Categories
мэдээ нийгэм

Архивын ерөнхий газар өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ

Өнөөдөр Архивын ерөнхий газрын шинэ байр ашиглалтад орж архивын бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэллээ.

Өмнө нь Үндэсний төв архив, кино, гэрэл зураг, дуу авианы баримтуудын төвүүд тус тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан юм. Үндэсний төв архив өдөрт 50-100 орчим иргэн, жилд дунджаар 30 мянга хүртэлх хүнд архивын лавлагаа олгодог. Ингэхдээ хүн амын тооллого, цалин, ажилласан жилийн тодорхойлолтын лавлагаагаар үйлчилдэг байна. Архивын бичиг баримтыг стандартын дагуу хадгалах шинэ цогцолбор барилга ашиглалтад орохтой холбоотойгоор зарим төрлийн лавлагаа мэдээллийг хоёрдугаар сарын 29 хүртэл олгохгүй хэмээн өнгөрөгч 11 дүгээр сард тус газраас мэдэгдээд байсан бол өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Архивын ерөнхий газар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буян – Ухаа-2” хорооллын баруун талд байрлаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Мөнгөлөг шагшуурга-2016” мөсний баяр болжээ

Ховд аймгийн Хар-Ус нуурын мөсөн дээр “Мөнгөлөг шагшуурга-2016” уламжлалт мөсний баяр боллоо. Энэ удаагийн баярт аймгийн 17 сум, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцжээ. Энэ үеэр тэшүүрийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Мөсний шагай, мөсний олсны тэмцээн зохион байгуулж сумдыг Чандмань сум тэргүүлсэн бол байгууллагуудыг “Ховд их сургууль” тэргүүлсэн байна.

“Мөнгөлөг шагшуурга-2016” мөсний баяр нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөсний тоглоом наадгайг сурталчлах, зан заншлаа сэргээх зорилготой юм. Энэ хүрээнд оролцогч сумын урчууд мөсөн бүтээгдэхүүн, хотхон урлаж, мөсөн дээрх сайхан тэмээтэй хос болон сайхан хувцастай оролцогчдыг шалгаруулсан нь ихээхэн анхаарал татаж байлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Моно жүжгийн уралдаан болно

Монголын моно жүжгийн төвийн уран бүтээлчид “Ялагчийн цуваа-Улаанбаатар 2016” нэртэй олон улсын хоёр дахь фестивалийг зохион байгуулах гэж байна. Уралдааны бүртгэл өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн бөгөөд шалгаруулалт нь ирэх зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1 хүртэл үргэлжлэх гэнэ. Тэдгээрээс шалгарсан нэг бүтээлийг олон улсын моно жүжгийн фестиваль үзэх буюу шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Улаанбаатар хотноо болох “Ялагчийн цуваа-2016” олон улсын фестивальд тоглуулах аж.

Дэлхий дахинаа драмын урлаг хуучны сонгодог байдлаасаа нэлээд хэлбийж олон улсын театрын уран бүтээлч зардал багатай, хүн цөөнтэй, богино хэмжээний мюзикл, камерын болон моно жүжгийн төрлөөр уран бүтээл хийх болсон. Манай улсад ч “Гэгээн муза” наадамд моно жүжгийн төрлийг оруулснаар олон улсын шинж чанартай болов.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт газар хөдлөлт болжээ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын төвөөс урд зүгт 25 км-т “Замтын-Ар” гэдэг газарт өчигдөр буюу хоёрдугаар сарын 29-ний өдөр газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлт оройны 21:47 цагт болсон бөгөөд 3.63 магнитудын хүчтэй байжээ. Тухайн газар нутагт чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй байна.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-д ажиллах оюутнуудыг бүртгэнэ

Монголын оюутны холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “21700 оюутныг ажлын байртай болгох нь” хөтөлбөрийн хүрээнд АСЕМ-д ажиллах оюутнуудыг бүртгэж эхэллээ. Энэ талаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч З.Төмөр “Ирэх долоодугаар сард оюутнуудын амралтын үе таарч байгаа учраас АСЕМ-д олон мянган оюутан ажиллах боломжтой. Хичнээн оюутан ажиллаж болох тухай нарийн тоог гаргаагүй байгаа” гэжээ. Монголд нийт 217 мянган оюутан байдгаас тэдний арван хувийг ажлын байранд зуучлахаар төлөвлөөд байна. Бүртгэлийг www.icv.mn сайтаар авах бөгөөд уг сайтаар дамжуулан ажил олгогч байгууллагуудтай холбоо тогтоож болох аж.

Categories
мэдээ нийгэм

Ашигт малтмалын газрын даргаар Д.Үүрийнтуяаг жинхлэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Д.Үүрийнтуяаг томилсон байна. Тэрбээр тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Түүнчлэн уг хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын, цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон байна.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-аар иргэдээ хотоос “хөөхгүй”

Засгийн газраас АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд гуравдугаар сарын 1-нийг АСЕМ-ын өдөр болгон зарласан юм. Мөн энэ өдөр АСЕМ-ын Мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагийн байранд нээж, ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл өгсөн.

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “АСЕМ-ын уулзалтаар дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллах талаар анхаарал хандуулж байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр АСЕМ Экспо нэртэй дотоодын үйлдвэрлэгчдийн барааны үзэсгэлэнг гаргасан. Зочид буудлын өрөөнд тавигдах саван, шампуниас эхлээд бүх л зүйлийг Монголд үйлдвэрлэсэн барааг хэрэглэнэ. Мөн дээд хэмжээний уулзалтын үеэр нийслэлчүүдийг хотоос гарч хөдөө явахыг хотын захиргаа уриалсан гэдэг бол ташаа мэдээлэл юм. Наадмын дараа манайхны амралт эхэлдэг онцлогтой. Тийм учраас бид АСЕМ зохион байгуулах өдрийг сонгохдоо олон хүчин зүйлийг харж үзсэн. Энэ үеэр иргэд амраад хөдөө гарсан, аймаг, сумын наадам эхэлсэн байдаг. Бид хотоос гадуур урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулна. АСЕМ-ын арга хэмжээний үеэр иргэдээ хөөсөн үйл ажиллагаа явуулахгүй” хэмээсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга мэтгэлцээнд орохгүй

УИХ-ын дарга З.Энхболдыг сайд асан Г.Занданшатар “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц” сэдвээр халз мэтгэлцээнд дуудсан тухай мэдээлэл гарсан.

Мэтгэлцээнийг энэ сарын 11-нд явуулахаар болсон гэх. Уг мэтгэлцээнд УИХ-ын даргын зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын Дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, хуульч гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанаа болон улс төрийн намуудын төлөөлөл оролцож, асуулт асууна гэсэн мэдээллийг “Нэг монгол” төрийн бус байгууллага өгсөн.

Тэгвэл АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод мэтгэлцээнд дуудсан урилга ирээгүй байна. Тэгээд ч мэтгэлцээнд оролцох талууд эхлээд тохирсон байх тухай УИХ-ын Тамгын газраас мэдээлэв. “УИХ-ын даргыг халз мэтгэлцээнд урьсан албан ёсны хүсэлт ирээгүй. Энэ бол ташаа мэдээлэл” гэсэн хариултыг УИХ-ын хэвлэлийн албанаас өгөв.

Үүний өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ сарын 12-нд халз мэтгэлцээнд урьж, Ерөнхий сайдыг хөнгөмсөг хүн болохыг нь нотлохоо амлаад байгаа билээ. Хэрэв мэтгэлцээнд ялагдвал УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзана гэдгээ давхар амласан юм.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдад зориулан өвс, шүү тавьжээ

Улз голын сав газрын захиргаа, тусгай хамгаалалттай газар нутгийн Дорнод хамгаалалтын захиргааныхан хамтарч Угтам ууланд амьдардаг амьтдад зориулсан өвс, шүү тавьж өгсөн байсан. Тодруулбал, буга, бор гөрөөс, зээр ихээр ундаалж, бэлчээрлэдэг Угтам уулын рашаан булаг, Аргалантын арын булгийн эхэнд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн гурван тонн өвс, Дашбалбар сумын Шүүтийн уураас 1.5 тонн байгалийн шүү татаж авчран ан амьтны зөрөг зам дээр байрлууллаа.

Дорнод аймгийн Угтамын байгалийн нөөцөт газарт сүүлийн жилүүдэд бугын тоо толгой өсч, ойролцоогоор 80 орчимд хүрсэн гэсэн тоон мэдээ байдаг аж. Энэ ажилд Дорнод хамгаалалтын захиргааны хамт олон, байгаль хамгаалагч Б.Гантөмөр болон Баяндун, Дашбалбар сумын газрын даамлууд, байгаль хамгаалагч нар оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн үйлчилгээний төвд үл хөдлөх хөрөнгийн лавлагаа олгож байна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д болов.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв өнгөрсөн нэгдүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар, нэгдүгээр сарын 14-ний өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн. Тус төвөөр нэгдүгээр сард 40 117, хоёрдугаар сард 29 649 нийт 69 766 иргэн үйлчлүүлжээ. Нийт үйлчлүүлсэн иргэдийн 60,7 хувь нь шуурхай, 8,1 хувь нь богино хугацаанд үзүүлэх, 8,9 хувь нь урт хугацаанд үзүүлэх үйлчилгээ авсан бол 22,3 хувь нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

Нийслэлийн бүртгэл статистикийн газраас тус төвд 12 улсын бүртгэгчийг тогтмол ажиллуулж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан цонхоор иргэн, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээгээр үйлчилж байна. Иргэний Улсын бүртгэлийн чиглэлээр гэрлэсний бүртгэл, гэрлэлт цуцлуулсны бүртгэл, гэрлэлт сэргээсний бүртгэл, төрсний гэрчилгээний дахин олголтын бүртгэл, гэрлэсний гэрчилгээний дахин олголтын бүртгэл, нас барсны гэрчилгээний дахин олголтын бүртгэл болон 17 төрлийн лавлагааг олгож байна. Ойрын хугацаанд төрсний бүртгэл, эцэг тогтоосны бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гадаад паспортын сунгалт, дахин олголтын үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна. Харин Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгө ашиглах эрхийн, барьцааны, батлан даалтын, түрээсийн, сервитутын, узуфруктын, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн, санхүүгийн түрээсийн гэрээний эрхийн, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, барьцаанд буй эсэх лавлагааг олгож байна.

Нийслэлийн Боловсролын газраас суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх, оюутны цахим төлбөрийн карт, боловсролын гэрчилгээ, үнэмлэх дүйцүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 2570 иргэнд үйлчилгээ үзүүлжээ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК иргэдэд төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох техникийн нөхцөл олгох, төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох үйлчилгээ үзүүлж байна. Цаашид дулааны тоолуурын техникийн нөхцөл олгохоор судалж байгаа.

Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үндсэн зургаан үйлчилгээ, бусад төрлийн долоон үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 937 иргэнд үйлчилжээ.