Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын дундаж дулаан долдугаар сард 18-23 хэм байна

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу Увс, Ховдын ихэнх, Баян-Өлгийн зүүн өмнөд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 28-33 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард орох хур борооны нийт хэмжээ нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Увс, Ховдын ихэнх Баян-Өлгийн зүүн өмнөд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн орчим орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан буюу Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 29-34 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард орох тунадасны нийлбэр хэмжээ нь Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо орно. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр ихэнх нутгаар, нэг ба хоёрдугаар арав хоногийн эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх ба хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтийн зүүн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг ба гуравдугаар арав хоногийн эцэс, хоёрдугаар арав хоногийн эхэн ба эцсээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 31-36 градус хүрч хална.

Энэ сард Өмнөговийн баруун болон зүүн, Дорноговийн баруун болон зүүн хойд, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гран при тэмцээний оноолт гарлаа

Дэлхийн чансааны оноо олгох “Чингис хаан” гран при жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Тэмцээний техникийн зөвлөлгөөн болон бөхчүүдийн оноолт олгох сугалаа өчигдөр Блю-Скай цамхагт боллоо.

Дэлхийн 187 оронд шууд дамжуулах энэ тэмцээнд 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн. Тодруулбал, тэмцээн зохион байгуулагчийн давуу хувиар манай улсаас нэг жинд дөрөв, нийт 56 тамирчин оролцох бол БНХАУ23, БНСУзургаа, ОХУ-аас 14, Азербайжен ес, Чех хоёр, Япон долоо, Казахстан дөрөв, Люксембург нэг, Хорват, Куба, Кыргызстан, Словен улсаас тус бүр гурван тамирчин оролцоно.

Өнөөдөр хэсгийн барилдаанууд 13:00 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас эхэлнэ. Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх бол маргааш эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн аваргууд тодорно. Сүүлийн өдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм.

Энэ удаагийн тэмцээн олимпын наадмын өмнө болж байгаа учир оролцогчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөн байгаа аж. Гэсэн хэдий ч шагналын сан өндөр хэвээр байгаа юм. Тодруулбал, түрүүлсэн бөхийг 100 мянган ам.доллараар байлах юм байна.

“Энэ тэмцээнээр олимпын эрх олгохгүй. Олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүд тавдугаар сараар тасалбар болдог. Танай улс үүнээс дээгүүр ангиллын тэмцээн зохиох бүрэн боломжтой. Энэ нь ч “Чингис хаан” гранпригаас харагддаг. Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд дээд ангиллын тэмцээн, уралдаан шүүдэг мэргэжлийн, өндөр ур чадвартай шүүгчид байгаа. Тэмцээнийг шүүхээр Ази, Америк, Европ тивээс ирсэн” хэмээн Олон улсын жүдо бөхийн холбооны спортын асуудал хариуцсан захирал Владимир Барта хэлсэн.

Эрэгтэйчүүдийн жингийн оноолт:

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын эхний хэсгийн барилдаанд Д.Өлзийбаяр ОХУ-ын Д.Стерков нар учраа таарч, С.Болдпүрэв, Т.Баттулга, А.Эрдэнэбилэг нар гоц мөргөсөн. Харин -100 кг-д Кубын Ж.Армантерос манай бөх Т.Гантай, Л.Дашдулам Хятадын На Рисү, А.Баярсайхан Хятадын Тэ Ригүл, К.Одбаатар Азербайжений З.Коцойев нар эхний хэсэгт таарлаа.

+78 кг-д Кубын Ортиз Идализ Японы Ичихаши нар, М.Баттулга болон Г.Гармаа, Ж.Одхүү Хятадын Ли Нан, Г.Эрдэнэбилэг Оросын Шерметов нар эхний хэсэгтээ таарлаа.

Тэгвэл -90 кг-д манай жүдоч О.Лхагвасүрэн Оросын И.Иванов эсхүл Т.Батсайхантай, Хятадын Бү Рэжид Азербайжены Ф.Дадашов, Кубын А.Гонзалез Азербайжены В.Шарбатли эсхүл Т.Одхүүтэй, А.Гантулга Чехийн Д.Кламмерт аль эсхүл Хятадын Эригэмубатутай эхний хэсгийн барилдаанд таарсан юм. Оноолтыг сугалааны системийн дагуу санаандгүй байдлаар оноосон.

Хасах -80 кг-ын эхний хэсгийн барилдаанд Д.Нямсүрэн Солонгосын W.Jung, Хятадын L.Zha, Солонгосын H.Lee Казахстаны А.Махамбетов, Чехийн Ж.Мусил Люксембургын Б.Баянаа болон манай жүдоч Т.Ганхуяг, Азербайжаны А.Сафали М.Эрдэнэхүү, А.Батмөнх нар эхний хэсэгтээ хүч үзэх нь.

Харин -73 кг-д Слований Мартин Хойак Казахстаны Оразалин Нурлан, Б.Санжмятав нар, Азербайжаны Валиев Тэлман Оросын Фогэл Лео нар, Азербайжаны Гүлүзад Фаган Хятадын Ба Яндэлихэй, П.Бат-Эрдэнэ, мөн К.Наранхүү Б.Батцэцэг, А.Ганиев нар эхний хэсэгт учраа таарлаа.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны хямдралт өдөрлөг болно

“Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” өнөөдөр, маргааш “Мишээл” барилгын их дэлгүүрт байрлах “Орон сууцны бирж”-д болж байна. Өдөрлөгт барилга орон сууц, даатгалын компани, арилжааны банк, байраа зарахаар төлөвлөж буй иргэд оролцож, зорилтот худалдан авагчдад мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна. Ялангуяа хууль эрхзүй, ипотекийн зээл, барилгын чанар, үзүүлэлт, зах зээл, үнэ ханшийн судалгаа гэх мэт олон талын мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд олгох аж.

Улаанбаатарт байршилтай 200 гаруй шинэ орон сууц болон хоёрдогч зах зээлийн байруудаас сонголтоо хийх боломжийг иргэдэд олгож байгаа гэлээ.

Хөтөлбөр:

  • Онцгой хямдрал, урамшуулалтай орон сууцны төслүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Банк, санхүүгийн мэргэжилтнүүд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөгөө
  • Мэргэшсэн даатгалын компанийн ажилтнууд орон сууц ба түүнтэй холбоотой даатгалын асуудлаар зөвлөмж
  • Орон сууц худалдах болон худалдан авахад шаардлагатай зөвлөгөө өгөх үйл ажиллагаа багтана.

Түүнчлэн зарим арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээл олгохгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнд хариулт, зөвлөгөө өгөхөөр Монголын Ипотекийн Корпорацийн мэргэжилтнүүд өдөрлөгийн турш мэдээлэл өгөх болно. Мөн зөвхөн эдгээр өдрүүдэд энэ жилийн орон сууцны хамгийн доод үнийн санал гаргаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нэг айлын гурван хүүхэд худаг руу унаж амиа алджээ

Орон нутагт харамсалтай байдлаар гурван хүүхэд амь насаа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал өчигдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газар найман настай эрэгтэй Н, таван настай эмэгтэй Д, гурван настай эрэгтэй Д нарын хүүхдүүд худагт унаж нас барсан байна. Энэхүү мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийг шалгаж эхэлжээ. Юуны учир тэд худаг руу гурвуулаа унах болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайн зүүн талын зам хаалттай байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, ДБЭТ хамтран зохион байгуулж байгаа “Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүний тайз заслын ажлыг хийхтэй холбогдуулан Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар буюу 2016 оны 06 дугаар сарын 30-наас 07 сарын 03 өдөр хүртэл хаахаар болжээ.

Тодруулбал, өнөө өглөөний 06.00 цагаас долдугаар сарын 2-ны 00.00 цаг хүртэл Соёлын төв өргөөний баруун уулзвараас урагш “Централ тауэр”-ын баруун урд уулзвар хүртэл хөдөлгөөнийг хаалаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн 07 сарын 02-ны өдөр буюу бямба гарагт 21:00 цагаас Чингисийн талбайд болно.

Цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” гэх мэт шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм. Тасалбарыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын кассаар борлуулна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг өнөөдөр олгоно

УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд өнөөдөр гардуулна. Түр үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд 12.30 цагаас болох аж. Түр үнэмлэх олгосны дараа Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид гишүүдийн нэрсийг өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг зарласнаар гишүүд тангарагаа өргөх юм.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн шалгалтын хариу өнөөдөр гарна

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-19-ний өдрүүдэд орон даяар явагдсан. Энэ жилийн ЭЕШ-д 37200 гаруй шалгуулагч оролцсон бөгөөд үүнээс 15123 нь нийслэл, 22041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ. Тэгвэл өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын албан ёсны хариу өнөөдөр гарна. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан талаарах мэдээлэл цацагдсан ч Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм.

Шалгуулагчид БҮТ-ийн eec.mn рүү өөрийн бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч шалгалтын дүн оноогоо харж болно.

Categories
мэдээ цаг-үе

Хилчдэд ганц ч биш гурав, дөрвөн моторт завь байдаг гэв

Түрүүч нь №143, 145, 146, 147, 148 (5408, 5410, 5411, 5412, 5413) дугаарт

-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙН МӨРӨӨР …-

Хилийн заставын моторт завь

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Буйр нууранд нутгийн иргэд загасчилж яваад эндсэн эмгэнэлт хэргийн дуулиан одоо хэр намжаагүй байна. Загасчид тухайн үед модоор хийж төмрөөр гадарласан завьтай яваад салхинд шидэгдэж мөстэй мөргөлдөж улмаар хоёр нь нуурын усанд живж, хоёр нь хагарсан мөсөн дээр амьд гарч чадсан байдаг. Хорь гаруйхан настай хоёр залуу хоёр цагийн турш аврал эрэн мөсөн дээр нааш, цааш гүйсэн боловч хэн ч тэдэнд тусламж үзүүлээгүй. Улмаар нойтон хувцастайгаа барьцалдаж хөлдөн амьсгал хураасан. Тэр жил Сэлэнгэ мөрнөөр өлгийтэй нялх үрээ тэвэрсээр нэгэн эх Оросын хил руу урсаж ор сураггүй болсон эмгэнэлт түүх бий. Тэгвэл энэ удаагийн загасчдын хэрэг түүнээс ч илүү зүрх шимширмээр. Хоёрын хоёр залууг харсаар байгаад алчихаж. Тэдэнд туслах боломж байсан гэдгийг нутгийнхан онцолж байна.Учир нь хагас км зайд байрлах хилийн заставынхан өчүүхэн төдий сэтгэл гаргахад л өнөөдөр хоёр сайхан залуу инээж, хөхрөөд бидний дунд явж байх байлаа хэмээн тосгоныхон ам өрсөн ярьж байна. Тиймээс нуурын хажууханд байрлах “Буйр”-ын заставаас тухайн өдөр гарсан ослын талаар тодруулсан юм.

Э.БАТ-ЭРДЭНЭ: НУТГИЙНХАН АНХНААСАА ОСЛЫН ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ

“Буйр” заставын орлогч Э.Бат-Эрдэнэ:

-Манай заставын дарга руу 10:20 цагт утсаар ярьсан. Дараа нь “Hummer” жийптэй нэг нөхөр ирээд “Нууранд хүмүүс осолдсон юм шиг байна” гэж хэлсэн. Яг тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэгэхээр нь бид эндээ бэлдэж байя, та тодруулаад хүрээд ирээрэй гэсэн. Тэр нөхөр дахиж ирээгүй.

-Тэр жийптэй ирж хэл дуулгасан хүн эндхийх юм уу?

-Үгүй. Дорнод аймгийн төв, Халхгол сум, Ялалт багийн дунд л явдаг. Ер нь нутгийн иргэд андахгүй л дээ. Загас худалдаж авдаг залуу.

-Тэгээд юу болсон?

-Дахиад 20-иод минутын дараа дахиад нэг машин ирсэн. Тэгэхээр нь ер нь болохоо байж гэж бодсон.

-Итгээгүй юм уу. Яагаад нууранд хүн үхэх гэж байна гээд байхад дөрөв, таван удаа дуудуулсан юм бэ. Шуурхай ажиллаж болоогүй юм уу?

-Анхны хэл ирэхэд л дарга ангийн төв рүү хэлээд ангийн төв Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авсан. Энэ хооронд бид агуулахаас завиа гаргаад хийлж ашиглахад бэлэн болгож байсан.

-Хамгийн гол нь застав заавал зөвшөөрөл авч байж завиа өгнө гээд өгөөгүйн улмаас цаг хугацаа алдсан гээд байгаа. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй завиа өгчихөд болмоор л санагдах юм?

-Цаг хугацаа алдсан юм байхгүй. Сүүлд машинтай хүн ирэхэд завь бэлэн болгосон байсан. Манай дарга, гурван алба хаагчтай машин дээр нь завиа ачаад хамт явсан. Бид цэргийн байгууллага. Цэргийн байгууллагад хэн ч тушаалгүйгээр хөдөлж болохгүй. Тэгээд ч яг тэр үед нууранд гарахыг хориглосон байдаг.

-Ямар учраас хэдий хугацаанд нууранд гарахыг хориглосон байдаг юм бэ?

-Тухайн өдөр нуур мөстэй байсан. Нуур мөстэй үед хилийн цэргийнхэн нуурын усанд гарахыг хориглосон байдаг. Мөн их хүчтэй салхитай байсан. Ийм тохиолдолд манай хилийн цэргийнхэн аюулгүй байдлын хангамж гэдэг утгаараа нуурын усанд гарахыг хориглодог. Нуурын усны долгион хоёр баллтаас дээш бол усанд гарахыг хориглоно. Тэр өдөр бараг дөрвөн баллтын үзүүлэлттэй байснаас гадна цуурч хагарсан мөс ихтэй байсан. Ийм нөхцөлд хүний амь эрсдэх аюултай.

-Тийм учраас л нутгийн иргэд мэргэжлийн байгууллага, мэргэжлийн моторт завь гуйж та бүхэнд хандсан шүү дээ?

-Хөдөлгөхийн тулд заавал зөвшөөрөл авдаг. Нутгийнхан ямар нөхцөл байдал үүсээд байгаагаа тодорхой тайлбарлаагүй. Нууранд осол болсон, завь хэрэгтэй байна гэсэн л юм хэлсэн. Манай дарга мэдээж дээрээс зөвшөөрөл авч байж завь гаргах боломжтой гэж хэлсэн. Гэхдээ энэ хооронд ор тоохгүй суугаагүй. Отряд руу мэдэгдэж, Ерөнхий газарт хандсан байсан. Хянах самбар руу дээшээ гарч мэдсэн. Жирийн үед хянах самбар дээр хүн гарахыг хориглодог. Төв ангидаа мэдэгдэж ерөнхий газраас зөвшөөрөл авахгүй бол бид хууль зөрчсөн болно. Магадгүй дур мэдэж гаргасан шийдвэр хүний аминд хүрэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед нуурын мөс гэсээгүй байсан учраас завиа хадгалалтаас гаргаагүй байсан л даа. Нуурын хорио тавигдаагүй, загасчлах хугацаа ч болоогүй байсан. Товчхондоо, усан дээр үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байсан.

-Хилчид усан дээр яг хэдийд үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг юм бэ?

-Мөс бүрэн гэсэхээр үүрэг гүйцэтгэж болно. Түүнчлэн нууранд дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд загасчлах хориотой. Нэг ёсондоо загасчид хориотой үед загасчилж явсан гэсэн үг.

-Нууранд танай алба хаагчдыг очиход мөсөн дээрх хоёр хүн амьд байсан уу?

-Яг нууран дээр гарахад нь манай усчин, ахлах ахлагч Чулуунсүх завьтай явсан байна лээ. Нуурын мөс рүү явахад эхний ээлжинд манай усчинтай хамт нутгийн хоёр ард явсан байсан. Дахиад хоёр дахиа явахад эхний явсан хүмүүс айгаад нутгийн ардуудаас дахиад өөр хүн авсан гэсэн. Эхний явалтаар нэгийнх нь цогцсыг авчирсан байсан. Хөлдөж осгосон байдалтай амиа алдсан байсан гэсэн. Хоёр хүн мөсөн дээр байсан гэсэн учраас дахиж яваад тэр хавьд мөсөн дээр байж магадгүй гээд явахад олдоогүй байсан.

-Хилчид эрэн хайх ажиллагаанд оролцсон уу?

-Дараа нь усанд шумбаж загасчдын цогцсыг эрэн хайх ажиллагаанд оролцсон. Анхнаасаа Онцгой байдлын ерөнхий газартай хамт эрлийн багт орж ажилласан. Хоёр автомашинтай, хоёр завьтай, нийт 16 хүн оролцсон байгаа.Манай заставаас усан дээр оролцоогүй, нуурын эргээр эргүүл хийж ажилласан. Харин онцгой байдлын аврагчид явсны дараа манай усчин, ахлах ахлагч Чулуунсүх орон нутгийн иргэдтэй хамтарч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж хоёрынх нь цогцсыг олсон. Эрлийн дараа дөрөв дэх цогцос усан дээр хөвөөд гараад ирснийг нутгийн иргэд олсон гэсэн тайлбар өглөө.

Нутгийн иргэдийн сэлүүрддэг завь

Ц.САНЧИР: ИРГЭД ЯАХ УЧРАА ОЛОХГҮЙ ХУГАЦАА АЛДСАН БАЙСАН

Халхгол сумын Цагдаагийн хэсгийн дарга Ц.Санчир:

-Би Халхгол суманд томилогдоод хоёр жил болж байна. Улаанбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад томилогдон ажиллаж байсан. Халхгол өөрийн гэсэн онцлогтой сум. 3200 хүн амтай. Гурван багтай. Ялалт баг сумын төвөөс 70 км. Буйр нуур багаас 20 гаруй км-ийн зайтай. Ташгай баг ч гэсэн сумаас их хол. “Петро Чайна Дачин Тамсаг” компани үйл ажиллагаагаа явуулдаг байхад хулгайн хэрэг их гардаг байсан. Малын хулгай зэрэг бусад хэрэг ер нь мэдэгдэхүйц буурсан. Золгүй ослоор харин дөрвөн хүн амиа алдаад байна. Буйр нуур өөрөө хараа хяналтгүй, нуур түшиглэсэн цех байхад суурьшсан айлууд одоог хүртэл үе удмаараа амьдарч байна.

-Танайд хэдэн цагт дуудлага өгөв?

-Надад Буйрын ослын тухай дуудлага 13:00 цагт ирсэн. Ингэхдээ 102 утсаар дамжиж дуудлага ирсэн. Хоёр хүн мөсөн дээр амь тэмцэж байх хооронд Онцгой байдлаас тусламж хүсээд хамаг цагаа алдчихсан юм билээ.

-Яах учраа олохгүй л онцгой, цагдаагийн яаралтай тусламжийн утсанд хандаж дээ?

-Тийм. Яах учраа олохгүй сандралдаж гүйж байгаад л хугацаа алдсан байгаа юм. Өөрсдөө аврах гэж үзээд чадахгүй болохоор хил, онцгой, цагдаад хандсан байгаа юм. Бид аймгаас дуудлага хүлээж аваад шууд гарсан. Ар гэрийнхэн нь сэтгэл санаагаар хямраад юу ч тохиолдож магадгүй шүү дээ. Яаралтай үед түргэн тусламж үзүүлэх эмч, сумын Тамгын газрын дарга, бид хамт гарсан. Биднийг очиход бүх юм дууссан байсан. Бүгд нь л зүс таних, гол усанд ороод сурчихсан нутгийн иргэд байсан. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гурван сая дахь иргэний эн чацуутны аав, найзуудынхаа хамт доргиод нуур явсан гэж. Ямар ч тийм юм байхгүй. Амьдрахын төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулж яваад л эндсэн хүмүүс. Нэг их ууж, идээд, хэрэг төвөг үүсгээд байдаг хүмүүс ч биш гэв.

“Буйр” застав нуурын усан хилийг манах үүрэгтэй. Үүнийх нь төлөө тэднийг төрөөс цалинжуулдаг. Гэвч тэд хил манах болохоос хүн аврах үүрэггүй гээд хөдөлсөнгүй. Хилийн зурвастай холбоотой зөрчил илэрсэн бол хилчид нууранд гарах хориотой гээд тоохгүй байсан бололтой гэж иргэд шүүмжилж байна. Хилийн заставт 3-4 хүн багтах хийлдэг мотортой завь ганц биш гурав, дөрөв байдаг тухай учир мэдэх хүмүүс хэлсэн. Нэг завьтай явах нь эрсдэлтэй учраас заавал хоёр завьтай нэг нэгнийгээ хамгаалах зорилготой явдаг байна. Хэрвээ хилийн заставын удирдлага нөхцөл байдлыг ойлгож шуурхай арга хэмжээ авч сүйхээтэй, хүн чанартай хандсан бол хоёр хүний амийг аврах бүрэн боломжтой байж. Буйр тосгонд засаг захиргаа, удирдлага гэж байхгүй. Ард түмнийхээ аюулгүй байдлыг бодоод ядаж ганц ч болов мотортой завийг нь тосгонд аваад өгчихсөн ч яахав дээ. Хорь гаруй айл амь залгуулахын тулд загасчилдаг. Тэднийг дурандаа ингэж буйдхан амьдарч байна гэх нэгэн ч байна. Уг нь тухайн иргэн амьдрах, нутаг дэвсгэрээ өөрөө сонгох эрхтэй. Үндсэн хуульд ч энэ тухай заалт бий. Монгол Улс иргэнийхээ амь насанд онцгой анхаарч аюулгүй амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Гэтэл хоёрын хоёр хүн амь насаараа хохирох гэж байхад төр төмөр нүүрээ харууллаа гэсэн гомдлын үгтэй буйрынхан үлдсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

“Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулахдаа эмээгээ бодсон

Рок попын ертөнцөд өвөрмөц хоолойгоороо ялгардаг дуучин Б.Маралжингоотой ярилцлаа. Тэрээр “Яг түүн шиг” шоуны хоёр дугаарт ялагчаар тодроод байгаа билээ.

-Таны “Яг түүн шиг” шоунд бүтээж буй дүрүүд зан ааш, хэв маягтай чинь төстэй ажиглагддаг. Дүр бүтээхэд хэр хүндрэлтэй байна вэ?

-Хүндрэлтэй зүйлүүд байгаа. Ямар сайндаа л Г.Түмэндэмбэрэл гуайг дуурайх гээд байж байхав дээ. Бас Сиа, Эми Уайнхаус гээд л хоолой шаардсан дуунуудтай дуучдыг дуурайсан. Ш.Чимэдцэеэ эгчийн “Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулахад хэцүү байсан шүү. Энэ дууг эмээгээ бурхан болсноос хойш их сонсдог байлаа. Тийм болохоор эмээгээ бодож сэтгэлээсээ огшиж дуулсан. Хэцүү дүрүүдээрээ ялагч болж, үзэгчид сайхан хүлээж авч байгаа болохоор урамтай сайхан байгаа. Мөн хамт оролцож байгаа залуус маань бие биенээ гэсэн сэтгэлтэй. Нэгнийгээ бэлтгэл хийж байхад нь зөвлөж, “Youtube-д ийм нэг бичлэг байна, чи энэ бичлэгийг нь үзээч” ч гэдэг ч юм уу, бие биедээ тусалж дэмждэг. Өрсөлдөөн гэхээсээ илүү нэг нэгнээ гэсэн гоё уур амьсгалтай.

-Шоуны талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Надад хамгийн сүүлд санал тавьсан. Би Вашингтоноос Монголд ирээд удаагүй эмнэлэгт хэвтсэн болохоор шоу эхлэх дөхчихсөн байсан. Надад Оросын “Один в Один” шоу маш сонирхолтой санагддаг, үзэх дуртай нэвтрүүлгийн маань нэг. Тийм болохоор үзэх дуртай шоундаа орох саналыг дуртайяа хүлээж авсан. Гэхдээ орох тухайгаа хүмүүст хэлэхэд “Яг тийм гоё хийж чадах уу, хоёрын хооронд юм хийчих вий дээ, тийм амархан шоу биш шүү дээ” гэж байсан. Гэхдээ аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг маш том алхам. Ямар ч зүйлийг айдасгүй, зоригтой эхлүүлж байх хэрэгтэй. Шоунд орсноор надад авууштай зүйл их бий болсон. Урлагийн хүмүүс задгай, нээлттэй байдаг бол миний хувьд дотогшоогоо, биеэ баримтгай байсан нь өөрчлөгдөж, илүү задарч өгсөн. Санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг болсон.

-Дуучин Наранг дуурайж хоёрдугаар шатандаа түрүүлсэн, амаргүй байсан уу?

-Наран эгчийн хөдөлгөөнийг өөрийн болгож чадахгүй, учрыг нь олохгүй шөнөжин бэлдсэн. Тайзан дээр гарахын өмнөхөн л учрыг нь олсон доо.

-Жеймс Брауны дуулалтаас гадна хөл гарын хөдөлгөөнийг чадварлаг дуурайж байсан?

-Киног нь үзсэн, хөдөлгөөнүүдийг нь бичлэгээс үзээд дуурайгаад энд тэнд үсэрч үзсэний эцэст санасныг бодоход гайгүй болсон. Тайзан дээр гараад хөдлөхгүй зогсчих вий дээ гэж айж байсан шүү. Жеймс Браун бол бидний сонсдог бүх хөгжмийн ар дахь хэмнэлийг үндэслэсэн хүн гэж хэлж болно. Ямар мундаг юм бэ гэж боддог хүнээ дуурайх хүнд байдаг юм билээ. Харин Пинкийг дуурайхад надтай их ойр байсан шүү. Эршүүд, байгаа байдал нь надтай төстэй болохоор дөхүү байсан. Тайзан дээр хөгжилтэй, өөрийнхөөрөө байж байгаад л бууж ирсэн дээ. Дууны үг нь тэнэгдүүхэн хэрнээ зэвүүн.

-Ингэхэд гэр бүлд тань урлагийн хүн байдаг уу. Дуучин болсон тухайгаа ярихгүй юу?

-Би багадаа дуучин болно гэж бодож байгаагүй. Аавтайгаа хөдөө явах дуртай охин байлаа. Харин ээж маань урлагийн хүн болгохыг зорьдог, дэмждэг байсан. Тиймдээ ч Хөгжим, бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид элсэн орж долоон жил сурсан. Дараа нь хөгжим сонсох, дуулах сонирхолтой болж 13 настайдаа “Nature sound” студид бүртгүүлж, дуучин болохоор шийдсэн юм. Манай гэр бүлээс урлагийн хүн гэвэл өвөө маань жүжигчин Ч.Цэрэннадмид гэж хүн байсан. Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг тамир” киноны Бадарч тахар, “Энэ хүүхнүүд үү” киноны Идэрийн дүрээр нь хүмүүс сайн мэднэ. Манай гэр бүлийнхэн бүгд урлагт дуртай, хөгжим их сонсдог хүмүүс. Аав маань Элвис Пресли, “Битлз”-ийн дууг их сонсдог. Дүү маань ч гэсэн хөгжим зохиодог, чимхлүүр зүйлүүдийг маш сайн ажиглаж, олж хардаг гайхалтай мэдрэмжтэй.

-Таны анхны уран бүтээл “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дуу шүү дээ. Энэ дууг дуулах болсон тухайгаа яриач?

-Би анх дуулж эхлээд уйгагүй бэлтгэл хийдэг байсан. Бүх хүүхдүүд тараад явчихсан ч заал сул байвал бэлтгэлээ хийдэг, төгөлдөр хуур тоглож чадахгүй ч гэсэн гамм уншдаг байсан юм. Тэр үед “Хувьсал” продакшны Г.Цоггэрэл ах “Энэ хүүхдийг “Чамайгаа алдмааргүй байна дуунд оруулъя” гэж хэлсэн юм билээ. Тухайн үеийн залуучуудын сонсдог дуучид нь К.Номинжин, А.Хаянхярваа байсан. Алдартай дуучидтай хамтран дуулсандаа баярлаж байлаа. Түүний дараа “Миний ертөнцийн зүүд” цомгоо 16 настайдаа гаргасан. Хүмүүст хамгийн их хүрсэн нь “17 нас”, “Хүлээсэн учрал” дуунууд байдаг.

-“Хүлээсэн учрал”, “Жаргаах зүрхэн” гэсэн уянгын дуунуудыг хүмүүс сонсох дуртай байдаг. Уянгын дуу дуулъя гэсэн бодол байдаг уу?

-Би яг ийм дуу дуулна гэж онцлоод байдаггүй л дээ. Тухайн цаг үед ямар дуу ирсэн байна. Тэр дуугаа л сэтгэлээ зориулж дуулахыг хичээдэг.

-Исландын дуучин Бьоркоос л Лэди Гагагийн имиж эхтэй гэдэг. Энэ дуучныг та сонсдог гэсэн. Юу нь таныг татдаг вэ?

-Бьоркийн зарим дуунууд их сонирхолтой. Ялангуяа сохор эхийн тухай гардаг “Харанхуйд бүжиглэгч” хөгжимт киног багадаа үзсэн. Бьорк энэ киноны хөгжмийг зохиож гол дүрд нь тоглосон. Киног анх үзээд яасан ч хэцүү юм дээ гэж бодоод л дарамтад орж байлаа. Харин сүүлд үзээд байх тусам өөрөөр хүлээж авсан. Энэ төрлийн бүтээлийг хүлээж авах нь тухайн хувь хүнээс их шалтгаална. Надад гүн гүнзгий, огт өөр мэдрэмжийг өгч чаддаг.

-“Өөр өөрийн зүгт” гэсэн дуугаа гаргаад хэсэг нам жим байлаа. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоогоор бэлэн зургаан дуу байгаа боловч дүрсжүүлээд, цомог болгон гаргах гээд хадгалж байна. Олон шинэ дуун дээр ажиллаж байгаа. Ямар ч байсан энэ зун хоёр шинэ уран бүтээл сонсогчдодоо барих болно. Уран бүтээлээс гадна гадагшаа хэд хэдэн орон руу явчихаад ирсэн. Цаашдаа урлагаас өөр чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байгаа.

-Таны жинхэнэ нэрийг Өүлэн гэсэн үү. Тайзны нэрийг чинь Маралжингоо гэж ойлгож болох уу?

-Би “50 саяын уналт” нэвтрүүлгийг их үздэг. Нэг удаа үзээд сууж байтал “Өүлэн гэдэг нэртэй дуучин нь аль нь вэ” гэсэн асуулт гарч ирээд Эгшиглэн, Агиймаа, Цэлмүүн, бид дөрвийн нэр гарсан. Би гайхаад л Эгшиглэнг Болортуяа гэдэг гэсэн Агиймааг Өүлэн гэдэг юм болов уу гээд л бодож байтал би болж таарсан. Хүмүүс яагаад тэгж ташаа ойлгосныг би сайн мэдэхгүй л байна. Надад тийм тайзны сүртэй нэр гээд байх юм байхгүй. Аав минь намайг төрөхөд л Маралжингоо гэж нэрлэсэн, энэ нэрээрээ л байна. Төрсний гэрчилгээн дээр минь ч энэ нэр минь байгаа.

-Та илүүдэл жингээсээ хэрхэн салсан тухайгаа сонирхуулаач?

– Би 14-тэй байхдаа л 89 кг жинтэй байсан. Хүмүүс намайг маш хурдан, амархан турчихсан гэж ярьдаг. Би хоёр жилийн хугацаанд фитнессээр эрчимтэй хичээллэж, явган алхаж, зөв хооллосноор илүүдэл жингээсээ салсан шүү дээ. Одоо бол хоолны дэглэм барьдаггүй. Хүн байнга хөдөлж байгаа нөхцөлд яаж ч идсэн жингээ хаяхгүй ч гэсэн барих боломжтой. Өдөрт хэдий хэр хэмжээний калори шатааж байгаагаа тооцоолох хэрэгтэй. Жингээ хаях, тогтвортой барих тал дээр мэргэжилтэн болсон шүү.

-Таныг “B” продакшнд ороод нүүрний мэс засал хийлгэсэн гэсэн яриа байдаг. Хацар, хамраа янзлуулсан гэдэг. Энэ хэр бодитой вэ?

-Хацрын тухай яриа намайг байнга дагаастай явж байдаг юм. Багадаа том хацартай болохоор ээждээ “Энэ хацраа яах вэ” гэхээр “Хорь гараад шөмбийчихнө өө миний охин” гэдэг байсан. Турсан ч унаган хацар арилдаггүй юм байна лээ, одоо ч байсаар л байна. Хацар, хамраа шулуулж, өөхөө соруулсан гэсэн яриа яагаад гарсныг мэдэхгүй юм. Ийм мэс заслыг манай аав, ээж зөвшөөрөх хүмүүс биш. Тэгээд ч 15,16-тай хүүхэд тийм мэс засалд орно гэж байхгүй шүү дээ.

-14 настайгаасаа л урлагт хөл тавьж олны хэл аманд өртөж эхэлсэн. Энэ бүхэнд та яаж ханддаг вэ?

-Миний нэг онцлог бол хэзээ ч, хаана ч өөрийнхөөрөө байж чаддаг. Олны хэл аманд өртсөн ч өөрийнхөөрөө л байхыг хүсдэг. Хэцүү үе мэдээж байлгүй яахав. Би 14-тэй байхдаа бүдүүн байсан болохоор “Чамайгаа алдмааргүй байна” дууг дуулсны дараахан автобусанд явж байтал нэг эгч “Пөөх яасан муухай хүүхэн бэ” гэж яриад. Гэртээ ирээд л сэтгэл санаагаар унаад, аав руугаа очиж уйлаад, ээждээ ч яриад хэцүүхэн юм болж байлаа. Одоо бол хэн юу ярьж байгааг ялгаж салгахтайгаа болсон. Зарим хүмүүс өөрийн стрессээ тайлахын тулд хүн муулдаг юм билээ. Нэмж хэлэхэд өөрөөрөө байна гэхээр манайхан буруу ойлгоод байдаг юм шиг. Хэтэрхий задгай, цүл пал байхыг өөрөөрөө байгаа нь гэж андуурдаг. Миний бодлоор өөрийнхөө мөн чанараар л байхыг хэлнэ.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Түмэнд хамгийн их түгсэн нь “Өдрийн сонин” л байна

Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн мониторингийн судалгаа гэж жил бүр гаргадаг. Монголчууд яг өнөөдрийн байдлаар гэхэд 101 сонин уншиж байна. Сонинуудыг борлуулалтаар нь жагсаахад хот, хөдөөгийн алинд нь ч “Өдрийн сонин” тэргүүлжээ. Тэргүүлэхдээ бүр хол тасархай цойлсныг Хэвлэлийн хүрээлэнгийнхэн тоо ширхгээр нь гаргаад ирж. “Өдрийн сонин” нэг жилд гурван сая 432 мянган ширхэг борлогджээ. Борлуулалтаараа хоёрт жагссан “Өнөөдөр” сонин хоёр сая 184 мянга, гуравт эрэмбэлэгдсэн “Зууны мэдээ” сонин нэг сая 653600 гэхээр хэр хол тасарсныг нь төвөггүй харчихаж болно. Цалингаасаа мөнгө зарж сонин захиалж, худалдаж авдаг хүмүүсийн сонголтыг Улаанбаатар, орон нутгаар нь хувилж харъя. Сонин уншдаг нийслэлчүүдийн талаас илүү нь буюу 55 хувь нь “Өдрийн сонин”-г худалдан авч уншдаг аж. Хөдөө аймгуудын сонин уншдаг хүмүүсийн 40 хувь нь “Өдрийн сонин”-г илүүд үзэж сонирхон уншдаг гэсэн судалгаа гараад байна. “Товчхондоо хот, хөдөө ялгаагүй хамгийн тзүгээмэл сониноор “Өдрийн сонин” бусдаасаа илт өндөр байна.

“Өдрийн сонин” -ыг хөдөө, хотгүй шимтэн уншиж байгаа нь нийгэмд хэр нөлөөтэй байдгийн тод жишээ юм. Үнэн, бодитой мэдээллийг шуурхай хүргэж, хүний эрхийн төлөө зоригтой дуугарч, иргэдийнхээ талд нэг санаагаар зогсч чаддаг учраас хүмүүс “Өдрийн сонин”-г орон даяар захиалж унших дуртай байдаг.