Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” А/640 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 104 дүгээр сургуулийн баруун талд цэцэрлэгийн зориулалттай 1600 ам метр газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1422 ам метр газрыг Монгол Улс дахь Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин Сайдын Яаманд конторын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг тус тус баталгаажуулав. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албанд даалгалаа.
Month: September 2016
–“DISCOVER MONGOLIA-2016” ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ 14 ДЭХ УДААГАА БОЛЖ БАЙНА-
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн “DISCOVER MONGOLIA 2016” чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, Уул уурхайн сайд Ц.Дашдорж, “Эрдэнэс Монгол” ХХК-ий Ерөнхий эдийн засагч, Гүйцэтгэх захирлын ажлын албаны захирал Ч.Отгочулуу, “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл тэргүүтэй гадаад, дотоодын уул, уурхайн салбарын мэргэжилтнүүд болоод хөрөнгө оруулагч нар оролцлоо.
Энэхүү чуулгыг албан ёсоор нээж Ерөнхийлөгч асан П.Очирбат үг хэлсэн юм.
Тэрбээр “Жил бүр уламжлал болон зохион байгуулаж буй уул, уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2016” олон улсын чуулга уулзалт 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Уул уурхайн салбарын өсөлтийн хувьд бага зэрэг саарсан байна. Мөн оролцогчдын хүрээ өмнөх жилүүдийг бодвол буурч байгаа үзүүлэлт харагдаж байна. Тэглээ ч гэсэн бид чуулганыхаа сэдвийг цаг үетэйгээ холбож, сонгон авч үзэж байна. Энэ удаагийн чуулган маань“Тогтвортой байдлын төлөө” уриан дор явагдаж байгаа. Тогтвортой байдал, тогтвортой хөгжил гэдэг бол нэг улс орны эсвэл аль нэг Төрийн байгууллага, төрийн бус байгууллагын сонголтыг хэлэх биш дэлхийн нийтийн асуудал болж байна. Үүнийг НҮБ өөрийнхөө чуулганаар хэлэлцэж “Тогтвортой хөгжил-2030” хэмээх хөтөлбөрийг дэлхий нийтэд зарласан юм. Тийм учраас энэ хөтөлбөр нь энэ зууны эхний гучин жил баримтлах, хэвшүүлэх, төлөвшүүлэх журам болох юм. УИХ, Засгийн газар шинээр байгуулагдсан. Эдийн засгийн хүнд байдлын талаар хэлэлцэхийн зэрэгцээ эдийн засгийн нааштай болгох, хүндрэлийг даван туулах асуудлыг ярих юм. Сүүлийн 10-н жилийн хугацаанд манай улсад уул, уурхайн салбарын өсөлт эрчимжсэн. Дэлхийн хэмжээний том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хайгуулын төслүүдийг хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цаашдаа энэхүү төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой билээ. Монгол Улсын эдийн засаг эрдэс баялгийн салбараас шууд хамааралтай байгааг бид мэднэ. Монголын экспортын орлогын 80 гаруй хувийг уул, уурхай салбар бүрдүүлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ихэнх хувийг өөртөө шингээж буй салбар бол эрдэс баялгийн салбар. Тэгэхээр бид энэ салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдэс баялгийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж байгаа асуудал их байна. Юуны өмнө нөөц нь тогтоогдож ашиглахад бэлэн болсон орд газруудыг ашиглахад Төрийн дэмжлэг бодлого хэрэгтэй юм. Төр шийдвэр гаргахын өмнө нийгмийн лицензийн түвшинг тогтоох, олон нийтийн санал бодлыг судалж, зөвшилцсөн, ойлголцох зарчим барих шаардлагатай байгааг өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагааны туршлагаас харж болно. Их сорилтын эгзэгтэй цаг үед эрдэс баялгийн салбарын төлөөллийг хуралдуулж, тогтвортой хөгжлийг хангах, гарцыг оновчтой тодорхойлохыг зорьж байгаа “Discover Mongolia” чуулга уулзалтаас гарах үр дүн, чухал санал санаачилгууд манай улсын уул, уурхайн салбар, эдийн засгийн бодлогод их хувь нэмэр оруулах учиртай юм” гэв.
Чуулганы нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж салбарын бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2015 оны байдлаар манай улсын ДНБ-ний 16.7 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 85 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 55 хувийг Уул, уурхай, эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болсон Уул, уурхайн салбар сүүлийн 20 гаруй жилийн турш үсрэнгүй өсөлт, бууралт аль алиныг нь туулсан. Мөн бодлого, эрх зүйн хувьд ч сайн, муутай явж ирсэн. Төр Засгаас уул, уурхайн салбарын эрх зүйн чанаргүй хууль ар араасаа батлагдсаны улмаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын харилцаа ойлгомжгүй байдалд хүрсэн билэээ. Эдийн засгийн хөдөлгөгч хүчний эх үүсвэр болох гадаадын хөрөнгө оруулчдыг татахын тулд хамгийн таатай нөхцөлийг бий болгох замаар олон улс хоорондоо өрсөлдөж байна. Бид ч энэ агуулгаараа 2007 онд ашигт малтмалын хууль баталсан боловч зарим субъектив нөлөөгөөр хийрхэлд автсаар хөрөнгө оруулагчдын таатай орчныг таагүй болтол өөрчилсөн болохыг судалгаагаар харж байна. Ирэх он жилүүдэд Уул, уурхайн салбарын бодлого, судалгаа, шинжилгээнд суурилан хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам ажиллах болно. Та бүхнийг манай яамны хүрээнд хамаарах аливаа хүсэлтийг нэгтгэж, санал бодлоо илгээхийг хүсч байна” гэлээ.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн “DISCOVER MONGOLIA 2016” чуулганы үеэр “Оюу Толгой” компани өөрийн үйл ажиллагааны нөхцөл байдал, ойрын ирээдүйн төлөвлөгөөний талаар танилцууллаа. Мөн экспортын 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа эрдсийн бүтээгдэхүүний эрэлт гол нийлүүлэгч БНХАУ болонАзийн зах зээлд ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл мэдээлэл өглөө. Түүнчлэн уул уурхайн салбарын макро нөхцөл байдлыг дүгнэхээс гадна уул уурхайн салбарт хөрөнгө оруулах орчин, санхүүжилтийн нөхцөл байдал, Монгол Улсад хэрэгжиж буй хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн талаар хэлэлцэх юм. Ялангуяа “Erdene Resources Development” компанийн “Алтан нар” алтны төсөл, “Эрдэнэс Таван Толгой”-ийн хуурай аргаар нүүрс боловсруулах төсөл, Литин төсөл гээд хөрөнгө оруулагчдын анхааралд байгаа хэд хэдэн төслийн талаар хэлэлцэж байна.
Энэхүү хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хоёр өдөр явагдах юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг өнөөдөр /2016.09.08/ Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын өмнө угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.
Үүний дараа Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой хийх албан ёсны хэлэлцээ эхэллээ.
Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Мишээл экспо” төвд “Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Есдүгээр сарын 8-наас 11-ний өдрүүдэд үргэлжлэх тус үзэсгэлэнд дотоодын нийт 102 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож буй юм. Хүнсний салбараас 37 аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэрэгслийн 3, үнэт эдлэлийн 3, барилгын салбарын 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16 аж ахуйн нэгж тус тус оролцож байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар ажиллаж буй юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгслийг баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцжээ.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой, уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм байна. Мөн автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөлнө гэжээ.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ асуудлаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өгсөн байна. Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн туршихаар төлөвлөжээ.
Уулзвараар хориглосон дохиогоор баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогч иргэн, тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч байхаар төлөвлөжээ. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Өнөөдрийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилдэг аж.
Иргэдэд компани
байгуулж өгнө, хямд үнэтэй шатахуун их хэмжээгээр авч өгнө хэмээн нийт 34
удаагийн үйлдлээр онц их хэмжээний буюу долоон зуун сая төгрөгийн хохирол
учруулсан гэх иргэн Б.Алтанцэцэг, М.Оюун-Амгалан нарын долоон хүнд холбогдох
хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноож,
Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэжээ. Уг хэрэгт 2008 оны тавдугаар сард
эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд
шүүх хурал болж М.Оюун-Амгаланд 10.1 жил жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих
ангид ял эдлүүлэх, шүүгдэгч Б.Алтанцэцэгт 5.1 жирийн дэглэмтэй хорих ангид ял
эдлүүлэхээр оногдуулжээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялыг өршөөн
хэлтрүүлж шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцжээ.
Засгийн газрын
ээлжит хуралдаан өчигдөр болж дараах шийдвэрийг гаргалаа. Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн
газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. Гэр бүлийн
хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт
тооцон, зохих ял шийтгэх талаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн
боловсруулсан байна.
Жил бүр уламжлал болон зохиогддог “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар-2016” бүх нийтийн гүйлт ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.Бүх нийтийн гүйлтэд 10-аас дээш насныхан оролцох боломжтой бөгөөд оролцогчид гурав, тав, 10, 21, 42 километрийн зайд гүйх аж.Энэ гүйлт нь нийтийн спорт хүмүүсийн эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг сурталчлах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний талаарх ухамсар ойлголтын дээшлүүлэх зорилготой юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ шийдвэр гаргаж, орон тооны бус зөвлөхүүдийг томилжээ.
1.Аюулгүй байдал. гадаад бодлогын байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Р.Амаржаргал, М.Батчимэг, Р.Гончигдорж
2.Байгаль орчин, хүнс. хөдөө аж ахуйн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Р.Бурмаа. С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Н.Батцэрэг. А.Бакей
3.Нийгмийн бодлого, болоөсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Д.Батцогт, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл
4.Өргөдлийн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Д.Арвин, Д.Одхүү
5.Хууль зүйн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Д.Ганбат, М.Ичинноров, Д.Одхүү, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл
6.Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр М.Батчимэг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, А.Бакей
7.Төсвийн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Р.Амаржаргал, Б.Болор, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг
8.Эдийн засгийн байнгын хороо хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Д.Батцогт, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар. С.Дэмбэрэл, М.Зоригт, Н.Батбаяр нарыг томилжээ.
Дундговь аймгийн Говь-Угтаал, Сайнцагаан суманд хонины цэцэг өвчин гарсан. Үүнтэй холбогдуулан Сайнцагаан суманд найман айлын 461 хонины 105-ыг нь утгасан бол Говь-Угтаал суманд зургаан айлын 560 хонь өвчилж, үүнээс 70-ыг нь устгажээ. Халдварын голомт болоод голомттой ойр байгаа айл өрхийн хонинд вакцинжуулалт хийсэн хэдий ч малчдын отор нүүдэл, хөл хөдөлгөөн ихтэй байгаагаас үүдэн өвчин намдахгүй байгааг Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Иймд цэцэг өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр ажлын хэсэг байгуулж, Үйзэн багт долоон пост шинээр гарган ажиллуулах, өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгаж малчдад мэдээлэл сайн хүргэх, бусад сумын малын эмч нарыг дайчлан голомтод байнга ажиллуулах, Цагдаагийн байгууллагын хүн хүчийг нэмэгдүүлэх, постод ажиллаж буй алба хаагчдад ХААГ-аас мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр сайн хангах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, устгасан малын жагсаалт мэдээллийг улсын ОБЕГ-т явуулах, үйл ажиллагаанд зарцуулах төсөв хөрөнгө, ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргах зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж.