Categories
мэдээ нийгэм

Дэлхий ертөнц гар утсан дээр суурилсан хэрэглээнд тулгуурлаж байна

Өнөөдөр Монголын Марктингийн холбооноос санаачлан жил бүр зохион байгуулдаг “Смарт-2016” форум болж амжилттай өндөрлөлөө. Энэхүү форумын үеэр тавьсан илтгэлийн хэсгээс та бүхэндээ сонирхуулж байна. Маркетингийг амжилттай хийхийн тулд хүний үнэ цэнэт зүйлийг хэрхэн ашиглах талаар оновчтой хийгдсэн жишээн дээр тулгуурлан энэхүү илтгэлээ бэлтгэжээ.

Бизнесийн орчин гэдэг бол хүмүүсийн ажиллаж амьдарч байгаа орчин юм. Энэ орчинд компаниуд байнгын өрсөлдөөнд ажилладаг. Харин “Макдоналдс” компани нэг өдөр ч гэсэн энх тайван байя гэсэн санааг сурталчилгаандаа ашигласан байна. Энэ нь энх тайвныг хүсэмжлэх хүн бүрийн дотоод хүсэл дээр тулгуурлажээ. Ингээд маркетингийн энэ ажлаа энхтайвны өдөр цацаж тухайн брэнд бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг олж харснаараа амжилттай болсон юм.

Хоёр дахь чухал зүйл бол хүмүүсийн амьдралд брэнд бүтээгдэхүүнийг тухайн хүний амьдралд үр ашиг өгөх үнэ цэнэтэй зүйл юм гэдгийг мэдрүүлэх юм. Жишээ нь нэгэн амжилттай болсон сурталчилгаан дээр зургийн хэрэгслийг сурталчлахдаа хүүхдийн бүтээлч сэтгэхүйг харуулж зураг зурж байгаа тухай харуулсан. Энэ нь хүүхэд гэдэг өөрөө гэр бүлд үнэ цэнэтэй байдаг. Нөгөө талаар эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ бүтээлч байдлыг өсгөхийг хүсдэг. Ингэснээрээ тэднээр бахархах бахархалыг нь бий болгосноороо энэхүү компанит ажил үр дүнтэй болсон байна. Тиймээс маркетерууд маань бодох хэрэгтэй. Хэрэглэгчдэд ямар үнэ цэнэ өгөх вэ, юуг дэмжиж байгаагаа мэдэж хийх хэрэгтэй болж байна.

Гурав дахь чухал зүйл бол мэдээж технологийн хөгжил. Ээж аавуудын хувьд хүүхдийнхээ дархлааг сайжруулж өвтгөхгүй байна гэдэг бол сэтгэл амар ажлаа хийх боломжийг олгож байдаг. Энэ үнэт зүйлийг нь ажиглаад технологийн дэвшлийг ашиглаад өдөр тутам байнга өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг сануулах боломжийг олгосон реклам хийсэн байна. Тэгэхээр маркетеруудын ажил бол тухайн бараа бүтээгдэхүүнийг тухайн цагт нь хурдан борлуулах ажил биш юм. Хүмүүс технологи их ашиглаж байгаа энэ үед түүгээр дамжуулаад хүмүүст бараа бүтээгдэхүүнээ хүргэх нь маш чухал юм. Мөн тухайн хэрэглэгчид зориулж байнга ажилладаг боловч бодит байдал дээрээ ийм төгс байдалд шилжээгүй байгаа.

Хүн бүхэн харилцаа холбооны зуунд ажиллаж байгаа энэ нөхцөлд үйл хөдлөл бүрийг нь маш сайн мэдэж байх хэрэгтэй. Үүнийг мэдэхийн тулд “connected life” судалгааг хийж байна. Энэ судалгаагаар нэгдүгээрт хүмүүс харилцаа холбооны технологийг ашиглаад хэрхэн бие биетэйгээ холбогдож байна вэ? Хоёрдугаарт би хэрэглэгчийнхээ аль моментод нь хүрч өөрийнхөө мэдээллийг хүргэх вэ? Гуравдугаарт нь ямар контентоор юмуу, ямар дэлгэцээр хэрэглэгчтэйгээ харилцах боломжтой байна вэ? Дөрөвдүгээрт нь хэрэглэгчдээ мэдээлэл өгсний дараа тэрхүү сэдлээ яаж худалдан авалтруу шилжүүлэх вэ гэсэн дөрвөн агуулгыг тодорхой болгож өгнө.

Энэхүү судалгаагаа нь монголын 56 зах зээл дээр 70 мянган хэрэглэгчтэй нүүр тулан уулзах болон интернэтээр ярилцаж хийсэн хамгийн том судалгаа болох юм. 2016 оны судалгааг харах юм бол дэлхий ертөнц гар утсан дээр суурилсан хэрэглээн дээр тулгуурлаж байна. Амерк хүмүүс өдөрт 83 удаа интернэт рүү орж ямар нэг байдлаар харилцаа холбоо хийдэг байна. Бүр нарийвчилбал 11 минут тутамд утасныхаа түгжээг онгойлгож ямар нэг үйлдэл хийдэг байна. Энэ үйлдэл юунд зориулагдаж, ямар давтамжтай байна вэ гэдэг маркетеруудад маань маш чухал.

Интернэт ашиглаж байгаа хандалт өссөөр байгаа. Цаашдаа ч өснө. Шинэ сонирхолтой апликэйшн, сувгууд ихээр нэмэгдэж байгаа. 55-с дээш насныхан мэдээ, мэдээлэл их сонирхож үздэг бол 14-24 насныхан бие биетэйгээ харилцаа холбоо тогтоох маягаар сүлжээг их ашигладаг. Хөгжингүй орнуудын хувьд онлайн шопинг хийх маягаар илүү хэрэглээний чиглэлрүүгээ сүлжээг ашиглаж байна.

Филлипиний Маркетингийн холбооны Ерөнхийлөгч Хенри Тенедеро: Ирэх долоо хоногт Солонгосын Сөүл хотод олон улсын марктингийн шагнал гардуулах ёслол болно. Монголоос анх удаа Азийн марктингийн холбооноос зохион байгуулдаг шагнал гардуулах ёслолд монголоос оролцсон. Энэ удаагийн Сөүлд болох ёслолд “Агь” компаний “Лавшаа” брэнд оролцох гэж байна. Нийгэмд үйлчлэх гэдэг төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцах юм. Энэ бүтээгдэхүүн нь хэрэглэгч болон байгаль орчиндоо чиглэснээрээ онцлог бүтээгдэхүүн болсон.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.

Төсөлд, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна.

Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг баталлаа.

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулсантай холбогдуулан гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комисс, хамтарсан хороо, дугуй ширээний уулзалт зэрэг хамтын ажиллагааны Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг шинээр томиллоо. Одоогоор Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудын Засгийн газартай нийт 38 хамтын ажиллагааны механизм байгуулан ажиллаж байна.

Хонины нэхий, арьс ширний үнэ нэмэгдэх боломжтой боллоо.

Өнөөдрийн байдлаар хонины нэхий 500, ямааны арьс 2000, адууны шир 30000 төгрөгийн үнэтэй болсноос малчдын орлого буураад байгаа юм. Иймд тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 2017 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхгүй байхаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр арьс ширний экспорт нэмэгдэж, хонины нэхий, арьс ширний үнэ өсч малчдын орлого нэмэгдэх боломжтой гэж салбарынхан тооцоолсон байна.

Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2013 онд баталснаас хойш хонины нэхий экспортлоогүй байна. Мөн манай улс арьс ширнийхээ 40 хувийг л дотооддоо худалдан авах багтаамжтай байдаг байна.

Өр, авлага барагдуулах, үнэ тарифыг судлах үүрэг бүхий ажлын байгуулна.

Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур”, “Шивээ-Овоо” хувьцаат компанийн өнөөгийн байдал, хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцээд, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сайд П.Ганхүү, Б.Чойжилсүрэн болон “Эрдэнэс Монгол” компанийн захирал нарт Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.

Техник, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх, өр авлагыг барагдуулах, авахад бэлэн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, үнэ тарифтай холбоотой асуудлыг Ажлын хэсэг гарган судалж, санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болголоо.

“Багануур” хувьцаат компани жилд гурван сая гаруй тонн нүүрс олборлон төвийн бүсийн “ДЦС-2” ”ДЦС-3”-ыг 100 хувь, “ДЦС-4”-ийг 50, Дархан, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцуудын хэрэглээний 30 хүртэл хувийг хангадаг. Харин “Шивээ-Овоо” хувьцаат компани хоёр сая тонн нүүрс олборлож “ДЦС-4”-ийн нүүрсний хэрэглээний 51 хувь, “Амгалан дулааны станц” болон орон нутгийн уурын зуухнуудыг нүүрсээр хангадаг.

Дээрх хоёр компани дизелийн түлш ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 2015 оны жилийн эцсээр тасалбар болгон баталгаажуулсан олон тэрбум төгрөгийн өртэй байгаа нь хамгийн гол хүндрэл юм. Түлшний хуваарьт нийлүүлэлт буурснаас болж хөрс хуулалт доголдоход хүрчээ. Өнөөдрийн байдлаар уурхай 30 хоногийн түлшний нөөцтэй байх ёстой ч 2-7 хоногийн нөөцтэй байна.

Товч мэдээ

– Сангийн сайд Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Хуульд заасны дагуу тухайн оны 9 дүгээр сарын 15-ны дотор дараа оны төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэгтэй юм.

– УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналаа хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

– Шивээхүрэн боомтын төмөр замын суурь бүтэц барих төсөлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Ордонтой хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

– Импортын барааны гарал үүслийн дүрмийг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо.

– Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн сонгуулийн хуульчиллын маргааны дагуу Цэц хуралдахаар болжээ

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай зэрэг заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсэн бөгөөд түүний дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэв.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Нитх дахь ан-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хороодод орох төлөөлөгчдийнхөө нэрийг өнөөдөр өгчээ

НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн. Тэд НИТХ нээлттэй үйл ажиллагаа явуулах зарчмаас ухарч, сар бүр хуралдахгүй байгаагаас Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тэргүүлэгчдийг томилохгүй байна гэж мэдээлсэн. Үнэн хэрэгтээ НИТХ-ын анхдугаар хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон. Анхдугаар хуралдааны шийдвэрээр тэргүүлэгчдийг сонгох тогтоол гарч, тэргүүлэгчид томилогдсон. Одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэргүүлэгчдийн хурал нийтдээ 5 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцэн, 17 тогтоол шийдвэр гаргасан” гэлээ.

“НИТХ-ын нэгдсэн хуралдаан дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг. Ажлын хороод, дэд хороод бол НИТХ-ын үндсэн дотоод зохион байгуулалтын нэгжүүд байгаа. Хоёрдугаар хуралдаан 8 дугаар сарын сүүлийн долоо хоногт хуралдах ёстой байсан. Хойшилсон шалтгаан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 сарын 17-ны өдрийн 11 тоот тогтоолоор ажлын хороод, дэд хороодын бүтэц хэд байхыг шийдвэрлэсэн. Үүний дараа намын бүлгүүд иргэдийн хурлын төлөөлөгчдөө өөр өөрийн харьяалагдах хороог ирүүлэх ёстой. Үүний дараа нэгдсэн хуралдаанаар тэргүүлэгчдээр хэлэлцэх ёстой байдаг. Өнөөдөр НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү энэ саналаа албан бичигээр ирүүлсэн. Саналаа ирүүлсэн учраас маргааш тэргүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулна.” гэж мэдээллээ.

Үүнээс гадна хурлын ажлын албатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. “Ажлын алба 40 хүнтэйгээс 35-ыг нь үндэслэлгүй халсан гэж АН-ын бүлэг хэлсэн. 2012-2016 онд ажлын алба 40 орон тоотой байсан. Үүнээс 23 нь улс төрийн албан хаагчид байсан. 17 нь төрийн захиргааны үндсэн албан хаагчид гэсэн үг. 2016 онд Шударга ёс эвсэл суудал аваагүй учраас гурван хүн бүхий бүлэг нь татан буугдсан. АН-ын бүлгийн 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх албан бичгийг бүлгийн дарга ирүүлсэн. Намайг ажлаа авахад (7 дугаар сарын 29) 15 хүн байсан.Үүнээс жирэмсний амралтаа авсан нэг хүн эргэж ажилдаа орсон. 2012 онд ажиллаж байсан 2 албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан нь шүүхээр тогтоогдсон учраас буцаж ажилдаа томилогдсон. Хоёр хүн жирэмсний амралт авсан. 1 хүн ажлын байрны шаардлага хангаагүй учраас чөлөөлөгдсөн. Ингээд одоо 5 албан хаагч ажлаа хийж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Б.Батзориг, А.Сүхбат нар өнөөдөр Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг механик болон биологийн аргаар цэвэрлэн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна гэж Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулгын эхэнд дурдсан юм. Анх 1959 онд 6 км бохир усны шугам ашиглалтанд орж байсан бол одоо ф150-1400 мм голчтой 240 км шугам хоолой, 2900 орчим бохир усны худгийн ихэнх нь урт хугацааны ашиглалтын явцад элэгдэж, хагаралт цууралт үүсэж байгаагаас үүдэн хөрсний ус нэмэгдэн ирж байгаа нь тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлдэг байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай байгаа. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэрний асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг яаралтай эхлүүлэх мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон холбогдох журмыг баталж мөрдүүлэх шаардлагатай гэлээ.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан боловч журам нь одоог хүртэл гараагүйгээс бохирдуулагч үйлдвэрүүдтэй хариуцлага тооцох боломжгүй. “Бохирдуулагч үйлдвэрүүд” гэсэн ангилалд ноос, ноолуур угаах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд мөн машин угаалгын газар зэрэг үйл ажиллагаа явуулж буй 225 хэрэглэгч хамрагдаж байгаа юм байна

Цэвэрлэх байгууламжид хэрэгжүүлж буй мөн зайлшгүй хийх шаардлагатай ажлуудтай танилцсаны дараа Байнгын хорооны гишүүд тодруулга авч, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр нийслэлд тулгамдаж буй асуудлуудын нэг бол яах аргагүй агаарын бохирдол юм. Энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийн тулд миний бие байнгын хорооны гишүүний хувиар энэ оны 10 дугаар сарын эхний 7 долоо хоногт нээлттэй хэлэлцүүлэг хийх төлөвтэй байна гэв.

Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэхдээ, төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болсон өнөө үед бид шинэ технологийн дэвшилтэт байгууламж барих шаардлагатай байна. Өнөөдөр тулгамдаад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд хийх ёстой ажил бол малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд шүүлтүүр тавих зайлшгүй хэрэгтэй байна. Цэвэрлэх байгууламжийн асуудал жилийн жилд яригддаг, жил бүр хэдэн тэрбум төгрөг төсөвлөгддөг. Гэтэл төсвийн гүйцэтгэл маш муу, гүйцэтгэлийн хяналт муу учир бид өнөөдөр энэ асуудлыг ярьсаар байна. Иймд бид шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгүй болгох шаардлагатай байна гэж анхаарууллаа.

Гишүүд төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс 20 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ

Монгол Улс оны эхний найман сард 20.4 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Үүнээс хамгийн их буюу 15.4 сая ам.долларын үнэ бүхий ноолуурыг Итали улсад экспортолжээ. Энэ нь Нийт экспортын 76 хувийг бүрдүүлж байна. Харин 10.7 хувь буюу 2.2 сая ам.долларын ноолуурыг Их Британид, 8.1 хувь буюу 1.6 сая ам.долларын самнасан ноолуурыг БНХАУ-д экспортолжээ. Монгол Улсын хувьд боловсруулсан ноолуурын гол зах зээл нь Итали, Их Британи зэрэг Европын орнууд байгаа ба “Ханбогд кашмер”, “Говь” зэрэг компани бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа аж. Харин Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монголоос Японд экспортлох ноолуур, ноолууран бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн байна. 2016 оны эхний найман сард нийт 293.1 мянган ам.долларын самнасан ноолуур Японд экспортолсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 3.7 дахин өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлж бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүсэлтэй 20 гаруй компани МҮХАҮТ-аас 100 гаруй төрлийн гарал үүслийн гэрчилгээ аваад байгаа аж. Ялангуяа ноолууран бүтээгдэхүүн голлох хувийг эзэлж, “Говь”, “Буян” компаниуд бүтээгдэхүүнээ экспортлоод байна. “Говь” компанийн хувьд Европоос гадна ОХУ-ын зах зээлд гаргах экспорт нь нэлээд жин дардаг. Самнасан ноолуурын экспорт биет дүнгээрээ 308.8 тоннд хүрсэн нь 2015 оны эхний найман сартай харьцуулахад 2.8 хувиар буурсан дүн болж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс Чех рүү хагас жилийн байдлаар 140 сая ам.долларын экспорт хийжээ

Монгол Улсаас БНЧУ руу 2016 оны эхний хагас жилийн байдлаар 140 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байна. Харин импортын дүн тайлант хугацаанд 44 сая ам.доллар байсан гэж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Монгол, Чехийн бизнес форумын үеэр мэдээллээ. Энэхүү бизнес форумд БНЧУ-аас 20 гаруй харин Монголын талаас 70 бизнес эрхлэгч оролцож хамтран ажиллах ямар боломж, бололцоо байгаа талаар ярилцлаа. Монгол Улсын хувьд Чех рүү гол төлөв ноос, ноолуур, сүлжмэл хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн экспортолдог байна. Цаашид газар тариалан, мал аж ахуйн салбар болон аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад Чехийн талаас байгальд ээлтэй тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлэх шаардлагатай байгааг МҮХАҮТ онцолсон. Өнгөрсөн хугацаанд Чехийн Засгийн газрын тусламжийн хүрээнд Монголд 50 гаруй сая еврогийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Чехийн бизнес эрхлэгчдийн хувьд Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Мөн Монгол хоёр том улстай хиллэн оршдог нь эдийн засгийн хувьд томоохон боломж гэж харж байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл Монголд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, ОХУ болон Хятадын зах зээлд гаргах сонирхолтой байгаа гэсэн юм. Үүнээс гадна Монгол, Чехийн бизнес форумын үеэр хоёр улсын Худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Арван залуу эрдэмтэнд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ

БСШУСЯ-наас 2016 оны судалгааны тэтгэлгийг эрдэмтэнд“Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуушилдэг 10 залуу эрдэмтэнд тэтгэлэг олгожээ. Тодруулбал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд шагналыг гардуулж өглөө. Манай улсын шилдэг 10 залуу эрдэмтэд шинжлэх ухаан, инноваци шингээсэн бүтээлч аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэхэд судалгаагаа чиглүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэдгээ илэрхийлэв. Энэхүү тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтэд шалгаруулалтад оролцдог аж. Мөн залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм. Сайдын нэрэмжит инновацийн тэтгэлгийг 2010 оноос хойш нийт 66 шилдэг залуу судлаачид хүртсэн ажээ. Дээрх шилдэг арван залуу эрдэмтэнд ШУТИС-ийн залуу эрдэмтэн Г.Мөнхсайхан“Молибденитын гадаргууд нанолитографи хийх технологи” бүтээлээр, МУИС-ийн залуу эрдэмтэн О.Алтансүх“Монгол орны намхархаг газрын тоон мэдээллийн сан үүсгэх, түүнийг хиймэл дагуулын мэдээгээр таних технологийн боломж” зэрэг бүтээлээр шалгарчээ.Эдгээр шилдэг арван залуу эрдэмтдийн бүтээлийг хүргэе.

Оюутны нэр

Сургууль

Бүтээлийн нэр

3

Далайхүүгийн Өсөхжаргал

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн

Морин шарилж, (Artemisia annua I)-ны абиотик стресс тэсвэрлэх чадварын физиологи, биохими, генетик механизм

4

Сүхбаатарын Отгонпүрэв

ХААИС

Эсийн суспензийн өсгөврийн аргаар амны хөндийн ялзруулагч бактерийн эсрэг идэвхи өндөртэй ургамлын биомасс гарган авах нь

5

Данзангийн Байгалмаа

ХААИС

Газар зүйн заалттай сарлагын хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи нэвтрүүлэх

6

Ганболдын Солонго

ШУТИС

Бактерийн эсрэг үйлчлэлтэй хүнсний хуванцар сав баглаа боодлын материалын судалгаа

7

Сэмчингийн Мөнхбаяр

Анагаах ухааны хүрээлэн

Монгол орын зарим амьтан ургамлын гаралтай олон ханаагүй тосны хүчил агуулсан өөх тост түүхий эдийн үсний ургалтанд нөлөөлөх нөлөөлөл

8

Хүрэлбаатарын Булгаа

ШУТИС

Улаанбаатар хотын иргэдийн зорчих эргэдтийг судалж, сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгох төсөл

9

Энхтөрийн Отгонжаргал

Хими, химийн технологийн хүрээлэн

Хүнд, хөнгөн металл оксианиондыг шингээх шинэ материалын шинж чанарыг сайжруулах судалгаа

10

Балжийн Энхжаргал

ХААИС

ХАА-н таримал ургамлын мөөгөнцөрийн өвчний эсрэг антагонист (эсрэг төрүүлэгч) бичил биетний судалгаа

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэр Лондоны биржид зэс болон бусад металл арилжих эрхгүй болжээ

Лондон хотын
шүүхээс Швейцарийн “MRI Trading AG” фирм болон Монгол Улсын зэс олборлогч “Erdenet
Mining Corporation” буюу “Эрдэнэт” үйлдвэр хооронд урт хугацаанд үргэлжилсэн
маргааныг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн Их Британи дахь
хөрөнгийг царцааж, битүүмжлэх шийдвэр гаргасан тухай “Ройтерс” агентлаг
мэдээлсэн байна. “Ройтерс” агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр
“Эрдэнэт” үйлдвэрийн болон Их Британи дахь 12 худалдааны компани болон банкны
дансанд байгаа 7.115 сая ам.доллар болон 637.818 фунт стерлингээр хадгалсан 841
мянган ам.долларын хөрөнгийг царцаахаар шийдвэрлээд байгаа аж. Ингэснээр
“Эрдэнэт” үйлдвэр Лондоны биржид зэс болон бусад металл арилжиж, борлуулах
боломжгүй болж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шатрын тэмцээн зохион байгуулав

Гадаад Харилцааны Яамны Дипломат Байгууллагын Үйлчилгээ Эрхлэх газрын 65 жилийн ойн баярын шатрын тэмцээн боллоо. Уг тэмцээнийг Монголын Шатрын Холбоотой хамтран Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны Анхны тэргүүн сайд Чин Ван М.Ханддоржийн өргөөнд зохион байгууллаа. Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд ГХЯ-ны ДБҮЭГ-ын Захирал О.Заяамандах, Дэд захирал А.Сүхбалт, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Баянмонгол болон Монголын Шатрын Холбооны төлөөллүүд оролцов. Уг тэмцээнд ГХЯ, ГАЯ, ДБҮЭГ-ын албаны ахмад, залуу, өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорьж, 1-р байрт Ж.Цэнд, 2-р байрт Х.Дорж, 3-р байрт Б.Батширэм, Өсвөрийн шатарчдын 1-р байрт Ц.Буянтогтох, 2-р байрт С.Билгүүн 3-р байрт Э.Будхүү нар тус тус шалгарлаа. Энэхүү тэмцээн нь ГХЯ-ны Дипломат Байгууллагын Үйлчилгээ Эрхлэх Газрын болон Монголын шатрын холбооны хамтын ажиллагааны эхлэл болж байгаагаараа онцлог ажээ.