Categories
мэдээ нийгэм

Арвайхээр-Хужирт чиглэлийн замд эвдрэл гарсан байна

Өвөрхангай аймгийн нийт нутгаар энэ
сарын 13-15-нд үргэлжлэн орсон аадар борооны улмаас
улсын чанартай Арвайхээр-Хужирт чиглэлийн сайжруулсан шороон зам сэтэрч, замын
хөдөлгөөний аюултай нөхцөл байдал үүсээд
байна. Энэ талаар Зам тээврийн яамны мэргэжилтэн А.Гантулгаас тодруулахад “Зам
засах төсөв мөнгө байхгүй учир
одоогоор анхааруулах тэмдэг хоёр талд нь тавьсан байгаа. Даваа гаригаас
зам засах төсөв яригдах байх” гэлээ. Мөстийн гүүрнээс цааш 100 метр газар үерт автаж замын далан урссан байдалтай байгаа аж. Тиймээс зам
дээр осол аваар гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн
тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолон хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг
албаныхан анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар мөнгөн ус худалдах гэж байхад нь саатуулжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус дамлан худалдах гэж байсан этгээдүүдийг саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн харьяат Т гэгч нь бусадтай бүлэглэн 40 кг мөнгөн усыг худалдан авч, улмаар хятад иргэдэд худалдахаар бэлтгэж байгаа талаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд мэдээлэл ирсэн байна.

Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад Т нь мөнгөн ус зарах гэж байгаа хүмүүстэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд уулзах үедээ иргэн М, Ж, Г нартай үгсэн хуйвалдаж, мөнгөн ус зарахаар ирсэн иргэн Р, Г нараас мөнгөн усыг нь дээрэмдэхийг оролджээ. Цагдаа нар хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, тэднийг үйлдэл дээр нь баривчлан саатуулсан байна.

Сэжигтэн этгээдүүд дээрх мөнгөн усыг ОХУ-аас оруулж иржээ. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Т, М, Ж, Г нар нь бусдыг дээрэмдсэн, харин Ж, М нар нь 40 кг мөнгөн ус буюу химийн хорт бодисыг хууль бусаар олж авч, хадгалж байсныг тогтоосон байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Хятадын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга асанд ял оноожээ

Хятадад өчигдөр Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн асан Го Босюныг шүүх хурал өндөрлөжээ. Тус улсын шүүхээс түүнийг авлига авсан гэх хэрэгт буруутган ял оноосон талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Го Босюныг улс төрд ажиллахыг бүх насаар нь хориглон, хурандаа генерал цолыг нь хүчингүй болгожээ. Мөн хувийн эд зүйлс болон хууль бус аргаар олж авсан мөнгө, эд хөрөнгийг нь улсын мэдэлд шилжүүлжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

А.Гантамир: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ҮХЦ-д шалгуулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар хандсан талаараа өнөөдөр 11 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд эрхзүйч А.Гантамир мэдээлэл хийлээ.

Тэрээ “Аймгуудын засаг нарыг сонгох үйл ажиллагаа хууль зөрчиж байна. Тухайлбал, Сүхбаатар аймаг 33 төлөөлөгчийн суудалтай. Үүний 16-г нь МАН, 16-г АН авсан. Үлдсэн нэг суудал нь дахин сонгууль явагдахаар болсон байгаа. Аль нэг нам нь олонх болж чадаагүй. Гэтэл хууль зөрчиж МАН-ын 16 төлөөлөгч маргаантай байгаа төлөөлөгчөө хуралдаанд оруулж ирэн, засаг даргаа томилсон. Хоёр шатны шүүхээс хууль зөрчсөн нь тогтоогдож, нэрсийн жагсаалтаас хасагдсан, санал өгөх эрхгүй Д.Болдбаатар төлөөлөгч энэ хуралд санал өгч хууль зөрчсөн. Мөн тухайн өдрийн хурлын шийдвэр ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байтал ерөнхий сайд руу илгээсэн. Ингэснээр З.Энхтөр гэдэг хүн Сүхбаатар аймгийн засаг даргаар томилогдлоо. Ерөнхий сайд энэ асуудалд маш хариуцлагагүй хандаж, тамга тэмдэггүй хурлын шийдвэрийг хүлээн авлаа. Энэ сарын 21-ний өдөр М.Батсуурийг албан тушаалаас нь чөлөөлж, З.Энхтөрийг томилсон захирамж гаргасан. Засаг дарга төрийн албанд гурван жил ажилласан, мэргэшлийн хүн байх ёстой. Гэтэл З.Энхтөр төрийн албанд нэг ч жил ажиллаагүй. Энэ бүхнийг ерөнхий сайд үл харгалзан шийдвэрээ гаргасан. Үүгээр ерөнхий сайд Үндсэн хуулийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Сүхбаатар аймгийн ИТХ-ын хуралдаанд зөвхөн МАН-ын саналын эрхтэй 16 хүн нь оролцсон, ирцийн бүрдүүлэлт хуулиндаа хүрээгүй. МАН-ынхан тамга нь байсаар байтал “Тамга тэмдэг алга болсон тул хийлгэнэ” гэж Ч.Улаан гишүүнээр дамжуулан хүсэлт гаргаж, тамгаа хийлгэсэн. Гэтэл хуучин тамга нь хэвээрээ байж байгаа. Энэ мэтээр хууль зөрчиж байгаа нь буруу. Өчигдөр З.Энхтөр ажлаа хүлээн авсан. Үүнээс хойших шийдвэрүүд бүгд хууль зөрчсөн болж таарна. Тиймээс бид ерөнхий сайдыг бид хууль бус захирамжаа буцааж, хуулийн дагуу явагдсан хурлын шийдвэрийг хүлээн авахыг шаардаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод зургадугаар сард 42823 жуулчид иржээ

Улаанбаатар хотыг зорин ирэх жуулчдын тоо өмнөх онуудаас ихэссэн байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны зургадугаар сарын байдлаар ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ. Монгол Улсад ирсэн нийт гадаад иргэд 2015 оны зургадугаар сард 46619 нийт зорчигчдоос 39027 жуулчин байсан аж. Энэ оны зургадугаар сард 49482 нийт зорчигчдоос 42823 жуулчин ирсэн тоо баримт гарсан байна.

Жуулчдын тоо голлох зах зээлийн орнуудаар авч үзвэл Япон (+9%), Америк (+0.4%), Орос (+18%), Казакстан (+4%), Герман (+0.5%), Австрали (+50%), Франц (+38%), Солонгос (+35%) жуулчдын тоо өсч, харин Хятад (-3.8%) болон Англи (-1.8%) жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Жак Ма-гийн лекцийг зөвхөн урилгатай хүмүүс очиж сонсоно

Асашёрү Д.Дагвадорж аваргын урилгаар, “Алибаба” группийг үндэслэгч, Хятадын тэрбумтан Жак Ма манай улсад ирээд байна. Тэрээр долоодугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол улсад амрахаар төлөвлөж, ирсэн даруйдаа “Чингисийн хүрээ” цогцолборт зочилсон юм. Түүний дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзжээ. Тэрээр маргааш буюу долоодугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагаас “Скай резорт” амралтын баазад тодорхой тооны хүмүүст зориулж лекц уншихаар болсон байна. Жак Ма лекцээ ангил хэл дээр сонордуулах аж. Түүний лекцийг олон хүн очиж үзэх сонирхолтой байгаач зөвхөн урилгатай хүмүүс оролцох юм байна. Харин урилгагүй хүмүүс Жэк Магийн лекцийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ: Осол болсон замыг 7,8 сая төгрөгөөр зассан

Дархан өртөөний замд энэ сарын 22-23-нд шилжих шөнө мод ачиж явсан ачааны галт тэрэгний зургаа нь эх биеэс салж, осолдсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай, Суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга Д.Батбаатар, Тээврийн хяналтын байцаагч Т.Доржжанцан нар мэдээлэл хийлээ.

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА Ч.ЭРДЭНЭДАЛАЙ:

Долдугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03.58 цагт Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний 14 дүгээр замд ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээврээр мод ачиж явсан 2504 дүгээр галт тэрэгний дундаас зургаан вагон гарсан.

Уг осол нь эхний вагон замаас гарсны улмаас тоормосны хоолой болон вагонууд салгагдаж, уг салгагдсан вагонууд нь хойноос нь инерцээрээ түрснээс бүрэлдэхүүний дундаас гарсан. Замын удирдлага шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажилласнаар сэргээн босох ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж, төмөр замын тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Тухайн үед Улаанбаатар төмөр замд байдаг хос замтай хэсэг таарсан. Тиймээс нэг замаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломж байсан. Энэ нь сэргээн босгох ажил явуулахад дөхөмтэй байсан. Үүнээс шалтгаалж хүний амь эрсэдсэн зүйлгүй. Байгаль орчинд хортой бодис асгарч, тарсан зүйл байхгүй.

Ачааны төрөл нь ОХУ-аас транзитаар өнгөрч явсан мод, банз, гуалин байсан. Эдгээрийг цаг алдалгүй шилжүүлж, сэргээн босгож, үйл ажиллагаа явуулж, ачааг нь гаалийн газарт хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар ажиллагаа үргэлжилж байна.

Ослын шалтгааныг нарийвчлан гаргах ажлын хэсэг гарч ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тийм зүйлээс болсон гэхэд хэцүү байна. Учир нь Дархан Уул аймагт хоёр өдөр үргэлжлэн бороо орсон. Тиймээс байгалийн янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй байж болзошгүй гэж таамаглал дэвшүүлж байна. Үүнээс гадна зам, хөдлөх бүрэлдэхүүн зэргээс үүдэлтэй байна уу гэдгийг шалгаж байгаа.

СУУРЬ БҮТЭЦ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА Д.БАТБААТАР:

-Сэргээн босгох ажлыг 2016 оны долдугаар сарын 23-ны 10 цаг 30 минутаас долдугаар сарын 24-ны 11 цаг 40 минутын хооронд хийж дуусгасан. Зургаан вагоныг ослын газраас өргөж зайлуулсан. Замыг нь сэргээн засварлаж, хөдөлгөөнийг нээсэн. Зургаан вагонд ачаатай байсан модон материалыг шилжүүлэн ачсан. Сэргээн босгох ажлын өмнө хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж хөндлөнгийн оролцоо байна уу гэдгийг үзлэг шалгалт явуулсан. Үүний дараа сэргээн богсох ажилдаа орсон.

Ослын шалтгааныг тийм зүйлээс болсон гэж хэлэхэд эрт, тодорхойгүй байна. Комиссын дүгнэлт маргаашнаас гарч дуусах байх. Нөгөөдөр буюу пүрэв гаригийн өглөөний 09.00 цагаас замын даргаар удирдуулсан шуурхай баг хуралдана.

ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Т.ДОРЖЖАНЦАН:

-Таван вагонд зүсмэл материал, 1.5 мм-ийн банз, гуалин ачсан байсан. Монголын талаас тээвэр зуучлагч компани газар дээр нь очсон. Тухайн орон нутгийн цагдаа, тагнуул, онцгой байдлын албаныхан ачаанд шалгалт хийсэн. Ачаа тээвэртэй холбоотой асуудал гараагүй. Зорчигчийн галт тэрэг, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө үүсээгүй гэдгийг онцолж хэлье.

ТӨМӨР ЗАМЫГ 7.8 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАССАН

Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад албаны хүмүүс дараах хариултыг өглөө.

-Хаанахын вагон явж байсан бэ? Зүтгүүр нь зүгээр гараад явсан юм уу. Хоёр хөрш ачаа тээврээ нэмэгдүүлнэ гэж яриад байгаа энэ үед аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу?

-Зүтгүүр нь эхний таван вагоны хамтаар зүгээр гарсан. Зургаа дахь вагоноос тасарсан. Галт тэрэг уг замаар орж ирэхэд ямар нэг гадны нөлөө байгаагүй гэж эхний ээлжид харагдаж байгаа. Вагонууд нь ОХУ-ын паркынх. ОХУ бол тухайн төрийн өмчөөс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хувьчилсан. ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замаас вагон хариуцсан мэргэжилтэн инженерүүд газар дээр нь ирж үзсэн. Энэ бол 1997, 1990, 1980 оны орчимд ашиглалтад орсон вагонууд юм. ОХУ-ын паркад хэдэн жил ашиглаж, ямар байдлаар акт тогтоох тухай мэдээлэл одоогоор алга. Монгол Улсын хувьд 25 буюу түүнээс олон жил ажилласан хөдлөх бүрэлдэхүүнийг актлах тухай Засгийн газрын тогтоол байдаг. Тухайн вагоны төлбөрийн асуудалд ашиглалтын хугацаанаас хамаараад ОХУ-ын талаас өөрсдийн санал гомдлыг тавих байх. Хамтарч шийдвэрлэнэ.

ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэхэд ачаа хүргэх хугацаа гэж байдаг. Тухайн хугацаанд нь Монголын хилээр ачааг нь гаргасан. Тиймээс энэ асуудалд Монголын тал хүлээсэн үүргээ биелүүлсэн. Сэргээн босголтын ажил үргэлжлэх хооронд ачааг шилжүүлэн ачих үйл ажиллагаа явуулсан тул доголдол гараагүй.

Вагонуудыг ОХУ-ын талтай хамтарсан, гэмтлийн үзлэг хийж байна. үүний дараа аль хэсгийг сэргээн засварлах, алийг нь техникийн хувьд ашиглах боломжгүй вэ гэдгийг тогтооно. Үүний дараа бид эцсийн байдлаар хохирлын хэмжээ, төлөх асуудал тодорхой болно. Ер нь БНХАУ, ОХУ-ын хооронд транзит тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр дамжин өнгөрч буй тээврийг саадгүй явуулахад бидний зүгээс техникийн болоод бүх ажлыг хэрэгжүүлж байгаа. Манай суурь бүтэц буюу замын техникийн хувьд хэлье. Бүгд нэг замтай. Гол ганц замтай. Өртөө зөрлөгүүдэд галт тэргээ зөрүүлдэг технологитой. Нийт гол зам нь 1100 км байдаг. Үүний 400 гаруй км нь модон дэртэй. Үлдсэн хэсэг нь зам төмөртэй байдаг. Ихэнх шулуун хэсгүүдэд бетон дэртэй. 1950-иад онд байгуулсан ул шороо, инженерийн байгууламжууд хэвийн ашиглагдаж байна.

-2016 он гарсаар ийм төрлийн осол гарч байсан уу?

-2016 он гарсаар ийм төрлийн осол гараагүй. Харин 1984 онд Зүүнхараад, 2006 онд замын урд хэсэгт осол гарч байсан. Түүнээс хойш гараагүй.

-Тухайн осол гарсан зам асуудалгүй гэж ойлгож болох уу?

-Болно.

-Хэчнээн км замыг, хэдэн төгрөгийн зардлаар засварласан бэ?

-40 орчим метр газарт зам эвдэрсэн. Зам сэргээн засварлахад 7.8 сая төгрөгийн зардал гарсан. Ачааны галт тэрэг 80 км цаг, суудлын галт тэрэг 100 км цагийн хурдтай явах дүрэмтэй. Гэхдээ хажуугийн буюу туслах замаар орж ирэхээс шалтгаалаад хурд нь өөр байдаг. Энэ удаад хажуугийн замаар 15-20 км цагийн хурдтай явж байсан. Ихэнх гол замууд төмөр бетон дэрээр тоноглогдсон, найдвартай байдаг. Мөн зорчигчийн галт тэрэг бол дандаа гол замаар явдаг. Тиймээс зорчигчийн галт тэрэг аюулгүй.

Categories
мэдээ нийгэм

Зургаагаас дээш насны хүүхдэдээ тарваган тахлын вакцин хийлгээрэй

ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг гэнэ. Ази, Африк, Өмнөд Амеркийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж үрэгдэж байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болдог байна.

Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэгт орж явдаг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг аж.

“Зооноз өвчин судлалын үндэсний төв” улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлжээ. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас уриалсан байна.

Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандах шаардлагатай аж.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэх хэвлэж эхэллээ

Лицензийн төв газар жолооны үнэмлэхийг өнгөрөгч долоо хоногоос эхэлнэ хэвлэж эхэллээ. Жолооны үнэмлэх хэвлэлт хэсэг хугацаанд саатаж, шинээр авах, солиулах иргэдийн хүлээлт үүсээд байсан билээ. Лицензийн төв шинэ үнэмлэхийн бэлдэц тасарснаас болж хэвлэлтээ түр зогсоогоод байсан юм. Үүнтэй холбогдуулан 40 гаруй мянган үнэмлэх хуримтлагдсан аж.

Лицензийн төв уртасгасан цагаар ажиллаж нэг өдөрт 500-1000 жолооны үнэмлэх хэвлэж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Харанга хамтлагийн хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар Н.Халиун ажиллана

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь гардуулж өгөх юм.

Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна.

Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно.

Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS телевиз шууд дамжуулнагэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.