Амралт зугаалгын улирал ирсэнтэй холбогдуулан иргэдийн байр, орон сууцанд орж, эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг ихсэх болжээ. Цагдаагийн ерөнхий газраас зуслангийн айлуудыг нүдэлж хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Бид өнгөрөгч долоо хоногт зуслангийн байр, байшинд халдаж хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлээд шалгаж байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад хулгай хийдэг 670 гаруй хүний судалгаа мэдээлэл бий. Тэдний хулгайлсан эд зүйлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй тохиолдолд 5-20 мянган төгрөгөөр торгоод явуулдаг хуультай. Үүнээс болж цагдаагийнхан хулгайч нарыг давраагаад байна гэсэн яриа гардаг. Хамгийн гол нь иргэд хулгайд эд зүйлсээ алдсан даруйдаа цагдаад хандахгүй байснаар хулгайч нарыг ял завших боломжтой болгодог” гэлээ.
Б.НАРАНЧИМЭГ