Categories
мэдээ нийгэм

Удаан түүхтэй “Амгалан” амаржих эмнэлэг нээлтээ хийлээ

УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа өнөө өглөө твиттер хуудастаа “Өнөөдөр 14 цагт БЗД-ийн урт настай, удаан түүхтэй “Амгалан” амаржих газрын шинэ байрны нээлт болно. Монголын үрс маш олон болтугай” гэсэн байв. Түүний ийнхүү өгүүлсэн нь үнэн юм. С.Ламбаа Эрүүл мэндийн сайд байхдаа барилгын ажлыг нь эхлүүлсэн “Амгалан” амаржих эмнэлэгийн барилгын ажил хэдэн засгийн нүүр үзэж, 2014-2015 оны улсын төсөвт санхүүжилтийнх нь ихэнхийг шийдэж өгснөөр ийнхүү өнөөдөр нээлтээ хийсэн байна.

Тус эмнэлэгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож хэлсэн үгэндээ “Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Баянзүрх дүүргийн 150 ортой “Амгалан” амаржих газар ашиглалтад орж байна. Энэ бол төр засгаас эх хүүхдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн юм. 150 ортой “Амгалан” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орсоноор Баянзүрх дүүргийн эхчүүдэд ая тухтай, эсэн мэнд амаржих таатай орчин бүрдэж байгаа төдийгүй эмч, сувилагчдын ажиллах нөхцөл ч сайжирна. Тэр хэмжээгээр Та бүхэнд тавигдах шаардлага бас өндөржих болно. Тийм болохоор эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, дэлхийн шилдэг технологиос тасралтгүй суралцах хэрэгтэй.

Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар амаржих газрын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх асуудалд ч онцгой анхаарах хэрэгтэй. Амаржих газрыг ашиглалтад оруулахтай холбогдсон төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Ганхуяг, Ж.Батзандан нар багагүй хүчин чармайлт гаргасаныг онцлон тэмдэглэж байна” гэсэн юм.

Тус эмнэлэгт Японы 1.5 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг дэд сайдгүй байхыг дэмжжээ

УИХ дахь АН-ын бүлэг намрын чуулганы анхны хуралдаанаа хийж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцжээ.

АН-ын бүлэг хуралдаанаараа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссоноос гадна ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх эсэх асуудал болон 2015 оны төсвийн тодотгол ирэх оны төсөв, мөнгөний бодлогын талаар хэлэлцжээ.

УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирэх оны төсөв, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ярихдаа “Ирэх оны төсвийн талаар Сангийн яамнаас танилцуулсан. Үүгээр бол бүхэл, бүтэн санхүүгийн шинэчлэл хийх шаардлагатай болох юм байна Уг мэдээллийг АН-ын бүлэг сонссоны дараа эдийн засагт хийх реформийг бүрэн сайшаасан. Ер нь реформ хийх цаг нь болжээ. Сонгуулийн эрх ашгаа бодож уг асуудлыг хойшлуулах бус одоо яаралтай хийх ёстой гэж ярилцлаа. Батлагдах төсөв, мөнгөний бодлогыг улсын төсөвтэй уялдуулах зарчмыг баримталж байгаа. ЗГ-ын өргөн барихаар бэлдэж байгаа хувилбарыг дэмжээд явахаар болсон” гэжээ.

Мөн тус бүлэг яамдыг дэд сайдгүй болгох саналыг дэмжсэн байна. Засгийн газраас яамдыг дэд сайдгүй болгох саналыг оруулж төсвөө ч мөн тэгж боловсруулсан байна. Төрийн албан хаагчдын цалинг хавтгайруулж хасах бус улс төрийн өндөр албан тушаалтан болон төрийн захиргааны удирдлагуудын цалинг хасахыг тус бүлгийн гишүүд дэмжжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогтыг огцруулах асуудлыг хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хойшлууллаа. Учир нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээхээр болсон байна. Үндсэн хуулийн цэцийн зүгээс УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлэх боломжгүй хэмээн үзээд байгаа бололтой.

С.Баярцогтыг огцруулах төслийг УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү өргөн барьсан. Тэрбээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр огцруулахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр намрын чуулганы эхний хуралдаанаа хийж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт“Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлийн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх, Ерөнхий сайдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор хийх мэдээллийн талаар ярилцсан.

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барихыг хязгаарласан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал УИХ Засгийн газрын гишүүдийг томилчихоод тухайн хүнтэйгээ хариуцлага тооцож чаддаггүй болох жишиг тогтохоор байна. Муу ажиллаж байгаа нэг сайдтай хариуцлага тооцож болдоггүй, түүний өмнөөс сайн ажиллаж байгаа бусад сайд, Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг жишиг тогтоох нь буруу. Цаашдаа энэ байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна. Зөвхөн сайд нарын асуудал дээр бус Монголбанкны ерөнхийлөгч, АТГ-ын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, дээд шүүгч гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудыг УИХ-аас томилдог. Эдгээрт УИХ эргээд хариуцлага тооцох тогтолцоо алга болно. Иймээс Үндсэн хуулийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна” гэлээ.

Мөн МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсэний дараа бүлгээрээ дахин хэлэлцэх шийдвэр гаргасан гэв. Түүнчлэн 2016 оны төсөв хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Ажлын хэсэг гаргаж Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийг судлахаар болжээ. Мөнцааш нь “2015 оны улсын төсөвт цалин тэтгэврийг нэмэхэд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ нэмэгдлийг эрх баригчид өгөөгүйгээр барахгүй ирэх оны төсөв рүү шилжүүлэх юм ярьж байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед цалин, тэтгэвэр нэмэхгүй байснаар иргэдийн худалдан авах чадварыг бууруулдаг. Ингэснээр аж ахуйн нэгж, компаниуд дампуурах сөрөг нөлөө үзүүлэлттэй. Үүнээс үүдэж ядуурал бий болно. Хамгийн зөв оновчтой шийдэл нь цалин, тэтгэврийг нэмэх юм. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, компаниуд дампуурлаас гарах боломжтой болно. Төсөв хэлэлцэх үеэр энэхүү саналуудаа Засгийн газарт хүргүүлэх болно” гэж бүлгийн дэд дарга нь хэлэв.

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийм хариулт өгөв.

-Танай бүлгээс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьвал хэлэлцэгдэх боломж байх уу. Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ?

-Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг Р.Бурмаа гишүүнээр ахлуулан 2013 онд байгуулагдсан. Зарчмын байр суурь их хол зөрүүтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн нэгдсэн хууль байя. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтад нь хийе. Сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолно. Ялагдсан хүмүүсийн зөрүү ойрхон байвал хяналтын тооллого хийдэг байя гэсэн. Үүн дээр бид санал нэгдээгүй. Хууль санаачлах эрх нь 76 гишүүнд нээлттэй байгаа учраас энэ боломжоо ашиглаад УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдсэн. Бэлтгэхдээ Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 22 намыг оролцуулж хэлэлцүүлэг хийсэн. 22 намаас 20 нь Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжээд эцсийн боловсруулалтыг ойрын үед ирүүлэх байх. Улс төрийн 20 нам санал нэгдсэн хуулийн төслийг ойрын үед УИХ-д өргөн мэдүүлнэ. Р.Бурмаа гишүүнтэй хуулийн төсөл өргөн мэдүүлэхэд хамтад нь хэлэлцээд явах болможтой.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Д.Хаянхярваа:Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт анхны хуралдаан зарласан наймдугаар сарын 31-ний өдрийн хууль бус хурлын тогтоолыг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээр үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хууль бус тогтоолыг үндэслэж Ерөнхий сайд тогтоол гаргасан гэсэн үг. Шүүхийн захирамж гаргасан учраас хууль бус шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсгээ зурна. Бүлэг дээр энэ асуудлыг яриад цаашдаа энэ алдаагаа хэрхэн засах вэ гэдгээс хамаарч дараагийн шийдлээ гаргах нь зөв гэж үзсэн.

Ер нь цаашдаа өнөөдөр улс төрийн нөхцөл байдал таагүй бухимдалтай үед орон нутагт хууль зөрчсөн үйлдлийг орон нутгийг үймүүлэх ажиллагаа энэ мэт даамжирвал төрийн хямрал гүнзгийрнэ. Тиймээс бага дээр нь засах ёстой гэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.

-Улс төрийн болон захиргааны албан тушаалтнуудын цалинг таная гэж хэмнэлт ярьж байна. Харин та бүхэн цалинг нэмэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна?

-С.Бямбацогт: 2012 оноос хойш төрийн данхгар бүтцээ больё гэдэг асуудлыг бид ярьсан. 2012 онд байсан төрийн албан хаагчдын тоо өнөөдөр 50 мянгаар нэмэгдсэн. Түүнийг дагаад цалин, шатахуун, томилолт, цахилгаан, хурал зөвлөгөөний зардал нэмэгдсэн. Энэ зардлыг 2012 оны төвшинд байлгаач гэдэг асуудлыг байнга тавьж ирсэн. Харамсалтай нь тэр төвшинд байлгахгүй байгаа. Эндээс хэмнэлт эхлэх ёсой. Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа сургууль цэцэрлэгийн багш, ажилчид, эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдын цалинг нэмэхгүйгээр хямралыг давна гэж үзэж байгаа бол буруу. Өөрсдөө тансаг хэрэглээнээсээ, татгалзахгүй хэрнээ ядарсан иргэдийнхээ халаас руу орох нь буруу. Ийм зарчмын байр суурийг цаашдаа баримтална.

-Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байна уу, эсвэл хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна уу?

-Хариуцлагагүй байдлаа засах чадвар байна уу. Зургаан сайдаа саяхан томилсон. Бид тодорхой шаардлагууд тавьсан байгаа. Түүнд хэрхэн хандах нь уу гэдгийг харж, Удирдах зөвлөлөөрөө ярьж байж асуудлыг шийднэ.

-Ерөнхий сайд 30 хувийн таналт яриад байгаа. Та бүхэн цалингаа тануулахыг хүлээж авах уу?

-Н.Номтойбаяр:Тэр нь ерөөсөө асуудал биш. Цалин, тэтгэврийг шат дараатай бууруулах алхам эхэлж байгаад гол асуудал. Цалингийн асуудлыг шийддэг гурван талт үндэсний зөвшилцөл байдаг. Хуулийнхаа дагуу хоёр жилд нэг удаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмдэг. Хамгийн сүүлд энэ үндэсний зөвшилцөл 2013 оны есдүгээр сарын 15-нд хуралдсан. Хоёр жилийн хугацаа дуусан гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж нэмдэг хэмжүүр байдаг. Энэ утгаараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-35 хувиар нэмсэн байх хуулийн хугацаа дуусчихаад байгаа.

Ж.ГАНАА

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нар бүлгээсээ гарна гэжээ

Өнөөдөр УИХ-ын намрын
ээлжит чуулган нээлтээ хийсэн бөгөөд 14.00 цагаас Засгийн газрын гишүүнийг
огцруулах буюу ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Уг
асуудлыг Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн
барьсан. Гэвч Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаад
буй. Харин С.Баярцогтыг Үндсэн хуулийн цэц, “Шударга ёс эвслийн бүлэг” тэр
дундаа МАХН-ындарга Н.Энхбаяр хамгаалж буй гэх “бор шувуу” Төрийн ордонд нисч
эхэлжээ. Үүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог нар
ихэд эгдүйцэж Шударга ёс эвслийн бүлгээс гарна гэдгээ бүлгийн хурал дээрээ
мэдэгдсэн байна. Уг асуудлаар тун удахгүй мэдээлэл хийх бололтой. Хэрвээ УИХ-ын
дэд дарга Л.Цог бүлгээсээ гарвал дэд даргын суудлаа ч мөн өгнө. Тэгэхээр
эвслийн бүлэг задрах асуудал яригдана гэсэн үг. Түүнчлэн бүлгийн зарим гишүүд ч
эвслийн бүлэг задрах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Хэрэв бүлэг тарвал
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д орох асуудал ч яригдсан бололтой.

Categories
мэдээ нийгэм

Автомашиныг ачих, түр саатуулах шинэ журамтай ТАНИЛЦ

Энэ есдүгээр сарын 01-ний өдрөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр машин ачих, журамлах үйлчилгээ түр зогссон. Учир нь ачих журамлахтай холбоотой журмыг шинэ хуулинд нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй болсон юм. Иймд Хууль зүйн яам дараах шинэ журмыг батлан гаргасан бөгөөд одоо Нийслэлийн ИТХ торгуулийн үнийг тогтоож, Нийслэлийн Засаг дарга ачилтын компаниудтай гэрээ хийснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж элэх юм.

Түр саатуулах буюу журамлах нөхцлүүд:

1. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсвэл гэмт хэргийн нотлох баримтыг агуулж байгаа

2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн

3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодож яваа

4. Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоох, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай үед

5. Хууль сахиулах байгууллагаас эрэн сурвалжлахаар зарлан мэдээлсэн

Зөөн шилжүүлэх нөхцлүүд:

1. Эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдохгүй байгаа тээврийн хэрэгслийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор

2. Өндөр хэмжээний зочин төлөөлөгчийн болон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтыг зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор

3. Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан түр буюу удаан зогсох журам зөрчсөн

4. Явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр түр буюу удаан зогсох журам зөрчиж, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан

-ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХЭЭС ӨМНӨ ЖОЛООЧ НЬ ИРВЭЛ ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГА

ТООЦОН БУЦААН ОЛГОНО-

Дээрх нөхцлүүдийг зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг зөвхөн цагдаагийн эрх бүхий албан хаагчийн шийдвэрээр түр саатуулах, зөөж шилжүүлэх ёстой. Ингэхдээ ачих, зөөхөөс өмнө тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд захиргааны хариуцлага оногдуулж, тээврийн хэрэгслийг нь буцаан олгоно. Зөөж шилжүүлсэн тохиолдолд гэрийн хаягаар бэлэн бус торгуулийн хуудас хүргүүлнэ.

Ачигч байгууллага эсвэл цагдаагийн ажилтан ачилт хийхийн өмнө заавал тухайн тээврийн хэрэгслийн гадна тал болон орчны байдлыг дүрс бичлэг хийж баталгаажуулна. Ингэснээр тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн эд хөрөнгийг ачих зөөвөрлөх явцад хохирсон эсэхийг мэдэх боломжтойгоос гадна, дүрэм журам зөрчсөн эсэхийг нотлох баримт болох юм. Хэрвээ тээврийн хэрэгслийн ачаа тээш, бүхээгэнд хүн, мал, амьтан байвал зөөж шилжүүлэхийг хориглох аж.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд газар хөдөлжээ

Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Улаанхуст сумын төвөөс баруун хойд зүгт 114 км-ийн зайтай газар өчигдөр орой 18:50 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас орон нутагт хохирол учраагүй байна.

Categories
мэдээ улс-төр

Ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд Ахмадын өдөр тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог болон Тамгын газрын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, тэдний санал бодлыг сонссон юм.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан 62 ахмадтайгаас өнөөдрийн уулзалтад 50 гаруй нь хүрэлцэн ирсэн байна.

УИХ-ын дэд дарга нар болон Тамгын газрын удирдлагууд ахмадуудад баярын мэнд дэвшүүлээд Тамгын газар болон ахмадын хорооноос зохион байгуулдаг ажилд идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн саналыг нь сонсож харилцан ярилцлаа.

УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ренчин энэ үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн арга хэмжээнд ахмадууд идэвхтэй оролцож гэрэл зургийн болон номын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан гэдгийг онцоллоо. Мөн тэрээр УИХ-ын Тамгын газар нь ахмад буурлууддаа байнгын анхаарал, халамж тавьж, тэдэнд нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж, тэтгэмж олгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрүүлж амралт, аялал зохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээг тогтмолжуулж байгаад нийт ахмадуудынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ахмадуудын баярын мэндийг дэвшүүлээд, байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд идэвхтэй оролцсон ахмадуудад талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр мөн Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулсан ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн хурал болон Тамгын газрын бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Бие даагч гишүүд С.Баярцогтыг огцруулах кноп дарна гэв

УИХ дахь бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах эсэх тухай асуудлыг эцэслэх юм. Энэ үед бие даагч гишүүд сайд С.Баярцогтыг огцруулах кноп дарна гэж мэдэгдэж байна. Мөн Х.Болорчулуун гишүүн “С.Баярцогтыг гал хамгаалагч болгоод өнгөрөөх үү, тэр чигээр нь өөрчлөх үү гэдгийг цаг хугацаа харуулна. Намрын чуулган эхлэнгүүт сайд огцруулах асуудлыг хэлэлцэх нь гэж шүүмжилж байна. Гэвч энэ Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарт УИХ-ын өгч байгаа үнэлгээ гэж ойлгох хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн санаачлан өргөн мэдүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан. Энэ бол улс төрийн захиалгаар хийгдсэн зүйл. Хэрвээ УИХ энэ дүгнэлтийг хүлээгээд авчихвал 20 хэдэн жил Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуудал ярина. О.Баасанхүү гишүүний сайд С.Баярцогтыг огцруулах асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө өргөн баригдсан. Тийм учраас УИХ эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Мөн Цэцийн дүгнэлтийг ч УИХ хүлээж авахгүй” гэх тайлбар хийв.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын зурхайгаа уншаарай

Хонь

Сарын эхээр тэсвэр тэвчээртэй байж, өөрт ашигтай цаг үе иртэл хүлээсэн нь дээр байх болно. Таны бодлоготой, болгоомжтой байдал мөн хэр зэрэг тэвчээр хатуужилтай байхаас тань хамаарч ажил хэрэг, амжилт бүтээлийн зам мөр тодорно. Хэрвээ та гэр бүл, үр хүүхдүүдтэй бол болгоомжтой байж, тэр хүнийг өөрийн амьдралдаа хэр зэрэг гүн гүнзгий оруулахыг сайтар тунгаагаарай. Сарын дундуур арилжаа наймаа хийх хэрэггүй, та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй, бас зөв шийдвэр гаргаж чадахгүй байх. Амжилтад хүрэхийн тулд стратеги төлөвлөгөө боловсруулж түүнийгээ хамт олонтойгоо хэрэгжүүлэх нь зохилтой. Хувь хүний хувьд хүчтэй мэдрэмжид эзэмдүүлэх бөгөөд түүнтэй тэмцэхэд хүнд байх болно. Сэтгэл хөдлөлд сэтгэлийн хүч тань эерэгээр нөлөөлөх болно. Сарын сүүлээр бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаалтнууд туйлын завгүй байх боловч ажлын үр бүтээмж таны хүссэн хэмжээнд хүрэхгүй бололтой. Магадгүй таныг сонирхолтой аялал, аль эсвэл удаан хугацаанд сэтгэлд хоногшин үлдэх, их сайхан тааламжтай мэдрэмжийг авчрах гэнэтийн учрал хүлээж байж мэднэ.

Үхэр

Аравдугаар сарын эхээр үхрийн ордныхны мэргэжлийн үйл ажиллагаанд асуудал үүсч болно. Өөрийн бодол санаа, төлөвлөгөөгөө нууц байлгахыг хичээ. Муу хүмүүс үүнийг тань ашиглаж магадгүй. Бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од гараг зөвлөж байна. Сарын дундуур төрөл төрөгсөдтэйгээ, ойрын хүнтэйгээ урьдын маргааныг эцэслэхийг хичээх хэрэгтэй. Багахан санхүүгийн хямралаас төвөггүйхэн гарах бөгөөд гэр бүлийхэн таныг магтан сайшаана. Шинэлэг санаа эсвэл үйлдэл, дотно харьцаа үүсгэх тал дээр хэрүүл маргаан гарж болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай. Хариуцлагатай үйл явдлыг өрнүүлэхэд хувийн эрч хүч тань арай хүрэлцэхгүй. Харин сарын сүүлээр таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Сэтгэл санаа хямрах, өвчин эсвэл сэтгэл хөдлөлийн таагүй байдал үүснэ. Аж ахуйн асуудалд бүү оролц, архи дарснаас хол байхыг зөвлөж байна.

Ихэр

Энэ сард ихрийн ордныхон зарлагаа маш сайн хянах хэрэгтэй. Ашиг хонжоо олсон ч зарлага нь таны урьдчилан харснаас илүү ч байж магадгүй. Амьдралын эрч хүчний түвшин нэмэгдэнэ. Магадгүй үрэлгэн байдал, хүмүүжилтэй холбоотой мөн хүүхдийн сурлага, өндөр настангуудын эмчилгээ гэх зүйлсээс хамаарна. Сарын дундуур ажлын ачаалал тань удаан хугацаагаар үргэлжилж болзошгүй. Чухал шийдвэр гаргах ажил тань амжилттай байж асуудлыг шийдэх чадвар чинь бусдаас гойд байна. Аливаа асуудлыг турших байдлаар шийдвэрлэлгүйгээр шалгарсан аргаар шийд. Өөрийн сэтгэл хөдлөл мөн сэтгэл гэр бүлийн хүрээнд оройн зоог хамт идэхийг санал болго. Сайн санаатай хүний зүгээс ирэх тусламж, дэмжлэгийг та хүртэж мэднэ. Сарын сүүлээр бүх зүйл өөр өөрийн жамаар шийдэгдэх тул хэт улайран зүтгэж, идэвхи чармайлт гаргаж өөрийгөө зовоохын шаардлагагүй. Гэр бүлд тань таны хайр халамж, анхаарал хэрэгтэй байна.

Мэлхий

Аравдугаар сарын эхээр мэлхийн ордны санхүүгийн байдал бага зэрэг сайжирна. Хожим зээлээ авах, эсвэл ашигтай худалдан авалт хийнэ. Хуучин өр нэхэгдэх болно, шинэ ажлын тухай санаа зовинох эсвэл ойрын төрөлдөө туслах гэх мэтээр. Та өөрийн төлөвлөгөө болон санаагаа өөртөө хадгалах нь зүйтэй, эс тэгвээс бүгд талаар болно. Сарын дундуур шинэ ажил эхлүүлэх, гэрээ хэлцэл хийхээс татгалзах нь зүйтэй. Өөрийн хийж буй алхамдаа шүүмжлэлтэй ханд. Хичээл зүтгэл болон үүрэг хариуцлагаа ухамсартайгаар биелүүлэх нь заавал шагнагдах тавилантайг санагтун. Найз нөхөд болон ивээн тэтгэгчийн тусламж дэмжлэгтэйгээр ирээдүйн их ажлынхаа гарааг амжилттай эхлүүлж чадна. Болж байгаа үйл явдалд гүн гүнзгий оролцохгүйгээр ажиглагчийн байр сууринаас хандах нь хамаагүй дээр байх болно. сарын сүүлээр нилээн олон ашигтай төсөл төлөвлөгөөг бага хүчээр, богино хугацаанд гүйцэтгэж чадах төлөвтэй. Биеэ тоосон ихэрхэг зан, бусдыг үл ойшоосон дээрэнгүй байдал, бүхнийг захирах гэсэн санаархал, өөртөө хэт итгэлтэй байдал нь ойр дотныхоны болон төрөл төрөгсдийн эгдүүцлийг хөдөлгөж, үл ойлголцол руу түлхэх бололтой.

Арслан

Сарын эхээр эхлүүлсэн бүхнийг амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Чухал асуудал шийдвэрлэхдээ өөрийн зөн билигтээ найд. Гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарахад тохиромжтой цаг бөгөөд ашиг тусаа өгнө. Өөрийгөө илэрхийлэх, уран бүтээлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх, аялах, соёлтой амрахад таатай. Төлөвлөгдөөгүй зарлагаас болж таны түрийвч нимгэрэх тул арвич хямгач бай. Сарын дундуур сүүлийн үеийн хичээл зүтгэлээ өвчин зовлонгүй байхын төлөө ашиглах хэрэгтэй ба өдөр тутмын нэг хэвийн ажил тань амжилтад хүрэх цаг болсон. Хайрттайгаа хамт өнгөрүүлэх цагаа ихэсгэ. Хэрвээ та борлуулалтын ажил хийдэг бол өнөөдөр багагүй хэмжээний борлуулалт хийж магадгүй байна. Сарын сүүлээр хайр дурлалт хосууд бусдын нөлөөнд автаж бие биенээ гомдооҗ болзошгүй тул сэтгэлээ онгойтол сайн ярилцахыг зөвлөж байна.

Охин

Сарын эхээр сэтгэлээр унах мөн хувийн амбиц хөөсний хэрэггүй. Ажлаа дуусгах хугацаа дөхөж та маш их сэтгэлийн дарамтанд орж болзошгүй тул хийж байгаа зүйлдээ анхаарал болгоомжлолоо сулруулахгүй байхыг хичээ. Тогтонги байдал нь ямар нэгэн эргэлзээтэй байдлыг үүсгэхгүй байх болно. Сарын дундуур магадгүй, танд хэн нэгэнтэй өөрийн сэтгэл санаагаа хуваалцах болон өөрийн асуудлыг ярилцаж хэлэлцэн сэтгэлээ онгойлгох хүсэл ихээр төрж мэднэ. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяналтандаа байлгаж, хэн нэгний хүсэлт гуйлтыг биелүүлэхээс татгалзахгүй, мөн хэн нэгнийг гомдоохгүйн тулд сэтгэл хөдлөлөө барьж байх хэрэгтэй. Сарын сүүлээр том наймаа хийх тусам нөхцөл байдал танд ашигтайгаар эргэнэ. Олон нийттэй харьцах, биеийн дасгал сургуулилт хийх, идэвхитэй амрах, зугаацаж цэнгэхэд нэн тааламжтай. Хэтэрхий их түншүүддээ найдаж болохгүй бөгөөд ойр дотнын хүмүүсээс тусламж ирэхийг хүлээсний хэрэггүй. Та хэрвээ бодлоготой ба болгоомжтой үйлдэл хийвэл бүх зүйл сайнаар шийдэгдэнэ.

Жинлүүр

Сарын эхэнд таны хувьд дотоод амьдралдаа томоохон шийдвэр гаргахад таатай байна. Боломжийг бүү алдаарай. Ажил бизнесээс ахиухан ашиг орлого орж ирнэ. Таныг илүү хүчтэй чин сэтгэлийн хүсэл тэмүүлэл нөмрөн авна. Мэдрэмжтэй байдал нь сэтгэл санаанд эергээр нөлөөлнө. Аливаа нэг салбарыг чиглэсэн сонирхол, сониуч зан тань амжилт олох гол үндэс суурь болж өгөх юм байна. Шинэ танилуудаас хол бай. Шинэ холбоо ирээдүйд олон асуудлыг авчрах болно. Удирдлага болон хамтрагчийнхаа харилцаанд анхаарал тавихыг зөвлөж байна. Онцгой хэн нэгний нөлөөн дор байх хүмүүс бүтээлч ажилд анхаарлаа хандуулах мөн хүмүүжилдээ анхаарах болно. Ажлын асуудалд овсгоотой, самбаатай ханд. Аливаа зүйлд бүтээлч хандах нь таны хувьд азтай байна. Тэд өөрийн бүтээлч санаагаа бодит болгож чадна.

Хилэнц

Сарын эхээр албан тушаал ахих, нөлөө бүхий хүмүүстэй ажлын талаар санал тавих, ахлах ажилтантайгаа харьцахад таатай. Ердийнхөөс хоёр дахин их хүч гаргаж байж, гэрээ хэлэлцээр байгуулж, холбоо харилцаагаа сэргээх төлөвтэй. Шинэ санаа, санаачлагын ачаар орлогын нэмэлт эх үүсвэртэй болох магадлалтай. Уран бүтээл туурвих, дуртай зүйлээ хийж байхдаа нээлт хийх буюу ашиг олох санаа төрнө. Шинэ санаа эсвэл шинэ стратеги төлөвлөлт, ажил хэргийн уулзалт мөн гэрээ хэлэлцээрт амжилттай байна. Адал явдлын давлагаанд орж шинэ сонирхолтой соргог зүйлс рүү умбах болно. Эндээс та таашаалыг мэдрэх болно. Сарын дундуур таны энерги, амьдралын эрч хүч маш сайн байна. Дасал болсон ажил үүргээ биелүүлэхдээ хэвийн бус хандлагаар хандах, этгээд сонин үйлдэл хийж олныг алмайруулж мэднэ. Оддын таатай байршлын нөлөөгөөр арилжаа наймаа бүтэмжтэй байхаас гадна ямарч ажлыг эхлүүлсэн амжилттай дуусгана. Соёл урлаг мөн шинжлэх ухааны хүрээнд амжилт үзүүлнэ.

Нум

Сарын эхэнд та маш чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Магадгүй яаралтай олон ажил гарч, олон асуудлыг зэрэг шийдвэрлэхэд хүрнэ. Ихэнх таагүй зүйл өөрөө цагийн аясаар алга болно. Гэрээ хэлцэл болон ажлын хамтрагч, удирдлагуудтай харилцах харьцааг эргэж харах хэрэгтэй. Таны ажиллах чадвар олон хүний атаархлыг төрүүлнэ. Удирдлага болон хамт олонтойгоо үл ойлголцол үүсч болох юм. Өөрийн дутагдалд шүүмжлэлтэй хандах, хамтрагч нартаа өндөр шаардлага тавихаас татгалзах нь бүх үл ойлголцлыг шийдэх болно. Бүтээж туурвих, урлах, уран сайхны ажилд оролцоход таатай. Ялангуяа бүтээж туурвих чиглэлийн ажил эрхлэгч хүмүүс амжилтаар дүүрэн байх ба аливаа уулзалтууд үр дүнтэйгээр төгсөнө. Тооцоонд алдаа гаргах, мэдээг буруу дүгнэх нь гэнэтийн зардал гарах, мэргэжлийн үйл ажлын хүрээнд ноцтой асуудлууд үүсэхэд хүргэх юм. Таны санхүүгийн чадвар багагүй муудна.

Матар

Сарын эхэнд ашигтай төсөл төлөвлөгөөнд хэрэглэж болмоор бага бус хэмжээний мөнгө хүлээн авах магадлал өндөр байна. Гэхдээ хамгийн түрүүнд бусдаас хамааралтай байдлаасаа гарахыг хичээх хэрэгтэй. Төлөвлөснөөс хол давсан зүйлийг хийх нь тохиромжгүй байх ба эргэн тойрныхонд тусламж үзүүлэхээс татгалзах хэрэггүй. Харин сарын дундуур өөрчлөлт, шинэчлэлт, холбоо харилцаа, шинэ учрал, уулзалт, хамааралтай байдлыг үүсгэх зэрэг үйл явдлууд тохиох бололтой. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд тийм ч амар биш байх бололтой. Ашиг орлого олох магадлал өндөр байх ба бүр эрсдэлтэй салбарт хийсэн хөрөнгө оруулалтаас ч ахиухан хэмжээний ашиг авах боломжтой. Шийдвэрлэвэл зохих асуудлуудыг маргааш гэж хойш тавих шаардлагагүй. Энэ сарын сүүлээр хувийн амьдралаа дээшлүүлэх боломж гарч ирэх магадлал өндөр байгаа учир үүнийг анзааралгүй дэргэдүүрээ өнгөрүүлж болохгүйг анхааруулж байна. Эрч хүчтэй байдал, шаргуу зан чанар тань ажлын үр дүнд эерэгээр нөлөөлнө. Хайр сэтгэлийн адал явдалд орооцолдон хэн нэгний сэтгэлийн учгийг хөндөх бололтой. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү их хамааралтай. Бодит амьдрал таны дотоод ертөнцөд бага багаар нөлөөлж эхэлнэ.

Хумх

Сарын эхний энэ үед амьдралын урт хугацааны төлөвлөгөөг ихээхэн томоор засах, эсвэл шинэ албан тушаал авах, үгүй бол шинэ сонирхолтой ажилтай холбоотой зүйл болно. Ойрын ирээдүйд өрнөж байгаа үйл явдлууд нь таны хүссэнээр болохгүй байж магад. Түншийн талаас дутуу ойлгосонтой эсвэл хуурталт зэрэглээт байдалтай холбоотой онцгүй мэдээ ирж болно. Ажил нь сайн үр дүн үзүүлж таны ажил хэрэгч чанарыг анхаарч үнэлнэ. Одод нь санхүүгийн асуудалд амжилт ба эв найрамдал харилцан ойлголцол амлаж байна. Ажил хэргийн түншүүдтэйгээ ирүүн дориун харьцах нь мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Мэргэжлийн ажил дээр гарсан алдаа, асуудлууд таны бүх цагийг барах төлөвтэй. Эрсдэл бүхий асуудлаар даргатайгаа зоригтой уулзаж болох бөгөөд ажлынхаа хэлбэрийг еөрчилж эсвэл шинэ түншийг хайж олно. Аялалаар явах, хол зорчиход таагүй.

Загас

Энэ сард улсын албанд байгаа хүмүүс өөрийн үүрэгт ажилд анхааралтай бай. Зүрх сэтгэлээ өгөх, өөрийн нэр төрийг хайрлах зорилгодоо хүрэхийн тулд бүх хүндрэлийг давж амжилтыг авчрана. Од гаригсын таагүй байрлал нь их хэмжээний гарз хохирлыг учруулж мэдэх тул ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх, том хэмжээний худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж байна. Магадгүй дарга, удирдлагатай үл ойлголцол үүсч мэдэх бөгөөд таныг ажлаас халах, аль эсвэл урьдын нөхцлийг хүлээн зөвшөөрч ажилдаа үлдэх эсэх нь гагцхүү өөрөөс тань шалтгаална. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт гарч мэднэ. Та хайрын харилцаа болон нийгэмд эзлэх байр суурийн хоорондох зөрчилдөөнийг шийдэх хэрэгтэй. Хувийн болон ажил хэрэгч болзоо, чухал бичиг баримт бүрдүүлэх эсвэл хэрэг бүхий улсуудтай танилцах нь ихэнх цаг хугацааг авна. Хөнгөн хялбар аргаар ашиг орлого олох тухай ажлын саналыг хүлээн авах гэсний хэрэггүй. Өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө шинэчлэхийг хүсэж, ихийг хийсэн хэн бүхэнд хийсэн бүхнийхээ төлөө магтаал сайшаал, хүндлэлийг хүлээх цаг мөч ирэх нь дамжиггүй.