Categories
мэдээ цаг-үе

Монголыг эрчим хүчний экспортлогч болгох станцуудын бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ

Энэ сард хоёр ч цахилгаан станцад
хөрөнгө оруулах гэрээ зурагдсан нь ирэх жилүүдийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр
том шийдвэр байлаа. Урд хөршийн Далиан хотод болсон Дэлхийн эдийн засгийн зуны чуулга
уулзалтын үеэр Хятадын “Пауэрчайна ресурсес” компани Монголын Бөөрөлжүүтийн станцад
хөрөнгө оруулах сонирхлоо албан ёсоор баталгаажуулсан юм. Монголын талаас гэрээнд
гарын үсэг зурсан компани нь “Бодь интернэшнл”. Тэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын
төсөлд хамтран хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад байна.
Ерөнхий сайд Эрчим хүчний сайдтайгаа оролцсон эдийн засгийн чуулганы үеэр гарын
үсэг зурцгаасан учраас Бөөрөлжүүтийн бүтээн байгуулалт нэг их саадгүйгээр өрнөх
болов уу гэж учир мэдэх улс хэлж байна. Яг ийм гэрээг “Могул пауэр” “Сэнко III”
компаниуд ч урд хөршид байгуулсан юм. Тэд Тэвшийн говийн цахилгаан станцыг хамтран
босгоно.

Тэвшийн станцын хөрөнгө оруулалтнэг
тэрбум ам.доллар

Тусгай зөвшөөрлөө авчихсан Тэвшийн
говийн цахилгаан станцын хүчин чадал нь 600 МВт. 150 МВт-ын дөрвөн блокоос бүрдэнэ.
Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэн барихаар төлөвлөж буй. Энэ орд Дундговь
аймгийн Сайнцагаан суманд оршдог. Тэвшийн говийн цахилгаан станц Мандалговиос баруун
хойд зүгт 25 км зайд баригдах юм билээ. Төв, зүүн болон өмнөд бүсэд шинээр нэмэгдэх
уул уурхай, аж үйлдвэрийн төвүүдийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилготой гэж
төсөл хэрэгжүүлэгчид онцолж байгаа. Тодруулж хэлбэл Улаанбаатар, Сайншандын аж үйлдвэрийн
цогцолбор, томоохон уурхайнуудад эрчим хүч нийлүүлэх боломжтой. Төвийн эрчим хүчний
системтэй зэрэгцээ ажиллана. Жилд хамгийн ихдээ 4016 сая кВт/ц цахилгаан нийлүүлэх
боломжтой.

Хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллараар
хэмжигдэх юм билээ. Дөрвөн жил хамтран ажиллаж байж хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны
гэрээг зураад байгаа нь энэ. Хөрөнгө оруулалтын ажил удахгүй эхэлнэ гэдгийг хэрэгжүүлэгч
компаниудын зүгээс албан ёсоор илэрхийлээд байгаа.

“Могул пауэр”-ын тухайд
АНУ-ын “Firebird” сангийн салбарын хөрөнгө оруулалттай Монгол компани.
“Firebird” сан Америкийн Нью-Йорк хотод төвтэй. Энэ сангийн үүсгэн
байгуулсан хөрөнгө оруулалтын хоёр сан “Могул пауэр”-ыг санхүүжүүлдэг
юм. “Firebird” сан 2006 оноос манай улсад ажиллаж эхэлсэн. Монголын Хөрөнгийн бирж
дээр ажиллаж байгаа гадаадын том хөрөнгө оруулагч. Хятадын төрийн өмчит “SEPCO
III” корпорацитай Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн хэрэгжүүлэлт, санхүүжүүлэлт
дээр хамтран ажиллахаар ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг өмнө онцолсон.

Хөрөнгө оруулагчдын нэг SEPCO
III корпораци 1985 онд байгуулагдсан олон улсын эрчим хүчний төслийн контрактор.
Урд хөршийн эрчим хүчний барилгын тэргүүлэх корпораци “Power China”-гийн охин
компани. “Power China”-гийн хувьд олон оронд эрчим хүчний барилга байгууламж барьсан туршлагатай.
Хий, нүүрсний цахилгаан станц, салхи, нарны эрчим хүч гэж ирээд яривал эрчим хүч
талаасаа их өргөн хүрээнд ажилладаг. Эрчим хүчний барилга байгууламжийг чанарын
өндөр түвшинд барьж байгуулдаг гэж үнэлэгддэг. Хоёр жилийн өмнө гэхэд олон улсад
33500 МВт хүчин чадлын ажил хийжээ. 2013 оны статистикийг харахад 13.5 тэрбум юанийн
орлоготой ажилласан юм билээ. Ам.долларт шилжүүлбэл хоёр тэрбум гаруй ногооны орлоготой
ажилласан гэсэн үг. “SEPCO III” корпорацийн дэд ерөнхийлөгч Жанг Хонгсонг “Бээжинд
болсон Азийн орнуудын APEC уулзалтын үеэр Монголын УИХ-ын дарга
З.Энхболд, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар энэ сэдвийг хөндөж ярилцсан” гэж онцолсон
нь бий. Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг үзэглэх үеэр гэрчээр оролцсон
Хятадад суугаа элчин сайд Ц.Сүхбаатар ч “Монгол Улсын Засгийн газар энэ төслийг
дэмжиж байгаа” гэж засгийн байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр Тэвшийн говийн цахилгаан
станц төсөл бодлогын дэмжлэгтэй хэрэгжинэ гэсэн үг.

Бөөрөлжүүтийн бүтээн байгуулалт ирэх онд
эхэлнэ

Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан
станцын төслийн хөрөнгө оруулалт мөн л нэг тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж байгаа.
Гучаад жил хэрэгжих төсөл. Хүчин чадал нь 600 МВт. Станцын бүтээн байгуулалтын явцад
70 км урттай хоёр хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг
татна. Жилд гурван сая тонн нүүрс олборлох уурхай барих төлөвлөгөө бий. Бөөрөлжүүтийн
цахилгаан станц Улаанбаатар хотоос 120 км зайд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт
орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордын дэргэд баригдана. Улаанбаатар-Чойрын төмөр
замаас 24 км зайд орших энэ орд 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй.

Газар зүйн байршлын хувьд дэд бүтэцдээ
ойрхон, уул уурхай олборлолтын таатай нөхцөлтэй гэх мэт давуу талууд бий. Ийм давуу
талуудтай учраас хямд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой гэж
мэргэжилтнүүд онцолдог. Станцын барилгын ажлыг 2016 онд эхлүүлнэ гэж төлөвлөжээ.
Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлэх хугацаагаа
2019 он гэж товложээ. 2019 оноос жилд 1.6 тэрбум кВт-цаг цахилгаан
үйлдвэрлэх бол 2022 оноос 3.2 тэрбум кВт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх
нь.

Энэ станцад хөрөнгө оруулах сонирхлоо
илэрхийлээд ажиллаж байгаа “Пауэрчайна ресурсес”-ийн хувьд
Хятадын төрийн өмчит “Пауэрчайна” корпорацийн гадаадад хөрөнгө оруулалт хийх эрхтэй
салбар компани. “Пауэрчайна” цахилгаан станц барих өндөр туршлагатай. Хятадын усан
цахилгаан станцын нийт хүчин чадлын 70 хувь, дулааны цахилгаан станцын 48.7 хувийг
дангаараа хийж гүйцэтгэсэн компани. Дэлхийн 71 улсад ажилладаг 148 салбар нь нийлээд
728 төсөл хэрэгжүүлсэн, ажилтных нь тоо 200 мянга давсан аварга компани. Төсөл,
төлөвлөлт, судалгаа, барилга угсралт, дэд бүтэц, усан цахилгаан станц, дулааны цахилгаан
станц, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах шугам, хөрөнгө оруулалтын чиглэлээр
ажилладаг. Хамтран ажиллах “Бодь интернэшнл”-ийн хувьд ч дутахааргүй туршлагатай.
Хориод жилийн турш банк санхүү, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн удирдлага,
барилга угсралт, барилгын удирдлага, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүчний
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон компаниудын нэг.

“Цэцэнс Майнинг энд энержи” компани
энэ төслийн судалгааны ажлыг 2011 оноос эхлүүлсэн түүхтэй. Инженер геологи, гидрогеологи,
байгаль орчин, техник эдийн засгийн иж бүрэн, цогц судалгааг нь дэлхийд гэж яригддаг
Германы RWE, БНСУ-ын Samsung Engineering зэрэг компаниудтай хамтран гүйцэтгэж байв.
Станцын судалгааны ажил дуусч, ТЭЗҮ, зураг төслийн ажил нь бэлэн болж, зөвшөөрлөө
авсан гэсэн давуу талуудтай.

Бөөрөлжүүт, Тэвшийн говийн дулааны
цахилгаан станцууд ашиглалтад орвол гаднаас цахилгаан авахгүйгээр дотоодын хэрэглээгээ
бүрэн хангах боломж нээгдэнэ гэсэн олзуурхал бий. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ урагш
нь экспортолж мөнгө олох боломж ч бүрдэнэ. Урд хөршийн томоохон компаниудтай хамтран
хэрэгжүүлэх учраас дажгүй үнээр эрчим хүчээ худалдаад амьдрах бүрэн боломж байгаа.

Эдийн засаг тэлэх хэрээр эрчим хүчний
хэрэглээ өсч таарна. 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 510 дахин өснө гэсэн таамаг
тооцоо дуулддаг. Энэ салбарт цөөнгүй том төслүүд яригддаг ч хөрөнгө оруулалтын асуудлаас
болоод хэрэгжихгүй цаг алдаж байгаа. Бөөрөлжүүт, Тэвшийн говийн станцын хувьд хөрөнгө
оруулалт нь тодорхой болно гэдэг том давуу тал.

Дэлхийн эрчим хүчний балансын багагүй
хувь нь 2030 он гэхэд Зүүн хойд Азид төвлөрөх таамаг тооцоо бий. Энэ бүсэд хэрэглээний
том орон зай байгааг баталсан иймэрхүү тооцоо өчнөөн дуулддаг. Монголын хувьд
173.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс нарийвчилсан хайгуулаар батлагдсан нь
23.5 тэрбум тонн гэдэг. Энэ бол 2015 оны тооцоо. Тэгэхээр бидэнд Бөөрөлжүүт, Тэвшийн
говь шиг нүүрсний томоохон ордууддаа түшиглэсэн дулааны цахилгаан станц барьж дэлхийн
том хэрэглэгч Ази руу үйлдвэрлэсэн эрчим хүчээ зарах бүрэн бололцоо байна.

Categories
мэдээ нийгэм

Шаамар сумаас хийсэн сурвалжлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе. Өнгөрсөн амралтын өдөр багш нарын баяр тохиолоо. Үүнтэй холбогдуулан нэгэн эрдмийн саруул өргөөнөөс “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. “Шинэ Монгол” ахлах сургуулиас бэлтгэсэн энэхүү сурвалжлагыг нэг болон 12, 13 дугаар нүүрээс уншаарай. Манай сонин цаг үеийн хамгийн онцлох үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж хүргэдгийг уншигчид мэдэх билээ. Энэ удаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариа, ногооны талбайгаас сурвалжлага бэлтгэлээ Нэг, 16 дугаар нүүрээс сурвалжлагыг хүлээн аваарай.

Мөн УИХ-ын гишүүн асан Ч.Авдайн ярилцлага, МУИС ийн судлаач багш Ц.Батболдын ярилцлагууд Улс төрийн хоёр, тавдугаар нүүрүүдэд хэвлэгдлээ.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрт нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Алуурчныг өршөөнө гэж хөөрцөглөх хэрнээ авлигачдыг өршөөхгүй гэж зүхэхийн учир юу вэ?” нийтлэл гарлаа.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Үнэгүй юмны үнэ” эх сурвалжийн мөрөөр үнэниг хайсан нийтлэл гарсан бол “Сумын засаг даргын орлогч Б.Ханбаатар эмэгтэйг хардалт, өс хонзонгйн сэдэлтэйгээр хүний ёсноос гадуур хүчирхийлэн доролжилжээ” гэмт хэргийн мөрөөр хийсэн сурвалжлага 11 дүгээр нүүрт хэвлэгдэв.

Эдгээр болон Дэлхийн мэдээ, Цаг үе, залуус, Энэ өдөр зэрэг буулангууд хуваарийн дагуу гарсан юм. Та бүхэн манай сонины өнөөдрийн дугаарыг шуудангийн салбарууд болон сонин борлуулах цэгүүдээс худалдан аваарай. Хэрэв захиалга өгөхийг хүсвэл 99112954 88111375 дугаарт холбогдоорой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт хүйтэрнэ

Аравдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээг хүргэж байна.

Энэ сарын 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7-нд төв, зүүн зүгийн нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно.

Салхи 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Түүнчлэн 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна.

Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

Categories
мэдээ нийгэм

“Авто худалдааны цогцолбор” нээлтээ хийлээ

Ашиглалтанд орох хугацаанаасаа жил гаруй хугацаагаар хойшилсон Нийслэлийн авто үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой “Авто худалдааны цогцолбор” өнөөдөр албан ёсоор нээгдлээ.


Нийт 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгсэл, засварын төвийг нэг дор байгуулах энэхүү бүтээн байгуулалт 22-ийн товчооны урд хэсэгт байрлаж буй. Мөн нийслэлийн Татварын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Автозамын газар, Автотээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллагууд тэнд үйл ажиллагаа явуулах юм.

6000 гаруй зогсоолоос 400 иргэн 1200-г нь худалдан авсан бөгөөд нэг бүрийг нь дөрвөн сая төгрөгөөр худалдаалжээ. Иргэд энэхүү зогсоолыг худалдан авсан бол ахин мөнгө гаргах шаардлага гарахгүй, харин зарагдах машинуудыг хадгалж, хамгаалж, хянаж байгаа тул сар бүр 15 мянган төгрөг тооцож хураан авах юм байна.

Нийслэлийн хэмжээнд 156 цэгт автомашин худалддаг. Үүний ихэнх нь зөвшөөрөлгүй, стандарт бус учраас нийслэлийн эрүүл ахуй дүрмийг зөрчдөг, хөрс агаар бохирдуулдаг, иргэдийн эрүүл орчин амьдрах эрхийг зөрчдөг хэмээн буруутгаад байгаа.

Авто худалдааны цогболбор ашиглалтанд орсноор “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг захуудын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн байгаа. Одоогоор дээрх захуудын удирдлага, түрээслэгчдэд хандан нүүх албан бичгийг хүргүүлээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Иван Ильичийн үхэл”

Өдгөөгөөс гуравхан жилийн өмнө Англи,
Америкийн амьд сэрүүн буй
алдартай 125 зохиолчийн дунд XIX, XX зууны
шилдэг 10 зохиол, бүх цаг
үеийн шилдэг 10 зохиолч шалгаруулах санал
асуулга болсон. Энд “ХХ
зууны шилдэг бүтээл”-ээр
Набаковын “Лолита” тодорсон бол
XIX зууны шилдэг бүтээлээр Лев
Толстойн “Анна Каренина” тодорч, мөн
түүний “Дайн ба Энх”
нь гуравдугаарт шалгарсан төдийгүй түүнийг бүх цаг
үеийн хамгийн шилдэг зохиолч
мөн хэмээн санал өгсөн
байдаг. Мэдээж
“Бүх цаг үеийн шилдэг”
гэсэн тодотголтой ном зохиол шалгаруулах
олон арга хэмжээ зохиогдоход эдгээр
жагсаалт дунд “Анна Каренина”,
“Дайн ба Энх” романууд
цохиж явдаг. Реалист
уран зохиолын ноён оргил гэгддэг Лев
Толстойн бас нэгэн зохиолыг
шимтэн унших боломж монголчуудад олдлоо. “Монсудар”
хэвлэлийн газар Лев Толстойн “Иван
Ильичийн үхэл” хэмээх суут
бүтээлтэй танилцах боломжийг номын хорхойтнуудад
олгожээ.

“Иван Ильичийн үхэл” хэмээх энэхүү
туужид шүүхийн танхимын тэргүүлэгч
гишүүн Иван Ильич онош
нь тодорхойгүй өвчинд нэрвэгдэн, зовж
тарчлан хэвтэхдээ өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож буй тухай
өгүүлнэ.

Өнгөцхөн харахад түүний амьдралд
харамсах зүйл үгүй мэт.
Тэр шүүхийн байгууллагад цалин
сайтай, өндөр албан тушаал
хашиж, алдар нэртэй хүмүүсээр
хүрээлүүлж, бусдын л адил
гэр бүлийн амьдрал зохион,
тансаг сайхан байшинд амьдарч,
хэний ч хувь заяаг
шийдэж чадах эрх мэдэл
өөрт нь байгааг бодон
баясаж, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг
байлаа. Гэтэл үхэл гэгч
хаалгыг нь тогшиход тэрээр
амьдралынхаа “үнэн”-тэй нүүр
тулна.

Тэрбээр үхэлтэй тэмцэх гурван
сарын хугацаандаа эхлээд түүнээс айн
зугтаж, дараа нь нүүр
тулан уулзаж, эцэст нь
хүлээн зөвшөөрөхдөө өөрийг нь бүчин
хүрээлсэн худал хуурмаг бүхнийг
анх удаагаа нэвт шувт
харж, туулж өнгөрүүлсэн амьдралдаа
харамсавч нэгэнт оройтжээ.

Иван Ильичийг нас нөгчсөн тухай
сонсоод түүнийг жинхэнэ андын
ёсоор хайрладаг байсан гэх ажлын
найз нөхөд нь уй
гашуу болохоосоо урьтаж, түүний албан
тушаалд хэн томилогдох бол
хэмээн бодож, насаараа
ханилсан эхнэр нь түүний
эд хөрөнгөөс өөрт нь юу
ногдох тухай
санааширна.

Энэ бол үхлийн тухай
бас үнэний тухай, утга
учир, агуулгатай амьдрах тухай зохиол
юм. Бусдын үхэл бусдынхаараа
л дуусдаг орчлонд
хүний үхлийг хүнд
мэдрүүлсэн зохиол бол “Иван
Ильичийн үхэл” мөн.

Үнэндээ хүн үхлийн өмнө
үхлээс бус “үнэн”-ээс
л айх аж.
Өнгөрүүлсэн амьдрал нь утга
учиргүй байх вий, шударга
бус байх вий, амьдралд
хууртагдсан байх вий, эцэс
төгсгөлгүй худал дунд “худал”
амьдарсан байх вий. Тэгээд
эцэст нь үхэл гэгч
гарцаагүй ирчихсэн нь үнэн байх
вий гэх амьдралынхаа эцсийн
шүүлтийн өмнөх “үнэн”-үүдээс
л айх…

Эндээс л ерөөс үхэл
гэгч аймшигтай биш, үхэж буй
хүн хэн байсан бэ,
хэрхэн яаж амьдарсан бэ
гэдэг л амьдралын эцэст
аймшигтай байдаг гэдгийг харах
болно. Туужийн гол баатар
Иван Ильич өөрийн амьдралаа
бусдын аяст тааруулж, өөртөө
биш хүмүүст зориулж амьдарчээ.
Түүнийг хүмүүс бас амьдрал,
бүр өөрөө өөрийгөө хуурсан
хуурамч амьдрал дунд нэг
насаа өнгөрүүлсэн аймшигт үнэнтэй үхлийн
өмнө нүүр тулна. Түүнийг
өвчин нь биш гагцхүү
энэ үнэн л тарчлаан
зовоох аж. Хүний амьдралын
ийм л нүцгэн үнэнийг
Лев Толстой энэхүү туужаараа
өгүүлсэн байна. Нэг л
олдох амьдрал юм чинь
дээ…

Б.Эгшиглэн

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Гүржийн ногоотой жигнэсэн тахианы мах

Гүржийн гал тогоо нь соусаараа алдартай. Төрөл бүрийн соусаар хоолыг огт өөр амттай болгон өөрчилдөг байна. Хамгийн түгээмэл нь улаан лоолийн соус бөгөөд өтгөн болтол нь чанаж, амтлагч ногоонууд болон жижиглэсэн сармисаар амталдаг. Гүржүүд төрөл бүрийн жимсний шүүсээр натурал соус бэлтгэдэг. Ингээд ногоогоор амталсан жигнэсэн тахианы махтай хоол хэрхэн бэлтгэхийг оруулъя.

Орц: Бүтэн тахианы мах

Нимбэг- нэг ширхэг

Улаан лооль- дөрвөн ширхэг

Кабачки буюу нарийн хулуу- хоёр ширхэг

Сармис

Амтлагч (өөрийн дуртай)

Розмарин

Лаврын навч

Давс, перец

Хийх арга: Тахианы махаа угааж, жижиглэн хэрчээд шарах шүүгээний листэн дээр тавина. Махны жижиг хэсэг бүрт завсар гарган зүсээд голд нь нунтагласан сармис хийгээрэй. Махан дээрээ нимбэгний шүүс жигдхэн асгаж давс, перец, амтлагчаа үрнэ. Бэлдсэн махны дэргэд дугуй хэлбэртэй хэрчсэн хулуу болон улаан лоолио тавина. Листээ бүхэлд нь мөнгөлөг цаасаар бүрээд 200 хэмд 50 минут жигнэнэ. Дараа нь мөнгөлөг цаасаа аваад жижигхэн хэрчсэн розмарин болон лаврын навчаа нэмж хутгаад махаа шаргал өнгөтэй болтол нь шарна.

Элгэн торт

Малын элэг нь хүний биед хэрэгтэй амин дэмээр баялгаас гадна үнэ хямд. “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” зэрэг худалдааны төвүүдэд хонь, ямааны элэг ширхэг нь 500, үхрийн элэг 2000 төгрөгийн ханштай байна. Хүнсний бүтээгдэхүүн үнэтэй энэ үед хямд төсөр материалаар нэгэн амттан хийхийг зааж өгье.

Орц: 4-5 хүн

Малын элэг-600гр (хонь,ямааны нэг ширхэг элэг байхад бараг болно, бас тахианы элгээр хийж ч болно.

сүү-250гр

өндөг- нэг ширхэг

гурил- гурван а/ха

лууван- гурван ширхэг

сонгино- гурван ширхэг

масло- хоёр а/х

сода- нэг ц/х

Помидор- хоёр ширхэг

давс

хар перец

Сүмсэнд:

майонез-100гр

цөцгий-150гр

сармис- нэг хумс

Хийх арга:

Элгээ цэвэрлээд хүйтэн усаар угааж жижиглээд бутлагчид хийж зутан болгоно. Үүн дээрээ нэг ширхэг өндөг, хуурай гурил, сүүгээ хийж сода, давс, хар перецээр амтлаад сайтар хольж өгнө. Хар перец, давсаа өөрсдийн амтлах хэмжээгээр хийнэ. Луувангаа зороод, сонгиноо нарийн хэрчээд хоёр халбага масло хийж хуурч болгоно.

Сүмс бэлдэх: Сармисаа маш нарийн жижиглэж хэрчээд майонез, цөцгийтэйгөө холино. Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийгээд амталсан элгээ блинчиктэй адил хайрч болгоно. Хайрсан элгэн дээрээ сүмсээ тарааж асгаад дээр нь жигнэсэн лууван сонгинын холимгоо тараана. Энэ мэтчилэн үлдсэн элэг, сүмсээ үелүүлэн тавьж өрнө. Хамгийн дээр нь сүмсээ түрхээд өргөст хэмх, улаан лооль, мөөгөө гурвалжин хэрчиж чимэглэнэ. Чимэглэлээ өөрийн хүссэнээр яаж ч хийж болох юм. Тоортоо халуунаар нь зүсч таваглаад идвэл бүр амттай бөгөөд өег байх болно.

Categories
мэдээ спорт

“Хоромхон” клуб улирлыг хожлоор өндөрлүүллээ

Мэргэжлийн хөлбөмбөгчдийн дунд зохион байгуулагддаг Монголын хамгийн том шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лигийн хаалтын өдрийн эхний тоглолт өндөрлөлөө.

Хүснэгтийн 4 болон 5-р байрт ижил 26 оноотой бичигдэж байсан “Хоромхон” болон “Улаанбаатарын унаганууд” багууд өнөөдрийн эхний тоглолтод өрсөлдлөө. Гэхдээ хоёр багийн аль аль нь шагналын тавцанд зогсох боломжгүй болоод байсан юм.

Тоглолт тун ширүүн өрсөлдөөн дунд болсон бөгөөд тоглолтын эхний хагаст Ганзоригийн гоёмсог дамжуулалтыг Н.Цэдэнбал амжилттай төгсгөснөөр “Унаганууд” тоглолтыг тэргүүлж байв. Харин завсарлагааны дараагаар тоглолт улам сонирхолтой болж, багууд их нээлттэй тоглолтыг гаргалаа. 59 дэх минутад Б.Улсболдын цохилтоор тооны харьцаа тэнцсэн бол 66 дахь минутад “Улаанбаатарын унаганууд” багаас Н.Цэдэнбал торгуулийн цохилтыг амжилттай болгож, дахин тэргүүллийг авсан ч Б.Улсболд хариу барьж, хоёр багийн шилдэг тамирчид ижилхэн дубль хийлээ.

Ингээд тооны харьцаа тэнцээд байх үед буюу 79 дахь минутад Д.Төрбат, 80 дахь минутад мэргэн буучдын жагсаалтыг 21 гоолтой тэргүүлж байсан Н.Наранболд нэг гоолыг оруулснаар “Хоромхон” баг 5:3 харьцаатай ялалт байгуулж, лигийг хожлоор дуусгалаа.

Н.Наранболдын хувьд хувийн амжилтаа ахиулж, энэ улирлыг 22 гоолтойгоор дуусган, мэргэн буучаар тодорч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөлийн хууль дээр МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн
цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Ц.Нямдорж гишүүний
хүсэлтээр ажлын хэсэг байгуулахаар болж, ирэх долоо хоногийн пүрэв гаригт
хэлэлцэхээр хойшлуулав. Ц.Нямдорж “ҮХЦ Үндсэн хуулийг манах биш зарж амьдарч
эхэлж байх шиг байна. Есдүгээр сарын 7-нд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 331 сая
төгрөг гаргах шийдвэр гаргасан байна. Үндсэн хуулийн 25 жилийг тэмдэглэн
өнгөрүүлэхтэй холбогдуулан мөнгө гарга гээд хавсралтан дотроо ҮХЦ, УИХ-ын
тамгын газарт 245 сая төгрөг өг гэсэн шийдвэр гаргасан байна. Их хурлын тамгын
газрынхан үүнийг чинь мэдэхгүй байна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад энэ мөнгө
хаашаа явсан байна. Энэ цэцийн шийдвэр ямар ид шидээр Засгийн газраас гарсан
болохыг тогтоох ёстой” гээд ажлын хэсэг байгуулах санал гаргасныг хүлээн авч
ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар болсон юм.

Тиймээс хоёрдугаар асуудал болох Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын
гишүүн Л.Болд “Энэ өдөр бол улс төрийн түүхэн дэх хар өдөр болсон гэдгийг мэдэж
байгаа байх. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг С.Зориг агсан бусдын гарт амь
насаа алдсан өдөр. Бид түүний дурсгалыг хүндэтгэх ёстой” гэлээ. УИХ-ын дарга
З.Энхболд “Өнөөдрийг хүртэл манай хууль сахиулах байгууллагынхан энэ асуудлын
ард гарч чадахгүй байна. Энэ бүгдийгээ эцэслэн шийдвэрлэхгүй бол жил бүр
иймэрхүү байдалтай байна шүү” гэсэн юм. Ингэснээр гишүүд босч С.Зориг агсанд
хүндэтгэл үзүүллээ.

Өршөөлийн хуулийг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогт “Байнгын хороон дээр авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөлд
хамруулахгүй гэж байсан ч албан тушаалын хэрэг нь өршөөлд хамрагдаж, авлигын
хэрэг нь хамрагдахгүй байхаар санал хураагдсан. 49 гишүүн авлига, албан
тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй гэж байсан ч байр сууриасаа ухарсан.
МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан. Тиймээс МАН-ын бүлэг
завсарлага авч байна” гэснээр тав хоногийн завсарлага авлаа. Харин Хууль зүйн
байнгын хорооны дарга Д.Ганбат “Та нар хэдхэн хоногийн өмнө матрын нулимс
унагаад, батлахгүй бол болохоо байлаа гээд байсан. Одоо ингэж болохгүй. Цаана
чинь олон гэр бүл хоригдож байгаа хүмүүсээ хүлээж байна. Та нар ямар нэгэн
шалтаг гаргаад битгий ингээд байгаач. Байнгын хороо шийдвэрээ гаргасан. Кнопоо
яаж дарах нь та нарын асуудал. Өршөөлийн хуулийг яаралтай ярих хэрэгтэй. Өвөл
боллоо. Цаана чинь олон хүний амьдрал байна. Бямбацогт даргаа болиоч ээ” гэсэн
юм. Гэсэн ч тав хоногийн завсарлага авч чадсан. Өмнө нь МАН-ын бүлгийнхэн
“АН-ын гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргаж төрийн ажилд нөлөөлж байна” хэмээн
мэдэгдэж байсан бол энэ удаа МАН-ынхан “Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргасан” гээд
төрийн ажлыг гацааж байна” хэмээн гишүүд хэлж байлаа.

Дараа нь Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай
УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимд хэлэлцсэнээр чуулганы үдээс өмнөх
хуралдаан өндөрлөсөн.

Харин үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн
чуулганд өвөлжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр дэлхий даяар уур амьсгалын
өөрчлөлт эрчимтэй явагдаж, ялангуяа жилийн туршид орох хур тунадасны
хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, цас, хуй салхины давтамж
нэмэгдэх болсныг дурдаад манай улсын олон жилийн цаг агаарын хандлагаас харахад
бичин жил хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн өвөлжилтөд хүндрэл учруулж
ирснийг харгалзан Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой
анхаарал тавьж байна гэсэн юм. Мөн Ус, цаг уурын эрдэм шинжилгээний
хүрээлэнгээс боловсруулан гаргасан мэдээллээс харахад энэ намар, өвлийн эхний
сарын цаг агаарын байдал тогтвортой бус, ялангуяа арванхоёрдугаар сард нутгийн
ихэнх хэсэгт олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна гэдгийг
дуулгасан юм.

Харин Эрчим хүчний салбарын бэлтгэл ажлын явцын талаар их засвар,
хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын гурван үндсэн чиглэлээр арга
хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ үндсэн тоноглолын их засварын ажлын
гүйцэтгэл 90 хувьтай байна гэлээ. Харин төвийн бүсийн эрчим хүчний нүүрс
олборлогч уурхайнуудын хэмжээгээр
өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байгаа аж.

Манай улсын хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой тооцоотой
байна. Засгийн газрын 2015 оны 321 дүгээр тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон
экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэхэд нийт 180 тэрбум төгрөгийн
зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Мөн төсвийн тодотголоор 800
тэрбумыг танахаар байгааг дуулгасан юм.

Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогт уншиж танилцуулсан. Тэрбээр “Хариуцлагагүйн зуд”, хахир өвөл,
хямрал хүндрэлийг ч хохирол багатай давцгаая хэмээн уриалж налгар хавраар
эхлүүлсэн халаа сэлгээгээ хахир хатуу өвөл хаяанд ирчихээд байхад ч үргэлжлүүлж
байгааг шүүмжлэв. Бид эв нэгдэлтэй, зөвшилцөж, ойлголцож, хөгжиж дэвжсэн дөрвөн
жилийн өмнө Монгол Улсыг хоёр дахь Кувейт болно гэж гадныхан бичдэг байлаа.
Харин өнөөдөр хоёр дахь Грек болно хэмээн онцлон бичигддэг боллоо гэсэн юм.

Бүлгийн мэдээллийг сонссоны дараа сөрөг хүчний гишүүд Засгийн газрын
гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Энхболд: -Ерөнхий сайд УИХ-ын танхимд орж ирж, улс орны амьдралтай
холбоотой мэдээлэл хийж байгаад баярлаж байна. Би таны мэдээлэл дотроос эрчим хүчний
өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар олж сонссонгүй. Энэ талаар тодруулмаар байна.
Говьсүмбэр аймагт дөрвөн тойрогт МАН ялсан. Гэтэл одоо хүртэл Засаг дарга нарыг
нь батламжлаагүй байна. Ургацынхаа 50
хувийг алдлаа гээд баахан хэрэлдсэн. Өнөөдрийн байдлаар ургац хураалт муу
байгаа. Эдийн засаг хүнд байгаа цагт иргэд талхтай, гурилтай баймаар байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Эрчим хүчний
томоохон бүтээн байгуулалт ирэх хавраас явагдана. Тавдугаар цахилгаан станцын
ажлыг ирэх хавраас эхлүүлнэ. Мөн “Багануур”-ын цахилгаан станц барих ажлыг
эхлүүлнэ. Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулалт
шийдэгдсэн. БНХАУ-аас авах нэг тэрбум
ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Эгийн
гол”-ын цахилгаан станцыг барина. Газар
тариалангийн бүс нутгаар цаг агаарын хүндрэл гарсан. Хорин хувийн ургац хурааж авч байгаа юм биш.
60 хувийн ургац хурааж авч байгаа.

ХХАА-н сайд Р.Бурмаа: -Ургац хураалт дундаа орж байна. Сүүлийн үед мөндөр орж байна. Энэ бас
ургац хураалтад нөлөөлж байна. Ургац хураалтын дүн гараагүй байна. Бидний
урьдчилан тооцсоноор нийт хэрэгцээнийхээ 58 хувийг дотоодоосоо хангана.
Үлдсэнийг нь импортоор хангана. Төрийн зүгээс тонн тутамд нь урамшуулал өгөхөөс
гадна хөрсөө бордоход нь дэмжлэг үзүүлэх байдлаар хуулийн төсөл боловсруулж
байна. Хэр зэрэг улаанбуудайг худалдаж
авна түүнд нь дүйцүүлэн импортын буудайг өгнө гэсэн шаардлага тавьж байна.
Импортоор харьцангуй хямд буудай оруулж ирнэ. Энэ тал дээр та бүхэн туслах юм
бол импортын хямд буудай оруулж ирэх боломж байна. Аж ахуйн нэгжүүдийн үрийн улаанбуудайд
тэнцээгүйг нь малын тэжээлд авч байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ярьж
байна. Мал аж ахуй, газар тариалан гээд хүнсээ голдуу ярьж байна. Ирэх оны
өнгийг өмнөх жилийн үйлээс хардаг. Үнэндээ газар тариалангийн салбар ийм байгаа
юм чинь малчид маань яаж өвөлжих вэ гэж санаа зовж байна. Засаг төр нэг тэрбум
долларын мах гаргана гэж яриад байдаг. Удирдлагууд ярихдаа буруу, зөрүү яриад
байдаг юм уу. Монголын нийт малын 50 хувь нь экспортоор гараад явахаар байгаа.
Өвөрхангайн Арвайхээрийн дулааны цахилгаан станц юу болсон бэ. 800 тэрбумыг
танана гэж байна.

ХХАА-н сайд Р.Бурмаа: -БНХАУ манай улсаас нэг тэрбум долларын мах импортлох
боломжтой гэдгээ дуулгасан. Манай хувьд тийм хүчин чадал байхгүй. Бидний хувьд зөвхөн бэлчээрийн мал аж ахуй
дээрээ үндэслэх биш эрчимжсэн мал аж ахуйг бий болгох шаардлагатай байна.
Эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр
ажиллаж байна. Халх голын чөлөөт бүсээр дамжуулан эрчимжсэн мал аж ахуйг
хөгжүүлэхээр төлөвлөж байна. Бидний
хувьд 120 мянган тонн мах экспортлох боломжтой юм байна гэсэн тоо гаргаж ирсэн.
Зөвхөн энэ жилдээ биш, дараа жилийн нэг, хоёрдугаар улирлыг тооцсон байгаа.
Тэрбум долларын хэмжээний махны боломжийг бий болговол эдийн засаг эрүүлжинэ.

Эрчим хүчний сайд Д.Зоригт: -Улаанбаатар хотын эх үүсвэрээс гадна Дархан-Уул аймгийн
цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Эрдэнэт хотын дулааны
цахилгаан станцын тендер зарласан. Дорнод, Хэнтий аймаг руу цахилгаан татах агаарын шугам барих ажил үргэлжилж
байна.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: -Сонгинохайрхан дүүрэгт утаа багасах болов уу гэж харж
байгаа. 2014 оны өвлийг 2015 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол 16
хувиар буурсан байна. Хуучин бид зуух тараадаг байсан. Нийт 180 мянган өрхийн
90 хувь нь зууханд хамрагдаж. Нүүрс түлэх нь хамаагүй хямд учраас иргэд маань
өндөр үнэтэй түлш хэрэглэж чадахгүй байна. Нийт Монголын нутгийн агаарын
бохирдол муу байгаа юм биш. Улаанбаатарын агаар муу байгаа бол нийслэлийн
удирдлагууд хариуцлага хүлээх ёстой.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Ирэх долоо хоногт төсөв ярьж
эхэлнэ. Тэр үед нь илүү тодорхой тайлбар өгье.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Ерөнхий сайд элдэв улс төргүй ярья гэж эхнээсээ хэлсэн.
Одоо энэ зурагдсан пянз шиг юмаа ярих хэрэггүй. Тантай улс төр яриад хэрэггүй,
ажил яриад ч хэрэггүй юм байна. Таны хэлсэн, ярьсан болгон бүтсэнгүй. Танаас
шахаад, шахаад тос гарахгүй юм байна. Өнөөдөр хоол хүнсээ ярьж байна. Энэ зөв
байх л даа. Нийслэлийн хүн амын тухай, хүнийхээ тухай ярья. Бид нар өнөөдөр
олон үйлдвэр аж ахуйн дарга нэмэгдлээ гэж УИХ-ын дарга өчигдөр хэлсэн. Тэгвэл
өнөөдөр хичнээн хүн ажил, орлогогүй болсон бэ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр: -Улаанбаатарын
утаатай тэмцэхээр нийслэлээс багагүй арга хэмжээ авч байгаа. Үүний үр дүнд 2014
оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол бага зэрэг буурсан.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: -Тэрбум ам.долларын махны экспортыг
хийнэ гэж байна. Р.Бурмаа сайдыг томилогдоход нэг зүйл би хэлж байсан. Тэрбум
ам.долларын мах экспортлохтой холбоотойгоор
эдийн засгийн хугарлын цэгийг хэдээр тооцсон бэ.

ХХАА-н сайд Р.Бурмаа: -Тэрбум долларын махыг ганцхан энэ жил гаргачих юм биш.
Ийм зах зээлийн боломж байна гэсэн саналыг Хятадын зүгээс тавьсан. Бэлчээрийн
даац хэтэрсэн байдалтай уялдуулан, малын төрөл бүр дээр нь, мөн дотоодын
хэрэгцээгээ тооцоод махны экспортыг төлөвлөж байна. Ер нь хонин толгойд
шилжүүлснээр 10 сая толгой малыг экспортод гаргах боломж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Зөвхөн цалин, тэтгэврийн данс
нээлттэй, бусад дансыг хаасан гээд бичээд байгаа. Сүүлийн 25 жилд хийгээгүй
хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт хийлээ гээд байна. Тийм их рекорд
эвдсэн юм бол яагаад цахилгаан, дулааны үнэ өсөөд байгаа юм бэ. Та нарын ярьж
байгаа зүйл нэг өөр, бодит амьдрал дээр гарч байгаа зүйл өөр. Уг нь та нарын
ярьж байгаа, хийж буй ажил нийцэж л байх хэрэгтэй шүү дээ. Танай сайдуудад хэн
ч итгэхээ больсон.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Намайг цаасан дээр байгаа юм хэлээд байна гэх юм. Би
өөрийнхөө нүдээр үзсэн юмаа яриад байна. Та энэ зун Монголд байсан юм байгаа
биз дээ. 38 жил газар тариалан эрхэлсэн хөдөлмөрийн баатар хүн сүүлийн 38 жил
тохиолдоогүй ган биш гамшиг боллоо гэж байсан. Энэ зун, зургаа, долдугаар сард
ганц дусал бороо ороогүй. Та түүнийг нь харж л байсан биз дээ. Сүүлийн 25 жилд
хийгдээгүй цахилгаан, эрчим хүчний хөрөнгө оруулалт хийгдээгүй биш
хийгдсэн. Цахилгаан эрчим хүчний үнэ
дээр бодлогын шинэчлэл хийхгүй бол эдийн засаг ч өсөхгүй, үйлдвэрлэл ч
хөгжихгүй.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: –Та 9.5 сая төгрөгийн мөнгөн аяга
авсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөл 56 сая төгрөгөөр хоёр гэр авсан. Гэтэл
хөдөөд төсөв хасуулсан гээд сумын засаг дарга нар малчдадаа хүрч чадахгүй
байна. Цалин хасч болохгүй шүү.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: –Би 9.5 сая төгрөг мөнгөн аяга
аваагүй. 9.5 саяар мөнгөн аяга биш бараг алтан аяга авах юм биш үү. Би Ерөнхий
сайд болсноосоо хойш нэг ч албан газраас аяга, таваг аваагүй ээ. Та нар
цалингаа хас, хангамжаа хас гэж эрүүл шаардлага тавьдаг. Хасахаар эсэргүүцэж
шүүмжлээд байх юм.

Л.Энх-Амгалан: -Маш тодорхой хариулт хүсч байна. Үнэ тогтворжуулах
хөтөлбөрийн хүрээнд 76 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн гэсэн. Дахиад 180 тэрбум
төгрөгийг шийдвэрлэсэн гэсэн. Энэ мөнгө хэдэн сард малчдын гар дээр очих вэ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Засгийн газар очиж 180 тэрбум төгрөг малчдын хотноос
аваад явж чадахгүй. Энэ бол үлгэр. Үүнийг харин хувийн хэвшлийнхэн хийдэг юм.
Засгийн газар зохицуулалтыг нь хийж өгөх юм. Арилжааны банкны өөр зарчмаар
махны экспорт явчихвал утгаа алдана. Засаг очиж, малчдаас мал аваад, малчдын
гар дээр мөнгө тавьдаг буруу ойлголт өгч болохгүй гэснээр чуулганы хуралдаан
өндөрлөлөө.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ж.Мөнхтуяа: Үүсгэн байгуулаад төрд өгсөн цэцэрлэгтээ ажилласнаасаа болж АТГ-т шалгууллаа

-”Итгэл алдарчихаад л явж байна даа”-

Авлигатай
тэмцэх газар иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулан
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төрийн өмчит “Дамбо” цэцэрлэгийн эрхлэгч
Ж.Мөнхтуяа нь МУБИС-ийг 2000-2004 онд цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр
суралцаж төгсөөгүй болохыг тогтоосон тухай мэдээлэл цахим ертөнцөөр сайтуудаар
тархсан. Мөн улмаар хууль бусаар мэргэжил дээшлүүлсэн гэжээ.

“Дамбо” цэцэрлэгийн
эрхлэгч Ж.Мөнхтуяатай ярилцсанаа хүргэе.

-Таныг АТГ
шалгаж хуурамч дипломтойг тогтоосон гэх мэдээлэл цахим мэдээллийн сайтуудаар
тархаад байна?

-Тиймээ. Итгэл
алдарчихаад л явж байна. Хүнийг нэр устай нь ингэж хамаагүй зарлаж болдог юм
болов уу даа. АТГ ингэв үү эсвэл хэл ам хийж яваа хүмүүс өөрсдөө сайтуудаар
мэдээлэл тараасан юм уу мэдэхгүй л сууна. Миний өөрийн үүсгэн байгуулсан
цэцэрлэг юм шүү дээ.

-Авлигатай
тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авсан уу?

-Утсаар л яриа
авсан. Ийм тийм бичиг баримтаа аваад ир гэж байсан. Надтай холбогдохоосоо өмнө
бүх материалаа өөрсдөө бүрдүүлсэн юм билээ. Жил гаруй болж байгаа сунжирсан
асуудал л даа.

-Та өөрөө
цэцэрлэгээ байгуулсан гэдгээ тодруулахгүй юу?

-Би сумынхаа
ИТХ-д сонгогдсон юм. Тэр үедээ тойргийнхонтойгоо уулзаж байхад “Цэцэрлэгтэй бол
бидний амьдрал өөдлөхөөр байна. Хүүхдүүдээ сургаад ногоочин хүн тариагаа тарьж,
хойшоо гарч худалдаа хийдэг нь тэр ажлаа хөөцөлдөх боломжтой болно. Өчнөөн
ажил, албан хаагчид хүүхэд дээрээ гацаж байна” гэхээр нь би өөрийгөө мундаг хүн
шиг бодоод л хувийнхаа хөрөнгөөр цэцэрлэг барьчихсан юм. Тэгтэл одоо бараг
хүний юман дээр очоод суучихсан шиг байдалд ороод байна даа.

-Тэгэхээр анх
хувийн цэцэрлэг байжээ дээ?

-Алтанбулагт ганц
төрийн өмчийн цэцэрлэг байхад өөрөө байгуулаад бүтэн дөрвөн жил зүтгэсэн. Гэр
хороололд байгуулсан болохоор нэн ядуу, өрх толгойлсон эмэгтэйн хүүхэд гээд
айлын хүүхдүүд л явдаг байсан даа. Тэр хүүхдүүдээс мөнгө авна гэдэг хэцүү шүү
дээ. Эхлээд 10 мянган төгрөг авах гэж үзээд сүүлдээ таван мянган төгрөг болсон.
Улсаас хувьсах зардал л ирж байсан. Тогтмол зардал нь ирдэггүй. Багш нарын
цалин л орж ирдэг гэсэн үг. Хоол нь хүрэхгүй би өөрөөсөө гаргаад зовж зовж
дөрвөн жил хөөцөлдөж байж төрд өгсөн юм.

-Тийм
алдагдалтай байсан юм бол хаачихсан ч болох биш үү?

-Хаах гэхээр
“Дарга аа болохгүй шүү дээ” гээд манай ажилчид гуйж байсан. Би хаах гэж зөндөө
үзсэн л дээ. Тэгээд энэ олон түмний хүүхэд, эцэг эх, ажилчдаа бодоод л өөрөөсөө
мөнгө гаргаад явж байлаа. Манайх хувиараа бизнес хийдэг айл. Тухайн үед надаас
сард л 2-3 сая төгрөг гардаг байсан юм. Хоолны зардалд хөөрхий ажилчид маань
ярьж байгаад цалингаасаа нийлүүлээд мөнгө гаргадаг байсан. Түлээ, халаалт,
цахилгааны мөнгө гээд бүх л зүйлийг би хувиасаа гаргаж байсан. Хүүхдүүдийн ар
гэрээс авсан таван мянган төгрөг хаана нь хүрэх вэ дээ.

-Хэдэн онд
нээсэн юм бэ. Нээсэн цагаасаа эрхлэгчээр нь ажилласан уу?

-2009 онд нээсэн.
Анх өөр хүн эрхлэгчээр тавьж байгаад дараа нь өөрөө ирсэн юм. Эрхлэгчээр нь
ажиллуулсан хүн маань жил орчим л ажилласан байх. Манай цэцэрлэг цалин мөнгө,
зардлаас эхлээд хэцүү байсан шүү дээ. Тэгээд хэцүү болоод ирэнгүүт нөгөө
эрхлэгч маань багш хийж байгаад шилжээд явчихсан. Ингээд л би өөрөө эд
нартайгаа гардаж ажилласан.

-Дөрвөн жилийн
дараа төрд өгсөн гэхээр 2013 онд байх нь ээ?

-2009 оны
нэгдүгээр сард байгуулаад 2012 оны наймдугаар сарын 20-ны хавьд төрд өгсөн.
Хаах гэхээр манай ажилчид, эцэг, эхчүүд надад “Та тэсээд төрд өгөх гэж үзээч.
Гарц, боломж юу байна. Энэ олон хүмүүс хүүхдээ
цэцэрлэгт өгчихөөд ажилтай байж, аятайхан амьдармаар байна. Та боломжийг
ашиглаач” гэж ятгасаар байгаад намайг бүтэн дөрвөн жил явуулсан хэрэг л дээ.
Хэрвээ би бусад цэцэрлэгтэй адилхан нөгөө 350 мянган төгрөг, эсвэл 100
ам.доллар аваад сууж байсан бол өнөөдөр ингэж зовохгүй шүү дээ.

-Алтанбулаг ер
нь жижиг биш газар шүү дээ. Өмнө нь байсан цэцэрлэг ямар багтаамжтай байсан юм
бэ?

-Өмнө байсан
цэцэрлэг 50 хүүхэд авах багтаамжтай гээд 75 хүүхэд авдаг байлаа.

-Танайх анх
байгуулагдахдаа хэдэн хүүхэд авч байв?

-Манай цэцэрлэгт
эхлээд 82 хүүхэд л явж байсан юм.

-Одоо?

-170 хүүхэдтэй
үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анх 12 ажилтантай байсан. Одоо 26 болсон.
Манайх их тэссээн. Эхлээд гурван бүлэгтэй байж байгаад одоо таван бүлэг, нэг 24
цагийн ангитай боллоо. Би төрд өгснөөс хойш ч их л юм хийсэн. Төрд өгөөд хувийнхаа
юмыг хийгээд явах гэтэл манай багш ажилчид гэрт бүгдээрээ ирж уйлж дуулсаар
сонгон шалгаруулалтад орохыг ятгаж байлаа. Сайхан хамт олон шүү дээ. Тэгсээр
байгаад би буцаад цэцэрлэгтээ очсон. Түүнээс заавал эрхлэгч болох гээд улайрч
гүйгээд байгаагүй ээ.

-Цэцэрлэгийнхээ
талаар юу хэлэх вэ?

-Манай цэцэрлэг
2013 онд сумынхаа шилдэг байгууллага болж байлаа. Анхны эрүүл мэндийг дэмжигч
байгууллага болсон. Тэгээд сум орон нутагт зохион байгуулж байгаа бүх юманд
манай ажилчид явдаг. Өөрсдөө ч олон төрлийн
ажил зохион байгуулна. Эцэг, эхчүүдтэйгээ ч их хамтарч ажилладаг. Сумынхаа өмнөөс ч их юманд явсан. Ноднин “Авьяас”
хөтөлбөрийн хүрээнд би бүжгийн багш ажилд авсан юм. Тэгээд нэгдүгээр сараас
хойш манай цэцэрлэгийн ахлах бүлгийн багачууд Сэлэнгэ аймгаас анх удаа бүжгийн
төрөлд, тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Гурван удаа улсын тэмцээнд явсан даа.
Улаанбаатар, Дарханд тэмцээнд оролцож мөнгөн медаль ч авлаа. Хосын төрөлд
тусгай байрын шагнал авсан. Янз бүрийн л амжилт үзүүлсэн. Дандаа том
хүүхдүүдтэй өрсөлдөнө. Манай хүүхдүүд таван настай, бусад бүжгийн хамтлагууд нь
7-12 насны хүүхдүүд байсан. Сая нэгдүгээр ангид орсон тэр хүүхдүүд маань
Өмнөговь аймагт болсон тэмцээнд явлаа.

-Таныг
2000-2004 онд төгссөн хуурамч дипломтой гээд байгаа юм билээ?

-Наадах чинь нэг
л хүний өс хонзонгийн асуудал юм шиг байна лээ. Би хүнтэй муудалцдаггүй л хүн.

-Цэцэрлэг тань
төрийн өмчийнх болсон болохоор холдуулах гэсэн юм болов уу?

-Тийм байх. Манай
багш ажилчид ийм асуудал гарсанд дургүйцэж байгаа. Нэг дэх өдөр хурал хийж байсан.
“Дарга ийм юманд орчихлоо ямар гарц байна. Биднийг төдийгөөс өдий хүртэл авч
явсан. Биднийг ингэж хоолонд хүргэсэн” гээд ярилцсан байна лээ. Манай
ажилтнуудын зарим нь мэргэжилгүй байсан юм шүү дээ. Тэр үед хүмүүсийг 40:60
харьцаагаар цалинжуулж сургуульд явуулдаг байлаа. Оронд нь ажлыг нь хийж байгаа
хүн цалингийнх нь 40 хувийг аваад нөгөөх нь 60 хувиа аваад бүтэн дөрвөн жил
хичээлдээ явна гэсэн үг л дээ. Нөгөө 40 хувь нь цалингийн доод хэмжээнд таарч
байсан хэрэг. Би тэгж хөнгөлөлт үзүүлж сургуульд явуулж байлаа. Энэ хэдийгээ
мэргэжилтэй болгох гэж янз янзаар л үзсэн. Одоо манайхаас гэхэд л тав, зургаан
багш магистрт сурч байна. Хувийн хүн хэзээ хүнд мөнгө өгөөд сургуульд сургаад
явж байсан юм. Анх тэгж л боловсон хүчин бэлтгэж байлаа. Гэртээ хүүхдээ хараад
л сууж байсан хүмүүс шүү дээ.

-Сэтгэл,
ажиллах хүсэл байхад боловсрол бас хоёрдугаарт байж мэдэх юм шүү?

-Манай ажилтнууд,
эцэг эхчүүд өчигдөр (есдүгээр сарын 29) шуугилдаад байсан. Над руу утасдаад
заримынх нь дуудлагыг би авсан ч үгүй. Өглөө ямар сайндаа эцэг, эхчүүд явсных
нь дараа л ажил дээрээ очиж суусан. Тэгсэн эцэг, эхчүүд үүдэнд янз бүрийн юм
биччихсэн гар хөлийнхөө үсгийг зураад явъя, заргалдъя гэсэн байна лээ. “Юм
хийхгүй байгаа бол яая гэхэв. Хийсэн юмаар нь л хүнийг үнэлж дүгнэх ёстой биз
дээ. Хүний атаа хорслоор дүгнэдэг эд биш. Эцэг, эх үнэлнэ шүү дээ” гээд янз бүрийн юм яриад байна гэсэн.

-Анхнаасаа л
эрхлэгч байсан юм бол багшийн дипломгүй гэж гоочлуулах хэрэггүй юм биш үү.
Удирдлагын ажлыг сайн менежерүүд л хийдэг биз дээ?

-Би багшилж
байгаагүй. Эрхлэгч гэдгээрээ явж байгаа юм л даа. Сүүлд нь хэл ам болчихлоо.

-Таны тэр
диплом яг хуурамч диплом юм уу?

-Тэр ч яахав.
Тэгээд тэртэй тэргүй сайтуудаар зөндөө биччихсэнээс хойш.

-Мэргэжил
дээшлүүлээд “Дархан” сургуульд сурсан гэсэн байсан?

-Би “Дархан”-д
магистрт өөрөө явж байгаад сурсан. Тэгтэл түүнийг янз бүрийн аргаар авсан
болгож бичсэн байна лээ. Би бас Эрдэнэтийн Улс төрийн их сургуулийг төгссөн.
Яахав дээ, тэртэй тэргүй юмны үнэн зөв гарна шүү дээ. Олон хүүхдийн эцэг эх,
багш ажилчид байна. Багш ажилчид юмуу, эцэг эхчүүдийн зүгээс өргөдөл өгсөн бол
би ичихсэн.

-Дипломын
зөрчилтэй хүнийг яагаад АТГ дууддаг билээ. Танд юу хэлж байна?

-Би бас түүнийг
нь гайхаад л байна. АТГ хүнээс авлига авсан эсвэл өгсөн хүнийг шалгадаг баймаар
юм. Эсвэл улсын эд хөрөнгийг шамшигдуулсан, үрсэн, идсэн байвал АТГ-т очих байх
гэж боддог байсан.

-Хүүхдүүдийн
эцэг, эхчүүд юу хэлж байх юм?

-Эцэг, эхчүүд
“Хичнээн сайхан дипломны голууд ирээд юм хийж чадахгүй байна. УИХ-ын гишүүдээс
өөрийнхөө хөрөнгөөр цэцэрлэг барьсан хүн алга. Тэгэхэд та зүгээр л сумын
иргэдийн хуралд гарчихаад тэр олон хүүхдийг хүмүүжүүлж, ар гэрт нь ч амьдралын
баталгааг өгсөн шүү дээ. Манай монголчууд яагаад юм хийгээд байгаа хүнээ доош
нь дардаг юм бэ” гэсэн үг хэлцгээж байна лээ. Үнэхээр ч би ямар нэгэн ажил
хийхгүй эсвэл бусдын босгосон зүйл дээр очиж суучихаад байгаа бол муухай шүү
дээ. Гэтэл өөрөө үүсгэн байгуулчихаад дөрвөн жил үйлээ үзэж тэмцээд эцэст нь
ийм байдалд хүрч байна.

-Та
Алтанбулагийн уугуул хүн үү?

-Манай ээж аавын
гарал Увс. Харин би энд л төрсөн Алтанбулагийн хүн дээ.

-Цэцэрлэг
байгуулснаас өөр буруугүй хүн юм байна даа?

-Харин би тэгж л
бодоод байна. Нөхөртөө ч загнуулж байгаа. “Хэрэггүй гээд байхад чи өчнөөн мөнгө
гаргаж цэцэрлэг байгуулсан. Өөрсдөө ядаж байхад цэцэрлэгийн хоол унд, ус,
цахилгааныг сар бүр төлөөд явж байсан. Тэрний оронд чи наад хоёр давхар
байшингаа сувиллын газар болгоод ч юмуу эсвэл өөрсдөө юм хийгээд явсан бол
өнөөдөр ийм байдалд орохгүй шүү дээ. Хувийнхаа
юмыг хийгээд явж байх байсан. Цэцэрлэгийн төлөө хувийнхаа ажлыг хаяад
төрд өгснөөс нь хойш ч гурван жил зүтгэлээ шүү дээ. Тэрний чинь ач гавьяа юу
гарч байгаа юм” гэж зэмлэсэн. Манай нөхөр сувиллын газар нээчихгүй юу даа гэхэд
нь би цэцэрлэг байгуулсан юм. Цэцэрлэгийнхээ хүүхдүүдээс өчнөөн төлбөр аваад
сууж байсан бол надад хэлэх үг алга. Гэхдээ манай энэ хамт олон ямар сайхан
хамт олон гэж санана. Мундаг шүү дээ. Ганц нэг л буруу санаатай хүн байгаа
байх.

-Та одоо
сумынхаа ИТХ-д байдаг уу?

-Үгүй ээ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярсайхан: Олон улсын сэтгүүлчдийн байгууллагыг толгойлох болсон нь Монголын хэвлэл мэдээлэлд л ашигтай

Өнгөрсөн сарын 22-23-ны өдрүүдэд Олон улсын хэвлэл мэдээллийн
клубуудын холбоо (IAPC)-ны Ерөнхий ассамблейн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болсон. Энэ үеэр Монголын үндэсний
пресс клубын тэргүүн Б.Баярсайханыг тус байгууллагын
Ерөнхийлөгчөөр томилсон юм. Түүнтэй ярилцлаа.

-Олон улсын пресс
клубуудын холбоог монгол хүн удирдах болсон мэдээлэл анхаарал татаж байна. Энэ ямар
учиртай байгууллага вэ?

-Олон улсын пресс
клубуудын холбоо нь 2002 онд Дубай хотноо үүсгэн байгуулагдсан, хэвлэлийн эрх чөлөөг
түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон улсын мэргэжлийн сэтгүүлчид улс төр, эдийн
засаг, нийгэм, соёлын мэдээлэл солилцох зорилготой мэргэжлийн байгууллага юм. Эгнээндээ
Америк, Англи, Швейцарь, Герман, Австрали, Итали, Франц, Япон, Австри, Израил, Польш
зэрэг дэлхийн 40 гаруй улсын пресс клубуудыг нэгтгэсэн олон улсад нэр хүндтэй байгууллага.

Өнөөдөр сэтгүүлчийн
мэргэжил хамгийн аминд халтай, хэцүү мэргэжил хэвээр байна. Дэлхийн халуун цэгүүд
дээр жил бүр олон арван сэтгүүлч амь насаа алдаж, хэвлэн мэдээлэх эрх чөлөөгөө эдэлж
чадахгүйгээс болж шоронд хоригдож, үнэнийг мэдээлэх эрхээ хасуулсаар байгаа. Эдгээр
сэтгүүлчдийг өмгөөлж, суллуулахын төлөө манай байгууллага дуу хоолойгоо өргөдөг.

-Та мөн Монголын
үндэсний пресс клубыг үүсгэн байгуулсан. Энэхүү байгууллагынхаа тухай тодруулаач?

-2000 онд АНУ-д байхад
тухайн үед элчин сайд байсан Чойнхор гуай Монголын өдөр болох гэж байна, 20 гаруй
орны сэтгүүлчид цугларах байх, чи мэдээлэл өгч чадах уу гэж асуусан. Энэ бол дөнгөж
хэл сурч байгаа миний хувьд дэндүү ахадсан ажил байсан учир татгалзахад, тэгвэл
чи Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийг олж өгөөч гэсэн
юм. Харин тэр өдөр Харвардад сурч байсан Ц.Элбэгдорж гуай хүрэлцэн ирж, Монголын
улс төр, нийгэм, эдийн засаг, хэвлэл мэдээллийн талаарх мэдээллийг Вашингтоны пресс
клубт цугласан олон улсын сэтгүүлчдэд өгч байлаа. Энэ бол пресс клубын үйл ажиллагааг
харсан анхны тохиолдол байв. Ер нь зүгээр нэг байгууллага байгуулахаасаа илүүтэйгээр
олон улсын байгууллагын салбарыг байгуулж чадвал тэднээс суралцах юм ихтэй, өргөн
цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах боломжтой, харилцаа холбоо сайтай гэж үзсэн учраас
Монголын үндэсний пресс клубыг байгуулсан. Бусад орны пресс клубуудын хажууд цоо
шинэ, дөнгөж эхэлж байгаа учир өнөөдөр нэг оффист дөрвөн хүн л ажиллаж байна. Миний
мөрөөдөл бусад улс орны адил олон нийтийн итгэлийг хүлээсэн, үнэн бодитой мэдээ
мэдээлэл түгээдэг, гадаад дотоодын сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн газар
болгохыг хүсдэг.Нөгөөтэйгүүр тухайн оронд айлчилж буй төрийн тэргүүнүүд, улс төр,
эдийн засаг, нийгмийн зүтгэлтнүүд пресс клубын индэр дээрээс мэдээллээ өгч, сэтгүүлчдийн
асуултанд хариулж байдаг. Энэ жишиг Монголд удахгүй биеллээ олох байх.

-Энэ томоохон клубын
ерөнхийлөгчөөр монгол хүн сонгогдсоноор олон улсын хэвлэл мэдээллийн тавцанд манай
хэвлэл мэдээл­лийн салбарыг сурталчлах, гаргах том орон зай, боломж гарлаа гэж харж
байна. Энэ чиглэлээр хэвлэлийн байгууллагууд сэтгүүлчидтэй хэрхэн хамт­ран ажиллах
вэ, сэтгүүлч­дийнхээ ур чадварыг хэрхэн олон улсын түвшинд хүргэж чадах вэ?

-Санал нэг байна.
Энэ нь Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,
гадаадын мэргэжил нэгт нөхөдтэйгөө санал бодлоо солилцох, суралцах өргөн боломж
гэж харж байна. Саяны хурал дээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Хэвлэлийн хүрээлэнгийн
захирал М.Мөнхмандах, “Глоб интернэшнл” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн нар Монголын сэтгүүл
зүйн салбарын өнөөгийн төрх, бэрхшээлтэй асуудлууд зэргээр нээлттэй хэлэлцсэн. Цаашдаа
бид гадаадын сэтгүүлчдийг урьж авчрах, сургалт семинар хийх гээд олон талын ажиллагаа,
боломжууд бидний өмнө нээлттэй байна. Ялангуяа дараа жил Монгол Улсад зохиогдох
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө би энэ албыг авсандаа бас олзуурхаж байгаа.

-Та Монголын үндэсний
пресс клубыг 2013 онд бай­гуулж, IAPC-ийн гишүүнээр ажиллаж байсан. Ийм богино хугацаанд
энэ том бай­гууллагын ерөн­хийлөгчөөр сонгогдох болсон нь таны ур чадвартай холбоотой
юу. Ямар үнэлэмжээр, ямар чадвараар тань энэ байгууллагын тэргүүнээр сонгох болов?

-Энэ албан тушаалыг
авахаас илүү Ерөнхий ассемблейг өөрийн улсдаа зохион байгуулах эрхийг авна гэдэг
илүү хэцүү, өндөр шалгууртай байсан. 2013 онд Польшийн Варшавт болсон хурлаар анх
нэрээ дэвшүүлж, өнгөрсөн онд Венна хотноо Израил, Женевийн пресс клубуудтэй өрсөлдөж,
зохион байгуулах эрхийг авсан. 2011 оноос хойш Монголын үндэсний пресс клуб олон
улсын пресс клубуудын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож, хэд хэдэн үйл ажиллагааг
санаачлан зохион байгуулж чадсан. Мөн энэ хугацаанд бид Монголын нийгэм, улс төр,
эдийн засгийн мэдээллийг гишүүн улс орнуудад хангалттай сайн өгч чадсан. Энэ болгон
нь ерөнхийлөгчөөр сонгогдох хүчин зүйлс болсон болов уу.

-Аравдугаар сарын
6-нд Польшийн Варшав хотод болох “Үг хэлэх эрх
чөлөө” шагналыг гардуулах ёслолын ажиллагаанд оролцоно гэж сонслоо. Энэ талаараа
ярихгүй юу?

-Манай холбоо “Үг
хэлэх эрх чөлөө” шагналыг бий болгоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
Тухайн жилдээ үг хэлэх эрх чөлөөний төлөө тууштай тэмцсэн хувь хүн болон байгууллагад
гардуулдаг уламжлалтай. Энэ шагналыг 10,000 евро дагалддаг, нэр хүндтэй шагнал.
Нэр дэвшигчдэд гишүүн клуб болгон нэг санал өгөх эрхтэй байдаг. Монголын үндэсний
пресс клуб ч бас санал асуулгад оролцсоор ирсэн. Цаашдаа Монголынхоо сэтгүүлчдийг
ч энэ хүндтэй шагналд нэр дэвшүүлэх боломжтойгоос гадна дараа жилээс шагнал гардуулах
ёслолын үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгуулах санал тавиад байгаа. Энэ
жилийн хувьд манай клуб Австралийн сэтгүүлч Петр Грестегийн төлөө саналаа өгсөн.
Хэн авах нь одоогоор нууц байгаа.

-Та тухайн үедээ
гадны хөрөнгө оруулалттай “Ийгл” телевизийн анхны монгол захирлаар ажиллаж байсан
хүн. Дандаа гадны захиралтай байсан телевиз таныг захирлаар ажиллуулж байсан. Энэ
туршлага тань нөлөөлсөн бол уу?

-“Ийгл ТВ”-д Америкийн
100 хувийн хөрөнгө оруулалттай байхад нь ажилласан маань гадны хүмүүстэй хамтран
ажиллах, тэдний шаардлага, зарчимд хүрч, нийцэж ажиллахад тодорхой хэмжээгээр туршлага
суусан байх. Хамтран ажиллаж буй хүмүүсийн итгэлийг алдахгүй байх, байгууллагын
бодлогод үнэнч байх нь миний өөрийн хувиршгүй зарчим юм. “Ийгл”-ийн мэдээ мэдээлэл
хараат бус байх ёстой гэсэн бодлогыг хүндэтгэж, тэдний итгэлийг олж, үзэгчдийнхээ
тоог нэмж чадсан. Үүнээс үүдээд реклам сурталчилгааны борлуулалт нэмэгдэж, нөгөө
талаараа мэдээж сэтгүүлчдээ чадваржуулж, ямар нэгэн дарамт шахалтгүйгээр ажлаа чөлөөтэй
хийх боломж олгож байсныг л амжилт гэж хэлээд байгаа байх. Яагаад гэвэл одоо ийм
телевиз, ийм редакц маш цөөхөн. Би тус телевизийн захирлаар ажиллаж байхдаа гадаадын
хэд хэдэн мэдээллийн агентлаг, ТВ-ийн сувгуудтай хамтран ажиллах эхлэлийг тавьсан.
Мөн манай ТВ-ийн сэтгүүлч, зураглаачдын бүтээлийг гадаадын мэдээллийн сувгууд руу
илгээх төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлж байсан.

-Ямар ямар орны
хэвлэл мэдэллийн багийнхантай хамтран ажиллаж байв?

-Яг тухайн улсын,
тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн стандартаар сурвалжлага бэлдэнэ гэдэг их туршлага
болсон. Ийм зарчмаар Япон, Швед, АНУ зэрэг орнуудын мэдээллийн агентлагуудтай хамтран
ажиллаж байсан. Түүний дараагаар “Амин Медиа” компаниа байгуулан “National
Geographic”, Францын “TV5”, “Time Inc” зэрэг компаниудтай ажиллаж, хоёр жилийн өмнө
Англиас албан ёсоор “OK!” сэтгүүлийг оруулж ирсэн.

-Олон улсын сэтгүүлчид
хэрхэн ажлаа явуулдаг юм бол. Мэдээ сурвалжлагаа хэрхэн бэлддэг нь сонин байна?

-Гадныхан мэдээ сурвалжлагаа
яаж бэлддэгийг бид өдөр бүр CNN, BBC, Fox TV, AP зэрэг олон арван мэдээллийн сувгуудаар
харж болно. Манайд гэхэд Bloomberg TV орж ирж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж
байгаа.

-Танд сэтгүүлч
байх, удирдагч байх хоёрын аль нь хүнд вэ?

-Ер нь хөнгөн ажил
гэж байхгүй. Тултал нь сайнаар хийхэд аль аль нь өөрийн гэсэн зовлон бэрхшээлтэй
тулгарч байдаг. Өнөөдрийн өнцгөөс хэлэх юм бол сэтгүүлчийн мэргэжил илүү хүнд замыг
туулж байна гэж би харж байна. Хэдийгээр мэргэжилдээ сайн, үнэнч сэтгүүлч байлаа
ч гэсэн аливаа редакцийн бодлогоор, өөрийн дуу хоолойгоо заавал тохируулах хэрэгтэй
болчихоод байна. Өөрийн үгээ чөлөөтэй хэлж чадахгүй байна гэдэг бол ардчилсан нийгэмд
байж боломгүй зүйл.

-Таныхаар орчин
үеийн сэтгүүлч хүн ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой вэ?

-Мэдээж олон талын
мэдээлэлтэй, үүн дээр нэмээд ёс зүйн өндөр төлөвшил хүмүүжилтэй бас гадаад хэлтэй
бол болж байна. Сэтгүүлчийг зөвхөн үзэг цаас барьснаар төсөөлдөг цаг аль хэдийнэ
өнгөрчээ. Хамгийн гол нь ёс зүй гэж заавал байх ёстой. Хамгийн том зүйлийг суурилуулж
чадах юм бол өдөр тутам олон янзын хүмүүстэй уулзаж, мэдээлэл авч байгаа сэтгүүлчид
тэртэй тэргүй туршлага сууж, ур чадвар нь өсч байдаг. Ёс зүйтэй байх гэдэг хамгийн
том чадвар гэдгийг дахиад хэлмээр байна.

-Сэтгүүлчийн гараагаа
хэрхэн эхэлж байсан бэ. Анх “Өглөө” хөтөлбөр хөтөлж байсныг хүмүүс мэдэх байх?

-МУИС-ийн Хууль зүйн
дээд сургуулийн оюутан байхдаа Үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрт шалгуулж орж
байсан. Өглөө хөтөлбөрийн хуулийн нэвтрүүлгийг долоо хоногийн таван өдөрт бэлтгэн
хүргэдэг байв. Энэ үедээ би телевизэд дурласан. Заавал мэргэжлийн сэтгүүлч болох
ёстой гэж шийдээд сэтгүүлчээр суралцсан даа.

-Сэтгүүлч байхын
хамгийн жаргалтай үе юу вэ?

-Жаргалтай.Арай л
романтик сонсогдож байна. Бидний мэргэжилд харамсалтай нь ийм үе их цөөхөн тохиолдоно.
Хэн нэгэн сэтгүүлч үнэнийг олж, олон нийтэд хүргэж, өөрсдийнхөө мэргэжлийн үүргийг
хариуцлагатайгаар гүйцэтгэх бүрт баярладаг.Сэтгүүлчдийг муу л гэнэ, муухай л гэнэ,
чадваргүй л гэнэ, худалдагдсан л гэнэ. Эцсийн эцэст сэтгүүлч бид байхгүй бол энэ
нийгэм хэний хяналт дор байх юм бэ? Энэ албан тушаалын хүч хүрдэг юм бол сэтгүүлчдээ
янз бүрийн сургалтад явуулж, мэргэшүүлэх юмсан гэж бодож байна.

-Хамгийн их сэтгэлд
тань хоногшсон сурвалжлага, ярилцлагаасаа хуваалцахгүй юу?

-Хуулийн нэвтрүүлэг
бэлтгэж байх үед илүү хөгжилтэй, хөгтэй явдлууд тохиолддог байлаа. Сүүлийн үед
“ОК!”сэтгүүлийн зарим ярилцлагыг бэлдэж байна. Н.Түвшинбаяр аварга, Харангын Лхагваа
ахтай ярилцсан маань өөрийн эрхгүй хүндэтгэх, бахархах сэтгэгдэл төрүүлсэн мартагдашгүй
ярилцлагууд байлаа. Түвшээ аваргын даруу байдал, Лхагваа ахын эр хүний мөс чанар
үнэртсэн үнэтэй сайхан цаг байсан. Нэг хүн бүх зүйлд хамгийн шилдэг нь байж хэзээ
ч чадахгүй. Чи нэг зүйлээрээ хэн нэгнээс илүү байсан ч өөр хэн нэгэн чамаас бас
нэгэн зүйлээр илүү байдаг. Тэгэхээр би бардам биш даруу байхыг хүсдэг. Мөн ёс жудагтай
байж, хүн чанараа гээхгүй амьдрахыг хүснэ.