Categories
мэдээ нийгэм

Эмзэг бүлгийн иргэдийг элэгний үнэгүй шинжилгээнд хамруулна

Нийслэлийн Засаг даргын тамгын газар нийслэлийн Халамж үйлчилгээний газар, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношилгооны төв хамтран иргэдийг элэгний В, С вирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Ингэхдээ нэг хорооноос 5-7 хүн буюу ойролцоогоор 1000 гаруй хүнийг хамруулах юм байна. Эмзэг бүлгийн иргэдийн элэгний хатуурлыг тодорхойлох “Fibroscan” шинжилгээ нь энэ сарыг дуустал үргэлжилэх аж.

Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас хийсэн судалгаагаар I-VI түвшин буюу нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан иргэдийг сонгон, шинжилгээ хийлгэх эрх бүхий бичиг тарааж эхэлжээ. Эрх авсан иргэд энэ сарыг дуустал “Хаппи веритас” төвд очин шинжилгээнд хамрагдах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаярын хилээр гарах эрхийг дахин хаажээ

МАХН-ын
дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин шалгаж эхэлжээ. Тиймээс түүний хилээр гарах эрхийг хаасан гэнэ. Түүнийг ямар хэргээр шалгаж байгаа нь тодорхойгүй байна. Уг асуудлыг
МАХН-ын гишүүд Н.Энхбаяр дарга улстөрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, иргэдтэй
уулзалт хийн, зарим улстөрчдийн булхайг илчлээд байгаа учраас зориудаар ийнхүү
дарамталж байна гэж үзэж байгаа аж.

Сүүлийн үед Н.Энхбаярын нөлөөлөл улстөрд
хүчтэй тусч буйг хэвлэлүүд онцлох болсон. Тухайлбал УИХ-ын дарга З.Энхболдыг
“барьцаалан” Өршөөлийн хуулийг өөрийн талд ашигтай байхаар
батлуулахаар зүтгэж байгааг онцолж байгаа.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл танилцууллаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор УИХ-ын дарга З.Энхболдод хулийн төслүүдээ өргөн барилаа.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай,

Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай,

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл,

2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж байгаагаа Сангийн сайд Б.Болор танилцуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Хуульчдын хоёрдугаар их хурлаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Өнөөдөр Засгийн газрын ордонд Монголын хуульчдын хоёрдугаар их хурал болж байна. УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэж амжаагүй арав гаруй хуулийг эргүүлэн татжээ. Учир нь эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хурлын үеэр онцоллоо.

УИХ-аас татаж авсан хуулиудад Арбитрын тухай хууль, Мөрдөх албаны хууль, Хуульчийн эрх зүйн байдлын хуулиуд багтаж байгаа юм. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэг дутагдалтай зүйл байгаа нь хуульч гэдэг мэргэжлээр дөрвөн жил сурчихаад, ажил дээр гараад ямар ажил эрхэлж байгаагаар нь зааглаж, хуульч, хуульч биш гэж ялгаж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс өнөөдрийн хурлын төлөөлөгчид хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдэд саналаа оруулах, тусгах боломжтойг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Шугам сольж байгаад шороонд дарагдан амиа алджээ

Баянзүрх дүүргийн тавдугаар дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжний дэргэд цэвэр усны шугам солиж байсан хоёр хүн шороонд дарагдаж, нэг нь амиа алджээ. Нийслэлийн Онцгой байдлын албанаас дуудлагын дагуу очиход иргэн Б, иргэн М хоёр шороонд дарагдсан байжээ. Иргэн Б-г яаралтай аварч эмнэлэгт хүргэсэн бөгөөд аарцаг, нуруундаа бэртэл авсан байжээ. Харин 36 настай М тусламж авч амжилгүй нас барсан тул Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын аян болж байна

“Дархлаажуулалтын ээлжит 10 хоног”-ийн аян энэ сарын 1-ээс эхэллээ. Арав хоног үргэлжлэх уг аянд сүрьеэ, халдварт саа, тавт вакцин, улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, А гепатитаас сэргийлэх вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах, заавал хийх дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу хийнэ.

Тодруулбал, ерөнхий боловсролын сургууль дээр 7,15 настай хүүхдэд хийх сахуу, татрангийн вакцин хийх, мөн шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын голомтыг нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АСЕМ-ын зохион байгуулалтад таван улсаас тусламж хүсчээ

2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн есдүгээр хуралдаан боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл үйл ажиллагааны 2016 оны төсөв, гадаадын тусламжийн асуудал, төлөөлөгчдөд үйлчлэх автомашины судалгаа болон нийслэлийн хэмжээнд АСЕМ-тай холбоотой 2015 онд багтаан гүйцэтгэх замын ажлын явц гэсэн дөрвөн асуудал хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс гадна гадаадын зарим орны тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэхээр төлөвлөж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд асуудлуудтай нэг бүрчлэн танилцаж дэмжсэн бөгөөд автомашин худалдан авах, зам засварын зардлыг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Гадаадын тусламжийн хувьд албан ёсоор таван улсад хандаад байгаа бөгөөд одоогоор нисэх буудал, зочид буудлын тавилга, тоног төхөөрөмж, орчуулгын болон ёслолын үеэр хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэргийг БНХАУ-ын тусламжаар шийдэхээр болоод байна. Мөн БНСУ хурлын тоног төхөөрөмж болон зочид буудлын менежмэнтийн сургалтын чиглэлээр тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тоног төхөөрөмж авах зэрэг бусад чиглэлээр тавьсан саналын хариу одоогоор албан ёсоор ирээгүй байгаа юм.

Дээд түвшний уулзалтыг угтаж хийж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зочид төлөөлөгчид байрлах болон уулзалт зохион байгуулагдах газрын маршрутын дагуу хэд хэдэн замыг засварлах, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам хийх зэргээр нэмж тохижуулахаар боллоо.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан нийт 3500-4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Тарвага, туулайны бөөр зүрх түүхийгээр залгих аюултай

Сүүлийн үед туулайн зүрх, тарваганы хүн мах, бөөр залгисны улмаас амиа алдсан хэрэг хэд хэд бүртгэгдсэн. Тухайлбал, Хөвсгөл аймагт тарваганы цөс, хүн мах, элгийг түүхийгээр нь идэж байгаад нас барсан хэрэг бүртгэгдсэн билээ.

Хүмүүсийн дунд туулайн зүрх халуунаар нь залгих, яргуй идсэн бор гөрөөсний цус уух, адууны гуур хорхой, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэдэг ойлголт ам дамжин яригддаг.

Үүнийг орчин үеийн анагаах ухаанаар батлаагүй. Харин ч эрүүл мэндийг хохироож, улмаар үхэлд хүргэх аюултай тул мал, амьтны түүхий эрхтэн идэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Зориг агсан бусдын гарт эмгэнэлтэйгээр амиа алдсан билээ. Жил бүрийн энэ өдөр уламжлал болгон цэцэг өргөдөг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй УИХ-ын гишүүд, дарга нар, түүний ар гэрийнхэн түүний дусргалын хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ жил С.Зориг агсаны мэндэлсний 52 жилийн ой тохиож байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр өглөө 09.38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь цэцийн дүгнэлт гарахын өмнөхөн Үндсэн хуулийн цэцийн ойд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 300 сая төгрөг гаргасан тухай яриа байна. Иймээс энэ мөнгийг юунд зарцуулсныг ил болгох шаардлага байгаа тул цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргаж байгаагаа хэллээ.

Тэрээр мөн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Учир нь өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан гэсэн мэдээлэл байгаа учраас энэ асуудлыг магадалж байж хэлэлцэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байв.

Ц.Нямдорж гишүүний гаргасан саналыг УИХ-ын дарга З.Энхболд авч үзээд, цэцийн 11 дүгээр дүгнэлтийг одоо хэлэлцэх нь цаг хугацааны хувьд ч таарамжгүй байна. Тиймээс цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг гаргаж энд яригдаж байгаа мөнгөний асуудлыг магадалж тодруулах нь зүйтэй гэлээ.

Харин Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар цэцэд хандсан эсэх асуудлыг Улсын дээд шүүхээс тодруулахад Эрүүгийн танхимын хэдэн шүүгч асуудал тавьсан гэсэн, энэ нь хүчин төгөлдөр бус асуудал юм байна. Иймээс өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд явах боломжтой гэсэн хариулт өгөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд ардчилсан хувьсгалын удирдагч, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь үрэгдсэн өдөр өнөөдөр тохиож, чуулганы нэгдсэн хуралдаан таарч байгаа учраас гишүүд түүний дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэх санал гаргасаанаар, гишүүд эмгэнэл илэрхийллээ.

Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор үргэлжлүүлэн хэлэлцэж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын хаврын ээлжит чуулганы энэ оны долдугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул хэлэлцүүлгийг хойшлуулаад байсан юм.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ”-ний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.