Categories
гадаад мэдээ

Японд сакура цэцэглэж эхэллээ

Японы бэлгэдэл болсон сакура цэцэглэх улирал гуравдугаар сарын 19-ноос
эхлэв. Японы үндэсний цаг уурын алба мэдээлснээр, анхны цэцэглэлт
Фукуока хотод бүртгэдлээ.

Цэцэглэлт өнгөрсөн оныхоос хоёр хоногийн өмнө эхэлсэн байна. Цаг агаар +
20 хүртэл халж эхэлсэн нь цэцэглэлт эрт эхэлсний шалтгаан болжээ.
Үндэсний цаг уурын албаны мэргэжилтнүүд гуравдугаар сараас эхлэн сакура
модонд ажиглалт хийж эхэлдэг.

Япончууд сакура модыг өөрийн орны үндэсний албан ёсны бус бэлгэдэл гэж
үздэг байна. Эдгээр инторын модны цэцэглэлтийн гол үе нь дөрөвдүгээр
сарын дунд хэсэг болдог ажээ. Сакура цэцгийн тухай анхны дурсамж Японы
уран зохиолд 721 оноос гарсан байна. Тус оронд сакурагийн үндсэн таван
төрөл мөн 200 орчим хольцын төрөл бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэнэ

Шар усны үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэнэЭнэ жилийн хувьд манай орны ихэнх нутгаар цас их орж, цагаан зудын байдалтай байсан. Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилсан энэ өдрүүдэд тулгардаг нэг бэрхшээл бол шар усны үеийн аюул юм. Шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй нөхцөл нийслэлд үүсээд байна. Иймд хотын холбогдох албаныхан хамтран ажлын хэсэг байгуулж үерийн аман дээр буусан айл өрхүүдийг шалгаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Цаг агаар дулаарч гол, мөрний мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан уулын жалга, суваг, шуудуу, голын сав газар буусан айл өрх, усанд ойр нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Мөн хаврын улиралд хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд тамхины иш, чүдэнзийг ил хаяхгүй, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй, гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй, байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Сансрын нэг өдөр” өдөрлөг болж байна

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой энэ сарын 22-ны өдөр тохионо. Энэ өдрийг угтаж, “Сансрын нэг өдөр” шинжлэх ухаан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөг “Буянт Ухаа” спорт цогцолборт болж байна.

Өдөрлөгийн үеэр Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойг тохиолдуулан Дүдү боловсрол сангаас Цаасан онгоцны улсын аврага шалгаруулах анхдугаар тэмцээнийг явуулж байна. “Цаасан онгоц” хөтөлбөрөөр дамжуулж хүүхэд багачууд, оюутан залуучуудад STEM боловсрол /шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик/ олгох зорилготой аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Орхон олимпийн найм дахь эрхийг авчирлаа

Ази тивийн олимпийн эрхийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө Казахстаны Астана хотод үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон, 75 кг-д Б.Одончимэг нар олимпийн эрхийн төлөө барилдсан юм. Тэднээс П.Орхон финалд үлдэн чөлөөт бөхийн олимпийн эрхийн найм дахь эрхийг эх орондоо авчирлаа.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа эхний эрхийг авчирсан бол удаах эрхийг П.Орхон нэмлээ. Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэй 97 кг-ын жинд Д.Хүдэртулга, эмэгтэй 75 кг-ын жинд Б.Одончимэг нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа барилдсан юм. Тэрээр эхний тойрогт БНСУ-ын бөхийг хожиж, удаах тойрогт Энэтхэгийн Б.Кумарийг 15-8-аар хожин, РИО-г зорих эрхийг авсан. Улмаар аваргын төлөө Вьетнамын бөхийг 8:2 онооны харьцаагаар хожин аваргалсан.

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдөх эрхийг баасан гаригаас эхлүүлсэн. Бямба гаригийн байдлаар Э. Сумъяа, П.Орхон нар эх орондоо долоо, найм дахь эрхийг авчирлаа.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нар цахимаар зөрчлийн оноогоо мэдэх боломжтой болов

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой хоёрдугаар сарын нэгнээс эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн.

Тэгвэл жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой болсон байна.

Жолооч та http://www.service.police.gov.mn/ тус хаягаар орж, зөрчлийн оноо болон Цагдаагийн ерөнхий газартай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой аж.

Дашрамд сонирхуулахад жолооч нарт нийт 10 оноотой байх бөгөөд дүрэм зөрчсөн, хурд хэтрүүлсэн зэрэгт зөрчлийн онооноос хасаж байгаа юм. 10 оноо нь дууссан жолооч дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноог дахин олгоно. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Улаан бурхнаар 390 хүүхэд өвдөж, эмчлүүлжээ

Улаан бурхан өвчлөл нэмэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгсдийн 70 хувь нь буюу 390 орчим хүүхэд Улаан бурхан өвчнөөр оношлогдон эмчлүүлж байна. Сэхээний эрчим эмчилгээний тасагт 17 хүүхэд Улаан бурхны оноштойгоор хэвтэж буй юм. Намжаад байсан Улаан бурхны дэгдэлт өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн дахин сэргэж, бага сартай буюу 0-8 сартай эсвэл 15-28 насны залуучууд энэ халдвараар өвдөх нь нэмэгджээ. Иймээс улаан бурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакциныг уг халдвараар өвчилсөн хүний дэргэд байсан буюу голомтод буй иргэд заавал хийлгэх шаардлагатайг Халдварт өвчлөл судлалын үндэсний төвөөс санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны бүртгэл маргааш эхэлнэ

Түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг
маргаашаас буюу энэ сарын 21 ний өдрөөс эхлэн Төрийн сууцны корпораци дээр ирэх
сарын нэгний өдрийг хүртэл бүртгэнэ. Засгийн
газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод
Буянт-Ухаа 2 хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх юм. Түрээсийн орон
сууцад орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваажээ. Ингээд тус
бүрд нь 5-30 хувийн квот олгосон байна. Тухайлбал, Өндөр насны тэтгэвэр
тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын
1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн
байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан
хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон
өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот
олгож байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Монголын радиогийн бүдүүн дуут Базарын Цэдэндамба

1

“Радиогийн бүдүүн дуут”. Сонсогч түмнээсээ овог нэрнийхээ өмнө ийм хүндтэй тодотголыг хүртэж чадсан сэтгүүлч, яруу найрагч бол Базарын Цэдэндамба. Анх Монголын радиод нэвтрүүлэгчээр шалгуулж тэнцээд овоо хэдэн сар ажиллаж байтал наад буриад аялгатай нөхрөө халаач гэж хэн нэгэн нь дүвчигнэснээс болоод нэвтрүүлэгч хийхээ больсон гэж Дамбаа ах надад ярьж байсан. Энэ эрхэм хүн “Ургацын далай” долгилоод ирэхээр унзад хоолойгоо засаад Улаанбаатараас Сэлэнгэ, Дарханы зүг хөлгийн жолоо зална. Газар тариаланчид, ногоочдоо, газар нутгаа гарын арван хуруу шигээ мэднэ. Үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлах гаргууд авьяастай бэлэн сэцэн үгтэй, Радиогийн сурвалжлагчийн микрофоныг төгс эзэмшсэн хүн. Микрофоны сэтгүүлч ч гэж хэлж болно. Газар тариаланчдын тухай гайхамшигт сайхан найруулал олныг бичиж байлаа. Миний ой тойнд “Гашилсан сүү” найруулал байдаг юм.

Бид хоёр Монголын радиод олон жил ах дүүс шиг анд нөхөд шиг явлаа. Сурвалжлагынхаа аппаратад “магтуулаад” радиогоосоо гарч байсан удаатай. Ер нь унаж босож явсан, юм юмыг үзсэн ухаантай буриад эр. “Улаалзай”,”Монголын сайхан орон”,”Ятгын эгшиг”,”Хангайн дуу” гээд олон сайхан дуутай сан. Бага сургуулийн хүүхэд байхдаа

“…Байгалийн сайхан цэцгүүдээс

Бадралтайяа Улаалзай

Байгаль тивийн дорно зүгт

Бахдалтайяа Монгол минь” гэж цангинуулж явлаа.

2.

“…Будан татаад дуниартсан

Буурал хангайн сайхныг ээ

Буурь нь хүртэл арилаагүй

Буянтай аавын минь нутаг аа…

…Манан татаж униартсан

Магнаг хөвчийн сайхныг ээ

Манан дундуур саравчилсан

Миний ээжийн нутаг аа …” гэх энэ дууг би Москвад хэдэн жил болохдоо найз нөхдийн наргиан цэнгээн дээр хундага өргөх болгондоо дуулж, манай Цэдэндамбаа ахын шүлэг гэж заавал хэлдэг байв даа.

“Угаас надад заяатай

Усан боргил хангайяа

Уяран санаж хайрласан

Унаган багын минь нутаг аа…” гэх нутаг усандаа хайртай хүүгийн сэтгэл нэвт шингэсэн дуу. Хүн харахад бардам, сагсуу байрын боловч өөрийгөө яруу найрагч гэж биширч байхыг хараагүй үлгэр авмаар даруу, номхон хүн шүү дээ. 1980-аад онд нэг удаа гэрт нь очиход орныхоо доороос хуучин хар чемодан гаргаж ирээд бөөн хуйларсан цааснаас сугалж шүлгээ уншиж байсныг мартдаггүй юм. Шүлгээ бичээд л чемодандаа чихдэг юм билээ. Их сонин санагдаж байж билээ. 1989 онд Москвагийн украин зочид буудалд буусан байхад нь очиж уулзав. Бид хоёр ёстой нэг сайхан байсаан. Энэ уулзалтыг Дамбаа ах дурсах дуртай. Зохиолчдын эвлэлийн шагналыг тэтгэвэрт гарах үедээ авчихаад дарга П.Баярсайханд хандаж:

“Эрх мэдлийнхээ алтан ордонг

Энгэр дээр минь зүүж өгсөн

Эвлэл тандаа баярлалаа

Эрхэм дүү нартаа баярлалаа” гэсэн гэдэг. Би хувьдаа Дамбаа ахаас түрүүлж эвлэлийн шагнал авсандаа ичиж л явдаг байсан. Ер нь утга зохиолын салбарт бол Базарын Цэдэндамба найрагчийг дутуу үнэлсэн гэж би боддог юм. Сэтгүүлчийн хувьд бол төрдөө, түмэндээ үнэлэгдсээн.

3.

Монголын радиогийн захирал, зохиолч П.Баярсайхан, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр, Б.Цэдэндамба бид дөрөв 1998 оны зургадугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн зочид буудалд оройхон буулаа. П.Баярсайхан, Л.Мөнхтөр хоёр өглөө эртлэн босоод аймгийн дарга нартай уулзаж, ажил төрлөө ярилцахаар явахдаа хараахан орноосоо босоогүй бид хоёрт хандаж, буудалдаа тухалж байхыг бас гадуур гарч “сахилга” алдахгүй байхыг санууллаа. Бид хоёр ч тэгэсгээд босч ор дэрээ янзаллаа. Дамбаа ах гэнэт гараад явснаа хоёр хүүхэн дагуулаад ирлээ. Нөгөө хүүхнүүд нь их баяртай инээлдэж хөхрөлдөөд л. Ерөө ч бил үү Хараа ч бил үү зүгийн газар тариалангийн бизнес эрхэлдэг бүсгүйчүүд гэнэ. “Ингэж Цэдэндамбаа гуайтай уулздаг байна шүү. Радиогоор ярихыг нь л сонсоод байдаг байлаа. Сайхан нэвтрүүлэг хийдэг, сайхан дуу хоолойтой хүн шүү” гээд үнэхээр хүндэтгэж байна. Нэг хүүхэн нь өрөөнөөсөө шил юм авчраад ширээн дээр тавьчихлаа.

Улаанбаатараас ирэх замдаа жаахан хэтрүүлсэн бид хоёрт том олз байлгүй яахав. “Өнөөдөр Буйр хээрт “Эв модны наадам” болох юм байна. Улсын заан Баярсайхан тэргүүтэй бөхчүүд ирчихэж. Та хэд тийшээ очно биз дээ” гэж нэг бүсгүй нь яриа өрнүүлэв. Гурван хундага татсан Дамбаа ахын дуу нь чангараад ирлээ. “Тэр Баярсайхан хаана байна. Миний муу хүү ирж л дээ” гэж байна. Хүүхнүүд ч нүд нь гялалзаад “Баярсайхан заан таны хүү юм уу. Ямар сайхан хүүтэй юм бэ” гээд бахархах аятай Дамбааг харж байна. Би дотроо Баярсайхан Төв аймгийнх, манай хүн Хэнтийнх, сайхан залж байна даа гэж бодоод инээд хүрч суулаа даа. Дамбаа ахин нэг хундага хөнтөрч, миний тамхийг амнаас суга татаж зуугаад “Баярсайхан заан миний хүү. Цэдэндамбын Баярсайхан гэдэг биз дээ” гэж маш үнэмшмээр дуугарч байна шүү. Нээрээ л Цэдэндамбын Баярсайхан гэдэг дээ. Хоёр хүүхэн ч үнэн юм байна гэж бодоод гарцгаалаа. Эв модны наадмын газар заан Баярсайхан тэргүүтэй бөхчүүд ирчихсэн байна. Заан Баярсайхан чинь өнөөх “Радиогийн бүдүүн дуут” Цэдэндамба сэтгүүлчийн хүү юм гэнээ гэсэн “зарыг” өнөөх хоёр хүүхэн тараачихаж.

П.Баярсайхан дарга ч мэдчихсэн байна. “Тэр заан хүүгээсээ очоод архины мөнгө аваад ир” гэж Дамбааг загнаж байна. Мань эр юу ч хэлж чадахгүй байна. Ёстой хулхи нь буугаад архи нь гараад явчих шиг болж билээ. Манай Дамбаа ах нэг иймэрхүү гэнэн цайлган, онигоонд амархан ордог хүн. Тэгэхдээ бас онигоо зохион ярихдаа гаргууд нэгэн. Орой нь дарга нарын хүлээн авалтад Баярсайхан, Мөнхтөр хоёр явахдаа бид хоёрыг зочид буудалд цоожлоод орхиж билээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар

Categories
мэдээ цаг-үе

Манай хотод шилдэг циркчид ирж байна

“Дэлхийн цирк Монголд-2016” тоглолт энэ сарын
26-наас эхлэх гэж байна. Энэ талаар “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус
байгууллагаас мэдээлэл хийсэн юм. Тус байгууллагын хувьд дэлхийн тодотголтой уг
циркийн тоглолтыг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Үүний ачаар бид
циркийн урлагтай танилцаж байна. Тухайлбал, энэ удаагийн циркийн тоглолтод
зөвхөн халуун оронд амьдардаг арслан, сармагчин, лам гөрөөс, одой морь зэрэг
олон ховор сонин амьтад оролцоно. Мөн орон орны төлөөлөл болсон шилдэг циркийн
уран бүтээлчид манай циркийн тайзнаа гарах нь ээ. Ингээд хэвлэлийн хурлын үеэр
тус төвийн тэргүүн Н.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Дэлхийн цирк Монголд-2016”
тоглолтод 15 орны уран бүтээлчид оролцоно гэсэн. Аль улсын циркчид ирэх вэ?

-Энэ сарын 26-наас дөрөвдүгээр
сарын 10-ны өдөр хүртэл тоглохоор тов гараад байна. Нийтдээ 15 орны 70 гаруй
циркчид оролцоно. Хятад, Орос, Америк, Румын, Бразил, Испани, Итали, Франц,
Этиоп, Украин, Беларусь, Казахстан, Узбекстанаас циркчид ирэх юм.

-Энэ жилийн тоглолтын онцлог юу
вэ?

-Дэлхийн цирк гэж тодотгосны
учир бол олон улсын чанартай тэмцээнүүдэд алт, мөнгө, хүрэл цом хүртсэн
авьяаслаг циркчдийг Монголд урьж тоглолтоор нэгтгэдгээрээ онцлогтой. Тоглолтын
нэр жил бүр адилхан байдаг боловч үзүүлбэрүүд давтагдахгүй байх болно гэдгийг
энд хэлэх таатай байна.

-Ямар амьтадтай үзүүлбэрүүд
байгаа вэ. Өнгөрсөн жил арслантай үзүүлбэр гэж байгаад арслан ирээгүй санагдаж
байна?

-Энэ жилийн тоглолтод лам
гөрөөс, арслан, сармагчингууд, одой морь, сургуулилттай нохой зэрэг олон
төрлийн амьтад оролцоно. Эдгээр амьтад ерөнхийдөө ховорт тооцогддог гэж хэлж
болно. Дээрх амьтдыг эх орондоо авчрахаар бэлтгэл ажил бүрэн хангагдчихаад
байна.Өнгөрсөн жилийн тухайд хил дээрээс арслан буцаагдсан харамсалтай
тохиолдол болсон. Бид ямар учраас, ягаад буцаагдсаныг мэдэхгүй шүү дээ. Цаад
хариуцсан газар нь л мэдэж байгаа.

-Амьтад хэзээ ирэх вэ?

-Хэрвээ амьтдын талаар ямар нэг
эргэлзээ байгаа бол амьтад маань аль хэдийнэ манай улсыг зориод ирж байгаа
учраас эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна.

-Тоглолтод оролцох гэж буй
амьтдыг хаана байршуулах вэ?

-Амьтдын байрлах байрыг бид
зохих стандартын дагуу барьж байгуулж байна. Арслан, лам гөрөөс, одой морь
зэрэг нь ховорт тооцогддог халуун орны амьтад шүү дээ. Бидний зүгээс амьтдын
аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах хамгийн чухал. Байрлах байрнаас эхлээд
хоол тэжээлийн хувьд ч тодорхой арга хэмжээг авч байна.

-Халуун орны уур амьсгал
тодорхой хэмжээгээр амьтдад нөлөөлөх байх даа?

-Тэгэлгүй яахав. Манайх шиг эрс
тэс уур амьсгалтай орны цаг агаар мэдээж амьтдад нөлөөлнө. Ялангуяа арслан
нэлээдгүй дулаан орчинг шаарддаг амьтан л даа. Тийм учраас бид байрлах орчинд
их ач холбогдол өгч ажилласан, бэлтгэл ажил маань дуусчихсан байна.

-Шинэ содон үзүүлбэрүүдийн
талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өмнөх жилүүдийн үзүүлбэр
давтагдахгүй. Онцлох үзүүлбэрүүд гэвэл үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа
амьтдын үзүүлбэр байна. Мөн “Дэлхий циркийн хаан” гэж нэрлэгддэг агаарын
гимнастикийн үзүүлбэр байна. Энэ үзүүлбэрийг өмнөх жил хойд Солонгосын циркчид
тоглож байсан бол энэ удаад Беларусь, Украин улсын циркчид үзэгчдэд хүргэх гэж
байна. Агаарын гимнастикийг газрын үсрэлттэй хослуулж анх удаа гэж хэлж
болохуйц үзүүлбэр тоглоно.

-Ямар журмаар олон орны
циркчдийг эх орондоо урьж тоглолт зохион байгуулдаг юм бол?

-Миний бие өөрөө Монгол Улсын
тамирчдаа олон улсын тэмцээнд оруулах тал дээр нэлээд санаа тавьж ажилладаг. Би
олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллах үедээ гадаадын циркчдийн үзүүлбэрээс
сонгож албан ёсоор Монголд тоглох урилга өгдөг байгаа. Тэгэхээр энэ тоглолт яг
энэ бүрэлдэхүүнээрээ Монголд л ганцхан болно гэсэн үг.

-Дэлхийд алдаршсан циркчин
байгаа юу?

-Бүгд олон улсын тэмцээнд
оролцож алт, мөнгө, хүрэл цом хүртсэн циркчид байгаа. Тухайлбал, Оросын их
нэртэй алиалагч ирж байгаа. Энэ алиалагч олон улсын дөрвөн тэмцээнээс нэг
мөнгөн цом, гурван хүрэл цом хүртсэн мундаг алиалагч юм. Мөн Испаниас агаарын
гимнастикийн жүжигчин ирнэ. Дэлхийд цор ганц маш их эрсдэл дагуулдаг
элементүүдийг гүйцэтгэдэг жүжигчин ирж байна. Ер нь улс орны шилдгүүд ирнэ.

-Монголын циркчид ямар үзүүлбэр
үзүүлэх вэ?

-Монголын үндэсний циркийн
Номунбаатар ахлагчтай жүжигчид саяхан олон улсын тэмцээнээс алтан цом хүртсэн.
Шидэх банзнаас үсрэгчид гэсэн үзүүлбэрээрээ үзэгчидтэйгээ уулзах болно. Мөн Сэлэнгэ
багштай уран нугараачдын баг “хунгийн бүжиг” гэх цоо шинэ уран нугаралтын
үзүүлбэрээ үзүүлнэ. Монголын үндэсний циркийн агаарын гимнастикийн жүжигчид
оролцоно.

-Өмнөх жилүүдэд үзэгчдийн
хүсэлтээр өдрөө сунгаж дахин тоглож байсан. Ер нь циркчидтэй хичнээн хоногийн
гэрээтэй ажилладаг вэ?

-Циркчидтэйгээ 10+7 хоног гэсэн
гэрээ байгуулсан. Хэрвээ үзэгчид хүсвэл өдрөө сунгаж тоглох бүрэн боломжтой.

-Тоглолтын эхний өдрийн
тасалбар зарагдаж дууссан гэсэн. Хэдэн төгрөг гэж байна?

-Тасалбар 15000-30000 төгрөгийн
үнэтэй байгаа. Ийм үнээр дэлхийн хэмжээний циркийн үзүүлбэрийг үзнэ гэдэг маш
том боломж, бэлэг гэж ойлгож болно. Үзэгчид ч гэсэн их хүлээлттэй байх шиг
байна.

-Монголын циркчид олон улсын
тэмцээнд чамгүй амжилттай оролцож байгаа. Одоогоор ямар амжилт үзүүлээд байна
вэ?

-Өнгөрсөн оны есдүгээр сард
Москвад болсон олон улсын циркчдийн тэмцээнд Монголын үндэсний циркийн
Номунбаатар ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид, шидэлттэй акробат” үзүүлбэрээр
оролцсон. Энэ тэмцээнээс мөнгөн цом хүртсэн. Нийт 15 орны 130 гаруй циркчид
оролцсон. Бидний хувьд олон улсын анхны тэмцээн байсан л даа. Өнгөрсөн хоёр
сард болсон тэмцээнд алтан заан цом хүртсэн. Дараагийн тэмцээн маань энэ сарын
8-ны өдөр өндөрлөсөн. Тус тэмцээнээс “Алтан баавгай” цомыг эх орондоо авчирсан
байгаа.

-Таны хувьд олон улсын
тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байгаа. Ер нь шүүгчээр ажиллах урилга их ирдэг
гэж сонссон?

-Олон улсын тэмцээний шүүгчдийн
бүрэлдэхүүнд ажиллаж байгаа шүүгчдээс насны хувьд би хамгийн залуу нь байсан.
Жүжигчдээ авч яваад олон улсын тэмцээнүүдэд оролцуулах, өөрөө шүүгчээр ажиллах
хоёр их ялгаатай юм байна. Жүжигчдийн хувьд өөрийн улсын шүүгч байлаа гээд ямар
нэг ялгаа байхгүй. Тэмцээнд хамгийн шилдэг жүжигчид оролцож байгаа учраас
шилдгийн шилдгүүдийг л тодруулж шагнадаг. Нөгөө талаас ганц надтай холбоотой
асуудал биш юм. Монголын циркийн урлагийн түүхэнд улсаа төлөөлөн шүүгчээр
ажилласнаараа манай циркийн урлаг дэлхийд хаана яваа, хэр нэр хүндтэй байгааг
харуулж чадсан гэж би ойлгож байгаа. Одоогоор он дараалан гурван тэмцээнд шүүгчээр
ажилласан. Яг одоо хоёр ч олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллах санал ирсэн
байна. Тоглолт эхлэх гээд цаг хугацааны хувьд давхцаж байгаа учраас зарим нэг
тэмцээнд шүүгчээр ажиллах боломжгүй байгаа.

Э. АРИУНЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

НИТХТ-ийн тогтоолын хийдлийг арилгуулахаар Хууль зүйн сайдад танилцуулга хүргүүлжээ

-НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ 21 ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ГЭНЭ-

“Цахим тоглоомын газар” нэртэй мөрийтэй тоглоомын газрууд нээгдэж, “Иргэд их хэмжээний мөнгөө алдаж байна” гэсэн гомдол сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирэх болжээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн тоглоомын газруудыг шалгаж үйл ажиллагааг нь таслан зогсоодог боловч төд удалгүй өнөөх тоглоомын газрууд нь дахин үйл ажиллагаа явуулдаг байна. Үндсэндээ ийм тоглоомын газрууд ихэсч, цагдаагийн байгууллагад дийлдэхээ болиод байгаа аж. Энэ нь дээрх тоглоомын газруудын ард хэн нэгэн эрхтэн дархтан байна уу гэж хардахад хүргэдэг байна. Харин бид ийм төрлийн тоглоомын газрууд нэмэгдэх болсон шалтгаан, үүнд юу нөлөөлж буйг сурвалжиллаа. Эхлээд бид энэ тухай хуульд юу гэж тусгасан байдгийг хүргэе.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн энэхүү Эрүүгийн хуулийн зүйл заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тайлбарт “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) гэдэгт “ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаандаа мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” гэж тайлбарлажээ. Дээрх хуулийн заалтаас харвал бүхий л ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл зэргээр тоглосон бүх зүйлийг хууль бус гэж тодорхой хэлж өгсөн байгаа юм.

Хууль бус мөрийтэй тоглоомын газруудтай тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас хамтран өнгөрсөн онд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байжээ. Энэ үеэр 19 газрын үйл ажиллагааг шалгаснаас зургаан газрынх нь үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Зөрчил гаргасан 12 газарт албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Харин он гарснаас хойш энэ төрлийн шалгалтыг хийж, есөн тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоожээ. Үйл ажиллагааг нь зогсоосон тоглоомын газруудад Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналтайгаар холбогдох газарт нь шилжүүлжээ. Харамсалтай нь “Дээрх тоглоомын газрууд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэрийг холбогдох газар гаргажээ.

Учрыг нь лавлавал энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоос улбаатай аж. Өнгөрсөн онд Нийслэлийн соёл урлагийн газар тоглоомын үйл ажиллагаа явуулах 21 зөвшөөрлийг олгожээ. Ямар учраас ийм зөвшөөрөл олгож буйгаа тайлбарлахыг хуулийнхан хүсэхэд “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт, Соёл, урлагийн төлбөрт үйлчилгээний журмын 1.2.5 “Билльярд, цагариг шидэх, хийн буудлага, лото тоглоом…” гэсэн заалтыг үндэслэн дээрх зөвшөөрлийг өгсөн хэмээсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас Нийслэлийн соёл урлагийн газрын даргад хууль зөрчин мөрийтэй тоглоомын газруудад зөвшөөрөл өгч буй талаар нь мэдэгдэл хүргүүлж байсан аж. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус журам нь Эрүүгийн хуультай зөрчилдөж байгаа заалтыг өөрчлөх санал хүргүүлж байжээ.

Энэ саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хүлээж авч “2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Эрүүгийн хуультай зөрчилдөж байсан журмыг хүчингүй болгосон хэмээн хуулийн байгууллагынхан бодож суутал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 155 дугаар тогтоолоо хүчингүй болгосон ч 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журмыг шинэчлэн 3.1.3 “Цэнгээнт үйлчилгээний (автомат тоглоом, видео тоглоом, мөсөн болон дугуйт тэшүүрийн талбай, билльярд, боулинг, дэлгэцийн болон мини гольф) газар гэсэн заалтыг нэмж оруулан баталжээ. Ингэхдээ эхний тогтоолоо бүр дордуулан автомат тоглоом гэж нэмж оруулж ирсэн аж. Энэ нь цагдаагийн байгууллагаас хууль бус тоглоомын газруудтай тэмцэхэд улам хүндрэл учруулсан гэж цагдаагийн ажилтнууд ярьж байна.

Учир нь автомат тоглоом гэдэг нь үйлчилгээгээ аваад гарахыг хэлдэг. Гэвч тоглоомын газраар үйлчлүүлэх гэж орж ирээд бооцоотой тоглоод мөнгө хожихыг хэлдэггүй.Тоглоомын газраа мөрийтэй тоглоомын газар болгосон иргэд НИТХТ-ийн 09 дүгээр тогтоолыг үндэслэн бид зөвшөөрөлтэй хэмээн хуулийн цоорхой ашиглан хэл ам хийх болсон гэнэ. Иймд цагдаагийн байгууллагаас мөрийтэй, бооцоотой тоглохыг хориглох гэх мэтээр дээрх тогтоолд оруулах хэрэгтэй, хэрэв тэгэхгүй бол Эрүүгийн хуультай зөрчилдөж байна хэмээн үзэж Хууль зүйн сайдад танилцуулга хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 21 газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, Баянгол дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт гурван тоглоомын газар байгаа юм байна.