Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Засгийн газрыг огцруулах саналыг АН гаргах ёстой

“Өдрийн сонин”-ы №199 (5464) дугаараас авч нийтлэв.

Эрүү, Зөрчлийн хуулийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах санал Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. Тус асуудлаар АН-ын бүлгийн авсан завсарлага өчигдрөөр дууссан. Тэгвэл өчигдөр Эрүү, Зөрчлийн хуулийн талаар АН-ын бүлгийн хурал дээр Хууль зүйн сайд С.Бямбацогт болон бусад холбогдох хүмүүс мэдээлэл өгсөн юм. Ингээд АН-ын бүлгийн хуралдаан хэрхэн өрнөсөн талаар хүргэе.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Эрүү, Зөрчлийн тухай хуулийг Засгаас буцааж татах гэж байгаатай холбогдуулан холбогдох хүмүүсийг байлцуулж хэлэлцүүлэг явуулахаар шийдлээ. Энд ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй. Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагаж процессын хуулиуд батлагдсан байгаа. Процессын хуулиуд дээр сүүлийн найруулга сонсоогүй байсан. Хууль бол хүчин төгөлдөр батлагдсан гэж бид үзэж байгаа юм. Хууль зүйн яамны мэдээлэл танилцуулгыг эхлээд сонсоё.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Эрүү, Зөрчлийн тухай хуулиудыг 2015 оны арванхоёрдугаар сарын 3, 4-ний өдөр 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан. Гэхдээ есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөд тодорхой хүндрэл, бэрхшээл тулгарахаар байгаа. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулга, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан боловч эцсийн найруулгатай танилцаж, ёсчлогдож, албан ёсоор хэвлэн нийтлээгүй байгаа. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах боломжгүй болсон. Тухайлбал, дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 70 орчим журам заавар, аргачлал, загвар зэрэг эрхзүйн дэд актуудыг холбогдох Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор болон олон субьект дангаараа болон хамтран батлахаар заасан байдаг. Харамсалтай нь Эрүү, Зөрчлийн хуулийг дагаж гарах таван хууль маань ёсчлогдоогүй байгаатай холбогдуулан энэ журам зааврыг батлах боломж хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад гаргахгүй байгаа юм. Ийм учраас боловсруулалтын шатанд байгаа журам, зааврууд маань өнөөдөр батлагдах боломжгүй болчихоод байна. Хоёрдугаарт нь, Эрүү, Зөрчлийн хуультай хэрэгжилтийн нягт холбоо бүхий бусад хуулиудын үзэл баримтлал, агуулга, мөн чанарыг олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй. Ард түмэн маань энэ хуулийн агуулга, үзэл баримтлалыг мэдэж байх ёстой. Ийм бололцоо бүрдээгүй. Хуулийг хэрэгжүүлэх 40 гаруй мянган албан хаагчийн хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх шатанд тогтсон хэвшлийг өөрчлөх зорилгоор сургалт бусад арга хэмжээг хийх учиртай. Энэ сургалтууд цаг хугацаа шаардсан ажил болно. Мөн ШШГЕГ дээр 1500 орчим орон тоо шинээр бий болж энэ хууль хэрэгжих хүн хүчний бололцоо бүрдэнэ. Үүнтэй холбоотой зардал улсын төсөвт суугаагүй. Энэ бас шалтгаан болж байна. Мөн ШШГЕГ дээр хаалттай болон нээлттэй хорих ангиудыг шинээр барьж байгуулах шаардлага гарч байгаа. Үүнийг шийдвэрлэхэд 91 тэрбум төгрөг хэрэгтэй. Өнөөдөр мөн л 91 тэрбум төгрөгөөр шинээр хорих анги барих, өөрчлөн байгуулах бололцоо боломж байхгүй байгаа юм. Иймэрхүү нөхцөл байдлын улмаас Эрүү, Зөрчлийн хууль болон бусад дагалдах хуулиуд хэрэгжих бололцоогүй байгаа. Хэн нэгэн зориуд санаатай хойшлуулах гээд байгаа юм биш” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Засгийн газрын хувьд би нэг зүйлд харамсаад байгаа. Эрүүгийн хуулийн шинэчлэл бол өнгөрсөн УИХ-ын хийсэн хамгийн том шинэчлэл байсан. Энэ Засгийн газар хамгийн түрүүнд Монголын 26 жилийн ардчилсан түүхийн том ололтоос ухрах санал шууд оруулж ирж байна. Олон зуун хүн ажиллаж, улс эх орон даяараа хөдөлж, бүхий л хүний эрхийн ТББ-уудын санал, дүгнэлтүүдийг тусгаж энэ хуулийн шинэчлэлүүдийг хийсэн. Гэтэл дургүйд хүчгүй гэгчээр дөнгөж эцсийн найруулга сонсох ёстой хэдэн хуулийнхаа эцсийн найруулгыг сонссонгүй. Цаана нь олон хүний эрх зөрчигдөж байгаа нь харамсалтай байгаа юм. Яг албан ёсоор Их хуралд өргөн барьсан хуулийн төсөл дээр буцаах гурван үндэслэл байгаа юм. Олон нийтэд сурталчлаагүй, сургалтыг зохион байгуулаагүй, холбогдох дүрэм, журмыг боловсруулаагүй байна гэж байгаа. Хэрвээ энэ хуулиудыг ёсчлоод өгчихсөн бол энэ бүх сургалт, бэлтгэж байсан сурталчлан таниулах асуудлууд чинь хэрэгжээд явчих байсан. Ер нь энэ хууль шиг сайн сурталчлагдсан хууль байхгүй шүү. Худлаа үндэслэл хэлээд байна. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэгт холбогдох яамны хүмүүс байсан. Тэднээс асуухаар “Бүх журам маань бэлэн болсон. Ганцхан ёсчилчих юм бол маргааш нь ажилдаа ороход бэлэн” гээд байгаа юм. Ийм зөрүүтэй юм ярьж байна. Энэ хуулиуд бол 1990 оны ардчилсан хувьсгалтай тэнцэх, дүйх хэмжээний ололт гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа шүү. Та бүхэн үүнийг буцааж байна. Одоо бас ардчилсан хувьсгалаа үгүйсгээд Монгол Улсад эргээд дарангуйлал бий болгох уу. Эцсийн эцэст ийм л дүгнэлтэд хүрч байна. Шинэ хуулиар 1500 хорих газрын ажилтан авна гэж байна. Тийм юм байхгүй. Энэ хууль хүчин төгөлдөр болоход хүн болгон дээр өгч байгаа ял өөрчлөгдөнө. Олон шорон, хоригдол байх шаардлагагүй. Бүх насаар нь гэмт хэрэгтэн, хулгайч, дээрэмчин болгох тогтолцоо биш иргэн бүрийг алдаа хийсэн бол эргээд нийгэмдээ оруулдаг ийм л тогтолцоог бий болгох гэж хуулиудыг хийсэн. Өөрийн чинь ярьж байгаа шиг олон шинэ шорон барьж, 1500 шинэ харгалзагч авах шаардлага байхгүй. Ийм боломжгүй үндэслэлүүдээр энэ эрхзүйн шинэчлэлийг буцааж байгаа нь энэ Монголын нийт ард түмний хувьд туйлын харамсалтай байгаа юм. Би та нарт яг үзмэрч шиг хэлчихье. Эрүү, Зөрчлийн хуулийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Энэ дотор Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль байгаа. Олон олон эмэгтэйчүүд, ахмадууд, хүүхдүүдийн асуудлыг бид нийгмээрээ ярьж байж гаргасан. Энэ хуулиудыг хамт татаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүнд нэг өдөр ч гэсэн үнэтэй. Тэр бол амьдралын өдөр байдаг. Энэ бүгдийг хэдэн сар жилээр хойшлуулж, ажлаа хийхгүй, би дургүй гэсэн хүсэлт эрмэлзлийнхээ дор өнөөдөр Монголын нийгмийг хойш нь татсан алхам хийж байна. АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Хуулийн дагуу тав хоног өгөх ёстой. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны дарга анх удаа УИХ-д орж ирээд анхны хуралдаанаа даргалахдаа гаргасан шийдвэр нь хууль зөрчиж АН-ын бүлгийн тав хоногийн завсарлагыг нэг хоног гэж доромжилж байгаа нь байж болохгүй зүйл. Бид хууль ёсны байгууллагад нь хандаж эрхээ хамгаалах болно гэдгээ хэлье.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Л.Болд гишүүний хувьд харамсаж байна. Шүүхэд хандаж болно та. АН-ын хийсэн хууль эрхзүйн шинэчлэлээс ухарч байна гэж хэлж байна. Ухраагүй. Ардчилсан парламент бий болсноос хойш хуулиа ёсчилж батлахгүй Их хурал нь тарчихсан нөхцөл анх удаа бий болж байгаа. Ийм нөхцөл байдлыг зохицуулсан зохицуулалт алга байна. Үүнээс чинь болоод хууль хэрэгжих боломжгүй болчихоод байна. Тодорхой үндэслэлүүдийг хэлж байхад өдөр болгон өөр тайлбар хэлж байна гэж хүнийг гүтгэж болохгүй. Эрүү, Зөрчлийн хуулийг 2015 оны арванхоёрдугаар сард баталсан. Гэхдээ зоосны хоёр тал болсон дагаж хэрэгжүүлэх Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон холбогдох бусад хуулиудыг хамтад нь батлаагүй, ёсчлоогүй. Үүнээс болоод хуулийг сурталчлах, сургалт явуулах бололцоо боломж бүрдсэнгүй. Энэ нөхцөл байдал яагаад бий болчихсон юм. Үүнийг би эргэж яримааргүй байна л даа. Хуульд хаалттай, нээлттэй шорон барих, ШШГЕГ-т 1500 орон тоо шинээр бий болгоно гэчихсэн байна. 2016 оны төсөвтөө суулгаад бэлэн болгочихгүй яасан юм. Зуун задгай жаран хагархай явж ирчихээд хэтэрхий улс төржиж байна гэдэг байдлаар матрын нулимс унагаад байх хэрэггүй.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Гишүүд болон оролцож байгаа хүмүүс Эрүү, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих эсэх тал дээр ярилцъя. Хуулийн нарийн зохицуулалт заалт руу орох шаардлагагүй. Гол зарчим энэ хууль цаашаа хэрэгжих юм уу, үгүй юу.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Цаашаа хаалттай, бүлгийнхээ дотор ярья л даа. Ингээд олон нийтэд яриад байх хэрэггүй байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Эрүү, Зөрчлийн тухай хуулиуд батлагдсанаас хойш нийтдээ есөн сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулийг Засгийн газраас татаж авахдаа ард иргэдэд тайлбарлаагүй. Хуулийн байгууллагуудад сургалт явуулаагүй гэх шалтгаан хэлж байгаа. Ер нь бол энэ буруу жишиг тогтоох гэж байна. Хууль батлагдаж гарсан даруй хэрэгжих ёстой. Гэтэл хэрэгжүүлэх байгууллага нь бид энэ сургалтыг хийгээгүй. Тийм учраас Засгийн газар татаж ав гэдэг шаардлага тавьж байна гэдэг ерөөсөө институци хоорондын зөрчлийг гаргах үндэс болж байна. Жишээ нь, төсвийн тодотголын хуулиар татвар нэмж байгаа. Гэтэл Хан-Уул дүүргийн татварын албаныхан “бид ард нийтэд танилцуулаагүй, журмаа гаргаагүй” гээд УИХ-аас гаргасан татвар нэмэх заалтыг хэрэгжүүлэхгүй хойшлуулж өг гэвэл яах вэ. Дурын байгууллагууд хууль, журам хэрэгжүүлэхгүй байх боломж олгож байна. Тэгэхээр энэ үндэслэлгүй байгаа юм. Энэ хуулийг улс төрийн шалтгаантай буцааж байгаа нь нэгэнт ил болсон. Нэгдүгээрт, Ардын нам хүний эрх, эрх чөлөөний талаар амнаасаа ганхийж дуугардаггүй нам. Тийм учраас хуулийг буцааж тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж буцаагаад эрүүгийн нөхцөл байдлаа хэвээр нь үлдээх бодлоготой байна. Хоёрдугаарт нь, Ерөнхийлөгчийн сонгуульд хандсан улс төр явж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт байвал тавья. Дараа нь саналаа тавья.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Хаалттай хуралдсан тохиолдолд би тодорхой мэдээлэл тоо баримт ярина. Нээлттэй яриад байх шаардлагагүй.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Нууцын зэрэглэлтэй юм байхгүй шүү дээ.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Асуултад нээлттэй хариулах боломжгүй. Журмаа барь.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Таныг нууцын зэрэглэлтэй асуултад хариулт өг гэж хэлээгүй. Бид хаалттай журам зарлаагүй. Засгийн газрын сайдын хувьд та бүлэг дээр мэдээлэл өгөх үүрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг утгаар биш Хууль зүйн сайдын хувьд та энд тайлбар өгөх ёстой шүү. Хуульзүйн байнгын хороо нээлттэй хуралдаж байсан учраас нуух юм байхгүй.

(Хууль зүйн сайд С.Бямбацогт хаалттай хэлэлцэхгүй бол тайлбар өгөхгүй гэсээр шууд гараад явлаа. Түүний дараахан тус яамны холбогдох хүмүүс гарсан юм)

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:

-Энэ хуулиудыг хэлэлцэж байхад Хууль зүйн байнгын хороонд байсны хувьд тайлбар өгөхөөр ирсэн юм. Хууль зүйн сайд С.Бямбацогт ард түмэнд сурталчлагдаагүй учраас хойшлуулах гэж байна гэж хэлж байна. Энэ бол дээд зэргийн үндэслэлгүй тайлбар. Би сурталчилсан гэдгээ батлахын тулд шаргал хувцас өмсч ирлээ. УИХ-ын түрүүчийн парламентад байсан эмэгтэй гишүүд эдгээр долоон хуулийг баталсны дараа бүгдээрээ шаргал цамцтай ирээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц бодлоготой боллоо гэж өргөн сурталчилгаа явуулсан. Яг гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн эрх ашиг есдүгээр сарын 1-нээс эхлээд дээд зэргээр зөрчигдөх гээд байна. Иргэн бүр хүүхдийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй болох байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд амь нас, эрүүл мэнд аюултай байдалд орсон үед цагдаагийн албан хаагч шууд эхний дуудлага болж очих үүрэгтэй болж байсан. Хүчин төгөлдөр болчихсон таван хуулийг ёсчлоход ердөө нэгхэн өдөр хэрэгтэй. Тэгэхэд шинэ чуулган нээлтээ хийснээс хойш 43 хоног өнгөрчихсөн байгаа. Маш олон харгалзагч хэрэг болно гэдэг үндэслэлгүй. Энэ Эрүүгийн хуулиар бид хорихоос өөр төрлийн дөрвөн ял оруулж өгсөн шүү дээ. Гэтэл бидэнд илүү шорон, харгалзагч хэрэгтэй байна гээд байгаа нь магадгүй Эрүүгийн хуулиа Хууль зүйн сайд уншиж амжаагүй байгаатай холбоотой болов уу гэж бодож байна. Өнгөрсөн хавар, зуны турш хуульчид сургалтад хамрагдсан. Маш олон хуульчид хамрагдсан шүү. Тэр хуульчдыг бүгдийг нь халаад хаячихаагүй юм бол маш олон байгаа. Сургалтад хамрагдсан хуульчдаа халах жагсаалтад оруулчихсан учраас ийм буруу юм яриад байгаа байж магадгүй. Бид 20 гаруй жил хүсэн хүлээсэн эрүүгийн тогтолцоогоо хийсэн. Үүнээс Монгол Улс ухарч болохгүй. Ухарвал хүүхдийн амь нас, эрүүл мэнд, өдөр тутам учирч байгаа хохирогчдын зовлонгоор төлөгдөнө. Муухай үгээр хэлмээргүй байна. Гэхдээ хуулийг ухрааж байгаагаас зовлон, чарлаан, тарчлаан үнэртэж байна. Хаалттай хаалганы ард байдаг зовлонг дуусаасай л гэж бид энэ хуулийг гаргасан шүү дээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Хариулт өгөх Хууль зүйн сайд маань хаалттай горим шаардаад гараад явсан. Тэгэхээр одоо зөвхөн санал хэлье. Дүгнэж хэлэхэд Хууль зүйн яамнаас сая эдийн засгийн тооцоо судалгаа багатай, үндэслэлгүй тайлан мэдээлэл өгч байгаад хуралдаан даргалж байгаагийн хувьд харамсал илэрхийлж байна. Монголд өнөөдөр юу л байна, шорон байгаа. Нэмж шорон барих шаардлага ерөөсөө байхгүй. Бидний шинээр гаргаж байгаа хууль дүрмээр хоригдож байгаа хүн буурна уу гэхээс нэмэгдэхгүй. Хоригдлын тоог аль болох бууруулах, хүний эрхийг дээрдүүлэх энэ чиглэлийн хуулиудыг санаачилж оруулсан. Хорихоос бусад хэлбэр загварыг оруулсан хууль байсныг цохож хэлмээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын одоо ажиллаж байгаа орон тоотой тэнцэх орон тоог ч нэмэх шаардлага байхгүй. Тийм судалгаа тооцоо ч байхгүй.

Ийм үндэслэлгүй толгой тархийг угаасан ядмаг тайлбараар Эрүү, Зөрчлийн тухай хуулийг буцаах гэж байгаа нь харамсалтай байна. Нэгэнт хүчин төгөлдөр болсон батлагдсан Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулна гэдэг хэрэгсэхгүй болгох эхний алхам гэж АН-ын бүлэг харж байгаа. Ёсчлогдоогүй таван хууль байгаа. Энэ таван хуулийг татах эрх Засгийн газарт байхгүй. Хуульд Засгийн газар өргөн барьсан хуулийг хэлэлцүүлгийн аль ч шатанд татаж авч болно гэж байгаа. Гэтэл ёсчлох асуудал нь өөрөө хэлэлцүүлгийн аль нэг шатанд байдаггүй юм. Хууль алх цохисноор хүчин төгөлдөр болсон. Энэ байхгүй эрхийг эдэлж хуулийг татах саналыг оруулж ирж хуульд заасан эрхээс давсан үйлдлийг Засгийн газар хийх гэж байна гэж харж байна. Хуульчид үүнийг маш сайн ойлгож байгаа байх.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

-Хууль зүйн сайдын хэлсэн үгийг бүгдээрээ сонслоо. Эд нар 65 гишүүнээрээ дулдуйдаж хүч түрэх бодлого барьж байна. Ганцхан хүний эрхийн асуудал биш. Энэ Засгийн газрын хэлэлцэж байгаа мөрийн хөтөлбөр нь ерөнхийлсөн, тоо баримт байхгүй, эзэнгүйдүүлсэн ийм л юм болж байгаа. Тэр 40 гаруй мянган хүнийг давтан сургах асуудал байна. Маш олон сургалт хийсэн. Х.Тэмүүжингийн үеэс эхлээд Д.Дорлигжав сайдын үед олон сургалт хийсэн. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгждэг. Хууль батлагдсаны маргаашаас хэрэгжүүлээд зохион байгуулаад явчихдаг хүмүүсийг басамжилсан үг хэлж байна. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 40 гаруй мянган хуульчийг бэлэн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хаалттай нээлттэй шорон барина гээд яриад байх юм. Бид шоронгоос хүн чөлөөлөх гээд байгаа юм шүү дээ. Дүрэм журмыг өнгөрсөн хугацаанд хийгээд явж байсан яамныхныг ч Төрийн нарийн бичгийн даргаас доош бүгдийг нь халах юм байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Төсөв зардалтай холбоотой асуудлаар хүний эрхэнд, баялаг бүтээгчдийн эрхэнд халдаж болохгүй. Төрийн албан хаагчдын эрхэнд халдаж болохгүй. Төсөв зардалтай холбоотой асуудлаар 80 мянган иргэний орон сууц өмчлөх эрхэнд халдаж болохгүй л дээ. Харамсалтай нь өнөөдөр зөвхөн төсөв, зардал гэж байгаа. Энэ хүрээндээ АН-ын хийсэн бүхнийг үгүйсгэлээ. Хууль эрхзүйн ололтууд байхгүй болж байна. Би бүлгийн даргад байр сууриа хатуу илэрхийлье. Эрүү, Зөрчлийн хууль болон түүнд холбогдох таван хууль бол Монгол Улсын өмнөх парламентаар батлагдсан хууль гэдэг дээр АН хатуу байр суурь барих ёстой. Хэрвээ үүнийг зөрчөөд Засгийн газар асуудал оруулж ирэх юм бол Засгийн газрыг огцруулах саналыг АН гаргах ёстой. Зардал, төсөвтэй холбоотой асуудал байж болно. Харин хүний эрхтэй холбоотой асуудлаар ийм хууль зөрчсөн үйлдэл гаргаж байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг АН маргаашаас эхлээд тавих ёстой. Бид яагаад ийм хүлцэнгүй байх ёстой юм бэ. Тэр 65 гишүүн бүгдээрээ эрээ цээрээ алдсан, нэг кнопонд орчихсон гэж бодохгүй байгаа. Хүний эрхийг хамгаалах хүмүүс байгаа байх. Ийм саналыг та бүхэндээ тавьж байна” гэснээр АН-ын бүлгийн хуралдаан үргэлжлэн хаалттай горимд шилжсэн юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир (II)

“Өдрийн сонин”-ы №199 (5464) дугаараас авч нийтлэв

-ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ-

Төрөөс үйлдвэрлэлийг дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж өмнөх дугаарт өгүүлсэнчлэн Засгийн газрын 300, 330 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолд зааснаар хилээр хагас боловсруулсан арьс гаргахыг зөвшөөрч байгаа. Тэгтэл энэ тогтоол гарахтай зэрэгцээд “Эмээлт” дэх хятад ченжүүд боловсруулах үйлдвэрийг түрээслээд, хямд үнээр авсан арьс ширээ боловсруулаад гаргадаг болжээ. Тэд Монголд арьс, шир боловсруулсан өртгөө малчдаас түүхий эд авдаг үнээсээ хасчихсан. Тиймээс л малчдын нэхий бохины үнэ хүрэхээ больчихсон талаар өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

ӨӨХ Ч БИШ, БУЛЧИРХАЙ Ч БИШ

Шинэчлэлийн Засгийн газар арьс ширний салбарыг бодлогоор дэмжиж, арьс ширний үйлдвэрүүд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад экспортлох зорилго тавьсан. 76 сая малтай малчдынхаа малаас гарах түүхий эдийг үнэд хүргэх зорилго төрд бас бий. Гэтэл Чингис бондоос 140 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан арьс ширний үйлдвэрүүд хятадуудын малчдаас хямд үнээр авсан арьсаа угаах дамжлага болчихсон. Малчид хониныхоо нэхийг бохины үнээр өгөхөөс түвэгшээгээд хотондоо хаячихдаг боллоо. Өнөөх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах, гадагшаа гаргах, малчдын түүхий эдийг үнэд хүргэх бодлогын үр дүн яагаад өөрөөр эргэчихэв.

Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолд арьс ширийг хагас боловсруулах буюу вет-блю техникийн шаардлагаар боловсруулж хилээр гаргах тухай заасан. “Вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагаасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурилаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг хэлж байгаа юм. Ингэж боловсруулсан арьс хилээр гаргахад асуудалгүй.

Гэтэл манайд хувиараа гутал, цүнх үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд гутал хийх материалаа урд хөршөөс авдаг. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого эндээс алдагдаж байгаа хэрэг.

Засгийн газар ачир дээрээ “Боловсруулсан арьс л хилээр гаргана” гэсэн шийдвэр гаргалаа гэдэг. Гэтэл хятадууд энд үйлдвэрүүд түрээсэлж арьс ширээ хагас боловсруулаад явдаг, нутагтаа очоод гутал, цүнх хийх материал, савхи болгочихоод буцаагаад монголчуудад зарчихаж байна. Жинхэнэ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн тэндээс наашилж байгаа хэрэг.

Хэрвээ үйлдвэрлэгчид арьс, ширээ энд бүрэн боловсруулж гутал, цүнх, хүрэм, бээлий хийх материал бэлэн болгодог бол үндэсний үйлдвэрлэл хөгжиж байна гэж ойлгож болно. Гэтэл энд үйлдвэрүүд цөөн тооны арьс л бүрэн боловсруулдаг. Тэр нь өртөг өндөртэй учраас хятад бүтээгдэхүүнээс үнэтэй байхаас аргагүй. Харин үйлдвэрлэл маш сайн хөгжсөн Хятадад их хэмжээгээр боловсруулсан материал Монголд хамаагүй хямд зарагддаг. Тиймээс арьс ширний үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө хятадуудад түрээсэлж олсон мөнгөөрөө Чингис бондын зээлээ төлж байсан нь өлзийтэй байдаг гэнэ.

Тэгэхээр Засгийн газрын 300, 330 дугаар тогтоол үйлдвэрлэгчдийн хувьд өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр болж малчдын түүхий эд үнэгүйдэх нөхцөл болжээ.

Чингис бондоос санхүүжилт авсан үйлдвэрүүд арьс шир боловсруулах технологи, тоног төхөөрөмжөө шинэчилж чаджээ. Зах зээл байвал арьс, ширийг краст (хагас боловсруулсан арьсанд нэмэлт идээлэг хийж, элдэж, тэлж хатаасан, өнгө оруулаагүй арьс), савхи (хувцасны зориулалтаар гүйцэд боловсруулж, өнгө засал хийсэн хонины арьс), илэг, нубук (гүйцэд боловсруулсан арьс, шир), хром (гүйцэд боловсруулж өнгө засал хийсэн шир) болгох бүрэн боломжтой аж. Өөрөөр хэлбэл, Хятадаас орж ирдэг материалыг эндээ хийж чадна гэсэн үг. “Дархан нэхий”, “Монгол шверо” гэх мэт цөөн тооны үйлдвэр арьс, ширийг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа. Ихэнх нь түрээсээр хагас боловсруулалт хийж, гадагш нь гаргадаг.

Энэ салбарынхны ярьснаар төр бодлогоор зохицуулалт хийх бол гадаадаас экспортолж байгаа арьсан эдлэл, материалд татвар ноогдуулах ёстой гэнэ. Тэгвэл дотоодын үйлдвэрүүд арьс, шир бүрэн боловсруулж борлуулах боломж бүрдэх аж. Үндэсний үйлдвэрүүдийн дотоодод хийсэн арьсан гутал, цүнх 40, 50 мянган төгрөгөөр зарагддаг. Гэтэл Хятадаас арьсан гэх дуураймал бүтээгдэхүүн хэдэн мянгаараа татваргүй орж ирээд хямд зарагдчихдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрүүдэд зах зээл байхгүй. Бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ руу гаргах гэхээр тэндээ өндөр татвар төлөхөөс өөр аргагүй. Ийм шалтгаанаар алдагдалтай ажилласнаар хятадуудад байраа түрээслээд зээлээ төлөхөөс аргагүй зовлонг бас ярьсан юм.

ЧИНГИС БОНДЫН 140 ТЭРБУМ МАЛЧДАД ҮР ДҮНГЭЭ ӨГСӨНГҮЙ

Чингис бондоос арьс, ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Арьс, ширний салбарын 35 үйлдвэрийн ихэнх нь зээл авсан билээ. Зээл авч тоног төхөөрмжөө шинэчилснээр өдөрт 1000-аас дээш богийн арьс шир боловсруулах хүчин чадалтай 18 том үйлдвэр ажиллаж байна. Бусад нь өдөрт 200-1000 ширхэг арьс шир боловсруулах чадалтай. Судалгаагаар арьс, шир боловсруулах үйлдвэрүүд жилд 20 гаруй сая ширхэг арьс ширийг вет-блю болгох хүчин чадалтай гэсэн дүн гарчээ. Манай улс жилд 10 сая бог мал нядалдаг статистик бий. Тэгэхээр хагас боловсруулалт хийх боломж бүрэн гэсэн үг. Тэгсэн атлаа үйлдвэрүүд хагас боловсруулалт хийхэд анхаарч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоо нь буурчээ. Статистикийн мэдээнээс харахад 2012 онд 1.2 мянган тонн улны шир үйлдвэрлэж байсан бол 2014 онд энэ тоо 0.8 мянган тонн болж буурсан байна. Дөрвөн жилийн өмнө 1.7 мянган тонн хром, булигаар үйлдвэрлэсэн бол одоо 1.3 мянган тонн үйлдвэрлэжээ. Ерөөсөө үндэсний үйлдвэрүүд нийт арьс ширний 25 хувийг гүн боловсруулж, 75 хувийг хагас боловсруулж байгаа аж.

Арьс, ширний үйлдвэрүүдэд зээл олгосноор энэ салбар жилд 1.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 460.0 сая америк долларын экспорт хийх, 20 гаруй мянган ажлын байр бий болгох боломж байна гэж тооцоолсон. Мөн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 28.6, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 62.7, улсын нийт экспортын 18.2, аж үйлдвэрийн нийт ажиллагсадын 16.5 хувьтай тэнцэх хэмжээний үр дүн авчирах боломж бүрдэнэ гэж үзсэн. Харин өнөөдөр арьс, ширний салбар жилд 43 тэрбум төгрөгийн арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Түүний ихэнх нь арьс хагас боловсруулснаас олсон орлого аж.

Төрөөс үйлдвэрлэгчдэд 140 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан ч тэднийг түүхий эдээр хангадаг малчдад энэ хөрөнгө оруулалтын үр дүн гарсангүй. Харин ч арьс, ширний үнэ навс унасан. Тиймээс Засгийн газар дахин шийдвэр гаргаж татвар төлөгчдийн мөнгөнөөс малчдад бэлэн мөнгө тараахаар болсон. Энэ нь үндэсний үйлдвэрүүдэд арьс, ширээ тушаавал урамшуулал олгох тухай Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоол юм. Хонины нэхийгээ үндэсний үйлдвэрт тушаасан малчинд 3000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Үүнийг энэ салбарынхан падаан гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, малчид үндэсний үйлдвэрээс падаан бичүүлж, түүгээрээ мөнгө авдаг байсан. 2014 онд 19 аймгийн 29811 малчинд нийт хоёр тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгосон баримт байна. Төсвийн ачааллаас болж энэ мөнгийг тэгсхийгээд зогсоосон. Одоо малчдаас нэхий авдаг үндэсний үйлдвэр ч цөөн болсон. Энэ шалтгаанаа үйлдвэрийн эзэд “Дэлхийн зах зээл дээр арьс, ширний үнэ шалдаа буучихсан. Зах зээл алга. Итали руу цөөн тооны арьс гаргаж байна. Вьетнамчуудтай хэлэлцээр хийх гээд л байна. Эрэлт бага байна. Үүнээс гадна манай малчдын нэхий дэлхийн зах зээл дээр шаардлага хангадаггүй. Малчдаас авсан нэхийний таван хувь нь л шаардлага хангаж, бусад нь гологдол болдог. Малаа эрүүлжүүлээгүй цагт түүхий эдийн үнэ өсөхгүй ээ. Энэ өвөл өслөө, өслөө гээд 2000 төгрөг л болох биз” гэж тайлбарлаж байгаа юм.

НЭХИЙНИЙ ҮНЭ УНАСАНД МАЛЧИН БУРУУТАЙ

Нэгэн эх сурвалж “100 нэхий авахад тав нь л шаардлага хангадаг. Бусад нь гологдол байдаг” гэж ярилаа. Ийм мэдээлэлд үнэмшилгүй боловсруулах үйлдвэрт очлоо. Тэндхийн чанар шалгагч “Малчид малаа кралинд оруулчихаад байвал хачиг, хувалзанд бариулахгүй. Тэгтэл ихэнх нэхий хачиг, хувалзанд идүүлсэн сорвитой. Боловсруулахаар тэр арьс гологдол болчихдог” гэж ярилаа. Малчид малаа вакцинжуулж, эрүүлжүүлээгүйгээс арьс нь эцсийн бүтээгдэхүүн болох боломжгүй болчихдог аж. Вакцин хийлгээгүй малын арьсны хүзүү хэсгийг ашиглах ямар ч боломжгүй, өвчлөлттэй байдаг гэнэ. “Малчид малын эмчийг загнаж байгаад вакцин хийлгэсэн гэдэг бичиг авчихдаг. Зарим суманд тарилгыг шингэлж хийсэн ч тохиолдол гардаг. Хоттой хонь нь өсөөд байдаг. Гэтэл бүгд шахам өвчтэй, хачигт баригдсан байгаа. Ийм малын арьсыг гадныхан хараад л гологдол гээд үнэгүйдүүлдэг” гэж үйлдвэрийн ажилтан ярьсан.

Мөн цөлжилтт ихэссэнээр мал шивээнд баригдчихдаг болжээ. Шивээнд идэгдсэн малын арьсыг боловсруулахаар шүүрэн шанага шиг нүхтэй харагдах юм. Эхний боловсруулалт хийсэн арьсанд ч шивээ зоогдоостой байгааг харлаа.

Мөн мал гаргаад арьсыг нь хурдан хугацаанд давсалж хадгалдаггүй. Эвхээд хоёр цаг болгочиход л дотор нь бактери үрждэг гэнэ. Боловсруулаад харахаар өнөөх нь том, том толбо болж харагдах юм. Өлөн гэдсийг нь арьсан дотор удаан хадгалахад мөн л бактери үржиж, гологдол арьс болдог ажээ.

Үүнээс гадна малчид сүүлийн үед мал гаргахдаа арьсыг нь хутгаар салгадаг болсон. Ялангуяа Эмээлтэд мал гаргах үйлчилгээ үзүүлдэг нөхөд цаг хожихийн тулд хутгаар арьс хуулдаг. Өнөөх арьс үйлдвэрт ирэхэд зүсэгдчихсэн гологдол болдог байна. Монголд мал нядлах зориулалтын газар бараг байдаггүй. Махны хэдхэн компани нядалгаа хийдэг. Тэндээс гарсан арьсыг эс тооцвол ихэнх нь арьс зүсэгдсэн байдаг талаар үйлдвэрийнхэн ярилаа. Үнэхээр ч үйлдвэрт гологдол гэж ялгасан арьс овоолоостой харагдлаа. Энэ байдал, үйлдвэрийнхний яриагаар малаа эрүүлжүүлээгүй, шаардлагын дагуу нядлаагүй, арьс буруу хадгалсан малчид буруутай юм шиг.

ИРЭЭДҮЙ ХААНА БАЙНА ВЭ?

Энэ жил идэшний цагаар нэхий ямар үнэтэй болох бол гэхэд 2000-аас өсөхгүй дээ гэх хүн олон байлаа. Яавал түүхий эд үнэд хүрэх бол гэхэд малын удмын санг сайжруулж, эрүүлжүүлэхэд төрөөс бодит ажил хийх ёстой гэнэ. Энэ бол үр дүн хол гарах ажил.

Ирэх сард гадаадад арьс, ширэн бүтээгдэхүүний хэд хэдэн үзэсгэлэн худалдаа болох гэнэ. Тэр бүгдэд манай үйлдвэрүүд оролцож хагас боловсруулсан арьс, арьсан бүтээгдэхүүнээ танилцуулж зах зээл хайх гэнэ. Ирэх сард гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт, үзэсгэлэн болно. Түүнд манайхан оролцохоор бэлтгэж байгаа аж.

Дотоодын үйлдвэрүүдийн гол түнш нь италичууд аж. Мөн АСЕМ-аар ирсэн вьетнамчууд хөрөнгө оруулалт хийхээр судалж байгаагаа мэдэгджээ. Тэд монголчуудаас боловсруулсан арьс авах хүсэлтэй байгаа аж.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирээдүй ямар байгааг тодруулахад “Сүүлийн хоёр сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспорт сэргэсэн. Хувь хүмүүс хүртэл экспорт хийж байгаа. Сүүлийн сард БНХАУ-ын үйлдвэрүүд сэргэж эхэллээ. Үүнээс болж тэнд эрэлт бий болж байна. Дотоодын зах зээлд хаягдаж байсан түүхий эд борлуулагдах боломж одооноос сэргэж байгаа” гэсэн юм.

Боловсруулах үйлдвэрүүд арьс шир экспортлоход мэргэжлийн хяналтын байгууллага, гаалийн байгууллага хоёрт яг адилхан баримт бичгийг хоёр удаа бүрдүүлэх шаардлага гардаг. Түүний дамжлага, төрийн албаны хүнд суртал үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй байдгийг ч бас ярьсан.

Үүнээс гадна манайхан хагас боловсруулсан арьс, шир гаргахаас илүүтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ашигтай. Дагаад түүхий эдийн үнэ өснө. Үүн дээр үйлдвэрүүдэд баталгаа гаргаж өгвөл бодит дэмжлэг болно гэдгийг ч хэлэх хүн олон байлаа.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Э.Ундрах-Эрдэнэ: MRI аппаратаар хэвлийд байгаа ургийн гажгийг ч илрүүлж болно

“Интермед” эмнэлгийн Радиологийн тасгийн эрхлэгч Э.Ундрах-Эрдэнэтэй соронзон үелзлийн зураг буюу MRI оношлогооны талаар ярилцлаа.

-Одоогоос арван жилийн өмнө MRI аппарат манай улсад анх орж ирсэн. Харин өнөөдөр хичнээн MRI аппарат байна вэ?

-Арван жилийн өмнө Хоёрдугаар эмнэлэг анх MRI аппараттай болсноор монголчууд зардал, чирэгдэл болж гадагшаа явалгүйгээр тархи, нугас, нурууны гэмтэл, хавдар, цус харвалт зэрэг олон төрлийн өвчнийг эх орондоо оношлуулах боломжтой болсон. Дараа нь 2007 онд нэгдүгээр эмнэлэгт улсын төсвөөр анх MRI аппарат авч тавих үед би тэр тасгийн эмчээр ажиллаж байсан юм. Өнөөдрийн байдлаар улсын нэгдүгээр эмнэлэг болон госпиталд MRI аппаратын оношлогоог эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр хийлгэх боломжтой байгаа. Мөн манайхаас гадна Сонгдо, Грандмед, Мөнгөн гүүр, Люксмед зэрэг хэд, хэдэн хувийн эмнэлэгт MRI аппаратаар оношлогоо хийж байна.

-Хөдөө орон нутагт MRI оношлогоо хийгдэж байгаа юу?

-“Эрдэнэт медикал” эмнэлэгт MRI оношлогооны аппарат бий.

-MRI аппаратаар хичнээн төрлийн өвчнийг оношлох боломжтой вэ?

-Манай улсад 0.35т, 1т, 1.5 тесла хүчин чадалтай аппаратууд бий. Манай эмнэлгийн хувьд Герман улсын SIEMENS компанийн Magnetom Avanto 1.5 тесла хүчин чадалтай, 2013 онд үйлдвэрлэгдсэн аппаратаар оношлогоо хийж байна. Сүүлийн үеийн аппарат учраас илүү олон өвчнийг ялган оношлох программ суулгагдсан байгаа. Жишээ нь, элэгний хавдрыг эрт үед нь илрүүлдэг өвөрмөц шинжилгээ хийдэг. Энэ нь элэгний циррозтой хүний циррозын зангилаанаас үүдэх эрт үеийн хавдрыг ялган илрүүлнэ гэсэн үг. Мөн зүрх, тархи, нуруу, дээд, доод биеийг хэсэгчлэн MRI аппаратаар 24 цагийн турш оношилж, яаралтай хариуг хоёр цагийн дотор гаргаж өгдөг. MRI аппарат нь эхо, рентген шинжилгээгээр харж чадахгүй байгаа анатомийн бүтцийн зааг ялгаа, хэлбэр хэмжээ, тоо ширхгийг илүү нарийн гаргаж ирдэг. Зөөлөн эдийн хавдар, төрөлхийн гажиг, судасны гажгийн ялгаа оношлогоо зэрэгт илүү ач холбогдолтой, чухал мэдээллийг өгч чаддаг. Жишээлбэл, цус харвасан хүн байлаа гэхэд тэр нь толгойны компьютерийн шинжилгээгээр харагдахгүй байх боломжтой. Тухайн моментад MRI шинжилгээ хийгээд үзэхэд тархинд цус харвасныг харуулж өгч чаддаг.

– Үнийн хувьд ямар байдаг вэ?

-Рентген, эхо, компьютерийн шинжилгээнээс илүү үнэтэй. Ерөнхийдөө 300-600 мянган төгрөгийн хооронд байдаг. Гэхдээ гадаадын улс орнуудтай харьцуулбал манай улсын MRI оношлогоо харьцангуй хямд. Тухайлбал, Солонгост өвдөгний MRI шинжилгээ хийлгэхэд 800 мянган вонн. Харин манайд 300 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм. Япон, Солонгосын зарим эмнэлэгт Интермед эмнэлэгт ашиглаж байгаа MRI аппарат байдаггүй. Манайхан эрүүл мэндийн мэдлэг муутай учраас Солонгос, Японы эмнэлэг гэхээр мундаг гэж ойлгодог. Гэтэл тэр улсад ч бас нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд, хувийн, улсын, чанартай, чанаргүй эмнэлгүүд бүгд л бий. Үүнийг тооцолгүй гадаад явахыг чухалчилдаг хүмүүс бий.

-Хүний биеийн эрүүл эсэхийг мэдэхийн тулд урьдчилан сэргийлэх зорилгоор MRI аппаратад орох боломжтой юу?

-Урьдчилан сэргийлэх зорилгоор орохгүй. Энэ аппарат тухайн хүний хаана, юу нь өвдөөд байгааг нарийн ялгаж оношлох зорилготой. Элэгний B, C вирусийн халдвар авсан хүний элэг олон жилийн дараа хатуурч, цироз буюу янз бүрийн хатуурлын зангилаа үүсдэг. Энэ олон зангилааг Эхо-гоор харахаар бүгдээрээ хоргүй зангилаа юм уу, аль нь элэгний хорт хавдар үүсгэх хорт зангилаа мөн эсэх нь мэдэгддэггүй. Харин MRI аппаратаар оношилдог. Тэгэхээр элэгний хатууралтай, цирозтой, элэгний B, C вирустэй хүмүүсийн хувьд элэгний эрт үеийн хавдар үүссэн эсэхийг урьдчилан сэргийлэх зорилгоор үзүүлж болно.

-MRI аппаратаар оношлуулахад хүний биед хортой зүйл бий юу?

-Соронзон орон ашиглаж хүний биеийн тухайн хэсгийг хэдэн зуун зургаар гаргаж харуулдаг. Тийм учраас хүний биед ямар ч хоргүй. Хоргүй учраас хэдэн ч удаа энэ шинжилгээнд орж болно. Хүн төрөлхтөн өөрөө байгаль дээр амьдарч байгаагийн хувьд амьсгалж буй агаар, сансар огторгуйгаас рентген туяаны ачаалал үргэлж авч байдаг юм. Жирэмсэн эмэгтэйчүүд хүртэл MRI шинжилгээнд орж болно. Тэр ч бүү хэл эхийн хэвлийд байгаа ургийн гажгийг төрөөгүй байхад нь эрт үед нь MRI-аар оношилж болдог.

-MRI аппаратаар оношлуулах гэж буй хүмүүс ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ?

– – MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул шинжилгээний өрөөнд орохдоо гар утас, соронзон карт зэргийг авч орвол эвдэрч гэмтэх аюултай. Шинжилгээнд орохдоо үнэт эдлэл, металл эд зүйлсээс гадна зүрхний хэм тохируулагч пайсемейкер, хиймэл үе, ясны төмөр хадаас эсвэл суулгац, зүрхний титэм судас тэлэгч хавчаартай бол энэ шинжилгээнд огт орж болохгүй. Мөн хүүхдийн унтуулгатай MRI зөвхөн манайд хийгдэж байгаа. MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул металл эд зүйлстэй шинжилгээнд орохыг хориглодог. Үнэт эдлэл, металл эд зүйлсээс гадна зүрхний хэм тохируулагч пайсемейкер, хиймэл үе, ясны төмөр хадаас эсвэл суулгац, зүрхний титэм судас тэлэгч хавчаартай бол энэ шинжилгээнд орж болохгүй. Шаардлагатай тохиолдолд тодосгогч бодис тарьж шинжилгээнд оруулдаг. Энэ тохиолдолд заавал бөөрний үйл ажиллагааны шинжилгээ өгч, тодосгогч бодисоос харшилтай эсэхээ сорилоор шалгуулдаг. MRI шинжилгээг биеийн аль хэсэгт хийхээс шалтгаалаад 20-45 минут үргэлжилнэ. Шинжилгээнд орохдоо аль болох өөртөө эвтэйхэн, цахилгаан эсвэл металл түгжээгүй хувцас өмсөх хэрэгтэй.

Б.Наранчимэг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

МАН төрийн бодлого тээгчдийг дахиад л хоморголон халаад эхэллээ

Өнгөрдөг баасан гаригийн УИХ-ын чуулганы үеэр төрийн албан хаагчдыг халах солих яриа өрнөв. Төрийн албан хаагчдыг сүүлийн дөрвөн жилд 40 мянгаар нэмэгдүүлсэн учраас талыг нь хасахаас өөр арга алга, уучлаарай бид 20 мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгоно гэж МАН-ын засаг учирлана лээ. Өнгөц сонсоход МАН их л сэтгэл гаргасан харагдаад байгаа юм. Хөөрхийс аргаа барсандаа л өнгөрсөн дөрвөн жилд АН-ын нэмсэн 40 мянган албан хаагчаас ядаж 20 мянгыг нь хасахаас аргагүйд хүрч гэж өрөвдөн бодож гэж уучилмаар харагдаж байгаа биз. Гэтэл дараахан нь УИХ-ын дарга асан З.Энхболд сургууль, цэцэрлэгийн ажилчдыг төрийн албан хаагчдын тоон дээр нэмсэн шүү дээ гэсэн тайлбар хийж харагдсан. Сургууль, цэцэрлэгт ажиллагсад бол том арми. Төрийн албан хаагчдын дунд чамлахааргүй хэсэг эзэлнэ. Тэгэхээр МАН тоон дээр ажиллаж байгаа гэсэн үг. Ингэж тоон дээр тоглосноор А, Б, В яамны Дорж, Дулмаа, Дондогийг халах боломж МАН-ын өмнө нээгдэж буй хэрэг.

УИХ-ын чуулганаар 20 мянган төрийн албан хаагчийг ажлаас халах яриа өрнөсний дараахан цагтаа төрийн албан хаагч байсан, өдгөө УИХ-ын гишүүний суудалд тухалсан нэг эрхэм 20 мянгаас ч илүү төрийн албан хаагчийг халах хэрэгтэй гэж дуугаа чангална лээ. Ингэхэд ер нь төрд хүмүүсийг яагаад ажилд авч, ямар шалтгаанаар халдаг юм бэ? Одоо ад үзээд байгаа 20 мянган төрийн албан хаагч өнгөрсөн дөрвөн жилд зүгээр нэг компьютер ширтэж суугаагүй нь ойлгомжтой. Дор бүрнээ, тус тусдаа ажлаа амжуулаад хөлсөө дуслуулж явсан байж таарна.

Манайд нэг гаж зуршил бий. Аль нэг нам нь ялахаараа өрсөлдөгч намынхаа дарга нарыг биш, танил шиг минь хөлсөө дуслуулан байж төрийн хамаг ажлыг нугалсан жирийн албан хаагчдыг ад үзээд унадаг. Зүй нь төрийн албан хаагчдыг ад үзээд байгаа төрийн томчуудыг өдий дайны болгосон нөхөд нь хэн билээ. Ажлаа алдаж, байрны лизингээ төлж чадахгүй нь гэж шанаагаа тулж суугаа өнөө төрийн албан хаагчид шүү дээ. Халахаар бэлдсэн өнөө 20 мянган төрийн албан хаагч. Төрийн томчуудын энэ хүртэл мандан бадарсан нууц нь ердөө л төрийн жирийн албан хаагчид. Шуудхан хэлэхэд төрийн албан хаагч гэдэг их том ойлголт. Дугаар байрны оршин суугч тэр гэх хувь хүнээс илүү том зүйл төрийн албан хаагчийн ард бий. Сүржин сонсогдож магадгүй. Төрийн албан хаагч бол монгол төрийн ой санамж, хүчирхэг байхын үндэс нь. Орос, Хятад гэх том гүрний дунд өнөө хүртэл өөрийн өнгө төрх, орон зайтай оршин буй Монгол гэдэг улсын дархлаа нь төрийн албан хаагчид.

Төрийн албан хаагчдыг буруугаар ойлгодог гэнэн гэмээр хандлага нийгэмд бий. Аль нэг нам нь ялахаар хэн нэг даргын үзэмжээр сувинер шиг тавигдчихдаг хэдэн нөхөр гэж төрийн албан хаагчдыг хардаг нь нууц биш. Үнэндээ төдийгөөс өдий хүртэл цөөхөн хэдэн төгрөг авч ажилласаар ирсэн төрийн албан хаагчдад сая хэлсэн гэнэн хандлага хэтэрхий жижигдэнэ. Тэд төрийн бүх л хар ажлыг хийсээр өнөөг хүрсэн улс. Өнөө маргаашийн цөөхөн төгрөгөөс илүү үнэ цэнэ байгаа учраас төрд ажилладаг жирийн албан хаагч өчнөөн бий. Эдний л хүчээр төрийн хүнд механизм урагшилдаг юм. Түүнээс биш сонгуульд ялбал гишүүний зөөлөн суудалд тухалчихаад ялагдахаараа бизнесээ эрхлээд явчихдаг улсын нуруун дээр монгол төрийн дархлаа тогтдоггүй.

Өдгөө засгийн эрхийг барьсан МАН гэхэд л төрийн албан хаагчдад яснаасаа дургүй, төрөлхийн хадаргаатай нам. 2000 онд 15000 төрийн албан хаагчийг ажлаас нь халж байсан МАН өдгөө 20 мянган төрийн албан хаагчийн хувь заяагаар тоглоно гэдгээ улс даяар ил тодоор зарлачихлаа. Одоо хална гэж зарлаад байгаа 20 мянган албан хаагчийг МАН-ын өрсөлдөгч АН ажилд аваагүй. Тэднийг төр ажилд авсан юм. Тэд төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа улс. Аль нэг улс төрийн хүчин нь сонгуульд ялангуутаа төрийн албан хаагчдыг хоморголон халаад байвал Монголын төр хэзээ ч хүчтэй байж чадахгүй. Учир нь төрийн дархлаа, төрийн ой санамж бол зөвхөн төрийн албан хаагчид. Аль нэг нам засгийн эрх авангуутаа төрийн албан хаагчдыг өчнөөн мянгаар нь халаад байвал энэ төр чинь яаж тусгаар ихэмсгээр оршин тогтнох юм.

Их Британийн Ерөнхий сайдын ажлын албанд ажиллаж байсан залуугийн үгийг энд онцолмоор санагдаж байна. Ерөнхий сайд нь солигдож л байдаг, ажлын албаныхан нь солигддоггүй гэж тэр ярьж байсан. Танил маань ”Сайдын туслах л солигддог, бусад нь ажиллаад явдаг. Гэтэл манайд эсрэгээрээ юм аа” гэж мөрөө хавчиж билээ. Үнэндээ манайд эсрэгээрээ. Шинээр гарч ирсэн засаг хуйгаар нь сольж байж сая санаагаа амраадаг. Юун төр, юун төрийн дархлаа, юун уламжлал, юун хар хайрцагны бодлого…. Зүй нь монгол төрийн зангараг гэж том зүйл байх учиртай.

МАН бас нэг поп зорилт өмнөө тавьчихаад улаан тугаа намируулж яваа. Ихээ олон хүн өнөө зорилтыг нь дэмжээд байгаа юм шиг санагдсан байх. “Бид төрийн өмчит компаниудын захирлын цалинг хуйгаар нь танаж байгаа. Тэд одоо бидэн шиг л цалинтай ажиллана” гэж дуугаа өндөрсгөж байна. Бод доо, өөрөөс нь бага цалин авчихаад, өөртэй нь адил зовлон яриад, өөртэй нь адил таваргаад байгаа нөхрийг даргаа, удирдагчаа гэж харах хүн гарах уу. Төрийн өмчит компанийн үнэ цэнийг өргөх ажлыг өнгөрсөн засгийн үед дажгүй хийчихсэн. Саяхан гэхэд л “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа олон улсын стандартаар гаргадаг болсон гэж мэдээлсэн. Төрийн өмчит компаниуд дэлхийн жишгээр ажиллах эхлэлээ тавьчихсан энэ үед Ерөнхий сайдын таналт дэлхийд хэр ухаалаг харагдах бол?… Бодох учиртай өнцөг.

Тэгэхээр сонгуульд ялж засаг барьж буй намд алтан зөвлөгөө болохоор нэг санал байна. Юуны түрүүнд төрийн ой санамж, дархлаа болсон төрийн албан хаагчдыг халахаа боль. Тэгтлээ их халж солих хүсэлд автаад байвал улс төрийн албан тушаалуудынхаа хүрээнд л эрхээ эдэл. Өнөө амтат бялуугаа энэ хүрээндээ л хуваа. Монгол төрөөр битгий оролд. Энэ Монголын хөх төр чинь 2200 гаруй жилийн арвин түүхтэй. Хүннүгээс эхлээд Их Монгол, бүр сүүлд гэвэл Манжийн эсрэг барьсан зуун дамнасан их бодлого, за тэгээд ардын хувьсгал, Орос гэдэг ганц гүрнээс хамаатай далан жилийн түүх, ардчилал ялснаас хойших 26 жил, өнөөг хүртэл Монголоороо оршин буй нь монгол төрийн хэдэн мянганаар өвлөгдөн ирсэн төрийн дархлаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд нэг нам нь гарахаараа төрийн албан хаагчдыг хоморголон халдаг боллоо. Тэр дундаа МАН засгийн эрх авахаараа төрийн албан хаагчдыг ямар нэг өрөвдөм шалтгаан хэлж “заналтайгаар” хоморголон халдаг. Төрийн дархлаа суларч байгаагийн хамгийн том шалтгаан нь ерөөсөө энэ. Төрийн албан хаагчдыг хуйгаар нь халах хэрээр төрийн тусгаар тогтнол хэврэгшиж байгаа нь хатуу ч гэлээ үнэн.

“Өдрийн сонин” Монголын төрийг түвшин, тусгаар тогтносон, бүрэн бүтэн, хүчирхэг байхын төлөө үгээ хэлсээр өнөөдрийг хүрсэн. Өдгөө төрийн албан хаагчдыг хоморголон халахын эсрэг дуугарч байгаа нь ч цаанаа ийм шалтгаантай. Ажлаас халах тушаал хүлээн авах гэж буй 20 мянган төрийн албан хаагчийг нэгдэж тэмцэж дуугараасай, тэр дууг нь илүү тодоор төрд хүргэхсэн гэсэн хүсэл зорилго бидэнд бий.

Уг нь МАН-ыг ард түмэн төрийн албан хаагчдыг хуйгаар нь халж олон хүнийг ажил амьдралаас нь салгаарай, монгол төрийн дархлааг үгүй болгоорой гэж сонгоогүй. Наад зах нь л талх тариагаа аваад байрны лизингээ төлөх дайны цалинтай амьдрах гэж, цаад зах нь улсаа эдийн засгийн дажгүй хөгжилд хүргэх хүслээр МАН-ыг сонгосон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ж.Эрдэнэбатын 90 хувийн коммунизм байгуулах мөрөөдөл бүтэхгүй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн
сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн
дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж,
тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт сэтгүүлч Д.Даваасүрэнгийн бэлтгэсэн Хөвсгөл далайд
наймдугаар сарын 30-ний өдөр завьтайгаа осолдсон 4 хүүхэд нэг том хүн бүгд
садангийн хүмүүс байсан тухай томилолтыг уншаарай.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс “Босоо” хэмээн олноо алдаршсан
С.Ганбаатарын “Би дараагийн намаа өөрөө байгуулж, удирдана” хэмээх сонирхолтой
ярилцлага хэвлэгдлээ.

Улс төрийн тавдугаар нүүрэнд Ц.Оюунгэрэлийн “МАН-ын эмэгтэй гишүүдэд хойд
эх шиг яхир гэж хэлүүлэхгүй байх нэг боломж үлдээд байна” хэмээх хүчирхийллийн
эсрэг хуульд парламент дахь эмэгтэй гишүүдийн дуу хоолой чухал байгаа талаар
ярилцлага нийтлэгджээ.

“Өдрийн
сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж байдаг
онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд манай сонины нийтлэлч Дашбалбарын
Мөнгөндалайгийн “Ж.Эрдэнэбатын 90 хувийн коммунизм байгуулах мөрөөдөл бүтэхгүй”
нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлдээ өнөөгийн Засгийн газрын баримталж татвары
бодлого хийгээд ард түмний нуруун дээр ирж буй хүнд ачааны талаар бичжээ.

Баримт үйл явдлын
дараах нүүрт “Хар тамхичид манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц болсон
уу” гэсэн асуудал хөндсөн нийтлэл хэвлэгдсэн байна.

Өдрийн сонины 11
дүгээр нүүрт олон улсад өрнөөд буй үйл явдлын талаар судлаач Д.Баярхүүтэй
хийсэн цаг үеийн ярилцлага хэвлэгдлээ.

Соёл, урлагийн 12
нүүрнээс УДЭТ-ийн жүжигчин МУГЖ Ж.Оюундарьтай хийсэн “Өөрийн бүтээсэн
хөдөлмөрөө төрөөр үнсүүлж, үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж юм билээ”
хэмээх чин сэтгэлийн ярилцлага хэвлэгджээ.

Эрхэм уншигч та, манай
сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим
хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

В.Путин, Б.Обама нар Орос, Украйны хоорондох асуудлыг хөндөн ярилцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар “Их-20”-ийн уулзалтын үеэр уулзаж Сири дэх хүчирхийллийн эсрэг тэмцлээ гэрээ хэлэлцээр хийлгүй зогсоосон талаараа ярилцжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын хамтрагч Сергей Лавров нар энэ тал дээр харилцан ярилцсан боловч үр дүнд хүрээгүй байсан юм. Харин энэхүү уулзалтаар тодорхой шийдвэрт хүрнэ гэж талууд найдаж байсан боловч ямар ч шийдвэрт хүрч чадалгүй уулзалт өндөрлөжээ. Б.Обама, В.Путин нар энэ чуулганы үеэр нийтдээ 90 минут ярилцсан гэж албаны эх сурвалжид мэдээлж байна. Тэд мөн Украйн, ОХУ-ын хооронд үүсээд байгаа асуудлын талаар ярилцжээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Өнөөдөр Хойд Солонгос гурван баллисик пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр өглөө гурван баллистик пуужин хөөргөсөн тухай дөнгөж СNN агентлаг шуурхай мэдээ дамжууллаа. Эх сурвалжуудын мэдээлснээр эдгээр пуужинг БНАСАУ-ын Хойд Хвангхэ аймгийн Хвангжу нутгийн орчмоос Японы тэнгис рүү чиглүүлэн хөөргөсөн байна. Хоёр долоо хоногийн өмнө мөн Японы тэнгис рүү пуужин харваж байсан.

Өнөөдрийн харвасан пуужин нь дунд тусгалтай буюу 1000 км орчим зайд харвах хүчин чадалтай байсан бөгөөд энэ удаад мөн л Японы аюулаас хамгаалах бүсрүү нэвтэрчээ. АНУ-ын зүгээс энэхүү явдлыг буруушааж “Их-20”-ийн уулзалт Хятадад зохион байгуулагдаж буй энэ үед холбоотон болсон Хойд Солонгосын зүгээс ийм үйлдэл гаргаж байгаа нь байж боломгүй ичгэвтэр зүйл хэмээн байр сууриа илэрхийлжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ю.Цэдэнбалын нэрэмжит танхимтай болох саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ

Төрийн ордны “В” танхимыг Ю.Цэдэнбалын нэрэмжит танхим болгох саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргаж, УИХ-ын даргад хүргүүлжээ.

Тэрээр уг саналдаа Төрийн ордны “А” танхим “Их эзэн Чингис хаан танхим”,”Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус нэрлэхээр тогтсон. Тэгвэл Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Төрийн ордны “В” танхимыг түүний нэрэмжит танхим болгох саналтай байгаагаа илэрхийлж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.ОРХОН: “Стэнд бай” бол цорын ганц гарц биш

“Монголд хөрөнгө оруулах нь” чуулган арав дахь жилдээ болж байна. Энэ удаагийн чуулганд 1100 орчим төлөөлөгч оролцож байгаагийн 200 нь гаднын хөрөнгө оруулагчид байна. 2006 онд анхны чуулганаа хийж байхад ердөө 50 төлөөлөгч л оролцож байв. Долдугаар сард зохион байгуулагдсан АСЕМ-ийн хурлын дараа олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал манай улс руу чиглэсэн байна.

Энэхүү чуулганы үеэр Худалдаа Хөгжлийн банкны захирал О.Орхонтой ярилцлаа.

-Бодлогын хүүг 15 хувь болгож өсгөсөн. Энэ нь бизнес эрхлэгчдэд хохиролтой байгаа юу. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-1990 оноос хойш зах зээл үүссэн цагаас банкууд үүсч эхэлсэн. Ингээд ихэнх банкууд маань 20 гаруй жилийн түүхтэй болчихлоо. Манай банкны хувьд ч гэсэн 20 гаруй жил болж бүх л хөгжил дэвшил, хямралын үеүдтэй тулгарч байсан. Би ч бас энэ салбарт ороод 20 жил болчихлоо. Ухаан орсон цагаасаа л хойш Монголын эдийн засгийн түүх, улс төрийн байдал яаж өөрчлөгдөж байсныг мэднэ. Яг одоогоор Монгол Улсад их сонин нөхцөл байдал үүсчихээд байна. Банкууд 2015 оны эхнээс төсвөөс хамааралтай концепцийн зээлүүд болон бусад зээлүүдэд санхүүжилт өгөх нь багассан. Засгийн газрын бондууд 14-15 хувиар бирж дээр өсч байгаа. Энэ нөхцөлд зээлийн хүүг өсгөх, улам өндөр эрсдэлтэй болгох сонирхол байхгүй байна. Тэгэхээр томоохон арилжааны банкууд санал бодлоо солилцож байхад хадгаламжийн хүү, зээлийн хүү өсөхгүй юм байна гэсэн бодол төрсөн. Нөгөө талаас өнгөрсөн жилийн эцсээр мөнгөний бодлогыг боловсруулж батлуулж байхад ийм үүрэг чигийг УИХ-аас өгч байсан. Ингээд бид зээлийн хүүг бууруулах бүх талын арга хэмжээг авч хэлэлцээд жилийн турш хүү өсөөгүй. Хэчнээн эдийн засаг ийм хэцүү байгаа ч өсөөгүй харин ч буурах хандлагатай болж ирсэн. Бодлогын хүү огцом өөрчлөгдсөнөөр банкуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Бидэнд мөнгө хангалттай байгаа. Хүүгээ өсгөх биш харин ч бууруулж зах зээл дээр өрсөлдөх байх гэж бодож байна.

-Гадны банк оруулж ирнэ гэж яригдаад байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийдөө сайн юмнаас эхлээд ярья. Бид гадны банкийг оруулж ирэхгүйгээр ч ажиллаж болно.Жишээ нь сая Оюу-Толгой төсөлд Арилжааны банк, бас хоёр гурван олон улсын байгууллага зээл олголоо. Тэд Монголд салбар байтугай төлөөлөгчийн газар ч байхгүй. Гэхдээ хэдэн сая доллараар нь зээл олгож л байна. Нөгөө талаар бидний жижигхэн зах зээлд моргейжийн зээл гэх мэтчилэн зээлүүд бий болж Монголд банк хэрэглэгчдийн хоорондох харилцаа тогтож ямар их хөрөнгө оруулалт хийснийг ард түмэн мэдэж байгаа. Шүүмжлэхээсээ илүү хамтарч ажил хийх хэрэгтэй. Ингэж дөнгөж хөл дээрээ тогтож байгаа систем рүү гаднын том гигант банкийг оруулж ирж болохгүй. Оруулж ирлээ гэхэд ямар бодлоготой байх вэ гэдэг тал дээр бид нараас санал аваад харилцан ашигтай нөхцөл байдлаар бол болно шүү дээ. Хөрөнгө оруулалтын чиглэл рүү ч юмуу томоохон төсөл хөтөлбөр болох эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбар руу оруулж ирж болно шүү дээ.

Стэнд бай хөтөлбөрийн тал дээр ямар бодолтой байна?

-Энэ бол цорын ганц гарц биш. Стэнд байг хийхийг банкууд эсэргүүцэж байгаа. Гол нь энэ нь банкны салбарын бүтцийг өөрчлөхийг 2009 онд тулгасан. Энэ нь манай компани, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа ямар байдаг, тайлан балансын тухай, өөрийн хөрөнгийн хэмжээ зэргийг хардаг. Манай банкны системийг гадны банкны нүдээр харах юм ойлгомжгүй шүү дээ. Зөвхөн бид л ойлгоод 100 хувь барьцаа хөрөнгөө аваад харилцагчдаа эрсдэлд оруулчихгүй зээл өгөөд яваад байгаа. Гаднын банкуудын нүдээр үүнийг харвал дандаа чанаргүй зээл яваад байгаа юм шиг харагдана. Тиймээс би энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн эсрэг л байр суурьтай байна. Үүнийг хүчээр хэрэгжүүлдэг зүйл биш. Тухайн улс орны Засгийн газартай тохирч хийх ёстой. Тэр дотроо банкны секторыг хамгаалж хийх ёстой гэж бодож байгаа. Яагаад гэвэл бидэнд IMF-н тусламжгүйгээр дотооддоо хийх зүйл маш их байна. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулж болдог, түр хугацаанд шилжүүлж, хугацаа өгч болдог гэх мэт харилцагчдаа чирэгдэлгүй хоёр талдаа хэрэгтэй хуулиуд хэрэгтэй байна. Энэ мэтчилэн дотооддоо асуудлаа шийдвэрлэх зөндөө олон боломжууд байгаа.

-Эдийн засгийн хямралын үед банкууд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Олон улсын практикт хямралын эсрэг томоохон активуудыг худалдах болон төрийн томоохон харилцагчдын төсөл зээлийг төв банкнаас дахин санхүүжүүлэх арга хэмжээнүүдийг авдаг. Яг одоогоор бол банкуудын хөрөнгө хангалттай байна. Чөлөөтэй эх үүсвэр болох мөнгө байна. Тиймээс бидэнд тулгарсан хүндрэл бэрхшээл алга. Харин цаашдаа чанаргүй зээлийн харьцаа 10 хувь хүрэх буюу түүнээс дээш гарвал эрсдэлтэй болно. Тэр үед тусгай нөхцөлтэй бодит арга хэмжээнүүдийг шийдэх хэрэгтэй болно. Тэр болтол банкууд хуучин харилцагч нартаа нэмж зээл өгөх чанаргүй зээлээ багасгах арга хэмжээ авна. Банкууд өрсөлдөөнөөс болж үргүй зардал их гаргадаг гэж шүүмжилдэг. Жишээ нь олон банкны АТМ, пос машин дэлгүүрүүдэд зэрэгцээд байж байдаг. Энэ асуудлыг би банкуудын холбооны ерөнхийлөгч болоод жил хагас болсны хувьд тэдэнд ойлгуулж ярьж байгаа. Ингээд ихэнх банкууд энэ тал дээр нэг болгоё гэж санал нэгдсэн байгаа. Томоохон банкууд энэ асуудлыг ойрын хугацаанд эхлүүлэх болно.

Долларын ханшийг буулгах боломж байгаа юу?

-Засгийн газрын гадаад төлбөр тооцоо, манай улсын зээлээс болж төгрөгийн ханш буурдаггүй. Энэ бол эцсийн хэрэглэгчдийн хэрэглээнээс л хамаардаг. Бодитой эдийн засагт эрэлт гараагүй. Томоохон импортын компаниуд дээр тийм яриа хэлэлцээ явагдаагүй. Түрхэн зуурын жижиглэнгийн зах зээл дээр гардаг Засгийн газрын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдэгдлүүд давхцаад огцом паник зах зээл дээр үүссэн. Бодитой эдийн засгийн үзүүлэлтүүд багассан юм бол байхгүй. Цаашдаа ч гэсэн гарах урсгалаасаа орох урсгал нь илүү харагдаж байгаа. Тэгэхээр хаврын бизнесийн сезон эхэлтэл жоохон буугаад тогтворжих байхаа гэж бодож байгаа.

Тэгэхээр гаднын банк орж ирвэл банкуудын хамгийн сайн харилцагч нарыг л авна. Өнөөдөр хамгийн сайн төлдөг, хамгийн түүх сайтай, хамгийн сайн барьцаатай зээлдэгчдээ алдчих юм бол бусад банкууд нийлээд нийлээд дан муу зээлтэйгээ үлдэх л юм болно. Ингэхээр банкуудын эрсдэл буурахгүй улам өснө.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У тэргүүтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлагуудын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2014 онд НҮБ-ын гишүүн орнуудаас улс үндэстэн бүрт тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн гол хүндрэл бэрхшээлүүд нь халдварт бус өвчин болон нийгэм, эдийн засгийн хөгжил, ядууралтай холбоотой байгааг тунхагласан. Иймд тус байгууллагын зүгээс халдварт бус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хамтарсан хөтөлбөрийг Монгол Улсад 2016 оны есдүгээр сарын 7-оос 11-ний өдрүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөр нь халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтад хөрөнгө оруулалтыг татах, Засгийн газрын байгууллагуудын анхаарлыг хандуулах, эдийн засгийн тооцооллыг хийх зорилготой аж.

НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын багийн гишүүд Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд 2015 онд элэгний В, С вирусын өвчлөлийн өртөг тооцох судалгааг хийсэн талаар ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У уулзалтын эхэнд танилцуулав.

ДЭМБ-ын ерөнхий захирлын туслахын Халдварт бус өвчин, Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, багийн ахлагч Ник Банатвала хэлэхдээ, “Манай баг НҮБ-ын гишүүд орнууудад туслах зорилгоор 2013 онд байгуулагдсан. Халдварт бус өвчнийг зүрх судас, өмөн үү, хавдар, амьсгалын замын өвчлөл, чихрийн шижин гэсэн томоохон бүлэгт хувааж үздэг. Эдгээр өвчлөл ялангуяа чихрийн шижингийн гол шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал байдаг. Өнгөрсөн жилийн судалгааны дүнгээс харахад Монгол Улсад халдварт бус өвчний улмаас хөдөлмөрийн насны иргэд зуурдаар нас барах тохиолдол ихсэж байгаа нь эргээд эдийн засгийн хүндрэлүүдийг үүсгэж байгаа нь ажиглагдаж байна. Тодруулбал, 70 хүртэлх насны иргэдийн зуурдаар нас барах тохиолдол 34 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт. Зуурдаар нас барсаниргэдийн 43 хувь нь зүрх судасны өвчлөлөөр нас барж байсан бөгөөд үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь тамхи юм. Нийт эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи хэрэглэж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн эрэгтэйчүүдийн 40 орчим хувь, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь даралт ихсэх өвчинтэй. Таргалалт, хэт таргалалтын хувьд Монгол Улс Азидаа тэргүүлж байна гэж судалгааны дүнгээр гарсан” гэв.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өргөн бүрэлдэхүүнтэй баг ирсэн баяртай буйгаа илэрхийлээд УИХ-аар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж буй чухал цаг үед уулзаж байгааг онцолжээ.