Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын даргаар М.Энхболд сонгогдлоо

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар УИХ-ын шинэ даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 86.8 хувийн саналаар Миеэгомбын Энхболд сонгогдлоо.

Шинээр томилогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын тамгыг гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг боомт баярын өдрүүдэд ажиллана

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу Үндэсний их баяр наадмын баярын 11, 12, 13, 14, 15 өдрүүдэд Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй.

Харин Олон Улсын авто замын, 24 цагийн үйл ажиллагаатай Алтанбулаг боомт нь баярын өдрүүдэд ажиллана. Мөн олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн госпитал шинэ барилгатай боллоо

Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг шинэ цогцолбор барилгадаа шинэ тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Тус эмнэлгийн нээлт өнөөдөр болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн өрөөнд оруулсангүй

Ерөнхийлөгчийн хамгаалагчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчтэй уулзуулахгүй хэмээн дотогш нэвтрүүлэхээс татгалзлаа.

Тэрээр 11.00 цагт АН-ын дарга З.Энхболдын хамт Төрийн ордонд мэдээлэл хийж, анхдугаар чуулганыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

Тиймээс Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй уулзаж, анхдугаар чуулганы талаар зөвшилцөхөө мэдэгдсэн юм. Гэвч түүнийг Ерөнхийлөгчтэй уулзахаар очиход хамгаалагчид нь дотогш нэвтрүүлэхээс татгалзаж, оруулсангүй.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэв

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдааныг дэгийн дагуу энэ парламентын хамгийн ахмад гишүүн Ч.Улаан даргалж байна. Гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг 98.7 хувийн саналаар баталж, УИХ шинэ бүрэлдэхүүнтэй боллоо.

Ингээд үргэлжлүүлэн УИХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэгийн дагуу хамгийн олон суудал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнээ санал болгодог. УИХ-ын гишүүн С.Бямбацогт МАН-аас нэр дэвшүүлэх эрхмийг танилцуулав. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Categories
мэдээ улс-төр

Жаргалтулгын Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад М.Энхболдыг УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг, МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярваа нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон тухай эх сурвалж мэдээлж байна. Мөн Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг нэрийг дэвшүүлэхээр болжээ. Харин У.Хүрэлсүхийг Шадар сайд болгохоор эцэслэн тохирсон гэх мэдээлэл байна. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тус намын Бага хурлаар хэлэлцэх юм. МАН-ын Бага хурал маргааш хуралдахаар товлогджээ.

Categories
мэдээ улс-төр

С:ЭРДЭНЭ: Хэт олонхидоо эрдэж монгол төрийг, төрийн албан хаагчдыг бужигнуулахгүй гэж итгэж байна

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхийн санал авсан 76 нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, анхдугаар чуулган нээлтээ хийж байна. Чуулганд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийсний дараа гишүүд СЕХ-ноос асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: АН-ын дарга З.Энхболдын дэлгэсэн сонгуулийн үеэр хар машинаас илүү гарсан санал талаар лавлахад

СЕХ-ны дарга Ц.Сономцэрэн: “Улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид саналаа өгсөн. Нэг ч хүний санал зөрөөгүй. Хардалт, сэрдэлт дарамт шахалт гарсан. Бид автомажуулсан систем, хуулиа бариад ажилласан” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: -Сонгуультай холбоотой маргаан их гарлаа. СЕХ-ноос нэгдмэл ойлголт авмаар байна. 2008 онд намын байр шатаж, таван залуугийн амь үрэгдсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг зөв батлах ёстой юм байна гэж үзээд автоматжуулсан системээр санал тоолохоор болсон. Хар машиныг хаанаас хэн оруулж ирсэн бэ? Хар машины тоонд итгэж болж байна уу, үгүй юу? Өнөөдөр хар машинаар санал тоолсон. Гэтэл шатаагаад хар машинаа зөвшөөрөхгүй байсан хүмүүс чимээгүй болчихлоо. Тиймээс СЕХ нэгдсэн мэдээлэл өгөөч. Автомат машины программ хангамж нь намайг санал өгөхөд гацаж байна лээ. Иргэд хурууны хээгээр бүртгүүлсэн. Хурууны хээ таних систем нь зөв ажиллаж байна уу? Гуравдугаарт “царцааны нүүдэл” дахиад гарсан юм уу? Яагаад хориглоогүй юм бэ?

СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн: -Автомат төхөөрөмж ажиллуулах хууль байдаг. Сонгуулийн автоматжуулсан системийн хууль 2011 онд батлагдсан. СЕХ энэ хуулийг хэрэгжүүлж ажилласан. Тэр хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг хангаж ажилласан. Найдвартай эсэхийг энэ удаагийн сонгуулиар харлаа. Бид төв серверт ирж байгаа дүнг шууд дамжуулсан. Ингэснээр эргэлзээ төрүүлэхгүй болсон байх. Хурууны хээний талаарх мэдээлэл ТЕГ-т хадгалагдаж байдаг. 2008 онд жижиг 76 тойргоор явагдсан. “Царцааны нүүдэл”-ийг хуулиар хориглоогүй. Нийтдээ 18 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн. Нарийн мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт байдаг.

Автомат машиныг 2011 онд техникийн сонголт хийж сонгосон. Эхлээд Солонгосын автомат машиныг сонгосон боловч буцаагдсан үүний дараа АНУ-ын машиныг сонгосон. Энэ удаагийн сонгуулиар нийт санал авах хэсгийн 42 хувьд буюу 8400 санал авах тойрогт хяналтын тооллого хийсэн. Программ хангамжийн хувьд манай инженерүүд сонгуулийн системдээ тохируулаад хийдэг. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч өөрсдөө хийх боломжтой болсон.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -2004 оны сонгуулиас хойш бүтэн 12 жилийн дараа анх удаа харьцангуй тайван сонгууль болж байна. Энэ сонгуулийн ажлыг хуучин эрх баригчдын үед томилогдсон хүмүүс зохион байгуулсан учраас маргаан гарахгүй байх. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг мартаж болохгүй. 2011 онд батлагдсан Сонгуулийн хуульд өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна уу. Тийм бол саналаа яаралтай УИХ-д оруулж ирэх үү.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: –Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ намартаа багтаагаад УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа учраас УИХ-д саналаа хүргүүлнэ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:-Хүнд сонголт, хүнд нөхцөлд намайг дэмжиж сонгосонд Баянголчууддаа баярлалаа. Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байна. Монгол төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой. Хэт олонхидоо эрдэж монгол төрийг, төрийн албан хаагчдыг бужигнуулахгүй байх гэж итгэж байна. Сонгуулийн өмнө явж байсан янз бүрийн мэдээллийг хуулийн байгууллага нь шалгах байх. Монгол төрд ажиллаж байгаа олон мянган иргэн байгаа. Тиймээс тангараг өргөсөн төрийн албан хаагчдаараа битгий оролдоорой, улс төрийн албан тушаалаа томилоорой. Ардчилсан намын бий болгосон бүтээн байгуулалтыг зогсоохгүй байх гэж найдаж байна. Энэ маргаантай байгаа тойргуудаа яах юм бэ. Тангаргаа өргөөд болчих юм уу, удаа дараа гарсан зөрчлүүдийг яах вэ?

Ч.Содномцэрэн:-Энэ удаагийн сонгуулиар харьцангүй бага зөрчил, гомдол гарсан гэж үзэж байна. Сонгуулийн хуулиар зөрчил гомдлыг хэн шийдвэрлэх вэ гэдэг шинэ заалт орчихсон. Энэ нь 117.1 дээр цагдаагийн байгууллага шалгана, шүүх шийдвэрлэнэ гээд заачихсан байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Хар машиныг луйвар хийсэн гэж бодохгүй байгаа. Хар машиныг шатаая гэж гудамжинд жагсаж явсан хүмүүс хар машины ачаар орж ирсэнд баяр хүргэе. Хар машиныг үзэн яддаг хүмүүс дахиж харж машиныг битгий шатаагаарай. Сонгуультай холбоотой хэд, хэдэн маргаан байгаа. Үүнд СЕХ анхаарлаа хандуулаарай. Эрх баригч болж байгаа МАН-ынхан дөрвөн жил хулгайтай тэмцэнэ гэж ярьсан, хулгайтайгаа тэмцээрэй, сүүлийн дөрвөн сар оффшортой тэмцэнэ гэсэн, оффшортойгоо тэмцээрэй.

Categories
мэдээ улс-төр

Шинэ гишүүд тангаргаа өргөлөө

2016 оны УИХ-ын
сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент өнөөдөр анхдугаар чуулганаа
нээж, эхний хуралдаанаа хийлээ. Дэгийн дагуу хамгийн ахмад настай гишүүн
Ч.Улаан тангаргийн үгийг уншиж дуудлаа. Ингээд бусад гишүүд даган хэлж,
тангараг өргөх ёслолоо хийж байна. Чуулганы хуралдааныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
даргалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдээр хур бороотой байна

Хэдхэн хоногийн дараагаар Үндэсний их баяр наадам болох гэж байна. Тиймээс баярын өдрүүдээр цаг агаар ямар байх тухай Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Э.Энхзаяагаастодрууллаа.

-Ойрын өдрүүдэд их халуун байна. Энэ халалт хэр үргэлжлэх вэ?

-Ерөнхийдөө наадмын өмнөх өдрүүд болох 7 дугаар сарын 6,7, 8, 9-нд нийт нутгаар халах төлөвтэй байна. Ялангуяа энэ сарын 8, 9-ний өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар 33-38 хэм хүрч хална гэсэн урьдчилсан төлөв гараад байна. Харин наадмын өдрүүдээр хур бороотой байна. Ялангуяа энэ сарын 8, 9-ний өдрүүдэд хэт халалттай байна. Тиймээс ард иргэд маань их наадмын өмнөх өдрүүдэд наршихаас сэргийлэх хэрэгтэй. Харин наадмын өдрүүдэд үер усны аюулаас болгоомжлох нь зүйтэйг сэрэмжлүүлье.

-Наадмын өдрүүдэд орох хур борооны хэмжээ хэр байх вэ?

-Наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал гарсан. Наадмын эхний өдрүүд буюу энэ сарын 9-ний өдөр баруун аймгийн нутгаар, 10-нд төв хэсгээр, 11, 12-нд нутгийнхаа зүүн хэсгээр хур бороо орно. Ойрын өдрүүдэд агаарын темпертурын хувьд өндөр халалттай байсан бол наадмын үеэр өдөртөө 10 хэмээр буурах болно. Тэгэхээр наадмын өдрүүдээр хэт халуун буурч, хур бороо орно. Мөн цаашдаа энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар борооших урьдчилсан төлөвтэй байна. Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд бороо ахиу хэмжээтэй, үргэлжлэн орох төлөвтэй байна. Харин энэ сарын 11-нд зүүн зүгийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно.

-Нийт нутгаар долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

-Ерөнхийдөө долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр баруун аймгийн нутгийн хойд хэсгээр сэрүүн байна. Энэ үеэр уулаараа шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэмтэй дулаан байна. Нэлээн дулаан байдаг Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм орчим дулаан байх төлөвтэй. Төвийн нутгийн хувьд мөн үед бага зэрэг сэрүүснэ. Энэ үеэр сэрүүн байдаг Хангай, Хөвсгөлийн уулаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм байх бол дулаан байдаг Орхон, Сэлэнгийн сав газарт шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм байна. Бусад нутгийн хувьд шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм байх төлөв гарсан.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Монгол Улсын нээлттэй, тууштай төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах хэрэгтэй

Анхдугаар чуулган үргэлжилж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо, УИХ-ын гишүүнд шинээр сонгогдсон гишүүд ээ. Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. СЕХ УИХ-д сонгогдсон гэсэн гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Иймээс УИХ-ын анхдугаар чуулган хуралдуулахад бэлэн болж байна. Сонгуулийн ирц анх удаа өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн дүн гарах үйл явцыг тойрог, нэр дэвшигч тус бүрээр шууд дамжуулж харуулсан нь иргэд сонгогчдын талархлыг хүлээсэн” гэв.

Тэрбээр шинэ гишүүдэд захиж хэлсэн үгэндээ Хариуцлагын тухай хуулийг хэлэлцэх, мэргэжлийн Засгийн газар байгуулах, иргэдийн талархал хүлээж байгаа ажлуудын тасалдалгүй хөгжүүлэх, Монгол Улсын нээлттэй, тууштай төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зэрэг асуудлыг хөндлөө.

Үүний дараа Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуульд ялалт байгуулсан 76 хүний нэрсийг Ерөнхийлөгчид танилцуулж, одоо гишүүдийн асуултанд хариулт өгч байна.