АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “ОХУ-ын агаарын цохилт өгөх ажиллагаа нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад дэмжлэг болохын зэрэгцээ “Лалын улс” бүлэглэлийг хүчирхэгжүүлж байна” хэмээн мэдэгдсэнийг ВВС уламжилжээ. Тэрээр ОХУ “Башар Асадыг эсэргүүцэгч зэвсэгт босогчид бүгд террорист гэж мэдэгдсэнийг үгүйсгэсэн байна. Учир нь өнгөрсөн лхагва гарагт эхлүүлсэн агаарын цохилт өгөх ажиллагаагаа “Лалын улс”-тай тэмцэх зорилготой гэж ОХУ мэдэгдсэн билээ. Улмаар “Лалын улс” бүлэглэлийн командлалын төв, зэвсгийн агуулах, цэргийн техник зэрэгт агаараас цохилт өгсөн талаар мэдэгдсэн. ОХУ-ын агаарын цохилтод “Лалын улс”-тай холбоогүй босогчид хамгийн ихээр өртөж байгаа аж.
Month: October 2015
Монголын “Хуульчдын холбоо”-ны хоёрдугаар их хурал Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул эхний өдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчөө сонгож, батламжиллаа. Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Болдбаатарын Гүнбилэг олонхийн саналыг авч сонгогдсон. Ийнхүү тэрбээр Монголын хуульчдын холбоог хоёр жил удирдана.
Б.Гүнбилэг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, академич Ж.Болдбаатарын хүү. Тэрбээр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөж, 2004 онд Харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистр, өнгөрсөн онд эрх зүйн онолын чиглэлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Мөн 2005 онд АНУ-д Соёл хоорондын хүний эрхийн эрх зүйн чиглэлээр мастер (LL.M)-ын сургалт, 2009 онд Австралид Эзэн хааны Мельбурнийн технологийн институтын олон нийтийн харилцаа(PR)-ны мэргэжлийн курсэд сурсан байна.
2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн институт, 2007 онд Японы Кюшүгийн их сургууль, 2009-2010 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Азийн судалгааны төвд тус тус зочин судлаач, зочин эрдэмтнээр ажиллажээ.
2003 оноос Хууль зүйн Үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2008-2009 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан байна. 2010-2012 онд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2013 оноос Монголын Хуулчьдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж буй манай залуу эрдэмтдийн нэг.
БНХАУ-д “Улс тунхагласны 66 жилийн ой” тохиож байна. Ийнхүү энэ сарын 1-3-ны өдрүүдэд болж буй энэ арга хэмжээний үеэр тус улстай хил залгадаг автозамын боомтууд амрахаар болжээ.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн автозамын боомтууд дээрх өдрүүдэд амарна гэж ХХЕГ мэдээллээ.
Харин агаарын болон төмөр замын боомтууд, олон улсын нислэг, галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.
Хараагүйчүүдийн
өдрийг тохиолдуулан сайн санааны урлагийн тоглолт энэ сарын 14-нд UB pаlace-д
болох аж. Энэхүү тоглолтын орлого “Рио 2016” паралимпийн наадмын эрх олгох хонхтой
бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын
зардалд зориулагдах юм байна. Уг тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд
БНХАУ-ын Ханьжоу хотод болно. Манай баг тамирчид дасгалжуулагч, эмч, орчуулагч
гэсэн нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй явах юм. Эдгээр тамирчид нь Монголын Хонхтой
бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан баг бүрэлдэхүүн юм байна.
Энэхүү тоглолтод МУГЖ Д.Жаргалсайхан, Т.Ариунаа залуу дуучин П.Баярцэнгэл зэрэг
хамтлаг дуучид оролцох ажээ.
Ш.ГОМБОСүРЭН
Хүнс, хөдөө аж
ахуйн яамнаас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ
өчигдөр зургаа дахь өдрөө “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” нэрийн дор “Мишээл
экспо”-д үргэлжиллээ. Уг өдөрлөгөөр эх орны хөрсөнд ургасан хүнсний ногооны ач тус, шинэ төрөл зүйлийг
таниулах арга хэмжээг зохион байгуулсан юм. Түүнчлэн энэ үеэр хэрэглэгчдэд
хүнсний ногооны амин дэм, ач тусын талаар мэдээлэл зөвлөгөө өгч, төрөл бүрийн
хүнсний ногоогоор хоол хийх, амталгаат үйл ажиллагаа боллоо. Өдөрлөгийн үеэр
“Монгол төмс” хөтөлбөрийн зохицуулагч Т.Төрмандах “Монгол төмс” хөтөлбөрийн
хүрээнд 2012 оноос эхлээд 29 нэр төрлийн хүнсний ногооны 120 сортын судалгааг
хийсэн. Өнөөдрийн байдлаар сонгино, шар лууван, байцаа, өргөст хэмх зэрэг нийт
есөн шинэ сортыг тариалаад байна” гэж байлаа. “Намрын ногоон өдрүүд”
нэгдсэн арга хэмжээ өнөөдөр “Сүүтэй монгол” өдөрлөгөөр үргэлжлэх аж.
Туулайн зүрх халуунаар нь залгих, яргуй идсэн бор гөрөөсний цус уух, адууны гуур хорхой, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэдэг ойлголт хүмүүсийн дунд ам дамжин яригддаг. Үүнийг орчин үеийн анагаах ухаан хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч таны эрүүл мэндийг хохироож, улмаар үхэлд хүргэх аюултайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төв анхааруулж байна.
Учир нь саяхан Хөвсгөл аймагт нэгэн иргэн тарваганы цөс, хүн мах, элгийг түүхийгээр нь идсэнээс нас барсан. Мөн өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Сант суманд тарваганы давсаг түүхийгээр нь залгиснаас болж хүн өвчилжээ. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл ахуйн халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч Д.Баярдулам “Бор гөрөөсний цус уух, адууны гуур хорхой, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь хүний бие махбодид, тэр дундаа ямар нэгэн өвчин эмгэг туссан үед хэрэглэх нь тустай гэдгийг анагаахын шинжлэх ухаан одоог хүртэл батлаагүй байгаа. Гэтэл ходоод өвдвөл чонын ходоод сайн, адууны гуур идэх нь хоолойн хорт хавдар, бүдүүн гэдэсний хямралын үед тустай, яргуй идсэн гөрөөсний халуун цус уух нь биеийн дархлааг сайжруулдаг гэх зэргээр иргэд ам дамжин ярьдаг. Зарим нэг нь бүр ингэж хэрэглэхийг бусдадаа зөвлөдөг. Харамсалтай нь энэ маягаар өвчнөө анагаах гээд бие нь улам хүндэрсэн, бүр нас барсан тохиолдол гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын 20-нд Хөвсгөл аймагт тарваганы элэг цөс, хүн махыг түүхийгээр нь залгисан гэж байгаа юм. Гэтэл үүнээс хойш хоёр гурав хоногийн турш халуурч байгаад 24-нд эмнэлэгт хүргэгдэж ирээд, төд удалгүй нас баржээ. Задлан шинжилгээгээр талийгчийн ясны чөмөгнөөс тарваган тахлын нян илэрсэн учраас үхлийн шалтгаан нь тарваганы элэг цөс, хүн махыг түүхийгээр нь идсэнээс болсон гэдэг нь ийн баталгаажсан. Бас өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Сант суманд тарваганы давсаг түүхийгээр нь залгиснаас болж өвчилж байсан удаатай. Ер нь зэрлэг амьтдын махыг түүхийгээр нь идэж, цусыг нь түүхийгээр уувал бруцеллёз өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь ямар ч амьтны цус амин дэмээр баялаг, тэжээллэг байдаг тул ямар ч төрлийн өвчин үүсгэх нян үржих таатай орчин болдог. Тиймээс энэ төрлийн өвчинд нэрвэгдэх эрсдэлийг тэр чинээгээр нэмэгдүүлдэг. Иймээс иргэд ам дамжсан ярианд итгэн өвчнөө эмчлэх бус харин халдвар авч, улмаар амь насаа алдаж болзошгүйг анхааруулж байна” гэсэн юм.
М.УУГАН
Гадаадын урлаг соёл, спортын одуудын дүрс бүхий сувинерыг бид бишгүй л харж байсан. Тэгвэл ийм төрлийн үйлчилгээ Монголд нээгджээ. Тодруулбал, хүссэн хүн болгон өөрийнхөө дуурайлган хийсэн сувинертэй болох боломжтой болсон гэсэн үг. Энэ төрлийн үйлчилгээг “3D photo print” студи явуулж эхэлжээ. Монголдоо анхдагч болж буй дээрх студийн үйл ажиллагааг сонирхохоор “Улаанбаатар их дэлгүүр”-ийг зорилоо. Тус дэлгүүрийн В1 давхарт байрлах уг студид очих үед захиалга өгөхөөр хэдэн хүн ирсэн байв. Тэд энэ талаарх мэдээллийг нэгэн танилаасаа сонссон гэнэ. Залуус нэгнийхээ төрсөн өдөрт гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж өвөрмөц сонголт хийхийг хүсч байгаа талаараа студийн эзэнд хэлж байв.
Ингээд “3D photo print” студийн захирал Э.Түвшинтөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Студийнхээ талаар танилцуулаач. Хэзээнээс энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэв?
-Манайх Монголд анх удаа 3D скан болон принт үйлчилгээ явуулж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 7-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа маань ерөнхийдөө жигдэрч байна.
-Тэгэхээр хүссэн хүн болгон өөрийнхөө жижгэрүүлсэн хүүхэлдэй хэлбэрийг хийлгэх боломжтой юу?
-Тэгэлгүй яахав. Та манайд захиалга өгснөөр бид тантай адилхан сувинерийг хийж өгнө. Ер нь энэ төрлийн үйлчилгээ Монголоос бусад оронд аль хэдийнэ нэвтэрчихсэн шүү дээ. Манай нөхцөлд л өнөөдөр анхдагч гэж байгаа болохоос биш.
-3D сувинерийн онцлог юундаа байна вэ?
-Монголд уламжлалт гар баримлын бүтээл хийдэг хүмүүс олон бий. 3D фото бол уламжлалт баримлаас цаг хугацааны хувьд хурдан гарах, үнэ төлбөрийн хувьд хямд, дээр нь орчин үеийн техник технологийг ашиглаж байгаа гэдэг утгаараа давуу талтай юм.
-Үйлчлүүлэгч хэр их байна?
-Хүмүүс 3D гэхээр их гайхаж, өөрийн биеэр ирж сонирхож байна. Найз нөхдийнхөө төрсөн өдрөөр өөрийнх нь сувинерийг бэлэглэж гэнэтийн бэлэг барих гэсэн юм гэж их ханддаг. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ сувинерийг хийлгэж автомашиныхаа урд байршуулж, байнга харж явмаар байна гэж захиалга өгдөг гэв.
Энэхүү студийн хувьд таны зургийг 3D скайнераар нарийн хэмжээстэй авна. Үүний дараа компьютерт тусгай программаар засч янзлаад хэвлэх принтерт өгнө. Жишээлбэл та туранхай, гуалиг гарахыг хүсвэл засч өгнө гэсэн үг. Мөн хувцасны өнгө, хэлбэр хээг ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өөрчилж болох талаар зураач Г.Энхтайван ярьсан. Дүрс хэвлэгдээд 3D принтерээр гарч ирэхэд нь нүүр царай болон хувцасны өнгийг зураач тодруулж будаж бэлэн болгодог байна.
Биднийг очих үеэр нэгэн эмэгтэй өөрийнхөө дүрсийг цэвэр мөнгөөр хийлгэхийг хүсч байсан. Гадны орнуудад ийм төрлийн сувинерийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр цэвэр алт, мөнгө, үнэт эдлэл, шилэн бүтээгдэхүүнээр хүртэл хийдэг юм байна. Харин манайд хараахан ийм төрлийн сувинер гаргах боломжгүй талаар Э.Түвшинтөгс хэлсэн. Тус студи одоогоор пластик материалаар хийж байгаа аж. Энэ нь арай хямд тусдаг байна.
Хэрэглэж буй скайнер, принтерээ Америкаас оруулж ирсэн бөгөөд одоогоор Э.Түвшинтөгс эхнэр Б.Анхбаяр, зураач Г.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Одоохондоо тэр болгон хүмүүс мэдэхгүй учраас ачаалал багатай байгаа бололтой. “Улаанбаатар их дэлгүүр”-ийн түрээсэлж буй байранд багтахгүй учраас өөр газар үйлдвэрийн хэсгээ байршуулж байгаа талаар ч студийнхэн ярьж байсан. Э.Түвшинтөгсийн хувьд “Хүрээ” дээд сургуулийг 3D мульти медиа буюу график, дизайнерын чиглэлээр төгссөн бөгөөд өмнө нь телевизийн салбарт энэ мэргэжлээрээ ажилласан туршлагатай юм байна. Тэрээр 2012 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Монгол дахь рекламны анимэйшнийг 3D программаар бүтээж байжээ. Бага насны хүү хашаанаасаа гараад хөлбөмбөг тоглодог реклам байдаг шүү дээ.
Өөрийнхөө сувинерийг хийлгэхдээ заавал бүтэн биеэрээ гарах албагүй. Биеийнхээ толгой, эсвэл цээж хэсгийг ч хийлгэж болно. Ихэнхдээ залуус бие нь жижиг, толгойг нь томруулсан хөгжилтэй хэлбэрийг илүүд үзэх болжээ. Бидэнтэй таарсан залуус найзынхаа фото зургийг өгөөд, сансрын нисгэгчийн хувцастай хийлгэхээр захиалга өгөв. Мэргэжлийн онцлогийг илтгэсэн янз бүрийн хувцастай хийлгэж болно гэнэ. Ингээд дараагийн үйлчлүүлэгч ирлээ. 20 гаруй насны эмэгтэй байх бөгөөд тэрээр давхар биетэй юм байна. Сүүлийн үед давхар биетэй эмэгтэйчүүд гэдсээ гаргасан зураг авахуулах моод дэлгэрээд байсан. Тэгвэл давхар биетэй сувинер хийлгэх шинэ моод дэлгэрч байгаа бололтой. Тэрээр “Ийм тохиолдол ховор шүү дээ. Тиймээс хэзээ ч мартагдахгүй энэ сайхан дурсамжийг санахын тулд 3D хэлбэрээр өөрийгөө хийлгэхийг хүсч байна” гэв. Сувинерийг 15-60 см өндөртэй хийлгэж болох бөгөөд хэмжээнээсээ шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй. Ийм сувинерийн үнэ 45 мянган төгрөгөөс эхлэх юм байна. Ингэхдээ толгойгоо томруулж хийлгэсэн тохиолдолд ажиллагаа их ордог учраас арай үнэтэй хийдэг гэсэн. Мөн зарим үйлчлүүлэгчид тэжээвэр амьтдаа 3D хүүхэлдэй хэлбэрээр хийлгэхийг хүсдэг. Гэвч амьтад байнга хөдөлгөөнтэй байдаг учраас хийх боломжгүй гэнэ. Учир нь 3D скайнераар эхлээд зургаа авахуулахын тулд тодорхой хугацаанд ямар ч хөдөлгөөнгүй зогсох юм байна. Түүнчлэн фото зурагнаас 3D сувинер буюу хүүхэлдэй хийж болох юм байна. Ингэхдээ нарийн хэмжээс хэрэгтэй учир аль болох олон зураг байвал сайн гэнэ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэрдхийлгэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн билээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна. Жигшүүрт хэргийн талаар сурвалжлахаар Төв аймгийн Баянчандмань сумыг өчигдөр зорьсон юм.
Тус сумынхныг ахмадын баяраа тэмдэглэж байхад нь очиж таарлаа. Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас ахмадын баяр зохион байгуулж, сумын ТМС-ийн байранд өндөр настай иргэд бүгд ирцгээсэн байв. Уулзсан болгон Засаг даргын орлогч Б.Ханбаатар нарын үйлдсэн хэргийн талаар толгой сэгсрэн ярьж байлаа. “Энэ хүүхдүүд Монгол Улс даяар сум нутаг орныхоо нэр хүндийг муу муухайтай хутгачихлаа. Яах гэж ийм араатнуудыг сонгов оо гэж харамсаж байна. Эрдэм боловсролтой, цэргийн сургууль төгссөн болохоор нь аливаа зүйлд шударгаар хандах байх гэж итгэж найдаж байлаа. Ийм ч юм болох гэж. Баянчандмань сумын тухай сайн сайхан яриа, үйл явдал л гардаг байсансан. Гэтэл сүүлийн жилүүдэд хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргээр түмэнд танигддаг боллоо” хэмээн халаглаж байв. Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нарыг жигшин зэвүүцэх нэгэн байхад “Арай ч ийм хэрэг хийчих хүүхдүүд биш юмсан. Манай сумын урдаа барьдаг том сэхээтнүүдийн үр удам юмсан” гэх хүн ч байлаа.
Жигшүүрт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн Б.Ханбаатарын гэр
Аргын тооллын намрын дунд сарын бар өдөр Монголчууд унагаа тамгалж бэсрэг найр наадам хийдэг билээ. Энэ ёс уламжлалаа дагаж сум орон нутагтаа адуучин хэмээн нэрлэгдэх болсон н.Ганзоригийнх унагаа тамгалсан байна. Сумын төвөөс Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар тамганы найранд ирсэн байна. Тэднийг ирэх үед Ганзоригийнх унагаа тамгалаад дуусчихсан, найр эхэлж байжээ. Айл, саахалтын хүмүүс цугларч хуруудаж, дэмбээдэж байхад дарга нар ирцгээжээ. Гэрийн эзэд сумынхаа дарга нарыг хүрч ирсэнд ихэд бэлгэшээж гэрийнхээ хойморт суулган дуу хуураа эхлүүлсэн байна. Архи, айраг ч элбэг дэлбэг байсан аж. Хэдэн шил архины бөглөө мулталсны эцэст хүмүүс согтож эхэлсэн байна. Гэтэл Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар хоорондоо муудалцаж, бүр зодоон цохиондоо хүрчээ. Тэр хоёрын зодолдох болсон шалтгаан нь Б гэх эмэгтэйгээс болсон гэнэ. Б.Ханбаатар “Чи миний найз байж яагаад тэгж байгаа юм бэ. Б та хоёр намайг хуурч доромжилсон биз дээ” гээд л дайрч давшилсан гэнэ. Харин Г.Ариунболд “Чи эхнэр хүүхэдтэй юм байж тэр хүүхнээр яах гээд байгаа юм бэ. Тэр надад ямар ч хамаа байхгүй” гэх утга бүхий зүйлс хэлж, маргалдаж зодолдсон байна. Хар багаасаа тоглож өссөн, БХИС-ийн нэг ангид суралцаж байсан андууд нэгнийгээ зодож дийлэхийн тулд яахаас ч буцахгүй авир гаргаж байсныг хүмүүс ярьж байв. Гэрийн эзэд тэдний зодооныг салгаж, тайвшруулсан байна. Зодоон болж өнгөрсний дараа Б.Ханбаатар, Г.Ариунболд нар эвлэрч үнэн мөнийг олохын тулд Б гэх эмэгтэйг сумын төвөөс дуудсан аж.
Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б сумын төвд болж байсан хурлын үйл явцыг бичиж тэмдэглэх ажилтай сууж байсан гэнэ. Гэтэл Тамгын газрын дарга Г.Ариунболд гар утас руу нь залгасан байна. Утсаа аваад ярьтал “Ганзоригийн мал гоц халдварт өвчин туссан юм шиг байна. Яаралтай хурдан ир. Цаашаа хүн амьтан руу утасдаж хэл хүргэлгүй хүрээд ир. Чамайг ирсний дараа дээш нь мэдэгдэх юм. Чамайг Эрхэмтөр очиж авна” гэжээ. Б гэх бүсгүй үнэхээр малчин Ганзоригийн малд гоц халдварт өвчин гарсан юм байх хэмээн итгэж шаардлагатай багаж хэрэгслээ бэлдсэн байна. Удалгүй сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Эрхэмтөр машинтайгаа давхин иржээ. Эрхэмтөр цагдаа нарт мэдүүлэхдээ “Тамгын газрын дарга Г.Ариунболд утасдаж “Б-г аваад хурдан хүрээд ир. Дэлгүүрээс хэдэн шил архи аваад ирээрэй” гэж хэлсэн. Би дэлгүүрээс архи авчихаад Б-г ажил дээрээс нь аваад Сүүж уул руу явсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна.
Эрхэмтөр хохирогч эмэгтэй Б-г аваад очих үед Б.Ханбаатар, Г.Ариунболд нар авчирсан архийг уулгасан гэнэ. Б-д хэд хэдэн удаа аяга дүүрэн архи өгч согтоосны дараа Б.Ханбаатар машиндаа суулгаад Ганзоригийн гэрээс 200 метр орчим газар холдсон байна. Ингэхдээ Б гэх эмэгтэйг хайр найргүй зодож тархийг нь хүнд гэмтээж ухаан алдуулсан бололтой. Б.Ханбаатар Б-г олон цаг зодсон бололтой шарх сорви, бэртэл гэмтэл биед нь байсан гэнэ. Хохирогч эмэгтэйн биеийн ихэнх хэсэг хөх няц болж энд тэндгүй гэмтэл авсан байна. Бүр уруул нь сэтэрч, тархи нь энд тэндгүй хагарсан байжээ. Б.Ханбаатар бүр ч догширч араатан шиг авирлаж хоолойг нь боомилон ухаан алдуулаад, домкрат /данхраад/-ны иш төмөр ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ.
Б.Ханбаатарыг жигшүүрт хэрэг үйлдэж, хөөрхий Б аврал эрэн хашгирч байхад Г.Ариунболд, Эрхэмтөр нар айлдаа найрлаж байсан гэнэ. Ингээд Г.Ариунболд Тамгын газрын жолоочоо дуудсан байна. “Машинаа барьж чадахгүй болтлоо согтчихлоо. Энд ирээд авчих” гэсэн аж. Тамгын газрын жолооч даргаа очиж авахаар явах үед зам дээр Б.Ханбаатарын машин зогсож байсан гэнэ. Машины гэрэл асаалттай, хаалга нь онгорхой, хажууханд нь Б газар хэвтчихсэн, тэр хавиар нэлэнхүйдээ цус болчихсон байжээ. Харин Б.Ханбаатар машиныхаа суудал дээр ухаангүй унтаж байжээ. Байдал бишидсэн гэдгийг мэдээд Тамгын газрын дарга Г.Ариунболдод мэдэгдэж нийслэл рүү яаралтай аваад явжээ. Ингэхдээ Б.Ханбаатар зодуулж, хүчирхийлүүлж ухаан алдсан Б-г шууд улсын эмнэлэгт аваачилгүй эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгээр авч явсан гэх яриа Баянчамандмань сумынхны дунд гарсан байв. Гэхдээ тэд УКТЭ-т хүргэсэн байна. Хохирогч Б-ийн биеийн байдал маш хүнд байгаа. Домкрат /данхраад/-ны иш төмөр бэлэг эрхтэн болоод анус руу нь хийснээс болоод их хэмжээгээр цус алдсан гэдгийг эмч нар хэлж байна. Мөн шулуун гэдэс залгах гэх мэт маш олон мэс ажилбар хийж байгаа гэсэн юм.
Баянчандмань сумаас арав гаруй км зайтай Сүүж уулын эсрэг талын уулын энгэрт хэрэг гарчээ
Б.Ханбаатар, Г.Ариунболд нарын маргалдаж, зодолдох болсны учир шалтгааны талаар сумын иргэд ийн ярьж байна лээ. Б.Ханбаатар шинээр ажилд орсон Б гэх бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон гэнэ. Б-г Б.Ханбаатар албан тушаалаа ашиглан ажлын байрны дарамт шахалтад оруулсан гэх мэдээлэл ч байна. Б.Ханбаатар Б нарыг холбоотой гэдгийг Г.Ариунболд төдийгүй сумынхан мэдэх болсон байна.
Баянчандмань сум намар болгон өвсөө өөрсдийн хүч бололцоогоор хадаж, улсын фондод хадгалдаг. Өнөө жил энэ ажлыг Г.Ариунболд ахалсан байна. Хадлан бэлтгэхээр явахдаа хохирогч эмэгтэй Б-г хоол, цай хийлгэхээр томилж аваад явсан аж. Хадлан дээр Г.Ариунболд Б нар учир ургуулсан талаарх яриа нэгнээс нэгний ам дамжиж явсаар Б.Ханбаатарын чихэнд хүрчихсэн гэх. Үүнээс болоод Б.Ханбаатар Б-г хардаж найзтайгаа муудалцаж ийм байдалд хүрсэн бололтой.
Б.Ханбаатар, Г.Ариунболд нар арван жилийн найз хоёр юм байна. Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын ангийг ч хамт дүүргэжээ. Г.Ариунболдын аав олон жил Баянчандмань сумын МАН-ын үүрийн даргаар ажилласан нэгэн гэнэ. Хүүгээ өөрийнхөө улс төрийн замналаар явуулахыг хүсэж ийн их сургуульд сургаснаар сумандаа ажилд орсон аж. Харин Б.Ханбаатар Баянчандмань сумын МАН-ын дэд дарга төдийгүй сумын орлогч даргаар ажиллаж байгаа юм байна. Б.Ханбаатар, Г.Ариунболд болон хохирогч Б гэх эмэгтэй нар хэн бэ гэдгийг дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.
Үргэлжлэл бий>>
Өнөөдөр 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, МУБИС-ийн гадна талбай, Спортын төв ордны үүдэнд “Цэвэр агаар эрүүл амьдрал” уриан дор олон нийтийг хамарсан марафон гүйлтийн тэмцээний нээлт боллоо. МАХН-ын дэргэдэх Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбооноос санаачлан зохион байгуулж буй энэхүү бүх нийтийн марафон нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг бий болгох, хүн бүр эрүүл чийрэг амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж. Тус марафон гүйлтийн тэмцээнд 5000 орчим хүн оролцож байгаа аж. Бага, дунд, идэр нас гэсэн ангиллаар явагдаж буй энэхүү марафонд хөгжлийн бэрхшээлтэй 60 гаруй иргэн оролцсон байна.
“Forbes” сэтгүүлийн
газраас 2015 оны Америкийн тэргүүн баячуудын жагсаалтыг гаргалаа. Энэ жил 400 хүн
жагсаалтад багтсан бөгөөд Билл Гейтс 22 дахь
удаагаа тэргүүлсэн байна. Өдгөө 59 настай түүний хөрөнгө 76 тэрбум ам.доллараар
үнэлэгджээ. Одоогоос 40 жилийн өмнө Б.Гейтс, Пол Аллен нар “Microsoft” компанийг
анх байгуулсан түүхтэй. Б.Гейтс 2014 онд компанийнхаа удирдах зөвлөлийн даргын албыг
хүлээлгэн өгч түүнээс хойш “Bill &Meilnda Gates” санг удирдан ажиллаж байгаа. Түүний дэмжлэгтэйгээр
энэ жил хумхаа өвчний эсрэг вакциныг гаргаж авах төсөл амжилттай хэрэгжсэн юм. Б.Гейтс энэ жил Америкийн боловсролын системийг
боловсронгуй болгох үйлсэд нэг тэрбум ам.доллар хандивласан билээ.
Хамгийн чинээлэг америкчуудын
жагсаалтын хоёрдугаарт 62 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет бичигджээ.
Хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагч гэгддэг түүний “Berkshire Hathaway” компани сансарт нисэхэд зориулагдсан төхөөрөмж үйлдвэрлэдэг
“Precision Castparts” компанид 37 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэрбумтан
хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Kraft Foods”, “Heinz”, “Burger King”,
“Tim Hortons” зэрэг компаниудад хийсэн хөрөнгө оруулалтаасаа нэлээд ашиг авдаг бөгөөд
энэ нь түүний орлогын нэлээд хэсэг нь болдог. У.Баффет олон нийтийн ажилд идэвхтэй
оролцдог нэгэн. Тэрээр ирэх жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан
намаас нэр дэвших гэж буй Хиллари Клинтоныг дэмжиж мөнгө хандивлана гэдгээ мэдэгдсэн.
Өнгөрсөн долдугаар сард гэхэд тэрээр зөвхөн буяны үйлсэд 2.8 тэрбум ам.долларын
хандив өргөжээ.
“Oracle” корпорацийг үндэслэн байгуулагч Ларри Эллисон
тэргүүн баячуудын жагсаалтын гуравдугаарт орсон. 2014 онд ерөнхий захирлын ажлаа
өгсөн хэдий ч хяналтыг гартаа байлгасаар байгаа. Өнгөрсөн зургадугаар сард бизнесээ
өргөжүүлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн тэрээр “Oracle” корпорацийг 1977 онд байгуулсан. Түүний хүүхдүүд
Холливудад продюссерээр тун амжилттай ажиллаж байгаа бөгөөд “Terminator”,
“Mission: Impossible” зэрэг үзэгчдийн сайн мэдэх кинонуудыг бүтээхэд хамтран ажилласан
юм.
2015 оны хамгийн чинээлэг
америкчуудын жагсаалтад орсон баячууд нь дунджаар 5.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Amazon.com-ийг үндэслэн байгуулагч Жефф Безосийн
хөрөнгө өнгөрсөн нэг жилийн хугацаанд
16.5 тэрбум ам.доллараар арвижиж шилдэг тавд багтсан нь хамгийн том амжилт болсон.
Энэ удаад Facebook-ийг үндэслэн байгуулагч М.Цукерберг шилдэг аравт багтсан бол
тэргүүн баячуудын жагсаалтад шинээр 25 хүн орсон байна.
Ингээд 2015 оны хамгийн
чинээлэг америкчуудын жагсаалтын эхний аравд орсон хүмүүсийг танилцуулъя.
1. Билл Гейтс
2. Уоррен Баффет
3. Ларри Эллисон
4. Жефф Безос
5. Чарльз Кох
6. Дэвид Кох
7. Марк Цукерберг
8. Майкл Блумберг
9. Жим Уолтон
10. Ларри Пейж