Найруулагч Д.Сумхүү маргааш өглөө нь босоод шууд л Драмын театрт ирж түүнтэй уулзжээ. Ийнхүү Ё.Гантөмөр гуай Мао Зэдуны дүрд тоглох шахсан түүхтэй.

Тухайн үед Драмын театрт Гантөмөр нэртэй хоёр жүжигчин байсан. Нэг нь Ардын жүжигчин агсан Ц.Гантөмөр. Тэднийг хооронд нь ялгахын тулд нөгөөг нь цагаан Ганаа гэх болжээ. “Агуйн нууц”, “Саруул талын ерөөл”, “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” зэрэг кинонуудад тоглон, үзэгч олны танил болсон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ё.Гантөмөрийнд бид энэ удаад өнжсөн юм. Гэрт нь очиход тэрээр ач зээ нараа тойруулчихсан хөзөр, шатар тоглосон шигээ сууж байв. Хоёр охин, нэг хүү бүгд л “Өвөө, өвөө” гэцгээн ам амандаа шулганана. “Та гуравхан ач, зээтэй юм уу” гэхэд “Үгүй, бараг арав гарсан. Зарим нь гэртээ байгаа. Уг нь бол олон байгаасай гэж боддог юм. Энэ хүүхдүүд чинь олигтой өндөглөж өгөхгүй юм” гээд инээмсэглэж билээ.

Цагаан Ганаа гуай ануухан, их сайхан харагдаж байлаа. Инээмсэглэх нь хүртэл нэг л сайхан. Яагаад цагаан Ганаа гэдэг болсон нь ойлгомжтой. Тэрээр цаанаа л нэг нямбай, цэмцгэр, мэргэжлийн жүжигчин хүн болохоор ярьж, хөдөлж, алхаж байгаа нь хүртэл цэгцтэй. Ярихаараа сэтгэл нь ихэд хөдөлнө.

Дээр дурдсан “Говь Хянганд тулалдсан нь” кинонд Мао Зэдун гардаггүй, яагаад өөрийг нь тоглуулах тухай яригдсан талаар хамгийн түрүүн сонирхов. Киноны зохиолд бичсэнээр Хятадын экс удирдагчтай хэсэг байсан гэнэ. Тиймээс найруулагч нь түүний дүрд тоглох хүнийг хайж нэг хэсэгтээ л бөөн юм болжээ. Гэтэл тухайн үед нам, засгийг тэргүүлж байсан Ю.Цэдэнбал гуай “Улс төрийн асуудал хүнд байхад Жү Дэ, Дян Сяопин, Мао Зэдун гурвын хэрэг байгаа юм уу” гэж хэлээд болиулсан байна. Драмын театрынхан цагаан Ганааг цаашлуулж “Чи мөн азгүй хүн шүү. Хэрвээ Маогийн дүрд тоглочихсон бол цаад хятадууд чинь нэрэлхсэндээ байдаг одон медалиараа чиний энгэрийг мялааж, Хятадад хүртэл урьж аваачаад бөөн юм болох байсан даа” гэдэг байжээ.

Ё.Гантөмөр гуай Архангай аймгийн Цэцэрлэг суманд тавдугаар сарын нэгэнд буюу олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр төржээ. Аав Ёотор нь Архангай аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах газарт, ээж нь цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байжээ. Ё.Гантөмөр гуай бүр багаасаа л урлагт өөрийн эрхгүй дурласан гэдэг. 1960-1970-аад оны үе. “Сүхбаатар”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Газар уснаа явагч” зэрэг кинонууд аймаг дээр гардаг байж. Киноны тасалбар нэг төгрөгийн үнэтэй. Гантөмөр хүү ч тэдгээрийг уйгагүй дахин дахин үзнэ. Мөнгө л олдвол кино үзнэ. Ээж, ааваасаа мөнгө гуйж нэг үзнэ. Найз Тунгалаг, Алтангэрэл хоёртойгоо нийлээд үзсэн киноныхоо хэсгээс дуурайж тоглоно. Тунгалаг нь Ариунаа, Алтангэрэл нь Дүлзэн болж Гантөмөр гуай өөрөө цагаан цэргийн генерал болно. Сэлэм зүүчихээд л Сүхбаатарыг дуурайгаад “Миний баруун гар ядрах болоогүй” гээд сэлмээ сугалдаг байснаа дурсан ярив.

Бас сургуулийнхаа драмын дугуйланд явна. Яагаад сэтгэл нь урлагт татагдсанаа өөрөө ч тайлбарлаж мэдэхгүй байлаа. Түүнийг есдүгээр ангийн сурагч байхад Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай бригадаар Архангай аймагт очиж байсныг ярив. Амидаатайгаа анх ингэж учирсан түүхтэй. Түүнийг харж, ярихыг нь сонсох тэр мөч одоо болтол санаасаа нь гардаггүй гэнэ. “Од” шүлэг уншсан нь сэтгэл зүрхийг нь хамгийн ихээр догдлуулснаа ярихдаа Ё.Гантөмөр гуайн нүд цаанаасаа гялалзаж байлаа.

Дунд сургуулиа төгсөх дөхөж, жүжигчний ангид элсэлт авахаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров тэргүүтэй элсэлтийн шалгалтынхан Архангай аймагт очиж. Сурагч Ё.Гантөмөр ч шалгуулаад амжив. Янз бүрийн этюд хийлгэсэн гэнэ. “Нэг сайн найз чинь онгоцоор яваад өглөө гэж бодъё. Чи яахав, этюдээр үзүүл” гээд л. Шүлэг уншуулж, дуу дуулуулж авьяастай эсэхийг нь мэдэхээр янз бүрээр үзсэн гэнэ. Ямар ч байсан Ёотор гуайн эрх банди Гантөмөр Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид тэнцжээ. Дашрамд дурдахад аав, ээж хоёр нь хүүгээ хачин их эрхлүүлдэг байсан гэнэ. Наймдугаар ангид байхад нь мотоцикль авч өгч, дөрөвдүгээр ангид байхад аав нь дуран хараатай калибраар буудуулж байжээ. Тиймээс ч анх эхнэртэйгээ гэр бүл болоход хүмүүс “Нэг нь айлын эрх хүүхэд, нөгөө нь айлын том. Энэ хоёр бүтэхгүй” хэмээн ярьж байсан гэдэг.

Гантөмөр хүү Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцахаар Улаанбаатарыг зорив. 1967 онд тус сургуульд орсон хэсэг залуус 1971 онд жүжигчин, найруулагч гэсэн мэргэжлээр дүүргэсэн. Эдний ангийнхан бараг бүгд Монголын урлагт өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсан нэртэй зүтгэлтнүүд болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Ё.Гантөмөр гуай дээд сургуулийнхаа ангийн монтажийг үзүүлэхэд дэлгэцнээ олны танил болсон жүжигчид нэлээд харагдав. Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Гарын таван хуруу” киноны Шагдарын эхнэрийн дүрээр бид бүхний танил болсон Ш.Цэцэгээ, “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрийг бүтээсэн Ш.Дэлгэржаргал, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр, Сүхбаатарын гэргий Янжмаад тоглосон Д.Нямаа, “Ичээнд нь” кинонд тоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Тунгалаг, Монгол Улсын Соёлын тэргүүн ажилтан жүжигчин Б.Цэцэгбалжид, UBS телевизийн найруулгч С.Болд, Элчин сайдаар гадаадад олон жил суусан Ж.Ломбо гээд л.

Ё.Гантөмөр хоёрдугаар курсын оюутан байхдаа “Агуйн нууц” кинонд мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Доржийн дүрийг бүтээсэн. Энэ киног үзэгчид маань андахгүй. “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны эрдэмтэн Төрхүүгийн дүрээр нь хүмүүс сайн танина. “Саруул талын ерөөл” кинонд Монголын нэрт зохиолч С.Буяннэмэхийн дүрд тоглохдоо түүний амьдрал, уран бүтээлийг нэлээд судалсан тухайгаа ярив. Дээд сургуулиа төгсөхдөө кинонд тоглочихсон, чамгүй туршлага хуримтлуулсан байв. Драмын театрт жүжигчнээр авах хүүхдүүдийн жагсаалтын хамгийн нэгдүгээрт түүний нэр бичээстэй байсан гэдэг. Үүнийг сонсоод бөөн баяр хөөр болж байжээ. 20 настайдаа дэлгэцнээ анхныхаа дүрийг мөнхөлж, 23 настайдаа Драмын театрт жүжигчин болсон түүхтэй. Тэр үед театр бидний ярьдгаар алтан үеийнхэн тэр чигээрээ ажиллаж байсныг дурсаад “Би ч их азтай хүн шүү. Театрт ч маш сайхан хамт олонтой байсан үе” гэв. Алтан үеийнх гэгддэг Монголын театрын урлагийн тулгын чулууг тавилцсан жүжигчдээс хэнтэй нь илүү ойр дотно байсан, хэн нь илүү байсан талаар сонирхоход “Тэр энэ гэж хэлэхийн аргагүй. Бүгд л их сайн ханддаг, сайхан хүмүүс байсан. Ах, дүү, ээж аав шиг л байлаа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Лха.Долгор хоёртой илүү ойр ажилладаг байсан юм уу даа” гэв. Ё.Гантөмөр гуайг театрт ирэхэд алтан үеийнхнээс хоёр л хүн байгаагүй гэнэ. Цагааны Цэгмид, Цэндхүү хоёр аж. Жүжигчин болоод хамгийн түрүүн “Отелло”-д тоглохдоо Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайтай илүү ойр хамтран ажилласнаа дурсав. Жүжигт тоглохдоо юу хэлж байгаагаа ч сайн ойлгохгүй байсан, тэгэхэд Г.Гомбосүрэн гуай “Чи юу хийчихээд ирэв ээ” гэж ч хэлж байсан гэв.

Тэрээр Б.Брехтийн “Эхийн сэтгэл” жүжгийн Симон Хахавагийн дүрээр дипломынхоо ажлыг хамгаалж, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Д.Мэндбаяр хоёртой хамтран тоглосон байна. Дипломоо онц хамгаалаад театрт ирэхэд хоёр дахь Гантөмөр ирлээ ч гэж ярьж байсан гэдэг. Энэ үеэс цагаан Ганаа гэгдэх болсон.

Д.Намдаг гуайн бүтээл болох “Оролмаа” жүжиг бол түүнийг жинхэнэ уран бүтээлч болгосон аж. Жүжигт тоглох гэтэл хөдөлгөөнийг нь хөшүүн байна гээд ийш тийш нь баахан алхуулж байсан гэнэ. Ё.Гантөмөр гуай Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүүгийн найруулсан хэд хэдэн кинонд тоглосон. “Сахиул уу, сахиус уу” киноны данжаадын дүрийг тун ч сайн гаргасныг үзэгчид маань сайн мэддэг.

Драмын театрын жүжигчин маань яаж яваад хурандаа цолтой болж цэрэгтэй амьдралаа холбосон талаар асуухгүй байж чадсангүй.Тухайн үеийн нөхцөл байдлын улмаас тайзаа орхисон хэмээн тайлбарлав. 14 жил ажилласан театраа орхиход амаргүй байжээ. Түүнийг театраас явсны дараахан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам тэндээс явж дараа нь Д.Равдан, Д.Тунгалаг, Л.Чаминчулуун нар гарсан байна. Эдгээр цуг ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөд нь гавьяат болсонд ихэд баярладаг гэдгийг заавал бичээрэй хэмээн захиж билээ. “Идэр залуу насандаа ажаа нь үгүй явлаа даа” гэдэг шиг, шударга хүний хүү аливаа дутагдлыг хараад дуугүй өнгөрч чадаагүй аж. “Театр гэдэг чинь ариун сүм гэж багш нар маань хэлдэг байсан. Гэтэл энд үнэн юм алга. Хэн нь гавшгайч, хэн нь гавьяат болохов гэдгээ мэддэг болчихож” гэж хэлснээс болж хамаг юм буруугаар эргэжээ. Дарга, даамлууд ч хавчиж эхэлсэн байна. Энэ зовлонгоо хэнтэйгээ хуваалцах билээ. Хар багаасаа ханилсан эхнэртээ хэлэхэд “Чи хоёрын хоёр дипломтой байж” гэж зоригжуулжээ.

Ё.Гантөмөр гуайн хадам аав, эхнэр, эхнэрийнх нь дүү нар бүгд цэргийн хүмүүс. Хадам аав нь хуучнаар Барилгын цэргийн ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга асан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин, хурандаа Д.Бямбаа гэдэг хүн байсан. Дашрамд дурдахад, хадам аавынх нь насны ой саяхан тохиожээ. Жүжигчний маань эхнэр Б.Эрдэнэчимэг 073 дугаар ангид нууцын эрхлэгчээр ажиллаж байгаад өдгөө гавьяаны амралтанд суугаа. Ё.Гантөмөр гуайн ууган хүү Г.Эрдэнэбаатар нь Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга. Цэргийн хүн, мөн л хурандаа цолтой.

Хурандаа цолтой жүжигчин маань 40 нас хүрсэн хойноо цэргийн хүн болсон гэнэ. Жүжигчин хүнд театр, тэр тусмаа тайзаа орхин явна гэдэг мэдээжийн хэрэг тун ч амаргүй. Энэ тухайгаа дахин дахин ярихдаа урт гэгчийн амьсгаа авч байлаа. Театраас явсныхаа дараа нэг хэсэгтээ л тайзаа байнга зүүдэлдэг байсан гэнэ. Одоо ч урлагийн ариун сүм гэгддэг театрынхаа тайзан дээр Г.Гомбосүрэн багштайгаа сургуулилт хийж байна гэсэн зүүд салдаггүй аж.

Театраасаа гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагад сурган хүмүүжүүлэгчээр нэлээд олон жил ажилласан. Анх цэргийн газар ажилд ороход нь есөн сарын турш энгийн байлгаж байгаад шууд л ахлах дэслэгч цол өгсөн гэнэ.

Тэрээр Марксизм-Ленинизмийн дээд сургуулийг оройгоор төгссөн нь цаг хатуу үед их тус болжээ. Драмын театрт түүн шиг хоёр дипломтой жүжигчин байгаагүй гэнэ.

Ё.Гантөмөр гуай хорих ангийн байгууллагад үнэнч сэтгэлээр олон жил зүтгэсэн. Тиймээс ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан болжээ. Олон жил ажилласан болохоор өөрийгөө цэргийн хүн гэдэг. Тэнд ажиллаж байхдаа “Буян” компанийн Жаргалсайхантай ажил хэргийн шугамаар хамтарсан тухайгаа дурсав. Тус компани нь Засан хүмүүжүүлэх газар хоригдож байсан хүмүүсийг ажиллуулдаг байсан нь хүмүүжиж байсан хүмүүст ихэд эерэгээр нөлөөлсөн аж.

Ё.Гантөмөр гуайнх зургаан хүүхэдтэй. Хамгийн том хүү нь цэргийн хүн, дараагийнх нь Хот тохижуулах газарт тэгээд сувилагч, хувиараа бизнес эрхэлдэг гээд хүүхдүүд нь янз бүрийн ажил эрхэлдэг. Харин жүжигчний мэргэжлийг нь өвлөсөн хүүхэд байхгүй гэв. Гэхдээ ач, зээ нар нь өвөө шигээ урлагийн хүн болох ч юм бил үү. Ямар ч байсан хамгийн бага зээ охин Э.Энхдалай нь өвөө шигээ цэргийн хурандаа болно гэж ярьдаг гэнэ. Хамгийн сүүлд Ё.Гантөмөр гуай Ж.Батмөнх гуайн тухай “Бүү март” кинонд Улс төрийн товчооны гишүүн Б.Ламжавын дүрд тоглосон. Нэг сайхан лам хүний дүрд тоглох юмсан хэмээн бодож явдаг байжээ. Энэ хүслээ биелүүлж “Цагаан Дарь эх” кинонд Шанзав ламын дүрийг бүтээсэн гэнэ.

Архангай аймгаас урлаг, соёлын олон алдартан төржээ. Тэднийг бүгдийг нь дурдах юм бол дуусахгүй, зөвхөн Ардын жүжигчин гэхэд л Д.Ичинхорлоо, Ц.Гантөмөр, Д.Чимэд-Осор гээд гурван хүн бий хэмээн тэрээр онцлон дурдаж байлаа. Үүнийг ч заавал оруулж өгөөрэй хэмээн захисан юм.

Театр, урлагийн талаар ярихад өөрийн эрхгүй сэтгэл нь догдолж үе үе санаа алдана. Урлагийн эх уурхай болсон Кино үйлдвэр, цирк хоёрыг хувьчилж үгүй болгосонд хамгийн ихээр эмзэглэж явдаг хэмээн түүний харц нэг л гунигтай болов. Гэтэл ач, зээ нар нь “Өвөө, өвөө” гэсээр гүйлдэж ирээд л юм асууна. Тэднтэйгээ ярих зуур нүдэн дэх гунигийн сүүдэр нь тэр дороо алга болчихов. “Би ч эд нартайгаа тоглож, хүүхэдтэй хүүхэд болоод л сууж байдаг хүн дээ” гэв. Ингэж хэлэхэд “Хань” киноны архитекторын дүрд тоглосон цаанаа нэг цэвэрхэн тэр төрх яг л хэвээрээ харагдав.

Гэрэл зургуудыг ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Төсвийн тодотголыг харж байхад МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэд хэдэн төрлийн татварыг нэмэхээр оруулж ирж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүллээ. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа нэг удаадаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсныг 1-12 сар болгож байгаа гэхчилэн олон зүйл л яваа харагдах юм. Та ямар бодолтой байна вэ?

-Төсвийн тодотголыг Их хурал хэлэлцэж байна. Инээдтэй ч гэмээр юм уу, эмгэнэлтэй ч гэх юм уу тийм л төсвийн тодотгол орж ирлээ. Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж эхэлснээр бодлогын хүү 15 хувь боллоо. Ингэснээр банкнаас гарах зээл хязгаарлагдана. Хоёрдугаарт, арилжааны банкны Монголбанкин дээр байлгах нөөц нэмэгдэнэ. Энэ хэрээр зах зээл рүү орох мөнгөн урсгал хумигдана гэсэн үг. Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж байгаа үед Сангийн яам эсрэгээрээ зөөлөн бодлого явуулах хэрэгтэй байдаг л даа. Сангийн яам зөөлөн бодлого явуулах ёстой байтал татвар нэмж ард түмний халаасанд буй жаахан мөнгийг татвар болгон эргүүлж, дээрээс нь гаргаж буй зардлаа татаж эхэллээ.

Тухайлбал, хүүхдийн 20 мянга, оюутны 70200, тэтгэвэр, тэтгэмжээр зах зээл рүү гарах ёстой мөнгийг хязгаарлаж байна гэдэг бол хоёр иституци хоёулаа бэлэн мөнгийг татах бодлого явуулж эхэллээ. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар муудаж, жижиг дунд бизнесүүд хаалгаа барихад хүрнэ. Эдийн засаг бие барьсан хувцас өмсөхөд ямар байдаг билээ, яг тэр зарчим руу орно. Ийм тохиолдолд гаднаас бараа бүтээгдэхүүн импортлох нь багасна. Ам.долларын урсгалыг ингэж зогсоох гэж байна л даа.

-Яагаад заавал энэ арга замыг сонгох болсон юм бол. Та юу гэж харж байна вэ?

-Ардчилсан нам эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн юм аа. Үүний үргэлжлэл явж байна гэдэг пиарыг хийх зорилгоор ийм алхам хийж байгаа. Гурван сарын дараа зах зээл дээр ам.долларыг худалдан авах чадваргүй болоод ирэхээр валютын ханш бууна. Мөн он гарангуут мөнгөний бодлогоо суллах арга хэмжээ аваад эхлэхээр зах зээл рүү орох мөнгөн урсгал нэмэгдэнэ. Тэр үедээ “Бид эдийн засгийг сайжруулчихлаа шүү” гэдэг мессэжийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан гаргаж ирж оноо авна. Ердөө л энэ. Үүнд л зориулсан төсвийн тодотгол орж ирж байна.

-Ийм төсвийн тодотголыг АН-ын бүлэг дэмжихгүй байх тийм үү?

-Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгох ёстой гэж хамгийн их хашгирсан хүмүүс бол Ардын намынхан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоё гэхэд тэд л хамгийн их эсэргүүцсэн. Энэ МАН-ынханд ой санамж гэж юм байна уу. Одоо болохоор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно гээд оруулж ирэх юм.

Мөн оюутны 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэж мөрийн хөтөлбөртөө МАН-ынхан тусгаа биз дээ. Одоо тэгээд юу яриад байгаа юм. Энэ мөнгийг нь олгоно гэж оюутнуудаас санал авчихаад маргааш нь “Та нар бидэнд хэрэггүй байсан шүү” гээд салаавч үзүүлж болохгүй. Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийг багасгаж байна. Тухайлбал, бүх насаараа төрийн албанд зүтгэсэн хүмүүсийн тэтгэвэрт гарахдаа ганц удаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгон багасгаж байна. Нэгээс 12 сар гэдэг нь нэг сарын тэтгэмж ч олгож болно гэж байгаа юм. Ингэж ард түмний аж амьдралд хэрэгтэй байсан зүйлсийг устгаж буйгаараа энэ удаагийн төсвийн тодотгол онцлог болохын дээр мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг алхмыг хийлээ. Ингэж ард түмний амьдрал ахуйд таатай бус төсвийн тодотгол өргөн барьж байхад бид яаж дэмжих юм бэ.

-Ерөнхий сайд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан. Одоогийн Сангийн сайд нь жил бүрийн төсвийг өөрийнхөө өрөөнд шахам боодог байсан талаар ярьж байна. МАН-ынхан үнэхээр төсвийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм уу. Сөрөг хүчнийхээ хэлж ярьж буйг эрх баригчид хэр сонсож байна?

-МАН-ынхан ганцхан бодлого барьж байгаа нь Ардчилсан намынхан эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн гэж ярих явдал. Үүнийг нь бид засах гээд явж байна гэж ярьдаг. Үнэндээ ямар аргаар, яаж засах гэж байгаа талаараа огт ярихгүй байна. Зээл авах уу, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу, татварын бодлогоороо эдийн засгийг сайжруулах уу гээд алийг нь сонгож байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн гарцаа тодорхойлохгүй хэрнээ УИХ дээр цэвэр улс төрийн шинжтэй зүйлс ярьж байгаа юм. Эдийн засгийн болж бүтэхгүй байгаа бүх л зүйлсээ АН-д нялзаах гэж зүтгэж байгаад үнэнийг хэлэхэд эмзэглэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд МАН Их хуралд хүчтэй сөрөг хүчин байсан. Мөн МАН өөрсдөө АН-ын хаяанд ирж гэрээ барьж, Засгийн газарт орж байлаа. Эдийн засгийн хүндрэлийн үед хамтдаа төр засгийг удирдаж байсан гэдгээ мэдэхгүй ингэж ярьж буй нь ядаж хүн чанар талаасаа бодох л ёстой зүйлсийн нэг.

-Өнгөрөгч дөрвөн жилд иргэдэд хэрэгтэй хуулиуд баталсны нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль байлаа. Ахмад настнууд маш өндөр хүлээлттэй хэрэгжих хугацаа нь хурдан болоосой гэж байсан бол хэрэгжилтийг нь хойшлуулахгүйгээр бүр хүчингүй болгуулахаар оруулж ирж байгаа нь тэдэнд таалагдахгүй байна…

-Энэ бүхнийг үе шаттай ярих нь зөв байх.

Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийг зорилтот бүлэг гээд тал хувьд нь олгохгүй байхаар орж ирж байна. Оюутнуудын 70200 төгрөгийг нь өгөхгүй гэлээ. Залуу идэр үеийнхний бизнес эрхэлж буй хүмүүст татвар нэмэх аргаар дарамт учруулж эхэллээ. Ахмадуудын хамтын тэтгэврийг байхгүй болголоо. Ардын намын явуулж буй энэ бодлого нь бүх шатандаа Монголын ард түмэн рүү нуруугаа харуулж буй тод хэлбэр. Ардчилсан намын бүлгээс энэ бүхнийг хэвийн явуулаач ээ л гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Гэтэл “Эдийн засаг муудсан” гэдэг гуравхан үгээр хаалт хийж, ард түмний амьдрал ахуйд муугаар нөлөөлсөн шийдвэрүүдийг гаргаад байна.

-Энэ мэтчилэн зүйлс дээр Ардчилсан нам ямар байр сууринаас хандах вэ. Хэдий цөөхүүлээ ч гэсэн сөрөг хүчин хангалттай сайн ажиллах хатуу шаардлага тулгараад байна л даа. Ардын намын зарим гишүүд төсвийн тодотголыг дэмжихгүй байна гэж байгаа ч ярилцлага өгөхөөрөө намаа муулж болохгүй байна гээд байна л даа?

-Ардын намынхан хувь улстөрчийг улс төр хэрхэн хийх нь вэ гэдгийг хатуу хянадаг юм шиг байгаа юм. Тиймээс гишүүд нь дотроо хэчнээн эсэргүүцэж байсан ч ил гаргаж чаддаггүй. Ард түмэнд ярьж хэлж санал авч байсан зүйлсээ бодоод ярих гэхээр намаа эсэргүүцэх болчихдог. Дотроо эмзэглэж байгаа ч намын удирдлагаасаа айгаад өөрийнхөө бодож байгаагийн эсрэг улс төр хийж байна. Тэр хийж байгаа улс төр нь маш хиймэл харагдаж байгаа. Өөрийнхөө бодож байгаагийнхаа эсрэг явахаар яаж үнэн байх юм. Намаа эрүүл байлгая гэвэл өөр өөрийнхөө үзэл бодолд үнэнч явах л хэрэгтэй.

-МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ард түмэнд хамгийн их таалагдсан нь цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гэсэн өгүүлбэр. Бараг л оюутнуудыг үнэгүй сургачих юм яриад байсан. Одоо бол мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг алхмуудыг хийж байна. Ирэх жилүүдэд тус намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж хэр байгаа бол?

-МАН-ынхан эдийн засгийг сайжруулах тодорхой бодлогогүй явж байгаа. Хэрэв эдийн засгийг тэгж сайжруулна гэж бодлоготойгоор ажлаа эхлүүлбэл ядаж хийх зүйлс нь тодорхой байна. Эдийн засгаа хэрхэн сайжруулах вэ гэсэн бодлого нь тодорхойгүй тул мөрийн хөтөлбөрөө юугаар яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй болчихсон. Үнэхээр харамсалтай.

-Сангийн сайд 20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэдэг зүйл ярьж байна. Үүнтэй санал нийлэх үү?

-20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэж Сангийн сайд чуулганы хуралдаан дээр хэлсэн. Үнэндээ энэ хүмүүсийг халах үндэслэл байхгүй. Төрийн албан хаагчдын тоо яагаад ихэссэн бэ гэхээр өнгөрсөн дөрвөн жил маш их сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсан. Энэ газруудад чинь хүн ажилладаг юм байгаа биз дээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьчихаад байхад хүссэн хүсээгүй тэнд ажиллах хүнийг авах ёстой. Эдийн засаг тэлсний хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн тул ажлын байр нэмэгдсэн байхгүй юу. Хороодын нийгмийн ажилтнаас эхлээд бүгдийг нь төрийн албан хаагч болгосон. Үүнтэй холбоотойгоор автоматаар нэмэгдсэн юм. Мөн сургууль, цэцэрлэгийн галчаас эхлээд хүмүүсийг төрийн албан хаагч болгосон. Ингэхээр төрийн албан хаагчдын тоо нэмэгдэхгүй яах юм бэ. Түүнээс биш АН засгийн эрхэнд байхдаа төрийн албан хаагчдын орон тоог нэмчихсэн зүйл огт байхгүй. Хөрөнгө оруулалтаас шалтгаалан төрийн албан хаагчид нэмэгдсэн. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 20 мянган төрийн албан хаагчийг хална гэдэг бол төрийн үйлчилгээ, нийгмийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг л хална гэсэн үг. Энэ бол байж болшгүй асуудал. Бидний хүүхэд эрүүл саруул байх ёстой, бидний хүүхдүүд боловсролтой байх ёстой. Гэтэл төрийн албан хаагчдыг хална гэдэг бол Монголын ирээдүйг байхгүй болгож байгаатай яг адилхан зүйл.

-Жилийн 30 сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүсийн татварыг 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж байна. Сард хуваагаад үзэхээр хоёр сая 500 мянган төгрөгийн цалин авдаг хүн түүнд хамаарч байгаа юм. Энэ нь сарын мянган ам.долларын цалин авч байна гэсэн үг. Монголд мянган ам.долларын цалин тийм өндөрт орох уу?

-Ардын намынхан аль ч төрлөөр татвар нэмэхгүй гэсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг явж байна. Баялаг бүтээж, цалингаа аваад явж буй хэвийн амьдралтай хүнд дарамт болон очиж байгаа. Хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай хүн 200 метр квадрат байртай байгаа шүү дээ. 200 метр квадрат байртай байсан тэр хүний цалингаас нь өндөр татвар авчихаар ипотекийн зээлээ яаж төлөх вэ. Цалин нь хүрэхээ больж эхэлнэ биз дээ. Хоёрдугаарт, 200 метр квадрат байртай тэр хүний Үл хөдлөх хөрөнгийн татвар нь нэмэгдэнэ. Хэвийн амьдарч байсан хүнийг ингэж дарамтад оруулж болохгүй ээ. Ингээд ирэхээр цалингаа хоёр хувааж өөр дансаар авч эхэлнэ. Уршиг нь далд эдийн засгийг бий болгоно. Энэ бол дэмжээд байхаар зүйл биш.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг буулгахтай холбоотойгоор иргэдээс эсэргүүцлээ илэрхийлж утсаар ярьж, мессэж бичиж байна. Иргэдийнхээ төлөө бид ажиллана.

-Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэх байсан ч 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр МАН-ынхан оруулж ирлээ. Заавал ингэж хойшлуулах шалтгаан юу байсан юм бол?

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах болсон нь хоёр шалтгаантай. МАН-ын зүгээс уг хуулиудтай холбогдсон дүрэм, журмыг боловсруулаагүй, бэлтгэл ажил хангаагүй, сургалт явуулаагүй гэдэг шалтгаан хэлж байгаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг эсрэг байр суурьтай байна. Уг асуудалтай холбогдуулан завсарлага авсан.

Уг хуулийг буцаах болсон нэгдүгээр шалтгаан нь 2017 оны тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших тул уг хуулиудыг хэрэгжүүлээд эхэлбэл тэр хүний ялтайд тооцогдох хугацаа ирэх есдүгээр сарын 1-нээр дуусах юм. Уг хуулиудын хэрэгжилт долдугаар сарын 1 болж хойшилсноороо Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болно. Ардын намынхан өөрсдийн саналыг хуваачихна хэмээн айж байгаа тул улс төр хийж уг хуулиудыг хойшлуулж байна.

Хоёрдугаарт, Ардын нам хүний эрх, эрх чөлөө, баталгааны тухай ам ангайдаггүй нам. Тиймээс уг хуулийг хойшлуулж, дахин өөрчилж хуучны хуультайгаа адилхан хүн нь байвал гэмт хэрэг нь олдоно гэдэг зарчмаар ажиллах гэж байна гэж харж байгаа. Энэ хуулийг ард түмэн маш их хүлээж байна. Өөрсдийнхөө хүний эрхийн баталгааг дээд түвшин рүү аваачих байх гэж харж байгаа ч харамсалтай нь Ардын нам үүний эсрэг яваад байгаа л даа. Ингэснээрээ тэд хүний эрхийн төлөө байдаггүй, хүний эрх, эрх чөлөөг ярих дургүй, хуулийн салбарын шинэчлэлийн талд байдаггүй нам гэдгээ улам бататгаж байгаа хэрэг.

-МАН-ын хийж хэрэгжүүлж байгаа зүйлс нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэгдэж байна гэж та хараад байгаа бололтой. Таны хэлсэн хэд хэдэн зүйл дээр тэгж санагдлаа?

-Өргөн барьсан төсвийн тодотгол хийгээд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг харж байхад яах аргагүй Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа нь илт харагдаад байна. Угаасаа тэгж ч байгаа.

-АН-ын ҮЗХ-ны хурал есдүгээр сарын 16-ны өдөр болохоор хойшиллоо. Хойшлох болсон гол шалтгаан нь юу байсан юм бол. Уг нь хэлэлцэх асуудал нь тодорхой байгаа шүү дээ?

-Ардчилсан нам шинэ өнгө төрхтэй болох ёстой. Ардчилсан нам ард түмний нам болох хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд хэтэрхий дарга нарын нам явж ирлээ. Их хурал дахь нам болж хувирсан. Тиймээс өнөөдөр Ардчилсан нам ард түмний нам болох хэрэгтэй байна. ҮЗХ-ны хуралдаан хойшилсон нь шинэ дүр төрхийг манай хууччуул гаргахгүйн төлөө тэмцэж буй тэмцэл гэж харж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баяраа: Бид шавийнхаа бас ард түмнийхээ итгэлийн төлөө л тийм үйлдэл хийсэн

“Өдрийн сонин”-ы №198(5463) дугаараас авч нийтлэв.

Зуны олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Г.Мандахнаран хүрэл медалийн барилдаанд ялж яваад, барилдаан дуусахад эргэлзээтэй ялагдал хүлээсэн билээ. Тус барилдааны шүүлтийг дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар эсэргүүцэн дэвжээн дээр хувцсаа тайлан дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ барилдааны талаар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Баяраатай ярилцсанаа хүргэе.

-Монголын чөлөөт бөхийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарласан тухай яриа гарч эхэллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид өнөөдөр хуралдана. Энэ хурлаар ярилцах болно.

-Та “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдааныг юу гэж харж байна вэ?

-Олимпод дэлхийн шилдэг тамирчид оролцдог. Шилдэг тамирчид өрсөлдөж шилдгийн шилдэг нь тодордог. Тиймээс би олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг нэг медаль гэж боддог юм. Энэ шилдэгт яах аргагүй манай тамирчин маань орж, олимпод финалдлаа. Хүрэл медалийн төлөөх барилдаан 5:55 минут хүртэл бидний гарт байсан. Бид хожсон. Гэтэл сүүлийн гурван секундэд идэвхгүй барилдлаа гэж сануулга өгсөн ч тэр нь шүүгчдээр дэмжигдээгүй мөртлөө үндсэн цаг дууссанаас хойш нөхөн торгууль өгсөн. Дүрэмдээ бол гурван шүүгчийн санал нэгдэн үндсэн цаг дуусахаас өмнө ялалт, ялагдлыг шийдсэн байх ёстой. Энэ бол шүүгчдийн алдаа.

-Шүүгчийн буруу гэх хүмүүс ч байна. Зарим нь арай эрт баярлачихсан ч гэх юм…

-Спорт бол цогц. Бяр чадал, тэсвэр тэвчээр, ухаан, хурд хүч гээд хүний чадавхийн дээд хэмжээг үзүүлж байдаг цогц зүйл юм. Үүнд үзэгчидтэйгээ харьцах, сэтгэл хөдлөлөө хуваалцах ч орно. Өөрийнхөө амжилтад бат итгэсэн тохиолдолд сэтгэл хөдлөлөө хуваалцах нь аль ч спортод байдаг. Сэтгэл хөдлөлгүйгээр спорт хөндий хоосон л зүйл болж хувирна. Мандахнаран гурван секундэд л гараа өргөж сэтгэл хөдлөлөө хуваалцсан. Гэхдээ энэ хоорондоо нуруугаа харуулаагүй, зугтаагаагүй. Өрсөлдөгчийнхөө довтолгооны зайнаас бултсан гэсэн ч хойноос нь эргээд хөөхөд нь яг урдаас нь л харж байсан. Тэр үед барьж аваад оноо авч чадаагүй байж тэр моментийг эсрэгээр нь ашиглаж л ялалт авсан шүү дээ. Тамирчны ялалтыг луйвардаж авч болохгүй.

– Та энэ шүүлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн…

-Аль ч спортын шүүлтэд будлиан явагддаг. Энэ олон будлианы эсрэг тамирчин, дасгалжуулагчид чадлынхаа хэрээр л эсэргүүцдэг. Тамирчин хүний амжилт нөр их хөдөлмөрийн үр дүн байдаг гэдгийг бүгд л мэдэж байх учиртай. Мэдээж тэр барилдаан дээр бид тэгж эсэргүүцлээ илэрхийлнэ гэсэн юм бол байгаагүй. Үнэндээ бид дэвжээн дээр тамирчныхаа төлөө хийж чадах зүйл тэр л байсан. Дасгалжуулагч хүнд нүцгэн бие, өмссөн хувцаснаас өөр юу байхав дээ. Тиймээс өмссөн хувцсаа л тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүнээс бид хүн зодож, үг хэлээр доромжлолтой биш дээ. Ийм үйлдэл гаргасан бол энэ ёс зүйн алдаа болж хувирна. Бид шавийнхаа бас ард түмнийхээ итгэлийн төлөө л тийм үйлдэл хийсэн.

-Ц.Цогтбаатар дасгалжуулагч та хоёрын энэ эсэргүүцэл гадаадын олон хэвлэл мэдээллээр цацагдсан байсан?

-Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ буруу шүүлтийн үйл ажиллагаанаас болж олимпоос хасагдах дээрээ тулсан. Энэ бугшсан, муу, муухай зүйлээсээ болж үзэгчдээ ч алдаж, олон тамирчны урмыг хугалж байгаа. Энэ бол эвлэрч болшгүй зүйл. Энэ асуудлын талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч “Би энэ муу, муухай зүйлтэй тэмцээд ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй байна” гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Мөн “Бүгдээрээ хамтраад энэ луйвар, буруу шүүлттэй тэмцье” гэсэн. Тиймээс бид энэ уриалгын дагуу дэлхий нийтэд, шүүгчдэд сануулга өгсөн гэж ойлгож байгаа. Бидний өөрсдийгөө золиослон байж хийсэн энэ үйлдэл маань ёс зүйтэй, боловсронгуй, булхайгүй, цэвэр шүүлттэй, спортын шударга өрсөлдөөний талбарт хүргэх болтугай. Энэ бүхнийг үзсэн үзэгчид, дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийнхэн биднийг дэмжиж, бидний талд байсныг би харсан, сонссон, мэдэрсэн. Барилдааны дараа тэр зааланд байсан бүх хүн Монгол гэл орилж байсан. Ер нь бокс болон чөлөөт бөхийн өмнөх барилдаануудад гарсан буруу шүүлт дээр үзэгчид тэр дундаа Бразилийн ард түмэн эсэргүүцлээ илэрхийлж байсан. Эндээс би Бразилийн ард түмнийг эсэргүүцлээ илэрхийлж, шударга зүйлийн төлөө нэгдэж чаддаг, мэдрэмтгий, спортлог ард түмэн байна даа гэж харж байлаа.

-Барилдааны дараа бусад орны тамирчид, дасгалжуулагчдын хандлага ямар байсан бэ?

-Герман, АНУ, Япон, БНСУ, Иран, Молдав, Болгар, Польш гээд олон орны тамирчид бидэнтэй ирж уулзсан. Тэд “Та бүхнийг дэмжиж байна. Санал нэг байгаа шүү. Зөв зүйл хийлээ. Бид яахаа мэдэхгүй үе зөндөө байсан, бидэнд тусалсанд баярлалаа” гэж хэлсэн. Биднийг дэмжсэн хүмүүсээр л хүрээлүүлж байгаад ирсэн.

-2016 оны Оросын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Чөлөөт бөхийн холбооноос томилогдож шүүсэн Б.Төмөрбаатар, Д.Сэрээтэр нар үймүүлсэн мөн шүүгчийн бүрэлдэхүүнд Азербайжанд суурьшсан узбек хүн багтсан байсан нь шүүлтэд муугаар нөлөөлсөн гэх мэдээллүүд байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Узбек, Казахстан, Дагестан гээд энэ орнууд хэл ч нэгтэй, сэтгэл ч нэгтэй. Тамирчид нь хамт сургууль төгсөж, нэг дор хүмүүжиж, чанагдсан нэг улс шиг л байдаг. Гэтэл ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг манай хоёр шүүгч будлиулчихсан. Үүнд дургүйцлээ илэрхийлсэн Дагестаны баг тэр чигээрээ Оросын аваргыг орхисон. Мөн спорт сонирхогчид, тамирчид, дасгалжуулагчдын дургүйцлийг маш их хүргэсэн. Тухайн үед хэвлэл мэдээллээр хүртэл цацагдаж байлаа. Нэг буруу шүүлтийн ард олон хүний хөлс хөдөлмөр, зүтгэл, сэтгэл шингэсэн байдаг. Олимпийн өмнө Монгол гэдэг нэрийг баллаж, олон хүний өш хонзон, дургүйцлийг хүргэсэн. Тэр балаг нь биднийг хохироолоо гэж бидний мэргэжил нэгт хүмүүс харамсаж байна.

-Г.Мандахнарантай хүрэл медалийн төлөө барилдсан Узбекийн бөх Ихтияр Наврузов шөвгийн наймын барилдаандаа луйвар хийж, тухайн барилдааныг хянаж байсан гурван шүүгчийг хөөсөн…

-Эхний тойрогтоо ч, хоёрдугаар тойрогтоо ч тэр луйвардаж гарч ирсэн. Хоёрдугаар тойрогтоо Дэлхийн аваргын мөнгөн медальт Пуэрто-Рикогийн Фрэнклин Гомесын гарцаагүй авсан оноог нь луйвардаж гарч ирсэн. Шулуухан хэлэх юм бол манай тамирчинтай финалд гарч ирэхээргүй л байсан бөх.

-Хүрэл медалийн барилдааны дараа Г.Мандахнаран та бүхэнд сэтгэгдлээ хэрхэн хуваалцаж байв?

-Барилдааны дараа “Багш аа, энэ хүрэл медалийг бид авсан, чадсан. Бид олимпийн медальтнууд болж чадсан шүү. Та нартаа баярлалаа” гэж хэлсэн. Түүний хувьд олимп эхлэхээс өмнө түрүүлнэ гэж бат итгэлтэй байсан. Үзэгчид, Монголын ард түмэн ч ямар барилдаан хийснийг нь харсан. Маш хүнд барилдаануудыг хийхдээ өрсөлдөгчдөө оноо алдахгүйгээр л гарч ирсэн дээ. Энэ бол тухайн хүний сэтгэлийн хаттай бас маш том зорилго тавьсныг л харуулж байгаа юм. Нас нь 30 шүргэж байгаа гэхэд тэр олон барилдааны дунд ядарч, туйлдахгүй, барилдаанаас барилдааны хооронд сайжирч байлаа. Ачаалал хэрхэн сайн дааж барилдах ёстой вэ гэдгийг энэ хүн үзүүлж чадсан. Энэ нь өнөөх л сургалт, дасгалжуулалтыг чанартай хийж бэлтгэгдсэнд байгаа юм. Мөн тэр жинд аварга болсон ОХУ-ын бөхтэй хамгийн ойрхон үзүүлэлттэй барилдсан. Алтан медаль хүртсэн бөх бусад бөхчүүдийг илт давуу ялсан. Ганцхан Г.Мандахнарантай л ойролцоо барилдсан.

-Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж ажлаа өгч байгаа талаараа цахим хуудаснаа жиргэсэн байсан. Энэ талаар таны бодол?

-Эрэгтэйчүүдийн барилдааныг холбооны ерөнхийлөгчийг үзэж байгаа гэж бодсон. Гэтэл Г.Мандахнарангийн барилдааны үеэр холбооноос ямар ч хүн харагдахгүй байхад үнэхээр гайхсан. Тэр үед л явсныг нь мэдсэн. Ер нь чөлөөт бөхийн холбоо ганцхан Д.Дагвадоржтой холбоотой юм биш. Энэ хүн бол ерөнхийд нь удирдаад явж байгаа. Түүний дор маш олон хариуцлагагүй хүмүүс бий. Ганц жишээ хэлэхэд л хуурамч визний асуудал байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлж түүхэн амжилтыг гаргах боломжтой байсан. Гэтэл гол гурван тамирчин нь багштайгаа хамт хуурамч визний асуудалтай хүний нутагт шоронд сууж байлаа. Энэ бол Монголд байтугай Дэлхийн улс оронд гарч байгаагүй асуудал. Холбооны зүгээс тамирчдаа дэмжих, дэм болох үүрэгтэй байдаг. Хөлс, хөдөлмөрийг нь нураах биш. Бид тамирчдынхаа сайн сайхны төлөө эв найрамдалтай, хамтарч ажиллах ёстой. Цаашид өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.

-Энэ удаагийн олимпод чөлөөт бөхийн шигшээ баг хэрхэн бэлдэв?

-Спортын бэлтгэл, сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт гэж байдаг. Энэ төлөвлөлт маань олон цикльд хуваагдаж тэр бүрдээ зорилтуудыг тавьж ажиллана. Сэргэлт, ачаалал авах гээд сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг маш нарийн хийж байж техник тактик, биеийн ерөнхий болон тусгай хөгжил, сэтгэл зүй, эрчимтэй ажиллах зэрэг нь өндөр түвшинд хүрч очдог. Өндөр зэрэглэлийн тамирчны стандартад хүргэж ажиллах, түүнээсээ давж байж амжилтад хүрдэг. Энэ бүх зүйлийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлснээр манай баг тамирчдын амжилт сайжирсан. Шигшээ багийн тамирчид 22 жилд дэлхийн зургаан медаль авдаг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн дотор л зургаан медаль хүртсэн. Мөн энэ хугацаанд манай баг тамирчид Ази тивийн шилдэг баг боллоо. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнд 200 гаруй орноос АНУ, Япон, БНСАУ, БНХАУ-ын баг тамирчдыг ардаа орхиж багаараа дөрөвдүгээрт орлоо. Мөн Дэлхийн шилдэг багуудын тоонд орж Дэлхийн цомын тэмцээнд гурван удаа оролцсон. Энэ дөрвөн жилийн хугацаанд анхны хамгийн том амжилттайгаар олимпийн наадмыг угтлаа. Мөн Монгол Улсын түүхэнд анх удаагаа олимпийн зургаан эрхийг авч бүтэн багаараа оролцсон.

-Та хэзээнээс чөлөөт бөхийн дасгалжуулагч хийж эхэлсэн бэ?

-Би арван жил чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Дасгалжуулагч хүн гуталчин, барилгачин хүмүүс шиг эд материалтай ажилладаггүй. Хүнтэй ажилладаг. Хэрвээ үйлдвэрийн гологдол гаргалаа гэвэл хүнээр гологдол гаргана гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүнээр буруу бэлтгэл сургуулилт хийлгэвэл насаар нь тахир дутуу болгоно. Харин эсрэгээрээ үйлдвэрийн сайн бүтээгдэхүүн гаргавал тэр хүнийг амжилтад хүргэж чадна. Оюун ухаан, үзэл бодол, сэтгэлзүйн маш олон чанартай зүйлээр үйлдвэрлэл явуулна гэдэг чинь хариуцлага, судалгаа шинжилгээ шаардаж байдаг. Давуу талыг нь тогтвортой байлгах, сул талыг нь дэлхийн хэмжээний тамирчидтай эн зэрэгцүүлэх гээд өв тэгш хөгжүүлэх шаардлага гарна. Тиймээс тухайн хүнийг эхлээд хүмүүжүүлнэ дараа нь ур чадвар, тэсвэр хатуужлыг бий болгоно. Ийм зүйлийг л бид хийх ёстой байдаг.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан төрийн албаа, АН-ынхан намын албаа булаацалдаж байна

М.Энхболд ба бусад

Хэт олонхи болж эрх барьсан МАН сонгуулийн өмнө ч дотоод зөрчилтэй байсан. Хэрүүл тэмцэл нь АН шиг ил цагаандаа гарч олон нийтэд хасах оноо авчраагүй болохоос дотоодын “зодоон” нь дэндүү их байлаа. М.Энхболд нөгөө намын даргатай адилхан өөрийн фракцыг илүүд үзэн нэр дэвшүүлж бусдыг шахсан. АН, МАН-ын дарга нартаа ад үзэгдсэн лидерүүд сонгуулийн үеэр хэрхэн шахагдсаныг Сүхбаатар дүүрэг бэлхнээ харуулна. Энэ тойрогт хоёр намын дарга хүнийрхэж хандсан хүмүүсээ илгээж, хэн нь ялахаа өөрсдөө мэд гээд хоёр намын хатуу учраануудыг зөнд нь орхисон. Үнэн хэрэгтээ сонгуулийн хууль өөрчилсөн нь МАН-д хэт олонхийн ялалт авчирсан болохоос намын сайндаа ч юм уу, намын даргын хүчирхэгт, эсвэл ард түмэн бүгдээрээ дэмжсэндээ биш юм. Энэ нь сонгуульд АН-д санал өгсөн сонгогчдын саналын хувийг харахад хангалттай. Сонгуулийн систем л мэдээж МАН-д ашигтай эргэсэн гол хүчин зүйл болов. Сонгуулийн өмнө М.Энхболд нэлээд алсын нүүдэл харан тоглосон. Гэхдээ АН-ыг л өрсөлдөгч гэж харан удирдлагуудтай нь тохироо хийгээд байсан болохоос өөрийн намын бусад фракцынхныг үл тоож, гомдоосон. Зарим хүлээн зөвшөөрөгдсөн лидер, фракцын удирдлагуудыг ч нэр дэвшүүлээгүй шахсан. Мэдээж ингэж адлан шахахдаа ялсан тохиолдолд албан тушаал өгөхөө амлаж. Сонгуулийн дараа нам нь М.Энхболдын төсөөлснөөс илүү суудал авчихсан. Ингэтлээ ялна гэж итгээгүй М.Энхболд баруун, солгойгүй амласны гор нь одоо л гарч байх шиг. Үүдээр нь дүүрэн амлалт нэхэгсэд, горьдогсод. Нэхэгсэд, горьдогсдын буруу ч гэж юу байхав. Гэвч бүгдэд амласнаа биелүүлэх хэцүү. УИХ-д нэрийг нь дэвшүүлэхгүй шахаж татуулж байсан хүмүүсийг хүртэл хээв нэг хоосон үлдээхдээ тулж байна. Тиймээс эрх мэдэл, хэт олонхи болсны аархал нь нам дотроосоо асуудал үүсч магадгүйг түүнд анхааруулж эхэллээ. Одоо албан тушаалын бялуу хуваарилалт бага үлдсэн. Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг газрын дарга дээр л МАН-ын нөгөө олон бэлтгэгдсэн боловсон хүчин гээч нь алаан болно. Мөн намын генсек, нарийн бичгийн дарга нар хэн байхав гэдэг ч нэг хэсэг “зодолдуулна”. Тэр хүртэл тэвчээд л, горьдоод л хараад сууна. Албан тушаалгүй үлдсэн хэсэг, шахуулж, дарамтлуулсан хүмүүс зүгээр суухгүй. Аль хэдийнэ хэсэг бүлгээрээ уулзалдан хударгагүй даргын үйлдлийг буруушааж эхэлсэн. Хэт олуулаа болсны горыг М.Энхболд албан тушаалын хуваарилалт дээрээс мэдэрч эхэлснээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүр ч их мэдрэх болно. Яг үүнийг л гомдогсод хүлээж, анаж суугаа. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрыг огцруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх, өрсөлдсөн ч эсрэг ажиллах гээд түүнийг яаж л бол яаж шоглоод байж дөнгөнө.

Эрх мэдэл угаас хүнийг харалган болгож, тойрон хүрээлэгчдээсээ давж харахаа байчихдаг хойно. М.Энхболдыг ч энэ байдал тойрсонгүй. Үе үеийн эрх барьж байсан дарга нарт ийм зовлон ирж л байсан, цаашид ч ирнэ. Энэ хүндхэн байдлыг эв эвдрүүлэлгүй давахгүй бол Ерөнхийлөгчид нэр дэвших санааг нь гомдогсдын багаас бүрдсэн шинэ үеийн Элснийхэн үгүй хийж орхихыг хэн мэдлээ. Ийм явдал энэ намд олонтаа тохиож байсныг эрхбиш санаж буй биз ээ. С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүхийн гээд фракцууд тийм ч амар дээрэлхүүлээд байхгүй л болов уу. Өнөөдрийн байдлаар МАН дотор М.Энхболд ба бусад фракцууд гэсэн нөхцөл байдал үүсчихээд байна.

МАН засаг авснаас хойш нэг сайхан мэдээ сонсоогүй л байна. Засгийн газар хувхай хоосон улс орон хүлээж авсан, эдийн засаг тартагтаа туллаа гэж зарлан, өөд уруугүй татвараар дарамталж эхлэх санал гаргачихлаа. Иргэдийн хувьд МАН-ын эхний алхмууд мэдээж таалагдахгүй байгаа. Мордохын хазгай гэгчээр болохгүй, бүтэхгүй ярьсаар эхэлж байгаа энэ засгийн амьдрах хугацааг аль хэдийнэ өөрийн намынхан нь тогтоочихсон ярьж эхэлсэн байна лээ.

АН-ын фракцуудын тохироог П.Цагаан өөрчлөв

Ялагдлын шокноосоо гарч амжаагүй байгаа АН-ын хувьд ҮЗХ-гоо хуралдуулах, тус хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээ сонгоно. Яаран сонгохгүй бол эхний ээлжинд орон нутгийн сонгууль хаяанд тулчихаад байгаа. УИХ, аймаг, нийслэлийн сонгуульд ялагдсан ч сум, дүүргийн сонгуульд ялахын төлөө л явах хэрэгтэй. АН-ын дарга болгохын тулд үүрэг гүйцэтгэгч даргыг Намын их хурлаар өрсөлдүүлэхгүй байх санал нь заримынх нь дургүйцлийг хүргэж байгаа бол зарим нь дэмжээд сүйд. Ердөө л өөр өөрсдийн эрх ашигтай нь холбоотой л доо. Ойрд АН-ын фракцууд байсхийгээд л хуралдах болов. Нам шинэчлэхээр гарч ирсэн шинэ үеийн залуус ч бас байнга хуралдаж, ах нартаа зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсээр байна. Харин тэдгээр залуусыг харахад фракц болгоны төлөөлөл шиг харагдаж, хардагдаж эхэлсэн ч тэд өөрсдөө бол намын шинэчлэлийн төлөө ах нарын зааварчилгаагаар яваагүй гэдгээ илэрхийлж байгаа. Үнэн эсэхийг цаг хугацаа л харуулах биз.

Фракцгүй нам болно гэж сүр дуулиантай зарлаж байсан АН өнгөрсөн хугацаанд фракц хоорондын хэрүүл тэмцлээсээ болж уруудан доройтов. Одоо АН-ын хувьд МАН шиг төрийн өндөр албан тушаал булаацалдан зодоон хийх шаардлага байхгүй учраас намын удирдлагын төлөө л өрсөлдөөн өрнөж байна. Хамгийн түрүүнд намын дарга хэн болох вэ гэсэн марафон. Монголын ардчилсан нэгдэл буюу МоАН фракцын Г.Батхүү, мөн Лу.Болдын нэр намын даргад яригдаж байна. Хоорондоо тохирч аль нэгийгээ зүтгүүлэх нь тодорхой. Гэхдээ Г.Батхүү нь өрсөлдөх магадлал өндөр. МоАН шинээр байгуулагдсан төдийгүй тийм ч хүчтэй болж чадаагүй нь УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвших эрхээ авах гэж дээрэлхүүлж байгаагаас нь л харагдаж байв. Г.Батхүүгийн хувьд намын дарга боллоо гэхэд тийм ч олон дайсангүй бодь хүн ч бусад фракцын дэмжлэг тааруу байгаа. Харин Нэг ардчиллынхан саяхан МоАН-тай уулзалт хийж цаашид нэгдэж ажиллах талаар ярилцсан байна лээ. Харин энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга п.Цагаан ажлаа хүлээлгэн өгч нам руугаа орж ирснээр төлөвлөж байсан бүх зүйл, фракцуудын тохироо ч өөрчлөгдөж, саяхан хуралдах байсан ҮЗХ ирэх сарын 16 хүртэл хойшиллоо. ҮЗХ-д хорь гаруй хүнтэй Нэг ардчиллынхан Ерөнхийлөгчийн хүмүүс гэгддэг байсан залуус. Тиймээс П.Цагаан орж ирж байгаа тохиолдолд тэдний эхний тохироо буюу МоАН-тай хийсэн яриа өөрчлөгдөж, П.Цагааныг дэмжих нь дамжиггүй.

МҮДН фракцаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат намын даргад нэр дэвшиж байгаа. УИХ-д сонгогдож гарч ирж чадсан. Хувь хүнийхээ хувьд хүчтэй гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулчихсан. Хүндхэн үед намдаа нэг суудал аваад ирчихсэн. Нам удирдах туршлагатай гээд олон давуу талтай. Мөн П.Цагааныг орж ирэхээс өмнө ҮЗХ хуралдсан бол хамгийн магадлал өндөртэй, ногоон гэрлээр намын дарга болох нь тодорхой байв. Шонхор болон Алтан гадастай МҮДН тохироогоо хийж чадсан. Дэмжлэг авах боломжтой. Үүний хажуугаар АТГ МҮДН фракцынхнаас шалгаад эхэлсэн. Хөгжлийн банкны Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатарын хүүхдийг шалгаж эхэлсэн нь нэгийг сануулах аж. Алтан гадас МҮДН фракцтай тохирохдоо генсекийг өөрийн хүнээр тавих, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд дэмжих тохироотой. Харин Шонхор фракцаас С.Эрдэнэ, Ж.Батзандан нар намын дарга болох сонирхолтой байгаа. Гэвч нэгэнт фракцууд тохирч чадсан бол энэ хоёр намын даргын албанд санаатай байсан ч дэмжлэг авах магадлал тун бага. АН-ын ҮЗХ-ны хурлаар намын дарга, генсек тодрохоос гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх нь ч ханатай болчихно. Одоогоор Э.Бат-Үүл, П.Цагаан, Н.Алтанхуяг нарын нэр явж байна. Цаашлаад Г.Батхүүгийн нэр ч нэмэгдэж магад. П.Цагаан намын дарга биш байлаа гэхэд генсек болох санаатай. Намын ажилдаа орж аваад Ерөнхийлөгчид нэр дэвших болов уу гэсэн таамаг бий. Намын даргын төлөөх өрсөлдөөнд тодорхой хүмүүсийн нэр явж байгаа бол генсек хэн болохов гэдэг нарийн шийдэгдээгүй байна. Хэрэв Д.Эрдэнэбат намын дарга болбол тохирсон ёсоор “Алтан гадас”-аас генсек болох биз. Мөн бусад фракцууд ч бас өөрийн хүнээр генсек тавих сонирхол маш их байгаа. Одоогоор “Шонхор”-оос гэхэд л С.Одонтуяагийн нэр явж байна. Байж болох л хувилбар. Уг нь сонгуульд ялагдаагүй бол З.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөх санаатай байсан юм билээ. Тэр байтугай С.Баярцогт ч Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтой байж. Түүнийг оффшор данстай хэмээн дээр доргүй, намын дарга нь хүртэл зарлаж, УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж намын нөлөө бүхий хүмүүс зүтгээд байсан нь ердөө л үүнтэй холбоотой байж. Сүүлдээ Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн ам өчгийг нь авч байж УИХ-д дэвшүүлэх эрхийг өгсөн байгаа юм.

Бусад намууд орон нутгийн сонгуулийн бэлтгэлээбазааж эхэлжээ

Өнгөрсөн сонгуулиар МАХН-аас О.Баасанхүү Эрдэнэтэд ялж гарч ирснийг эс тооцвол бусад жижиг намууд бүрэн ялагдал хүлээлээ. Уг нь сонгуулийн өмнө бүгд л хэд хэдэн суудалтай болно. Хоёр том намд ард түмэн итгэл алдарсан гэлцэж байлаа. Гэвч тэдний хэлсэн ярьсан талаар болов. Ийм олон нам хэрэггүй, гэдгийг тэр дундаа гуравдагч хүчин гэж гарч ирэхгүйг өмнөх бүх сонгуулийн дүнгүүдээс харж байна. Зарим нам нь сонгуулиар тойрогт нэр дэвшүүлж, өрсөлдөгчтэйгөө тохироо хийдэг бизнестэй болж, эсвэл намын дарга, олны танил ганц нэг хүнийг л улс төрд оршин тогтнуулах гишүүнчлэлтэй, гишүүд нь өөрсдөө ч тэр намдаа байдаг эсэхээ мэдэхгүй, сонгууль дөхөхөөр нэг хуралддаг байдалтай явсаар өдийг хүрэв.Тэгвэл орон нутгийн сонгуулиар ч өнөөх олон нам өрсөлдөхөөр зэхэж эхэлжээ. Гэхдээ зарим нам нь бүх тойрогт дэвшүүлэх хүн хүч, хөрөнгө мөнгөний бололцоо тааруу учраас боломжтой гэсэн сум дүүрэгтээ илүү анхаарал хандуулахаар ярилцаж байна. Бүгд найрамдах нам гэхэд л УИХ-ын сонгуульд суудал авах магадлалтай тойрогтоо илүү ач холбогдол өгөх гэнэ. Харин ИЗН намын удирдлага болон гишүүдийн дунд УИХ-ын сонгуулийн үеэр маргаан гарч, тэр даамжирч, АН-ыг дагасан намын дарга С.Оюунаас салах цаг болсон гэж гэж яриад эхэлж. МАХН харин ганц О.Баасанхүүгийн ачаар УИХ-д суудалтай нам болсон ч энэ удаа Н.Энхбаярын улстөрд оролцох нөлөө тэр хэмжээгээр багассан төдийгүй, албан тушаалд очих нь бүү хэл өөр хэцүү нэртэй газар луу ачигдах гээд хүндхэн байх шиг байна. Хэрэв асуудал хүндрэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд жижиг намуудаас хүнээ өрсөлдүүлэх ганц боломжтой нь МАХН. Хамгийн их горьдлоготой байсан нь Н.Энхбаяр. Гэхдээ энэ нь тийм ч амар бүтэхгүй гэдэг нь АТГ түүнийг хонон өнжин сахиж, шалгаад байгаа нь нэг юм хэлээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Татвар нэмэх бол адгийн шааруудын хийдэг арга барил” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Шинэ долоо хоногийн даваа гариг бүрт “Танайд өнжье” брэнд булангаа уншигчдадаа дэлгэн хүргэдэг билээ. Манай сонины брэнд болсон энэхүү буланд Монголын нэр алдар бүхий эрхмүүд, ажил албаа нэр төртэй авч яваа албан байгууллага, хийж бүтээж буй шинэ залуу үеийнхэн бүгд уригдан ордог билээ. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаагийнд өнжсөн тэмдэглэл хэвлэгдлээ. Эл эрхмийн өргөө хоймроос бэлтгэсэн сурвалжлагыг нэг, 12, 13 дугаар нүүрээс сонирхон уншина уу.

Харин улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн зарим асуудлын талаар хийсэн ярилцлагыг сонирхоорой. Тэрбээр ярилцлагадаа цалин хасч, татвар нэмэх нь эдийн засагт ямар хор уршигтайг өгүүлж, харин эдийн засгаа сэргээх өөр ямар боломжууд бидэнд байгааг онцоллоо.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт нийтлэлч Н.Гантулгын “Татвар нэмэх бол адгийн шааруудын хийдэг арга барил” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн төсвийн тодотголын хүрээнд найман төрлийн татварыг нэмэхээр болсон билээ. Уг нийтлэлд энэ асуудлыг хөндсөн бөгөөд зарим хэсгээс нь энд онцлон эшилье. “… Ардын намын засаг ингэж ард
түмнээ татварын дарамтаар
ноёлон, жинхэнэ ёсоор нь
“цусыг нь сорж” эхэллээ.
Мөнгө олж, баялаг бүтээж,
эдийн засгийн эргэлт бий
болгож байгаа хүмүүсээ
төр засаг нь татвар нэрээр
шулж мөлжинө гэдэг хамгийн
амархан бөгөөд шалгарсан
арга юм. Энэ бол адгийн
шааруудын хийдэг ганц
ажил, арга барил. Цагдаатай,
армитай, татварын албатай
төрд иргэдээ шулах шиг
амархан зүйл байхгүй нь
мэдээж.
” хэмээн бичсэн байна. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс уншаарай.

Цаг үе, үйл явдлын зургаадугаар нүүрэнд Шинжлэх ухааны академийн физик, технологийн хүрээлэнгийн даргын үүрэг гүйцэтгэгч, академич, физикийн шинжлэх ухааны доктор Ц.Баатартай хийсэн ярилцлага гарлаа. Тэрбээр “Азийн бар улсууд шинжлэх
ухаанаараа дамжуулан хөгжиж байна” хэмээн ярьсан юм. Харин Баримт, үйл явдлын долоодугаар нүүрт химийн бодис хилээр оруулахын тулд хууль бус гаалийн бүрдүүлэлт хийж бусдын тусгай зөвшөөрлийг ашигласан тухай сурвалжлага нийтлэгдлээ.

Тэгвэл “Танин мэдэхүй”-н булангаас академич, анагаахын
шинжлэх ухааны доктор,
Ш.Болдтой хийсэн ярилцлагыг уншаарай. Тэрбээр тун сонирхолтой яриа дэлгэлээ. “Хүннүгийн анагаах ухаан Хятадын Хан улсын
анагаах ухааны хөгжилтэй зиндаа нэг байсан” хэмээн нэлээд анхаарал татах үгийг хэлжээ. 11 дүгээр нүүрээс уншаарай. Туркийн
Мармарагийн их сургуулийн
докторант, шашин судлаач
Х.Амантайтай хийсэн ярилцлага ч өнөөдрийн дугаараас сонирхол татах нь мэдээж. Тэрээр ярилцлагадаа “Исламын шашинтнууд ашиг
сонирхлын бүс нутагт амьдардаг” хэмээсэн юм. Дөрөвдүгээр нүүрээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Энхбаяр: Хөгжлийн банкнаас 14 тэрбум төгрөг авч, буцааж зээлээ төлөөгүй мэтээр гутаан доромжилж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдэглэл хийжээ.

Тэрээр “Нэгэн хариуцлагатай мэдэгдэл хийж байна. Миний бие Дархан Нэхий ХК-д нэг ширхэг ч хувьцаа эзэмшигч биш бөгөөд улс төрийн зорилгоор нэр хүндэд минь халдаж Хөгжлийн банкнаас 14 тэрбум төгрөг авсан буцааж зээлээ төлөөгүй мэтээр гутаан доромжилж байна. Олон удаа чимээгүй тэслээ. Хийж бүтээх чин эрмэлзэлтэй үндэсний томоохон үйлдвэрлэгч хамт олны нэр хүндийг давхар битгий унагаачээ. Доорх баримтаар Дархан Нэхий ХК, 14 тэрбумтай ямар ч холбоогүй болохыг нотолж байна. Мөн баримт бичигний он сарыг нь сайтар хараарай. Хувьцаагаа шилжүүлчхээд дугарч байна гэж магадгүй байх. Хүн гүтгэж, нэр хүндэд халдах нь хуультай байдаг тул дахин ийм төрлийн мэдээлэл гаргасан этгээдтэй хуулийн хариуцлага тооцуулахыг үүгээр мэдэгдэж байна. Та бүхэн минь цааш #share хийж өгч тусална уу. Баярлалаа” гэлээ.