Categories
мэдээ цаг-үе

Д.Энхтөгс: Би Оюунболдыгоо барилдахын өмнө зарах хонио хариулуулж л байдаг хэнэггүй хүн шүү

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы № 237(5189), 238(5190) дугаарт>>

Улсын арслан Оюунболдын аав Д.Энхтөгсийнхөөс сурвалжлага бэлдэж явахад уулзсан хүн бүр бахтай, үг яриа бүрийг нь баярын инээмсэглэл дагадаг болох нь анзаарагдав. Тэд өмнө нь ямар байсныг мэдэхгүй ч лав өнгөрсөн долдугаар сараас хойш ийм байгаа бололтой. Тэгээд ч Хэнтий нутагт наадмын чимээ саяхнаас л намжиж байгаа ажээ. Улсын арслан Э.Оюунболдын алдрыг тэмдэглэх баярыг баг, сум, аймаг нь тус тусдаа хийсэн нь энэ гэнэ. Төрсөн баг болох Өмнөдэлгэр сумын Хэнтий баг наймдугаар сарын 10, Хэнтий аймаг наймдугаар сарын 13, Өмнөдэлгэр сум есдүгээр сарын 1-нд улсын арслантай болсноо тэмдэглэжээ. Наадмын сүүлийн өдөр буюу долдугаар сарын 12-ны орой Өмнөдэлгэр сумын иргэд бүгд машин, мотоциклио асаан сумаа гороолж баярлалдсан тэр эрчээрээ энэ зун, намрын турш л хөл хөөр болцгоосон байна. Намрын ажил, хичээл сургуулийн цаг болтол Хэнтий аймаг тэр дундаа Өмнөдэлгэр сумын иргэдийн дунд улсын баярын бөхийн барилдаан халуун сэдэв хэвээрээ байсан гэж байгаа. Монголчууд олимпийн алтан медаль хүртэхэд яалаа, яг л тийм үйл явдал долдугаар сарын 12-нд тэнд давтагдаж баярын тэр шокноос хэнтийчүүд одоо ч бүрэн гараагүй мэт. Хэнтийн АН, МАН-ынхан шинэ арслангаа булаацалдах хандлага бас байгаа л бололтой.

Нутгийн иргэд ийн баярлаж байхад улсын арслан Э.Оюунболдын ээж А.Алимаасүрэн хүүгээ аймгийн арслан, улсын харцага, арслан болоход нь нулимс унагаагүй. Сүүлд Хэнтий багийн иргэд хүүгийнх нь алдрыг тэмдэглэхэд л анх баярын сувд хэлхжээ. “Яагаад. Хүүгээ төрийн наадмын түрүү бөх болсон гэдэгт Хэнтий багийнхан чинь хүлээж авахад л итгэж байгаа хэрэг үү” хэмээн хошигноход гэрийн эзэгтэй А.Алимаасүрэн түлээ оруулах зуураа “Юу гэж дээ. Хамгийн их баярласан хүн нь би байх. Гэхдээ бөх үзнэ, хүүгээ барилдахыг харна гэдэг чинь тэс өөр зүйл байдаг юм билээ. Хамаг сэтгэл хөдлөлөө барилдаж байхад нь гаргачихаад давчихаар нь тайвширчихаж байгаа юм. Тийм болоод ч тэр үү яагаад ч юм тухайн үед уйлаагүй юмдаг. Хамгийн их санаа зовж яах бол доо хэмээн хүлээж байсан барилдаан нь энэ наадмын дөрвийн даваа. Тэгэхэд найз Ш.Мөнгөнбаатартайгаа тунаж барилдсан юм. Нэг нь цолонд хүрчихсэн, нөгөө нь цол ахих зорилготой болохоор өөрийн эрхгүй яах юм бол доо гэж бодогдсон шүү” хэмээнэ.

Эндээс улбаалан цолны найрааны тухай сэдэв рүү бидний яриа эргэлээ. Э.Оюунболдын аав Д.Энхтөгс найраа гэдгийг байж болохгүй үзэгдэл хэмээнэ. Яахав цол авах сонирхолтой олон хүн байдаг бол цолондоо хүрчихсэн бөхчүүд ч байгаа. Ингээд л эдийн засаг, санхүүгийн асуудал болдог биз гэсэн дүгнэлтийг тэрээр бас хийнэ. Улсын арслан Э.Оюунболд 2012 онд Хэнтий аймагт арслан болдог наадамд аавтайгаа хамт очжээ. Тэд халаасандаа 200 мянган төгрөгтэй. Хүү нь цол авах зорилготой. Гэлээ ч өөрийнхөө ур чадварыг мэдээгүй залуу байсан учраас байн байн “яах бол” хэмээн босч суухыг нь Д.Энхтөгс гуай анзаарчээ. Тэгээд хүүгээ зандарч бас захиж “Тайван л барилд. Миний хүү цолыг хэзээ ч гуйж авдаггүй юм шүү” хэмээн сургажээ. Аав, хүү хоёр Хэнтий аймгийн 2012 оны баяр наадмын өмнө иймхэн байсан ч тэр өдрүүдийн барилдаанаар Э.Оюунболд аймгийн арслан болж анхны цолоо авсан түүхтэй. Энэ зуны улсын баярын үеэр ч найрааны тухай яриа энэ гэр бүлийг тойроогүй сурагтай. Нэг ёсондоо нутгийн ах нар нь улсын заан цолонд хүрэх мөнгийг нь гаргая гэсэн санал тавьсан бололтой. Э.Оюунболд энэ асуудлыг яаж шийдвэрлэхийг ааваасаа л асууна. Д.Энхтөгс гуай ч эрс татгалзаж “Хүн өөрийнхөө хүч тэнхээнд тохирсон амжилтаа л үзүүлдэг. Цолыг, тэр дундаа улсын цолыг худалдаж авна гэж юу байхав” гэхэд хүү нь ч үгнээс зөрөлгүй өөрийнхөөрөө барилдсан нь оносон ч байж мэдэх. Хэрвээ шийдвэрийг эсрэгээр нь гаргасан бол даваа нь ханачихаж мэдэх байсан гэж одоо ч бөхчүүд, бөх судлаачид ярьдаг ажээ.

Яриа үргэлжилсээр 2015 оны улсын баярын үзүүр, түрүү булаалдахын өмнөх сэтгэгдэл, үйл явц, тэр мөчийн тухай хөөрөлдлөө. Олон ч хүн “Монгол Улс нэг туургатай ч гэлээ дотроо аймаг болон задардаг. Увс нуур дууг сүүлийн хэдэн жил сонслоо. Энэ жил Хэнтийн сүлд дуу Төв цэнгэлдэхэд хангинавал сайхан байна. Тайван, өөрийгөө болоод өрсөлдөгчөө мэдэрч барилд гэж Оюунболдод хэлээрэй” гэсэн мессежийг найз нөхдөд нь ирүүлсээр байсныг эцэг, эх нь сүүлд мэджээ. Наадмын өмнөх өдрүүд энэ гэр бүлд бүр ч тод дурсамжийг үлдээсэн байна. Аймгийн начин Д.Энхтөгс эхнэр А.Алимаасүрэн, охин Э.Оюунсувдаа дагуулан Улаанбаатар орж хүүгийнхээ барилдахыг харахаар Өмнөдэлгэрээс хөдөлжээ. Явдлын далимаар хэдэн мал зарж мөнгө хийх санаа өвөрлөн машиныхаа тэвшин дээр хэдэн хонь холбочихож. Бас болоогүй “Юмыг яаж мэдэхэв” гээд зодог шуудгаа бүсэлсэн байна. Долдугаар сарын 7-ны орой хөдөлж 8-ны өглөө Налайх руу орж иржээ. Ачиж ирсэн хонь малаа өлдүүлэхгүйн тулд өвс ногоо хазуулахын зэрэгцээ шөлний хонь хайж яваа нэгэн таарвал тохирсон үнээр ганц нэгийг нь зарсан шигээ байтал үд хэвийж. Тэр үед Э.Оюунболд Сүүж уулын бэлтгэлээсээ бууж Төр хурахад багш, улсын начин Б.Адъяахүү, штангийн багш Б.Хосбаяр болоод бусад бөхчүүдийн хамт байрлаж байсан байна. Аав, ээжийгээ ирснийг сонссон Э.Оюунболд ч төд удалгүй давхиж ирээд мал зарах ажилд нь тусалжээ. Зарагдаагүй хонио ч хариулан гүйж харайж байтал гар утсанд нь завсар чөлөөгүй дуудлага ирсэн нь багш нар, найз нөхөд, нутгийнх нь ахан дүүс байсан бөгөөд түүнийг хаана байгааг сураглан залгасан нь тэр. Э.Оюунболд ч үнэнээ хэлэн “Налайхад хонь хариулж явна” гэтэл бөөн хэрэг мандаж. Хүн бүр л “Барилдах гэж байж чи яасан саваагүй хүүхэд вэ” гэх мэтээр анхаарал хандуулсан нь мал зарж мөнгө болгохоор ирсэн Д.Энхтөгс гуайн зорилгыг тасалдуулахад хүрчээ. Тэрээр “Би Оюунболдыгоо барилдахын өмнө зарах хонио хариулуулж л байдаг хэнэггүй хүн шүү. Харин сүүлд хүүд минь нутаг усны ахан дүүс халуун хошуутай мал олныг өгсөн. Одоо ах нь хүүгийнхээ малыг хариулсан шигээ л явна даа” хэмээн нээлттэй, цагаахнаар өгүүлж сууна.Түүнтэй хүүгийнх нь тухай, Э.Оюунболдын амжилт, ирээдүйн талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Хүүгийнхээ малыг хариулж явна гэлээ. Улсын өндөр цолонд хүрсэн бөхчүүдэд томоохон бэлэг ирдэг нь нээлттэй болсон. Бэлэг өгсөн бусад хүмүүсийг дурдалгүй өнгөрч болохгүй байх?

-Миний муу хүүд олон ч сайн хүн тусалж дэмжиж, хань болж явна даа. Заавал хэнтийнхэн гэхгүй аймаг бүрээс найз, ахан дүүстэй болчихож. Сайхан л байдаг юм. Юуны түрүүнд энэ хүмүүст байнга баярлаж талархаж явдгаа хэлэх хэрэгтэй байх. Хүү минь өдий зэрэгтэй явахад энэ хүмүүсийн тус дэм их. Яахав хүн зон бэлэг дурсгал өгч л байдаг бололтой. Амьдрал ахуйд нь ч сайнаар нөлөөлж байгаа. Хэнтий аймаг, Эрдэнэт үйлдвэр, Ч.Энхтайван, Их засаг сургуулиас байр бэлэглэсэн. Түрүү бөхийн унаа гэж ч ирсэн. Олонтой явах, олны талархлыг хүлээх ийм сайхан юм даа.

-Б.Бат-Эрдэнэ аваргатай сайн яривал садан төрөл юм байна. Хүүд чинь тус дэм болно биз?

-Зааж сургадаг гэсэн. Тэр их хүнээр заалгаж, зөвлүүлж, сургаалийг нь сонсоно гэдэг бас том завшаан шүү. Хүүг минь тоож зөвлөгөөгөө хайрлаж яваа нь таатай л санагддаг юм.

-Танай удмынхан ачих мэх хийдэг гэсэн. Танай хүү энэ мэхийг хэр хийдэг юм бол?

-Биднээс дээш барилдаж явсан хүмүүсийн маань нэр нь хүртэл “ачаа” гэх болсон. Би ч нэг муу ачдаг санаатай. Хүн надад зааж өгөөгүй. Нэг мэдэхэд л ийм мэхтэй болчихсон байсан. Би ч хүүдээ зааж өгөөгүй. Миний муу хүү хааяа нэг ачиж байгаа харагддаг юм. Өнгөрсөн жил улсын заан М.Өсөхбаярыг, дээхнэ Л.Лха-Очирыг нэг аччихаж байгаа харагдана билээ. Бас тэр бүхэн хийгээд байдаггүй юм билээ.

-Хүүгээ яаж барилдана гэж бодож байв?

-Цолоо батлаасай гэж хүсч байлаа. Баталчихаар нь цаашаа явах юм байна гэх бодол орж ирсэн. Ц.Содномдорж харцагтай долоогийн даваанд таарч заан болоод Б.Гончигдамба гарьдтай наймын даваанд тунаад цаашаа өгсч барилдсан. Бэлтгэл сургуулилт сайн байсных болов уу.

-Та зодоглохоор очсон гэв үү. Яаж барилдсан билээ?

-Би нэгийн даваанд Ш.Мөнгөнбаатарынд хүүтэйгээ очоод байтал дуудаад байсан. Нэрээ бичүүлснээ бодоод бас улсынхаа баярыг хүндлээд очих гэсэн ч үнэхээр амжаагүй. Түүнээс хойш цэнгэлдэхэд дээлийг нь бариад л сууж байлаа. Зургаагийн даваанд баруун асарт халуун савтай цай бариад очдог юм. Би гэлтгүй манай аймгийн бөхчүүд тэнд очсон. Б.Адъяахүү начин ч тэнд байсан.

-Үзүүр түрүү булаалдахаар гарахад нь та юу гэж захив?

-Ер нь бол яах бол доо гээд л хүлээдэг юм билээ. Миний муу хүү ч өөрөө дайчин сайн барилдсан даа. Би ч гарахад нь юм захисангүй. Багш нар нь битгий их яараарай. Тайван барилддаг юм шүү гэж захиж байсан.

Адъяахүү, Батбаяр начин, Одхүү начингаас гадна аймгийн арслангууд олон байсан.

-Хүүгийнхээ ирээдүйг хэлж, ярихыг цээрлэдэг бололтой. Гэхдээ ер нь шинжинэ биз?

-Ер нь явж л байгаа нь энэ. 2012 онд аймагт түрүүлээд тэр жилдээ хоёрын даваанд Ц.Мягмарсүрэн зааныг орхиж гурав дээр Д.Лхагвадорж начинд унасан санагдана. Тэр жилээс барилдаан нь задарсан даа.

-Ер нь аймагт ч тэр улсад ч тэр барилдахдаа ам авахаар болбол тантай зөвлөх үү?

-Саяхан Б.Соронзонболд зааныг амлаж авчихаад уналаа гэсэн. Ер нь ам авна гэдэг их төвөгтэй. Ахмад хүн авчихвал загнана, залуу нь занана. Тийм учраас ам авахдаа учрыг нь сайн хараарай гэж л захидаг юм.

-Өнгөрсөн баярын учраа бөх, ам авалт, туналтуудыг нь яаж харж суув?

-Гуравт хэнийг авах вэ гэж байсан. Өөрөө мэд дээ, аймгийн начин, арслан, заанууд байгааг хэлсэн. Тэгээд Өвөрхангайн П.Ганхүү начинг авсан байсан. Дөрөв дээр Ш.Мөнгөнбаатартай таараад тав дээр аймгийн арслан М.Бадарчийг авсан байсан. Зургаа дээр Э.Дашийг амлана билээ. Долоо дээр хэнтэй тунах гэдэг л байсан. Гэтэл Ц.Содномдоржтой таарсан ч сайхан л барилдсан. Уг нь Ц.Содномдоржид хэд хэд уначихсан юм шүү. Бас Р.Пүрэвдагва начинтай хэд дээр тунах бол гэж байтал дөрөв дээр унасан. Ам авахад нь гайгүй тунах юм уу, оноолт тааруулахад л сэтгэл их чилдэг юм.

-Та өөрөө ингэхэд сүүлийн хэдэн жил ямар амжилттай байгаа хүн бэ?

-Би 2013 онд сумынхаа ойгоор шөвгийн дөрөвт үлдэж Болдоо хүү маань түрүүлсэн. Бас 2012 онд нэг удаа түрүүлсэн. Одооноос жаахан морь оролдож байгаа ч түрүүлж, айрагдуулж үзээгүй ээ.

Улсын арслан Э.Оюунболдын аав Д.Энхтөгсийнд саатан хуучлахад ийм сонин, ийм хууч яриатай. Гэгээлэг, нээлттэй нэгэн гэр бүл юм. Д.Энхтөгс, А.Алимаасүрэн нар мэндтэй угтсан шигээ сүүтэй үдлээ. Энэ гэр бүлийн цаашдын зам, ажил үйлсэд сайн сайхныг ерөөе.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийнхэн зөвхөн өдрийн хоол идсэнийхээ төлөө төрд таван тэрбум төгрөг зүгээр өгөх нь

Долларын ханшийн дөчин хувийн өсөлтийг дааж ядан яваа нийслэлчүүд өнөөдрөөс идсэн хоол, уусан шар айраг, амарсан амралтын газрынхаа хөлсөн дээр нэг хувийн татвар нэмж төлнө. Ногоон валютын өсөлтөөс болж халаасан дахь 100 мянган төгрөгийнх нь үнэ цэн аль хэдийнэ 60 мянга руу уруудчихсан иргэдэд энэ татвар ахадсан ачаа мөнөөсөө мөн. НИТХ-ын төлөөлөгчдийн хоёр өдрийн өмнө баталсан Нийслэл хотын татварын хувь хэмжээг тогтоох шийдвэрийг хэлээд байна л даа. Хотын удирдлагууд иргэдийнхээ халааснаас авах мөнгөндөө нийслэлийн татвар гээд гоё нэр өгчихсөн. Нэг хувь гэдэг сонсоход өчүүхэн бага юм шиг хэрнээ жилдээ нэг иргэнээс 100 мянган төгрөг татчих юм билээ. Тэдний хийсэн тооцоо л доо. Яг нарийндаа нэг иргэнээс жилдээ үүнээс ч илүү мөнгө төвлөрөхөөр зураг харагдаж байна. Хүүхдүүдийг хасаад, хотод амьдарч байгаа оюутнуудаа нэмээд багцаалдаж тооцлоо гэхэд энэ татварыг дор хаяж сая иргэн төлж таарна. Хөдөөнөөс хотод ирээд ресторанд хооллоод гарсан иргэд, Улаанбаатарт ажлаар, аяллаар буусан гадныхныг тооцвол татвар төлөх иргэд элбэг сая дөхнө.

Улаанбаатарын ресторанд хооллож, зочид буудлаар үйлчлүүлсэн иргэн бүр нэг хувийн татвар төлнө гэж бодоход наад зах нь 100 тэрбум төгрөг төвлөрөхөөр зураг харагдаж байна. Нийслэлийнхэн нэг хувийн татвараас жилд 13 тэрбум төгрөг хотын төсөвт орно гэж тооцсон байна лээ. Хэтэрхий танасан тооцоо. Гэхдээ 13 тэрбум төгрөг байлаа ч бага мөнгө биш. Жирийн иргэдийн халааснаас гарч байгаа гэдэг утгаараа ихээс их мөнгө. Нийслэлийн дарга нар энэ татварыг зөвхөн амьдралын боломжтой, тансаг хэрэглээтэй иргэд төлнө гэсэн тайлбар хийнэ лээ. Тэд тансаг хэрэглээнээс л татвар авна гэж учирлаж байгаа. Тансаг хэрэглээ гэдэгт нь архи, тамхи орж буй. Бас зочид буудал, баар, ресторан ч багтана.

Амралтын газраар ихэнхдээ гадаадынхан үйлчлүүлдэг тул эгэл жирийн иргэдэд дарамт болохгүй гэж хотын удирдлагууд тайлбарлаж харагдсан. Тийм биш л дээ. Нийслэлчүүдийн ихэнх нь гэр бүлээрээ хагас, бүтэн сайнаар салхинд гардаг болсон. Тэр дундаа утаа униартай өвлийн өдрүүдэд цэвэр агаар амьсгалах гэж амралтын газар бараадах иргэдийн тоо эрс өсдөг. Тэгэхээр амралтын газрыг тансаг хэрэглээ гэхэд хэцүү. Амралтын газар очиж алжаалаа тайлдаг гэр бүлүүд мөнгөө багтааж ядсан хэсэг лав биш. Сарын цалингаа байр, машины лизинг, хоол унд, хувцас хэрэглээндээ арай гэж хүргэдэг хотынхон амралтын газрын ор хоногийн мөнгөнөөс эхлээд тэндээс худалдаж авсан хоол, үйлчлүүлсэн үйлчилгээ бүрийнхээ хөлсөн дээр нэг хувийн татвар нэмж төлнө. Батаа сард нэг удаа гэр бүлээрээ амралтын газарт очиж амардаг. Хүү, охиноо хотын утаанаас холдуулах гэж жирийн нэг амралтын газар амарлаа гэхэд л Батаагийн халааснаас 150 мянган төгрөг өлхөн гарна. Нэг гэрийн хамгийн хямд хөлс гэхэд л 60 мянган төгрөг. Тэнд очоод хооллоно, шатахууны хэдэн төгрөг гээд багагүй зардал хэрэгтэй. Жилээр тооцвол нэг сая 800 мянган төгрөг. Энэ мөнгөний нэг хувь нь 18 мянган төгрөг болно. Нийслэлийн 50 мянган гэр бүл Батаагийнх шиг аж төрдөг гэж бодъё. Нэг хувийн татварыг нь нэмээд үзэхээр 900 сая төгрөг. Нийслэлчүүд сард нэг удаа алжаалаа тайлах гэж гэр бүлээрээ амралтын газраар үйлчлүүлснийхээ төлөө бараг тэрбум төгрөгийг хотын төсөвт зүгээр л хийчихэж байна.

Ресторан ч яг нарийндаа тансаг хэрэглээ биш. Үдийнхээ хоолыг ресторанд идээд гардаг хүмүүсийн ихэнх нь цалингаас цалингийн хооронд амьдардаг эгэл иргэд. Хотын дарга нар энэтхэг, хятад, солонгос, монгол хоолны ресторануудаар явж тэнд хоолож байгаа хүмүүсийг нэг харчихад гэмгүй. Мөнгөө багтааж ядсан, толгойноосоо хөл хүртлээ брэнд болсон нь цөөхөн дөө. Нэг хувийн татварыг хэлэлцэх үеэр “Эдийн засаг хүнд байгаа энэ үед” гэж НИТХ-ын зарим төлөөлөгч эсэргүүцсэн байна лээ. Тэдний эсэргүүцсэний учрыг захын ресторанд ороход л ойлгоно.

“Шангрила” энэ тэр гэж томроод яахав. Жирийн иргэд ордог дундаж рестораны нэг хоолны дундаж үнэ гэхэд л дор хаяж арван мянган төгрөг. Ажлын таван өдөртөө ресторанд хооллодог Батаа долоо хоногт 50 мянган төгрөг хоолондоо зарцуулдаг гэж бодъё. Сард 20 өдөр хооллолоо гэхэд 200 мянган төгрөг халааснаас нь гараад явчихна. Жилээр тооцвол хоёр сая 400 мянган төгрөг. Энэ мөнгөний нэг хувь нь 24 мянган төгрөг. Батаа шиг 200 мянган эгэл жирийн ажилтны зөвхөн өдрийн хоолондоо төлөх татвар гэхэд л дөрвөн тэрбум 800 сая төгрөг болж байна. Төр эдийн засаг хүндэрсэн таагүй үед иргэдийнхээ халааснаас энэ хэмжээний мөнгийг зүгээр л “дээрэмдчихэж” байна гэсэн үг. Зөвхөн өлсөж ядрахгүйн тулд хооллосных нь төлөө шүү дээ.

Үргэлжлүүлж тооцъё. Батаа өдөрт нэг хайрцаг тамхи татдаг. Нэг хайрцаг парламент 4000 төгрөг. Ингэж тооцоход сард 30 хайрцаг, жилд 360 хайрцаг тамхи татна. Батаагийн жилд тамхиндаа зарцуулдаг мөнгө нь 144000 төгрөг болж байна. Энэ мөнгөний нэг хувь нь 14400 төгрөг. Батаа шиг 500 мянган хүн байлаа гэж бодоход 70 сая төгрөг. За тэгээд архи, шар айрагны хэрэглээг тооцвол үүнээс хэд нугарсан их мөнгө хотын төсөвт орох нь тодорхой.

Баар ресторан дээр нэг жижиг тооцоо хийе. Хотын төвийн дундаж рестораны цэсийг сонирхож үзлээ. Нэг шил архи авлаа гэхэд л 50000-135000 төгрөг. Нэг хувийн татвар нь 500-1350 төгрөг гэсэн үг. Хамт олноороо төрсөн өдөр, амралтын үе, элдэв баяраар ширээ тойрч суугаад нэг архи захиалахад л энэ хэмжээний мөнгө нэмж төлөх нь. Виски энэ тэр гээд ахивал 140000-420000 төгрөг. Нэг хувийн татвар нь 1400-4200 болоод явчихна. Ямартай ч зүгээр л найз нөхөд, ажил, хамт олноороо ширээ тойроод суусныхаа төлөө захиалсан архи, шар айрагныхаа ширхэг тутамд төрд иймэрхүү татвар төлөөд явах нь тодорхой болчихлоо.

Татварыг тансаг гэж онцолсон баар, ресторан, амралтын газар, архи тамхи зарж байгаа дэлгүүрүүд төрд дамжуулна. Иргэдээс авч өгнө гэсэн үг. Тэгэхээр тэд үйлчилгээнийхээ хөлсийг нэмж таарна. Зардаг хоол, шар айраг, архиныхаа үнийг нэг хувиар нэмэх нь гарцаагүй. Амралтын газрууд ч гэр, хоол, үзүүлдэг үйлчилгээний үнээ ч нэмнэ. Тэгж байж төрд татвараа төлнө. Товчхондоо энэ сараас сая дурдсан газрууд үнээ нэмэх нь тодорхой болчихлоо.

Нийслэл учиргүй мөнгөгүйдсэндээ ийм шийдвэр гаргалаа гэхэд бас хэцүү. Наадамчдыг Хүй долоон худаг руу үнэгүй автобус гаргаж зөөлгөөд автобусны компаниудад тэрбум тэрбумаар нь төлдөг нийслэл шүү дээ. Баярлаж наадах хүмүүс автобусанд 500 төгрөг төлөөд явахыг эсэргүүцнэ гэж байхгүй. Иргэдийнхээ өмнөөс, хүсээгүй байхад нь ийм “гэнэн” шийдвэр гаргадаг нийслэлийн удирдлагууд мөн л хүсээгүй байхад нь хоол идэж, амарсных нь төлөө иргэдээсээ татвар авч эхлэх нь тодорхой болоод байна даа.

“Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн тодорхойлно”, “Нийслэл хотын”, “Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгана”, “Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана” гэх мэт хатуу заалтуудтай НИТХ-ын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Татвар нэртэй хулгай” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарт гарсан материалуудыг тоймлон хүргэе.

Өчигдөр Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 17 жилийн өмнөх аравдугаар сарын 2-ны өдөр түүнийг амь насыг бүрэлгэсэн хэрэг гарч, нийгмийг цочирдуулж байв. Түүнийг нэхэн дурсч, иргэд хэргийг ил болгохыг хүссэн тухай сурвалжилж, нэгдүгээр нүүртээ онцоллоо.

Мөн өчигдөр байгальд ээлтэй барилгын материалын үзэсгэлэн дэлгэгдэв. Үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлагыг нэг, долдугаар нүүрт хэвлэлээ. Эндээс та бүхэн байгаль орчинд ээлтэй технологи, барилгын материалуудын талаар уншаарай. Харин улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт УИХ-ын чуулганаас хийсэн сурвалжлага гарлаа. Чуулганаар Өршөөлийн хууль дээр МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Мөн үдээс хойш Засгийн газар гишүүд чуулган дээр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Татвар нэртэй хулгай” нийтлэл хэвлэгдэв. Нийслэлийн иргэдээс татвар авах хууль энэ сараас хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ татвах яг үнэндээ “хулгай” юм биш үү гэдгийг дээрх нийтлэлд хөндөж бичлээ.

Түүнчлэн “Өдрийн зочин” буланд далантавтайдаа Гималайд авирсан уулчин эмэгтэйн тухай хөрөг нийтлэл, “Нэг ангийнхан” буланд “Өмнөговиороо овоглосон нэг төгсөлтийнхөн” орлоо.

“Амрах агшин” буланд Монголын найман Богдын хөргийг анх удаа олны хүртээл болгож, танилцууллаа.

Харин “Өд,бэх” буланд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Ц.Мухарын С.Зориг агсны талаар бичсэн “Шар Дамдинсүрэнгийн зээ хүү” эсээ-тууж хэвлэгдлээ. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн ярилцлага зэргийг өнөөдрийн дугаараас уншаарай.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас авч болохоос гадна бусад сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой.

Мөн “Мөнгөнзавъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Минийдэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс гадна “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаарай. Энэ дөрөвдүгээр улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Харин цахим хэлбэрээр захиалах бол 88071920, 88925088 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тайлагнасан илтгэлдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг махны экспортын талаар онцоллоо.Малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, малын тарга хүч авалтаас хамааран энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гол нэг асуудал нь махны экспортыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Манай улсын хувьд энэ өвөл 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоо байгаа аж. Засгийн газрын 2015 оны 321 дүгээр тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нийт 180.0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ болон ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 40 хувь бэлчээрийн даац хэтэрчээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан. Түүний танилцуулснаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ийм байгаа аж. Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар 10.5 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63.0 хувийн гүйцэтгэлтэй байна гэв. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад 2,0 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэж, тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзжээ.

Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Даац олон дахин хэтэрсэн аймгуудын (Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор) ихэнх сумд, бусад(Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий) аймгуудын зарим сумын урьдчилсан байдлаар 15.0 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжихөөр байна. Оны эхний есөн сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85.0 хувьтай, малын бруцеллёз, цэцэг, галзуу, цусан халдварт, сахуу өвчнөөс сэргийлэх арга хэмжээний тарилга, паразиттах өвчнөөс сэргийлэх намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажил аравдугаар сард хийгдэж дуусна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ургац хураалтын ажил энэ сард дуусна

Есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийтдээ100.4 мянган га-гаас 83.8 мянган тонн үр тариа авч, ургац хураалтын явц 33.8 хувьтай, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай үргэлжилж байгааг Засгийн газраас мэдээллээ. Ургац хураалтын ажлыг энэ багтаж дуусгах юм байна. Ургац хураалтын дүнг үндэслэн 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна хэмээн Ерөнхий сайд чуулганы үеэр мэдэлсэн. Импортоор авах хүнсний болон үрийн буудайг гадаад талдаа нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, харин дотоод талдаа Тариаланг эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрлэгчдийн хамтарсан хэлцлээр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж ээ.

Categories
мэдээ нийгэм

Сайн дурын доноруудад “U Money” карт бэлэглэжээ

Эрүүл мэнд, спортын яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн үйл ажиллагааг “Улаанбаатар смарт карт” ХХК дэмжин ажиллажээ. Уг компани Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдрийн сурталчилгааг 60 мянган автобусны картан дээр байршуулан хэвлүүлж, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулсан байна. Мөн энэ өдөр цус сэлбэлтийн үндэсний төвд ирж цусаа бэлэглэсэн эхний 200 донорт U Money картыг үнэгүй тараахаар болж, хүндэт болон эсийн доноруудад цэнэглэсэн картыг бэлэглэжээ. Хагас өдрийн байдлаар 120 гаруй хүн авлагагүй сайн дурын цусны донор болоод байгаа аж. Манай улс өөрсдийн цусан бүтээгдэхүүнээ бүрэн хангахад 80 мянга гаруй байнгын цусны донортой байх шаардлагатай.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг БНСУ-ын Шадар сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг манай улсад айлчлал хийж буй БНСУ-ын Шадар сайд бөгөөд
Боловсролын сайд Хван Ү Ё-г хүлээн авч уулзлаа. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн
ой энэ онд тохиож буй.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаашид
хоёр орны боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, БНСУ-ын Засгийн газрын
тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх, 500 инженерийг БНСУ-д сургаж,
бэлтгэхэд анхаарлаа хандуулах,
түүнчлэн Монгол Улсад хамтарсан IT сургууль байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

http://resource.news.mn/politics/photo/2015/10/2/9b8d2cc3291fd9c82be995577fea8a30original.jpgЭнэ айлчлалын үеэр
хоёр орны Боловсролын яам хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанаар өршөөлийн хууль болон Улсын их хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн боловч хойшлогдсон билээ. Тэгвэл баасан гариг бүрийн үдээс хойшхи чуулганд Засгийн газраас мэдээлэл хийдэг. Үүний дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон гишүүд мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд өвөлжилтийн бэлтгэл, тариа хураалтын явц зэрэг цаг үеийн нөхцөл байдлын талаар тайлагнаж, хэлэлцэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн явцыг танилцуулах уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банк, Aзийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг 2015 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явцын хурал боллоо.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг болон Нийслэлийн орон сууцны дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд тус төсөл нь эдгээр бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх гол ажлуудын нэг юм.

Уг төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хот төлөвлөлтийн нэгдсэн шийдэл, төлөвлөлттэй, холимог газар ашиглалт, холимог орлогын төвшний өрхүүдэд зориулсан бүс бий болгох зорилготой. Мөн одоогийн орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, орон сууц худалдан авах чадваргүй байгаа буюу Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегид тусгагдсан өрхийн орлогын 1-5 дугаар шатлалын өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц болон халамжийн орон сууцыг хөгжүүлэхээр зорьж байна.

Судалгааны хүрээнд төлөвлөлтийн аргачлалыг боловсруулах, хөрөнгө оруулалтыг тодорхойлох, хотын дэд бүтэц болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, санхүүгийн болон институцийн зохицуулалтуудыг санал болгох юм. Төлөвлөлтөөр одоогийн гэр хорооллын нягтралыг нэмэгдүүлэх замаар нөөцийг үр ашигтай ашиглаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн иргэдийн амьдрах таатай орчныг хангасан цогц суурьшил бүхий эко дүүргийг бий болгохоор зорьж байна.

Төслийн урьдчилсан тооцооллоор Улаанбаатар хотын гэр хорооллын 130 га талбайг дахин төлөвлөж нийт 10000 айлын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц болон халамжийн орон сууцыг барих юм.

Төслийн зөвлөх багаас эхний ээлжид Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөлтийн саналыг боловсруулж танилцууллаа.

Уг төслийн санхүүжилт болон хэрэгжилтийг хот зөвхөн дангаар зохион байгуулалгүй төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мөн гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд төслийг хэрэгжүүлэхээр санхүүжилтийн болон институцийн схемийн саналуудыг боловсруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.