Categories
мэдээ нийгэм

Эмийн зохистой хэрэглээний аян эхэллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд эмийн зохистой хэрэглээнд нэгдсэн хяналт шалгалт хийсэн тухайгаа өчигдөр мэдээлсэн юм. Эл хяналтаас үндэслэн өнөөдрөөс эхэлж оронд даяар эмийн зохистой хэрэглээний аянг зохион байгуулахаар болжээ.

Аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхт аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, иргэдийг эмчийн зааврын дагуу эм хэрэглэхэд сургах, эмийг жороор олголтыг сайжруулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах аж.

Мөн Эрүүл мэнд спортын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Эм холбоо” ТББ, иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран сэдэвчилсэн нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дотоодын үйлдвэрийн антибиотик эмийг 100 хувь, импортын эмийг түүврийн аргаар сонгон авч лабораторийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд хийсэн шалгалтад нийт 32 эмийн үйлдвэрийн 83,3 хувь, эм ханган нийлүүлэх 252 байгууллагын 90,4 хувь, 1688 эмийн сангийн 25-30 хувийг тус тус хяналт шалгалтад хамруулахад дараахь зөрчил илэрчээ. Тухайлбал, 27 эмийн үйлдвэрийн зах зээлд нийлүүлсэн давхардсан тоогоор 1176 нэрийн эм биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,4 хувь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, 52,2 хувь нь шаардлага хангасан эмийн лабораторигүй, 91 хувь нь үйлдвэрлэсэн эмийн гаж нөлөө, чанар аюулгүй байдлын судалгаа хийлгээгүй байсан аж.

Харин улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн шалгалтын явцад 3584 нэр төрлийн импортын эмийн хэрэглэх зааварт дүн шинжилгээ хийхэд 27 хувь нь эмийн хадгалалтын горим зөрчсөн, 57,5 хувьд тээвэрлэлтийн хяналт хийгдээгүй, дөрвөн аймагт хүчинтэй хугацаа дууссан чанарын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байсан зэрэг дутагдлууд илэрчээ.

Categories
мэдээ спорт

Унаач хүүхдийн биеийн байдал тааруу байвал уралдаанд оролцуулахгүй гэв

Засгийн газрын тогтоолын дагуу энэ жилийн Хангайн бүсийн хурдан морины уралдааныг энэ сарын 05-06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулах юм.

Уралдааны зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өнөөдөр “Арвагар хээр” холбооноос хийв. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд морь уралдахад саадгүй тогтуун байна гэж тэд мэдээлэв. Иймээс унаач хүүхэд даарна гэж айлтгүй гэв. Мөн уралдаанд морь тавиач хүүхэд оролцуулахгүй, морь дагах машины тоог хязгаарлаж, эмх замбараатай явуулбал хүүхэд осолдож, гэмтэх аюул багатай талаар “Арвагар хээр” холбооноос мэдэгдлээ. Унаач хүүхэд заавал өвдөг, тохой, толгой зэргээ хамгаалсан стандартын иж бүрэн хувцас өмсч уралдаанд оролцоно гэсэн шаардлагыг тавьжээ. Уралдаан эхлэхээс өмнө уралдааныг зохион байгуулах комисс буюу Өвөрхангай аймгийн цагдаагийн газар, Хүүхдийн төлөө төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд унаач хүүхэд бүрийг нэг бүрчлэн шалгаж, хамгаалалтын хувцас, биеийн байдлыг нь үзэх юм байна. Хэрэв тухайн хүүхдийн биеийн байдал тааруу байвал хасах аж.

Хурдан морьдыг азарга, их нас, соёолон, эрлийз дээд нас гэж ангилан уралдуулна. Азарга, соёолон, эрлийз дээд насны морьд 16 километр, их нас 18 километрийн зайд уралдана. Азарга, их нас, соёолон насны уралдаанд зөвхөн заасан насны цэвэр монгол адуу тухайн насандаа уралдах зохион байгуулалт хийснээ “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн тайлбарлалаа.

Өнгөрсөн амралтын өдөр Хүй долоон худагт болсон “Дүнжингарав-2016” уралдааны үеэр 17 уралдаанч хүүхэд мориноосоо унаж, хоёр хүүхдийн шилбэний яс хугарсан тухай мэдээлсэн.

Цаашид аймаг сумдын уяачдын холбоо тус бүр өвлийн уралдааныг явуулахгүй, унаач хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж, хүйтний улиралд морь унуулахгүй байх санаачилгыг гаргаад явбал “Арвагар хээр” холбоо дэмжих аж. Мөн ирэх хаврын уралдааныг ч хойшлуулах санал гарвал татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийллээ. Тэд хурдан морины уралдааны зохион байгуулалт л сайн байвал, уралдаанч хүүхдэд аюулгүй гэдгийг тодотгов.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д бензиний үнэ зургаан хувиар нэмэгдэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, автобензин дизелийн онцгой албан татвар, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай холбооны хуульд гарын үсэг зурсан талаар тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Уг хуулиар, ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс литр бензиний үнэ дунджаар зургаан хувь нэмэгдэх гэнэ. Холбооны хуулийн 193 дугаар зүйлд, ОХУ-ын татварын хуулийн хоёр дахь өөрчлөлтийн дагуу 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс бензин, дизель, дундын цэвэр бэлдмэл бүтээгдэхүүнүүдийн онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэжээ.

Тодруулбал, автобензин, дизель түлшний үнэ литр тутамд хоёр рублиэр нэмэгдэх аж.

Categories
мэдээ нийгэм

Зоогийн газрын зөөгчийг ажлын байранд нь хүчирхийлжээ

Он гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд булаах, дээрэмдэх гэмт хэрэг маш ихээр бүртгэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ялангуяа шөнийн цагаар гэмт хэрэг гарах болжээ. Тэр тусмаа гэрэлтүүлэггүй, камерын хяналтгүй, харуул хамгаалалтгүй газрыг сонгон гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх нь ихэсчээ.

Тухайлбал, өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 26-ны өглөө үүрээр 05:00 цагийн үед “Шөлөндөө” 24 цагийн цайны газрын нэгэн салбарыг дээрэмдэж, ажилчныг нь хүчирхийлсэн онц ноцтой хэрэг гарчээ. 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Шөлөндөө” түргэн хоолны газар нь 24 цагаар ажилладаг бөгөөд шөлөөр төрөлжсөн, таван салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Тухайн газар нь камерын хяналтгүй байсан бөгөөд хэрэг гарах үед “Шөлөндөө”-гийн тухайн салбарт Чингэлтэй дүүрэгт оршин суух, 42 настай тогооч, Сонгинохайрхан дүүргийн харъяат, 24 настай зөөгчийн хамт хоёулханаа ажиллаж байжээ. Шөнийн 03:00 цагийн үед цахилгаан нь тасарч, харанхуй болох үед гэмт этгээдүүд гаднаас орж ирэн халджээ.

Гэмт этгээдүүд тухайн үед хар бараан хувцастай, баг зүүсэн байсан бөгөөд нэг нь өндөр, нөгөө нь намхан, 20 орчим насны залуус байсан талаар хохирогчид мэдүүлсэн байна. Тэд хохирогчдыг айлган сүрдүүлж, гар хөл, амыг нь скочдож, тэр өдрийн орлого болох 200 мянган төгрөгийг нь дээрэмдээд зогсохгүй зөөгч болох 24 настай бүсгүйг хүчирхийлээд зугтжээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын мэдээллийн төвийн нээлт боллоо

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнөх мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагт өнөөдөр нээлээ. Нээлтэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Б.Баясгалан, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй албаныхан оролцсон юм.

Энэ мэдээллийн төв нь АСЕМ-ын уулзалт хүртэл байнгын ажиллагаатай, дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, мөн иргэдийг мэдээллээр хангана. Бэлтгэл ажлын албаныхан, судлаачид зэрэг холбогдох албаныхан энэ төвд тодорхой мэдээлэл хийнэ. Мөн энгийн үед ч танилцуулга, гарын авлага, мэдээллийг тогтмол байрлуулан нээлттэй ажиллах юм.

АСЕМ-ын уулзалтын үеэр олон улсын стандарт бүхий 1000 сэтгүүлчийг хүлээн авах мэдээллийн төвийг Шангри-Ла зочид буудалд ажиллуулна. Харин энэ хүртэл өнөөдөр нээлтээ хийж буй МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төв ажиллана.

Өнөөдрийн нээлтийн үеэр АСЕМ-ын бэлтгэл ажлын алба болон сэтгүүлчдийн мэргэжлийн холбоод хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, өдөр тутмын сонины холбооны эрхлэгч Б.Ганболд, Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар гарын үсэг зурсан юм. АСЕМ-ын уулзалтын төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж, дэлхийн хэмжээний үйл явдлыг Монгол Улсад зохион байгуулахад нэгдмэл байр суурьтайгаар үнэн зөв мэдээлэл түгээж, улс орныхоо нэр хүндийг өргөх үйл хэрэгт хувь нэмэр оруулан хамтарч ажиллахаа бататгаж байгаа хэмээн тайлбарлалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Арьс ширний экспорт нэмэгджээ

2016 оны эхний сард арьс ширний үйлдвэрүүд 1.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд 500 сая төгрөг, гадаад зах зээлд 1.5 тэрбум төгрөгийн арьс ширэн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 5-наас нэг сарын хугацаанд түүхий арьс ширийг экспортод гаргахыг Засгийн газрын тогтоолын дагуу зөвшөөрсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор арьс ширний экспорт 40 гаруй хувиар нэмэгджээ. Тухайлбал үхэр, адууны боловсруулаагүй ширний экспорт өнгөрсөн оны мөн үеэс бараг 7 дахин нэмэгдсэн байна. Ингэснээр зөвхөн түүхий арьс ширний экспортоос орж ирэх орлого 10 дахин нэмэгдэж, 5.4 сая ам.долларт хүрсэн бол боловсруулсан арьс ширний экспорт 60 гаруй хувиар нэмэгдэж, 1.2 сая ам.долларт хүрчээ. Ялангуяа БНХАУ-д гаргадаг боловсруулсан арьс ширний экспорт 5 дахин нэмэгдсэн болохыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.

Үүнээс гадна энэ оны нэгдүгээр сард 2.1 сая ам.долларын 30 тонн самнасан ноолуур экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс бараг 3 дахин нэмэгджээ. Хэдий тийм боловч ноолуурын үнэ 40 гаруй хувиар буурсан нь ноолуурын экспортын орлогод нөлөөлсөн байна. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард 11.4 сая ам.долларын нэхмэл бүтээгдэхүүн экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс 23 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Харин дотоод зах зээлд 21.8 тэрбум төгрөгийн нэхмэл бүтээгдэхүүн борлуулж, 9.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүллээ

Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 22-ны 260 дугаар тогтоолоор концессийн “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулах эрх олгосон юм. Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ

Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан МАН, МАХН-ын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Уг үйл ажиллагаанд МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАН, МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид оролцсон юм.

Цэцэг өргөх үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны баярын өдөр, Монголын үе үеийн хатан зоригт эх орончдын түүхэн алдар гавъяаг магтан дуулах эх орончдын баярын өдөр. Одоогоос 95 жилийн өмнө Монгол Улсад анхны улс төрийн хүчин үүсэн байгуулагдаж, Монгол Ардын нам гэсэн модон тамгаа сийлж, эх орныхоо төлөө, харийн дайснаас эх орноо чөлөөлөхийн төлөө тусламж гуйхаар мордож, үйл хэргээ хэрэгжүүлж байсан.Өнөөдөр “Эх орончдын баяр”-ын өдөр угшил нэгт МАН, МАХН хамтран тэмдэглэж байгаа. Улс орны язгуур эрх ашиг, сайн сайхны төлөө улс төрийн намууд улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж хамтарч нэгдэж, ойлголцон зөвшилцөж ажиллах нь чухал. Үүний илэрхийлэл хоёр нам хамтарч баяраа тэмдэглэж байгаа явдал юм. Нийгэмд хоёр нам эвсэж сонгуульд орох уу гэдэг хүлээлт нэлээдгүй байх шиг байна. Энэ талаар хоёр намын ахмадуудын зүгээс өргөх бичиг явуулсан. Өнөөдөр “Эх орончдын баярын өдөр” хамтдаа тэмдэглэж байна. Цаашдын асуудлыг хоёр нам баярын дараа хамтдаа хэлэлцээд явах боломж байгаа” гэлээ.

Соёлын төв өргөөнд “Монголд улс төрийн ууган нам байгуулагдсны 95 жилийн ой-Эх орончдын өдөр”-ийн арга хэмжээ, баярын хурлаар үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

“TheMongoLZ” багийн оролцох “IEM Katowice” тэмцээн маргааш эхэлнэ

“IEM Taipei” тэмцээнд түрүүлж “Азийн аварга” болсон Монголын кибер спортын мэргэжлийн баг “Тhe MongolZ” ESL-с зохион байгуулж байгаа “Katowice 2016” дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор болсон. Тэд тэмцээнд оролцохоор Польш улсыг зорьсон бөгөөр тэмцээн маргааш өдрийн 12:20 цагаас /Монголын цагаар 19:20 цаг/ “Fnatic” болон “NaVi” багуудын тулаанаар эхлэх юм. Харин манай баг Монголын цагаар 20:40 цагаас ХБНГУ-ын “Mousesports” багтай тоглох юм байна.

Тэмцээнд оролцох багуудыг хоёр хэсэгт хуваасан бөгөөд хэсэг тус бүр зургаан багтай аж. Нэг хэсгээс гурван баг шалгарч, тэмцээнийг үргэлжлүүлнэ. Манай багийн хувьд Шведийн “Ninjas in Pyjamas”, “Fnatic”, Бразилын “Luminosity Gaming” ХБНГУ-ын “Mousesports”, Украйны “NatusVincere” багуудтай нэг хэсэгт багтжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр багууд нь дэлхийн чансааг тэргүүлж байгаа найман багийн тав нь юм байна. Харин “TheMongolZ” баг дэлхийд чансаагаараа 23 дугаарт бичигдэж байгаа. Мөн манай багийн хувьд “IEM Katowice” нь дэлхийн хэмжээний анхны томоохон тэмцээн гэдгээрээ онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Ханбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Төв аймгийн Баянчандмань сумын малын эмч Б-г хүчирхийлсэн хэргийн яллагдагч Б.Ханбаатарт холбогдох хэргийг прокурорын байгууллагад хянаж дуусаад, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2-т заасан зүйл ангиар Б.Ханбаатарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.