Монгол Улсын Ерөнхийлөгч Хөрс бэлчээрийг хамгаалах тухай зарлиг гаргахаар болж, Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Тус ажлын хэсэг уг зарлигт эрдэмтэн судлаачдын саналыг тусгах зорилгоор өнөөдөр /2016.09.09/ Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэлсэн. Тэрбээр энэхүү хэлэлцүүлэгт оролцсон нь ач холбогдол өгч буйн илрэл болов.
Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхайн олборлолт, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас Монгол орны хөрс элэгдэлд орж, зарим га талбай нөхөн сэргээгдэх боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, энэ асуудалд онцгой анхаарч хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулахгүй бол асар их хохиролтой нүүр тулах эрсдэлтэй аж.
Газрын харилцаа геодези зураг зүйн газраас гаргасан судалгаагаар, Монгол Улсын 25 сая га газар элэгдэлд орсноос 4 сая га талбайг нөхөн сэргээх боломжгүй, 10 гаруй сая га газрыг нөхөн сэргээхэд асар их зардал гарах тооцоо байна.
Мөн Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас хийсэн судалгаагаар Монгол Улсын 145 сумын газар нутаг цөлжилтөд нэрвэгджээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж шороон шуургатай өдрүүдийн тоо 3-4 дахин нэмэгдсэн бол цаг уур 2.1 градусаар дулаарсан болохыг дээрх судалгаагаар тогтоосон байна. Байгалийн энэхүү үзэгдэл нь хөрсний элэгдэлд тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавар дагуулж буйн зэрэгцээ хүний хүчин зүйл асар их хохирол учруулж буйг эрдэмтэн судлаачид хэллээ. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн н.Баярбат, профессор н.Жигжидсүрэн нар малын даац хэтэрсэн нь бэлчээр доройтоход том нөлөө үзүүлж буйг онцоллоо. 1970-аад онд малын тоо толгойг 25-30 сая дотор барьж байсан нь бэлчээр талхлагдахаас сэргийлэх зорилготой байжээ. Гэтэл өнөөдөр малын тоо толгой бэлчээрийн даацаасаа 20 сая гаруй толгойгоор хэтэрсэн. Бэлчээрээ сэлгэдэггүй, сүргийн бүтэц алдагдсан, ингэхдээ говийн бүсэд гол төлөв ямаа, тэмээг маллаж ирсэн уламжлал тасарсан, малаа машинаар, мотоциклиор хариулдаг болсон нь бэлчээр талхлагдах, эвдрэлд орох гол шалтгаан болж байгаа аж. Иймээс Ерөнхийлөгчийн гаргах зарлигт хөрс, бэлчээрийг хамгаалах асуудлыг тодорхой бүтцэд харьяалуулж, хэрэгжүүлэхэд нь голлон анхаарах асуудлыг Засгийн газарт харьяалуулах санал дэвшүүлэв.
Хөрс эвдрэхэд нөлөөлж байгаа дараагийн шалтгаан нь авто машинтай холбогдож байна. 1990-ээд оны үед 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл байсан бол өнөөдөр 500 мянга хол давж, тав дахин өсчээ.
Нөгөөтэйгүүр, уул уурхайн замбараагүй олборлолт нь хөрсийг химийн хортой бодисоор бохирдуулаад зогсохгүй нөхөн сэргээлт хийдэггүй нь эргээд мал бэлчээргүйдэх шалтгаан болж байна. Тухайлбал, 15 аймгийн 56 сумын 2400 га газар уул уурхайн олборлолтоос болж эвдэрчээ. Мөн малын гоц халдварт өвчин нь хөрсний бохирдолд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгааг Мэргэжлийн хяналтын албанаас анхаарууллаа.
Газар тариалан эрхлэлт мөн хөрсний эвдрэлийг ихээр бий болгож байна. Тухайлбал, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт хөрсний эвдрэл асар их байгаа бол Архангай, Өвөрхангай аймгийн газар тариалан эрхэлдэг талбайн хөрс асар ихээр эвдэрсэн нь судалгаагаар тогтоогджээ. Ингэхдээ 1.2 сая га тариалангийн талбайн 500 га нь атаршсан гэх судалгааг энэ үеэр зарим судлаачид хэлж байлаа. Ингэхдээ зарим судлаач Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь газар тариалангийн бүс нутгаас гаралтай хүн. Энэ талын зовлон бэрхшээлийг хамгийн сайн мэдэх учир анхаарлаа хандуулан, ач холбогдол өгөн дэмжиж ажиллана хэмээн найдаж байна гэдгээ онцолсон юм. Мөн хөрс судлалын лабораторийг 21 аймагт бий болгох, Улаанбаатар хотын гэр хорооллын 00 хөрсний бохирдлыг их хэмжээгээр бий болгож, тулгамдсан асуудал болж хувирсан тул барилгажуулахад анхаарах. Хогтой тэмцэх ажилд олон нийтийн оролцоог ашиглах, Засаг даргын ажлыг үнэлэх үнэлгээнд энэ асуудлыг нэг хэмжүүр болгох.
Бэлчээрээ уламжлалт аргаар ашиглах сургалтыг малчдын дунд зохион байгуулах, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учраас бэлчээрээ сэлгээтэй ашиглах, биологийн нөхөн сэргээлт хийхэд анхаарах, цөлжилттэй тэмцэхэд дэвшилтэт технологи ашиглах, хөрсийг сэргээх чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулах. Үүнд зурваслах, далан босгох, модлог, бултлаг ургамлыг сайн тарих зэрэг олон ажлыг зохион байгуулах ёстойг санууллаа.
Эдгээр ажлыг зохион байгуулахад тодорхой хэмжээний санхүүжилт шаардана. Үүнийг газрын төлбөрөөс шийдэх боломжтой аж. Жил бүр газрын төлбөрөөр дамжиж улсын төсөвт 40 тэрбум төгрөг хуримтлагддаг, үүний 4 тэрбумыг нь газрын хөрсийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулж байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд оролцсоны зэрэгцээ Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачид, багш нар оролцлоо.