Categories
мэдээ цаг-үе

Барак Обаматай уулзсан монгол бүсгүй

Дэлхийн Энтерпренёрийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил уг арга хэмжээ Америкийн Калифорни мужийн Пало Альто хот дахь Стэнфордын их сургуулийн кампуст зургадугаар сарын 22-ны өдөр эхэлсэн юм. Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлснээр Төрийн Департаментаас нийт 170 орны 700 энтерпренёр, 300 хөрөнгө оруулагчийг сонгон авч урьж оролцуулсан байна. Өмнө нь уг арга хэмжээг Турк, Арабын Эмират, Малайз, Марокко, Кени зэрэг улсад зохион байгуулсан. Харин анхных нь Вашингтон хотноо Цагаан ордонд болсон.

Энэ жилийн чуулга уулзалтад манай улсаас Бат-Ирээдүйн Хонгорзул, Бүдээгийн Амартайван нарыг сонгон урьж оролцуулсан байна.

Барак Обаматай уулзсан монгол бүсгүй, Бат-Ирээдүйн Хонгорзулыг “Өдрийн зочин”-доо онцолж байна. Тэрээр Лондон хотын Сант Мари Эбботс бага сургууль, 10 жилийн Лаборатори I дунд сургууль, Лондон хотын Stanton School of English сургуулийг тус тус дүүргэжээ. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөнийхөө дараа Японы Акитагийн олон улсын их сургуульд суралцсан байна. Мөн Монголын Үндэсний олон нийтийн радио, Азийн сан, Токио хотноо “Interac Co. Ltd” компанид тус тус ажиллаж байжээ. 2012-2014 онуудад Бостон хотын Тафтс их сургуульд суралцаж олон улсын харилцаа, эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Засгийн газрын нэлээд нэр хүндтэйд тооцогддог Фүлбрайтын тэтгэлэгт хамрагдсан энэ бүсгүй спорт, урлаг, шинжлэх ухаан гурвыг ихэд сонирхдог гэнэ. Түүний хобби нь дэлхийн улс орнуудаар аялж, түүх, соёлтой нь танилцаж, орон орны хоолыг амталж үзэх. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалахыг тууштай дэмжигч бүсгүй маань шударга бус байдалтай тэмцдэг нэгэн.

Б.Хонгорзул нь 15 настайгаасаа тэтгэлэгт хамрагдаж, гадаадын нэр хүнд бүхий сургуульд элсэн орж сайн боловсрол эзэмшихийг зорилгоо болгожээ. Түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсний үр дүнг ч хүртсэн.

Б.Хонгорзулын ээж, аав хоёр нь хоёулаа монгол хэлний багш. 1991 онд аав нь Лондонгийн их сургуульд багшлахаар болж гэр бүлээрээ Их Британийг зорьсон. Ингэж эцэг эхийнхээ ачаар багаасаа англи хэл сурсан байна. Нутагтаа эргэж ирээд орос хэл сурч, МУИС-д герман хэлний ангид оржээ.

Их сургуулиа төгссөнийхөө дараа гадаадын томоохон байгууллагад ажиллаж, тэндээ үлдэх боломж байсан гэнэ. Ингээд шийдвэр гаргах мөч ирэхэд найз нөхөд, танилуудтайгаа нэлээд ярилцаж зөвлөлджээ. Монголд ирээд хэрэггүй, хямралд автаад хэцүү байна хэмээн хэлж байсан хүмүүс ч цөөнгүй гэнэ. Гэсэн хэдий ч хүний нутагт гууль болж байснаас эх орондоо алт болсон нь дээр хэмээн Монголдоо эргэж иржээ. Нэгэнт л нутагтаа амьдрахаас хойно эртхэн ирж байр сууриа олох нь дээр хэмээн бодсон гэдэг. Аав нь ч эртхэн нутагтаа төвхнөсөн нь дээр хэмээн зөвлөсөн байна. Ингээд Улаанбаатартаа эргэн ирсний дараахь нэг сард сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байсан гэнэ. Эргээд бодоход нутагтаа ирсэндээ баярладаг хэмээн Б.Хонгорзул нэгэн ярилцлагадаа дурджээ.

Дэлхийн энтерпренёрийн чуулга уулзалтад оролцогсдыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Худалдааны сайд Пенни Притцкер, Жижиг бизнесийн газрын зохион байгуулагч Мария Контрерас-Свийт, АНУ-ын ОУХА-ийн зохион байгуулагч Гэйл Смит, Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Тусгай үүргийн Элчин сайд Кэтрин Рассел болон Олон нийтийн дипломат ажиллагаа, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Стенгэл зэрэг өндөр дээд албан тушаалтнууд хүлээн авч уулзсан байна.

Ийнхүү Монголын хоёр залуу энтерпренёр Дэлхийн энтерпренёрийн чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцож байгаа нь үнэхээр бахархууштай юм.


Categories
мэдээ цаг-үе

Византийн эзэнт гүрэн

Сонин маань цувралаар дэлхийн үүсэл хөгжлийг тодорхойлж соёлт нийгмийн дэг жаяг, шашин шүтлэг, үнэт зүйлсийн суурийг тавьж байсан агуу гүрнүүдийн тухай өгүүлж байгаа билээ. Өнөөдөр зарим тохиолдолд Зүүн Ромын эзэнт гүрэн гэж хэлэгдээд байдаг угтаа бол Византийн эзэнт гүрний тухай өгүүлэх гэсэн юм.

Византийн эзэнт гүрэн гэдэг маань сөнөж сүйрсэн Ромын эзэнт улс, түүний дараа өрнөд хэсгээрээ түмэн улс болон бутрахад хөрөнгө мөнгө, соёл иргэншлээ авч үлдсэн Зүүн Ром мөн бөгөөд 1453 онд туркуудад бут ниргүүлтлээ мянга гаруй жил оршин тогтносон хамгийн урт настай эзэнт гүрэн билээ.

Ид хүчирхэгжиж явахдаа Испаниас Перс хүртэлх газарт эрх мэдлээ эгшээж Балканы хойг, Бага Ази, Сири, Палестин болон Египетийг багтаасан энэ дэлхийн эгнэшгүй том эзэнт гүрэн байжээ. Византи нь Ромын удирдлагын систем, хууль журмыг өвлөн авч хэрэгжүүлж байсан ч гэлээ дорно тал руугаа хазайсан шашин шүтлэгтэй, хэл соёлын хувьд ром гэхээсээ грек давамгайлсан улс байлаа. Тийм ч учраас Христийн шашныг хүндэлж дорно Европын томоохон төлөөлөгч болон мэндэлж байсан славян хүмүүсийн сэхээрэлд том түшиц болсон билээ. Одоо цагийн Истамбул буюу тухайн үеийн Константинополь нь Византийн эзэнт гүрний нийслэл гэхээсээ Христийн шашны өлгий нутаг, төв нь гэж нэрлэгдэж байсан юм. Гэхдээ Константинополиос гадна Антиохи, Александр гэх мэт засаг захиргаа худалдааны том хотууд ч Византиг чимж байсан юм шүү.

Византийн түүхийг өөрчилсөн үйл явдал Константин I хаантай их холбоотой. Зүүн Ромын эзэнт гүрний дотор өрнөж байсан иргэний дайныг зогсоож ялагчаар тодорсон эзэн хаан Константин I, 330 онд Эзэнт гүрнийхээ нийслэлийг Грекийн далайчдын МЭӨ 659 онд Боспорын хоолойн эрэгт босгосон Бизанс хот руу нүүлгэжээ. Ийнхүү Бизанс хот Византийн эзэнт гүрний нийслэл болсноор нэрээ Константинаполис хэмээн өөрчиллөө. Цаг хугацаа улирах тусам Баруун Ром хоосрон сүйрч түүнийгээ даган Константинополь хөгжин дээшилж хүн ам нь олширч, хот хүрээгээ тэлэх болов. Хотод гоё сайхан ордон барилгууд баригдаж, арилжаа наймаа цэцэглэн, усан боомтод нь олон орны хөлөг онгоцууд шахалдах болжээ. Византийн эзэнт гүрэн, Дорно дахины орнуудтай ердийн хөсгөөр болон далайн худалдааг өргөнөөр явуулж Иран, Араб, Абиссин, Энэтхэг, Хятадаас үнэт чулуу, тансаг үнэртэн, зааны яс, амтат боов болон торгыг авчирч худалдаалж, эзэнт гүрний гар урчууд нь шилэн сав, нэхмэл, алт мөнгөн эдлэлийг урладаг байв. VI зууны үеэс эхлэн Византийн эзэнт гүрэн хүр хорхойн торго нэхэх болов.Юстиниан хааны үед Византи хөгжлийнхөө оргилд хүрчээ. Энэ хааны үед дөрвөн боть болгон нэгтгэсэн Ромын багц хуулийг сахих болж олон зуун жилийн туршид бүх нийтээрээ даган мөрдсөн юм. Хожмоо бага зэрэг өөрчлөгдсөн ч гэлээ эдгээр хуулиуд нь Франц, Герман, Итали зэрэг улсуудын үндсэн хуулийн суурь болон үлдсэн гэх юм. Түүнчлэн Юстиниан хааны үед өнөөгийн Истамбул хотноо сүндэрлэсээр байгаа Гэгээн Софийн сүм (532 он) болон бусад нэлээд олон байгууламжийг барьж бүтээсэн байна. Юстиниан хаан өөрийн ухаант эхнэр Феодарагийн хамт 527-565 оны хооронд төр барихдаа энх тайван, амар амгалан амьдрал, цэцэглэлтийг Византид авчирсан нь тухайн улсын хувьд хамгийн сайхан үе нь байжээ.

Византийн эзэнт гүрний агуу их хаан Юстиниан өөрийн эхнэр Феодарагийн хамт

Дундад зууны төгсгөл хавьцаа османчуудын хүч чадал үлэмж ихэслээ. ХIV зуун гэхэд Османы эзэнт гүрэн өөрийн гартаа Бага Азийн ихэнх газар нутгийг авч Балканы хойг руу тэмүүлэх болсон. Нэг талд нь дотоодын ухаалаг удирдлага, чадварлаг цэрэг армийн давуу тал бүхий Осман, нөгөө талд нь шашны эсрэг тэсрэг үзэл бодлын сөргөлдөөн, мулгуу хаадын удаан хугацаанд төр барьж улс эх орноо элгээр нь хэвтүүлсэн түмэн шалтгаанууд Византийн эзэнт гүрнийг мөхөлд аваачлаа. Ингээд 1453 оны тавдугаар сарын 29-нд Константинополь хот Османы султан Мехмедом II-ийн армид эзлэгдэж Византийн сүүлчийн император Константин XI дайны талбарт алагдсанаар мянган жилийн түүхтэй Византийн эзэнт гүрэн түүхийн тавцангаас арчигджээ. Үүний дараа туркууд Константинополийг Истамбул хэмээн нэрийдэж Османы эзэнт гүрний нийслэл болгон зарласан бөлгөө.

Гэгээн Софийн сүм

ГЭНЭЭ СОФИЙН СҮМ

Эзэн хааны ордны хажууд баригдсан үнэн алдартны шашны өлгий сүм. Хожмоо мечеть болгон хувирсан ч гэлээ 1935 оноос эхлээд шашны зорилгоор ашиглахаа больж музей болгожээ. 326 онд Константин хааны үед анх баригдаж эхэлсэн ч гэлээ нурж босч, шатаж сүйрч баахан зовлон үзсэний эцэст Юстиниан хааны үед одоогийнхоо дүр төрхийг олсон. 537 онд цоо шинээр сүндэрлэн боссон гэгээн Софийн сүмийг сонирхоод тойрон алхаж явахдаа Юстиниан хаан “Агуу Соломон! Би нэрээ мөнхлөх гайхамшгийг бүтээжээ” хэмээн уулга алдаж байсан гэдэг. 55,6 метрийн өндөртэй, бөмбөрцөг хэлбэрийн орой нь 31 метрийн диаметртэй энэ сүмийн дотор талыг Юстиниан хаан алтаар бүрэх бодолтой байсан ч үзмэрчдийн “таны дараа ирэх хаад шунахай сэтгэлээр сүмийг тонох болно” гэдэг үгийг сонсоод больж мрамороор доторлосон гэлцдэг.

Хүр хорхойн торгыг Византийн нэхмэлчид нэхдэг байлаа

Византи нь Европ Азийг холбосон худалдаа наймааны гол судас нь болж цаашлаад хөгжин дэвших үүдийг нь нээж өгсөн. Энд торго нэхэж, алт мөнгө цохиж, гар урчуудынх нь урласан ваар сав умард зүг рүү ачигддаг байсан бол тэндээс загас жараахай, ангийн үнэт арьс, алт зөрөөд ирнэ. Дорно зүгээс амтат жимс жимсгэнэ, тансаг үнэртэн, үнэт чулуунууд ачигдан ирээд оронд нь хүр хорхойн торго, шилэн сав, газар тариалангийн багаж зэвсэг ачигддаг байжээ.

Бэлтгэсэн д.БАТ-ЭРДЭНЭ


Categories
мэдээ спорт

Д.Амартүвшин, М.Уранцэцэг нарын дөрвөн жүдоч түрүүллээ

Жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азарбайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словани, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 жүдоч өрсөлдөж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Энэ өдөр манай жүдочид дөрвөн жинд илүүрхэн алтан медаль хүртсэн бол Японы багаас нэг аварга төрлөө. Эрэгтэй 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин түрүүлж, хоёр жил дараалан тус тэмцээнд аваргаллаа. Мөн эмэгтэй 48 кг-ын жингийн финалд дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар үлдээд байсан. Хоёр бөх он гараад гурван удаа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг хожсон юм. Тэгвэл энэ удаа М.Уранцэцэг өрсөлдөгчөө хожиж, аваргаллаа.

ДҮН:

Эрэгтэй:

60 кг: \10 бөх\

  • Алтан медаль: Д.Амартүвшин
  • Мөнгөн медаль: Н.Сэр-Од
  • Хүрэл медаль: Д.Баярмагнай, Д.Маммадсоя \Азербайжан\

66 кг: \9 бөх\

  • Алтан медаль: Д.Алтансүх
  • Мөнгөн медаль: А.Батсуурь
  • Хүрэл медаль: А.Жереб \Словени\, Асхат Телманов\Казахстан\

Эмэгтэй:

48 кг: \10 бөх\

  • Алтан медаль: М.Уранцэцэг
  • Мөнгөн медаль: Г.Отгонцэцэг \Казахстан\
  • Хүрэл медаль: Б.Хорлоо, Ю.Моризаки \Япон\

52 кг: \11 бөх\

  • Алтан медаль: Мако Үчио \Япон, 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл\
  • Мөнгөн медаль: Ч.Аззаяа
  • Хүрэл медаль: Б.Бат-Эрдэнэ, Т.Сикич \Хорват\

57 кг: \11 бөх\

  • Алтан медаль: Л.Энхрийлэн
  • Мөнгөн медаль: М.Ишикава \Япон, 2013 оны Азийн аварга\
  • Хүрэл медаль: Ким Минжу \БНСУ\, А.Лески \Словени\ тус тус медалийн тавцанд зогслоо.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш\07.02\ эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Мөн энэ өдөр тэмцээний нээлтийн ажиллагаа 16.00 болно.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийг маргааш тараана

Их дээд сургуулийн 2016-2017 оны элсэлтийн ерөнхий шалгалт болж өнөөдөр нь дүнг нь танилцуулж буй. Энэ жил 37 мянган хүүхэд шалгалт өгсөн ба шалгалтынхаа хариуг EEC.MN цахим хуудсаар дамжуулан авч байгаа юм. Харин маргаашнаас эхлэн батламж тараах ажил эхэлж, оюутнууд их дээд сургуулиуддаа бүртгүүлэх аж.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн дүнг танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд 2016 оны сонгуулийн дүнг танилцууллаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын Ерөнхийлөгч танд 2016 оны ээлжит сонгуулийн дүнг танилцуулахаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирээд байна. 2016 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 29-ний өдөр улс даяар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд боллоо.

Иргэдийг бүртгэх, санал өгөх, санал хураах, дүнг тоолох гэх мэт бүх үйл явцыг автоматжуулсан системээр явуулсан. Ингэснээр сонгуулийн дүн тэр дороо иргэдэд зурагтаар хүрч байсан. Сонгуулийн Ерөнхий Хороо зургадугаар сарын 30-ны өдөр хуралдан сонгуулийн дүнг айлтган өргөн мэдүүлэх тогтоол гаргаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон хүмүүст түр үнэмлэх гаргаж өгсөн.

Энэ удаагийн сонгуулиар Монгол Ардын нам 65, Ардчилсан нам ес, Монгол Ардын Хувьсгалт нам нэг, бие даагч нэг суудал тус тус авлаа. Сонгогдсон гишүүдийн насны хувьд 29-62 насны хүмүүс байна. Үүний дотор эрэгтэй 63 эмэгтэй 13 хүн байна.

Нийт санал авах 1998 байрны 841-д нь техникийн тооллого хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй. Дүн мэдээг өнөөдрийн байдлаар 100 хувь авсан. Саналын хуудас санал авах машины дүнтэй бүрэн таарсныг аймаг нийслэлийн санал авах хороо бидэнд мэдэгдсэн. Сонгуулийн ирц хуульд заасны дагуу хүчин төгөлдөр байсан. Ингээд 2000 оноос хойш анх удаа Сонгуулийн Ерөнхий Хороо нийт 76 гишүүний нэрсийг өргөн барьж байна” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга, эрхэм гишүүдийн амгаланг айлтгая. 2016 оны сонгуулийн дүнг хүлээн авлаа. Гурван зүйлийг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Нэгдүгээрт, Сонгуулийн Ерөнхий Хороо болон сонгуульд оролцсон бүх шатны байгууллагууд маш сайн ажиллалаа. Эдгээр байгууллагууд маань шуурхай, цэгцтэй, зохион байгуулалттай, өндөр түвшинд ажилласан. Төрийн байгууллагууд үнэхээр ингэж л ажиллах ёстой. Ингээд сонгуульд оролцож ажилласан бүх шатны байгууллагуудад талархал илэрхийлье.

Сонгуулийн автомат төхөөрөмж маань давуу талаа дахин харууллаа. Энэ чиглэлээр ажилласан техникийн ажилтнуудад онц дүн тавих хэрэгтэй. Мэдээж техникийн жижиг асуудал гарсан байх. Гэвч үнэхээр ард иргэдийн саналыг авахад ямар нэгэн саатал гаргахгүй ажилласан. Сонгуулийн хэсгүүдийн ажилтнууд сайн ажилласан, саналаа өгсөн ард түмэн, сонгуулийн ажиглагчид сэтгэл хангалуун байна.

Сонгуулийн дүн хуулийн дагуу, шуурхай, маргаангүй гарлаа. Олон нийтэд зурагтаар шууд дамжуулан харуулсан нь зөв байлаа. Өмнө нь намууд уралдаад бие биенээ ялсан хэмээн зарладаг, будлиан үүсдэг байсан. Бид олон сонгууль хийж, хүнд бэрх зам туулсан. Өмнөх сонгуулиас бид сургамж авч, энэ удаагийн сонгуулийг амжилттай явууллаа. Сонгуулийн дүнг шууд дамжуулсан нь чухал байсан.

Тэгэхээр өмнөх ололт амжилтаа бид улам бүр сайжруулан баталгаажуулах ёстой. Гэвч энэ бол зөвхөн Монгол Улсын ололт амжилт биш, энэ бол сонгуулийн ардчилалд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр юм. Үүнийг олон улс, тив дэлхийн түвшинд сонгуулийн чиглэлд гаргасан Монголын сайн туршлага, сайн амжилт гэж ярьдаг болсон. Ялангуяа манай бүс нутгийн хэмжээнд, олон улсын ажиглагчдын хүрээнд Монголын сонгуулийн туршлагыг үнэлж, сэтгэл хангалуун байна. Одоо бид хүрсэн амжилтаасаа ухрахгүй.

Хоёрт, манай ард иргэд сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ирц 1990 оноос хойш буурсан. Харин энэ удаагийн сонгуульд ирц нэмэгдсэн. Тэгэхээр нийт ард иргэд, сонгогчиддоо баярлалаа гэж хэлье.

Сонгуульд оролцсон нийт нэр дэвшигч, нам эвсэл, улс төрийн хүчинд талархал илэрхийлье. Сонгуулийг өрсөлдөөнтэй болгож, улс орныхоо хөгжлийн гарцыг олон талаас нь харж, олон мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нэр дэвшигчдэд баярлалаа. Мөн олонхийн суудалтай байсан нам, эвсэл улс төрийн соёл, ёсзүй гарган хууль журмаа хүндэтгэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байгаад талархаж байна. Үүнийг сайн жишиг гэж хэлж болно.

Сонгууль зохион байгуулахад оролцсон иргэд, сайн дурынхан, штабууд дээр ажилласан хүмүүст гүнээ талархал илэрхийлье. Мөн санал хураалтыг хуулийн дагуу явуулахын төлөө ажилласан хууль хяналтын байгууллагын ажилтнууд, нийгмийн хэв журмыг сахиулах, осол аваараас сэргийлэх тал дээр ажилласан онцгой байдлын байгууллагынхан зэрэг бүх тусгай чиг үүргийн байгууллагууд сайн ажилласан. Сонгуулийн өмнөхөн би энэ талаар үг хэлж, уриалж байсан. Миний уриалгыг хүлээн авч сайн ажилласан хүмүүст талархал илэрхийлье.

Гуравт, одоо бид ажлаа хурдан эхлэх хэрэгтэй. УИХ-ын 76 гишүүний түр үнэмлэх олгосон гэж байна. Тэгэхээр гишүүдийн бүрэн эрхийг эхлүүлэх ажлыг шуурхайлъя. Энэ долдугаар сарын 5-нд амралтын өдрүүд таарч байгаа, энэ үеэр УИХ-ын чуулганыг хийхээр төлөвлөж байгаа. Долдугаар сарын 5-ны 11:00 цагаас чуулганыг хуралдуулах зарлигийн төсөл бэлэн болж байгаа гэж ойлгож байна. Энэ чуулганд түр үнэмлэхээ авсан 76 хүн маань хүрэлцэн ирэх ёстой.

Мөн Наадмаас өмнө, ирэх долоо хоногтоо багтаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг томилох ажлыг шийдэх хэрэгтэй. Одоо бид ажилдаа хурдан орж, төр засгийн ажилд хийдэл гаргахгүй ажиллах ёстой. Мөн энэ долдугаар сардаа багтаад УИХ-ын болон Засгийн газрын зохион байгуулалтын ажил дуусах ёстой. Тэгээд наймдугаар сарын 1-н гэхэд УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно.

Одоо сонгууль дууссан, ажлаа хийх цаг болсон.

Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдэд хандаад сонгуулиас сонгуульд улам бүр чамбайрч, сайн ажиллаж байгаа та бүхэнд дахин баяр хүргэе” хэмээв.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар финалд шалгарлаа

Яг одоо “Буянт-Ухаа” спортын ордонд болж жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.

Эмэгтэй 48 кг-ын жинд Монгол, Япон, БНХАУ, ОХУ, Киргизстан, Казахстан улсын нийт 9 жүдоч өрсөлдөж байгаагаас хагас шигшээд Монголын гурав, Казахстаны нэг тамирчин үлдээд байсан. Тэгвэл М.Уранцэцэг М.Долгоржавыг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг Б.Хорлоог хожиж, аваргын төлөө барилдахаар үлдлээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, наймд бичигдэж буй Г.Отгонцэцэг нарын хувьд ийнхүү Улаанбаатарын татамид дахин таарлаа. Манай хоёр бөхийн хувьд энэ онд гурван удаа таарахад Г.Отгонцэцэг хожоод байгаа юм.

Шигшээ барилдаан 16.00 цагаас эхэлнэ. Тэмцээнийг МҮОНРТ болон www.facebook.com/ijudo/?fref=ts хуудсаар шууд дамжуулан үзүүлж байна.

Categories
мэдээ спорт

Португалчууд шөвгийн дөрөвт шалгарав

“Евро 2016” тэмцээний шөвгийн найман багийн тоглолт манайхаар 2016 оны долдугаар сарын 1-ний үүрийн 04:00 цагт Польш, Португалын шигшээ багуудын тоглолтоор эхэллээ. Хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй, энэ тэмцээний их шөвөгт хүч үзэх эрхээ хамгийн түрүүнд Португалчууд авлаа. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 1:1 харьцаатай өндөрлөж, нэмэлт цагт хэн хэн нь гоол оруулж чадахгүй байсаар ялагч ийнхүү торгуулийн цохилтоор шийдэгдлээ.

Тоглолтын нэгдүгээр үеийн эхний хоёр дахь минутад Португалын багийн хамгаалагчдын алдааг ашиглаж Польшийн багийн ахлагч Р.Левандовски гоолдлоо. Улмаар нэгдүгээр үеийн 31 дэх минутад Португалын Р.Санчес тооны харьцааг тэнцүүллээ.

Ингээд торгуулийн цохилтоор хувь заяа нь шийдэгдэхээр болоход Португалчууд эхний цохилтыг гүйцэтгэж, Польшууд дагаж цохихоор болов. Улмаар эхний цохилтыг хоёр багийн ахлагч нар гүйцэтгэж, амжилттай болголоо. Дагаж цохисон тамирчид ч алдалгүй хийсээр байсан бөгөөд Польшийн багийн дөрөв дэх цохилтыг Португал хаалгач Р.Патришио тааж үсэрч, хааснаар тэдэнд том боломж гарч ирсэн. Португалчууд тав дахь цохилтоо амжилттай болгоход цааш шалгарах байлаа. Тав дахь цохилтыг тоглолтын үндсэн цагийн 78 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Р.Куарежма цохиж, оруулснаар “Европын Бразилчууд” тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон юм.

Тэд өнөө шөнө явагдах Бельги, Уэльсийн багийн хожсонтой шөвгийн дөрөвт таарч тоглоно.

Categories
мэдээ улс-төр

Сонгогдсон нэр дэвшигчид түр үнэмлэхээ гардаж авлаа

Монгол Улсын хүн ам гурван сая хүрсэн энэ үед болж буй энэ удаагийн УИХ-ын сонгуульд 498 нэр дэвшигч өрсөлдлөө. Сонгуулийн үр дүнгийн талаар өчигдөр СЕХ мэдээлэл хийж МАН 65, АН ес, МАХН нэг, бие даагч нэг суудалтай болсныг албан ёсоор зарласан. Харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд өнөөдөр морин цагт түр үнэмлэхээ гардаж авлаа. 2016-2020 оны парламентыг төлөөлөх 76 гишүүнээс 40 нь анх удаа УИХ-д сонгогдож буй. Шинэ гишүүдийн дунд төрийн албанд анх удаа зүтгэх гэж буй хэд хэдэн хүн бий. Үлдсэн нь хоёр ба түүнээс олон удаа УИХ-ын гишүүнээр ажиллах гэж байна. Тэднийг Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар долоо дахь удаагаа сонгогдсон амжилтаар тэргүүлэх нь. Нэг үгээр хэлбэл дээрх хоёр гишүүн 1992 оноос хойш төр түшилцэж байгаа эрхмүүд юм.

Categories
мэдээ нийгэм

Нисэх буудал руу автомашинтай нэвтрүүлэхгүй

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 14, 15-ны өдрүүдэд манай улсад болно. Үүнтэй холбогдуулан энэ сарын 13-ны 01.00 цагаас 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглосон байна. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор гадаадын өндөр хэмжээний олон зочид төлөөлөгчид ирэх учраас ийм зохион байгуулалтыг хийж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Анхдугаар чуулган ирэх долоо хоногт хуралдах бололтой

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр МАН-65, АН-9, МАХН-1, бие даагч 1 суудал аваад байгаа. Хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар гаргаж, түр үнэмлэхийг өнөөдөр олголоо. Мөн УИХ-ын гишүүдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм. Үүний дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах зарлиг гаргана. Одоогоор анхдугаар чуулган хуралдах тов гараагүй ч ирэх долоо хоногт хуралдах байх гэсэн таамаг байна. Өмнөх 2012 оны анхдугаар чуулганыг долдугаар сарын 6-нд зарлан хуралдуулах зарлигийг Ерөнхийлөгч гаргаж байжээ.

Анхдугаар хуралдааныг шинээр бүрдсэн парламентын хамгийн ахмад гишүүн даргалан явуулдаг заалттай. Өмнөх парламентыг бүрдэхэд хамгийн ахмад гишүүн нь 72 настай Д.Дэмбэрэл байлаа. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүнээр Ч.Улаан тодроод байна. Тэрбээр 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Эдүгээ 62 нас хүрч байгаа аж.