Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал эх орондоо эмчлүүлнэ

Аки башёд бэртлийн улмаас зодоглож чадаагүй Их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирж амрангаа, биеэ эмчлүүлнэ. Зүүн өвдгөндөө бэртэлтэй удсан аварга өнгөрсөн долдугаар сарын башёгийн үеэр баруун хөлийн эрхий хуруундаа нэмж бэртэл авсан нь зуны тойргийн барилдааны үеэр сэдэрч, түүнийг өрсөлдөгчтэйгөө бус гэмтэлтэйгээ барилдахад хүргэсэн байлаа.

Барилдах байтугай гишгэхэд хүндрэлтэй байсан ч тойргийн барилдаанд оролцож явсан Хакүход эмч нар бэлтгэлээ түр зогсоохоор барахгүй энэ сарын тэмцээнийг өнжиж, яаралтай мэс засалд орохыг сануулснаар есдүгээр сарын 08-ны өдөр их аварга энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэж, эмнэлэгт хэвтсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Европын сэргээн босголт банк Улаанбаатар хотын дэд бүтцийн салбарт хамтарна

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европын сэргээн босголт банкны Турк, Төв Азийг хариуцсан захирал Наташа Ханженковаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европын сэргээн босголт банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулсаны 10 жилийн ой тохиож байгаад баяр хүргээд зочдыг тавтай морилохыг хүслээ.

Европын сэргээн босголт банкны Турк, Төв Азийг хариуцсан захирал Наташа Ханженкова хэлэхдээ “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзсан танд баярлалаа. Манай банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна. Энэ хугацаандаа хувийн хэвшлийг дэмжсэн олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн. Цаашид ч Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахуйц чухал төслүүдийг санхүүжүүлэх болно. Бид Улаанбаатар хотын дэд бүтцийг барьж байгуулахад хамтрахыг зорьж байна. Мөн хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр болон хаягдал ус цэвэршүүлэх тал дээр хамтарч ажиллах бодолтой байна” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Бид эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ард иргэдийнхээ амжиргааг дэмжсэн үйл ажиллагаа явуулахаар зорьж байна. Тухайлбал, нийслэлийн зүүн, баруун захад хөнгөн үйлдвэрийн парк барьж байгуулахаар төлөвлөж байгаа. Автозам сайжруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод 1777 км зам барих шаардлагатай. Мөн Туул хурдны замыг Улаанбаатар хотын урдуур барина. Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийг сайжруулах ажлыг үргэлжлүүлэхээс гадна хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөж байна. Хамгийн гол нь иргэдээ дээдэлсэн, бие даасан эдийн засагтэй, үндэсний дүр төрх бүхий хот болохоор зорьж байгаа юм. Энэ зорилгодоо хүрэхэд хамгийн сайн хамтрагч нь Европын сэргээн босголт банкны хамт олон та бүхнийг гэж үзэж байна.” гэлээ. Мөн тэрээр Европын сэргээн босголт банктай цаашид хамтарч ажиллахад Улаанбаатар хот үргэлж нээлттэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хүчирхийлэгч Франц эр монголд орогнож байж магадгүй

Францаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны ажилтан “Альянс Франсез Иркутск” байгууллагын тэргүүн асан Иоанн Барберо бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт шалгагдан Эрхүү хотноо гэрийн хорионд байх хугацаандаа буюу энэ сарын 11-ний өдөр ор сураггүй алга болжээ.

Тэрээр алга болохдоо байршил тогтоогч цахилгаан бугуйвчтай байсан хэдий ч түүний бугуйвчнаас мэдээлэл ирэхээ больсон аж. Түүнийг Монгол улсын нийслэл Улаанбаатар луу оргон зайлсан байж болзошгүй хэмээн тус улсын хуулийн байгууллагынхан үзэж байгаа аж. Учир нь тэрээр алга болсноосоо хойш арав хоногийн дараа Улаанбаатар хотоос интернетэд холбогдож мэдээлэл үлдээсэн байна. Эхний мэдээлэл нь, М.Булгаковийн “Мастер Маргарита” зохиолоос иш татан бчисэн байсан бол хоёрдахь мэдээлэл нь К.Реца зохиолын гол баатар 1954 онд цайзад хоригдож байх хугацаандаа шийдвэрлэх мөчийг ашиглан урлагын ачаар зутгаж чадсан хэмээн бичсэн байжээ.

Харин түүний алга болсны дараа өмгөөлөгч Н.Козыдло “Тэр зугтана гэвэл аль хэдийн зугтах байсан. Тэгэхээр би түүнийг хэн нэгэн хулгайлсан гэж бодож байна” гэсэн байна. И.Барберог 2015 оноос хойш садар самуун агуулгатай кино хууль бусаар олон нийтэд тараасан буюу таван настай эмэгтэй хүүхдийн нүцгэн бичлэгийг интернетээр цацсан хэргээр ОХУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Мэргэн буудагч-2016” тэмцээнд Зэвсэгт хүчний 311 дугаар анги тэргүүлжээ

Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мэргэн буудагч-2016” тэмцээн Зэвсэгт хүчний 311 дугаар ангийн Хужирбулан буудлагын талбайд 10 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, ХХЕГ, ОБЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар болон Сүлд телевиз зэрэг 29 байгууллагын 35 баг тамирчид гурван төрлийн буугаар таван номинацад өрсөлджээ. Тамирчид мэргэжлээрээ өрсөлдөөд зогсохгүй гранат шидэлт, туухай өргөлт, олс таталт зэрэг авхаалж самбаа, эр зориг, хурд хүч шалгасан тэмцээнүүдэд ч өрсөлдсөн байна. Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн баг тамирчид шалгарсан бол удаахь байруудыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн баг тамирчид, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тамирчид эзэлжээ. Цэргийн нэгдсэн сургуулийн Галын бэлтгэлийн тэнхимийн дарга асан С.Цэрэнсодномын нэрэмжит энэхүү тэмцээн нь хүчний байгууллагынхны хүсэн хүлээдэг тэмцээний нэг бөгөөд жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Мисс Н.Ану хатан хааны титмийн эзэн болжээ

Хятадын Аялал жуулчлалын шинэлэг бүс болгон хөгжүүлж буй Пинь Янь хотод болсон “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Загвар өмсөгч, мисс Н.Ану үндсэн ялагчаар тодорч хатан хааны титмийн эзэн боллоо. Тус тэмцээн нь нэг үндсэн ялагчаас гадна таван тивийн төлөөлөл болгож таван бүсгүйг тивийн хатан хаанаар шалгаруулдаг аж.

“MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээнд өмнө нь 2007 онд манай улсаас анх удаа загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл оролцож Ази тивийг төлөөлсөн шагналт байр шалгарч “Азийн хатан хаан” хэмээх өргөмжлөл хүртсэн билээ.

Энэхүү амжилтыг ахиулах зорилт тавин, найдвар өвөртөлж өнөө жил тус тэмцээнийг зорьсон мисс Н.Ану маань ийнхүү дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг цууриатуулж үндсэн ялагчаар тодорлоо.

Тэрбээр, Азийн супер модель бөгөөд эх орноо төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн гэдгээ ийнхүү дахин баталлаа.

Categories
мэдээ нийгэм

“Ноён уул”-ын шүүх хурал болж “Сентерра Гоулд” ялалт байгуулжээ

Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стратегийн эргэлтэд оруулахыг өмнөх засгийн үед шийдсэн. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар бол борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8, сая ам.доллар төлөгдөх боломжтой юм байна.

Цэвэр ашгийн хувьд 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий. Засгийн газарт ногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432.3 сая эм.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд ногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байлаа.

“Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийхөн Ашигт малтмалын газрын шийдвэрээр “Сентерра Гоулд Монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртад олгосон 431 A, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчин­гүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн ан­хан шат­ны шүүхэд гомдол гар­гасан. Үүнээс болж “Сентерра гоулд Монголия” ХХК тус ор­дыг ашиг­лах боломжгүй өнөөд­рийг хүрээд байгаа билээ. Нэхэмж­лэгч тал ч шат шатны шүүхэд хандсаар өнөөдөр дээд шатны шүүхийн шийдвэр гарч “Сентерра Гоулд” ХХК-ийн талд асуудлыг нааштайгаар шийдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Колумба улс 52 жил үргэлжилсэн дайнаа зогслоо

Колумын Засгийн газар өчигдөр “Фарк”
бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулж, 52 жил үргэлжилсэн дайныг зогсоохоор
тохиролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

“Фарк” бүлэглэлийн тэргүүн Тимолеон Именес
“Бид сөргөлдөөнийг зогсоохыг хүсч байна. Бид хэтэрхий удаан сөргөлдлөө. Би ард
түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж байна. Та бүхний сэтгэлд хар толбо бий
болсон гэдгийг мэдэж байгаа. Бид гэрээгээ хэзээ ч зөрчихгүй” гэж мэдэгджээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги
Мүн “Та бүхэн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Өнөөдөр
байгуулсан гэрээ олон зуун жил хүчин төгөлдөр хэрэгжээсэй хэмээн хүсч байна”
гэж хэлсэн байна.

Энхийн хэлэлцээрийг байгуулах үеэр НҮБ
болон Латин Америкийн орнуудын удирдлагууд оролцсон аж. Хоёр тал өнгөрсөн
долоодугаар сард байгуулсан гэрээгээр “Фарк” бүлэглэлийнхэн галт зэвсгээсээ
татгалзсан билээ.

Хагас зуун жил үргэлжилсэн дайны үеэр 260
мянган хүн амиа алдаж, 6.2 сая хүн эх орноосоо дүрвэжээ.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид долоон тулааны тавд нь ялалт байгуулжээ

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Японы холимог тулааны “DEEP” холбоотой хамтран өнгөрсөн бямба гаригт “MGL-1 fighting championship” тэмцээнийг “Бөхийн өргөө”-нд зохион байгууллаа.

Монголын шилдэг долоон тулаанч Японы шилдэг долоон тулаанчтай халз тулалдсан тэмцээнд Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр, 2016 оны Дэлхийн тулааны их наадмаас алтан медаль хүртсэн М.Баярмаа нарын тамирчид Монголын багт багтан, өрсөлдсөн юм. Халз тулааны үеэр кикбоксын 60 кг-ын жингийн чансаа ахиулах тоглолт болж, У.Yүрийнцолмон, Р.Сүхмягмар нарын тулаанд Сүхмягмар хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулснаар ялалт байгуулжээ.

“MGL-1 Fighting championship 2016 7vs7” тэмцээний дүн:

ТУЛААН 1. Эхний тулаан А.Ууганбаяр Японы тамирчин Ochi Haruo нарын дунд болж, шүүгчдийн саналаар Ochi haruo ялав.

ТУЛААН 2. Монголын тамирчин Б.Азжавхлан, Японы Kazuhide Shiro нарын тулаанд шүүгчдийн саналаар Б.Азжавхлан ялав.

ТУЛААН 3. Японы тамирчин Nagano Mika, Монголын тулаанч бүсгүй М.Баярмаа нарын тулаанд Монголын тамирчин М.Баярмаа өрсөлдөгчөөсөө илт давуу тоглолт үзүүлж, шүүгдийн саналаар ялалт байгуулав.

ТУЛААН 4. Японы Nakamura Dai Suke, Монголын тамирчин Ц.Амарсанаа нар тулалдаж, гуравдугаар үеийн 03:10 секундэд Ц.Амарсанаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа.

ТУЛААН 5. Монголын тулаанч Т.Ганбаяр, Японы тулаанч Sakai Ryo нарын тулаан тун сонирхолтой өрнөж, хоёрдугаар үеийн 04:38 секундэд босоогоос боолт хийн, өрсөлдөгчөө буулгаж авсан.

ТУЛААН 6. Монголын тамирчин О.Пүрэв VS Японы тулаанч Shimabukuru Chikara. Тоглолтын гуравдугаар үеийн 04:19 секундэд О.Пүрэв боох мэхээр ялав.

ТУЛААН 7. Монголын тамирчин Х.Амартүвшин, Японы тулаанч Shimoishi Kota нар тулалдаж, шүүгчдийн саналаар Японы тамирчин ялав.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Энэтхэгийн эрдэмтэд чуулна

Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал 9 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. Бага хурлаар “Чингис хааны тухай уламжлалт ойлголт”, “Чингис хаан болон орчин үеийн монголчуудын нийтлэг байдал”, “Буддын шашны цар хүрээ болон энэтхэгийн соёл” зэрэг сэдвээр хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүн Нарендра Модигийн өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл, Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ, МУИС, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл, иргэншлийн дээд сургууль хамтран зохион байгуулж байна. Бага хуралд Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн Ерөнхийлөгч тэргүүтэй 17 эрдэмтэн судлаач оролцох ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Монголчуудын эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу

Пенсилванийн их сургуулийн удирдлагыг хүлээн авсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус сургуулийн Хантсман танхимд хүрэлцэн ирэв. Танхимд Пенсилванийн их сургуулийн профессор, багш, оюутан болон хувийн хэвшлийн төлөөлөл цугларсан байлаа.

Пенсильванийн их сургуулийн Нийгэм, шинжлэх ухааны факультетийн Декан, доктор Стивен Флуарти Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж хэлсэн үгэндээ “Пенсилванийн их сургуульд зочлон ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж байгаадаа би туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Пенсилванийн их сургуульд анх удаагаа зочлон ирж байгаа бөгөөд энэ үйл явдал нь манай сургуулийн хувьд ч чухал тэмдэглүүштэй үйл явдал болж байна.

Пенсилванийн их сургууль нь АНУ-ын ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын эх нутагт оршдог гэдэг утгаар бид сургуулиараа бахархдаг. Харин өнөөдөр манай сургуульд Монголын ардчилсан шилжилтийг эхлүүлсэн хүмүүсийн нэгэн төлөөлөл хүрэлцэн ирж, үгээ хэлэх гэж байгаа нь олзуурхууштай үйл явдал болж байна.

Нөгөөтэйгүүр Пенсилванийн их сургууль нь монгол судлалын Америк дэх төв гэдгээрээ онцлог. Манай сургууль нь монгол судлалд одоогоор гурван сая гаруй ам.долларыг зарцуулаад байгаа бөгөөд энэ чиглэлээр улсдаа тэргүүлэх зэрэгтэй байгууллага юм. Бид монгол судлал, оюутан солилцоо, эрдэм шижилгээ судалгааны ажилд голчлон анхаардаг. Энэхүү айлчлал нь манай сургуулийн монгол судлалын салбарт ихэд ач холбогдол өгч, бидний харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл гэж бид ойлгож байна. Ийм учраас бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал бидний хувьд онцгой чухал ач холбогдолтой юм.

“Perry World House”-ын судалгааны төвөө бид саяхан нээсэн. Энэхүү чухал арга хэмжээний дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлан ирж байгаад бид бэлэгшээж байна. Өшөө олон улсын төрийн тэргүүн “Perry World House”-ын судалгааны төвд айлчлан ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монголын ардчиллын туршлагаас өгүүлэх илтгэл оюутан, багш, эрдэмтэд та бүхний анхаарлыг хандуулж, та бүхний дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний өмнө Монголын ардчиллын “алтан хараацай” Цахиагийн Элбэгдоржийг урьж байна” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ ”Баярлалаа та бүхэнд. Эрхэм хүндэт багш оюутан, эрдэмтэн судлаачид аа. Би өнөөдөр энэ сайхан хотод хүрэлцэн ирж, энэ гайхамшгтай сургуульд зочилж байгаадаа сэтгэл үнэхээр догдолж байна. Америкийн эрх чөлөө, тусгаар тогтнолын эх нутаг Филадельфи хотыг үзэх миний мөрөөдөл өнөөдөр биеллээ. Би өөрөө эрх чөлөөний төлөө тэмцэгч хүн учир энэ чухал үйл явдал юм.

Та бүхэн Монголын талаар судалж, их зүйлийг мэдсэн байх. Өнөөдөр би та бүхэнд Монголын талаар гурван зүйлийг өгүүлье. Бид энэ жил Монгол Улсад Тулгар төр байгуулагдсаны 2225 жилийн ойг тэмдэглэсэн. Та бүхний харж байгаа энэ газрын зураг бол Монголын Их Гүрэн бөгөөд энэ үед Их Засаг хэмээх хуульд захирагдаж байсан. Монголчууд энэ агуу гүрнийг хэрхэн байгуулсан бэ? Тэд шашин шүтэх эрхийг дэмжиж, соёл урлаг, чөлөөт худалдааг хөгжүүлдэг байсан. Дашрамд хэлэхэд өнөөдөр Хубилай хааны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өдгөөгөөс 801 жилийн тэртээ төрж, өнөөдрийн Бээжинд Юань гүрнийг байгуулсан. Чингис болон Хубилай хааны үед анхны цаасан мөнгө, морин өртөө гэх мэт олон шинэ зүйл бий болгосон.

Монголчууд өнөөгийг Ойрхи Дорнодын нутагт хоёр зууны турш ноёрхлоо тогтоож байсан. Би 2012 онд Ираны Тегеран хотноо айлчилж, Аятолла Хомейнитэй уулзахад тэрбээр “Би монголчуудад гүнээ талархаж явдаг. Учир нь монголчууд Иран улсад анхны одон орон судлалын төв, анхны дээд сургууль, анхны эмнэлэг, анхны номын санг байгуулж өгсөн” гэж хэлсэн. Монголчууд мөн Европ, Азийн орнуудад үүний адил соёлын өв үлдээсэн байдаг.

Монголчууд дэлхийд гайхагдах тэнгисийн цэрэгтэй байсан гэвэл та бүхэн гайхах байх. Энэ цэрэг тухайн үед Японыг хоёр ч удаа довтолсон боловч далайн хар шуурганд сүйрсэн юм. Хожим Монголын Эзэнт гүрэн задарч, улмаар 20-аар зууны эхээр монголчууд тусгаар тогнолоо дахин олж авсан. Ингээд 1920-иод оны эхээр Монгол дэлхийн хоёр дахь коммунист улс болоод байв. Монгол 70 гаруй жилийн турш коммунист тогтолцоотой байсан.

Би найман хүүтэй энгийн нэгэн малчин айлын отгон нь. Миний аав энгийн нэгэн малчин, нэгдлийн мал хариулдаг байсан. Тухайн үед хонь төхөөрөх эсвэл өөр аймаг суманд очих бүртээ заавал өргөдөл бичих журамтай байлаа. Тэрээр 1940-өөд оны эхээр цэрэгт татагдсан юм. Цаг үе ороо бусгаа үед эх нутгаасаа хол цэргийн алба хаахаар явсан. Ээж маань аавыг явснаас хойш таван жилийн дараа анхны захидлаа авсан гэдэг. Аав минь зав чөлөө гарсан үедээ бичиг үсэг сурч, таван жилийн дараа л анхны захидлаа бичиж чадсан нь тэр байж л дээ. Хоёр үеийн өмнө л Монголд амьдрал ийм хүнд бэрх байж шүү дээ. Харин өнөөдрийн нийгэм тэс өөр болжээ.

Миний аав ээж хоёр отгон хүү нь хэзээ нэг өдөр Америкийн эрх чөлөө, тусгаар тогтнолын эх нутагт ирж, энэ хүндэт индрээс үг хэлнэ гэж зүүдлээ ч үгүй явсан биз. Үүнд би аав ээж хоёртоо, ард түмнийхээ чөлөөт сонголтод баярлаж явдаг.

Би ард түмэн, эх орон, эх түүх, зан заншил, урлаг соёл, үзэсгэлэнт байгалиараа бахархдаг. Түүний дотроос би үнэт зүйлээрээ хамгаас илүү бахархдаг. Монголын орчин цагийн түүх зарим улс орныхтой төстэй байж магадгүй. Дээр хэлсэнчлэн монголчууд коммунист тогтолцоонд орж, хэлмэгдлийн он жилүүдэд насанд хүрсэн зургаан хүн тутмын нэгийг алдсан байдаг. Монголын овог аймгууд асар их гарз хохирол амсан, буддын шашны 700 гаруй сүм хийд үнсэн товрого болсон. Коммунистууд манай орны амин зүрхийг онилж байсан авч үүрдийн тавилангүй байсан юм. Эцэст нь бидний өмнө шийдвэрлэх мөч ирсэн. Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны тэр нэгэн хүйтэн өдөр бид анхны цуглаанаа нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулсныг та бүхэн энэ зурагнаас бэлхнээ харж байна. Энэхүү түүхэн цуглааныг тэргүүлэх завшааныг надад миний журмын нөхөд олгосон юм. Тухайн үед баруун Украины Лвовь хотноо таван жил сурсан миний өчүүхэн туршлагад нөхөд минь найдсан байх л даа. Би энэ цуглааныг “Бид чимээгүй удаан тэслээ. Одоо бидний хийх цаг ирсэн. Өөрчлөлт шинэчлэл хийх цаг болсон” хэмээн нээж байсан. Тэр өдөр бид цуглаан хийх, шашин шүтэх, үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль хийхийг шаардсан. Энэ бол эрх чөлөө, шударга ёс бүрэлдэн тогтохын эхлэл байсан юм.

Хуучин тогтолцоо, олон нийтийн сэтгэлгээг өөрчлөхөд хэцүү байсан. Бид уулзалт цуглаан, өлсгөлөн олонтаа зохион байгуулсан. Бид хүчирхийллээс ямагт татгалзаж, зөвшилцлийн замаар урагшилж байсан. Тэртээ 1989 оны өвөл 1990 оны хавар үнэхээр урт байсан санагддаг. Гэвч хувьсгалын эхлэл болж, хэдэн арван жилийн турш ноёлсон засгийн дэглэм нуран унаж, иргэний эрх чөлөө, хүний эрх дээдлэгдэж эхлэв. Энэ өдрөөс эхлэн бид сүүлийн 26 жилийн хугацаанд улс орноо дарангуйллын тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжсэн. Энэ хугацаанд бид хамгийн тусгаарлагдсан, хаалттай улс орноос хамгийн нээлттэй тогтолцоонд шилжсэн.

Монголын ардчилсан шилжилтийн гурван зүйлийг би онцлон хэлье. Юуны түрүүнд бид тайван замаар өөрчлөлт хийсэн. Эрс өөрчлөлтийг богино хугацаанд хийсэн тэр он жилүүдэд нэг ч удаа буун дуу гараагүй, нэг ч цонх хагараагүй, нэг ч хүний хамраас цус гараагүй юм.

Хоёрт, ардчилсан шилжилтийн хүрээнд монголчууд улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг нэгэн зэрэг хийсэн. Азийн улс орнуудын хувьд энэ томоохон өөрчлөлтийг нэгэн зэрэг хийх боломжгүй гэж үздэг. Монголчууд бид энэ хуучин онолыг эвдэж чадсан.

Гуравт, гадаадын хөгжлийн загварыг шууд тэр чигээр нь хуулбарлах хэрэггүй болохыг монголчууд туршлагаараа харуулсан. Иргэддээ эрх чөлөөг нь олгож, хүний эрхээ эдлэх боломжийг нь өгснөөр бид амжилтад хүрсэн. Өнөөдөр Монголд зах зээлийн чөлөөт эдийн засаг, бүтээлч нийгэм бүрэлдэн тогтож, дотоодын нийт бүтээгдэхүүн 1990-ээд оноос хойш эрс нэмэгдсэн. Манай хувийн хэвшил өнөөдөр ДНБ-ийн 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Гэтэл 1980-аад онд ДНБ-ийн 99 хувийг улсын үйлдвэрүүд бүрдүүлж байсан.

Эрх чөлөөтэй хүмүүс илүү бүтээлч, шинийг эрэлхийлдэг, илүү ихийг сурч мэдэхийг эрмэлздэг. Монголчууд яагаад ардчиллыг сонгосон юм гэж та бүхэн асууж байгаа байх. “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр ардчилал нь хүний эрх чөлөөтэй байх хүсэлд нь тулгуурласан юм. Ийм учраас бид ардчиллыг сонгосон.

Бид нэг өдөр ардчилсан байгаад маргааш нь биш байх боломжгүй. Ардчилал нь Монголын эв нэгдлээс ангид байх боломжгүй. Ардчилал нь хэдийнэ монголчуудын төлөв байдал, амьдралын хэв маяг, бидний ажил үйлсийн салшгүй хэсэг болжээ. Энэ бол хөгжлийн бүтээлч арга зам юм. Ардчилал нь дэлхий нийтийн харилцааны хэлбэр, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх баталгаа юм. Иймээс бид ардчиллыг сонгосон.

Монголчууд яагаад эрх чөлөөнд хайртай вэ? Учир нь монголчууд бид нөр их хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар үүнийг олж авсан юм. Эрх чөлөө бол бидний өмч, эхээс төрөхөөс заяасан үнэт зүйл юм. Эрх чөлөө иргэдэд эрх мэдэл өгдөг. Эрх чөлөөтэй улс орны иргэд өөр ямар нэгэн этгээдийн өмч, эзэмшил байдаггүй. Тиймээс бид эрх чөлөөнд хайртай. Бид эрх чөлөөний хүчинд итгэдэг. Манай улсын хүн ам цөөн, эдийн засгийн хэмжээ томгүй байж болно. Гэвч бидний эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу, ардчиллыг туулсан туршлага арвин юм. Том байшин жижиг түлхүүрээр онгойдог шүү дээ. Иймээс бид эрх чөлөөг эрхэмлэдэг.

Эрх чөлөө бол ямагт суралцах үйл явц, сайн сайхан нь үүнд оршиж байдаг. Энэ бол өөрөө эрүүлждэг нийгмийн тогтолцоо юм. Дарангуйллын нийгэмд хүн алдаа гаргаж болдоггүй бол эрх чөлөөт нийгэмд болдог. Иймээс бид эрх чөлөөнд хайртай. Баярлалаа” гэлээ.