БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
“Юмжаагийн Цэдэнбал” хэмээх намтрын ном “Түүхэн эрхмүүдийн цэдэг” цувралын хүрээнд хэвлэгдэж худалдаанд гарлаа. Энэ цувралаар урьд нь Д.Бодоо, Х.Чойбалсан, Д.Намдаг, Д.Нацагдорж, Чин ван Ханддорж, Ц.Дамдинсүрэн, Ж.Батмөнх зэрэг ХХ зууны Монголын шилдэг эрхмүүдийн намтар ном хэвлэгдсэн ба өдгөө Б.Ширэндэв, Богд хаан, Р.Чойном, А.Амар, Бадамдорж зэрэг зүтгэлтнүүдийн намтар бэлтгэгдэж буй. Цэдэнбалын намтрын зохиогч Баабар урьд нь “Хорлоогийн Чойбалсан” номдоо түүгээр төлөөлүүлэн ХХ зууны Монголын эхэн хагасын түүхийг харуулсан бол “Юмжаагийн Цэдэнбал” номоороо ХХ зууны хоёрдугаар хагасын түүхийг дэлгэн үзүүлэхийг чармайжээ. Уг номын нэг хэсгээс танилцуулж байна.
Аль ч дарангуйлагч систем нийгмийн оюун санааг хянаж байх зөн билэгтэй байдаг. Хүний түүхэн дэх янз бүрийн дарангуйллаас коммунизм, фашизм хоёр энэ тал дээр онцгой “амжилт” үзүүлсэн юм. Чойбалсангийн үеийн Монгол ард түмний оюун санааг хянаж чаддаггүй байлаа. Ердөө л эртний ба дундад зууны үеийн аргаар учир утгагүй алж хядан нийтээр нь айлгаж байсан хэрэг. Ийм ердийн бүдүүлэг айдсыг соёлжсон Ромын Нэрон, Калигуллагаас эхлээд дундад зууны Чэзаре Боржио, ХХ зууны Иди Амин, Бокассо нар хийж чадаж байсан юм. Оюун санааг Орвэллийн 1984 маягаар хянаж, тодорхой зорилго руу жолоодохын тулд онол, үзэл суртал, техник технологи, арга барил хэрэгтэй. ХХ зуунд буй болсон фашизм, нацизм, коммунизмд энэ бүхэн байлаа.
Цэдэнбал онолтой хүний хувьд юу ярьж болохов, юу бодож болохгүйв гэдэг анхны шалгуур хэмжүүрийг санаачлан тавьж эхэлсэн юм. Урлаг, утга зохиол, түүх, философи, эдийн засгийн салбарт энэ хэмжүүрээ тавьж эхэллээ. 1947 онд түүний мандуулсан Ардын унших бичиг-ийн шүүмжлэл үүний анхдагч нь юм. Намын ТХ-нд харьяалалтай Хэвлэл, утга зохиолын хянах газар энэ тал дээр юун түрүүн шүүгчийн үүрэг гүйцэтгэнэ.
МАХН-ын ТХ, Сайд нарын зөвлөлийн 1962 оны аравдугаар сарын 6-ны тогтоолоор “Нийгмийг аюулаас хамгаалах яамны дүрэм” баталсандаа Улсыг аюулаас хамгаалах байгууллагыг “намын улс төрийн байгууллага” гээд үндсэн чиг үүргийг нь үзэл бодлоо илэрхийлсэн, нам, төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан сэхээтнүүдийг хянах, тагнан мөрдөх үүргийг үндсэндээ олгожээ. Үүний дагуу НАХЯ-нд ийм үүрэг бүхий “10 дугаар хэлтэс” гэдгийг байгуулав. Үүрэг нь:
Улс төрийн санаа зорилго бүхий нэргүй бичиг бичигчид, тараагчид, төрийн эсрэг гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах, онцлог үйл явдлын үеэр иргэдийн улс төрийн санаа сэдлийг судалж нам, засгийн удирдлагыг мэдээллээр хангах.
Тус хэлтэс үүргийнхээ дагуу “эрэн сурвалжилсаар” яваад “Үнэн” сонины ажилтан О.Цэдэндоржийн өдрийн тэмдэглэл маягтай бичсэн “Үнэн танаа өргөх бичиг” хэмээх нэртэй 356 хуудас материалыг олжээ. Уг тэмдэглэлийг олохын тулд “Национализм” гэсэн нэртэй тусгай операци явуулсан байдаг. О.Цэрэндоржийг долоон жилээр тасалсан. Яруу найрагч Р.Чойномын гар бичмэлийг айлаас олоод мөн л “эрэн сурвалжилсаар” олж илрүүлэн “БНМАУ-ын засаг төрийн нэр алдар, үйл ажиллагааг гутаах, сааруулахад чиглэсэн гүтгэлэг, доромжлолын шүлэг зохиож, түүнийгээ бусдад унших, хуулуулах, зэргээр сурталчилсан” хэмээн дөрвөн жилээр шоронд илгээв.
Улс төрийн товчооноос НАХЯ ажлаа олигтой хийхгүй байгаа тухай анхааруулан зэмлэсэн 1963 оны 03 тоот тогтоолдоо:
…Үндсэрхэг, үгүйсгэх үзэл баримтлагчийн хор нөлөөгөөр Улсын их сургууль, Анагаах ухааны ба Багшийн дээд сургуулийн зарим багш, оюутны дунд үзэл суртлын талаар эрүүл биш ойлголт гарч байхад Улсыг аюулаас хамгаалах байгууллага цаг тухайд нь мэдэж чадаагүй байна… Намын бүх байгууллагаар буруушаагдсан Д.Төмөр-Очирыг элдвээр магтаж, намаас энэ талаар авсан арга хэмжээг үндэсгүй мэтээр гуйвуулан чалчигчид байсаар атал ийм этгээдүүдийг судлах талаар УАХБ зохиосон ажилгүй байна.
Цэдэнбалын тун эртнээс үзэн яддаг байсан хүн нь монголчуудын дунд асар их нэр хүндтэй эрдэмтэн Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нар байлаа. Ринчен Ленинградын Их сургууль төгссөн, маш олон хэлтэй хэл шинжээч, угсаатан зүйч, уран зохиолч эрдэмтэн хүн аж. Тэрээр 1937 онд баригдан буудуулахаар шийтгэгдсэн боловч шоронд НКВД-гийн орос сургагч нарт хэлмэрч хийсээр алах ял нь хойшилсоор байтал Их хядлага өнгөрч 10 жил гянданд суух ялаар солигджээ. Дайны үед “Үнэн” сонинг орос хэлээр гаргах гэтэл тэр хэрийн бичиг үсэгтэй хүн үгүй тул түүнийг шоронгоос сулласан байна. Сталинг үхсэний дараа тэрээр юун түрүүн уламжлалт монгол бичгийг сольсныг байнга шүүмжилснээр барахгүй Хрущёв, Мао Зэдун нарт энэ талаар захидал бичжээ. Энэхүү “үндэсний үзэл” нь юун түрүүн зөвлөлтүүдийн зэвүүг хүргэлээ.
Нэгэнт зөвлөлтүүд таалахгүй бол Цэдэнбал бүр үзэн ядах ёстой. “Ринченгийн үндсэрхэг үзлийн тухай” МАХН-ын тусгай тогтоол хүртэл гарч, бичсэн зүйлийг нь хэвлүүлэхэд хязгаар тавив. Түүний Монгол үсгийн дүрэм, Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл, Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл зэрэг зохиол бүтээлийг нь хориглов. Нэгэн уран сайхны киноны гол баатар монгол дээлтэй суугаад “Нууц товчоо” уншиж буйгаар гардгийг Цэдэнбал “Ринченг санагдуулж байна” гээд хааж байжээ. Монголоос гадаад ертөнцөд хамгийн нэр хүндтэй болсон энэ профессорыг олон жил нам, төрөөс дарамталж байлаа.
Монгол, Оросын хил дээр төрсөн энэ хүний зарим хамаатнууд нь Буриадад байдаг байсан учир түүнийг хэрэгт оруулах материал олуулахаар Цэдэнбал тийш нь хүн явуулж байв. Ринченгийн эсрэг бүх нийтийн “үзэн ядах” кампанит ажлыг 1976 онд улс даяар өрнүүлэх нь тэр. Эцэг, эх, ах, дүү, хамаатан саданг нь гүтгэж, цагаантны удам болгон, хэдэн үеэрээ улс төрийн дайсан байсныг нь илчилжээ. Хэзээ ч коммунист намын гишүүн байгаагүй түүнийг чухам Намын амьдрал зэрэг намын хэвлэлүүдээр буудаж эхэлсэн юм. Удам судраа гүтгүүлж доромжлуулсан өвгөн эрдэмтэн сэтгэл санаагаар ихэд унаж удалгүй нас барсан юм. Цэдэнбал түүний нас барсан тухай ямар ч гашуудлын мэдээг сонинд тавиулсангүй хориглолоо. Харин энэ гашуудлын мэдээ гадаадын олон хэвлэлд гарсан юм. Польш, чех хэл дээр түүх судлаач түүнийг эдгээр орнуудад ихэд хүндэтгэн дурсчээ. “Панорама” сэтгүүлд гарсан өгүүлэлд “Польшийн ард түмний дотнын нөхөр энэ лут эрдэмтэн өрнө, дорнын олон хэл мэддэгээс зөвхөн слав овгийнхоос гэхэд орос, украин, польш, чех, сербо-хорват, словак хэлийг гаргууд эзэмшсэн байлаа” гэжээ. Америкийн нэртэй монгол судлаач Р.Рүпен 1978 онд хэвлүүлсэн How Mongolia is Really Ruled гэсэн номоо “Енгөшбөө Ринчен (1905-1977) дор зориулав” гэжээ. “Нью Йорк Таймс” сонинд “Монголын Солженыцын нас барлаа” гэсэн мэдээ гарчээ.
1984 оны наймдугаар сарын 20-нд Улаанбаатарт Цэдэнбалыг бүх албан тушаалаас нь чөлөөлж байх тэр агшинд мань хүн КГБ-ийн толгойлогч В.М.Чебриковт хаяглан захидал бичжээ. Тэнд өөрийн орос эхнэрийг янз бүрээр өмөөрөхийн сацуу:
Зөвлөлтийн эсрэг шулуухан санаа бодолтой эхнэрүүд бий. Жишээ нь, Ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Жагваралын эхнэр байна. Тэр бол Буриадын цагаач, Зөвлөлтийн эсрэг үзэлтэн профессор Бембаев Ринчиногийн охин юм. Жагварал нь БНМАУ-ын АИХ-ын дарга асан Самбуугаас Ю.Цэдэнбалыг баривчлуулах бичиг авахыг завдаж байсан баримт бий (намын комиссын дарга Дэжидэд бий шиг санагдаж байна). Энэ тухай мэдээлсэн хүн нас барсан (магадгүй, учир битүүлгээр).
Одоо үндсэрхэг үзэлтэн, Хятадын талыг баримталсан этгээдүүд толгойгоо өндийлгөх вий гэж би их санаа зовж байна. Манай зарим удирдах хүмүүсийн гэр бүлийн хүмүүсийн дотор гарцаагүй үндсэрхэг үзэлтнүүд бий. Тийм болохоор өнөөгийн санаа тавих гол зүйл бол удирдлагад жинхэнэ интернационалистуудыг тавих явдал мөн.
Миний бие суут Лениний Коммунист намтай тогтоосон найрамдалд хэзээд үнэнч байсан бөгөөд эцсийн амьсгалыг хүртэл үнэнч байх болно. Гүтгэлгийг үнэн ялах болтугай.
Ю.Цэдэнбал. 1984 оны наймдугаар сарын 20. Москва хот.
Нэртэй эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэн бас л Цэдэнбалын дургүй хүний нэг байлаа. Их хядлагын үед мөн л шоронд сууж байсан. Тэрээр Цэдэнбалын даалгавраар кирил-монгол үсэг зохиосон юм. Хэл шинжээч, түүхч, орчуулагч, зохиолч эрдэмтэн энэ хүн үндэсний үзлээсээ болж олон жил гадуурхагдсан юм. “Сэхээтний төөрөгдөл” гэгчийн үед ард түмний амьдрал муу байгаа тухай ярьж байж хэрэгт орж байв. Чингисийн 800 жилийн ойг тэмдэглэх үеэр Яны Чингис хаан романыг шүүмжлэн “Оросууд Чингисийн үеийн монголчуудыг бөөсөө иддэг гэж доромжлон бичжээ. Дэлхийн талыг эзэлчихээд идэх юм олдохгүй бөөсөө идэж байв гэж үү? Чингис хаан тийм олон газар эзэлсэн болохоор хувцасны сайныг өмсөж, хүүхний сайхныг шилж, амттаны дээдийг хэрэглэдэг байсан байж таараа” гэж ярьсан нь дараагийн хэрэгт орох үндэслэл нь болов.
Монгол хэлний хамгийн анхны өрнө маягийн толь бичиг болох 50 мянган үгтэй Орос-Монгол толь зохиож 1969 онд хэвлүүлжээ. Тэрээр толиныхоо эцэст Монголын түүхтэй холбоотой Мянган жилийн харьцуулсан хүснэгт хавсаргасан нь томоохон улс төрийн маргаан хэрүүл үүсгэжээ. Сүүлийн мянган жилд Монголд болоод Монголтой холбоотой асуудлаар юу болсныг хүснэгтлэн цувуулсан уг литийг феодалын үеийн асуудлыг их оруулж тэднийг өргөмжилсөн байна хэмээн шүүмжилж толийг зохиогчтой нь УТТ-ны хурлаар оруулан авч хэлэлцлээ. Ленин, Богд хаан VIII Жавзандамба хоёр нэг онд төрсөн учир нэг дөрвөлжинд багтсан нь сүрхий том асуудал болжээ. Мөнөөх хоёр гайтай юм шиг бас нэг онд нас баран Дамдинсүрэнд бүртгүүлжээ. Хурлаас толийг шатааж, мөнгийг нь зохиогчоор өөрөөр нь төлүүлэх шийдвэр гарав. “Чи өөрийгөө намаас харж үздэггүй мэтээр аашилдаг. Нам чамайг харж үзэж байсан биз дээ?” гэж Цэдэнбалыг асуухад “Тийм ээ, шоронгоос гаргасан, бас медаль өгсөн” гэж суут эрдэмтэн ёжилсон байдаг.
Үзэл суртлын аварга том хүнд суртлын машин хамаг эрч хүчээрээ зогсоо зайгүй ажиллан гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж, гүтгэж гуйвуулж, “дайсны” бөөс хуурс болгоныг нямбайлан түүх боловч маш том юман дээр алдаж байсан нь ховор биш. Нэрт найрагч Ж.Бадрааг үзэл суртлын алдаа гаргасан хэргээр алс баруун хязгаарт цөлжээ. Гэр орноосоо хол, эхнэр хүүхдээсээ хөндий байхдаа тэрээр “Жаргаах зүрхэн” гэдэг дуу бичсэн нь Монголд хамгийн түгсэн сайхан дууны нэг болжээ. Тэнд …Хүдэн татсан уулс байна аа /Хүний нутгийн хангай юу даа/ Ай хүслэн татсан амраг чи минь ээ хөө/ Ай хүрэн зүрхний минь уяа юу даа. Зохиогчийн хожим тайлбарласнаар энд Цэдэнбалын Орост өгсөн гэх Давст уулыг, Цэдэнбалын дэглэм өөрийг нь эхнэр хүүхдээс нь холдуулж цөлснийг далд утгаар илэрхийлсэн гэх. Б.Ринченгийн “Их нүүдэл” роман нь Хүннү гүрний тухай, түүний удирдагч Модун шаньюүгийн тухай түүхэн роман юм. Дайсан нь хайртай морь, хайртай эхнэрийг нь нэхэхэд Модун өгчихдөг мөртөө газар нутгийнх нь хиллэж буй зурвас газрыг нэхэхэд “Миний нутгийн газраас Бурхан гуйсан ч бүү өг” гээд байлдахаар морддог. Энэ бол илэрхий Цэдэнбалд хандсан егөөдөл байлаа.
Ж.Бадраа Будда бурхны магтуу дуу бичжээ. Гэвч ийм зүйл дэлгэрүүлэх нь хориотой. Тэрээр нэг удаа хөдөө явж байгаад айлд хоносон байна. Айлын хоймрын авдар дээр жаазтай Лениний хөрөг байх юм гэнэ. Унтаж байгаад сэрээд харсан чинь гэрийн эзэн өвгөн жаазнаасаа Ленинг сугалж аваад цаанаас нь гарч ирэх Буддагийн хөрөгт мөргөж байв. Ийнхүү тэрээр Монгол даяар ихэд алдаршсан Ленин багш хэмээх маш их шашинлаг дуугаа нийтэд дэлгэрүүлсэн юм. Хожим 1990 онд тэрээр энэ “Ленин багш” гэдгийг “Бурхан багш” гэж ойлгох ёстойг ярьжээ.