Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр засгийн газрын хуралдаантай

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 20 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1
Олон улсын байгууллагын гишүүний хураамжийн тухай
С.БАЯРЦОГТ
2
Хөрөнгө гаргах тухай
С.БАЯРЦОГТ
3
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
4
Төсвийн зээл олгох тухай*
Б.БОЛОР
5
Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл*
Б.БОЛОР
6
Журам батлах тухай (Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам)
Д.ЭРДЭНЭБАТ
7
Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл
З.БАЯНСЭЛЭНГЭ
8
Улсын тусгай хэрэгцээний газрын талаар авах зарим арга хэмжээний тухай
З.БАЯНСЭЛЭНГЭ
9
Авто замын барилгын ажлын санхүүжилтийн тухай
М.ЗОРИГТ
10
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицол батлах тухай
М.ЗОРИГТ
11
Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл
Р.ЖИГЖИД
12
Жагсаалт батлах тухай
Р.БУРМАА
13
Жагсаалт батлах тухай
Д.ЗОРИГТ
14
Бусад асуудал*
Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
15
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаар*
Б.БОЛОР
16
Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
З.БАЯНСЭЛЭНГЭ
Categories
мэдээ цаг-үе

“Маск” продакшны тайзны ар дахь амьдрал

Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг угтан хошин урлагийн “Маск” продакшны тайзны арын амьдралыг сурвалжлахаар захирал руу нь утас цохилоо. Жүжигчин М.Баярмагнай “Оройны 19:00 цагаас тоглолт эхэлнэ. Дөхүүлж байгаад хүрээд ирээрэй” гэж бидний саналд зөвшөөрсөн хариу өглөө. “Маск” продакшн хоёрдугаар сарын 27-ны өдрөөс “Амьдрал өөрөө аз жаргал” хошин шоу тоглолтоо Соёлын төв өргөөнд тоглож эхэлжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх гэнэ. “Маск” продакшн ес дэх жилдээ үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байгаа аж. “Маск” продакшны “Амьдрал өөрөө аз жаргал” хошин шоу 25 дахь удаагийн тоглолт юм байна. Түүнчлэн “Маск”-ийнхан “Хайр харуусал” нэртэй уран сайхны кино бүтээжээ.

Тоглолтын цаг эхлэхээс гучин минутын өмнө Соёлын төв өргөөнд очлоо. Жүжигчид ордог арын хаалганы үүдэнд ирэхэд л тоглолтын өмнөх бужигнасан байдал угтлаа. Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай, Д.Дэлгэрсайхан нар байдгаараа яарчихсан хонгилоор гүйж харагдана. Залуу жүжигчид нь хоёр, гурваараа бүжгийн хөдөлгөөнөө бэлдэж байгаа бололтой, хүн орж ирснийг анхаарсан шинжгүй эргэлдэнэ. “Маск”-ийн жүжигчид хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Тайзны хажуугийн бэлтгэлийн өрөөгөөр дүүрэн жүжигчин. Хэдэн талдаа том тольтой хувцас сольдог хоёр өрөө байх юм. Толины өмнө жүжигчид эргэлдээстэй. Ихэнх нь тоглолтын нээлтийн хувцсаа өмсчээ. “Маск” продакшны байр МҮЭСТО-нд байдаг. Тэд Соёлын төв өргөөнд тоглолтод хэрэгтэй бүх хувцас хэрэглэлээ авчирчээ. Энд тэндгүй нямбайлж эвхсэн хувцаснууд.

Биднийг орохтой зэрэгцээд гурав, дөрвөн хүүхэд зөрөөд гүйлдэн гарлаа. Тэгснээ удалгүй буцаад ороод ирэв. Ирээд сурчихсан бололтой залуу жүжигчидтэй тоглоод их л хөгжилтэй бужигнацгаана. Тэдний хоёр нь жүжигчин Г.Чулуунцэцэгийн хүү юм байна. Мөн жүжигчин Д.Дэлгэрсайханы охин ирчихэж. Аавдаа эрхлээд Соёлын төв өргөөний дэлгүүрээс юм авахуулж байгаа харагдав. Бэлтгэлийн өрөөнд М.Баярмагнай орж ирээд хувцсаа солих зуураа өрөөнд байсан хүмүүс рүү харан “Ганзо, Гэрлээ, Золоо, Чулуунцэцэгээ намайг санасан уу” гэж марсайв. Хариуд нь Ц.Ганзориг “Санасан. Зөндөө их саналаа. Өчигдөр болгоомжтой харьсан уу” гээд учиргүй чанга инээх юм. “Маск”-ийнхан монита зарласан бололтой. Захирлын наргианы дараагийн сэдэв нь монита болоотхов. “Ёооё, монита минь хуушуур идмээр байна шүү захиалчихъя” гэж чанга хэлснээ амаа дараад жигтэйхэн. Өнөөдүүл рүүгээ учиргүй том хараад “Нээрээ дуусчихсан бил үү. Ирж хэлсээр байгаад сурчихаж” гээд хэлээ гаргаж байна. Цаад өрөөнөөс залуу жүжигчин Г.Золзаяа орж ирлээ. Янз байдлыг нь харахад “монита”-гийн ярианд үг нэмэрлэх гэж байгаа нь илт. “Энэ монита жаахан сонин болсон. Өөрсдөө монитагаа сонгодог бол гоё байсан юм. Харж байгаад л таалагдсан хүндээ өгчихнө ш дээ” гээд хөгжилтэй инээв. Жүжигчин Ц.Ганзориг яаж дутахав гэсэн шиг “Тийм тэнэг байхдаа яахав дээ. Тэгвэл хачин юм болно больё” гэж байна. “Маск”-ийнхан хоёр дахь жилдээ монита зарлаж байгаа гэнэ. Нууц задрахад М.Баярмагнай, А.Гэрэлцэцэг хоёр алтан монита болжээ. А.Гэрэлцэцэг “Тэрийгээ мэдэхгүй хоёр биенээсээ нуугаад сүйд болсон байна лээ” гэж инээмсэглэн хэлээд бэлтгэлдээ орлоо. Залуу жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижигээ “Намайг Чука эгч хоёр дахь жилдээ сугалсан. Өмнө нь сугалж байсан болохоор яг намайг мэдээд хэрэгтэй юм өгөөд байдаг. Тэгээд л гурав дахь өдрөөс нь мэдчихсэн” гэж үг нэмэрлэв. Тэрээр “Маск” продакшнд ороод долоон жил ажиллаж байгаа юм байна. 2009 онд бүжигчнээр оржээ. Сургуулиа төгсөөд жүжигчин болсон гэнэ. Энэ үед жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан хоёр нөгөө өрөөнд хувцсаа сольж байлаа.

М.Баярмагнай “Нээрээ би Дэлхийн усны өдрөөр “Тоосго challenge”-д дуудагдаад усаа хэмнэх гээд жорлонгийн почкиндоо тоосго хийчихсэн. Нэг, хоёр литр ус хэмнэдэг болсон шүү. Зөрүүлээд Ганзо, Гэрлээ та хоёрыг дуудсан, нэгдээрэй. Дээр нь Лосолын Болдбаатарыг дуудсан” хэмээн ярилцаж байхад “Эхлүүлэх үү” гээд менежер нь хүрээд ирэв. Бүгд тайз руу явцгаалаа.

Тоглолт эхлэх цаг болжээ. Тайзан дээр гарахынх нь өмнө 19:00 цагаас эхэлсэн тоглолт хэдээс дуусах вэ гэж асуухад Ж.Мөнхсайхан 21:40 цагт дуусна гэв. Тоглолт эхэллээ. “Амьдрал өөрөө аз жаргал” хошин шоу тоглолт тайзнаа тавигдаад сар гаруй болсон ч танхим дүүрэн үзэгч цуглажээ. Нээлтийн үзүүлбэр дуусангуут М.Баярмагнай гүйхээрээ орж ирэн цаад өрөөнд хувцсаа шидэлж байна. Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг нар наад өрөөнд нь дээгүүрх хувцсаа солиод нүүрээ будаж эхэллээ. П.Эрдэнэзаан “Одоо “Оюутан” үзүүлбэр маань эхэлж байна. Олимп, замчид, ээж, бэр гуйсан нь гээд таван хэсэгтэй” гэж ярих зуураа нүүрээ будаад дуусчихлаа. Хажууд нь бэлдэж зогссон бүжигчин охин түүнд гар арчих нойтон салфетка өгөв. Түрүүхэн л зүггүйтэж гүйлдэж байсан хүүхдүүд тоглолт эхлэхэд тайзны хажууд сандал дээр эгнэн сууцгаажээ.

“Оюутан” үзүүлбэр эхэллээ. М.Баярмагнай тайзан дээр гарах гэж микрофоноо нээж үзээд “Хүүе микрофоны зай сууж байна. Хурдан аваад ир” гэж хэлээд ээлж нь болсон тул тайз руу гарав. М.Баярмагнай тайзан дээр гараад л үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн бололтой, алга ташилт нижигнээд сүйд. Эхний үзүүлбэрийн гол дүр нь Ч.Чулуунцэцэг, М.Баярмагнай хоёр. Чимэг дүр нь Ж.Мөнхсайхан, А.Гэрэлцэцэг, Ц.Ганзориг нар гэнэ. Гэрэл унтрах хооронд М.Баярмагнай орж ирээд зайгаа солиод амжив. Тэрүүхэн хооронд залуу жүжигчид ширээ, сандал гээд жүжигт хэрэгтэй бүхнийг байрлуулчихаж. Үндсэндээ тоглолтын завсар гэрэл унтрах нэг минут хүрэхгүй хугацаанд жүжигчид хувцсаа сольж, дүрээ хүлээж буй залуу жүжигчид тавилгыг өөрчлөх ажил хийдэг ажээ.

Хоёрдугаар хэсэг эхэллээ. Ц.Ганзориг тайзан дээр гарахын өмнө “Энэ “Олимп” гэдэг үзүүлбэр. Багш нь тамирчдаа амжилт гаргах байх гэж найдаад хоёр өрөө байраа барьцаанд тавьчихсан юм. Би өр нэхэгч залуугийн дүрд гарах гэж байна” гээд тайз руу зүглэлээ. Энэ тоглолтын үед М.Баярмагнай дээс тоглох даалгавартай аж. Буруу тийшээ гурав эргүүлж үсрэхэд тайзны хажуунаас жүжигчин Ц.Ганзориг “Сайн боллоо” гээд эрхий хуруугаа гозойлгож харагдана. Тэрийг нь М.Баярмагнай хальтхан хараад авлаа. Жүжигчид ингэж л нэгэндээ сэтгэлийн дэм өгдөг бололтой. Залуу жүжигчин С.Чинзориг нүүрээ хүрэн бор болгож будаад хувцсаа өмсчихсөн тайз руу гарахад бэлэн болжээ. Тэрээр “Би продакшндаа ороод жил болж байна. Ах, эгч нараасаа олон зүйл сурч байгаа. Тоглолт бүхнээс шинэ зүйл сурдаг” гэв.

Энэ тоглолтын оргил хэсэг нь гадаадын одод Монголд байвал ямар байх байсан бол гэсэн агуулгатай хошин шогийн үзүүлбэр. Үзүүлбэрийн үеэр үзэгчид байсхийгээд л нирхийтэл инээцгээнэ. Боксын клубын тамирчид багшийгаа хүлээх зуураа яриа өрнүүлж суугаагаараа үзүүлбэр үргэлжилнэ. Залуус М.Баярмагнайгаас “Алдарт боксчин Майк Тайсон Монголд байсан бол юу хийх байсан бэ” гэж асуухад мань эр “Үсрээд л биеийн тамирын багш хийнэ” гэж хариулах юм. “За тэгвэл Майкл Жордан Монголд юу хийх вэ” гэж асуухад нь “Хасын хүлэгүүд”-ийн сэлгээнд сууж байна биз. Санчир аа, Билгүүн ээ маньдаа бөмбөгөө гээд л гүйхээс өөр юу хийхэв” гэнэ. “Тэгвэл Microsoft-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс Монголд байвал яах вэ” гэхэд “Тэди дээр утас форматлаад л суух биз. Тэгээд бид очоод “Хөөе Билл ээ, энийг янзлаад өг” гээд л бодит амьдрал ийм л байна шүү дээ” хэмээн үзэгчдийг хөгжөөх юм. Эдний тоглолтын үзүүлбэр бүхэн цаанаа хэлэх гэсэн санаатай гэж жүжигчид ярив.

Гуравдугаар хэсгийн “Замчид” хэсэгт Г.Лхагвацэрэн, Цоож гэх залуу жүжигчид авьяасаа харуулж байв. “Маск”-ийнхан хэдийнэ залуу үеэ бэлдээд эхэлжээ. Жүжигчид, бүжигчид нийлээд 30 гаруй хүн ажилладаг юм байна. Гуравдугаар хэсгийг Ш.Жавхлан, Д.Дэлгэрсайхан, П.Эрдэнэзаан нар чимэглэх аж. Энэ үед жүжигчин Д.Дэлгэрсайхан ээлжээ хүлээх зуураа охин дээрээ ирж ядарч байгаа эсэхийг нь асуугаад амжлаа. Тэрээр “Анх тайзан дээр гарахад үзэгчдээ ч харж чадахгүй сандардаг байлаа. Жүжигтээ төвлөрсөөр байгаад дуусдаг байсан бол одоо бол огт өөр. Тэр эгнээнд миний таньдаг хүн байна даа гэж хүртэл харна шүү дээ” хэмээн ярив. Энэ үзүүлбэрт А.Гэрэлцэцэг оролцохгүй учраас үзүүлбэрээ хүлээнгээ хамтлагийн менежер, бүжигчин хоёртойгоо хөзөр тоглож суув.

Харин залуу жүжигчин Жижигээ “Хамтлагийнхантайгаа долоон жил хамт байжээ. Бүтэн жилийн 70 хувьд нь салахгүй хамт байдаг юм. Гэрийнхэнтэйгээ байх хугацаанаасаа илүү цагийг өнгөрөөдөг. Анх тайзан дээр гарахад айж, сандарч, догдлох зэрэгцэж байсан шүү. Жүжигчнээр ажиллах сайхан байдаг” хэмээн ярьж байв.

Сүнсний дүрд тоглосон Ш.Жавхлан урт цагаан дээл өмсөөд, урт хар үс задгай тавьжээ. Аяархан шивнэж ярих “сүнс” хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нь илт. Тайзнаас буухад нь “Таны хоолойг хүмүүс сонсохгүй хэцүү байсан уу” гэж асуухад “Амар юм гэж юу байхав дээ. Мэргэжлийн онцлог юм чинь. Аяархан шивнэж хэлж байгаа хэрнээ үзэгчдэд хүргэх чадварыг сургуульд заадаг юм. Хүмүүс жинхэнэ сүнс гэж хүлээж аваад намайг яриад эхлэхээр чимээгүй болчихдог юм” гэж хариулав.

Дөрөвдүгээр үзэгдэлд П.Эрдэнэзааныг онцолмоор санагдав. Үзэгдлийн нэр нь “Ээж”. Тэрээр компьютер тоглоомонд донтсон хүүхдийн дүр бүтээжээ. Хүүхдээс ялгарах юмгүй чадварлаг жүжиглэнэ. Олон хүүхэдтэй эх хүүхдүүдийнхээ төлөө ямар сэтгэл гаргадгийг энэ хэсгээс харж болно. Ж.Мөнхсайхан энэ хэсгийг зангидаж харуулах үүрэг хүлээжээ. Энэ үзэгдэл дээр зритель нэгэн зэрэг удтал алга ташив.

Харин тавдугаар үзэгдэл “Бэр гуйсан нь” гэсэн нэртэй. Өнөө цагт хүмүүс уламжлалт ёс заншлаа мартагнаж байгааг хошноор харуулжээ. Энэ үзэгдэлд М.Баярмагнай “Тэгэхээр чинь муухай ш дээ” гэдэг үгийг байсхийгээд хэлэх юм. Харилцан яриан дундуур мань эрийг “Тэгэхээр чинь муухай ш дээ” гэхээр л зритель нэгэн зэрэг инээлдэж байлаа. Хамтлагийнхан дуугаа дуулснаар тоглолт өндөрлөлөө. Жүжигчин Ж.Мөнхсайханы хэлсэн цагт тоглолт дууссан юм.

Хөшиг хаагдсаны дараа жүжигчид алдаа, оноогоо ярьж баахан хөгжилдөв. М.Баярмагнай Г.Золзаяад “Чи яагаад ярихгүй байсан бэ. Би ганцаараа баахан ярилаа ш дээ” гэхэд өнөөх нь “Уучлаарай” гэж байна. Залуу жүжигчдийн иймэрхүү жижиг алдааг хашир жүжигчид нь мэдэгдэхгүй аваад явчихдаг ийм жишээ олон гэнэ. Тэгэхэд нь Ц.Ганзориг М.Баярмагнайд “Чи ч дээс сайн тоглож сурч байна аа” гээд инээлдэв.

Жүжигчид хувцсаа сольж байх зуур жүжигчин П.Эрдэнэзаан “Манай хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 1-нд Б.Батзаяа ахын зохион байгуулж байгаа хошин урлагийн нэгдсэн тоглолтод оролцоно” гэтэл Ж.Мөнхсайхан “Дөрөвдүгээр сарын нэгэн чинь манай Заанаагийн төрсөн өдөр. Бид хаалтынхаа тоглолтыг хийчихээд нэгдсэн тоглолтдоо оролцоно. Ер нь Заанаагийн төрсөн өдрийг жил бүр тоглолтоороо л тэмдэглэдэг юм. Зав гарахгүй юм даа” хэмээв.

М.Баярмагнай “Би ч тэр жил баларсан асуудалд орсон шүү. Хэдэн жилийн өмнө “UB palace”-д болсон хошин урлагийн нэгдсэн тоглолтыг үнэгүй болно гэж хэлчихээд худлаа гэхээ мартчихаж. Тоглолтын өмнө “UB palace”-аас залгаад “Магнай энд олон хүн цуглачихлаа. Чи өөрөө ирж энэ хүмүүсээ тараа” гэдэг юм даа. Ирээд л энэ чинь дөрвөн сарын нэгэн шүү дээ гэж хэлээд тарааж билээ” гээд инээлдэв. Хувцсаа сольж дуусаад жүжигчдийн зарим нь ойролцоо гэртээ нэгнийгээ хүргэж өгөхөөр тохирч байв. Энэ үед “Маск” продакшны менежер “Манайхаан маргааш цаг урагшилж байгаа. Тийм учраас бэлтгэлдээ одоогийн 16:00 цагт цуглана шүү” гэх зар дуулгав.

Хамтлагийнхан ойрын үеийнхээ төлөвлөгөөг гаргажээ. “Маск” продакшн инээдмийн баяраар буюу дөрөвдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын ордонд болох хошин урлагийн нэгдсэн тоглолтод оролцоод дөрөвдүгээр сарын 2-нд “UВ palace”-д тоглолттой юм байна. Үргэлжлүүлэн дөрөвдүгээр сарын 4-нөөс Зүүнхараа, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ рүү явж хөдөө орон нутгийн үзэгчидтэйгээ уулзах аж. Хөдөө орон нутгийн тоглолтоос ирээд Өмнөд Монгол руу явах гэнэ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар: Мөргөлдөөд нүд бүлтэрч гарч ирж байсан удаа ч бий

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд тогтмол сайн барилдаж байгаа Кёкүшюхо Төмөрбаатарын Эрдэнэбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Тэрээр 1988 оны наймдугаар сарын 9-нд төрсөн. 191 см өндөр, 153 кг жинтэй. Томозуна дэвжээний харьяат, анх 2008 онд сумогоор барилдаж эхлэн жүрёо болон жёнидан зиндаанд тус бүр нэг түрүүлж байсан амжилттай. 2012 оноос дээд зиндаанд ахиж, өсөх ирээдүйтэй хүчит бөхийн нэгэн болсон билээ.

Саяхан хаврын банзүке (чансааны жагсаалт) гарч, зүүн жигүүрийн маэгшира тавд эрэмбэлэгдлээ. Ер нь банзүке сумочдын хувьд маш чухал бөгөөд сэтгэл догдлон хүлээдэг зүйлийн нэг нь болов уу. Угаасаа өөрсдөө эрэмбээ мэдээд, таамаглачихсан сууж байдаг байх даа?

-Цол ахивал баярлаад л муу барилдсаны дараа бол чансаа аль болох бага унасан байгаасай гэж залбираад л түрүү сарын барилдаанд тэд давбал тэр хавьд очно гэсэн баримжаа бол бий. Түрүү сар нь бүгд жигд сайн барилдсан бол өөрийн эрэмбэ нэг их хөдлөхгүй. Харин олон бөх амарсан эсвэл муу байсан бол эрэмбэ эрс дээшилнэ. Заримдаа нэг хоёроор дээшилнэ, хэлбэлзэнэ. Ер нь бол банзүке гарахаас өмнө өөрийгөө багцаалчихсан байдаг. Ажиллаж хөдөлмөрлөсний үр дүн, оноо болдог болохоор сэтгэл догдлон хүлээдэг ээ.

Банзүке гэдэг ер нь өөрийн тань хувьд юу байдаг вэ?

-Намайг үнэлж байгаа үнэлгээ, байр суурь гэдгээс эхлээд их чухал зүйл л дээ. Манай дэвжээнд дөрвөн цолтой бөх байдаг. Тэд дундаасаа хамгийн дээд цолтойг нь хяа кашира буюу цолтой бөх гэдэг. Бусдаасаа огт өөр, онцгой болоод явчихдаг. Би ч гэсэн дэвжээнийхээ толгой бөх учраас бүх л зүйлд хамгийн хүндэтгэлтэй байр сууринд байх болдог. Жишээ нь хүлээн авалт, арга хэмжээнд бөхчүүдийнхээ хамгийн урд эгнээ, түрүүнд нь зогсох ёстой гэх мэт зүйл байна. Мөн цолгүй бөхчүүдийн нэрс банзүкед их жижигхэнээр бичигддэг бол цолтой болонгуут томоор бичигдэж эхэлдэг. Иймэрхүү үл ялиг ч гэсэн өөрчлөлтүүд тухайн бөхийн сэтгэлзүйд ихээр нөлөөлнө шүү дээ. Баяр хөөр, бахархах сэтгэл төрнө шүү. Би ер нь энэ банзүке хуудаснуудаа бүгдийг нь хадгалдаг.

Башёо эхлэхийн өмнө болж өнгөрсөн ёкозуна нарын дохёоири буюу дэвжээнд гарч ирэх ёслолд та их аварга М.Даваажаргал Хакухогийн хажууд нэг дэвжээний бөх болох Бразилийн маэгшира Кайсейтэй хамт оролцдог. Тэр мөчид танд юу бодогддог вэ?

-Бид нар аваргатай нэг галын бөхчүүд. Энэ ёслолд зөвхөн макүүчи буюу дээд зиндааны бөхчүүд л оролцох эрхтэй байдаг. Өмнөх хацу башёогийн ёслолд бол цүйхарай буюу суудаг байр сууринд нь байсан бол энэ удаа тачимочи буюу сэлмийг нь барьсан. Юу гэсэн үг вэ гэвэл банзүкед дээд талд нь байгаа бөх сэлмийг нь барих ёстой байдаг. 15 хоногийн турш энэ удаа сэлмийг нь барина. Их сайхан шүү дээ. Сүрлэг санагддаг. Анх жүрёод орчихоод сумо сэтгүүлд ярилцлага өгч байхдаа хурдхан шиг дээд зиндаанд дэвшээд аваргын ёслолд оролцмоор байна гэж хэлж байсан санагдаад байдаг юм. Тэмцээн эхлэхийн өмнө байнга хийдэг энэ ёслолд ингэж удаан оролцож байгаадаа бахархах сэтгэл төрөлгүй яахав. Урьд нь Н.Цэвэгням ах олон жил хийсэн дээ.

Нэг дэвжээний хүчит бөхчүүдийн нэг Кайсейгийн тухай юу хэлмээр байна вэ?

-Кайсей урьд нь Томозуна дэвжээний бөх байсан юм. Манай дэвжээний Оошима багш тэтгэвэрт гараад биднийг өөр дэвжээ рүү нэгтгэхэд нийлсэн л дээ. Нэг дэвжээний бөхчүүд хоорондоо оноолт таарахгүй шүү дээ. Урьд нь бол бид хоёр өрсөлдөгч байсан. Гадаад бөх гэдгээрээ дотно байсан л даа. Надаас хоёр жилийн өмнө сумод орж ирсэн. Аль аль нь л гэрээсээ хол, сэтгэл санаагаараа ойлголцоход амар байсан. Япон бөхчүүд бол гэр орноо санана гэж бараг байхгүй, дуртай үедээ оччихно. Бидний зовлон ижил дээ.

Монголын сумогийн алтан хараацайнууд болсон Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнзан Б.Энхбат, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын хөлсөө урсгаж, хөл тавьсан түүхт их дэвжээнд орсон нь ямар хувь ерөөл байв аа?

-Монголд байхдаа л би их сумо үздэг байлаа. Анх Японд жүдогийн сонгонтой ахлах сургуульд ирж байсан. Ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа энд оюутан байсан ахтайгаа хамт Н.Цэвэгням ахтай уулзаж сумод дуртайгаа хэлж байсан юм. Тэгээд яг сургуулиа төгсөөд байж байтал Д.Батбаяр ах зодог тайлж, нэг гадаад бөх орох боломж, цаг нь яг таарч байж билээ.

Аав ээжийгээ танилцуулна уу?

-Аавыг минь Д.Төмөрбаатар гэдэг. Авто комбинатын даргаар ажиллаж байсан. Эгч цэргийн госпитальд эмч, ах Японы Цэргийн академид суралцаж төгссөн учир аав намайг цэргээс өөр мэргэжилтэй бол гэдэг байсан. Ээжийг минь Ө.Саранцэцэг гэдэг. МУИС-ийн газарзүйн багш хийдэг байсан.

Дунд сургуулийн сурагч байхдаа жүдогоор шаггүй барилдчихдаг хүү байсан гэж сонссон?

-Сагс их тоглодог. Үеийнхэнтэйгээ барилдахад барагтай бол унадаггүй, их шөрмөстэй, бяртай хүүхэд байлаа. Анх Шийрэв багшийн жүдогийн секцэнд явж эхэлсэн. Бараг дөнгөж ороод байж байтал маргааш гэрчилгээгээ аваад ир. Тэмцээнд оруулна гэв. Юу ч мэдэхгүй ороод самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль авч байлаа. Бас сонирхогчдын сумогийн тэмцээнээс мөнгө хүртэж байв. Тэр үед Жүдогийн холбооны дарга байсан Б.Бат-Эрдэнэ аварга Гифү мужийн нэгдүгээр ахлах сургуультай Монгол Японы ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож, улсдаа олимпийн аврага тамирчин төрүүлэх зорилготой монгол хүүхдүүдийг суралцуулж эхэлсэн юм. Тэр шугамаар би суралцаж, олон тэмцээнд оролцож байлаа. Мужийн аварга ч болж байлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авах гээд багийн тэмцээнд учраа бөхөө аваад шидсэн чинь нөгөөдөхийнхөө өвдгөн дээр унаж, нүдний доод талын яс хугараад орж чадаагүй. Юм бас сонин л доо. Тэр чигээрээ улсын тэмцээнд явсан бол өдийд ингэж байхгүй ч гэж бодогдоно. Хувь заяагаараа явдаг байх аа. Сумо л барилдах ёстой байсан шиг байгаа юм. (инээв)

Арван зургаан настай балчирхан, хот суурингийн хүү гэнэт хөгжингүй Япон оронд ирсэн хэрнээ зэлүүдхэн алслагдмал хөдөө газар ахлах сургуульд орсон байдаг. Япон амьдралд дасахад хэцүү байсан байх даа?

-Манай сургууль маш хатуу дэг жаягтай зөвхөн эрэгтэй хүүхдүүд сурдаг. Сургуульдаа дотуур байр нь байдаг. Хагас цэрэгжилтийн хатуу сахилга батыг баримталдаг. Утас хэрэглэж болохгүй, зурагт үзүүлдэггүй. Орой унтахын өмнө бүгд жагсаж байгаад тоолуулаад унтдаг, тогтсон нэг цагт шууд гэрэл унтраачихдаг тийм орчинд байсан болохоор сумогийн дэвжээнд ороод хатуу дэг жаягт нь дасах бэрхшээл, зовлон бага байсан. Н.Цэвэгням ах ч хэлж байлаа. “Үхэх гэж байгаа юм шиг үзэлцэнэ шүү дээ, энэ сумогийн ертөнцөд” гэж. Жин нэмэх гэж л жаахан удсан даа.

Цолтой бөх болоод дөрөв, макүүчи буюу дээд зиндаанд хоёр жил тасралтгүй жигд барилдаж байна. Нууц нь юунд оршино вэ?

-Энд байгаа япон бөхчүүдээс бидний зорилго өөр шүү дээ. Алс холоос ирсэн. Ар гэр, аав ээж гээд л санаа зовох юм ихтэй. Миний ард өчнөөн олон хүн харж байгаа шүү дээ гэж бодохоор хариуцлага өндөртэй. Хаа холоос ирчихээд шантраад буцалтай биш гэж бодогдоод байдаг нь л их хүч өгдөг байлгүй дээ. Их олон бэртэж гэмтээд, мөргөлдөөд нүд маань бүлтэрч гарч ирж байсан удаа ч бий. Ээж минь боль гэж гуйдаг байлаа. Эцсийг нь хүртэл үзье гэсэн сэтгэл их хүчтэй байдаг юм даа. Шантарч бол үзээгүй ээ. Тэмцээнээс тэмцээний хоорондох хугацаа их богино байдаг болохоор гэмтлээ бүрэн эдгээх боломж бараг үгүй. Жүнгёо буюу тойргийн барилдаан бас байна. Башёо амрахаар цолыг нь унагаачихна. Хэцүү шүү дээ.

Таныг царай зүс, бие хаа жигдэрсэн сумогийн сайхан залуучуудын нэг гэдэг. Олон эмэгтэй шүтэн бишрэгчтэй байх. Хайр сэтгэлийн талаар юу гэж бодож явдаг вэ?

-Эхнэр, хүүхэдтэй байсан. Хэсэг зуур цуг амьдарсан даа. Одоо охин минь таван настай. Ер нь сумогийн тамирчин хүний эхнэр байх хэцүү байдаг байх л даа. Бид чинь гэр орондоо тогтохгүй, байнга л гадуур сумогийн ажил төрөл гээд явчихна. Одоо Осакад башёо гээд дараа нь жүнгёо гээд хориод хоног хөдөө явчих жишээтэй.

Ирээдүйн мөрөөдлөө нэг үгээр илэрхийлбэл?

-Цолоо хадгалж явах юм уу даа. Санякүд орж үзэх юмсан гэж бодогдоод байгаа. Дээд зиндааны бөх дотроо арслан, заан, гарьд буюу комүсүби, сэкиваке, озэки гурван гол үүрэгтнийг санякү гэж хэлж байгаа юм.

Нэг дэвжээний, мэргэжлийн хувьд ахмад туршлагатай бөх хүний хувьд ч мөн төрсөн ахаас нь өөрцгүй ижилдэн дассан Кёкүтэнхо Н.Цэвэгням Японы сумогийн хамгийн анхны монгол ояагата болж байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Намайг энэ замд хөтлөн оруулсан, ах шигээ л хүндлэн явдаг. Цолтой болоод ачийг нь хариулж явах юмсан гэж боддог. Амжилт гаргах тусам баярлах байх. Өөр юугаараа ч хариулах вэ дээ. Хүндэлж, хайрладаг хүнтэйгээ дээд зиндаанд хамт барилдаад, ёсолгоо үйл ажиллагаанд хамт оролцоод явахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг байсан. Одоо Оошима дэвжээний багш болж, багш шавийн харилцаатай боллоо. Хоёр жилийн өмнө Осака башёогийн жүрёод түрүүлэхийн өмнөх нэмэлт барилдаан хийх гээд гарах гэж байхад Н.Цэвэгням ах “За ялагдсан ч хамаагүй, түрүүний төлөө нэмэлт барилдаан хийнэ ээ гэдэг чинь өөрөө гайхалтай юм шүү. Сайхан тайван барилдаад үзчих” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Ахаас ийм үг сонсчихоод би бүр тайвшраад ялагдсан ч яадаг юм үзэлцээд л дайрья гэж улам зориг орох шиг болсон. Их сайхан мөч байсан шүү.

Ярилцсан Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ цаг-үе

“Монгол бүсгүйчүүдийн гоёл их чамин, хээнцэр юм”

Ирэх есдүгээр сард “Face of beauty internation­al” олон улсын миссийн тэмцээнийг манай улсад зохион байгуулахаар болсон билээ. Тус тэмцээнтэй холбоотойгоор тун удахгүй нэгэн загварын шоу Монголд зохиогдох бөгөөд тус шоунд оролцохоор “Face of beauty internation­al 2015” тэмцээний дэд байрын шагналт Унгарын мисс Далма Карман, тус тэмцээний 2013 оны тэргүүн байрын эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги нар Монголд ирээд байна. Эдгээр мисстэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

ТОНГА УЛСЫН МИСС ДАЙМОНД ЛАНГО: МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ГОЁЛ ИХ ЧАМИН, ХЭЭНЦЭХ ЮМ”

Хэр урт зам туулж Монголд ирсэн бэ?

-Би анх удаа Монголд ирж байна. 29 цаг явж Монголд ирсэн. Надад Монгол орон маш сонирхолтой санагдсан.Мөн Монголын загвар өмсөгч бүсгүйчүүдийн ээмэг, зүүлт гоёл нь их чамин, тансаг хээнцэр, гайхалтай санагдсан. Бид хоёр явахаасаа өмнө Монголын үндэсний хувцсыг заавал өмсч үзэх болно.

Тонга улсад загварын салбар хэр хөгжсөн байдаг вэ?

-Улсынхаа хэмжээнд олон загвар өмсөгч, миссүүдтэй ч олон улсад гарах нөхцөл хязгаарлагдмал.

Танай улсын загвар өмсөгч бүсгүйчүүд юугаараа ялгардаг вэ?

-Тонга улс шашинтай салшгүй холбоотой. Тийм ч учраас шашны ёс, жаягийг дээдэлдэг, эрхэмлэдэг бүсгүйчүүдийг их хүндэтгэдэг. Сайхан эмэгтэй гэж үздэг. Тонга бүсгүйчүүдийн өөр нэг онцлог нь урт сайхан үс. Үндэсний бүжиг бүжиглэхэд урт үстэй эмэгтэйчүүд хамгийн сайхан харагддаг. Тонга бүсгүйчүүд үсэндээ их анхаарал хандуулдаг.

Та “Face of beuty inter­national 2013” тэмцээний титмийн эзэн. Тухайн үеийн агшнаас товчхон ярьж болох уу. Гэр бүлийнхэн тань хэр хүлээж авч байв?

-Титмийн эзэн болсноо сонсоод их цочирдсон. Олон зүйл бодогдож байсан. Тэр тэмцээнийг аав, ээж маань мөнгөгүй учраас ирж үзэж чадаагүй. Тийм учраас тухайн үед хамгийн түрүүнд тэдэндээ л тэргүүн мисс болсон тухайгаа дуулгамаар санагдаж байлаа. Аав, ээж минь надаар бахархах хамгийн гоё мэдрэмж.

Ирээдүйн зорилго?

– Миний хувьд хөгжмийн юм уу жүжигчний карьеараа өсгөх бодол байна. Түүнээс гадна урлагаар дамжуулан өөрийн улс, орондоо сайн үйлсийн ажил хийхсэн гэж боддог. Манай Тонга улс хөгжингүй орон биш учраас ажилгүйдэл маш их. Ажил олж хийхэд хэцүү. Тийм учраас улсаа аялал жуулчлалын орон болгоход өөрийн хувь нэмрээ оруулна.

Өндөр хэд вэ?

-175 см

УНГАРЫН МИСС ДАЛМА КАРМАН: ТЭМЦЭЭНИЙ СҮҮЛИЙН ШАТАНД МОНГОЛЫН МИСС ЭЭМГЭЭ ЗҮҮЛГЭСЭН НЬ ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН

-Өнгөрсөн шөнө онгоцноос буусан. Монгол Улс их амар тайван орон шиг санагдлаа. Том хотууд шиг хөл хөдөлгөөн ихтэй, хэт даврагч, халдлага үйлдэгч гэдэг ч юм уу галзуу зүйл гэнэт болох болов уу гэсэн айдасгүй амгалан орон шиг харагдаж байна. Үүнээс гадна нэг зүйл их сэтгэл хөдөлгөсөн.

Таныг сэтгэлийг юу тэгж хөдөлгөв өө?

-Зохион байгуулагчдын зүгээс биднийг нисэх буудал дээр угтахдаа аягатай сүү, хадагтай угтсан. Биднийг уламжлалт ёс заншлаараа халуун дотно угтаж авсанд баяртай байгаа. Уламжлал нь их гоё, хүндэтгэлтэй юм билээ.

Ирэхээсээ өмнө Монголын талаар ямар төсөөлөлтэй байв?

-Эрт дээр үеэс Монгол, Унгар хоёр улс нэг түүхтэй гэж сонсож байсан. Унгар улс Монголоос гаралтай, салан тусгаарласан гэдэг ойлголттой явдаг. Бага сургуульдаа түүхийн хичээл дээр Монголын тухай олон ч удаа сонсож байсан. Харин өнөөдөр Монголд ирж үзлээ. Сэтгэл сайхан байна.

Олон улсын тэмцээнд оролцож байсан уу?

-Хоёр жилийн өмнө Японд “Face of Beauty international” тэмцээнд оролцож байсан. Монголын мисс Баярцэцэг мөн орж байсан. Түүний ардын биелгээ бүжиг бүжиглэж байсныг тод санадаг. Тэр бүжиг надад маш их таалагдсан. Учир нь би өөрөө бүжиглэх, дуулах авьяастай. Бас дуртай. Түүнийгээ хөгжүүлэх гэж хичээж, улс орон бүрийн урлаг, соёлын сонин, содон зүйлсийг ажиглаж явдаг. Тэр утгаараа монгол бүжиг болон бүжгийн хувцас нь маш их таалагдаж байсан. Ямар гоё юм бэ гээд уулга алдаж байлаа.

Та хоёр тэмцээний үеэр баг болж хамтарч ажилласан гэсэн. Хэр гар нийлж байв?

-Тухайн үед Баярцэцэг бид хоёр нэг баг болж ажилласан учраас сайн найзууд болсон. Их найрсаг, нийтэч охин. Монголчууд ер нь их найрсаг ард түмэн юм шиг санагдсан. Тэмцээний сүүлийн шатанд Баярцэцэг өөрийнхөө ээмгийг зүүлгэсэн. “Зүгээр ээ. Энэ ээмгийг зүүчих. Их сайхан харагдаж байна” гэж ирээд л. Би их гайхсан шүү. Яагаад гэвэл тэр миний өрсөлдөгч шүү дээ. Би түүнээс Монголын талаар цөөнгүй зүйл сонссон, монгол хэлээр ойр зуурын үг заалгасан боловч мартчихсан. Тэр хотоос гараад 10 минут явахад цэлгэр уудам тал хөндийд, үхэр мал бэлчиж байдаг гэж ярьж байсан. Би өөрөө байгальд маш их дуртай учраас надад түүний энэ яриа их таалагдаж, ирэх хүсэл төрүүлж байлаа.

Яагаад заавал загварын ертөнцийг сонирхох болсон бэ?

-Би багадаа хөлбөмбөг тоглодог. Яг л эрэгтэй хүүхэд шиг өссөн. Эршүүд байдлаас ангижирч өөрийнхөө гадаад төрхийг гээж өөрчилмөөр санагдсан. Эмэгтэйлэг, эрхэмсэг болох зорилготойгоор загвар өмсөгч болсон.

Өндөр, биеийн харьцаа?

-Би 21 настай. Өндөр 170 см, биеийн харьцаа 86:64:86

Монголчуудын хувьд загвар өмсөгчдийг нүүр будалт илүү тодотгодог юм шиг санагддаг. Харин таныг харахад нэг их нүүр будалт хийгээгүй харагдаж байна. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг бол?

-Унгар бүсгүйчүүд ихэвчлэн байгалийн гаралтай, химийн бодисны хольцгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүн, жимс ногоо түлхүү хэрэглэнэ. Энэ нь бүсгүйчүүдийн дотроосоо гэрэлтэх нэгэн нууц байж ч болох юм.

Ирэх есдүгээр сард Монголд болох тэмцээнд оролцох уу?

-Бид хоёулаа оролцох хүсэлтээ өгсөн байгаа. Оролцох үгүйг холбооноос шийддэг учраас тодорхой хариу гараагүй байна. Харин “Face of beauty international 2016” тэмцээнийг Монголд зохион байгуулах хорооноос энэхүү хэвлэлийн хурал, загварын шоунд оролцох урилга аваад их баярласан.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хан ресурс”-ын 70 сая ам.долларыг Засгийн газар биш С.Баяр төлөх ёстой

Сүүлийн хэдэн жил Монгол Улсыг арбитрын шүүхэд дуудаж, 350 сая ам.доллар анх нэхэмжилж байсан “Хан ресурс”-ын асуудал саяхан эцэслэн шийдэгдсэн байна. Сангийн сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсгийнхэн Канадад айлчлах үеэрээ “Хан ресурс” компанийн нөхөдтэй хэлэлцээ хийж 70 сая ам.долларыг манай тал ирэх тавдугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар болжээ. Энэ тухай Сангийн сайд хэвлэлийнхэнтэй уулзахдаа мэдэгдэж, 70 сая ам.долларыг 2016 оны төсвийн тодотголд тусган төсвийн мөнгөнөөс төлнө гэдгээ хэлсэн юм. Ийнхүү “Хан ресурс”-ын мөнгийг Монголын Засгийн газар өгнө гэдгээ мэдэгдчихлээ. Уг асуудал анх хэрхэн үүсч, юуны учир Монголын Засгийн газар арбитрын шүүхэд удаа дараа дуудагдан, эцэстээ 70 сая ам.долларын өрөнд уначихав гэдгийг эргэн саная.

С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2009 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Лицензээ хураалгуулсан компани Монголын Засгийн газрыг эрчим хүчний гэрээ, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн олон улсын арбитрын шүүхэд хандаж, 350 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан. “Хан ресурс”-ын асуудал тухайн үед Монголын Засгийн газрыг толгойлж байсан С.Баяртай гарцаагүй холбогддог юм. С.Баярыг Ерөнхий сайд байхдаа буюу 2008 оны дөрөвдүгээр сард Орост албан ёсны айлчлал хийснийхээ дараа шууд Мардайн орд газартай танилцсаныг, тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж Приаргуны уул уурхай, химийн үйлдвэрийг сонирхсоныг Баабар маш тодорхой, баримт сэлттэй бичсэн байдаг.

С.Баярыг Мардайгаас цааш авч явсан хүн нь ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко гэж байгаа. Тэр нөхөр Монголын орд газарт өөрийн хувь оролцоог нэмэгдүүлэх болон ураны хүдрийг Краснокаменскт боловсруулах саналаа танилцуулсан гэх хардлага хүмүүст байсан. С.Баяр албан айлчлалаар Москвад буумагцаа хамгийн түрүүнд С.Кириенкотой уулзсан нь хардлагыг бататгах үндэс суурь нь болдог юм. Приаргуны уул уурхай, химийн үйлдвэр 700 метрийн гүнд боловсруулалт явуулдаг, хуучин Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошуунуудыг хийдэг газар билээ. Мардайн ордыг Приаргунд хүдэр нийлүүлэх зорилгоор 1981 онд маш нууц концессын гэрээ байгуулсан гэдэг. Ерөнхий сайд С.Баяр тийнхүү Краснокаменскт очсоныхоо дараа буюу 2009 оны хавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргуулах, атомын эрчим хүч ашиглах талаарх төрийн бодлого, хууль тогтоолын төсөл боловсруулах ажлыг эхлүүлж, улмаар “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Цөмийн энергийн тухай” хуулийг тус тус батлуулсан.

МАН-ын гол лидер байсан С.Баяр Канадын компанийг Монголоос хөөж гаргасан түүх ийм. Тэгэхээр “Хан ресурс”-ын 70 сая ам.долларыг Монголын Засгийн газар биш, Монгол Улсын иргэн С.Баяр төлөх ёстой гэдэг нь хэнд ч ойлгогдохоор байна. Оросын шахалтаар Канадын компанийг хөөж гарган адаг сүүлд нь Монголын төрийг өрөнд унагасан хариуцлагаа тэр бүрэн даах учиртай. С.Баяртай холбоотой асуудал босохоор Монголд байхгүй, гадаадад байгаа гэх хариултууд гарч тэгсгээд намждаг. Харин энэ удаад “буух эзэн, буцах хаягтай” хэргийн эзэн Монголдоо ирчихсэн, хэд хоногийн өмнө Ц.Гомбосүрэн гуайн номын нээлт дээр явж харагдана лээ. Түүнийг нэн даруй АТГ атгандаа хийх цаг нь болжээ.

Өнөөгийн эрх баригчид “гэмт хэрэгтэй үл эвлэрнэ”, “бид хууль шүүхийн дагуу шударга ажиллаж байгаа” гэж зогсоо зайгүй мэдэгдэх болсон. Тиймдээ ч тэр үү өөрсдийн намын нөлөө бүхий гишүүд, журмын нөхдөө хууль шүүхийнхнээр шалгуулаад, ээлж дараалан шоронд явуулж байна. Ардчилсан засгийн Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэрэг, сүүлд нийгмийн гол дуулиан шуугиан болоод буй Монголын ардчилсан холбооны дарга, Их хурлын гишүүн Х.Баттулгын хань хамсаатнуудын баривчилгаа гээд үй олон жишээ татаж болохоор. Өглөө ажилдаа ирэхэд л нэг хүн баригдчихсан, хөхүүл хүүхэдтэй хүүхнийг хүртэл хорьчихсон, амралтын өдрүүдэд улам ч гаардаг бололтой, тэр баривчилгаа нь. Эрх баригчид өөрсдийнхөө намынхныг ингэж хорьж цагдаж, үйл тамыг нь үзэж байгаа юм чинь эсрэг намынхаа дарга байсан нөхрийг эрх биш шалгаж, учир зүйг нь олж хариуцлагыг нь үүрүүлэх байлгүй.

“Эрх биш” гэж итгэж ядсан байдалтай хэлж буй маань учиртай. Ардчилсан засгийнхан сөрөг хүчин болох МАН-ын нөхдийг огтоос шалгахгүй, харин ч бүр бөөцийлсөн, хамгаалсан байдалтай байгаа нь гайхширал төрүүлдэг. Ардын намын гишүүд тийм өө сэвгүй, шалгах шаардлагагүй хүмүүс юм уу. Улсын эд хөрөнгө, уурхай баялаг, Улаанбаатарын газрыг зарж хагартлаа баяжсан тэднийг харин ч бүр удаа дараалан шалгаж, асуудалтай нөхдийг нь хорьж цагдах болсон. Тухайлбал, Хөшөөтийн уурхайг хувьдаа авчихсан У.Барсболдыг яагаад шалгадаггүй юм бэ. Хуучин “Ху” намын үед Засгийн газрын гишүүн Байгаль орчны сайдаар ажиллаж байсан тэр нөхөр 200 сая тонн нүүрсний нөөцтэй гэгддэг Хөшөөтийн уурхайг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжин хятадуудын мэдэлд өгчихсөн гээд байгаа. Хэрвээ уг мэдээлэл үнэн бол хамгийн ноцтой, хамгийн түрүүнд шалгах ёстой хүн нь У.Барсболд байж таарна. За тэгээд үе үеийн засгийн өнгөн дээр ам дамжин яригддаг, дархлагдчихсан юм шиг хэдэн нөхөр бий. Одоогийн МАН-ын дарга М.Энхболд болон Т.Бадамжунай нарын Улаанбаатар хотын газрын мафийнхан. М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэй нөхөд Улаанбаатар хотын газрыг зараад, дөрвөн уулын дундах Алтан тэвшийн хөндийг хөл гишгэх газаргүй болгож, Монгол Улсын хөгжил дэвшилд саад тотгор учруулсан нь үнэн юм бол хууль шүүхээр тогтоолгож, цээрлэл хүлээлгэх цаг нь хэдийнэ ирсэн дээ. Юуны учир тэдний толгойг илж, төрөө түшүүлж сэтэрлэчихсэн морь шиг байлгаад байдаг юм бол. Хэрвээ хотын газрыг зарж үрээгүй юм бол түүнийг нь олон түмэнд мэдэгдмээр байна шүү дээ. Ардын намын дарга, Улаанбаатар хотын газрын мафи гэгддэг нөхөр “Хуучин цагт бид өмчгүй төр авсан, одоо өртэй төр авах нь” гээд даналзаад байна лээ. 2012 онд ардчиллынхан гишгэх газаргүй Улаанбаатарыг хүлээж авснаа мартаагүй байлтай.

Ард түмэнд үнэгүй нүүрс тараасных нь төлөө Л.Гансүхэд 3.6 жилийн хорих ял өглөө. Тэгвэл бүхэл бүтэн Улаанбаатар банкийг хувьчлаад авчихсан Ардын намын лидерүүдийг одоо баллаж өгөх байлгүй. Мөн гурван өрөө зочид буудлыг засч авч, газар нь хотод хэвээрээ байгаа Улаанбаатар хэвлэх үйлдвэртэй нэр холбогдсон Н.Энхбаярыг дөрвөн жилийн турш шорон сахиулж амийг нь чангаалаа. Тэгсэн хэрнээ Хадгаламж банкны 14 тэрбумыг мөрийтэй тоглоод салхинд хийсгэчихсэн У.Хүрэлсүх нарыг одоо хэр нь шалгадаггүй, чимээ аниргүй байгаа нь бас л хачирхалтай. Энэ бүгдийг өөрсөдтэйгөө хүртэл дайн зарлаад байгаа ардчилсан төр шалгаж үнэн мөнийг нь тогтоохыг Монголын ард түмэн хүлээж сууна. “Хан ресурс”-ын 70 сая ам.долларыг Засгийн газар биш С.Баяраар төлүүлэх нь зүйд нийцнэ гэдгийг сүүлд нь дахиад хэлчихье.

Б.Батболд

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Японы империалистуудаар амиа авруулахгүй гэнэ дээ” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа
гаригийн дугаар уншигчдынхаа гарт хүрч байна. Өнөөдрийн тэргүүн нүүрэнд
Сүхбаатар аймгийн анхны тод манлай уяач С.Төмөр-Очирынд өнжсөн тэмдэглэлийг
онцолсон юм.
Мөн
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ярилцлага болоод улс төрийн холбогдолтой мэдээ
мэдээллийг нэг, хоёр болон дөрөвдүгээр нүүрээс уншина уу.
Монголчуд
гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх нь газар аваад буй. Японы Засгийн газрын
хөрөнгө оруулалтаар АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг босгохоор болж, өнгөрсөн
долоо хоногт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд шавыг нь тавьсан. Гэвч үүнийг зарим
төрийн бус байгууллагууд, иргэд эсэргүүцсэн билээ. Энэ талаар өгүүлсэн “Японы
империалистуудаар амиа авруулахгүй гэнэ дээ” нийтлэлийг гуравдугаар нүүрээс
сонирхоно уу.
Монгол
ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай хийсэн ярилцлагыг
тавдугаар нүүрээс уншаарай. НӨАТ-ын талаар эдийн засагч Х.Батсуурьтай хийсэн
ярилцлага зургадугаар нүүрт хэвлэгдсэн байна. Налайх дахь Зэвсэгт хүчний
337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад
өнгөрсөн оны арванхоёрдугаар сард осолдсон. Тус нисдэг тэргэнд сууж яваад амиа
алдсан ахмад борте, механикч Н.Батбаяр агсаны ээж М.Хандсүрэнтэй хийсэн
ярилцлагыг долдугаар нүүрт хэвлэлээ.
Аравдугаар
нүүрт хаврын тариалан эрхлэлт, цаг үеийн асуудлаар ХХААЯ-ны төрийн нарийн
бичгийн дарга Н.Ариунболдтой хөөрөлдсөн ярилцлагыг нийтэлсэн байна.
2016 оны
эдийн засгийн чуулган болон УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг
дэлгэрэнгүйгээр уншихыг хүсвэл 11 дүгээр нүүрийг сонирхоорой.
Даваа гариг
бүр уламжлал болон гардаг “Танайд өнжье” буланд Сүхбаатар аймгийн анхны тод
манлай уяач С.Төмөр-Очирынхыг урьжээ. 12,13 дугаар нүүрээс үргэлжлүүлэн
уншаарай.
Энэ
удаагийн “Миний аав” булангаар Б.Цэдэн-Иш генералын хүү Цэргийн ухааны доктор,
профессор Бодонгууд овогт, хурандаа Энхжаргал аавынхаа тухай хуучилжээ. 17
дугаар нүүрнээс уншаарай. Спортын булангаараа “Үлэмж хурд мастер кросс-2016”
уралдаанаас бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг сонирхоно уу.
Эдгээр
болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн
дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Хятад улс маргааш хилээ хаана

БНХАУ жил бүрийн хавар “Ургацын баяр”-аа тэмдэглэдэг. Энэ жилийн ургацын баяр нь энэ сарын 04 ний өдөр буюу маргааш тохиож байна. Иймээс БНХАУ энэ өдөр хилээ хаахаар болжээ. Улмаар Монгол Улс БНХАУ-руу нэвтэрдэг бүх хилээ хааж, ажилчдаа амрахаар болсон тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

“Алтан тариа” гурилын салбар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллан, “Алтан тариа” компанийн гурил, тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

“Алтан тариа” компани Сэлэнгэ аймаг дахь хуучин Гурил тэжээлийн үйлдвэрийн барилгыг засварлаж дэлхийн тэргүүний гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Швейцарь Улсын “Бюллер” компанийн төхөөрөмжөөр бүрэн шинэчилэн 2009 онд ашиглалтад оруулсан юм.

Тус салбар үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга дарга Э.Шоовдор үйлдвэрийнхээ талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Үйлдвэр хоногт 250 тн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай. 2400 тн улаан буудай хүлээн авч цэвэрлэх, ачих хүчин чадал бүхий 68000 тн үр тариа хадгалах элеватор нь мөн “Бюллер” технологиор бүрэн шинэчлэгдсэн байна.

Энэхүү үйлдвэр нь ашиглалтанд орсоноор хүүхдийн будаа, олон ангилалын гурил, үр хөврөл хүнсний хивэг зэрэг хүнсний бүтээгдэхүүн,тэжээлийн хивэг, няцалбар зэрэг малын тэжээл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм байна. Алтан тариа Сэлэнгэ үйлдвэр нээгдсэнээр 130 хүний ажлын байр шинээр бий болгож дэлхийн хамгийн сүүлийн үеийн компьютерийн удирдлага бүхий автоматжуулсан техник технологийг ашиглаж чадах залуу боловсон хүчнийг бэлтгэж дадлагажуулан ажилууллдаг байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Монгол Улсын гурилын хэрэгцээний талаар ярилцан, гурилын экспорт хийх боломжийн талаар үйлдвэрийн удирдлагуудтай ярилцаж, санал солилцсон юм хэмээнУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Шинэ төмөр зам ашиглалтад орлоо

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ өнөөдөр /2016.04.03/ Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын нээлтэд оролцов.

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор тус төмөр замыг ачиж буулгах терминалын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртсэн Төмөртэй-Хандгайтын төмөр замыг үндэсний компанид шилжүүлж өгчээ.

Монгол Улсын ган бүтээгдэхүүний түүхий эдийг тээвэрлэх үндэсний бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу “Кью Эм Си” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай коннцессын гэрээ байгуулж, тээврийн асуудлыг шийдвэрлэх дэд төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт баригдах шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх энэхүү төмөр замын бүтээн байгуулалт дууссан байна.

Тус төмөр зам нь ачиж буулгах 3 терминал, хамгийн сүүлийн үеийн техник технологи, дохиолол холбооны хэрэгслээр тоноглогдсон төмөр замын гарам, өртөө зэргээс бүрдсэн иж бүрэн цогцолбор бөгөөд нэг жил гаруй хугацаанд байгуулсан байна.

Уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга З.Энхболд, бид энэ өдөр маш чухал үйл явдлын гэрч болж байна. Би чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж, хууль сурталчилдаг. Энэхүү томилолтынхоо үеэр “Төмөртэй-Хандгайтын төмөр замын анхны ачаа тээвэрлэлт”-ийн нээлтийн ёслолд оролцож байна. “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн уриаг Та бид харж байна. Олон арван жилийн өмнөөс манай томоохон бүтээн байгуулалтууд гаднын орнуудын тусламжтайгаар хийгддэг байсан. Монголчуудыг хийж, бүтээж чадна гэдэгт эргэлздэг буруу ойлголт ч бий. Өнөөдрийн энэ бүтээн байгуулалт бол монголчуудын хийж, бүтээж чаддагийн бодит нотолгоо болж байна. Бүтээн байгуулалтад оролцсон үндэсний компаниудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цаашид уурхай, төмөр замд олон мянган монголчууд ажлын байраар хангагдах болтугай. Монголчууд бид бүтээж чадна” гэв.

Энэхүү нээлтийн арга хэмжээний дараа УИХ-ын дарга Төмөртэй өртөөний үйл ажиллагаатай танилцав. Энэхүү өртөөг дагаж дэд бүтцийн хөгжлөөс гадна өртөөг тойрон хүн амын суурьшил, төвлөрөл явагдана гэдэгт итгэж буйгаа УИХ-ын даргад танилцуулж байв. Тус өртөөнд орон нутгийн удирдлага болон уурхайтай холбогдох видео хурлын системийг суурилуулсан нь манай улсад хийгдсэн хоёр дахь удаагийн систем болсон хэмээн “MRC” компанийн зөвлөх инженер О.Доржсугар хэлэв.

Тус компани дохиолол болон видео системийг хариуцан суурилуулсан байна. Шинээр байгуулагдсан өртөөний үйл ажиллагаа хэвийн явагдах инженер техникийн ажил бүрэн дууссан байна. Ийнхүү Төмөртэйн өртөө шинээр байгуулагдаж, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам тавьснаар энэ жил 1 сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх бөгөөд энэ тоог цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна. УИХ-ын дарга З.Энхболд Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замын нээлтэд оролцоход УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүн амаасаа 20 дахин их малтай болно

Манай улсын малын тоо толгой ирэх жил 60 саяд хүрнэ гэж салбарын мэргэжилтнүүд тооцоолж байна. Хэрэв 60 сая толгойд хүрвэл бүх малыг хонин толгойд шилжүүлбэл 94 сая болно. Тэгэхээр 100 га бэлчээрийн талбайд 83 толгой мал ноогдоно гэсэн үг. Энэ нь бэлчээрийн даац 50 орчим хүртэл хувиар хэтрэх, бэлчээр талхлалт 80 гаруй хувьд хүрэх эрсдлийг бий болгож байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор хүнс хөдөө аж ахуйн яамнаас Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Одоогоор хуулийн төслийг бусад яам, байгууллагын мэргэжилтнүүдэд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлж байгааг албаны хүн хэллээ.