Categories
мэдээ нийгэм

“Мянган ээж” чуулга энэ сарын 8-нд болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мянган ээж” чуулга уулзалт 10 дахь удаагаа энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд болох гэж байна. Энэхүү уулзалтыг “Одонтой ээжүүдэд тэтгэлэг олгох хууль”-ийн төслийг санаачилсан, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн удирддаг “Алдарт Эхийн Одонт Ээжүүдийн холбоо”- ноос зохион байгуулдаг юм. “1000 ээжийн чуулга уулзалт” нь Ерөнхийлөгчийн ивээл дор болдог бөгөөд чуулганд эх орныхоо өнцөг булан бүрт суугаа мянган ээж оролцдогоороо онцлогтой.

Чуулганаар нийгэмд тулгамдсан ямар асуудлууд байна гэдгийг хэлэлцэн ярилцаж, ээжүүд санал бодлоо сололцон, асуудал дэвшүүлж, уриалга гаргадаг уламжлалтай.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Батцэцэг: Индонези руу визгүй зорчих боломж нээгдэнэ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгтэй Улаанбаатарт ажлаар ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Индонезид суугаа Элчин сайдын хувьд та өнгөрсөн хугацаанд Монгол, Индонезийн харилцааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай ЭСЯ 2014 онд байгуулагдаад удаагүй байхад аравдугаар сард Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Бид шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагааг илүү өргөн байлгахаар ажиллаж байна. 2015 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа дэвшилттэй байлаа. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ази, Африкийн буюу Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэр Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Төлөөлөгчдийн танхимын дарга Сэтья Нованто, Гадаад хэргийн сайд Рэтно Марсуди нартай тус тус уулзаж, бүхий л салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.

Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан өнгөрөгч оны аравдугаар сард болж, хоёр орны хамтын ажиллагааны цаашдын хэтийн төлөвийг тодорхойлсон. Уг хуралдааныг угтуулан есдүгээр сард хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаан болсон юм. Энэ салбарын бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх боломжийг судлах, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцож чадсан. Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, Индонезийн парламентад Индонези, Монголын найрамдлын бүлэг анх удаа байгуулагдсан. Тус бүлгийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна л даа. Түүнчлэн миний санаачилгаар Индонезийн парламент, Засгийн газрын эмэгтэй гишүүд, сайд нар болон тус улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын эмэгтэй тэргүүн нарын “Ирээдүйг цогцлоох эмэгтэйчүүдийн төсөөлөл” сэдэвт олон улсын эмэгтэйчүүдийн хэлэлцүүлгийг өнгөрөгч оны гуравдугаар сард зохион байгуулсан. Энэ нь цаашид жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ болсон. Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр саяхан батлагдсантай холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Манай орон Индонезид Элчин сайдын яамаа нээснээр ямар давуу талууд бий болсон бэ. Индонези улсын онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Азийн орнуудтай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох зэрэг заалт байдаг. Энэ хүрээнд Зүүн Өмнөд Ази дахь хамгийн том орон болоод тус бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүлэх орон болох Индонезитэй бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Индонези нь Зүүн Өмнөд Ази дахь хамгийн том эдийн засгаас гадна дэлхийн гурав дахь том ардчилал гэдгээр манай оронтой нийтлэг ардчилсан үнэт зүйлсийг эрхэмлэдэг орон. Ер нь хоёр орны хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий. Үүнээс гадна манай хоёр орон эртнээс найрсаг харилцаатай байсан бөгөөд энэ жил Монгол, Индонезийн дипломат харилцааны 60 жилийн ой тохиож байгааг мөн тэмдэглэх хэрэгтэй юм.

-Энэ жил Монгол, Индонезийн дипломат харилцааны 60 жилийн ой тохиож байна гэлээ. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Хоёр орны дипломат харилцаа нэг жарныг тохиолдуулан бид харилцан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Манай орны хувьд энэ оны хамгийн чухал үйл явдал болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулах бүхий л арга хэмжээнд Индонезийн төр засгийн төлөөллийн оролцоог хангаж ажиллахаар зорьж байгаа. Энэ жилийн бүх айлчлал, арга хэмжээ дипломат харилцааны 60 жилийн ой гэсэн тодотголтой байх тул хоёр тал ихээхэн ач холбогдол өгч ажиллана. Энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй Индонезийн Төлөөлөгчдийн танхим буюу парламентын Индонези, Монголын найрамдлын бүлгийн ажлын айлчлал нь 60 жилийн ойн хүрээнд болж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Тэгээд ч 60 жилийн ойг тохиолдуулан бид эх орноо сурталчлан таниулах таатай нөхцөл бий болж байна. Өнгөрсөн жил манай ЭСЯ-ны нэрэмжит гольфийн тэмцээн зохион байгуулсан. Энэ жил энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн Монголын гольфчдыг оролцуулсан илүү өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн хэд хэдэн соёлын арга хэмжээ зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай ярилцаж байгаа. Ер нь манай ЭСЯ өнгөрсөн жил Монголын соёлын өдрүүдийг Жакарта, Сурабаяа хотуудад зохион байгуулж, мөн “Asia’s Got Talent” тэмцээнт нэвтрүүлгийн хоёрдугаар байрт шалгарсан “Хөсөгтөн” хамтлагийн тоглолтыг Индонезийн болон гадаадын иргэдэд хүртээл болгосноор тэд Монголын тухай илүү их мэддэг болсонд бид бахархдаг. Монголчууд Индонезийг Бали арлаар илүү сайн мэддэг.

-Манай иргэд Индонези руу хэзээнээс визгүй зорчих вэ?

-Манай ЭСЯ байгуулагдсан цагаасаа иргэддээ Индонези руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөөр ажиллаж ирсэн. Тус улсын төр засгийн төлөөлөлтэй бүх шатанд уулзах бүртээ энэ асуудлыг тавьж, шийдвэрлүүлэхийг зорьж байгаа. Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны үеэр Индонезийн тал асуудлыг судалж, хариу өгөхөө албан ёсоор мэдэгдсэн. Индонезийн Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчлөхөөр ажиллаж байна. Одоогийн байдлаар тус улсад 90 орны иргэд визгүй зорчиж байгаа. Ирэх дөрөвдүгээр сараас энэхүү тоог 174 болгохоор бэлтгэж байгаа бөгөөд үүнд Монгол Улс ороод байна. Өнгөрсөн жил Индонезид гадаадын 9.5 сая жуулчин зочилсон бол 2016 онд энэ тоог 12 саяд, 2020 он гэхэд 20 саяд тус тус хүргэх зорилтыг тус улсын Засгийн газар тавьж байна. Энэ тоо нь хөрш орнуудтай нь харьцуулахад төдийлөн их биш. Учир нь зөвхөн 2015 онд л гэхэд Сингапур 16 сая, Малайз 26 сая, Тайланд 28 сая жуулчин тус тус хүлээн авсан байдаг. Иймд Индонезийн Засгийн газар визгүй зорчих орнуудын жагсаалтыг баталмагц манай иргэд тус улсад визгүй зорчих эсвэл хил дээр авах боломжтой болно. Манай ЭСЯ энэ тухай шуурхай мэдээлэх болно.

Categories
гадаад мэдээ

Сонгуулийн сунгаанд Хиллари Клинтон, Дональд Трамп нар бусдыгаа хошуучлав

Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаа эдгээр өдрүүдэд эрчимтэй явагдаж байна. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах намын нэр дэвшигчид дунд Дональд Трамп хамгийн олон мужид буюу 6 мужид ялалт байгуулаад байгаа юм. Харин Ардчилсан намын нэр дэвшигчдээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан төдийгүй тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон 7 мужид ялснаар бусдыгаа тэргүүлж байна.

Бүгд Найрамдах намын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгчид бол яах аргагүй Дональд Трамп болон Тед Крюз, Марко Рубио нар юм. Ардчилсан нам дотор хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь Хиллари Клинтон, Берни Сандерс нар юм.

Categories
гадаад мэдээ

Македонийн хил дээр дүрвэгсдээс хамгаалж 30 км урт төмөр хайс барьжээ

Дайн самуун, хүчирхийллээс зугтан, Европ руу гарах гэсэн дүрвэгсдийн урсгалыг зогсоохоор Грек, Македоны хил дээр 30 км үргэлжлэх өргөст төмөр шинэ хайс барьжээ. Хэдийгээр хилийн шалган нэвтрүүлэх цэгийг саяхан хаасан ч гэсэн Грект дүрвэгсдийн хөл тасрахгүй байгаа билээ. Хилийг хааж, төмөр торон хайс барьснаас одоо Грек, Македоны хил дээр хэдэн арван мянган хүн бөөгнөрч, хилээр гаргах найдлага тавин хүлээж байгаа ажээ. Европын орнууд хилийн хяналтаа чангатгасан хэдий ч он гарснаас хойш 131,000 дүрвэгч хил нэвтэрснийг НҮБ мэдээлжээ.

Шинээр өргөст төмөр хайс барьсан нь дүрвэгсдийн урсгалыг зогсоох гэсэн Европын холбооны шийдвэр аж.

Categories
мэдээ нийгэм

Хөө сорогч машин ашиглахыг хоригложээ

Баян-Өлгийн аймгийн Өлгий хотын гэр хороололд хөө сорогч машин хэрэглэхгийг Мэргэжлийн хяналтын газраас хоригложээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн хөө сорогч машин нь байгаль орчин агаарыг ихээр бохирдуулдаг байна. Үүнтэй холбоотойгоор иргэдээс гомдол мэдээлэл ирсэн бөгөөд улмаар холбогдох мэргэжилтнүүд шалгалт хийж хөө сорогч машиныг худалдан борлуулдаг дөрвөн иргэний худалдааны үйл ажиллагааг зогсоосон байна. Харин сүүлийн үед айл өрхүүд яндангаа энэ төрлийн машинаар цэвэрлэж хог хаягдлыг ил задгай хаяж байгаа учир машинуудыг хураан авах хүртэл арга хэмжээ авсан байна.

Categories
мэдээ спорт

ФОТО: Тэшүүрчдийн торгон мэдрэмж…

Тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж шилдгүүдээ тодруулаад байгаа билээ. Тэгвэл Хандгайт дахь цанын баазад болсон энэхүү тэмцээний фото агшингаас та бүхэнтэй хуваалцаж байна.


Categories
мэдээ спорт

ФОТО: Бүх оддын тоглолтын торгон агшин

Саяхан сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багаас зохион байгуулдаг Бүх оддын тоглолт болж өнгөрсөн билээ. Энэ тоглолтын үеэр холын зайн шидэлт буюу шилдэг мэргэн буучдыг тодруулах тэмцээн болсон юм. Энэхүү холын зайн мэргэн буучаар ОУХМ Н. Золжаргал шалгарсан билээ. Тэрээр эхний шатанд 23 оноо, финалд 16 оноо авч аваргаа хамгаалан улмаар дархан аварга боллоо. Сэнгүр брэндийн нэрэмжит холын зайн шидэлтийн аварга ОУХМ Н. Золжаргалыг 1,000,000 төгрөг, цомоор шагнасан юм.

Мөн Цагираган дээрээс довтлох тэмцээнд Марвелл харрис түрүүлсэн юм. Бүх оддын тоглолтын торгон агшныг гэрэл зургаар хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг камержуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх захирамж гарлаа.Захирамжаар “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг баталсан юм.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон байгууллага,аж ахуйн нэгжийг татан оролцуулж хамтран ажиллан үр дүнг тооцох, биелэлтийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт хагас, бүтэн жилээр тайлагнахыг дүүргийн Засаг дарга нарт, “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд орчиндоо гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан камер байршуулж аюулгүй орчныг бүрдүүлэх талаар холбогдох шийдвэр гаргаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, Нийтийн эзэмшилийн орон сууц, авто зогсоол, гэр хорооллын гудамж талбайг камержуулах ажлыг үе шаттай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн насны 2.4 сая иргэн бүртгэгджээ

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох, онгуулийн хэсэг байгуулах ажлуудыг танилцуулахаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ҮАГ-ын даргын тушаалаар тогтоодог бөгөөд тус газраас хоёрдугаар сарын 29-ний өдөр зардлын тухай мэдээллийг өөрийн вэб сайт дээрээ байршуулсан билээ. Сонгуулийн шинэ хууль гарсантай холбогдуулан сурталчилгааны хоног 45-18 болж бууруулж, телевизийн эфирээр гарах сурталчилгааны цагийг зааж өгч, өдөрт 60 минутаас илүү хугацаагаар сурталчилгаа хийхийг хориглосон. Эдгээр болон бусад шалтгаануудаар сонгуулийн зардлын дээд хэмжээг бууруулсан. Харин зардлын дээд хэмжээг давсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж.

Сонгогчид burtgel.mn цахим хуудаснаас өөрийн регистерийн дугаараар хайж, мэдээллээ шалгах боломжтой. Сонгогчийн мэдээлэлд нэр, эцгийн нэр, ургийн овог, нас, хүйс, хаяг, тойрог, хэсгийн хороо гэх мэт мэдээллүүд багтсан бөгөөд алдаатай зөрсөн мэдээлэл байвал БСЕГ-т хандаад зөрчлөө арилгуулах боломжтой юм байна.

Өнгөрсөн сарын 1-ний байдлаар 2,400,048 сонгуулийн насны иргэн бүртгэгдээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дундговьд газар хөдөлжээ

Дундговьд газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус аймгийн Дэлгэрхангай сумын нутаг “Хан-Уул” гэдэг газарт /У-104083’ Ө-45037’/ өнөөдөр өдрийн 01:18:36 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл орон нутагт мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.