Өнөөдрийн
чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны
ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн
ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурал дахь МАН-ын
бүлгийн дарга С.Бямбацогт энэ хуулийн төслийн талаар гишүүд нэгдсэн ойлголцолд
хүрч чадаагүй байгаа тул ажлын хэсэг гарган асуудлыг байнгын хороон дээр эргэж
хэлэлцэх шаардлагатай байна гэв. Тэрбээр эл асуудлын улмаас завсарлага авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Хуралдаан даргалагч тус намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч ажлын тав хоногийн
завсарлага өгсөн юм.
Month: October 2015
АНУ-ын Орегон мужид байрлах “Umpqua Community” коллежид өчигдөр 17.00 цагт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж, 13 хүний аминд хүрчээ. Мөн нэлээд хэдэн хүн хүнд, хөнгөн шарх авсан байна. Тус мужийн цагдаагийн шериф Жонн Ханлины мэдэгдсэнээр гэмт этгээдийг илрүүлсэн хэдий ч буудалцааны үеэр амиа алдсан гэв. Хэрэгтэн 26 настай Крис Харпер Мерсер гэдэг залуу байжээ. СNN мэдээллийн агетнлагт тус мужийн захирагч Кейт Браун “Цагдаа нар гэмт этгээдийг амьдаар нь баривчлахыг хүссэн ч шархаа дийлэлгүй амиа алдсан” хэмээн мэдэгдэв. АНУ-ын цагдаагийн албаныхан гэмт хэрэгтний гэр бүл, найз нөхдийг эрэн сурвалжилж байгаа аж. Халдлагад хамгийн түрүүнд “Umpqua Community” коллежийн “Roseburg” оуютны кампуст амарч байсан Кассандра Велдинг гэх оюутан өртжээ. Тэрбээр хөлөндөө шарх авсан байна.
Халдлага үйлдэгч олон нийтийн сүлжээгээр нэг бус удаа халдлага үйлдэх төлөвлөгөөтэй буйгаа илэрхийлж байсан гэнэ. Тэрээр твиттертээ хамгийн сүүлд “Цус, аллага. Та нар удахгүй амь тавих болно. Хөөрхийлөлтэй цогцоснууд” гэж жиргэсэн байна.
Халдлагын дараа Ерөнхийлөгч Барак Обамаа хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний Замын цагдаагийн газарт 400 дуудлага ирсний 316 нь ослын дуудлага байсан байна. Ослын улмаас нэг хүн нас барж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэний, найм нь хүүхэд байжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Хүний амь хохирсон ослын талаар тодруулбал, ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, “Дээд бодь” хийдийн урд замд Х.Соната-5 маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 12 настай эрэгтэй Э мөргөж, амь насыг нь хохироожээ. Хүүг явган зорчигчийн гарцаар, ногоон гэрлээр гарч байхад нь мөргөсөн талаар гэрчүүд мэдээлсэн байна.
Хуучин “Энэрэл” эмнэлгийн суурин дээр, дөрвөн жилийн турш баригдсан нийслэлийн гуравдугаар төрөх эмнэлэг буюу Амгалан амаржих газрын шинэ байр өчигдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Харин энэ сарын 29-нөөс иргэдэд үйлчилж эхлэх юм байна.
9,000 ам.метр талбайд 412 өрөө, 150 ортой, долоон давхар төрөх эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмж, аппараттайгаар тохижуулжээ.
Хуучин 45 хүний ортой гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ байр ашиглалтад орсноор жилдээ 20 мянган эх хүлээн авах боломжтой болох бөгөөд энэ нь
нийслэлд төрж байгаа нийт эхчүүдийн 50 хувь нь ажээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ агаарын бохирдол, эрчим хүчний хомсдол зэрэг олон шалтгаанаас байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, ногоон технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа олон нийтийн тулгамдсан асуудал болсон.
Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар Европын Холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төслийг хэрэгжүүлэгч “Каритас Чех Репаблик” Олон Улсын байгууллага болон Байгаль Орчин Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам, Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв хамтран “Ногоон Барилга 2015” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна.
Монгол улсын хэмжээнд ажиллаж буй аналоги телевизор нь эфирийн тоон телевизийн сигналыг хүлээн авахад тохирохгүй аж. Тиймээс улс даяар тодорхой хугацаанд аналог системийг тоон системд шилжүүлэх ажил өрнөөд дуусах шатандаа ороод байна. Өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар Монгол Улсад аналог телевизийн дахин дамжуулах 322 станцуудыг унтраажээ. Ийнхүү тоон системд шилжихэд IPTV болох Юнивишн, Скай медиа, DDISH, орон нутгийн кабелийн телевизийн хэрэглэгчдэд ямар ч өөрчлөлт гарахгүй ба нэмэлт хувиргагч төхөөрөмж авах, зурагтаа солих шаардлагагүй юм байна. Харин эфирийн телевизийн үзэгчид буюу гэрийн антенн ашиглан зурагт үздэг айлуудад хамааралтай бөгөөд энэ сарын 5-ны өдрөөс эхлэн гэрийн антеннаар зурагт үзэх боломжгүй болох юм.
-Бид галзуучуудыг сонгох хүртлээ галзуурсныхаа шанг
хангалттай амсч байна-
Монголын улс төр
галзуучуудаар дүүрчээ. Тэд бидний сонгож гаргаж ирсэн хүмүүс л дээ. УИХ-ын
гишүүн О.Баасанхүү “Би үхэхээс айдаггүй. Яагаад гэвэл үхэл миний хувьд шагнал”
гэж ярьсан. Үхлийг шинжлэх ухаан, шашны талаас янз бүрээр тайлбарладаг. Тэрэн
дундаа Христэд итгэгчид бидний энэ амьдралыг диваажингийн өмнөх шат гэдэг
бөгөөд үхээд дараа нь жинхэнэ нутагтаа очно гэж үздэг. Тэр утгаараа зарим хүнд
үхэл шагнал мэт санагдаж болно. Гэхдээ хэн юугаа шүтэх нь бидэнд огтоос
хамаагүй, падлийгүй. Харин ингэж үхэл, хагацлыг сайхан, бэлэг, шагнал гэж хойч
үеийнхэн, ард түмэнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж сурталчлах нь
яавч зөв зүйл биш.
Террористуудыг
хувь хүнийхээ хувьд ойлгодоггүй юм. Ямар юмаа хийж, хэний зараалаар жихадын
бүсэндээ тэсрэх бөмбөг хавчуулаад олон нийтийн газарт очиж алтан амиа хороож,
гэмгүй бусдыг бас араасаа чирдэг байна аа гэж. Жихад буюу исламын шашны ариун
дайнаа ингэж хийдэг юм байх даа гэж гайхдаг байв. Тэрэнтэй адил О.Баасанхүү
гишүүн шагналаа авах гээд очиж байгаа болж таарч байна уу. Иймэрхүү юм ярьж
байгаа хүнийг хэвийн гэж хэлэх үү.
УИХ-ын гишүүн
асан Л.Гүндалай “Зориг зүрхтэй аавын хүүхдүүд байвал газраа аваарай. Чадахгүй
чяцга загнацгаах юм бол тэгээд гэртээ харь. Хариад унтацгаа… Чяцга царайлаад
явцгаа, эндээс” гэж ард түмэнд “томорч” бүдүүлэг зан гаргахыг нь орон даяар
харлаа, бүгд. Хаашаа юм, бид чинь төр засаг, хууль дүрэмгүй оронд амьдраад
байгаа юм уу, Л.Гүндалай гишүүнийхээр. Дээрэмчдийн бүлэг эсвэл хэн дуртай нь
очоод дайрч давшлаад булаагаад авчихдаг газар нутагтай улс юм уу.
УИХ-ын гишүүн
О.Баасанхүү, БСШУ-ны дэд сайд Б.Тулга нарын харилцан бие биенээ үгүйсгэсэн,
буруутгасан ярилцлага нийтлэгдсэнийг та бүхэн санаж байгаа байх. Уг нь энэ бол
Монгол төрийн монцгоруудын хоорондын яриа сан.
Миний аавын
үеийнхнээр төсөөлүүлбэл Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын
СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Т.Рагчаа гуай,
АИХ-ын депутат, МАХН-ын Төв хорооны хэлтсийн эрхлэгч Б.Лхамжавтай “Би
боолгосон”, “Би боолгоогүй” гээд л харилцан боолгож, боолцсон зүйл яриад зогсч
байсан гэвэл. Тухайн үед иймэрхүү үйл явдал болоод улс төрийн хүрээнд шуугиан
дэгдвэл нийгэм даяар тэднийг шууд л эрүүл биш гэж дүгнэнэ. Шархаднаас дохиогоо
анивчуулсан түргэний тэрэг ирээд номхруулдаг цагаан цамц өмсүүлээд л Төрийн
ордноос ачаад явчихна. Ийм гутамшигтай түшээд төрд нийцэхгүй гэж элдэв арга
хэмжээ авч донгодоод Шархадны галзуугийн тасагт далдын далд хийгээд өрөөний
мухарт шидчих байсан биз.
Гэтэл манай
одоогийн УИХ-ын гишүүн, дэд сайд хоёр ингээд л ярьцгаан муудалцав. Угтаа бол
манай төрийн монцгорууд сан гэдгийг давтан хэлье л.
Монголын нийгэмд
сонин үзэгдэл, хандлагууд ажиглагддаг. Түмэн олон хонины дундаас гэдэг шиг тэр
олон дуурайх алдартан, үлгэр авах цуутай хүмүүс байхад улс төрийн эрхмүүд,
улстөрчдийн үйл, үгийг тэр чигээр нь дуурайж хуулдаг хачин зантай. Тэгсэн
хэрнээ урлаг соёлын өндөр мэдрэмжтэй сайхан улсуудыг тоодоггүй. УИХ-ын гишүүд,
сайд, дарга нар буюу төрийн томчуулын “Май, май чи”, “Түй май” гээд нулиман
байж гаргасан салаавч маргааш нь хотын гудманд моод болчихно. Замын цагдаа,
таксины жолооч хоёр заамдалдчихсан нэгэн рүүгээ салаавч гаргацгааж эхэлдэг.
Манай төрийн томчуул унасан машин тэрэг, өмссөн, жийсэн гутал, хувцас, залуу гэргий, нөхөр зэргээрээ
гайхуулцгаадаг нь яавч олигтой үйлдэл биш. Энэ нь их гэмтэй бас сүүдэртэй.
Ю.Цэдэнбал даргын
үед Монгол Улсын бүх сэхээтнүүд Ю.Цэдэнбал шиг л байсан. Түүн шиг биеэ авч явж,
түүн шиг алхаж ярьдаг байлаа. Бүгд л яриан завсраа “и” гэнэ. Ю.Цэдэнбал даргын
яриан дундаа ба, бөгөөд гэхийг оросоор “и” хэмээн хэлдгийг нь манай бүх
сэхээтэн ихэд анхаарч, яг тэгж дуурайж ярьдаг байв. Юм гэдэг ийм л нөлөөтэй.
Тэр эрхэмсэг хүмүүнийг бүгд л анхаарч үйл хөдлөл, сул үгийг нь хүртэл дуурайдаг
байж шүү.
Энэ бүхнээс санаа
авч манай улс төрд яваа хүмүүс хэлэх үгээ тунгааж, хийх үйлдлээ анзаарч, өмссөн
хувцсаа засч, зурагтаар ярихдаа бодолтой, хэнд юу ярихаа цэгнэдэг ухаантай байх
хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өдөрт л нэг нэгээр гарч ирж байгаа улс төрийн
галзуучуудаа дуурайгаад энэ нийгэм чинь тэр чигээрээ галзуурч дууслаа. Бидний
амьдран буй энэ зурвасхан цаг үе түүхэнд
Ардчиллын эхний жилүүд гэхээсээ илүүтэй их галзуурлын үе гэж тэмдэглэгдэж мэдэх
нь байна. Ардчиллыг бид эрх чөлөө хайрласан хэмээн магтан дуулж, ардчилсан
хувьсгалын гэх түүхэн 20-иод жилийг ардаа хийгээд буй ардчилагчид гэцгээдэг.
Үнэндээ бид ардчиллыг уг утгаар нь бий болгосон уу эсвэл түүнийг галзуучуудын
талбар болгосон уу гэдэг жинхэнэ үнэн түүхэнд л үлдэнэ. Түүх бол өршөөлгүй
бөгөөд хатуу, үнэнч. Гэтэл манай нийгэмд болж байгаа энэ эх замбараагүй
галзуурлыг өдөр бүр хараад байхаар ардчилсан хувьсгалын эдгээр жилүүд гээд
байгаа бидний энэ богинохон үе түүхэнд МОНГОЛЫН ИХ ГАЛЗУУРЛЫН ҮЕ БАЙЛАА гэж
тэмдэглэн үлдэх вий дээ гэсэн сэр төрнө.
09.00 цагаас:
1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх:
- Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх:
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
3.Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.
14.00 цагаас:
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний талаар”.
УИХ-ын дэд
дарга, МАН-ын дарга М.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит
бус чуулган нэг зун хоёр удаа хуралдлаа.
УИХ-ын даргын захирамж хууль бус гэдгийг МАН-ын бүлгийн гишүүд хэлж
байсан. Та харин ээлжит бус чуулганы талаар ямар бодолтой яваа бол?
-2013 оны
наймдугаар сард улс орны эдийн засагт амаргүй нөхцөл байдал бий болсон. Чуулган
эхлэхийг хүлээх аргагүй болсон тул “Төсвийн тодотгол хийе. 2012 оны сүүлээр их
хэмжээний өр зээл тавьсан нь эдийн засгийг хүндрүүлэх шинжтэй боллоо” гээд бид
УИХ-ын даргад “Ээлжит бус чуулган зарлаж өгөөч” гэхэд “шаардлагагүй” гээд
хүлээж аваагүй. Гэтэл энэ жил их ойрхон, хууль бус, эрх мэдлээ хэтрүүлсэн
ээлжит бус чуулганыг зарлалаа. Ээлжит бус чуулганаар МАН-ын сайд нарыг засгаас
гаргах болон Өршөөлийн хуулийг хэлэлцсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай
хууль хамт явлаа. Энэ хуулийн төсөл дээр хоёр үндсэн асуудал байв. Эдийн
засгийн ил тод байдал гэдэгт хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчдыг
хамруулахаар заасан байсан. Түүнчлэн бизнес
эрхлэгчдийн хөрөнгийн дахин хуваарилалтыг бий болгохоор тусгасан.
Эхнийхийг нь бид эсэргүүцсэн. Зөвхөн бизнес эрхлэгчдийн хүрээнд хэрэгжүүлэхээр
болсон. Хуулийг зөв хэрэгжүүлбэл эдийн засагт нааштай үр дүн өгнө. Засгийн
газрын гишүүдийг гаргах тухай асуудлыг зургадугаар сарын сүүлчээс л ярьж
эхэлсэн. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газарт хамтарч ажиллахыг
урьж залж, Ерөнхий сайд манай бүлгийн хуралдаанд сууж “Та нарын мэдлэг,
туршлага бидэнд хэрэгтэй байна” гэж тав, зургаан цаг ярьсан. МАН-ыг засгийн эрх
мэдлээс гаргаад парламентад суудалтай бусад намуудтай нийлж улс орныг бодсон
гэхээсээ илүүтэй ирэх сонгуулийг бодсон сонголт хийсэн нь илт харагдаж байна. Ээлжит бус чуулган зарласан нь хууль бус гэдгийг
бид эхнээс нь хэлж байсан. Зургаан сайдаа томилох гэж эрх баригчид ямар их ажил
болов. Төр засгийн ажлыг ингэж унтаад сэрж байгаа аятай хайнга хийж болохгүй.
Төрийн ажил явдаг ёс жаяг гэж байдаг. Түүнээс биш хэн нэгэн хүн төрийн эрхэнд
гарч ирээд улс орныг бужигнуулж болохгүй. Өршөөлийн хуулийг ард түмэн сайн
мэдэж байгаа. МАН Өршөөлийн хуулийг батлагдсаны дараа хамгийн түрүүнд
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн. Өршөөлийн хуулийн албан
тушаал, авлигатай холбоотой заалтыг хүлээж авч болохгүй, харин төрөөс иргэндээ
өршөөл үзүүлэх зарчмыг дэмжиж байна гэсэн. 2006 онд Их Монгол Улс
байгуулагдсаны 800 жилийн ойгоор Өршөөлийн хуулийг гаргахад би Ерөнхий сайд
байсан. Тэр хууль зарчмын хувьд өөр байв. Харин энэ удаагийн Өршөөлийн хууль
албан тушаал, авлигатай холбоотой асуудлыг хамруулсан. Манай намын бүлэг аргаа
бараад Өршөөлийн тухай хуулийн төслийн хамгийн сүүлийн хэлэлцүүлэгт оролцоогүй.
Одоо ч гэсэн бид зарчмын байр сууриндаа баттай зогсож байгаа.
-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг танай нам хүлээж
авсан. Хэдийгээр УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэр гаргасан ч
өнөөдрийг хүртэл энэ асуудлаар нэг талд гарч чадахгүй байгаагийн шалтгаан юу
вэ?
-Хориг тавих, хоригийг хүлээж авах нь бүгд хуульд заасан хугацаатай.
Хориг хүлээж авах санал хураалт болсноос хойш нэг процесс тасарч байгаа юм.
Одоогоор Өршөөлийн хуулийн тодорхой заалттай холбоотой хоригийг УИХ хүлээгээд
авчихсан. МАН хүлээж авсан нь шуугиан тарилаа гэж байна. Манай нам шуугиан
дэгдээе гэж хоригийг хүлээж аваагүй. Би энэ талаар өмнө нь “Гурван жил
дураараа дургичихаад дөрөв дэх жил дээр нь Өршөөлийн хуульд албан тушаал,
авлигын хэргийг хамруулаад өөрсдийгөө засаг барьж байна гэж болохгүй ээ, ард
түмэн харж байгаа шүү” гэж хэлсэн.
-УИХ-ын дарга З.Энхболд нэгэн ярилцлагадаа “МАН-ыг эрх барьж байхад
эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан нь худлаа” гэсэн байна лээ?
-Тэгж хэлснийг би өөрөө сонсоогүй. Үнэхээр тэгсэн бол маш хариуцлагагүй
үг хэлжээ. Ер нь өнөөгийн эрх баригчдад статистик тоо баримтыг сэмхэн засчихдаг
арга барил бий. Ядуурлын түвшинтэй холбоотой тоо баримтыг хөдөлгөчихөөд
“Тооцдог аргачлал өөрчлөгдсөн” гэж тайлбарладаг. Эдийн засаг 17.6 хувьд хүрсэн
нь манай улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өсөлт. Олон улсын хэмжээний аль ч
судалгаанаас харахад тэр 17.6 хувийг хэлээд өгнө. Өнөөдөр эдийн засгийн өсөлт
гурван хувь болчихоод байгаа нь ч үнэн. Энэ байдлыг засч залруулахгүй бол
цаашид ч үргэлжилж мэднэ. Өнөөдрийн хүндрэлтэй байдалд дэлхийн эдийн засгийн
хямрал онцгой нөлөөлөөгүй. Харин улс төрийн буруу бодлогоос үүдэлтэй. Энэ уналт
2012 оноос эхэлсэн. Хэмжээ хязгааргүй асар их өр зээл тавьсан. Зах зээл дээр
эргэлдэж байгаа мөнгөнийхөө бараг 30 хувьтай тэнцэх мөнгийг үнэ тогтворжуулж
байна гээд цөөн хэдэн компанид өгчихсөн. Эдийн засгийн тэнцвэрт байдлыг
алдагдуулсан. Энэ савлагаагаа зогсоож чадахгүй байна. Тэгэхээр АН,
“Шударга ёс” эвсэл, Эдийн засгийн болоод Сангийн сайд байсан хүмүүс
хариуцлага хүлээх ёстой. Засч залруулах алхам хийх учиртай.
-МАН-ын зүгээс Үндэсний зөвшилцлийг санаачлан уулзалтууд хийсэн. Үр дүн
гарч байх юм уу. Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа бол зөвшилцөх амаргүй
байгаа байх…
-Манай орон 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл олон намын тогтолцоотой явж
ирлээ. Бидний талцал хэрээс хэтэрч орон нутагт ажил албатай явахад хүнд боллоо
гэж байгаа нь үнэн. Өнөөдрийнх шиг хэмжээ хязгаар хэтэрсэн ийм байдалд хүрч
байсангүй. Энэ талцал хуваагдлыг зөвхөн олон нам байгаатай холбон тайлбарлах нь
учир дутагдалтай. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэлцдэг.
Дээрээ суудлаа олохгүй байгаа учраас л иргэдийн дундах талцал хуваагдал
тасрахгүй байна. Үүнийгээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж засна гэж ярьж байгаа
нь буруу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах өөр асуудлууд бий. Үндэсний
зөвшилцлийг 2013 онд Монголын улс төрийн ууган хүчний даргын хувьд санаачилсан.
Бид өнгөрсөн есдүгээр сард “Үндэсний зөвшилцөл”-ийн 12 дахь удаагийн
уулзалтаа хийлээ. 22 намын удирдлагуудад урилга хүргүүлсэн. Энэ удаа бид
Сонгуулийн хуулийн талаар ярилцсан. МАН өнгөрсөн онд Засгийн газарт орохдоо
Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай ярьж байсан. Гэвч биднийг засгаас гарсны дараа
энэ асуудал тун бүдэг бадаг боллоо. Тиймээс бүх намуудаас хуульчид оролцсон
ажлын хэсэг байгуулж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлэн
болгоод байна.
-Хэдийгээр намууд өөр үзэл баримтлалтай ч гэсэн монголчууд нэг л эрх
ашигтай. Үндэсний зөвшилцлийн хүрээнд яриад ямар нэг асуудалд үнэхээр нэгдсэн
ойлголтод хүрч чаддаг уу?
-Ажлын хэсэг гол гол зарчмын асуудалд санал нэгдсэн. Сонгуулийн
тогтолцоонд санал нэгдээгүй. МАН-ын хувьд ард түмэн төрийн эрх барьдаг гэдэг нь
үнэн юм бол иргэд төрөө хэрхэн эмхэлж цэгцлэх вэ гэдгээ санал асуулгаар шийдэг
гэсэн санал гаргасан. Өнөөдөр болтол энэ тогтоолын төслийг хэлэлцэхгүй чимээгүй
байгаа. Намууд нэгдсэн ойлголтод хүрээгүй учраас одоогийн холимог системээрээ
явах нь зүйтэй гэж ярилцсан. Харин сонгуулийн хар машины хяналт дээр улс орон
даяар, уулзалт болгон дээр иргэд хөндөн ярьж байна. Эдийн засаг, нийгмийн байдал
ийм хүнд болсон үед 2012 оны сонгууль шиг хар машин ашиглах юм бол сонгуулийн
дараа ямар үр дүн гарснаас шалтгаалахгүйгээр амаргүй байдал үүсч мэднэ. Тиймээс
иргэн хүний өгсөн санал баталгаатай гэдгийг нотлохын тулд хар машины тооллогыг
100 хувь гараар тоолох ёстой.
-МАН холимог тогтолцоог дэмжээд байгаа юм биш үү. Сүүлийн үед МАН нэр
дэвшигчдээсээ 100 сая төгрөг авч байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн
үү?
-Бид ийм тогтолцоо зөв гэдэг хатуу байр сууринд хүрээгүй байгаа. Өмнө нь
жижиг 76-гаар олон удаа сонгууль явж байсан учраас МАН үүнийг дэмжиж байгаа гэж
таамаглах нэгэн бий байх. Бид ард нийтээсээ санал асуух байр суурьтай хэвээрээ
байгаа. 14 хоногийн дотор зохион байгуулаад асуучихаж болно. Сонгуульд бүх нам
бэлдэж байгаа. МАН ч ирэх сонгуульд хариуцлагатай бэлдэх ёстой. Монголын
тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хэн хангаж чадах вэ, бий болсон
нөхцөлийг хэн засч залруулж чадах вэ гэдэгт ард түмэн хариуцлагатай сонголт
хийх учиртай. Сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ, яаж бэлдэх вэ зэрэг тодорхой
асуудлуудыг намынхаа хүрээнд шийднэ.
-УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж
байгаа. Танай намын гишүүд ч гарын үсэг зурсан байна лээ. Ер нь энэ сард
Ерөнхий сайдыг огцруулах юм байна гэсэн мессеж яваад байна?
-Г.Уянга гишүүн Дубайд байгуулсан гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг
огцруулах асуудлыг хөндсөн. Манай намын бүлгээс хоёр ч гишүүн гарын үсэг
зурсан. Тэд УИХ-ын гишүүнийхээ хувьд өөрийн үзэл бодлоор Оюу толгойтой
холбоотой шийдвэр санаанд нь нийцэхгүй байна гээд гарын үсэг зурсан гэдэг. Оюу
толгойн гэрээнд өөрчлөлт орсон асуудлаар Ерөнхий сайдаас асуух, тодруулах зүйл
байгаа. Дубайд гарын үсэг зурсан талаар гишүүд асуух гээд зунжин намаржин
хөөцөлдөөд Ерөнхий сайд УИХ-д олдсонгүй шүү дээ.
-Монгол Улсын эдийн засаг улам л хүндрэх төлөвтэй байна гэдгийг олон
улсын шинжээчид хэлээд байгаа. Цаашилбал 2017 онд дампуурлаа зарлаж магадгүй
улсын тоонд орчихсон байсан. Үнэхээр тийм зүйл болох уу?
-Саяхан Дэлхийн банк “Монголын өр сэрэмжлүүлэх хэмжээнд хүрчихлээ” гэсэн
дүгнэлт гаргасан. Английн Жубилей Дэпт Кампайний саяхан гаргасан судалгаанд
эдийн засаг нь хүндэрсэн улс орнуудын долдугаарт Монгол бичигдсэн байна. Энэ
бүгд дэлхий нийт, биднийг харж, сонирхож байгаа хүмүүс нэг зүйлийг хэлээд байна
гэсэн үг. Үнэхээр өрийн асуудлаас болж Монгол Улс маш хүнд байдал руу явахаар
болчихлоо. Сүүлийн жил гаруйн хугацаанд бид ганцхан зүйлийг хийчихээч гэж үе
үеийн Сангийн сайд, Ерөнхий сайд нарт хэлээд л байгаа. 2017 оноос өр төлж эхлэх
нь үнэн л юм бол Өр барагдуулах санг эдийн засаг хүнд байгаа ч гэсэн өнөөдрөөс
бага багаар хуримтлуулж эхлэх ёстой. Тэгэхгүй бол 2017 онд гэнэтхэн хаанаас ч
юм бөөн мөнгө орж ирээд энэ асуудлыг шийдчихнэ гэж байхгүй. Үүнд Засгийн газар
анхаарал тавихгүй байна. Валютын ханшийн хүндрэл бэрхшээл, үндэсний мөнгөн
тэмдэгтийн үнэ цэнийн асуудал, үндэсний компаниудын үйл ажиллагаа явуулах
нөхцөл бололцоог сайжруулах зүйл дээр огт юм хийхгүй байна. Оюутолгой,
Тавантолгой хоёрыг хөдөлгөчихвөл Монгол сэхнэ, хөдөлгөж чадахгүй бол энэ
байдлаасаа гарч чадахгүй гэсэн нэг л зүйл дээр тулгуурлачихаад байгаа нь буруу.
Аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломж бололцоог
нээж өгч болно. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс наймдугаар сарын 31 хүртэл
төрийн болон орон нутгийн өмчит компани, төсөвт аж ахуйн тооцоотой 119
байгууллага шинээр байгуулагдсан байна. Энэ 119 компани хувийн секторын хийж
байсан ажлыг булааж авч хийгээд байна. Баруун бүс нутгаас 128 мянган тонн мах
гаргах боллоо гээд байгаа. Өнөөдөр л баруун бүс нутгаас гаргана гээд шийдчихсэн
юм биш. 2010 онд Олон улсын хүнсний байгууллагатай Монгол Улсыг гурван бүс
нутаг болгож хуваагаад шүлхийгүй эрүүл бүсээс нь мах нийлүүлж байя гэж ярьж
тохирсны үр дүн л одоо гарч байгаа юм. Мах гаргахаар зургаан компани сонгон
шалгаруулж байгаа мөртлөө дээр нь төрийн өмчит компани менежментийг нь хийх
гээд сууж байна. Тэр компани байгуулсан хүмүүсээс нь би “Хөргөлттэй вагоноор
хүргэж очсон махны чанарт асуудал үүсвэл энэ байгуулагдсан төрийн өмчит компани
хариуцах уу?” гэж асуусан. Тэгсэн “Үгүй. Мах нийлүүлсэн зургаан компани
хариуцна” гэж байгаа юм. “Тийм л юм бол төрийн өмчит компани байгуулж яах юм
бэ. Хариуцлагыг нь үүрэхгүй бол” гэхэд “Зөвшөөрлийг нь өгнө” гэдэг. Зөвшөөрөл
өгөхөд заавал төрийн өмчит компани байгуулах шаардлага байхгүй. Ингэж бизнес
эрхлэгчдийн хийж байгаа ажил, олж байгаа орлогын хажуунаас хумслахаа болих
хэрэгтэй.
-Эдийн засагчдын урьдчилсан таамгаар 2016 оны эхэнд ам.долларын ханш
2500 төгрөгт хүрнэ гэж байна. Долларын ханш өссөнөөр ард түмний нуруун дээрх
ачаа улам л нэмэгдэнэ. Үүнээс гарах гарц байгаа л байх?
-Валютын ханшид улс төрийн нөхцөл байдал нөлөөлдөг жишээг би хэлье. МАН
засагт хамтарсан үе буюу тавдугаар сарын сүүл зургадугаар сарын эхээр 1900
төгрөг байсан валют 1860 төгрөг болж буурсан. Хөрөнгө оруулагчид хууль зүйн
таатай орчин, улс төрийн тогтвортой нөхцөл байдлыг л хүлээж байна. Өмнө нь
хөрөнгөө оруулчихаад эргээд татаад авчихсан хүмүүс биднийг ажиглаад сууж байна.
Харамсалтай нь, улс төрийн нөхцөл байдал амаргүй тал руугаа явчихсан болохоор
одоо өнгөрөх шиг боллоо. Нөгөө талаас валютын ханшийг өсгөөд байгаа гол асуудал
бол орон сууцны зээл юм. Бид өмнө нь зургаан хувийн хүүтэй зээлийг улсын төсөвт
20 тэрбумыг суулгаад байр авч байгаагүй 5-8 мянган айл өрхийг нэг жилд байртай
болгоё гэж ажилласан. Дөрвөн мянган төрийн албан хаагчийг эхний ээлжинд оруулж
байртай болгоод “Болж байна, энэ ажлаа цаашаа үргэлжлүүлэх нь зүйтэй юм байна”
гэдэг шийдвэрт хүрсэн. Сая манай намаас томилогдсон сайд 30 хувийн урьдчилгааг
10 болгох гэж ажиллаад эцсийн байдлаар амжсангүй. Хэрэв Д.Цогтбаатар өнөөдрийг
хүртэл ажиллаж байсан бол энэ ажлынхаа цаана гарчих байв. Гэхдээ эрх зүйн
орчныг нь бүрдүүлээд, суурийг нь тавиад өгчихлөө. Инфляцийг тодорхой түвшинд
барьж байхын тулд хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангаа дэмжсэн бодлого
явуулах ёстой. Хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд зайлшгүй
зүйлүүдийг хийх л ёстой. Харамсалтай нь, өнөөдөр хөдөө аж ахуй, мал аж ахуйд
үзүүлж байсан төр засгийн дэмжлэг бүрэн зогссон. Ноос, ноолуурт 20 тэрбум
төгрөг тавиад, улаан буудайнд урамшуулал өгдөг байсан бол өнөөдөр тийм зүйл
байхгүй болжээ.
-Оюу толгой, Таван толгойн төслөө хөдөлгөөд эдийн засгаа аврах боломж
бий юу. Ялангуяа Таван толгой төсөл дээр улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн хоёр
хуваагдчихсан юм шиг харагдаж байна?
-Таван толгойн хувьд Засгийн газар төсөл өргөн барьсан. УИХ-д танилцуул
гэдэг дээр би, УИХ-ын дарга, нөгөө хоёр дэд дарга гарын үсэг зурсан л даа.
Засгийн газар УИХ-д танилцуулах шаардлагагүй, шууд явах ёстой гээд байсан.
Таван толгой шиг стратегийн ач холбогдолтой том ордын гэрээ хэлцэлтэй УИХ
танилцах ёстой гэдэг байр сууринаас “Өнөөдрийн мөрдөж байгаа хууль эрх зүйн
орчинд нийцэж үү, үгүй юу гэдгийг нь үзээд нийцээгүй зүйлийг нь засаад УИХ-д
оруулаад цааш нь явуул” гэдэг чиглэл өгөхийн тулд л зурсан. Гэтэл нөгөө талд
засаж залруулаад явъя гэдэг бодол байгаагүй. Шуудхан хэлэхэд зарим нэг хүмүүс
зогсооё л гэдэг бодолтой байсан юм билээ. Ажлын хэсэг байгуулсан ч дарга нь
хурал ерөөсөө хийдэггүй. Өргөн барьсан төсөл дотор зарчмын хоёр засвар хийх
ёстой гэж би бодож байсан. Төмөр зам олборлолт, тээвэрлэлт хийж байгаа
компаниасаа тусдаа байх ёстой. Энэ нь өнөөдрийн барьж ажиллаж байгаа Төмөр
замын бодлого, Төмөр замын хуульд орчихсон байгаа. Хоёрдугаарт, Монголын ард
түмний 1072 хувьцааг хариуцсан Эрдэнэс тавантолгой гэж компани бий. Монголын
тал 51 хувь гэж байгаа бол тэр 51 хувьд нь Эрдэнэс Таван толгой компани ороод
цаашаа явах ёстой. Хамгийн гол нь 1072 ширхэг хувьцаа, Монгол Улсын 51 хувь
баталгаатай байх ёстой. Ингэж засаж цаашаа явуулах ёстой гэж бодож байлаа. Харамсалтай
нь цаашаа явсангүй.
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд маш ихээр унах
болсон. Тэдний нүүрээ буруулах болсон шалтгаан улс төрийн тогтворгүй байдал гэж
ойлгож болох уу?
-2011-2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум америк доллар
байсан. 4.6 тэрбумаас 50 сая руу бууна гэдэг гадаадын хөрөнгө оруулалт
үндсэндээ зогсож, эргэж татах үйл ажиллагаа явагдаж байна гэж ойлгох үзүүлэлт.
Үүнд улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин нөлөөлсөн. Гадаадын хөрөнгө
оруулагчид гэлтгүй, ер нь бизнес эрхлэгчдийг яаж дарамталж болдгийг өнгөрсөн
гурван жилийн хугацаанд эрх баригчид маш тод томруунаар үзүүллээ. 11 мянган аж
ахуйн нэгжийн захирлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, байцааж, хянаж байлаа. Нэг
өрхийн тэргүүн компанийн захиралд хэрэг үүсгээд шалгагдлаа гэхэд тухайн өрхийн
эзэгтэй эсвэл хүү нь компанийнхаа ажлыг үргэлжлүүлээд явж чадахгүй. Иймэрхүү
нөхцөл байдлаас болж тэр компанийн үйл ажиллагаа шууд зогсож байх жишээтэй. Энэ
мэтчилэн улс төрийн өнгө аястай шалгасан, хянасан байдал эцэстээ эдийн засгаа
татаад унагачихсан. Одоо үүнээсээ гарахын тулд бизнес эрхлэх орчноо сайжруулж
өгөх ёстой. Ер нь Азийн бар болсон улс орнуудыг хараад байхад аж үйлдвэр нь
өндөр хөгжихөөсөө 5-10 жилийн өмнө захын бүс нутгуудаа хөгжүүлсэн байдаг.
1950-иад оны сүүлч 1960-аад оны эхэн үе гэхэд Өмнөд Солонгос шинэ эдийн засгийн
бодлого хэрэгжүүлээд орон нутаг, хөдөө аж ахуй, тариа будааны үйлдвэрлэлээ
хөгжүүлсэн. Ингэж өсөлтөө таван хувь болгож байгаад аж үйлдвэр рүүгээ орсон
байдаг юм. Гэтэл өнөөдөр эрх баригчид сэхэж ядаж байсан хөдөө аж ахуйгаа
зогсоочихлоо. Хурааж авах ургацынхаа 50 хувийг алдчихаад байгальдаа буруугаа
чихээд сууж байна. Хаврын тариалалтын үеэр хөдөө аж ахуйг дэмжсэн ямар ч
бодлого яваагүй. Үр тарианы дэмжлэг, эргэлтийн хөрөнгийн зээл, шатах тослох
материалын зээлээр дэмжиж байж хаврын тариалалт явагддаг. Гэтэл ийм дэмжлэг
үзүүлээгүй.
-Энэ болохгүй бүхнээс гарах гарц нь юу вэ. Тийм гарцыг л эрх баригчид
гэлтгүй та бүхнээс хүлээж байна?
-Өнөөдрийн эрх баригчид энэ хүнд нөхцөл байдлаас гарч чадахгүй нь
ойлгомжтой боллоо. Тэдний ярьж байгаа, хийж байгаа байдлаас нь эрүүлжих нөхцөл
ердөө ч харагдахгүй байна. Наад захын жишээ гэхэд л 1.5 тэрбум төгрөгөөс доош
орлоготой аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болгоё гэдэг хуулийн төслийг
бид санаачлаад гурав, дөрвөн сар болж байна. Уг нь энэ хуулийг баталчих л
ёстой. Энэ нь эдийн засагт сөрөг гэхээсээ эерэг талууд бий болгоно. Жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд жаахан өөрчлөлт оруулж мал аж ахуйн салбарт
ажиллаж буй хүмүүсийг хамруулаад хуулийн төсөл санаачилсан. Мөн ялгаагүй МАН-ын
гишүүд дангаараа санаачилсан байна гээд л унагаачихсан. МСҮТ-ийн тухай хуульд
нэмэлт өөрчлөлт оруулъя, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, нэмэгдүүлэх аятайхан
арга байна гээд л санаачилсан. Ялгаагүй, МАН дангаараа санаачилсан байна гээд л
унагаасан шүү дээ.
-МАН-ыг улс төрийн ууган хүчин учраас гишүүд, дэмжигчид нь бахархаж
явдаг. Гэтэл энэ намын бүтээсэн түүхийг үгүйсгэх хандлага гарах боллоо хэмээн
танай намын гишүүд ярьцгаах болсон байна?
-МАН бол XX зууны түүхийг бүтээсэн улс төрийн хүчин. 1921-1990 оны
хооронд болсон үйл явдлуудыг аль болох бүдгэрүүлэхээр оролдож байна. Энэ цаг
хугацаа нь Монголын түүх, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан
хөгжиж, хот суурин бий болж монголчууд суурин соёл иргэншилтэй болсон үетэй
давхацдаг. Олон хот байгуулан үйлдвэрлэл хөгжиж, хүн ам нь эрүүлжин, бичиг
үсэгтэй болсон гээд л бүгд XX зууны Монголын бодит түүх. Үүнийг ганц намын түүх
мэтээр ойлгож, бүдгэрүүлэхээр оролдож байгаа нь маш буруу. Ийм өнцгөөр
тайлбарлах гэж хичээх тусам өөрөөр харагдах болно. Монголчууд дэлхийн
хоёрдугаар дайнд оролцсоны үр дүнд “Бид тусгаар тогтносон орон мөн” гэсэн
санал асуулга явуулах боломжийг нээсэн. Дараа нь 1961 онд НҮБ-д гишүүнээр элсч
олон улс гүрэнтэй дипломат харилцаа тогтоосон. Энэ бүгд өнөөгийн Монгол орны
хөгжлийн үндэс суурь болсон. Гэтэл үүнийг дурдахгүйгээр бараг л сүүлийн 25 жилд
Монгол Улс бий болчихсон юм шиг ярьж болохгүй. Ингэж бүдгэрүүлж, дарсан ганц
жишээ хэлэхэд, 2013, 2014 оны Үндэсний их баяр наадмаар “Ардын хувьсгал” гэдэг
үгийг бүх арга хэмжээнээс хасч байв. Үүнийг эсэргүүцсэн МАН-ын бүлгийн зарим
гишүүд баяр наадмын зарим арга хэмжээнд оролцохгүй гэдгээ хэлж, энэ шалтгаанаа
Ерөнхийлөгчид танилцуулж байсан. Ардын хувьсгал, Их Монгол Улс байгуулагдсан
түүхт ойг тэмдэглэх явдал нь Үндэсний их баяр наадам байна гээд хуульчилсан
байтал хасч л байдаг. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их
буугаар буудна гэсэн үгийг санахад илүүдэхгүй. Болсон үйл явдлыг баталгаажуулж,
дараа үеийнхэндээ үнэн зөвөөр үлдээх нь бидний үүрэг.
-МАН-ын намын удирдах түвшинд ажиллаж байсан хүмүүсээс МАХН-д элсэх
хандлага илт ажиглагдах боллоо. Энэ нь сонгууль дөхөх тусах эрчимжиж байна.
Хэдхэн хоногийн өмнө Ж.Сүхбаатар МАН-аас гарч байгаагаа зарлалаа. МАН-ын даргын
хувьд намын дотоод эв нэгдлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-МАН 200 мянган гишүүнтэй Монголын ууган улс төрийн хүчин. Яахав нэг,
хоёр гишүүн гарах, өөр намд орох нь хувь хүний өөрийнх нь хүсэл, сонирхлын
асуудал. Ж.Сүхбаатарын хувьд манай намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн
гээд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүний хувьд ийм шийдвэр гаргасныг
нь би зөвтгөж чадахгүй. Нам дотроо байж болохгүй, хавчигдсан, шахагдсан зүйл
огт байхгүй. МАН-ын удирдлага дотроо зөрчилтэй гэсэн зүйл хэвлэлээр багагүй явж
байгаа. Манай нам бүтэц зохион байгуулалт, эв нэгдэл дээрээ 94 жил явж ирсэн
түүхтэй. Хэн нь ч байсан эрх ашгийг эрэмбэлж чаддаг. Намын удирдлагад байсан,
байгаа, ирээдүйд бас байж болох хүрээлэлдээ эв эеийг эрхэмлэж, улс орны эрх
ашиг, намын эрх ашиг хаана байх вэ гэдгийг эрэмбэлж чадна.
-Гаднаас нь ажиглахад МАН-ын дунд шатны байгууллагууд, тэр дундаа орон
нутгийн намын хороодын дунд хагарал их санагддаг. Олонхи болсон аймагт
удирдлагаа алдсан хэд хэдэн тохиолдол гарлаа. Та намын даргын хувьд нэг талаараа
зөөлдөөд гэсэн шүүмжлэл байна?
-Дархан-Уул аймагт болж байгаа зүйлийг асуугаад байна уу. 2012 оны
сонгуулиар Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчид МАН-ын нэр дэвшигчдэд итгэл
хүлээлгэсэн. Өнөөдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга нь АН-ын хүн, Засаг дарга нь
нам бус хүн болчихсон байгаа. Манай намын дотоод асуудал. Хоорондоо таарахгүй
тохиролцохгүй, санал зөрөлдөх хүмүүс байна. Ийм үр дүнг АН-ын хэсэг нөхөд манай
намын хэсэг нөхөдтэй нийлээд л бий болгочихож байгаа юм. Ард иргэдийнхээ өгсөн
итгэл, сонголтыг хүчингүй болгочихлоо. Намын удирдлага үүн дээр хариуцлага
тооцно. Намайг хэт зөөлөн талаасаа хандаад байна уу гэж байна. Би сүүлийн хоёр
жил Намын даргын ажил хийж байна. Аймгийн намын хорооны даргыг, ИТХ-ын даргыг
намаас хассан дарга надаас өөр байхгүй байх. Алдаатай үйлдэл хийсэн бол
хариуцлага тооцох ёстой. Хаашаа явах бол, яах бол гэж айж ичих зүйл байхгүй.
Хариуцлагын тухай ярих юм бол намайг зөөлөн хүн гэж битгий бодоорой. Би Ерөнхий
сайдаар ажиллаж байхдаа хариуцлагагүй ажиллалаа гээд кабинетийнхаа дөрвөн
сайдыг огцруулах санал өргөн барьж байлаа. Та бүхэн санаж байгаа байх. Аливаа
зүйлд итгэл үзүүлэх ёстой, ажил дээр нь туслах ёстой. Үнэхээр болохгүй байвал
хариуцлага тооцох ёстой. Болохгүй байгаа бол өөрөө ч бас хариуцлагаа хүлээж
болно.
-Ю.Цэдэнбал агсны 99 жилийн ой энэ жил тохиож МАН, МАХН хоёр өрх
тусгаарласнаас хойш анх удаа хамтарч цэцэг өргөсөн. Мөн таныг Н.Энхбаяр
даргатай уулзсан гэсэн яриа гарсан…
-Н.Энхбаяр дарга Төрийн ордонд намаржих шиг боллоо. Би Н.Энхбаяр
даргатай нэг удаа уулзсан. Мэнд мэдсэн тийм уулзалт болсон л доо. МАХН бол яах
аргагүй манай намтай нэг байсан. Манай намд байсан нөхдүүд л олонхийг нь
бүрдүүлж байгаа улс төрийн хүчин. Гэхдээ өнөөдөр энэ нам засгийн эрхийг барьж
байна. Бид сөрөг хүчний байр сууринаас сонгуульд орох гэж байгаа улс төрийн
хүчин. Сөрөг хүчнийхээ байр сууринаас сонгуульд хариуцлагатай орох ёстой л гэж
бодож байгаа. Үйл явц хаашаа яаж эргэхийг хэн ч тааж хэлж чадахгүй.
-Улс төрийн намуудын рейтинг унасан. Харин сүүлийн үед танай намын
рейтинг бага зэрэг өсч байгаа ч бие даагчдын энд хүрэхгүй байгаа судалгаа
гарсан байна лээ?
-Эрх баригчдын ажиллаж байгаа байдал, энэ зун, намар болсон бүх үйл
явдалд ард иргэд дургүй байна. Хөдөө орон нутагт явж байгаад захын хүнтэй
уулзаж ярилцахад “Арай ч дээ, даанч дээ” л гэж байна. Эрх баригчдын хоорондоо
учраа олохгүй байгаа байдалд Монголын ард түмний өгч байгаа үнэлэлт, дүгнэлт
гэж ойлгож байгаа. Бие даагчид, популист зүйл их ярьдаг хүмүүсийн рейтинг өндөр
байгаа нь зарим судалгаагаар харагдаж байна. Эцсийн дүндээ улс орны өмнө, ард
түмний өмнө, парламентын засаглалтай улс орны хувьд хариуцлагыг нам хүлээдэг.
Тиймээс буух эзэнтэй, буцах хаягтай гэдэг шиг улс төрийн намууд хариуцлагаа
хүлээж, хийх зүйлээ ярьж, засаж залруулж чадаж байгаа нь цаашаа яваг, чадахгүй
байгаад нь ард түмэн хариуцлага тооцож үнэлэлт дүгнэлтээ өгөх байдлаар л
асуудалд хандаасай. Хувь хүн бол яах вэ, их сайхан сайхан зүйл бодогдож л
байдаг юм. Улс гүрэнг авч явна гэдэг бол тийм амар ажил биш. Наад захын жишээ
гэхэд Улаанбаатар хот, 21 аймагт нэг бие даагчийн бодлогыг хэн хэрэгжүүлэх вэ.
Монголын улс төрийн амьдралд 25 жил явсан Ардчилсан нам төр засгийн ажлыг бүрэн
аваад явчих хэмжээнд боловсроогүй, төлөвшөөгүй байна гэдгийг ард түмэн
анзаараад л судалгаанд оролцсон хүмүүс саналаа өгсөн байх гэж бодож байна.
-Та Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. 2012 оноос хойшхи
Засгийн газар, Ерөнхий сайдад ямар дүгнэлт өгөх вэ?
-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын хувьд Монголын улстөрчид ч,
Монголын ард түмэн ч үнэлэлт, дүгнэлтээ өгчихсөн. Сайн ажиллаж чадаагүй, эдийн
засгийн хүнд нөхцөл байдалд оруулах үндэс суурийг нь тавьсан. Ч.Сайханбилэг
Ерөнхий сайдыг гарч ирээд засаж, залруулах талд нь дорвитой ажиллачих болов уу
гэж бодсон. Харамсалтай нь, тэгж чадахгүй байна. Тэгж чадуулах ч үгүй байх шиг
байна, зарим нэг хүн. Эдийн засаг, орон нутаг, ард иргэдийн хувьд үүсээд байгаа
асуудлыг Ерөнхий сайд өөрийн эрх мэдлээр зохицуулах, цэгцлэх боломж байгаа.
Түүнийгээ гаргаад, дайчлаад ажиллаж чадахгүй байна. Төсвийн орлого өнөөдөр 660
орчим тэрбум төгрөгөөр тасарчихлаа. Төсвийн зарлага 1.2 их наяд төгрөгөөр дутуу
хийгдлээ. Эндээс харахад төр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг.
Хөрөнгө оруулалт 800 тэрбум төгрөгөөр тасарч байна. Засгийн газар
Монголбанктайгаа уялдаж ажиллахгүй байна. Мөнгө санхүүгийн бодлого, Засгийн
газрын бодлого хоёр хоорондоо уялдаа холбоотой явах учиртай. Зөвхөн нэг жилийн
дотор банкны хугацаа хэтэрсэн зээл 250 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдчихлээ.
Чанаргүй зээл 245 орчим тэрбум болчихлоо шүү дээ. Энэ бол санхүү, банкны салбар
улам муудаж байгааг илтгэж байгаа хэрэг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа
тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг нэг ч төгрөгийн өр тавиагүй шийдэж
байсан. Цалин, тэтгэвэр нэмэх асуудалд нэлээд анхаарал хандуулж хоёр жилийн
дотор цалин, тэтгэврийг гурав дахин нэмсэн. Үүнийг Монголын ард түмэн мэднэ.
“Үдийн цай” гэж нэлээд зардалтай хөтөлбөр байсан, түүнийг хэрэгжүүлж эхэлсэн.
Хүүхдийн мөнгөний “автор” нь АН боловч яг өгсөн хүн нь бол би. Энэ бүгд их
зардал шаардсан ажлууд байсан. Гэсэн мөртлөө бид тэр хөрөнгийг зээл тавилгүй
олж болоод л байсан. Тиймээс Засгийн газар өөрийнхөө нөхцөл бололцоог дайчилж
ажиллах ёстой юм. Өнгөрсөн гурван жил цалин тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдсэн бэ.
Цалин таван хувь хүрэхтэй үгүйтэй. Тэтгэвэр 7-8 хувиар л нэмэгдсэн. Тэгвэл
Сү.Батболд гэдэг хүн Н.Алтанхуяг гэдэг хүнд 658 төгрөгийн “Атар” талх хүлээлгэж
өгч байсан. Өнөөдөр энэ талх 1130 төгрөг болчихсон байна. Талхны үнэ нь хоёр
дахин нэмэгдчихээд байхад цалин тавхан хувиар нэмэгдэхээр ард түмний амьдрал
дордох нь аргагүй. Тэгээд статистик нь болохоор ядуурал 27 хувиас 21 хувь болж
амжилттай сайхан буурч байна шүү гэж яриад байдаг. Хэн ийм юманд үнэмших юм бэ.
Муу юм нь дээшээ өсчихсөн, болмоор царайтай юм нь нэг бол байрандаа, үгүй бол
доошоо уначихсан ийм л цаг үе болчихоод байна.
-Нэгэнт үүсчихсэн хямрал, нүүрлэчихсэн аюулаас Монгол Улс, ард түмнийг
туйлдуулчихгүй шиг аваад гарчих гарц байж л таарна. Энэ гарц нь оюунтай толгой
юу, Оюу толгой юу гэдэг дээр эрдэмтэд маргаж байна. Таныхаар бид ямар замаар
замнавал зөв зам руугаа орох бол?
-Монгол Улс үндсэндээ 10-15 жил хоёр толгой тойрч маргасаар байгаад өдий
хүрлээ. Оюу толгой, Таван толгой Монголыг хөгжүүлнэ гэж маш их ярилаа. Үнэн
хэрэгтээ оюунтай толгой л Монголыг авч явна. Оюу толгой ганцаараа авч явж
чадахгүй шүү дээ. 2007 оны дөрөвдүгээр сард Оюу толгойн гэрээ хийгээд УИХ-д
өргөн барьж байсан. Өнөөдрийн байгуулсан гэрээнээс, Дубайн тодотголоос хамаагүй
дээр гэрээ байсан л даа. Монголд ногдох хувь нь 56 хувь, 2014 он гэхэд
хайлуулах үйлдвэр бариад дуусах гэрээ байлаа. Хоёр толгой тойрч маргаад улс
орон хөгжихгүй. Одоо үүнээсээ жаахан салах хэрэгтэй. Хийж чаддаг байсан
зүйлүүдээ сэргээх, чадахгүй байгаагаа чаддаг болохын төлөө зүтгэх юм бол Монгол
Улсад хөгжих боломж, гарц бий.
>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №238 (5190) дугаарт>>
Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан гуайн хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэж байна.
-Та “Монголкино” үйлдвэрт ажиллаж байхдаа анх ямар кино зохиол бичив?
-Эрдэнэтийн тухай “Эхлэл” гэдэг баримтат кино бич гэж Донров дарга даалгавар өгч байлаа. “Инээдмийн киноны төрөл зүйл дутаад байна. Чи бич” гэсний дагуу “Мөнгөн буйл”-ыг бичиж байлаа. Р.Доржпалам хэмээх мундаг найруулагч найруулж, “Тунгалаг Тамир” киног гэрлээр зурсан Д.Баттулга зураглаачаар ажилласан юм. “Тунгалаг Тамир”-ыг хийчихсэн, дэлхийн киноны нэвтэрхий тольд Монголоос анх удаа бүтээл нь бүртгүүлсэн Равжирын Доржпалам өмнө нь “Морьтой ч болоосой” кино хийчихсэн. Доржпалам гуай чинь гаминг салам хөөсөн, Богд хаант Монгол Улсын баатар Сумъяа бэйсийн хүү шүү дээ. Сумъяа бэйсийг хэлмэгдүүлэн хөнөөсний хойно Равжир хэмээх авга ахаараа овоглосон байдаг. “Гурван До-гийн үе” гэж монгол киноны хөгжлийн оргил үед “Мөнгөн буйл” түмэн олонд хүрсэн юм даа. Монголкино үйлдвэрт арван найман жил ажиллахдаа хэдэн зуун кино мэдээний тайлбар бичин, тавь гаруй баримтат кино бүтээлцэж, “Эхлэл”, “Дэгдээхэй нас”, “Мөнгөн буйл”, “Уяа” уран сайхны киноны зохиол бичжээ. Мөн цэцэрлэг, бүх шатны сургуульд үзэх 280 диафильм бүтээж, “Монголкино” үйлдвэрийн 40 жилийн ойд зориулж “Өндөг” хэмээх Монголын анхны зурган кино гаргажээ. Кино үйлдвэрт ажиллаж байхад тэр байтугай кинонд тоглуулах гэж үзэж байлаа.
-Ямар кинонд тоглов оо?
-“Ичээнд нь” уран сайхны кино хийж байсан үе. Сумхүү найруулагч нэг өдөр өрөөнд орж ирээд “Мөн байна” гээд “Явна аа, хувцаслана аа” гэлээ. Толгой дээр гэзэг залгаад, жирийн харцын бор дээл, хүрэм өмсгөн бичгийн түшмэлийн хувцас бүрдүүлдэг юм байна. Цаанаас Дамбийжаагийн талынхан ирнэ, наанаас Ардын засгийнхан очно, урдаас нангиадууд, хойд талаас улаантан, цагаантан ирэх хэсэгт зочдыг хүлээж авдаг гагцхүү монголоороо бичиж суудаг, ганц үг дуугарахгүй мөртлөө харцаараа ярьдаг хүний дүрийг надад өглөө. Орой нь манай киноны найруулагч “Чи ч мөн золиг юм аа. Нүдээр ярихыг хангалттай сайхан гаргалаа” гэж баяр хүргээд л. Киног Кино үйлдвэрийн уран сайхны зөвлөл, Соёлын яамны уран сайхны зөвлөл баталчихсан. Тэгтэл захиалагч нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны ойд зориулсан кино байж таараад үзүүлж. Нөгөөдүүл үзээд “Кино сайхан болжээ. Улс төрийн хувьд л харин та нар сонор сэрэмжгүй байна. Аюулаас хамгаалахын кинонд төр засгийн эсэргүүн хүртэл зөв сайхан талын дүрд тоглоод байж байдаг л тусгүй байна” гэж дээ. Кино батлагдахгүй хоёр гурав хоноход л улирлын төлөвлөгөө тасарна, улирлын төлөвлөгөө тасарвал хамт олны таван зуу гаруй хүний амь, амьдралд барцад гарна. Тэгээд яахав, миний дүрстэй хэсгийг ганцхан хайчлаад хаячихаж байгаа юм. Сумхүүгийн авгай Батгэрэл гэж шударга, ил үгтэй хүүхэн “Муу эсэргүүнээс болоод киногоо тайрахад хүрлээ” гэж байсан. Бүрэн хэмжээний хийгдчихсэн киног тайрна гэдэг нь хүний таван цулыг авч хаяад улаан хоолойг нь жонгойтой нь шууд холбочихож байгаатай ялгаагүй зүйл байхгүй юу. Тэгж тайрсныг соёлтой үзэгчид сайн мэднэ, жирийн үзэгчид бол анзаарахгүй л дээ. Би ч бас хоржооноо тавихгүй хэдэн үг хэлчихнээ.
-Сумхүү гуайн гэргийд үү?
-Сумхүү чинь нөгөө сүрхий зүүнтэн Бадрахын хүү байхгүй юу. “Тэгж ярих юм бол чи эсэргүүний хүүгийн авгай, би ч жинхэнэ эсэргүүн” гээд наргиан даргиан болдог байлаа.
-Тайрсан хальсыг нь хадгалахаар аваагүй юу?
-Ямар юмных нь тийм юм байхав. Тайраад газар дээр нь шууд шатаадаг байхгүй юу. Түүхийн хуудаснаас хэчнээн сайхан хүмүүсийн амьд баримтат зураг алга болсон гэх вэ. Төмөр-Очир, Лоохууз, Цэнд нарын түүхэн хүмүүсийн зургийг түүгээд шатаадаг байлаа. Өнөөдөр түүх үнэнээрээ гарахад тэр дүрс зургууд үгүйлэгдэж л байна. Өвчин бүхэн түүхтэй, түүх бүхэн өвчтэй учраас тэр бүхнийг одоо хэн нэгэнд нөмөргөн зэмлэх аргагүй. Ер нь алдаа завхрал, намчирхлын өвчин, үзэл суртлын хэнээд Монгол минь уусаж автахгүй байх болтугай гэж залбирах учиртай.
-“Мөнгөн буйл” кинонд жүжигчин Дорлигжав гуай мөн ч наалдацтай тоглосон шүү…
-Киноны зохиолыг найруулагч Доржпалам гуайд хүлээлгэж өгөхдөө “Баянхонгороос дөрвөн хүн тоглуулбал би зохиолоо өгнө” гэж аваргад аархсан юм. Тэгсэн мань хүн духаа нэг алгадаж, хонгоо нэг алгадаж нааш цааш явж байснаа “Дөрөв нь ч юу юм, гурван хүн тоглуулъя” гээд саалийн тасгийн ингэний саальчин Должинд Баянхонгорын “Тэмүжин” хүүхдийн театрын дарга Ваахүүгийн Ганчимэг, Гочоод Дорлигжавыгаа, Хилийн цэргийн дуучин Дашзэгвийгээ саалийн фермийнхэнд эсгийнд боолгоод, хамар дээр нь ялаа суухад хамар нь мурчийгаад байдаг дүрд тоглуулсан. Намайг Жинстэд тэмээ хариулж байхад их нөмөр болж байсан ердийн хөсгийн дарга Ваахүүгийн урлагийн сургууль төгсөөд ирсэн охиныг саальчинд тоглуулж байлаа. Хүн хүний ачийг хэзээ ч ерөөсөө мартаж болохгүй. Манай Дорлигжав байгалиас заяасан хольцоо нь үгүй шижир байсан. Дорлигжавт их дээд сургууль төгссөн гэх мэт намтар байхгүй. Монголжуу биш монголоо алдаж яваа хүн дотроос монголоороо байгаа хүнийг манай урлагийнхан олж хараад, жүжгийн хүрээлэн олзолж, кино үйлдвэр жилд гурван кинонд тоглуулдаг байсан. Дорлигжав дүрийг амьдралын итгэл үнэмшлээрээ шууд аваад явчихдаг жүжигчин. Киноны хөгжмийг нь төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай бичсэн юм. Мөрдорж гуай түүхэн киноны хөгжим, түүхэн дууг сайхан туурвидаг. “Дайсны цэргүүд сонсоцгоо” киноны дууг бод л доо. Хэчнээн гайхамшигтай билээ. Тийм сайхан түүхэн киноны дууг халгиж цалгиж бичсэн атлаа инээдмийн киноны хөгжимд цуцах шинжтэй байсан. “Мөнгөн буйл” киноны зохиолд маш олон дуу байлаа.
-“Азын тэнгэр байвал даа Гочоо минь ээ хө” гээд Дорлигжав гуай ч үзэгчдийн сэтгэлд хоногштол дуулдаг шүү?
-Дорлигжав тэр дууг чинь
“Азын тэнгэр тэтгэлээ дээ, гоогоо минь ээ хө
Ааваасаа бусдыг оллоо доо, Гочоо минь ээ хө” гээд ардын дууны аян дээр аваад явчихаж байгаа юм. Тэр хэсгийн урьд нь зориод явж байхдаа
“Нарийн ухаан байвал даа, гоогоо минь ээ хө
Нарнаас тамхиа асаана даа, Гочоо минь ээ хө” гэж дуулдаг шүү дээ. Тэр бүхэн Мөрдоржийн хөгжим биш Дорлигжав өөрөө л тэгж дүрээ тодотгон авч явж байгаа нь тэр. Хошин инээдмийн киног уран сайхны зөвлөлөөр баталж өгөхгүй байх, төрийн хошой шагналтны нэр байж байхад батална гэсэн үзэл суртлаас залхчихсан манайхны нэг муу арга байсан шиг байгаа юм. Тэрнээс биш Доржпалам найруулагч инээдмийн киноны бүх дууг бичсэн хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа ахыг авна биз дээ. Бирваа ах
“Харласан бүтэлгүй толгой би
Хаагуур явсныг мэдсэнгүй” гэсэн үгийг хүртэл аялгуугаар амилуулж шүншиглэсэн авьяастан шүү дээ. Энэ дууны үгийг сонсоод шүлгийг бичсэн Бунтар гуайг би “Ийм бүдүүлэг үгтэй дуу огт үзсэнгүй ээ. Харласан, бүтэлгүй, хохимой хаагуур доншуучилсныг чёрт не знаю” гэж тоглоом хийнэ. Хэмнэл нь үгтэйгээ яг таардаг дуу шүү дээ. Аугаа хүмүүс бол аугаа л байдаг. Уурлаад, юмаар шидэхийн оронд “Галсан гуай, та уянгын дуу болон улс төрийн дууны үгийг мэдэх юм байна. Киноны дууны үгийн онцлогийг л мэдэхгүй байна даа. Тэр баатрын тухайн үеийн сэтгэгдлийг аялгуутай хэлэхийг киноны дуу гэдэг юм шүү дээ” гэж аман дээр атны тавхай тавьж байлаа. Кино үйлдвэрийн бүх уран бүтээлчид мэргэжилдээ өнөөдрийнхөөр жинхэнэ академичид байжээ.
-Санжийн Пүрэв гуайн зохиол “Загийн алим” кинонд та ёстой яруухан дуу бичсэн дээ?
-Манай Жигжидсүрэн чинь “Анхны алхам”-аасаа хойш киноны инжеан болчихсон үедээ хийсэн кино нь. “Загийн алим” батлагдсан ч дуу нь гологдож. Манай хянагчид үзэл суртал харахаас гадна урлагийн амин сүнсийг мэдэрдэг мундаг байсан байгаа юм шүү. Монгол баатрын хувцсан дээр гамингийн нэг муу хантааз өмссөнтэй ялгаагүй юм болохгүй юу. Найруулагч нь хөгжмийг сонсголоо. Жамсранжавын хөгжим. Их сайхан аялгуу юм. Говьд хоорондоо уулзаж чадахгүй, бие биесээ мөрөөдөж байгаа цэвэр ичимтгий ааш нь эвдрээгүй залуусын сэтгэлийн уянга, улирлын аяс хоёр байх ёстой юм байна гэж бодоод
“Яруухан хаврын гурван сардаа
Яргуйгаа дагаад сүрэг минь жаргалтай
Цэрвүү алсаас чамайгаа санахад
Цээжний гүнд наран ургаастай” гэж эхлүүлэн дөрвөн улирлын аясаар бичсэн. Кино үйлдвэрийн төлөвлөгөө тасрах гэж байхад аминд нь орсон дуу даа.
-Мишигийн Жавган гэж мундаг зохиолчийг хүмүүс нэг их яриад байхгүй юм даа. Тантай хамт ажиллаж байсан гэл үү?
-Дундговийн Дэрэнгийн өөлд хүн байгаа юм. Жавган маань хүн нүдээр хараад доогломоор дэндүү эгэл хүн байсан. Яагаад ч дандаа богино өмд өмсдөг байсан юм шагай нь байнга гялалзаж явдаг, Кино үйлдвэрт даргаас нь бусад албыг хашсан мундаг амьтан. Дарханы бүтээхүйн эрдмийн сургуулийг төгссөн, цахилгаан, тайз засал гээд бүгдийг шийддэг, таван зуун хүний хувь тавиланг шийддэг боловсон хүчин, зургийн дарга ч хийж байсан даа. Жавганы зохиолоор хийсэн кинонуудаас хамгийн алдартай нь “Нийслэл хүү” байна. Гадны киноны хуулга биш цэвэр монгол шог байсан. Хувь хүний хувьд маш их онцлогтой. Хээрийн зурагт явж байхад нь хайрханы дээгүүр гэнэт хар үүл гарч ирээд аянгатай аадар асгалахад нарлаж байсан хүүхнүүд дуу алдан хувцас хунараа дутуу хагас цуглуулан гэртээ ирчихсэн байхад Жавган ганцаараа байдаггүй. Жавган аянганд ниргүүллээ гэхэд тэр их аадар дундуур явчих хүн байдаггүй. Аадар гэнэт шаагисан шигээ гэнэт татрах үед мань хүн хув хуурай ороод ирэх жишээтэй. Яав гэхэд “Яахав жаахан бороо ороод би хариулчихлаа” гэнгүүт нөгөөдүүл нь биширч сүйд болж. Яг нарийн учрыг нь сүүлд асуутал “Бороо асгуут л эд нар гүйгээд явцгаасан. Би үлдээсэн түмпэнг нь авч хувцсаа тайлан дотор нь хийгээд толгой дээрээ тавиад цүнхээл дотор суучихсан. Наранд бүлээссэн ус сайхан байна. Бороо арилуут биеэ арччихаад хуурай хувцсаа өмсөөд ороод ирсэн” гэж байсан сан. Жавган “Шинэ танилууд”, “Мартагдашгүй намар”, “Шинэ хотын гэрэл”, “Тууврын замд” зэрэг олноо нэрд гарсан уран сайхны кинонууд бүтээсэн давтагдашгүй сонин сэтгэлгээтэй, басашгүй сайхан авьяас билигтэй зохиолч байлаа. “Есөн хүсэл” роман тэргүүтэй олон сайхан бүтээлүүд нь байгаа даа. Ер нь манайхан алдарт гарсан хүмүүсийн араас шогшоод, эсвэл тааруухан зохиолчийн үр хүүхэд нь баян бол хөшөө дурсгал гэж мод чулуу энд тэнд овоолоод л, хэн ч уншихгүй юмыг нь ахин дахин хэвлэж гаргаад байх юм. Уг зүй нь монгол утга зохиолын том овоонд ивээс нь болж байсан тулгуур чулуунуудаа, дээш нь шидэхэд доошоо нурахгүй тогтоод байсан жижиг чулуунуудаа аль алийг нь бодож баймаар санагддаг.
-Тоогдохгүй тулгуур чулуунууд олон байна уу?
-Тэр байтугай аугаа их С.Дашдооровын наян насны ой таширлаад байхад хөөрхий муу Дарма Батбаяраас өөр дуугарч байгаа хүнгүй л байна ш дээ. Би нэг дурсамж бичсэн. Манайхан чинь идэж ууж явснаа л бичээд байх юм. Тэр дурсамж биш л дээ хө. Би бол муу нэрт, луу данст Галсанд ямар их авралын бурхан байсан талаар л бичсэн. Хэвлэх газар олдвол хэвлүүлчихнэ дээ. Урамгүй нь билиг авьяастны хөдөлмөрийг үнэлэхгүй биеэ үнэлэгчдийг л өндөрт мандуулаад байх юм. Капитализм чинь хүнийг урамшуулж шагнаж байж хөдөлмөрийг нь шударга үнэлдэг юм шүү дээ. Энэ бурууг залруулах ёстой. Цэдэвдоржийн Базаррагчаа гэж гайхамшигтай хэл найруулгатай зохиолчийг огт ярихгүй юм. Чойжамцын Ойдов гэж төрийн шагналт мундаг зохиолч байлаа. Архичин гээд амьдаар нь булшилчихсан. Дөнгөж дөчин хоёрхон насалсан байдаг. “Ардын элч” киног бичсэн. Энэ кино чинь сонгодог найруулгатай бүтээл шүү. Ойдов гуайн ерэн насны ой удахгүй болно. “Далан худалч” жүжгийг битгий тоглооч, орлогынх нь мөнгийг манай улс гаргая гэж урд хөрш гуйж байсан тийм зохиолч Монголд даанч ховор. Ойдов тэгэхээр олон улсын хэмжээний сонгодог зохиолч байгаа биз дээ. Ийм сайхан хүмүүсээ огоот дурсахгүй байна. Мартах чинь хоёр янз байх шиг байна. Нэгдүгээрт, өөрсдийгөө өргөмжилж бусдыг мартахуйн мананд гээх гэсэн явуургүй арга. Тэр дэмий. Он цаг өнгөрөх тусам жинхэнэ сонгодгууд булавч бултайгаад, даравч дардайгаад гараад ирнэ шүү дээ. Хоёрдугаарт гэвэл хорвоогийн гачлангаар дэндүү эрт буцаад бүтээл туурвил нь ард түмэнд түгэлгүй хайчлагдчихсан авьяастнууд бас байх юм даа. Пүрэвийн Гантөмөр гэж хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлсөн царай нь хар ч хүн чанарын их гэрэл гэгээт шударга сайхан найрагч байлаа. Ламжавын Лувсандоржийг бурхан болоход пайлуурын чулууг нь үүрчихсэн, хөлс нь гоожоод ирж байхыг би харж байлаа. Одоо чинь хүн биш байтлаа өөрсдийгөө яруу найрагч гэж цоллосон залуус мэр сэр байна шүү. Некрасов “Яруу найрагч та иргэн байх хэрэгтэй” гэсэн. Би бол “Яруу найрагч хүн байх ёстой” гэж боддог. Хүний ертөнцөд хүн байх шиг гайхамшиг үгүй юм даа.
-Хүн байхын утга учир тэгвэл юунд орших бол?
-Монгол маань хүн төрөлхтнөөс хоншоор дутуугүй, аль ч ард түмнээс аз жаргал яндаагүй байх аз одонд заяасан ард түмэн. Социализм гэдэг суваргаа нураах нь зөв байсан ч буруу нураасны хар гайгаар, Дэн Сяопин аваргын эдийн засгаа эвдэхгүй үзэл суртлаа эвдэх аргыг хэрэглэлгүй бүгдийг нь буулгаснаас болоод гадаадынхны гар хөл болсон нэгдүгээр зэргийн луйварчид төр засагт шургалчихаж. Тэгснээс болоод гурван сая хүнд хүртэх аз жаргал гурван зуухан хүнд оччихоод байна. Үүний буруутан нь манай ард түмэн. Энэ алдаагаа л залруулчихвал ганц Галсанд тустай биш нийт монгол түмэнд ачтай юм. “Манай нам, танай нам” гэж улаантан цагаантан болж талцаад ах нь дүүгээ, айл нь саахалтаа үзэж чадахаа больсноос хамаг гай үүдэлтэй. Жаахан хэрүүлтэй уруултай, харанхуй бүрэнхий үеэр чөтгөр шимбэн бурхны гүнгэрваанд ороод нуугдчихдаг жамаар л энэ луйварчид төр засагт шургалчихсан. Энийг залруулах хүч чадал, эрдэм билиг Монголын ард түмэнд бүрэн бий.