Categories
мэдээ улс-төр

Ц.Цолмон сайд АНУ-аас суух Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Батлан
хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад
суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Женифер Зимдал Галтыг Батлан
хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд Ц.Цолмон батлан
хамгаалах салбарт өргөн хүрээний хамтын ажиллагаатай АНУ-ын Элчин
сайдтай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, хамтын
ажиллагааны асуудал болон цаашдын харилцаа, хамтын ажиллагааны төлөв,
чиглэлүүдэээр хэлэлцэн, харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Газар зүйн
болон стратегийн байршил нь Монгол Улсыг хоёр хөрштэйгээ эн тэнцүү
харилцахыг шаардахаас гадна АНУ болон бусад гуравдагч хөршүүдтэй
харилцааг хөгжүүлэх шаардлагыг бий болгож байгааг сайд Ц.Цолмон онцлоод
АНУ-ын зүгээс үзүүлж буй харилцаа, дэмжлэг, тусламж нь Монгол Улсын
хувьд бүс нутгийн харилцаанд өргөн хүрээнд оролцох, бусад улс орнуудтай
хамтран ажиллах боломж олгож байгааг тэмдэглэн хэлсэн.

Батлан
хамгаалах хамтын ажиллагааны чиглэлээр хоёр тал олон арга хэмжээг зохион
байгуулж байгаагийн зэрэгцээ Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй
дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг
гүйцэтгэж байгаа нь хоёр орны цэргийн харилцааны өндөр төвшинг илтгэн
харуулж байна гэж Сайд Ц.Цолмон онцлон тэмдэглэсэн.

Хоёр орны
батлан хамгаалах салбарын харилцааны хөгжлийн 25 жилийн хугацаанд
салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр төвшинд гарсныг талууд цохон
тэмдэглэсэн. Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, харилцан
айлчлал, солилцоог өргөжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд ашиглах техник
хэрэгсэлийн тусламж, худалдан авалтын талаар цаашид хамтын ажиллагааг
өргөжүүлэх тухай Элчин сайдын саналыг Сайд Ц.Цолмон дэмжиж байгаагаа
илэрхийлсэн.

Элчин сайд
Галт Монгол Улс төвийг сахих бодлоготой орон болох гэж байгаа талаар
болон, түүнийг УИХ-аар хэлцэж буй талаар сайд Ц.Цолмонгийн байр суурь,
санал бодлыг сонсож, харилцан санал солилцов.

Монгол Улсаас
хэрэгжүүлэх гэж буй төвийг сахих бодлогын талаар АНУ анхааралтай харж,
судалж байгаа талаар элчин сайд Женифер Галт тэмдэглээд төвийг сахих
бодлого нь Монгол Улсын гадаад бодлогод эерэг нөлөө авчирна гэдэгт
итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтад БХЯ-ны Гадаад хамтын
ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, бригадын генерал
Ч.Сосорбарам, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа
Г.Сайханбаяр нар оролцлоо.

Хоёр орны
батлан хамгаалах хамтын ажиллагаа бүх төвшний харилцан айлчлал,
зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт, энхийг дэмжих
ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан хээрийн дадлага зохион
байгуулах зэрэг хэлбэрүүдээр улам өргөжиж байна.

Categories
мэдээ нийгэм

Арслан Э.Оюунболдын цолны мялаалга өнөөдөр болно

Хан Хэнтий нутгийн хүү Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр “Хангарьд” спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх Э.Оюунболд энэ жилийн улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цолд хүрсэн.

Тэрбээр арслан цолны хүндэтгэлийн хүлээн авалтаа өнөөдөр “Скай резорт” цогцолборт хийхээр болжээ.

Шинэ арслан маань намрын барилдаануудад барилдаж нээлт болон Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн барилдаануудад түрүүлээд байна.

Хамгийн сүүлийн начин цолны хүндэтгэлийн барилдаанд залуу арслан гэмтлийн улмаас зодоглоогүй билээ.

Categories
мэдээ спорт

Буудлагын спортын ААШТ олимпийн эрх олгохгүй

Ирэх сарын 1-12-ны өдрүүдэд Кувейт улсад
болох буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх
олгохгүй гэдгээ Олон улсын олимпийн хороо мэдэгдлээ.

Учир нь тус
тэмцээнийг удирдахаар томилогдсон Израилийн иргэн Яир Давидовичд Кувейт
улс виз олгохоос татгалзсан байна. Үүний дараахан ОУОХ энэ шийдвэрийг
гаргажээ. Мөн Кувейтын Үндэсний олимпийн хороо улс төрийн нөлөөнд орж
Олимпийн Хартийг зөрчсөн гэдэг үндэслэл энэ шийвдэрийг гаргахад томоохон
нөлөө үзүүлсэн байна.

Ингэснээр 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн тамирчдын хувьд тун онцгүй болох нь.

Categories
мэдээ нийгэм

Автозамын эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад
авто замын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ой өнөөдөр тохиож буй. Замчид
энэ өдрийг өөрсдийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Зам,тээврийн
яам, Монголын авто замчдын холбоо, Нийслэлийн авто замын газар болон
авто замын компанийнхан, ахмад залуу замчдын төлөөлөл өнөөдөр Монгол
Улсын авто замын сүлжээний эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ. Уг арга
хэмжээнд Зам, тээврийн сайд М.Зоригт, дэд сайд Х.Ержан, Нийслэлийн Засаг
даргын орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн авто замын газрын дарга
Ш.Нанзаддорж болон албаны бусад хүмүүс, замчдын төлөөлөл, нийслэлийн
иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Зам, тээврийн
сайд М.Зоригт “Энэ салбарын сайдаар томилогдож ирээд анх удаа улсынхаа
авто замын сүлжээний төв цэг дээр зогсож байна. Авто замын салбарт
ажиллаж байгаа нийт замчиддаа баярын мэнд хүргэе. Монгол Улсын нийслэл
аймгуудтайгаа хатуу хучилттай авто замаар холбогдож дуусах гэж байна.
Энэ хатуу хэцүү ажлыг нуруундаа үүрч, нугалж яваа замчдаараа бахархаж
байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шилэн хөвөн хорт хавдар үүсгэдэг гэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус мэдээллээр гурван аж ахуй нэгж, нэг иргэн хууль бусаар асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаалж худалдаж байсныг ирүүлсэн болохыг хэллээ. Тодруулбал, шилэн хөвөн худалдаалж байжээ. Тус бүтээгдэхүүн нь хүний биед маш хор нөлөөтэй бөгөөд уушгиний хорт хавдар үүсгэдэг гэнэ. Учир нь асбест нь байгаль дээр тархсан гидросиликат магни, төмөр, кальци, натриас тогтсон маш нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуулаг эрдсүүд юм. Дулаан, галд тэсвэртэй, усанд уусдаггүй, хайлдаггүй байна. Асбест агуулсан бүтээгдэхүүнийг барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд хэрэглэдэг.Асбестын тоос амьсгалын замаар хүний биед нэвтрэн орж, уушгинд удаан хугацаагаар тунаж үлддэг. Үүнээс шалтгаалан уушгины хорт хавдар, хэвлий болон цээжний гялтан хальсны хорт хавдар зэрэг өвчнийг үүсгэх гол шалтгаан болдог байна. Мөн асбест нь ходоод, гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх, бөөр улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг МХЕГ-аас анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

68 байршилд газар өмчлүүлнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар ирэх онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээгээр 68 байршилд газар өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 12 байршилд 2000 гаруй га, Хан Уул дүүрэгт гурван байршилд 421.6 га, Налайх дүүргийн дөрвөн байршилд 3600 гаруй га, Багахангай дүүргийн 17 байршилд 3800 гаруй га, Багануур дүүргийн 32 байршилд 11 мянга гаруй га газрыг ирэх онд иргэдэд өмчлүүлэхээр боллоо.

Эдгээр 68 байршлын дэд бүтэц, газарзүйн байрлал зэрэгт судалгаа, шинжилгээ явуулсны дүнд сонгожээ. Ингээд ирэх оны тавдугаар сараас иргэдэд гэр бүлийн хэрэгцээгээр өмчлүүлэхээр болж байна.

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээгээр өмчлүүлж буй газартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлийг эргэн хүргэнэ.

Categories
мэдээ улс-төр

2016 оны төсвийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар 2016 оны төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хойшлууллаа. Учир нь Сангийн сайд Ч.Болорын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах хүсэлт гаргасан юм. Энэхүү саналыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хүлээн авснаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцсэнгүй.

Сангийн сайд Б.Болор, “Засгийн газарт ирэх оны төсвийн төслийг дахин нягталж, сайжруулах чиглэлэлийг Төсвийн байнгын хорооноос өгсөн. Тиймээс төсвийн төслийн зарим зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гээд төслийн хэлэлцүүлэг хийхийг хойшуулах санал гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөө жил “Чингис хаан” одонг зохиолч Г.Мэнд-Ооёод гардуулахаар болжээ

Жил бүр Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” төрийн дээд одонг гардуулдаг билээ. Өнөө жил зохиолч, орчуулагч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг соёлын академийн хүндэт доктор Гомбожавын Мэнд-Ооёод энэхүү төрийн дээд одонг хүртээхээр болжээ.

Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагджээ. Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” өдрөөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ. Энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингис хааны одонг гардуулахаар болсон байна.

Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нь 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн байна. Монголын Соёл Яруу найргийн академийн тэргүүн Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол ,1998 онд “Алтан овоо” “Утгын болор сүм” номоороо МЗЭ-ийн шагнал, 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 оны шилдэг зохиолч шагналыг хүртэж байсан билээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалт ирэх сарын 16-нд болно

Улсын их хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалт авдаг. Энэ удаа ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт авах газар, хуваарийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх бол 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт авна. Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэх юм. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянган/ төгрөг болно.

Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

• Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

• Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

• Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;

• Шалгалтын үйлчилгээний төлбөр

Categories
гадаад мэдээ

Хэдэн тэрбум еврогийн гэрээ үзэглэсэн айлчлал

ХБНГУ-ын
канцлер А.Меркель БНХАУ-д айлчилж байна. Германы Засгийн газрын тэргүүний энэ
удаагийн айлчлалаар хоёр улсын эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг улам
бүр өргөжүүлэхээр боллоо. Айлчлалын үеэр хоёр тал нийтдээ 18 тэрбум еврогийн
гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэдгээрээс хамгийн том нь “Airbus” компанитай
байгуулсан хамтран ажиллах баримт бичиг байлаа. Хятадын тал 15 тэрбум еврогоор
130 ширхэг “Airbus” онгоц худалдан авахаар болсон. Хоёр улсын Засгийн газрын
тэргүүнүүд дээрх гэрээнүүдийг үзэглэсний дараа Бээжин хотын Ардын их хурлын
ордонд хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий
сайд Ли Кэцян мэдэгдэл хийхдээ дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлыг шийдэхэд
хамтран арга хэмжээ авч, дэлхий болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангах
талаар ярилцсан гэдгийг онцлов. Хамтын ажиллагааны хүчээр харилцан ойлголцлоо
улам бүр гүнзгийрүүлнэ гэдгийг ч хэлсэн байна. Харин ХБНГУ-ын канцлер Хятадын
эдийн засаг цаашдаа нааштайгаар хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчид Хятадын эдийн засаг, шинэ техник
технологийн нэвтрүүлэхэд Герман-Хятад хоёр хэрхэн хамтран ажиллах, Сирийн
хямрал, Европын цагаачлалын бодлого гээд нэлээд асуудлыг хөндсөн байна.

Ю.Дэлгэр