Categories
мэдээ нийгэм

Зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд, өнөөдөр нутгийн зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.

Арванхоёрдугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Нарангэрэл: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шинжлэх ухааны үүднээс дэмжих боломжгүй

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлт ба шинжлэх ухаан” онол, арга зүйн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлгийг Шинжлэх ухааны Философийн хүрээлэнгийн хуулийн салбар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран зохион байгуулсан аж. Энэ үеэр академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гадуур янз бүрийн л яриа гарч байна. Харин энэ удаа эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж байгаа нь зөв байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар бодолтой явна вэ?

-УИХ-ын нэр бүхий 40 гаруй гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьчихлаа. Өргөн барина гэдэг бол үндсэндээ албан ёсны болж хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон хэрэг юм. Бид хэлэлцүүлгээрээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шинжлэх ухааны дүгнэлт, шүүмж гаргах гол зорилгыг агуулсан. Юуны өмнө яг төсөлд бол урьдчилаад эрдэмтэд, судлаачдын дүгнэлтийг аваагүй юм билээ. Тийм учраас бид санал дүгнэлтээ зайлшгүй өгөх шаардлагатай.

-Судлаачид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурийг илэрхийлж байна вэ?

-Нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн гол гол үзэл баримтлал тэр тусмаа төрийн байгуулалтын үзэл баримтлал, нутгийн өөрөө удирдах ёс, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж гэсэн зарчмын чухал асуудлуудад суурь өөрчлөлт оруулахад чиглэгдсэн. Үндсэн хуулийг бүхэлд нь хянах редакц хийсэн ийм төсөл болсон байна. Энэ төсөл батлагдах юм бол Монголын нийгэмд маш их сөрөг үр дагаврыг авчирна гэдгийг судлаачид маш нарийвчлан цохон тэмдэглэж байгаа. Бүхэлд нь аваад үзэхэд минийхээр бол Ерөнхий сайдын хэмжээгүй эрх мэдэлтэй улс төрийн дэглэмийг Монголд бий болгохоор болсон байна. Хэрвээ ийм дэглэм бий болговол дур зоргын авирлал газар авна. Мөн хүний эрх, эрх чөлөөний хамгаалалт суларна. Нөгөө талаар хамгийн осолтой юм бол ерөөсөө ардчилалд аюултай. Ард түмнийхээ үгийг сонсох, ард түмнийхээ олонхийн санал хүсэлтээр ялангуяа улс орныг удирдах, нийгэм эдийн засаг, нутаг дэвсгэрийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх боломж хумигдсан. Зөвхөн төв буюу Ерөнхий сайд асуудлыг дангаараа шийдвэрлэдэг ийм байдал руу орж болзошгүй нөхцөл байдал судалгаагаар тогтоогдож байна. Тийм учраас энэ төслийг шинжлэх ухааны үүднээс дэмжих боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж байгаа.

-Ерөнхий сайд хэмжээгүй эрхтэй болно гэлээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-УИХ-ын сонгуулиар ялсан юм уу, олонхи болсон намын дарга Ерөнхий сайд болно. Тэр Ерөнхий сайд УИХ-тай зөвшилцөхгүйгээр Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн хэмжээгээр буюу багаар нь оруулж ирж батламжлуулна. Тэгээд Ерөнхий сайд хэзээ дуртай үедээ өдөр болгон ч хамаагүй Засгийн газрын гишүүдээ өөрчлөх ийм байдал руу орно. Үүнд УИХ хяналт тавьж чадахгүй. Уг нь бол УИХ-ын төсөл өргөн барьсан зарим гишүүд Засгийн газар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тогтвортой ажиллахгүй байна гэдэг үндэслэлээр л оруулсан шүү дээ. Үзэл баримтлал гэсэн танилцуулга дээрээ 1992 оны Үндсэн хуулиас хойш Ерөнхий сайдыг хэдэн удаа, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө хэдэн удаа, Засгийн газрын гишүүдийг хэдэн удаа өөрчилсөн тухай жагсаалт гаргасан байна. Гэхдээ тэр жагсаалтад ямар шалтгаан, үндэслэлээр өөрчлөх болсон гэж байхгүй. Тэр жагсаалтад хийсэн миний дүгнэлтээр бол жишээлэхэд Засгийн газрыг арван удаа, Засгийн газрын гишүүнийг арван удаа өөрчлөх саналыг парламентын зарим гишүүд УИХ-д оруулж хэлэлцүүлж байсан. Тэрний зөвхөн хоёрыг нь УИХ-ын олонхи зөвшөөрсөн. Найман Засгийн газрын гишүүнийг өөрчлөөгүй цаашаа явсан. Тэгэхээр өнгөрсөн 15 жилд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдийг тогтвортой ажиллуулах байр суурийг баримталсан байна гэдэг нь харагдаж байгаа юм.

-Ерөнхийлөгчийнхөө эрх хэмжээг багасгаад, УИХ-ын гишүүдийн тоог олон болгох тухай өөрчлөлтөд тусгахаар төлөвлөсөн байна л даа. Энэ нь манай улсын хувьд хэр нийцтэй юм бол?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх хамгийн гол үндэслэл бол манай улсын хамгийн идэвхтэй буюу сонгох эрх бүхий иргэдийн тоо юм. Жишээлбэл, өнөөдөр төрж байгаа хүүхдийг энэ тоонд оруулж болохгүй шүү дээ. Сонгуулийн эрхтэй хүн гэдэг нэгдүгээрт 18-аас дээш настай, ухаан мэдрэл бүрэн байх ёстой. Шоронд ял эдэлж байгаа 10 мянга орчим хүн нийгмээс тусгаарлагдсан шалтгаанаар санал өгөхгүй. Ингээд тооцож үзвэл сая гаруй хүн болно. Магадгүй хэвтэрт байгаа үхлүүт хүн санал өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болчихно. Тиймээс гурван сая биш харин сая гаруй идэвхтэй хүний төлөөллийг сонгох ёстой. Тэр төлөөлөл 76 байх нь хангалттай. Түүнчлэн одоо төсөл санаачлагчдын баримталсан үзэл баримтлалд дүгнэлт хийхэд Монгол Улс цаашдаа ерөөсөө олон толгойтой байж болохгүй. Нэг толгойтой өөрөөр хэлбэл эзэнтэй байх ёстой гэсэн санаа явж байна. Энэ төслөөр бол Ерөнхий сайдын хэмжээгүй эрхтэй нэг хүний засаглалыг бэхжүүлэх чиглэл рүүгээ явчихсан байгаа юм. Үүнээс үндэслээд эрдэмтний хувьд миний бие ямар дүгнэлт хийж байна вэ гэвэл ерөөсөө УИХ-ын гишүүд Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтоохоос өөр аргагүй болж байна гэдгийг битүү үгээр хүлээн зөвшөөрчихсөн байна. Түүнийгээ харин Ерөнхий сайдын хязгааргүй эрхийг бэхжүүлэх ийм чиглэлээр гаргажээ. Миний бодож байгаагаар бол магадгүй 2016 оны сонгуультай хамт ч юм уу бүх ард түмний санал асуулгыг хийх хэрэгтэй. Тэгэхдээ Монгол Улс цаашид ийм олон толгойтой парламентын засаглалтай байх. Эсвэл хяналт сайтай Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг санал асуулгаар шийдээд ард түмэн аль талд саналаа өгнө, тэр дээр нь үндэслэж Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Энэ нь улс орны хөгжил дэвшилд хамгийн ашигтай, ирээдүйтэй хувилбар байж болох юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулахдаа иргэдээс хэрхэн санал авах ёстой вэ. Зарим хүмүүс заалт бүрээр нь санал авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан?

-Одоо санал асуулгыг Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу, үгүй юу гэж явуулчих гээд байна. Ингэж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өргөн барьсан төслөө УИХ хууль батлагдах бүх шатандаа хэлэлцэх ёстой. Тэгээд эцсийнхээ үр дүнд үнэхээр өөрчилье гэж байгаа бол “Одоо бид ийм өөрчлөлт хийх гэж байна. Үүнийг ард түмэн дэмжих үү” гэдгээр заалт бүрээр нь санал асуулга хийх ёстой. Тэгж байж жинхэнэ ард түмний хүсэл зориг гарна. Угтаа бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл байгаа. Энэ бол мөнхийнх шүү дээ. Түүнийгээ бодоод ард түмэн тийм, үгүй гэсэн санал асуулгад шаардлагатай гээд өгчих юм бол өнөө Ерөнхий сайдын хэмжээгүй эрх зэрэг одоо өргөн бариад буй өөрчлөлтийг нь дэмжсэн байр суурь руу орчих гээд байгаа юм.

-Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн шүүгчид нууц санал хураалтаар сонгодог болох тухай өөрчлөлт явж байгаа юм билээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-Одоо бол Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-аар заавал зөвшөөрүүлдэг байдалтай байна. Энэ чинь улс төр орно гэсэн үг шүү дээ. Ялангуяа Дээд шүүхийн ерөнхий шүүгчид бол монголд шүүн таслах ажиллагааг авч явдаг, бодлогыг зангиддаг гол хүн. Одоогийн Дээд шүүхийн шүүгчид дотроосоо нэгнийгээ сонгодог түүнийгээ нууц байлгах энэ тогтолцоог бэхжүүлсэн байна. Уг нь цаашдаа ганц Дээд шүүхийн шүүгчдээ ч биш Монголд байгаа үнэхээр чадалтай шударга, Монголын шүүхийг манай ард түмний хүсч байгаачлан ёстой өнөө ариун шударгын сүм болгож чадах ийм хүнийг Дээд шүүхийн гадна байлаа ч томилох боломжийг бий болгож өгөх ёстой. Тэгэхгүй бол дэндүү их явцуурчихсан байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: Нас баралтын тэргүүлэх өвчлөлүүдийг бууруулахын тулд ресторан, хоолны газруудын цэсийг шинэчилнэ

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын цэсэнд өөрчлөлт оруулах санаачилгаа ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэл үү?

-Нийслэлийн Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хороонд энэ асуудлыг оруулсан шалтгаан бол Монгол Улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх өвчинтэй холбоотой. Өнөөдөр зүрх судасны өвчин тэр дундаа шигдээс, цус харвалт монголчуудыг хамгийн их үхэлд хүргэж байна. Дараагаар нь хорт хавдар ордог. Тэгэхээр энэ асуудал руугаа чиглэсэн үйл ажиллагааг шат дараатайгаар яаралтай эхлэх хэрэгтэй юм. Бид ассан галыг унтраах гэж үзээд байдаг. Харин гал юунаас болж тархсанд төдийлөн анхаарал хандуулахгүй явсаар ирлээ. Зүрх судасны өвчин, харвалт маш их залуужиж байна. Шалтгаан нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг буюу хөдөлгөөний дутагдал. Бидний хоол тэжээлийн бүтэц болон хэмжээ нь буруу байна. Иймд хүн өдөрт хэдий хэмжээний хоол идэх ёстой юм бэ гэдэг мэдлэг бидэнд хэрэгтэй. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх хоолны газар, ресторануудын цэсийг дахин шинэчилнэ. Таны идэх гэж байгаа хоол хэдэн хувийн калоритой, ямар хэмжээний тослогтой гэдгийг тавьдаг болно гэсэн үг. Мөн тухайн хоолонд агуулагдаж байгаа давсны хэмжээ болоод транс тос орсон эсэхийг ч тавих юм. Тэгэхгүй бол хоолыг идэх гэж байгаа хүн ямар ч мэдээлэлгүй байна шүү дээ. Тэр мэдээллийг үйлчлүүлэгчдэдээ өгөх нь хоолны газруудын хариуцлага. Аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулах нь Засаг захиргааны төв байгууллагын ажил байдаг. Тиймээс хоолны газруудад нийслэлийн Засаг даргын захирамжаар чиглэл өгөх нь зүйтэй. НЗДТГ-аас хоолны газруудад тусгай зөвшөөрөл олгодог байгаа. Энэ эрх мэдлийнхээ хүрээнд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэдгээр хоолны газруудад жижигхэн шаардлага тавих нь нүсэр дарамт болохгүй. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засаг даргын захирамжид оруулна. Тэгэхээр үйлчилгээний газрууд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Меню дээрх хоол болгоны ард байгаа илчлэг калори, давсны хэмжээг заасан тоо үнэн эсэхийг үйлчлүүлэгчид яаж мэдэх вэ. Хоолны газрууд ямар аргаар зөв тооцоолол гаргах вэ?

-Нэг таваг цуйван дахь калорийн хэмжээг эрдэмтэд аль хэдийнэ гаргаад тавьчихсан. ШУТИС-ийн хүнсний технологийнхон энэ чиглэлээр хэд хэдэн ном гаргасан байгаа. Тэгэхээр толгой өвдөөд, зардал гараад байх юм үгүй. Үүн дээр загвар хоолны цэс гаргасан.

Дээрээс нь зүрх судасны өвчнөөр нас барагсдын тоо хамгийн өндөр байгаа нь өөх тосны зохисгүй хэрэглээтэй холбоотой. Ингэхдээ малын гаралтай өөх тос их хэрэглэж байна.

Харин хүний эрүүл мэндэд хэрэгтэй ургамлын тос, оливын тос, цөцгийн тос, загасны тосны хэрэглээ өчүүхэн бага. Транс тос буюу маргаринийг хүмүүс хоолны газруудад асар ихээр идэж байгаагаа мэддэггүй. Хамгийн хямд бөгөөд эрүүл мэндэд маш ноцтой муу нөлөөтэй транс тос хоолны газрууд, хүнс үйлдвэрлэгчид голдуу хэрэглэж байна. Ийм тосыг дахин дахин халааж, хайрсан хуурсан хоол хийхэд өнгө чанараа алддаггүй бас түлэгддэггүй. Тийм болохоор цайны газрууд ихэвчлэн хуушуур хайрахад, хоолоо хуурахад ашигладаг. Ургамлын тосыг ч дахин дахин хэрэглээд байхаар трансждаг

-Транс тосны хэрэглээг хязгаарлахын тулд хоолны газруудад тавих хяналтаа чангатгах ёстой юм биш үү. Үнэндээ цайны газрууд хуушуур чанадаг тосоо солихгүй хэдэн өдөр ашигладгийг нь үйлчлүүлэгчид мэдэх боломжгүй байдаг шүү дээ?

-Иймэрхүү зүйл байгаа учраас хоолны цэсэнд өөрчлөлт оруулах юм. Тиймээс хоолны цэсэнд транс тос, давсны хэмжээг тусгана. Давс ходоодны хорт хавдар, зүрх судасны өвчнийг нэмэгдүүлэхэд асар их нөлөөлж байна. Монгол Улс давсны хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Мөн Засгийн газраас хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр баталлаа. Үүндээ транс тосны хэмжээг хязгаарлахаар оруулчихсан байгаа. Энэ бол шийдлийн Засгийн газар хүн ардынхаа эрүүл мэндтэй холбоотой хийсэн томоохон ажлуудын нэг. Одоо хэрэгжүүлэх нь чухал. Өнөөдрийн байдлаар транс тосыг хэрхэн хязгаарлах гээд байгаа тухайд мэргэжлийн хяналтынхан, нийслэл, орон нутгийн засаг захиргаа ямар ч мэдлэггүй байна. Одоо үүнийг хариуцлагажуулах ёстой. НЗДТГ-ын тухайд хүлээгээд суухгүй, ажлаа эхлүүлнэ. Бүх холны газрыг хариуцлагажуулна.

-Сүүлийн үед хүмүүс хооллолтдоо анхаарч, амьдралын хэв маягаа зөв болгох хандлагатай болсон. Тэгвэл нас баралт өндөртэй өвчлөлүүдийн хэдэн хувь нь хоолны зүй бус хэрэглээнээс үүдэж байна вэ?

-Монголчуудын 50-60 хувь нь хэт таргалалттай байна. Энэ нь зүрх судасны өвчнөөр нас барах гол шалтгаан. Мөн сахарын өвчин арван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдчихсэн. Одоогийн бидний өдөр тутамд иддэг хоол энэ хэвээрээ байх юм бол 20 жилийн дараа сахарын өвчнөөр дэлхийд тэргүүлэх орон болж болзошгүй.

-Өнөөдөр эрүүл мэндийн салбар хүнд байдалд байна. Энэ асуудалд салбарын дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд ямар бодолтой байгааг тань сонирхмоор байна?

-Монгол Улсын хэмжээнд нэг яам дээр сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй ийм тохиолдол анх удаа гарч байгаа. Тэр нь хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбар дээр шүү. Энэ нь засаглалын маш том ноцтой байдал руу орж байгааг хэлж байна. Тиймээс нэн түрүүнд засаглалынхаа асуудлыг шийдэх ёстой. Манайхан хаа хамаагүй салбарын хүнийг сайдаар тавьчихдаг. Зүй нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийн тулд тухайн салбарыг удирдах сайдын бодлого, Засгийн газрын бодлоготой нийцэж байгааг харгалзан үзээд сонгодог байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар бол хэзээ ч улстөржиж болдоггүй чухал салбар.

-Тэгвэл эрүүл мэндийн салбарт ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?

-Олон жил эрүүл мэндийн салбарт гуйсан мөнгийг нь өгсөөр ирсэн. Энд эмч, сувилагч гээд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ямар ч буруу байхгүй. Зөвхөн эдгээр хүмүүсээ зөв бодлогоор нь чиглүүлж чадахгүй байсаар өдий хүрснийх л дээ. Энэ салбарт асар их шинэчлэлт хийх хэрэгтэй.

-Жишээлбэл, юуг нь өөрчилмөөр байгаа юм бэ?

-Өнөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төлөвлөгөөт эдийн засгийн үеийнхээс салж чадаагүй байна. Нийгэм маань чөлөөт эдийн засаг руу орчихлоо. Гэтэл эрүүл мэндийн салбар нөгөө л социализмынхаа үеэр явж байна. Тухайлбал, үр дүнд суурилсан санхүүжилтийг өгч чадахгүй байна. Эмнэлгүүдэд төсөвлөдөг мөнгийг юунд зарцуулахыг нь мэддэггүй, зүгээр л тавиад өгчихдөг. Өрхийн эрүүл мэнд дээр бүр дампуурсан. Өрхийн эмнэлэгт харьяалагддаг хүн амын тоогоор нь тооцоод үржүүлээд мөнгө өгчихдөг. Уг нь тус эмнэлэг хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ хүн амын эрүүл мэндийг яаж сайжруулсан, ямар үр дүн гарав гэхчилэн хийсэн ажлынх нь үр дүн чухал. Гэтэл өрхийн эмнэлгүүд тэдэн хүнд сургалт хийсэн гэсэн тоо үзүүлдэг л дээ. Иймд үр дүнд суурилсан санхүүжилт өгдөг болмоор байгаа юм. Тэрнээс харанхуйгаар мөнгө өгдгөө болих хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбар бол хамгийн их авлигад идэгдсэн. Ялангуяа амаржих газар, гэмтлийн эмнэлгүүд асар ачаалалтай. Таны яриад байгаа үр дүнд суурилсан санхүүжилтийг өгдөг болбол энэ байдал арилах уу?

-Нийслэлийн хэмжээнд хуруу дарам төрөх эмнэлэг байна. Хэт төвлөрүүлчихсэн болохоор үүнтэй холбоотой авлига хээль хахууль, хүндрэлүүд, хүнд суртлууд, чанарын асуудал гарч ирж байгаа. Бид эрүүл мэндийн даатгалаас орж ирж буй мөнгөний тодорхой хувийг нь төрөлттэй холбоотой зардалд зориулдаг тогтолцоо руу орох ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа зардлыг нэг эхэд 130 мянга гэж тооцвол 100 мянгыг нь даатгалын сангаас, бусдыг нь өөрсдөө хариуц гэвэл зөндөө олон хувийн эмнэлэг гарч ирнэ. Чанартай тусламж үйлчилгээ үзүүлнэ шүү дээ. Эмч нарын буруу гэхээс илүүтэйгээр чиглүүлэг буруу байгаа юм. Чанар руу чиглэсэн өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Одоо бол ямар ч өрсөлдөөн алга. Тиймээс улсын, хувийн гэлтгүй эмнэлгүүдийн санхүүжилтийг шударга болгох хэрэгтэй.

Өнөөдөр улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар хичнээн хүнийг зөв, буруу эмчилсэн нь хамаагүй, авдаг цалингаа авч байна. Тиймээс ажлынх нь үр дүнг хянадаг, тайлагнадаг болгоод цалинжуулах хэрэгтэй. Үнэндээ Монгол Улсын хэмжээнд нэг эмч хэдэн хүнийг эдгээсэн дүн байхгүй. Тэгэхээр энэ салбарт шинээр томилогдох сайд нь эмч болгонд мэдээллийн ил тод байдлыг бий болгоод өгмөөр байгаа юм. Өвчтөнг эмчилснээр нь биш эдгээснээр нь дүгнэх хэрэгтэй. Эмчилснээр нь дүгнээд байхаар манай эмч нар хувийнх, улсынх гэлтгүй аль болох их эмчилгээ бичээд явж байна. Харин эдгээснээр нь эмчлээд эхлэхээр санхүүжилтээ хэмнэнэ. Монголын эрүүл мэндийн салбарыг ил тод болгох хэрэгтэй байгаа юм.

-Яаж?

-Эмч болгон дээр мэдээллийн сан үүсгэе л дээ. Эмчилж байгаа эмчилгээ болон гарсан үр дүн дээр нь тодорхой хэмжээний мэдээлэл оруулдаг байя. Энэ мэдээллийн санг эрүүл мэндийн салбарынх нь дотор ил тод болгоё. Зарим орнууд иймэрхүү мэдээллийн сангаа ард түмэндээ ил тод болгочихсон байдаг. Тухайлбал, энэ эмч тэдэн хүнд олгойн мэс засал хийснээс төд нь амжилттай гэхчилэн жагсаалтыг нь гаргаад тавьдаг. Тэндээс чинь жинхэнэ чанарын өрсөлдөөн гарч ирж байгаа юм. Ингэснээр эмнэлгүүд дэх хүндрэлүүд багасна. Эхлээд идээ бээр нь гарна. Яваандаа чанартайгаа уялдана.

-Чанартай болохоороо үнэтэй байдаг гэсэн ойлголт байдаг шүү дээ?

-Эрүүл мэндийн салбарт чанартай болох тусмаа хямдарч эхэлдэг. Яагаад гэвэл чанартай болохоор тусламж үйлчилгээ нь оновчтой болж эхэлдэг. Шаардлагатай гурван шинжилгээ өгөх ёстой байтал манайхан хорь, гучин шинжилгээ хийдэг. Ингээд тэр хүнийг нэг эмээр бүрэн эмчлэх боломжтой байхад болсон болоогүй дархлааны эмчилгээ, эм, тариа, дусал зоодог. За тэгээд сүлжээний эмчилгээ бичиж өгнө. Энэ чинь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байх ёстой хэмжээнээс нь үнэтэй болгоод байна. Харин чанартай зөв эмчлээд эхлэх юм бол оношлогооны зардал багасна. Тэгэхээр тухайн эмч богино хугацаанд аль болох бага зардлаар хүнээ эдгээчихнэ гэж бодно доо. Ийм л тогтолцоо руу явмаар байгаа юм.

-Гурван шатлалын эмнэлэг хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг гэх шүүмжлэл зонхилдог. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц ямар байх ёстой юм бол?

-Гурван шатлалын эмнэлгийн эмч нарын хооронд уялдаа холбоо байхгүй нь үнэн. Уг нь энэ гурав холбоотой байх ёстой. Үүнээс болж өвчтөнд үзүүлж буй тусламж үйлчилгээний хүнд суртлууд гараад байгаа юм. Тэгэхээр яалт ч үгүй тусламж үйлчилгээний бүтцийн асуудал манайд дутагдаж байна. Өнөөдөр өвчтөнийг ороод ирэнгүүт дүрс оношлогоо, лабораторийн хэсэг рүү явуулчихдаг. Дараа нь тэр хүн дахин цаг аваад очерлож байж дотрын эмчдээ үзүүлдэг. Ингээд баахан явдал чирэгдэл болж байна. Энэ бол социализмын үеэс байгуулсан тусламж үйлчилгээ болохоор эмч нарт тааруулсан бүтэц. Зөв бүтэц нь өвчтөнд тааруулсан байх ёстой. Өвчтөнд эмч нар нь өөрсдөө ээлжлэн орж ирээд үзлэг хийж, зөвлөгөө өгдөг байж болно.

-Та Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалыг хашиж байхдаа дээд удирдлага буюу сайд асан Н.Удвалыг шүүхэд өгсөн. Та хоёр жил тойрон шүүхээр явсны эцэст өнгөрсөн долоо хоногт шийдвэр гарсан байна лээ. Нэг яам удирдаж байсан хүмүүс ингэж заавал шүүхээр явах шаардлага байсан юм уу?

-Бидний хоорондох хамгийн гол үл ойлголцол бол өнгөрсөн жил Нийгмийн бодлогын байнгын хороон дээр Н.Удвал сайд миний тухай ташаа мэдээлэл ард түмэнд өгснөөс үүдсэн. Тэрбээр намайг 900 ам.долларын үнэтэй элэгний эмийг 1800 ам.доллар болгосон мэтээр гүтгэсэн. Гурван сарын эмчилгээ нь 900 ам.доллар. Харин зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар гэдгийг би эртнээс ярьж байсан. Гэтэл хүмүүст буруу ойлголт өгөх хэмжээний гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгөхөөр нь шүүхэд хандсан. Тухайн үед миний эргэн тойрныхон “Өөрийн тань дарга, сайд шүү дээ заавал шүүхээр явах хэрэг байна уу” гэж байсан. Миний хувьд шууд шүүхэд хандаагүй л дээ. Хоёр сар шахам Н.Удвал сайдыг надаас уучлал гуйчих болов уу гэж хүлээсэн. Харин надаас уучлал гуйгаагүй учраас би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Би залуу, улстөрч хүн. Шүүхийн явц нь удаан байдаг юм байна. Жилийн дараа анхан шатны шүүхийн шийдвэр гарч сайд асан Н.Удвал намайг гүтгэсэн гэдгийг тогтоолоо.

Categories
мэдээ цаг-үе

С.Гантогоо: Солонгост гэрээт ажилтнаар ирж байхдаа “Оддын хаан”-ы тайзан дээр гарч, дуучин болно гэж төсөөлөө ч үгүй

Солонгосын “SBS” телевизийн “Оддын хаан” шоу нэвтрүүлэгт оролцож байсан С.Гантогоотой холбогдож ярилцлаа.

-Өөрийг чинь Сөүлд дуучнаар ажилладгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Хэдэнтээ холбогдлоо. Байнга л тоглолтоор ийш тийшээ явах болчихлоо гэдэг?

-Юуны өмнө танай сониноор уламжлан монголчууддаа мэнд хүргэж байна. Монголд их хүйтэн болж байна гэж дуулдсан. Энд ч бас хүйтрэх төлөвтэй байна. Би одоо Сөүлд “Монтант” гэдэг нэгэн урлагийн байгууллагад дуучнаар ажиллаж байгаа. Концерт тоглолтуудын жинхэнэ улирал нь эхэлчихсэн болохоор тун завгүй явна. Маргааш гэхэд Кванхуа арал дээр очиж музыкл тоглолт хийнэ. Манай хамтлагийн энэ онд хийж буй 13 цуврал жүжигчилсэн тоглолтын сүүлийнх нь тавилт болж байгаа юм. Үүний дараа нэг тоглолт, бас Хятад руу аялан тоглолттой учраас бэлтгэл ихтэй байна. Ер нь Солонгосын бүх хот, аймаг, орон нутгаар явж тоглолт хийсэн дээ.

-Танай хамтлаг анхны цомгоо гаргасан гэсэн. Хэдэн дуутай, ямар цомог вэ. Хамтлагийнхаа тухай танилцуулаач?

-Энэ онд анхны цомог маань худалдаанд гарсан. Арван дуутай. “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны “Circle of life” дуугаар нэрлэсэн юм. “Walt Disney” компаниас албан ёсны зөвшөөрлийг нь авч дуулсан. Манай хамтлаг орон орны хамгийн алдартай дууг монтант хэв маягт оруулж дуулдаг онцлогтой л доо. Тэр утгаараа Монгол, Америк, Солонгос, Хятад, Индонезийн алдартай дуунууд болон хамтлагийн бие даасан уран бүтээлтэй нийлээд 10 дуу цомогт орсон.

-Хамтлагийн нэрийн тухайд?

-Монтант буюу хамтдаа гэсэн утгатай. Монголоос би, Филип гэдэг америк залуу, Су Ён гэдэг солонгос бүсгүй, Ихуа хэмээх хятад бүсгүй, Эрик гэдэг филиппин хүний бүрэлдэхүүнтэй дуулж байна. Хэт хатуу урсгал чиглэлд баригдалгүй ерөнхийдөө этник хэв маягаар уран бүтээл хийдэг. Жишээлбэл, “Жалам хар”-ыг өөрсдийн хэв маягаар дуулж өвөрмөц аялгуу гаргасан. Ийм маягаар уран бүтээл хийж орон орны соёлыг харуулахыг зорьдог юм.

Солонгос бол k-поп нь өндөр түвшинд хөгжчихсөн газар. Бид заавал тэр к-попоор нь дуулалгүй өөрсдийн төрхийг гаргахыг зорьсон. Энтертаймент корпорациуд ашгийн төлөө, нэр хүндийн төлөө ажилладаг. Харин манайх хэл ус, яс үндэс, зүс царай өөр ч гэсэн биднийг нэгтгэдэг зүйл бол дуу хөгжим шүү гэдгийг мэдрүүлэхийг эрмэлздэг. Учир нь дэлхий ертөнц даяаршихын хэрээр эмх замбараагүй байдал, терроризм, шашин хоорондын зөрчил мөргөлдөөн их байна. Олимп ч мөн адил хүн төрөлхтнийг спортоор нэгтгэдэг шүү дээ. Ийм мессэжийг олон нийтэд өгөх нэг зорилготой юм.

-Хөхөө Намжилын домог, “Хааны алтан аяга” домог үлгэр, “Жалам хар”-ыг танай хамтлаг тоглолт болгосон гэлээ. Бусад гишүүд чинь монгол дуу хуураас сурахад амаргүй байсан болов уу. Монгол гэсэн тогтсон дэгтэй шүү дээ.

-Хөхөө Намжилын домгийг Америк, Хятад, Филиппин, Солонгосын үлгэр домогтой уялдуулж нэг тоглолт болгосон. “Жалам хар”-ыг найруулга хийж тоглосон. Үзэсгэлэнтэй уудам тал нутагт мориор давхиж яваа дүрслэлийг дуу аялгуугаар хүргэхэд гадаад хүмүүсийн хувьд хэцүү. Тиймээс өнгөрсөн зургадугаар сарыг хүртэл бэлдсэн. Хамтлагийнхан маань өөр өөр орны хүмүүс байдаг болохоор үг хэллэг, найруулга, тавилт дээр нь ажиллаад солонгос хэл дээр хөрвүүлэхээс авахуулаад бэлтгэл их шаардсан. Өөрийнхөө стил имиж рүү хандуулдаг ч үндсэн хэв шинжийг нь хадгална. Тэгэхийн тулд нөгөөдүүл маань үгээ сурна, хөгжмийн найруулагчид яаж найруулах вэ гээд ажиллана. Ингээд жил тойронгийн ажил болж сурцгаасан даа.

-Яаж энэ хамтлагт орсон юм бэ?

-Гурван жилийн өмнө манай байгууллагын сонгон шалгаруулалт болж таарсан. Солонгосын алдарт дива дуучин Ин Сү Ы шүүгчээр сууж байсан. Би үнэхээр их сандарсан ч, энэ л миний боломж шүү гэж айхтар их хичээсэн. Тэгээд дуулах шалгаруулалт дээр тэнцсэн. Сүүлийн шат нь гучин минутын ярилцлага байсан. Юугаа ярина даа гэж эргэлзэж байлаа. Гэтэл хүн чинь бусдад таалагдах гэж худлаа ярих биш, хүнд өрөвдүүлэх биш, яг л өөрийнхөө яаж ингэж явж байгаа үнэн түүхээ ямар ч маяггүй ярих хэрэгтэй юм билээ. Солонгосоор алдаатай ч гэсэн зүгээр л үнэнээ ярьсан. Би тэгэхэд кофены үйлдвэрт ажиллаж байлаа. Долоо хоногийн дараа тэнцсэн шүү гэж дуудсан.

“Одоо би дуучин боллоо” гэж бодоход гайхалтай мэдрэмж төрсөн.

-Анх Солонгост очоод ямар ямар ажил хийж байсан юм бэ?

-Энд ирээд найман жил болж байна. Багшийн дээдийг 2007 онд Газар зүйн багш мэргэжлээр төгсөөд, аавын хүү амьдрал хөөсөн. Тэгээд л олон олон монголчуудын адилаар гэрээт ажилтнаар ирж байлаа. Таван жил элдвийн л ажил хийсэн. Анх махны үйлдвэрт ажиллаж байлаа. Ирэхэд бүх юм сайхнаар төсөөлөгдсөн. Ажлын нөхцөл, цалин бүгд гэрээнд зааснаар яригдах ч бодит байдал дээр юм өөр байх үе гарсан. Дөнгөж ирээд байж байтал ээж залгаад “Миний хүү сайн явж очсон уу. За, гэр орон нь тохитой сайхан байна уу” гээд л гоё гоё юм асуусан. “Өө контейнерт амьдарч байна” гэтэл дуу нь цаашлаад миний хүү гэртээ хүрээд ир гэж дуудаж билээ.

Дууны тэмцээнд орох гэхээр захирал зөвшөөрөхгүй, тэгэхээр нь үйлдвэрээ солино, махны үйлдвэрээс бэлэн гоймон, кофены үйлдвэр, хаяг рекламны үйлдвэрт ажилласан. Дуулах замаа олж харчихаад байсан учраас тэмцээнд ормоор байсан юм.

-Та “Оддын хаан” нэвтрүүлэгт орж байсан. Яаж тэр алдартай нэвтрүүлэгт орж байв?

-Солонгосын “SBS” телевизийн суваг 2014 онд тэр нэвтрүүлгийг хийсэн юм. Тэгээд манайд дуучдаасаа оролцуулаач гэсэн хүсэлт тавьсан л даа. Байгууллагаас яг хэн хэнийг оролцуулах вэ гэдгийг шийдэхээр болж, дотроо бяцхан сонгон шалгаруулалт явуулсан. Арван хэдэн дуучдаас би болон манай хамтлагийн хэд тэнцэж шоунд орохоор болсон. Алдартай шоу учраас маш олон хүнд хүрсэн байсан.

-Шоуны дараа сонирхолтой саналууд ирсэн үү?

-Нэвтрүүлэг цацагдсаны дараа маш олон газраас шинэ санал ирсэн. Тэр бүх хүсэлтийг манай байгууллага зорилготойгоо уялдуулаад хүлээж аваагүй юм. Яахав, хүмүүс зургаа хамт авахуулъя гэх мэтээр танимхайраад л хэсэгтээ сайхан мэдрэмж төрөх юм билээ. Нэвтрүүлгийн багийнхан, хөтлөгч Хуудуун маань одоо ч холбоотой байдаг.

-Солонгос дахь энэ статусаа ашиглаад хувийн уран бүтээл хийх үү?

-Манай найзууд хэлдэг, Монголд очоод өөрийнхөө уран бүтээлийг хийгээч, чамд зөндөө боломж байна гэдэг. Олон газраас санал ирсэн. Гэхдээ монгол хүний үүрэг хариуцлага гэж үзээд дуртай ажлаа хийнгээ хилийн чанадад Монгол орноо нийгмийн нэгж бүр дээр нь очоод ингээд сурталчлаад явж байгаа энэ боломжоо би монгол хүний үүднээс хэзээ ч алдахгүй. Ирэх онд миний хувийн уран бүтээлийн ажлууд, шинэ прожект хэрэгжинэ. Дуулаад цалингаа аваад явдаг ийм ажил бас ховор.

-Залуу хүмүүст нутаг санагдаад л ирье барья гэж яараад байдаггүй байх?

-Ойрын жилүүдэд хувийн амьдрал хөөх тухай төлөвлөгөө байхгүй. Монголдоо очих ажил гарвал оччихоод л явж байна даа.

-Эр хүнд амьдрал оройтоно гэхгүй байх л даа?

-Одоо чинь эрэгтэй хүн ч, эмэгтэй хүн ч хүчирхэг болчихож. Дөч хүрээд амьдрал эхлэхэд гайхах юм биш болжээ.

-Монголынхоо уран бүтээлчдээс ойр хүн бий юу?

-“Мотив” хамтлагийн Ганбаа, Улсын филармонийн дуучин Насанбуян гээд авьяаслаг сайхан найзууд маань хааяа ирж, ажлаар маань ороод уулзаж ярьж хөөрөөд явдаг.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу, аав ээж тань аль нутгийнх вэ?

-Би Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн. Аав маань хилийн цэргийн хүн болохоор хил дагасан айл байв. Аав ээжийн маань уугуул нутаг Хөвсгөл. Ээж маань цэцэрлэгийн багш сайхан хүн бий. Хан тэнгэр болсон сайхан аав минь харин энэ намар өөд боллоо. Аавыгаа буцахад эр хүн цээжиндээ нурах шиг болдог юм байна. Гэхдээ амьдад нь сайхан газар үзүүлж, ойрхон байсандаа жаахан боловч дотор цэлмэх юм.

Би дээрээ нэг ахтай, хоёр охин дүүтэй. Дүү нараа их сургуулийг нь төгсгөж өгөөд л ар тийшээгээ санаа зовохгүй болсон. Гэрийнхэн маань бүгдээрээ Монголд ажил амьдралаа гээд л явж байгаа.

-Ингэхэд манайд дууны тэмцээн уралдаан их болж байна. Хүмүүс ч “Би авьяастай” гэж өөрийгөө их тодорхойлох болж. Үүнд нь манай зах зээл бараг ханаж байх шиг. Харин яг гадагшаа хандаад уран бүтээлээрээ гарч ирэх гэдэг дээр өөрчлөлт мэдрэгдэхгүй л байна. Та юу гэж боддог вэ?

-Дэлхийд гарчихсан дуурийн дуучин, балетчин, язгуур урлагийнхан гээд үнэхээр нэг цойлсон авьяасаар Монголынхоо нэрийг гаргаж байгаа хүмүүс олон бий. Цаг хугацаа, эдийн засаг, ур чадварын хувьд монгол уран бүтээлчид тэсрэлттэй гарч ирэх бүх нөхцөл одоо байгаа.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Анх Солонгост махны үйлдвэрт ажиллахаар цүнхээ үүрээд ирж байхдаа “Оддын хаан”-ы тайзан дээр гарч дуулна гэж бодоогүй. Солонгосын алдартай хамтлаг, дуучидтай нэг тайзан дээр хамт дуулна гэж хэзээ ч бодоогүй. Хүн мөрөөдлөөрөө хаа ч хүрдэг. Би их л том мөрөөдөж яваа.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрөө үл хүндэтгэсэн бөхчүүдэд төр нь цол өгөх хэрэг байна уу

Саяхан төрт ёсны хоёр томоохон баяр тохиолоо. Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр(өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн)-ийг “Монгол бахархлын өдөр” болгон улс даяараа тэмдэглэсэн. Эл өдөр бүх нийтээрээ амарч, төрийн есөн хөлт цагаан тугаа цэнгүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд шагнал Чингис хааны одонг гардуулдаг. Мөн чансаа өндөр 128 бөх зодоглон, түмэн олон хүчит бөхийнхөө барилдааныг шимтэн үзэж цэнгэл таашаалыг эдэлдэг. Гэтэл төрт ёсны баяр, эзэн хааныхаа түүхт өдрийг бөх тэх гэх нөхөд үнэндээ юман чинээ тоосонгүй. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Ц.Содномдорж нарыг эс тооцвол энэ цаг үед шуугиан болж буй идэр залуу хүчтэнүүд бөхийн өргөөнд хамраа ч цухуйлгасангүй. Сэтгэл дундуур хоцорсон олны хэлдгээр “сайн дурын уран сайханчид”-ын тэрсэлдээн болоод өнгөрчихөв үү дээ.

Үзүүр түрүүнд улсын начин, шөвгийн дөрөвт аймгийн цолтон ч шалгарч байх шиг. Аргагүй шүү дээ, тийм л зиндааны бөхчүүд зодоглож байгаа юм чинь. Чингис хааны төрт ёсны баярт энэ цаг үеийн идэр аваргууд болох С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан До.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Д.Азжаргал, улсын гарьд Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганбаатар, улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын өсөх идэр начин, даншгийн арслан Р.Пүрэвдагва гээд бүгд зодоглоогүй. Энэ хэд зодоглохгүй болохоор ямар элэнцгийнх нь чансаа өндөр барилдаан байхав дээ. Дараахан нь буюу арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны ой тохиосон. Сүүлийн үед уг өдрийг бүх нийтийн амралтын өдөр биш болгон үнэ цэнийг нь жаахан бууруулсан ч тусгаар тогтнолын өдөр гэдэг нь маргашгүй. Монгол ёс уламжлал, жаяг дэгийн дагуу 256 бөх зодоглолоо.

С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр аваргууд бас л тоож ирсэнгүй. Өнөө жилийн наадамд ес давж түрүүлэн шуугиан дэгдээж, ааг омог нь багтаж ядаж байгаа залуу арслан Э.Оюунболдын бараа сураг ч байдаггүй. Түрүү жилийн наадмаар улсын алдар цолтнуудыг толгой дараалан цувуулсан Завханы Ш.Жаргалсайхан, шинэ цагийн анхны даншиг наадмын арслан өнөө Пүрэвдагва гээд залуу хүчтэнүүд мөн л зодоглож гялайлгасангүй.

Улс тунхагласны баярыг 1984 онд тэмдэглэн, 60 жилийнх нь ойгоор бөх барилдуулахад 128 шилдэг хүчтэн зодоглож Баянаа аварга түрүүлэн, Хадаа аварга үзүүрлэж байсан түүх бий. Ерээд оноос хойших барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон түрүүлсэн байдаг. Ингэж төрт ёсныхоо баярыг заалны барилдаан гэж гололгүй, цаг цагийн бөхийн манлай болсон хүчит аваргууд зодоглож ирсэн байх юм. С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр хоёр идэрхэн аварга маань өнөө жилийн наадмын дөрөв, тавын даваанд залуу бөхчүүдэд гуядуулснаас хойш бараа дүрээ харуулсангүй. Тэд бол үндэсний бөхийн аварга хэмээх дээд эрэмбийг Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нараас өвлөсөн энэ цагийн бөхийн магнай болсон хүчтэнүүд юм. Төрийн хүндэтгэлийн ойгоосоо нүүр буруулан пээдийх биш зүүн барууны магнайгаа тэргүүлэн босч ард түмнээ цэнгүүлэх үүрэгтэй. Төрийн наадамд “гарлаа, өрлөө, давлаа” хэмээх гуравхан үгээр дуудуулж тав дараалан түрүүлсэн Д.Дамдин аварга, тэрхүү буухиаг залган авч мөн л тав дараалан түрүүлсэн Ж.Мөнхбат аваргууд шиг тийм насандаа, бөхийн эрэмбэндээ яваа бөхчүүд л дээ. Ер нь тэгээд бөхдөө хайртай монголчууд аварга гэдгийг Түвдэндорж, Дамдин, Батсуурь, Мөнхбат, Баянмөнх, за тэгээд Цэрэнтогтох, Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Сүхбат шиг дийлж барилддаг бөхчүүдээр төсөөлж ирсэн. “Ид барилдаж байхдаа долоогийн даваа хүртэл хэнтэй барилдсанаа дараа нь санадаггүй. Гарч ирээд л ганцхан хүчтэй дайрчихаад, эсвэл дугтарчихаад яваад өгнө. Удна төднө гэдгийг мэдэхгүй шүү дээ” гэж Баянаа аварга ярьдагсан. Тэд бол үнэндээ ширүүхэн хөдлөхөд салхинд нь хүн найгахаар тийм л багтаж ядсан хүчтэнүүд байсан.

Тэгтэл манай залуу аваргууд төрийн наадамд түрүүлснийхээ дараа жилээс гурав даваад тахимаа өгөхийг харах ямар ичгүүртэй гээч. С.Мөнхбат 2011 онд түрүүлээд дараа жил нь дөрвийн даваанд улсын цолгүй бөхөд тахимаа өгсөн бол Сэлэнгийн Эрхэмбаяр аварга цол хүртсэнээсээ хойш улсын наадамд одоогоор тав давж шөвгөрөөгүй байна. Юун дахиад үзүүр түрүү, амныхаа хүүхдийг барахгүй байна. Ийм аваргууд гэж байдаг ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдлээ. Эрхэмбаяр өнөө жилийн наадмаар яав. Гурав даваад Дорнодын Анар гэж залууд тонгоруулан тас гэдрэгээ саваад унасныг олон түмэн харсан.

Наадмын өмнөхөн Бурхан Халдуны төрийн их тахилгад залуу аварга С.Мөнхбатыг төрийн тэргүүн авч явсан. Энэ бол Элбэгдорж Мөнхбат гэсэн хоёр хүний асуудал биш л дээ. Монголын төрт ёсны, үеийн үед бөхөө хүндэтгэж, ёс жаягаа дээдэлж, үндэснийхээ тусгаар тогтнолын дархлааг хадгалж ирсний нэгэн илэрхийлэл байлаа. Эзэн Чингисийнхээ үеэс тахиж шүтэж ирсэн хайрхны тэргүүн дээр бөхийн магнай болсон залуу хүчтэнийг гаргаж, төрт ёсны баярт оролцуулж, Монголын өв соёл, монгол эрийн сүр сүлд, хийморь лундааг төрийн тэргүүн бодсон хэрэг.

Гэтэл Мөнхбат аварга маань төрийн энэ их хүндэтгэл хайрыг үл огоорч байна уу даа гэх бодол эрхгүй төрөх боллоо. Хааныхаа онгон дагшин хайрхны тэргүүн дээр төрийн ёслолд оролцсон хүн наад зах нь “Монгол бахархлын өдөр”-өөр төрт ёсоо хүндэтгэн зодоглож, бөхчүүдээ манлайлан барилдана биз дээ. Арванхоёрдугаар сарын 29-нд Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаан болдог. Бүр тодруулбал, ногоон хаш чулуун дээр өндөр төрийн сүлдийг байрлуулсан хүндэтгэлийн цомыг түрүү бөхөд гардуулдаг. Монголын төр бөхөө дээдэлж, өв соёлын дархлаа хэмээн үзэж ирсний баталгаа бол энэ юм.

Гэвч бөхчүүд төрөө хүндлэхгүй өөрт оногдсон үүргээ ухамсарлахгүй, ажлаа хийхгүй байгаа нь харамсалтай. Б.Гончигдамба гарьдтай нэгэнтээ яриа хөөрөө болж суухад “Намайг дараалсан олон барилдаанд тогтмол дээгүүр барилдлаа гээд хүмүүс магтаад байх юм. Энэ чинь тэгж гайхаад магтан мандуулаад байх юм биш. Би зүгээр ажлаа л хийж байна” хэмээн хэлж байсан. Тэгвэл идэр залуу аваргуудаас болоод бусад бөхчүүдээс ажлаа тогтмол, үнэнч шударга хийхийг ард түмэн шаардах эрхтэй. Ялангуяа төрийнхөө наадамд үнэнч шударга ажиллахыг төртэй, түмэнтэйгээ шаардах учиртай. Наадмаас хойших бүх барилдаанд Бүрэнтөгс арсланг нэг ч алгасалгүй барилдлаа гээд бөхийн тайлбарлагчид амаа олохгүй магтаад байгаа. Тэр хүн зүгээр л ажлаа хийж байна. Бүрэнтөгс арсланд ард түмэн үнэхээр хайртай байх шиг. Тэрээр Баянаа аваргын нэрэмжит наадамд түрүүлсэн бөхийн бай болох таван сая төгрөгөө хандивын аянд өргөсөн. Урьд өмнө нь бөх тэх гэх нөхдөөс ийм өгөөмөр сэтгэл гарч байсныг мэдэхгүй юм. “Тэд бол бусдаас юм авахын донд автаж, авлига хээл хахууль, атаа хорслын талбар болсон нөхөд” гэх таагүй хандлага олны дунд байдаг. Үүнийг залуу арслан өөрчилсөн нь шинэ зүйлийн эхлэл болсон. Төрт ёс, түмэн олноо хүндэтгэн барилдаж ирээдүйнхээ их түүхийг бичихийн төлөө Бүрэнтөгс зүтгэж байна.

Ирэх он жилүүдийн наадмыг харахад, Бүрэнтөгс онцгойрох юм шиг итгэл бөх сонирхогч олонд төрж эхэлсэн нь нууц биш. Зүгээр л мөрөөрөө ажлаа хийж, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж буй хүнд амжилт ялалт өөрөө ирдэг нь хууль юм.

Төрт ёсны энэ баяруудад улсын цолтнууд эзгүй байхыг хараад арай өнөө “алтан гулдмай”-даа явчихаагүй байгаа даа гэх бодол зурсхийсэн. Өнгөрөгч жил яалаа. Шинэ Үндсэн хуулийн ойгоор Рагчаа гарьдаас өөр улсын цолтон бараг зодоглоогүй. Гэтэл яг тэр үеэр урд хөрш маань жаран саяын үнэтэй алтан гулдмайгаар манай бөхчүүдийг даллачихсан байгаа юм. Яагаав, Санжаадамба заан амандаа алтан гулдмай зууж ирээгүй бил үү. Зэвүү хүрмээр өөр нэг зүйл бол Үндсэн хуулийнхаа ойд зодоглоогүй нөхөд хэдхэн хоногийн зайтай болсон “Жем интернэшнл” компанийн өндөр бооцоотой барилдаанд бүгд зодоглож, төр, ард түмнээ доромжилсон. Түрүү бөх таван саяын бай мөрийтэй гэж сонсоод л юун шинэ Үндсэн хууль, ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол болоод явчихна биз дээ. Монгол бөхийн залгамж халаа ийнхүү хэдэн халтар төгрөгт сэтгэл урваж, үндэснийхээ өв соёлын дархлааг үнэгүйдүүлж эхэлсэн нь харамсмаар.

Төрөө үл тоож, төр, ард түмний хайр хүндэтгэлийг хувийнхаа эрх ашгаас доогуур үзэх болсон тэднийг өргөмжлөөд, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, үндэсний их баяр наадмын хүндэт индэрт цол тэмдгийг нь ёс төртэй гардуулах хэрэг байна уу. Харин ч эсрэгээрээ олон түмнээ хүндэтгэн барилдахгүй байгаа нөхдийн амжилтыг бууруулдаг, сануулга өгч шахаж шаарддаг хууль дүрэмтэй болох хэрэгтэй. Япон улсын хувьд үндэсний спорт нь болох сумо бөхийн цол, зэрэг дэвийн уламжлал нь манайх шиг байсан. Ёкозуна цолонд хүрсэн л бол насан үүрд тэр цолтойгоо үлддэг байж. Гэтэл энэ байдал нь яг манай өнөөдрийнх шиг байдалд хүргэсэн учраас XX зууны эхээр сумо бөхийн холбооноос эрс реформ хийж амжилт нь ахиагүй, ёс суртахууны алдаа гаргасан … гэхчилэн олон үзүүлэлтээр цолыг нь бууруулах, хураах, сумогоос хөөх зэрэг хатуу дэг журам тогтоосноор өнөөдөр сумо бөх олимпийн төрөлд оруулах хэмжээнд яригдах хүртлээ хөгжиж байна.

Монголын үндэсний бөхийн бодит үнэн иймдээ хүрсэн учир монгол төрийн тэргүүн хүндэтгэлтэйгээр цолыг нь өгдөг бус салбар холбоо болох Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийнхээ цол, чимгийг өгч, статусыг нь бууруулах нь зүйд нийцнэ. Монголчуудын бөх шүтсэн галзуурсан сэтгэлгээ улс орныг доройтуулахаас цэцэглэн хөгжүүлэхгүй л болов уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өвлийн хүйтэнд тэсэрч дэлбэрэх, өрөөлийг гэрэлтүүлж шатах хоёр тэс өөр ойлголт

Гэнэтхэн л шатаж дэлбэрэх, шатсан нэгнээ сэтгүүлчид хамгаалсангүй гэх яриа дэгдэх болсон. Цахим ертөнцийг анзаараад байхад монголчууд бид туйлшрахын дээдийг үзүүлдэг гол дүрийн баатар болсоор удав бололтой. Энэтхэгийн эртний их сэтгэгч Нагаржунай “Зарим хэрэгт гал мэт дүрэлзвээс зохих” хэмээн “Рашааны дусал” сударт өгүүлсэн байдаг ч басхүү “Зарим хэрэгт уул мэт бат сууваас зохих” гэж сургасан байдаг. Үндэстнийхээ сайн сайхны төлөө тэмцэж, олон жил шорон гянданд хоригдсон Туркийн их яруу найрагч Назым Хикмет

“Хэрвээ би шатахгүй юм бол

Хэрвээ чи шатахгүй юм бол

Хэрвээ бид шатахгүй юм бол

Хэн энэ түнэр харанхуйг гийгүүлэх юм бэ” гэсэн асуултыг зөвхөн өөрийн ард түмэндээ ч биш хүн төрөлхтнөөс асуусан байдаг.

Уг шүлэг түрэг хэлэндээ “Хэрхэн энэ түнэр харанхуйг гэрэлтүүлэх юм бэ” гэж байдаг гэж Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт яруу найрагч, дуун хөрвүүлэгч Д.Мөнхтөр өгүүлсэн нь утга учиртай л үг шиг санагддаг. Нийгмийн түнэр харанхуйг гийгүүлэхийн тулд хэн нэгэн шатах биш, хэрхэн яаж шатах тухай л яруухан өгүүлсэн хэрэг. Тэрнээс ямар нэг зүйл болохгүй байна гээд гудамжинд ч юм уу, олон нийтийн газар гал өрдөөд, галд өртөөд байвал гуравхан сая хүнтэй бидэнд ч хохиролтой, бас нийгэмд ч хор хөнөөлтэй. Ийм л анархи үзлээс улбаалж фашизм, нацизм толгойгоо өндийлгөх аюултай биш гэж үү. Төр засаг ч, түмэн олон ч нийгмийн аль түвшинд юу болж бүтэхгүй байгааг ухаарч засаж явбал “Хүнлэг ардчилсан” гэгдэх нийгмийн мөн чанарт тэнцэх мэт санагдана. Цөөхөн хүн амтай Монгол Улсад маань нэг хүний амь ч нэг гэхгүй нэмэртэй л юм сан даа. Хүнлэг байхын тулд хэн нэгнээ хайрлах сэтгэл, амьтнаас ялгарахын тулд оюундаа гэрэл гэгээ тусгаж дэлхийн болоод Монголын сонгодгуудаа жаахан уншмаар л байх юм даа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 14 хэм хүйтэн

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хууль” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Хүйтнээс дайжсан цагаан зээр нийслэлийн хаяанд хэдэн мянгаараа бэлчээрлэж байна. Хотоос ердөө 30-хан км-ийн цаана Хүй долоон худагын Цагаан хөтөлд сүрэглэн явах аж. Тус газар дээр манай сурвалжлах баг ажилласан юм. Түүнчлэн цагаан зээр ийн олноороо хот суурин ихтэй төв аймаг руу ихээр ирсэн үйл явдлын эргэн тойрондох сонин хачныг сонирхоорой. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Түүнтэй хийсэн ярилцлага нэг болон улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт нийтлэгдсэн байна. Мөн тавдугаар нүүрт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй хийсэн “Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг бодоод “Өдрийн сонин”-той дахиж битгий марга” хэмээх ярилцлага гарлаа. Тус ярилцлагаар Ц.Оюунгэрэл “Өдрийн сонин”-той заргалдаж буй Х.Баттулгын байдлыг шүүмжилжээ. Эрүүгийн хуулиар ийм асуудлыг шийдэх байдлыг буруушаав. Нэхэмжлэх шүүхдэх дээрээ тулбал Х.Баттулга яг ингэж нэр төрийг минь гутаагаад ийм бизнес минь нурж нэг тэрбум төгрөг алдсан. Харин “Өдрийн сонин” тухайн өдөр тэр нийтлэлийг тавьсанаараа хэдэн төгрөг олсон гэдгээ гаргаж мэтгэлцээний журмаар явж асуудлаа шийдэх ёстойг ч зөвлөсөн байна. Мөн өчигдөр болсон УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болон цаг үеийн мэдээллүүдийг багтаасан болно.

Энэ өдрийн дугаарт нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хууль” хэмээх шинэхэн нийтлэл хэвлэгдээд байна. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхээр ажилладаг гаальчид хуурамч бичиг баримт бүрдүүлж, үүнийхээ шанд өөртөө чамгүй орлого олчихдог хэрэг гарсан. Тодруулбал, Замын-Үүдийн гаалийн байцаагчдыг хагас өдөр ажиглахад л арав гаруй машины хуурамч баримт бүрдүүлдэг тухай мэдээллийг баримт, үзэл бодлын долдугаар нүүрт дэлгэлээ.

Энэ өдрийн дугаарт мөн хэд хэдэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн юм. Тухайлбал, Буриадын дуучин Чингис Раднаев, топ модель Х.Уянга нартай хийсэн сонирхолтой ярилцлагуудыг уншаарай. Энэ мэтчилэн гадаад мэдээ, цаг үеийн бусад асуудлуудыг багтаасан дугаар хэвлэгдэн гараад байна.

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Хүйтнээс дайжсан цагаан зээр нийслэлийн хаяанд хэдэн мянгаараа бэлчээрлэж байна. Хотоос ердөө 30-хан км-ийн цаана Хүй долоон худагын Цагаан хөтөлд сүрэглэн явах аж. Тус газар дээр манай сурвалжлах баг ажилласан юм. Түүнчлэн цагаан зээр ийн олноороо хот суурин ихтэй төв аймаг руу ихээр ирсэн үйл явдлын эргэн тойрондох сонин хачныг сонирхоорой. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Түүнтэй хийсэн ярилцлага нэг болон улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт нийтлэгдсэн байна. Мөн тавдугаар нүүрт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй хийсэн “Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг бодоод “Өдрийн сонин”-той дахиж битгий марга” хэмээх ярилцлага гарлаа. Тус ярилцлагаар Ц.Оюунгэрэл “Өдрийн сонин”-той заргалдаж буй Х.Баттулгын байдлыг шүүмжилжээ. Эрүүгийн хуулиар ийм асуудлыг шийдэх байдлыг буруушаав. Нэхэмжлэх шүүхдэх дээрээ тулбал Х.Баттулга яг ингэж нэр төрийг минь гутаагаад ийм бизнес минь нурж нэг тэрбум төгрөг алдсан. Харин “Өдрийн сонин” тухайн өдөр тэр нийтлэлийг тавьсанаараа хэдэн төгрөг олсон гэдгээ гаргаж мэтгэлцээний журмаар явж асуудлаа шийдэх ёстойг ч зөвлөсөн байна. Мөн өчигдөр болсон УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болон цаг үеийн мэдээллүүдийг багтаасан болно.
Энэ өдрийн дугаарт нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хууль” хэмээх шинэхэн нийтлэл хэвлэгдээд байна. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхээр ажилладаг гаальчид хуурамч бичиг баримт бүрдүүлж, үүнийхээ шанд өөртөө чамгүй орлого олчихдог хэрэг гарсан. Тодруулбал, Замын-Үүдийн гаалийн байцаагчдыг хагас өдөр ажиглахад л арав гаруй машины хуурамч баримт бүрдүүлдэг тухай мэдээллийг баримт, үзэл бодлын долдугаар нүүрт дэлгэлээ.
Энэ өдрийн дугаарт мөн хэд хэдэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн юм. Тухайлбал, Буриадын дуучин Чингис Раднаев, топ модель Х.Уянга нартай хийсэн сонирхолтой ярилцлагуудыг уншаарай. Энэ мэтчилэн гадаад мэдээ, цаг үеийн бусад асуудлуудыг багтаасан дугаар хэвлэгдэн гараад байна.
“Өдрийн сонин” өглөө бүхэн тантай хамт

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Өдрийн сонин”-той дахиж битгий марга гэв

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн ярилцлага нийтлэгдсэн байна. Тэрээр “Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг бодоод “Өдрийн сонин”-той дахиж битгий марга” хэмээсэн аж. УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан өчигдөр болж Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хурлын үеэр Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Өдрийн сонин”-ыг нэр төрд нь халдсан хэмээн үзэж нэг тэрбум төгрөг нэхэмжилснийг шүүмжилсэн. Энэхүү хурлын дараа Ц.Оюунгэрэл “Өдрийн сонин”-той заргалдаж буй Х.Баттулгын байдлыг шүүмжилсэн ярилцлага өгсөн байна. Тэрээр Эрүүгийн хуулиар том дарга нар асуудлыг шийддэг байдлыг буруушаав. Нэхэмжлэх шүүхдэх дээрээ тулбал Х.Баттулга яг ингэж нэр төрийг минь гутаагаад ийм бизнес минь нурж нэг тэрбум төгрөг алдсан. Харин “Өдрийн сонин” тухай өдөр тэр нийтлэлийг тавьснаараа хэдэн төгрөг олсон гэдгээ гаргаж мэтгэлцээний журмаар явж асуудлаа шийдэх ёстойг ч зөвлөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэдэн мянгаар тоологдох цагаан зээр нийслэлийн хаяанд бэлчээрлэж буйг сурвалжиллаа

Хүйтнээс дайжсан цагаан зээр нийслэлийн хаяанд хэдэн мянгаараа бэлчээрлэж байна. Хотоос ердөө 30-хан км-ийн цаана Хүй долоон худагын Цагаан хөтөлд сүрэглэн явах аж. Тус газар дээр “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг ажиллажээ. Түүнчлэн цагаан зээр ийн олноороо хот суурин ихтэй төв аймаг руу ихээр ирсэн үйл явдлын эргэн тойрондох сонин хачныг сурвалжилсан байна. Сүрэглэн амьдардаг энэхүү зэрлэг салаа туурайтан гол төлөв Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудаар нутагладаг. Тун цөөн тохиолдолд төвийн аймгуудад ирдэг билээ. Гэтэл өнөөдөр Төв аймгийн Баянхангай, Аргалант, Угтаалцайдам, Цээл, Баянчандмань, Баянцогт, Лүн, Жаргалант зэрэг сумдаар тархаад байна. Энэ амьтан юуны учир хүн хар ихтэй нийслэлийн орчмоор ирсэн болон нүүдлийнх нь зам зуурт буй малчид, иргэд хэрхэн хүлээж авч буйг сонирхоорой.