Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Ёс суртахууны тулгуур багана” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхантай хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн юм. Түүнчлэн төрийн шагналт, ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн, “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж буй “Харанга хамтлагийн Ц.Чулуунбаатар, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нарын сонирхолтой, уншууртай ярилцлагууд хэвлэгдлээ. Мөн улстөрийн мэдээллийн хоёрдугаар нүүрээс Сангийн сайд Б.Болортой хийсэн “Дэд сайдын орон тоог цомхотгосноор 600 гаруй сая төгрөг хэмнэсэн” хэмээх ярилцлагыг уншаарай. Саяхан анагаахын сургууль төгсөгчид лицензийн шалгалтдаа тэнцдэггүй тухай мэдээлэл, шүүмж цахим ертөнцөөр нэлээд гарсан. Тэгвэл тэр талаар АҮШУС-ийн холбогдох албан тушаалтантай хийсэн ярилцлага 15 нүүр нийтлэгдлээ. Анагаахын сургууль төгсөгчдөөс алдаатай текстээр шалгалт авдаг гэсэн байх юм. Түүнчлэн ШУ-ы гавьяат зүтгэлтэн, академич, төрийн шагналт Т.Намжимтэй хийсэн ярилцлагыг дөрөвдүгээр нүүрээс унших боломжтой. Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун “Төвийг сахих нь үеэ өнгөрөөсөн бодлого” гэжээ.

Ярилцлагуудын хувьд ийм байна. Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Ёс суртахууны тулгуур багана” хэмээх нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэлээрээ хувь хүн юун түрүүнд өөрийн эрх ашгийг тавьдаг бөгөөд түүнд нь тохирсон нийгэм байж л ёс суртахуун хэв журам жинхэнэ ёсоороо биеллээ олох талаар тун нухацтай өгүүлжээ. Цахим орчинд итгэл олж охид бүсгүйчүүдийг зүй бусаар хүчирхийлдэг этгээдийн талаар өмнөх дугаарт нийтэлсэн. Харин өнөөдрийн дугаарт түүний үргэлжлэлийг “Фэйсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр секс сүрдүүлэг хийдэг болжээ” хэмээх нийтлэлээр хүргэж байна. Мөн түүнчлэн авлигын хэрэгт холбогдож Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарын тухай шинэ мэдээллийг долдугаар нүүрээс уншаарай. Улаанбаатар-Берлин чиглэлийн онгоц Новосибирскт хоёр цаг саатсан нь сүүлийн хэдэн өдөр олны анхаарлыг татсан. Тэр талаар албаны хүмүүсийн өгсөн тайлбарыг 15 дугаар нүүрээс сонирхох боломжтой юм. Энэ мэтчилэн спорт, гадаад мэдээ, цаг үеийн бусад мэдээллүүдийг багтаалаа.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхантай хийсэн ярилцлага гарчээ

Эдийн засгийн байдал хүндэрч, гадаадын хөрөнгө оруулалт буурсан энэ үед уул уурхайн төслүүдийн цаашдын хувь заяаг бараг хүн бүр сонирхож байгаа. Тэгвэл “Өдрийн сонин”-д “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхантай хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгджээ. Монголчуудын хамгийн их найдлага тавьж буй томоохон компанийн төлөөлөл учраас түүний үг бүр нь үнэтэй. Ярилцлага “Олон улсын банкуудаас авах Оюу толгойн зээл оны өмнө нь шийдэгдэх нь тодорхой болсон” хэмээх гарчигнаасаа эхлээд анхаарал татсан зүйл ихтэй. Б.Бямбасайхан ярилцлагадаа “2015 онд Оюу толгой дотоодын эдийн засагт нийтдээ 800 гаруй сая ам.долларыг оруулж ирнэ гэсэн төлөвлөгөө бий. Багцаагаар 1.6 их наяд төгрөг гэсэн үг” гэжээ. Мөн “Зах зээл унаж байгаа үед бүтээн байгуулалтаа хийгээд гүний уурхайгаа барьчихвал зэсийн үнэ өссөн үед том ашиг олох боломж бүрдэнэ. Дэлхий даяар зах зээл хүндрэлтэй ийм үед барьж байгуулах боломжийг л хайх хэрэгтэй. Тэгвэл үнэ өссөн үед ашгаа хүртэж эдийн засаг хурдан сэргэх боломжтой” зэргээр уул уурхайн салбарын сүүлийн үеийн мэдээлэл, шинэ санаачлагуудаасаа хуваалцсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Мэхэсхийх нь бялдуучлал биш хүндэтгэл

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн
дугаарт хэвлэгддэг “Хэлэх эрхийн индэр” булангаас хүргэж байна. Энэ
буланд та
хүссэн сэдвээрээ үгээ хэлэх эрхтэй юм.

Хэрэв та “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

“Өдрийн сонин”-ны №224 дугаарт сэтгүүлч Н.Гантулгын “Бид бие биедээ мэхийж хүндэлдэг хуультай болмоор байна” асуудал дэвшүүлсэн нийтлэлийг уншаад түүнд хөндсөн үндсэн санааг бүрэн дэмжиж байна. Тэнгэрийн тамгатай Чингисийн монголчууд бид эзэн хаан, эрхэм дээд өвгөд, бичиг соёлын мэргэдээ мэхийн хүндэтгэхээс гадна сөхөрч, сөгдөж, шүтэн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Тийн атал эдүгээ бид бие биенээ хэмлэж өвөр зуураа нохой мэт хэрэлддэг болсон нь даанч харамсалтай. Хүн хүнээ хүндэтгэх ёс хөсөр хаягджээ. Төрийн тэргүүнээ төдийгүй журамт нэгнийг ч өөчлөн гоочлох нь хэрээс хэтэрлээ. Үүнийг коммент гэгчээр гулгисан зарим телевизийн хоосон цээжтэй залуус өдөөн турхирч байна. Ёстой л харанхуйн доторх эмгэнэл бус уу. Эх хэлээ ч мэддэггүй, эрхэм ёсоо ч төсөөлдөггүй хэсэг бүлэг бидний дунд могой мэт цогнойх болжээ.

Мэхэсхийх: 1. баахан мэхийх

2. Хоёр алгаа хавсарч, бөхийн ёслох,

Мэхийх: 1. Бие бөхийн, толгой гудайх (Мэхийн ёслов)

2. Хүн амьтны гэдэс хэвлээ дотогш татаж хонхойлгох

3. Үйл явдалд хичээнгүйлэн чармайх мэрийх хэмээн Я.Цэвэлийн тольд дурдсан бий. Энд мэхэсхийх, мэхийхийн утгын ялгаа, холбоог ойлгомжтой тайлбарлажээ. Мэхийн ёслох нь малчин ардын өдөр тутмын харилцаанд ч байнга давтагддаг. “Монголчуудын ёс заншлын тайлбар толь”-д “Зочдыг угтах үдэх үед харилцан алга хавсарч мэхэсхийх, гар өргөн ёслох, гар барилцаж болно” гэсэн байдаг. Эндээс үзэхэд мэхэсхийх нь бялдуучлал биш хүндэтгэл юм. Мэхийх нь дорой буурайн биш даруу төлөвийн илрэл болой. Ардын ёс заншил бол бичигдээгүй аман хууль шүү дээ. Даяаршлын эринд монголчууд бид ардынхаа ёс заншлаар гоёж, бие биенээ ерөөж, бусдыг мэхийн хүндэлж, соёлтой харьцаж байх учиртай. Чингэхийн сэдлийг үүсгэсэн “Өдрийн сонин”-д дахин талархсу.

СХД XXIV хорооны иргэн Ж.Дарьханд

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд нарыг томилохгүй

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа
Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийдэг билээ. Тэрээр өнөөдөр
мэдээлэл хийхдээ дэд сайд нарыг томилохгүй гэж мэдэгдлээ.

Учир нь Засгийн
газрын яамдуудад долоон дэд сайдын суудал эзгүй байгаа юм. Тус суудалд
томилох дэд сайдуудын нэрс тодорсон ч ирэх онд дэд сайдгүй явах зарчим
баримтлахаа Сангийн сайд мэдэгдсэн. Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр энэ
талаар
“Дэд сайдгүй байна гэсэн зарчим барьж байгаа. Үүнийг УИХ дахь бүлгүүд
дэмжсэн. Тийм учраас нэмж шинээр дэд сайдуудыг томилохгүй. 2016 оноос
дэд сайдгүй байх төсөл явж байгаа. Хэрвээ дэмжигдвэл одоо үүргээ
гүйцэтгэж байгаа дэд сайдууд 2015 он дуусахад чөлөөлөгдөнө гэсэн үг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт этгээдтэй холбоотой мэдээллийг өндөр үнээр худалдаж авна

Хан-Уул дүүргийн 11-р хорооны хүнсний дэлгүүр, Баянгол дүүргийн “Түмэн
плаза” дэлгүүр болон бусад аж ахуйг нэгжүүдээд үйлчлүүлэхдээ 20000
төгрөгийн АВ2200647, АВ8839769 серийн дугаартай мөнгөн дэвсгэртээс
гүйлгээ хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа
талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин өдий болтол уг эмэгтэй олдоогүй
байгаа тул цагдаагийн байгууллага иргэддээ дахин хандаж байна. Энэ удаа
тус эмэгтэйн талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авах юм байна. Мөн
мэдээллийг 96102102 утсаар хүлээн авч, нууцлалыг чандлан хадгална.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх захирамж гаргав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 10 дугаар
сарын 06-ны өдөр Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай 204 тоот
захирамж гаргалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 16
1 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн захирамж гаргажээ. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны
төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын
сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулиудын төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн
хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг харгалзахгүйгээр Улсын Их Хурлын
чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлсүгэй.

2. Энэ захирамжийн 1 дэх заалтад заасан хуулиудын төслийг Байнгын
хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахыг Монгол
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд даалгасугай гэжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтөөр барилга, байгууламжид эвдрэл гэмтэл үүсээгүй гэв

Энэ сарын 03-ны 17 цаг 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4,4 хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Энэ үед Бэлх, Шаргаморьт, гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонстож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдэж сандрал үүсгэсэн байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дахь хүчтэй газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй 25 барилга, байгууламжид энэ сарын 3,4-нд үзлэг шалгалтыг зохин байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл илрээгүй байна. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

Барилгын тусгай зөвшөөрлийг 10 хоногт олгохоор тусгажээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг 53 зүйлтэй бөгөөд төсөлд барилга байгууламжийг төвөгшлөөс нь шалтгаалан таван хэсэг хуваасан байна. Барилгын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилгад зөвшөөрөл олгох асуудлыг шууд ангилалтай нь холбож өгсөн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдийн асуултад Барилга хот байгуулалтын сайд болон холбогдох албаны хүмүүс хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Яам төрийн бус байгууллагын хурдыг гүйцэх үү. Гурван жилийн баталгаат хугацааны асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ. Хуулийн төслийг боловсруулахдаа зам, эрчим хүч зэрэг хамтарч ажилладаг салбаруудын зохицуулалтыг яаж тусгасан бэ” гэхэд

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Төрийн байгууллагуудаа хэрхэн дэмжиж байгаа, бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл учирдаг талаар Дэлхийн банкны судалгаа байдаг юм билээ. Барилгын зөвшөөрөл авах үзүүлэлтээрээ дэлхийн 185 орноос 121 дүгээр байранд, зүүн Ази, номхон далайн бүсийн 24 орноос 21 дүгээр байранд орсон байна. Энэ нь барилгын тусгай зөвшөөрөл авахтай холбоотой ямар их чирэгдэл гаргаж байдаг нь харагдаж байна. Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх хэлбэр рүү оруулах талаар манай яам ярьж байна. Яам аж ахуйн үйл ажиллагаа явуулах биш бодлогын яам байя гэж тусгаж байна. Хуулийн төслийн гол агуулга нь яамыг аж ахуйн үйл ажиллагаанаас салгаж бодлогын чиглэл барихаар зорьж байна. Хувийн хэвшлийн нуруун дээр манай салбар явдаг. Өмнө нь тусгай зөвшөөрөл 28 хоногт олгогдог байсныг өөрчилж, 10 хоногт олгож байхаар тусгалаа. Эрчим хүч, автозамтайгаа уялдсан, чиг үүргийг нь тодорхой болгож өгсөн хууль” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Германы ЭСЯ-ны өмнөх, танктай хөшөөний өмнөх, Тэнгис кино театрын өмнөх барилгуудын ажлыг зогсоосон. Хангай зочид буудлын барилга мөн балгас болсоор олон жил болж байна. Одоо эдгээр зогссон барилгуудыг яаж шийдэх гэж байна вэ. Асар их хэмжээний хөрөнгө зараад барьсан барилгуудыг зогсоогоод байлгаад байх юм” гэхэд Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат “Тэнгис кино театрын өмнө баригдаж байсан барилга дээр осол гараад Шүүхийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон. Асуудал нь шүүх дээр явж байгаа учир хотын захиргаа ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа” гэлээ. Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар барилгын хуулийн төслийн шинэчилсэн найруулын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн
хуралдаан 9 цаг 36 минутад хувийн 52.6 ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ
өдрийн хуралдаанаар Монгол
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь
хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан
шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дунд
суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26
дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван
дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх
заалтын холбогдох хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан
хэлэлцэж 12 дугаар дүгнэлт гаргажээ.

Нийслэлийн Сүхбаатар дуургийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн
Ч.Өлзийсайхан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар
зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан
хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн омчийн
оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын
гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс
өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.”
гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2
дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн
гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг,
үзэл бодол, боловсропоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх
зүйн этгээд байна.” гэснийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр Үндсэн
хуулийн цэцэд хандсан байна. Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын
итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн А.Бакей оролцсон аж.

Цэцийн дунд суудлаар хуралдаанаас уг маргааныг хянан хэлэлцээд Монгол
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь
хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон
орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн
этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших
бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас
болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “…бусад
төрийн албан хаагч…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван
дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан
тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна.
Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн
26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,
төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн
оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын
гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс
өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.”
гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн
“… шударга ёс, …үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн
үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх
заалтын “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэсэн
заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж үзжээ. Энэ үндсэн дээр Монгол Улсын
Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн
“Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон
нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн
этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол
сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас
болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэснийг Үндсэн
хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32
дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 9 дугаар сарын 30-ны
өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх
асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын
гишүүн, тус байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны гишүүдэд товч
тайлбар өгсөн юм.

Тэрээр цэцийн хуралдаанд өгсөн тайлбартаа, Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт төрийн албан
хаагч нь улс төрийн сонгуульд оролцож өрсөлдөхөөр бол төрийн алба болон
ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг бий болгосон нь улс
төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх
боломжийг бүрдүүлэх, төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг
хэрэгжүүлэх хууль ёсны зорилгод тулгуурласан. Нөгөө талаас төрийн алба
мэргэшсэн, тасралтгүй, тогтвортой байх нөхцөлийг төр бүрдүүлэх ёстойг
харгалзан үзсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн
26.6 дахь хэсэгт заасан шаардлага нь агуулгаараа сонгогдох эрхийн
хязгаарлалт биш юм. Төрийн албан хаагч нь улс төрийн сонгуульд нэрээ
дэвшүүлэн оролцохоор бол Үндсэн хуулийн суурь зарчим, Монгол Улсын Их
Хурлын сонгуулийн тухай хуулийн хууль ёсны зорилгыг ханган биелүүлэхтэй
уялдан тухайн нэр дэвшигчид тавигдаж байгаа нэмэлт болзол, шаардлага
юм.Хуулийн заалтаар иргэний тэр дундаа төрийн албан хаагчийн Улсын Их
Хурлын сонгуульд сонгогдох эрхийг хязгаарласан шууд болон шууд бус
ямарваа хориг, хязгаарыг бий болгоогүй. Төрийн жинхэнэ албанаас улс
төрийн салбарт шилжин ажиллах сонголт нь хувь хүний Үндсэн хуулиар
олгогдсон ажил, мэргэжпээ чөлөөтэй сонгох эрхийнхээ дагуу хийж байгаа
ухамсарт үйлдэл мөн бөгөөд түүнд нөлөөлөх, эсхүл түүнийг ямарваа
хэлбэрээр хязгаарлан хуульчлах нь өөрөө Үндсэн хуулийн суурь зарчим,
үнэт зүйлсээс ухарсан алхам болно гэдгийг тайлбарласан.

Харин сонгуульд оролцож ялагдсан төрийн албан хаагчийн хувьд түүнийг
төрийн албанд буцаан авах нөхцөл, журмыг тогтоосон эрх зүйн
зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байж
болохыг дурдсан гэдгээ хэллээ.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн
Су.Батболд цэцийн дүгнэлтийг хүлээж аваад төрийн үйлчилгээний албан
хаагчдын сонгуульд нэр дэвших эрхийг нээж өгөхөд чиглэсэн зохицуулалтыг
хуульд тусгах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд,
Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар энэ заалт нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй
тул цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн юм. Мөн Улсын
Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэц хууль тогтоодог болсны
нэг илрэл нь энэ дүгнэлт юм. Үндсэн хуулийн зөрчлийн бус, харин хууль
тогтоох эрх мэдлийн асуудлыг цэц шийдэж байгаа нь буруу. Цэцэд маргаан
үүсгэсэн энэ заалт нь бодлогын сонголтын асуудал болохоос биш Үндсэн
хуулийн зөрчлийн асуудал биш юм. Иймээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах
боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон
гишүүдийн 72.7 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн
зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Загастайн давааг хоёр сар хаана

Зам тээврийн сайдын энэ сарын 2-ны өдрийн 255 дугаар тушаалаар Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн даваа орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тус давааг энэ сарын 8-наас эхлэн хоёр сарын хугацаанд хаах юм байна.

Энэ хугацаанд Улаанбаатар-Завхан чиглэлийн нийтийн тээврийн том оврын автобусны чиглэлийг өөрчилж,“ Улаанбаатар -Улиастай хот -Алдархаан сумын нутаг дэвсгэр дэх Доной-Сайрын дөрөлж –Цахирын дөрөлж, Зүйлийн төв, Яруу сум-Дахтын даваа- Тэлмэн сум-Улаанбаатар” гэсэн маршруттай болгожээ.