Categories
мэдээ спорт

Гадаадын 73 орны баг мэдүүлгээ ирүүлсэн байна

Манай улсад ирэх дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээн болох юм. Одоогоор тэмцээнд 73 орны баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Энэ үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 12 төлөөлөгч, багуудын 81 албаны төлөөлөгч, 473 бөх, 227 дасгалжуулагч, 56 олон улсын шүүгч, 63 эмч, илээч, 3 хэвлэл мэдээллийн ажилтан нийт 935 хүн ирэхээр болжээ. Энэхүү тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх нийт 46 олимпийн эрх олгох байна. дашрамд дурдахад энэ сарын 1-3-ны өдрүүдэд Алжир улсын Алжир хотод болох Африк тив, Далайн орнуудын сонгон шалгаруулах тэмцээн, 15-17-ний өдрүүдэд Серби улсын Сержанин хотод болох Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс тус бүр 36 нийт 72 олимпийн эрх олгох байна. Тиймээс дээрх хоёр тэмцээнээс олимпийн эрх авсан бөхчүүд энэхүү тэмцээнд оролцохгүй аж.

Өсвөрийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн 2016 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх гэж байна. Тэмцээн ирэх сарын сарын 3-н хүртэл үргэлжлэх юм байна. Энэхүү тэмцээн “ “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Тэмцээний хуваарийг танилцуулъя

Дөрөвдүгээр сарын 1, Баасан гариг

10:00-15:00 Барилдаан /Буянт-Ухаа спорт ордон/
Хөвгүүд: 42 кг, 50 кг, 58 кг, 69 кг, 85 кг
Охид: 38 кг, 43 кг, 49 кг, 56 кг, 65 кг
15:00-15:30 Жин үзэлт, сугалаа
Хөвгүүд: 46 кг, 54 кг, 63 кг, 76 кг, 100 кг
Охид: 40 кг, 46 кг, 52 кг, 60 кг, 70 кг
16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
16:30-20:00 Шигшээ барилдаан / Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Дөрөвдүгээр сарын 2 Бямба гариг

10:00 Барилдаан /Буянт-Ухаа спорт ордон/
Хөвгүүд: 46 кг, 54 кг, 63 кг, 76 кг, 100 кг
Охид: 40 кг, 46 кг, 52 кг, 60 кг, 70 кг
17:00 Шигшээ барилдаан /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Дөрөвдүгээр сарын 3. Ням гариг

10:00-15:00 Багийн барилдаан /урьдчилсан барилдаан/
17:00 Шигшээ барилдаан

Categories
мэдээ нийгэм

Жагсаал зохион байгуулсан иргэдийг торгоно

Төрийн ордны зүүн хойд талын хашааны хаалга орчимд “Байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүлэгч Ч.Мөнхбаяр тэргүүтэй 20 орчим хүн өчигдөр зохион байгуулж нэлээд сандаргасан. Эдгээр хүмүүс бүртгэлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан аж. Тиймээс жагсаал цуглаан зохион байгуулсан Ч.Мөнхбаярт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар 25 мянган төгрөгөөр торгуулсан байна. Харин энэхүү жагсаал цуглаанд оролцогч иргэдээс шар өнгийн нунтаг зүйл цацсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны 400 сая төгрөгийн эзэн Дорноговь аймгийнх гэв

НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол энэ сарын 20 нд болж нийт 24,564 азтан тодорсон. Харин сугалааны супер шагнал болох 400 сая төгрөгийн эзэн тодорсон ч азтан баримтаа бүртгүүлээгүй учир хэн гэдэг хүн болох нь тодорхойгүй байсан. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус иргэн баримтаа бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн бололтой. Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга А.Энхжаргал гэх залуу юм байна. Тэрээр хотод ажлаар ирээд Сайншанд буцах замдаа Амгаланд байрлах “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийжээ.Энэ тухай Дорноговь аймгийн цахим хуудсанд мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Одоогоор ээлжит бус чуулган эхлээгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагт товлогдсон. Одоогоор чуулган нээлтээ хийгээгүй байна.Төлөвлөгөөний дагуу бол нээлтийн дараа УИХ-ын зарим байнгын хороод хуралдаж чуулганаар хэлэлцэх гэж асуудлуудыг хэлэлцэх юм байна.

УИХ дахь байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь.

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Чуулганы нэгдсэн хуралдааны дараа “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

– Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

– Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

– Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

– Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ДАРАА :

03 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:

– Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/.

Чуулганы нэгдсэн хуралдаан Байнгын хорооны хуралдааны дараа:

– Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

– Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

– Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

– Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

– Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх;

Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргалыг батлан даалтаар гаргахаар болов

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр саатуулж, улмаар шүүхээс 14 хоног цагдан хорихоор шийдвэрлээд байсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлаас их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр саатуулагдаад буй Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргах саналыг ЦЕГ-аас прокуророор дамжуулан,шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг нь хүлээн авч, батлан даалтад гаргахаар болжээ.Г.Түвшинжаргалын хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны тарифт тоолуур зуны цагийн хуваарьт шилжинэ

Өнгөрсөн жилээс эхлэн улс даяар цагийн тооллыг тодорхой хугацааны давтамжтай нэг цагаар урагшлуулж, хойшлуулдаг болсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг мөн адил өөрчилж байхаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа нэг цагаар урагшилна. Тодруулбал өдөр, шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, өдөр, орой, шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 болно.

Categories
мэдээ цаг-үе

Цэрэнпилийн Гомбосүрэн: Дамдинсүрэн гуайг матсан Хэвлэл хянахын хорон санаатнууд толь бичгийн тэмдэгтэй эхийг хулгайлсан байх

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Оросын зохиолч В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиот”, “Хөвүүн заяа” зэрэг хорь гаруй сонгодог бүтээлийг эх хэлнээ хөрвүүлжээ. Мөн Лалын шашны хөлгөн судар “Коран”-ыг анх монголчилж, сонгодог утга зохиолын орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг билиг төгөлдөр бичгийн хүмүүн билээ.

-Та овгоо Орхунт гэж бичдэг. Орхон гол гэхэд “о” үсэгтэй бичигддэг. Монгол бичигт үгийн хоёрдугаар үеэс хойших “о”-г “у”-гаар бичдэг байж болох юм. Зөвхөн овогт чинь гэхэд ямар нэгэн утга учир байна уу, үгүй юу?

-Овог гэдэг зүйл бидний үед тасарчихсан болохоор нэг их уламжилсан юм байхгүй л дээ. Маний үеэс хойш дуудагдаад явж байг гэх үүднээс нэг ийм үг зохиож тавьсан юм. Би Орхон голын хүү. Орхон мөрөн чинь Монголын хамгийн урт мөрөн шүү дээ. Орхон мөрнийг тойроод өчнөөн уул хангай байгаа. Би Орхоны Уньт гэдэг газар төрсөн юм. Орхунт гэж зөөлний тэмдэггүй байгаа нь бас учиртай. Уньт гэж сайхан хоолойн хойд талд олон хүүхэд тойруулчихсан шаазан Энх-Амгалан хаан сууж байгаа юм шиг Сант гэж сайхан хайрхан байдаг. Орхон гол, Уньтын хөндий, Сант хайрханы минь л үсгүүдийн нийлбэр байгаа юм. Сүүлд бодох нь ээ оновчгүй ч юм шиг санагдаад байгаа.

-Овог чинь зохиомол юм байна. Гэхдээ та язгуурын монгол хүний хувьд яг ямар овог аймгийн хүн бол?

-(инээв) Тэрийг ёстой мэдэхгүй байна. Газрын зураг дээр овог энэ тэр гээд тэмдэглээ л байна. Манай нутагт тэр нь алдартай овог гэж ярьж байхыг би л лав сонсоогүй юм байна. Би мэдэхгүй гэдэг нь өвөг дээдсийн уламжлалыг цаанаасаа тасалсантай л холбоотой. Социализм гээч юм чинь, мэдэхгүй, хаашаа ч янзын нийгэм байсан юм. Манай аав гэхэд л мянга есөн зуугаад оны эхээр төрсөн, бурханы ном үзсэн хүн байсан. Бурхан шүтсээр байгаад бурхан болсон. Ардын цэргийн албыг таван жил хаасан. Бодвоос хуучин монгол үсэг сурсан хүн байх ёстой. Тэрийгээ хэрэглэлгүй байсаар байгаад, нөгөө үсгийг нь үгүй хийсэн байх. Хажууд нь, шашин шүтлэгийн хувьд бүр зүрхэнд нь цус хуруулчихсан. Маньд “Манай хамаатан тэдэн онд явчихсан шүү дээ” ч гэж хэлж чадахгүй.

-Зүрхэнд нь ёстой шар ус хуруулчихсан үе байж дээ?

-Хуруулчихсан. Тээр хойно манай ээж л “Сайн лам нар байсан байлгүй яахав дээ. Том оо лам нар байж байгаад туугдаад явсан” гэж байсан.

-Та эцэг эхээс хэдүүл хүн юм?

-Бид нар долуулаа. Би айлын ууган хүү ухаантай юм. Дээрээ хоёр эгчтэй. Хүү гэдэг утгаараа том нь.

-Аав чинь үлгэр домог аль хэр мэддэг хүн байв?

-Өө тийм юм байхгүй. Манайх үхэр, хоньтой л айл байсан. Мал л маллана. Би гэдэг “сайн” хүү байна л даа. Аавынхаа талаар архив ухах гээд ерөөсөө чадахгүй юм. Аав цэргийн албыг 1925-1930 онд хаагаа болов уу. Зүүн хилээр элдэв туухай юм хараахан үүсээгүй байсан үе. Гучин хоёр оноос өмнө л гэж би тааж байгаа хэрэг. Манай аав их сайхан шүдтэй хүн байсан юм. Тиймээс Цэргийн үлээвэр хөгжим гээчид таван жил ямар нэг хөгжмийн зэмсэг үлээсэн шиг байгаа юм. Манай том эгчийн үгээр бол аавыг цэрэгт улираах гэсэн чинь бид буурай гэж дууддаг аавын ээж Хүрээ орж, өргөдөл чирэгдэл болсоор хувийн аж ахуйтан болгосон байгаа юм. Хөдөөний ард чинь сүүлд цагийн эрхшээлээр нэгдэлд орж хоньчин болсон. Аав, ээж хоёр үнэхээр сүсэгтэй. Тэр үеийн засгийн бодлогын дагуу бурхан тахилаа хад чулуу, агуйд хийсэн үү, би мэдэхгүй. Гэхдээ манай тэндхийнхэн чинь Эрдэнэ-Зууд аваачаад өгчихдөг байсан юм. Эрдэнэ-Зууд аваачиж өгсөн юм гэдэг хадгалагдана гэж байхгүй. Сэтгэлд нь л байхаас шороон дээр хаясантай утга нэг. Ээж маань яах вэ дээ, авдрандаа бурхан тахилаа нууж шүтнэ. Сүүлдээ жаахан гаргасан л даа.

-Ээж чинь их сүсэгтэй хүн байжээ?

-Манай ээж чинь “Дөрвөн уулын сан” тавина. Манийгаа ариулна, утна. Тийм хүн байсан. Аав бол дүнгэнэтэл маани уншаад байна. Гадны хүний дэргэд ганц маани ч унагахгүй. Цаг үе нь тийм байлаа даа, зайлуул.

-Та сургууль соёлын мөр яаж хөөв?

-Намайг хүн болж ухаан орсноос хойш манайх Архангай аймгийн Өндөрсант сумын айл байсан. Өндөрсант сумын бага сургуулийг 1951-1955 онд төгссөн хүн. 1956 онд манайх Өвөрхангайн Хужиртын айл болсон. Өвөлжөө, хаваржаа, зуслангийн буурь хэвээр ч Архангай, Өвөрхангай хоёр аймгийн хилийг өөрчилчихгүй юү. Орхоны хөвөөгөөр явж байгаа хилийг Орхоны хяраар болгочихоор Хужиртын айл болчихсон. Зургаагаасаа Хужиртын арван жилийн сургуульд ирж аравдугаар ангиа төгсөхгүй юу.

-Алдар нэртэй хүмүүсийг булаалддаг. Архангайнхан таныг Өвөрхангайтай булаацалдах уу?

-Аймгууд “Нэвтэрхий толь” гээд нэг юм гаргаад байна шүү дээ. Архангайнх дээр миний намтар байж л байдаг гэж байгаа.

-Ардын уран зохиолч Тангадын Галсан багштайгаа хамт уржнан жил нутаг явж байхад Сангийн далай нуурын зүг аян замын даллага, сэржим өргөж байхдаа “Халхын их Өндөр богд, суут хөгжмийн зохиолч Жанцанноров, билгүүн эрдэмтэн Чой. Лувсанжав, их гүүш Гомбосүрэнгийн минь нутаг даа” гэж түүхийн хичээл заах шахуу шивнэн шившиж байсан. Тэгж явахад Га багш таныг нисдэг тэрэг хөлслөн Чой багшийн шарилыг нутагт нь аваачиж байсан талаар ярьж билээ?

-Тийм. Шарилыг нь аваачиж нутаглуулсан юм. Өөрөө ч зайлуул, бие нь тааруу байхад “Ханхын цагаан овоонд нутаглуулаарай” гэж захидаг байсан юм. Сангийн далайгаас чинь баруун урагшдуу газар. Зуны эхэн сард бурхан болсон. Зам харгуй ч сайхан биш байсан болохоор нисдэг тэрэг гуйж, тэнд оршуулсан юм.

-Чой.Лувсанжав хэмээх хэлний эрхшээл эзэмшсэн, мэдлэгийн цар хүрээгээрээ Монголын гайхамшигтай эрдэмтэнтэй та хэдийд дотносч нөхөрлөв?

-Би 1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад ерөнхий технологич, үйлдвэрийн хэлтсийн даргаар найман жил ажилласан хүн. Чой багш “Монгол дээл, хэт хутгатай ирж оюутнууддаа хичээл заадаг” гэж тэр үеийн сэхээтнүүдийн дунд яригддаг байлаа. Бид хоёр, нэг намар айлд айраган дээр танилцсан юм. Мань хүн надтай танилцсанаа маш их олзуурхаж байна. “Англи хэлний өөрөө сурах бичиг” буюу алдарт хар номоо хэвлүүлэх гэтэл манай улсад хэвлэж чаддаггүй. Англи хэлний галиг тэмдэглэдэг зургаан тэмдэгт огт байхгүй учраас тэр л дээ. Мань хүн надтай танилцаад энэ учраа хэллээ. Тэр үеийн технологиор үсгийн тэмдэгт хийнэ л дээ. Эхлээд маш хатуу ган сийлдэг юм. Тэрэн дээрээ бүүр хатуу гангаар сийлж, тугалгаар цутгаж үсгийн тэмдэгт хийдэг. Ингэж ном-соёлын хамаатан садан шахуу юм болохгүй юу. Нарийн эдлэлийн сийлбэрчинтэйгээ Лу багшаа танилцуулж, галигийн зургаан тэмдэгтийг нь хийж, алдарт хар номыг нь хэвлэсэн байгаа юм. Хожим манай дүү тэдний хүргэн болчихдог гэж байгаа. Гэх мэтээр л ойр дотно явсан хэрэг.

-Та хэвлэлийн комбинатад хариуцлагатай, бас осолтой алба хашиж байж. Манай зарим зохиолч, сэтгүүлчид “Цэдэнбал даргын нэрийн “б” үсгийг хасаж гаргаснаас болж баларсан” гэдэг шиг ноцтой алдаа гаргаж байв уу?

-Бид үйлдвэрлэлийн инженерүүд гэдэг утгаараа тодорхой асуудал дээр л ёс суртахууны ч юм уу, аливаа хариуцлага хүлээх болохоос үг, үсгийн алдаа зэргийг хариуцсан хүмүүс нь л хүлээнэ. Бид эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн “Орос-Монгол толь”-ийн “1000 жилийн хүснэгт”-ийн хэрэгт л ороолдож байсан.

-Чухам юу болов?

-Тэр их сонин. Тэр үед Хэвлэл хянах газрыг главлит гэдэг байсан юм. Хэвлэл хянах газар номын эх болгоны хуудас бүхэн дээр тэмдэг дарна. Хэвлэхийг зөвшөөрлөө гэж байгаа юм уу, үзсэн гэж байгаа ч юм уу, тийм агуулгатай. Бид тийм тэмдэгтэй зүйлийг хүлээж аваад үйлдвэрлэлд оруулдаг. Нөгөө номыг хэвлээд, түрүүчийг нь дэвтэрлэж гаргаад явж байтал бөөн яриа үүсдэг юм. Ингээд бөөн юм болоод, главлитаас хэвлэхийг зөвшөөрсөн тэмдэгтэй эхээ хайтал олдож өгдөггүй. Бид алдсан хэрэгт холбогдож загнуулаад байдаг. Дамдинсүрэн гуайг дээш матсан Хэвлэл хянахын хорон санаатай улс л тэр эхийг хулгайлсан байх гэж би дотроо боддог юм.

-Улсын хэвлэлийн комбинатын хашаанд тэр Мянган жилийн литийг тасдаад шатааж байсан гэдэг бил үү?

-Би бол шатаалгагч, эрхэлсэн ажлынхаа дагуу хариуцна л даа. Тэр толийг гучин таван мянган хувь хэвлэсэн санагдаад байх юм. Зүгээр, цээжээр ярихад, тав зургаан мянга нь номын худалдаанд гарчихсан байсан. Тийм бүтэн хүснэгт бүхий номтой хүн өчнөөн бий.

-Би харин түүнийг л асуух гээд байсан юм. Ноднин яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын хамт явж байгаад хуучин номын худалдаанаас хүснэгт бүхий бүрэн толь худалдаж авч байсан юм л даа?

-Толийн хоёрдугаар боть нь шүү дээ. Миний бодох тоо бол тав зургаан мянга нь хэрэглэгчдийн гар дээр тарсан. Наана нь үлдсэн хавтасласан арван мянгаас урж хаяж буцааж нааж байлаа. Тэр арван мянган толь бол дээл нь томдсон хүүхэд шиг юм байгаа. Дэвтэрлэгээнд оруулаагүй хэсэг нь харин таарсан хавтастай толиуд болсон. Урж тасдсан хэсгээ Хэвлэлийн комбинатын хашаанд шатаасан. Дамдинсүрэн гуайн үг хүртэл байдаг биз дээ. “Берлин, Бээжин хоёрт ном шатааж байсан. Одоо Улаанбаатарт шатаадаг боллоо” гэсэн гашуун мөртлөө үнэн үг тэр үед л гарсан.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын шилдэг сумаар шалгарсан Сүхбаатарын Түмэнцогт

Түмэнцогт сумынхан баяр хөөрөөр дүүрэн байна. Нутгийн иргэд бие биедээ баяр хүргэж, “Манай Түмэнцогт сум бусад сумтай хийж бүтээсэн зүйлээрээ уралдсан гэнэ. Тэгээд хол тасархай түрүүлсэн байна. Манай сум улсын тэргүүний сум болохгүй юм бол өөр ямар сум болох юм бэ” гэж хоорондоо ярих ажээ. Мөн Түмэнцогт бүсийн шилдэг сумаар шалгарчээ гэдгийг сонсоод л нутгийн залуус нийслэлээс сумандаа ирцгээсэн байна. Залуус Засаг даргын Тамгын газрынхаа хамт олонд баяр хүргэж байна лээ. Түмэнцогт сумынхан баярт мэдээ дуулсан өдрөөс хойш хэд хоног ийм л баяр хөөрөөр дүүрэн байгаа гэсэн. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн Улсын тэргүүний сум шалгаруулах журам батлагдсан билээ.

Хоёр жил тутамд шалгаруулдаг уг шалгаруулалтад Хэнтий аймгийн Батноров, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийнТүмэнцогт сум өрсөлдсөн аж. Дээрх гурван сум Улсын тэргүүний сум болох 19 шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан аж. Ингээд Түмэнцогт сум 106 оноогоор тэргүүлсэн байна. Улсын тэргүүний сумын болзол хангасан тохиолдолд 100 сая төгрөгийг Засгийн газраас өгдөг гэнэ. Түмэнцогт сум Улсын тэргүүний сум боллоо гэсэн мэдээлэл гарсны дараа “Хоёр мянга гаруйхан хүн амтай, өндөр барилга огт баригдаагүй талын жижигхэн сум ямар шалгуур үзүүлэлтээр улсын тэргүүний сум болсон юм бэ. Хэн нэгэн албан тушаалтны нөлөөлөл ороод ийм жижигхэн сум шалгарчихсан юм биш үү” гэж хардах хүн ч олон байна.

Орос ах нарын барьж өгсөн барилгуудыг өдийг хүртэл хэвээр нь байлгадаг

Тэгвэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд сүүлийн хэдэн жил их бүтээн байгуулалт хийгджээ. Нутгийн иргэд сумынхаа төвөөр сэтгэл дүүрэн алхах тийм л орчинг бий болгох ёстой гэх бодлын үзүүр тус сумыг хөгжүүлж эхэлсэн байна. Түмэнцогт сум бусад сумаас ялгаатай нь хуучны барилгуудаа зах зээлийн шуурганы үед бүрэн бүтэн аваад үлдчихсэн юм байна. 1954 онд Түмэнгийн сангийн аж ахуй нэртэйгээр сум үүссэн түүхтэй. Орос ах нар зүүн аймгуудад нэгэн хэв загвараар хоёр давхар арав гаруй барилга барьж өгсөн байдаг. Сургууль, цэцэрлэг, сумын захиргаа, соёлын төв, орон сууцны барилгын их бүтээн байгуулалтыг хийж, төвлөрсөн шугамтай болгож өгсөн аж. 1990 оноос эхэлсэн зах зээлийн шуурганд оросуудын барьж өгсөн барилгуудын ихэнх нь балгас болжээ. Сумын иргэд дулаан, халуун, хүйтэн усны шугамыг ухаж аваад хаягдал төмөрт тушаачихдаг. Суманд хийх ажилгүй учир хот руу явахдаа байшингаа нурааж тоосгыг нь зөөгөөд аваад явчихсан байдаг. Тэгвэл Түмэнцогт сумын үе үеийн дарга нар орос ах нарын хийж өгсөн их бүтээн байгуулалтыг тэр чигт нь зах зээлийн шуурганаас аваад хоцорчээ. Дулааны шугам сүлжээг ухуулалгүй, орон сууцны барилгаа хаалга, цонхноос нь эхлээд нураагаад авч явах гэж байхад нь нураалгалгүй үлдээчихсэн юм байна. Мөн төр захиргааны мэдлийн барилгуудад огт хувьчлал хийгдээгүй гэнэ. Хэдийгээр уурын зуух нь түлэх нүүрсгүй болж, паарнууд нь зад хөлдөж байсан ч гэсэн нүүрсний уурхайд өр тавьж амь залгуулсаар байсан аж. Түмэнцогт сум ингэж л балгас бололгүй явсаар өдий хүрчээ. Харин 2010 оноос хойш сум бага багаар өнгөө засч эхэлжээ. Гэхдээ сумаа хөгжүүлэх гэхээр хөрөнгө санхүү дээр тулаад л зогсчихдог байсан аж. Засгийн газрын сум хөгжүүлэх бодлогын хүрээнд сум хөгжүүлэх сангийн мөнгө орж ирэх болов. Хоёр мянга гаруйхан хүн амтай болохоор Түмэнцогтод төдийлөн хөрөнгө орж ирэхгүй байсан гэнэ. Тиймээс сумын удирдлагууд газраа эргэлтэд оруулж хөрөнгө босгоод сумаа хөгжүүлж болох юм байна гэж үзжээ.

Түмэнцогт сум сангийн аж ахуй, тариалангийн бүс нутаг. 20 гаруй жил огт ашиглагдаагүй тариан талбайгаа дуудлага худалдаагаар зарж эхэлжээ. Түмэнцогт хэзээнээсээ шим сайтай бор хөрстэй учир бороо хур элбэгтэй бол алтан сортой тариа халиурдаг гэнэ. Ингээд дуудлага худалдаагаар хоёр тэрбум гаруй төгрөг босгож чаджээ. Ингээд хөрөнгө, сум хөгжүүлэх сангийн хоёр тэрбум гаруй мөнгөө нийлүүлж байгаад дэс дараатайгаар бүтээн байгуулалтын их ажил хийгдэж эхэлжээ.

Хөгжлийн салхи сэвэлзсэн Түмэнцогт сумын өнгө төрхөө өөрчилсөн түүх

Сумын төвийн төв талбайн өнгө үзэмжийг сайжруулж бетонон зам тавьж, цэцгийн хүлэмжийг барьсан гэнэ. Хуучин моднуудын мөчрийг тайран цэцэрлэгжүүлжээ. Төв гудамжны талбайг зүлэгжүүлсэн байна. Дорнод аймаг руу явдаг засмал замаас урагш сумын төв орох хэсгээр сайжруулсан шороон зам тавьж, гэрэлтүүлэг хийжээ. Үүнийхээ дараа “Түмэн төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэн бий болгож, гурван мянган мод тарьсан байна. Усан оргилуур, амралт чөлөөт цагаа өнгөрөөх сандал, гэрэл гээд бүгдийг нь шийджээ. Мөн сумын төвийн баруун зүүн хэсэгт хүүхдийн тоглоомын талбайтай болгосон аж. Түмэнцогт сумын гэр хорооллын айлууд хашаагаа эмх замбараагүй барьчихсан байдаг. Муруй мухар гудамж олон байсан гэнэ. Иймд сумын Засаг даргын Тамгын газраас захирамж гаргаж бүх айлын хашааг нэг шугаманд оруулж цэгцэлчихсэн байна. Ингээд Хөвсгөл аймгийг дээрээс нь харахад айл болгоны хашаа эмх цэгцтэй харагддаг шиг л болгочихжээ. Сумынхан эхлээд хашаагаа татаж тэгшхэн болгохыг эсэргүүцэж хэл ам таталсан байна. Энэ болгонд сумынхаа иргэдийг загнах нэгийг нь загнаж, аргадах үедээ аргадаж байгаад хоёр сарын хугацаанд бүх гудамжаа тэгшлээд авчээ. Сумын төв хэсэгт өнгө үзэмж тааруу олон айл хашаа хатган буусан байсан аж. Мөн сумын төв дээр хашаатай болох хүсэлтэй малчин гэр бүлийнхэнд зориулан тусгай гэр хороолол барьжээ. Ингэхдээ хашааны зузаан банз худалдаж авч, нэгэн жигд өнгийн хаалга хийлгээд сумын төвийн баруун хойд хэсэгт 0.7 га талбайд хашаа барьж нэг гудамж бий болгожээ. Цахилгааны шугам татаж, шинэ шаргал банзаар хашаа хатгаж, адилхан хаалгатай шинэ гэр хорооллыг зах зээлийн ханшаас бага үнээр худалдаалжээ. Сумын төвийнхөн ч уралдаад л шинэ хашаа худалдаж авсан байна. Сумын төвийн хог хаягдлыг хуу хамаад хогийн цэг байгуулан тэнд асгаж эхэлсэн байна. Зуны дэлгэр цагт зүлэгжүүлсэн талбайд ногоо ургаж, цэцэрлэгт хүрээлэнд суулгасан зулзаган модод нахиалж, цэцгийн мандлаар гоёсон гэрэлтүүлэг бүхий гудамж ийнхүү сүндэрлэн босчээ. Ингэж л Түмэнцогт сум нүүрээ угаасан хүүхэд шиг болж өнгө зүс орсон байна. Хөрөнгө мөнгө байхгүй гээд л алгаа тосоод сууж байдаг сумдуудаас буйдхан сум ингэж л ялгарч, хөгжлийн гэрэл талын жижигхэн сууринд асчээ. Сумын удирдлагууд ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг хийгээд эхлэхээр айл өрхүүд ч дагаад хашаа, хороо, байшингийнхаа өнгө төрхийг засаад эхэлсэн байна. Хашаандаа мод бут тариад, хашаагаа оохордоод, олон жилийнхээ хур хогийг хогийн цэгт аваачиж хаяад цэмцийгээд эхэлжээ. Сумын иргэд шороо, ус зөөх, мод услах гээд л ажил болгонд тусалж хөрөнгө мөнгө гаргалгүй асуудлыг шийдсэн байна. Нутгийн иргэд “Та нар ингэж нойр хоолгүй зүтгэж байхад ингээд зүгээр суугаад байж болохгүй. Бидэнд хариуцлага байх хэрэгтэй” гээд л хүүхэд, хөгшидгүй гар бие оролцжээ. “Ажил хийж байгаа хүмүүст хоол унд хэрэгтэй” гээд хонь дүүрээд ирэх малчин олон байсан гэнэ. Хүн бүрийн сэтгэл зүрхэнд олон жилийн турш сумаа хөгжүүлэх юмсан гэсэн бодол дараатай явсан юм байна. Тэр бодол сэтгэл зүрх нийлэн гуравхан жилийн дотор олон ажил хийсэн байна.

Түмэнцогт сумын Засаг дарга “Манай сум бусад сум шиг улсаас юм аваад байдаггүй. Сургуулийн хүүхдүүд багтахгүй байна. 320 хүүхдийн сургууль бариад өг” гээд аймгийн төв, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хаалгыг олон удаа татаж арай гэж төсөв батлуулсан байна. Өнөө жилдээ багтаад сурагчид шинэ сургуулийнхаа байранд орохоор болжээ. Бүр сумынхаа төвд гэрэлтүүлэг хийгээд зогсохгүй сүүлийн үеийн хөдөлгөөн мэдэрдэг камер хүртэл тавьжээ. Сумын төвийн хаана хэн, ямар улсын дугаартай машин, мотоцикль явж байгааг харах боломжтой болжээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Зогсчихсон байсан, үндэсний хэмжээний, хэрэгжих бололцоотой төслүүд хөдөлж байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Торонтогийн уул уурхайн чуулга уулзалтад оролцоод ирсэн зарим эрхэм “Дэлхийн уул уурхайн зах зээл сэргэх хандлагатай байна” гэж дүгнэсэн байна лээ. Монголд харин ямар байгаа вэ?

-Ерөнхий сайд муу хэлүүлэн байж, гэрч болоод хажууд нь зогсч Рио Тинто, Туркойз Хилл, Эрдэнэс Монгол гурван компани Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан шүү дээ. Тэрнээс өөр арга байсангүй. Зөв шийдэл болсон. Жилд нэг тэрбум долларын хөрөнгө орж ирнэ шүү дээ. Одоо Оюу толгой сонгон шалгаруулалт хийж эхэлсэн байна. Үндэсний компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтад оролцохоор бэлтгэж эхэлсэн. Компанийн засаглалаа сайжруулаад, хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандарт нэвтрүүлж байна. Олон улсын хэмжээнд тавьдаг шаардлагыг хангах талаар монголчууд өмнөх бүтээн байгуулалтын ажлаас мэдэрчээ. Хүлээлт үүссэн байна. Оюу толгойтой холбоотой сайн эхлэл байна. Бороо, Гацууртын алтны ордын асуудлыг УИХ хэлэлцээд, Засгийн газар ажлыг нь явуул гэсэн. Энэ бас хөдлөх нь. Дээр нь Шинэ Шивээ гээд Шивээ Овоогийн нүүрсний орд дээр бараг өнөөдөр Монголд хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнээс хоёр дахин их эрчим хүч үйлдвэрлээд, Хятадад экспортлох төслийн яриа хэлэлцээр бэлтгэл ажил явж байгаа. Манай Засгийн газрын хүмүүс Хятадад ажиллаад, дараагийн таван жилийн төлөвлөгөөнд нь энэ талаар тусгуулахаар бодож байх шиг. Таван толгойн эрчим хүчний төслийн сонгон шалгаруулалт хийгээд ажил нь явж байна. Үндэсний хэмжээнд зогсчихсон байсан хөдлөх бололцоотой төслүүд хэрэгжих өнгөндөө орлоо. Нөгөө талаас эрчим хүчний болон коксжих нүүрсний манай ганц зах зээл Хятад гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээгээ хумьсантай холбоотойгоор манай нүүрсний борлуулалт их буурлаа. Мэдээж манай нүүрс үнийн хувьд өрсөлдөх чадвар муу, замаар тээвэрлэдэг учраас өртөг зардал өндөр, бүгдийг нь угааж баяжуулаагүй учраас чанарын доголдолтой, тогтмол нийлүүлэлт байхгүй учраас найдвартай ажиллагаа нь эргэлзээтэй байна. Энэ нь хувийн компанийн асуудал гэхээсээ манай төр засгийн бодлогын дэмжлэг дутагдаж байна. Дэмждэггүй юм гэхэд ядаж саад болохгүй байх ёстой шүү дээ. Нүүрс гэхэд үнэхээр өрсөлдөх чадвар байхгүй. Гаалийн хураамж гээд тонн тутамд нь далд хэлбэртэй татвар, тэмдэгтийн хураамж авдаг. Хятадад л тэр нүүрс шатна шүү дээ. Гэтэл тэрний төлөө Монголд хорт утааны татвар авдаг. Жишиг үнийн асуудал байна. Сая л нэг Засгийн газар, салбарын яам тогтоол гаргаад, гэрээний асуудал шийдэж байна л даа. Эрт хийх ёстой ажил. Гадаад талдаа гэвэл зэсийн үнэ тун удахгүй сэргэж магадгүй гэсэн хүлээлт байна. Алтны үнэ унахааргүй хандлагатай байна. Тийм учраас тодорхой, бэлэн болсон төслүүдэд хөрөнгө оруулалт бололцоотой байх шиг байна.

-Хайгуулын ажил зогссон гэсэн үү?

-Хайгуул бол дэлхийн хэмжээнд зогсчихсон байгаа. Хайгуулд хөрөнгө оруулалт хийх хүнд байна. Хэрэгжихэд бэлэн болсон уул уурхайн төслүүд дээр одоо хөрөнгө оруулахад ямар давуу тал байна гэхээр хөрөнгө оруулалтын өртөг тодорхой хэмжээгээр буурсан. Хөрөнгө оруулсан байхад үнэ сэргэхээр үйлдвэрлэл нь явчих бололцоо бий. Монголын хувьд хайгуул дөрөв таван жил зогсоод өнгөрсөн жил сэргэх нь гэсэн чинь явц нь удаан байна. Хамгийн хэцүү нь хайгуулын ажил зогссонтой холбоотойгоор геологи, хайгуулын компаниуд, тэдэнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд, тосгон, гэр түлш шатахуун нийлүүлэх ажил бүгд зогслоо. Эдний хувьд хүнд байна. Эдийн засгийн бэрхшээл хямралын үед монголчуудад үүнээс илүү сайн явах бололцоо байсан. Үнийн өсөлтийг мөнхийн юм шиг санаад хамаг асуудлаа дордуулчихсан. Алдаагаа заслаа ч хөрөнгө оруулагчид эргэж ирэх итгэл сэргэх хэрэгтэй. Монголын хувьд Оюу толгойн асуудлыг шийдлээ. Гацууртад шийдвэрээ гаргачихлаа. Хаан ресурсын төлөх өрийг шийдсэн. Хөрөнгө оруулагчдын итгэл эргэж ирэхэд ийм бодит алхмууд хэрэгтэй байсан л даа. Энэ бүхэн монголчууд алдаа гаргавал засч чаддаг юм байна гэдгийг дэлхийд харуулж байна. Дэлхийн уул уурхайн байдал сайжраад ирвэл манайх ч наашлах сайн дохио.

-Хямралд бас давуу тал бий гээд байгаа?

-Эдийн засгийн хүндрэл бидэнд сургамж өглөө. Уул уурхай ярьдаг хүн бараг байхгүй боллоо. Шантаажлах хүн байхгүй боллоо. Ярих сэдэв ч байхгүй боллоо. Нам гүмхэн байж байна. Эрдэс баялгийн үндсэрхэг үзэл гэдэг чинь үзэгдэл байхгүй юу. Үнэ буурахаар алга болоод, үнийн өсөлтийг дагаад эргээд бий болдог. Үүнд бид дандаа бэлэн байх ёстой. Тэрний тулд бүх оролцогч нар уул уурхайн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж, хариуцлагатай уул уурхайг хэрхэн хөгжүүлэх талаар том сургамж авлаа. Бодлогын алдаа, тогтворгүй байдал юунд хүргэдгийг үзсэн. Энэ маань дараагийн мөчлөгт бэлтгэлтэй илүү ухаалаг хандах боломжийг олгож байна. Компаниуд удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж байна. Компанийн сайн засаглалыг нэвтрүүлэхэд анхаарч байна. Хөдөлмөр, эрүүл мэнд аюулгүй ажиллагааны чиглэлээр Уул уурхайн ассоциаци 15 дахь удаагаа “Нэн түрүүнд ХАБ” гэж хурлаа дөрөвдүгээр сарын 28-нд хийх гэж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг Монголд хүлээж аваад хэрэгжүүлэхэд энэ таван жилийн хугацаанд том ахиц гарчээ. Компаниуд энэ талаар сайн ойлгоод, зөвлөх үйлчилгээ авдаг болсон байна. Компанийн засаглал, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар энэ стандартууд дэм тус болно. Монголын банкны холбоо хамтраад ТоС гээд тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бас л хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг мөрдөж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалздаг болсон. Байдал хүндэрсэн үед хүмүүс ингэж нөхцөлөө сайжруулахаар ажиллаж байна.

Маш олон үндэсний компаниудын хувьд байдал хүнд байна. “Алтайн хүдэр”, “Энержи ресурс”, МАК гээд сайхан явж байсан компаниуд ч хүнд байдалд орлоо. Эд сайн ажилтнуудаа алдахгүйн тулд олон сараар хагас дутуу цалин өгч байна. Хүнээ явуулчихаж болдоггүй, хадгалаад байж болдоггүй. Аль аль талдаа хүнд байна. Үйлдвэрчний байгууллагууд жагсч цуглаад эсэргүүцээд, хэцүү асуудлууд их тулгардаг. Гэтэл үндэстэн дамнасан корпорациуд Бороо, Оюу толгой тухай тухайн үед нь эрсдэлээ бууруулаад, хүнээ цомхотгоод, асуудлаа шийдээд яваад байна. Манай үндэсний компаниуд хүнээ хадгалаад байдал сайжирч магадгүй, төр засгаас дэмжиж магадгүй гээд горьдоод байна. Ийм үед эрсдэлийг бууруулах, үнийн мөчлөгийн эсрэг арга хэмжээнүүд авч, аажуу тогтуу бодлоготойгоор аль аль талдаа хохирол багатайгаар явах ёстой. Асуудлыг хуримтуулахаар байдал хүндрээд байгаа. Зургаан сар хүнээ хадгална гээд цалин өгч чадахгүй бол маш том эсэргүүцэл жагсаал болно. Цалин өгөөд байхаар компанид татварын өрнөөс авахуулаад дарамт ирдэг. Энэ асуудлыг зах зээлийн эдийн засгийн зарчмаар шийдэж сурах хэрэгтэй.

-Хямралын үед ажилтан, ажил олгогч аль алинаа хохироохгүйгээр шийддэг бусад орны туршлага бий байх?

-Бусад оронд даатгалын систем нь байна. Манайд даатгал хөгжөөгүй. Хөдөлмөрийн хууль оновчтой зохицуулалтгүй байна. Ажил олгогч, ажилтны эрх ашиг тэнцвэртэй байх учиртай. Манайд бүдүүн тоймоор хэлбэл хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг халж болдоггүй. Заавал шүүхээр явдаг. Тэр тусмаа уул уурхайн компаниуд хүнээ цомхотгох түр зогсоход яах ёстойг Үйлдвэрчний байгууллага, ажил олгогч нар хамтын гэрээ хэлэлцээрээр сайтар тохиролцсон байх учиртай. Хэлэлцээр хийдэг арга технологи, ур чадвар нь манайд сайн хөгжөөгүй байна.

-Нүүрсний хэрэглээг хумих талаар дэлхийн хэмжээнд яригдаад байна. Манай гол хэрэглэгч Хятад нүүрсний хэрэглээгээ танаж байна. Нүүрсний ирээдүй бүрхэг болж байгаа юм биш үү?

-Киотогийн протокол гэж олон жилийн өмнө гарсан. Өндөр хөгжилтэй, уул уурхайгаас бага хамааралтай, цахилгааны өөр эх үүсвэртэй орнууд нэг өөр. Нүүрсний хэрэглээ их, нүүрсийг эрчим хүчний зорилгоор ашиглаж байгаа орнуудад нэг өөр. Хятадууд хариуцлагагүй жижиг уурхайнуудаа өөрсдөө ч хааж байгаа. Манайхан нэг юм сонсоод түүнийгээ туйлын үнэн мэтээр шууд хүлээгээд авчихдаг. Тэргүүлж байгаанууд нь түрүүлж яваа, тэр хүртэл бусад нь гүйцэж очиход зай бий. Япончууд гэхэд л Таван толгойг сонирхох нь буураагүй. Коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг. Автомашин үйлдвэрлэдэг Солонгос, Япон, Хятадад машинд хийдэг төмөр хийц хэвээрээ. Гангийн үйлдвэрүүдэд кокс хэрэглэдгээрээ л хэрэглэнэ. Хятад экспорт, импортоо хумихад Япон, Солонгос өөр зах зээл хайхад хүрч байна. Том Таван толгойн баяжуулсан, сайн чанарын нүүрс бол Өмнөд, Солонгос, Японд эрэлттэй. Хүргэх л асуудал байна.

-Нүүрсний уурхайнууд хаагдах, зарагдах үйл явц хэр их өрнөсөн бэ?

-Маш олон нүүрсний уурхайнууд зогссон. Зах зээл нь хумигдсан учраас нүүрс олборлоод зах зээлээ алдахгүйн тулд алдагдалтай үнээр нийлүүлээд ажилтнуудаа цалинжуулаад амь зогоогоод явж байгаа газрууд байна. Арай нэг их хэмжээгээр нүүрс олборлож байгаа нь том Таван толгой, Чалкогийн өрөнд олборлолт хийгээд явж байна. Хятадын зах зээл хамгийн ойр учраас нүүрсэн дээр сэргэлт гарах нь эргэлзээтэй байна. Найдаад горьдоод байж байна. Хятад таван жилийн төлөвлөгөөтэй хөгждөг , тэр төлөвлөгөөнд нь Монголоос түүхий эд авахаар тусгуулчихвал горьдлого бий. Гол өрсөлдөгчийн нөхцөлийг харахад Австрали татваргүй байхад манайх эрчим хүчний нүүрсэн дээр зургаан хувь, коксжих нүүрсэн дээр гурван хувийн татвар төлчихөөд, нийлүүлж байна. Тарифын хэлэлцээр хийж манай нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд хүргэх гэх мэт хийх ажил маш их байна. Мөчлөг гэдгийг одоо л мэдэрч байна. Үүний өмнөх мөчлөгийг манайхан анзаараагүй. Хувийн уурхай бараг байгаагүй. Ганц мэдэрсэн нь Эрдэнэт үйлдвэр. Гэхдээ улсын өмчтэй учраас хүчээр ажиллуулаад даваад л гарсан. Энэ удаагийн мөчлөгийн хэцүү хүндийг маш олон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн уурхайнууд амсч байна. Ашиг малтмалын үнийн өсөлт бууралтын үечлэл хэзээ эхэлж дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй.

-Оюу толгойн алт, зэсийн үйлдвэрлэл нэлээд өсөлттэй гарсан байна лээ?

-Тийм. Энэ онд буурна. Ил уурхай доошлох тусам зэс алтны агууламж буурна. Үүнийг угтаж гурван жилийн өмнө далд уурхайн ажлыг эхлүүлээд өндөр агууламж руу орсон бол энэ өсөлт зогсохгүй л байсан. Оюу толгой 2016 оныхоо олборлох алт, зэсийн хэмжээг зарлачихсан. Тэрийг харвал аль аль нь буурч байгаа. ТЭЗҮ-ээс нь хүмүүс зардлыг нь түлхүү хараад байдаг. Далд уурхай ил уурхайгаа дэмжээд, нэг хоёр жилийн өмнө ажиллаж эхлэх байтал бид хөрөнгө оруулалтыг нь зогсоогоод гурван жил барьчихсан. Дэлхий дээр 200 жил энэ бизнесийг хийсэн үндэстэн дамнасан компани шүү дээ. Ямар төслийг хэзээ яаж хөрөнгө оруулж, ашиглахаа хэнээр ч хэлүүлэхгүй маш өндөр түвшинд судлаад эрсдэлээ тооцоод, хөрөнгө оруулалтаа шийдчихсэн байгаа. Тэрнийг бид энд ухаантай царайлаад мэтгэлцээд байх юмгүй. Хэн ч нүүрс ухаж чадна гээд байх юм. Налайхын нүүрсийг ухаж болно. Ухахдаа гол нь биш. Тэрнийг борлуулж ашиг олох гол нь. Байгаль орчинд ээлтэй олборлох тухай бас яригдана.

-Хүмүүс уул уурхай хөдөлбөл, эдийн засагт мөнгө орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Танд ямар өнгөтэй дүр зураг харагдаж байна?

-Оюу толгойн нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт орно. Түүний нэлээд хэсэг нь ханган нийлүүлэгч дотоодын компаниудад очно. Тодорхой хэсэгт сэргэлт авчирна. Үүнийгээ дагаад бусад төслүүд нь хөдөлнө. Цаг хугацаа л хэрэгтэй. Хямралыг дэвэргээд сүрдээд улам хямрахын оронд сургамж аваад, дараагийн хэцүү үе ирэхэд илүү мэдлэгтэй, зохицох чадвартай байх ёстой. Хөгжлийн жам ийм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автономыг устгав

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омтгойдсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ. Энэ хооронд судлаач эрдэмтдийн гарт очиж эргэлтэд ороогүй байсан олон материал, цаг үеийн гэрч нарын дурсамж, тайлбар сэлт өдгөө нээгдсэнээр эргэж харахаар олон асуулт үүссэн юм. Энэ бүтээл урьд нь нэлээд хэдэн хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын гарт очсоноос гадна монгол хэлээр олон удаа хэвлэгдсэний дотор 2006 онд дахин засварлагдсан хоёр дахь хэвлэл нь нийтийн хүртээл болсон. Одоо энэ бүтээлийг франц, испани, солонгос хэлээр орчуулан хэвлэх санал ирснийг бодолцоод зохиогч номоо бараг цоо шинээр бичихээр шийдэн гурав дахь хэвлэлийн нооргийг дуусгах шатандаа явна. Агуулга багтаамжийн хувьд 1996 оны анхны хэвлэлээс хоёр дахин том, 2006 оны хоёр дахь хэвлэлээс 40 хувь зузаан болох төлөвтэй. Эргэж харан цоо шинээр бичсэн хэсгийнхээ зарим сонирхолтойг нь уншигч танд толилуулж байна.

Зохиогч

Хятадын Ерөнхийлөгчийн зарлигаар автономыг устгаж Монголыг төргүй болгосон жил гаруйгийн намтрын эх үүнээс хоёр жилийн өмнөөс үүдэлтэй. Гол шалтгаан нь Монголын хар, шар феодалуудын хоорондын зөрчил дээд цэгтээ тулснаас эхтэй. Засгийн газар байгуулсан өдрөөс л шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч чин ван Ханддорж нар биенээ үзэхээ больсон. Богд хаан Цэрэнчимэдэд илүү талтай авч зөрчил хэт хурцдаад ирэхээр тэнцвэр тогтоохын тулд Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн шууд угсааны Сайн ноён хан Намнансүрэнг томилжээ. Цэрэнчимэд ч, Ханддорж ч тэгсхийгээд үл мэдэгдэх шалтгаанаар дараалан үхсэн ба Хайсан, Удай зэрэг Өмнөд монголчуудыг хавчин хөөж явуулснаар түр намжмал байдал үүсчээ. 1918 онд Ерөнхий сайд Намнансүрэн мөн л үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барсанд оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын төлөөлөгч томилогдов.

Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд ван гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэх мөртөө хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Иймэрхүү гадуурхал нь ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Л.Дэндэвийн бичсэнээр “Их Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгосноор дөрвөн аймгийн тэргүүлэгчдийн гомдол хорсол улмаар нэмэгдсэн”1. Чингис хааны шууд угсааныхны хүч нөлөө маш их тул тэдний “хорсол” гэдэг аймшигтай үр дагавартай байж таарна.

Нармай Монголыг байгуулах гэсэн Дагуур дахь санаачилга Монголын автономыг устгахаар хөөцөлдөж байсан Чэнь И-д аятайхан далим боллоо. Тэрээр Бээжин рүү энэ хэргийг улам дэвэргэн бичиж, Богдын Засгийн газрыг Семёновоор айлгах тактикт шилжив. Түүний шахалтаар Монголын Засгийн газар “…Семёновын цэргийн зэвсгийг хурааж Чита хотод байгаа Хятад, Монголын үймээнч цэргийг тараан, хатуу чанга хяналтын дор нутаг усанд нь буцаах талаар яаралтай арга хэмжээ авахыг төв Засгийн газарт мэдэгдэхийг эрхэм сайд Танаас гуйсугай”2 гэсэн төгсгөлтэй аврал эрсэн урт бичиг шийтгэж өөрт нь барилаа. Аль шинэтгэлийн бодлого хэрэгжиж эхэлсэн үе, 1907 оноос л монголчуудыг аргалах хэн ч чадаагүй ажлыг Чэнь И гүйцэтгэн түүхэнд гавьяа байгуулахаар ихэд улайрлаа. Тэрээр Гадаад Монголын өөрөө засахыг устгасны хойно, Хятадын Засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулах хууль зүйл гэсэн урт нэртэй хуулийн төсөл өөрөө боловсруулаад Гадаад Монголын Засгийн газрын ихэстэй хэлцэл хийж эхлэв. Эхлээд тэрээр ГЯЯ-ны тэргүүн сайд Цэрэндоржтой уулзжээ. Монголчууд сайн дураараа автоном эрхээсээ өөрөө гуйн татгалзаж өргөдөл хийж өөрт нь өгөхийг шаардаад хэрэв эс чингэвэл хойчийн өдөр гэмшилтэй явдал болно гэж сүрдүүлэв3. Сайд түүнд энэ асуудлаар Ерөнхий сайд болоод Богд гэгээнтэй ярилцах болно гэж хариулжээ.

Оросын хувьсгалын дараа большевик аюулаас болгоомжлон хятадууд Монгол дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж эхэллээ. Гэхдээ эхэндээ Монголын талын зөвшөөрлийг авч байсан юм. Гэтэл Хүрээн дэх Оросын консул ба Бээжин дэх Оросын элчингээс Монголд буй орос иргэдийн амь нас эд хөрөнгийг хамгаалах хүсэлт гарав. Хүрээн дэхь Оросын консул А.Орлов улаантны аюулаас айж Хятадаас тусламж гуйх төлөвлөгөөг ихэд дэмжиж байв.

Хятадаас цэргийн тусламж гуйх ба автономыг устгах болсон процессийг хожим Дилав хутагт Жамсранжав маш тодорхой өгүүлсэн юм. Богд хаантай тэрсэлсэн хэсэг ноёд Чэнь И-тэй уулзан хятад цэрэг урих тухай төлөвлөн тохирчээ. Богд хаанд бараалхан улаан Оросын аюулаас болгоомжлон энэ талаар хятад түшмэлтэй хэлэлцье гэсэн байна. Богд хаан үүнийг эсэргүүцэн:

“Бид энэ хэвээр зүгээр сууж байхад огт гэмгүй. Гэхдээ нэгэнт та нар ингэж шийдсэн бол хятад түшмэлээс үгийг нь сонсч болох юм” гэжээ.

Тэд Чэнь И-тэй уулзаад: “Хятадын Ерөнхийлөгчөөс асууя гэж байна” гэсэн хариу авчрав.

Богд хаан үүнд: “Чэнь И-тэй зөвлөх хэрэггүй. Зүгээр л суугаад байхад ямар ч гэм болохгүй”.

“Чэнь И-тэй нэгэнт уулзчихсан. Ерөнхийлөгчөөс асуугаад хариу хэлнэ гэсэн болохоор Бээжин рүү утас цохиогүй бол ингээд болиулчихъя”. Тэд маргааш нь: “Чэнь И нэгэнт утас цохижээ. Бээжингээс Ерөнхийлөгчийн хариуг хүлээхээс өөр аргагүй” гэж Богдыг аргалав. Хэд хоногийн дараа; “Хятадын Ерөнхийлөгч манайд тусaлж болно гэсэн байна. Гагцхүү автономоо устга гэжээ” гэсээр орж ирэв. Богд: “Би бодвоос нэг муу түшмэл Чэнь И-гийн үгэнд орох хэрэггүй. Дахин нарийвчлан хэлэлцэж тогтоо”.

Тэд элдэв арга мэх хэрэглэсээр Богд хаанаар “Та нар олонд тустай юм хийх гэж байгаа бол би хориглохгүй. Гагцхүү сайтар нарийвчлан судал” гэсэн зарлиг гаргуулжээ. Маргааш нь Богд: “Миний урьд шөнийн зүүд билгийг үзвээс Хятадтай нийлснээр сайн юм ер болохгүй. Харин зүгээр чимээгүй суугаад байхад ямар ч гэм хор болохгүй. Иймээс Хятадын Ерөнхийлөгчөөс энэ тухай юм хум битгий асуу”.

Монголын хэсэг ноёд хариуд нь: “Бид Ерөнхийлөгчөөс лавладгаа лавлаад, Монголын Хурлын нэрээр цахилгаан явуулчихсан болохоор одоо хариуг нь хүлээхээс өөр үггүй. Иймээс Түр Хурлыг тарааж Бээжингээс хариу ирэхээр жич хэлэлцье” гэжээ4.

Ийнхүү хэсэг ноёд, ван гүн нар “лам нараар толгойлуулсан төрийг эсэргүүцэж” Чэнь И-тэй хуйвалдах замаар автономыг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас-Шүүх яамны дэд сайд Наваанэрэн, Түшээт ханаас-Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайнноён ханаас-Цэргийн яамны сайд Жамъяндорж, Засагт ханаас -Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Цэрэндож Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор автономыг татан буулгахаар тохиролцжээ5. Оросын тэтгэмж зогссон, Хятад мөнгө амласантай энэ бүхэн цаагуураа холбоотой байв. Чэнь И-тэй хийсэн энэ хуйвалдаан нь эцэстээ 64 зүйлээр зангидагдан ван гүнгийн тусгай эрхийг хадгалан хамгаалах заалтаар дүүрэн хэлэлцээний ноорог эх болжээ. Гэвч эцэст нь Монголын автоном нь Чэнь И-гийн хэлэлцээрээр биш, Сю Шүжаны цэргийн хүчний айлган сүрдүүлэлтээр устсан бөлгөө.

Хятад цэргийг урьж, автономыг устгаж Хятадад бүрэн дагаар орохоор Чэнь И-тэй хуйвалдсан монгол ноёдын заримыг нэрлэвэл: Монгол Улсын Цэргийн яамны тэргүүн сайд, Сайнноён хан аймгийн жанжин, эрдэнэ ван Жамъяндорж, мөн яамны дэд сайд, Түшээт хан аймгийн жанжин, бэйс Сономдорж, Гадаад яамны тэргүүн сайд, хичээнгүй бэйс Баолингийн Цэрэндорж, мөн яамны дэд сайд Засагтхан аймгийн чин ачит ван Гончигдамба, Сайнноён хан аймгийн итгэмжит бэйс Цогт-Очир, Дотоод яамны дэд сайд, Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан ван Пунцагцэрэн зэрэг болой.

Бадамдорж

Намнансүрэнгийн оронд Ерөнхий сайд болсон Бадамдорж бол Монголын тусгаар тогтнолын хэрэгт даруй 20 гаруй жил тэмцэж амьдралаа зориулсан лам хүн билээ. Тэрээр Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Оросоос тусламж гуйсан анхны элч юм. 1900 онд тэрээр Богдын даалгавраар донир Цэнд-Очирын хамт нууцаар хил давж Санкт-Петербург орон I Николай хаантай уулзан Монголыг тусгаар тогтноход Оросын зүгээс тусламж үзүүлэхийг гуйж байжээ6. 1910-1911 оны хөдөлгөөний гол толгойлогч нарын нэг, Богдын хамгийн итгэлт шадар хүний нэг энэ өвгөн ламын нэг туйлын хянуур нэгэн байсан бололтой. 1911 онд Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Сандо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг.

Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Сандо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.

Бадамдорж, Цэрэндорж хоёр Чэнь И-тэй гол тохирооог хийсэн гэдэг. Гэтэл хятад цэргийг урих, автономыг устгахын эсрэг хамгийн хүчтэй эсэргүүцсэн хүн нь Бадамдорж юм. Тэрээр Чэнь И, Цэрэндорж нарын боловсруулсан автономыг татан буулгах 50 зүйлтэй баримт бичгийг Засгийн газарт хэлэлцэхэд маш ихээр эсэргүүцсэн боловч санал дутсан билээ7. “БНМАУ-ын түүх” III (1969)-д Автономыг устгах санал Засгийн газарт орж ирэхэд ганц нэг шар феодал эсэргүүцэж бусад нь зөвшөөрчээ гэж бичсэн байна8. Энэ “ганц нэг шар феодал” нь Бадамдорж юм. Харин түүх бичээчид тухайн үед нэр нүүрийг нь шавартай хутгаад хаячихсан Бадамдоржийн нэрийг ил хэлж зүрхэлсэнгүй.

“БНМАУ-ын түүх”-д Автономыг устгах Чэнь И-гийн бичгийг Богд, Бадамдорж нар өөрсдийн хувийн хомхой сонирхлын үүднээс зөвшөөрсөн гэжээ9. Үнэн хэрэгтээ Богд хаан, Бадамдорж нар яаж ч эсэргүүцээд эцэст нь ялагдаж шаварт унасан шарын эзэн болжээ. Нэгэнт улс орны гадаад дотоод бодлогыг тодорхойлох, төлөөлөн гэрээ хэлэлцээ хийх үүрэгтэй болохоор Ерөнхий сайд Бадамдорж, Гадаад сайд Цэрэндорж нараас өөр хэн асуудлыг гардах билээ? Тэгээд ч Цэрэндорж нь автономын устгах үзэл бодолтны толгойлогч нарын нэг.

Богд болон Эх дагина, мөн бусад язгууртанд “хойчийг засамжлахдаа” тун хайнга хандсан байна хэмээн Бадамдорж “чамлаж”, тэр хэрээр нь хятад элч шан харамж, цол ямбыг нь нэмэхээр бичигтээ тусгажээ. Гэхдээ Бадамдоржийн энэхүү дээдсийн шан харамж бага байгааг хэлсэн нь хойшлуулах, цаг авах гэсэн заль болох нь илэрхий харагддаг. Чэнь И монголчуудын хэзээнээс хээл хахуульд дуртай араншинг нь ашиглах гэж бодсон байх, харин наадуул нь тулгарсан зовлонг хойшлуулахын тулд шалтаг л хайж байж.

Бадамдоржийн талаарх түүхийн ойлголт их өрөөсгөл юм. Гэрээнд Бадамдорж 64 зүйл нэг бүрийг өөлөөд байсан байдаг. Гэтэл мань хүнийг шан харамжаа нэмэх гэж байснаар түүх бичлэгт харуулдаг. Өвгөн эх оронч яаж ийгээд сунжруулсаар гэрээг ерөөсөө бүтэлтэй юм болгоогүй юм. Түүний цаг сунжруулсны хүчинд Чэнь И-гийн гэрээ батлагдаагүй. Хятадад иргэний дайн болж байна, хойд талд Орост бас иргэний дайн. Цаг яаж ч эргээ билээ гэж алсыг хараад байсан болтой. Бадамдорж их настай хүн байлаа. Далан нас зооглоно гэдэг тэр үеийн жишгээр маш өндөр нас. Тэр үед монгол хүний дундаж наслалт дөч ч хүрдэггүй байсан. 1900 онд АНУ-ын дундаж наслалт 50 байсан үе. Өндөр нас болсон, өнөө маргаашгүй үхэх гэж байгаа, үр хүүхэдгүй өвгөн лам мөнгөний төлөө эх орноо худалдав гэдэг даан ч үнэмшилгүй.

Хүчинд автаад ирэхээр цаг хожихын тулд зориуд яриа хэлэлцээг сунган элдэв шалтаг тооцдог урьдын туршлага Бадамдоржид бий. Гурван улсын гэрээ дууссаны дараа Богд хааныг хятадууд “Алтан тамга навчит өргөмжлөл”-өөр шагнах болжээ. Энэ бол тусгаар тогтнолоо алдаж автоном болсон улсын хувьд нэлээд ичгүүртэй, аягүй бол доромж утгатай шагнал болно. Уг өргөмжлөлийн заалт таарахгүй байна хэмээн Шанзавын яам татгалзжээ. Улам шалаад байхаар нь өргөмжлөл гардуулах Бээжингийн төлөөлөгч дэндүү олуулаа ирэх учир тэднийг хүлээн авах мөнгө цаасны бололцоо алга хэмээн хойшлуулжээ. Богд эзний бие чилээрхүү байна гэсэн дараагийн шалтгийг тоочив. Эцэст нь хятадууд арга барагдан Хүрээнд суух төлөөлөгч Чэнь Лу-гаар бараг хүчээр шахуу өргөмжлөлийг гардуулуулжээ. Энэ хооронд жил хагас өнгөрсөн байдаг.

Шанзавын яам байгуулснаар шашныг хариуцах боллоо. Тэр үед 13 тамгатай хутагт, тамгагүй 50 гаруй байсан. Богдын шавь гэдэг нь хамгийн том нь. Тамгагүй 50 нь Шанзавын яаманд харьяалагдана. Шанзавын яамны сайдаар Бадамдорж ажиллаж байгаад Ерөнхий сайд болсон. Хар, шарын хоорондын зөрчил өмнө нь ч маш хурцаар илэрч байсан. Богдод ойр, нэр нөлөө ихтэй Бадамдорж Ерөнхий сайд болсноор зөрчил бүр ихэссэн. Ер нь шарынхан ч зүгээр байгаагүй л дээ. Бадамдорж Ерөнхий сайд болсноор шарынхны төрийн оролцоо нэмэгдэн, ноёд язгууртныг тоохоо болин дураар дургих болжээ. Магсар хурцын тэмдэглэснээр шарынхан шавь нэрээр олныг хурааж, эрх мэдэл нь чангарсан хутагт хувилгаадаас авахуулаад хаалгач донир хүртэл хошуудын эрх баригчдыг доромжлох нь хэрээс хэтэрч, зарлиг лүндэнгээр ноёдын хэргэм зэргийг эвдэж байжээ10.

Иймээс л ноёд Шанзав Бадамдоржийн дор байснаас автономгүйгээр шууд Хятадын харьяалалд байсан нь дээр гэж үзээд цэрэг илгээхийг хүссэн захидал Бээжин рүү бичсэн байдаг. Тэд түүгээрээ Хятадаас одон авснаа ичихгүй зүүчихсэн фото зураг ч бий. Одон авахын тулд бөөнөөрөө Бээжин явахад гол оролцох учиртай Ерөнхий сайд Бадамдорж “Цагийн байдал харна. Цаг өдөр болгон шахам эрс өөрчлөгдөж байна шүү” хэмээн цаадуулыгаа болиулах санаа хэлээд өөрөө эрс татгалзан яваагүй.

Ерөөсөө Монголын тусгаар тогтнолын төлөө эхнээсээ эргэлт буцалтгүй тэмцэж байсан хүнийг коммунист үзэл сурталчид л нэр нүүрийг нь сохлоод хаячихсан юм. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийж гарын үсэг зурсны хувьд түүнийг “урвагч” гэж нэрлэх явдал нас барснаас нь олон жилийн хойно зохиогджээ. Бадамдоржийг сайн мэдэх Магсар хурцын “Монгол Улсын шинэ түүх”, Дэндэвийн “Монголын товч түүх”-д түүнийг муулсан юу ч үгүй, харин ч ихээр магтсан байдаг. Энэ хоёр зохиол хорь гучаад оны үед хэвлэгдсэн. Дэндэв болохоор номдоо Бадамдоржийн зургийг хүртэл онцлон оруулж сайшаасан байдаг. Харамсалтай нь дээр өгүүлсэн “БНМАУ-ын түүх” гурван ботид Автономын үеийн асуудлыг хамгийн сайн мэдэх гэрч Дэндэв, Дилав хутагт, Магсар хурц нарын бичиж үлдээсэн түүхэн баримт бүхий номнуудыг огт ашиглаагүй, огт дурдаагүй байх юм. Сүрхий эшилсэн Чойбалсан Дэмид, Лосол нарын 1934 онд хэвлүүлсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх” номд Бадамдорж, Цэрэндорж нарыг урвасан учир ална хэмээн Данзан ярьж байсан тухай нэг өгүүлбэр бий. Магадгүй ийм ойворгон үг хэлсэн ч байж магадгүй, гэхдээ батлагдсан өөр сурвалж алга.

Бадамдоржийг хамгийн муухайгаар гүтгэсэн зүйл 1942 онд бүтээгдсэн “Сүхбаатар” кинонд гардаг. Богдтой хамгийн ойр шадар ламыг Бадамдорж гэх ба тэр нь Сүхбаатарт хор өгдөг. Сүхбаатарыг нас барах үед Бадамдорж хэдийнэ хорвоогоос хальсан байсан. Энэ зохиолыг бичсэн орос зүгээр нэг ламыг муу хэлсэн атал зориуд түүнд Бадамдорж нэр өгчээ. “Уут уут мөнгөөр Улсаа худалдсан сайд Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайд” гэсэн дууг тэр үеийн хүрээнийхэн дуулдаг байжээ гэсэн баримт анх 1959 онд үед “Өвгөн Жамбалын яриа”-нд гарчээ11. Өвгөн Жамбал гэж тухайн үеийнхээ үзэл сурталд тааруулаад их худлаа залдаг архичин хүн байсны яриаг Ц.Дамдинсүрэн гуай тэмдэглэж авсан юм билээ. Зарим хүний баталж байгаагаар гучаад оны үед театрт тавьдаг асан хувьсгалч балай жүжигт ардын дууны аянд ийм үг оруулан дуулж байсан ч гэдэг.

Бадамдоржийн “хамаг нүглийг” илчилсэн хүн бол түүхч хэмээх Галсангийн Навааннамжил юм. Түүний бичсэн метериалыг Д.Пэрлээ гуай “Өвгөн бичээчийн өгүүлэл” нэрээр 1956 онд хэвлүүлжээ12. Энэ “өвгөн бичээч” нь мөнөөх залдаг архичин өвгөнөөсөө олон арав дахин худалч нэгэн. Гэхдээ түүхч нэртэй, үзэл суртал маш сайн ойлгодог, бичиг үсгийн боловсролтой нэгэн. Автономын үед бичээч байсан түүнийг хамгийн чадварлаг хурдан бичдэгүүдийн нэг тул магтагддаг байсан гэх яриа ч бий. Энэ хүн Чойбалсангийн тухай элдэв үлгэр домог олныг зохиож түүхийн үнэн болгон гүжирдсэн, энэ талын мастер нэгэн байлаа. Чойбалсангийн тухай “Жанжин Чойбалсан баруун замын байлдаанд”, “Дайсны ард нэвтэрсэн нь” гэх мэт нуль адал явдал дүүрэн “түүхийн” нэлээд ном хэвлүүлсэн. Өнөө болтол Монгол орноор нэг тархсан Сүхбаатарын хэлсэн мэргэн сэцэн үг гэдгийг Навааннамжил хуугаар нь зохиосон юм. Улаанбаатарын төв талбайд буй Сүхбаатарын хөшөөний нүүрэн дэх бичиг ч Навааннамжилын зохиол.

“Өвгөн бичээчийн өгүүлэл”-ийн ихэнх факт баримт хожмын түүхчдийн судалгаагаар батлагдаагүй. Түүний өгүүлснээр Чэнь И-тэй хуйвалдаж их хөрөнгө мөнгө идсэн хүн нь Бадамдорж, харин жинхэнэ зохион байгуулсан Цэрэндоржийн нэр болохоор энд огт алга. Өвгөн бичээч маань энэ түүхийн бичвэртээ гол гэрч хэмээн өөрийгөө Анваан (Наваан гэдгийг тонгоруулж) нэрээр оруулжээ. Сүхбаатар Чойбалсан нарын хувьсгалт тэмцэл хүчээ авангуут түүнээс айж сандарсан Бадамдорж мань Анвааныг дуудаж авчраад “Чи энэ үл бүтэх улстай нийлж автономыг эргэж босгох гэж байна” хэмээн толгой түрүүгүй аашилжээ. Сайд Бадамдорж, Чэнь И нар Монголыг дахин Хятадад захируулснаар хэргэм зэргээр олон хүнийг шагнаж цалин пүнлүүг ихээр нэмэгдүүлнэ гэж цуу тараасан чинь цөмөөр хэргэм зэргийн эрэлхийлэлд мордон үүнд нь панзчин яргачин хүртэл горьдон нийлж үлэмж олон хүн гүн, бээл, бэйс, ван цолыг авч байсан гэнэ. Энэ нь Анваанд шинэхэн буртаг дээр олон золбин нохой цугларан булаалдаж буй санагдан инээд нь хүрээд явж байтал өөрийг нь гүн цолоор шагнаад хаясан байгаа юм. Гүн цол нь түүний амьдарч хүмүүжихэд нь тус болох байтугай чирэгдэл сүйтгэлд дарагдан бөөн дарамт болжээ13.

За нэг иймэрхүү л хүүхдийн яриа шиг хөгийн “түүх” цаг өнгөрөх тутам баримтжин “үнэн” болсон юм. Хэсэг хүүхэд Бадамдоржийн хашааны гадна Сю Шүжаны машины чагнаал дуурайн дугарахад мань лам гэрээсээ бөхөлзсөөр гарч ирэв гэх мэтийн “үнэн баримтууд” уран зохиолоор дамжин буй болсон. Ялангуяа С.Дашдэндэв зэрэг зохиолчид иймэрхүү түүх зохион бодож олохдоо үнэхээр гарамгай байсан юм14.

1992 онд Төрийн ордны хоёрдугаар давхарт Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөргийг дүүжлэх шийдвэр гарсан. Тэнд Бадамдоржийн хөргийг байрлуулалгүй хоёр жил болсон ба үүнээ “урвагч учир” гэж тайлбарлаж байлаа. Харьцуулахад тэнд хүндтэй байр эзэлсэн Ю.Цэдэнбал Монгол Улсыг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулах гэж гурван удаа оролдон энэ ажиллагааг удирдан зохион байгуулсан нь түүхийн баримтаар нэгэнт нотлогдсон. 1959 онд ЗХУ-ын Элчин сайд В.Молотов түүнийг дагалдан Завхан аймагт явж байхдаа “Монгол Улс СССР-ийн бүрэлдэхүүнд орно гэдэг цагийн хувьд эрт байна. Бид Казахстаныг авчихаад одоо болтол бүрэн эзэмшиж бараагүй явна. Танайхан удаа дараа хүсэлт тавьж буй боловч нэгдэх цаг нөхцөл үнэхээр бүрдээгүй байна”15 гэж учирлан ятгажээ. Нэг үгэндээ цаг нь болоогүй юмыг ингэж эртэлж шаардах хэрэггүй гэж тайлбарласнаар энэ асуудлыг тэрээр дахин сөхөөгүй юм.