Шинэ нисэх буудлын хурдны замын ажил ирэх сарын 15-нд эхлэх юм байна.Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн удирдагч Н.Энхбат ярьсан. Монголын талын хариуцан барих гурван барилгын асуудал шүүхийн шатанд удаашралтай байгаагаас хүлээлт үүсчээ. Мөн хурдны авто зам, шатахууны заавал байх нөөц, ангарын барилга, ангар болон катерингийн барилгууд, дагуул хотын асуудал болон эрчим хүчний нэхэмжлэх, хугацаа хоцорч төлбөр хийгдсэний алданги зэргийг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд хүргэжээ. Шинэ нисэх буудлын хурдны замын ажил ирэх сарын 15-нд эхлэх юм байна. Харин дагуул хотын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай яаралтай уулзалт зохион байгуулж, шийдэлд хүрэхээр тогтсон байна.
Month: March 2016
Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй байгалийн гамшиг, гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон иргэд болон төрийн албан хаагчдыг маргааш бүртгэнэ. Гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон иргэдэд түрээсийн орон сууцнаас таван хувийн квотыг олгожээ. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдэд 39.3 ам метр хэмжээтэй хоёр өрөө байр 10, 49.23 ам метртэй хоёр өрөө байр долоог хуваарилжээ. Иргэд бүртгүүлэхдээ цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/, энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл, орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ийн хуулбар, үндсэн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагааг бүрдүүлсэн байна. Мөн байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан бичиг баримтыг бүрдүүлэх ёстой юм.
Дөрвөн настай охины амийг хөнөөсөн гэх Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс тус бүр 24 жилийн хорих ял ногдуулсан билээ.
Одоогоор дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа.
Г.Маралмаа хэрэгт сэжигтнээр татагдаад байхдаа хөл хүнд байсан тул энэ оны өмнөхөн нярайлж, охинтой болсон. Өдгөө таван сартай болоод буй охиныг Г.Маралмаагийн нагац эгч нь “Өөрөө амьдралын боломж тааруу, өрх толгойлсон эх учир хүүхдийг эхтэй нь хамт байлгах эсвэл асран хамгаалагч хайж өгнө үү” гэсэн хүсэлтийг Хүний эрхийн үндэсний комисст гаргажээ.
Хүний эрхийн үндэсний комисс уг өргөдлийг шийдвэрлэж, “Хүүхдийг эхтэй нь хамт байлга” гэсэн зөвлөмжийг нийслэлийн прокурорын газарт энэ сарын 22-нд хүргүүлсэн байна.
Зөвлөмжийг хариуг 30 хоногийн дотор өгөх юм байна.
УИХ дахь МАН-ын бүлгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүссэн албан тоотыг Сангийн сайд Б.Болорт илгээсэн байна.
Нийслэл болон хөдөө, орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгч олон мянган иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Баар, рестораны холбоо, “Да хүрээ трейд”, “Нарантуул трейд” худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн холбоо, хүнсний дэлгүүрийн эздийн төлөөллөөс НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, үр дагаврын талаар олон санал, гомдлыг МАН-ын бүлэгт ирүүлсэн. Ялангуяа татварын албанаас худалдаа эрхлэгчдийг өндөр үнэтэй кассын машин, программ хангамж авахыг тулган шаардаж, аваагүй тохиолдолд торгууль ногдуулж байгаа нь орлогогүй болсон аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт үүсгэж байгаад иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг судлан үзээд УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна.
Тиймээс Засгийн газар хуульд заасан хугацаанд саналаа ирүүлэх хүртэл жижиг аж ахуйн нэгж, иргэдийг торгохгүй байхыг уг албан тоотод дурджээ.
Амиа золиослогчийн тэсэлсэн бөмбөгөнд 69 хүн эрсэдсний ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа аж.Зүүн Пакистаны томоохон хот болох Лахорын цэцэрлэгт хүрээлэнд христ шашинтнууд олноор цуглан Улаан өндөгний баяр тэмдэглэж байхад ийм явдал болжээ.Одоогоор Пакистан дахь талибанчууд халдлагын хариуцлагыг хүлээгээд байна.Гэмтэж шархадсан хүний тоо 200 дөхөж хотын томоохон эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байгаа тухай мэдээлэл ирж байна. Пакистаны Ерөнхийлөгч болсон явдалд эмгэнэл илэрхийлээд улс даяар гурав хоногийн үндэсний гашуудал зарлаөд байна.
“Дэлхийн Монголчууд Глобал” нийгэмлэгээс зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд боксын тэмцээн, шатрын тэмцээн зохион байгуулагдсан билээ. Тэгвэл өчигдөр “Монгол туургатан мисс” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт “Corporate Hotel”-ын “Convention Center”-т болж өндөрлөлөө.
Монгол туургатаны миссээр Буриад улсын оролцогч Арюна Жаргаловна Бубаева шалгарсан бөгөөд есөн эрдэнийн шигтгээ, 999 сорьцын алтан буга бүхий цэвэр мөнгөн титэм болон 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртээжээ. Дэд миссын шагналыг Монгол улсын оролцогч Ю.Балжидмаа хүртсэн байна.
“Монгол туургатан мисс-2016” наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс өрсөлджээ.
Мисс модель: Н.Мишээлт /Монгол улс/
Мисс фото: Айлана Монгуш /Тува улс/
Мисс бикини: Н.Ану /Монгол улс/
Үндэсний хувцастай мисс: Чечена Кыргыс /Тува улс/
Олны таашаалд нийцсэн мисс: Ч.Ану /Монгол улс/
Авьяаслаг миссээр: Э.Мөнгөнхуар /Өвөр Монгол/
Сайн үйлс: Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа зарим асуудалд “Энержи Ресурс” ХХК-иас албан ёсны мэдэгдэл гаргаж, компанийг ор үндэсгүй гүтгэж байгаа талаар мэдэгдсэн. Энэ үйл явдалтай холбогдуулан тус компанийн толгой “Mongolian Mining Corporation”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргалаас тодрууллаа. Түүний хувьд гадаадад ажилтай яваа ч бидэнд утсаар товч тодруулга өгөхийг зөвшөөрсөн юм.
-Сүүлийн үед төмөр замын хэрэгт “Энержи Ресурс” компанийг холбогдуулан, баримтаа дутуу бүрдүүлж өгсөн гэх зарим мэдээлэл гараад байна. Тэр бүү хэл төр засгийг завших гэж байна гэсэн яриа байна. Үүсээд буй нөхцөл байдалд та хариулт өгөхгүй юу?
-“Энержи Ресурс” компанийн ТУЗ-ийн даргын хувьд над руу хандлаа гэж би ойлгож байна. Таны асууж байгаа зүйл бол бүтэн гурван жилийн өмнө төрийн гурван яам шалгаж, тогтоогоод дуусчихсан асуудал. Үнэхээр баримт дутуу өгсөн бол төрөөс хүлээж авахгүй байсан нь ойлгомжтой. Шалгагдсан бүх баримт, акт, дүгнэлт нь байгаа учир энэ тал дээр маргах шаардлага байхгүй. Болсон процесс маш тодорхой. Төмөр замыг хувийн хөрөнгөөр барихаар компани хөрөнгөө босгоод ажиллаж байсныг болиулаад, төрд шилжүүлж авна гэсэн. Үндэсний компани учраас концесс цуцаллаа гэж шүүх, арбитрт хандаагүй, хохирол, алдангиа хүлээгээд, хүлцэнгүй л явж байгаа. Магадгүй “Энержи Ресурс”-ын оронд гадаад компани байсан бол Концессын хууль, гэрээний заалтаа бариад арбитрт хандана. Гарсан бүх зардлаас гадна алданги, хохирол, олох байсан ашгийг нөхөж олгоно гээд Засгийн газар “Хан Ресурс”-ынх шиг асуудалд ороод, их хэмжээний өр төлбөрт унах л байсан байх.
-Таван толгойтой холбоотойгоор “Нүүрсчин нам” гэдэг ойлголтыг бий болгочихлоо. Улсын мөнгийг эрсдэлд оруулсны дээр “Энержи Ресурс”-ын санхүүгийн байдал хүндэрсэн гээд яригдаж байна. Тиймээс Таван толгойг 60 жилээр авахаар санаархаж байсан, өр төлбөрөө Засгийн газраар төлүүлэх гээд байна гэх юм?
-Монгол Улсад бүртгэлтэй намууд дотор “Нүүрсчин нам” гэж байдаг эсэхийг би мэдэхгүй. Элдэв нэр хоч өгч, хүмүүсийг талцан хагаралдуулах гэсэн оролдлого шиг л харагддаг. Хоёрдугаарт, Таван толгойд хөрөнгө оруулалт хэрэгтэй учраас гадаад, дотоод компаниудыг оролцуулна гэж төрөөс сонгон шалгаруулалт зарласан. Бид дур мэдэж Таван толгойд хөрөнгө оруулъя гэж очсон зүйл хаана ч байхгүй. Зарласан шалгаруулалтын нөхцөлийн дагуу материалаа өгсөн, оролцсон. Эхлээд тендерт шалгаруулсан хэдий ч сүүлд нь улстөржилт болоод гацсан. Тэр шийдвэр яаж гарах, хэнийг сонгон шалгаруулах нь төрийн мэдлийн асуудал. Бид Таван толгойн гэрээтэй, гэрээгүй бизнесээ, урдах ажлаа хийгээд л явах болно.
Гуравдугаарт, төр засаг хувийн компанийн өр төлбөрийг хариуцна гэдэг угаасаа боломжгүй, тийм ойлголт ч байхгүй. “Энержи Ресурс” компани санхүүгийн хувьд хүнд байгаа нь үнэн. Ганц “Энержи Ресурс” хүнд байгаа юм биш, дэлхий даяараа нүүрсний компаниуд бүгд тэсч үлдэхийн төлөө зүтгэж байгаа. Гэлээ гээд хувийн хэвшлийн компани учраас эрсдэлээ өөрөө л үүрч ирсэн, үүрэх ч болно. Цаашид өр төлбөрүүдээ хойшлуулах, нөхцөлүүдийг нь өөрчлөх гээд хөрөнгө оруулагч, зээлдэгчидтэйгээ ойлголцоод явж байгаа. Хөрөнгө оруулагчид ч зах зээлийн нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа.
“Энержи Ресурс”-ын дийлэнх хувьцааг “М-Си-Эс”, “Шунхлай”, “Петровис”, “Худалдаа хөгжлийн банк” гээд үндэсний компаниуд эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчид гээд муулуулаад л байдаг. Гэтэл бодит байдал дээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй л явж байна. “Энержи Ресурс”-ын гадаад, дотоодоос татсан бүх хөрөнгө оруулалт эцсийн сохор зоос хүртлээ Монголын эдийн засагт, Монголын бизнесүүдэд, монгол хүмүүст шингэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон юм яриад яахав, хэдхэн тоог л давтаад хэлье. Өмнө ч яригдаж байсан байх. “Энержи Ресурс” улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй, цэвэр хувийн хөрөнгөөр амьхандаа л өмнийн говийн бүсэд нүүрс, аж үйлдвэрийн цогцолбор байгуулчихсан юм шүү дээ. Өөрөөр хэлбэл улсыг нэг ч төгрөгийн эрсдэлд оруулаагүй.
2009 оноос хойш 760 тэрбум төгрөгийн татвар төлөөд, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, Монголын эдийн засагт хоёр тэрбум ам.долларын валютын экспорт оруулж ирсэн. Ухаа худаг төсөлд 2700 гаруй монгол компани 2.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлсэн байдаг. 2009 оноос хойших Монголын эдийн засгийн өндөр өсөлтөд оруулсан хувь нэмэр, далайцаараа Оюу толгойн дараа хоёрт орохоор л том хөрөнгө оруулалт. Улсынхаа ачаанаас ийм хэмжээгээр үүрэлцээд явж байгаа үндэсний компани юм шүү. Ийм тодорхой байхад “Хятадын компани, дампуурсан компани” гэх мэт гүтгэсэн, ад үзсэн яриа цөөн хэдэн улстөрчийн амнаас их гарах юм даа, хэлэх ч үг алга.
-Танай компанийг цагдаа, хүчний байгууллагуудад нөлөөлөөд байна гэсэн яриа ч гараад байна. Хувийн компани хүчний байгууллагуудыг хөдөлгөх тийм боломж үнэхээр байдаг юм уу?
-Үүн шиг худлаа зүйл байхгүй. Цагдаа, шүүхийн байгууллагад нэг компани байтугай ямар ч эрхтэн, дархтан нөлөөлөх боломж хуулиараа байхгүй биз дээ. Ер нь хууль, хүчний байгууллагаар асуудал шийдүүлнэ, нөлөөлнө гэдэг ойлголт манай компанийн бизнесийн зарчим, соёлд байгаа ч үгүй. Цаашид ч байхгүй.
-Таныг Х.Баттулга гишүүнтэй байнга эсрэгцүүлж ярьдаг. Дайсагнагч хоёр тал гэж хүртэл нэрлээд байгаа. Үнэхээр танд дайсагнах асуудал байдаг юм уу. Ерөнхийлөгчийн зүгээс “Х.Баттулга, Ж.Оджаргал хоёр нэг нутгийн хүмүүс. Өөрсдөө учраа ол” гэсэн үг хэлсэн байна лээ. Яг өөрөөс тань хариулт сонсмоор байна?
-Надад Х.Баттулга гишүүнтэй дайсагнах, асуудал үүсгэх ямар ч шалтгаан байхгүй. Та бүхэн анзаардаг бол миний зүгээс, манай компанийн зүгээс ч тэр Х.Баттулга гэдэг хувь хүнийг, эсвэл тэр хүний бизнес, улс төрийн карьерийг үгүйсгэсэн, шүүмжилсэн ямар ч зүйл ярьж, хэлж байгаагүй. Эсрэгээрээ манай компанид л байнгын дайралт, гүтгэлэг ирж байдаг шүү дээ. Ер нь бизнесийнхнийг зүгээр ажлыг нь хийлгэчихгүй улс төрийн элдэв бохир хэрүүлд татаж оролцуулдаг байдлаа болиоч ээ л гэмээр байна. Ялангуяа сонгууль дөхөхөөр бизнесийнхнийг улс төрд хутгаж хардах сэрдэх, гүтгэх асуудал маш их үүсч байна. Ийм их улстөржилтийн дунд дотоодын бизнесүүд хэвийн, тайван ажиллахад ч хэцүү юм.
Төр барьж байгаа улстөрчдийн зүгээс дотоодын аж ахуйн нэгжүүдээ үгүйсгэсэн, гүтгэсэн, доромжилсон зүйлсийг байнга ярих нь хэрээс хэтэрч байна. Өмнө нь Монголын улс төрд юу ч яригдаж байсан, “олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг гадаад ертөнцөд нэг их тардаггүй байлаа. Одоо бол Монголын улстөрчид юу ярихыг гадаад ертөнц үг алдалгүй чагнадаг. Тэгснийхээ дүнд хариу үйлдэл үзүүлдэг болсон. Энэ нь цаашаа Засгийн газрын бонд, зээлжих зэрэглэл, олон улсын нэр хүнд гээд эдийн засгийн утгаараа маш их халтай байна. Монгол Улсын ДНБ-ий 80 хувийг адлагдаад байгаа хувийн хэвшил л бүрдүүлдэг. Бизнесүүд хохирсноор татвар төлөлт, ажлын байраар дамжаад цаашаа жирийн иргэд л хохирдог шүү дээ.
Сөүл хотноо энэ сарын 19-26-нд зохион байгуулагдсан хөгжмийн наадмаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Монгол Улсын гавъяат жүжигчин Э.Амартүвшин гуравдугаар байрын шагнал хүртжээ. Гурван жилд нэг удаа болдог дуурийн дуулаачийн төрөлд 11 орны 128 дуучин оролцсноос манай улсын дуучин ийнхүү гуравт оржээ. Энэхүү олон улсын хөгжмийн уралдаан нь 1996 оноос эхтэй бөгөөд жил бүр шилдэг төгөлдөр хуурч, хийлч, дуурийн дуулаачийн төрлөөр ээлж дарааллан зохиогддог байна.
Монгол улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаанд Монгол Улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, гарьд Д.Рагчаа үзүүрлэлээ. Их шөвөгт Ц.Содномдорж харцага Т.Баасанхүү начинтай тунаж хутгахад нь дагуулж өргөж хавираад давсан бол гарьд Д.Рагчаа заан Т.Санчирыг давуулж гуядаад хаясан билээ. Энэхүү барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Д.Амгаланбаатар, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ж.Амартүвшин, Б.Одгэрэл, улсын начин Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.
Морин хуур олон улсын наадам болно
Морин хуур хөгжмөөр дамжуулан Монгол үндэсний соёлыг олон улсад сурталчлах, Морин хуурын уламжлалт тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилгоор Морин хуур олон улсын 5-р наадам, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг 2016 оны 5 сарын 3-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Наадмын хүрээнд “Морин хуур хөгжмийн урын сан” эрдэм шинжилгээний бага хурал симпозиум 2016 оны 5 сарын 5-ны өдөр зохион байгуулагдана. Симпозиумд оролцох хүсэлтэй илтгэгчид өөрийн товч намтарыг гэрэл зураг, илтгэл, түүний товч хураангуйн хамт 2016 оны 4- р сарын 25- ны дотор heritage@artscouncil.mn хаягаар илгээх боломжтой юм байна.