Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн аминд хүрсэн нохойны эзэнг яллажээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаандаа сул байсан дундад ази үүлдрийн нохойд дөрвөн настай хүү уруулсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажил дуусаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, нохойны эзэн Б нь нохойгоо сул тавьснаас болж бага насны хүүхэд уруулж амиа алдсан тул Эрүүгийн хуулийн 201.2-т заасны дагуу яллах санал прокурорын байгууллагаас гаргаад байгаа. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-г буруутай гэж үзэн 2.6 жилийн хорих ял оноосон байна. Мөн хүүхэд хазсан дундад ази үүлдрийн нохойг устгажээ.

Categories
мэдээ нийгэм

Тахлын вакцинжуулалт 10 хоног үргэлжилнэ

Орон даяар тарваган тахлын дахлаажуулалт хийгдэнэ

Улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг 2016 оны 7 дугаар сарын 18-наас 28-ны хооронд зохион байгуулна.

Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай. Вакциныг 6 наснаас дээш насныханд тарих заалттай.

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хамрагдана уу.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарыг маргаашнаас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар дамжуулан маргаашнаас худалдаалж эхлэхээр болжээ.

Тасалбарын үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй бөгөөд суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх бол гадаадын жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээрээ байх аж.

Categories
мэдээ улс-төр

Хотын даргыг өнөөдөр томилно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан 07 сарын 04-ний өдөр болох байсан ч нийслэлийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, хуралдааны товыг дахин зарлахаар болсон юм.

Тэгвэл өчигдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулганыг 07 сарын 06-ны өдөр буюу өнөөдөр 11 цагаас хуралдуулахаар шийдвэрлэв. Тус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн
  • Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар наадмыг нээж дуулна

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадам эхлэхэд зургаан хоног үлдлээ. Наадмын нээлт хаалтыг Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар найруулж, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа.

Энэ удаагийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ямар байх талаар найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Ард түмнээ түүхийн дөрвөн цаг үеэр аялуулах болно. Бид аугаа түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн туулж өнгөрөөсөн цаг үе бүхэн бидэнд үнэ цэнэтэй, сургамжтай. Монголчууд усаа нүдний цөцгий мэт хайрладаг байсан. Гол мөрөнд үс гэзгээ угаадаггүй, усаа хутгаж асгаж цутгаж биш нандигнаж хэрэглэдэг сайхан уламжлалтай ард түмэн. Ер нь усгүй бол бид юутай үлдэх вэ гэсэн санааг хүргэхийг хичээж байна” хэмээв.

Түүхийн дөрвөн цаг үе гэдэг нь Хүннүгийн үе, Эзэн Чингис хааны үе, Богд хаант засаглалын үе, Ардын хувьсгалын үеийг харуулахыг зорьж байгаа ажээ. Мөн МУГЖ “Марийнский” театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин нар наадмыг нээж дуулах юм байна. Түүнчлэн наадамд 500 цэргийн парад жагсаж, төрийн их найрал хөгжим эгшиглэх нь ээ.

Наадмын бэлтгэл, сургуулилт нийт 1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй Монгол наадам” ням гаригт болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.

Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдэж байна.

Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шагнах юм.

Наадмын үеэр Чингисийн талбайд төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг нийслэлчүүддээ уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

B, C вирусын эхэн, дунд шатанд шинж тэмдэг илэрдэггүй

ХӨСҮТ-ийн болон “Бона вита” эмнэлзүйн нэгдсэн төв лабораторийн эмч, удирдлагууд элэгний B, C вирусын өвчлөлтэй холбоотой асуудлаар өчигдөр олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тэд “Монгол Улсын хувьд элэгний B, C вирусын халдварт өвчин хамгийн өндөр хувьтай байгаа. Сүүлийн үед ХСҮТ, ХӨСҮТ-д элэгний вирусын өвчнөөр хандаж буй иргэдийн дийлэнх хувь нь хүндэрсэн шатандаа эмчид ханддаг. Үүнийгээ дагаад эмчилгээний үр дүн хангалттай бус байгаа. Тиймээс иргэд цус, цусан бүтээгдэхүүнээр халдварладаг элэгний B, D, C гепатит болон ахуйн замаар халдварладаг “шар” буюу A, E гепатитийн шинжилгээндээ эрт хамрагдах шаардлагатай. Учир нь элэгний B, C вирусын эхэн болон дунд шатанд шинж тэмдэг илэрдэггүй. Харин хүндэрсэн шатандаа эмчилгээний үр дүн тааруу байдаг. Элэгний B, C вирусын халдварт өвчин нь элэгний үрэвсэл, хатуурал болон хавдрын суурь болдог” гэж байлаа.

Энэ талаар АШҮУИС-ийн халдвартын тэнхимийн профессор, ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Я.Давгадорж “Монгол Улс элэгний B, C вирусын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Энэ вирусээр халдварлан нас барж буй хүмүүсийн тоо өндөр байгаа. Төр засаг, эрүүл мэндийн салбар, хувийн хэвшлийн зүгээс энэ өвчний эсрэг хамтдаа нэгдэж, шат дараатай олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ үйлсэд ЭМСЯ, ХӨСҮТ-с элэгний B, C вирусын шинжилгээ хийх албан ёсны эрхээ аваад байгаа “Бона вита” эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори шинжилгээний тарифаа хямдруулж, чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр үйлчилж нийгмийн хариуцлагаа хүлээж байгаа нь сайшаалтай” гэв.

Эмнэлзүйн нэгдсэн төв “Бона вита” лаборатори нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох IVD сертификаттай Cobas 4800 бүрэн автомат тоног төхөөрөмж ашиглан молекул биологийн шинжилгээ хийдэг. Ингэснээр хүний гар ажиллагааг халж, гар ажиллагаанаас болж гарч болзошгүй эрсдлийг үгүй хийж чаджээ. Мөн шинжилгээгээ Австралийн RCPA компанийн гадаад хяналтад сар бүр хамруулж чанарын баталгаажилт хийлгэдэг аж. Элэгний B, C вирус илрүүлэх, тоолох шинжилгээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар лабораториороо дамжуулан авч байгааг хуралд оролцсон хүмүүс онцлон хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд 659 автобус иргэдэд үйлчилнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 659 автобус иргэдэд үйлчилнэ. Үүнд:


  • Дүнжингарав худалдааны төв рүү 07 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт 8 чиглэлийн 55 их багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ. Мөн үндсэн замналаараа явж 120 мянгатын автобусны зогсоолд 146 автобус зогсон үйлчилнэ.
  • Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.
  • Хүй долоон худаг руу 07 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос их багтаамжийн 20 автобус, мөн 07 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” 5 цэгээс тус бүр 4 нийт 20 микро автобус үйлчилнэ.
  • 07 дугаар сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
  • Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксийн 6 зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Г.Эрдэнэбат: Урлагийн буянаар төрийн хишиг хүртэж, түмэн олонд хайрлагдсан

Хөгжим бүжгийн коллежийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Бидний үеийнхэн таны фэнүүд л дээ. “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Нутгийн зам”, “Гэргий”, “Охин үр минь” дуунууд эгшиглэж байх үед бид ч бас амьдралд хөл тавьж байсан. Таны дуунуудын тухай ярина гэдэг эргээд л бидний хориод насны дурсамж сэргэнэ гэсэн үг?

-Тэр бас үнэн юм билээ. Сая Д.Сосорбарам, А.Долгор, Ц.Түвшинтөгс, Ш.Чимэдцэеэ бид тоглолт хийсэн юм. Ерээд оны эхэн үед бараг л бид таваас өөр хүн байхгүй юм шиг л явлаа. Эрэлт хэрэгцээ ч ихтэй. Тэгээд нэг хэсэг чиглэл чиглэлээ хөөгөөд таг болцгоосон. Саяхан “Хэдүүлээ нийлж тогловол яасан юм” гэж ярилцсан юм. Зарим нь “Одоо үзэхгүй ээ, гадуур дүүрэн тоглолт байна” гэсэн. Тэгээд тоглосон чинь үзэх байтугай хүсэлт гаргасан. “Та нар энэ тоглолтоо аймаг орон нутгаар, Европоор тогло” гэсэн юм. Биднийг Дархан, Эрдэнэтэд тоглоход маш сайхан хүлээж авлаа. Баянхонгорт Со-гийн нутагт хоёр орой тоглоход танхим битүү. Бид билет шахаагүй. Жинхэнэ үзье гэсэн улсууд зорьж ирсэн. Хүмүүс хүлээж байдаг юм байна. Бас уран бүтээлээ орхиж болохгүй юм байна гэж бодогдсон. “Одоо бол хүмүүс энэ дуунуудыг сонсохоо байсан” л гэдэг. Биднийг Европын орнууд, Америкт очиж тоглоход үздэг байхгүй юу. Яагаад гэвэл биднийг дуулж байх үед эх орноосоо гараад явчихсан улсууд тэнд байдаг. Мэддэг хүмүүс нь л ирж үзэж байгаа юм. Түүнээс биш бүх мэдээлэл, шинэ дуу хуурыг сошиэлээр авч байгаа хүмүүс шүү дээ. Бид залуучуудыг насны хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Би Дуурийн театрт орж байхдаа настай улсуудыг хараад “Яагаад залуу хүмүүст орон зай олдож болдоггүй юм бол” гэж боддог л байлаа. Одоо ч залуус адилхан бодож байгаа. Хүнд тэгж бодогдуулахгүйн тулд цаг нь болохоор гараад явчихдаг байх учиртай. Мэдээж ахмадуудаа хүндэтгэж сонсох ёстой. Ажлын тухайд урлагийн хүмүүс хэцүү. Урлаг бичигдээгүй хуультай. Жинхэнэ гайхамшигтай байх үед нь олон түмэн алган дээрээсээ буулгахгүй. Хэрэг нь өнгөрчихвөл хэнд ч хэрэггүй. Тийм бичигдээгүй хуультай учраас их болгоомжтой, мэдрэмжтэй байх учиртай.

-Гэхдээ зарим уран бүтээлч хэдэн ч насандаа гайхамшигтай байж чаддаг?

-Хүсэгдэж үгүйлэгдээд байна гэдэг менежменттэй гэсэн үг. Зүгээр явж байхад нь хүсээд байгаа юм биш. Ямар нэг үйл ажиллагаа цаана нь байгаа хэрэг.

-Та дуучныхаа хувьд формоо алдахгүй гэж хичээл зүтгэл гаргадаг уу?

-Ер нь миний хоолой бол их эмзэг эрэгтэй нарийн хоолой. Бүдүүн хоолойнууд бол хааяа нэг арга хэмжээнд уригдчихаад амралт муутай байсан ч дуугарч л байдаг. Биднийх бол байхгүй болно. Тийм учраас биеэ сайн авч явах ёстой. “Энэ ядарчихжээ, амраагүй юм байна” гэж ойлгохгүй шүү дээ. Хэзээд бэлэн байх ёстой” гэж үзэгчид хүсдэг. Тийм учраас биеэ эрүүл байлгаж, амралтаа зохицуулах хэрэгтэй. Урлагийн биднийг гудамжинд явж байхад ч хүмүүс үлгэр болгож хардаг. Биеэ яаж авч явах нь вэ, хүнтэй яаж харьцах нь вэ гэдэг. Муу ч сайн ч бүх юмны жишээнд дурдагддаг. Тийм учраас хүн хичээж явах ёстой.

-Тоглолт хийснийхээ дараа хүмүүст эрэлт хэрэгцээ байгааг мэдэрчээ. Энэ бүхний дараа шинэ санаа бодол төрөх юм уу?

-Чухал санаа төрсөн. Бид мэргэжлийн давуу талаа үзүүлэхийн тулд очсон газар болгондоо сургууль хийж байлаа. Чаддаг, мэддэг байсан ч тоглолтын өмнө сургууль хийж байх ёстой шүү дээ. Гэрэл гэгээгээ тохируулна. Концерт ч гэлээ бүх юм тавилттай байх учиртай. Манай Со концертоо найруулсан. Үүнийг хүмүүс сайн хүлээж авсан юм. Өнөөдөр мэргэжлийн уран бүтээлчийн энэ чанарууд дутагдаад байна. Тайзан дээр гараад л зарласан зарлаагүй дуулаад л, дахиулсан дахиулаагүй алга ташаад л энэ бүхэн урлагийг үнэгүйдүүлж байна. Мэргэжлийн цензуртай байх ёстой юм байна. Бидэнд бусдаас онцлог өөр юм байгаагүй. Яахав, хит болсон дуунуудаа дуулсан. Гэхдээ бүх юм тавилттай. Орохдоо нэг нэгийгээ хүндлээд ёсолно. Тэр шийдлүүд эргээд үгүйлэгдэж байгаа юм байна гэж бодсон шүү. Урлагийн боловсрол талаасаа ч хэрэгтэй. Бид үзэгчдээ тэгж л хүмүүжүүлэх хэрэгтэй.

Хүн тэтгэврийн нас хүртлээ үүргээ бүрэн биелүүлж ажиллах ёстой юм байна. За яршиг гэж хойшоо ухрах буруу юм байна. Байгаа байгаа газраа, хийж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Түүнээс биш бүгдээрээ улс төр яриад улс хөгжинө гэж байхгүй.

-Та дуучнаас гадна менежер, удирдагч хүн. Магадгүй удирдах, манлайлах орон зай байсан учраас тайзан дээр дуулахаас илүү тайзны ард байх замыг сонгосон болов уу. Та нэг хэсэг суралцсан байх аа?

-Хүүхэд байхын би нөхдөөрөө хүрээлүүлээд аливаа юмыг зохион байгуулаад, хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж явдаг байсан шиг байгаа юм. Дуурийн театрт ирээд анх гоцлол дууны ангид байлаа. Намайг ангийн дарга болгосон. Тэгээд л А.Цанжид сайдын үед гэнэтхэн театрын даргаар томилсон юм. Сайд өөрөө ажил хүлээлцүүлэхээр ирсэн. Тайзан дээр гараад бүх ажилтанг цуглуулж “А.Дашпэлжээ дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг театрын даргаар томилж байна” гэсэн. Шинэ дарга үг хэлэх болоход “Сайн байцгаана уу” гэсэн чинь манайхан удтал алга ташсан. Тэр нь надад итгэл үнэмшил төрүүлсэн юм. Дөрвөн жил ажиллахдаа эрч хүчтэй ажилласан.

-“Ховор хүмүүс” кинонд нэгдлийн дарга гэнэт сурах шийдвэр гаргадаг. “За би сурах хэрэгтэй болжээ” гээд. Танд бас өөртөө дүгнэлт хийх шалтгаан гарсан уу?

-Нийгмийн шилжилт явагдаад огт өөр нийгэм байгуулах боллоо. Тэгээд нэг харсан чинь байгууллага удирдахад, өөрөө ч амьдрахын тулд менежментгүй бол явахгүй санагдсан. Менежмент гэдэг үг харь сонсогдож байгаа ч амьдралаа төлөвлөөд цэгцтэй зорилт тавьж авч явахыг л хэлж байгаа юм. Хэл сурах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.

-Хэдэн насандаа англи хэл сурахаар болчихов?

-Хөгширсөн хойноо сурахаар болсон. П.Цагаан сайд намайг дэмжсэн юм. Сайд надад нэг зүйл захисан. “За яв, сур. Ирээд урлага битгий орхиорой. Нэг бол багш хийгээрэй. Үгүй бол театртаа байгаарай. Битгий улстөржөөрэй” гэсэн. Би одоо ч улстөрждөггүй шүү дээ. Сурч байхдаа зуны амралтаараа ирээд буцах ёстой байлаа. Гэтэл Ө.Энхтүвшин сайд нэг өдөр дуудаад “Та Соёл урлагийн газрын даргын ажил хийхгүй бол болохгүй нь ээ” гэсэн. Би тэнд гурван жил гаруй ажиллаад “Энэ миний хийж чадах ажил биш байна” гэж бодсон. Соёл урлагийн бодлогын газрын дарга соёлтой холбоотой бүх ажилд орооцолддог. Тэнд нэг түүхэн дурсгалт чулуу хугараад унавал тэрийг хариуцна. Энд нэг сумын номын сан болохгүй бол үүрэг хүлээнэ. Энд нэг биет бус соёлын өвийг тээж яваа өвгөний асуудлыг ч хамаарна. Тэгээд би дийлэхгүй юм байна гээд ажлаа өгсөн. “Тэгвэл ХБК-д оч” гэсэн. Сургуулийн асуудал нэлээд хүндэрсэн байлаа. Хашааг нь цөм татаад нэг компани ороод ирчихсэн. Энд нэг сургууль барина гээд суурь цутгачихсан. Намайг томилох тушаалд гурван шийдвэрлэх асуудал заасан байгаа. Ирээд газраа авахаар жил шүүхэдсэн. Заргаа авсан. Хоёрт байшин бариулахаар хоёр жил манаач шиг сахисан. Тэр үеийн Ц.Даваасүрэн гишүүн, Ө.Энхтүвшин, Ё.Отгонбаяр сайд болон яамны удирдлагууд зүтгэл гаргаж байж төсвийг нь батлуулсан юм шүү дээ. Төсөв хүндэрч байх 2009 онд. Соёл урлагийн газар ч тэр чигээрээ ажилласан. Олон хүн хичээл зүтгэл гаргасан даа. Монголдоо үндэсний хөгжмийн их сургуультай болохын тулд байшингийн өргөтгөлийг нь барих хэрэгтэй гэж үзсэн. Орох оронтой болоод авбал учиртай шүү дээ. Байшин бариад орхидог. Доторхыг нь бас тохижуулах хэрэгтэй боллоо. Өрөө болгонд төгөлдөр хуур байх ёстой гэж үзсэн. Бас л яам тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгээр хангаж өгсөн дөө.

-Хөгжим бүжгийн коллеж 80 жил болж байгаа бил үү. Одоо их сургууль болох л дутуу байгаа юм байна даа?

-Тийм. Байшинтай болчихсон. Манайх шаталсан сургалттай бакалаврын диплом олгодог сургууль шүү дээ. Бакалаврын диплом олгоод арав гаруй жил болж байгаа. Тэгэхээр дээд сургуулийн сургалтын хөтөлбөр бүх юм хийгдээд туршигдсан. Одоо манайд гацах юм байхгүй. Боловсролын хуульд консерватур гэж үг алга гэдэг дээр гацаад байсан. Сая Боловсролын хуульд өөрчлөлт оруулаад их дээд сургууль коллеж, хөгжмийн сургалтын дээд байгууллага буюу хөгжмийн дээд сургууль консверватур гээд оруулчихсан байгаа. УИХ баталсан. Одоо бидэнд гацах юм бахйгүй. Энэ асуудал өнөө маргаашгүй шийдэгдэх байх.

-СУИС-д дөрвөн жил сураад мэргэжлийн уран бүтээлч болчихдог. Танайд бол бараг л насаараа сурч байгаа юм чинь илүү мэргэжлийн хүмүүс төгсдөг байх?

-Энэ бол аймаар ялгаатай.СУИС драмын жүжигчид, дуучид, менежмент, соёлын ажилтнуудыг бэлтгэж байгаа. Мэргэжлийн хөгжимчинг шаталсан сургалтаар бэлтгэхгүй бол тэгж амархан сурдаг ажил биш л дээ. Жишээ нь арванхоёрдугаар ангийг алтан медальтай төгссөн хүүхдийг төгөлдөр хуур сургана гэж байхгүй. Тэгж болдоггүй учраас шаталсан сургалтаар бэлтгэдэг. Тэр олон нот тэмдэглэгээг уншаад шууд тоглоно гэдэг үнэхээрийн амар ажил биш.

-Уран бүтээлчдийг бий болгож төлөвшүүлнэ гэдэг маш онцгой философи шаардах уу?

-Урлагийн сургуульд сурч байгаа хүмүүс бүгд од болж, мандан бадрахгүй ч гэсэн амьдралд хөлөө олж, цэгцтэй амьдардаг. Олон дуулаачийн сургууль ямар хэрэгтэй юм бэ гэж зарим нь шүүмжилдэг. Од болохгүй ч хүн болж төлөвшихөд нь хөгжим нөлөөлдөг. Багаасаа хөгжим сурахаар гайхалтай төлөвшдөг. Зургаан настай хүүхдүүд математикаа ч үзнэ. Цагаан толгойгоо ч үзнэ. Дараа нь хөгжмийн онолын хичээл, сонсгол, мэргэжлийн онолын хичээлээ үзнэ. Ямар ч илүү цаггүй. Тодорхой хэмжээгээр IQ-гүй хүүхэд бол дийлэхгүй. Мэргэжлийн багш нар шалгаж авдаг. Манайх бага сургуулиа үнэгүй явуулдаг. Шавь сургалтаар ийм өндөр зардлаар бүтэж байгаа сургалтыг манай улсад л үнэ төлбөргүй явуулдаг. Анхнаасаа эцэг эхтэй нь гэрээ хийдэг.

Хүүхдийн төлөвшилд хөгжим үнэхээр хэрэгтэй. Япон, Солонгос гэх зэрэг Азийн орнуудад хөгжмийн хичээлд маш их анхаарал тавьдаг. Хөгжимчин болгох гээд байгаа юм биш. Хөгжмөөр хүмүүжвэл, гоо зүйн мэдрэмжтэй, ёс суртахуунтай хүн болж төлөвшдөг. Тийм учраас ядаж дүүрэг болгоны нэг сургуулийг хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож үзэх юмсан гэж би мөрөөддөг. Тэгж чадвал хүмүүсийн төлөвшилд аяндаа нөлөөлнө. Хөгжмийн дээд сургууль болчихвол дуу хөгжмийн багшийг бэлтгэх чухал асуудал. Дуу хөгжмийг хүн хэрэглэх нь гарцаагүй.

-Жазз хөгжмийн анги нээсэн гэсэн үү?

-Сургуулиуд төсөл хөтөлбөрөөр их ажил амжуулдаг. Дандаа улсаас санхүүжүүлнэ гэдэг хэцүү. Би төрийн байгууллагад ажиллаж байсан болохоор мэднэ. Өөрсдөө арга сүвэгчлэхгүй, зөвхөн төрийн ам хараад байвал ажил явахгүй. Манай Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Шаравцэрэн гэж АНУ-д төгссөн нөхөр Швейцарийн хөгжлийн агентлагтай холбогдоод төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жазз хөгжмийн төслийг Гёте институтийнхан ирж надад санал тавьсан юм. Зөвхөн ХБК-ийн сурагчид гэхгүйгээр сонирхсон хүмүүс ирж сурна гэхээр нь анхандаа болгоомжилсон. Манайд жаахан хүүхдүүд ч сурдаг. Бүгд хамт сурна гэхээр бодох юм их. “Их талын жазз” ТББ, ХБК, Гёте институт хамтарсан. Олон барууны эрдэмтэн багш нар урилгаар ирж хичээл заах нь манайд хэрэгтэй байсан л даа. Тохижуулсан анги танхим, хөгжмийн зэмсгүүд нь төслийн дараа манайд үлдэх юм. Тэгээд зөвшөөрсөн. Элсэлт авсан, арав биш 50 хүн ирж шалгуулсан. Ярьсаар байгаад 30 болгосон. Гучин янзын ааштай хүн ирж бужигнуулах вий гэж болгоомжилсон ч удирдаж байгаа багшаас олон юм шалтгаалдаг юм билээ. 30 хүүхэд нэг жил болоход хичээл таслаагүй. Төслөө ахиад нэг жил сунгасан. Ийм л үр дүнтэй юм болж байна. Германы ЭСЯ, Гёте институт, “Их талын жазз” ТББ, манай сургууль хамтарсан энэ төсөл нийгэмд хүсэгдсэн ажил боллоо.

Монгол дахь “Форбес” сэтгүүл 80 их, дээд сургуулийг жагсаахад манайх дөрөвт нь орсон. Хамгийн гол үзүүлэлт нь төгсөгчид ажлын байраар хэрхэн хангагдаж байна вэ. Ажлын байрандаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ. Багш нарын дадлага туршлага гэх мэт үзүүлэлтээр гол оноо авсан байх гэж би боддог. Манайх дээд сургууль болчихвол бусад сургууль ажилгүй болчихно гэсэн ойлголт байхгүй. Бүгд чиглэл чиглэлээрээ Монголын урлагийн төлөө ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажиллаж байна. Шаталсан сургалттай хөгжмийн үндэсний их сургууль байх ёстой. Наад зах нь манайд ирж суръя, багшилъя гэхээр манай статус доогуур байдаг. Манай багш нар ч гадаадад багшлахад коллежийн багш нэг өөр, Хөгжмийн их сургуулийн багш гэвэл өөр.

-Таныг маш их амбицтай хүн болов уу гэж боддог. Харин та зөвхөн сургуулийн захирлын түвшинд ажиллаж байгаадаа сэтгэл ханаж байгаа гэж үү?

-Би хөдөөний хүүхэд. Аливаад сэтгэлээсээ ханддаг. Намайг арай залуу байхад намд элсээч, сонгуульд нэр дэвшээч гэсэн санал ирж байлаа. Би одоо ч аль нэг намын гишүүн биш. Урлагт улс төр хэрэггүй гэж боддог. Сэтгэлтэй, мэргэжлийн хүмүүс л ажиллах ёстой. Урлагийн буянаар төрийн хишиг хүртсэн, түмэн олонд хайрлагдсан. Би сэтгэл ханамжтай явдаг. Их, бага хэмжээгээр бүх хүн шуналтай. Түүнийгээ хязгаарлаж явах учиртай. Үнэндээ бол надад шунал байхгүй шиг байгаа юм.

-Мэргэжлээ солиод, хоббигоороо амьдрах боломж гарвал та юу хийх вэ?

-Уг нь би ганц нэг шавь төрүүлэх юмсан гэж боддог. Жимс ногоо тарьдаг цэцэрлэгтэй болохсон гэж хүсдэг. Шуугиан багатай газар амьдрахсан гэж хүсдэг. Кинонд бол урилга ирвэл тоглоно шүү. Хоёр, гурван кинонд тоглож үзсэн. Зүгээр санагдсан л даа.

-Ажлаас гадна та юунаас илүү тайтгарал авч, цагаа зарцуулдаг вэ?

-Би уг нь бөхөд их хоббитой. Тэр байтугай Бөхийн өргөө баригдаж байхад Сосорбарам, Түвшинтөгс бид гурав циркт хоёр орой тоглолт хийгээд олсон мөнгөө Бөхийн холбооны тэргүүнд гардуулж байлаа шүү дээ. Тэгэхэд нэг хонь, 50 төгрөг өгдөг үе байв. Тэгтлээ хорхойсдог, түүнээсээ кайф авдаг. Ажлаа тасалж бөх үзэж байгаад баригдаж байлаа. Спортын ордонд бөх үзэх гэтэл суудалгүй болчихсон, дарга нарын өмнүүр очиж, нүүрээ таглаж сууснаа мартчихаж. Камер орж ирээд зураг авчээ. “Өчигдөр хаана байсан бэ” гэхээр нь “Хүүхэд өвдөөд” гэсэн чинь баригдчихсан. Түүнээс хойш театрынхан намайг ажилдаа ирээгүй бол хаана байгааг мэддэг болчихсон. Монгол бөх, морь гэдэг монголчуудын ахуй амьдрал ёс жудагт маш том ул мөрөө үлдээсэн соёл. Морь уяж байгаа хүмүүс бол хараал хэлэхгүй. Ёс бус юмнаас хөндий байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Монголоо мэдрэхийн үлгэр

Эрдэмтэн, зохиолч Лувсандамбын Дашнямын “Байх байх үгүйн дунд” номоос доорх хөргийг уншигч танаа толилуулъя!

Нэг орой “Монгол мэдлэг” дээрээ нухалдгаараа нухалдаад л сууж байсан Нямсүрэн, Дарь Сүхбаатар хоёр ороод ирлээ.

Надтай амар мэндээ мэдэлцэнгүүт л Нямсүрэн

-Үзэг байна уу хэмээн яаран асуулаа. Би юм засаж суусан үзгээ өгтөл цүнхнээсээ нэг ном гаргаж ирээд л учир зүггүй засаад суучихлаа.

Арай ч удах шиг болохоор нь Сүхбаатар

-Хөөе, чи хүнд ном бэлэглэх гэж байгаа бол өгөөч. Номон дээрээ ном бичих гээд суучихав уу, яав гэж байна. Нямсүрэн,

-Алдаа ихтэй гарчихаж. За тэр нь өнгөрч. Хэвлүүлсэн хойноо бодохноо хэдэн юм засмаар санагдаад… гэснээ сая л нэг санаагаа гүйцээв бололтой над руу номоо хоёр гардан

-За, би танаас гуйдаг даа. Хайр найргүй шүүмжлээд өгөөрэй. Таны л үг хэрэгтэй байна гэж байна.

Тэгээд бид Нямсүрэнгийнхээ шинэ номыг “угааж гарсаан”. Тийн яриа хөөрөөтэй сууж байтал тэр дөнгөж сая дурсгасан номоо эргүүлж аваад бас хоёр нэг үг нэмж засав. Тэр хооронд хундагатайгаа цалгиулан цоо шинэхэн номоо халтартуулж, “дарс хүртээгээд” авлаа.

Миний Нямсүрэнд өгсөн үзэг улаан өнгийн байсныг ч хэлэх үү, Инжинаашийн “улаанаар охилох” (зарим нэгэн ухилах гэдэг дээ) гэдэг шиг л юм боллоо.

Тэр бол Нямсүрэнгийн “Аглагхан талаасаа” ном нь. Надад дурсгасан хамгийн сүүлчийн бүтээл нь. Бид хоёрын хамгийн сүүлчийн уран бүтээлийн тухай яриа бас тэр болсон. (Хэдийгээр “юу ч эс төгсдөг” гэдгийг би мэдэх боловч сүүлчийн гэдэг үгийг бид хэрэглээд л байдаг. Надад бол сүүлчийн гэдэг үг тийм ч их таатай сэтгэгдэл төрүүлдэггүй юм) Тэр уулзалтын тухай би Дарь Сүхбаатарыг нэг сайхан дурдатгал бичээсэй гэж боддог. Гэвч санаанд нь юу торж үлдсэнийг яахин мэднэ.

Нямсүрэн гэдэг хүнтэй би 1987 онд Сүхбаатар аймагт болсон “Уран үгсийн чуулган”-ы үеэр илүү ойртож дотноссон гэж хэлж болно. Урьд нь Дашбалбар л танилцуулсан байсан болов уу. “Ууж идэж, уран бүтээлийнхээ тухай хөөрөлдөөгүй л бол зохиолч хүмүүс өөрсдийгөө таньдаг, мэддэг бололцсон нь дутуу л байдаг даа” гэлцдэг. Тэр бол нэг л үг. Худлаа ч биш байх.

“Уран үгсийн чуулганы хаалт болно” гээд хөл болж байх үед Цоодол бид хоёр,

-Сүхбаатарынхан авьяастай шүү. Хоёулаа концертыг нь үзэж, ядаж хүүхэн шуухнаар нь нүдээ хужирлая гээд зогсож байтал Нямсүрэн ирээд (уг нь намайг заавал гэртээ оруулна гээд байсан юм) бид хоёрыг

-Та хоёр одоо хөдөөний уран сайхнаар яахав дээ, бишгүй л үзээ биз! Надад та хоёртой хууч хөөрөөд нэгэн сайхан оройг хамт өнгөрөөх хувь дахиад хэзээ ч олдохгүй. Хөдөөний муу шүлэгчид тийм аз тохиохгүй. Та хоёр намайг бод л доо гэсээр байгаад бид хоёрыг аваад явчихсан л даа.

Маргааш нь бид хоёр ихээхэн хүндэрч, бид хоёртой нэг өрөөнд боловч цуг яваагүй Нямаа маань бүүр ч хүндэрчихсэн байсан нь ихээхэн “нодогтой”, тун хөгжөөнтэй явдал болсоон.

Маам нутагтаа ирсэн гээд өглөө нь “буудалд будаалах” гэгч дайллага хийж, “үхэх гэж буй” намайг эрэл сурал болсон нь тэр удаа юм.

Тэр удаагийн чуулга уулзалтад А.Битов гэж “уран үггүй” нэг том ах, түүний орчуулагч гэж мөн “уран үггүй” нэг өндөр нөхөр хоёр л “гол дүрд” тоглодог байлаа л даа. “Уран үггүй” өндөр миний хувьд ч, Битовын хувьд ч шүлэггүйдэхийн зовлон их амссаан. Ядаж бүх уулзалт бид хоёроор эхлэхийг яана. Ахын хүн яваа юм чинь тэр үеийн “жаягаар” өөр аргагүй байлаа. А.Битов сүүлдээ

-Би нэг бяцхан шүлэг хэлье гээд

“Бяцхан охины гарыг би

Баяртайяа атгав

Тэр миний гарыг

Тэнхээтэй ээ, надаас ч чанга атгав” гэж шүлэг маягаар цангинуулах биш зүгээр л гүнгэнэдэг болов. Би түүнийг нь орчуулахаар хүмүүс нижигнэтэл алга ташна. Битов гайхна. Гайхаад надаас

-Чи юу гэж орчуулаад ингэж хүмүүсийн талархлыг над руу чиглүүлчихэв гэж асууна.

Би Битовын үгийг зөвхөн шүлэг маягтай болгон орчуулах биш бас тайлбарладаг байлаа л даа. Тэр жаахан охин гар барихдаа ийм том орос ахаас чанга атгалаа гэдэг нь ирж буй цаг, ирээдүйн хүч чадлыг илэрхийлж байгаа юм байна гэж “ухуулангуут” л хүмүүс нижигнэтэл алга ташдаг байсан юм.

Би бас “Жинжиймаа, Мухлааш хоёр” гэдэг бяцхан шүлэг уншина аа. Тэр шүлгийг бас хөдөөнийхөн их баяртай угтана. “Уран үггүй” хоёр маань тийнхүү амиа аргалаад л явна. Битов надаас,

-За миний үг ч яахав, чи сайн хүргээд би талархал хүлээгээд л явна. Чи өөрөө ямар шүлэг уншаад явна. Би сайн ажигласан. Чамайг шүлгээ уншиж байхад хүмүүсийн царайд үнэхээр бахархал төрж байсан. Чи лав л гүн утгатай шүлэг уншаад байх шиг байна гэнэ. Хариуд нь би “Зүгээр л хөдөөгийн хоёр залуу малчны тухай шүлэг. Эрэгтэй эмэгтэй хоёр. Тэднийг хүүхдүүд хөөршөөж, хөгшид ерөөдөг тухай уншаад байгаа юм л даа” гэнэ. Битов

-Чухал санаа. Тийм байх аа, нэг л хиймэл бус юм уншаад байх шиг байсан юм гээд баяр хүргэнэ дээ. Тэр шүлгийг би уг нь урьд нь тэрлэчихсэн байсан юм. Уран үгсийн чуулганд уншина ч гэж зүүдэлсэнгүй. Аргагүйдээд л уншсан нь тэр. Үгийг нь санаанаасаа “ухан” байж цаасан дээр буулгаж аваад уншдаг байлаа л даа.

Би хэдийгээр хүүхэд байхдаа уран уншлагын тэмцээнд түрүүлж байсан удаатай ч өөрийн шүлгээ муу уншдаг юм. Урлагтай уншина гэхээр онгироод ч байгаа юм шиг, жүжиглээд ч байгаа юм шиг сонин санагддаг л даа.

Миний шүлгийн гараар сийрүүлсэн хувийг Нямсүрэн гуйсаар байгаад аваад үлдсэн. Тэгсэн хожим Эрээнцаваас нутагтаа очиж, уран зохиолын уулзалт зохион байгуулж, тэр үеэрээ түмэнд үзүүлэх ханын сонин өөрийн гараар бүтээж, түүндээ миний нөгөө “Жинжиймаа, Мухлааш хоёр”-ын гар бичмэлийг тавьсан, миний тухай ярьж, гар бичмэл нь энэ гээд үзүүлж, явсан гэж Сүхбаатарын хэн нь ч билээ, нэг нь надад хуучилж байсан. Тэр шүлэг бол

“Жинжиймаа тугал хар нүдтэй

Жингэнэсэн, мөнгөн царгил дуутай

Намрын ой шиг уянгын сайхан аальтай

Нар шингэсэн бадармал хөөрхөн царайтай

Мухлааш бор дээлэнд дуртай

Мунгинасан, хэдэн цөөхөн үгтэй

Чухамдаа өөрийгөө л хайх мэт дүртэй

Чулуут замаар аяархан гэлдрэх нь бахтай

“Хүүе тэр хоёр” гэж хүүхдүүд бахархана

“Хөөрхий буянтай үрс” хэмээн хөгшид талархана

Жинжиймаа, Мухлааш хоёр жирийн сайхан малчид аа” (1987 он) гэсэн жаахан шүлэг л дээ.

Алдарт найрагчийн ханын сонинд гарах азтай л “эд” байж.

Намайг Дорнод аймагт “Монгол мэдлэг” сургуулийнхаа салбарыг байгуулахад Нямсүрэн шиг баярласан хүн байхгүй. Цасчимэг охиноо дагуулж ирээд

-За та, энэ муу охинд минь л нэг мэргэжил олгож өг. Бага сургуулийн ч болохноо багш болчихвол амиа аргалаад явчих байгаа. Хот холдоод сургуулиас нь завсардуулах болчихоод байсан юм. Энэ хүүхэд өөрөө их азтай хүүхэд юм. Сургууль нь өөр дээр нь хүрээд ирдэг байна шүү. За, тэгээд ний нуугүй хэлэхэд бид сургалтын төлбөрийг нь ч дийлэхгүй. Танаас нуугаад яахав, оруулж өг гэж гуйхаас гадна төлбөрийг нь хөнгөлж өг, ер нь чөлөөлөөд өгөөч гэж гуйна даа гэж байна.

Салбар байгуулах бэлтгэл ажилд Дамдинжав, Нямсүрэн хоёр их оролцсоон. Хаашаа ч явсан гурвуулаа л “хөл хэрээстэй, хүзүү холбоостой” гурван “юм” л явдаг байлаа.

Нэг удаа гурвуулаа буудалд “Сургуулиа ингэж тэгж ажиллуулна. Нээлтээ тэгж хийнэ” гээд яриад сууж байсан цонхоор нэг шувуу орж ирээд миний өмнө буучихлаа. Зугтаж чадсан ч үгүй, баригдаж байна. Айсан гэдэг нь жигтэйхэн, амаа ангалзаад дүүхэлзтэл амьсгаадаад байна. Үзсэн чинь яахын аргагүй шонхрын дэгдээхэй байна аа. “Цагаан шонхор гар дээр нь буув” гэгчээр л юм боллоо хэмээлдэн, гурвуулаа маш их бэлгэшээлээ. Дамдинжав

-Би тоть тэжээдэг юм. Гоё нүүртэй. Би маргааш нээлт дээр тэр гоё торондоо хийгээд аваад ирье гээд нөгөө дэгдээхэйг маань аваад явлаа.

Тэгсэн маргааш нь нээлт дээр нөгөө шонхроо биш хоёр жижигхэн тоть торонд шулганалдуулсаар ирлээ.

-Хөөе, чи нөгөө шонхроо яав гэсэн

-Айснаасаа юм уу үхчихлээ. Би танаас айгаад дэмий л тотио бариад ирлээ гэж байна.

-За, за одоо яая гэхэв л болцгоолоо.

Тэгтэл шонхроор “гэнэтийн бэлэг” барихын оронд гэсэн шиг Нямсүрэн надад зориулсан шүлгээ уншлаа. Тэгээд тэр уншсан шүлгийнхээ нооргийг нийтийн өмнө гардуулангаа

-Надад хувь нь үлдсээн. Би жаахан засаад таны хойноос явуулна аа л гэж байсан. Ирүүлж чадалгүй өнгөрсөн л дөө.

Одоо Дорнодын салбар байтугай “Монгол мэдлэг” сургууль ч байхгүй. Харин тэр сургуулийн буурин дээр үүссэн “Монгол уламжлал академи” нэр төртэй ажиллаж байна. Би оюутнуудтай биш магистрант, докторантуудтай ажилладаг, сургууль хэсэж лекц уншдаг хүн болсон.

Дорнодын салбарыг хэдэн аятайхан хүүхэд төгссөн нь одоо олон газар сайн ажиллаж байгаа. Зарим нь бүр аймгаа удирдах хэмжээнд хүрч яваа байх шүү. Цасчимэг маань сайн багш болсоон. Суралцах үеийн бэрхшээл, төлбөр сэлт гээд элдэв л зовлонг хоёр талаас хичээсний хүчинд тэр хүн амьдралтайгаа золгосон байх. Нямсүрэн, Дамдинжав бид гурав хэд хоног “намирсны” хэрэг ч уг нь бүтсэн л дээ.

Тэр өдрүүдэд л Нямсүрэн бид хоёр шүлэг зохиолын тухай ярих овоо сайхан зав зайтай, олон ч юм ярьсан даа.

Нямсүрэн өөрийнхөө “Амитаба” шүлгийг хүмүүс маш их магтдаг тухай ярихад нь би

-Тэр үнэхээр муугүй шүлэг. Гэхдээ их амархан бүтсэн шүлэг. Шүлгийг ганцхан үгээр толгой татаад араас нь үг цувуулж өрөөд байвал бараг хэн ч чадна. Муу өрвөл улиг ч болж мэднэ. Чи Амитаба-гийн тухай хэн ч чадахгүй гайхамшигтай үг олныг хэлж чадаагүй. Амитаба шиг цэцгэн өлзийгөөр завилах, эрдэнийн чулуугаар чимэх, эрэг дээр суугаагаар бодох, ээжгүй болоход уйлахгүй суух, хоосон алсад буй ертөнцийг таних зэрэг бол тийм ч нэг их шинэ юм биш, хүн хэлж чадахгүй үг ч биш, харин Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох тухайд бодсон чинь гайхалтай. Чиний шүлгийг уншаад бясалгалын сэтгэлгээнд өртөөд сууж байхад ширхэг үс унах чимээ сонсдох шиг болдог юм. Ганцхан энэ мөрний төлөө чамайг яаж ч магтсан болно. Үгүүлэмжээ сунжруулж, санаагаа задгайлж, үгээ давтдаг муу тал чамд байх шиг байдаг юм. Бодоорой. Харин сүмэн өвсний гэгээг мэдэрч, чимээг сонсож байгаа, хөдөөгийн сайхнаа хувилгаан хүн мэт мэдэрч суугаа чинь бол хосгүй л дээ. Сүмэн өвс гэдэг бол чиний л үг. Чиний Эрээнцавд “борцлогдсон” чинь хэдэн Горькийн сургуулиас илүү, чи төрөлх авьяасаа чухамхүү энэ “цөллөгт” л хурцалж чадлаа шүү дээ гэсэн Нямсүрэн босож ирээд л миний өмнө мөргөн юу юугүй л намайг ичээх үйлдэл хийж байна. Тэгснээ,

-Надад ингээд сайхан хэлээд өгөх хүн нэг ч алга. Цөм л худлаа магтаж байна. Бид хоёр ер нь нас ойролцоо ч байж магадгүй. (Би Нямсүрэнгээс дөрөв ах юм) Би Балбар, Ооёо бүгдээс нь ахмад шүү дээ. Нарийндаа бол би Балбарын багш хүн. Тэд “намайг гаргасан, утга зохиолд байр суурийг нь эзлүүлсэн” л гэдэг юм. Нэг их онцгой юм байхгүй. Би байдгаараа л байж байгаа. Бичдэгээрээ бичиж л байгаа. Газрын мухарт орхигдон хоцрогдсон муу шүлэгч. Хөдөө их гандаж байна. Архи дарсаа хувааж ууна уу гэхээс ухаан нэмэх, дотор уужлах хүн алга. Магтаал хүнийг мундаг болгохгүй гэдгийг би хэнээр ч заалгахгүй мэднэ. Надад овоо шүүмжийн үг, намайг “чи ийм тийм байна” гээд хэлээд өгөх хүн хэрэгтэй байна. Би өвс ногоо, үхэр малтайгаа л ярих юм. Өөр хэнтэй ярих вэ. Ном мэддэг нь биднийгээ тоохгүй юм. Би таныг хүндэлдэг. Бүх бичсэн хийснээ нэг аваад очно. Бүгдийг нь ялгаж салгаад нэг сайхан хэлээд өгөөрэй гэж гуйж байна. Би хэллээ.

-Би бол уран зохиол судлаач биш шүү дээ. Хотод л амьдардаг болохоос чинийхээ л ижил хүн. Элдвийг үл тоон, дүлий толгойлоод л санасан бодсоноо сараачаад яваа хүн. Зохиол мохиол бичнэ гээд ажлаасаа ганц өдөр ч чөлөө авч үзсэнгүй. Намайг тэр Горький морькийд нь явуулсангүй. Би өөрөө буян эдлэх зиндаа хэмжээнд нь ч хүрсэнгүй. Харин зохиолыг бол өөрийн, хүний гэлтгүй уншаад л байдаг, санаснаа хэлээд л явдаг хүн л дээ. Хэлэхээ хэлнэ ээ, бодсоноо бол нууж хаалгүй, дараа тэгчих болов уу, ингэчих болов уу гэж огт бодолгүй хэлээд л явдаг хүн л дээ. Цомхон хүрээнд, хэдхэн нөхөдтэйгөө харьцдаг болохоор миний сайн муу үгнээс болоод намайг дээш доош нь хийсэн юм одоохондоо алга л байна гэж үнэнээ л хэллээ.

Дорнын их найрагч Нямсүрэнгээ санан дурсаж, богинохон насных нь их үйлийг мөнхжүүлэх талаар анд нөхөд нь чамгүй л ихийг хийдэг шиг билээ. Номуудыг нь нийтлэх, түмэн олонд хүргэх, уулзалт яриа зохион байгуулах зэргээр үе үе дуу чимээ гарч л байдаг юм. Аз болж ганц нэгд нь оролцсон болохоос тэр бүхэнд миний хүртээл байдаггүй л дээ. Намайг хэн мэдэхэв. Худлаа хэлэх хүнд, Нямсүрэнг таньдаг ч гэж боддоггүй биз.

Хамгийн сүүлд Нямсүрэн цоо шинэхэн номоо өөрөө зориуд зорин зорин авчирч өгсөн. Хүндтэй сайхан бэлэг байсан.

Тэр нэгэн оройноос хойш олон жил өнгөрчээ. “Аглагхан талаасаа” авчирсан тэрхүү бүтээлээ миний дэргэд засаж суугаад л алс тйишээ оджээ… Би түүний хүсэлтийг биелүүлж одоо болтол юу ч бичиж чадаагүй л яваа. Сэтгэлгүйдээ биш, зав зай маань тийм л болж дээ.

Харин энэ удаа түүний тухай цөөн боловч мөр үлдээж байгаадаа баярлаж сууна. Манайханд ном үзсэн гэж байгаа зарим нь “модширдог”, хөдөө хөрч, гадаа гандлаа гэгчид нь “хулширдаг” тал бий нь ч бий байх аа.

Данзангийн Нямсүрэн бол өөрийгөө төдийгүй үеийнхнийгээ, тэртээ тэр хязгаарт байгаа Эрээнцав хэмээх бяцхан тосгоныг хүртэл мөнхжүүлсэн л хүн л дээ.

Монголоо мэдрэхийн үлгэрийг Нямсүрэн үзүүлж чадсан нь бахархалтай байдаг. Тийм найрагч бидэнд цаг үе холдох тусмаа л олдохгүй. Олдсон нь ийн охор богино хугацаанд гэрэлтээд л өнгөрч дээ. Тэр нь хувь заяаны егүүтгэл байж ч болно, бас амьдрал үйлийн өргөл ч байж мэднэ ээ.

2015.10.28. Өвөржанчивлин