Categories
мэдээ спорт

Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хатан хааны нэрэмжит уралдаанд хурдална

2015 оны аравдугаар сард “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” нэртэй хурдан морь АНУ-д зохиогдсон Дэлхийн хэмжээний “Breeder`s CUP” нэртэй уралдаанд түрүүлсэн билээ. Тэгвэл “Mongolian Saturday” маргааш буюу мягмар гаригт Их Британийн Беркшир дэх Рояал Аскот морин тойруулгад болох Английн хатан хааны нэрэмжит “King’s Stand Stakes” уралдаанд оролцохоор болжээ. Энэхүү уралдаан нь нэг километр орчимд зайд уралдах дүрэмтэй бөгөөд тэмцээний шагналын сан нь 6.5 сая фунт стерлинг буюу 9.2 сая ам доллар юм байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ лхагва гаригт эхэлнэ

2016-2017 оны хичээлийн жил их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт энэ лхагва гаригт эхэлнэ. Энэ жил ЕБС-ийг 36207 сурагч төгсөж буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм. Шалгалт болох өдрүүд болон цагийн хуваарийг хүргэж байна.

Зургадугаар сарын 15-нд 12:00-13:40 цагт Монгол хэл бичиг,

Зургадугаар сарын 16-нд10:00-11:20 цагт Монгол улсын түүх, 13:00-14:40 цагт Хими, 16:00-17:20 цагт Англи хэл,

Зургадугаар сарын 18-нд08:30-09:50 цагт Газар зүй, 11:30-13:10 цагт Математик, 14:30-15:50 цагт Биологи, 17:00-18:20 цагт Монгол хэл

Зургадугаар сарын 19-нд08:00-09:40 цагт Физик, 11:30-12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20-15:40 цагт Орос хэлний шалгалт тус тус явагдана.

Categories
мэдээ нийгэм

Сурталчилгааны самбар урж сүйтгэвэл торгуультай

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нээс албан ёсоор эхэлсэн. Хуульд зааснаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаа, ухуулах самбарыг цавуулаг зүйл ашиглахгүйгээр гудамж, гэрлийн шон, ухуулах байрны хана зэрэгт тогтоож байгаа. Мөн нэр дэвшигчид гудамж, талбайд хөлтэй самбар хийж, шонд байрлуулах тусгайлсан төмөр бэлдцийг захиалан хийлгэсэн.

Тэгвэл сонгуулийн сурталчилгаа эхлээд хоёрхон хонож байхад өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг сүйтгэсэн, урсан тохиолдол хэд хэд гарчээ. Иймээс цагдаагийн байгууллагаас гомдлын дагуу шалгаж, дээрх үйлдлийг хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Нэр дэвшигчийн самбарыг урсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая 152 мянган төгрөгөөс нэг сая 536 мянган төгрөгөөр торгох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Наадмын хуушуураа санасан хүмүүс Төв цэнгэлдэхийг зорьдог

Нар хур тэгширч бөхтэй, морьтой, суртай монгол наадам айсуй. Үндэсний дээл хувцсаараа гоёсон монголчууд наадмын талбайгаар орж хэн түрүүлж, хэний морь хурдалж, хэний сум мэргэн байгааг сонирхохын сацуу хуушуураа заавал амтархан идэцгээдэг. Хуушуурын амт ямар байсан тухай яриа ч нэг хэсэгтээ тасардаггүй. Тиймээс наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид энэ удаад амтат хуушуураар олонд үйлчилдэг Төв цэнгэлдэхийн нэгэн гуанзанд өнжлөө.

Төв цэнгэлдэх хүрээлэн, сур харваачдын талбай хоёрын хооронд байрлах “Үхрийн махтай хуушуур” гэсэн хаягтай дан байшинг тэр хавийн оршин суугчид андахгүй юм. “Танайхыг наадмын хуушуураар мэргэшсэн гэж сонсоод ирлээ” гэхэд гуанзны эзэн Б.Тамир ихэд уриалгахан хүлээн авав. Биднийг үдийн алдад очиход хүн ихтэй, хуушуур гарахыг хүлээгээд сууцгааж байлаа.

Тэрбээр гуанзаа 2011 оноос хойш ажиллуулж байгаа аж. Анх 2010 онд бизнес эрхлэхээр Төв аймгийн Жаргалант суманд ногоо тарьжээ. Гэтэл тэр жил нь эдийн засгийн хямрал нүүрлэснээс төмс ногоо үнэгүйдэж “шатсан” гэнэ.

Хурааж авсан төмсөө “Портер” машинд ачиж ирээд Төв цэнгэлдэх хүрээлэн дээр борлуулах гэсэн ч төдий л амжилт олоогүй гэнэ. Наймаагаа хийхээр өдөр болгон тэнд зогсдог байсан болохоор ойр хавийнхантайгаа танил болж. Түүгээр ч зогсохгүй одоо гуанз ажиллуулж байгаа байшингаа ногооны дэлгүүр болгохоор түрээсэлж аваад сайхан засварласан байна. Гэтэл наадам дөхөж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага байшингаа гурван хоногийн хугацаатай чөлөөл гэжээ. Хөлс хүчээ гарган засварласан болохоор хүмүүс муухай болгочихно гэсэн “харам” сэтгэлээр өөрөө хуушуур хийж зарахаар шийдэж. Ингэж л хуушуурын бизнест орсон түүхтэй аж. Түүнээс хойш таван наадмаар хуушуур хийжээ. Одоо бол зөвхөн наадмаар төдийгүй жилийн туршид хуушуурын гуанзаа ажиллуулдаг. Байшин нь зуных тул өвлийн ид хүйтнээр аргагүй эрхэнд хаана. Өвөл ч гэсэн бизнесээ зогсоохгүйн тулд дуулаалга хийж үзсэн гэнэ. “Зуны зориулалттай байшин яаж ч дулаалаад болдоггүй юм билээ” хэмээн ярив.

“Үхрийн махтай хуушуур” гуанзны эзэн Б.Тамир Эднийх

Хуушуур хийж чаддаггүй монгол хүн гэж бараг үгүй. Харин олон түмэнд хуушуураар үйлчилнэ гэдэг арай өөр ухаан. Махнаас гадна гурил, тос, амталгаа зэрэг нь хамгийн чухал. Ялангуяа гуриланд ихэд анхаарах хэрэгтэй гэнэ. Гурилын чанар жил бүр өөр өөр байдаг. Чанар нь өөрчлөгдөж байгаа нь тухайн жилийн ургацтай холбоотой гэдгийг онцолж байв. Өнгөрсөн жилээс хуушуур хийхэд таардгаар нь “Алтан тариа”-г сонгон хэрэглэж байгаа. Хуушуур хийхэд гурилнаас дутахгүй чухал зүйл нь тос. Зарим нь хайрах үед нүд хорсгож харшил өгдөг. Тиймээс “Янта”, “Eco oil”-ийг сонгон хэрэглэдэг хэмээн савыг нь үзүүлэв. Ер нь тос хамгийн их зарлагатай нь юм байна.

Б.Тамирын гуанз зөвхөн үхрийн махаар хуушуураа хийдгээрээ онцлогтой. Ийм хуушуурыг идэхэд л андашгүй. Нэгнээс нь хоёр халбага хэртэй бор шөл гардаг бөгөөд энэ нь эдний хуушуурын гол онцлог гэж болно. Хуушуурынх нь амтыг үзэхээр авч идэхэд нэлээд шөлтэй байсан нь анзаарагдсан. Давс, сонгино, сармис, хар чинжүүгээр амталдаг бол махыг нь заавал машиндсан байх ёстой аж. Гараар татвал нэг тийшээгээ гүйж, салангид, үйрмэг болдог гэнэ. Эднийх хуушуураа хурдан шуурхай хийхийн тулд тавагны ирмэгээр дарж чимхдэг. Тогооч бүсгүйчүүд хуушуураа тун ч сурамгай, түргэн чимхэж байх нь шууд л нүдэнд туссан. Энэ нь нэгдүгээрт хурдан, хоёрдугаарт ариун цэвэр талаасаа илүү тохиромжтой байдаг. Ер нь хүний гарын үзүүр, тэр дундаа өндөг, хумсанд хамаг л нян хуримтлагддаг гэдгийг бүгд мэднэ. Тиймээс гараар чимхэж хийх нь төдийлөн тохиромжтой бус. Тэгээд ч чимхэлт бол зөвхөн үзэмжний асуудал хэмээн Б.Тамир ярив.

Биднийг ийнхүү ярьж суутал нэг л мэдэхэд гуанз үйлчлүүлэгчээр дүүрч, сул суудалгүй болсон байлаа. Дэрвэгэр даашинз өмссөн гурван настай бяцхан охин “Идье, идье” хэмээн өвөөгийнхөө гараас хөтөлсөөр орж ирэв. Өвөө, охин хоёр гурван хуушуур захиалаад хоол нь бэлэн болох хооронд ундаа ууж суув. “Үхрийн махтай хуушуур” гуанзны гол үйлчлүүлэгчид нь “Хурд” хорооллынхон.

Бас хажууханд бэлтгэлээ базаадаг сурын тамирчид болон Олимпийн хорооныхон. Түүгээр ч зогсохгүй байнга үйлчлүүлдэг гадаадын хэд хэдэн үйлчлүүлэгчтэй гэж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд олон шинэ барилга баригдсаар байгаа. Тэнд ажилладаг Хойд Солонгосын барилгачид эдний хуушуурыг амтархан иддэг гэнэ. Мөн “Дэрэн” клубт урилгаар ажиллаж байгаа Өмнөд Солонгосын дасгалжуулагч өдөр болгон орж ирэхдээ “Хуушуур күүл” гээд л иддэг тухай ярив. “Хурд” хорооллын хүүхдүүд эднийхийг андахгүй. Зарим багачууд хажуугаар ч өнгөрөхдөө “Ийшээ” гээд л тэдний гуанзыг заасаар ээж, аавтайгаа орж ирдэг тухайгаа хуучлав. Байнгын үйлчлүүлэгчид нь баяр наадмаар хамаатан садан, найз нөхдөө дагуулсаар орж ирнэ. Бас наадмын хуушуураа санасан хүмүүс Төв цэнгэлдэхийг зорьж эднийхээр үйлчлүүлдэг. Жаахан хүүхдүүдэд хурцдаж, гэдэс ходоод нь өвдчих вий хэмээн сэтгэл нь зовдгоо Б.Тамир нуугаагүй. Гэтэл нэг сарын зөрүүтэй хоёр ачийгаа дагуулсан эмэгтэй орж ирээд гуанзны эзэнтэй мэндлэв. Б.Тамир ч сайн таньдаг бололтой хэдэн үг солив. Эндхийн байнгын үйлчлүүлэгч нь гэнэ. Хоёр ачийгаа хардаг болохоор хааяа хоол хийж өгч амждаггүй тухайгаа эмээ ярив. Ийм үед эдний гуанзанд ирж ач нараа хуушуураар хооллодог. Хүүхдийн гэдэс ходоодыг өвтгөдөггүй, амт нь сайхан тул ирдэг тухайгаа хуучлав.

Зун болж “Үхрийн махтай хуушуур”-ын улирал нь ид эхэлж байгаа үе. Дулаанд гадаанаа сүүдрэвч засч гурван том ширээ тавьдаг гэнэ. Ачаалалтай үед энд 30-аад хүн багтдаг. Зуны халуунд хүмүүс дотор орохоосоо илүү гадаа тухалдаг.

Эднийх зөвхөн хуушуур төдийгүй гурилтай шөл, цуйван, гуляш, будаатай хуурга зэргийг захиалгаар хийдэг. Хоол идэж байгаа хүмүүс заавал юм ууна. Нэг өдөрт дунджаар 10-20 литр цай чанадаг. Түүнээс гадна үзэмний шүүс, MCS компанийн ундаа, шүүсээр үйлчилнэ.

Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд олон цэг хуушуураар үйлчилж, зарим нь борлуулалт муу байсан хэмээн ярьж байсан нь тодхон санагдав. Харин Б.Тамирын гуанз анх удаагаа нэг өдөрт 7000 хуушуур борлуулж дээд амжилтаа тогтоосон гэнэ. Ер нь байнгын үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүйн гол нууц нь амт, чанар болон үнэ нэмээгүй 1000 төгрөг хэвээрээ байгаад хэмээн тайлбарлав.

Хуушуур зарна гэдэг нарийн ажил. Тиймээс ч анхандаа Б.Тамир энд тэндхийн гуанзанд очиж амтыг нь үзэхээр хуушуур авч иддэг байсан тухайгаа ярив. Харин одоо бол ингэх шаардлагагүй гэнэ. Хуушуурын борлуулалтад амтнаас гадна цаг агаар нөлөөлдөг. Нартай, дулаахан өдөр хүмүүс хуушуур авч идэх нь элбэг, харин сэрүүн өдөр шөлтэй хоол илүү зооглоно. Бас хүмүүс гэртээ хиншүү тавьж, тос үсэргэхээс түвэгшээж хуушуурыг гаднаас авч иддэг бололтой юм.

“Үхрийн махтай хуушуур” гуанзанд таван хүн өглөөний 10:00- 20:00 цаг хүртэл өдөр бүр ажилладаг. Б.Тамирыг ийнхүү ярьж суухад хуушуур захиалгаар хүргүүлэх гэсэн дуудлага тасарсангүй. Захиалгын болон авч явах хуушуурыг бор цаасан уутанд савладаг нь содон харагдав. Гуанзнууд бол гялгар уутанд хийгээд л өгчихдөг. Харин эднийхэн цаасан уутанд савлаад гадуур нь гялгар уутанд хийж өгдөг байна. Үндэсний үйлдвэрлэгчээсээ нэг цаасан уутыг 120 төгрөгөөр авдаг бөгөөд дотор нь арван хуушуур багтдаг гэнэ. Харин гуанзанд нь үйлчлүүлэх үйлчлүүлэгчдэдээ ясаар хийсэн тавганд хуушуурыг нь тавагладаг. Хятадаас захиалж авчруулсан энэ таваг нь хагардаггүй тул тохиромжтой гэдгийг онцолж байсан юм.

Б.Тамир гадуур хөөцөлдөх ажил ихтэй тул байнга орж гарна. Баянзүрх захаас махыг нь тогтмол нийлүүлдэг бол гурил, тос зэргээ өөрсдөө очиж авдаг. Өдөрт хичнээн хуушуур зарагдсаныг нь хэрхэн мэддэг тухай сонирхоход ерөнхийд нь махныхаа хэмжээгээр барагцаагаа гаргадаг гэв. Гэхдээ хэдийг зарсан гээд ажилчдаа нарийн хянаад байдаггүй гээд “Хамгийн гол нь харилцан итгэлцэл дээр ажил явагддаг” гэв. Ерөнхийд нь чиглүүлж өгнө, нарийн ширийн ажилд нь оролцдоггүй. Анхнаасаа хүнийг ажилд авч, гэрээ хийхдээ энэ бүхнийгээ сайн ярилцаад тохирчихдог. Тиймээс хатуу үг хэлэхэд гомдож туниад байдаггүй, урамшуулахад хэт хөөрдөггүй итгэлтэй хүмүүстэй ажилладгаараа бахархдаг аж. Хамгийн гол нь үйлчлүүлэгчдээ хуурахгүй, сайн материалаар хийх нь чухлыг тэрээр онцлов.

Биднийг байх үед байт харвааны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн улсын шагайн харвааны тэмцээн болж байсан тул бүр ч их хөл хөдөлгөөнтэй байлаа. Үйлчлүүлэгчид ар араасаа цувсаар байв.

Ер нь ашиг орлогын хувьд өдөр өдөртөө янз бүр. “Олох үедээ олдог, гарах үедээ гардаг. Оллоо гээд хэмжээгээр нь цацаад байж болохгүй. Гарлаа гээд гуанзаа хааж болохгүй. Хамгийн гол нь олсон орлогоо зөв зарцуулах нь чухал” хэмээн тэрбээр ярив.

Б.Тамир “Улаанбаатар” лицейг төгсчээ. Дараа нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оройн ангийг дүүргэсэн. Яваандаа нийтийн хоолны чиглэлээр Хятадад суралцах бодолтой гэнэ. Хятад бол хоолны орон, том ч зах зээлтэй, тиймээс тэндээс энэ чиглэлээр нэлээд зүйл сурч, туршлагааа улам баяжуулна гэж боддог. Цаашдаа гуанзаа өөр түвшинд аваачиж, гадныхны жишгээр ариун цэврийн шаардлага хангасан street fast food маягийн болгох төлөвлөгөөтэйгөө бидэнтэй хуваалцав.

“Үхрийн махтай хуушуур” гуанзны эргэн тойрон хотын төв шиг харах орчин хязгаарлагдмал биш. Гэвч дохиололтой хэдий ч гуанзанд нь хэд хэдэн удаа хулгай орсон тул аргагүйн эрхэнд цонхоо төмөр тороор торлуулж.

Хуушуур бол өдөр болгон идээд байх хоол биш. Ер нь хурц талдаа. Гэтэл өдөр бүр орж ирж иддэг байнгын үйлчлүүлэгч нэлээд бий. Тиймээс ходоод гэдэс нь өвдөх вий хэмээн гуанзны эзэн санаа нь зовдгоо ярилаа. Гуанз руу нь заасаар аав, ээжийгээ оруулж ирж байгаа бяцхан үйлчлүүлэгчдийнх нь дотор нь хямрах вий хэмээн бас санаа нь зовно.

Ер нь хоол хийнэ гэдэг хөгжим тоглохтой адил гэнэ. Сайхан аялгуу эгшиглүүлэхийн тулд нот бүрээ чадварлаг тоглох хэрэгтэй. Түүн шиг хоол хийнэ гэдэг орц, найрлагаа сайн тохируулж чадвал сайхан амт бий болно. Гэхдээ хамгийн гол нь сэтгэлээсээ хийх нь чухал гэдгийг Б.Тамир дахин дахин хэлж байлаа.

Ажил ихтэй Б.Тамирт ээж нь ар тал нь болж өгдөг гэнэ. Орой очиход халуун цай, хоол бэлэн. Гуанзны ажлын ачаалал ихсэхэд ээж нь л ирж тусална. Харин ах нь тусдаа бизнес эрхэлдэг болохоор тэр бүрий тусалж амждаггүй аж.

Ийнхүү биднийг ярьж суутал нэг мэдэхэд үд хэвийсэн байлаа. Өглөөнөөс хойш хичнээн хуушуур зарагдсан болохыг сонирхоход “Ойролцоогоор 300 зарагдсан байх аа” гэв. Биднийг очсон өдөр цаг агаар ч сайхан, үйлчлүүлэгчид ч нэлээд байлаа. Наадмын хуушуураа санасан хүмүүс эднийхийг зорьсоор.

Categories
мэдээ цаг-үе

Д.Одхүү: Эгийн голын УЦС арав дахин хямд цахилгаан үйлдвэрлэнэ

Д.Одхүү уулын инженер-геофизик мэргэжилтэй. Эгийн гол дээр баригдах УЦС-ын төслийн захирал. Тэрээр сүүлийн үед гараад байгаа асуудлаар хувийн байр сууриа төрийн биш өөрийнхөө өмнөөс ярьж байгаа шүү хэмээн ярианы эхэнд сануулсан юм.

-Төслөө танилцуулна уу?

-Эгийн голын усан цахилгаан станц ойрын 6-8 жилд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Гэхдээ ус дүүргэлтээс хамаарна. Энэ төсөл 25 жил яригдаж байна. Усаа шаардлагатай хэмжээнд хурааснаар 315 мегаватт эрчим хүч үйлдвэрлэнэ. Эг Сэлэнгийн бэлчрээс дээхнэ 2.5 км-т байрлаж байна. Одоо манай нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 30 хувьтай тэнцэнэ. Эхний 30-40 мегаватт цахилгааныг баригдсаныхаа дараа үйлдвэрлэж эхэлнэ. Францын дэлхийн нэртэй компанийн хийсэн тооцоогоор 826 сая ам.долларт босно. Санхүүжилтийн 75 хувийг БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээс, үлдсэнийг нь дотоодоос босгохоор тохирсон.

-Төсөл ямар шатандаа явж байна?

-Дэд бүтэц, талбай чөлөөлөх зэрэг ажлууд эрчимтэй хийгдэж байгаа. Үндсэн төсөл эхлэх арай болоогүй. Өнгөрсөн жил маш хүйтэн өвөл болсон учраас ажил жаахан саатсан. Дулаан ороод ажил эхлэх гэтэл Хятадын тал “Оросууд бидэнд бичиг явуулаад байна. Түр зуур санхүүжилтээ зогсооё. Та нар оросуудтай учраа олооч” гээд бас саатал гарсан. Сая бид хүсэлтийн дагуу оросуудтай уулзсан.

-Олон жил яригдсан төсөл эхлэнгүүтээ хөршүүдээс болж зогслоо гэсэн үг үү?

-Бүр зогссон гэж үзэж болохгүй л дээ. Бид аливаа юман дээр хөршүүдтэйгөө учраа ололцож байх ёстой. Бид нүүгээд алга болж чадахгүй. Тиймээс аливаа асуудлаас болж муудах шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ мэдээж төрийн бодлогоо хэрэгжүүлээд явна. Бид дотооддоо усан цахилгаан станц барих гэж байхад оросууд зөвшөөрөл өгөх тухай ярьж байгааг ойлгохгүй байгаа юм. Дотоод хэрэгт оролцож байна гэсэн үг биз дээ.

-Та твиттерт “оросуудтай ойлголцсон” тухай жиргэж олныг баярлуулсан. Гэтэл оросууд худлаа мэдээлэл тавьсан тухай ярьж байна.

-ОХУ-ын манайд суугаа элчингийн мэдэгдлийг хараад харамссан. Бид цөмөөр тойрч суугаад өөд өөдөөсөө хараад ойлголцолд хүрсэн. Бүх бичлэг, тэмдэглэл нь энэ байна. Ямар ч маргаан, мэтгэлцээн уулзалтын үеэр гараагүй. Ганц нэг ойлголтын зөрүү байсныг нөхөрсгөөр шийдвэрлэсэн.

-Энэ хурал албан ёсных байсан уу?

-Тийм. Оросын талаас гадна Хятадын тал, Дэлхийн банк оролцсон. Дараа нь протоколд буулгахаар тохирсон. Тийм учраас би цахим сүлжээнд жиргэсэн.

-Оросууд таныг яг юу гэж буруутгаж байна?

-Манай дотоод асуудал гэдгийг оросууд хүлээн зөвшөөрлөө гэдэг дээр л бухимдсан юм шиг байгаа юм.

-Протоколд ийм үг байгаа юу?

-Яг миний жиргэснээр байхгүй. Харин Монгол Улс өөрийн усыг ашиглах асуудлыг хүндэтгэн хүлээж авлаа гэсэн үг байгаа. Үг л өөр болохоос агуулга ижил байхгүй юу.

-Хаана болсон хурал вэ, бичлэг нь байгаа юу?

-Төрийн ордны В танхимд болсон. Бичлэг хангалттай хийсэн. Бүх баримт нь бий.

-Та сая Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нартай уулзлаа. Юу ярив?

-Мэдээлэл танилцуулсан. Би нэг юманд маш их баяртай байгаа. Эгийн голын УЦС-ын асуудал дээр манай төр нэгдмэл бодлоготой байна. УЦС барихыг эсэргүүцсэн нэг ч монгол байхгүй. Намууд хүртэл нэг санаатай.

-Таны жиргээ асуудал үүсгээгүй гэсэн үг үү?

– Оросууд бүгд “Эгийн голын УЦС бол танай дотоод асуудал” гэдгийг хэлсэн бичлэг нь байна. Би энэ утгыг л жиргэсэн юм. Хэрэв оросууд “ийм зүйл яриагүй” гэвэл би бичлэгийг нь гаргаад өгч болно шүү дээ.

-Ямар түвшний уулзалт болсон бэ?

-Уулзалт албан ёсных. Манай Ерөнхий сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайдад мэдээл өгөх хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн хүрээнд зохион байгуулагдсан учраас ОХУ-ын төрийн төлөөлөгч гэж үзнэ. Энэ уулзалтад орж гарын үсэг зурах эрхийг Ерөнхий сайд надад өгсөн албан бичиг нь энэ байна (Ерөнхий сайдын Гарын үсэг зурах эрх олгох тухай захирамжийг үзүүлэв). ОХУ-аас Байгаль ашиглалтын хяналтын холбооны агентлагийн орлогч дарга Амерханов гэдэг хүн оролцсон. Мөн ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны гадаад хамтын ажиллагааны орлогч гээд арав гаруй хүн оролцсон. Энэ хүмүүс бол бүгд академичид. Хятадын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хуралд оролцсон.

-Та яагаад худлаа жиргэсэн нэр зүүчихэв?

-Миний жиргээний дараа ОХУ-аас манайд суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан. Түүнийг харсан хүмүүс л намайг буруутгаж байгаа бололтой юм.

-Та мэдэгдлийг юу гэж үзэж байна. Хувь хүний зүгээс харахад энэ бол маш бүдүүлэг үйлдэл. Мэдэгдлийг хараад энэ том улсын төрийн төлөөлөгч Одхүү гэсэн хувь хүн рүү хандсан сэтгэгдэл төрсөн.

-Эгийн голын УЦС-ын төслийн талаар Одхүүгийн байр суурь гэж байхгүй. Монгол төрийн бодлого л гэж байгаа. Гэтэл тэр мэдэгдлийн тал нь Одхүүтэй холбоотой мэт агуулгатай.

-Төрийн бодлого ярьж байхад яагаад хувь хүний асуудал болчихов?

-Ойлгохгүй байгаа юм. Монгол Улсад хуулийн дагуу явж байгаа ажлыг Одхүүгийн буруу мэт тайлбарлах нь зохисгүй гэж үзэж байгаа. Сонгуультай холбоотой, мөн хийсэн ажлын маань зорилгоос ухраах гэсэн оролдлого шиг харагдаж байгаа юм. Иргэн хүний хувьд хэн нэгэнд ашиглуулах зорилгоор ийм материал гаргасан байж магадгүй гэж хардаж байна. Дипломат ёсонд хувь хүн рүү дайрдаггүй биз дээ. Хэн нэгний хатгаасаар хийсэн байж магадгүй гэсэн бодол орж ирээд байна. Гарсан мэдээллийн тухай юм уу гэхээр гаргасан хүнийг нь баахан буруутгасан байгаа нь сонин санагдаад байгаа юм.

-Та хэн нэгэнд гомдол гаргасан уу?

-Гаргахгүй. Тэр тусмаа би ОХУ-аас манайд суугаа элчин сайд ноён Азизов ийм мэдэгдэл гаргасан гэж бодохгүй байна. Харин Элчин сайдын яаманд ажилладаг зарим хүмүүсийн алдаа байж магадгүй гэж бодож байна. Тус яамныхан хоорондоо ярилцаад учраа олчихвол энэ асуудлыг дэвэргэж, элдэв гомдол яриад байх сонирхол алга. Би өөрөө ОХУ-д сургууль төгссөн. Олон жил ажилласан. Бидний үеийнхэн “орос школтой” гэж ярьдаг шүү дээ. Оросын тухай ямар ч муу сэтгэгдэл надад байдаггүй.

– Төслийг удирдаж байгаа хүний хувьд энэ УЦС хүн, амьтан, байгаль орчинд ямар ч гэм хохирол учруулахгүй гэсэн баталгаа өгч чадах уу?

-100 хувь баталгаа өгч чадна. Энэ төслийг шинээр хийсэн Францын компани бол дэлхийд төслөөрөө танигдсан туршлагатай компани. Дэлхийд гуравт жагсдаг, 600 гаруй УЦС барих төсөлд оролцож, 300 гаруйг нь өөрсдөө гардан барьсан байдаг. Урьд нь төсөлд бага мөнгө зарах яригдаж байгаад өнөөдөр ихээр нэмэгдсэн гэсэн хардлага бий. Үнэ өссөн шалтгаан нь өмнөх тооцоог 20-иод жилийн өмнө хийсэн. Хүчин чадал, тоног төхөөрөмжийн хэмжээ нэмэгдсэн. Тухайн үедээ байсан далан гэхэд л 70-80 хувиар нэмэгдсэн. Энэ хэрээр төслийн үнэ нэмэгдсэн байхгүй юу. Үнийн хувьд манайтай ижил хэмжээний станцуудтай харьцуулахад харьцангуй хямд. Нэг квт-ын өртөг нь 1.4 цент. Одоо бидний хэрэглэж байгаа цахилгаан квт нь 5.2 цент байгаа. 20-25 жилийн хугацаатай зээл аваад буцаагаад төлчих боломжтой. Төсөл энэ эрчээрээ хэрэгжвэл ашиглалтад орох үеэр цахилгааны үнэ нэмэгдсэн байхад арав дахин хямд цахилгаан үйлдвэрлээд сууж байх жишээтэй. УЦС 20 гаруй жилд өртгөө нөхдөг, 50-иас дээш настай байдаг. Ингээд тооцоход ашгийн хувьд эргэлзэх зүйл байхгүй. Дээр нь мөнгөөр үнэлэх аргагүй маш том цэвэр усны нөөц үүснэ. 2030 онд дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрнэ. Тэр үед хоёр тэрбум хүн цэвэр усны хомсдолд нэрвэгдэнэ гэсэн тооцоо гарч байна. Гэтэл энд 5.7 тэрбум куб метр цэвэр усны нөөц үүснэ.

-Экологийн хувьд аюулгүй юу?

-Дэлхийн бүх УЦС-ын байршлыг харвал хамгийн өндөр хөгжилтэй орнуудад ихэнх УЦС баригдсан байгаа. Хэрэв ямар нэгэн сөрөг үр дагавартай юм бол энэ олон станц тэр орнуудыг орныг сүйрүүлнэ. Загасны нүүдлийг саатуулах тухай ярьдаг. Нүүдэллэн ирсэн загаснуудыг устай нь хамт цахилгаан шатаар зөөвөрлөнө. Загаснууд л лав үүнийг эсэргүүцэхгүй гэж бодож байна.

-Талбай чөлөөлөх гээд том ажил байгаа даа?

-Хантай багийн 80-аад өрхийг нүүлгэн шилжүүлнэ. Тосгоны зураг энэ байна. Бүх өрхөд байр барьж өгнө. Цэцэрлэг, сургуультай нь барьж байна.

-Ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй юу?

– Иргэд бидний саналыг маш сайхан хүлээж авсан. Одоо хурдан ажлаа хийгээч гэж шаардаж байна. Иргэдээс мөнгө гаргалгүй их сайхан тосгон барьж байна. Маш том нуур үүснэ. Муу нэрт зүүж ашиглалтад оруулсан Тайширын УЦС-ын нуурыг “Гэгээн нуур” гэж нэрлээд нүүдлийн шувуу ирдэг болсон. Одоо энэ нуурын дэргэд аялал жуулчлалын том бүс үүснэ. Ийм байхад хүн амьтан экологи сүйднэ гэж ярих нь утгагүй.

-Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн яриа байдаг.

-Францын дэлхийд танигдсан компани Байгал нуурт 0,023 хувийн нөлөө үзүүлнэ. Гэхдээ усан сан дүүрэх богино хугацаанд өөр ямар ч нөлөөлөл байхгүй. Байгал нуурт цутгаж байгаа усны 18 хувь нь Сэлэнгээс орж байгаа. Байгалд цутгаж байгаа усны 88 хувь нь өөртөө байхад Сэлэнгэ мөрөн Байгалд нөлөөлөхгүй. Оросуудын ихэнх нь энэ УЦС Байгалд нөлөөлөхгүй гэж үздэг. Харин эсрэгээрээ гантай жил Байгал нуурт усыг нэмж өгөх боломжтой болно. Оросууд эсэргүүцэх биш, харин ч хурдан бариач гэж гуймаар юм.

-Оросууд Дэлхийн банкинд УЦС барихыг эсэргүүцээд бичиг явуулсан гэдэг нь?

– Тийм юм байхгүй. Дэлхийн банкны санхүүжилтээр Шүрэнгийн голын УЦС-ын ТЭЗҮ хийгдэж байгаа.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Тогтохын Сэр-Од: “Хамтдаа туулъя гэсиймаа” дууг маань түвд дуучин хулгайлчихаж

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Одтой уулзаж ярилцлаа.

-Таны зохиосон дууг Хятадын дуучин хулгайлж, оюуны өмчийн эрхийг зөрчлөө гэв үү?

-Яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн шүлгээр 2005 онд аялгууг нь бичсэн “Хамтдаа туулъя гэсиймаа” гэдэг дууг маань БНХАУ-ын иргэн Түвдийн дуучин Жиан Шөн хэмээх залуу “Лхасын охин” гэдэг нэртэй болгож өөрөө зохиосон дуу хэмээн дуулаад нийтийн сүлжээгээр түгээж орхиж. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Энхмэндийн дуулж олны хүртээл болгосон “Хамтдаа туулъя гэсиймаа” дуу маань 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголдоо төдийгүй БНХАУ, ӨМӨЗО-д ихэд дэлгэрээд байсан юм л даа. Энэ тухай хориод хоногийн өмнө хөөмийч Сандагаа ах маань мэдэж анх надад дуулгасан. Баянмөнх найрагчтай холбогдож “Дууг маань хулгайлсан байна” гээд хоёулаа баримтжуулж харж, сонссон. Жиан Шөн хэмээх нөхөр зохиогчийн эрхийг өөр дээрээ татаж шүлгийг бичиж, аялгууг зохиосон гэж улайм цайм бичсэн байсан нь даанч харамсалтай. Дууг дүрсжүүлж цацсан байна.

-Дуугаа хулгайлуулснаа мэдээд яав?

-Бид ярилцаад Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, дууны хөгжим зохиогчдын эрхийг хамгаалах нийгэмлэг (MOSCAP)-т мэдэгдсэн. Удирдах зөвлөлийн дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, гүйцэтгэх захирал, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарт албан ёсоор хандлаа. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монгол Улсын оюуны өмчийн газрын дарга Чинбатад бас мэдэгдэл хүргүүллээ. Эдгээр байгууллагууд гомдлын дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авах байх гэж найдаж байна. Цаг хугацаа шаардсан ажил болох байх. Харж л байя гэж хүлээж байна. Энэ хулгайн асуудалд гомдоллохоосоо илүүтэй харамсаж байна.

-Хулгайчид гомдож, хулгайд бүтээлээ алдсандаа харамсаж байна уу?

-Ийм зөрчил ганцхан надад ч тулгараад байгаа юм биш. Өмнө нь, урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвдорж ахын “Улаанбаатарын үдэш” гэдэг сайхан бүтээлийг Хятадын уран бүтээлч хулгайлсан зөрчил байна.

“Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу?

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу?

Улаанбаатарын үдэш намуухан, намуухан

Учралын болзоонд залуус яаруухан яаруухан

Ханш нээсэн дөлгөөн хаврын

Хайраа илчилсэн дулаан орой

Халуун мөрөө түшилцэн налаад

Ханашгүй цэнгэлийн жаргалыг эдлээд

Улаанбаатарын үдэш намуухан, намуухан

Учралын болзоонд залуус яаруухан яаруухан” гэсэн үнэхээр үг, аялгуу зохицсон энэ дууг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Сандуйжав, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж нар ямар гайхалтай зохиосон билээ. Гавьяат жүжигчин С.Жавхлангийн

“Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад

Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод

Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд

Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

Алсад суугаа ээжий минь

Амин хайртай шүтээн минь билээ” гэсэн үгтэй сайхан дууг хулгайлсан явдлаас өгсүүлээд монгол ардын дуунуудыг хүртэл хулгайлсан тохиолдол өчнөөн олон байна.

-Гавьяат жүжигчин, найраг баян хуурч Тэрбиш гуайн дуу ч Хятадын хилийн цэргийн сүлд дуу болсон байдаг гээ биз дээ?

“Сайн байна уу, ээж ээ

Саравчлан харсаар сууна уу” гэдэг сайхан дуу ч бас л хулгайлагдсан гэсэн асуудал байдаг. Яагаад ийм зөрчил давтагдаад байна вэ. Миний дууг хулгайлчихаар л би сүйд болоод байгаа юм биш шүү. Энэ бүхэнд л туйлын харамсаж байна.

-Өмнөд Монголын дуучид, уран бүтээлчид манайхнаас их хулгайлдаг юм биш үү?

-Өвөрлөгч ахан дүүст ямар ч буруу байхгүй. Харин ч тэд маань бүтээл маань хулгайлагдсанд ихэд харамсаж, цахимаар холбогдож байгаад хувиасаа их баярлаж байгаа. Фэйсбүүк, олон нийтийн сүлжээний хандалтыг харж байхад Өмнөд монголчууд Сэр-Одын бүтээлийг хулгайлчихсан мэт сэтгэгдлүүд их байна лээ. Тиймээс би Өмнөд монголчууд тийм булай хулгай хийгээгүй ээ, харин хятаджсан түвд залуугийн бусармаг үйлдэл байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хятадын бүх уран бүтээлч хулгайлаад байна уу гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Олон хүн сайнтай, муутай гэгчээр ёс журмаа мэддэг, авьяас билгээ шавхаж, ариун цагаанаар уран бүтээл туурвидаг хүмүүс олон байгаа. Цаашид ийм хулгай зэлгий бага гараасай, төр засгийн зүгээс Монголын уран бүтээлч бидний бүтээлийг өмгөөлж хамгаалдаг, өмчилж өөриймсдөг байгаасай гэж хүсч байна.

-Манайхан ч улстөржөөд л байхаас урлаг, соёлыг өчүүхэн төдий ч ойшоохгүй байгаагийн гор л гарч байгаа бус уу?

-Болсон явдлаас ургуулаад бодоход л манай төр засаг ямар хүчгүй байгааг мэдэрч байна. Яагаад хүчгүй байна гэхээр монголчууд бидэнд үнэ цэнтэй зүйл огт байхгүй болчихож. Өөрсдийн үнэ цэнтэй зүйлсээ бид өөрсдөө үнэгүйдүүлдэг. Цахим сүлжээний сэтгэгдлүүдийг харж байхад “За, яахав дээ. Сүртэй ш дээ. Зүгээр л нэг байдаг дууг хятад дуучин аваад дуулчихаа л биз” гэсэн хандлага их анзаарагдлаа. Бүх зүйлд ийм хариуцлагагүй, хялбархан сэтгэлгээгээр хандаж байгаа нь аймшигтай. Тэр дуу чинь ганцхан Сэр-Одын өмч биш шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болоод төрийн бус байгууллагын гэрээгээр эрх нь хамгаалагдчихсан Монгол Улсын бүтээлийн хувь заяа нь хулгайн хар мөрт дайрагдчихаад байна шүү дээ. Тэр сэтгэгдэл бичиж байгаа нөхөрт хамаатай зүйл гэдгийг мэдэхгүй байна. Бид эв нэгдэлгүй болсон юм байна. Нэгнээ өмгөөлж хамгаалах сэтгэлгүй болсон юм байна. Тиймээс л бид харийнхны хоолыг бэлдэж өгч байгаа боолууд аятай болж. Энд би нойроо хасан байж нэг бүтээл гаргаж байхад Хятадад нэг хулгайч хэзээ шинэ бүтээл нь гарах нь вэ гэж гэдсээ илээд унтаж байдаг болчихож.

-Аливаа уран бүтээл бол хэн бүтээснээсээ эс шалтгаалан тухайн үндэстнийхээ оюун санааны дархлаа гэж би боддог. Тэгэхээр Монголын уран бүтээлчийн дууг хулгайлна гэдэг улсын хилийг зөрчсөнөөс ялгаагүй биз?

-Монгол Улсын хилийг давж орж ирээд, айл гэрийн хойморт нэг хятад хүн ор хөнжилд нь унтаад, тогоо шанагыг нь дээрэмдээд эзэн суучихсантай л адилхан гэмт халдлага, луйвар шүү дээ. Манайхны юм бүхнийг жижиг гэж хардаг зан л тэднийг давруулж байгаа. Юм бүхнийг жижиг гэж харвал том юм нь юу байгаа юм бэ. Энэ л жижиг гэж харж байгаа юм бүхэн чинь нийлж байгаад Үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаа болдог. Тиймээс аливаа юмыг жижиг гэж харж болохгүй. Юм бүхэнд чин сэтгэлээсээ үнэнч хандах учиртай. Найз нөхөд хүртэл бие биедээ найзын ёсоор хандаж чадахаа больчихож. Айлын сайхан үр хүүхэд ээж аавдаа хайраа өгч чадахгүй байгаа юм байна. Бидний ухаант дээдэс хэн нэгнийг үр хүүхэдтэйгээ зүйрлэж хайрладаг, өрөвддөг байсан бол өнөөдөр миний хүүхдийн өрсөлдөгч гэсэн буруу нүдээр хардаг, харьцдаг болчихож. Энэ бол дэндүү эмгэнэлтэй зүйл.

-“Алдсан хүн арван тамтай” гэдэг. Хэрвээ олон улсын Арбитрын шүүхээр асуудал нааштай шийдэгдвэл хулгайд алдсан дууныхаа нөхөн төлбөрийг хэдий хэмжээтэй байвал таны санаа сая ханах бол?

-Хятад улс нэг тэрбум гурван зуун жараад сая хүн амтай. Монгол Улс Хятадын хүн бүхний тоогоор нэг америк доллар нэхэмжлээд авч чадвал Оюу толгойгоо, Таван толгойгоо алдах гээд байгаа Хятадад төлөх өр зээлийн хэдэн хувийг төлөх боломжтой вэ гэдгийг бодоод үз дээ. Нэг тэрбум гурван зуун жараад сая америк доллар зөвхөн миний бүтээлийн хулгайлагдсаны нөхөн төлбөр болоод ороод ирэхэд Монгол Улсын эдийн засагт мөн ч их нэмэртэй еэ дээ. Хэрвээ төр засгаас зөв бодлого явуулбал тухайн улсад харьяалалтай иргэний оюуны өмчийн эрх гэдэг ийм л үнэ цэнтэй байдаг. Ийм хэмжээнд яригдах ч боломжтой. Тиймээс бид газар нутгаа л онгичиж төнхөөд байх биш түүний цаад талд эдийн засгийн ямар боломж байна вэ гэдгийг харах л чухал юм. Бид муу бүтээл хийгээгүй учраас л гадны улсын иргэн хулгай хийгээд баяжиж болоод байна. Монголд үнэ цэнгүй бүтээл яагаад Хятадын зах зээлд өндөр үнээр арилжигдаад байна гэдгийг бодох цаг болсон. Оюуны өмч, зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд ингэж л шийтгэж ойлгуулах учиртай. 2011 оны хавар СУИС дээр АНУ, Орос, Польш зэрэг олон улсын эрдэмтэн мэргэжилтнүүд оюун, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн том чуулган болж байсан. Тэгэхэд сонссоноор, АНУ-ын эдийн засгийн хорь гаруй хувийг оюуны эрх, өмчлөлөөс бүрдүүлдэг гэж байсан. Одоогоос найман жилийн өмнө Холливудын кино зохиолчид ажил хаясан. Тав хоног ажил хаяхад л тэдний цалин, ажлын цагт эерэг өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. Оюуны салбар гэдэг үнэхээр ач холбогдолтой салбар гэдэг нь эндээс анзаарагдаж байгаа биз. Хөдөлмөр нь нүдэнд харагдаж, гарт харагдахгүй ч ач холбогдлын хувьд ийм л чухал салбар шүү дээ. Тиймээс бид ганцхан газраа ухах биш оюуны өмчлөлд анхаарлаа хандуулаасай.

-Цахим ертөнцөд “Манайхан гаднаас өчнөөн л дуу хулгайлдаг. Сэр-Одын нэг дууг нэг хятад дуулаа л биз. Сүртэй юм” гэсэн хандлага байна лээ шүү?

-Бид тэр дууг өөрийн байлгаж чадвал үр ашиг, ач холбогдол нь маш их. Түүнээс биш “Сэр-Одын тэр дуу яадаг юм” гэж бичээд сууж байгаа тэр хүнд ч очих хувь тэнд бусдынх болчихсон яваа шүү. Үүнийг л бид жижигхэн юм гээд тоохгүй орхивол ёстой нөгөө салан баавгайн үлгэр болно.

-Та Шанхайн хөгжмийн сургууль төгссөн. Багш нартаа юм уу, Хятадын хөгжмийн зохиолч найз нөхдөдөө дуугаа хулгайд алдсан тухай дуулгав уу?

-Монгол Улсад маань Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуу хөгжим зохиогчдын эрхийг хамгаалах нийгэмлэг (MOSCAP) гэж албан ёсны байгууллага байхад найз нөхөд, багш шавийн барилдлагатай улс руугаа хувиараа гүйж очно гэдэг ёс зүйн хувьд зохимжгүй. Тиймээс би тэдэнд дуулгаагүй. Албан ёсны журмаараа шийдэгдэг.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд үйл ажиллагаа явуулах сургуулиудад тусгай зөвшөөрөл олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/466 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 7 сургуульд боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгалаа.

Шинээр байгуулагдсан сургуулиудад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СУРГУУЛИУД

Сургуулийн нэр

Үүсгэн байгуулагч

Сургуулийн байршил

Иргэний нэр

Хуулийн этгээдийн нэр

1

Язгуур бага сургууль

Х.Хатанбаатар

Язгуур бага сургууль БСБ

Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо

2

Милан дунд сургууль

Г.Мягмаржав
С.Нямдаваа

Милан дунд сургууль БСБ

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо

3

Шинэ өнөөдөр сургууль

Д.Баянмөнх
А.Ганбат

Шинэ өнөөдөр сургууль БСБ

Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо

4

Тод монгол эрдэм сургууль

Г.Өлзийсайхан

Тод монгол эрдэм сургууль БСБ

Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо

5

Абсолют элит ахлах сургууль

Д.Ганхуяг

Абсолют элит ахлах сургууль БСБ

Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо

6

Монголын нээлттэй ахлах сургууль

О.Батболд

Монголын нээлттэй ахлах сургууль БСБ

Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо

7

Эрдэм-Алтай бага сургууль

Б.Ганчимэг

Эрдэм-Алтай бага сургууль БСБ

Баянгол дүүрэг 1 дүгээр хороо

Categories
мэдээ нийгэм

Дараах байршлуудад халуун ус хязгаарлана

“УБДС” ТӨХК-аас тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хааж, холбогдох завсар засвар үйлчилгээг хийж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ны өдрийг дуустал Хотын захиргаа, Төв музей, Цэцэг төв, Зоос гоёл, СУИС, Залуучууд зочид буудал, ШУТИС, Спортын ордон, Багшийн дээд орчимд хэрэглээний халуун усыг хуваарийн дагуу хязгаарлах аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаантай

Өнөөдөр засгийн газрын хуралдаан болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 189 дүгээр тогтоол)

Л.ПҮРЭВСҮРЭН

2

Монгол, Лаосын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

3

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай* (Импортын барааны гарал үүслийн дүрмийг мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах тухай)

Б.БОЛОР

4

“Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Б.БОЛОР

5

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах эрх олгох тухай

Д.ЭРДЭНЭБАТ

6

Цэргийн тэтгэмжийн зардлын тухай

Ц.ЦОЛМОН

7

“Тавантолгой цахилгаан станц” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай*

М.ЭНХСАЙХАН

8

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай (Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай)

М.ЗОРИГТ

9

Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний тухай

Р.БУРМАА

10

Төслийн хэрэгжилтийг хангах тухай

С.ЛАМБАА

11

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

12

ОХУ-ын Татарстаны Ерөнхийлөгчийн айлчлалын тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Таван толгойгоосоо танзуур бурам л олж байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Даваа гариг бүрд бид “Танай өнжье” булангаа хүргэдэг уламжлалтай билээ. “Өөрийгөө шүүж өөрийгөө торгодог гольфын нэг өдөр”-ийг энэ удаа хүргэж байна. Гольфчидтой өнжсөн энэхүү “Танайд өнжье” буланг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай. Мөн УИХ-ын ээлжит сонгууль албан ёсоор эхэлсэнтэй холбоотой мэдээлэл, болон Улс төрийн эргэн тойронд өрнөж буй мэдээллийг улс төрийн нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, алдарт гуравдугаар нүүрт “Таван толгойгоосоо танзуур бурам л олж байна?” нийтлэл хэвлэгдэн гарлаа. “…Тиймийн учир Таван толгойгоо хөдөлгөх төр засгаа сонгож, уул уурхайн эсрэг ганц үг хийсэн бүхнийг хойш тавих цаг иржээ. Энэ нь монголчуудын амьдралын гол шаардлага болоод байна. Ингэснээр бид их бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтийнхээ зам мөрт эргэлт буцалтгүй орно. Одоо бол яах вэ, Таван толгойгоосоо танзуур бурамхан л олж байна. Харин энэ удаагийн сонголт бидэнд ихийг хэлж өгөх болно.” хэмээн энэхүү нийтлэлд онцлон бичсэн байна.

Дулааны шугам засварын ажлыг хийлгэхгүй гэж оршин суугчид эсэргүүцэж буй талаар 6, 7-р нүүрнээс уншаарай. Үүний улмаас зарим томоохон хорооллууд энэ зун халуун усгүй байх нөхцөл үүссэн байна.

Архангай аймагт 13 хүний амийг аварсан жүжигчин Б.Даваажавтай ярилцсан сонирхолтой ярилцлагыг мөн өнөөдрийн дугаартаа толилуулж байна.

“Боловсрол”
телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг гарснаасаа хойш үзэгчдийн анхаарлыг
татаад байгаа билээ. Нэвтрүүлгийн найман оролцогчоор “Камертон” хамтлагийн
дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б.
Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол,
дуучин Б.Амархүү нар сонгогдсон. Тэд алдартнуудын дуу хоолой, бүжгийн
хөдөлгөөн, хувцас хэрэглэл, дүр төрхийг дуурайж буй юм. “Яг түүн шиг” шоуны оролцогч Э.Энхболдтой хийсэн ярилцлагыг энэ өдрийн шинэ дугаартаа хүргэж байн. Эдгээр болон цаг үеийн бусад мэдээлэл өнөөдрийн дугаарт гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 90191890 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХА