Categories
мэдээ цаг-үе

“Найрамдал” зуслангийн нэг өдөр

“Найрамдал”-д 745 хүүхэд амарч байна. Хамгийн бага нь нэгдүгээр ангиа төгссөн зургаан настнууд гэж Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат сонирхууллаа. Эхний ээлжинд багачууд голдуу амардаг болохоор дөрөвдүгээр ээлжинд зургаан настнууд тун цөөхөн ирж. Ирэх намар хоёрдугаар ангид орох нөхдийн нэг нь Сидина. Охин эгчтэйгээ амарч байгаа гэнэ. “Би Авинатайгаа ирсэн болохоор уйлаагүй ээ. Эгч ээ, би хатны нэртэй ш дээ. Манай эгч бас хатны нэртэй” гээд их додигор байна. “Найрамдал”-ын арга зүйч Т.Тунгалаг “Зургаан настнууд их сэргэлэн. Найман настай хүүхдүүдийг бодвол биеэ авч яваа нь хүртэл өөр шүү. Эхний өдрөө л зарим нь хямраад хэцүүхэн байдаг тал анзаарагддаг. Дасаад ирэхээрээ сэргэлэн, хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн. Энэ жил таван настай охин эгчтэйгээ хамт амарч байна. Ер нь эцэг, эхчүүдийн хүүхдэдээ ханддаг хандлага, сургууль, цэцэрлэгийн нөлөө хүүхдээс их тод харагддаг” гэж ярилаа. Бид энэ удаа олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн нэг өдрийг сурвалжилсан юм.

ТОГЛООМЫН ӨРТӨӨГӨӨР АЯЛДАГ ХАГАС ӨДӨР

Энэ зун хур ихтэй байсан нь “Найрамдал”-д очиход л илт байв. Зөөлөн ногоон зүлгэн дээр хүүхдүүд тоглоомын өртөөгөөр аялаад дуу шуутай бужигнаж байна. Ирээд ганц л хоносон, биенээ танихгүй хүүхдүүдийг тоглоомын аргаар дотносуулж байгаа нь энэ аж. Зуслангийн ээлж бүрт ирсэн хүүхдүүд эхний хагас өдрөө тоглоомын өртөөгөөр аялж өнгөрөөдөг гэнэ. “Муурын байшин”, “Дусал хүүгийн аялал” гээд тоглоом бүртээ нэр өгчихөж. “Дусал хүүгийн аялал”-ын өртөөн дээр ирсэн хүүхдүүд гэхэд л эгнэж суугаад толгой дээгүүрээ устай сав дамжуулцгаана. Дунд ангийн хөвгүүдэд их зугаатай байгаа бололтой. Эвгүйхэн бариад толгой дээрээ ус асгасан нэгнийгээ шоолж хөгжилдөнө. Хүүхдүүд аль хэдийнэ дотносоод амжжээ. “Муурын байшин” тоглож байгаа бага ангийнхан дээр очлоо. Хоёрдугаар сургуулийн Содбаяр ирэх намар тавдугаар ангид орох гэнэ. Гуравдугаар ангиасаа “Найрамдал”-д амарч эхэлжээ. “Манай зуслангийн тогооч эгч их гоё хоол хийдэг. Бөөрөнхий махтай хоол нь бүр гоё” гэхэд хажууд нь зогсч байсан үеийнх нь охин “Хоол байхдаа яахав дээ” гэж жуумалзана. “Хобби” сургуулийн Дөлгөөн “Эгч ээ би удахгүй дөрөвдүгээр ангид орно. Энд ирээд 55 найзтай болчихлоо. Надад бол манай зуслангийн тоглоом тоглуулдаг нь гоё байна. Өдөржингөө тоглохоор ээж, аавыгаа санахгүй байна” гэж дуржигнуулав. Дөлгөөн Долгион гэж ихэр дүүтэйгээ иржээ. Хөвгүүд дараагийнхаа тоглоомын өртөө рүү яаран гүйцгээлээ. Хүүхдүүд бүлгийн багштайгаа найз шиг л харьцацгаах юм. Тоглоом тоглохоороо утаснуудаа бариулчихна, шинэ тоглоомын өртөөн дээр ирэхээр “яаж тоглох вэ” гээд тойроод зогсчихно гэж ирээд яривал багшийн оролцоогүй юм гэж алга. “Ирээдүй” бүлгийн багш П.Номин “Сүүлийн үеийн хүүхдүүд их нээлттэй болсон. Амархан найз болцгоочихдог. Бага насныханд гэрээ санах, уйлах явдал гардаг л юм. Гэхдээ тун цөөн нь. Дөчин хүүхэдтэй бүлэг байлаа гэхэд ганц хоёр хүүхэд л жаахан хямарна. Харин зуслангаас явах сүүлийн өдөр бөөн уйлаан болно шүү дээ. Багшийгаа, биенээ тэвэрч уйлаад сүйд болдог” гэж яриад хүүхдүүдээ дараагийн өртөө рүү дагуулан явлаа.

ОКСФОРДЫН ОЮУТНУУД АНГЛИ ХЭЛ ЗААНА

“Найрамдал” зуслан энэ зунаас англи хэлний сургалт зохион байгуулж эхэлжээ. Англи хэл заахаар ирсэн анхны багш нь Роберт Гриин. Нигери улсын иргэн юм байна. Ээж нь нигери, аав нь америк хүн гэнэ. “Найрамдал”-ынхан Робертод зориулж Нигерийн далбааг оёж байгаа аж. Зусландаа багшлахаар ирсэн гадаадын багш нарын улсынх нь төрийн далбааг төвийнхөө гадна мандуулдаг бололтой. Роберт “Орчин үе ирээдүй гадаад хэлний төв”, “Найрамдал” төвийн хамтын ажиллагааны хүрээнд иржээ. Монголд анх удаа ирж байгаа нигери залуу “Би цасанд маш их дуртай. Өвлийг үзнэ гэхээс тэсч ядан хүлээж байна. Ер нь би хүүхдүүдтэй ажиллах их дуртай. Тэдний хайр үнэхээр агуу, ариун гэгээн байдаг. Бас их хурц ухаантай. Хүүхдэд ийм давуу талууд байдаг учраас хэлийг их амархан сурдаг” гэж ярив. Робертын хичээлд тав, зургаа, долдугаар ангийн охид голдуу хүүхдүүд иржээ. Охид Роберттой англиар ярьж, хөөрөөд жигтэйхэн. Хүссэн хүүхдүүд Робертын хичээлд суух боломжтой юм билээ. Дараагийн ээлжинд Английн Оксфордын их сургуулийн 12 оюутан ирж нэг нэг бүлэгт хариуцан багшлах гэнэ.

Хүүхдүүд өглөө долоо хагаст сэрж, найман цагт дасгал хийдэг юм байна. Дасгалын дараа цайндаа орж өдрийнхөө хөтөлбөртэй танилцдаг аж. Энэ жил “Найрамдал”-ынхан хувь хүний чадварыг төлөвшүүлэх, нийгэмд биеэ зөв авч явахад чиглэсэн хөтөлбөрт түлхүү анхаарчээ. “Хувь хүний төлөвшил мэнд мэдэхээс эхэлдэг” гэж бүлгийн багш нар нь ярьж байсан юм. Тааралдсан хүүхэд бүр мэнд мэдэцгээж байв. Арга зүйч Т.Тунгалаг “Хүүхдүүд маань 10:00-13:00 цагийн хооронд тухайн өдрийн үйл ажиллагаанд оролцоод 11:00 цагаас бага үдийн цайгаа уудаг. Дараа нь бага, дунд, ахлах наснаасаа шалтгаалж 30-60 минутад төлөвшлийн сургалтад хамрагдана. 13:00 цагаас өдрийн хоолтой. 14:00-16:00 цагт бага насны хүүхдүүдээ амраадаг. Зуслан гэдэг хүүхдийг хөгжүүлэхээс гадна эрүүл агаарт амрахад орчныг бүрдүүлэх учиртай газар. Бусад нь 14:00-15:00 цагийн хооронд амралтын цагтай. 16:30 цагаас их үдийн цайгаа уучихаад 17:00-19:30 цаг хүртэл хүүхдүүдэд зориулсан бас хөтөлбөрт хамрагддаг. 19:00-20:00 цагт оройн хоол. 20:00-21:30 цаг хүртэл оройн арга хэмжээтэй. Арга хэмжээ нь өдөр бүр өөр. Өнөөдөр гэхэд л бид галын наадам хийнэ. 22:00 цагаас хүүхдүүд оройн тойргоо хийдэг” гэж зуслангийнхаа цагийн хуваарийг сонирхуулав. Оройн тойргийн үеэр хүүхдүүд тухайн өдөр юу сурч мэдсэнээ ярилцдаг гэнэ. Багачууд нь 22:00 цагт, томчууд нь 22:30-23:00 цаг гэхэд унтацгаадаг юм байна.

ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУД ХҮҮХДҮҮДЭЭ АМРААХ ДУРТАЙ

Гадаадад амьдардаг монголчууд хүүхдүүддээ улсынх нь соёл, заншлыг таниулах гэж амраадаг болжээ. Биднийг очиход Солонгост амьдардаг охин амарч байсан юм. Хамаатны эгчтэйгээ иржээ. Монголоор ойлгодог хэрнээ ярихдаа жаахан тааруу юм. Бөмбүүлэй гэж өөрийгөө танилцуулсан охин зун бүр Сөүлээс “Найрамдал”-д ирж амардаг гэнэ. Ихэнхдээ Америк, Солонгос, Герман зэрэг улсад амьдардаг монголчууд хүүхдүүдээ амраахаар явуулдаг байна. Энэтхэг, Тайвань, Нигер, Гвиней зэрэг улсад амьдардаг монголчууд ч хүүхдүүдээ эх орных нь соёлтой танилцуулахаар “Найрамдал”-д амрааж байж. “Найрамдал”-ын багш нар “Гадаадад амьдардаг монголчууд хүүхдүүддээ монгол ёс заншлаа таниулж мэдүүлэхийг их хүсдэг болсон” хэмээн ярьж байлаа. Энэ жилээс Өмнөд Монгол, Буриадын хүүхдүүд олноороо амрах захиалга өгчээ.Японоос цөөнгүй хүүхэд хүлээж авдаг гэнэ. Долдугаар сарын дундуур ОХУ-аас хүүхдүүд ирэхээр захиалга өгчээ. Гаднаас ирсэн хүүхдүүд “Найрамдал”-ын хоолонд их дуртай гэнэ. Цөөн тохиолдолд гадаад хүүхдүүд үндэсний хоолоо идэхийг хүсдэг аж. Үндэсний хоолоо идэхийг хүсвэл хийгээд өгчихдөг юм байна. Сонирхуулж хэлэхэд энэ зун “Найрамдал”-ынхан Монголын скаутын холбоотой хамтарч Ази Номхон далайн орнуудын скаутын том цуглаан зохион байгуулахаар болжээ. Долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх гэнэ. Скаутын цуглаанд арав гаруй орноос 5-10 мянган хүүхэд оролцох нь.

НЭГ ӨРӨӨНИЙ НАЙЗУУД

“Үй цай” сургуулийн Өнө-Алдар, нэгдүгээр сургуулийн Хасчулуун, Америк сургуулийн Жаргал-Эрдэнэ, Батлан хамгаалахын “Тэмүүжин” сургуулийн Бямбадорж, Замын-Үүдийн нэгдүгээр сургуулийн Төгөлдөр тав “Нарлаг” бүлгийн нэг өрөөний хөвгүүд. Ирээд ганц хонож байгаа гэхэд хэзээний найзууд болчихож. Ирэх намар долоо, наймдугаар ангид орцгоох хөвгүүд шөнө орондоо ороод нэг цаг хүртэл хууч хөөрцгөөсөн гэнэ. Жаргал-Эрдэнэ “Бид өчигдөр орой баахан онигоо яриад. Сүүлдээ бүр элэг хөших шахсан” гэж хэлээд хөгжилтэй инээв. Хөвгүүдэд ус дамжуулж тоглодог “Дусал хүүгийн аялал” таалагдсан гэнэ. Бусдаасаа хонгор шаргал үсээрээ ялгарах Жаргал-Эрдэнэ “Зуслангийн бүх хүүхэд намайг гадаад гэж бодоод байх юм. Уг нь би монгол ш дээ. Эрдэнэтэд төрсөн. Аав “Шар доктор” компанийн захирал. Ээж ч бас тэнд ажилладаг” гэж хэлэхэд өнөөдүүл нь тэрүүхэндээ жуумалзацгаана. Өрөөний тав өөр зуураа “Чи их хурхирдаг юм байна лээ”, “Би эрт босоод та нарыг сэрээсэн шүү”, “Бөмбөг байвал сагс тоглох юмсан”, “Нөгөө охидыг айлгах төлөвлөгөө яасан бэ” гэж зав чөлөөгүй ярьцгаах юм. “Гэрээ санаж байна уу” гэж асуухад Бямбадорж “Одоо ээжийгээ санавал онигоо болно биз дээ” гэсэн догь хариу өгөв. Өнөөдүүл нь ч толгой дохицгоогоод жигтэйхэн. Хажуугийн байрны охидын өрөөгөөр ороход цэмцийтэл зассан орнууд эгнэж байна. Хөвгүүдийн өрөөний дуу шуу энд алга. Охид их л намбалаг, юм асуухаар цөөн үгээр хариулцгаана. 62 дугаар сургуулийн Энэрэл, 33 дугаар сургуулийн Энхжин, зургадугаар сургуулийн Маралмаа, нэгдүгээр сургуулийн Бадамханд, 45 дугаар сургуулийн Ариунтуул, зургадугаар сургуулийн Энхлэн, “Шинэ Эрин” сургуулийн Намуун нар нэг өрөөнд оржээ. Охид ирэх намар наймдугаар ангид орох гэнэ.

“Найрамдал”-ын бүлэг бүр өөрийн онцлогтой юм. “Сакура” бүлэг гэхэд л япон хэв маяг бүхий тохижилттой. Энэ бүлгийн хүүхдүүд хөвгүүд, охидоороо хоёр өрөөнд хуваагджээ. Япон маягаар зассан өрөөнд матрас эгнүүлжээ. Бөөнөөрөө нэг өрөөнд учраас амархан дотносдог гэж бүлгийн багш Х.Баянжаргал ярив.

ГАЗТАЙ УНДАА, ЧИПС ЗАРДАГГҮЙ ДЭЛГҮҮР

“Найрамдал” зуслангийн дэлгүүрийн гол нэрийн бараа нь зайрмаг, газгүй ундаа, жигнэмэг. Нэг удаагийн шампунь гэх мэт ариун цэврийн хэрэглэл бас бий. Хүүхдүүдэд бороотой өдөр зайрмаг зардаггүй гэнэ. Хоолой нь өвдчихнө гэж болгоомжилдог аж. Чипс, газтай ундаа огт зардаггүй юм байна. Эргэлтээр ирсэн эцэг эхчүүд л хориотой хүнс авчирчихаад хүүхдэдээ өгнө гэж зүтгэчихдэг бололтой. Арга зүйч бүсгүй “Хийжүүлсэн ундаа, чипс, тостой хуушуур, торт, пицца, тахиа аваад ирдэг. Ийм хүнс авчирч болохгүй гэж хэлж сануулаад байхад л авчраад байдаг юм. Бид энэ зунаас 11:00 цагт хүүхдүүддээ зайрмаг, иштэй чихэр, сүү, иогурт өгдөг болсон. Аав, ээжүүдэд хорьсон хүнс авчирч өгч болохгүй гэхээр би хүүхдээ алах гэж ирээ юу, миний хүүхэд шоронд байгаа юм уу, хамгийн сайн чанартай юмыг л авчирч байна гэх мэтээр бухимддаг. Эцэг, эхээсээ илүү хүүхэд нь төлөвшчихсөн жишээ цөөнгүй анзаарагдана шүү. Хүүхдээ эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн оруулаагүй ээжид шинжилгээндээ хамрагдахыг сануулахад захиралтай чинь ярина гэж ирээд уурлах жишээний. Гэтэл хүүхэд нь ээждээ буруу авирлаад байгааг нь хэлж байгаа юм” хэмээн ярилаа.

АМТЛАГЧ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ХООЛНЫ ГАЗАР

“Найрамдал” төвийн хүүхдүүд хоёр газар хуваагдан хооллодог юм байна. Биднийг “Найрамдал”-д өнждөг өдрийн хоол нь ногоотой шөл, будаатай хуурга, чацарганы шүүс байв. Хоолны газрынхан давхардсан тоогоор ганц өдөрт 5000 хүний хоолыг бэлддэг гэнэ. Өдөрт 130-150 кг мах, 250-300 кг төмс гэж ирээд тоочвол хүнсний бүтээгдэхүүнийг өчнөөн кг-аар нь хэрэглэдэг аж. “Найрамдал”-ынхан өдөр, оройн хоолондоо амтлагч хийдэггүй юм байна. ШУТИС-иас жил бүр дадлагын оюутнуудыг гэрээгээр ажиллуулдаг гэнэ. Оюутнууд сардаа 300 мянган төгрөгийн цалинтай ажилладаг аж. ШУТИС-ийн Хүнсний технологи, хоол үйлдвэрлэл технологийн гуравдугаар дамжааны оюутан Ө.Рэгзэдмаа “Өдөрт зууш, салатнаас гадна зарим хоолыг гардаж хийж байгаа. Хүүхдүүдэд үйлчлэх их гоё юм байна. Баярлалаа, эгчээ гээд хэлэхээр нь сэтгэл нэг л гоё болчихдог. Агаар сайтай, хүүхдийн инээд хөөртэй ийм сайхан орчинд ажиллаад сургалтын төлбөрийнхөө ихэнхийг цуглуулаад хичээлдээ орно гээд бодохоор сэтгэл өндөр байгаа” гэж ярив.

Батноров “Найрамдал” төвийн хоолны технологичоор 22 дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Технологич бүсгүй “Хүүхдүүдийн таргалалт, өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор илчлэгийн хэмжээг бууруулж амин дэмийг ихэсгэх бодлого улсаас барьж ажиллаж байгаа. Бид ч гэсэн хоолныхоо өөх тосыг багасгаж, сүү цагаан идээ, хүнсний ногоо зэргийг түлхүү өгч байна. Би нэг л зүйлээс их том урам авдаг. Амрагч хүүхдүүд маань гоё амттай хоол байна, баярлалаа эгч ээ гэхээр огшоод ирнэ шүү дээ. Хүүхдүүдтэй ажиллахаар баярлах гомдох нь амархан болдгоос эхлээд яг л хүүхэд шиг болчихдог юм байна. Том хүн байж том хүнтэй харилцахаар их сонин шүү” гэж хэлээд хөгжилтэй инээв. Эрүүл мэндийн сайд хоёр жилийн өмнө хүүхдийн хоолны илчлэгийг шинэчилж баталжээ. Өсвөр насныхан өмнө нь 2800 ккл хоол хэрэглэдэг байж. Шинэчилсэн хэмжээгээр 2300-3400 ккл хоол идэх ёстой болжээ.

ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ХҮҮХДҮҮД “НАЙРАМДАЛД”-Д БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

Тайваньд ирэх сард болох чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид “Найрамдал”-д бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Энэ тэмцээнд Монголоос 34 тамирчин дөрвөн багштай явахаар болж. Якутад болох Азийн наадамд оролцох тамирчид ч энд бэлтгэлээ базааж эхэлжээ. Чөлөөт бөхийнхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ явах гэнэ. Улаанбаатараас гадна аймаг бүрийн тамирчин хүүхдүүд “Найрамдал”-д иржээ. Азийн аваргад явах багийн ахлагч Б.Билгүүн “Агаар, орчин нь сайхан байна. Хоол унд нь амттай, амарч байгаа хүүхдүүд нь их соёлтой юм. Бэлтгэл сайн хангагдаж байна” гэсэн бол Сахагийн багийн ахлагч Э.Бямбадорж “Би Баянхонгороос ирсэн. Орчин нь их таалагдаж байгаа. Орой дөрвөн цагаас бэлтгэлтэй” гэж ярилаа. Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Чулуунбаатар “Бэлтгэл анх удаа зургаан дэвжээн дээр болж байгаа . Чөлөөт бөхийн холбоо, “Найрамдал” төвийн захиргаанд баярлаж байна. Хоёр, гурван аварга төрчих болов уу гэсэн найдлага бий” гэж ярилаа.

“НУЛИМАСТАЙ” ДИСКО

Найрамдал төвийн нэг ээлж голдуу долоон хоногтой. Дээд тал нь арав хоног байдаг гэнэ. Сүүлийн өдөр үдэлтийн диско хийдэг аж. Дискон дээр “Найрамдал”-ын дэд захирал Б.Отгонбат найзуудын тухай шүлэг уншдаг юм байна. Зуслангийн захирлын шүлгийг хүүхдүүд нулимс цийлэгнүүлэн сонсдог гэнэ. Арга зүйч бүсгүй “Хүүхдүүд маань бараг хорь, гучин минут уйлалдана шүү дээ. Долоо, арав хоногт их дасчихсан байдаг юм” гэж ярилаа. Бүлгийн багш нарт ч энэ өдөр их хүндхэн байдаг гэнэ. Бараг бүгд л “Хүүхдүүдээсээ салах хэцүү шүү” гэж байна.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат “Манай зусланд ЭХЭМҮТ-ийн эмч нар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн хэв журмын цагдаа нар хамгаалалтад ажиллаж байна. Бид энэ жилээс санхүүжилтээ төсвөөс биш өөрсдөө зохицуулж эхэлсэн. Амрах эрхийн бичгээ өмнөх жилүүдээс нэг их өсгөөгүй. Үнээ өсгөе гэсэн бодолгүй байна. Нэг долоо хоногийн ээлжийн үнэ 185-195 мянган төгрөгийн хооронд байгаа. Зуны ээлжиндээ 580 хүүхэд авах хүчин чадалтай ч эрэлт их байгаа учраас 150 гаруй хүүхэд нэмэгдлээр хүлээн авч байна” хэмээн ярьсан юм.

“Найрамдал” зуслангийн ирэх ээлжүүдийн эрхийн бичгийг онлайнаар захиалж болох юм билээ. Мөн хуримын ордон дээр тарааж байгаа гэнэ. “Найрамдал”-ынхан 8-10 дугаар ээлжиндээ нэмэлт захиалга авч эхэлжээ.

Б.Маралмаа

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Ч.Амаржаргал: Ангараг гариг дээр хүн амьдрах боломжтой гэдэг нь олон зүйлээр батлагдсан

Өнөөдөр манай дэлхий дээр сансар судлал хэрхэн хөгжиж байгаа талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргалтай ярилцсаныг сонирхуулъя.

-Өнөөдөр дэлхий дээр сансар судлал ямар түвшинд байгаа талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Сансар судлал 1961 оноос хойш асар өндөр түвшинд хүрсэн. Яагаад 1961 онтой харьцуулж байгаа юм бэ гэхээр тэр жил хүн сансарт анх ниссэн. Энэ үйл явдал хүн төрөлхтний анхаарлыг сансрын орчинд татсан. Сансар судлалаар өнөөдөр дэлхийд арван орон тэргүүлж байгаагаас АНУ, ОХУ, Япон гурав манлайлж байгаа. Энэ гурван улс нь өөр өөр түвшинд судалдаг.

-Та үүнийгээ тодруулаач. Манлайлж байгаа гурван орон маань ямар түвшинд судалж байна?

-АНУ бол 1961 онд ОХУ-тай өрсөлдөж сансарт хүн илгээхэд илүү анхаарал хандуулсан. Харин саран дээр хүнээ буулгаснаас хойш судалгааны арга барилаа өөрчилсөн. Энэ ажилд нэлээд хөрөнгө мөнгө зарцуулагдах юм байна гэдгийг ойлгосон. Судалгааг хэнд, юунд зориулж хийх вэ гэдэг бодлогодоо өөрчлөлт оруулсан. Ерөөсөө дэлхийн хүн төрөлхтний өмнөөс судалгаа хийдэг гэж болно. ОХУ бол 1961-1990-ээд он хүртэл аюулгүй байдал, хүчин чадал гэсэн чиглэлд илүү анхаарч ирсэн. Япон энэ чиглэлийн судалгаанаас бид хоцрох ёсгүй гээд 1980-аад оноос орж ирсэн. Ингэхдээ судалгааны ажлыг боловсронгуй болгох ёстой гэж үзсэн юм. АНУ бол одоо Ангараг гариг дээр хүн буулгах зорилгоор том төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Түүнээс гадна сансар судлалын ажилд хувийн хэвшлийн оролцоог маш их дэмжиж ажилладаг. Энэ нь Оросоос ялгаатай тал нь гэж болно. Чадах хүмүүс нь төслийг худалдаж аваад хэрэгжүүлнэ гэсэн зарчим барьдаг. Харин ОХУ-ын хувьд мэргэжлийн байгууллагуудаараа дамжуулан ажиллаж байгаа. Япон бол сансар судлалын чиглэлээр хийгдэж буй ажлууд нь дэлхийд бус бидний амьдралд ямар үр дүн өгөхийг судалдаг. Хамгийн энгийн жишээ гэхэд хиймэл дагуул байна. Бидний амьдралд хамгийн их өөрчлөлт өгсөн зүйл бол хиймэл дагуул. Үүнийг дагаад цаг агаарын мэдээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, үүрэн холбоо зэрэгт том өөрчлөлт орсон. Хиймэл дагуул бол хамгийн дээд зэргийн бизнес. Өндөр төлбөртэй, өртөгтэй.

-Тэгвэл манай улсын хувьд ямар байна?

-Манай улс хиймэл дагуул хөөргөнө гэж төлөвлөж байгаа. Энэ бол нэгдүгээрт буюу их сургуулийн түвшинд яригдаж байгаа. Мөнгө хөрөнгийн асуудлаас болоод чадахгүй байгаа. Манай төр засгаас бодлого хэрэгжүүлэх юм бол дахин хүн хөөргөх боломжтой. Бааз суурь нь бэлэн байна. Төрийн бодлогын түвшинд л хэрэгжүүлэх хэрэгтэй.

-АНУ-д сансар судлалын ажилд хувийн хэвшлийнхнийг дэмжин оролцуулдаг гэж та ярьсан. Хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол хамгийн өндөр өртөгтэй бизнес юм байна. Тэгвэл энэ чиглэлээр Америкийн ямар компани хамгийн их амжилттай ажиллаж байгаа вэ?

-Эхлээд хиймэл дагуулаа ямар зорилгоор хөөргөдөг талаар ярья. Ер нь бол дөрвөн төрлөөр хөөргөдөг. Стратеги, батлан хамгаалах, цаг уур, орчны шинжилгээ, физик газар зүй, дөрөв дэх нь гариг судлал. Энэ төрлүүд дээр сансар судлалын тэргүүлэгч арван орны ихэнх нь өөрийн гэсэн пуужинтай болчихсон, түүнийгээ хөөргөдөг. Цаг, улирлыг шинжлэх хиймэл дагуулыг хөөргөх дээрээ түлхүү ажилладаг. Харин АНУ, ОХУ, Япон гурав болохоор энэ дөрвөн чиглэлээр судалгаа хийдэг. Америкийн энэ компани илүү гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэхээр хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол зардал нэлээд өндөртэй. Пуужингаасаа хамаараад сонголт нь ихэсдэг. Жишээ нь том хэмжээний хиймэл дагуулыг хөөргөнө гэвэл АНУ-ыг дагахаас өөр арга байдаггүй.

-Тэгвэл АНУ, ОХУ хоёрын судалгааны ялгааг та тодруулан тайлбарлаач?

-АНУ бол би дээр хэлсэн хүн төрөлхтний өмнөөс судалгаа хийж байгаа. Чиглэл нь тодорхой. Дэлхий дээр ирэх аюул, заналхийллийг багасгах. Оросуудын хувь гэвэл харахад ижилхэн юм шиг мөртлөө Зөвлөлтийн үеийн уламжлалаа хадгалаад батлан хамгаалах, хүчин чадал дээрээ илүү төвлөрсөн судалгаа хийдэг. Гэхдээ энгийн тал руугаа оруулах гээд үзээд байгаа. Америк, Орос хоёр судалгааныхаа арга зүйгээр байнга өрсөлдөж байдаг нь шинжлэх ухааны энэ салбарыг чирч явдаг давуу талтай. Жишээ нь БНАСАУ нэг пуужин хөөргөж тэр нь Японы арал дээр уналаа гэхэд Америкийн судалгаа өндөр хөгжсөн ч гэсэн пуужинг бариад авах радарын систем буюу дэлхий дээрх судалгааны түвшин хоцрогдсон байдаг. Оросууд бол хаанаас ямар пуужин хөөргөж байгааг хиймэл дагуулаараа хянаад, барьж аваад замд нь устгах дээрээ илүү. Олон улсын харилцаанаасаа хамаараад судалгаа нь үе үе идэвхждэг.

-Сүүлийн үед яригдаад байгаа Ангараг гаригийн талаар ярья. Бид бол энэ талаар өнгөцхөн л ойлголттой, мэдээлэлтэй байдаг. Судлаач хүний хувьд Ангараг гариг дээр хүн амьдрах боломж бий юу?

-Товчхоноор хэлэхэд хүн амьдрах боломж бий. Энэ нь олон зүйлээр батлагдсан. Саяхан NASA Ангараг гариг дээр өөрөө явагч робот машинуудыг маш олноор нь буулгасан. Тэндээс ирсэн өнгөт зургуудыг боловсруулсан. Одоогоор бол хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол тэнд робот буулгачихаад эргэж авчирч чадахгүй байгаа. Хэрвээ тэндээс шорооны дээжийг нь аваад ирэх юм бол эцсийн дүгнэлт гарна. Дэлхийгээс тийшээ хүн явахад бэлэн байгаа. Хамгийн гол нь Ангараг гариг маань маш их хүхэрлэг, улаан өнгөтэй, бүрхэг тул нарны туяа орох зай бага. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий үүсчихсэн. Хүн амьдрах юм бол багтай ажиллана. Ямар нэгэн лабораторид ороод хувцсаа тайлж болно. Харин ил байхдаа заавал баг өмсөнө, агааржуулагчтай. Тийм л орчинтой.

-Тэгвэл хүн амьдарч болох юм уу?

-Үүнийг хүн төрөлхтөн их гэгээлгээр бодож байгаа. Манай дэлхий 4,5 тэрбум жилийн настай гэж үздэг. Хэзээ нэгэн цагт галав юүлэх, ямар нэгэн биет ирээд мөргөхөд нэгээхэн хэсэг нь Ангараг дээр үлдэж өсөн үржээд вакум орчинтой байна. Хүний оюун ухаан гэдэг агуу, тиймээс яаж ч болно. Магадгүй Ангараг дээр очоод баггүй явдаг болох ч юм бил үү. Миний ойлгож байгаагаар 2023 он гэхэд Ангараг дээр хүн буух байх. Энэ чиглэлийн судалгаа хөгжсөн орнууд хоорондоо нэлээд өрсөлддөг. Оросууд саран дээр бууж чадаагүй. Одоо зургаан эмэгтэй нисгэгчийг бэлдэж байгаа. Саран дээр буусан анхны эмэгтэйчүүд гэдгээрээ түүхэнд үлдэх юм. Тэгэхлээр Ангараг дээр хэн нь түрүүлж буух вэ гэдэг бол сонин байна.

Ер нь дээрх гурван орон өрсөлдөж байсан бол дөрөв дэх нь Хятад болсон. Ангараг руу хүн илгээнэ гэдэг бол улс орнуудын хувьд маш нууц түвшинд явагдаж буй өрсөлдөөн.

-Ингэхэд манай өмнөд хөрш БНХАУ-д сансар судлал ямар түвшинд байна?

-Хятадуудыг бол үнэлж баршгүй. Маш сайн байгаа. Зөвлөлтийн сансар судлалын түүх гэж бий. Анх нохой, дараа нь хүн хөөргөсөн. Тэгвэл БНХАУ нь яг энэ замналаар явж байна. 2003 онд анхныхаа ничгэгчийг илгээсэн. Янь Ли нь “Союз” хөлгийн лиценз дээр хийгдсэн “Шэньжоу” хөлгөөр сансарт ниссэн. Хятадууд одоогийн байдлаар нийт арван хүн сансарт нисгэчихээд байгаа. Түүнээс хоёр нь эмэгтэй. Хоёр дахь эмэгтэй нисгэгч нь Хятадын сансрын станцад сонирхолтой туршилтууд хийсэн. Хятадуудад бол станц тийм ч сонин биш. Саран дээр анхныхаа хиймэл дагуулыг буулгачихсан. Саран дээр хүн буулгана гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа.

Судлаачийн хувьд би үүнийг өөрөөр харж байна. Хятадуудад сар бол тийм ч чухал биш. Ангараг дээр илүү хүч хаяж байгаа, гэхдээ үүнд дэлхий нийтийн анхаарлыг татахгүйг хүчээж байгаа. Ер нь бол Хятад сансар судлалд маш их хөрөнгө хаядаг. Хятадууд их гүрнүүд сансраар хөөцөлддөг, тиймээс бид ч гэсэн энэ салбарыг хаяж болохгүй гэсэн зарчмыг 1973 оноос эхлэн баримталсан. Монгол хүн Оросын эсвэл Хятадын хөлгөөр сансарт нисэх боломжтой. Нэг бодлын ийм хоёр хөрштэй бид азтай л даа.

-Сансар судлалыг нэлээд хөгжүүлсэн бас нэг Азийн орон бол Иран. Цөмийн пуужинтай гэдэг. Ираны хувьд сансар судлал ямар байна?

-Сансар судлалыг хөгжүүлэхэд үүнийг түрүүлээд хөгжүүлчихсөн орнууд энгийнээр хэлэх юм бол бусдыгаа дардаг. Цөмийн цэнэгт пуужин хөөргөх гээд байна гэсэн нэрийн дор дарж өөрсдөөсөө илүү байлгахыг хүсдэггүй.

Өөрсдөд нь хожим дайсан болох вий гэсэн дээ. Иранд сансар судлал нэлээд өндөр хөгжсөн. Өөрийн зөөгч пуужинтай болно гэдэг нэгдүгээр алхам. Ер нь бол бүх шинэ санаа нь хийгдээд дуусчихсан. Тиймээс сансарт үүнийг хийж үзвэл яах бол гэдэг л үлдсэн. Иймээс ч сансар бол шинэ салбар мэт харагдаж байгаа. Үүний нэг жишээ нь олон улсын сансрын станц. 16 орон нэгдээд станцаа барьчихсан, тогтмол гурван орны зургаан сансрын нисгэгч байгаа. 170-180 хоног ажилладаг. Энэ бол урьд өмнө нь байгаагүй ажил юм.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бадар-Ууган: Орчин цагт богино хугацаанд хэрхэн олимпийн аварга болох вэ гэдэг арга замыг хайж байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай ярилцлаа.

-Бээжингийн олимпоос алтан медаль аваад хүнд бэртэл авсан. Бэртэл нь яаж байна вэ?

-Дэлхийн олимпийн өдөр саяхан болж өнгөрлөө. Энэ өдөр танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Олимпийн хороон дээр очиж үг хэлсэн л дээ. Амжилт гаргаж байсан үе үеийн тамирчид цугласан байна лээ. Сайхан өдөр байна. Ингээд бодоход найман жил өнгөрсөн байна шүү дээ. Ер нь тамирчин хүн болгон л олимпийн аварга болно гэж зорьдог байх. Дээд оргил нь олимп юм шүү дээ. Миний зорилго бол олимпийн аварга болох байсан. Тэгээд зорилго биелсэн ч нэг талаараа хэцүү байсан. Учир нь амжилтыг дагаад бэрхшээл ирсэн. Дахиад бэлтгэл сургуулилтаа хийгээд явъя гэсэн боловч гэмтэл авсан. Тиймээс дөрвөн жилийн хугацаа хүнд өнгөрсөн гэж хэлж болно. Эрүүл байх нь амьдралын гол үндэс юм байна гэдгийг ухаарсан. Бэртэл гэмтэлтэйгээ тэмцэж, өөрийгөө ялан дийлж явна даа. Мөн гэр бүл, үр хүүхдүүддээ эрүүл энх байж түшиг тулгуур нь болж явах ёстой шүү дээ. Спорт бол залуу насны бүтээл юм байна гэдгийг сайн ойлгосон.

-Таныг албан ёсоор зодог тайлаагүй гэж дуулсан. Гэхдээ спортоо орхисон юм уу?

-Яг албан ёсоор зодог тайлаагүй. Гэхдээ спортоо орхисон гэж хэлж болно. Надад харамсаад байх зүйл байхгүй. Бие нь өвдөөгүй хүн өвдөж байгаа хүнийг ойлгодоггүй. Би ч гэсэн өвдөхөөсөө өмнө өвчин гэдэг зүйлийг мэдэрдэггүй байлаа. Удахгүй зүгээр болно гэж боддог байсан. Өвчнийг биеэрээ мэдрээд эхлэхээр өвдсөн зовсон хүнд тусалж, дэмжье гэж боддог болсон доо. Цаг хугацааг ухрааж болохгүй. Тиймээс би хэзээ ч харамсахгүй. Нэгэнт ийм байдалд орсон учраас тэмцэж явна. Цаашдаа арай өөр зүйл хийнэ гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго надад бий. Гэхдээ миний амьдрал бокстой үргэлж холбогддог. Боксын спортоороо бахархаж явдаг. Дараа дараагийн шилдэг тамирчдыг бэлтгэх, залуу хүмүүст үүд хаалгыг нь нээж өгөх үүднээс энэ салбартаа боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Мэргэжлийнхээ зөвлөлийг хариуцаад бокстой холбоотой асуудлаа бүгдийг нь шийдээд ажиллаж байна даа.

-Та олимпод оролцоход бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ?

-Бэлтгэл сургуулилтыг долоо хоногийн зургаан өдөр хийдэг байсан. Ганцхан ням гаригт амардаг. Өдөрт гурван удаа бэлтгэл хийнэ. Өглөө долоогоос, өдөр дөрвөөс, орой найман цагаас хийдэг байлаа. Бэлтгэл хийдэг байхад өдөр маш хурдан өнгөрдөг байсан шүү.

Ер нь бокстой амьдралаа холбосон нь миний сонголт. Боксын спортын тавцанд амжилт гаргасан ч гэсэн гэмтэл авсан. Хурдан эдгэхийг хичээж, эрүүл мэнддээ их анхаардаг болсон. Мэдээж амжилтад хүрэхэд маш их золиос гардаг. Тэр дундаа олимпийн аваргын шалгуурт нийцтэл бэлтгэл хийнэ гэдэг бол хүнд хэцүү бэрхшээл бүхнийг давдаг. Тамирчин хүнээс маш их хичээл зүтгэл, золиос, тэсвэр тэвчээр шаарддаг. Боксчин хүн спорт бол маш хүнд хүнд цохилтыг өөр дээрээ авна. Дэлхийн хэмжээний шилдэг тамирчидтай тулалдана гэдэг бол том хариуцлага. Тэднийг давж хол хаяж байж хождог болохоос зодуулж, цохиулахаас айгаад ч юм уу бэрхшээлээс зугтаад байвал хэзээ ч аварга болж чадахгүй.

– Олимпод оролцож байхад шантраад хасагдчихмаар үе байсан уу?

-Олимпод ялалт байгуулах бол миний туйлын зорилго байсан. 2007 оны дэлхийн аваргын мөнгөн медалийг Америкт хүртээд Монголдоо ирэхэд боломж байгаа гэж ойлгосон. Хичээх юм бол жиндээ нэг номер байж чадах юм байна гэдгийг өөртөө хэлж, өөрийгөө хурцалж эхэлсэн. Тэгээд зорьсныхоо дагуу амжилтад хүрч, санасандаа хүртэл тоглож чадсан юм шүү дээ.

Олимпод ялалт байгуулахад миний сэтгэгдэл их өндөр байсан. Монгол Улсынхаа далбааг нөмрөөд Ш.Гүрбазар гуайн “Би Монголоороо гоёдог” гэдэг шүлгийн “Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд гоёдог. Би Монголоороо гоёдог” гэсэн мөрийг хэлсэн. Олимпийн хотхонд тамирчид улс орноо сурталчилж, их бахархдаг юм л даа. Ер нь энэ шүлгийг аварга болбол уншина даа гэсэн бодол байсан шүү. Харин монголчуудын сэтгэл хөөрөөд намайг шүлэг уншиж байгааг анзаараагүй л дээ (инээв). Ингээд ялалт байгуулсны дараа бүх зүйл дуусаж байгаа юм шиг өдрүүд ирсэн. Тэр үед гэр бүлийнхэн маань миний ард бат зогсож байсан даа. Эхнэр маань намайг удирдаж, жолооддог байлаа. Гурван хүүхдийнхээ сайн сайхны төлөө зүтгэж, цаашид хийх гээд чадаагүй зүйлийг үргэлжлүүлэх алтан замыг нь нээж өгөх ёстой юм шүү гэж зорьсон. Эцэг эх гэдэг үр хүүхдийнхээ гүүр нь болж явдаг шүү дээ. Энэ хэцүү цаг үеийг давахын тулд гэр бүлийнхнийгээ харж тайтгардаг байсан даа.

-Таны хувьд тамирчин хүний бусдаас ялгарах давуу тал юу вэ?

-Хувийн сахилга бат маш чухал гэж боддог. Тамирчин хүн ёс зүйгүй байж болохгүй. Бэлтгэл сургуулилтын үеэр өөрийгөө хуурахгүй, багшийгаа хуурахгүй байх ёстой. Бэлтгэлдээ чинь үнэнчээр ханддаг байх хэрэгтэй. Яг л тэр хүртэл гүй гэвэл тэр хүртэл л гүйх ёстой. Би тэр болгонд маш идэвхтэй байсан. Багшийнхаа үгэнд сайн ордог. Гадуур тэнэж, цагийг дэмий өнгөрүүлдэггүй байсан л даа. Янз бүрийн зүйлээс өөрийгөө татаж, өөрийгөө ялан дийлж чаддаг байсан. Боксын спортыг шатрын спорттой төстэй гэж хэлж болно. Шатрын спорт бодоод нүүдэг бол бокс бол бодсоноо бие буюу үйлдлээрээ үзүүлдэг юм шүү дээ. Толгойдоо шатрын нүүдэл шиг бодно. Яаж цохивол оновчтой вэ гэж ур ухаан, авхаалж самбаагаа уралдуулдаг. Үйлдэлтэй харьцаж тоглодог гэх юм уу даа. Ер нь спорт дундаа хүнд спортод тооцогддог. Олимпийн төрөлд ч тэр. Маш их тэсвэр хатуужил шаарддаг. Олон өдөр жингээ хасна. Олимп 16 хоног болдог. Бокс бол олимпийн эхний өдрөөс сүүлийн шат хүртэл үргэлжилдэг. Тэр хооронд хоол сойж, маш их тэсвэр хатуужилтай байж, бусад ур чадвараа нээдэг. 2008 онд олимп дуусангуут медалиа авч таарсан. Олимпод ялалт байгуулах зорилго л тавьсан учраас олимпийн хотхонд өөр бусад зүйлийг үзэж чадаагүй л дээ (инээв). Энэ чинь спортын мөн чанар юм шүү дээ.

Энэ спортыг сонгож хичээллэх хүмүүст хандаж хэлэхэд маш их тэсвэр хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй, өөрийгөө ялж чаддаг байх хэрэгтэй шүү. Өөрийгөө ялах л хамгийн том ялалт гэж би боддог. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн өөрийгөө ялж сурах ёстой. Хоол идэхгүй гэж бодох л юм бол бат зогсох ёстой шүү. Дараа нь болъё гээд маргааш их хэмжээгээр хоол идээд эхэлбэл өөртөө ялагдаж байна гэсэн үг. Тамирчин хүний хувьд би өөрийгөө их барьж чаддаг. Мөн тэсвэр тэвчээр, хатуужилтай байсан учраас алтан медаль ирсэн юм болов уу гэж боддог.

-Та олимпод шавь бэлтгэж байна уу?

-Тамирчдыг бэлтгэж байгаа. Өөрөө гар бие оролцож, клуб нээж ажиллаагүй байгаа л даа. Гэхдээ клуб нээж ажиллана гэсэн зорилго бий. Заримдаа ганц хүүтэй айл өөрийн чинь шавь болгох гэсэн юм аа гэсэн санал тавьдаг. Тэгэхээр өөрийн эрхгүй багш болно гэж бодогддог. Цаг хугацааны хувьд арай л эрт байна. Залуу хүний хувьд хийж бүтээх зүйл их байна. Олимп бол олон мянган тамирчдийн мөрөөдөл, хүсэл тэмүүлэл байдаг. Гагцхүү өөрийнхөө төлөө зүтгэж, өөрийгөө дайчлах ёстой. Би шалгарах уу, олимпийн аварга болох уу гэсэн хүсэл цаанаа маш их ухаан, маш их тэсвэр хатуужлыг агуулдаг. Тэр дундаас “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг монгол ардын зүйр үгний утга учир гарч ирдэг. Даалгавар, хариуцлагаа ухамсарласан хүн л байгалийн шалгарлаар гарч ирдэг юм болов уу гэж боддог. Нэг үеэ бодоход Монгол Улс хөгжиж байна. Өмнө нь урт замыг туулж байж өндөрлөгт хүрдэг байж. Миний үед ч гэсэн. Харин орчин цагт богино хугацаанд хэрхэн олимпийн аварга болж болох вэ гэдэг арга замыг хайж, бодож, сэтгэж явна даа. Хоёрдугаарт, спортынхоо зүтгэлтэн болно. Миний хувьд боксын спорт амьдралын минь салшгүй нэгээхэн хэсэг болж үлдэнэ.

-Та бага насныхаа дурсамжаас хуваалцаач?

-Миний бага нас Баянзүрх дүүргийн Шархадны техникийн захын хойно өнгөрсөн. Би хоёр дүүтэй. Айлын том хүүхэд болохоор аав, ээж хоёр захидаг байсан л даа. Чи дүү нартаа үлгэр жишээ болж, хариуцлагатай байх ёстой шүү гэж. Буруу үйлдэл хийвэл хоёр дүү чинь дуурайна. Хоёр дүүдээ яаж зөв үлгэр жишээ болох вэ гэж бодсоор өнөөг хүрсэн минь ийм учиртай. Манайх гэр хороололд амьдардаг байсан. Би усаа авч, түлээгээ хөрөөдөж, хоолоо хийж өссөн. Гэр хорооллын ажил маш их хөдөлмөр шаардсан байдаг шүү дээ. Хүнийг их ажилч хичээнгүй болгодог. Манай аав, ээж хоёр их хөдөлмөрч хүмүүс. Одоо ч гэсэн би гэртээ зүгээр сууж чаддаггүй. Хүүхдүүд маань бага байгаа учраас жижиг сажиг хог, энэ тэрүүгээр эмх цэгцгүй байдал харагдвал шууд цэвэрлэдэг. Мөн аяга угаана, шалаа угаана нарийн ажлыг хүртэл хийнэ дээ. Манай ээж их цэвэрч нямбай хүн юм. Эхнэр маань намайг эрэгтэй хүн гэхэд их цэвэрч нямбай, зарчимч хүн шүү гэдэг. Хааяа яагаад ийм болчихдог байна аа гэдэг л дээ. Би хариуд нь аливаа сурсан зүйлийг сураар боож болохгүй юм даа гэдэг юм (инээв).

Сүүлийн үеийн залуучууд залхуу болох хандлага ажиглагдсан. Би хүүхдүүдээ ажилсаг, хичээнгүй байдлаар сургаж, хүмүүжүүлнэ гэж зорьдог. Учир нь хүн сайн ажил хийж сурах ёстой. Багаасаа ажилсаг болоод хэвшвэл ерөөсөө алга болохгүй. Х”үн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж монгол ардын зүйр үг байдаг. Энэ яг үнэн. Хамгийн гол нь гэр бүлийн хүмүүжил чухал юм шүү дээ.

Хүүхэд насандаа сахилгагүй байсан. Манай аав Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн л дээ. Манай ээжийн аав буюу өвөө маань Увс аймгийн заан цолтой Дорлигсүрэн гэж хүн байсан. Үндэсний бөхөөр барилддаг хүн байлаа. Намайг бага байхад барилдуулна гэж хэлдэг байсан л даа. Өвөө, эмээ хоёр маань таван охинтой байсан. Охидоос нь гарсан хүүхдүүд мөн л охин байсан болохоор ганц эрэгтэй хүүхэд нь би байлаа шүү дээ. Тиймээс багадаа дураараа хүүхэд байсан л даа. Ганц хүү маань барилдаж удам залгана гэж боддог байсан. Миний өссөн Шархад догшин газар шүү дээ. Атман ихтэй хоорондоо зодолдоно. Хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхдүүд ихтэй. Тэр дундаас гарч ирнэ гэдэг бол бас хэцүү ш дээ. Ангийн нэгдүгээр атаман, хоёрдугаар атаман гэх мэт янз бүрийн атаман их байдаг байж дээ. Чи нөгөө ангийн атамантай зодолдох уу гэхээр айгаад байж болохгүй. Тэгье гээд зодолддог байсан. Ингэж явж байгаад бокстой холбогдсон доо. Сахилгагүйгээсээ болж нэг хүүхэд зодоод сургуулийн захирал дээр орж байсан удаатай. Аав, ээж хоёр маань намайг битгий хүүхэд зодоод бай. Боксчин болмоор байвал зөвшөөрөлтэй газар очиж бэлтгэлээ хий гэдэг байсан. Анх боксын спортоор 1998 онд хичээллэж эхэлсэн.

-“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлэгтэй болсон чинь их сонин түүхтэй. Энэ талаар ярихгүй юу?

– “Өөжинмед” эмнэлгийг нээсэн түүх их сонин л доо. Олимпийн дараа улсдаа хэрэгтэй ямар нэгэн зүйл заавал хийх хэрэгтэй гэж боддог байлаа. 2009 онд Асашёорюү Д.Дагвадорж аварга намайг Японд урьсан юм. Тэр үед Японд үр шилжүүлэн суулгах шинжлэх ухааныг нээсэн “Като Лэдиес” клиникийн захирлыг надад танилцуулсан. Эмнэлгийн захирал Като үр шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн хүн шүү дээ. Мөн боксын спортыг сонирхож дэмждэг хүн байсан учраас санаа нийлж, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай ярьж эхэлсэн л дээ. Тухайн үед би шууд хариугаа хэлсэн. Би эмнэлэг байгуулах саналтай байна гэсэн. Намайг маш сайн ойлгож, дэмжсэн л дээ. Монголд дэлхийд номер нэгд тооцогддог эмнэлгээ байгуулъя, хамтран ажиллана хэмээж байсан. Энэ бол хэдэн ч төгрөгөөр үнэлж баршгүй зүйл юм шүү гэж хэлж байсан. Тэгээд эхнэртэйгээ ярилцаж, үргүйдлийн чиглэлээр анагаах төгссөн мэргэжилтнүүдэд санал бодлоо хуваалцаж, сонгон шалгаруулалт хийсэн. 2009 онд шалгарсан таван хүнийг Япон улс руу явуулж сургалтад суулгаж байсан. Шалгаруулалтад эмнэлгийг хариуцсан захирал Э.Одхүү эмч тэнцэж, ахалж явж байлаа. Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 23-нд нээж байлаа. Миний хувьд энэ өдөр их бэлгэшээлтэй өдөр л дөө. Эмнэлгийнхээ нээлтэд Д.Дагвадорж аваргыгаа урьж байсан л даа. Аваргадаа их баярлаж, талархаж явдаг юм.

-Эмнэлгийн нэр ямар утгатай вэ?

-Өөжин гэдэг бол монгол нэр. Сүүлийн үед монгол гэх тодотголтой зүйлүүд мартагдах гээд байх болж. Өөжин гэдэг бол хүүхдийн өлгий, ор гэсэн үг. Дууны үгэнд хүртэл байдаг даа. Хүүхэдтэй холбоотой учраас бэлгэшээж өгсөн. Ер нь эмнэлгээ нээхийн өмнө монгол нэр өгнө гэж бодож байсан. Мөн яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазар ахаасаа асууж, зөвлөгөө авсан л даа. Гүрээ ах маань нэлээн олон нэр хэлж байгаад, сүүлд энэ нэрийг өгвөл зүгээр гэж хэлсэн. “Өөжинмед” эмнэлэг одоо мэргэжлийн хориод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай эмнэлэг нэг жилийн ой дээрээ зуун арваад хүнийг эмчилсэн байна. Жирэмсэн болсон буюу үр тогтсон бүртгэлтэй хүмүүсийн тоо л доо. Одоогийн байдлаар 13 хүүхэд хорвоод мэндэлсэн байна. Ийм үр дүнтэй явж байна. Энэ сарын 25-нд эмнэлгийн нэг жилийн ой болно. Японоос эмнэлгийн дарга, удирдлагууд ирнэ. Америк, Филиппинээс хүмүүс ирж байгаа. Ойн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмч болон эмнэлгээр үйлчлүүлж буй үргүйдлийг эмчлэх чиглэлийн хүмүүст лекц, семинар, уулзалт зохион байгуулж байгаа юм. Японы эмч нар ирж манай эмнэлгийг хэд хэдэн удаа шалгаж байсан. Одоо бол 100 хувь Монголын эмнэлэг. Нэг жилийн ойн хүрээнд Японы эмч мэргэжилтнүүд ирж, ямархуу үйл ажиллагаатай явж байгааг хянана, шалгана, зөвлөгөө өгнө. Монголын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд цаг агаар нь ямархуу байна, ямар үед үргүйдлийг эмчлэхэд тохиромжтой байдаг талаар янз бүрийн туршлага судалгаа хийдэг. Монголын эмч нар Японы эмч нараас дутахааргүй чадвартай. Тоног төхөөрөмжийн хувьд дэлхийд номер нэг үзүүлэлттэйгээр эмчилдэг. Үйлчлүүлэгчдийн хувьд Орос, Хятадаас хүмүүс ирж, нэмэгдэх төлөвтэй байгаа.

-Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Х.Азжаргал гэдэг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүн л дээ. Бид хоёр найм, есдүгээр ангид байхдаа л үерхдэг байсан. Одоо гурван хүүхэдтэй. Миний том охин Б.Нандин арван настай. “Элит” олон улсын сургуульд сурдаг. Дунд охин маань зургаан настай Б.Наран-Мишээл гэдэг. Цэцэрлэгт явдаг. Бага хүүг Б.Бадруун гэдэг. Дөрвөн настай. Манайх хувиараа цэцэрлэг ажиллуулдаг. Их Монгол хороололд “Жаргалтай хотхон” гэсэн нэртэй цэцэрлэг бий. Цэцэрлэгээ байгуулаад дөрвөн жил болж байна. Бага хүүгээ хувийн цэцэрлэгтээ явуулдаг. Эхнэр маань эмнэлгийн ажлыг хариуцан ажиллаж байгаа. Эмчээс гадна бичиг цаасны нарийн ажлыг хийж байна.

Б.Уранчимэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгууль ч яахав ингээд дууслаа, коридор маань юу болчихов

Энэ хаваржингаа Монгол Улсын Ерөнхийлөгч гадны улс орнуудаар явж, гэрээ хэлцэл хийж, том хүмүүстэй уулзаж борви бохис хийлгүй ажиллалаа. Шанхай, Мьянмар, Ташкент… гээд явж өгсөн. Сая ШХАБ-ын уулзалтын үеэр хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй юу ярилцсан, ямар үр дүнтэй гэрээ хэлцэл хийснийг нь өнөөдөр бид харж, танилцаж байна. Эцэг нь гадуур наймаа арилжаа хийж явах хойгуур эзэнгүй хэдэн хүүхэд нь гэрээ буулгачих шахан үймж байгаатай адилхан дүр зураг өнөөдрийн Монголоос маань харагдаж байна. Гэтэл эцгийн ажил басчиг үр дүн харагдахаар гэж хэлж болмоор. Монгол Улсын газар нутгийн баруун, дундуур, зүүн гурван газраар “Эдийн засгийн коридор” бий болгох яриа хөөрөө явчих шиг боллоо. Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын үеэр гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталжээ. Энэхүү баримт бичиг нь сүүлийн гурван жил тутам зохиогдож байгаа гурван улсын тэргүүнүүдийн уулзалтын эхний үр дүн бололтой. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын сонгон авсан 32 төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн гэсэн байр суурийг эзлэх юм байна. Эдийн засгийн коридорын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг талууд санал болгосноос Монголын талд ашигтай гэж үзсэн 32-ыг сонгожээ. Үүнийг Bонголын талын зарим судлаачид “Мянганы үйл явдал” хэмээн онцолж байх шиг байна. “Эдийн засгийн коридор” нь Монголын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам”, ОХУ-ын ЕвроАзийн эдийн засгийн холбоо гэсэн дэд бүтцийн мега төслийн салшгүй хэсэг болж байна. Сонгож авсан 32 төслийн дотор тээврийн дэд бүтцийн 13 хөтөлбөр байгаа нь хамгийн их жин дарж байгаа юм билээ. “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төв”-ийг 2016 онд багтаан Улаанбаатар хотноо байгуулахаар баримт бичигт тусгажээ. Одоогийн байдлаар санхүүжилтийн дийлэнхийг гаргах чадамж, боломж БНХАУ-д илүү байгаа аж. Гэхдээ төслүүдийг хэрэгжүүлэхэд зөвхөн хоёр хөршийн санхүүжилтийг харах биш олон улсаас санхүүжилт босгох хувилбарыг эрэлхийлэх болно гэж албан эх сурвалж мэдээлж байна.

Гэхдээ энд нэг асуудал байна. Энэ бүгдийн хариуд Эгийн голын төслөө л зогсоох болчихов уу, яав! Тийм зүйл ажиглагдаад явчихлаа. Эгийн голын төсөл хэрэгжиж гэмээнэ эрчим хүчний хараат байдлаасаа Монгол Улс гарна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Эгийн голын төсөл Байгал нуур, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх гээд байна” гэсэн тайлбар хэлээд оронд нь бид эрчим хүч танайд өгнө гэжээ. Шударга хэлэхэд худлаа шүү дээ, бид өнөөдрийг хүртэл эрчим хүчээр Оросын хараат хэвээр байгаа. Тэд дургүй нь хүрэхээрээ эрчим хүчээ тасалдгийг баруун аймгуудын тог цахилгааныг дүн өвлийн хүйтнээр тасалж биднийг тэвдүүлдэг практикаас наад зах нь мэднэ. Энэ сургамжийг олонтоо авсан. Өнөөдөр хүртэл Оросоос авч байгаа эрчим хүчний үнэ тариф дээр хоёр улс хоорондоо маргаантай л байгаа. Үнэн хэрэгтээ тэд биднийг “Тасална шүү” гэж айдастай байлгасан хэвээр байгаа. Бодит байдал ийм, ингэж явж ирсэн болохоор бид дүгнэлт хийж өөрийн эрчим хүчний эх үүсвэртэй болох нэг номерын зорилгоо хадгалах ёстой. Монгол хүний ямарч юмны эвийг олдог төрөлх зангаа одоо л энд ашигламаар байна. Бид аливаа асуудлын ая данг олохдоо гаргуун шүү дээ. Тийм болохоор “Эдийн засгийн коридор”-оо явуулдгаар нь явуулъя, зэрэгцүүлээд Эгийн голын цахилгаан станцын төслөө бас явуулъя. Тийм л уран нарийн гэрээ хэлэлцээрийг хийе. Энэ талаар Ерөнхийлөгч нэг мэргэн арга бодож байгаа байх. Ямар ч нөхцөлд Эгийн голын төслөө явуулмаар байгаа юм. Ийм боломж ч байна. Одоо Орос, Хятад хоёрт Монголоор дамнасан эдийн засгийн коридор амин чухал байгаа. Тэр дундаа Алтанбулаг-Замын Үүд гэсэн коридор хоёр хөршид чихэр гэсэн үг. Баруун, зүүнээр тавигдах коридор бол яах вэ дамжуулах юм бага, ашиг багатай. Хөрөнгө оруулалт их шаардана. Түүнд хөрөнгө оруулсан хүн ашгаа эргүүлж авахад хэдэн үедээ нас нь хүрэхгүй. Тэгэхээр “Эдийн засгийн коридор” байгуулах дээрээ хүрвэл төв шугам буюу дундуур явах коридороо эхлээд барих байх. Энэ коридороор Сибириэс их хэмжээний түүхий эдийг хятадууд зөөх өндөр сонирхолтой байгаа. Наад зах нь Сибирийн модноос эхэлнэ шүү дээ. Тэгээд ч Сибирь бол дэлхийн байгалийн баялгийн бараг 20 хувь гэж үздэг тийм бүс нутаг. Хятадын хувьд яг төв шугамын харалдаа, ойрхон байгаа газруудад тэдний үйлдвэрийн гол хотууд байрладаг. Өнөөдөр өмнөд хөршийн эдийн засаг сайнгүй байна. Хятадын эдийн засаг өнгөрсөн хугацаанд экспортын эдийн засагт тулгуурлаж ирсэн. Америкийн Засгийн газрын хамаг бондыг хятадууд худалдаж авсан. Ам.долларын хамгийн их нөөцтэй улс орон бол урд хөрш маань. Тэр их валютын нөөцөө эргэлтэд оруулалгүй дарж хадгалж байсныхаа горыг өнөөдөр амсаж байгаа. Эдийн засгийн төгс утга бол мөнгө мөнхөд эргэлтэд байх зарчим. Тэр зарчим Хятадад алдагдсан юм байна. Сая коммунист намын их хурлаараа тэд доллараа эргэлтэд оруулах, экспортын биш, дотоодын хэрэгцээндээ зориулсан эдийн засаг бий болгох алхмыг эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. Эндээс харахад Хятад улс “Эдийн засгийн коридор”-т мөнгө гаргана гэсэн үг. Мөн тэдний зах зээлд түүхий эдийн хомсдол нүүрлэж эхэлж байгаа. Үүнийг юу нөхөх вэ гэхээр Сибирийн тэр их түүхий эдийн нөөц л аминд нь орно.

Харин өнөөдөр Орос орон үнэхээр ганцаардаж ядарч байх шиг байна. Үүний тод жишээ бол Роснефтийнхээ 20 хувь дээр олон улсад нээлттэй тендер зарлачихлаа. Тэр дотор нь нэг өгүүлбэр бий. Стратегийн түнш орнуудынхаа дунд нээлттэй гэж. Стратегийн хамгийн ойрын түнш нь Хятад гэдгийг дэлхий мэдэж байгаа. Хятадуудад 11 тэрбум ам.долларын гарааны нөхцөл тавьсан харагдана. Гэтэл судлаачид цаг хугацаа хүлээвэл дор хаяж 200 тэрбумын тендер гэж бичиж байгаа. Энэ бол Орос орон ядарч байгаагийн шинж юм. Ийм нөхцөлд оросууд Сибирийн баялгаа зарахаас өөр яах билээ. Авах улс нь Хятадаас өөр хэн байхав. Хятадад хүргэх хамгийн ойр, зардал бага, боломжит хувилбар нь Монгол Улсын дундуур дамжих “Эдийн засгийн коридор” шүү дээ. Хоёр хөршийн аль аль нь ийм нөхцөл байдалд орчихсон энэ цаг үеийг ашиглаж монголчууд Эгийн голын төслөө явуулах шантааж хийх хэрэгтэй. Тэгж Эгийн төслөө хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Энэ бол цаг хугацааны хувьд алтан боломж. Оросууд “Эдийн засгийн коридор”-ыг ярихдаа төмөр замыг түлхүү ярьж байгаа. Өнөөдөр манай төмөр замын ачаа эргэлт жилийн 20 сая тонн орчим байгаа. Путин бол “Эдийн засгийн коридор” бий болсноор ачаа эргэлт дор хаяж 100 сая тоннд хүрнэ гэж мэдэгдсэн. Иймдээ хүрэхийн бол манайх төсөөлшгүй их хэмжээний ашиг орлого олно гэсэн үг. 100 саяа байг ээ, үнэн хэрэгтээ бид төмөр замын ачаа эргэлтээ 40 сая тоннд хүргэчихэд л хангалттай ашиг олж, ямарч хөрөнгө оруулалт хайлгүйгээр хурдны зам, төмөр зам барих мөнгөө олчихно гэсэн үг. Орос-Хятадыг холбосон завсраас бид бас хангалттай орлого олно. Дээр нь манайх “Эдийн засгийн коридор”-оо илүү үр ашигтай болгоё гэвэл Эгийн голын төслөө явуулахын хажуугаар нефтиэ махаар солих гэрээ хэлцлийг хийх хэрэгтэй. Орост махны хэрэгцээ улам ихэсч байна. Ингэж чадвал Оросоос авч буй нефтид зориулж байгаа их хэмжээний ам.доллар Монголдоо үлдэнэ. Манай улсын нефтид ам.доллараа зарж буй санхүүгийн өртөг хэтэрхий их байгаа. Нефтийн тодорхой хэсгийг мах болгож чадсанаар Монгол Улсын валютын нөөц огцом өснө. Ингэснээр бидний мөрөөдөл мэт яриад байгаа ам.доллар 1000 төгрөг болох нөхцөл бүрдэх юм. Цаг хугацаа, нөхцөл байдал иймдээ хүрсэн болохоор одоо Орос-Хятад хоёрт амин чухал болоод буй “Эдийн засгийн коридор”-ыг даруй бий болгоё. Энэ амин хэрэгцээн дээр нь тоглож Эгийн голын төслөө явуулъя, махаа нефть болгоё. Ингэж чадвал Монгол Улс ойрын таван жилийн дотор сэв хийтэл босно. Уйгагүй зүтгэх л хэрэгтэй. 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээр гэдэг шиг л зүтгэх хэрэгтэй. Монголчууд бид юмны эвийг олдогтоо, цаг үеэ мэдэрч чаддагтаа хэдэн зуун жил тэсч, өнөөдөр хүний зэрэгтэй явцгааж байна. Монголоор дайрах “Эдийн засгийн коридор”-ыг том гүрнүүдийн олон жижиг ашиг сонирхлын нэг гэж монголчууд бид өөрсдийгөө доош нь хийх хэрэггүй. Монголчууд бидний хувьд асар том ашиг сонирхол гэдгийг л ойлгох ёстой.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэлийн хуралд урьж байна

Монгол, Германы улстөрч залуусын анхдугаар чуулган Төрийн ордонд долдугаар сарын 8-нд болох юм. Энэхүү чуулга уулзалт болохтой холбогдуулан Ханнс Зайделийн сан, Герман, Монголын хамтарсан “Отгонбаяр” сан, Бавари мужийн CSU намын Айхах Фриэдбэрг дэх намын залуучуудын холбооны төлөөлөгчид хэвлэлийн хурал хийх гэж байна. Хэвлэлийн хурал “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д өнөөдөр 12:00 цагт болно. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” 184 мянган төрийн албан хаагчийг хамгаалах цайз болно” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Булган аймгийн Могод сумын уугуул монгол Улсын заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэнгийнд өнжиж, уламжлалт “Танайд өнжье” булангийнхаа шинэ дугаарыг хүргэж байна. Эл эрхэм эдүгээс 40 шахам жилийн өмнө ардын хувьсгалын ойн баяраар улсын заан цол хүртсэн юм. Түүний өргөө гэрийн хоймроос бэлтгэсэн сурвалжлагыг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүнээр шинээр сонгогдоод буй дуучин С.Жавхлангийн ярилцлагыг өнөөдрийн дугаартаа мөн онцолж байна. Түүнийг гишүүний түр үнэмлэхээ гардаад байхад нь манай сэтгүүлч уулзаж ярилцсан юм. “Жавхланг нам түшдэг болохоос Жавхлан хэзээ ч намд орохгүй” хэмээн тэрбээр ярилцлагадаа онцолж хэллээ. Түүний ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

“АН-ын дарга, УИХ-ын дэд даргаар Я.Санжмятавыг сонгох бололтой” хэмээх гарчигтай нийтлэлийг хоёрдугаар нүүрээс унших боломжтой. Улс төр судлаачид саяын сонгуулиар Я.Санжмятаваас өөр багаараа ялалт байгуулсан хүн байхгүй, түүнээр өнөөдөр АН-ыг удирдуулах нь нийгмийн сэтгэлзүйд зөв, эерэг харагдана хэмээн үзжээ.

““Өдрийн сонин” 184 мянган төрийн албан хаагчийг хамгаалах цайз болно” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт хэвлэлээ.

Харин Баримт, үйл явдлын долдугаар нүүрээс “С.Зоригийн хэрэг “гацаанд” орсон уу”, “Автомашин дотроо мансуурч байжээ” зэрэг үйл явдлын мэдээллийг уншаарай. С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хориод долоон сар болж байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа зогсож, хэрэг “гацаанд” орсон байдалтай байгаа аж. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Уран бүтээлч” буланд энэ жилийн Юндэнгийн дүрд тоглохоор шалгараад байгаа дуучин Бумхүүгийн ярилцлагыг хүргэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг наадмаар үзэгчдэд олонд хүргэж бөгөөд Юндэнгийн дүрд тоглох уран бүтээлчийг шалгаруулсан юм.

Монгол Улсын гавьяат тамирчин, нэрт бөхийн тайлбарлагч Ш.Чанарав агсны гэргий Л.Лириймаагийн ярилцлагаг болон цаг үеийн бусад мэдээ мэдээллийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

Ерөнхийлөгч “Монгол уран дархан” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол уран дархан” үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейд нээлтээ хийв. Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт үзэсгэлэнг нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монголчууд үнэхээр гайхалтай өв соёлтой ард түмэн. Их түүхийг бүтээсэн ард түмэн л ийм сайхан өв соёлтой байдаг. Их өв соёл нь эргээд агуу түүхийг бүтээхэд тусалдаг. Би хувьдаа урлаг, уран дархчуудын бүтээлийг сонирхон биширдэг.

Монголчуудын өвөг дээдэс ямар агуу байсан юм. Хүннүгийн үеийн олдворуудыг харахад үнэхээр гайхалтай байдаг. Энэ эртний гайхамшигтай олдвороос харахад тухайн үед хүн төрөлхтөн хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн байсан мэт санагддаг.

Монголын өвөг дээдэс уран дархны чиглэлээр асар өндөр түвшинд хүрсэн. Уран дархчууд их хаадын үед ч байсан. Уран бүтээлээрээ шалгарч, ард олноо гайхуулсан хүмүүс олон байсан. Өндөр гэгээн Занабазарын өмнө ч агуу дархчууд байсан. Чингис хаан, бүр Хүннүгийн үед ч дархчууд байсан, учир нь дархны урлаг бол өвөг дээдсээс уламжлагддаг. Сайн дархны сайн шавь энэ ур чадварыг уламжлан авдаг. Иймээс уран дархны чадвар хэдэн зуун дамжин, хэдэн үеэр уламжлагдан ирдэг.

Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг яг адилхан дуурайгаад хийчих хүн Монголд битгий хэл дэлхийд байхгүй. Тэгэхээр эдгээр уран бүтээлүүдэд Монголын ард түмний охь шингэсэн гэж хэлж болно. Бидний энэ сайхан соёл бидний цусанд байдаг учраас, бид энэ соёлоо уламжлан үлдээдэг учраас монголчууд агуу юм. Аливаа ард түмнийг хүн амын тоогоор нь биш бүтээсэн соёлоор нь дүгнэдэг. Соёлын хувьд хөгжилтэй хөгжилгүй улс орон гэж ялгаддаггүй.

Тэгэхээр өв соёлын хувьд Монгол Улс дэлхийд тэргүүлэх эгнээнд явах боломжтой улс юм. Монголын төрийн тэргүүний хувьд энэ өв соёлыг дэмжих нь чухал. Монголын гайхамшигтай өв соёлын нэг бол бидний босоо бичиг. Монгол бичгийн үзэсгэлэнг бид жил бүр зохион байгуулдаг. Энэ өв соёлыг бид уламжлан үлдээх ёстой. Бид бичиг соёл, гайхамшигтай өвөөрөө дэлхийд ялгарна. Мөн дээрээс нь бид уран дархны соёлоороо ялгарна.

Уран дархны ийм үзэсгэлэн 12 жилийн өмнө зохиогдсон гэж дууллаа. Энэ үзэсгэлэнгийн давтамжийг ихэсгэх нь зүйтэй. Энэ үзэсгэлэнгийн онцлог бол үзмэр нь асар их үнэтэй, асар их хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн байдаг. Энэ зүйлийг бүтээхэд их хэмжээний хөрөнгө шаардагддаг.

Уран дархны энэ үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулах тухай зарлиг гаргая гэж бид хэлэлцэж тогтлоо. Тэгээд энэ үзэсгэлэнд аймаг, нийслэлийн уран дархчуудаа хамруулж, шилдэг бүтээлийг нь үнэлдэг байя.

Удахгүй АСЕМ-ын чуулган болох гэж байна. Эзэн Чингисийн үед Ази, Европыг Монголд уулзуулж байсан юм гэнэ билээ хэмээн бид ярилцдаг. Энэ уламжлалыг бид сэргээж байгаад өвөг дээдэс маань биднээр бахархах байсан биз. Энэ чуулганаар бид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцээд өнгөрөх биш монголчууд бид өөрсдийн энэ гайхалтай өв соёл, уламжлалаа сурталчлан таниулах боломжтой. Тэгэхээр энэ үзэсгэлэнд танилцуулсан эд зүйлийг чуулганы үеэр үзүүлэх боломжтой. Түүнчлэн чуулганд оролцох сайд дарга нарыг дагалдаад дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Ингэснээр Монголын энэ гайхамшигт өв соёл дэлхий нийтийн зурагт, хэвлэлээр цацагдана гэсэн үг юм. Тэгэхээр бид АСЕМ-ын чуулганаар дамжуулан үндэсний өв соёлоо дэлхийд гайхуулах боломжтой байна.

Дэлхийн улс орнуудтай туршлагаа хуваалцах, өөрсдийгөө таниулахын тулд бид хичээх ёстой. Тэгэхээр дэлхий нийтээрээ Монголын уран дархны өв соёл, бүтээлийг сонирхоод ирэхээр бид улам бүр хөгжинө.

Тэгээд өнөөдөр энд хуран цугларсан бурхан ухаантай уран дархчууддаа баярлалаа, та бүхнийг дэмжих болно, энэ сайхан уламжлалаа бид үр хойчдоо үлдээнэ. Баяр хүргэе” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөлийг шилдэг уран дархчуудад гардуулж, уран дархчуудын дөш тахих ёслолд оролцов. Дараа нь Ерөнхийлөгч Монгол уран дархан үзэсгэлэнг үзэж сонирхов. Уг үзэсгэлэн нь энэ долдугаар сарын 2-8-ны хооронд болно.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар зарим боомт амарна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт, Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто замын хилийн боомт ирэх сарын 11-15-ны өдөр ажиллахгүй аж. Харин долдугаар сарын 16-аас эхлэн хэвийн ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын Залуучуудын чуулган болно

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын залуучуудын чуулган”-ыг энэ долдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо ажиллаж байгаа бөгөөд ASEF буюу Ази, Европын сан, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулж байгаа аж. Дөрвөн өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцохоор бүртгүүлжээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдах энэ удаагийн Чуулганд оролцогчид нь АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн АСЕМ-ын гишүүн улсууд дипломат айлчлал хийхэд оюутан, залуусын төлөөллөөс оролцуулах, албан ёсны төлөөлөгчдийг дагалдуулах урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохиогдохоор болжээ.

Энэхүү АСЕМ-ын Залуучуудын Чуулган нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө болдог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад хурлын талаар ойлголт өгөх, залуусын идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлдгээрээ онцлогтой. Түүнчлэн залууст дипломат ёс,яриа хэлэлцээний талаар мэдлэг олгох, олон нийтийн өмнө ярих, багаар ажиллах, зөвшилцөлд хүрэх, манлайлах зэрэг чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм байна. Чуулганы гол үр дүн нь оролцогчдын хэлэлцүүлгээс нэгтгэгдсэн асуудлуудыг Дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгуулахад чиглэгдэж байгаа аж.

Дашрамд дуулгахад, уулзалтын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар маргааш 12.00 цагт зохион байгуулагч Монголын Залуучуудын Холбооноос мэдээлэл өгөхөөр болсон байна. Уг хэвлэлийн хурал АСЕМ-ын мэдээллийн төвд болох аж.

Categories
мэдээ нийгэм

Залуучууд усанд эндэх нь их байна

Гал усны гашуун зовлон гэж тодотгодог нь жирийн хэрэг биш ажээ. Дайраад ирэхэд гарах гарцгүй, барих барьцгүй гал усны аюул урин дулаан цагтай уралдан ирдэг. Хүмүүс халуун нарнаас зугтаж дайжихдаа, амарч цэнгэхдээ гол ус барааддаг нь эрсдэл дагуулсаар байна. ОБЕГ-т ч усанд осолдлоо, живлээ, усаар аялаад сураггүй алга боллоо гэсэн дуудлага өдөр бүр ирэх болжээ.

Аялалд гараад сураг алдарчээ

Идэрийн голоор усан аялал хийхээр Завхан аймгийн Идэр сумаас гараад сураг алдарсан гадаадын иргэнийг сар гаруйн хугацаанд эрэн хайгаад олоогүй байна. Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд зургадугаар сарын 10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон юм. Түүнийг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг Идэр, Сэлэнгэ, Орхон мөрний дагуу хайсан ч ямар ч сураг гараагүй байна. Аймгуудын ОБГ-ууд Орос Монголын хил хүртэл нийтдээ 325 км газарт эрж хайгаад олоогүй тул зургадугаар сарын 30-ны өдөр эрлиг зогсоосон байна.

Усанд осолдсон залуусын цогцос олдсонгүй

Гол мөрний усанд осолдож эндсэн хүмүүсийн олонх нь залуус ажээ. Өнгөрсөн арав хоногт л гэхэд хэд хэдэн залуучууд усанд живж өөд болжээ.Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон ч шарил нь олдоогүй тухай ОБЕГ-ын албан сайтад мэдээлжээ. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагын хоёр албан хаагч, орон нутгийн 43 иргэн, нийт 60 хүн зургадугаар сарын 25-30-ны өдрүүдэд усанд эндсэн залууг эрж хайгаад олоогүй гэнэ. Шар-Ус багийн Орхоны гүүрнээс, Хушаатын гүүр хүртэл 150 км, Суу толгой гэдэг газраас Хар хошуу гэдэг газар хүртэл усаар 80 км, Суу толгойгоос-Орхоны гүүр хүртэл 80 км нийт 310 км газарт самналт хийгээд олоогүй тул эрлийг зогсоожээ. Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Хар-Ус” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км/ тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Н /24 настай, эмэгтэй/ зургадугаар сарын 27-ны өдрийн 14:30 цагт Шишгэдийн голын усанд осолдсон байна. Аврагчид голын усанд шумбалт хийн, голын хоёр захаар завьтай эрэл хийсэн ч усны гүн 4-9 метр, булингартай, харагдах орчин муу байсан тул талийгчийн шарилыг олоогүй гэнэ. Тиймээс эрлийг зогсоожээ.Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт иргэн М /35 настай, эрэгтэй/ “Тээг толгой” усан цахилгаан станцын хясаанаас хүрхээний ус руу унаж өөд болжээ.

Хүүхдүүд тогтоол усанд осолджээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг /аймгийн төвөөс 30 км/ “Хар адуу” гэдэг газар тогтоол усанд хүүхдүүд осолдсон хэрэг гарчээ. Аврагч нар усанд осолдсон Д /4 настай, эрэгтэй/, Д /6 настай, эмэгтэй/, Г /10 настай, эрэгтэй/-н цогцосыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Үер, ус, шаварт саатсан дуудлага тасрахгүй байна

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн “Солоон”-ы амны гарам Чигэстэй голын усанд 10-22 ЗАН улсын дугаартай автомашин урсах гээд байна гэсэн дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Suboru poristor” загварын автомашинийг уснаас татан гаргаж;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шивэрт” амралтын хажууд 19-22 АРХ улсын дугаартай автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 08:30 цагт /хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч ажиллаж 8 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Истана” загварын автомашинийг уснаас татан гаргаж;

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн доод нарийний аманд Булган голд 79-88 ХОА улсын дугаартай автомашинтай суусан тухай дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж 8 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “УАЗ-469” загварын автомашинийг уснаас татан гаргаж;

Завхан аймаг Тэс сумын Зүр багийн Тэсийн голын усанд 97-52 УНХ улсын дугаартай суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 2016.06.30-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж иргэн Г-гийн эзэмшлийн “Subaru impeeza” загварын автомашинийг уснаас татан гаргаж тус тус аюулгүй болгосон байна.

Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд л гэхэд гол усанд эндэх, живэх, машинтайгаа шаварт суух зэрэг олон хэрэг гарчээ. Энэ сард ч бороо олон жилийн дунджаас ахиу орно. Иймд иргэд гол усны аюулаас онцгойлон сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.