Categories
мэдээ нийгэм

Чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 30. Сугар гариг. Билгийн тооллын 18. Чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 07:55 цагт мандан, 17:57 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу тул аливаа үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

С.Сүх-Очир: “Корэйн эйр” компани шударга өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

БНСУ-ын “Корэйн эйр” компани монголчуудад өндөр үнээр тийз борлуулж байна гэх шалтгаанаар тус улсын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд Монгол Улсын иргэн С.Сүх-Очир гомдол гаргажээ. Түүнтэй цахим хуудсаар дамжуулан холбогдож гаргасан гомдлынх нь талаар тодрууллаа.

-Та БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд “Корэйн эйр” компанийг шалгуулахаар иргэний гомдол гаргасан гэсэн. Ямар асуудлаар хандах болов?

-Би БНСУ-ын Сөүл үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын дээд сургуулийн докторантурт суралцдаг. БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд иргэний гомдол гаргасан юм. Шалтгаан нь “Корэйн эйр” компани Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгт өөрсдийн монопол давуу эрхээ ашиглан багадаа хоёр дахин, ачаалал ихтэй үед дунджаар гурав дахин өндөр төлбөртэй тийз борлуулж байгааг шалгуулахтай холбоотой.

-“Корэйн эйр” Сөүл-Улаанбаатарын хооронд нислэг хийсэн 14 жилийн хугацаанд монопол эрхтэй байсан гэсэн. Энэ байдлаа давуу тал болгон УБ-Сөүл-УБ руу зорчих онгоцны тийзийн үнийг өндөр тогтоосон гэж байгаа. Мөн тийзийн үнийг 40 хувь хүртэл бууруулах боломж байгаа гэх нь хэр үндэслэлтэй вэ?

-Зах зээлийн эдийн засагт монопол гэдэг нь аливаа нэгэн өрсөлдөгчгүй байдлаар бараа бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээ үзүүлэх эрхийг хэлдэг. Өрсөлдөгч байхгүй тул зах зээл дээр гаргах бараа бүтээгдэхүүний үнийг дангаараа, өөртөө ашигтай байдлаар тогтоох бололцоотой болно. Энийг л “Корэйн Эйр”компани хэрэгжүүлж байгаа юм. Жишээ нь, Улаанбаатар хотод талх борлуулах эрхийг зөвхөн С.Сүх-Очир гэдэг хүнд олговоос тэрээр талхныхаа үнийг өөрийн дураараа тогтоож, өөртөө ашигтай байдлыг бий болгоно. Түүний талх амтгүй байсан ч, өндөр үнэтэй байсан ч иргэдэд сонголт байхгүй тул худалдаж авахаас өөр аргагүй. Харин монопол тогтолцоо задарч өөр хэд, хэдэн хүн талх борлуулах эрхтэй болвол хүмүүс аль амттай бөгөөд өөртөө ашигтай, худалдан авах бололцоо бүрдэж зах зээлд олон сонголт бий болдог. Үнэндээ УБ-Сөүлийн хооронд 2000 км арай хүрэхгүй зайтай. Өрсөлдөөнтэй зах зээлд, үүнтэй ойролцоо зайд нислэг үйлдэхэд 250-350 ам.долларын үнэтэй тийз борлуулах бололцоотой байдаг. Жишээ нь, Сөүл-Хонгконгийн чиглэлд дунджаар 250-350 ам.долларын үнэтэй тийзүүд их байдаг. “Корэйн эйр” компани нь Улаанбаатар руу нислэг үйлдэхэд хямддаа 630 ам.доллар, үнэтэй үедээ бараг 1000 ам.долларын тийз бидэнд борлуулж байна. Энэ үнийг бууруулах талаар удаа дараа гомдлоо илэрхийлж байсан хэдий ч “Корэйн эйр” компаниас хариу ирж байгаагүй. Тэд ийм байдлаар сүүлийн 14 жил монопол эрхээ давуулан ашиглаж жилд дунджаар 14 сая орчим ам.долларын илүү ашиг хүртсэн хэмээн Солонгосын хэвлэл мэдээллээр, мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн чуулганаар парламентын хянан шалгах эрхээ хэрэгжүүлэх явцад мэдээлэл гарч байсныг уншиж байлаа.

-Таны зүгээс дээрх хугацаанд олсон ашгаа зорчигчдод эргүүлж өгөхийг шаардаж байгаа гэсэн. Эргүүлэн өгөх боломжтой юу. Ер нь 14 жилийн хугацаанд ойролцоогоор хэдэн ам.долларын тооцоо гарах бол?

-Эхлээд шударга бус өрсөлдөөн гэдгийг нь тогтоож өгөх хэрэгтэй. Хэрэв шударга бус өрсөлдөөн гэдэг нь нотлогдвол(одоогийн байдал нь шударга бус өрсөлдөөн хэдий ч тэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа) өнгөрсөн хугацаанд төлбөрөө төлж зорчсон иргэд илүү төлсөн төлбөрөө нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж бодож байна. Иймд “Корэйн эйр” компанид нийгмийн хариуцлага гэж байдаг бол өөрсдөө сайн дураараа үнээ буулгах, мөн илүү авсан төлбөрөө буцааж өгнө гэж найдаж байгаа юм. Орлогын тухайд жилд дунджаар 14 сая ам.долларын илүү ашиг хүртсэн гэж эндхийн хэвлэл мэдээллээр гарсан. Тэгэхээр энэ тоог 14 жилд үржүүлэхээр тооцоо гараад ирнэ.

-БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд та яг ямар, ямар шаардлага тавьсан юм бэ?

-Миний хувьд одоогийн борлуулж буй үнээ 40 хувиар буулгах, Монгол Улсын хууль дүрмийг чандлан сахих, давуу эрхээ ашиглаж илүү ашиг хүртсэнээ буцааж зорчигчдод олгох, мөн шударга бус өрсөлдөөний улмаас Монгол Улсын иргэдийг хохироож ирсэн гэдэгтээ албан ёсоор уучлалт гуйхыг хүсч байгаа юм.

-Ер нь “Корэйн эйр” ямархуу үйлчилгээтэй вэ. Монголчууд ерөнхийдөө ам муутай байдгийн шалтгаан нь юу вэ?

-Уг нь энэ компани салбартаа маш сайн үйлчилгээтэй газруудын нэгд тооцогддог. Улаанбаатарын чиглэл бол энэ компанийн хамгийн ашигтай чиглэлүүдийн нэг нь. Ийм нөхцөлд уг нь монгол зорчигч бүрийг, тэр хүн төрийн өндөр албан тушаалтан биш байсан ч хүндэтгэлтэй хандаж байвал манай иргэдээс гомдол гарахгүй байх гэж бодно. Ер нь ажилтнууд нь ч гэсэн их хүнд нөхцөлд ажилладаг юм байна лээ. Манай зарим үйлчлүүлэгч онгоцонд согтуу байх, чанга дуугаар ярьж бусдын тав тухтай байдлыг алдагдуулах нь ч анзаарагддаг. Үйлчилгээний байгууллага нь үйлчлүүлэгч нараа гомдолгүй байлгах төдийгүй, өөрсдийн үйлчилгээгээр тэдний сэтгэлийг хөдөлгөж чадваас тэр компани үйлчлүүлэгчдээ алдахгүй. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд хэдэн ч өрсөлдөгч байсан сайн компани бол өөрийн үйлчлүүлэгчээ хэзээ ч алдахгүй юм. Үүнийг л “Корэйн эйр” зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Таны мэдэгдэлд Монголын иргэд, аж ахуйн нэгжийг эрхшээлдээ оруулсан байдаг гэсэн байна дээ. Үүнийг тайлбарлахгүй юу?

-“Корэйн эйр” олон жил монопол эрхээ алдахгүй байгаа нь цаанаа учиртай байх. Тэднийг дэмждэг, харагдахгүй хүчин зүйл үйлчлээд байна гэж бодож байгаа. Солонгосын хэвлэл мэдээллээр хүртэл Монголын төрийн албан хаагч нарыг үнэ төлбөргүй Чэжү аралд амраасан, авлига өгсөн гэх мэдээлэл гарч байлаа. Энэ талаар бид Монголдоо сөхөж дэлгээгүй болохоос бүгд л мэдэж байгаа асуудал. Солонгосын нисэхийн салбар буюу Зам тээврийн яамнаас нь хүртэл Сөүл-УБ-Сөүл чиглэлд Монгол, Солонгосын хоёр, хоёр компаний гүйлчилгээнд гаргах санал дэвшүүлж байсан. Гэвч уг санал ямар нэгэн байдлаар хойшилсоор байна. Гэхдээ ирэх жилээс эхлэн Улаанбаатар-Пусан чиглэлд шинэ компанийг шалгаруулна гэсэн. Гэвч энэ тоо нийт зорчигчийн аравхан хувьтай тэнцэх тул тийзийн үнэ бидний хүссэн хэмжээнд хүртэл хямдрахгүй болов уу. Ер нь “Корэйн эйр”-ийн асуудлыг зөвхөн Солонгост төдийгүй Монголын холбогдох газрынхан анхаарах хэрэгтэй. Би Монголын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт уг асуудлаар иргэний гомдол гаргана гэж бодож байгаа.

Өнгөрсөн сард Х.Энхманлай гэж хүн “Корэйн эйр” авиа компани монголчуудыг дорд үзэж, хүний эрхийг зөрчиж байгаа тухай олон нийтэд мэдээлж байсан. Тэрээр манай сонины 2015.09.26-ны дугаарт өгсөн ярилцлагадаа “…Тус компани зорчигчдоо анхаарал хандуулаагүй. “Корэйн эйр” компани хариуцлагыг өөрөөсөө шууд зайлуулж байна. Хоёрдугаарт, хүний эрхийг хүндлэхгүй байна. Шар толгойтой хүмүүст сайхан хандаад, монгол хүнд болохоор хүн гэж үзэхгүй хандаж байна. Өвчтэй хүн явж байхад биеийн нөхцөл байдалд нь ерөөсөө дүгнэлт хийж, зохих арга хэмжээг аваагүй, тухайн үед ээлжинд гарч байсан “Корэйн эйр” болон шалган нэвтрүүлэхийн ажилчид нь. Монгол хүн гэхээр л ойшоохгүй байх тийм сэтгэгдэл төрж байгаа юм. Энэ байдал маш олон жилийн турш үргэлжилж, ужгирч байна. Өнөөдөр бид үүнийг таслан зогсоох цаг болсон. Наад захын жишээ хэлэхэд, “Корэйн эйр” гэдэг компанийн үйлчлэгч нь монголчуудын хажуугаар өнгөрөхдөө хялам хийж, хамраа дардаг. Яахав дээ, хөдөөний хүн орж ирээл биз. Хэдий тийм байлаа ч үйлчилгээний стандартаа мөрдөөд ажиллах ёстой. Монголчуудыг харанхуй бүдүүлгээр нь дуудаад л “пий, паа” болоод л. Биднийг олон жилийн туршид ингэж гадуурхаж ирсэн. Ялгаварлан харьцаад байгаа юм. Боловсролтой, хэл устай, олон улсуудаар яваад үзчихсэн байрын хүнтэй тэд чинь шал өөр харьцана. Тийм хүмүүст “Корэйн эйр”-тэй холбоотой хүндрэл бараг тулгарахгүй. Гэтэл зүгээр нэг, жирийн монгол иргэнд маш муухай ханддаг.

-Та “Корэйн эйр”-тэй холбоотой ноцтой баримт дэлгэнэ гэсэн. Ямар баримт юм бэ?

-“Корэйн эйр” компани 20 орчим жил Монголд Солонгосын талаас дангаараа буюу монополь байдлаар нислэг үйлдэж байгаа цорын ганц компани. “Корэйн эйр” компанид бусад нь яаж ч нөлөөлж чаддаггүй гэж байгаа юм. “Корэйн эйр” олигтой үйлчилж чаддаггүй юм бол чаддаг газрыг нь оруулъя л даа. Энэ асуудлыг гүнзгийрүүлээд судлахаар “Корэйн эйр” болохгүй байна, энэ компани монополь байдлаа хадгалахын тулд авлига өгсөн байж болзошгүй, маш бохир аргаар энэ байдлаа авч үлдэж байна гэдэг асуудлыг манайхаас ерөөсөө гаргаж тавьдаггүй. Солонгосчууд нь өөрсдөө энэ асуудлыг гаргаж тавиад байдаг. “Корэйн эйр”-ээс татгалзах, тэднийг болиулах эрх нь монголчуудад байдаг. Солонгосчууд яаж ч орилоод монголчууд хөдлөхгүй бол “Корэйн эйр”-ийг өөр авиа компаниараа сольж чадахгүй шүү дээ. 2013 онд Солонгосын их хурлын гишүүн Пён Че Ил гэдэг хүн мэдээлэл хийсэн байдаг. Тэрээр “Корэйн эйр”-ийг Монгол руу монопол байдалтайгаар нислэг үйлдэж өндөр ашиг гаргадгийг зарласан. Үйлчлүүлэгчдийнх нь дийлэнх болох монгол зорчигчид адил зайд нисэх бусад компанийн онгоцны зардлаас дунджаар 42 хувиар илүү үнэтэй тасалбар худалдаж авч байгааг мэдэгдсэн. “Корэйн эйр” компани өөр бусад хотууд руу нисэх нэг удаагийн нислэгээсээ дунджаар 3-9 хувийн ашиг олдог бол Улаанбаатар хот хүртэлх нислэгээсээ 19-29 хувийн ашиг олдог гэдгийг Пён Че Ил судалгаатайгаар тогтоосноо нийтэд ил болгож мэдэгдсэн…” хэмээжээ.

С.АЛТАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баярсайхан: Дэд сайд нарын орон тоог хасна гэдэг өнөөдрийн тулгамдсан асуудал биш

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Монголд 110 мянган ажилгүй залуус байна. Тэднийг цэрэгт явуулж, мэргэжилтэй болгон бүтээн байгуулалтын ажилд оролцуулна гэж байна. Та болохоор 110 мянга гэдэг чинь худлаа тоо гэж байх юм…

-Өнгөрөгч онд манай улсын хүн хүн ам гурван саяд хүрч, гурван сая дахь иргэнээ хүлээж авсан. Ерөнхийдөө улс ардын аж ахуйн салбарт ажиллаж байгаа 1.1 сая орчим хүн бий. Дээр нь нэг сая орчим хүүхэд байгаа. Сургуульд сурч байгаа болон бусад хүмүүсийн хүний нөөцийн балансаа гаргаад үзэхээр олон жилийн дунджаар 200 гаруй мянган хүн хөдөлмөр эрхлээгүй байдаг. Үүн дотор хүүхэд гаргасан, ажлаасаа чөлөөлөгдсөн гээд олон хүн бий. Тэдэн дунд ажил хийх сонирхолгүй ч хүмүүс байдаг юм. Харин идэвхтэй ажил хайж байгаа 30-35 мянган иргэн байдаг. Тиймээс энэ тоог зөв гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэний журамт үүргээ биелүүлэхийн тулд залуус цэргийн алба хаах хэрэгтэй л дээ. Биднийг оюутан болоод Орост очиход Венгерээс ирсэн оюутнууд биднээс ахимаг насныхан байдаг байлаа. Яагаад гэхээр тэд эх орондоо цэргийн алба хаагаад ирдэг байсан. Энэ тогтолцоог би зөв гэж боддог. Залуусыг ажил хөдөлмөрт татан оролцуулж бүтээн байгуулалт хэрэгтэй цэгт нь ажиллуулах санал санаачилга өмнө нь гарч байсан юм. Залуус бүтээн байгуулалтад оролцохоосоо өмнө мэргэжилтэй болох хэрэгтэй. Дараа нь ажилд орж тодорхой хугацааны дараа цалин авч хуримтлал үүсгээд их дээд сургуульд орох, орон сууцны зээлд хамрагдах гэх мэтээр зөв зам руу орох юм бол энэ зүйл хэрэгтэй. Дээд сургуульд сурсан нэртэй ажилгүй явдаг залуус манайд бий. Төр бодлогын хувьд бүхий л тал дээр нь анхаарч явах ёстой. Ямар насны залуус ажилгүй байна. Ямар насны залуус сургуульд сурч байна, гараад ажлын байр байна уу, эдийн засгийн бүтэц ямар байгаа гэхчилэн дараагийн алхмаа харсан төлөвлөлт хийх шаардлагатай. Тэр утгаар нь энэ бодлогыг дэмжиж байгаа.

-Байнгын хорооны хурал дээр эдгээр залуусын хөдөлмөр эрхлэх асуудлыг албадлагын байж болохгүй гэж байсан. Тодруулахгүй юу?

-Олон улс талаасаа энэ нь албадлагын хөдөлмөр эрхлэлт байж болохгүй. Учир нь Монгол Улс хөдөлмөрийн суурь найман конвенцийн хоёрт нь 2004-2005 онд элсэн орсон. Элсэж орохдоо албадлагын хөдөлмөрийг устгасан хэмээн албан ёсоор орж байлаа. Үүний дүнд Европын холбооны улс руу импортын татваргүй 7600 гаруй төрлийн бүтээгдэхүүн оруулдаг болсон. Тэр утгаараа томъёоллоо зөв хийж өгөх шаардлагатай.

-Гэхдээ залуусыг цэрэгт явуулж мэргэжилтэй болгохоос эхлээд төсөв хөрөнгө шаардлагатай байх. Эдийн засаг хүнд байгаа энэ үед гарах зардлаа хэрхэн тооцох юм бол. Санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?

-Статистикаас харж байхад 2012 онд барилгын салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж байсан. Харин 2014 онд 72 мянга болж өссөн. Бүтээн байгуулалтын энэ явцад Монголын залуучуудын оролцоо нэмэгдсэн гэж үздэг. Уул уурхай гайгүй явж байхад энэ салбарт ажилладаг залуус их байлаа. Тэр утгаараа орон нутгийнх нь иргэд, тэнд ажиллаж буй хүмүүсийн амьдрал ахуй сайжирсан. Хүн орлоготой байх ёстой. Орлоготой байхын тулд ажилтай байх ёстой. Харин ажлын байр нь мэргэжил, ур чадвар шаардсан, хүнээ хөгжүүлэх бололцоотой байх ёстой юм болов уу. Сүүлийн үеийн тоо баримтаас харахад гаднаас ажиллах хүч авдаг байдал барилгын салбарт гэхэд 40 хувиар багассан. Нэгэнт улсын төсвөөс мөнгө гаргаад, Чингис бонд гэх мэт гадны хөнгөлөлттэй зээл авч бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бол монгол хүнээ цалинжуулаад ажиллах ёстой. Тэгэхгүйгээр гадны хүмүүс авч ирээд ажиллуулаад байвал тэр мөнгө гадагшаа урсч байна гэсэн үг. Аль болох дотоодоосоо ажиллах хүчээ хангаад явбал энэ мөнгө Монголдоо үлдэнэ. Гаднаас огт хүн авахгүй гэж байгаа юм биш шүү. Үнэхээр ажлын дадлага, туршлагатай инженер техникийн хүнийг авч ирээд ажлын байран дээр нь сургалт явуулбал үр дүнтэй болно.

-Гэхдээ манайхан чинь цалингаа аваад ажлаа хаяад явчихдаг гээд монголчууддаа ер нь дургүй талдаа үг унагаж байгаа харагддаг?

-Улаанбаатарт тавигдсан Нарны замыг хар л даа. Япон инженерүүд зогсч байгаад бариулсан. Мөн Налайхаас цаашаа Төв аймгийн Эрдэнэ сум хүртэл авто зам тавихад инженер нь япончууд, ажилчид нь монгол хүмүүс байсан. Тэр зам гэхэд дахин мөнгө зараагүй гайхалтай зам болсон. Манайхан богино хугацаанд ур чадвартай ажлыг гүйцэтгэдэг болсон байна. Гагцхүү цалин хөлсний найдвартай систем хэрэгтэй байгаа. Компаниуд ганц жил ажил хийгээд дуусах биш хэд хэдэн жилдээ хийх ажил нь байх юм бол манай хүмүүс тогтвор суурьшилтай ажиллах боломжтой. Тэгэхгүйгээр нэг жилд ганц тендер аваад дараа жил нь ажил олддоггүй ийм компанид яаж хүмүүс тогтвортой ажиллах юм. Компани нь ч гэсэн яаж өндөр цалин өгч ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах юм бэ. Ажлын байр буюу хөрөнгө оруулалт ялангуяа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудыг үндэсний компаниуддаа олгодог тийм тогтолцоо руу орчихмоор байгаа юм.

Барилгын салбар гэхэд улирлын чанартай байдаг. Тэр утгаараа ажиллах хүчин болон барилгын бүхий л зүйлээ дотоодоосоо авах шаардлагатай. Барилгын салбарын ажиллах хугацааг уртасгахын тулд барилгын материалын үйлдвэрүүдээ дэмжсэн. Мөн барилгын компаниудаа ч дэмжсэн юм. Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд бүхий л салбартаа ийм бодлого явуулах хэрэгтэй.

-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Эдийн засаг амаргүй байгаа болохоор төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн албан тушаалтан 2900 гаруй хүний цалинг 30 хувиар хасна гэж байна. Энэ тал дээр та ямар бодолтой яваа бол?

-2015 оны төсвийн орлого тодорхой хэмжээнд тасрах нь ойлгомжтой байсан. Төсвийн орлогын төлөвлөлтийг буруу хийгээд байна. Миний хувьд статистик, төлөвлөгөөний байгууллагад нэлээд олон жил ажилласан. Бид төлөвлөлт гэдэг зүйлээсээ холдож, төсөөрсөн байна л даа. Төлөвлөгөө ярьсан хүнийг бараг социализмын үлдэгдэл маягтай ойлгож, нийгэм, эдийн засгийн төлөвлөлтийг төсөвтэй хамт хэлэлцдэгийг болиулаад дөрвөн сард нэг юм ярьдаг болгосон. Түүнийхээ гүйцэтгэлийг ярьж байгаа ч юм алга. Тийм учраас төсвийг төлөвлөхдөө анхан шатны нэгж байгууллагуудаасаа эхлээд баг, хороо, сум, аймаг, дүүрэг, нийслэл гээд төлөвлөлтөө оновчтой болгох ёстой.

Мөн бид ямар зүйлсээсээ орлого олж амьдардаг вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Энэ төлөвлөлт байхгүй учраас Их хурал дээр хэлэлцэхэд орон нутагт ийм обьект хэрэгтэй байна гэдэг. Ер нь манай гишүүд төсөв ярихад л сэрдэг. “Хөөе энэ чинь сургууль, цэцэрлэггүй тэдэн жил болчихож” гээд унадаг. Тэрнийхээ зардлыг шийдэхийн тулд орлого дээр нь тэдэн төгрөг нэмчихье, тэндээс тийм мөнгө авчихъя. Төсвийн алдагдлыг бусад эх үүсвэрээс хаана гэдэг зарчмаар явсаар байгаад өнөөдөр ийм байдалд хүргэсэн. Нэг төгрөг орсон бол эргүүлээд нэг төгрөг гаргахаас өөр аргагүй.

-Тэгэхээр юу ч хийхгүй байна гэсэн үг үү?

-Төсвийг оновчтой болгохын тулд Их хурал, Засгийн газарт хийсэн зүйл бий. Төсвийн тогтвортой байдлын хуулиа батлахдаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болчих гээд байна гэж үзээд түрүүчийн парламент экспортын гол төлөв зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой тооцдог байсан. Үүнээс өсөх юм бол өссөнөөс орж ирсэн орлогоо Төсвийн тогтворжуулалтын сандаа авч багаар төлөвлөсөн зүйлсээ төсвийн тооцоондоо аваад явъя гэдэг нь зөв байх. Харамсалтай нь бид тэгж явж чадалгүй олсон орлогоороо байшин барилга бариад эдийн засаг дээр жаахан хүндрэл гарангуут үүнийгээ дааж чадахгүй ийм байдалд хүрч байна. Цааш цаашдаа энэ байдлаас салах хэрэгтэй. 1998 оны улсын төсвийг хэлэлцэж байхад улсын нийт төсөв 380 тэрбум байсан. Хөрөнгө оруулалт 20 тэрбум байсныг санаж байгаа байх. Гэтэл өнөөдөр ямар хэмжээтэй өссөн байна вэ. Салбар салбараар нь авч үзэхэд 2005 оноос хойш төсөв нь 95-25 дахин нэмэгдсэн тухай байнгын хороон дээр ярьж байна. Энэ өсөлт юун дээр гарч вэ гэдгийг бодитой дүгнэх ёстой.

Азийн бүтээмжийн байгууллага гэж байдаг. Тус байгууллага гишүүн орнууддаа хандаж “Бизнесийг аль болох хүндрэл багатай явуулах, орлого нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Хоёрдугаарт, төрийн хүнд суртлыг арилган зардлаа бууруулах хэрэгтэй” гэсэн юм. Манай улсын хувьд дээрх хоёр зүйлийг зөв хэрэгжүүлэх шаардлагатай. Яамдын тоог цөөлнө энэ тэр гээд л байна. Үнэхээр тийм юм бол бодлогоо боловсруулдаг хэдэн яам байх юм. Тэр ажлыг хийхэд хичнээн албан хаагч хэрэгтэй вэ. Хэрэгжүүлэлтийг нь зохицуулдаг агентлаг хэд байх ёстой юм гэдгээ тогтчих. Ингэж чадвал төрийн зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшлийн ямар компаниар гүйцэтгүүлэх боломж байна гэдэг тодорхой болно. Харамсалтай нь бид ингэж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Хөрөнгө оруулалт байнга нэмэгдэж байгаа. Барилгын салбарт нэг компани тендерт яллаа гэхэд ялагдсан компани нь шүүхэд өгч сунжирдаг. Үүнээс болж тухайн компани цаг хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөх боломжгүй болдог.

Зарим барилгыг төсөвт өртгийг нь тухайн жилийн төсөвт маш багаар суулгаж өгдөг. Ингээд шилжих барилга болчихоор өмнө нь тавьсан мөнгө эхлүүлсэн ажлынхаа харуул, хамгаалалтад бараг таардаг юм. Энэ маягаар төсөв нь хэтэрдэг. Үүнийгээ цэгцэлж өөрсдийнхөө хөрс суурин дээр харах шаардлага Засгийн газар, УИХ-ын өмнө тулгарч байна.

-Дэд сайд нарын орон тооны цомхотгол хаашаа эргэх гээд байна вэ. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ гэж нэг хэсэг нь яриад нөгөө хэсэг нь ирэх оноос хэрэгжинэ гээд байх юм?

-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөвт зарим төрийн байгууллагыг нэгтгэх, чиг үүргийг нь өөрчлөх зарим нэг орон тоог хасна гэж байна. Гэхдээ үүнийг хийгээд байх ч зүйл биш юм. Хамгийн гол нь төсвийнхөө бүтэц, төлөвлөлтийг сайжруул. Шаардлагатай ажил хийдэг газруудаа оновчтой болгох хэрэгтэй. Дэд сайд нарын орон тоог хасна гэдэг өнөөдрийн тулгамдсан асуудал яг ч биш юм. Засгийн газар яагаад ийм асуудал оруулж ирсэн юм бол хэмээн гайхаж л сууна. Ийм маягийн хэмнэлтийг хийчих бүрэн боломж байгаа. Хувийн хэвшлийнхний хийчих ажлыг төсвийн мөнгөөр хийнэ гээд оруулаад ирчихсэн байна. Шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ч их байна. Энэ бүгдээ зөв харахгүйгээр зарим зүйлийг хэтэрхий улстөржүүлээд байгаа нь төсвийг бодитой төлөвлөж, батлахад хүндрэл учруулах байх.

-Томоохон ордууд эргэлтэд орчихвол эдийн засгийн хүндрэл гэдэг тийм ч хүнд зүйл биш гээд байгаа. Та харин ямар бодолтой байна вэ?

-Томоохон төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэдэг бол ганцхан манай улсад ч учраад байгаа зүйл биш. Бусад орнууд ч гэсэн томоохон төслийг явуулахдаа нэлээд хүндрэл бэрхшээлийг туулдаг юм билээ. Хамгийн гол нь ойлголтын зөрүү байдаг. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжлээ гэхэд цаашдаа улс орны болон ард түмний амьдралд хэрхэн нөлөөлөх юм. Хүрээлэн буй орчиндоо яаж нөлөөлөх вэ гэдгийг Засгийн газар маш сайн тооцож байж Их хуралд хуулийн дагуу оруулдаг байх хэрэгтэй. Их хурлаар тодорхой төслийг хэлэлцэж батлах шаардлагагүй гэж боддог. Засгийн газар өөрийн эрх үүргийнхээ хүрээнд асуудлаа шийдээд буруу зөвийг нь Их хурал дээр яриад явдаг болох хэрэгтэй. Бид томоохон төслүүд дээр нэгдсэн нэг ойлголттой байх ёстой. Тэгэхгүйгээр өөр хоорондоо зөрчилтэй байгаа нь чухам бидний ойлголтын зөрүү юм уу, гадны захиалга юм уу гэдгийг би ялгаж чадахгүй байна. Бид нэг үгээр ярьдаг байвал хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцоно. Манайхан дотроо зөрчилтэй зүйл яриад байхаар гадны байгууллагууд тоглоод байна уу даа гэж харах юм. Аль ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нутаг усандаа амьдарч байгаа малчнаасаа эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд нь нэг л ойлголттой болох ёстой. Хамгийн гол нь нутагтаа амьдарч байгаа хүмүүс гол асуудлыг нь хэлнэ шүү дээ. Олон зуун жил бидний амьдарч ирсэн амьдрал ахуйд ингэж нөлөөлөх юм байна гээд ярина. Үүнийг шинжлэх ухааны байгууллагууд нь судлаад энэ төслийг явуулъя, энэ төслийг явуулж болохгүй юм байна гэдэг дүгнэлтээ гаргадаг болох хэрэгтэй. Ингэхгүйгээр бүхнийг дээрээсээ шийдээд явж боломгүй байгаа юм. Эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний төслүүд явах ёстой.

-Өнөөдрийн нөхцөлд барилгын салбар хүнд байгаа. Хэдхэн жилийн өмнө хамгийн урагштай яваа салбар хэмээн нэрлэгдэж байсан хэдий ч өнөөдөр зогсчихлоо. Зах зээлд 30 орчим мянган орон сууц эзнээ хүлээж байна гэх юм. Барилгын компаниуд ажилчдаа цомхотгоод эхэлсэн байгаа. Энэ бүхнийг өмнө нь тооцоолох боломж байгаагүй юм уу?

-Барилгын салбарын ажиллах хугацааг уртасгаж, барилгын талбай дахь нойтон ажлыг багасгах үүднээс дотоодын барилгын материалын үйлдвэрийг дэмжсэн. Барилгын материалын үйлдвэрүүд өвөлдөө ажиллахгүй зогсчихдог байсан тул аль болох гаднаас материал оруулж ирдэг байсан. Өнөөдрийн нөхцөлд бид гаднаас 70 гаруй нэр төрлийн барилгын материалыг авах шаардлагагүй болчихлоо. Ирэх оноос манай улс зургаан сая тонн цемент үйлдвэрлэдэг болно. Шохойтой хавтан, төмөр хийц, сантехникийн хоолой гээд бүхий л зүйлсээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон.

Иргэдийг орон сууцаар хангах гэдэг бол төрийн том бодлого л доо. Найман хувийн хүүтэй гээд хязгаарлагдмал эх үүсвэр явж байсан. 2003 оноос моргейжийн зээлийг банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгоод явсан. Сүүлд нь зургаан хувь гээд Хөгжлийн банкнаас санхүүжүүлээд ажил эхэлсэн ч мөнгө нь дууссан. Тиймээс орон сууцаар хангах бодлогын хүрээнд нэгдүгээрт, найман хувийн хүүтэй моргейжийн зээлийн тогтолцоо гаргасан. Эрэлт талдаа асуудлыг нь шийдэхээр нийлүүлэлт талд нь материалын үйлдвэрийг дэмжсэн. Ингэснээр орон сууцны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлж өгсөн. Барилгын явц нь дуусах дөхсөн барилгуудыг арилжааны банкуудтай хамтран судлаад нийлүүлэлтийг нь дэмжээд явсан. Одоогийн байдлаар манай улсад 73 мянган өрх моргейжийн зээлтэй байна. Үүний 52 мянга нь найман хувийн зээлд хамрагдсан. Гэхдээ моргейжийн зээлээр орон сууцны бүх асуудлыг шийдэхгүй. Дараагийн үе шат нь түрээсийн орон сууц хөтөлбөр. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг Засгийн газар баталсан байна лээ. Моргейжийн зээлээр орон сууц авч чадахгүй байгаа хэсэг түрээсийн орон сууцанд амьдарч байгаад дараа нь орон сууц авч моргейжийн зээлд орох боломж байгаа. Мөн манай улс иргэддээ газар өмчилсөн. Тиймээс иргэд өөрсдийн газар дээрээ амины орон сууц бариад амьдрах бүрэн боломжтой. Тэр утгаараа амины орон сууцыг моргейжийн зээлд хамруулсан. Нэг үе орон сууц дутагдалтай байдаг байсан бол одоо илүүдэлтэй болсон байна. Илүүдэл орон сууцыг шийдэх гарц бий. Байшин байхгүй байхад асуудал нэг өөр. Байгаа нөхцөлд түүнийг эзэмших, ашиглах гээд өөр асуудал.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт үйлдвэр улс төрийн байгууллага шиг болжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдээд байна. Энэ өдрийн дугаарт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн ярилцлага хэвлэгдлээ. Тэрээр Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулах шаардлага яагаад гарсныг тайлбарлажээ. Мөн сум орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид хууль зөрчин олгодог асуудлыг хөндөв. Үүнийг нь тухайн аймгийн удирдлагууд, хууль хяналтын байгууллагынхан мэдэхгүй байгааг ч онцолсон байна. Өчигдөр болсон нэгэн томоохон үйл явдал бол нийслэлийн 376 жилийн ой юм. Энэ өдрийг угтсан олон арга хэмжээнүүдийн дотроос хямдралтай худалдаа нь иргэдийн анхаарлыг нэлээд татдаг. Тус хямдралтай худалдаанаас хийсэн сурвалжлагыг нэг болон наймдугаар нүүрээс уншаарай.

Түүнчлэн баримт, үзэл бодлын гуравдугаарт нүүрт “Эрдэнэт үйлдвэр улс төрийн байгууллага шиг болжээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Өршөөлийн хуулийг хэлэлцсэн нь олны анхааралд байлаа. Уг хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг улс төрийн мэдээ мэдээллийн хоёрдугаар нүүр болон 11 дүгээр нүүрт дамнуулан нийтэлснийг сонирхох боломжтой.

“Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” хэмээх судалгааг авсныг Хууль зүйн үндэсний хүрээлэнд өчигдөр танилцуулсан. Үүнээс хийсэн “Жилд 300 гаруй хүүхэд мориноос унасны улмаас эмнэлэгт ханддаг” хэмээх сурвалжлага нийтлэгдсэн юм. “Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд анх удаагаа сонгогдлоо” хэмээх сурвалжлагыг Америкийн Вашингтон дахь манай сонины сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ бэлтгэн явуулсан байна. Үүнийг сонирхон уншаарай. Манай өнөөдрийн дугаарт мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач Ц.Доржготовтой хүүрнэсэн ярилцлага гарлаа. Тэрээр өөрийн амьдрал, үзэл бодлын тухай илэн далангүй ярьжээ.

Энэ мэтчилэн цаг үе, гадаад мэдээ зэрэг уламжлалт нүүрүүд багтсан болно. Та бүхэн тэндээс Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Түмэндэмбэрэлтэй холбоотой хэрэг хэрхэн шийдэгдсэн. Түүнчлэн улсын төсвөөр баригдаж буй дутуу барилгуудын талаарх мэдээллийг авах боломжтой.

“Өдрийнсонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас авч болохоос гадна бусад сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөнзавъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Минийдэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс гадна “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаарай. Энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Харин цахим хэлбэрээр захиалах бол 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаагаа сонгогдсон талаар сурвалжлагыг уншаарай

Манай сонины АНУ дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаагаа сонгогдсон талаар газар дээрээс нь хийсэн сурвалжлага баасан гаригийн дугаарт хэвлэгдлээ. НҮБ-ын Хүний эрхийн хороо нь НҮБ анх байгуулагдахад буюу 1946 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тус хорооны зөвлөл 47 суудалтай бөгөөд өөрөөр хэлбэл 47 улс дэлхий даяар хүний эрхийг хамгаалах үүргийг хүлээн ажилладаг, шийдвэр гаргадаг байна. НҮБ-д бүртгэлтэй 192 орноос 172 нь Монголын төлөө саналаа өгсөн нь бүлэг дотроо манай орон хамгийн олон санал авсан нь аж. Ингэснээр НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн гишүүн болсон байна. НҮБ-д элсэж чадах уу, үгүй юу гэдэг байдал байсан тэртээ он цаг хэдийн ард хоцорч Монгол Улс дэлхий даяар хүний эрхийг хамгаалах үйлст шийдвэр гаргах түвшинд оролцож эхэллээ. Уг үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг баасан гаригийн дугаараас уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хэлмэгдэгсдэд өгөх мөнгийг 2016 оны төсөвт багтаах хэрэгтэй

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨНДӨР НАСТАН Б.БАНЗРАГЧ

Монгол Улс 1930–1940 онд 20-иос дээш насны эрчүүдийнхээ 20 хувийг улс төрийн хилс хэргээр баривчлан яллаж, 15 хувийг буудан егүүтгэж “Дэлхийн рекорд” яргалал үйлдсэн. Тэгээд ч зогссонгүй 40000 өрхийнхөө бүх мал, эд хөрөнгө, гэр орныг нь хүртэл хурааж, ар гэрийнхнийг нь гудамжинд хөөж гаргасан. Бэлэвсэрсэн эхнэр, өнчирсөн хүүхдүүдийг нь эсэргүүнийхэн гэж адалж, ихэнхийг ажил, боловсролгүй болгож амьдралаар нь хохироосон. Ийнхүү хураасан хөрөнгөөрөө 1939 оноос эхлэн барилга барьж эхэлсэн билээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд ардчиллын ач буянаар цагаатгагдсан ч эцгээ төрд хилсээр цаазлуулсны, бүх насаараа бэлэвсэрч өнчирсний, хөрөнгөө хураалгаж хоосорсны хохирлоо хэнээс нэхэх вэ? Хамгийн бага тэтгэвэртэй, нэн ядуу, орон гэргүй болж, сэтгэл санаагаар хохирсны хохирлыг хэн ч барагдуулсангүй. Уг нь аль ч оронд нөхөн төлбөргүй цагаатгал гэж байдаггүй. 2000 оноос хойш эдийн засгийн хамгийн их өсөлттэй жилүүдэд ажиллаж байсан Ж.Бямбадорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулна, ар гэрт нь байр өгдөг болгоно” гэж 15 жилийн турш хэлмэгдэгсдийг хуурч горьдоов. 2012 онд Л.Цог хэлмэгдэгсдийн ар гэрт 70 сая төгрөг өгнө, төслийг нь энэ намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн нь бас л хоосон үг байв.

Харин одоо хохирогчдын өргөдлийн үндсэн дээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны шинэ дарга О.Баасанхүү санаачилга гаргаж,1930-1940 онд төрд эцгээ хилсээр цаазлуулсан хохирогсдод сар бүр дор хаяж 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байх тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн хавар боловсруулсан. Энэ оны есдүгээр сарын 10-ны Хэлмэгдэгсдийн өдрөөр УИХ-ын гишүүн Л.Цог, З.Энхболд, Д.Арвин нар УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Гагцхүү энэ төслөө дахин удаагаад байлгүй хурдхан шиг батлуулаад мөнгийг нь 2016 оны улсын нэгдсэн төсөвт суулгуулчих юмсан. 80, 90 нас гарсан өндөр настнууд өвчин эмгэгтэй болоод дуусч байна.

Categories
мэдээ нийгэм

Бүлэг дээрэмчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Тэмүжин нарт холбогдох хэргийг ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

У.Тэмүжин, У.Баярсүрэн, Г.Магнай, М.Мөнх-Отгон нар нь бүлэглэн 2011 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Өргөө” кинотеатрын баруун урд талд С-г такси барих гэж байхад нь автомашинд суулган авч явж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, 400 гаруй мянган төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн. Энэ үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч удаан хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан, өөрөөр хэлбэл шунахайн сэдэлтээр биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн бусдыг санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

Мөн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон, Б.Тайван, Т.Бархасболд нар нь 2011 оны 2 дугаар сарын 9-нөөс 2012 оны 1 дүгээр сарын 10-ны хооронд удаа дараагийн үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн аж. Түүнчлэн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон нар нь давтан үйлдлээр бүлэглэн иргэн Л, Э нарыг хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс У.Тэмүжинд 19 жил 6 сар, М.Мөнх-Отгонд 19 жил, Г.Магнайд 18 жил, У.Баярсүрэнд 17 жил 1 сарын хорих ялыг тус тус чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Б.Тайванд 6 жил, Т.Бархасболдод 3 жил 5 сар хорих ял тус тус оногдуулсан байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Categories
мэдээ нийгэм

Гурван авто засварын газрын үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн онцгой байдлын газар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг хийж байгаа тухай бид өмнө мэдээлсэн.

Тус шалгалтад нийт 199 объект хамрагдсан бөгөөд дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 1191 зөрчил илрүүлсэн байна. Илэрсэн зөрчлийн 158 зөрчил буюу 13.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулах албан шаардлага хүргүүлсэн байна.

Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Алтан Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны орон сууцны 72 а, 73 а барилгуудын зоорийн давхарт төлөвлөгдсөн автомашины гараж, иргэн Н.Пүрэвдоржийн авто засварын газар зэрэг нийт гурван газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Түүнчлэн 10 объектыг хоёр сая 156 мянган төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо

Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шилдгүүд өнөөдөр нийслэлийн Соёлын төв өргөөнд Гала тоглолт хийлээ. Энэ жилийн найрал дууны уралдаант наадамд Сонгинохайрхан дүүргийн 107, сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд тусгай байр эзэлсэн бол III байранд Баянгол дүүргийн 28-р сургууль, II байранд Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан байна. Харин тэргүүн байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг шалгарчээ. Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү наадмын шилдгүүдэд нийслэлийн удирдалгууд баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө.

Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан Хүүхдийн найрал дууны Гала тоглолтод уралдаант наадмын шилдгүүд болон Сүхбаатар дүүргийн 14-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд оролцож ая дуугаа өргөн нийслэлчүүддээ баярын мэнд хүргэлээ. Мөн энэ үеэр нийслэлийн удирдлагууд, цагдаа, эмнэлэг, хот тохижилтын ажилтнуудын төлөөлөл “Хүүхдэд ээлтэй Найрсаг Улаанбаатар хот” уриалгад нэгдэж гарын үсэг зурлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөлийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг хэлэлцэж баталлаа. Өршөөлийн хуулийг хэлэлцэх явцад ямар байр суурь илэрхийлж байсныг сонирхуулъя.

УИХ-ын
гишүүн Р.Гончигдорж
: -Өнөөдөр Өршөөл хууль дээр саналаа хэлснээр олон
гишүүн нийгмийн өмнө гэмтэн юм шиг болчихжээ. УИХ-ын гишүүн өөрийнхөө гаргасан
саналын төлөө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй. Өнөөдөр ядаж ямар
санал өгсөн гэдгийг мэдэгдүүлэх ёсгүй. Нууц санал хураалт явуулъя гэсэн горимын
санал гаргаж байна. Энд ямар саналаар санал хураалгахыг мэдэхгүй орж ирнэ гэж
байхгүй. Энэ бол та нарын муу санаа.

УИХ-ын дарга
З.Энхболд:
-Ганцхан тохиолдолд нууцаар санал хураалт явуулж болно,
УИХ-ын даргыг сонгоход. Тийм учраас хардлагын л нэмэр болох болов уу даа. Цөөнх
үг хэлэх үү. Одоо саналаа хураая. Санал хураалт явуулахад залилангийн гэмт
хэргийг өршөөлд хамруулахгүй гэсэн заалт олонхийн дэмжлэг хүлээлээ.

Өршөөл үзүүлэх
тухай хуулийн 148.4 дэх хэсэг, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, өршөөлд хамруулахгүй
гэсэн Ц.Нямдорж нарын гаргасан саналаар санал хураахаар болов.

УИХ-ын дэд
дарга Р.Гончигдорж:
-Энэ хууль наймдугаар сарын 11-нээс 17-ний хооронд
хүчин төгөлдөр байсан. Гэтэл одоо өршөөгдсөн хүмүүс хэрэгтэн болоод явж байна.
Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл, энэ асуудлыг шийдэхдээ хуулийг нэмж болно.
Тухайн хүн дээр өршөөл үзүүлэхэд эрх зүйн байдлыг дордуулахгүй, өршөөлд
хамруулахгүй гээд гаргаг. Шүүх хэлэлцэхэд өмнө нь хүчин төгөлдөр байсан хуулийг
баримтлаад хэлэлцэнэ. Эцсийн үр дүн адилхан, хуулийг буцааж хэрэглэх үндэслэл
журмыг нарийн заасан.

УИХ-ын
гишүүн З.Баянсэлэнгэ: –
Хүмүүс ярьж байснаасаа ухардаг юм байна. 8000
хоригдолтой холбоотой асуудал байсныг улстөржүүллээ. Дээр нь эрх зүйн байдлыг
нь дордуулсан байдлыг оруулж ирж хэлэлцүүллээ. Ё.Отгонбаяр гишүүнийг нэр цохож
хэлье, Р.Гончигдорж та хоёрын хэн нь авлигач вэ гэвэл өөрөө шүү. Бусдыг
залилсан хэрэг дуусаагүй байгаа, 2016 оны сонгуулийн өмнө таны энэ хэргийг
шалгана. Миний хэрэг болж байвал бусад нь боллоо гэж битгий бод. 8000 хүнд хамааралтай
болохоос тань шиг хүнд хамааралтай биш. УИХ, Засгийн газрын гишүүнд хамааралгүй
гэж хашгираад гаргахгүй яасан юм. Өөрийнхөө төлөө бөгс долоож явж байгаа юм
байна. би таны өмнөөс эмгэнэл илэрхийлье.

Н.Алтанхуяг:
-Мөн өршөөв өө дөө, чааваас. Бид гэж бид. Шийдвэр гаргаж чадахаа больчихсон юм
байна. Би хоёр жил Ерөнхий сайдын ажлыг хийсэн. Би одоо хажуунаас нь харж
байна. Монголд хүний эрх дээд хэмжээгээр зөрчигдөж байна. Хүний эрхийг дээдлэх
үүднээс миний санаачлан өргөн барьсан хуулийг ахиад шидчихлээ ш тээ. Гацууртын
асуудлаас илүү хүний эрхийн асуудал чинь чухал биш юм уу. Хүний эрхийн асуудлаа
яриач, З.Энхболд дарга аа. Алт мөнгөнд ийм шуналтай болчихсон юм уу. Би эцэг,
хүний хувь эр хүний хувьд монгол хүний хувьд эмзэглэж байна. 1937 онд хэлмэгдүүлээд
бууддаг байсан бол одоо авлигач цол хүртээгээд хилсдүүлдэг болсон. Саяны
нүүрсний хэргээс харахад гэмгүй хүнийг шүүхээр шийтгэдэг юм байна. Нүүрсний
хэргээр хэрэг үүсгээд шоронд хорьж, хорьчихоод нүүрсний хэрэг үүсэхгүй болохоор
нь татварын хэргээр яллачихлаа.

Ц.Оюунбаатар:
-Монголын нийгэм туйлдаад одоо авлига гэдгээр улстөрчид бие биенээ намнадаг
асуудлыг арилгах гэсэн хуулийг одоо хэлэлцэж байна. Цөөхөн монгол бие,биенээ
намнадаг, зэвсэг болгохдоо авлига гэдэг үгийг ашигладаг болж. Хүн алдсан ч бай,
албан тушаалаа зөрчсөн ч бай энэ нь хүнд гэмт хэрэг, онц ноцтой гэмт хэргээс
илүү хохиролтой, хор хөнөөлтэй биш. Энэ бол урдахаа мартаж урагшаа харж явъя
гэсэн хууль. Өнөөдөр ийм завхрал гаргаж байгаад харамсч байна. Иргэний шүүхээр
шийдэх юмыг онц ноцтой залилангийн хэрэг гээд сууж байна. Иргэд хоорондын
асуудлыг АТГ хянадаг болох гээд сууж байна. Хуулийн завхралыг зогсооё.

Х.Тэмүүжин:
-Энэ хуулийг анх санаачлахдаа татвар төлөгчид, баялаг бүтээгчдийг өршөөе,
жирийн иргэдээ өршөөе. Хуулийн хатуу буулга, Н.Алтанхуяг гишүүний хэлсэнчлэн
хуулийг гууль болгож, хутга шөвөг болгож байгаа асуудлыг болиулъя гэж анх энэ
хуулийг санаачилсан юм. Хууль батлахдаа бид алдаа хийсэн. Ард түмний нэрийн
өмнөөс албан тушаал хашихдаа тэдний мөнгийг хууль бусаар зарцуулсан хүмүүсийг
өршөөхөөр болчихсон. Энэ асуудал дээр хичнээн их хэрэлдэв бид. Авлига гэдэг
үзэгдэл зөвхөн хээл хахууль авах биш юм. Таван шинж ардаа агуулдаг. Хээл
хахууль авах, албан тушаалаа урвуулан авах, төсвийн хөрөнгийг хууль бусаар
зарцуулах, хууль бусаар хөрөнгөжих гэсэн багц асуудлыг ардаа дагуулдаг юм. Энэ
хориг дотор харин эдийн засгийн гэмт хэрэг байна. Эдийн засгийн гэмт хэрэг дээр
Ерөнхийлөгч яагаад хориг тавьсан юм бол гэж гайхаад сууж байна. Харин ардчилсан
намын сонгуулийн хөтөлбөр бол авлигатай тэмцэх. Тиймээс эдийн засгийн гэмт
хэргүүдээ өршөөгөөд авлигачдыг өршөөхгүйгээр хуулийг батлах ёстой.

Хуулийн 9 дүгээр
зүйлийн 9.1.3-т “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах /Эрүүгийн хуулийн
148 дугаар зүйлийг 148.4 дэх хэсэг/ гэж нэмэх гэсэн саналаар санал хураахад
хуралд оролцсон гишүүдийн 20.3 хувийн саналаар залилан өршөөгдөхгүй боллоо.

Түүний дараа албан тушаалаа урвуулан ашигласан
болон бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн, завшсан зэрэг үйлдлийг хэрхэх талаар
хэлэлцлээ.

УИХ-ын
гишүүн Ж.Энхбаяр:
-Авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөхөөр
болсон нь 25 жилийн түүхээ үгүй хийлээ. Өнөөдөр бид тэрхүү алдаагаа засах гээд
сууж байна. Өнөөдөр бид парламент ёсоороо золиос хийж болзошгүй. Энд сууж
байгаа бүх улс төрийн намын рейтинг ард түмнийхээ итгэлийг бүрэн хүлээж
чадахгүй байна. Тиймээс бид авлига, албан тушаалтай холбоотой асуудал дээр
хатуу бодлого явуулах хэрэгтэй.

УИХ-ын
гишүүн Ц.Нямдорж:
-Өршөөлийн хууль гарснаар Монгол төрийн ялзралыг
хуулийн системтэй нь цуг гаргаж ирлээ.

Өршөөл үзүүлэх тухай
хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “Төрийн эрх мэдэлтэн албан эрх мэдэл буюу
албан тушаалын байдлаа урвуулан ашиглах / Эрүүгийн хуулийг 263 дэх хэсэг/ гэж
нэмэх гэсэн саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.7 хувь нь
дэмжсэнээр албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг өршөөгдөхгүйгээр боллоо.

Мөн УИХ-ын Хууль
зүйн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал
хураав. Дээрх хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завшихыг
өршөөлд хамруулахгүй гэж заасан заалтыг Хууль зүйн байнгын хороо өршөөнө гэсэн
байна. Үүнийг Д.Ганбат, Ц.Нямдорж нар өршөөхгүй болгож цөөнх болсон ч байнгын
хорооны дэмжигдсэн саналыг гишүүдийн олонхи дэмжиж, бусдын эд хөрөнгийг
үрэгдүүлсэн, завшихыг өршөөлд хамруулахаар боллоо.