Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн өсвөрийн тамирчдын УАШТ болж байна

Монголын хүндийн өргөлтийн холбооноос алтан түнш “Hunnu air” компанийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд зохион байгуулж байна. Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болж буй тус тэмцээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон болон “Алдар”, “Хүч”, Биеийн тамирын төрөлжсөн тусгай дунд сургууль, Багануур дүүргийн нийт арав байгууллагын 100 гаруй өсвөрийн тамирчид иржээ. Тэмцээнд ОУХМ нэг, спортын мастер, спортын дэд мастерын цолтой тус бүр дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 36, 40, 44, 50, 56, 62 кг, эмэгтэй 36, 40, 44, 48, 53 кг-ын жингийн өрсөлдөөн болжээ. Охидын 48 кг-ын жинд ТСБТДС-ийн тамирчин, спортын мастер Б.Тунгалаг огцом өргөлтөөр 60, түлхэлттэй өргөлтөөр 75, нийлбэрээр 135 кг-ыг өргөж, ОУХМ цолны болзлыг биелүүлжээ. Түүний хувьд өсвөрийн дөрвөн рекордыг шинэчлэн тогтоосон байна. Энэ жил 16 настай Б.Тунгалагийн хувьд өнгөрөгч сард Сүхбаатар аймагт болсон Бүх ард түмний спортын XIV наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

Мөн хөвгүүдийн 44 кг-ын жиндл “Хүч” спорт хорооны тамирчин Төртогтох түлхэлттэй өргөлтөөр 68 кг-ын өргөж, улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймэр ихэсч байна

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 2 га ой, 39.350 га хээр, нийт 39,352 га талбай түймэрт өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн улмаас хоёр гэр, нэг саравч шатаж, 40 толгой мал өртөж хорогдсон.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас гарсан ой, хээрийн гал түймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор тухай бүр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт түймрийн цагийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч, мэргэжлийн шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгаа юм. Ер нь хаврын хуурайшилт эрчимжиж түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автобусаар зорчсон зардлыг нөхөн олгоно

Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн системийг өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн нэвтрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд журмын дагуу цахим төлбөрийн картаар зорчих болсон билээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт энэхүү журам хэрэгжиж байгаа ч алслагдсан дүүргүүдэд хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжээгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга журмын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/240 дүгээр захирамж гаргаж, нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дуусах хугацаанд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Багануур, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-д заасан “цахим төлбөрийн карт”-ын оронд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэх олгох ажил зохион байгуулахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болгосон байна. Мөн тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлыг тухайн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, тээвэр зохицуулалтын албадын гаргасан гүйцэтгэл, тайланг үндэслэн гэрээний дагуу тухайн сарын баталсан төсөвт багтаан олгох юм байна.

Энэхүү захирамжийн дагуу Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр 2016 оны нэгдүгээр улиралд үнэ төлбөргүй зорчсон зардлыг нийслэлийн Тээврийн газраас холбогдох журмын дагуу нөхөн олгоно.

Categories
мэдээ нийгэм

Элэгний тенофобир эмний үнэ 1200 төгрөг болж хямдрав

Элэгний В вирусийн эсрэг үйлчилгээтэй Тенофобир эмний үнэ энэ сарын нэгнээс эхлэн 1200 төгрөг болж хямдарчээ. Тус эмийг өмнө 220 мянган төгрөгөөр худалдаалж байсан юм.

Гуравдугаар сарын 25 ний өдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дээрх эмээс гадна Ламивудин, Телбивудин, Рибаварин, Интерферон гэсэн дөрвөн эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулсан байна. Эдгээр эм улс орон даяар 36 мянган төгрөгөөр зарагдах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 34 мянга 800 төгрөг нь шууд төлөгдөөд явах юм. Харин үлдэгдэл мөнгийг иргэд өөрсдөө төлөх аж.

Categories
мэдээ нийгэм

“Биокомбинат”-ын үйлдвэрийг шинэчилнэ

ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Унгар улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд “Биокомбинат” ТӨҮГ-ын иж бүрэн шинэчлэлийн асуудлаар хоёр талын албан ёсны уулзалт болжээ. Энэ үеэр БНУУ-ын Хөдөө аж ахуйн сайд Шандор Фазекаш “Биокомбинат”-ын шинэчлэлд Унгар Улсын засгийн газраас 25 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох талаар мэдэгдэл хийж хэлсэн үгэндээ “Монгол Улсын малын эмийн үйлдвэр нь 1960 онд баригдсан бөгөөд шинэчлэлийн асуудал нэн шаардлагатай байна. Уг шинэчлэлийн төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, мал эрүүлжүүлэх, малын хөдөлгөөнийг мөшгөн судлах боломжуудыг нээх юм.

“Биокомбинат” ТӨҮГ-ын иж бүрэн шинэчлэлийг хийхэд Монгол- Унгарын Засгийн газар хоорондын ажлын хэсгийг байгуулан ажиллах ба энэхүү ажилд хоёр орны Хөдөө аж ахуй, Гадаад харилцааны яамд нягт холбоотой хамтран ажиллах ёстой” гэв.

Categories
мэдээ спорт

Харцага, Хасын хүлгүүд эхний хожлоо авлаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улиралд “Харцага”, “Дархан гарьд”, “Их өргөө аравтууд”, “Хасын хүлгүүд”, “Мон-Алтиус Смарт”, “Архангай лидер”, “Төв ургац” гэсэн нийт найман баг дөрвөн сарын турш өрсөлдлөө. Багууд нийт гурван тойрог өрсөлдөж, плей-оффт зургаан багийн нэр тодорсон. Энэ жил залуучуудын шигшээ багийн тоглогчдоор багийнхаа “цөм”-ийг бүрдүүлсэн “Архангай Лидер”, өнгөрсөн улирлын MVP Д.Мөнхтүвшин, шилдэг төвийн тоглогч С.Өрнүүнбилэг нараар удирдуулсан “Их Өргөө Аравтууд” плей-оффт шалгарч чадаагүй юм.

Шилдэг багуудыг “Төв аймаг Төв ургац”, “Баянгол Синтоза ирвэс” тэргүүлж, хагас шигшээд шууд үлдсэн. Харин плей-оффын тоглолт өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд эхний тоглолт гурваар гарсан “Хасын хүлгүүд” сүүлийн байраар шалгарсан “Дархан гарьд”-тай, хоёр дахь тулаан дөрвөөр гарсан “Харцага”, тавдугаар байраар шалгарсан “Мон-Алтиус Смарт” багийн хооронд боллоо. Тэдний хэн түрүүлж гурав хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхийн авах юм.

Categories
мэдээ нийгэм

Буудай нийлүүлсэн тариаланчдад мөнгөн урамшуулал өгнө

Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар Хүнс, хөдөө аж ахуйн яам төлөвлөжээ. Өмнө нь тус яам 2015 оны тариалалтад зориулан 197 аж ахуйн нэгж, иргэнд 3.7 мянган тонн үрийн буудай, 619 аж ахуйн нэгж, иргэнд 481.2 тонн ургамал хамгааллын бодис, 41 аж ахуйн нэгж, иргэнд 998.9 тонн бордоог 0-30 хувийн, 618 аж ахуйн нэгж, иргэнд 2.1 мянган тонн дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажилласан билээ.

Мөн уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 435 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн, ургац хураалтад 250 аж ахуйн нэгж, иргэнд 776 тонн дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлсэн байдаг. Харин энэ хаврын тариалалтад зориулж 2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай байдлыг харгалзан дөрвөн аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж 8.0 мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөж байна. 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ 5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 1 тонныг нь 400.0 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгох юм. Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын 8.0 мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцөлөөр өгөхөөр тооцжээ.

Мөн 2015 оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд 4 дүгээр сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшууллыг олгохоор болсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Отгондалай алтан медаль хүртлээ

Ази болон Далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 60кг-д олимпийн эрх аваад байгаа, ОУХМ Д.Отгондалай аваргын төлөө өнөөдөр тоглож алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээд Филиппиний Чарли Суарезийг 2:1-ээр хожиж түрүүлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Топ Х.Бадамгэрэл Дубайн загварын шоунд дахин оролцлоо

Монголын загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг мисс, топ модель Х.Бадамгэрэл нэлээд хэдэн сарын өмнө Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан загварын долоо хоногт амжилттай оролцоод ирсэн. Дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчид чуулсан энэхүү шоуны үеэр зохион байгуулагчид нь Х.Бадамгэрэлийн ур чадварыг ихээхэн онцолж байсан бөгөөд түүний ковер зургийг сурталчилгааныхаа нүүр царай болгосон гэдэг.

Тэгвэл өдгөө тус шоунд дахин оролцохоор болсон тухайгаа топ модель Х.Бадамгэрэл цахим хуудсандаа “За нэг мэдээтэй. Дубай руу эргээп явахаар боллоо. Дубай болон тэр бүсдээ хамгийн том гэж тооцогддог “Fashion Forward in Dubai Fall Winter Fashion Week”-д уригдан оролцохоор боллоо. Түрүүчийн удаа намайг тэнд байхад сураглаж, эх орондоо ирсэн хойно албан ёсны санал болон урилгаа Монголын үндэсний дизайнерүүдийн холбооны тэргүүн Одонгэрэл эгчид минь явуулсан юм. Зардал нь шийдэгдээгүй болохоор тодорхой шийдэлд хүрээгүй байлаа. Тэгсэн бүх зардалын маань даахаар боллоо. Ингээд Дубайд дараагийн бүр ч том арга хэмжээ хүлээж байна. Дубайд байгаа Монголчуудаа энэ шоуг үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна ” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. Уг шоу гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд болжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Лабораторын аргаар арьс гаргаж авчээ

Японы эрдэмтэд лабораторын аргаар арьс төлжүүлэн гаргаж авсан нь амжилттай болсон гэнэ. Хулганын эсээс авч лабораторид төлжүүлсэн арьсанд олон давхарга бий болж, хөлсний булчирхай хүртэл үүсчээ.

Лабораторид гаргаж авсан арьсыг дархлаа нь муудсан хулганад шилжүүлэн суулгахад төд удалгүй төлжиж, үс ургаж эхэлсэн байна.

Эрдэмтдийн хэлж буйгаар хүнд арьс шилжүүлэн суулгахад 5-10 жил шаардлагатай гэнэ. Гэсэн ч эрдэмтэд арьс нь галд шатаж, түлэгдсэн хүмүүсийн арьсыг лабораторийн аргаар төлжүүлэн, арьс шилжүүлэн суулгах боломжтой болсонд туйлын баяртай байгаа аж.

Эрдэмтдийн энэ арга нь биологийн олон нэгдлийн тусламжтайгаар хүний арьсыг нөхөн төлжүүлдэг одоогийн техникийг сайжруулахад чухал алхам юм. Нөгөө талаар энэхүү арга нь эм бэлдмэл болон гоо сайхны бараа үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ амьтан дээр туршихгүйгээр лабораторын аргаар гаргаж авсан арьсыг ашиглах боломжийг нээж өгч байгаа аж.