Categories
мэдээ нийгэм

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ өсчээ

Сүүлийн жилүүдэд Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа талаар Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Болд мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр энэхүү өсөлтийг сүүлийн хоёр жилд гарсан тоон баримтаас харж болохоор байна. Тодруулбал, Монгол улсын Эрүүгийн хууль заасан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 2014 онд 61 хэрэг 213 үйлдэлд 153 хүн, 2015 онд 79 хэрэг 201 үйлдэлд 169 хүн, 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 25 хэрэг 81 үйлдэлд 46 хүн холбогдон шалгагдаж байгаа аж.

25 хэргийн зургаа нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Уг хэрэгт холбогдсон 46 хүний найм нь эмэгтэй хүн байна. Мөн хэрэгт холбогдсон хүмүүсийн 40-50 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-35 насныхан байгаа юм байна.

2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12-оор буюу 92.3 хувиар өссөн байна. 2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт үйлдлийг урьд оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн бөгөөд холбогдогч нь 12 оор буюу 35.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2015 онд 9.8 кг каннабис, 24.51 грамм гашиш, 344,164 грамм мөс тус тус хураагдсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 581,75 грамм каннабис, 56.3 грамм гашиш, 294.97 грамм мөс хураагджээ.

Гэмт хэргийн холбогдогч нарыг хүйсээр нь ангилахад сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуучууд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэссэн тул дунд сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутан залуучууд дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү явуулах шаардлагатай байгааг тэрбээр сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд ЭХЭМҮТ-д ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.30/ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллан, тус төвийн Оношлогоо-эмчилгээний иж бүрэн шинэчлэгдсэн тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах арга хэмжээнд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдийн техник технологийг шинэчлэх зорилгоор тус бүр 7 сая еврогийн төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ хүрээнд улсын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр гурав дахь шатлалын лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж дуусаад, хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус төслийн үр дүнг харуулсан тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг үзэж, сонирхсон юм.
Түүнчлэн шинэчлэгдсэн тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах арга хэмжээний нээлтэд оролцох үеэр хэлсэн үгэндээ, улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь үнэлж дүгнэдэг болохыг тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр “Монгол Улс эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтын 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 4 дахин бууруулах зорилтыг бүрэн биелүүлсэн 9 орны нэг болж, эхийн эндэгдэлийг 1992 онтой харьцуулахад 7 дахин бууруулсан амжилт гаргасныг онцлон тэмдэглэж байна. Энэ бүхэн эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нарын хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээн хэллээ. Цаашид хүрсэн ололт амжилтаа тогтвортой хадгалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт амжилт бүтээл гаргахад энэ төсөл томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд “Энхийн манаанд зогссон эмч нартаа баярын мэнд хүргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, хүн ард нь эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.
Тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ, Монгол Улс цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тасралтгүй сайжруулж, өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэх, ТХЗ-ыг хангах биелүүлэхэд тоног, төхөөрөмжийн энэхүү цогц шинэчлэл чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй гэлээ. ЭХЭМҮТ нь 90 гаруй жилийн хөгжлийн түүхэндээ анх удаа хамгийн орчин үеийн техник, технологиор иж бүрэн хангагдаж байгааг мөн тэрээр онцолж байсан юм. 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу ТХГ болон бусад хүнд өвчин эмгэгийг эрт үед нь оношлох, эмчлэх чадавх буй болгох, улмаар сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон лабораториуд байгуулагдан үйл ажиллагаа явуулан, хүн ардад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгааг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэлж байсан.
Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Австрийн Элчин сайдын яамны Худалдааны атташе Майкл Тангситс болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл эмч мэргэжилтнүүдийн сургалт, шинэ тоног төхөөрөмж суурилагдах зарим газарт хийсэн хэсэгчилсэн засварын ажил, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжсэн байна. Төслийн хүрээнд 105 нэр төрлийн 297 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэн, суурилагдаж, ашиглалтад хүлээн авчээ. Техник технологийн шинэчлэлтэй уялдуулан 15 эмч, мэргэжилтэн Австри Улсад суралцсан бөгөөд одоо 8 эмч, мэргэжилтэн суралцаж байгаа аж.
Ийнхүү ЭХЭМҮТ Европын холбооны улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй болсноор улсын хэмжээнд эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах, Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх ажилд ахиц дэвшил гарна хэмээн үзэж буйгаа эмнэлгийн удирдлагууд танилцуулж байсан юм. ЭХЭМҮТ “Зүрхний катетер-ангиографын лаборатори”-той болсноор гадаад улс оронд энэ төрлийн эмчилгээ хийлгэхэд нэг гэр бүлээс гардаг 150 сая төгрөгийн зардлыг хэмнэж байгааг Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 100 орчим өвчтөн энэ лабораториор үйлчлүүлсэн бөгөөд ингэснээр нийтдээ 10 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн талаарх тооцооллыг мөн танилцуулж байв.
ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн байгууллагаас хамгийн хүнд бөгөөд онош нь тодорхойгүй тохиолдлуудыг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. 2015 онд 39407 хүн хэвтэн эмчлүүлж, 11020 эх амаржсан ба эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн нийт 11816 мэс заслын эмчилгээ хийгдсэн байна. Мөн амбулаториор 177786 үзлэг хийгдсэн статистик гарсан бөгөөд цаашид өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр үзлэг, оношлогоо хийж, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн чуулганыхан “Ногоон бизнес”-ийн талаар юу ярив

Өнөөдрийн эдийн засгийн чуулганы нэг салбар хуралдаан нь “Ногоон бизнес” –ийн талаарх сэдэв. Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хэрэгжилт, ногоон бизнесийн олон улсын туршлага, ногоон бизнес ба инноваци талаар энэхүү хуралдаанч хөтлөгчөөр “Эм Ай Си Пи” ХХК-ийн гүйцэтгэх захриал Д.Нэргүй ажиллав. Харин доорх эрхмүүд оролцов.

  • УИХ-ын гишүүн С.Оюун,
  • “Клийн энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг,
  • Бизнесийн удирдлагын магистрийн холбооны ерөнхийлөгч, Чродер инкам гроуф сангийн ТУЗ-ийн дарга Сэр Пол Жаже,
  • Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын МОнгол дахь суурин төлөөлөгч Жон Луонс,
  • Монголын банкны холбооны ТОС хөтөлбөрийн УЗ-ийн гишүүн Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү,
  • Сумитомо Мицуи банкны корпорацийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Учида Хажимэ нар тэргүүлэх оролцогчид байх юм.

Ирээдүйд орлого олоё гэвэл байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй

УИх-ын гишүүн С.Оюун “Сүүлийн таван жилд дэлхий нийтээр төрийн тэргүүний хэмжээнд бодлогын түвшинд ногоон бизнесийн асуудалд анхаарал хандуулдаг болж. Дэлхийн хүн амын өсөлтөөс шалтгаалаад хүнсний, эрчим хүчний, усны хэрэглээ ихэссэн гээд дэлхий бидэнд хүрэлцэхгүй болсон. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь нь суурьшсан буюу хотод амьдардаг болох төлөвтэй байна. Ингэхээр хэрэглээ асар хурдтай нэмэгдэж байна.Бүх салбар ногоон бизнес рүү явбал ашигтай, ирээдүй тэнд байна гэдгийг харах цаг болсон. Хөрөнгө оруулалтын банкууд ч нүүрсэнд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ зарлалаа. Хэрэглэгчид хүртэл байгаль дэлхийд ээлтэй биш бизнесийг дэмжихгүй гэдэг болсон байна. Тэгэхээр бизнес эрхлэгчид үүнийг сайн мэдрэх ёстой” гэв.

Харин “Сумитомо Мицуи” банкны корпорацийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Учида Хажимэ “Байгаль орчноо хайхрахгүйгээр бизнесээ хөгжүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл. Ирээдүйд орлого олоё гэвэл байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй” хэмээн ярив.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Төсвийг алдагдалгүй батлах бололцоо байна

Монголын эдийн засгийн чуулган болж байгаа билээ. Энэхүү чуулганаас та бүхэндээ тоймлон хүргэж байна. Учир нь дээрх чуулганд монголын улс төр, эдийн засаг, уул уурхай, бизнесийн зэрэг салбар бүрийн тэргүүлэгчид, манлайлагчид илтгэл тавьж байгаа юм. Чуулганы үеэр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Цаашид уул уурхайд суурилсан бус мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Дотоодын экспортыг аль болох уул уурхайн бүтээгдэхүүн бус байх зэрэг нэг талаас хамгаалалтын, тогтвортой байдлыг хангах бодлого. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан 2011, 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирсэн татвар, импортоор л халамжаа тавьж байсан. Энэ үед инфляци маш өндөр байсан. Үүнийг зогсоогоогүй бол бид их өндрөөс унах байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтаас авсан татвараасаа төсвөө тэлж, халамж тараах нь буруу гэдэг сургамжийг бид ойлгосон” гэв. Харин Сангийн сайд Б.Болор “Энэ жилийн төсвийг алдагдалгүй батлах зайлшгүй шаардлага бий. Өмнө нь алдагдалтай баталж байсны улмаас эдийн засгийн хямралд хүрлээ. Төсвийг алдагдалгүй батлах бололцоо харагдаж байна” хэмээн онцлов.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Халамжийн мөнгийг үрэлгэн зарцуулснаас аж ахуйн нэгж, компаниудыг эргэлтийн хөрөнгөгүй болох аюулд хүрсэн

Монголын эдийн засгийн чуулганы үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид хэлсэн үгэндээ “Энэ онд Засгийн газар байгуулагдахад уул уурхайн яам ямар байдалтай салбар хүлээж авсан аа эргэж харах хэрэгтэй болов уу. Эрхзүйн орчны хувьд тогтворгүй, үндсэрхэг үзэл газар авчихсан, геологи ашигт малтмалын хайгуул лизензийг замбараагүй олгосноос болж Ерөнхийлөгч хориг тавих дээрээ тулчихсан. Үүнээс болж гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль гэх мэт хатуу хуулиуд гарч эхэлсэн. Ингэснээр уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэх ёстой атал нийгмийн халамжид мөнгийг үрэлгэн зарцуулснаас аж ахуйн нэгж, компаниудыг эргэлтийн хөрөнгөгүй болгох аюулд хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд маш сайн төлөвлөж,хэрэгжүүлж, хянаж шалгаж байсан боловч алдаагаа хэрхэн засч сайжруулах вэ гэдгээ орхигдуулсан. Урт нэртэй хуулиар 488 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон, Хан ресурсын арбитрийн хэргийн үйл явц гээд хэлж болно” хэмээн ярив.

Categories
мэдээ нийгэм

“Бүх ард түмний эв нэгдэл” жагсаал болж байна

“Жудагт Монгол” холбооноос Ялалтын талбайд
“Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг зохион байгуулж байна. Цуглаанд Монголын ахмадын холбоо, Монголын
эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан холбоо зэрэг 50 гаруй холбоод болон
төрийн бус байгууллагууд нэгджээ.Жагсаалд
оролцогчид, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж саналыг машинаар тоолохгүй байх,
Монгол улсыг түүхий эд хангагч биш үйлдвэрлэгч орон болгох, баялгыг тэгш
эрхтэйгээр хүртээмжтэй хуваарилах, эх хүүхдийн амьдралын баталгааг хангах,
нийгмийн үйл ажиллагаанд иргэний оролцоо хяналтыг баталгаажуулах, цөмийн
хаягдалгүй бүс нутаг болохыг шаардсан уриа лоозон барьжээ.

“Жудагт Монгол” холбооны тэргүүн Ж.Гомбожав “Төр
засагт дуу хоолойгоо хүргэх үүднээс саналаа хэлэлцье гэсэн юм. Манай
хөдөлгөөний гишүүн биш ч биднийг дэмжих хүмүүс энэ жагсаалд оролцох эрх нь
нээлттэй байна. Та бүхэн өөрийнхөө төлөө үзэл бодлоо индэр дээрээс чөлөөтэй
илэрхийлэх эрхтэй гэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Монгол улсын
нийгмийн бүх л салбарт байгаа хүнд суртал, шударга бус байдлын золиос хүүхэд,
эмэгтэйчүүд, эхчүүд болж байна. Тиймээс би Монголын эмэгтэйчүүдийн холбооны
тэргүүний хувьд эхчүүд хүүхдүүд эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах, тэдний
амьдралын баталгааг хангах зорилгоор “Жудагт Монгол” хөдөлгөөнд нэгдэж байна” гэв. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг,
“Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг тэргүүтэй хүмүүс оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ажилтнуудын сургалт явагдаж байна

Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгоно. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо сургалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэлийг хангажээ.

Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм байна. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлжээ. Орон даяар явагдах энэхүү сургалт Төв аймгаас эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

АШУИС-ийн сургалтын эмнэлгийн шав тавих ёслол болов

Энэ эмнэлэг нь Сургалтын бааз болохын хамт Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АШУИС-ийн Сургалтын эмнэлгийн шав тавих ёслолд оролцохдоо хэллээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалт дадлагажуулалтын ажлыг шинэ шатанд гаргах Их сургуулийн сургалтын эмнэлгийн шавыг тавьж, Япон Улсын Засгийн газрын 140 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих гэж байна гэж Ерөнхий сайд тэмдэглээд Монгол хүний эрүүл мэнд, эмч, эмнэлгийн ажилтныг бэлтгэх буянтай үйлсэд хамтарч буй Японы Засгийн газар, Элчин сайд ноён Такэнори Шимизү болон Японы Жайка (JICA) байгууллагын удирдлагуудад талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас Их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ажиллах боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллах болно. Мөн энэ чиглэлээр манай их сургуулийн эрдэмтэн профессорууд ч идэвх санаачилгатай, манлайлан ажиллахыг хүсээд 2018 оноос ийм сайхан эмнэлэгт ажиллах бололцоо бүрдэнэ гэдгийг хэлж байлаа.

Их сургуулийн сургалтын эмнэлэг ашиглалтанд орсноор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд, тус сургуулийн төгсөгчид, салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн эмнэлзүйн ур чадвар сайжирч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнийг эх орондоо эмчлэх бүрэн боломжийг бий болгож, өндөр түвшний оношилгоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн эмнэлзүй, био-анагаахын судалгаанууд цогцоор хийгдсэнээр олон улсын түвшинд тавигдах эрдэм судлалын ажлын чанарын түвшин сайжирна гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэг ухаалаг утасны хэрэглээг хоригложээ

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас,
төхөөрөмж /tab/
ийг хэрэглэхийг хориглох тухай тогтоол гарчээ. Өөрөөр
хэлбэл, сурагчид сургуулийнхаа орчинд ухаалаг гар утас, ай падыг огт авчрахгүй байх бөгөөд хичээлийн
бус цагаар хэрэглэж болох зохицуулалтыг хийсэн байна. Мөн дүүргийн ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль,
цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд нэвтрүүлэхийг
хориглох юм. Тус дүүрэгт ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн
судалгаагаар 24 мянга 783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас /мэдрэгчтэй/ хэрэглэдэг нь
тогтоогджээ. Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртэлх хувь, дунд ангийн сурагчдын 60 хүртэлх хувь,
ахлах ангийн сурагчдын 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утас аж. Гар утасны хэрэглээнд
донтсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 213 онд 38 хүүхэд үзүүлснээс 18 нь хэвтэн эмчлүүлсэн бол 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн, 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Цөмийн хаягдал импортлохгүй

Уул уурхайн яам нь уламжлалт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал хийв. Уул уурхайн салбарт өнгөрсөн хоёрдугаар сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тонн алт, 199.2 мянган тонн газрын тос олборлогджээ. Хайлуур жоншны баяжмал 22.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 246.8 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 72.4 мянган тонн, цайрын баяжмал 12.3 мянган тонныг тус, тус үйлдвэрлэсэн байна. Экспортын хувьд 273.8 мянган тонн зэсийн баяжмал, 575.3 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 мянган тонн газрын тос тус, тус экспортолжээ.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Ашигт малтмалын газар нийт 5.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол Газрын тосны газар нийт 20.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

УИХ-аас Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд Канад улсын Торонто хотод, хоёр дахь шатны хэлэлцээг энэ сарын 22-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хийсэн байна. Канадын тал орд ашиглах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ болон орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтойгоо илэрхийлжээ.

Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах сурталчлах “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх цэвдэгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол ундны усанд үзүүлэх нөлөөллийг хянах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авагдах аж.

Энэ үеэр Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав зарим тайлбарыг өгсөн байна. Тэрээр “Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс конвенцтэй холбоотойгоор “Цөмийн хаягдлыг манайх авах эрх нээгдэх юм биш байгаа” гэсэн асуудлыг тавьсан. Мэргэжлийн хувьд Цөмийн энергийн комиссын ажлын алба, мөн Цөмийн энергийн агентлаг байхдаа дээрх конвенцийн орчуулгыг хэд хэдэн удаа хийсэн, хянасан. Агуулгын хувьд алдаа гарахгүй. Нэр томъёон дээр зарим улсууд буруу ойлгож тайлбарлаад байна. Конвенцийн 11, 12 дугаар зүйл заалт дээр цацраг идэвхт хаягдлыг үүсгэсэн улс нь өөрсдөө булшлах үүрэгтэй гэдгийг Монголыг уранаа ирээдүйд экспортоллоо гэхэд хаягдал нь эргэж импортлогдох зүйл дэлхийн аль ч практикт байхгүй. Уран экспортолж байгаа томоохон улсууд, аж ахуйн нэгжүүд байна. Тэдэнд “Та нарын уранаар цөмийн реакторууд ажиллалаа, одоо түлшээ буцааж ав, хаягдлаа буцааж ав” гэдэг эрх зүйн санкц конвенцид байхгүй. Тийм нөхцөл үүсэхгүй.Засгийн газар өчигдөр шинэ хууль өргөн барилаа. Энэ хуулийн төсөл маань энэ конвенцид нэгдэж орсны дараа гарах Монгол Улсын холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт орох агуулга нь байгаа юм. Учир нь цөмийн хаягдал тэр тусмаа аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, булшлахыг хориглосон эрх зүйн акт байгаагүй. Үүнийг энэ хуулиар хориглосон байгаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамжид нэмэлт орууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 46 дугаар захирамж гаргаж, “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” Улсын Их Хурлын даргын 2016 оны 40 дүгээр захирамжид нэмэлт орууллаа.

Улсын Их Хурлын дарга захирамждаа:

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалтыг нэмсүгэй:

“6/Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл.”

хэмээсэн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.