Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд хорио цээр тогтоолоо

Хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд нэгдүгээр сарын 11-нд оношлогдсон билээ. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар амгийн Түвшинширээ, Асгат Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Айраг, Сайхандулаан, Төв аймгийн Баяндэлгэр, Баянчандмань зэрэг таван аймгийн 24 суманд бүртгэгдээд байна.

Мөн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн заагт хоёрдугаар сарын 25-ны өдөр цэцэг өвчин оношлогдож Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээндийн амны Ямаахайн тохойн хэсэг газарт 21 хоногийн хорио цээр тогтоожээ.

Цаашид өвчний тархалт нэмэгдэж болзошгүй, хүн, мал амьтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй байгаа тул ард иргэдийг малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэрт зорчихгүй, малын гаралтай түүхий эд, арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс болон мэргэжлийн хяналтын хэлтсээс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлжээ

Нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан долоон үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн 52 настай, эмэгтэй Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд “Армон жоли” ХХК-ийн байранд мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Хаан бургер” үйлчилгээний төвд, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны “Жүр Мандал” автомат тоглоомын газарт, мөн дүүргийн 18 дугаар хороонд “Мичид” төвд хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, байсныг илрүүлжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо “Нархан” хотхоны тоглоомын газарт, тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Оргил стар” хотхоны тоглоомын газарт хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны “Хан-Хөхий” хоолны газарт мөн хууль бусаар мөрийтэй тоглоом ажиллуулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Татварын буцаан олголтод 26 тэрбум төгрөг зарцуулна

Өнгөрөгч сарын 15-ны өдрийг хүртэл татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг ГТЕГ-т хүлээн авсан. Улмаар хүсэлт гаргасан иргэдэд татварын буцаан олголтыг өгөх тухай захирамж гарсан байна. Уг захирамжинд, хүлээн авсан бичиг баримтын бүрдлийг шалган, хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг нийслэлийн Татварын газарт даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26,500,000,000 төгрөгийг Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан олгох ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын циркчид “Алтан цом”-ын эзэн боллоо

Испани улсад болсон Олон улсын циркчдын фестивалиас монголын циркчид Алтан цомын эзнээр шалгарчээ. Хоёрдугаар сарын 25-29-нд зохиогдсон энэхүү циркийн фестивальд Европын 14 орны 80 циркийн жүжигчид өмнө нь хэзээ ч дэлгэгдэж байгаагүй шилдэг 22 үзүүлбэрийг толилууланөрсөлдсөн юм. “International Circus Festival Figueres 2016”-д улсаа төлөөлөн Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай, Т.Номуундарь ахлагчтай шидэх банз, дудартай акробатын 13 жүжигчин, уран нугаралтын 4 жүжигчин оролцсон байна.

Монгол циркийн Т.Номуундарь ахлагчтай жүжигчдийн шидэх банзны үзүүлбэрийн дараа олон улсын тэмцээний шүүгчид суудлаасаа босч халуун алга ташилтаар баяр хүргэсэн юм.

Үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан энэхүү үзүүлбэр энэ жилийн фестивалийн шилдэг үзүүлбэрээр шалгарч, түүнчлэн Монгол циркийн уран нугаралтын залуу жүжигчид шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн байна. Тэд энэхүү фестивалтийн тайзнаа алдарт “Хунт нуур” балетын гол дүрд тоглон нугарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцанд хэрхэн хамрагдах вэ

ТОСК-оос хэрэгжүүлж буй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд тус корпорацид нэлээд хандаж байгаа аж. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулж, ТОСК-ийн захиалгаар баригдсан 929 орон сууцыг түрээслэхээр болсон+. Засгийн газрын тогтоол нэгэнт батлагдсан учраас БХБЯ хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг гаргасан.

ТОСК-ийн түрээсийн орон сууцны метр квадратын үнэ хөдөө орон нутагт 4,000, нийслэлд 5,500 төгрөг байхаар тооцсон байгаа. Түрээсийн төлбөрийг эхний гурван сарынхыг бөөнд нь авах бөгөөд цаашид сар сард нь төлөх боломжтой.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц /Буянт-Ухаа 2 хороололд/, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн юм.

БХБЯ-ны зүгээс журмаа гаргасан ч Хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдтэй гэрээ байгуулж ажиллах байгууллага нь ТОСК учраас тус байгууллагаас дотоод журмаа баталснаар бүрэн хэрэгжиж эхлэх боломжтой юм.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/, Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭД:

-Залуу гэр бүл /2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр/

-Төрийн албан хаагч

-Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч

-0-18 насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй

-Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл

-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх

ИРГЭНД ТАВИГДАХ ШАЛГУУР:

-Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн

-Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг

-Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой

-Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

-Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

-Өргөдөл

-Орлого тодорхойлох баримт бичиг

-Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

ТҮРЭЭСИЙН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;

-Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт хэсэгчлэн цахилгааны хязгаарлалт хийнэ

Жил бүрийн дулааны улиралд буюу гуравдугаар сараас есдүгээр сард хийгддэг урсгал засвар өнөөдрөөс эхэллээ.

Гуравдугаар сарын 1-ний мягмар гаригт дараахь байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

10:30-16:00 цагт: Нэгдүгээр хороо Улсын драмын эрдмийн театр, Нийслэлийн төв номын сан, Болор мэлмий эмнэлэг, Таван богд фүүдс, Цацал сан, Эрэл, ДААЧ/Дэлгэр интернэшнл/, Цаст пропертиз, Эскон, Гэрлэх ёслолын ордон, Говь, Цагаан шонхор холдинг, Мөнх-Эвсэг, Азийн их хүлэг, Индустр, Амт билдинг, Винтрак, Силк роуд фронтьерс, Ти оу эм, Эл и Ди, Бөта, Коёоте, Пропикс, Гэдмон, Монгол хатгамал, Мөнгөн сутай, Клейрлекс капитал, Кортиновис, Моназ ХХК-ууд, Чойжин ламын дуган музей, Урчуудын эвлэл, Нээлттэй нийгэм форум, Үндэсний бүтээмж хөгжлийн төв, Хаан банкны Пирамид төв, Гэндэнгийн нэрэмжит сан, Ойн гудамж, Гранд оффис, Шилэн пирамид СӨХ-үүд, ОСНААГ-ын ХҮТ-8, Хөгжил финанс ББСБ, Свинс кафе болон эдгээрийн ойр орчимд мөн Иргэн Алтанбагана, Шуумаржав, Чимгээ, Нямгэрэл, Баасандорж, Жаргалсайхан, Лхамсүрэн, Батчулуун, Энхжаргал нарын үйлчилгээний газрууд.

Categories
гадаад мэдээ

Москвад олныг цочирдуулсан аймшигт хэрэг гарав

Өчигдөр өглөө Москвагийн баруун хойд хэсгийн “Октябрское Поле” метроны өртөөн дээр хар хувцастай нэгэн эмэгтэй хүүхдийн тасалсан толгой барин явж, олныг цочирдуулсан хэрэг гарчээ.

Тэрээр гудамжаар явж, “Би ардчиллыг үзэн яддаг, би бол террорист, би амиа золиослогч, удахгүй үхэх болно, дэлхийн төгсгөл ирлээ” гэх зэргээр орилж байсан аж. Мөн өөрийгөө дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ.

Гэмт этгээд 39 настай Узбекстанаас ирсэн Гулчехра Бобокулова гэгч бөгөөд ажиллах зөвшөөрөлгүй ч Москвагийн нэгэн айлд хүүхэд асрагч хийж байжээ. Өчигдөр “Октябрское Поле” метроны ойролцоох орон сууцанд гал гарч, гал сөнөөгчид галыг унтраах үед 3-4 настай хүүхдийн толгойгүй цогцос олдсон гэнэ. Хохирогч нь Настя нэртэй охин байжээ. Түүнийг асарч байсан Гулчехра Бобокулова охины амийг бүрэлгэснийхээ дараа гэрт нь гал тавьсан байна.

Гэрийг шатаахдаа тэсрэх бодис ашигласан ул мөр олдсон ч цагдаа нар метроны ойролцоогоос тэсрэх бодис хайгаад олоогүй байна. Асрагч эмэгтэйн хэрэг үйлдэх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Л.Болормаа агсны үхлийн шалтгааныг тодруулахыг хүсч мэдэгдэл гаргав

Сэтгүүлч Лунтангийн Болормаа 2015 оны арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө амь насаа алдсанаас хойш гурван сар гаруй хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа ч тодорхой мэдээлэлгүй байна. Хэргийг учир шалтгааныг тогтоож, үнэн мөнийг нь олохыг хүсч ТББ-ууд хамтран өчигдөр мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл Төв, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Медиа консул клуб, Байгаль орчин, эрүүл мэнд төв, “Баяншарга” ТББ, казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо, ЛГБТ төв, “Митчелл” сан, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, “Оюутолгойн хяналт” ТББ, “ССС” нийгэмлэг, “Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ, “Төр иргэн түншлэл” ТББ, “Үндсэн уртраг” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ, “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ, Хууль, хүний эрх төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүний эрх хөгжил төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран гаргажээ.

Уг мэдэгдэлд “Түүний гэр бүл, ойр дотнынхон, хамт ажиллагсад, найз нөхөд, сэтгүүл зүйн салбарынхан болон олон нийт түүний амь насаа алдсан шалтгааныг хууль, хяналтын байгууллага хэрхэн илрүүлэхийг анхааралтай ажиглан, хүлээсээр байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “дагзны ясны хугаралтаас болж хүчтэй доргилт үүссэн нь цус харваж, шууд үхэлд хүргэсэн” гэж тогтоосон бөгөөд цагдаагийн байгууллагаас уг дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Сэтгүүлч Л.Болормаа нь нэр хүнд бүхий эрэн сурвалжлах сэтгүүлч байсан. Тэрээр эдийн засаг, уул уурхайн сэдвээр нийтэлдэг “Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байв. Мөн сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байв.

Сэтгүүлч Л.Болормаа харамсалтайгаар амиа алдсанд бид гүнээ харамсаж, түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлэхийн сацуу хууль, хяналтын байгууллага түүний амиа алдсан хэргийг сэтгүүл зүйн үйл ажиллагаатай нь холбоотой эсэхийг тогтоон, үнэн зөв, шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг илрүүлэн, тэдэнд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Манан буусны улмаас нислэгүүд саатав

Өнгөрсөн шөнө
нийслэл хотод өтгөн манан буусны улмаас Бишкек-Улаанбаатар чиглэлийн онгоц
“Чингис хаан” нисэх онгоцны буудалд бууж чадалгүй, таван удаа тойрог
нислэг үйлдсэн байна. Харин Улаанбаатар-Хонконг, Улаанбаатар-Ханбумбат,
Улаанбаатар-Өлгий чиглэлийн өглөөний нислэгүүд түр саатжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эх орончдын өдөр

Монголд улс төрийн ууган нам болох хуучин МАХН байгуулагдсаны 95 жилийн ой буюу “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Одоогийн МАН хуучнаар МАХН байгуулагдсан өдрийг энэ өдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Харин 2011 оноос “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байгаа юм. МАХН хоёр хуваагдсанаасаа хойш аль аль нь энэ өдрийг өөрийн намын үүссэн өдөр гэж үзэн Д.Сүхбаатарын талбайд цэцэг өргөж байгаа. Харин энэ жил МАХН болон МАН хамтран тэмдэглэж байгаа юм.

Хоёр намын удирдлага 11.00 цагт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, дараа нь 12.30 цагт СТӨ-ний Их танхимд хүндэтгэлийн хурал хийх юм.