Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Тэтгэврийн мөнгө гэдэг нас барагсдад олгодог тэтгэмж болж хувирах уу” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн
дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе. Өчигдөр Баянзүрх
дүүргийн Амгалан амаржих газар үүдээ нээв, Ш.Дулмаа гуайн Алтан зул дуунд
зориулж хөшөө босгов, УИХ-ын намрын чуулган нээлтээ хийв. Эдгээр үйл явдлыг
сурвалжилж, нэгдүгээр нүүртээ огцоллоо. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн асан
Батж.Батбаярын ярилцлагыг уншаарай. Улс төрийн хамгийн халуун улирал эхэлж улс
төрийн хүрээнд үйл явдлууд өрнөж байна. УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр 2012
оны сонгуулиас бууснаасаа хойш олны өмнө ил гарсангүй. Гэхдээ улс төрийн өрнөж
буй үйл явдлыг гаднаас нь харж, дүгнэсэн нь лавтай. Хоёр, тавдугаар нүүрээс
уншаарай. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог
гуравдугаар нүүрт “Тэтгэврийн мөнгө гэдэг нас барагсдад олгодог тэтгэмж
болж хувирах уу” нийтлэл хэвлэгдлээ. Саяхан гарсан нийгмийг цочроосон
балмад хэргүүдийг гэмт хэргийн мөрөөр сурвалжлан долоо, 11 дүгээр нүүрт
хэвлэлээ. Амьдрал ямар сайхан гээч номыг бичсэн Японы зохиолч Ототакэ
Хиродататай хийсэн ярилцлагыг уншихыг хүсвэл 12 дугаар нүүрийг сөхөөрэй. Эдгээр
болон бусад цаг үеийн мэдээллүүд, сонирхолтой ярилцлагуудыг өнөөдрийн дугаараас
уншаарай.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрвээ ажлыг сайжруулснаар нь үнэлдэг бол?

Монгол Улсын хүний гавьяат эмч Зэвэгийн Мэндсайхантай хийсэн ярилцлага.


-Мэндээ эмч ажлаа өгчээ. Халагдах өргөдлөө өөрөө өгсөн байх юм. Хална гэхээр үгүй гэж зүтгээд, шүүхдээд эргэж томилогдоод, ядаж ажилгүй үеийнхээ цалинг нөхөж аваад байдаг болсон “сайхан” цагт яасан сонин явдал вэ гэж…

-Цэргийн албанд байтал Сайдын зөвлөл ажлын тайлан хэлэлцэнэ гэж дуудлаа. Уул нь тайлан хэлэлцэнэ гэдэг нь тодорхой хугацаатай, өөрийн дүрэм журамтай эд. За энэ ч яахав гээд чөлөө аваад очлоо.

-Галзуурахад ч дэс дараа байдаг гэгчээр тайланд хугацаа байдаг гэдгийг ойлгож байна. Харин өдий насны хүн “цэргийн алба ч гэх шиг”, “чөлөө аваад ч гэх шиг” юу ярьчихаваа.

-Би армид алба хааж байгаад бэлтгэлээр халагдсан ахлах офицер, өнөөдрийн байдлаар бэлтгэл хурандаа хүн л дээ. Монгол Улсын хуулиар дуудсан цагт бэлхэн байж, цугларалтад очих үүрэгтэй. Энэ л үүргийнхээ хүрээнд цугларалтад дуудагдан татагдаад байтал Сайд дуудсан. Эрхбиш энх цаг юм хойно чөлөө аваад очсон хэрэг. Гэтэл эмнэлгүүдийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт гэдэг юмаа хэлэлцээд хамгийн муу үнэлгээтэй хоёр эмнэлгийн тоонд манайхыг оруулаад ирлээ. Ингэнгүүт л “За өнөө гуя дагуулж хүзүү зарна” гэгч л болж байна гэж бодогдоод суулаа. Мэргэжлийн хяналтын газрыг төлөөлөн Сайдын зөвлөлд нэг гишүүн асууж байна аа -“Энэ үнэлгээнд мэргэжлийн хяналтын үнэлгээг харгалздаг уу?” гэж. Яамны Хяналт үнэлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Оюунсүрэн гээч охин: “Мэргэжлийн хяналтын үнэлгээг харгалздаггүй” гэж тууж байна. Би тун их гайхаж суулаа. Мэргэжлийн хяналтын агентлагаас эмнэлгүүдийн чиглэлээр явуулж байгаа чанарын хяналтын үйл ажиллагааг яам нь байгууллагуудынхаа ажлыг дүгнэхэд хэрэглэхгүй юм бол яах гэж энэ том агентлаг байгаа юм бол гэсэн асуулт гарна.

Олоон жилийн өмнөөс яамдууд харьяа байгууллагуудаа үнэлэх дүгнэх нь өрөөсгөл субъектив хандлагатай байна гээд улс төрийн шийдвэр гарч хөндлөнгийн үнэлгээ шалгалт хийж байхаар Улсын мэргэжлийн хяналтын газар гэх энэ том агентлагийг байгуулаагүй бил үү? Эмнэлгүүдийнхээ магадлан итгэмжлэлийн дүнг ч бас харгалздаггүй байх нь гэсэн шүү юм бодож суулаа. Сайдын зөвлөлийн бас нэг гишүүн асууж байна аа. Жилийн өмнө гэмтлийн эмнэлгийн удирдлага хэд хэд солигдоод яаж хямарч байлаа. Гэтэл жил гаруйхан хугацааны дараа тогтворжиж эхэлж байна. Тэгэхээр энэ байгууллагыг тогтвортой ажиллаж байсан бусад том, бага байгууллагуудтай “нэг шүүр”-ээр үнэлж болж байгаа юм уу? гэхчилэн асуусан боловч олигтой хариулт хэн нь ч өгч чадсангүй. Том, бага аливаа эмнэлгийн гол ажил нь эмчилгээ, үйлчилгээний ахиц дэвшил.Үүний түвшинг Мэргэжлийн хяналтын агентлаг болон эмнэлгүүдийн магадлан итгэмжлэлийн дүнгээр тогтоодог. Магадлан итгэмжлэл нь ирж үзээд дөрвөн жилдээ ажил үүргээ дажгүй гүйцэтгэнэ гэсэн үнэлгээ өгөөд удаагүй байдаг. Ер нь олон улсын практикт энэ магадлан итгэмжлэл гэдгээр үнэлэгдсэн байвал уг байгууллагад гадаад, дотоодын аль ч хэрэглэгч итгэлтэй хандаж болно гэсэн үг л дээ. Нэг, хоёр жилээр эргэж үзэхээр хугацаа өгвөл энэ байгууллага бас жаахан “но”той засч сайжруулах юмтай л гэсэн үг. Бас л нэг хөндлөнгийн үнэлгээний хэлбэр. Эмнэлгийн ажлын үзүүлэлт нь хоног болоогүй нас баралт, хэвтсэн өвчтөний тоо, сайжирсан, нас барсан өвчтөний тоо, дундаж ор хоног, орны эргэлт гээд дэлхийн стандарт болсон өдий төдий статистик үзүүлэлт нь гэмтлийн эмнэлгийн хувьд ноднингийн эхний хагас жилээс сайжирч гарсан байдаг. Гэтэл энэ гол үзүүлэлтээ харгалздаггүй юм байна. Тэгээд эдгээр ажлыг нь “монитор”-дож байдаг мэргэжлийн хяналтын үнэлгээ, магадлан итгэмжлэлийн үнэлгээгүйгээр дүгнэнэ гэж байх уу? Тэгээд л зориуд зохион байгуулалттайгаар миний эсрэг хийж байгаа ажил болох нь ойлгомжтой болж ирлээ. Гаргасан үндэслэл нь бүтэмжгүй болоод ирэхээр “манлайлал” энэ тэр гэж хүртэл ярьсан…

-Ажил бол сайн байсан гэх гээд байна уу?

-Хэрвээ эмнэлгийн ажлыг нас баралт, эндэгдлийн тоо мэтийн дээрх үзүүлэлтүүдээр үнэлсэн бол энэ хамт олны ажил сайн байсан. Энэ тоог хаанаас ч харж болно.Энэ жил гаруйн хугацаанд Франц-Монголын засгийн газар хоорондын гэрээгээр 4,5 сая ёврогийн өртөг бүхий оношилгооны болон мэс заслын багаж хэрэгсэл, хүчилтөрөгчийн үйлдвэр зэргийг энэ хамт олон эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж цаг хугацаанд нь суурилуулсан. Хүчилтөрөгчийн үйлдвэрийг байшинг нь барьж зэс хоолойгоор сэхээний тасгийн ор болгонтой холбож үйлдвэрийг гуравдугаар сар гэхэд суурилуулснаар сар тутам таван сая гаруй төгрөгөөр хүчилтөрөгч худалдаж авдаг байсан зардлыг хэмнэж чадсан.

-Ажлын цаг, үр ашиг гэдэг хоёр ойлголтын нэгдэл их чухал гэж ярьдаг.

-Хүмүүс ажилдаа цагтаа ирэх нь байгууллагынхаа өмнө хүлээж байгаа хариуцлага. Харин цагтаа гэртээ харьж байх нь ажилтныхаа өмнө байгууллага өөрөө хүлээх хариуцлага. Ийм учраас ажлын цагийг баримтлах ба түүнийг үр ашигтай байлгах асуудал бол менежмэнтийн гол хэсэг.

Олон жил ашиглаж чадаагүй байсан өргөтгөлийн барилга дахь хоёр хагалгааны өрөөг стандартын шаардлагад нийцүүлэн засварлаж ашиглалтад оруулснаар 21-22 цаг болж байж хагалгаа дуусдаг байсныг ажлын цагтаа дуусгадаг болсноор ажиллагсдаа цагт нь тарааж чаддаг болсон, олон сая төгрөгийн илүү цагийн мөнгө хэмнэж чадсанаас гадна хагалгааны өрөөний хэт ачааллыг бууруулж эмнэлгийн доторхи халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж чадсан. Угаалга ариутгалын өндөр үнэ бүхий орчин үеийн машинуудыг өрөө тасалгаа болгонд нь засвар өргөтгөл хийж суурилуулж бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан.Бараг бүх тасгууд өөр өөрсдийнхөө хуримтлалаар олон арван сая төгрөг босгож тасгуудаа тохижуулж засч чадсан.

Ялангуяа хүүхдийн тасгууд /эрхлэгч Б.Жаргалсайхан, М.Болдбаатар/, түлэнхийн тасаг /эрхлэгч Галбадрах/сэхээний тасаг/ Ж.Батмагнай, Түмэн Өлзий/ онцгой идэвх санаачилгатай ажилласан. М.Болдбаатар эмч санаачлан Японы өвсний үндэс хөтөлбөрөөр бүхэл бүтэн тасаг тохижуулахад хүрэлцээтэй эмнэлгийн ор каталка захиалсан нь хэзээ мөдгүй буух дөхөж байна. Түлэнхийн тасгийн эрхлэгч Галбадрахын санаачилга идэвхтэй хөөцөлдөөний дүнд Солонгосын Хюндай корпорациас санхүүжилт олж тасагтаа 100 гаруй сая төгрөгийн эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлуулж чадсан.

Хэрвээ байгууллагын ажлыг ашигтай ажилласан, хэмнэснээр үнэлдэг бол манай эмнэлэг шиг ашиг орлоготой ажиллаж ирсэн нь цөөн байх.Ганцхан жишээ дурдахад: Мөнгөн гүүр гэдэг эмнэлэг дээр сард улсын төсвөөс 29 сая төгрөгөөр түрээслэж, өдөр тутмын телевиз, радиогоор “цоллуулж” байсан Түлэнхийн тасгаа бид үр дүнтэй менежмэнт хийж байж, мөн бүтэн хоёр сар эмнэлэг дээрээ “субботник” хийж байж гурвын гурван тасгийг засварлан шилжүүлэн байрлуулж байж эмнэлэг дотроо оруулж багтаасан. Одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Үр дүн нь төсөв хүнд үед бид улсын төсвөөс 400 гаруй сая төгрөг хэмнэж чадсан. Энэ үр дүнг 2014 оны ажил дүгнэхэд хэн нь ч ойлгож ач холбогдол өгөөгүй. Байгууллагуудынхаа ажлыг “цаасан буу”-гаараа л дүгнээд өнгөрсөн. Би ч тэгэхэд нь олон юм хэлээгүй. Сүүлд нэг хурал дээр улсын төсвийг 400 сая төгрөгөөр хэмнэснийг ярилцахад Шийлэгдамба сайд сонсоогүй явж байсан..Өөрсдийн орлогоор Тэрбум 200 сая төгрөг хуримтлуулж төрийн санд тушаасан.Энэ орлогын багагүй хувийг түрээслэгч байгууллагуудаас оруулсан байгаа.

Хэрэвээ сайн менежмэнт хийж захиргааны аппаратыг боловсронгуй, үр ашигтай болгосноор хэмждэг бол бид сайн ажилласан. Албан тушаалтай болгон нэг нэг өрөө эзэмшиж байсныг болиулж, японы ажлын байрны зарчмаар нэг танхимд төвлөрүүлснээр эмчилгээ үйлчилгээний ямар их боломж, талбай гарсныг манайхан хэлээд өгнө. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд бараг 100 эмч сувилагчдийг гадаад дотоодод богино хугацааны сургалтад хамруулж чадсан. Тийм ээ, энэ хамт олон муу ажиллаагүй, атгасан гар шиг нэгдэлтэй зүтгэлтэй байж энэ том ажлуудын ард гарсан даа. Тиймээс энэ 600-гаад хүний ажлын салбартаа байтугай өөрөө “нялх” охин, сайдынхаа амаар гутааж хамт олныг доромжилсонд би бухимдсаан. Үнэн.

-Хэвлэлээр таныг ажлын байрны түрээстэй холбоотой асуудлаар буруутгасан мэдээлэл тарааж байсан.

-Та нар анзаарсан бол ажлаа өгсний дараа Эрүүл мэндийн яамнаас тараасан мэдээлэлд намайг өөрийн хүмүүсээ тийш нь оруулсан мэтээр гүтгэсэн байгаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэлээ гэгчээр манай сайдын албатууд дотор эмнэлэг рүү утасдаад лавлачих сэхээтэй амьтан байгаагүй бололтой. Үнэн хэрэгтээ би тэнд томилогдож очоод тэнд байсан нэг ч газрын хэрэгжиж байсан гэрээг нь цуцлаагүй. Сайн ч, муу ч ажил олгогч,цаанаа өдий төдий хүн тэжээж, бас татвар төлж яваа аж ахуйн нэгжүүд. Би хувийн секторт мундахгүй олон жил ажилласан тул мөнгө яаж бий болдгийг яс махаараа мэдэрч ойлгосон хүн. Хэвийн үйл ажиллагаагаа явуулаад болоод байгаа, татвараа төлөөд явж байгаа хүмүүсийн ажлыг нураагаад хэрэггүй гэж үзсэн. Тэрийгээ хэлээд гэрээний сахилгаа л сайн мөрдөхийг үүрэгдсэн. Зарим нь намайг очихоос арваад жилийн өмнө ч орсон газрууд байгаа. Тэр, өөрийнхөө эмийн санг байгуулсан гээд байгаа нь ч оргүй худал. Сая яамаараа, сайдтайгаа десант бууж ирж шалгасан гэсэн.Эмнэлэгт түрээсээр ажиллаж байгаа аптекуудад Монг-Эм ХХК-ийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн монгол эм тан нэг ширхэг ч байгаагүйг нүдээрээ үзээд явсан байна лээ. Цайны газраас эхлээд эмнэлгийн үйлчилгээг дагасан үйлчилгээ л шүү дээ. Тэрнээс биш баар, ресторан, их дэлгүүр тэнд байна гэж үгүй. Энэ үнэнийг мэдэнгүүтээ л сайд нь сонгон шалгаруулалт хийгээгүй оруулсан байна гээд л телевизээр яриулж байна.Аль ч эмнэлэг дээр түрээсээр ажиллаж байгаа хувийн аж ахуйн нэгжүүдэд хэзээ ч сонгон шалгаруулалт хийгдэж байгаагүй юм байна лээ. Харин намайг очсон даруйд тэрийг нь ч гаргах энийг нь ч гаргах хүсэлт шаардлагууд ирж байсан. Энэ эмнэлгийн дүрэм журмыг зөрчөөгүй л бол энэ аж ахуйн нэгжүүд хэнд гай болоод байгаа юм, ажлаа хийж л байг гэсэн. Түрээслэгчдийг дуудаад гэрээний үүргээ чанд биелүүлж байгаа нөхцөлд энэ эмнэлгийн эрхтэн дархтан, эмч ажиллагсад та бүхнээс “нэг аяга хоол ч үнэгүй дарамталж идэх” эрх байхгүй шүү. Хэн нэгэн их бага хэмжээгээр дарамталбал шууд нэртэй устай нь над дээр авчраарай гэж ч хэлж байсан. Түрээслэгчид миний энэ үгийг бүгд санаж байгаа гэж бодож байна. Гэмтлийн эмнэлэг дээр түрээсэлж байгаа байгууллагуудаа сонгон шалгаруулалт хий гэдэг үүргийг сая долдугаар сараас хойш АТГ тус эмнэлэг дээр шалган туслах, соён гэгээрүүлэх ажлаар ирэх үедээ зөвлөмж болгож өгсөн. Энэ дагуу сонгон шалгаруулалт нь яваад дууссан одоо бодвол шийдвэр нь гараа биз. АТГ гэснээс миний ажлыг авсан оройгоо яамныхан 25-р телевизээр, Мэндсайхан дарга АТГ-д шалгуулж байгаа, 11 газрыг түрээсээр оруулсан байсан учир ажлаас өөрчилж байгаа юм гэсэн утгатай гүтгэлэг цацсан. 25-р телевизээс асуухад ЭМС Яамнаас өгсөн захиалгат нэвтрүүлэг байсан гэсэн ам тайлбар өгсөн дөө.

Уг нь АТГ-ын зуны үзлэг бол өөрсдийнхөө графикийн дагуу л эмнэлгүүдээр хийж байгаа төлөвлөгөөт ажил гэсэн. Одоо ч дараа дараагийнхаа эмнэлгүүдээр хийж л яваа биз.Тэд танайх гайгүй байна аа. Зарим нэг тушаал дээр чинь хүчингүй болсон тушаалын номер байна. Уг нь яам чинь ийм ийм тушаалууд хүчингүй болсон гэдэг мэдээллээр эмнэлгүүдээ хангаж байх ёстой юм. Энэ тэрээ засаарай гэсэн зөвлөмжөө өгсөн.Энэ зөвлөмжийг одоо хэн ч үзэж болно Түрээсээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүддээ хууль биелүүлэх үүднээс сонгон шалгаруулалт хийх үүрэг өгөөд есдүгээр сарын 1 гэхэд хийсэн ажлаа эргэж тайлагна гэсэн үүрэг өгсөн. Бид ч тайлангаа хүргүүлсэн, одоо хариугаа авсан биз.

“Мэндсайхан даргыг АТГ шалгасан юм огт байхгүй” гэж надаас ажил хүлээж авсан ГССҮТ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч Бат-Оргил эмч хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн гэсэн.Нэвтрүүлгээр гарахдаа утга нь өөрчлөгдөж монтажлагдаад гүтгэлгийн чанартай болсон байсныг бүгд л үзсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүд хэн нь хэзээ, хэний үед энд ажиллаж эхлэснийг хэлэлгүй зориуд орхигдуулж байна л даа Тэртэй тэргүй хамт олон нь хэзээ хэрхэн орсныг нь нэгд нэгэнгүй мэдэж байхад ингэж гөрдөх нь өөрсдийгөө л хэн гэдгээ харуулчихлаа. Хүмүүс өөрийн бодолтой.Хуучин шиг сайд л үнэн байх ёстой гэж итгүүлдэг, итгэдэг үе маань өнгөрөөд 25 жил болчихоод байна шүү дээ. Хэрвээ гэмтлийн эмнэлэгт хүний эрүүл хөлийг тайрлаа гэж гөрдөөд баригдах дээрээ тулахаар” нээрээ тэгсэн, гучин жилийн өмнө болсон явдал” гээд байвал ямар байх вэ, тийм юм.

Ажил үйлчилгээ ажилтан авах журам сонгон шалгаруулалт дээрээ тулах юм бол сайдын өөрийн эргэн тойрны чухал албан тушаалтны хэд нь хууль зөрчөөгүй томилогдсон болохыг асуувал харин ч хариулт гарч ирнэ…

-Монхимо гэдэг компаниар эмнэлгийн байрыг нураалгаж өөрөө тасаг нээх гэж байсан ч гэх шиг юм яригдсан байсан.

-Монхимо компани ясны сийрэгжилтийн лаборатори байгуулах, хэвтэж байгаа өвчтөнийг үнэгүй үзэж өгөх, амбулаторийн өвчтөнг хөнгөлөлттэй үнээр үзэж оношлож өгөх нөхцөлтэйгөөр нэлээд том талбай түрээслүүлэх санал тавьсан юм. Гэвч эмнэлэгт тийм том талбай олдоогүй, манай өвчтөнүүд Мөнгөн гүүр эмнэлэг рүү явган нүцгэн цувж мөнгө төлж үзүүлдгийг нь “нэг цэгийн үйлчилгээ” болгох санаатай, хүлээн авах яаралтай тусламжийн дээр байдаг дөрвөн баганыг шилэн витринээр үзэмж төгс бөглөөд шатаа хийж заал болгон түрээслэх, гэхдээ ТӨХ-ны зөвшөөрөл болон барилгын шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг өгөөд хамтран ажиллах гэрээ хийгээд амралтаа аваад явсан. Амралтаас буцаад иртэл эмнэлгийн дээр энэ компани ажлаа эхэлсэн, эмнэлгийн зааж өгсөн тэр хэсгийг буулгаж байсан. Юу хийж байгааг асуутал барилгын экспертүүд барилгын энэ хэсэгт цууралт үүссэн бөгөөд дээврийн хэсгийн 200 тонн тоосго бетонон хэсгийг бид өөрсдийн зардлаар буулган хөнгөлж 50 тонн болгож байгаа юм гэсэн хариулт өгч байсан. Гэвч удалгүй захиргаанаас өгсөн чиглэлээс тэс өөр, дураараа загнан жижиг байшин барих гэж байсан нь илэрсэн тул захиргааны зөвлөлийн хурлаар оруулж хохирол барагдуулах үүрэг өгөн гэрээг цуцалсан даа. Олон арван шийдэл шийдвэр гаргаж байсны доторх нэг алдаа, хүнд итгэснээс болсон миний алдаа байсан. Гэвч эмнэлгээс нэг ч төгрөг гаргаагүй, цууралтыг зогсоох, барилгын ашиглалтыг сайжруулсан эсэхийг цаг хугацаа харуулах биз.

-Түрүүн нэг манлайлал энэ тэр гэх шиг болсон.

-Манлайллаар тааруу байна гэж сайд хэлсэн. Манлайлал гэдэг бол ХХ зуунд хувьсгалт нам, хувьсгалт залуучуудын эвлэлийн амьдралд бий болсон ойлголт. “Намын гишүүний манлайллын шалгалт ирсэн”, “Аймгаас ирсэн төлөөлөгч эвлэлийн гишүүдийг шалгаж байна” гэхчилэнгийн хэллэг байсныг тэр үеийнхэн мэднэ. Царайлаг залуухан эмэгтэй гишүүний манлайллыг илүү “нухацтай” шалгадаг төлөөлөгчийн тухай жиг жуг ч бишгүй байсан, энэ ч энд ямар хамаа байхав.

Орчин үед англи хэлний Leadership хэмээх үгтэй дүйцүүлэн хэрэглэх болсон энэ үгийн утга нь тухайн цагтаа арай ондоо байсан. Намын даргадаа долгиносон, салбарынхаа удирдлага руу “шовгор” барьж гүйсэн, хийж бүтээхээсээ илүү сүржигнэж давхисан, “хувьсгалт сонор сэрэмж” нэрийн дор хавь ойрынхноо хардаж парнойтсон, найз нөхдөө матаж сүйдэлсэн, “Монгол-зөвлөлтийн найрамдалд үнэнч” нэрийн дор хүн амьтныг хэрэг түвэг рүү түлхсэн сэнтэгтэй амьтны нэр л байсан шүү дээ.

Харин орчин үед манлайлал гэдэг нь зөв зохион байгуулах чадвар, удирдсан газраа үр ашигтай байлгах авьяас, хамгийн гол нь ёс суртахууны хувьд үлгэртэй байх гэж л ойлгосон, шинэ цагийн манлайлал буюу Lead­ership гэдэг үгийг.

Хуучныхаар бол удирдах ажил, өнөөгийн ойлголтоор мэнэжмэнт гэдэг надад цоо шинэ зүйл ч биш. Гуч хүрээгүй байхдаа л эмчээ хийхийн хажуугаар их бага хамт олныг удирдаж, очсон газар болгоноо өөд нь татаж босгож явсаан. Дөнгөж төгсөөд УКТЭ-д дотрын эмчээр ажиллаад гурван жил болж байхад Сайд нарын зөвлөлийн тусгай тогтоолоор 1980 оны шинэ жилийн маргаашнаас Цэргийн госпиталд хэдэн нөхдийн хамт томилогдож дотрын тасгийн эрхлэгч, дотрын зөвлөх, Армийн дотрын зөвлөх зэрэг албыг 1991 он хүртэл хашиж явлаа. Үндсэн ажлын зэрэгцээгээр ходоод гэдэс уушгины уян дурангийн шинжилгээг анх удаа Армийн Клиникийн Төв Эмнэлэгт нэвтрүүлж байв.

1990 оноос дотрын зөвлөхийн албатайгаа хавсруулан Уламжлалт Анагаах Ухааны тасгийг байгуулан улмаар пүүс компани болгон өргөтгөн зохион байгуулсан нь өдгөөгийн Эмчилгээ судалгаа үйлдвэрлэлийн Монгол эмнэлгийн Монг-Эм ХХК. УАУ-ны 200 гаруй нэр төрлийн эм тан өөрсдөө үйлдвэрлэдэг, оношилгоо эмчилгээ, судалгаа явуулдаг, жилд 1000 гаруй хүн хэвтэн зөвхөн Дорно дахины уламжлалт аргаар дагнан эмчилгээ хийлгэдэг ийм цогц байгууллага байгуулсны төлөө 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор шагнуулж байв.

ГССҮТ-д ч тухайн үеийн ЭМЯ-ны удирдлагуудын хүсэлтээр, олон дарга солигдсон, бослого хөдөлгөөн гарсан хүнд үед нь ирж байв.Даалгасан ажлыг нь нүүрийг нь улайлгахгүйгээр хийх итгэл зүтгэл өвөрлөн нэг жил дөрвөн сар гаруй зүтгэлээ.

2014 онд 10 хоног, 2015 онд үнэндээ 15 хоног л амарсан. Хэн нэг нь ажилдаа ор гэж дарамтлаагүй ч төсөв мөнгө байхгүй, дулааны болон цэвэр бохирын шугам олон дахин хагарсан,засварын төсвийг нь хассанаас компьютер болон MRI аппарат доголдсон, энэ айлыг энэ өвөл хөлдөөчихгүй, хоног тутам ирдэг ухаангүй хүнд өвчтөнүүдэд нь нэн чухал хэрэгтэй дээрх хоёр аппаратыг нь тасалдуулчихгүйн тулд л ажилдаа орж өөрөөс шалтгаалах болгоноо хийж ирсэн дээ. Байгууллагаа зөв удирдсан, зөв менежмэнтээрээ ашигтай үр дүнтэй ажиллуулсан хүнийхээ хувьд ёс сурталтай л байсан, эмнэлгийн хаалгаар халамцуу байтугай юм үнэртүүлчихсэн шагайсан удаа ч ядаж байхгүй.

Харин хувьсгал ёсны нам эвлэлийн манлайллаар бол яваагүй ээ, ажил хамт олон, яам тамгагүй мэднэ. МАХН-ын хүн сайд боллоо гээд Эрүүл мэндийн салбарт коммунизм байгуулна гэсэн үг биш байлгүй дээ.

-Ярилцлагын эхэнд гуя дагаж хүзүү ч гэх шиг юм болсон гэж нэг үг хэлсэн юуг юутай зүйрлэсэн явдал болохыг асууя гэж бодож байсан юм.

-Яг үнэндээ бол социализмын үеийн нам эвлэлийн манлайллаар ажилладаг андынхаа нэгийг л манай сайд аврах гэсэн, өөр бусад найз нөхдөдөө энэ суудлыг ямар ч аргаар хамаагүй авч өгөх гэснээс бүх юм үүдсэн. Тэрийгээ ч надад гуйх тулгах байдлаар хэлж шахаж байсан үе бий. Би тэгэхэд нь эмч болоогүй, хүн болж хүмүүжээгүй хүнийг би эмчилгээ эрхэлсэн орлогч гэдэг хамгийн чухал гал тогоон дээрээ тавьж чадахгүй ээ л гэдгээ хэлсэн..

Ер нь дээшээ зүүгдэж тогтдог хүний доод ажил нь нурдаг байхгүй юу даа. Тийм нэг андыгаа аврахын тулд, бас шахаасны хүндээ нэгхэсэг суудал бэлэглэхийн тулд “Энэ ганцаараа муу байгаа юм биш, хэд хэдэн газар муу байна” гэж харуулахын тулд золигт гаргах амьтан хайхгүй юу даа.

Тэр амьтнаа ганцааранг нь зодохоос халгаад “Харав уу, чи. Ганцхан чамайг балбаа юу” гэж өөрийгөө зөвтгөх байсан уу, “дутагдал хавтгайрсан учраас хамтдаа засахаас өөр аргагүй” гэж нийтэд нялзаах, хажуугаар нь шахаж байгаад зайлуулж нэг бус орон тоо гаргаж авах гэсэн арга л гэж үзэж байна.Түүнээс биш долоо хоногт 200 гаруй мэс засал хийдэг ийм том байгууллагыг геронтологийн төв, хүүхдийн сувилал, арьсны эмнэлэг/эднийг би муу байгууллага гэдэг утгаар зүйрлээгүй гагцхүү жингийн тавагны хоёр талд гэмтлийн эмнэлэгтэй зэрэгцүүлж тавьж болохгүй гэдэг утгаар хэрэглэснийг ойлгоно гэж бодож байна./ энэ тэртэй зүйрлэх аргагүй, ядахнаа орж гарсан хүмүүсийн тарьсан хог нь л гэхэд хэдэн зуу дахин их байдаг юм чинь.

Тэгээд хамгийн түрүүнд удирдах ажлаа сайн хийхийн оронд удирдах хүнтэйгээ сайн ажиллаж сураагүй мань мэт л бууны овоо хараанд орсон хэрэг.

Энэ санааг нь нэвт хараад миний дургүй хүрч халагдах өргөдлөө ширээн дээр нь орхисон. Өргөдөлдөө эрүүл мэндийн салбарын бодлого ноцтой алдагдсан учраас цаашид тэвчиж ажиллах боломжгүй болсноо тэнд дурдсан даа.

-Таныг сайн дураараа ажлаа өгсөн байтал араас чинь буруутгах шалтаг эрж давхиад байгаагийн учир юу юм бол,

-Эрүүл мэндийн тогтолцоог зөв голдрилоор явуулъя. Социализм ч биш капитализм ч биш нэг хурлийз бантан болчихоод яваа тухай, эрүүл мэндийн тогтолцоо эмнэлгийг улстөрчдөөс хол байлгая, даатгалын тогтолцоогоо өөрчилье. Эмнэлгүүдийн засаглалыг сайжруулъя, гэх мэтээр би сүүлийн 20-иод жил өөрийн үгээ хэлж нийтлүүлж яваа хүн. Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж яваагийн гол буруутныг миний бие Шийлэгдамба гэх этгээдээс хайгаад буруутгаад байгаа ч юм биш. Энэ амьтан махны машин ажиллуулах зэрэг олиггүй үйлээс өөр юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой атал “бөөсөнд хутга” гэгчээр сайн ч муу ч сайд гээд сууж байгаа учраас л энэ амьтанд хаяглаж бичсэн хэрэг.

Гэтэл энэ этгээд эрүүл мэндийн салбарт мундаг реформ хийж явахад нь би гэж нэг өчүүхэн бөөс таван үгтэй өргөдөл өгөөд хамаг нэр хүндийг маань унагачихлаа гэж эр бяраа гайхуулж байгаа ухаан нь энэ. Тавхан үгтэй өргөдөлд ингэж унаж үхэж байгаа бол өөртөө л гомдохоос. Өөрийн хийсэн, хийж явсан, хийж яваа муу үйл чинь таныг ийм болгочихсон юм биш үү. Харин энэ далимд миний бие эрүүл мэндийн тогтолцоонд бодлого ноцтой алдагдаж байгаа гэж үзэж яваагаа батлахын тулд сайд таныг хэвлэл мэдээлэл, телевизүүдийн өмнө нээлттэй мэтгэлцээнд урьж байна.Нэгэнт мэргэжлийн бус хүн гэдгийг чинь харгалзаад таныг яамныхаа бодлого тодорхойлж яваа гэгдэх “үүрэг гүйцэтгэгч” нартайгаа цуг ирж дэмжлэг туслалцаа авахыг тань зөвшөөрье. Хэдийд хаана хийх гэдгээ эрх барьж байгаагаараа та шийднэ биз. Миний хувьд өвгөн буурал толгойгоо мөрөн дээрээ ганзагалаад ганцаараа очих болно.Таныг ирэхгүй байсан ч би зөвөөр ойлгоно.

Харин энэ далимыг ашиглан Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог зөв горимд оруулах талаар санаа бодол үг хэлээ цээжиндээ хадгалан бухимдаж явдаг эрүүл мэндийн олон арван ахмад эмч, эрдэмтэд ,ажиллагсадтай ийм нээлттэй хэлцүүлгийг орон даяар хийж байхыг хувь хувьсгалын хэвлэл мэдээллийн олон ажиллагсад сэтгүүлчдэдээ уриалмаар байна. Энэ бол та бид “гэртээ” сайн эрүүл мэндийн тогтолцоотой байх уу эсхүл гадны сайн эмнэлэг рүү хэдэн бор төгрөгөө бариад гүйгээд байх уу(эмнэлгийн туршилт ч болж байгаагаа тэр болгон мэдэхгүй шүү дээ) гэдгээ шийдмээр байна.

Өнөөдөр мөхөс миний бодлоор хөгжсөн бас өндөр хөгжилтэй орнууд эмнэлгүүд хэдэн арван сая төгрөг хаян хаян монголын өчүүхэн зах зээлийг улам бүр эзэлж байна. Дэлхийн Банкны тооцоогоор монголчууд 700 тэрбум төгрөгийг гадаадын эмнэлгийн үйлчилгээнд зарцуулж байна гэсэн байдаг. Хамгийн харамсалтай нь эдгээр улсуудын зах зээлийн түрэлтэд хамгийн түрүүнд манай төрийн байгууллагын албан хаагчид хамрагдан оролцох болсон явдал. Эд ичих нүүргүйгээр гадны том эмнэлгүүдийн брокер болсон байна. Ийм л юмхнаар хүнийхээ үнэт зүйлсийг худалдаж чаддаг болсон байна.

Өнөөдөр улсын том эмнэлгүүдийн үүдэнд аль нэг улсын хандив тусламжаар авсан зарлалын самбарт тухайн эмнэлгийг биш тэр самбарын эзэн орныг, эмнэлгийг сурталчилсан реклам хөвөрч байгааг хүмүүс ажигладаг байх.

Би нэг аймагт ажиллаж явахдаа манай/ГССҮТ/ эмнэлэгт байсан нэг эмчээс сонин яриа сонсож билээ. Жижүүртэй хоносон нэг ахмад сайн эмч түүнд “хоёулаа жаахан ачаалалтай хононо оо” гэжээ. Гэтэл шөнө ч болж. Нэг өвчтөн хагалгаанд оруулж. Түүний гарыг залгах учиртай юм байж. “Чи сайн наркоз өгнө шүү. Би хийдгээ хийнэ” гэлээ. Учрыг бүрэн ойлгоогүй ярилцагч маань сонин мэс засал болох нь дээ гэж бодоод орж. Мэс засал 6-8 цаг үргэлжилж. Учир нь бүхэл бүтэн гар залгасан байна. Хагалгааны дараа өнөөх эмчлэгч эмч маань надад 800.000 төгрөг өгдөг юм байна. Гайхаж мэгдэж хартал “энэ чамд ногдох учиртай юм аа. Энэ хүний хагас тасарсан гарыг би өчигдөр салгаад хаячихсан бол над 30 минут л хангалттай байсан. Би сэтгэл гаргаад гартай нь үлдээж байгаа юм. Энэ хүнд мэс заслыг найман цаг хийлээ гээд, хүнийг гартай нь үлдээлээ гээд миний цалин өнөөх л “ТҮ” зэрэглэлээрээ л байна шүү дээ. Энэ бол гартайгаа үлдсэн иргэний баярласан сэтгэл. Хахууль биш шүү. Манай тогтолцоо иймээс хойш, би хүнээ гартай болгоод зохих ёсны урамшууллаа хүнээсээ л авч байгаа юм. Дүү минь цочирдох юмгүй ав. Систем нь ийм юм чинь чи бид хоёр баригдвал хоёулаа алуулна. Харин энэ хүнд бол өрөөсөн гараа тайруулаагүй эрхтэн бүтэн үлдэж байхад хоёр сая төгрөг юу юм бэ” гэсэн гэнэ…Тийм ээ, би ийм тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй гэж үзэж зүтгэж явдаг хүн.

-Таныг бас Гэмтлийн эмнэлэгт Уламжлалт эмнэлгийг нэвтрүүлж байгаа, өөрийнхөө үйлдвэрийн монгол эм танг Гэмтлийн эмнэлэг дээрх таван аптекаар борлуулдаг гэж буруутгасан байсан.

-Гэмтлийн эмнэлэгт надтай, надгүй уламжлалт эм тан зайлшгүй хэрэгтэй юм аа. Юу гэхээр аливаа гэмтэл бэртэл авахад гэмтсэн халуун гээч юм үүсдэг. Үүний хорыг дарахгүй бол цаашид гэмтлийн урхаг муу цус болж үүсдэг. Энэ муу цус нь эсхүл даралт ихсэх, цус өтгөрөх, магадгүй элгэнд хурж хуримталсаар элэгний хавдар ч юм уу олон архаг эмгэг үүсгэдэг жамтай хэмээн Уламжлалт Анагаах Ухаанд сургадаг. Ер нь нүүдэлчдэд голлон тохиолддог өвчин бол бэртэл гэмтэл байсаар ирсэн тул үүнийгээ анагаах мянганы туршлага уламжлалтай гэдэгтэй маргах хэрэггүй.

Өнгөрсөн жилийн ГССҮТ-ийн “Онол практикийн бага хурал”ын эмхэтгэлд “Уламжлат Анагаах Ухааны тулгуур судрууд дахь Гэмтэл ослын тусламжийн талаар өгүүлсэн нь” гэх утгатай том өгүүлэл нийтлүүлсэн байгаа.

Уг нь Монголын гэмтлийн эмч нарын нэг давуу тал нь энэ уламжлалт эм тангаа, гэмтсэн хүмүүстээ зөв хавсруулан хэрэглэж чаддаг болбол мөн их буян болохоос гадна “хос морьтой” болж хоёр цонхоор харж чаддаг болж байгаа юм. Энэ талын арвин баялаг өвтэй Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг олон орон ингэж хэрэглэж ирсэн. Одооны хэлээр яривал гэмтлийн бас нэг эмчилгээний Modality-ийн бүхэл бүтэн систем нэмэгдэж байна гэсэн үг. Би энэ эмнэлэгт дарга хийхийн зэрэгцээ аль нэг хүнд өвчтөнийг эмч нарынхаа хүсэлтээр үзэж ганц нэг эм тан бичиж өгч хүмүүс нь түргэн илааршиж байсан. Манай эмч нараас сэхээний зөвлөх Батмагнай, мэс заслын тасгийн эрхлэгч Өлзийбаатар зэрэг олон эмч өвчтөн дээр нь үр дүн гаргаад байгаа болохоор ихэд сонирхон хэрэглэх болсон. Яс бороолуулахад л гэхэд өдий төдий монгол эм тан бий. Гэтэл ийм үр дүнтэй эм Европын АУ-д байхгүй л байгаа шүү дээ.

Иймээс 2015 оны тендерт гэмтсэн үед хэрэглэдэг цөөн тооны олон найрлагатай монгол эм танг оруулахаар шийдвэрлэж Уламжлалт Анагаахын ШУТехникийн корпораци /Ардын эмнэлгийн хүрээлэн/ шалгарч эм тан нийлүүлж, өвчтөнд туршлагатай клиницист ахмад эмч Зина ахлагчтай сэргээн засалтын эмч нар эмчлэгч эмч нарын хүсэлтээр эмчилгээний нэг хэсэг болгон хэрэглэж байгаа.

Гэтэл Ардын эмнэлгийн хүрээлэн өөрсдийн хийж чадахгүй байгаа зарим цөөн эм танг миний ажиллаж байсан Монг-Эм ХХК-ийн үйлдвэрээс авахаар аль гуравдугаар сард гэрээ хийж, тендерт орсон нь сайд албатуудтайгаа ГССҮТ дээр десант буух үеэрээ “илрүүлж”,“Уламжлалт эмийг гэмтэлд хэрэглэж болохгүй, энэ тендерийг зогсоо, мөнгөөр /мөнгө нь шальгүй юм байгаа/ нь европ эм ав” гэж ярьсан байгаа юм. Гэтэл Монгол Улс аль 25 жилийн өмнөөс уламжлалт анагаах ухаанаа европ эмнэлэгтэй хослуулан хөгжүүлнэ гэсэн төрийн бодлоготой улс. Эрүүл мэндийн хуулинд бүр “Сум тосгоны эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг уламжлалт болон орчин үеийн аргаар үзүүлнэ” гээд заачихсан юм ш дээ, түүнийг үзсэн баймаар юм. Намайг таван аптекаар эмээ зарсан гэж гөрдсөн нь бишдээд ирэхээр ийм юм гаргаж ирж байгаа юм. Уг нь эмнэлэгт, тендерт аль нэг байгууллага орохдоо өөрт байхгүйгээ бусад компанитай гэрээ хийх замаар хамтран нийлүүлэх нь аль эрт хуулиар зөвшөөрөгдсөн эд л дээ. Манай эмнэлэгт/ГССҮТ/ хүнд өвчтөн дээр монгол эм хавсран хэрэглээд олон хүн боссон. Нэг жишээ нь автын аюултай осолд ороод, эдгэрч боссон Атармаа эмч(Эрүүл мэнд, спортын дэд сайд асан)байна.

-Та чинь бас Нэгдүгээр эмнэлгийн дарга байгаад “хөөгддөг” бил үү, хэдэн онд билээ?

-1996 оны арванхоёрдугаар сарын 12-нд Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилогдон зургаан жил орчим ажиллаад 2001 онд сонгуульд оролцсон “улстөрч” хүн гэдэг шалтгаанаар ажлаас халагдаж байв. Дээд Шүүхээс үндэслэлгүй халагдсаныг тогтоосон ч би дахиж орохыг хүсээгүй. Нэгдүгээр эмнэлгийг би 70 гаруй сая төгрөгийн өртэй хүлээж аваад 150 гаруй сая төгрөгийн ашигтай хүлээлгэж өгч байв. Улаанбаатар тойрсон гүүний саамны сувиллыг бид эхлүүлж байв. Нэгдүгээр эмнэлэгт “аж ахуйн дотоод тооцоо” нэвтрүүлж тасаг нэгжүүд ажилласны хэрээр цалин пүнлүүгээ нэмэгдүүлж бас хорогдуулж болдог систем нэвтрүүлж байв. Эмнэлгийн гал тогоо угаалга болон бусад боломжийн туслах үйлчилгээг хувийн компаниар гүйцэтгүүлэх ажлыг эмнэлгийн байгууллагад анхлан нэвтрүүлж байсныг 2010 онд л концессын хууль болгон батлан гаргасан.

-Нэгэнт уулзсаных танайхан чинь бараг бүгдээрээ эмч нар гэл үү?

Эхнэр Цэвэлмаа зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор. III эмнэлгийн зүрх судасны тасгийг сүүлийн хориод жил ахалж явсан алтан гартай эмч дээ. Зүрх судасны аль хүнд ноцтой эмгэгийг гардан эмчлэхдээ гаршсан хүн. Хоёр жилийн өмнөөс тэтгэвэртээ суусан ч долоо хоногийн хоёр дахь өдөр болгон III эмнэлэгтээ /тасагтаа/ очиж зөвлөгөө өгдөг. 1, 3, 5 дахь өдрүүдэд Монг-Эм эмнэлэг дээрээ зүрхний эхо-гоо хийж хүн шавуулсан, хажуугаар нь намайг гэмтэлд очсоноос хойш энэ жижиг эмнэлгийнхээ тамгыг барих ажилтай суугаа. Хоёр охин нэг нь сэхээний, нөгөөх нь Уламжлалтын эмч. Хүү маань харин комьпютерийн инженер.

-Ярилцлагаа ингээд өндөрлөе. Танд баярлалаа.

-Би нэг юм хүсвэл болох уу.

-За ямар ч байсан хүсээд үз. Болох болохгүйг дараа нь хэлье.

-Нэг талаасаа улиг болсон, сэтгүүл сониныхон дургүй байдаг зүйлийг хүсэх гэсэн юм. Танай сэтгүүл зүйн салбарт багш шавийн холбоо ямар байдгийг мэдэхгүй. Их төлөв хувь хүний авьяас билиг дээр тогтож явдаг болохоор багш энээ тэрээ гээд сүйд болоод байдаггүй ч байж магад. Харин анагаах ухаан бол боловсрол, авьяасаас гадна туршлага дээр оршин тогтнодог. Ийм учраас эмчийн багш бол насан турш хэрэг болж, эрдэм онолоос гадна туршлагаараа тэтгэж явдаг насан туршийн багш байдаг.

-За ойлголоо. Энэ завшааныг ашиглан гэж ирээд л баахан багшийн нэр хэлэх нь байна.

-Ер нь бол тийм

-За яахав, гаргалгаа нь сонин санагдлаа шүү.

-“Энэ завшааныг ашиглан” сонины тань уншигчид болон намайг эмнэл зүйн анагаах ухаанд хөтлөн оруулж бас нэг “эмчирхүү дүр” оруулахад үнэлж баршгүй тусламж үзүүлсэн Монголын анагаахын ноён оргилууд болсон Монгол Улсын гавьат эмч доктор профессор Ч.Цэрэннадмид, Х.Гэлэгжамц, Цагаанхүү, Ичинхорлоо /эмэгтэйчүүдийн/, И.Пүрэвдорж, Д.Дүнгэрдорж, Дашзэвэг болон бусад ачит багш нартаа эрүүл энх сайн сайхныг хүсэн мэндчилье дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөрийгөө ялан дийл

“Би хараагүй, гэхдээ би та нар шиг сэтгэж чадна, хийж чадна” хэмээн нэгэн хараагүй залуу Төрийн ордонд болсон хурал дээр хэлсэн санагдана. Тэр үед хурлын танхим дүүрэн суусан залуус ганцхан түүн дээр анхаарлаа төвлөрүүлж байсан. Эвэртэй туулай үзсэн мэт залуус зангиагаа засч байсан бол зарим нэг нь өрөвдөж хайрласан харцаар ширтэцгээж байсан. Түүний хоолой эрэмгий хийгээд зоримог сонстоно.

Гэхдээ тэр залуу хэн нэгнээр өрөвдүүлэх гэж зориуд олны анхаарлыг татаагүй юм. Би хараагүй ч гэсэн та нартай адилхан сэтгэж чадаж байна. Хийж байна. Бүр ихийг хийхийн төлөө тэмүүлж байна. Ертөнцийг бүхэлд нь харж, гэрэл гэгээг мэдэрч суугаа эрхэм та яагаад боломжийн төлөө зүтгэхгүй байна аа, залхуугаа ял л даа гэж итгэл төгс хэлсэн.

Өнөө цагт юм бүхэн хөгжлийнхөө дээд шатанд хүртлээ шахам хөгжиж байгаа. Гэхдээ залхууг дарах эм тан гаргаж амжаагүй л яваа. Олоон жилийн өмнө ангийн маань хүүхэд “Хичээл хийх гэхээр залхуу хүрээд байх юм. Ер нь лам нарт залхуугаас салгах тарни гэж байдаг болов уу” хэмээн асууж байсан нь тодхон санагдана. Залхуугаас салах тухай хүн бүр ярьдаг ч залхуугийн ганц ерөндөг бол хичээнгүй байх юм. Аливаа тарнийн жинхэнэ үр дүнг үзье гэвэл уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай болдог.

Залхуу бол ололт амжилт бүхний хаалт тээг болдог. Тиймээс энэ хаалтыг нураагаад гарах ганц арга нь хөдөлмөрлөх. Танд ямар ч тарни, ямар ч бурхан хэрэггүй. Хичээл зүтгэл бол амжилтын түлхүүр. Энэ түлхүүрээ бат атгахын тулд хичээх л хэрэгтэй. “Би хараагүй, гэхдээ би та нар шиг сэтгэж чадна, хийж чадна” хэмээн хэлсэн тэр үг одоо ч зүрх сэтгэлд минь цуурайлсаар байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын ярилцлагыг уншаарай

Улс төрийн
хамгийн халуун улирал эхэлж байна. Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлууд
нийгмийн анхаарлыг татаж байна. Манай сонины маргаашийн дугаарын Улс төрийн
нүүрт УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын ярилцлага гарлаа. Тэрбээр 2012 оны
сонгуулиас бууснаасаа хойш олны өмнө ил гарсангүй. Гэхдээ улс төрийн өрнөж буй
үйл явдлыг гаднаас нь харж, дүгнэсэн нь лавтай. Мөн нийгмийн амьдралыг хувь
хүний үүднээс илүү тод харсан буй заа. Түүний ярилцлагыг уншихыг хүсвэл манай
сониныг захиалаарай. Шуудангийн салбаруудад захиалгаа өгөх юмуу 99112954
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг алтан медаль хүртлээ

М.Уранцэцэг
алтан медалийн төлөө солонгосын бөхтэй барилдаж вазари үнэлгээ авснаар аваргын
алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр чансаа, олимпийн эрхийн оноогоо 300-гаар
ахиулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч Ш.Дулмаагийн “Алтанзул цэцэг” дуу хөшөөтэй боллоо

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч,
яруу найрагч Ш.Дулмаагийн шүлэг, Соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч
И.Болоожийн аялгуу, “Өргөө” хамтлагийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Бархасын
дуулснаар монгол түмэнд хүрсэн “Алтанзул цэцэг” дуу өнөөдөр хөшөөнд мөнхөрлөө.
Тус хөшөөг Тэнгис кино театрын зүүн хойд талд байрлах “Эх үрс” бичил цэцэрлэг
хүрээлэнд босгожээ. Ш.Дулмаа найрагч “Алтанзул”-аар дуу хийх болсон тухайгаа
ярихдаа “Алтанзул гэдэг цэцэг бол мөнхийн тасардаггүй цэцэг. Нэг үр нь тасран
газарт унах юм бол дахин соёолж байдаг. Иймийн учир монголын ард түмнийг мөнх
оршихын бэлгэдэл болгож энэ дууг хийсэн юм. Дуу минь та бүхний сэтгэл зүрхэнд
оршиж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна” гэлээ. Хөшөөний нээлтийн үеэр
“Өргөө” хамтлагийнхан хамтлагаараа ирж “Алтанзул”-аа дуулсан юм.

Categories
мэдээ спорт

​М.Уранцэцэг алтын төлөө барилдана

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар мөнгөн медалийн төлөө барилдаж Уранцэцэг нэг, Oтгонцэцэг гурван торгуультайгаар цаг дууссанаар мөнгөн медалийн болзлыг М.Уранцэцэг хангалаа. Ингэснээр М.Уранцэцэг алтын төлөө, Г.Отгонцэцэг хүрлийн төлөө барилдах юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зургаан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлажээ

Нийслэлийн
Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Дуудлага
худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох
тухай” А/762 дугаар захирамж гаргажээ. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын
тогтоолоор дараахь газруудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны
зарчмаар шийдвэрлэх аж. • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4
дүгээр цахилгаан станцын зүүн талд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар 0.13
га • Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Витсамо үйлдвэрийн хойд
талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 0.45 га • Сонгинохайрхан дүүргийн 20
дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооны урд талд жижиг дунд үйлдвэрлэлийн
зориулалтаар 1.5 га • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт
ухаа спорт цогцолборын зүүн урд талд орон сууцны зориулалтаар 0.09 га • Хан-Уул
дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн урд
талд орон сууцны зориулалтаар 0.07 га • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт Түргэний гол дагуу аж ахуй, фермерийн зориулалтаар 3.75 га
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын
Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг
болгосон байна.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар мөнгөн медалийн төлөө хоорондоо барилдана

Узбекстанд
болж буй Ташкентийн Гран при тэмцээнд Уранцэцэг, Отгонцэцэг нар хэсгийн аварга
боллоо. Уранцэцэг эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Хятадын бөхийг,
гуравдугаар тойрогт Оросын бөхийг ялж хэсгийн аварга болсон юм. Тун удахгүй
мөнгөн медалийн төлөө хоорондоо барилдана

Categories
мэдээ спорт

NBA-ийн шинэ улирал эхлэхэд 28 хоног үлдлээ

2015/2016 оны NBA-ийн шинэ улирал эхлэхэд цөөн хоног үлдлээ. Энэ улирал хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн 70 дахь улирал юм. NBA-д нийт 30 баг оролцдог ба эдгээр багууд нь АНУ-ын 29 ,Канадын 1 багаас бүрддэг. Баг тус бүр улирлын турш 82 тоглолт хийнэ. NBA-ийн 30 багийг өрнөд болон дорнод гэсэн 2 бүсэд хувааж, бүс тус бүр нь 5 багтай 3 дивизионд хуваагддаг. Дивизоноо тэргүүлсэн багууд плэй-оффын эхний 4 байранд автоматаар бичигддэг. Харин энэ улирлаас эхлэн энэ дүрмэнд өөрчлөлт орж плэй оффын багууд дивизоны чансаанаас үл хамааран, амжилтаараа жагсахаар болсон нь энэ улирлын онцлог болж байна.

Энэ лигийн түүхэн хуудаснаас сөхвөл:

Тус лиг нь анх 1946 оны 6 сарын 6 нд Америкийн сагсан бөмбөгийн холбоо нэртэйгээр Нью-Иорк хотод 11 багийн хооронд зохиогдож эхэлсэн түүхтэй. Харин 1949 оноос эхлэн одоогийнхоо нэрээр зохион байгуулагдах болсон.

1946-1947 оны улиралд аваргын төлөө Philadelphia Warriors, Chicago Stages багууд шалгаран үлдэж улмаар Philadelphia Warriors цувралыг 4*1 харьцаатай хожсоноор түүхэнд анх удаа НБА-ийн аваргаар тодорч байжээ. Харин одоо үеийн шилдэг багуудын нэг болох Boston Celtics 1957 онд анх удаагаа аваргаар тодорч, 1958-1959 оны улирлаас 1965-1966 оны улирлыг хүртэл 8 дараалан аварга болж байсан ба тэд нийтдээ 17 удаа аваргалсан амжилтаараа энэ лигийн хамгийн олон түрүүлсэн багаар нэрлэгддэг. Тэдний араас мөнхийн өрсөлдөгч нь болох Лос Анжелес Лайкрс баг 16 удаа NBA-д аваргалсан амжилтаараа бичигдэж байна. NBA-ийн домогт тоглогчдын төлөөллийг дурдвал: Билл Расель, Карим Абдул Жаббар, Оскар Робертсон, Хаким Олажуван, Larry Bird, Иөрвин Мажик Johnson, Маякель Жордан, Scottie Pippen, Шакйль Онил зэрэг үе үеийн шилдгүүдийг дурдаж болно. Тэдний араас Кобе Брайнт, Либрон Жэймс, Кевин Друант, Тем Данкен, Двейн Вэйд, Кармело Энтони зэрэг шинэ залуу тоглогчид төрөн гарсаар байна. Хэдий сагсан бөмбөгийн олон сонирхолтой лигүүд байдаг ч дэлхийн сагсан бөмбөгийн гол хөгжлийг тодорхойлогч нь яах аргагүй NBA билээ.

2015-2016 оны NBA-ийн шинэ улирлын сонирхолтой тоглолтуудыг SPS HDTV-ээр 2015 оны аравдугаар сарын 28-наас эхлэн, албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах юм байна.