Categories
мэдээ нийгэм

Манай улсын арван хүн тутмын нэг нь элэгний В вирүстэй

Элэгний В вирүсийн эсрэг “Тенофовир” эмийг нийт 5000 хүнд хөнгөлөлттэй үнээр
олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, элэгний В вирүстэй иргэд сарын эмэн эмчилгээг
30 мянган төгрөгөөр худалдан авах юм байна. Ер нь Монголын арван хүн тутмын нэг нь энэ төрлийн вирүсийн халдвар
тээдэг бөгөөд элэгний хатуурлын 39 хувь нь үүнээс гаралтай гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлсэн юм.

АНУ-ын эм үйлдвэрлэгч MYLAN компани, Монголын элэгний эмгэг судлалын холбоо,
Хаппи веритас оношилгооны төв хамтран элэгний В вирүсийн эсрэг “Амжиргааны
төсөл”-ийг эхлүүлснээ өнөөдөр зарлалаа. Үүнд амжиргааны түвшин
доогуур өрхийн иргэдийг хамруулах аж.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны хураалт дуусах шатандаа оржээ

Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан.

Энэ сарын 2-ны байдлаар нийт 110.4 мянган га талбайгаас 93.5 мянган тонн үр тариа, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4,4 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Улсын хэмжээнд үр тарианы хураалт 37.1 хувьтай, төмс 75.6 хувьтай, хүнсний ногоо 74.7 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас 9 дүгээр сарын 30-нд Төв, Говь, Зүүн зүгийн нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Цаашдаа 10 дугаар сарын 07-ныг хүртэл бүх нутагаар цаг агаар тогтуун байна хэмээн мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЗБХ-ны даргаар Д.Ганбат улиран сонгогдлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит
хуралдаанаараа зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг
хэлэлцжээ. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн
хугацаа дууссан тул дахин сонгохоор болж, гишүүдийнхээ дунд санал хураалт
хийхэд Д.Ганбат гишүүн олонхийн дэмжлэг хүлээсэн байна. УИХ-ын Хууль зүйн
байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат нар өрсөлдсөнөөс
хамгийн олон саналыг авсан аж. Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны
дарга улиран сонгогдох болж буй юм байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор
Сангийн сайд болсон тул байнгын хорооны даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ спорт

Ливерпуль клуб дасгалжуулагчаа халлаа

Английн Ливерпуль клубын удирдлагууд багийнхаа ахлах дасгалжуулагч Брендан Рожерсыг албан ёсоор халж байгаагаа зарлалаа. Өчигдөр Ливерпуль клуб Мерсисайдын дербид Эвертоны талбайд 1:1-ээр тэнцсэний дараа клубийн зүгээс ийм шийдвэр гаргажээ.

Рожерсыг явуулсан “Хотон Шувууд” шинэ дасгалжуулагчийн эрэлд эрчимтэй гарсан төдийгүй мэргэжилтнүүдийн зүгээс Германы Боруссия Дортмунд клубын экс босс Юрген Клоппыгнэгдүгээр сонголт гэж харж байна. “Хэдийгээр энэхүү шийдвэр маш хэцүү байсан боловч бид аль хэдийн санал нэгдсэн. Брендан Рожерст амжилт, сайн сайхныг хүсье” хэмээн Ливерпулийн албан ёсны хуудаст бичжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Энэ оны ”Miss Mongolia” тэмцээний ялагчаар Ц.Аззаяа тодорлоо

“Мисс Монголиа” холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia” тэмцээн 12 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлчийн шатанд шалгарсан 13 гоо бүсгүйгээс тэргүүн байрыг эзнийг тодруулах ёслол Тусгаар тогтнолын ордонд болсон юм. Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болохоор шалгаран үлдсэн шилдэг оролцогчдоос энэ жилийн гоо бүсгүйгээр Ц.Аззаяа тодорчээ.

Тэрбээр СУИС-ийн оюутан бөгөөд 2015 оны “Гоёл” наадмын отгон топ модель Х.Бадамцэцэгийн “Андра модель” агентлагийн загвар өмсөгч юм.

Categories
мэдээ нийгэм

ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүүг маргааш шүүнэ

ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралыг маргааш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 08.30 цагаас шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар буруутган шүүхээр болжээ. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /192.1/, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /188.2/ гэж заажээ. Б.Бадралын өмгөөлөгчөөр О.Батжаргал, Н.Орхон нар оролцоно.

Б.Бадрал нь 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь айм­гийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх боди­сыг хилээр оруулахыг завдсан аж. Түүнийг байнга хилээр нэвтэрдэг ба Замын-Үүдийн байцаагч нар ч авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байсан гэх. Тодруулбал, тэрээр өмнө нь хэд хэдэн удаа ийнхүү гаалиар хар тамхи зөөвөрлөсөн бөгөөд Гаалийн Ерөнхий газарт томоохон албан тушаал эрхэлдэг ээжийнхээ нэрээр ийнхүү шалгуулалгүй өнгөрдөг байсан гэдэг. Түүний ээж Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч С.Норжинсүрэн аж.

Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Б.Бадрал нь гадуур батлан даалтад гаран шалгагдаж байсан юм байна. Ийнхүү хоёр жил шалгагдсаны эцэст маргааш шүүгдэхээр болоод байна.

Categories
мэдээ спорт

Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ боллоо

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Дорноговь аймгийн төв Сайншанд хотод энэ сарын 2-4-ний өдрүүдэд боллоо. Гурван насны ангилаар болсон энэхүү тэмцээнд Орхон, Баян-Өлгийгөөс бусад 19 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс шалгарсан 16, 17, 18 насны 80 гаруй бөхчүүд хүч үзжээ. 16 насны ангилалд Н.Өсөхбаяр /Сүхбаатар аймаг/, 17 насанд Б.Лхагвадорж /Чингэлтэй дүүрэг/, 18 насанд /28 бөх/ Б.Бат-Эрдэнэ /Дорноговь/ нар түрүүлсэн юм. Багийн дүнгээр Чингэлтэй дүүргийн БТСХ тэргүүлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгох тушаал гаргажээ

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн пүрэв гаригт саяхан ашиглалтад орсон цэргийн албан тушаалын 63 айлын орон сууцны хуваарилалттай холбоотой хавсралтад өөрчлөлт оруулсан тушаал гаргажээ. Тодруулбал, орон сууц хуваарилах асуудлыг боловсруулсан Орон сууцны комиссын шийдвэрийг залруулж Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгохоор болжээ. Харин Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаярт хоёр өрөө байр олгосон шийдвэрийг цуцалжээ.

Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд Батлан хамгаалах яамнаас өгсөн байр солигдсон тухай өнгөрсөн сард “Өдрийн сонин” мэдээлж байсан билээ. Эхэндээ байрны түлхүүр солигдсон гэж аварга ч, яамныхан ч мэдээлж байсан. Гэтэл явцын дунд 63 айлын орон сууц хуваарилах сайдын тушаалын хавсралтад өөрчлөлт оруулж С.Цэрэнчимэдэд өгөх ёстой байсан хоёр өрөө байрыг хурандаа цолтой эрхэмд олгохоор болчихсон байсан. Ингэхдээ С.Цэрэнчимимэдэд 33.9 метр.кв талбайтай хоёр биш 28.3 метр.кв талбайтай нэг өрөө байр олгохоор шийдчихсэн байсан талаар манай сонин мэдээлсэн.

Харин Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ будлиан хутгасан хуваарилалтыг буцааж хэвэнд нь оруулах тушаал гаргажээ.

Ц.Өрнөх

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтөд тэсвэргүй, хуучин барилгуудыг нураахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж
барилгажуулах тухай” А/782 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу
нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр
ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож,
ашиглахыг хориглосон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэх орон сууцны
хорооллын 34, 35 дугаар байр, 2 дугаар хорооны 53, 54 дүгээр байр, 12 дугаар
хорооны 39 дүгээр байруудыг дахин төлөвлөж барилгажуулна. Дээр дурдсан орон
сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай
зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэв.

Заагдсан байршилд барилгажилтын төслийг боловсруулах үнэ болох 52 сая 425
мянган төгрөгийг шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам
сүлжээний зураг төсвийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү,
төрийн сангийн хэлтэст, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж,
захиалагчийн хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг
Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Л.Төртогтох Д.Коркиний тэмцээний аварга болов

ОХУ-ын Якут улсын Якутск хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн боллоо.

86 кг-д барилдсан залуу бөх Л.Төртогтох урамтай сайхан барилдаж алтан медаль хүртлээ. Тэрбээр өрсөлдөгчөө дараалан ялсаар хагас шигшээ барилдаанд Азербайжаны бөх Магомед Абдулхаликовыг 1:1 онооны харьцаагаар хожсон.

Алтан медалийн төлөө барилдаанд Румыний бөх Андре-Виктор Франтыг 2:1 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртжээ.