Өнгөрсөн тавдугаар сард бууралттай байсан ам.долларын ханш, зургаадугаар сараас өсч эхэлснээр долоодугаар сарын 26-ны байдлаар нэг ам.доллар 2060 төгрөгтэй тэнцээд байна. Тодруулбал,“Уран уургач” арилжааны төвд 2060 төгрөгөөр зарж байна. “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2057 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2057-2058 төгрөгөөр зарж байна. Долларын ханшийн улсын төсөвт 2030 төгрөгөөр тооцож суутгасан бөгөөд эдийн засагчдын зүгээс төсвийн тодотголыг яаралтай хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа билээ.
Month: July 2016
Д.Дагвадорж аваргын урилгар Хятадын хамгийн том онлайн сүлжээний худалдаа явуулдаг “Алибаба” группыг үндэслэгч, тэрбумтан Жак Ма манай улсад амрахаар ирээд буй билээ. Тэрбээр урт хугацааны амралтаараа Азийн аль нэг улсад очно хэмээн мэдэгдээд байсан. Харин амралтаа өнгөрөөх орноороо Монгол Улсыг сонгосон нь бизнесийн зорилготой хэмээн таамаглах хүмүүс ч байна.
Тэрбээр өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийнд зочилжээ. Н.Алтанхуяг хүндэт зочныг гэртээ урьж, Монгол ёс заншлаа танилцуулж, номоо дурсгасан байна.
Тэрбумтан Жак Ма энэ сарын 27-ныг хүртэл манай улсад саатах юм байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хороонд оршин суух иргэн Н.Х өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон байна. Талийгаач Н.Х нь хувиараа бизнес эрхэлдэг нэгэн байжээ. Нас барсан шалтгаан нь ихээхэн хэмжээний мөнгөтэй холбоотой хэмээн зарим эх сурвалжууд тайлбарлаж байна.
Талийгаач Н.Х нь 40 орчим настай, өндөр, биерхүү хүн байжээ. Мөн хувиараа бизнес эрхэлдэг, амьдралын боломжтой нэгэн байсан аж.
Хэрэг гарсан байрны орцны жижүүрийн хэлж байгаагаар шөнийн 03:00 цагт байшингийн дээврээс юм унах чимээ гарчээ. Гараад хартал дээврээс унасан байдалтай нэгэн хүн газарт хэвтэж байсан тул даруй цагдаа, түргэн дуудсан байна. Эмнэлэг цагдаа нарыг ирэхэд талийгаач нас барсан байсан бөгөөд Н.Х нь бусдад зодуулсан шархтай, архи уусан байдалтай байсан байна. Үүн дээр үндэслэн түүнийг бусдын гарт амиа алдсан байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Одоогоор тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мэргэжлийн сумогийн бөхчүүд Монголд ирлээ. Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй бөхчүүд манай улсад болох сумо бөхийн ДАШТ-ийг үзэж сонирхох юм. Мөн тэд энэхүү тэмцээний талаар хэвлэлийн багa хурал хийхээр болжээ.
Монголд анх удаа сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Нийслэлийн хэмжээнд 214 микро автобус гэрээний дагуу тээврийн үйлчилгээнд явдаг байна. Тэгвэл үүний 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг ажээ. Тиймээс дээрх тооны микро автобусыг шугамнаас шууд хасна гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа. Харин насжилт дуусаагүй буюу шаардлага хангасан 40 микро автобусаар алслагдсан бүс, том оврын автобус хүрдэггүй чиглэлд үйлчлэх юм байна. Энэ талаар Г.Доржпалам НТГ-ын зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга “Насжилт нь дуусч, микро автобусаа хасуулсан аж ахуйн нэгж, иргэдийн хувьд шаардлагад нийцэх дунд оврын автобусыг оруулж ирэхээр гэрээ хийж эхэлсэн.Эхний ээлжид БНХАУ-аас оруулж ирсэн 10 дунд оврын автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн байгаа.Цаашид нэмж дунд оврын автобус оруулж ирэн, үйлчилгээнд нэвтрүүлэхээр гэрээ хэлэлцээ хийж байгааг албаныхан тодотголоо. Эдгээр автобусыг гэр хорооллын алслагдсан бүсэд явуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Япон улсын Сагамихара хотын сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн байрны ойролцоо хутгатай этгээд халдлага үйлдэж, 19 хүн амь үрэгджээ.
Халдлага мягмар гаригийн шөнө гарсан бөгөөд 26 хүн шархадсанаас 20-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Цагдаа нар сэжигтнийг баривчилсан бөгөөд 26 настай, Токиогийн баруун хойд хэсэгт 40 км-ийн зайд орших Цуки Ямаюури цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан аж.
Тэрбээр цагдаа нарт байцаалт өгөхдөө сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хорлохыг хүссэн хэмээсэн аж.
Японд галт зэвсэг эзэмшихийг хуулиар нь хориглосон байдаг учраас хүмүүсийг олноор нь хөнөөсөн хэрэг бараг гардаггүй учир хүмүүс их айдастайгаар хүлээж авч байгаа юм байна.
Хамгийн сүүлд 2008 онд Токио хотын Акихабара худалдааны дүүрэгт ачааны машинаар долоон хүн дайрсан хэрэг гарч байсан аж. Түүнчлэн 2001 онд Осака хотын бага сургуульд сэтгэцийн өвчтэй хүмүүс найман хүүхдийг хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэг гарч байсан байжээ.
Яамдын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөний дагуу ЭМЯ-аас спортын салбар салж Боловсролын яамтай нэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулуан ЭМЯ Сайд С.Ламбаа биеийн тамир спортын салбараа БСШУСЯ-ны шинэ сайд Ж.Батсуурьд хүлээлгэж өглөө. Мөн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болоод ажлаа танилцуулан, богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, биеийн тамир спортын салбарт Монгол улс багагүй амжилт гаргасан үүнийг ч цааш тасралтгүй үргэлжлүүлэн ажиллахыг зөвлөлөө.
АСЭМ-ийн хуралд тавьсан илтгэл
Чингис хааны зөвлөх Елүй Чүцай нэгэнтээ их хаанд “Морин дээрээс дэлхийг хураах амархан, мориноосоо буугаад төрийг засах хэцүү” гэж сургаж байжээ. Үүнтэй нэгэн адил ардчилсан тогтолцоо руу шилжих амархан, ардчилсан тогтолцоог буй болгох хэцүү. Орчин үеийн хамгийн үнэт зүйл болох нийгмийн ардчилсан тогтолцоог хувьсгалаар буй болгосон францчууд энэхүү шинэ тогтолцоондоо шилжин төлөвших гэж бараг 80 жилийг баржээ. 1789-1871 оны хооронд хэд хэдэн хаант засаг, дарангуйлагч төр ээлжлэн тогтож 1830, 1848 оны хоёр том хувьсгалыг даван туулсан юм.
Өнөөгийн дэлхийд 200 орчим nation-state оршин тогтож буйн илэрхий дийлэнх нь ядахнаа л формал ардчилсан тогтолцоотой байгаа. Үлэмж дийлэнхид нь юутай ч сонгуулийн ардчилал тогтож байгаа. Үүнийг 150 юм уу 100 эсвэл бүр 50 жилийн өмнөхтэй харьцуулахад хүний нийгмийн үлэмж том дэвшил юм. Гэвч нэг талаас сонгуульт ардчилал нь ардчилсан тогтолцооны нэг л элемент, нөгөө талаас ардчилал нь нийгмийн процесс болохоос төгс хэлбэр гэж үгүй. Ийм учраас алив улс оронд тогтож буй ардчилсан тогтолцоог процесс нь аль зэрэг гүнзгийрч, нийгмийн гишүүд нь үүндээ аль зэрэг дасан зохицсоноор нь үнэлэн ангилах болохоос, шууд л ардчилсан орон, эсвэл ардчилаагүй гэх мэтээр ангилах нь учир дутагдалтай мэт. ХХ зууны түүхээс харахад хэдий их дарангуйллын тогтолцоотой байна, тэр хэрээрээ улс орныхоо албан ёсны нэрэнд “ардчилсан” гэдэг үгийг албатай мэт оруулж байлаа. Одоо ч Ардчилсан Конго, Ардчилсан Солонгос гэх мэтийн улс орон байсаар.
230 орчим жил өнгөрсөн боловч Францын хувьсгалаар тунхагласан эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн үндсэн үнэт зүйл ардчилсан тогтолцооны амин сүнс хэвээр байгаа. Гэвч энэ урт хугацаанд эдгээр үнэт зүйлсийн хэрэгжилт газар газарт өөр замаар, өөр процессоор, өөр аргажилтаар, өөр нөхцөлөөр явагдсан. Үүнд ардчилсан тогтолцоонд шилжсэн, шилжиж байгаа үндэстнүүдийн соёл, иргэншсэн байдал, уламжлал, түүх, үндэстний менталитет, шашин тэр байтугай цаг уур ихэд нөлөөлснөөс зүсэн бүрийн хувилбар буй болсон юм. Энд би мянга мянган жилийн нүүдэлч малчин уламжлалтай, гурван үеэрээ буюу ямар ч өөр үндэстэн ингэтэл урт хугацаанд байж үзээгүй коммунист тогтолцоонд амьдарч ирсэн монголчууд ХХ, XXI зууны заагт нийгмийн ардчилсан тогтолцоонд шилжилт хийж буй 25 жилийн туршлагаас ажигласан зүйлээ хэлэх гэсэн юм.
Өдөр шөнийн 20 хэм, өвөл зуны 80 хэмийн ялгаатай, хуурай цаг агаартай Төв Азийн өндөрлөгт бэлчээр дагасан нүүдлийн мал аж ахуйгаас өөр аж ахуй эрхлэх бололцоогүй нөхцөлд монголчууд зуу зуун жил амьдарчээ. Бэлчээрийн даац нь малынхаа тоо толгойг хязгаарладаг, малын толгой нь хүнийхээ тоог хязгаарладаг учир энэ өргөн уудам нутагт ХХ зуунаас өмнө хэзээ ч нэг саяас дээш хүн амьдарч байсангүй. Иймээс гадагш чиглэсэн дайн довтолгоон, нүүдэл миграци энэ нутгаас түүхийн бүхий л цаг үед гарч байв. Суурьшмал иргэдээс ялгаатай нь нийтээр зөвхөн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учир дотоод худалдаа арилжаа, хөдөлмөрийн хуваарь байсангүй. Барааны дутагдлыг гадагш хийх арилжаагаар нөхөх боловч ихэнхдээ цэрэглэн довтолж бусдаас булаах арга илүүтэй байлаа. Эзгүй талд морин дэл дээр өсөх монголчууд эрх дураараа, хууль дэгд орох дургүй, индвидуал шинж араншинтай ард түмэн. Эрс тэс уур амьсгалаасаа болоод байгалийн ямар ч нөхцөлд дасан зохицомхой, энэ чанар нь нийгмийн ямар ч нөхцөлд зохицох чадвартай болгосон. Нүүдэлчдийн хөрөнгө, бэл бэнчин зөвхөн малын тоо толгойгоор хэмжигдэнэ. Гэтэл Төв Азид байнга тохиолдох байгалийн гамшиг, ган зуд нь хэнийг ч үл өршөөх тул байсхийгээд л нүүдэлчин айлын малын тоо толгойг хиаруулан нийтэд нь тэгшитгэж өгдөг байна. Иймээс мөнхийн баян эсвэл мөнхийн ядуу гэсэн ойлголт үгүй. Хэн ч нүүдэлчний ойлголтоор баяжиж болно, тэгснээ гэнэт ядуурч ч болно. Чухам иймээс тэгш эрхийн тухай ойлголт угаасаа байжээ.
Францын хувьсгалаар тунхагласан эрх чөлөө гэсэн ойлголт мэдрэмж эзгүй талд дураар нүүх монгол хүнд угаасаа байлаа. Мөн байгаль өөрөө хүмүүсийн амьдралыг тэгшитгээд өгдөг учир тэгш эрхийн тухай ч ойлголт мэдрэмж тэдэнд бас бий. Ардчиллын үндсэн зарчмын гурав дахь нь болох шударга ёс гэдэг нь өөрөө маш олон янз тайлбартай. Англиар ч fraternity, эсвэл justice.
Ийм индвидуал сэтгэлгээтэй ард түмнийг хамтын нийгэм гэгдэх коммунист тогтолцоонд хүчээр оруулсан юм. Хувийн аз жаргал, хүний уугуул индвидуал чанарыг бүрнээ үгүйсгэж, хамт олноор нь аз жаргалд хүргэхийн тулд нийгмийн шинэ тогтолцоонд таарч тохирохгүй хүмүүсийг бөөнөөр нь хядаж, хөрөнгө малыг нь хураан хамтын аж ахуй байгуулсан юм. Ийм тогтолцоонд монголчууд 70 орчим жил буюу хүний гурван үеийг туулсан. Энэ хооронд хомо советикус маягийн шинэ хүмүүсийн нийгэм үүссэн юм. Нөгөө талаас нүүдэлчдийн дунд анхны хотжил, үйлдвэржилт, модернизаци үүсэн хүний нийгмийн хөгжлийн түвшнээр тооцвол ганц зууны дотор монголчууд дундад зуунаас ХХ зууны дундаж түвшинд эрчтэй орж ирсэн.
Ийм л түүх, нийгмийн байгууламж туулсан монголчууд коммунист ертөнц нуран унасан 1990 оны дэлхийг хамарсан хувьсгалд татагдан орсон юм. Шашны хориг тавигдаж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нээгдэж, төр засгаа өөрсдөө сонгох эрхтэй болон, түүнээ дагаж олон ургальч үзэл дэлгэрэн улс төрийн янз бүрийн намууд байгуулагдлаа.
Монголчууд ардчилсан тогтолцоог хүлээж авснаар барахгүй маш богино хугацаанд дасан зохицсон. Богино хугацаанд нийгмийн салбар болгонд янз бүрийн спектор буй боллоо. Монголчуудын индвидуал чанар үүнд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Төр өөрийн мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон хуультай. Гэтэл өдгөө телевизийн 430 сувагтайгаараа дэлхийд эхний аравт багтаж байна. Хууль зүйн яаманд 600 гаруй сонин сэтгүүл бүртгэлтэй, өдгөө Улаанбаатарт хорь орчим өдөр тутмын сонин гарч байна. Мөн 40 орчим фм радио станц байна. Ердөө гуравхан сая хүн амтай энэ оронд ийм олон хувийн мэдээллийн хэрэгсэл байна гэдэг эдийн засгийн утгаараа ямар ч утгагүй, ашиггүй юм. Гэвч нүүдэлчин сэтгэлгээнд эдийн засгийн ашиг хоёрдугаарт тавигддаг. Нийгэмд эзлэх байр суурь престиж нүүдэлчний нийгэмд тэргүүнд тавигддаг. 160 орчим дээд сургуульд 180 мянга орчим оюутан суралцаж 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор дэлхийд тэргүүлж байна. 1990 онд 50 орчим нэр төрлийн ном хэвлэгддэг байсан бол өдгөө 15 мянгад хүрч байгаа ба үүний дийлэнхийг хэвлэлийн газрууд биш, хувь хүмүүс цөөн тоогоор өөрсдөдөө болон жижиг хүрээнд зориулж хэвлэж байгаа юм. Жилд 50 орчим уран сайхны кино зах зээлд гарч буй нь мөн л зөвхөн хувийн санхүүжилтээр босч байгаа. Төрийн бус байгууллагын тоо 26 мянга бий. Улс төрийн хорь орчим нам байна. Энэ бүхэн өөрийн сөрөг ч талтай, эерэг ч талтай.
Монголын нялх ардчилал өөрийн натурал өсөлтөөр алдаж онохын аль алиныг нь хослуулан урагшилж байна. Эрх чөлөө, тэгш эрхийн мэдрэмж бол монголчуудын төрөлхөөс нь тогтсон унаган араншин учир ХХI зууны шинэ үеийн монголчууд үүнийгээ булаалгахыг яагаад ч зөвшөөрөхгүй биз ээ.
Гэвч ардчилсан тогтцын олон талт өнгөнд нийгэм төлөвшин зохицтол хол байна. Нэг талаас коммунист нийгэмд тохирсон сэтгэлгээ өөрийн инерциэр амь бөхтэй байсаар. Социализм нь иргэдээ тураадаггүй, таргалуулдаггүй, өмнөөс нь хариуцлагыг нь хүлээдэг тогтолцоо. Иймээс иргэд ямар ч хариуцлага хүлээлгүйгээр халамж хүсдэг явдал Монголын нийгэмд маш хүчтэй. Үүнээс болоод иргэдийн зүгээс улс төрийн намуудаас маш өндөр халамж нэхдэг, намууд ч амлалтаа биелүүлэхийн тулд популист арга хэмжээ их авдаг. Сүүлийн долоон жилд дөрвөн тэрбум долларыг ард түмэнд бэлэн мөнгөөр тараасан нь Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэж байгаа юм. Ард нийтийн дийлэнх нь нийгмийн салбарыг хувьчлахыг хүчтэй эсэргүүцдэг учир боловсрол, эрүүл мэндийн тогтолцоонд зах зээлийн харилцаа нэвтэрч чадахгүй, тэр хэрээрээ чанар нь улам доройтож байна. Коммунист болон зах зээлийн тогтолцооны хольц болсон энэ систем удах тусмаа нийгмийн ёс суртахууныг улам унагаж, авлига хээл хахууль нийгмийн хамгийн хурц асуудал болж байгаа юм.
Хэдийгээр 70 жил хамтын нийгмийн үзэл сурталт тогтолцоонд амьдарсан боловч төрөлхийн индвидуал сэтгэлгээтэй монголчууд хариуцлага бүхий урбан болон хөдөлмөрийн хуваарьт нийгмийн тогтолцоонд орж чадахгүй л байна. Иймээс хуулийг үл тоомсорлох, хуулийн дор амьдрах ёс журмыг үл ойлгох явдал өргөн байдаг болохоор эрх чөлөөний үндсэн зарчим болох “юу дуртайгаа хийж болох боловч тэр нь бусдын эрх ашгийг хөндөж болохгүй” гэсэн зарчим нийгэмд тэр болгон хэрэгждэггүй.
Монголын нийгэм 25 жилийн богино хугацаанд ардчиллын замд маш их амжилт олсон. 25 жил бол хүний нэг үе юм. Захиргаадлын нийгмээс нээлттэй ардчилсан чөлөөт нийгэм рүү шилжих шилжилтэд 25 жил хангалтгүй юм байна. Үүнд дахиад 25 жил хэрэгтэй. Шинэ нийгэмд төрж өсч хүмүүжсэн дараа үеийнхэн нийгмийн удирдлагад гарч ирэх үед Монголын нийгэм төлөвшин тогтоно гэж бодож байна.
Өдрийн сонины №163(5428) дугаараас авч нийтлэв.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалт Монгол Улсад болж өндөрлөлөө. Гадаад хэргийн яам ачааны хүндийг үүрч оролцсон. Тиймээс АСЕМ-ын талаарх сэтгэгдлийг танаас сонсохыг хүслээ. Гаднын хэвлэлүүд энэ тал дээр анхаарал хандуулж амжилттай зохион байгууллаа гэдгийг онцолж байна. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг дүгнэвэл?
-Юуны өмнө бид АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг яах гэж эх орондоо хүлээж авсан бэ гэдгээс яриагаа эхэлсэн нь зөв болов уу. Өмнө нь эдийн засаг хүнд байхад үүнийг зохион байгуулах хэрэг байгаа юм уу, Монгол Улсад ямар ашигтай юм гэхчилэн шүүмжлэл их явсан. Ямар ч байсан АСЕМ болоод өндөрлөлөө. Монголд хэрэгтэй зүйл болжээ гэдгийг монголчууд бүгд л харлаа. Олон улсын дээд түвшний уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж чадлаа гэдгийг биднээс гадна олон улсын төлөөлөгчид хэлж байгаа юм.
Монгол Улс энэ хэмжээний олон улсын хурлыг хүлээн авч зохион байгуулах хүчин чадал, нөөц боломжтой гэдгээ харууллаа. Өөр нэг онцлох зүйл нь нэг дор 10 гаруй орны Төрийн тэргүүн, 20 гаруй Ерөнхий сайд, 20 гаруй орны Гадаад хэргийн сайдаас эхлээд бүгдэд нь Монголынхоо түүхийг харуулж чадна гэдэг нь бидний хувьд том боломж байсан. Орчин үед зөөлөн хүчний бодлого гэдэг юм маш чухал болоод байгаа. Сүүлийн хэд хоногт Монгол Улс өөр түвшинд гарлаа гэж хэлмээр байна. Бид наадмаа зохион байгуулж, монгол гэртээ хурлаа хийлээ шүү дээ. Энэ нь өөрөө үлдэх юм байхгүй юу. Олон жилийн хугацаанд үлдэж буй зүйл нь энэ.
-АСЕМ-ын үеэр Монгол Улсад ашигтай яг ямар асуудлууд шийдэгдэв гэдгийг олон хүн анхаарч байна. Мөн Монгол Улсад яг юу үлдэв, үр дүн юу байсан бэ гэдэг дээр хариулт нэхэх хүн олон байна л даа?
-Барим тавим үр дүн гэвэл АСЕМ-ын уулзалтын үеэр таван айлчлал авсан. Сингапурын Ерөнхий сайдын айлчлалаар нэлээд олон зүйл цаашид хийхээр яригдсан. Ялангуяа хөрөнгө оруулалт, орон сууцны салбарт хамтран ажиллахаар тохирлоо. Дараа нь 90 сая хүн амтай, Номхон далайн чөлөөт худалдааны хэлэлцээрт орчихсон, ЕвроАзийн эдийн засгийн холбоонд чөлөөт худалдааны хэлэлцээртэй болчихсон Вьетнам улсын Ерөнхий сайд айлчилсан. Энэ үеэр ямаа, хонины мах экспортлохоос эхлээд импортоор авах зүйл гэх мэтчилэн улс төрийн хүрээнд яригдсан зүйлс бий. Үүний дараа БНХАУ-ын Ерөнхий сайд айлчилсан. Хэдийгээр манай оронд сонгууль болж төр засаг солигдсон хэдий ч бид олон чухал асуудал дээр ойлголцон зарим зүйл дээр гарын үсэг зурлаа. Орон нутагт хатуу хучилттай авто зам тавих, нисэхийн хурдны замаас эхлэн цаашид эдийн засгийн салбарт хамтарч ажиллахаас эхлээд яригдсан олон ажил бий.
Дөнгөж өнөөдөр (өчигдөр) БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Монгол Улсын Төрийн тэргүүн хоёрхон сарын өмнө айлчлаад ирсэн байсан. Энэ удаагийн айлчлалаар мэдээллийн технологийн чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Монголын ирээдүй бол уул уурхайгаас гадна орчин үеийн эдийн засаг болох мэдээллийн технологи байх юм. Бид маш том ордтой гээд ашиглаж чадахгүй байхад фэйсбүүк, гүүгл гээд цаасан дээр л хэдэн зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэх бизнес болчихлоо. Угтаа энэ чинь л мэдлэгт суурилсан эдийн засаг байхгүй юу. Хүндээ хөрөнгө оруулна гэдэг бол тухайн улсын ирээдүйтэй хамааралтай. Энэ утгаараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг үр дүнтэй болсон гэж харж байна. Манайд Мэдээллийн технологийн коллеж байгуулах тал дээр ярьж тохирлоо. Бид хөрөнгө мөнгөний дутагдалтайгаас болоод музейнүүддээ төдийлөн анхаарал тавьж чадахгүй явж ирсэн. Музейн үзмэрүүдээ дэлгэн жуулчдыг татах тал дээр БНСУ-ын тал анхаарч орчин үеийн Байгалийн түүхийн музейг тусламжаар байгуулж өгөхөөр боллоо. Мөн 10 аймагт дулааны цахилгаан станц зээлээр барьж өгнө, дунд сургуулиудад “Ухаалаг боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж мэдээллийн технологийг хөгжүүлэн хичээлээ заадаг болохоос эхлээд дурдаад байвал олон зүйл дээр тохиролцоонд хүрч чадлаа.
Үүний цаана удаан хугацаандаа үр дүн нь гарах зүйлс маш их үлдэж байна. АСЕМ-ын хурлыг зохион байгуулна гэхэд “Энэ том хурлыг зохион байгуулж чадах уу” гэж маш их асууж байсан.
-Ямар ч байсан нүүр улайхааргүй ард нь гарч чадлаа…
-Өчигдөр би (уржигдар) Улаанбаатарт суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзахад баяр хүргээд “Бид эргэлзэж байсан шүү” гэдгээ хэлж байна лээ. Элчин сайд нар “Монголын эдийн засаг хүнд байна. Сонгууль, наадам нь давхацсан болохоор эд яаж хийх бол оо” гээд бодож байтал “Та нар маш сайн зохион байгууллаа” гэж хэлсэн. Монголчууд бид ямагт өөдрөг байдаг хүмүүс. Тэр утгаараа бид “Хийж чадна” гээд зүтгэсэн. Ард нь гарч чадлаа. Гэтэл нөгөө талд нь бидэнд итгэхгүй хүмүүс байсан байгаа юм. АСЕМ-ыг зохион байгуулж чадсанаараа гаднынхны нүдэн дээр бид итгэлийг нь олж авч чадсан. Энэ том хурлыг сонгууль, наадамтайгаа давхцуулсан ч төрийн машин нь ажилладаг юм гэдгийг харууллаа. Ингэснээр олон улсын ажил хэргийн жуулчлалын үүдийг нээж өгсөн. 2016 оны эхэнд Засгийн газраас ирэх гурван жилд хүлээж авах олон улсын хурал, зөвлөгөөн, урлаг, спортын наадмуудын жагсаалтыг гаргасан байгаа. Одоо бид эх орондоо ийм зүйл хийе гэхэд тэд “Монголчууд хийж чадна” гэсэн итгэлтэй болсон. Манайд аялал жуулчлалын оргил үе нь зургаа, долоо, наймдугаар сар. Гэтэл бусад үед нь зочид буудлууд нь хүнгүй, хүмүүс нь ажилгүй байдаг л даа. Ажил хэргийн аялал жуулчлал гэдэг бол жил тойрон үргэлжилдэг ач холбогдолтой хурал, зөвлөгөөн юм. Үүнийг дагаад эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Хамгийн гол нь энэ том хурлыг зохион байгуулна гэдэг чинь улс төрийн хувьд үнэлж барамгүй ач холбогдолтой. Олон улсын түвшинд улс орныхоо нэр хүндээ бататгаж, тусгаар тогтнолоо бэхжүүлнэ гэдэг ямар ч мөнгөөр үнэлэхээргүй зүйл.
-АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад 21 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг дээр алгаа таших хүн байна. Нөгөө хэсэг нь ийм их ажлыг энэ мөнгөнд багтаан хийсэн бол сайн байна ч гэж байна л даа?
-Би 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Гадаад хэргийн сайдын ажлыг хүлээж авсан. Ажлаа хүлээж авснаас хойш яг 14 хоногийн дараа ҮАБЗ-ийн шийдвэр гарч зохион байгуулалтын ажил руугаа орж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл ажилласан. Үндэсний хороо болон түүний доор зургаан ажлын хэсэг гарч ажилласан юм шүү дээ. Түүн дээр бүх мөнгө төгрөгийн асуудлаа ярьж явсаар 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Хүмүүс энэ мөнгөн дүнд эргэлзэж тэр замыг юугаар тавив гэхчилэн гайхаж байсан. Улсын төсөвт хийгдэхээр тусгагдсан төсөвт ажлууд хийгдээд явсан. АСЕМ гэдэг нэрийн доор бид хурдан хий гэдэг шахалт үзүүлснээс биш хийгдэх ёстой ажлууд л хийгдсэн. Нийслэл хийх ёстой ажлуудаа сайн хийснээс биш тусгайлан АСЕМ-д зориулан мөнгө гаргасан зүйл байхгүй.
“Чингисийн хүрээ” гээд жуулчны бааз гэхэд өөрсдөө эрсдэлээ дааж зээлээ аваад ажлаа хийсэн. Энэ мэтчилэн хувь, хувьсгал гэлтгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн юм. Долдугаар сарын 31-ний өдөр Гадаад хэргийн яаман дээр байгаа АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг татан буугдана. Үүнээс өмнө бүх зүйлээ архивлаад, санхүүгийн тооцоогоо эцэслэн Засгийн газраар оруулж, ҮАБЗ-д танилцуулна. Эдийн засаг хүнд байгаа болохоор бид аль болох бага зардлаар хийхийг зорьсон. Гадаад хэргийн сайдын хувьд, арын албыг залгуулсан хүний хувьд зохион байгуулалтад оролцсон бүх хүнд баярлалаа гэдгээ хэлье. Хэдэн өдөр гэртээ харилгүй зам дээр зогссон цагдаа, хамгаалалтын ажилтан, 1200 ямар ч цалингүй ажилласан сайн дурынхан, бизнесийнхэн гээд бүх хүнд талархал илэрхийлье. Манай Чингис хаан нисэх онгоцны буудалд өмнө нь байгаагүй 40 гаруй орны онгоц буулаа. Шинэ нисэх онгоцны буудал нэгэнт ашиглалтад орж амжихгүй бол “Чингис хаан” нисэх буудалдаа хүлээж авахаас өөр аргагүй болсон. Хуучин нисэх буудлаа бид яаж л тордож болохоор байна тэр бүх ажлыг хийсэн. Тэр бүү хэл гаднын энэ олон онгоцыг хүлээж авах боломжгүй гэж байлаа шүү дээ. Гэтэл тэр бүгдийг багтааж, өдөр шөнөгүй манайхан ажилласан. Бид нэг зүгт харж ажиллаж чадсаны үр дүн гэж бодож байгаа.
-Та УИХ-д нэр дэвшинэ гэж байсан ч АСЕМ-аас болоод нэр дэвшсэнгүй юу?
-Би уг нь УИХ-ын сонгуульд нэр дэвших бодолтой байсан ч АСЕМ-аа аятайхан зохион байгуулчихъя, эхэлсэн ажлынхаа ард гаръя гээд нэр дэвших эрхээсээ татгалзсан. Уг нь Говь-Алтай аймаг руу хандсан багагүй зүйл хийж байсан хүн шүү дээ. Би нэр дэвшээд явсан бол АСЕМ-ын зохион байгуулалтын ажил цалгардах гээд байлаа. Хувиа бодсоноос улсаа бодъё гээд нэрээ татсан. АСЕМ-ын зохион байгуулалтын тал дээр хүн бүр өмнөх ажлаа маш сайн хийснээр бид ард нь гарсан. Олон яамныхан, сэтгүүлчид, сайн дурынхан гээд бүх хүн оролцсон. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй олон компани хандив өргөсөн. Бизнесийнхэн өөрсдийн бүтээгдэхүүнээсээ эхлээд өөрсдийн боломжит хандивуудаа өгсөн. Ёстой л юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг явлаа.
АСЕМ-д зориулж үнэтэй бенз захиаллаа гээд баахан шуугисан даа. Үнэндээ тийм бенз байгаагүй юм. Бид уриалга гаргасны дагуу 20 гаруй хүн өөрийнхөө машиныг жолоочтой нь гаргаж өгснөөр гаднын төлөөлөгчдийн цувааг тэргүүлэн явж байх жишээтэй. Зэвсэгт хүчний дайчдыг дайчлан харуул хамгаалалт, жолоочоор ажиллууллаа. Моннис компани гэхэд 250 авто машин оруулж ирэхэд төр Гаалийн татвараас чөлөөлж өгсний дүнд 10 хоног үнэгүй хэрэглүүлсэн гээд яриад байвал их зүйл бий. Шатахууны компаниуд гэхэд 400 гаруй машины шатахууныг дааж байна. Интернэтийн үйлчилгээний компаниуд гэхэд интернэтээ үнэгүй ашиглуулсан. Хэвлэл мэдээллийнхэндээ зориулж хэвлэл мэдээллийн төв ажиллуулсан. Үүнийг дотоодын сэтгүүлчдээс гадна гаднын сэтгүүлчид өндрөөр үнэлсэн. Зургадугаар сарын 10-ны өдөр зочид буудлын доод талын агуулахыг бидэнд өгөхөд нэг сарын дотор олон компанийн тусламжтайгаар нэгэн зэрэг 500 гаруй сэтгүүлчид үйлчлэх төв болгон тохижуулсан.
-Ардчилсан засаг тэр дундаа Шийдлийн Засгийн газрын үед хийгдсэн ажлууд АСЕМ-ын үеэр илүүтэй тод харагдаж байна. Мөнгөгүй хэрнээ олон ажил хийж, энэ том хурлыг зохион байгуулж чадсан байна гэсэн хүмүүсийн хандлага их байна?
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Шийдлийн Засгийн газрын бүхий л ажил үүн рүү чиглэсэн. Э.Бат-Үүл даргын албаныхан гэхэд зүлэгжүүлэлт, тохижилт, Чингисийн хүрээнд болсон наадмын арга хэмжээ гээд маш их ажлыг Улаанбаатар хот хийсэн юм. Үнэхээр Шийдлийн Засгийн газар аливаа ажлуудыг зоригтой шийдээд явъя гэсэндээ хүрсэн. Хүнд сэтгэл байвал мөнгөгүй байсан ч хийдэг юм. Мөнгөгүй гэсэн шалтаг заагаад суусан бол юу ч бүтэхгүй байсан. Энэ хоёр хүн маш сайн ажилласан.
-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ирээд Монгол Улсын гадаад өрийг тэглэлээ гэдэг мэдээ яваад байх юм. Өөр ямар асуудлуудыг шийдсэн юм бэ?
-Олон жилийн өмнө авч байсан манай зээлүүд ханшийн зөрүүний улмаас тодорхой хэмжээний төлбөр үлдсэн байдаг юм. 1990 оны эхээр авсан бага хэмжээний зээлийн үлдэгдэл бий. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс “БНХАУ буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын хугацаа хэтэрсэн зээлийг чөлөөлнө” гээд зарласан юм. Тэр дагуу бид “Манай оронд ийм зээлийн үлдэгдэл байгаа” гээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлахад хугацаа хэтэрсэн зээлийн асуудлыг амласныхаа дагуу шийдэж өгөөч гэсэн. Энэ хүрээнд данс тооцоо нийлээд чөлөөлж байна. Түүнээс биш дөнгөж сонгууль болоод дууссаны дараа шийдсэн юм биш. Гадаад бодлого дээр нэг чухал зүйл байдаг нь залгамж чанарын асуудал. Үүнд ямар нам байх нь хамаагүй. Гадаад оронд Монгол Улсын Засгийн газар гэсэн байр суурь харагддаг юм. Үүнийг сонгуультай холбон тайлбарлаад байх зүйл байхгүй. Олон сарын турш Сангийн яамныхан болон дипломатуудын хөөцөлдлөгөөний үр дүн гэж ойлгож болно.
-ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй ямар тохироонд хүрсэн бол?
-ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев өмнө нь 2009 онд Ерөнхийлөгч байхдаа Монгол Улсад ирж байсан. Энэ хүн “2009 оноос хойш Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан байна” гээд сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. Төрийн гурван өндөрлөгтэй уулзсан. Үндсэндээ айлчлалын түвшинд ирсэн гэхэд болно. Саяхан манай Ерөнхийлөгч ОХУ-ын удирдлагатай Ташкентад уулзахад транзит тээврийн асуудлыг шийдье, Төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлье, Эгийн голын усан цахилгаан станцын яриа хэлэлцээрийг үргэлжлүүлье гэж байгаа. Оросын тал Эгийн голын усан цахилгаан станцын ажил дээр хөндлөн хэвтчихээд байгаа юм байхгүй. Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул хоёр тал судалж үзье, мэдээлэл солилцъё гэж байгаа юм. Аль болох шийдэл, гарц олъё гэдэг дээр хоёр тал ярьж байна.
-АСЕМ-ын уулзалтын үеэр Францад халдлага, Туркт төрийн эргэлт хийх гэсэн оролдлогууд боллоо. Монголчууд ямар нэгэн байдлаар халдлагад өртсөн үү. Энэ бүхэн АСЕМ-д нөлөөлсөн болов уу?
-Бид тэр дор нь мэдээлэл авсан. Ницца хотод болсон халдлагад азаар монгол хүн өртөөгүй. Туркт цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр монгол иргэн өртөөгүй гэдэг мэдээлэл ирсэн. Элчин сайдын яаман дээр бүртгэлтэй иргэдийнхээ гар утас руу сэрэмжлүүлэг мессэж явуулсан.
Эдгээр үйл явдлууд АСЕМ-ын үйл ажиллагаанд янз янзаар л нөлөөллөө. Францын Гадаад хэргийн сайд дөнгөж Монголд буугаад байж байтал халдлага болсон тул удалгүй буцсан. АСЕМ-ын хурлын эхний өдөр бүх хүн санаа зовсон байдалтай байсан. Хэдэн цагийн турш их л хүнд байсан шүү. Гаднын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар манайхтай л адил манай хүн өртсөн байх вий гээд санаа зовж байлаа. Уур амьсгалыг зөөллөхийн тулд нэг минут дуугүй зогсоод хурлаа эхэлсэн.
Хоёр дахь өдрийн хурлын өмнө Туркийн асуудал мөн л сэтгэл зовоосон. Өглөө хурал эхлэхийн өмнө гаднын төлөөлөгчид уулзахдаа “Яах вэ” гээд л яриа эхэлж байх жишээтэй. Хурлын үйл ажиллагаан дээр санаа зовоосон асуудлууд гарч байсан ч гэсэн нөгөө талдаа дэлхийн олон нийтийн анхаарал Улаанбаатар руу хандсан. Учир нь тухайн орон бүрийн төрийн удирдлагууд манай оронд байсан болохоор тэд юу гэж хэлэх нь вэ гэдгийг анхааралтай харж байсан. Үүнтэй холбогдуулан дэлхийн лидерүүд маш олон мэдэгдэл хийсэн.
Өдрийн сонины №163(5428) дугаараас авч нийтлэв
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон “Алдар” спорт хорооны тамирчдыг өчигдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзав. “Алдар” спорт хорооноос энэ жилийн баяр наадамд улсын аварга цолтон нэг, арслан цолтон нэг, харцага цолтон хоёр, улсын начин цолтон долоо төрсөн билээ. Үндэсний их баяр наадамд 10 давж түрүүлэн аварга цол хүртсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Ч.Санжаадамба болон Улсын арслан цол хүртсэн Архангай аймгийн Булган сумын харьяат, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэслэгч Р.Пүрэвдагва нарт Батлан хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг болон хоёр өрөө байр, мөнгө аяга, батламжийг гардуулсан юм. Мөн Улсын харцага цол хүртсэн Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа нарыг “Дайчны алдар-I” медалиар шагнасан бол Улсын начин цол хүртсэн Ц.Чимэддорж, Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, Б.Ганзориг, М.Бат-Отгон, Б.Дэлгэрсайхан, Б.Чимэдвандан, Урианхай сурын харваанд тэргүүлсэн Ж.Энхбат нарыг “Эх орны төлөө-I” хүндэт тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.
Тэдэнд шагнал гардуулах үеэр Архангай аймгийн Булган сумын уугуул “Алдар” спорт хороо “Бөхбилэгт” дэвжээний бөх Монгол Улсын шинэ арслан Ренчинбямбын Пүрэвдагватай ярилцлаа.
Тулгар төрийнхөө тэгш ойн баяр наадамд урамтай сайхан барилдаж Монгол Улсын арслан цол хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж Үндэсний их баяр наадмаар ес даван үзүүрлэж, Монгол Улсын арслан хэмээх хүндтэй том цолонд хүрсэндээ сэтгэл их өндөр байна.
-Таны хувьд энэ жилийн баяр наадмын онцлог юу байв. Наадмын өмнөх бэлтгэлээ хаана базаасан бэ?
-Тэгш ой тохиосон өнөө жилийн баяр наадмаар 1024 бөх барилдсан нь онцлог байлаа. Мөн аймгуудын наадмыг Үндэсний баяр наадмын дараа хийж байгаа нь улсын наадамд барилдах бөхчүүдийн чансааг өндөр болгосон гэж бодож байна. Өөр нэг зүйл онцолж хэлэхэд Үндэсний их баяр наадмаар түрүүлж, Улсын аварга болсон Ч.Санжаадамба бид хоёр хоёулаа 31 настайдаа түрүү, үзүүр булаалдсан. Харин 31 жилийн өмнө “Алдар” спорт хорооны хоёр бөх мөн адил түрүү, үзүүрт үлдэж байсан түүхтэй юм билээ. Энэ жилийн хувьд бэлтгэл гайгүй байсан. Би 2006 оноос эхлэн Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй нутгийнхаа ах нарын хамт “Бөхбилэгт” дэвжээндээ наадмын бэлтгэлд гарч байна. Энэ жил ч мөн нутгийнхаа бөхчүүдийн галд гарч наадмын бэлтгэлээ базаасан.
-Та ихэвчлэн тунаж барилддаг. Ингэхдээ улсын начин Б.Пүрэвсайхантай олонтаа таарсан. Харин одоо хоёулаа өндөр цолонд хүрчихлээ?
-Тунаж барилдах муу зүйл биш. Би харин ч арслан цол авсныгаа тунаж барилдаж байсны арга туршлага юм болов уу гэж бодож байна. Олон удаа учраа таарч барилдсан Б.Пүрэвсайхан маань сайхан барилдаж, улсын заан цолонд хүрсэнд баяртай байгаа. Цаашдаа ч олон таарч тунах байх. Тэр болгонд хичээж барилдах болно.
-Улсын арслан цолны болзол хангаад есөн хөлт цагаан сүлдээ тойрох тэр агшин ямар байсан бэ. Түрүү, үзүүрт үлдэх хүртэл хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Мэдээж хэрэг маш сайхан байсан. Олон жилийн бэлтгэлийн үр шимээ хүртэж одтой сайхан барилдаж, мөрөөдсөн цолондоо хүрнэ гэдэг ямар ч тамирчин хүний сэтгэл огшоосон мартагдашгүй сайхан мөч байдаг. Учраа бөх, даваа болгон чанга байсан ч бодсон мэхээ зоригтой хийж, төлөвлөгөөтэй барилдаж энэ эрхэм цолонд хүрлээ гэж бодож байна. Ер нь улсын наадмын өндөр даваанд сул өрсөлдөгч гэж байдаггүй. Тавын даваанд Ховд аймгийн арслан Н.Батсайханыг даваад начин цолоо гурвантаа батлах сайхан байлаа. Дараа нь зургаагийн даваанд аймгийн арслан Б.Чимэдванданг давж улсын харцага цол авчихаад үнэхээр их баярласан. Наадмын даваа бүр маш хариуцлагатай, хүнд байлаа. Долоогийн даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Монгол Улсын гарьд Б.Гончигдамбатай барилдаж баруун талдаа мушгиж долоо даван Монгол Улсын заан цолны болзол хангачихаад өөртөө ч итгэхгүй байсан шүү. Наймын даваанд Улсын арслан П.Бүрэнтөгстэй дахин барилдан давж Монгол Улсын гарьд цолны болзолд хүрчихээд мөн л адил өөрөөрөө бахархаж, баярласан. Тэр үед багш дасгалжуулагч, нутгийн сайхан бөхчүүд “Миний дүү болоогүй шүү, дахиад хоёр ч том даваа байна, сайн хичээгээд барилдаад бай” хэмээн хэлсэн нь маш их урам зориг өгсөн дөө. Ингээд Н.Батсуурь арслангаар ес давж Монгол Улсын арслан цолны болзол хангачихаад есөн хөлт цагаан тугаа тойрох сайхан байлаа.
-Дөрвийн даваанд учраа таарах магадлалтай бөхчүүдээ та судалж байсан биз дээ?
-Би тийм судалгаа огт хийдэггүй. Улсын наадмын хэдийн ч даваанд хэнтэй ч таарч болно шүү дээ. Тэгээд ч торгон ногоон дэвжээнд учраа таарсан л юм хойно хэнтэй ч уран мэхийг уралдуулан барилдъя гэж боддог. Ер нь бол ямар ч үед бэлтгэл сургуулилтаа тогтмол сайн хийгээд шударга барилдвал сайхан.
-Наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлж, мөн багагүй маргаан дагуулаад авсан наймын давааны тухайд та юу хэлэх вэ?
-Наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгстэй таарч барилдсан. Бид хоёрын барилдаан нэлээн удаан хугацаанд үргэлжилсэн. Ер нь бол хоёр бөхийн барилдааны шийдвэрийг ерөнхий хөлийн цэц, засуулууд хоорондоо хэлэлцэн монгол бөхийн дүрэм журмын хүрээнд шийдвэрлэсэн гэж бодож байна. Хөлийн цэц, засуулуудаас дахин барилдах шийдвэр гарсан. Ингээд дахин барилдахаар шодож миний талаар бууж, би барьц сонгон давсан. Барилдаан ийм л болсон. Хүн бүр П.Бүрэнтөгс арслантай барилдсан барилдааныг надаас асууж байна. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй гэж хэлмээр байна. Бид хоёр үнэн хүчээ үзэж, шударга л барилдсан шүү дээ.
-Зуугаад жилийн дараа сэргээн зохион байгуулсан Их хүрээний даншиг наадам удахгүй болох гэж байна. Таны хувьд өнгөрсөн жилийн даншигт түрүүлж даншгийн арслан болсон. Энэ жил зодоглох уу?
-Тийм ээ. Монголчуудын маань бас нэгэн уламжлалт баяр наадам гэдэг утгаараа маш сайхан болох байх. Даншгийн арслан Үндэсний их баяр наадмын арслан цол гэдгийг зэрэглэх их дургүй. Адилхан наадамд адилхан хүч хөлсөө урсгаж авсан цол шүү дээ. Хоёр том наадмын арслан цол авсандаа ихэд бэлгэшээж байгаа. Энэ жилийн даншиг наадмаар барилдана.
Э.МӨНХТҮВШИН