Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тангадын Галсан: Хардах бол ижил ханиа эмээлтэй морь, эмжээртэй дээл шиг өмчирхөх дон, аминч үзэл, арчаагүй тэнэглэл

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсантай уулзаж хөөрөлдлөө.

-Тантай хөөрөлдье гээд утас цохьтол хилээр явсан гэж байсан. Эх орныхоо альхан зүгийг тойроод ирэв дээ?

-Энэ жил би арван гурав дахь аймгаараа яваад ирлээ. Орвог гашууны Бор толгойн хойд талаас Хатан суудлын зүүн урд тал хүртэлх хилийн ангиудаар явлаа. Зорилго юу вэ гэвэл эх орныхоо хилийг нүдний цөцгий мэт хамгаалж байгаа хилчин дайчдын маань байгууллагын 82, эх хэлээ хамгаалдаг уран үгийн дархцуулын ганц хэвлэл “Утга зохиол” сонины жаран жилийн ой энэ намар таширчээ. Эх орныхоо хилийг хамгаалахад орчин үеийн байлдааны зэвсэг, сансрын холбоо бүрдсэн боловч бас хүнлэг сэтгэл, эх оронч үзлээр хилчин дайчдаа зэвсэглэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Шарын Лхачинжав нар яриад “Утга зохиол” сонины эрхлэгч, яруу найрагч Ж.Баяржаргал, арван наймхан насандаа цэрэг болж “Цэцэг нуурын хөвөөнөөс

Цэргийн албанд мордов оо” дууг зохиосон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар тэргүүтэн өмнийн цэнхэр говиороо аялаад ирлээ. Улсын нууцын зэрэглэлд анги, заставууд ордог болохоор арваад газраар орлоо.

-Намар ч ёстой нэг налайж байгаа биз?

-Өмнөговьд энэ жил дахиад зун болж байна. Би өдий наслахдаа говь нутагт есдүгээр сарын хуучдаар үер болж буухыг үзээгүй. Жаран долоон оны үерийг манай Явуухулан “Хорхойтсон баавгай шиг” гэж бичсэн. Тийм үер бидний унааны урдуур өнгөрлөө. Хүн ард нь эвтэй байвал луут тэнгэр хураа хайрлаж, луст газар дахин зуншиж цэцэглэхийг нүдээрээ үзлээ дээ.

Таана арван хуруу хэртэй сугсраа, хөмүүл мэтийн говийн цэцэгсийн анхил цээж уужлаад хачин сайхан байх юм. Дундговь руу ороод ирэхэд намраараа. Өвснийх нь бүрсрүү шарласан уу гэхээс өвснийх нь сөл доошоогоо исгэсэн айраг шиг л сайхан байна. Говь нутгийнхны хувьд мал тарган, магнай нь тэнэгэр байвч өвөл болдог шүү гэдгийг санаад үйлс ажлаа цалгардуулахгүй байгаа нь сайхан л харагдлаа.

-Та “Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу” гэж ёжтой “Болор цом” авахдаа их асуусан найрагч. Өөрөө ингэхэд цэргийн алба хаасан уу?

-Далын даваа өөд мацаж яваа Хүрэлбаатар найрагч, дөчин нас дөнгөж гарч яваа Буянзаяа, Баяржаргал нар чинь бүгд цэргийн алба хаачихсан эрийн эр байдаг юм байна. Тэр дунд цэргийн алба хаагаагүй гав ганцхан нөхөр би байдаг юм байна. Бидний үед дээд мэргэжилтэн ховорхон. Гадаадын ч бай, өөрийнхөө ч бай дээд мэргэжилтнийг дээдлээд, цэрэгт явуулдаггүй тийм үе байсан л даа. Дараа нь намайг хэрвээ цэрэгт явуулчихвал эсэргүүн очоод армийг эргүүлчихнэ гээд явуулаагүй. Зайлуул даа хөөрхий, өөрийнх нь төрсөн хүү эх орныхоо эсрэг элдэв бурчиг хийхгүй шүү дээ. Гэвч, би эх орныхоо хилийг шүлэг найргаараа хамгаалж явсан юм байна. Тэрнийг өөрөө мэдсэнгүй. Хилийн цэргийнхэн өөрсдөө надад унших юм. “Цэрэг татлагын үеэр таны шүлгүүдийг л бид уриа болгон намируулна шүү дээ. Жишээ болгоход цэрэгт явахгүй байгаа залуусын тухай

“Яншаа эмээ шиг гачигдал тоочиж шившгээ дэлгээд

Ялааны хор ууж эмнэлэгт хэвтэж, ходоодоо угаалгаад

Яаж ийгээд цэрэгт явдаггүй хөвгүүн охидын нүдэнд

Ямааны гурвын шулдан хаа шиг харагдана аа” гэхэд л нэг нэгнээсээ ичиж нэрэлхээд бүртгүүлж эхэлдэг юм даа гэж байна. Цэргийн алба хаагаад ирсэн хүү ямар сайхан эрийн эр, дарцаг биш туг болоод очдог тухай

“Саяхан цэргээс халагдсан ханхар эр

Саахалтын тэртээгүүр исгэрэн жавхалзан өнгөрөхөд

Сайхан хүүхнүүдийн бүсний үзүүр алдуурна

Санаа алдахад нь энгэрийн товч нь мулт мулт үсэрнэ ээ” гэж та бичсэн шүү” гээд урдаас унших юм. Миний энэ “Жирмийн сүлжээ”-нүүд цэрэг татлагад маш их нөлөө болдог гэнэ л дээ.

-Хэдийгээр та цэрэгт яваагүй ч эх орон, иргэний уянгын олон сайхан найргаараа аргагүй л хилээ манаж, хиргүй тунгалаг сэтгэлээр эх орноо хамгаалжээ…

-Цэргийн их жанжин Ёндон генерал “Болор цом”-ыг үзэж, өөрөө заавал тэр тэмцээнийг “шүүж” оноо таарах нь уу, үгүй юу гэж хардаг Гаваа генерал нар

“Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу

Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу

Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу

Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу” хэмээх шүлгийг дандаа бидэнд уншиж яруу найргаар “зэвсэглэдэг” байсан. Бид ч гэсэн тэгж зэвсэглэх ёстой. Тэгтэл та нарын яруу найргийн эх орон, хилийн тухай бүтээлүүд бидэнд яагаад ирэхгүй байна вэ. Яруу найрагч Данзангийн Нямаагийн гаргадаг “Улирал ба зохиолч” сэтгүүлийн зохиолч Санжийн Пүрэвийн тууж, таны “Хилийн овооны нууц” гэдэг найраглал оны шилдэг бичлэгийн шагнал хүртсэн гэж сонссон. Тэр найраглал яагаад бидэнд олдохгүй байна. Баяржаргал гуай тэр найраглалыг сониндоо хэвлээд өгөөч гэх мэтээр цэрэг дайчид, гэрээт хил хамгаалагчид хүсэж байна. Уулзалт хийхэд барилгын цэргүүд суугаагаараа сайхан унтаад өгдөг юм ш дээ. Яаж тэгж суугаагаараа сайхан унтаж чаддаг юм. Тэгэхэд хилийн цэргүүд манай нөхдийг шүлэг унших тусам сандал чихар чихар дуугараад урагшаа дөхөж суугаад, чихээрээ биш нүдээрээ сонсож байгаа нь ил харагдаад, нүдэнд нь амьдралын хэтийн ирээдүй, амраг бүсгүй нь, иргэнийхээ үүргийг биелүүлсэн шиг биелүүлээд эр хүн болоод нутагтаа очихын итгэл нь харагдаж байх их сайхан байлаа даа.

-Та “Монгол кино” үйлдвэрт олон жил ажиллахдаа “Аргаль”, “Янгир” зэрэг олон баримтат бүтээл хийж эх орноо дугуйлсан нь тодорхой. Энэ жил таны ажиллаж байсан энэ том байгууллагын тэгш ой тохиож байгаа байх шүү?

-“Монгол кино” үйлдвэр гэсэн тэр том байгууллагын урлагийн аваргуудын дунд монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй мань мэтийн хүн яваад очиход далай даян дархан аваргуудын аманд нэгдүгээр ангийн хүүхэд гараад очиж байгаа юм шиг л байсан даа. Аугаа их Дооров (ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров. сурв) гэхэд Горькийн утга зохиолын дээд сургууль төгсчихсөн, үгүй ядахнаа дүр хөргийг нь харъя гэхэд духандаа дааганы туурайн тамгатай. Монголын тухай анхны найраглалыг говийн гурван аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч байхдаа бичсэн хүн дээ.

“Монгол, бичихэд хэдий богино ч

Мориор туулаад баршгүй уудам дэлгэр орон оо

Монгол, дуудахад хичнээн авсаархан ч

Мохож, мөхөж үзээгүй яруу алдарт түмэн ээ” ч билүү, монгол үндэстний ухамсрыг сэргээсэн олон сайхан бүтээл туурвисан гайхамшигтай зохиолч шүү дээ. Дооровын маань “Эх бүрдийн домог” чинь ерөөсөө хилийн тухай, эх орны алга дарам газрын төлөө харийнхны шүлс яаж савирч байдаг тухай кино байж шүү дээ. Сангал гэдэг жирийн өвгөн, Найгал хэмээх эмгэн, түүний Нарангаравуу эх нутгаа хамгаалахын тулд амь насаа, алаг үрээ зориулж байж энэ нутгийн алга дарам газар үлдсэн юм шүү гэдгийг үзүүлсэн кино байх жишээтэй.

-Монгол айл бүхэн л хилчин, эх оронч байжээ?

-Монгол бол Хүн овогтны өвөг үндэстний нэг. Гэр-улс нь хүчирхэг үедээ төр-улс нь хүчирхэг байсан. Одоо манайд гэр-улс нь буурсан, буруудсанаас болоод төр-улс нь түйвэргээнтэй байна.

-Та яагаад ийм муу өнгөтэй үг хэлнэ вэ?

-Нууж болохгүй муу ёрт таван гэр бүл байна. Тэднийг бат бэх гэр-улс гэхэд хэцүү.

-Та “Төр улсын дотор гэр улс бат оршихуйн нууц” гэж сэнхрүүлэг исээний номдоо энэ тухай нэлээд тодорхой дурдсан байх аа?

-Нэгдүгээрт, Үнсэх хөөрхөн үртэй, өвлөх их бага хөрөнгө нэгтэй атлаа Монгол төрөөрөө баталгаажуулдаггүй, түмний урд хуримладаггүй, өөрөөр хэлбэл гэрлэлтийн баталгаагүй хэврэг гэр бүл. Хоёрт, зуны гурван сар хамт зугаалдаг (намар салдаг) өвөл болохоор бөөрөө бүлээтгэхийн тулд нэг хөнжилд хамт өвөлжөөд, хавар болохоор хар цагаан дуугүй салан одогсод буюу америк маягийн хамтран амьдрагсад. Дараагийнх нь гадаад ханьтай. Хоёрдмол иргэншилтэй, эрлийз хэл бүхий хүүхэдтэй, эх орон тодорхойгүй, эвлэх эвдрэх нь цөөнгүй, хэтийн ирээдүй нь хэврэг гэр бүл. Мөн аль нэг улс гүрэнд ажиллаж байгаа, ар гэрийнхнээ алсаас тэжээж байгаа, гэвч илгээдэг мөнгө нь ихэсч бус багасч байгаа, энд байгаа нь ч, тэнд очсон нь ч “илүүдэл орон тоотой” болж буй тэнэмэл гэр бүл. Тэр хэрээрээ хэврэг гэр бүл. Эцэст нь өр өвдөм, өрөөсөн багана шиг ганцаардмал өрхийг толгойлсон эмэгтэйчүүдийн гэр бүл гэж ийм таван янзын гэр бүл байна.

-“Гэр-улс” гэж та яг юуг хэлээд байна вэ. Ийм үг монгол хэлний үгсийн санд байдаг гэж үү?

-Гэр, улс гэдэг хоёр үгээс бүтсэн юм. Гэр гэдэг нь,

Гэрэл урьсан тоонотой

Гийчин урьсан үүдтэй

Гиймэл нандин өргөө шүү дээ.

Улс гэдэг нь нэгдмэл эрх ашигтай, нэг хэл бичигтэй, ёс заншил хэмээх аман хуультай, эртний түүх нэгтэй, ирээдүйн хувь заяа нэгтэй ард түмэн шүү дээ. Энэ хоёр үг хоршиход л гэр-улс гэдэг шив шинэ сайхан үг үүсч байгаа юм. Шинэ үг бүхэн шинэ ухагдахуун илэрхийлдэг. Төр улс бий болохоос хэдэн мянган жилийн урьд гэр-улс бий болсон түүхтэй. Монголчууд “Одны гэр”-ийн онолоор гэр-улсаа байгуулсан. Түүнийхээ ачаар цөөхөн атлаа олноос хүчирхэг улс байв. Өөрөөр хэлбэл гэр-улсын хүчирхэгжил нь төр улсын хүчирхэгжлийн үндэс байжээ.

-Танайх гэхэд ямар гэр улс вэ?

-Дээр дурдсан таван муу ёртой гэр бүлээс онхи өөр. Үр ачдаа үлгэр дуурайлтай таван буман (таван зуун мянган) гэр улс Монголд бий. Тэдний л нэг нь манайх. Би бол Галсан. Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сангийн сайд, миний хань бол Галсан хэмээх гэр-улсын эрүүл мэндийн, гэгээрлийн, хөнгөн хүнсний, хүн ам зүйн бодлогын сайд бас төв банкны захирал. Хэдэн хүүхэд маань эрүүл өссөн. Энэ бол эрүүл мэндийн сайдын ач. Нэг нь ч дунд сургуульд дунд, муу сураагүй. Тэр бол гэгээрлийн сайдын тайлан. Ганц Галсанг дөрвөн хүү, нэг охинтой болгож, манай удмыг өнөржүүлсэн. Энэ бол хүн ам зүйн бодлогын сайдын том гавьяа.

-За тэгвэл гэр-улсын ерөнхийлөгч та ямар үүрэгтэй хүн билээ?

-Манайх гэдэг гэр-улс хэзээ ч хиртэй, өртэй, хилэнцтэй байгаагүй. Хиргүй гэдэг эрүүл, өргүй гэдэг баян, хилэнцгүй гэдэг буянтай гэсэн үг. Гэр-улсын тэргүүн байх сайхан. Гэвч гэр-улсынхаа тусгаар тогтнол, эв эе, тэгш эрх, амь зуулга, хувь заяаг данайтал дааж явна гэдэг өндөр үүрэг, хатуу хариуцлага. Ер нь айл өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь Гэр-улсын тэргүүнээс ихээхэн шалтгаална.

“Удмаа доортговоос

Уул нурахын дайтай.

Ханиа гомдоовоос

Хайрхан нурахын гайтай” гэж би боддог. Миний хань Найгалмаа “Нэрээ хөдөс болгуузай. Гэрээ гахайн үүр болгуузай” гэх сургаалаар одоо ч үр ачаа хүмүүжүүлсээр байгаа өндөр эх хүн.

-Монгол Улс төсөвтэй байдаг шиг гэр-улсад ч төсөв байх нь ойлгомжтой?

-Байлгүй яахав. Тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбосон өдрөөсөө гэр-улс төсөв зохиож сурдаг. Төсвийг хамтран батална. Гэр бүлийн төсөв нь орлого, зарлага, хуримтлал гэсэн үндсэн гуравхан хэсэгтэй. Орлого бол цалин, туслах аж ахуйн унац, хадгаламжийн хүү зэргээс бүрдэнэ. Тогтмол орлогынхоо хорин таван хувийг хадгаламжинд хийдэг айл хэзээ ч гачигдахын зовлонд тарчлахгүй. Ингэж чадсан айл дөчин наснаасаа эхлээд

“Яана аа гэхийн гачигдал зовлонгүй

Явган гэлдрэхийн ядаргаат сажлалгүй

Үүц хийх амбан шартай

Ууц тавих халзан ирэгтэй” болно шүү дээ.

-Орлогоос гадна бас зарлага гэж нэг сүрхий гайтай юм байдаг биз дээ?

-Гайтай биш ээ, жамтай юм. Таван шанага цай хийдэг домбонд тавин мянган шанага сүү хийж болно. Тэгэхийн тулд арван мянган удаа суллах хэрэгтэй. Суллах тутамдаа дүүргэх ёстой. Яг түүн шиг зөв гарсан гарлага эргээд олон дахин арвижсан орлого болдог. Зарлагыг орлого болгоход ухаан хэрэгтэй.

-Зарлагыг яаж орлого болгох вэ?

-Гэр-улсын сарын зарлага орлогоосоо хэзээ ч давж гарах ёсгүй. Хэрвээ ахиу зарлага гарч гэмээнэ орлогын ондоо эх үүсвэрээр дутсаныг нөхөж, дундуурыг дүүргэх ёстой. Жишээ нь, цагаан сараар малчин хүн хоёр ирэг зарлаа гэхэд оронд нь гурав дөрвөн охин төлөг авах жишээтэй. Тэр нь хойтон хавар төллөхдөө зургаагаас найман хонь болно. Хот суурингийнхан бол хос зурагтынхаа нэгийг зарж болно. Илүү өрөөгөө, эзгүй зусдаг зуслангаа түрээслүүлж болно. Итгэлтэй хүнд мөнгө хүүтэй зээлүүлэх ч унацтай. Олон хэл мэддэг бол орчуулга хий. Арван насны хулгайч архи, таван насны хулгайч тамхи авахаа боль. Орой үдэш зорчигч зөөвөрлө. Хэтэрсэн зарлагыг дор нь нөхөөд багагүй орлого олох энэ мэтийн боломж айл бүрт зөндөө бий. Эрдэм, ажил хоёр эргээд буян арвижуулдаг жамтай. Арга барагдсан үеийн нэг аврал бол зохист зээл. Богино хугацаатай, их хүүтэй зээл бүү ав. Тэр бол түймэртэй адил. Харин урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хурдан эргэлдүүл. Нэг мэгж аваад олон тооройтой болох шиг мөнгө чинь үржинэ. Чи зээлийн өрөөс гарах төдийгүй, зээлдүүлэх мөнгөтэй болно. Ер нь гачигдаж өрийн нээнтэгт орох тусмаа хүн гайхалтай сэтгэж, гавшгайлан зүтгэж, олзны орд нээдэг. Лоохууз 17 төгрөгийн цалинтай үедээ, би 70 төгрөгийн цалинтай болуутаа л тосон чөмөгтэй амьдрахын ухааныг олсон. Тийнхүү гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээсэн гэр-улсад эрүүл энхийн цагаан буян, эд хөрөнгийн арвис буян, инээд баяслын далай буян, эрдэм ухааны гэгээн буян өдрөөс өдөрт чуулаад эхэлдэг дээ хө.

-Гэр-улсыг байгуулахын тулд ирээдүйн хань буюу таны хэлдгээр “Хос багана”-ын нэгээ хэрхэн шинжиж олох вэ?

-Танилцсан залуу хос төдийгүй, аав ээж нь энэ шинжээнд хамтран орох үүрэгтэй. Яагаад гэвэл гэр-улсыг байгуулах нь хүүхэд чулуугаар гэр барьж тоглохтой адилгүй. Манай монголчууд удмаар нь, үг яриагаар нь, эрдэм авьяасаар нь эзэмшсэн ажил мэргэжил, зан аашаар нь заяа төөргөөр нь, тэр ч байтугай унаж яваа мориор нь, одоо цагт унаж буй тэргээр нь залуусыг шинждэг уламжлалтай. Тэр дунд хамгаас эрхэм нь удам. “Сүх авахдаа онгийг нь хар. Хүн авахдаа удмыг нь хар” гэдэг мундаг сургаал шүү.

-Гэр-улсыг өөд татдаг гэгээн буянд юу юу багтдаг вэ?

-Гэр-улс бат байхын гам хошлон нь нэг сэтгэл, нэг итгэл үнэмшил. Эрийн ясан чөмөг сунаж, эмийн цусан цэнэг ханасан үедээ нийлсэн гэр нэг, ор нэг, дэр нэг, амь зуулга нэг хосын бие нь тус тусдаа боловч итгэл үнэмшил нь нэг байдаг. Нэг нь бөө шүтдэг, нөгөө нь Есүс шүтдэг бол хэтийн заяа гэгээн болохгүй. Арвилан хэмнэлт бол эд хөрөнгөөр дутуухан ч ирээдүйд элбэг дэлбэг амь зуухын нөөц. Балгадаг айлд хэзээ ч буян чуулдаггүй. Бага багаар хэмнэдэг айлын буян дундардаггүй.

-Гэр бүлийг доройтуулдаг гэмт нүгэл юу байдаг бол?

-Аз жаргалыг хөндөгч айл гэрийг түйвээгч арваад муу ёрын нүгэл бий. Нэг дэх нь хар. Хар бол ижил ханиа эмээлтэй морь, эмжээртэй дээл шиг өмчирхөх дон, аминч үзэл, арчаагүй тэнэглэл. Хар хүүшилсэн айл цоожгүй шоронтой адил. Ханиа хардагч бол буугүй хуягтай адил. Харыг хог дээр хаяж чадсан гэр-улс жаргалтай.

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам танд их мундаг исээ захиалж дээ?

-Сайд С.Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улс хүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилготой. Энэ бол иргэн бүрийн төв үзэл зөв ухаан бодлыг Монгол төрийн үйл хэрэгт дайчлан ашиглана гэсэн үг. Манайханд ярьсан Галсан гуайн үгэн дотроос “Төр улсын доторхи гэр улс” гэдэг үг цочирдом содон дуулдсан. Тэгээд л бид захиалж, гэрээ хийж ном бичүүлсэн. Энэ ном ганц бие залууст байтугай гал голомтоо аль эрт бадраасан эхнэр, нөхрүүдэд ахин дахин уншууштай, алт мэт санаануудтай, аван шууд хэрэглэх өгөөж хишигтэй юм” гэж үнэлсэн байсан шүү.

Үргэлжлэл нь “Өдрийн сонин”-ы №239 (5191) дугаараас уншина уу.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль намуудын зөвшилцлөөс шууд шалтгаална

-УИХ-ЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ-

УИХ-ын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Өнөөдөр Улсын Их Хурлын долоо дахь удаагийн намрын ээлжит чуулган нээгдэж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсад олон чухал тэмдэглэлт үйл явдал тохиолоо. Тухайлбал, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан уламжлалт арга хэмжээнүүдээс гадна Ардын Их Хурлын дарга, орлогч дарга, Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн парламентын дарга, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хүндэтгэлийн хуралдааныг зохион байгууллаа.

Мөн Монгол Улсад анх удаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг амжилттай зохион байгуулж, тус Ассамблейн ерөнхийлөгч Илкка Канерва, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин зэрэг 47 орны 300 гаруй парламентын гишүүд, олон улсын 13 байгууллагын 19 төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн нэр хүндтэй энэхүү хурлаар “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд зэрэг олон чухал асуудлаар өргөн хэлэлцүүлэг явууллаа.

Миний бие Нью-Йорк хотод болсон Олон улсын Парламентын холбооноос 5 жил тутамд зохион байгуулдаг Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож үг хэллээ. Бага хурал 2015 онд дуусч байгаа Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэх, ирэх 15 жилийн зорилтуудыг тодорхойлоход парламентын түвшинд ямар ажил хийвэл зохистой талаар хэлэлцсэн. Эцэст нь бага хуралд оролцогч 140 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” сэдвээр тунхаглал батлан гаргасан. Хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар энэхүү “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэлэлцэж баталлаа. Энэ хөтөлбөр НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтуудын шууд үргэлжлэл бөгөөд улс орнууд дээрх хөтөлбөрийг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа.

Монгол Улсын Их Хурал Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2005, 2008 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг шалгуур үзүүлэлтийн хамт баталж, өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссан. Тийм болохоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар уг хөтөлбөрийг боловсруулж, шалгуур үзүүлэлтийн хамт УИХ-д оруулж батлуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Өнгөрсөн сарын төгсгөлд миний бие ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж, парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг, боловсрол, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзах үеэр миний бие уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай хийх Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, “Талын зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2009 онд хоёр орны Ерөнхийлөгчийн тохиролцоонд хүрсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эд хөрөнгийн асуудлыг богино хугацааны дотор шийдвэрлэх, ОХУ руу хийх уламжлалт экпортыг сэргээж, Монгол Улсаас экспортлох бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөж тавилаа. ОХУ-ын тал “Эрдэнэт” үйлдвэрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монгол Улсын Их Хурал ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын тулд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулж, бодитой санаачлага гаргаж ажиллах шаардлагатай болсныг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдсэн бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн боловч дуусгаж амжилгүй намрын чуулганд шилжүүлсэн. Мөн Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсан хэдий ч зохих өөрчлөлтийг хийж чадалгүй завсарласан. Энэ асуудлыг хуулийн дагуу намрын чуулганы эхний асуудал болгон оруулж байна.

2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална. 2015 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 629,3 тэрбум төгрөгөөр тасарч байна. Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн коксжих нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болж буурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөж байгаа нь үнэн. Гэхдээ бид буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй.

Оюутолгойн орд газрыг ашиглахад оруулсан нэг удаагийн 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үр дүнд тухайн үедээ эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Үүнийг бодит өсөлт байнга байх мэтээр хүлээн авч, цаашид энэ түвшиндээ байх мэтээр төсөөлөн тооцоо судалгаагүй их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэн. Мөн хөдөө аж ахуйн болон уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх асуудлыг орхигдуулж, уул уурхай, газрын баялагт хэт шүтэж ирлээ. Бидний өмнөх үед хийсэн энэ алдаатай бодлогоос улбаалан өнөөдөр эдийн засагт бодитой хүндрэл учирч байна. Гэхдээ Улсын Их Хурал эдийн засгийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, цаг тухайд нь эрх зүйн зохицуулалт хийсний үр дүнд нааштай өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, эдийн засаг хүндрэлтэй гэж байгаа ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд айл өрхүүдийн хэрэглээ 4 хувиар өссөн байна. Энэ хугацаанд төрийн байгууллага болон Засгийн газрын хэрэглээ 4 хувиар буурчээ. Энэ бол Монголын эдийн засаг эрүүлжих тал руугаа явж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд төрийн байгууллагуудын хэрэглээ хэзээ ч буурч байгаагүй, харин ч эдийн засгаасаа хурдтай өсч ирсэн байна. Сүүлийн 12 сард инфляцийн түвшин 6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 8 сард 704,8 сая ам.долларын ашигтай гарлаа. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт биш. Нэг жилийн дотор ХАА-н салбар 9.4 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 12.1 хувиар өслөө. Статистикаар илэрхийлвэл, сүүлийн 3 жил том, жижиг 1055 үйлдвэр ашиглалтад орсоноор аж үйлдвэрийн салбарын ажиллах хүч 10 хувиар өссөн нь сүүлийн 25 жилд гарч байгаагүй тоо юм. Ганц жишээ дурдахад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ноос угаах үйлдвэр ашиглалтад орсоноор 250 хүн тогтмол ажлын байртай болж, бүтээгдэхүүнийхээ 70 хувийг экспортолж байгаа нь үүний нэг жишээ юм.

Төрийн бодлогоор импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ хамгаалж байна. “Чингис бонд”-ын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг бодитой хэрэгжүүлж, дэлхийн түүхий эдийн үнийн огцом уналтын сөрөг нөлөөг саармагжуулж чадлаа.

Цаашид Монгол Улсын үндэсний эрх ашиг, олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд харилцан ашигтай, эрх тэгш байх зарчмаар стратегийн ордуудын томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах нь чухал ач холбогдолтой юм. Үүнд Засгийн газар бодит алхам хийх шаардлагатай байна.

Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна. Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэн дээр ил тод боллоо. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгож байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн 1 удаагийн хаврын чуулган үлдэж байна. Хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхцдаг болохоор энэ намрын чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг эрхэм гишүүд Та бүхэн сайтар ойлгож байгаа.

Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан. Түүнээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай болон Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдсан байх хуультай. Миний бие Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд шалтгаална.

Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд Та бидний хариуцлага, санаачлага, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж, хурдтай ажиллах хэрэгтэй. Эрхэм гишүүд Та бүхэн зөвхөн улс орны болон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох тохиолдолд бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна.

Та бүхэнд чуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцохыг уриалж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье.

Categories
мэдээ нийгэм

Ахмадууд баяраа тэмдэглэж байна

НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхээр тунхаг бичиг гаргасан билээ. Үүний дагуу манай улс ч жил бүрийн энэ өдрийг ахмадын баяр болгон тэмдэглэдэг уламжлалт тогтсон.

“Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан энэ өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газар, Геронтлогийн үндэсний төвтэй хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор өдөрлөгийг Чингэсийн талбайд зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр “1000 настны хийн дасгалын үзүүлэх тоглолт”, 100 настнуудын иогын дасгалын тоглолт, “Улаанбаатар төмөр замын ахмадын холбоо” ТББ-ын “Сэтгэлийн эгшиг” урлагын тоглолт зэрэг урлаг соёлын үйл ажиллагаа болохоос гадна. Геронтологийн үндэсний төв, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, 103 яаралтай түргэн тусламжийн нарийн мэргэжлийн эмч нарыг баг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгуулж байна. Тус үзлэг шинжилгээнд:

• Дотор
• Зүрх судас
• Мэдрэл
• Уламжлат эмчилгээний эмчийн үзлэг
• Зүрхний бичлэг
• Ясны нягтрал тодорхойлох
• Хэвлийн чанд авиан шинжилгээ
• Бие бялдарын цогц үнэлгээ
• Захын судсанд санамсаргүй сахар тодорхойлох
• Артерийн даралт үзэх зэрэг үзлэг шинжилгээ хийнэ.

Categories
мэдээ спорт

Ташкентын Гран при өнөөдрөөс эхэлнэ

Олон улсын жүдо бөхийн холбоон /IJF/-оос зохион байгуулж буй Ташкентын Гран при тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Узбекистаны нийслэл Ташкент эхэлж буй энэхүү тэмцээнд 58 орны 382 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ хүргүүлжээ. Үүнд манай улсаас гавъяат Д.Амартүвшин тэргүүтэй арван бөх оролцох юм.

Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин, 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Довдонгийн Алтансүх, Мөнхтөрийн Ганболд нар хүч үзнэ. Харин 73 кг-ын жинд Наранхүүгийн Хадбаатар, 81 кг-ын жинд багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер барилдах юм.

Мөн +100 кг-д олон улсын хэмжээний мастер Баттулгын Тэмүүлэн, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, +78 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Одхүүгийн Жавжмаа хүч үзнэ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай Галбадрахын Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдана.

Энэ сарын 1-3-ны өдрүүдэд болох энэхүү тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч хүч үзнэ. Тэмцээнийг С-1, ЕTV HD, SPORT BOX телевизүүд эх орон даяар шууд дамжуулан хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ III амаржих газар өнөөдөр үүдээ нээнэ

Баянзүрх дүүргийн III хороонд байрлах “Амгалан” буюу гуравдугаар амаржих газар өнөөдөр шинэ байрандаа орж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай буюу 330 мянга гаруй хүн амтай тус дүүрэгт харъяалагдах гуравдугаар амаржих газар өмнө нь 45 ортой төрөх эмнэлэгт эхчүүдээ хүлээн авдаг байв. Харин энэхүү шинэ амаржих газар нь 9000 ам метр талбайд 412 өрөө, 150 ортой үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой аж. Долоон давхар өндөр төрөх эмнэлэгийг Японы засгийн газрын 1.5 сая ам долларын буцалтгүй тусламжаар орчин үеийн тоног төхөөрөмж, аппаратаар тохижуулжээ. Энд зөвхөн амаржих эмч гэлтгүй эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчнийг эмчилж оншлох аж. Хуучин төрөх эмнэлэгүүдээс ялгарах бас нэг онцлог нь төрж буй эхийг ар гэрийнхэн нь төрөх өрөөний цонхоор харж болох юм.

“Амгалан” амаржих газар шинэ байрандаа орсноор хүчин чадал нь гурав дахин нэмэдэх талаар эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд хэлжээ. Тус төрөх эмнэлэг жилдээ дүүргийнхээ 28 хорооны 6000 гаруй хүн төрж, 10 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Доллар өсөх бодит шалтгаан байхгүй учраас ногоон валютын ханш урууджээ

-Худалдаа хөгжлийн банкны гаргаж буй бондын 500 сая ам.доллармаргааш шийдэгдэнэ-

Өнгөрсөн долдугаар сараас өнөөг хүртэл ам.долларын ханш 1970-1997 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гурван сарын турш 27 төгрөгийн хооронд хэлбэлзсэн гэсэн үг. Долларын ханш хоёр мянга дөхөж, давж байсан ч сүүлийн өдрүүдэд бууж эхэллээ. Ханш яагаад уруудсан шалтгааныг учир мэдэх хүмүүс “Эдийн засагт угаасаа долларын эрэлт байгаагүй. Ам.доллар сүүлийн өдрүүдэд өндрөө авч байсан нь эдийн засаг хямарна, сүйрнэ гэсэн буруу хүлээлтэд удирдагдсанаас болсон” гэж тайлбарлаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл гадаад худалдаа ашигтай гарсан нь ам.долларын ханш өндрөө авахгүй байх суурь шалтгаан гэж эдийн засагчид онцолдог.

Гадаад худалдаа 2006 оноос хойш анх удаа тэнцвэржиж өнгөрсөн онд 538 сая ам.долларын ашигтай гарсан юм. Бид гадагш урсгадгаасаа илүү ам.доллар олсон гэсэн үг. Энэ оны эхний найман сард гэхэд л 705 сая ам.долларын ашигтай гараад байгаа. Оны эхний найман сарын гадаад худалдааны тэнцлийг 2011-2013 оны дундажтай харьцуулахад гадаад худалдааны тэнцэлд 2.8 тэрбум ам.долларын эерэг өөрчлөлт гарсан гэсэн статистик бий.

Төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах нөхцөл бүрдэж байгаа. Удаан эдэлгээтэй хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт оны эхний найман сард 27 хувиар буурчээ. Тэр дундаа авто машины импорт 31 хувиар, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилгын импорт 26 хувиар буураад байна. Гутал, хувцас цүнх гаднаас худалдаж авдаг маань мэдрэгдэхээр танагджээ. 18 хувиар буурсан гэх мэдээллийг статистикийн хорооноос өгч байна. Хэрэглээний импорт 21 хувиар буурсан мэдээ бий. Гаднаас авдаг бараа, бүтээгдэхүүнийхээ хэмжээг 30 хувиар багасгана гэдэг том таналт.

Мөн эдийн засгийн өсөлт саарсан нь долларын бодит эрэлт буурахад нөлөөлжээ. Товчхондоо бизнесийн идэвхжил буурсан учраас ам.долларын хэрэгцээ багассан гээд ойлгочихож болно. Нэг гэгээтэй мэдээ дуулгахад долларын ханш тогтворжих суурь нөхцөл бүрдэж байгаа гэдгийг шинжээчид дуу нэгтэй хэлж байна.

Сүүлийн үед доллар уруудахад нөлөөлсөн шууд бус шалтгаанууд бас бий. Богино хугацаанд доллар орж ирэх хоёр суваг байна. Эхнийх нь Худалдаа хөгжлийн банкны гаргахаар ажиллаж байгаа 500 сая ам.долларын бонд. Эх сурвалжийн мэдээлснээр бол энэ мөнгө маргааш шийдэгдэх юм билээ. Арваннэгдүгээр сард Оюу толгой төслийн шугамаар орж ирэх 350 сая ам.долларын сураг ч ханш буух бодит бус шалтгаан болж байна. Урт хугацаанд орж ирэх долларын сувгийн нэг нь мөн л Оюу толгой. Ирэх оны хавраас Оюутолгойн дараагийн санхүүжилт болох 1.1 тэрбум ам доллар орж ирнэ гэсэн эерэг хүлээлт байгаа. Дараагийн том найдлага бол Таван толгой. Таван толгойн хэлэлцээр өнөө хүртэл үргэлжилж буй. Хэлэлцээр амжилттай болж коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог энэ ордын төслийг төмөр замтай нь цогц байдлаар хэрэгжүүлэх суурийг тавиад өгчихвөл ирэх дөрвөн жилд тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоо бий.

Ам.долларын ханштай холбоотой ийм эерэг мэдээнүүдээс гадна болгоомжлохоос аргагүй бодит шалтгаанууд байгаа. Эдийн засагт цэвэр дүнгээр орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байж. Энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 44 сая ам.доллар буюу ДНБ-ий ганцхан хувьтай тэнцэх хэмжээнд болж буураад байна. Эдийн засгийг урт хугацаанд тогтвортой, эрүүлээр өсгөе гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дор хаяж ДНБ-ий 15-20 хувьтай тэнцэх хэмжээнд байлгах учиртай гэж эдийн засагчид онцолдог. Хөрөнгө оруулалтын бүтцэд анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөгөө ч сонсогддог. Дан ганц уул уурхайн хөрөнгө оруулалтад биш өөр салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн санаа. Гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр, маргаашдаа шууд ороод ирдэг зүйл биш. Хөрөнгө оруулагчдад бүрэн итгэл төртөл хугацаа хэрэгтэй гэдгийг хөрөнгө оруулалт тэг рүү уруудсан өнөөгийн нөхцөлөөс харчихаж болно. Гаднаас хөрөнгө оруулалт орж иртэл гадаад валютаа зээл, багцын хөрөнгө оруулалт зэрэг замаар шийдэхээс аргагүй гэж шинжээчид хэлж байна. Хөрөнгө оруулагчдын хүлээлт ирэх онд ч үргэлжилнэ, дэлхийн эдийн засаг таагүй хэвээр лав л нэг, хоёр жил болно гэсэн муу мэдээ сонсогдоод удаж байна. Наад захын том жишээ гэхэд л Хятадын эдийн засгийн бодит өсөлт долоон хувиас буурах нь тодорхой болчихсон.

ОХУ-ын эдийн засаг ч ялгаагүй гундуу зурагтай байна. Энэ оны хоёрдугаар улиралд 4.6 хувиар агшаад байгаа. Ирэх өдрүүдэд үүнээсээ уруудаж оны сүүлийн хагаст 3.5-3.6 хувиар агшина гэсэн таамаг бий. АНУ, Евро бүс, Японы эдийн засгийн суурь асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Өнөөдөр нэгэнт үүсчихсэн тодорхой бус байдал цаашид ч үргэлжилнэ гэсэн гутранги таамгийг шинжээчид хэлсээр байгаа юм. Гадаад эдийн засгийн орчин сайжирч гадаад эрэлт нэмэгдэхгүй, эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрахгүй, төсөв алдагдалтай хэвээр үргэлжилбэл эдийн засаг хэцүүднэ гэсэн сануулгыг эргэж харахаас аргагүй.

Гадаад валютын улсын нөөц энэ оны долдугаар сарын байдлаар 1.7 тэрбум ам.доллар буюу сүүлийн гурван сарын дунджаар тооцсон импортын 5.3 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

А.Түмэн-Өлзий: Жүжигчин хүний хамтрагчийн хувьд чадлынхаа хэрээр жүжиглэнэ дээ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.

-Таныг жүжигчин Л.Сөрөлттэй хамтран тоглолт хийнэ гэж дууллаа…

-Тийм ээ. СТА, жүжигчин Л.Сөрөлт бид хоёр хамтран ирэх сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд “Хайрын тэнгэр диваажин” тоглолт хийхээр төлөвлөөд байна.

-Мэргэжлийн дуучин, жүжигчин хоёр хамтарч тоглолт хийнэ гэхээр их сонирхол татаж байна?

-Л.Сөрөлт бол мэргэжлийн жүжигчин. Харин миний хувьд мэргэжлийн дуучин. Жүжигчин хүнтэй хамтарч дууны тоглолт хийнэ гээд бодохоор үзэгчдэд ч гэсэн сонирхолтой байгаа болов уу. Энэ утгаараа бид хоёрын тоглолтыг тэсч ядан хүлээж буй хүн олон байна. Тиймээс бид хоёрын хувьд тоглолтоо илүү сонирхолтой, гэнэтийн бэлэг ихтэй, үзүүштэй зүйлээр дүүрэн байлгахыг хичээж байгаа. Сөрөлтийн хувьд дуулахаас гадна жүжиглэнэ гээд олон авьяасаа дэлгэх байх.Үнэхээр сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

-Та жүжиглэх үү?

-Бид тоглолтдоо Дархад ардын харилцаа дуу дуулна. Харилцаа дуу дуулахад жүжиглэлт, нүүр хувиралт шаарддаг. Тэгэхээр тодорхой хэмжээний жүжиглэлт гаргаж л таарна даа. инээв/

-Тоглолтод сүүлийн

үеийн Монголын урлагийн нүүр царай гэгддэг уран бүтээлчид урилгаар оролцож байгаа гэж сонссон?

-Рок попын өнөө цагийн өнгө аясыг тодорхойлж буй залуу дуучин П.Баярцэнгэл, нийтийн дууны нүүр царай болсон СТА дуучин Э.Төрмандах эхнэр О.Гансувдын хамт тоглолтод маань ая дуугаа өргөнө. Мөн Азийн томоохон шоунд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай”, “Маршал” хамтлагууд оролцоно. Түүнчлэн манай тоглолтод “Шинэ үе” продакшны уран бүтээлчид оролцохоос гадна циркийн уран бүтээлчид сонирхолтой үзүүлбэр толилуулахаар бэлтгэж байна. Тоглолтыг үзэгчдэд хүртээмжтэй, үзүүштэй болгох тал дээр их анхаарч байгаа. Энэ ч үүднээс урлагийн салбарт манлайлж буй бүхий л уран бүтээлчдийг нэгтгэхийг зорьж байна.

-Таны хувьд жүжигчин Л.Сөрөлттэй хамтран хичнээн уран бүтээл хийгээд байна вэ. Шинэ гэсэн дуу болгоныг хамт дуулж харагддаг?

-Бид хоёр дөрвөн ч дуу хамтарч дуулсан байна. “Хөөрхөн”, “Хайрын тэнгэр диваажин”, хамгийн сүүлд “Нандин” гээд дууг хамт дуулсан. Клип нь цацагдаад эхэлчихсэн. Хүмүүст нэлээд хүрч байх шиг байна.

-Жүжигчин Л.Сөрөлтийг та дуунд уруу татчихав уу. Анх хамт дуулах санааг хэн гаргаж байв?

-Сайн яривал бид хоёр чинь Хөвсгөл аймгийн нэг нутгийн хүмүүс л дээ. Би Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ч аав, ээж маань Хөвсгөлийн уугуул. Жүжигчин Л.Сөрөлт анх надад хамт дуулах санал тавьсан. Бид хоёр хамт уран бүтээл хийхэд нэлээд тохирч байгаа. Хоолой сайхан нийлж, хэд хэдэн дуу гаргачихлаа. Гаргасан дуу болгон маань ард түмэнд ч сайхан хүрч байна. Сөрөлт жүжиглэхээс гадна бурханаас заяасан их сайхан хоолтой залуу.

-Хамтын бүтээлийн анхны гараа “Хөөрхөн” дуу байсан байх аа?

-Тийм. Сөрөлт анх “Хөөрхөн” гээд их аятайхан дуу байна. Хоёулаа хамт дуулъя гэсэн.

-Ер нь та хоёрын дуулсан дуунууд их хөнгөн хэрнээ гэгээлэг өнгө аястай байдаг. Та хоёрын хоолойны өнгө, онцлогтой холбоотой юу?

-Тэгж хэлж болно. Бид хоёрын хувьд залуучуудад хандсан гэгээлэг уран бүтээл хийхийг зорьдог. Нийгэмд тэртэй тэргүй бусад нь бараг хар бараан зүйл ярьж, нийгмээ шүүмжилж байна шүү дээ. Тэгээд ч жүжигчин хүнтэй уран бүтээл хамтарч хйиж байгаа нь нөлөөлж байгаа байх л даа.

-Ингэхэд одоогийн нийгэмд иймэрхүү гэгээлэг, хөнгөн кино, дуу үзэгчдэд илүү хурдан хүрч байх шиг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Өнөөгийн залууст гэгээлэг, хөнгөн хэмнэлтэй, үг, ая нь амархан цээжлэгдэх тийм л уран бүтээл хурдан хүрч байна. Дагаад дуулахад хялбар. Энэ зөвхөн дууны уран бүтээлд ажиглагдаж байгаа зүйл.

-Саяхан цацагдсан “Нандин” дууг Сөрөлт та хоёрт зориулж бүтээсэн үү?

-“Нандин” дууг бид хоёрт зориулж аяыг нь саяхан Монгол бөхийн өргөөнд “Жаргалтай явна хоёулаа” тоглолтоо хийсэн хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах бичиж, шүлгийг нь Э.Түдэв гэдэг хүн тэрлэсэн байгаа.

-“Хөөрхөн” дууг уран бүтээлчдээс нь зөвшөөрөл авалгүй дуулсан гээд та хоёрыг нэлээд шүүмжилж байсан. Үнэхээр зөвшөөрөл аваагүй дуулсан юм уу?

-Анх Сөрөлт Өвөрмонголд тоглолтоор явж байх үедээ “Хөөрхөн” дууг сонссон юм билээ. Тэгээд энэ дууг хэний дуу болохыг асуусан чинь мэдэхгүй байсан гэсэн. Тэгсэн хэрнээ хүмүүс маш их сонсох дуртай дуу болчихсон байсан юм билээ. Ингээд эх орондоо ирээд надад хамт дуулах санал тавихад нь би дуртай хүлээж авсан. Тухайн үедээ Өвөрмонголын хаанаас гэж уран бүтээлчдийг нь хайж олох билээ гэж бодсон. Бид хоёр энэ дууг дуулаад клип нь цацагдаад эхэлсэн чинь Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан гуай утасдаад “Та хоёр хүний уран бүтээлийг зөвшөөрөлгүй дууллаа” гэж загнасан.

-Д.Данзан гуай үг, аяыг нь бичсэн хэрэг үү?

-Олон жилийн өмнө Д.Данзан гуай шүлгийг нь бичиж, Ховдод амьдардаг Хүрэлбаатар гээд ах аяыг нь хийсэн байж таарсан.

-Тэгээд уучлал гуйгаагүй юу?

-Бид хоёр албан ёсоор МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Хүрэлбаатар нараас уучлал гуйсан. Үнэхээр эндүүрэл гарлаа. Өвөрмонголчуудын уран бүтээл гэж бодсон гэдгээ хэлсэн. Хөгжмийн зохиолчтой нь дараа дахин холбогдсон. Бид хоёрыг ч дэмжсэн. Дараа бид хоёрт зориулж уран бүтээл хүртэл хийж өгөхөөр болсон.

-Та хоёрын “Хайрын тэнгэр диваажин” дууг мөн л хүний дуу гэх юм?

-“Хайрын тэнгэр диваажин” дууг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багш олон жилийн өмнө хоёр оюутанд өгч дуулуулж байсан юм билээ. Бид Т.Сэр-Од багшид хэлж байгаад дуулсан дуу. Хүмүүс буруугаар ойлгоод байх шиг. Ер нь энэ дууг хэн дуулж, ард түмэнд хүргэж чадаж байна гэдэг нь чухал шүү дээ. Манайхан нэгнийгээ дэмжихээс илүүтэйгээр муулахаа урдаа барьдаг. Үнэндээ хүн хүнээ урмаар тэжээж байж амьдардаг хорвоо ш дээ.

-Таны хувьд драмын “Бүүвэй” жүжгийн дууг дуулсан. Ер нь сүүлийн үед нийтийн дуучдын дунд өөрийн өнгө аясаа тодорхойлж буй цөөхөн дуучдын нэг. Энэ эрчээ алдахгүйн тулд цаашдаа хийх уран бүтээлээ ч төлөвлөсөн байх гэж бодож байна?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын ая, УГЗ Н.Ганхуяг багшийн шүлэг “Хайртай бүхнээ” гээд “Бүүвэй” жүжгийн дууг дуулж олонд хүргэсэн. Уран бүтээлч хүн дандаа шинийг эрэлхийлж, содон зүйлийг олж харах ёстой. Тиймээс өөрийгөө аль болох илүү олон зүйлд сорихыг хичээдэг. Үүний нэг нь энэхүү драмын жүжгийн дууг дуулсан явдал байсан.

-Цаашид уран бүтээлийн ямар төлөвлөгөө байна?

-Би СУИС-ийг мэргэжлийн уртын дуучин мэргэжлээр төгссөн. Тиймээс дан уртын дуунаас бүрдсэн цомог гаргахыг төлөвлөж байна. Ойрын үед энэ удаагийн тоглолтоос эхлээд мэдээж олонд чиглэгдсэн уран бүтээлээ хийгээд завгүй л явна.

-Өнгөрсөн жил өөрийг тань нэгэн хэвлэлийн компанийн захирал дотно харилцаа үүсгэхийг хүсч дарамталсан гээд нэлээд шуугиан тарьж байсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Тухайн үед “Хөх Монгол” хэвлэлийн компанийн захиралтай ярилцаад миний тоглолтыг ивээн тэтгэхээр болсон юм. Тус компани миний 21 аймгаар аялан тоглолт хийх талаарх мэдээлэл бүхий рекламны самбарыг бэлэн болгочихсон байсан. Би яг маргааш нь Архангай аймгаас тоглолтоо эхлэх гээд бүх бэлтгэлээ хангачихсан хөдлөхөд л бэлэн байлаа. Гэтэл орой нь надад тэр хүнээс “Хоёулаа илүү дотно харилцаатай баймаар байна” гэсэн утгатай мессеж ирсэн.Юу вэ, маргааш нь миний тоглолт эхлэх гэж байхад ийм юм ирэхээр ёстой гайхна биз дээ. Үнэндээ шоконд орсон. Голдоо ортол гомдсон.

-Өмнө нь таньдаг байсан юм уу?

-Ажил хэргийн журмаар л танилцсан хүн. Урлагийн хүмүүст тоглолтын ивээн тэтгэгч хамгаас чухал. Үүнд дөрөөлж хүнийг тэгж шантаачилж болохгүй биз дээ. Би чинь бас хүн ш дээ. Хүнд дээрэлхүүлээд доромжлуулаад баймааргүй санагдсан. Тэгээд фэйсбүүкт мессежийг нь тавьсан юм. Гэхдээ би өөрөөс нь асуулгүй тавиагүй. Та надад ингэж хандаж байгаа бол би таны мессежийг олон нийтийн сүлжээгээр цацлаа шүү. Эхнэр чинь харна биз гэж хүртэл хэлсэн. Тэгсэн өөдөөс асуудалгүй, өшөө олон хүнд түгээ гэсэн. Тухайн үед үнэхээр шар хөдлөөд фэйсбүүкт тавьчихсан. Гэхдээ таван минут болоод л хүний мууг үзээд яахав дээ гэж бодоод устгах хооронд олон хүнд хүрчихсэн байна лээ.

-Дараа нь танаас уучлал гуйсан болов уу?

-Үгүй. Харин ч хэвлэл мэдээллийнхэнд намайг огт танихгүй гэж ярьсан байсан. Миний хувьд уран бүтээлийн төлөө зүтгэж яваа, тэр дундаа эмэгтэй хүмүүсийг ингэж доромжилж болохгүй л гэж санасан. Тийм үйлдлийг нь хүлээн зөвшөөрмөөргүй санагдаад л нийтэд илчилсэн хэрэг. Би ер нь их шартай хүн шүү дээ, бас. Тэгээд ч цаашдаа эмэгтэй уран бүтээлчдийг ийм өнгө аясаар битгий хүлээж аваасай гэсэн үүднээс асуудалд хандсан.

-2013 онд таныг “Баясгалантай сайхан” тоглолтоо хийх гэж байхад тантай ярилцаж байлаа. Тухайн үед та хараахан гэр бүлтэй болоогүй байна гэж байсан. Харин өнгөрсөн хугацаанд ханьтай болж, амаржаад ч амжсан байна…?

-Сайхан ханьтай болсон. Баруун аймгийн уугуул. Дархан хотод сурч, амьдарч байгаад гадагшаа явсан байсан. Тухайн үед миний хань харийн нутагт байсан. Би ханийгаа удаан хүлээсэн. Бид хоёр хоорондоо хэдий харилцаатай байсан ч хүний амьдралыг тааж мэдэхгүй шүү дээ. Тиймээс нууцалж байлаа. Одоо бид хөөрхөн охинтой болсон.

-Охин тань хэдэн сартай вэ?

-Одоо гурван сартай. Эх хүн болно гэдэг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй жаргал байдаг юм байна. Хором бүрийг охинтойгоо өнгөрүүлмээр байгаа ч залуу насандаа илүү сайхан олон бүтээл хийхийг хүсч, яалт ч үгүй уран бүтээлдээ ороод л явж байна. Хөгшрөх тусам намайг сонсох хүний тоо цөөрнө шүү дээ. Тиймээс залуу насандаа амьдралаа ч, ажлаа ч амжуулах гээд завгүй л явна даа.

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2015.10.01/ нээлтээ хийлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын долоо дахьудаагийн намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсад олон чухал тэмдэглэлт үйл явдлууд тохиосныг дурдсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдсэн бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн боловч дуусгаж амжилгүй намрын чуулганд шилжүүлсэн. Мөн Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсан хэдий ч зохих өөрчлөлтийг хийж чадалгүй завсарласан. Энэ асуудлыг хуулийн дагуу намрын чуулганы эхний асуудал болгон оруулж байна” хэмээсэн.

Тэрбээр, “2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална. 2015 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 629,3 тэрбум төгрөгөөр тасарч байна.Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болж буурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ бид буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайххэрэгтэй” гэж хэлсэн юм.

Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн нэг удаагийн хаврын чуулган үлдэж байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод, хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхцдаг болохоор энэ намрын ээлжит чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг эрхэм гишүүд Та бүхэн сайтар ойлгож байгаа гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, “Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан. Түүнээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдсан байх ёстой. Миний бие Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд хамаарах болно.

Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд Та бидний хариуцлага, санаачлага, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж хэрдтай ажиллах хэрэгтэй. Эрхэм гишүүд Та бүхэн зөвхөн улс орны болон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хурлын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр идэвхтэй оролцох тохиолдолд бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна” гээд гишүүд чуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцохыг уриаллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын хилээр нэвтэрдэг “цэнхэр бичиг”-ний үнэ 750 мянгад хүрсэн үү

Хойд хөрш рүү визгүй зорчдог болсноос хойш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын ачаалал эрс нэмэгдсэн билээ. Тус боомтоор наймаас дээш суудалтай тээврийн хэрэгслээр нэвтрэхэд зөвшөөрлийн бичиг буюу “Цэнхэр бичиг” авах шаардлагатай. Энэ зөвшөөрлийг ОХУ-ын талаас жилд 2000 ширхэгийг үйлдвэрлэж, манай улсад өгдөг байна. Уг зөвшөөрлийн бичиг нь өдөрт нэг боомтоор нэг зорчигч тээврийн хэрэгсэл гарахад ч хүрэлцдэггүйг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс ОХУ-ын талд зөвшөөрлийн бичгийг нэмж өгөх хүсэлтийг тавиад байгаа аж.

ОХУ руу зорчих наймаас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд олгох Оросын талын зөвшөөрлийн бичгийг Автотээврийн үндэсний төвтэй байгуулсан гэрээний үндсэн дээр Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо олгож буй юм. Тус бичгийг 15.000 төгрөгөөр олгодог байна. Гэвч сүүлийн үед иргэд, жолооч нар тус зөвшөөрлийн бичгийг 500-750 мянгаар худалдаж авч байна гэх гомдол тасрахаа больжээ. Шагийн үнэ нь сая төгрөгт хүрсэн гэх мэдээлэл ч байна.

Бид энэ талаар Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс тодруулахад “Би холбооны үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй. Та бүхэн Гүйцэтгэх захирлаас мэдээлэл авч болно. Гэхдээ одоогоор зөвшөөрөл олгохгүй байгаа. Манай холбооноос үнэ нэмж зарсан зүйл байхгүй. 15 мянгаар зөвшөөрөл өгдөг. Зөвшөөрлийн бичиг дээр тухайн автомашины марк, улсын дугаар бичигддэг” гэсэн юм.

-МАНАЙ МОНГОЛЧУУДААС БОЛООД ОРОСУУД ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХӨӨС
ТАТГАЛЗААД БАЙДАГ-

Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Д.Наранпүрэвээс дараах тодруулгыг авлаа.

-ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог Цэнхэр бичигийг 500-750 мянган төгрөгөөр худалдаж авсан гэх иргэдийн гомдол байна. Танай холбооноос хэдэн төгрөгөөр өгдөг юм бэ?

-15 мянган төгрөгөөр зөвшөөрөл өгдөг. Манайхаас олгохдоо Тээврийн хэрэгслийн эзэмшигчид нь олгодог юм. Тээврийн хэрэгсэл эзэмшигч гэдэг нь албан байгууллага бол албан байгууллагад нь өгнө. Хувь хүн тээврийн хэрэгслийг нь эзэмшдэг бол хувь хүнд нь өгнө гэсэн үг. Өөр ямар нэгэн хүнд өгдөггүй. Өөрөөр хэлбэл ОХУ руу гаргах тухайн тээврийн хэрэгслийн баримт, хүнээр бол гадаад паспорт нь гэсэн үг. Тэрийг нь манайхаас олгохдоо яадаг вэ гэхээр дэвтэр дээр албан байгууллага, хувь хүнийх нь бичиг баримт бүгдийг нь бичиж, авч байгаа хүнээр нь гарын үсэг зуруулаад ямар тээврийн хэрэгсэл явах юм, тэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг нь бичээд олгодог. Тийм юм бичихгүйгээр олгоно гэсэн юм бол байхгүй. Аймгуудад бас олгож байгаа. Монгол, Оросын хооронд нийт 29 хилийн боомттой. Тэрнээс 20 хилийн боомт нь авто тээврийн зорчих зориулалттай хилийн боомт. Тэр 20-иос есөн хилийн боомт нь улирлын чанартай, 11 нь байнгын ажиллагаатай. 11 хилийн боомтоор гарах тээврийн хэрэгсэлд манайхаас зөвшөөрөл олгож байгаа. Мөн зөвхөн тэр боомтоор нэвтрэхэд энэ зөвшөөрөл хүчинтэй гэсэн бичигтэй байдаг. Өөр хилийн боомтын зөвшөөрлөөр Алтанбулаг хилийн боомтоор гарах тийм үндэслэл байхгүй. Оросууд хил гаргахгүй шүү дээ.

Зөвшөөрлийн бичиг авсан хүн л тэр бичгээрээ хил нэвтэрнэ. Өөр хүнд зараад тэр нь гарна гэсэн асуудал байхгүй юм байна?

-Өөр хүнээс зөвшөөрлийн бичиг худалдаж аваад хуурамчаар хил нэвтрэх ямар ч боломж байхгүй. Машиных нь марк, дугаартай нь бичээд өгчихөж байгаа. Тийм боломж байхгүй. Манай холбооны нэр хүнд ч гэсэн унаад байна. Зөвшөөрөл дуусчихсан гэчихээд гадуур өөр хүмүүсээр заруулж байна, шаглаж байна гэх яриа гарч байна. Бид наадахтай чинь харин тэмцэж байгаа. Хэд, хэдэн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг бусдад дамжуулсан зөрчил ирсэн. Тэр хүмүүст бид дахиж зөвшөөрөл олгохгүй.

Харин таван автобустай ч юм уу, арван автобустай аж ахуйн нэгж байна. Тэр аж ахуйн нэгж маргааш гарах гэж байтал өнөөдөр нөгөө автобус нь эвдэрчихдэг. Тэгээд өөр автобус явуулах болохоороо нөгөө, номер дугаар бүх юм биччихсэн болохоор бүх юм болж өгдөггүй. Тэгээд манай дээр хүрч ирээд аж ахуйн нэгж нь тэр үндэслэлээ хэлээд бид зарим нэг зөвшөөрлийг нь сольж өгсөн. Хувь хүн бол ганц л тээврийн хэрэгсэлтэй байдаг. Тийм хувь хүнд бол “Уучлаарай, та тээврийн хэрэгслээ засуулаад гарах боломжтой. Бид сольж өгөх боломжгүй” гээд сольж өгөхгүй байгаа. Яагаад гэхээр өөрийн чинь хэлдэгээр хардалт яваад байгаа байхгүй юу. Одоо нэг нөхөр зөвшөөрлийн бичиг авчихаад ашиглахгүй байж байгаад өөр жолоочид зарах тохиолдол гарч болзошгүй учраас тэр үндэслэлээр бид сольж өгөхгүй байгаа.

-Зөвшөөрлийн бичиг нь хүчинтэй хугацаа гэж байна уу?

-Тав, зургаан сард зөвшөөрлийн бичиг авчихаад тэрийгээ ашиглаагүй нөхдүүд одоо хүртэл байна. Яагаад гэхээр тэр зөвшөөрлийн бичиг өөрөө 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл хүчинтэй гээд биччихсэн байдаг. Оросын тээврийн яамнаас ирүүлэхдээ тийм хугацаа заасан. Нэг нөхөр зөвшөөрлийн бичиг авангуутаа би нөгөөдөр гарлаа гэчихээд дараа долоо хоногт нь дахиад ирээд би гарчаад ирлээ дахиад зөвшөөрлийн бичиг авья гэж болно. Тийм юм гаргуулахгүйн тулд дөрвөн сард журам гаргаад “Та гарсан бол ашигласны чинь дараа зөвшөөрлийн бичиг олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл зөвшөөрлийн бичиг цөөхөн байхад нэг хүн гарсан гээд дөрөв, таван удаа зөвшөөрлийн бичиг авахуулаад нөөцөлчихөж болно ш дээ. Тэгүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авсан.

-Иргэд тэгвэл 500 мянгаар зөвшөөрлийн бичиг аваад хохирч байгаа гэсэн үг үү?

-Нэг хүн саяхан гомдол гаргасан. 500 мянгаар зөвшөөрлийн бичиг авсан гэж байна. Бид шалгаад үзсэн чинь тавдугаар сард авсан зөвшөөрлийн бичиг байгаа юм. Тэр нөхөр тавдугаар сараас хойш ганц ч удаа гараагүй байсан. Ихэнхи нь хувь жолооч ийм асуудал гаргаж байна. Өөрт нь зөвшөөрөл байсан мөртлөө гэрээ байгуулахдаа “Наадах чинь олддоггүй юм. Бид олдог юм, наадахыг чинь дамлаж авна. Тэдэн төгрөг нэмж өг гэж авуутаа зөвшөөрлийн бичгээ та нараас илүү авсан мөнгөөрөө авчихлаа” гэдэг асуудал гаргаж байгаа байхгүй юу. Жолооч нар авчихсан, ганц ч гараагүй байж байгаад цөөхөн болсон үед нь тийм яриа гаргаж гэрээт хүмүүсээс үйлчлэгч мөнгө авч байгаа тийм тохиолдол байж магадгүй.

-Одоо бол зөвшөөрлийн бичиг олгохгүй байгаа гэсэн. Хүсэлт тавиад хариу ирсэн үү. Хэзээ ирэх вэ?

-Зөвшөөрлийн бичиг маань серийн дугаартай байдаг. Серийн дугаараар нь ямар тээврийн хэрэгсэлд олгосон, тэгээд авсан хүн гарын үсгээ зурдаг гэж хэлсэн. Одоо удахгүй зөвшөөрлийн бичиг ирэх гэж байгаа. Оросын талаас хэвлэгдэж байна гэсэн мэйл ирсэн. Зам тээврийн яам 2015,2016,2017 онуудад жилд 2000 зөвшөөрлийн бичиг авахаар Оросын талтай тохирсон. 2000 зөвшөөрлийг дөрөвдүгээр сард авсан юм. Тэгсэн чинь наймдугаар сард дуусчихсан. Тэгээд оросуудаас гуйгаад оросууд хариу өгдөггүй. Наймдугаар сарын 7-нд Оросын тээвэрийн яаманд очиж уулзалт хийсэн.

-Хоёр улс харилцан визгүй зорчидог болчихсон. Гэтэл оросууд яагаад манайд зөвшөөрөл өгөхөөс татгалзаад байна вэ?

-Оросын тээврийн яам юу гэж хэлсэн гэхээр зөвшөөрлийн бичиг одоо олгох боломжгүй. Танай жолооч нар хэтэрхий замбараагүй явж байна. Маш их осол, аваар гаргадаг, зам тээврийн зөрчил гаргадаг гэж хэлсэн. Наадуулдаа арга хэмжээ авсны дараа манайхаас зөвшөөрөл олгох асуудлыг ярина. Манай монголчуудаас өөрсдөөс нь болоод байгаа байхгүй юу. Яг Монголдоо явж байгаа юм шиг Оросод явж байгаа юм. Улаан-Үдэд зогсоол дээр нь зогсохгүй, боржур дээр нь гаргаад машинаа тавьчихна, шөнө орой явахдаа гэрлээ шилжүүлэхгүй, автобуснууд ээлжийн жолоочтой явахгүй, ганцаараа явдаг. Энэ чинь аваар гарахын эх үүсвэр байхгүй юу. Оросын тээврийн яамныхан танай монгол хүний амь нас хамаагүй байж болно, энэ замбараагүй байдлаас чинь болоод орос хүний амь нас эрсдвэл хариуцлагыг нь зөвшөөрөл олгосон гэдгээрээ манай яам үүрнэ. Тийм учраас та нар арга хэмжээ авах хүртэл бид зөвшөөрөл олгохгүй гэсэн. Манай Монголын жолооч нарын өнөөгийн соёл бие, биендээ гай болоод байгаа байхгүй юу. Тэгээд оросууд 2015 оны эхний зургаан сарын байдлаар монголчуудын гаргасан зөрчил нь 2014 онтой харьцуулахад 4,5 дахин, 2013 онтой харьцуулахад зургаа дахин их зөрчил гаргасан байна гэсэн судалгааг гаргасан.

-Танайхаас зөрчил гаргасан жолооч, аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Зөрчил гаргасан том оврын тээврийн хэрэгсэл, автобусын дугаар, марк, байгууллага, хувь хүний жагсаалтыг ирүүлсэн. Одоо зөвшөөрөл ирэхээр зөрчил гаргасан жолоочид зөвшөөрөл олгохгүй. Тэгэхээс өөр арга алга. Дахиад олгодог, манайхан дахиад зөрчил гаргана. Тэгээд оросууд зөвшөөрөл өгөхөө больчихно. Явах гэж байгаа нөхдүүддээ ном, дүрмээр нь яваарай гээд оросын дүрэм, журмыг танилцуулаад анхааруулга өгнө. Мөн одоо ирэх зөвшөөрлөө жилдээ хүчинтэй гэж зөвшөөрөл өгөхгүй. Та хэзээ гарах гэж байна. тэдний өдөр гэдгээр нь зөвшөөрлөө бичиж өгнө. Ийм л арга хэмжээ авна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар дараах 27 зүйл асуудлыг хэлэлцэнэ

Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр захирамжаар тогтоожээ. Уг захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-ын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх аж.

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3. Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

5. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

7. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

9. Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

16. Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

17. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

18. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

19. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

20. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

21. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22. Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

23. Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

24. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

25. Органик хүнсний тухай хуулийн төсөл;

26. Хог хаягдлын тухай хуулийн төсөл;

27. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл.