Өнөөдөр болсон “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр настны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр ахмадуудын тэтгэвэрийн зээлтэй хэд хэдэн асуудал сөхөгдлөө. Учир нь Монголын Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан монголын ахмадууд өнөөдөр тэтгэвэрийн зээлтэй, өртэй тэнгэртээ хальж байгаа талаар ярьсан бөгөөд банкуудын зүгээс тэтгэвэрийн зээлийн өндөр хүүгээ багасгах ямар арга зам, боломж байгааг судлаж ажиллахыг хүссэн юм. Харин МУИС-ын судлаачид ахмад настнуудын дунд судалгаа хийжээ. Тус судалгааны үр дүнд тэтгэвэрийн насны ахмадуудаар тэжээлгэдэг залуу үеийнхэн эрс нэмэгдсэн талаар хэлэв. Түүнчлэн ахмад настан тэтгэвэрийн зээлээ өөрсөддөө зарцуулж байгаа тохиолдол тун ховор байгаа төдийгүй ихэнх нь ар гэрийнхний ятгалгаар зээл авдаг гэнэ. Энэ нь нэг талаараа хүчирхийлэл, хүний эрхийг зөрчиж байна гэж тэд үзлээ. Тиймээс тэтгэвэрийнх нь 80 хувийг зээлээр олгоод үлдсэн 20 хувийг нь өөрсдөд нь үлдээж болох саналыг ч дэвшүүллээ.
Month: March 2016
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тус байнгын хорооноос Монголын банкуудын холбоотой хамтран “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр настны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдвийн дор хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр Хаан банкны гүйцэтгэх захирал Норихито Като: “Хаан банкны хувьд малчдын зээлийн хүүгээ 2 дугаар сарын 26-нд хэлэлцэж ярилцсаны үндсэн дээр 18 хувиар олгох шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь малчдын зээлийг шилжүүлж байна гэсэн үг биш юм. Тодорхой шаардлага хангасан малчдад 18 хувийн хүүтэй зээл авах боломжийг бий болгож өгнө л гэсэн үг юм. Хаан банкны хувьд малчдын зээлийн ихэнхи хувийг нуруун дээрээ үүрч явдаг. Малчдын зээл нь байгаль, цаг уурын үзэгдлээс хамааралтай байдаг эрсдэлтэй зээл гэдгийг энд онцолмоор байна. Малчид бол маш ухаантай хүмүүс. Тэд цаг уурын нөхцөл байдлаа сайн мэддэг учир эрсдлээ тооцож түүндээ яг таарсан зээлээ авч, эргүүлэн төлдөг. Хаан банкны хувьд малчны зээлээ шууд 18 хувь болон түүнээс бага хувь руу шилжүүлэх боломжгүй. Гэхдээ цаашид зах зээлийн эерэг нөхцөл байдал бий болох юм бол мэдээж бууруулахад бэлэн” гэсэн юм.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тус байнгын хорооноос Монголын банкуудын холбоотой хамтран “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр настны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдвийн дор хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан болон УИХ-ын нэр бүхий гишүүд, ХАХНХЯ, ХХААЯ, БХБЯ, Монголбанк, арилжааны банкны төлөөллүүд, Монголын ахмадын холбоо, Стратеги судлалын хүрээлэн, Их дээд сургуулийн багш, судлаачид оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд байнгын хорооны дарга Ж.Батзандан ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл өгсөн юм. Энэхүү хэлэлцүүлэгийн үеэр тэрээр ипотекийн зээлийг ирэх сараас 5 хувь болгох боломжтой гэдгийг хэлсэн юм. Өнөөдөр 18 мянга 882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22 мянга 303 айлын орон сууц, 50 хувийн гүйцэтгэлтэй 24 мянга 661 айлын орон сууц баригдаж буй. Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий юм. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээлд хамрагдах боломжтой 64 мянган өрх байна гэсэн үг. Гол нь хаврын чуулганы эхэнд хууль батлаж байж шилжих боломжтой гэдэг мөн хэллээ.
“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэрээр саяхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машинтай явж байх үедээ машинтай мөргөлдөн осол гаргажээ. Улмаар тус машиныг жолоодож явсан Б-г зодож хүнд гэмтэл учруулжээ. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Өнөөдөр өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.
Сүүлийн гурван жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувь ажээ. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэгвэл тэдний 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй аж. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг. Иймээс өрх толгойлсон ганц бие ээжүүдийн амьжиргааг дэмжиж ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Д.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар дээрх хуулийн төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлснийг Д.Оюунхорол гишүүн тодотголоо.
Өрх толгойлсон эхчүүдэд тулгамдсан олон асуудал байна. Тухайлбал, гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоох зохицуулалт байдаг ч энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт 10-15 хувьтай байдаг аж. Нэг үгээр хэлбэл, салсан гэр бүлүүдийн 85 хувь нь хүүхдийн тэтгэлгээ авч чаддаггүй байна. Энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын албаны дарга, дэд хурандаа Б.Батболд бодит тоо баримт хэлсэн юм. Түүний ярьснаар, улсын хэмжээнд жилд дунджаар 2000-3000 гэр бүлээ цуцлуулсан шүүхийн шийдвэр ирдэг бол нийслэлийн хэмжээнд энэ тоо 2000 гаруй байдаг гэнэ. Гэр бүлийн тухай хуулиар хүүхдэд олгох тэтгэлгийг 0-11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус олгож байхаар заажээ.
Хэдийгээр хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж өгөх шүүхийн шийдвэр гардаг ч одоогийн байдлаар:
Тогтмол төлөгдөж байгаа 5648 шүүхийн шийдвэр
Тогтмол тэтгэлгээ авч байгаа 5745 хүүхэд
Хуримтлал үүссэн 4741 шүүхийн шийдвэр
Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 жил болсон 914 шүүхийн шийдвэр
Төлбөрийн чадваргүй 2208 тэтгэлэг төлөгч
Оршин суугаа хаяг тодорхойгүй 1548 тэтгэлэг төлөгч
Хорих ял эдэлж байгаа 71 тэтгэлэг төлөгч
Бусад шалтгаантай 5069
Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт амьдралд бодитой хэрэгжихгүй байгааг энэ тоо харуулж буй юм байна. Энэ нь ганц, бие эцэг, эхчүүдийн олонхыг эзэлж буй ээжүүдийн хувьд үр хүүхдээ өсгөх хүнд ачааг ганцаараа үүрдэг гэж тодорхойлж болох нь.
Тэгвэл Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд ямар дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг тодруулъя.
Үүнд:
Өрхийн орлогыг дэмжих чиглэлээр:
Өрхийн аж ахуй эрхлэхэд нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
Жижиг, дунд бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй зээл олгох;
Өрх толгойлсон ганц бие эх, эцэг ажлын байртай болоход ажлын байрны мэдээлэл-зуучлалын дэмжлэг үзүүлэх;
Амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангах чиглэлээр:
Төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх;
Харьяаллын дагуу цэцэрлэг сургуульд нэн тэргүүнд хамруулах
Хүүхэд нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурах бичгийг хичээлийн жилд нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгох
Боловсролын талаар үзүүлэх дэмжлэг:
Хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцахад нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх буюу хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх; /Хүний хөгжил сангаас оюутнуудад олгож байсан сургалтын төлбөрийн жишиг-500000 төгрөгөөр тооцов./
Шаардлагатай гэж үзвэл эх, эцгийг мэргэжил олгох сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах;
Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ:
Шаардлагатай бол хүүхэд, эх, эцгийг сэтгэл зүйн нөхөн сэргээх сургалтад хамруулах;
Хүүхэд болон эх, эцэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах;
2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт өрх /сум, баг, хороо/-ийн эмчийн бичсэн жороор эмийн сангаас худалдан авсан эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлнө.
Бага насны хүүхдийн хүмүүжил, өсөлт хөгжилт, эх, эцгийн эрх үүрэгтэй холбогдсон сургалтад хамруулах;
Нэмэгдэл хоол тэжээл, амин дэм, шаардлагатай хүүхэд, эх, эцэгт хөнгөлөлттэй нөхцлөөр хоол хүнс, амин дэм олгох;
2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхдийг өрхийн эмчийн тодорхойлолтоор рашаан, сувилалд явж эмчлүүлсэн бол эрхийн бичгийн үнийн 50 хувь, ирэх, очих унааны нэг талын зардлыг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох зэрэг хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзжээ.
Ганц бие, эцэг эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламжийн тухайд хүүхэд асрах чөлөөтэй, эсхүл гурав хүртэл насны, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 192 000 мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар тусгаад байна. Мөн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх буюу ойролцоогоор 96 000 төгрөгийн мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгохоор тусгаад байна. Хэлэлцүүлэгт оролцсон “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ны гишүүн Б.Даваасүрэн “Халамжийн тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхчүүдэд зориулсан ганцхан заалт байдаг. Тэр заалт нь гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эхэд жилд нэг удаа 120 мянган төгрөг өгөх заалт. Гэхдээ том хүүхэд нь 14 нас хүрчихвэл тэр заалт үйлчлэхгүй. Өөрөөр хөгжлийн бэрхшээлтэй бидэнд зориулсан ямар нэг заалт байхгүй. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй ганц бие эцэг,эхэд зориулсан заалт нэмж өгөхийг хүсч байна. Энд эрүүл атлаа өрх толгойлсон ээжүүд нулимсаа дуслуулан ярьж байхад бид энэ байтугай дуугарах ёстой гэж бодож байна” гэсэн юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын тогтоол гаргаж, аймаг, дүүрэг, сумын баяр наадам, бүс, аймгийн хэмжээний томоохон уралдааныг 2016 оны долдугаар сарын 15-25-нд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газраас даалгалаа.
Энэ оны долдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 53 орны төр, засгийн тэргүүн оролцохоор саналаа ирүүлсэн байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын 800 орчим сурвалжлагч, сэтгүүлч ажиллана. Дээд түвшний уулзалт болох цаг хугацаа нь Үндэсний баяр наадамтай давхцаж байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар нийтээр амрах хугацааг долдугаар сарын 11-15 гэж заасан байна. Энэ нь дээрх хугацаанд нийслэлийн ачааллыг зарим талаар бууруулах ач холбогдолтой бөгөөд аймаг, дүүрэг, сумын баяр наадмыг долдугаар сарын 15-25-нд зохион байгуулах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг энэхүү уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс гаргажээ. Дээд түвшний уулзалтын үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэсэн зорчигчдын нэн яаралтайгаас бусад урсгалыг хязгаарлах, иргэдэд тайлбарлан ойлгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Нам даралтын зуух дэлбэрч, хүн гэмтжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суух иргэн М гэртээ гал түлэх гэж байх үед нам даралтын зуух буудаж, гэмтэл авчээ.
Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Иймд Пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүллээ.
Улаанбурханы эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлжээ. Нийт 70 000 хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар 5000 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Улаанбурхан өвчний голомтын дархлаажуулалтанд хэн хамрагдах вэ?
- Голомтын хавьтал болсон 6 сараас дээш бүх насны хүмүүс
- Улаанбурханаар өвдөөгүй буюу өвдсөн эсэхээ мэдэхгүй
- Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй
- Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон
Дархлаажуулалтын дараа дараах урвал гарч болно.
- Вакцин хийлгэсний дараа 24 цагийн дотор тарьсан хэсэг газар бага зэрэг эмзэглэлтэй байж болох ба энэ нь 2-3 хоногийн дараа эмчилгээ шаардлагагүйгээр арилна.
- Вакцин хийлгэснээс 7-12 хоногийн дараа хөнгөн халуурч болно.
- 7-10 хоногийн дараа тууралт ажиглагдаж, 2 хоног үргэлжилж болно.
Хэн тариулахгүй вэ?
- Дархлаа дарангуйлах эм ууж, туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
- Халуурсан, цочмог халдварт өвчин, жирэмсэн, хурц цус багадалт, бөөрний хурц дутагдалтай
- Имуноглобулин хийлгэсэн эсвэл цус сэлбүүлсэн
- Неомицин тариулсан эсвэл неомицин, өндгөнд харшилтай,
- Зүрх судасны хүнд хэлбэрийн өвчтэй /хавагнах, амьсгаадах, хөхрөх гэх мэт/.
Дархлааажуулалтыг хаана хийлгэх вэ?
- Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд
- Халдвар гарсан гэрийн голомтонд
- Хавьтагсадад цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудаар харьяалалын ДЭМТ, ӨЭМТ-үүд хийж байна.
Хөдөө, орон нутгийн иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулгасан. Мөн орон нутагт энэ оны дөрөвдүгээр сараас том онгоцоор нисгэхээр Засгийн газраас чиглэл өгч, ажиллаж байна. Малчны зээлийн хүүг бууруулсан, мах экспортолж эхэлсэн зэрэг хөдөөд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын зангилаа нь орон нутгийн иргэдэд хүрч буй мэдээллийн түвшин адилхан байх юм. Тиймээс өнөөдрийн “Шийдлийн цаг” уулзалтаар хөдөө, орон нутагт интернэт дамжуулах сүлжээ болон үйлчилгээний үнийг бууруулах асуудлыг ярилцаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Тус уулзалт Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газарт болж, тус газрын дарга Ц.Жадамбаа интернэт хэрэглээний хот хөдөөгийн ялгаатай байдлын талаар танилцууллаа.
Өнгөрөгч даваа гаригт буюу хоёрдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцөлийг бүрдүүлж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, энэ сарын 15-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг МТШХХ-ны газрын дарга Ц.Жадамбаа, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэ нарт даалгалаа.
Улаанбаатар хотод интернэт хэрэглээний 84 хувь нь төвлөрч байна. Хүн амын тал хувь нь амьдарч буй хөдөө орон нутгийн иргэдийн интернэт хэрэглээний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байна. Орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байна. Энэ зөрүүг арилгах учиртай. Энэ бол интернэтийн үнэ ханшийн тухай, фэйсбүүк, твиттер ашиглах тухай асуудал биш юм. Интернэтийн сүлжээг дагаад хөдөө аж ахуйн бирж ажиллана, ноос ноолуур, махны үнэ гэхчлэн зах зээлийн мэдээлэл, цахим засаглалын үйлчилгээ авах зэрэг иргэдэд олон талын ач холбогдолтой, хөдөөгийн хөгжлийг хотынхтой ойртуулах боломж олгох том асуудал юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэ асуудлыг энэ сарын 15-нд аймгийн төв, 4 сарын 1-ээс сумуудад нээхээр сүлжээ компаниуд, зохицуулах хороо, агентлаг ажиллах учиртай гэлээ. Мөн Засгийн газрын энэ ажлыг гар утасны оператор компаниуд дэмжин идэвхтэй ажиллахыг уриалж, мобайл операторууд 4G үйлчилгээг энэ оны хоёр, гуравдугаар улиралд багтаан нэвтрүүлнэ гэсэн амлалтаа биелүүлж ажиллахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвөөс НҮБ-ын
Энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгон
шалгаруулалтад бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуультай хамтран
эхлүүллээ. 21 хоногийн хугацаанд үргэлжлэх сургалтад бүх түвшний цолтой 50
гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.
Сургалтаар англи хэл, сэтгэл судлал, жолоодлогын
ур чадвар, галт зэвсэг хэрэглэх ур чадвар зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш
нар зааж байна. Сургалтад хамрагдаж тусгай комиссын шалгалтад тэнцсэн алба
хаагчид Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх болзол хангах юм.