Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гар утас, интернэтийн хориг

Айл болгон шахуу wifi төхөөрөмжтэй болж, гэртээ байгаа үедээ интернэтийн ашиг тусаар элдэв мэдээллээс хоцрохгүй болсон. Хэрэгтэй мэдээллээ авчихаад гар утас, компьютерээсээ холдож чадахгүй үргэлжлүүлэн сууж, хүзүүгээ чилтэл бөхийж хэдэн цагаар ч хамаагүй гөлөрчихдөг. Үүнээс л үүдэж гэрт бөөн ам зөрөлдөнө.

Гар утас, интернэт рүү хамаг бурууг чихэж, хөгжил гэдэг чинь хөгийн юм гэцгээдэг. Уг нь хүн гэртээ байх хугацаандаа гэр бүлийнхэнтэйгээ цагийг үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрөөж бусдадаа анхаарал хандуулж байвал болоод явчихна. Ханийнхаа гарыг, үрийнхээ өхөөрдөм хацрыг илбэх гар тань гар утас л “илээд”, “тэврээд” байгаа гэсэн үг. Хүүхдүүд гэртээ дүрэм тогтоож, гэрийн ажлаа нарийн хуваарилж хэн хэн юу хийх, гэрийн дотоод журмыг мөрдөхгүй бол яах тухай ч заах дуртай. 8-13 насны сурагчид гэртээ дүрэм тогтоохдоо “Аав, ээж ер нь хэн ч бай гэртээ интернэт ашиглахгүй.

Зайлшгүй шаардлага гарвал 30 минутаас илүүгүйгээр интернэтэд орж болно” гэсэн гэр бүлийн дүрэм зохиосноо багшдаа ярьжээ. Энэ бол хүүхдүүдийн хувьд сэтгэлийг нь эмзэглүүлсэн сэдэв болж таарч байгаа юм. Тийм болохоор үр хүүхэд тань гар утас, интернэтийн хэрэглээтэй холбоотой ийм дүрэм гаргаж ирвэл гайхаж ундууцалгүй хүлээж аваарай. Бидний хувьд гар утастай “ноцолдох” нь дэндээд байгаа болохоор л үр хүүхдүүд маань хориг тавьж эхэлж байна. Энэ нь ч зөв л дөө.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 13-ны дараах байршилд халуун ус хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу энэ сарын 13-наас буюу ирэх даваа гарагаас энэ сарын 23-н хүртэл Хотын захиргаа, Төв музей, Цэцэг төв, Зоос гоёл, СУИС, Залуучууд зочид буудал, ШУТИС, Спортын ордон, Багшийн дээд орчмын халуун усыг хязгаарлана.”УБДС” ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний “0” зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.СанЧир: Бид Нью-Йорк хотод долоон том тоглолт хийсэн

Өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн урлагийн байгууллагуудын шилгүүдийг тодруулж “Мөнгөн мод” шагналыг гардуулсан билээ. Энэ жил шилдэг хөгжимчнөөр Улсын филармонийн хөгжимчин Х.Санчир тодорсон юм. 21 настай залуухан хийлч өнгөрсөн жилийн сүүлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд зориулан олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцож, “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд хийснийг нь үнэлэн энэ шагналыг олгосон юм. Ингээд залуу уран бүтээлчтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-“Мөнгөн мод” шагналын эзэн болсонд баяр хүргэе. Та НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд зориулан зохион байгуулсан олон улсын залуучуудын оркестрт орж эх орноо төлөөлөн тоглосон юм байна.

-Баярлалаа. 2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж байгаатай холбогдуулан анх олон улсын залуучуудын оркестрын тоглолтыг зохион байгуулсан. Үүнд би эх орноо төлөөлөн оролцсон. Энэ арга хэмжээ “Парти тоглож эх орныхоо дуу хоолой болъё” уриан дор болж өнгөрсөн юм.

-Энэ оркестрт оролцох хөгжимчдийг ямар шалгуураар сонгон авсан бэ?

-Шалгуурын хувьд гэвэл сурсан сургууль, тоглох ур чадварын түвшин зэргийг харгалзан үзсэн. Хөгжимчдийн явуулсан бичлэгийг зохион байгуулах багийнхан сонсоод сонгож авсан юм билээ. Би өөрийнхөө тоглолтын бичлэгээ явуулсан.

-Та нэлээд том шалгуураар орсон юм байна. Залуучуудын оркестрт хэдэн хөгжимчин оров?

-Нийт 70 орны 70 орчим залуу хөгжимчин орсон.

-Хийл бол оркестрын амь нь гэдэг. Хөгжимчид нь тэр дундаа хийлчид хэддүгээр эгнээнд сууж байгаа нь тэдний мэргэжлийн ур чадварыг илтгэж байдаг гэж болно. АНУ-д залуучуудын оркестрт тоглохдоо хэддүгээр эгнээнд суув?

-Хоёрдугаар эгнээнд. Биднийг очиход тоглуулж үзсэний үндсэн дээр суудал хуваарилсан. Намайг оркестрын хийлчдийн хоёрдугаар эгнээнд суулгасан. Хөгжимчдийн суудлыг тоглолт болгон дээр сольж байсан. Харин минийхийг өөрчлөөгүй.

-Мэргэжлийн хүний нүдээр харахад бусад орнуудын хөгжимчдийн ур чадвар ямар санагдав?

-Үнэнийг хэлэхэд анх очоод жаахан сандарсан. Ямар байх бол гэж санаа зовж, эх орныхоо нэрийг сэвтээхгүй юмсан гэж бодож байлаа. Эхний бэлтгэлийн дараа Монголын сургалт дажгүй юм байна гэсэн бодол төрсөн. Надаас тааруу ч, сайн ч хөгжимчид байсан.

-Залуучуудын оркестр Нью-Йоркт нийт хэдэн тоглолт хийв?

-Бид долоон том тоглолт хийсэн. Бүх тоглолт маань Нью-Йорк хотод болсон. Нью-Йоркийн Их сургуулийн задгай талбайд, алдарт Карнеги холлийн хамгийн том танхим зэрэг газруудад.

-НҮБ-ын байранд тоглолт хийсэн үү?

-Үгүй. Гэхдээ биднийг НҮБ-д оруулж үзүүлсэн.

-Америкт байхдаа дэлхийд алдартай хийлчтэй хамтран тоглосон гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Бид мастер класс тоглолтууд хийсэн. Орос гаралтай Америкийн алдарт хийлчин А.Марковтой хамтран тоглохоос гадна хэдэн хөгжимчдийг шилж аваад нээлттэй хичээл заалгуулсан. Би Шостаковичийн хийлийн концертоор мастер класс буюу хичээл заалгуулсан. Дэлхийд алдартай хийлч үнэхээр өөр юм билээ.

-Хаанахын хийлч хамгийн сайн байв?

-Туркийнх. Оркестрын концертмейстер, ахлах тоглогч нь АНУ-д сурч байгаа Туркийн оюутан залуу байсан. Бидэнтэй гоцлол тоглосон. Үнэхээр сайн байсан.

-Та хэдэн онд сургуулиа төгссөн билээ?

-2015 онд Хөгжим бүжгийн коллежийг Г.Энхтуяа багшийн удирдлага дор бакалавр зэрэгтэй төгссөн. Оюутан байхдаа л Улсын филармонид гэрээгээр ажилладаг байсан.

-Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа нэлээд хэдэн тэмцээн уралдаанд оролцож байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Анх 2005 онд Улаан-Үд хотод зохиогддог “Найдал” нэртэй олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцсон. Үүний дараа 2006, 2008 онд Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд мөн л амжилттай оролцсон. 2013 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байрт шалгарсан. 2010 онд Чехэд болсон олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож дөрөвдүгээр байранд орсон.

-Ойрын үед хийхээр төлөвлөж буй уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс сонирхуулаач?

-Найзуудтайгаа нийлээд утсан хөгжимчдөөс бүрдсэн “Солис” хэмээх хамтлаг байгуулсан. Бидний зорилго бол сонгодог тэр дундаа утсан хөгжмийн үнэлэмжийг Монголд дээшлүүлж, хүмүүст таниулах явдал. Мөн хүүхдийн боловсрол хэрхэн эерэгээр нөлөөлдөг зэрэгт анхаарна. Одоогийн байдлаар манай хамтлаг гурван удаа цуврал тоглолт хийчихээд байгаа. Мөн саяхан Улаан-Үдийн филармонид уригдан тэндхийн хөгжимчидтэй хамтарсан тоглолт хийсэн.

Categories
мэдээ цаг-үе

Анагаахын сургуулийн шилдэг оюутан Олдохын БАЯСГАЛАН

Олдохын Баясгалан нь 2010 онд “Эрэл” дунд сургуулийг төгсөн АШУИС-д элсэн ороод “Хүний их эмч” мэргэжлээр улаан дипломтой төгсжээ. Цаашдаа тэрээр нөхөн үржихүй буюу эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэших сонирхолтой аж. Түүний аав, ээж нь хоёулаа эмч бөгөөд аав Олдох нь Уламжлалт анагаах ухааны их эмч. Ээж Дэлгэрмаа нь Хавдар судлалын үндэсний төвд ажилладаг.

Анх Баясгалан аав, ээжийгээ хараад л эмчийн мэргэжил сайхан юм гэж бодож, энэ мэргэжлийг эзэмшихийг хүсчээ. Чиний хувьд эмчийн мэргэжлийн юу нь сайхан бэ гэж асуухад тэрээр торох юмгүй “Эмч бол бие, сэтгэлийн маш их ачаалалтай ажилладаг ч үргэлж хүний төлөө явдаг нь таалагддаг” гээд сайн эмч болохын тулд эхлээд сайн хүн болж төлөвших нь чухал, баян ядуу гэж хүмүүсийг ялгахгүйгээр бүгдэд нь ижил тэгш үйлчилдэг эмч болно доо гэж хэлсэн юм. Тэрээр хөдөөд өрхийн эмч нар их дутмаг байдагт сэтгэл зовниж явдаг ажээ. Дадлага хийж байсан өрхийн эмнэлгээс нь ч түүнд манайд ирж ажиллаач ээ гэж санал тавьжээ. Гэвч тэрээр цаашдаа мэдлэг боловсролоо улам дээшлүүлж, сонирхсон чиглэлээрээ гадаадад нарийн мэргэжил эзэмшихийг хүсч явдгаа нуусангүй. Тиймдээ ч Европын хэд хэдэн сургууль руу хүсэлтээ явуулж, ямар хариу ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа аж.

Тэрээр өмнө нь ч гэсэн тэтгэлэг авч байсан туршлагатай учир болж өгвөл тэтгэлэгтэйгээр сурахыг хүсч байгаа аж. Монголд сурахдаа эхний хоёр жилийнхээ сургалтын төлбөрөө эцэг, эхээрээ төлүүлсэн бөгөөд бусдыг нь өөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салбар байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэгт орчуулагчаар ажиллаж төлжээ. Мөн “Голомт” банкны “Шилдэг 100 оюутан” тэтгэлэгт хамрагдаж тэтгэлэг авч байсан ба сургуулийнхаа захирлын нэрэмжит тэтгэлгийг хоёр жил дараалан авч байсан шилдэг оюутан юм. Ер нь аав, ээжийнхээ гарыг харахгүй өөрөө л болгохыг хүсдэг дээ гэж тэрээр даруухан өгүүлж байв.

Тэрээр “Бүдүүн, шулуун гэдэсний хавдартай өвчтөнүүдэд эмийн мэдрэг чанарыг үнэлэх нь” сэдвээр оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож дэд байрыг эзэлж байжээ. Мөн АНУ-ын болон Японы Засгийн газрын тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөрөөр зуны амралтаараа хоёр сарын хугацаатай гадаадад сурч олон орны найз нөхөдтэй болжээ. Тэрээр бүх тэтгэлгээ интернэтээр өөрөө хайж бүртгүүлэн эссэ бичин, ярилцлаганд орж хамрагддаг байжээ. Түүний шилдэг оюутан болсон нууц нь цагаа зөв төлөвлөх гэнэ. Тэрээр долоо хоногийн сүүлийн өдөр дараа долоо хоногийнхоо ажлуудыг төлөвлөөд биччихдэг байжээ. Зүгээр суухын оронд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг байсан нь өнөөдрийн амжилтад хүрэхэд нөлөөлжээ. Ангийнх нь 14 оюутан энэ жил бүгдээрээ мөр зэрэгцэн төгссөнд баяртай байгаа аж. Дунд сургуульд байхад нь англи хэлийг гүнзгийрүүлэн зааж, чөлөөт цагаараа өөрөө англиар ном уншиж, кино үздэг байсан нь түүнд хэлээ сайжруулахад их нэмэр болж, өнөөгийн түвшинд орчуулга хийж байгаад нь нөлөөлжээ.

Тэрээр чөлөөт цагаараа ном унших их дуртай бөгөөд Лев Толстойн “Анна Каренина” хамгийн дуртай номнуудын нь нэг гэнэ. Оросын соён гэгээрлийн үеийг харуулсан болохоор их таалагддаг гээд Лев Толстойн “Дайн ба Энх”, Булгаковын “Мастер Маргерита хоёр”, Набаковын “Лолита” … гэхчилэн олон зохиол уншсан даа гэж ярьсан нь түүний бусдаас ялгарах онцлог мэт санагдаж байлаа. Манай сургууль гэж үргэлж ярих тэрээр жилээс жилд оюутнуудынхаа сурах орчинг сайжруулж, хэрэгтэй багаж хэрэгслүүдээр байнга хангадагт нь сургуулийн захиргаандаа баярлаж явдгаа илэрхийлээд Монголын бүх шилдэг эрдэмтэн багш нар хичээл заадаг сургуулиараа бахархаж явдгаа бидэнд хэлсэн юм.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Сандерс хурандаагийн нээсэн түргэн хоолны Ресторан

Дэлхий даяар маш олон түргэн хоолны
сүлжээ ресторан үйл ажиллагаа явуулдаг. “Forbes” сэтгүүлийн нэрлэсэн дэлхийн хамгийн
амттай түргэн хоолны сүлжээ ресторануудад зүй ёсоор “Yum! Brands”-ийн сүлжээ
KFC ресторан ордог. KFC дэлхий даяар 11798 сүлжээ ресторантай юм байна. АНУ дахь
хамгийн анхдагч түргэн хоолны сүлжээний нэг болох KFC-г Гарлан Сандерс жар гарсан
хойноо үүсгэн байгуулсан билээ. Сандерс 1890 оны есдүгээр сарын 9-нд тарчиг амьдралтай
олон хүүхэдтэй айлд мэндэлсэн байна. Түүний аав хүмүүсийн зараалаар ажил хийж шанд
нь жаахан мөнгө олдог байв. Гэр бүлээ тэжээдэг байсан аав нь түүнийг зургадугаар
ангид байхад нь зуурдаар өнгөрч ээж нь ажил хийдэг болжээ. Энэ үед л Сандерсын хоол
хийх авьяас анх илэрсэн байдаг. Тэрээр KFC түргэн хоолны цэгээ нээхээс өмнө тун
ядмаг амьдарч иржээ. Ердөө зургадугаар ангийн боловсролтой тэрээр 40 нас хүртлээ
дугуй зарж, галт тэргэнд галч хийж, цэрэгт алба хаан, фермерийн туслах, кондуктор,
түгээгчийн ажлыг ч хийж үзсэн байдаг. Гэвч тогтож удаан ажилласан газар нэг ч байсангүй.
Гэр бүл нь зутруу амьдардаг байсан ч эхнэр нь нөхөртөө итгэл алдарсангүй, хүнд бэрхшээлийг
давж гарах гэж нөхөртөө чадахаараа тусалж байжээ. 1930 онд Сандерс авто засварын
газар нээж, үйлчлүүлэгчдэдээ зориулсан жижигхэн цайны газар нээх хэрэгтэй гэж шийджээ.
Ингээд авто засварын газрын жижигхэн нэг өрөөг цайны газар болгосон байдаг. Анх
өрөөнд ширээ, зургаан ширхэг сандал л байсан аж.

Сандерс өөрөө гэрийнхээ галын өрөөнд
хоолоо бэлддэг байжээ. Үйл ажиллагаа эхлээд удаагүй ч түүний авто засварын газар
цайны газрынхаа шарсан тахиагаар Кентукки муж даяар алдартай болжээ. Шарсан тахиаг
“Гарлан Сандерсын шарсан кентукки дэгдээхэй” гэж нэрлэсэн байна. Энэ нь хожим
KFC буюу “Kentuсky fried chiсken” нэртэй болсон юм. Тахиаг амтлахын тулд Сандерс
11 нэр төрлийн орцтой тусгай амтлагчаар амталсан байна. 1937 он гэхэд Сандерс
“Sand­ers Court & Cafe” нэртэй замын буудал, түргэн хоолны ресторан нээсэн аж.
Сандерс 1950-иад он гэхэд өөрийнхөө шарсан дэгдээхэйг Америкийн бусад олон зоогийн
газраар зарах болжээ. Улмаар 1960 он гэхэд бүх Америк даяар хэдэн зуун зоогийн газар
Сандерсын үйлчилгээг авдаг болсон байв.

Түүний армид хийсэн гавьяаг хожим
үнэлж “Кеттуккийн хурандаа” цолоор шагнасан байдаг. Тэрээр хурандаа болсноосоо хойш
хувцаслалтдаа анхаарч тухайн үеийн сонгодог хувцас болох цагаан костьюм, хар эрвээхэй
зангиа зүүдэг болжээ.

Энэ нь одоо бидний мэдэх KFC түргэн
хоолны газрын логон дээр байрлах өвгөн аж. Тэрээр тэтгэвэрт гарах хугацаагаа 10
жилээр хойшлуулсны үр дүнд Америк болон Канад улсад 600 франзайч ресторантай болсон
байв. Сандерс 1980 онд 90 насандаа бурхны оронд заларсан байдаг. Тэрээр сүүлийн
жилүүдэд өөртөө анхаарч аяллаар явж, эхнэртэйгээ “Claudig Sander’s Dinner
House” рестораныг ажиллуулж байв. Харин түүний KFC түргэн хоолны ресторан төдийлөн
ашиг олохгүй байсан ч Сандерсыг өнгөрснөөс хойш ч компанийн түүх унтраагүй юм. Сандерсаас
хойш түүний компанийг “Pepsi.Сo” эзэмшиж байсан бол өдгөө “Yum! Brands” компани
эзэмшиж байна. Дэлхийн 130 гаруй оронд өдөрт 98,5 сая гаруй үйлчлүүлэгчид баяр хөөр
авчирсаар байгаа KFC нь 2013 оны тавдугаар сард Монголын хэрэглэгчдэдээ албан ёсоор
үүд хаалгаа нээсэн. Нээгдсэн цагаасаа хойш амтат шарсан тахианд дуртай хүн бүхний
сайшаалыг хүртсээр өдгөө найман салбараа амжилттай нээн үйл ажиллагаагаа явуулж
байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ

Зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын 76 суудлын төлөө 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч нийт 498 хүн өрсөлдөхөөр болж байна. Тэдний 129 нь эмэгтэй. Нийт нэр дэвшигчдийн 215 нь аймаг орон нутагт, 283 нь Нийслэлийн тойргуудад өрсөлдөх юм.

Энэ удаагийн сонгуульд нийтдээ 12 нам, 3 эвсэл, 69 бие даагчид нэр дэвших батламжийг нь өнгөрөгч мягмар гаригт буюу зургадугаар сарын 7-ны өдөр Сонгуулын Ерөнхий хорооноос гардуулсан.

  • МАН-76
  • АН-76
  • ИЗНН-15
  • МАХН-71
  • МУНН-11
  • Хаан сонголт эвсэл-9
  • БНН-36
  • Иргэний хөдөлгөөний нам-27
  • Эх орончдын нэгдсэн эвсэл-9
  • Ард түмнээ хайрлая нам-13 нэр дэвшигч гэхчилэн бусад намыг оролцуулаад 498 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж байна.

Улс төрийн намуудаас эрх баригч АН болоод сөрөг хүчин МАН тойрог бүрт нэг буюу 76 хүнийг нэр дэвшүүлээд байгаа. Мөн МАХН 71, УИХ-ын гишүүн Г.Уянгын толгойлж байгаа Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл 44 тойрогт, Бүгд найрамдах нам 36, Иргэний хөдөлгөөний нам 27, Социал Демократ нам 17, ИЗНН 15, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болоод Хаан сонголт эвсэл тус бүр есөн нэр дэвшигч гэх зэргээр нэр дэвшжээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрог болон Чингэлтэй дүүргийн 65 дугаар тойрогт хамгийн олон буюу 14 нэр дэвшигч өрсөлдөж байна. Мөн Баян-Өлгий аймгийн дөрөвдүгээр тойрогт хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Сонгуулийн хуулийн дагуу өнөөдрөөс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлж байна.

УИХ-ЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

Categories
мэдээ нийгэм

Улаанбуудайг төлөвлөснөөс давуулан тариалжээ

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөсөн байна. Харин энэ сарын 10-ны байдлаар 323 мянган га-д үр тариа тариалахаас 362.4 мянган га-д тариалж, үр тарианы тариалалтыг 115.5 хувьтай гүйцэтгээд байгаа аж. Үүн дотор улаанбуудайг 301.5 га-д тариалахыг 340.7 мянган га-д тариалж, төлөвлөсөн хэмжээнээс 13 хувиар давуулан тариалсан байна. Ингэснээр энэ хаврын үр тариа тэр дундаа улаанбуудайн тариалалтын ажил амжилттай дуусчээ. Харин хүнсний ногооны тариалалт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Одоогийн байдлаар 12.4 мянган га-д төмс тариалж, тариалалтын явц 92.3 хувьтай, 6.2 мянган га-д хүнсний ногоо тариалж, тариалалтын явц 87.3 хувьтай, 13.5 мянган га-д малын тэжээл тариалж, тариалалт 83.1 хувьтай, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаас 50.2 мянган га-д тариалж, 198.6 хувьтай, хаврын тариалалт амжилттай үргэлжилж байгаа аж.

Энэ хавар нийт 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 444.9 мянган га-д тариалалт хийгджээ. Ингэснээр энэ хаврын тариалалтын төлөвлөгөөг 15.5 хувиар давуулан гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзварыг түр хаав

Их Монголын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд өчигдөр оройны 23 цагаас ирэх ням гарагийн 23 цаг хүртэл “Home plaza” худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэл хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хязгаарлааад байна.

Зам хаах дээрх хугацаанд өөр замыг сонгон зорчино уу.

Categories
мэдээ нийгэм

Бүх аймаг “Оношлогооны төв”-тэй болно

Шинэчлэлийн Засгийн газар “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлээд 4 жилийн нүүрийг үзэж байна. Энэхүү хөтөлбөрийн гол цөм нь Эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэл хийх зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийг хүртлэх хугацаанд эмчилгээ оношлогоонд орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд нь 11 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогооны төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий оношлогооны төв байгуулсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлж байв.

“Оношлогооны төв”-ийг шинээр байгуулан ажилласан нь ихээхэн үр дүнгээ өгсөн байна. Тодруулбал, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн тоо 2012 оныхоос 20-30 хувиар нэмэгдэж, нийслэлд ирж оношлуулсан иргэдийн тоо хоёр дахин буурсан байна. Тиймээс АН-ынхан ирэх дөрвөн жилд 10 аймаг, нийслэлийн зарим дүүрэгт “Оношлогооны төв” шинээр байгуулан ажиллахаар болжээ.

Энэхүү хөтөлбөр нь

1.Монгол хүн эх орондоо чанартай өндөр нарийн мэргэжлийн эрүүл мэндийн туламж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх

2. Эм болон хүнсний аюулгүй байдлыг хангах

3.Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган хөгжүүлэх

4.Хүн амын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах

5.Бага дунд орлоготой иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах гэсэн таван зорилтыг тавин ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зусланд “School police” эргүүл ажиллуулна

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслангууд зургаадугаар сарын 8-наас амрагч хүүхдүүдээ авч эхэлсэн. Зуны улирлаар хүүхдүүдийг аливаа гэмт хэрэг, захиргааны зөрчилд өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “School police” эргүүлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон байна.

Гурав дахь жилдээ хэрэгжиж буй “School police” эргүүлийн ажиллагаа эцэг эхчүүдийн оролцоотойгоор сурагч хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулан төслийн ажлыг амжилттай явуулсан билээ. Уг ажлын хүрээнд өнгөрсөн жил сургууль орчмын гэмт хэрэг 15,3 хувиар буурсан үзүүлэлт гарч байсан аж.

Энэ жил нийслэлд 22 зуслан үйл ажиллагаа явуулах юм. Сүхбаатар дүүргийн Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ зуслан энэ сарын 10-наас эхлэн эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авна. Үнийн хувьд нэг ээлжинд 140-160 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж.