Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхэн ажил хаялаа

Нийслэлд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж буй хувийн автобус компаниуд өнөөдөр 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа. Тэдний гурван сарын цалинг олгоогүй учир ийнхүү ажил хаялт зарласан гэх мэдээлэл байна. Одоогоор үйлчилгээнд “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн болон “Мяралзаа” компанийн автобусууд үйлчилгээнд гарч байна. Автобусны буудлуудад автобус хүлээж ажил сургуулиасаа хоцорсон иргэд цөөнгүй байна.

Жолооч нарын яриагаар “Смарт карт” компани хувийн автобус компаниудад гэрээний дагуу мөнгө олгоогүй гэнэ. Хэрвээ энэ мөнгө шийдэгдвэл ажил хаялтаа зогсоох аж.

Categories
мэдээ нийгэм

Дорноговьд газар хөдөллөө

Дорноговь аймгийн Замын Үүд сумын нутагт өчигдөр үүрээр газар хөдөлжээ. Тодруулбал, Замын Үүдээс баруун тийш 42 км-т 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Гэхдээ суурьшлын бүс биш юм байна.

Хамгийн сүүлд өнгөрөгч бямба гаригт нийслэлд 3.5, 4.4 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөлсөн юм. Харин үүнээс өмнө буюу өнгөрөгч лхагва гаригт Баянхонгор аймгийн Улаанхус сумын төвөөс баруун тийш 114 км-т 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн аж.

Categories
мэдээ улс-төр

Ургац хураалтын талаар мэдээлэл сонсоно

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 9.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, 2015 оны намрын ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох юм. Тариаланчдын төлөөлөл ургацынхаа 80 хувийг алдсан гэж мэдээлж буй. Тэгвэл салбар яамнаас байнгын хороонд тодорхой тоон баримт тайлагнах аж.

Categories
мэдээ нийгэм

Киноны нээлттэй өдөрлөг болно

Монгол улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус ойтой холбогдуулан “Монгол кино” нэгтгэлээс 2015.10.11-ний өдөр нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахад бэлэн боллоо. Монгол кино үүсч бий болох эх суурь тавигдсан энэ өдөр өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр алтан үеийн кинонуудад хэрэглэж байсан хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, он хуучин машин, механизм, кино зурганд ашиглаж байсан аппарат, тоног төхөөрөмжүүдийг үзэж сонирхохоос гадна кино, нэвтрүүлэг хийж байгаа явцтай танилцан, сэтгэлд хоногшсон киноны дуунуудыг сонсох, үе үеийн алдарт кино жүжигчидтэй уулзан, дурсгалын зураг авахуулж, гарын үсгийг нь авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар сэрүүснэ

Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Нутгийн төв хэсгээр, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 1-6 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Аззаяа: Миний амжилт бүхний цаана ээж маань байдаг

“Мисс Монголиа” холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia” тэмцээний ялагчаар Ц.Аззаяа тодорлоо. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Баяр хүргэе. “Мисс Мон­голиа” тэмцээнд хичнээн мисс өрсөлдсөн бэ?

-Өнгөрсөн есдүгээр сарын 8-нд эхний шалгаруулалт болсон. Эхний шатанд нийт бүртгүүлсэн охидоос 20 нь тэнцсэн. Дараагийн шат бүрт хасагдсаар байгаад шилдэг 11 охин финалын төлөө өрсөлдсөн. Зарим охид тэмцээний үеэр шантарч замаасаа гарч байсан.

-Өмнө нь энэ тэмцээнд оролцож байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Би 2013 онд анх оролцсон. Тэмцээн мисс фото, мисс авьяас, мисс биккини, мисс спорт, мисс оюунлаг, модель гэсэн зургаан төрлөөр шалгаруулалт явуулдаг. Би анх оролцохдоо тусгай байранд орсон. Мөн мисс авьяас шагналыг хүртэж байсан.

-Тэгвэл сая зөвхөн түрүүлэхийн төлөө зүтгэжээ?

-Тэгэлгүй яахав. Энэ жилийн “Мисс Монголиа” зохион байгуулалтын хувьд ч маш сайн боллоо. Миний хувьд зөвхөн шилдгийн төлөө өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчилж бүх шалгаруулалтад шилдэг нь болно гэж өөртөө зорилго тавьсан байсан.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

-Хоёрдугаар байранд орсон Энхжин гээд охин бие хаа, гоо үзэсгэлэн, мэдлэг оюунаараа үнэхээр тодорч байсан. Мундаг өрсөлдөгчтэй болохоор өөрийгөө илүү их дайчилдаг юм билээ. Англид төгссөн. Унаган англи хэлтэй. Би “Радуга” Орос сургуулийг төгссөн болохоор орос хэлтэй, мөн англи хэл сайн эзэмшсэн. Гэхдээ л шүүгч нар Энхжинг магтахаар шар хөдлөөд би юугаараа дутах вэ гэж бодож илүү их хичээсэн. Үүний үр дүнд тэргүүн миссээр шалгараад зогсохгүй биккини, фото, авьяас гэсэн төрөлд шилдэг гуравт орсон байгаа. Надаас өөр олон төрөлд жигд амжилт үзүүлсэн охин байхгүй.

-Эртнээс бэлдэж, зорьж оролцсон тэмцээндээ түрүүлж, тэргүүн миссээр тодрох агшинд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай мэдрэмж төрсөн. Үүл мэт хөвөх мэдрэмж төрсөн. Хэдий би түрүүлнэ гэсэн өөртөө итгэх итгэл маань бардам байсан ч яг тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо гэж зарлах тэр агшинд ёстой мэлмэрүүлсэн дээ. Уг нь өөрийгөө их барьж байсан. Тэгсэн үзэгчдийн дунд суугаа ээж рүүгээ хартал доошоо харчихсан нулимсаа арчиж байхыг хараад өөрийн эрхгүй нулимс урсаад ирсэн.

-Хэр сандарч байв?

-Ер нь гайгүй шүү. Анх 2013 онд би тэмцээнд оролцоход насаар хамгийн бага байсан. Тухайн үед хамаг бие салганаж, гишгэхэд хүртэл бие хөшчихөөд сандарч байсан.Харин энэ удаа бол илүү туршлагатай болоод ч тэр үү огт сандраагүй. Тайзны ард миний хажууд зогсч байсан оролцогч нар хэлэх үгээ мартаж, хоолой нь зангирч ирээд л сандарч байгаа нь анзаарагдсан.

-Энэ тэмцээнд түрүүлс­нээр өмнө чинь ямар боломж нээгдэж байна вэ?

-Энэ сарын 16-нд Японы Токио хотод болох “Мисс Интернэшнл” тэмцээнд материалаа явуулчихлаа. Одоо урилга ирэхийг хүлээж байна. Тус тэмцээн дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг. “Дэлхийн мисс”, “Оюутны мисс” тэмцээний дараа ордог. Тиймээс эх орноо төлөөлөн олон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх гэж байгаадаа маш их баяртай байна. Гэхдээ нэг талаараа өндөр хариуцлага.

-Өөрийнхөө ямар давуу талыг илүүд гаргана гэж бодож байна?

-“Мисс Монголиа” тэмцээнд авьяасын төрөлд Кармен дуурийн Хабанерагийн ариг дуулж, бас танго бүжиглэсэн. Одоо хамтрагчгүй болохоор яах ийхээ багш нартайгаа ярилцана даа.

-Өмнө нь ямар нэгэн тэмцээнд оролцож байсан уу?

-Үгүй.

-“Miss world Mongolia” тэмцээнд оролцож үзсэн үү?

-“Miss world Mongolia” тэмцээн мисс болох хүсэлтэй охин бүрийн мөрөөдөл. Энэ тэмцээний ялагч эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй энх тайван, эв найрамдлын төлөө өрсөлддөг. Миний хувьд энэ тэмцээнд ороход хараахан бэлэн биш байна. Өөрийгөө илүү их бэлдэж, цэнэглэх ёстой. Ганц тэмцээнд түрүүлсэн гээд өөрийгөө шилдэг гэж бодож дутуу дулимаг хандахыг хүсэхгүй байна. Өөрийгөө бэлэн болсон гэж үзсэн цагтаа би оролцох болно.

-Одоо хэдэн настай вэ?

-Би 20 настай. “Miss world” тэмцээнд 18-25 насны гоо бүсгүйчүүд ордог. Тиймээс “Miss world Mongolia” тэмцээнд оролцоход надад цаг хугацаа байна.

-Биеийн харьцаа хэд вэ?

-88:59:91. Өндөр 180 см.

-СУИС-ийн оюутан гэсэн. Хэддүгээр курс вэ?

-Би СУИС-ийн Мюзиклийн төгсөх курс. “АСА” циркийн ерөнхий найруулагч Батнайрамдал багшийн шавь. Миний мэргэжил жүжигчин, дуучин, бүжигчин гэсэн гурван мэргэжлийн хослол. Энэ нь надад тэмцээнд түрүүлэхэд маш том давуу тал байсан болов уу. Тайзны алхаа, тайзан дээр үзэгчдийн анхаарлыг татах зэрэгт мэргэжлийн онцлог бусад охидоос арай илүү байсан гэж бодож байгаа.

-Таны ээжийг гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа гэж сонссон?

-Тийм ээ. Миний ээж Булган аймгийн уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин Ширмэнтуяа.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би хоёр дүүтэй. Дүү нар маань гурав, хоёрдугаар ангид сурдаг.

-Тэмцээний турш ээж тань хамгийн үнэнч шүтэн бишрэгч, дэмжигч тань байсан болов уу. Тайзан дээр гарахын өмнө ээж тань юу гэж захиж байв?

-Тэгэлгүй яахав. Намайг түрүүлсэн чинь найзууд нь утсаар яриад надад гэхээсээ ээжид маань илүү их баяр хүргэж байгаа. “Мундаг охин төрүүлсэнд баяр хүргэе” гэж ирээд л. Урлагийнхан маш их сэтгэл хөдлөлтэй байдаг шүү дээ. Миний ээж ч бас л тийм. Ямар нэгэн тэмцээнд орохоор гэрээсээ гарах болгонд ээж маань бурхандаа залбирдаг. Тэмцээний өглөө ээждээ үнсүүлээд гарсан. Ээждээ үнсүүлээд гарахад ямар ч тэмцээнд амжилт гаргаж чаддаг. Энэ завшааныг ашиглаад ээждээ маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Миний ээж их ухаалаг, мундаг эмэгтэй. Миний амжилт бүхний цаана ээжийн минь хатан ухаан бий.

-Ээж тань Монголын чадалтай дуучдын нэг. Ер нь бага нас тань урлагийн ертөнцөд л өнгөрсөн биз?

-Чуулгад өссөн гэхэд болно. Миний ээж СУИС-ийг төгсөөгүй байхдаа л Үндэсний дуу бүжгийн чуулгын дуучин болсон. Чуулга, драмын театр хоёр нэг дор байрладаг болохоор миний бага нас тэр хоёр тайзны ард л өнгөрсөн дөө. Тийм ч учраас өөр мэргэжилтэй болно гэсэн ойлголт ч байгаагүй. Зөвхөн урлагийн хүн, ээж шигээ мундаг хүн болно гэж мөрөөддөг байсан.

Азаар СУИС Мюзиклийн ангидаа найман жилийн дараа буюу хоёр дахь элсэлт авахад нь шалгалт өгч тэнцсэн. Бага байхдаа ээжийнхээ урлагийн гоё гялтганасан даашинз, гялалзсан өндөр өсгийтийг өмсч үзээд л тольдоод зогсдогсон. Хурдан том болж, энэ хувцаснуудыг нь өмсөх юмсан гэж боддог байсан. Урлагийн хүмүүс чинь их ганган чамин зүйл хэрэглэдэг болохоор нүдэнд тусдаг байсан байх л даа. Одоо харин зарим нэг хувцсыг нь дуулж, бүжиглэх үедээ өмсдөг болсон шүү/инээв/. Ер нь ээжийн хувцас их эмх цэгцтэй нямбай байдаг байсан. Их олон дээлтэй.

-Дээлээ өөрөө урладаг уу?

-Тэгнэ. Өөрөө л оёдог. Ээж загварын дээлийг нэг их таашаадаггүй. Халх загварын үндэсний дээлийг л өмсөх дуртай. Аливаа арга хэмжээнд оролцохдоо ч дээлээ өмсөнө. Дээл ч ээжид их сайхан зохидог. Би хүүхэд байхдаа дээлнүүдээс нь мөн ч их өмссөн дөө. Одоо ч гэсэн. Зарим нэг тэмцээний үеэр ганц нэгийг нь өмсдөг.

-Ээжийнхээ дуулсан ямар дуунд нь илүү дуртай вэ?

-За бүх л дуунд нь дуртай. Тэр дундаас гавьяат Ө.Уянгаа эгчтэй хамтарч дуулсан “Эжий улирал” дуунд маш их дуртай. Нэг талаараа дуурийн дуучин, уртын дуучин хоёрын хоолойны гайхалтай зохицол нь намайг өөрийн эрхгүй гайхшруулдаг. Нөгөө талаараа дууны ая, үгний хувьд маш сайхан утгатай. Дахин дахин сонсоод л баймаар. Хэд дахин сонсоод ч уйддаггүй. Улам л сонсох хүсэл дэвэрдэг.

-Ээж тань юуг хамгийн ихээр захиж зөвлөдөг бол?

-Төлөв даруу байхыг л хамгийн их захьдаг. Урлагийн хүн хөдөлгөөнтэй, галзуу байхаасаа илүүтэйгээр даруухан байж олны хүндэтгэлийг хүлээх нь чухал гэж байнга захидаг. Ер нь ээж бид хоёр яг л найзууд шиг элэн далангүй харилцаатай. Аливаа зүйлд байнга л хамтарч ярьж шийдвэр гаргадаг. Би ээжийнхээ хатан ухаанаар ихэд бахархаж явдаг.

-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Мэргэжлээрээ зөвхөн Монгол төдийгүй дэлхийд танигдсан мюзиклийн жүжигчин болохыг хүсч байна.

-Ямар нэг клип, кинонд тоглож байсан уу?

-Тоглож байгаагаагүй. Манай анги бусдаас илүү чанга. Гуравдугаар курсээс ганц нэг клип, кинонд тоглохыг зөвшөөрдөг. Тэгээд ч манай эмээ намайг хамаагүй уран бүтээлд тоглохыг хориглодог.

-Яагаад. Танай эмээ Мон­гол Улсын гавьяат жүжигчин Чаминчулуун гэдгийг хүмүүс мэдэх байх?

-Хоёрын хооронд уран бүтээлд тоглож болохгүй гэдэг. Жүжигчин хүн сайн уран бүтээлээс гараагаа эхлэх ёстой гэж эмээ зөвлөдөг. Тиймээс ямар нэг уран бүтээлд тоглох бол эмээтэйгээ, ээжтэйгээ их ярьдаг. Энэ тал дээр ер нь эмээ л хамгийн их анхаарал тавина шүү дээ.

-Танайх урлагийн гэр бүл гэдэг утгаараа гэртээ ч гэсэн дуу, хуур дүүрэн байдаг биз?

-Хааяа найзуудындаа очихоор нэг их намбалаг ч юм уу уйтгартай ч юм шиг санагддаг. Харин манайх бол эсрэгээрээ шүү дээ. Бөөн хөгжөөн, наадам. Ямар сайндаа намайг сая тэргүүн мисс болсон гээд хамаатнууд цугларч бараг л найр болсон ш дээ. /инээв/

-Загвар өмсөгч хүүхнүүд биедээ их анхаарал тавьдаг. Зарим нь цагаан хоолтой гэж ч ярьдаг. Таны хувьд хэрхэн жингээ хадгалдаг вэ?

-Зөв хооллоод байхад хоолоо сойх шаардлагагүй. Зарим бүсгүйчүүд завгүй гээд гадуур хооллодог, түргэн хоол хэрэглэдэг. Хоол түргэн болсныхоо хэрээр хүний биед сөрөг нөлөөтэй юм шиг. Тиймээс аль болох гэртээ хоол идэхийг хүсдэг.

-Ээжийнхээ хийсэн ямар хоолонд илүү дуртай вэ?

-Манай ээж чинь бүх хоолыг сайхан хийнэ шүү дээ. Муухан тогоочоос илүү. Би ногоотой шөлөнд илүү дуртай. Манай гэрийнхэн болохоор гурилтай шөлөнд илүү дуртай. Би “Ээж та ногоотой шөл хийгээд өгөөч” гэхээр “Ёо дахиад л уу” гээд инээгээд хийгээд өгдөг. Бараг өдөр болгон ээжийнхээ хийсэн ногоотой шөлтэй хоол иддэг ш дээ.

-Таны багш “Гоёл” наадмын отгон топ модель Х.Бадамцэцэг гэсэн үү?

-Би топ модель Х.Бадамцэцэг багшийн “Андра модель” загварын агентлагт ороод хоёр жил болж байна. Би багшаараа үнэхээр бахархдаг, мундаг бүсгүй. Надаас таван насаар л эгч. Тэгэхэд тэр эмэгтэйгээс авах зүйл их. Ийм залуудаа Монголын топ модель болчихлоо, гэр бүл нь тэнцвэртэй, бусдад үлгэр дуурайл болж яваа гээд олон давуу зүйлийг багшаасаа би хардаг.

Топ модель болох үед нь би багшийнхаа солих даашинзыг бариад л гүйж байсан. Харин сая тэмцээнд багш миний даашинзны бараг нэг зангилаа бүрт анхаарал тавьж “Энийг ингэ. Яг одоо янзлуул. Тэгвэл л гоё харагдана” гэж зөвлөгөө өгч байлаа. Ер нь их хариуцлагатай хүн л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Централ тауэр

Тэнгэр баганадсан сүрлэг цамхгуудыг босгоно гэдэг бизнесмэнүүдийн хувьд эр зориг байдаг. Асар их хөрөнгө оруулалт, хүн хүчний боломж, төлөвлөлт, дэлхийд шалгарсан шилдгүүдийг татан оролцуулах гээд нөр их ажил тэнд өрнөж байдаг.

Олон улсын жишигт нийцсэн архитектурын шинэлэг шийдэл бүхий орчин үеийн тансаг барилгууд богинохон хугацаанд шил шилээ даран сүндэрлэж нийслэл хотын өнгө үзэмжид гэрэл гэгээ нэмэх боллоо. Улаанбаатар хот дахь хамгийн өндөр барилгуудыг манай сонин цувралаар хүргэж байна. Эхний дугаартаа бид тансаг зэрэглэлийн шилэн барилгуудын анхдагч гэж хэлж болох “Централ тауэр”-ыг онцоллоо. Нийслэл хот маань гадна дотнын зочдын нүүр тахлах томоохон худалдааны төв, барилга хомс байсан тэр үед зоригтой бас нүдээ олсон шийдэл гаргаж хотын зүрхэн хэсэгт тансаг зэрэглэлийн харш босгож чадсан эрхмүүд бол “МCS” группын эзэд болох Ж.Од, болон түүний дүү Ж.Оджаргал нар билээ.

Тэд энэхүү бүтээн байгуулалтаа Кока-Колагийн гурван том үйлдвэрлэгчийн нэг “Шангрила” зочид буудлын сүлжээгээрээ дэлхийд алдаршсан “Кэрри” групптай хамтран бүтээн босгосон юм.

“Централ тауэр” барилгын бүтээн байгуулалтын ажлын гол гүйцэтгэгчээр Хятадын “Beijing Construction Engineering Group” компани ажилласан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд барьж, 2009 онд анх ашиглалтад оруулсан.

Харин зураг төсөл дээр нь олон улсын хэмжээнд хот төлөвлөлт, усан хангамж, гео техник, архитектур, төслийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “АЕСOM” корпораци болон DLN компани хамтран ажиллажээ.

Шилэн хананых нь цаанаас нэвт гэрэлтэх байгалийн гэрэл тус барилга доторх тансаг гэрлэн чимэглэлүүдтэй гайхалтай зохицно. Үүдээр нь оронгуут шил толь болсон шал, байгалийн уур амьсгал шингээсэн усан хөшиг бүхий хана, тансаг гэрэл зэрэг нь хүний сэтгэлийг татах увдистай.

Тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байсан тус барилга газар доорх хоёр давхартайгаа нийлээд нийтдээ 19 давхар. Өнөөдрийн байдлаар тэнд 100 гаруй дэлгүүр, ресторан банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг.

Гадна болон дотор талдаа нийтдээ 140 автомашины зогсоолтой.

Ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахад тухайн газрын тав тух, аюулгүй байдал түрээслэгч, үйлчлүүлэгчдэд нэн чухал байдаг. Тэгвэл “Централ тауэр” орчны аюулгүй байдал, тав тух дээрээ тун их анхаарал хандуулдаг байна.

“Централ тауэр” гадна, дотно тохижилтоороо үйлчлүүлэгчдийн ая тухыг дээд зэргээр хангаж өгчээ. Нийтдээ 30000 ам.метр талбайг түрээслүүлдэг. Оффисын хамгийн бага талбайтай өрөө нь 110м2, нэг давхрынх нь нийт талбай 1700м2. Давхар бүрдээ цэвэр тохилог цайны өрөө, ариун цэврийн өрөөтэй. Тус байгууллага нь Улаанбаатар хотод анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө гаргаснаараа талархал хүлээж байв. Мөн мэдрэгчтэй суултуур, угаалтуурыг анх удаа суурилуулж байсан нь тухайн үедээ ихээхэн сонирхол татаж байлаа. “Коне” брэндийн өндөр хурдны зорчигчийн зургаан лифттэй бөгөөд лифт бүр нь 21 хүний даацтай аж. Мөн 1800 кг-ын даацтай ачааны нэг лифттэй.

Аюулгүй байдлын хувьд барилгыг бүхэлд нь хамарсан +68 хэмд идэвхждэг дулаан мэдрэгч бүхий автомат спринклерийн системтэй, галын анхны дохиоллыг мэдээллэх утаа мэдрэгчүүдийг барилгын нийтийн эзэмшлийн талбайд суурилуулжээ. Түүнчлэн аюул ослын үед нийтэд мэдээлэх зарлан мэдээлэх нэгдсэн систем, галын системийн усны нөөцийн танк, камерын хяналтын системээр ханган бүрэн тоногложээ. Хөрөнгийн менежментийн газар нь шаардлагатай тохиолдолд яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийдэг бөгөөд жилдээ хоёроос доошгүй удаа сургуулилт хийдэг гэнэ. Шаадлагатай үед барилгыг цахилгаанаар хангах өөрсдийн үүсгүүртэй. Нийт хүмүүсийн дунд сүүлийн үеийн барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй, найдваргүй болсон гэх үнэлэлт байдаг. Харин “Централ тауэр”-ийн барилга нь найман баллын газар хөдлөлтөд ажрахгүй гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Хамгаалалтын баг бүрэлдэхүүний хувьд 11 мэргэжлийн хамгаалагч өдрийн дөрвөн ээлжээр ажилладаг байна.

ЦЕНТРАЛ ТАУЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ДЭЛГҮҮР БОЛОН РЕСТОРАНУУД

Энэхүү оффисын зориулалттай барилга нь дэлхийн шилдэг брэнд дэлгүүрүүд, олон улсын тансаг ресторан банк, санхүү, үйлчилгээний байгууллагуудыг нэг дор цогцлоож чадсан.

Уг байгууллагын нэг, хоёрдугаар давхарт үнэртэн, гоо сайхан, хувцас үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Bishrelt beauty, Shiseido, L’Occitane, Louis Vuitton, Ermenegildo Zegna, Weitzman, Burberry, Versace, Hugo boss, Weitzman, Карен Миллен, Petit Bateua брэнд дэлгүүрүүдээс гадна Монголын “Гоёо”, “Blue sky cashmere” гэх мэт томоохон брэнд дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар энд нийтдээ 98 дэлгүүр үйл ажиллагаа эрхэлж байна.

Харин гуравдугаар давхарт нь тав тухтай, тансаг хоолтой дээд зэрэглэлийн ресторан, кофе шофууд таныг угтах болно. Энд Япон үндэсний Акамарү, Солонгосын “Бивон”, европ хоолоороо алдартай Централ гарден, Sky lounge зэрэг ресторануудаас гадна Bugis, Mania зэрэг кофе шоп, оргилуун дарс виноны чиглэлээр төрөлжсөн World wine паб байрладаг. Томоохон хэмжээний найман ресторан энд амтат зоогоороо үйлчлүүлэгчдээ дайлж байна. Дөрөвдүгээр давхарт үйлчилгээний чиглэлийн Юнител, Голомт банк, Ард даатгал, Air trans, Хаан банкны салбарууд байрлан үйл ажиллагаа явуулдаг бол тавдугаар давхарт нь 60 хүний багтаамжтай хурлын танхим байна. Тус хурлын танхим нь VGA/HDMI/ Wireless холболттой проектор, удирдлагатай проекторын дэлгэц, утасгүй микрофон гэх мэт сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Нэг ёсондоо та мөнгөтэй л бол тус байгууллагад ороод бүх төрлийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна гэсэн үг.

Централ тауэр гадна тохижилтоороо хотын төвийн өнгө үзэмжид яах аргагүй гэрэл гэгээ нэмсэн гэдэгтэй санал нийлэх биз. Жилийн дөрвөн улирлын алинд ч ялгалгүй Централ тауэрийн цэцэрлэгт хүрээлэнд оюутан залуус, залуу хосууд, хүүхэд хөгшчүүд салхилна. Гаднах ногоон байгууламжаараа тус байгууллага нь орчин үеийн барилгуудыг байлдан дагуулж чадсан. Централ тауэрийн цэцэрлэгт хүрээлэн нийтдээ 11.300 ам дөрвөлжин метр талбайг хамарна.

Цэцэрлэгжүүлэлт нь төвд байрлах гэрэлтүүлэг бүхий усан оргилуур, эргэн тойрондох зүлэгжүүлэлт, 30 гаруй сандал, хөшөө дурсгалаас бүрдэнэ.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Фэйсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр секс сүрдүүлэг хийдэг болжээ

Олон нийтийн сүлжээг ашиглан сүрдүүлсэн, дарамталсан, хүчирхийлсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад олон ирэх болжээ. Facebook хуудсаараа хэн нэгэнтэй холбогдож, харилцаа тогтоодог, үүнээсээ болж хохирогч болох тохиолдол ихэссэн байна. Өөрөөр хэлбэл, Монголд шинэ төрлийн гэгдэж байсан секс сүрдүүлгийн гэмт хэрэг аль хэдийнэ дэлгэрчихжээ. Цахим хуудастаа хувийн мэдээллээ дэлгэдэг, хаана яваагаа зарладаг нь гэмт хэрэгтнүүдэд хөнгөхөн олз болчихдог аж. Он гарсаар Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст секс сүрдүүлгийн шинжтэй 15 хэргийг шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид нь шилжилтийн насны охид, залуу бүсгүйчүүд байдаг гэнэ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс цахим гэмт хэргийн шинжтэй үйл явдлыг тоймлон хүргэж байна. Эл хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн секс сүрдүүлэгт өртсөн, дарамтлуулсан олон эмэгтэй бидэнтэй холбогдсон юм. Шалгуулж байгаа иргэний гэм бурууг шүүх тогтоогоогүй байгаа учраас цахим гэмт хэргийн шинжтэй гэж онцоллоо.

ОХИД, БҮСГҮЙЧҮҮД РҮҮ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬСНААР ХОЛБОО ТОГТООДОГ

Сэжигтэн Ө facebook-т хоёр, гурван хаягтай. Мөн эрхэлсэн ажил, бизнестэй нэгэн. Тэрбээр арав гаруй жил гэрэл зурагчнаар ажиллаж буй. Өөрийгөө “Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч”, “Хэвлэл мэдээлэл, гэрэл зургийн Asmo press компанийн захирал”, “Ардын язгуур урлагийн чуулгын дарга”, “Сайдын зөвлөх” гэж танилцуулдаг байжээ. Мөн “World Global Network” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг хариуцдаг гэх аж.

Манай сонинд мэдээлэл өгсөн хүмүүсийн ярьснаар 2006, 2007 оны үед Төв шуудангийн ойролцоох гэрэл зургийн газарт ажилладаг. Тэнд ажиллаж байхдаа зураг авахуулахаар ирсэн бүсгүйчүүдэд нүцгэн зургаа авахуулахыг санал болгодог, үгүй гэвэл элдвээр зүхдэг байсан гэнэ. Хүмүүс facebook ашиглаж эхлэх үеэс залуу бүсгүйчүүд рүү хандаж, хамтран ажиллах санал тавьдаг болжээ. Түүний охид, эмэгтэйчүүд рүү хандаж бичсэн захидлыг уншихад эхэндээ энгийн л бизнесийн санал мэт харагдана. Харин захидалд нь хариу бичсэнээс хойших нь дотно харилцаа тогтоох, од болгож өгөх зэрэг амлалтууд хөврөх юм. Тэр амлалтад нь итгэж уулзсан бүсгүйчүүд дарамт, хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьсан.

Тэрбээр охид бүсгүйчүүд рүү “Сайн байна уу. Дэлхийн гайхамшиг болж байгаа манай компанийн гайхамшигт шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай. Холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хамтран ажиллах санал тавьж байна. Холбогдох дугаараа үлдээгээрэй”, “Сайн уу. Найзаар бүртгэж байгаад миний facebook-ийн бүх зургуудыг үзээрэй. Өөрт чинь хэрэгтэй маш гоё саналуудыг тавьж байна аа. Тодруулах зүйл байвал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэж захидал бичдэг. Улмаар 9911…. дугаараа үлдээдэг байна. Мөн “World Global Network” компанийн борлуулдаг гэх хоёр сим карттай гар утасны талаарх мэдээллийг явуулдаг. Өөрийнх нь санал болгосон хаяг руу хандахад өнөөх гар утасны мэдээллээс гадна модель болов уу гэмээр маш олон охидын зураг байдаг. Нэгэн эмэгтэй “Санал болгосон хаягаар нь ороход нүцгэн зургаа хүртэл тавьчихсан байсан. Эвгүй санагдаад facebook-т найз байхаа больсон” гэсэн юм.

“ОДГЭРЭЛ МИНИЙ ШАВЬ. ТҮҮН ШИГ ОД БОЛГОЖ ӨГНӨ”

Хамтарч ажиллах санал нь юу болохыг сонирхож, захидалд нь хариу бичсэн охид, бүсгүйчүүдэд “Би гэрэл зурагчин. Топ модель Одгэрэл миний шавь. Ах нь чамайг тэд нар шиг од болгоод өгнө. Чиний царай төрх яг од болоход тохирно” гэх мэтээр санал тавьдаг аж. Ингэж захидлаар харилцаж байгаад гар утасных нь дугаарыг авдаг. Дараа нь утсаар ярьж ажил дээрээ урьдаг аж. Гэрэл зургийн студид нь очиход яалт ч үгүй зургийг нь авдаг, гоё гарвал сэтгүүл дээр гаргаж өгнө хэмээн амладаг гэнэ. Фото модель болгохын тулд биеийн галбирыг харуулна хэмээн хувцсыг нь тайлуулж, дараа нь нүцгэн зургийг нь олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн эрхшээлдээ оруулдаг талаар хохирогчид мэдүүлжээ.

Ө-тэй холбогдож, хохирогч болсон гэх бүсгүй олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл тавьжээ. Тэрбээр “Би одоо 20 настай. Одоогоос гурван жилийн өмнө бусад охидын л адил загвар өмсөгч болно гэсэн цагаахан мөрөөдөлтэй байсан. Гэтэл нэг өдөр гэрэл зургийн студийн захирал ах намайг элдвээр магтаж, миний гэгээхэн хүслийг минь гэрэлтүүлэх шиг л санал тавьсан. Монголын бүх топ моделийг амжилтад хүргэсэн гэх ярианд итгэж саналыг нь хүлээн авсан юм. Ажил дээр нь очтол, жижиг харанхуй хүйтэн нэг л тийм сонин өрөөнд орж хаалгаа түгжсэн. Зураг дарах талаар ярилцаж “Гоё гарвал сэтгүүлд тавина” гэх яриагаа итгүүлж чадсан. Би эхлээд хувцастайгаа зургаа даруулж байсан. “Миний дүү жаахан нимгэл” гэж дээгүүрх цамыг минь тайлуулж, эцэст нь бүх хувцсаа тайлахыг шаардсан. “Уучлаарай би тэгмээргүй байна” гэхэд “Яаж чи модел болох гэж байгаа юм бэ”? гэж загнаж, хайран цаг зав гэх яриагаараа ятгаж, бүтэн нүцгэн зургийг минь хүчээр шахуу дарсан. Хэсэг дарсны дараа, биеийн нууц хэсгүүдэд хүрч эхэлсэн. Тэгснээ гэнэт шууд “Хайраа” гэж дуудахад хэрэг бишдэж байгааг ойлгож хувцсаа өмсөх гэтэл, жижиг буйдан руу чирж, 17-хон настай намайг хүчиндсэн. Энэ үйлдлийг би мартахыг хичээсэн, гараад цагдаад хандвал дурандаа чи очсон гэж загнуулах гэхээс айж, хэнд ч хэлэхгүйгээр шийдсэн. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, тэр дурсамж үнэхээр эмэгтэй хүний зүрх сэтгэлд маш муухай айдсыг мэдрүүлдэг. Би нүдээ аньж нүүрээ угааж чаддаггүй, харанхуй орцоор орж чаддаггүй. Урьд нь би ийм байгаагүй одоо маш аймхай, эрэгтэй хүнийг зүрх сэтгэлдээ маш муухайгаар хардаг болсон. Бүх эрчүүд ийм биш л байх. Цаг хугацаа өнгөрөхөд нөгөө ах “Чи надтай ирж … .Тэгэхгүй бол нүцгэн зургийг чинь сайтуудаар тараана” гэж айлгадаг байсан. Надтай адил яг ийм зовлонтой олон эмэгтэй байгаа гэж би бодож байна. Намайг очиход, тэр ахын РС дээр маш олон охины шалдан зураг байсан” гэжээ.

Ё.Лхагвасүрэн: СЕКС СҮРДҮҮЛГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ НЬ ШАЛГАЖ БАЙГАА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Гэрэл зурагчин Ө-тэй холбогдож, зургаа авахуулаад хохирогч болсон гэх эмэгтэй олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавьсан байсан. Түүний бичсэн зүйлд айлган сүрдүүлсэн, хүчирхийлсэн байж болох мэдээлэл байсан учраас Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ө-г шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад секс сүрдүүлгийн шинжтэй баримт олдсон учраас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн” гэлээ. Гэрэл зурагчин Ө-ийн сүрдүүлэгт өртсөн гэх гурван эмэгтэй цагдаагийн байгууллагад ханджээ. Тэдний нэг нь насанд хүрээгүй охин аж. Мөн гэр бүлийнхнээсээ нууж байсан, хамт олноосоо ичсэн гэх мэт шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаагүй олон хохирогч байгааг эх сурвалж мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад дээрх охид, бүсгүйчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байгаа гэнэ.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШИЛЭН ДАНС “шилэн” Дамдинг төрүүлэв

Шилэн данс гээд шуугив. Нийгэм тэр аяараа ч биш л дээ. Хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд шуугиж байна. “Шилэн дансны шилийг хагалаад харсан чинь энэ муусайн төрийнхөн ямар аймаар идэж уудаг юм бэ гэх нэгэн “шилэн” Дамдин гарч ирсэн хэрэг. Телевиз, сонин хэвлэлээр тэрбээр ярьж, сайтууд, сошиал ертөн­цийнхөн дэвэргэж ер бусын луйврыг шилэн данснаас хараад илрүүлсэн мэт ойлголтыг нийгмийн сэтгэл зүйд тулгах гэсэн оролдлого. Юун “шилэн” Дамдин яриад эхлэв гэж асуух хүн гарах биз. Тэгвэл тэртээх 50, 60 оны үед “шилэн” Дамдин хэмээх нэгэн цуутай хулгайч Монголын нийгэмд амьдарч байсан юм. Монголын “Бриттаника” толь дээр Монголын хамгийн алдартай хулгайч гэх хоёр хүнийг онцлон оруулсны нэг нь энэ “шилэн” Дамдин. Нөгөө нь “чонон” Борис гэгч. “Шилэн” Дамдин гэж нэршсэн учир нь тэр нөхөр нүдний шил зүүдэг байсан юм билээ. Мань эр хулгайчдын бүлэглэл зохион байгуулж тэднээрээ хулгай хийлгэдэг. Өөрөө ард нь зүгээр үлддэг. Хаана их мөнгө байгааг Шилэн дансанд харагдаж байгаа юм шиг харж чаддаг байсан тийм л хүн гэсэн.

Үүнтэй үйлдэл нь адилхан нэгэн “шилэн” Дамдин гарч ирж Шилэн дансаар дагнан ярьж эхлэв. Тэгэхээр Шилэн дансны хууль нь ч тэр, үүнийг яриад зогсож буй “шилэн” Дамдин ч тэр, түүнийг дэмжин элий халай болж байгаа хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид ч тэр бүгд буруу байна. Төр дэх “Шилэн данс”-ны тогтолцоо нь өөрөө дэндүү амьдралгүй байгаад хэлэх үг олдохгүй байна. Энэ хуулийг, энэ дансыг, эдгээрийг ярин шуугиж буй хүмүүс нь үнэндээ өнөөдөр Монголын төрийг улам сульдааж, хэврэгшүүлж, айдаст автуулж байгаа нь санаатай, санамсаргүй үйлдэл болоод байна. Энэхүү Шилэн дансны тогтолцоо нь Монголын төрд ардчилал хэрээс хэтэрснийг, бүр гай болж байгааг өдөр ирэх бүр ойлгуулж байна. Төрийн бүх мөнгө ил байх нь захын нэг архичин гарч ирээд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар ажлаа хийж буй хүнийг заамдан авч “Чи тэдэн төгрөг авсан байна, архины мөнгө өг” гэж хэлэх нь. Компанийн санхүүгийн нууцлал гэдэг нь хөгжсөн улс оронд бол компанийн засаглалын номер нэг асуудал байдаг. Манайд бол Шилэн дансаар дамжаад лөөлөө болох нь. Энэ ардчилал мөн үү. Манайд дарамтлагсдын бүлэг бий шүү дээ. Тэд хэн хэдэн төгрөгийн тендерийн ажил хийж байгааг алган дээрээ мэт хараад сууж байгаа юм байна. Цаг нь болоогүй байхад хэрэгжиж эхэлсэн хууль гэдэг энэ дээ. Төрийн байгууллагуудын “Шилэн данс”-ны шилийг мөн ч амархан хагалж эхэллээ дээ. Цаашид хичнээн “шилэн” Дамдин гарч ирэх юм бол.

Өнөөдөр хүмүүсийн үзэн ядаад байгаа Шилэн дансаар харагдах төрийн мөнгөний урсгал чинь Монгол төрийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал юм шүү дээ. Дэлхийн 200 гаруй улс орон төрийнхөө бүх ажлыг мөнгөөр явуулдаг. Ганцхан Монголд л “шилэн” Дамдин гарч төрийн ажлыг мөнгөгүй явуул, пүүх паах, явуулбал эд нар идэж уугаад байна гэж хашгираад байгаа нь үнэндээ эрүүл зүйл биш юм. Төрийн мөнгө шилний цаанаас харагдаж, зарлагдахыг харчихаад “шилэн” Дамдин “Ямар булай юм бэ” хэмээн цовхчиж түүнийг нь сэтгүүлчид тэр чигээр нь нийгэмд хүргэж байгаад эмгэнэл нь оршиж байна. Энэ нь шууд утгаараа Монгол төр ажлаа битгий явуул гэсэн үг. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сая гаруй хүнтэй энэ хотыг яаж хөгжүүлэх вэ хэмээн нойр хоолоо хасан, ар гэрээ умартан, хэдэн өдрөөр ард түмний төлөө хөдөлмөрлөж байгаагийнх нь төлөө төрөөс хэдэн төгрөгөөр урамшуулж яагаад болохгүй гэж. Эдгээр хүмүүс хийх ажлаа олж ядсандаа ингэж суудаг юм уу. Бразил улсад ажлын туршлага судлахаар очсон хэдэн төлөөлөгчийг тэр үед нь сэтгүүлчид, сошиал ертөнцийнхөн элдвээр хичнээн хэллээ. Тэдний зүтгэлийн хүчинд өнөөдрийн хот чинь өнгөө засаад, бид барууны хотод яваа мэт байшин барилгатай, гудамж талбайд нь тайван сайхан алхаж байна. Энэ бүхэн тэгээд төрөөс мөнгө хөрөнгө гаргахгүйгээр хар аяндаа хийгдчих ажил болж байна уу. Сая нэг инээдтэй яриа Их хурал дээр боллоо. Ерөнхий сайд 9.5 сая төгрөгийг мөнгөн аяга авахад зарцуулчихсан юм уу, өөрийг нь мөнгөн аяга авчихсан гээд байгаа юм уу. Шилэн дансаар олж харсан л мөнгөн дүн бололтой. Ерөнхий сайд нь тийм юм байхгүй л гэх. Би л оронд нь байсан бол хэрэглээгүй байсан ч “Тэгсэн, би тийм мөнгөний зардал гаргасан. Харинчиг багадуулсан. Ерөнхий сайдад энэ бол юу ч биш” гэж гөжүүдлэх байлаа. Үнэндээ Монгол Улсын Ерөнхий сайдад энэ байтугайг авах эрх байх ёстой. Зарж үрэх эрхтэй. Төрд зүтгэж буй хүн төрийн хайр ивээл, шанг хүртэх эрхтэй. Энэ мэт ганц нэгхэн жишээнээс харахад л “Шилэн данс” гэдэг Монголын төрийг ямар муухай жижигрүүлж, арчаагүй болгож байна вэ. Төр хүчгүй бол та бид ч хүчгүй. Хүчгүй, аймхай харагдуулах шалтгаан нь шилэн данс болчихож.

Тэгэхээр шилэн данс хянагч “шилэн” Дамдины үзлээр бол төрийн албан хаагч нь наад зах нь гадаад томилолт төрөөс авч болохгүй юм байна. Жишээ нь Монголбанкны ерөнхийлөгчийг гадаадад ажлаар явахдаа 30-300 ам.долларын буудалд хоногло гэж загнажээ. Олон улсын санхүүгийн зах зээл дээр очиж буй ямар ч улсын банкны ерөнхийлөгч хүн таван одтой зочид буудалд байрлаж, вип таксигаар үйлчлүүлэхээс ажлаа эхэлнэ. Бод л доо, 50 ам.долларын буудалд буусан, таван долларын зангиа зүүгээд давхиж очиж байгаа хүнтэй хэн гэрээ хэлцэл хийх юм бэ. Тоож мэндлэх хүн ч олдохгүй. Монгол Улсын банкны ерөнхийлөгч гээд байгаа нөхөр чинь залилан хийгч байна, эсвэл мэдрэл нь муудсан, галзуу нөхөр байх гэнэ. “Шилэн” Дамдин минь дээ, энэ дэлхий дээр чинь манай алтан тэвшийн хонхроос огт өөр дүрэм журам үйлчилдэг юм шүү дээ. Манай “шилэн” Дамдин өөрийнхөө хэмжээгээр сэтгэж, манай сэтгүүлчид түүний хэмжээгээр мэдээлж байгаа юм. Төрийн бүх ажлыг Шилэн данс ийнхүү царцаах нь. Шилэн дансыг хянагч “шилэн” Дамдин гэж олон сэтгүүлч бараа бологчтой, даналзсан аймаар амьтан гарч ирснээ “Шил авъя, шил авъя” гэдэг гудамжны нөгөө нөхдүүд шиг чарлаж эхэлсэн нь энэ төр засгийг мөн ч гутааж байна даа. Муу ч сайн ч энэ чинь тусгаар Монгол Улсын төр шүү. Одоо ч үзэгдэхээ байж дээ, хэдхэн жилийн өмнө бол гэрийн гадуур, гудамж талбайд “Шил лааз авъя” гэж орилолдсон нөхдүүд таардагсан. Аваад очихоор өнөө шил лаазчин нөхөр чинь “П… минь наад лаазаа гишгэж няцалж өг” гэж загнадаг. Өнөөдрийн “шилэн” Дамдингийн даналзаж байгааг харахаар энэ дүр зураг буух юм.

Шилэн дансны тогтолцоо ингэж л Монголын төрийг үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн тулгалтад орууллаа. Аль ч улс орны төр засаг хийсэн ажлаа ард түмэнд ойлгуулахын тулд хэвлэл мэдээллээр сурталчилдаг. Тэр нь өөрийн үнэ хөлстэй олон улсад тогтсон жишиг. Шилэн дансны ач буянаар лав сэтгүүл зүй-төр хоёрын өмнөх 20 жилд тогтсон хамтын ажиллагаа дуусгавар болсон. Үүнийг ардчиллынхан төр засгийн эрхэнд гарснаар хийх шив дээ. Төртэй холбоо­той үйл ажиллагаа бүхэн санхүүжилттэй. Тэр нь шилэн дансаар харагдах учраас “шилэн” Дамдин хянаж олон нийтэд “Төр булай юм хийж байна та минь ээ” гэж орилж хашгираад байх нь гэж айгаад. Шилэн Дамдингийн үг үйлдэл бүхнийг бүх сэтгүүлч уухай­лан мэдээлж, даган бархиралдсаар. Уг нь төрийн үйл ажиллагааг нийгмийн сэтгэл зүйд хүргэх нь сонин хэвлэлийн хамгийн том үүрэг. Гэвч төлбөрөө “шилэн” Дамдинаас айгаад өгөхгүй. Үүнийг нь хэвлэл мэдээллүүд шуугин дэмжээстэй. Үр дүнд нь мэдээллийн байгууллагууд дампуурах хурдаа нэмээстэй. Манай улсаас өөр хаана ч байхгүй хачин логик харагдаж байгаа биз.

Өнөөдөр Монголын сэтгүүл зүй, сошиал ертөнцтэйгөө онь холбож аваад аль нэг асуудлыг барьж авч балбаад, түүнийгээ бүр шуургалуулаад, давалгаалуулаад ирэхээрээ буруу замаар явчихдаг болсон. Энэ бүгдийг хэн залуурдаад байдгийг мэдэхгүй. Өнгөрсөн хугацааны шуургаллын үр дүнг харъя. Жишээ нь Оюу толгой төсөл байна. Эх орноо гэсэн баахан ардын баатрууд гарч ирсэн. Баахан Иргэний хөдөлгөөнүүд бий болсон. Бүгдэд Монголын сэтгүүл зүй, сошиал ертөнцийнхөн хайр зарласан. Тэдний цээжээ хэрхэн дэлдэж, Оюу толгой төслийг зүхэхийг сэтгүүлчид хийгээд твиттерчид дуу алдан дэмжиж хамтдаа бөөлсөн. Үр дүнд нь Монголын эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэн, дэлхийг дэлдийлгэсэн энэ төслийн амыг барих хэмжээнд аваачив. Одоо өөрсдийнхөө байгаа царайг хар даа. Мөнгө ч үгүй, юу ч үгүй. Одоо төсвийн тодотгол хэлэлцэх гэж байна. Улсын төсөв нь нэг их наядаар сох дутах нь. Айлаар бол хоногийн хоол ч үгүй хонож мэдэх нь. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн Оюу толгой минь хэмээн эргээд хашгирцгааж эхэлсэн. Мөн ШӨХТГ анх гарч ирэхэд сэтгүүл зүй, сошиал ертөнц хамтран хэрхэн хүлээн авч, балиашиглаж шуургаллаа. Үр дүнд нь үндэсний хэдэн том үйлдвэр болох Алтан тариа, АПУ… гэхчилэн хөл дээрээ боссон хэдэн компаниа дампууруулчих шахав. Одоо ШӨХТГ нь аль л болж бүтэж байгаа ажил бүрийг очиж шалгадаг, торгууль тавьдаг, хаалга үүдийг нь хаана гэдэг, түүнийг сэтгүүлчид шаагилдаж очоод орь дуу тавин мэдээлдэг. Ямар сэтгүүл зүй, сэтгүүлчид өнөөдөр Монголд бий болоод байгаа юм бэ. АТГ-ыг анхнаасаа сэтгүүл зүй, сошиал ертөнц хэрхэн шагшин шаагилдан магтан дуулав. Сүүлдээ энэ байгууллагынхаа өгөөш загас болж хувирсан. Зарим сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагууд өөрсдөд нь АТГ-ын дарамт ирснээр сая нэг сэхээ авч байх шиг. Гэвч бас л оройтсон борооны хойноос… Хувь хүний асуудлууд байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр камазын тэвш дүүрэн доллартай байжээ хэмээн зорилгот шуугиан дэгдээхэд сэтгүүл зүй тэр чигээрээ чарлалдан шавж очоод “Камазын тэвш дүүрэн ам.доллар байжээ” хэмээн бүтэн сар шуургалсан. Одоо хар, өнөө их ам.доллар чинь тэгээд хаана байна. Монголын сэтгүүл зүй одоо ингэж бууны нохой болдгоо боль. Монголын сэтгүүл зүй нийгмээ урагш нь чирч, хөтөлж явах үүрэгтэй. Гэтэл өнөөдрийн сэтгүүл зүй дэлхий ертөнцөөс арчигдан сөнөж буй социализм руу Монголын нийгмийг уллан чангааж байгаа нь гутамшиг. Ингэхгүй шүү найзууд аа, мэргэжил нэгтнүүд ээ. Одоо өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Өндөөр болоорой”

Одооны хүүхдүүд ёс уламжлалаа уландаа гишгэчихсэн, хүн хүндэлж мэддэггүй, хүмүүжилгүй гэж ахмадууд үглэдэг. Нээрэн ч тийм дээ гэж эргэлзтэл энэ талаар хүн болгон шахуу ярьж, хүүхэд, залуус ч эргээд өөрсдөдөө итгэхгүй байдалд хүрчихдэг.

Өчигдөр Улаан­хуарангийн эцсээс автобусанд суулаа. Эцсийн буудлаас хүн цөөн суусан учир оюутан залуус гэлтгүй бүгд суудал эзлэв. Дараагийн буудалд зогсоход хөл хүндтэй бүсгүй орж ирэв. Урдуур суусан тав, зургаан залуу нэгэн зэрэг өндөлзөж суудал тавьж өглөө.

Жирэмсэн бүсгүй нэгнийх нь суудалд талархал илэрхийлэн суув. Түүний араас эмнэлэг рүү халуун хоол цай зөөж яваа болов уу гэмээр халуун сав, суулга барьсан эмээ орж ирэхэд дахин бүгд хөвөлзтөл босдог юм байна.

Араас нь орж ирсэн хөгшин хөвөө, настай хүн болгон хоромхон зуур л суудалд заларч хүүхэд багачуул нь цагаригтай бариулаас сэвхийтэл бариад л зорчсон шүү. Ийм зураглал, үйл явдал ганц тэр автобусанд биш Улаанбаатарын нийтийн тээвэрт яваа бүх автобусанд болж л байгаа даа гэсэн гэгээн бодол төрөв.

Залуус нь ийм сайхан боловсон, хөгшин хөвөө, хөл хүндтэй гэлтгүй бусдыг хүндэтгэдэг болж эхэлж байхад загнаж хараахын хэрэг ер алга. Харин суудлаа гуйлгахгүй өгсөнд нь урам хайрлаж “Өндөөр болоорой” гээд ерөөчихөд залуус бид чинь хөөрөөд л явчихна.

Д.ГАНСАРУУЛ