Categories
мэдээ цаг-үе

Монголын хуулийн байгууллага тойрч сагсалздаг хав шиг санагдах юм

Монголын хуулийн байгууллагын сүүлийн хэдэн жилийн үйл ажиллагааг харахад тойрч сагсалздаг хав шиг санагдах боллоо. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эргэн тойрон дахь хүмүүсийг яалаа даа. Заримыг нь хэрэгт унагаж, эрүү үүсгэж, удаан хугацаагаар шалгаж, заримыг нь шоронд хорьсон. Төрсөн охин, хүргэн, зөвлөх Л.Гансүх, “Цэвэр агаар” сангийнхан, “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч компанийн удирдлага, нягтлан гээд л холбоотой болгоныг нь шалгаж, барьж хорьсон. Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяаг “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдуулан шалгаж, мөн хүргэн Дэнзэнг нь “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж барьж хорьсон. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа эхнэрийнхээ нэр дээрх компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялуулсан зэрэг үндэслэлээр шалгасан. Зөвлөх байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж шалгаж, шүүхийн шийдвэр гарснаар тэрээр одоо ял эдэлж байгаа. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан компанийн нягтлан Б.Мөнгөнтуяа хэмээх бүсгүй, тус компанийн удирдлага болох Даваажав нарыг барьж хорьж шалгаж үйлийг нь үзсэн. Үүний үр дүн нь юу байсан гээч. Зөвхөн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулах л байлаа. Санасандаа ч хүрцгээсэн.

Н.Энхбаярыг хорлохын тулд юу болов. Дүү, туслах, туслахынх нь ах, намын нөхөд гээд шалгаагүй юм алга. Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг нь интерполоор эрэн сурвалжилж, мөн шадар туслах Б.Тулгыг нь ах Б.Хуягтайгаа нийлэн нийслэлийн өмчийг завшсан хэмээн сэжигтнээр татан баривчилж байсан. Хууль зүйн дэд сайд байсан Э.Эрдэнэжамъяныг интерпол руу захиа бичсэн хэмээн шалгасан. Цаашлаад До.Чулуунбаатарыг мөн барьж, хорьж байлаа. Баривчлагдаж хоригдоогүй ч шалгагдаж байсан нь тоймгүй олон.

Лу.Болдыг сайдаас нь унагахын тулд дагасан болгоныг нь шоронд хийхээ алдсан.

Одоо Х.Баттулга гишүүнийг унагахын тулд хууль, шүүх цагдаа нь дээр, доороо ороод үзэлцэж байна. Хууль хяналтынхныг гартаа атгасан манай улстөрчдийн муудалцаан иймэрхүү янзтай өрнөж байна. Нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй энэ технологи одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь Х.Баттулгын эргэн тойронд ажилладаг, мөн ойр дотнын нөхдийг нь бүгдийг барьж шалгаж байгаагаас харагдана. Хамтран зүтгэгч А.Гансүхийг сэжигтнээр татан шалгаж, туслах, хувийн компанийг нь удирдаж байсан Г.Түвшинжаргал, Ш.Эрдэнэтуяа нарын хөхүүл нялх хүүхэдтэй бүсгүйчүүдийг барьж саатуулав. Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг нэг хэсэг хорьж байсан. Одоо батлан даалтад байгаа. Дээр нь П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Гадаадын иргэн, туслах, журмын нөхөд, нялх хүүхэдтэй бүсгүйчүүдийг ч бүгдийг барьж хорилоо. Энэ тухай Х.Баттулга гишүүн “Батзаяаг таван сар гаран мөрдөнд суулгаж тамласан. Дөрвөн залуу Монголдоо орж ирж чадахгүй интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Энэ дандаа надтай ажиллаж байсан залуучууд. Ингээд эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор хөхүүл эмэгтэйчүүд рүү нь орж байна л даа. Тэр туслах нарийн бичгүүдээс юу гарах юм бэ. Эрх мэдэл байхгүй. Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор эмэгтэйчүүд тэр тусмаа хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг нь барьж сэтгэл санаагаар дайрч байгаа юм байна л даа” гэж хэлсэн. Үнэхээр ч хууль хүчний байгууллагууд хүнээр бол өөдгүй хулчгар, тойрч гүйгээд ойртож чадахгүй байна. Нохойгоор бол хазаж чадахгүй байж, хоосон боргоод тойрч гүйгээд байдаг хав шиг л сагсалзах юм. Томхон нохдоос айх хэрнээ ойртож чадахгүй дэмий л сагсалзаж тойроод гүйдэг биз дээ, хав. Тиймдээ ч хөхүүл хүүхэдтэй хүүхнүүдийг хэнэг ч үгүй “Оргон зайлж болзошгүй” гээд хорьчихож байна.

Үнэн хэрэгтээ Х.Баттулга гишүүн ч хууль хүчнийхэнтэй нийлж Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас унагах гэж түүнтэй холбоотой гэх жаахан охиныг шоронд хийж, амьдралыг нь үрж байсныг санаж байгаа биз. Гэтэл тэр технологи дахиад л өөр дээр нь давтагдлаа.

Цагдаа, шүүх, прокурор, АТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн байгууллагууд нэг л ёозгүй. Цагтаа эзэн нь байсан, өөрсдийнх нь үйлчилдэг байсан өөрсдийг нь удирдан чиглүүлдэг байсан хүнээ ч эргээд барьж иддэг боллоо. Н.Энхбаярыг хаан шиг явахад үйлчилж байсан хэрнээ эцэст нь бас л барьж хорьж эргэн тойрныхныг нь шалгаад амар заяаг нь үзүүлэхээ байсан. Одоо ч дуусаагүй л байна. Энэ нь нийгмийг нийтээр нь ёс суртахуунгүй болгож байна. Хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл суларлаа. Улстөрчдийн биенээ айлгаж, сүрдүүлж, шантаажилдаг хэрэгсэл нь хуулийн байгууллагууд болчихлоо. Угтаа хууль хүчний байгууллагууд нь жаахан гүргэр, хуулиа барьдаг болчихвол энийг дагаад нийгэм гайгүй эрүүл болох юм.

Яг үнэндээ айсан хэдэн хүүхэд, хүүхнүүд цагдаад юу ч хамаагүй ярьчихдаг. Энэ нь шүүхийн өмнө баримт болж чаддаггүй. Нарийн учир начрыг нь ойлгоогүй юм чинь тэр бүр баримтаар гаргаж ирж чаддаггүй. Н.Энхбаяр “Л.Цог надаас нэг сая доллар нэхсэн гээд байгаа. Харин ч гадаад дотоодынхонтой нийлж нэг сая доллар надаас Л.Цог нэхээд байгаа. Би тэр наймаа ярих үед нь гадны улсуудтай англиар ярьсан. Цог англи хэл мэдэхгүй байж юу ойлгоод надаас мөнгө нэхээд байгаа юм. Бидний хооронд ярьсан хэлсэн юм бий” гэж ярив. Яг үүн шиг баривчлагдсан хүүхэд, хүүхнүүд юугаа мэдэхэв дээ. Даргынхаа хэнтэй юу ярьсныг мэдэх ч үгүй. Яг тулаад хэргийн эзнийг нь барьчихалгүй тойроод байх юм. Хэрэв хэрэг үйлдсэн нь тодорхой юм бол хэргийн эзнийг нь шалгаад барьж хорих хэрэгтэй. Хэрэг хийгээгүй юм бол өчнөөн олон хүний амьдрал, ар гэр, цаг хугацаа, сэтгэл санаагаар наадаж, хуулиар далайлган айлгаж ичээн шантаажлах хэрэг юун. Хэдэн улстөрчдийн тоглоом болж эрх хав шиг сагсалзаж байхаар үндсэн ажлаа л сайн хий. Золиосонд нь олон айл гэр хэцүүдлээ. Олон залуус чирэгдлээ. Олон эцэг эх цөхөрч байна. Олон хүүхэд хохирч байна. Одоо наад технологийг чинь ард түмэн мэддэг болсон. Тэрнийгээ чадах гээд тэр нь ингээд байна. Тийм юман дээрээ л тохирч чадахгүй болохоор хариуг нь ингээд барьчихлаа гэлцэх болж. Ингэж ил цагаан хамаг технологи нь мэдэгдчихээд улстөрчдийн тоглоомын хүүхэлдэй болж байхад цаашид хуулийн байгууллагынханд хэн итгэх юм бэ. Иргэдтэйгээ яаж ёс суртахуун, хууль журам сахих тухай ярих болж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ардын нам Да хүрээ зах дээр дивандаад байгаа нь ямар учиртай юм бэ?” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрт бяцхан охин Сувдад хандивын гараа сунгах аяны талаар сурвалжлага бэлтгэлээ. Сурвалжлагын үргэлжлэлийг 16 дугаар нүүрээс уншаарай.

Мөн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын ярилцлага орсон байна. Тэрээр “Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа” хэмээн ярьжээ. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт энэ удаа “Ардын нам Да хүрээ зах дээр дивандаад байгаа нь ямар учиртай юм бэ?” нийтлэл оржээ. II, V нүүрт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээлэл орсон бол IX нүүрт дэлхий дахинаа өрнөсөн үйл явдлын тойм орсон байна. XI нүүрний дэлхийн онцлох хүнээр энэ удаа Францын сайд Наджат Валло-Белькасемын тухай өгүүлжээ.

Тэрээр жижигхэн Марокко тосгоноос гаралтай жирийн айлын охин юм. Бага насандаа хоньчин явсан охин өдгөө Францын Боловсролын сайдаар ажиллаж байгаа билээ. Түүнийг дэлхий дахинаа онцлон ярьж байна. Харин XII нүүрт уран зохиолын булан орсон бол XIII нүүрт жүжигчин Чаминчулууны сонирхолтой уран бүтээлийн ярилцлага нийтлэгджээ. XVII нүүрт “Монгол туургатны мисс” тэмцээний тэргүүн миссийн титмийг хүртсэн Буриадын мисс Арюна Жаргаловна Бубеевагийн ярилцлага оржээ.

Мөн энэ өдрүүдэд Унгарын мисс Далма Карман, Тонга улсын мисс Даймонд Ланги нар Монголд ирээд байгаа. Эдгээр мисстэй хийсэн ярилцлага орсон байна. Учир нь эдгээр миссүүд ирэх есдүгээр сард манай улсад болох “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээний 2013, 2015 оны тэргүүн титмийн эзэд юм. Харин XIX нүүрт сумогийн ертөнцөд шуугиулж яваа монгол бөх болох Кёкшюүхо Т.Эрдэнэбаатарын сонирхолтой ярилцлага нийтлэгджээ. Түүнтэй “Өдрийн сонин”-ы Япон дахь сурвалжлагч Эрдэнэцэцэг ярилцсан байна.

Эрхэм уншигч та, манай сониныг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаар захиалж унших боломжтой. Мөн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж захиалга өгч болох ба 9911-2954, 99190570, 8811-1375 дугаарт холбогдон захиалаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 41 тоот захирамж гаргалаа.

Улсын Их Хурлын дарга захирамждаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2016 оны 27 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосон байна. Үүнд:

1/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6/“Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

7/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8/“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;

11/Худалдааны тухай хуулийн төсөл;

12/бусад.

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар Улсын Их Хурлын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.

Мөн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус даалгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Дулааны худаг дотроос эрэгтэй хүний цогцос олджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын IV сургуулийн дулааны худаг дотроос өнгөрсөн бямба гарагт эрэгтэй хүний цогцос олджээ. Тус хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Талийгаач тус сумын иргэн 35 настай Э бөгөөд дулааны шугам сүлжээний худагт гал түлж байгаад угаартаж, амиа алдсан байж болзошгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны 528 зээлийг 5 хувьд шилжүүлжээ

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин
төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд
болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн
нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 528 зээлдэгчийн 21.8 тэрбум
төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувьд
шилжүүлжээ.

Энэ сарын 24-ний байдлаар арилжааны банкууд 2005
иргэний 82.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 461 иргэний 5
хувийн хүүтэй 21.8 тэрбум төгрөгийн, 1217 иргэний 8 хувийн хүүтэй 62.1 тэрбум
төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч М.Батбилэгт туслахыг уриалав

“TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг нь хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлж байгаа аж. Иймд сэтгүүл зүйн салбарын найз нөхөд нь хамтран түүний эхнэрт туслах хандивын аян эхлүүлсэн тухайгаа хэвлэлийн хурлаар мэдээллээ.

Түүний эхнэр Г.Наранбилэг зөөлөн эдийн хорт хавдар өвчний улмаас химийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээг урт хугацаанд хийлгэхгүй бол амь насанд нь халтай гэдгийг БНСУ-ын эмч нар хэлсэн байна. Мөн дараагийн химийн эмчилгээний зардлыг ирэх дөрөвдүгээр сарын 14-нөөс урьтаж олох зайлшгүй шаардлагатай байгаа юм байна. Сэтгүүлч М.Батбилэг нь эхнэрээ эмчлүүлэхээр Тайланд, БНСУ-аар явжээ. Одоогоор санхүүгийн хүндрэлд ороод байгаа аж. Иймээс салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийдсэн байна.

“М.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая” фэйсбүүк хуудсыг ажиллуулж байгаа бөгөөд хандив өргөх данс Хаан банк 5007453924, Голомт банкны 1109126632 дугаарын дансанд хандив өгч болно.Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн салбарынхныг “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг дэмжиж оролцохыг уриаллаа.

Categories
мэдээ спорт

Манай зургаан ширэн бээлийтэн өнөөдөр тулалдана

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр хуваарийн дагуу эхний хэсгийн тоглолт орон нутгийн цагаар 14.00 цагаас явагдсан бол хоёр дахь хэсгийн тоглолт 19.00 цагаас явагдах гэж байна.Тэгвэл энэ өдөр 52кг-д Х.Энх-Амар шигшээ наймд үлдэх тулаанаа Йорданы Мохаммед Абу Жажехтэй, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг Японы Хикарү Окишиматай хоёр дахь тулаанаа хийнэ.Харин 81кг-д С.Эрдэнэбаяр эхний тулаанаа Тина Антони Руататай хийх бол 49кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Тажикстаны Шухрат Сабзалиев нарын тоглолтоор эхэлнэ. Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо хийлсэн учраас шилдэг наймд үлдэхийн төлөө тоглоно.56кг-д Д.Цэндбаатар Иракийн боксчин Жафар Абдулредха Алитай хоёр дахь тулаанаа хийх бол 69кг-д эхний тойрогтоо хийлсэн ОУХМ Б.Түвшинбат Тажикстаны Шараф Даблатовтой тулалдана.

Categories
мэдээ нийгэм

Зарим замуудыг тусгайлан зөөврийн камераар хянана

Нийслэлийн гудамж ихэнх нь камертай болсноор жолооч нарын дэг журам сайжирч, зөрчил буурсан гэж Замын цагдаагийнхан дүгнэжээ. Тухайлбал, Яармаг, Гачуурт, Налайх, Нисэхийн чиглэлийн замуудад зөөврийн камер байрлуулж, дээрх чиглэлийн замыг бүрэн хянадаг болжээ. Зөөврийн камерыг ажиллуулж эхэлснээс хойш нийтдээ 776 зөрчил илрүүлж, 202 жолоочийн эрхийг хасчээ. Мөн Яармагийн замд илрүүлсэн зөрчлийн багагүй хувь нь 150 км/ц-ийн хурдтай явсан нь зөөврийн камерт бичигджээ. Гол нь зөөврийн камерыг замын хаана ч байрлуулах боломжтой учраас жолооч нарт харагдахгүй байсан ч зөрчлийг илрүүлэх боломжтой юм байна.

Хэдийгээр хяналтгүй гэж бодсон замуудад хурд хэтрүүлдэг ч жолооч нарын зөрчил жил ирэх тусам буурсан дүр зураг харагдаж байгааг ЗХУТ-ийнхөн онцоллоо. Тухайлбал, 2013 онд өдөрт 3000 гаруй жолооч хурд хэтрүүлж, тэр хэмжээний гэрлэн дохионы зөрчил бүртгэгддэг байжээ. Харин 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг л авч үзэхэд хурд хэтрүүлсэн 73, гэрлэн дохио зөрчсөн 297 зөрчил бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, 3000 хүрч байсан зөрчлийн тоо 73 болтлоо буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлажээ

Х.Баттулга гишүүний туслах Г.Түвшинжаргалыг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа билээ. Түүний ээж “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн бөгөөд Ерөнхийлөгчид захидал бичсэн болохыг онцолсон. Тэгвэл батлан даалтад гарч шалгуулах хүсэлтэй байгаагаа уламжилж өчигдөр 8 цагаас өлсгөлөн зарлаж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт Монгол оюутан амиа хорложээ

Энэтхэгт сурч байсан Монгол оюутан амиа егүүтгэжээ. Тодруулбал, Карнатака мужийн Уттара-Каннада тойргийн Мундгод хот дахь Түвдийн II баазын оюутны байрны ариун цэврийн өрөөнд монгол оюутан амиа хорложээ. Б гэх 19 настай хүү өөрийгөө дүүжилсэн байсан бөгөөд Буддын шашинд дөрвөн жил суралцсан аж. Энэ тухай Мундгод хотын Цагдаагийн газрын мөрдөн байцаагч С.Ц.Патил мэдэгдсэн байна. Талиигаач захиадал үлдээсэн бөгөөд тус захидалд “Хичээлдээ төвлөрч чадахгүй байгаагийн улмаас сэтгэлээр унаж, ийм үйлдэл хийсэн” хэмээн бичсэн байна.

Энэхүү ослын талаарх мэдээллийг Энэтхэгийн Элчин сайдын яамнаас манай ГХЯ-нд ирүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус мэдээлэл ирж, гэр бүлийнхэнд нь хэл хүргүүлжээ